Соломон хаанд хандсан Бурханы ерөөл ба уур хилэн

2019-05-22

Соломон хааны тухай библийн тэмдэглэлээр бол, тэрээр Бурханаас агуу ерөөл хүртэж, бүхий л түүхэн дэх хамгийн ухаалаг хаан болжээ. Түүнийг хаанчлах үеэр Израиль урьд өмнө байгаагүй хөгжил цэцэглэлтэд хүрч, мандан бадарлаа. Гэвч Соломон хаан доройтон гажуудсанаар Ехова Бурханы уур хилэнд өртөж, Бурханы гололт, яллалтыг амссан юм. Түүнийг насан эцэслэсний дараа Израиль задарчээ. Тэгвэл бид Соломонд хандах хоёр өөр хандлагаас нь Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх ёстой вэ? Өөрийнхөө ямар хүслийг Бурхан бидэнд дамжуулж байна вэ? Соломоны түүхийг хамтдаа судалцгаая.

Өөрийнх нь хүслийг үнэн сэтгэлээсээ авч үздэг хүмүүсийг Бурхан ерөөж, өршөөдөг

Библид ийнхүү тэмдэглэсэн байдаг, “Гибеонд байхад шөнө нь Ехова Соломоны зүүдэнд үзэгдэв: Тэгээд Бурхан, ‘Би чамд юу өгөхийг Надаас гуйгтун’ гэлээ. Тэгэхэд нь Соломон, ... ‘Тиймээс Таны ард түмнийг шүүхийн тулд ойлгох зүрх сэтгэл, сайн мууг ялган салгах ухааныг Өөрийн зарцад өгөөч: учир нь Таны энэ олон ард түмнийг хэн шүүж чадах билээ?’ гэв. Соломон энэ зүйлийг гуйсан нь Еховагийн таалалд нийцлээ. Тиймээс Бурхан түүнд, ‘Чи өөртөө урт нас гуйсангүй, энэ зүйлийг гуйсан учраас; өөртөө эд баялаг ч гуйсангүй, дайснуудынхаа амийг ч гуйсангүй; харин зөвийг ялган салгах ухаарлыг гуйсан учраас; Харагтун, Би чиний үгийн дагуу хийлээ: харагтун, Би чамд ухаалаг агаад ойлгож ухаарах зүрх сэтгэл өглөө; ингэснээр чамтай адил хүн чиний өмнө байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй. Би бас чиний гуйгаагүй эд баялаг, нэр хүндийн аль алийг чамд өглөө: ингэснээр насан туршид чинь хаадын дундаас чамтай адил хүн байхгүй байх болно’(1 Хаад 3:5, 9–13).

Өөрийнх нь хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзсэн хүмүүсийг Ехова Бурхан онцгойлон нигүүлсэж, ерөөсөн гэдгийг бид Соломонд өгсөн амлалтаас нь харж болно. Өөрт нь материаллаг эд баялаг өгөхийг, эсвэл урт нас хайрлахыг Соломон Бурханаас гуйгаагүй, харин ард түмнээ илүү сайн засаглаж, Бурханыг шүтэн мөргөхөд нь хөтлөх мэргэн ухаан өгөхийг гуйсан билээ. Соломоны хүсэлтэд аминч зан байгаагүй, хувийн ашиг сонирхлын хольц байгаагүй. Бурханыг анхаарч, Түүний хүсэлд нийцэж, израильчуудыг сайн засаглахын төлөө л байсан—энэ нь Бурханд баяр хөөр авчирсан юм. Соломоны хаанчлалын дөрөв дэх жилд тэрээр Еховад зориулан сүм барьж эхэлсэн нь дуустлаа нийт долоон жил хагас болжээ. Соломоны үйлдлүүд Бурханы хүслийн дагуу байсан учраас Бурхан түүнийг ихэд ерөөсөн юм. Тэр түүнд ямар ч хааны эзэмшиж байгаагүй хамгийн мэргэн ухааныг хайрлаад зогсохгүй, амьдрах хугацаанд нь газар дээр байсан өөр ямар ч хааныхтай зүйрлэшгүй, тоо томшгүй их эд баялаг өгчээ.

Өөрийнх нь зан чанарт халддаг хүмүүсийг Бурхан голж, хараадаг

Гэвч Ехова Бурханы маш их ерөөсөн Соломон хожим нь доройтон гажуудаж, Ехова Бурханы нүдээр ёрын муу гэж үзэгддэг олон зүйлийг хийсэн билээ.

Ехова Бурхан Өөрийн гаргасан Арван Тушаалд ингэж хэлжээ: “Чи Миний өмнө өөр ямар ч бурхадтай байж болохгүй… Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй: учир нь чиний Бурхан Ехова Би бол хартай Бурхан(Дэд хууль 5:7, 9). Тухайн үед Мосе израильчуудад: “Чи тэдэнтэй бүү гэрлэ; охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг, тэдний охиныг ч бэрээ бүү болго. Учир нь тэд хүүг чинь Намайг дагадаггүй болгож, тэд өөр бурхдад үйлчилж магадгүй: тэгвэл Еховагийн уур та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруйхан устгана” (Дэд хууль 7:3–4) гэж хэлсэн юм. Ехова Бурхан бас Соломонд харагдаж, түүнд ийнхүү биечлэн захижээ: “Харин чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас татгалзаж, өмнө чинь тавьсан Миний тушаал, журмуудыг мөрдөлгүй, явж өөр бурхдад үйлчилж, мөргөвөл Би өгсөн газар нутгаасаа Израилийг тасална…(1 Хаад 9:6–7).

Бурхан израильчуудыг Харь үндэстнүүдтэй гэрлэхийг хориглон, өөр Бурхдад үйлчилж, сөгдөхийг бүр ч хатуу хориглосон юм. Тэр нь Бурханы зан чанарт халдсан ба Түүний хараал зүхэл, шийтгэлд өртөх байв. Гэвч Соломон Бурханы зан чанарыг мэдсэнгүй, мөн Бурханыг хүндлэх зүрх сэтгэл түүнд байсангүй. Тэр Бурханы тушаал болон хуулийг чихнийхээ хажуугаар өнгөрөөжээ; өөртөө зориулж 13 жилийн турш барьсан тансаг өргөө түүнд байсан бөгөөд мянга гаруй эхнэр, татвар эмтэй байв. Тэрээр махан биеийн зугаа цэнгэлийг зогсолтгүй эдэлж, тэр ч бүү хэл Харь үндэстний эмэгтэйчүүдтэй хамт шүтээн шүтдэг байсан юм; бас Иерусалимын эсрэг талын уулын оройд мөргөлийн өндөрлөг босгожээ. Соломоны хийсэн эдгээр зүйл Бурханы тушаалыг ноцтой зөрчиж, Бурханы зан чанарт халдсан юм. Ехова Бурханы анхааруулга ирэхэд ч Соломон бас л нухацтайгаар авч үзэж чадалгүй, идэж уух садар самуун амьдралаа үргэлжлүүлж, нүгэлд улам гүн живжээ. Энэ нь Бурханы зэвүүцлийг өдөөж, уур хилэнгээ ийнхүү илэрхийлэхэд Түүнийг хүргэв: “Чи үүнийг үйлдэж, Миний чамд тушаасан гэрээ болон журмуудыг сахиагүй учир Би чамаас хаанчлалыг гарцаагүй таслан авч, зарцад чинь өгнө(1 Хаад 11:11).

Бурханы зан чанар өршөөл, хайрыг агуулаад зогсохгүй, ялангуяа сүр жавхлан, уур хилэнг агуулдаг

Ехова Бурхан Соломоныг ерөөж, дараа нь уур хилэнгээ илэрхийлсэн явдлаас Бурханы зан чанарын ямар талыг бид мэдэж болох вэ? Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Гэвч бодит байдал дээр, Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг… Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй(“Цор ганц Бурхан Өөрөө II”). “Бурханд өршөөл энэрэл, хүлээц үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь ямар ч халдлагыг тэвчдэггүй талыг нь хүнд бас үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллахад хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг(“Цор ганц Бурхан Өөрөө II”). Бурханд өршөөл, хайр төдийгүй сүр жавхлан, уур хилэн байдаг гэдгийг бид эдгээр үгээс харж болно. Тэр хүмүүст ерөөл хайрлаж чадна, бас уур хилэнгээ ч илэрхийлж чадна; үүнийг Түүний зөвт зан чанар тодорхойлдог. Үүнээс гадна, хүмүүст хандах Бурханы хандлага хувиршгүй биш юм; хүний эрэл хайгуул, түүнчлэн үнэнд болон Өөрийнх нь өгсөн даалгавар, шаардлагад хандах хандлагад нь үндэслэн Бурхан хандлагаа өөрчилж болох юм. Хүн Бурханыг зүрх сэтгэлдээ хүндлэх үедээ Түүний хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзэхэд бэлэн байдаг, Бурханыг хайрлаж, хангалуун байлгахаар эрж хайдаг, Бурханы тушаалыг дагахад анхаарлаа хандуулдаг, Бурханы шаардлагын дагуу үйлдэхийн тулд чадах бүхнээ хийдэг ба Бурхан тэдний үйл хэргийг сайшааж, ерөөдөг; Тэр тэднийг гэх өршөөл, хайраар дүүрэн байдаг. Харин Түүний тушаалыг зөрчиж, Бурханы зан чанарт халдана гэдгээ сайн мэдэж байсан ч аливааг хийхээр зүтгэх юм уу Бурханыг бүр илт эсэргүүцэж, сөрөх үед нь хүнийг Бурхан голж, ялладаг, эсвэл бүр харааж, шийтгэдэг. Ийм үед Бурхан хүмүүст сүр жавхлан, уур хилэнгээр дүүрэн ханддаг. Энэ нь Соломоны хаанчлал дөнгөж эхэлж байсан үетэй яг адил—тэрээр Бурханы хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзэж, Бурханы ардуудыг сайн засаглан, Бурханыг шүтэн мөргөхөд хөтлөхийг хүссэн тул Бурханаас мэргэн ухаан гуйсан бөгөөд өөрт нь хайрласан мэргэн ухааныг ашиглан Бурханыг хангалуун байлгаж, Бурханы даалгаврыг биелүүлэх зүйл хийхийг хүссэн юм. Бурхан Соломоны эрэл хайгуул, Бурханыг анхаарч байгаа байдлыг нандигнасан учраас түүнийг асар ихээр ерөөжээ. Соломон Бурханы тушаалыг зөрчиж, гоо үзэсгэлэнгийн хойноос тачаадаж, махан биеийн зугаа цэнгэл дунд амьдарч, тэр ч бүү хэл Ехова Бурханыг голж, Харь үндэстнүүдийн шүтээнийг шүтэж, Бурханыг хилэгнүүлэх юм хийх үед Бурхан уур хилэнгээ Соломонд илэрхийлсэн. Бурхан хаант улсыг нь булаан авсан бөгөөд Соломоныг нас барсны дараа Израиль тарж бутарсан билээ.

Соломоны түүх биднийг сэрээх дуудлага байгаад зогсохгүй Бурханы зан чанарын талаарх бидний тодорхойлолтыг өөрчилдөг. Бидний итгэдэг Бурхан бол зөвт бөгөөд Тэр бидний төсөөлдөгтэй адил, хайр, өршөөл дүүрэн байдаг юм биш, бас биднийг яаж ч нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцлээ гэсэн өршөөнгүй хэвээр байж, биднийг уучлах юм биш. Эсрэгээрээ Бурхан үг яриа, үйл хэрэг, хөдөлгөөн бүрийг маань байнга шинжилж байдаг. Хэрвээ бидэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл байдаг бол, хэрвээ бодол болон үйлдэл маань үнэнтэй нийцтэй бөгөөд Бурханыг хангалуун байлгаж, Түүнд дуулгавартай байх, Түүний хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзэхийн төлөө байдаг бол Бурхан биднийг нигүүлсэж, ерөөнө. Хэрвээ бид үнэнийг мэддэг ч хэрэгжүүлэлгүй Бурханы тушаалыг зөрчиж, Түүнийг эсэргүүцэх муу ёрын үйл хийсээр л байж, зан чанарт нь халдвал Бурханы шийтгэл, хараал зүхэл бидэн дээр бууна. Муу ёрын энэ эрин үед уруу таталт, туршилт дэндүү олон бий. Зүрх сэтгэлийг маань Бурханаас холдуулж, Сатаны уруу таталт руу биднийг хөтөлж чадах зугаа цэнгэлийн газар тоо томшгүй олон байдаг. Үнэнгүй бол, ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарыг бид мэддэггүй, Бурханыг хүндлэх зүрх сэтгэл бидэнд байхгүй бөгөөд Сатаны олон уруу таталтыг эсэргүүцэхэд маш хэцүү байх болно. Бид Бурханы зан чанарт халддаг үйл хэдийд ч хийж мэдэх юм. Иймээс бид дор бүрнээ Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байж, үгийг нь байнга дагаж мөрдөн, үг яриа, үйл хэрэгтээ хянамгай байх ёстой. Бид Бурханы зан чанарт халдах зүйл хийхгүйн тулд Соломоны бүтэлгүйтлийг анхааруулга болгон, Бурханы хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзэж, Түүний шаардлагыг үргэлж хэрэгжүүлэх ёстой, ингэснээр бидэнд шалгалт тохиолдох үед бид Бурханы хамгаалалтыг хүлээн авч, Түүний нигүүлсэл болон ерөөлийг олж авч болох юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Эзэн, боол хоёрын тухай сургаалт зүйрлэлийн цаадах Бурханы хүсэл юу вэ?

Өнгөрсөн хэдэн жилд бид пастор, ахлагчдынхаа хэлсний дагуу эрэлхийлсэн бөгөөд Эзэний төлөө хөдөлмөрлөж, ажиллаж, зовж, өөрсдийгөө зарлагадсанаар Эзэнээс алдрын титэм болон ерөөл олж авна гэдэгт итгэж ирсэн. Бид ажлаараа дамжуулан улам агуу гавьяа хуримтлуулах тусмаа өөрсдийгөө тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэнэ гэж боддог тул дор бүрнээ өөрсдийгөө Эзэний төлөө эрчимтэйгээр зарлагадаж, бүр ямар ч хэмжээний зовлон байлаа гэсэн зохистой санагдахад хүрдэг. Гэхдээ аливаа зүйлийг ийнхүү бодох нь Эзэний хүсэлтэй нийцдэг эсэх, энэ нь Эзэний үгэнд үндэслэдэг эсэхийг бид ер нь эргэцүүлж үзсэн бил үү? Эзэн Есүс энэ маягийн эрэл хайгуулыг магтдаг уу?

Messenger дээр бидэнтэй холбоо барих