Сонгуульд ялагдсаны дараах эргэцүүлэл

2022-01-21

Лин Жин, Хятад

Би итгэгч болоод хэдэн жил болсны дараа удирдах албан тушаалд сонгогдсон. Ийм том даалгавар авсандаа Бурханд үнэхээр талархаж, чуулганы ажлыг сайн хийхээр сэтгэл шулуудсан юм. Тэгээд өдөр бүр машин шиг л ажиллаж, чуулганы ажил ч Бурханы удирдамжийн ачаар улам бүр дэгжсэн. Бурханы төлөө золиос гаргаж, өөрийгөө зарлагадах болон бодит асуудлыг шийдвэрлэх чадварыг минь хараад ах эгч нар намайг тодорхой хэмжээнд хүндэлдэг байлаа. Нэг удаа цуглааны үеэр, манай удирдагч үүрэгтээ хандах миний хандлагыг үр шимээ өгсөн гэж хэлэхийг санамсаргүй сонсоод хөл газар хүрэхгүй баярлаж, үүнд улам бүр урамшсан юм. Хамтран зүтгэгчидтэй хийх цуглаан дээр би бусад ах эгчид ажлын туршлагаа хэтрүүлэн яриад, сайшаасан царайг нь харах үедээ өөртөө нэлээд маадайдаг байлаа. Өөрийгөө чуулган дахь нэн чухал авьяастан гэж бодсон.

Сайн мэдээний ажил өргөжсөн учраас ах эгч нар өмнөд бүс нутагт шинээр байгуулагдсан чуулгануудад дэмжлэг үзүүлэхийн тулд намайг тийш явуулах санал гаргалаа. Тэдгээр чуулган дөнгөж байгуулагдаад байсан болохоор тэндхийн ажилд нэлээд их бэрхшээл, асуудал байх нь лавтай, тэгэхээр Бурханы надад тавьсан найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд бодит ажилд илүү их анхаарах нь амин чухал юм байна гэж бодогдсон доо. Бас, ажлаа сайн хийвэл илүү чухал албан тушаалд томилогдож ч магад гэж бодсон. Тэнд очмогц нутгийн аялгуу, амьдралын хэв маяг, дээр нь аян замд маш их цаг зарцуулах гэх мэтээр үүрэг минь нэлээд бэрхшээлтэй байсан ч би ухарч няцаагүй юм. Үүргээ сайн биелүүлэх гэж хичээхдээ цуглаан зохион байгуулж, чуулганы ажлыг зохицуулж өдөр бүр л өдөржин завгүй байдаг байлаа. Бүр хооллож ундлахад цаг “үрэхийг” үзэн ядаж, зүгээр л аян замдаа автобусанд идчихэж болохоор юм авдаг байлаа. Жил гаруй ийм байсны дараа миний хариуцсан ажлын хэсгүүдэд мэдэгдэхүйц ахиц гарсан байсан. Надтай зэрэгцэн өмнөд бүс нутагт үүрэг биелүүлэхээр ирсэн Жан эгч, “Та наанаа ёстой сайн үр дүн гаргаж байна шүү. Миний ажлыг таныхтай харьцуулах ч аргагүй юм” гэж бишрэнгүй хэллээ. Би эгчийг тайтгаруулж, урамшуулахдаа: “Бурхан Өөрийнхөө ажлын Харгалзагч шүү дээ. Бид байгаа бүхнээ зориулж байгаа цагт бүх талаар ахиц гаргана” гэж хэлсэн. Аман дээрээ тэгж хэлсэн ч би цаанаа маш баяртай байсан юм. Миний ажил нэлээд сайн урагшилж байсан болохоор бусдад сургамж болгоод ажлынхаа туршлагыг бичиж өгөөч гэж гуйн, манай удирдагч Шинь эгч надад захиа бичсэн шүү. Би аль хэдийн л өөрийгөө илүү чухал чиг үүрэгт сургагдахуйц хүн болчихсон мэт, чуулганы нэг түшиг тулгуур болчихсон мэт санан улам бүр бардамнах болсон юм. Төд удалгүй Шинь эгч өөртэй нь цуг ажиллах удирдагчийг сонгож өгөөч гэж биднээс хүслээ. Би тэр бүс нутагт жил гаруй ажиллаж, тэр бүх хугацаанд нэлээд амжилт гаргасан болохоор тэр албан тушаалд зайлшгүй томилогдоно гэж бодон, түүнийг сонсоод жаахан догдоллоо.

Гэтэл хагас сарын дараа цуглаан дээр гайхмаар нь, Ван эгч удирдагчаар сонгогдсон байлаа. Энэ мэдээг сонсоод тэнгэр нурах шиг л болсон. Бууж өгмөөргүй санагдаж, хэлмэгдсэн мэт болж, гомдлоор дүүрч, эдгээр мэдрэмж бүгд огшсон юм. “Яахаараа Ван эгч байдаг байна? Эгчийн ажлын үр дүн тааруу л байсан шүү дээ. Яагаад би биш, эгч сонгогддог юм бэ? Би үнэхээр хангалттай төлөөс төлөөгүй юм гэж үү? Эсвэл үүрэгтээ хангалттай санаачилга гаргасангүй юу? Чуулганд гарсан хүндрэл бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх гэж маш олон удаа шөнө дүл болтол ажиллаж, тэр ч бүү хэл өчнөөн удаа өвчтэй байхдаа ажилласан шүү дээ. Өөрийнхөө хариуцлагыг биелүүлээд зогсохгүй удирдагчийн ажилд ч тусалсан даг. Энэ бүхнийг туулсны дараа удирдагчаар сонгогдож чадахгүй юм бол надад ямаршуу ирээдүй байгаа юм бэ? Ийм юм бол, үүргээ биелүүлэх гэж амиа гаргуунд нь гаргасаар байх ямар хэрэг байна? Ямартай ч гэсэн, намайг хэчнээн их бэрхшээл туулж, хэдий их төлөөс төллөө ч хэн ч огт анзаардаггүй юм байна…” гэж бодогдсон доо.

Тэр цуглааны дараа нэлээд баргар байгааг минь Шинь эгч анзаараад, юу бодож байгааг минь асуулаа. Би ч байр байдлаа хэлсэн. Шинь эгч надад нэлээд тэвчээр гарган, “За, үнэндээ таныг үүрэгтээ яаж махран зүтгэдгийг хүн болгон харж болохоор байна, гэхдээ ихэнх ах эгчийн бодлоор та амийн оролтод анхаардаггүй, асуудал гарахаар сургамж авахын тулд өөрийгөө эргэцүүлж, мэднэ гэж бараг байдаггүй. Харин ч та өөрийгөө өргөмжилж, онгирох гээд байдаг. Энэ таны хамгийн том асуудал. Бурханы гэрт үнэн болон шударга ёс засагладаг. Ах эгч нар биднийг сонгохгүй байх үед тэр нь Бурханы зөвт байдал байдаг, тэгэхээр бид өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой, Бурханы бүрдүүлсэн орчинд үнэнийг эрж хайхад төвлөрч, өөрсдийнхөө завхарсан зан чанарыг эргэцүүлж, зан чанараа өөрчлөхийг эрэлхийлж, үүргээ сайн хийх ёстой. Энэ л Бурханы хүсэлд нийцдэг” гэлээ. Шинь эгч асуудлыг минь шууд хөндсөн ч би өөрийгөө огт мэддэггүй байсан юм. Хэдийгээр би юм хэлээгүй ч дотроо унтууцаж байлаа. Амийн оролтоор дулимаг, өөрийгөө нэг их мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч би ойлголтынхоо талаар л ярихаас биш үүрэгтээ махран зүтгэдэггүй тэр хүмүүсээс өөрийгөө хавьгүй дээр гэж бодсон. Тэд намайг дорд үзсэн юм чинь үүрэгтээ хэчнээн шаргуу ажиллаад ч ямар хэрэг байна гэж санагдсан даа. Тэр үеэс хойш иймэрхүү сөрөг сэтгэлгээ өвөртлөх боллоо. Шинь эгчийг тусламж гуйх болгонд нь би хийхэд чөлөөтэй, амархан даалгаврыг нь л шилж сонгоод, биелүүлэхэд хэцүү, төлөөс төлөх шаардлагатай юу байна, түүнийг хойш тавьдаг байлаа. Тийм бэрхшээл туулахыг хүсэхээ больсон. Шинь эгчийн ажилд хүндрэл тулгарч байгааг анзаарах үедээ, “Одоо та миний үнэ цэнийг харж болох нь” гэж бодон бах ханадаг байлаа. Шинээр сонгогдсон удирдагч болох Ван эгчийг бидэнтэй цуглаан хийхээр ирэхэд нь би огт сонирхоогүй. Тэр ч байтугай, “Та надаас арай ахмад биш бил үү? Тэгсэн ч гэсэн үнэний талаар нөхөрлөхөөс авхуулаад чуулганы бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх гээд юун дээр ч та миний эн зэрэгт хүрэхгүй” гэж дотроо бодсон. Байр суурийн хүсэл минь биелээгүй болохоор би тэр удирдагчийн талаар эндүүрэлд автаж, сэтгэл дундуур байсан юм. Тэгээд сөрөг, эсэргүү байдлаар үүргээ ёс төдий хийж байсан.

Тухайн үед би үнэхээр мэдрэлгүй, хатуу сэтгэлтэй болсон байсан, удирдагч намайг засаж, харьцаж, анхааруулга өгч, туслалцаа санал болгосон ч би хэзээ ч өөртөө дүгнэлт хийгээгүй. Гурван сар орчмын туршид тиймэрхүү сөрөг байдалтай явсаар, тэр хэрээр сэтгэл дэх харанхуй улам бүр нэмэгдлээ. Цуглаан болгон дээр миний нөхөрлөл уйтгартай, сонирхолгүй байдаг байсан. Бусдын асуудлыг огт ойлгодоггүй, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж чаддаггүй байсан юм. Үнэхээр эвгүй санагдаж, цуглаан болгоны төгсгөлийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Сайн мэдээ түгээж байгаа хүмүүст тулгарсан асуудалд ч тусалж чадаагүйгээс минь болж манай сайн мэдээний ажлын ахиц удааширсан. Төд удалгүй миний бие муудаж, сахилгажуулалттай тулгарсан даа. Нэг өдөр гэнэтхэн л хамаг бие суларч, сулбайгаад, ганц ч амьсгал авч чадахгүй байсаар би ухаан алдсан юм. Ах эгч нар намайг эмчлүүлэхээр эмнэлэгт аваачсан байсан. Гэсэн ч би бас л өөртөө дүгнэлт хийж, гэмшихээс гөжүүдлэн татгалзаж, ямар ч бодитой ажил хийхгүй байсан болохоор эцэстээ үүргээсээ халагдсан юм. Ахлагч намайг сүнслэг үйл ажиллагаа явуулж, өөртөө дүгнэлт хий гээд нутаг буцаах зохицуулалт хийсэн. Энэ мэдээг сонсоод би цурхиран уйлсан даа. Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ, бас үүргээ алдсанаар Бурханы зөвт зан чанар надад нүүрлэж байгааг зүрх сэтгэлдээ мэдэж байсан ч өмнөд нутаг руу надтай цуг ирсэн бүх хамтран зүтгэгч бүгдээрээ чухал албан тушаалд очсон байхад би нутаг буцаж байгаа гэдгээ бодохоор маш шившигтэй санагдсан.

Хэдэн жилийн өмнө баривчлагдаад, тэнд бүртгэлтэй болсон учир нутаг буцах аюултай байсан болохоор удирдагч намайг эцэст нь алс бөглүү уулархаг нутагт амьдардаг нэг ахын гэр лүү явууллаа. Би шөнөдөө болхи модон орон дээр хэвтээд, чуулганы ажлыг сайн хийж, чухал үүрэг аван тушаал дэвшинэ гэж сэтгэл шулуудан үүргээ биелүүлэхээр өмнөд рүү шийдвэр дүүрэн явсан үеэ эргэн санадаг байлаа. Гэхдээ тэгэхийн оронд чуулганы ажлыг үймүүлснийхээ төлөө үүргээсээ халагдсан байсан. Нутгийн минь ах эгч нар мэдвэл юу гэж бодох бол? Намайг үүргээ цалгардуулж, бодитой ажил хийж чадаагүй болохоор халагдсан гэцгээх болов уу? Албан тушаалаа алдсан гээд бусдад дорд үзэгдэнэ гэж бодохоос л сэтгэл үймэрч, энэ талаар бодох тусам улам шаналлаа. Бүр үхэх талаар ч бодсон шүү. Би, “Бурхан минь, би үнэхээр зовж байна. Удирдагчийн үүргээ алдана гэдэг амь насаа алдахтай л адилхан байсан. Байр суурь хөөцөлдөх ёсгүйгээ мэдэж байгаа ч үүний дөнгөнөөс ер мултарч чадахгүй юм. Өө Бурхан минь! Намайг өөрийгөө мэдэж, хүслийг тань ойлгоход замчлаач” гэж залбирсан. Залбирлынхаа дараа Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн тохиромжтой эрэл хайгуул юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямархуу хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон бэрхшээл ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандах ёстойгоо чи мэдэж авбал зохино. Энэ бүх зүйлтэй тулгараад чи тухай бүрд нь эдгээрийг анхааралтай эргэцүүлэх ёстой… Чи орчиндоо хэрхэн дасан зохицохоо мэддэггүй, дасан зохицохоор оролдохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайж, судалж шинжлэх ямар ч оролдлого хийдэггүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, хувь заяа чинь хаашаа хөтөлнө, тийшээ явдаг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү ‘харгис гэсгээлтийг’ энэ амьдралын чинь дайсан гэж л үздэг тул юу ч олж аваагүй. Чи өөрийгөө туйлын их зөвтгөдөг! Жигшүүртэй байснаасаа болоод л ийм шалгалтууд туулж байна гэж чи бараг боддоггүй; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн үздэг, түүнчлэн Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Одоо юмс иймдээ тулсан байхад, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хамаагүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи огтхон ч бусдаас илүү ухаантай биш—чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болно, учир нь чи Миний үйлдлийг нэгд нэггүй нэвт харж чаддаг мэт, өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлдэг, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийхээр зорьж буй зүйлийг чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч чи эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй, нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын ‘өндөр дээд!’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?). “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Та нарын хувьд хэтийн ирээдүй, хувь заяагаа хойш тавих хэцүү байдаг. Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы шүүлтийн үг миний зүрхэнд эгц тусаж, хувийн байдлыг минь илчилсэн юм. Би удирдагчийн албанд сонгогдож, ажилдаа зарим амжилт гаргасныхаа дараа өөрийгөө гоц гойд нэгэн, чуулганы түшиг тулгуур гэж бодож байснаа эргээд санасан. Тушаал ахиж, бүр ч олон чуулган удирдаж, бүр ч олон ах эгчид хүндлэгдэх боломж тохиох тэр өдрийг ямагт хүсэн хүлээж байж. Миний хүссэн алдар нэр, байр суурь ирэхгүй байх үед бүх хүчин чармайлт талаар өнгөрсөн мэт санагдаж, өөртөө дүгнэлт хийлгүй, зүгээр л сэтгэл гонсойж, уур бухимдалд автдаг байж. Тэгээд хэсэг хугацаанд өвчнөөр сахилгажуулагдсан ч мэдрэмжгүй, хатуу сэтгэлтэй хэвээрээ байж, Бурхан руу эргээгүй. Үүргээсээ халагдсаны дараа ч муу муухай юм бодсоор байсан. Ердөө л санаархал, байр суурийн төлөөх хүсэлд хөлчүүрч, энэ нь миний мөс чанарт толбо суулгасан байсан, би зохих бүх эрүүл ухаан, хамаг хүн чанараа алдсан байсан даа. Газар тариалан эрхлэхдээ Тэнгэрт түшиглэдэг тариаланчид хувь заяаны эрхшээлд байгаагаа мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагддаг, гэтэл би өөрийгөө огт мэдэлгүй, дуулгавартайгаар байраа эзэлж, үүргээ биелүүлж ер чадаагүй. Харин ч Бурханы надад оноосон хил хязгаарын гадна гарч, илүү дээгүүр байр суурь хөөцөлдөхийг, илүү том удирдагч болохыг, бас бусдаас хүндлэл хүртэх санаархал, хүслээ биелүүлэхийг үргэлж хүсдэг байсан. Энэ нь яг тэргүүн тэнгэрэлчийн уг чанар байгаагүй гэж үү? Эзэн Есүс газар дээр ажиллахаар ирэхдээ даруу, нууцлаг байсан, эзэлж болох байр сууриа Эзэн хэзээ ч эзлээгүй. Нүгэлтнүүдтэй хамт хооллож, шавь нарынхаа хөлийг угаахаар бөхийсөн шүү дээ. Бас өнөөдөр Бурхан дахин нэг удаа махбод болж, газар дээр ажиллахаар ирсэн ч Өөрийгөө хэзээ ч Бурхан гэж дуудан, Өөрийг нь шүтэн мөргө гэж хүмүүсээс шаарддаггүй. Харин ч маш чимээгүй, даруухнаар үнэнийг илэрхийлж, хүмүүсийн амийг тэжээлээр хангадаг. Гэтэл би, ажилдаа өчүүхэн амжилт гаргасан гээд хүн бүрд хүндлэгдэнэ гэхээс тэсэж ядаж байсан. Тэр ч бүү хэл өөрийгөө бусдаас хавьгүй дээр байх учиртай, удирдагчийн албан тушаалд очих нь лавтай гэж ичгүүргүйгээр итгэсэн. Сонгогдоогүй гээд унтууцаж гүйцсэн, тэгээд сөрөг, эсэргүү болсон. Биеэ тоогоод хамаг эрүүл ухаанаа алдсан. Би ёстой ичгүүргүй байсан! Миний зан авир бусад хүнтэй арцалдах биш, Бурханы эсрэг явж байсан юм. Би шууд Бурханыг эсэргүүцэж байсан, тэгээд аль эрт Бурханы зан чанарт халдсан байсан даа. Халагдана гэдэг намайг шүүх Бурханы зөвт шүүлт байсан, энэ нь байр суурийн төлөөх хорхойсолтой минь харьцахын төлөө байсан, тэгээгүй бол мэдрэмжгүй зүрх минь сэрэхгүй байх байлаа.

Дараа нь би Бурханы үгийн өөр хоёр хэсгийг уншсан юм. “Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнийг Би шийтгэнэ, нэгэнтээ Миний хажууд Надтай эн тэнцүү зогсохыг хүссэн хэр нь Надад шүтэн мөргөж, Намайг дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би уур хилэнгээ тэр чигт нь буулгана; нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан, Надаас материаллаг таашаал булаах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхийг оролдсон хэнийг ч Би уучлахгүй; Надаас хоол хүнс, хувцас хунар булаахаар оролддог хүмүүсээс хэнийг нь ч Би өршөөхгүй. Одоохондоо та нар амар тайван байж, Надаас хэтэрсэн зүйл шаардсаар л байна. Уур хилэнгийн өдөр ирэхэд та нар Надаас дахиж юу ч шаардахгүй; тэр үед Би та нарыг шавайгаа ханатал ‘баясгана’, Би та нарыг нүүрээр чинь газар хатгуулна, тэгээд та нар дахин хэзээ ч босож ирж чадахгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). “Зарим хүн цөөн хэдэн чуулганыг удирдмагцаа биеэ тоох болж, Бурханы гэр тэдэнгүйгээр байж чадахгүй, Бурхан тэдэнд онцгойлон хандах ёстой гэж боддог. Үнэн хэрэгтээ байр суурь нь өндөр байх тусмаа тэд Бурханаас улам ихийг шаарддаг; хоосон сургаалыг илүү сайн ойлгох тусам шаардлага нь улам нуугдмал, зальжин байдаг. Тэд үүнийг амаараа хэлэхгүй ч зүрх сэтгэлд нь нуугдаж байдаг бөгөөд үүнийг илрүүлэхэд амаргүй. Тэдний гомдол, эсэргүүцэл тэсрэн гарах цаг ирэх туйлын магадлалтай бөгөөд энэ нь бүр ч төвөгтэй юм. Хүмүүс яагаад шашны удирдагч, чухал хүн байх тусам илүү аюултай антихрист байдаг вэ? Учир нь хүмүүсийн байр суурь өндөр байх тусам санаархал нь төдий чинээ их байдаг; хоосон сургаалыг ойлгох тусам зан чанар нь төдий чинээ биеэ тоосон болдог. Бурханд итгэх итгэлдээ үнэнийг эрэлхийлэхийн оронд байр сууриар хөөцөлддөг бол чи аюулд оржээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). Бурханы эдгээр үгийг уншаад би байр суурь хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг олж хараад, айсандаа дагжин чичирсэн. Үүрэгтээ зарим нэг ололтод хүрч, хэдэн чуулганы ажлыг хариуцаад би байх газраа огоорч, ичгүүргүйгээр илүү их нэр төрд шунахайрч, илүү олон хүнийг удирдана, илүү олон хүнээр бишрэгдэн, дагуулна гэж найдсан. Энэ нь мөн чанартаа Бурханы сонгосон хүмүүсийг булаах гэсэн явдал, Бурханы зан чанарт халдсан зүйл байсан. Энэ нь надад, Кора, Датан нарын бүлэглэл Мосегийн удирдлагыг эсэргүүцэж, байр суурийг нь эзлэх гэж оролдох үед Бурхан газрыг хагалан цуулж, тэднийг бүрмөсөн залгиулсан Хуулийн эрин үеийг санагдуулсан юм. Бас Иудейн фарисайчууд, ахлах тахилчид, хуулийн багш нар ганц ч болов хүнийг итгэгч болгох гэж газар, тэнгисийн хаа сайгүй явсан мөртөө Эзэн Есүсийг золин авралын ажил хийхээр ирэхэд нь эсэргүүцэж, яллан, өөрсдийнхөө албан тушаалыг хамаг чадлаараа хамгаалсан Нигүүлслийн эрин үе байна. Эцсийн эцэст тэд Эзэнийг загалмайд цовдолж, Бурханы хараалд өртсөн шүү дээ. Эдгээр зүйлийг тунгаагаад байр суурь хөөцөлдөнө гэдэг Бурханы яг эсрэг замаар явж байгаа явдал гэдгийг олж харсан даа. Энэ нь там, сүйрэлд хүргэх зам юм. Тэгэхэд би газар сөгдөөд, цурхиран уйлж, “Өө Бурхан минь! Би цаашид Таны дайсан болмооргүй байна, харин гагцхүү өөртөө дүгнэлт хийж, үнэхээр гэмших чадвартай баймаар байна. Надад Та ямар ч төрлийн нөхцөл бүрдүүллээ гэсэн бүтээгдсэн зүйлийн байраа эзэлж, Танд захирагдахыг л хүсэж байна” гэж залбирсан.

Дараа нь би үүргээ чадах чинээгээрээ биелүүлж эхэлсэн. Байсан айлын минь настай ах хамаатнууддаа сайн мэдээ түгээлгэхээр намайг авч явлаа. Хамаатнууд нь надтай хамт байх хугацааныхаа туршид маш олон асуулт асуусан ч холбогдох үнэний талаар би сайн ойлголтгүй байсан юм. Хэчнээн их дутагдалтайгаа хараад би үнэхээр ичсэн шүү. Урьд нь зарим нэг ажил хийж, багахан амжилт гаргасан учир өөрийгөө илүү чухал албан тушаалд сургагдана гэж бодон, хүн болгоныг дорд үзэж эхэлсэн байсан. Гэхдээ өөрийгөө тодорхой ойлгож ер чадаагүй гэдгээ дараа нь ухаарсан юм. Удирдагчийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол үнэний талаарх ойлголт. Удирдагчид асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглах ёстой, гэтэл би сайн мэдээ түгээхийн төлөөх үнэний хамгийн үндсэн талуудыг ч тодорхой нөхөрлөж чадахгүй байсан юм. Тэгсэн хэрнээ удирдах албан тушаалын төлөө цаг үргэлж тэмцэлдэж байж шүү. Ёстой утгагүй! Ах эгч нарын бэрхшээл, асуудалтай тулгарах үедээ би ердөө л сүрхий онол ярьж, жаахан урам өгдөг байснаас биш амийн оролтынх нь бодит бэрхшээлийг шийдвэрлэхэд нь хэзээ ч туслаагүй юм билээ. Үнэнийг эзэмшдэггүй бол зэрэг дэв хэчнээн ахилаа ч бодитой ажил хийж чадахгүй гэдгийг ухаарсан даа. Ердөө л чуулганы ажлыг үймүүлж, ах эгч нарын аминд хор хөнөөл учруулаад дуусна. Бас, Бурхан намайг үнэнээр илүү сайн зэвсэглээсэй гэсэндээ сайн мэдээ түгээлгэж, шинээр элсэгчдийг замчлуулахаар тэнд байршуулсныг мэдэрсэн. Энэ нь дутагдлыг минь залруулах арга байсан. Бурханы хүслийг ойлгомогцоо би тэр орчинд баяртайгаар захирагдаж, үүргээ сайн биелүүлж, үнэний оролтыг хэрэгжүүлэх болсон юм. Хэсэг хугацаанд шаргуу ажилласны дараа үзэгдлийн талаарх бүх төрлийн үнэнээр зэвсэглэж, тэр нутгийн сайн мэдээний ажил ч аажмаар улам бүр эрчимжлээ. Би шинэ итгэгчдийн хамтаар өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, Бурханыг магтсан матган дуу дуулж байсан. Тэгээд үнэхээр сэтгэл дүүрэн болж, Бурханы нигүүлсэл, өршөөлд зүрх сэтгэлийнхээ угаас талархсан шүү.

Тэр уулархаг нутагт гурван жил нүд ирмэхийн зуурт л өнгөрлөө. Тэгээд нэг өдөр цуглаанаас харьж явтал азарган бороо орж эхэлсэн. Бороо асгарч, ширүүн салхилж, би дугуйгаа арай ядан чирч явлаа. Уулын тэр бартаатай замаар алхаж байхад бороо нүүр нүдгүй балбаж, ууланд сайн мэдээ түгээнэ гэдэг үнэхээр хүнд юм гэж бодогдсон. Тэнд гурван жил шахуу үүргээ биелүүлж, зарим нэг сургамж авчхаад байхад минь яагаад намайг тэндээс шилжүүлсэнгүй вэ? Бусад ах эгч үүргээс халагдах үедээ завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж авч, гэмшиж, зарим нэг өөрчлөлт хиймэгцээ дахин удирдах албан тушаалд орсон байдаг. Би тэр бүх хугацаанд өөртөө дүгнэлт хийж ирсэн ч гэсэн жижиг бүлэг удирдах ч эрхгүй байлаа. Өөрийнхөө талаар жаахан ойлголттой болсон, бас үүрэгтээ хандах хандлага, өөрийгөө зэвсэглэсэн үнэнтэйгээр би наанадаж л чуулган удирдаж чадна гэж бодсон сон. Гэтэл яагаад намайг шилжүүлсэнгүй вэ? Би үүрд ууланд сайн мэдээ номлосоор байхаас өөр аргагүй гэж үү? Ингэж бодоод жаахан сэтгэлээр уналаа. Харих замын туршид хувийн гомдол, эндүү ойлголт харуулж байсан гэдгээ, бас зүрх сэтгэлдээ дахиад л нэр төрийг шүтэж байсан гэдгээ гэртээ хариад ухаарсан даа. Тэгээд Бурханы өмнө тайван байхын тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Бурханаас гуйлаа.

Дараа нь төд удалгүй Бурханы үгийн ийм хоёр хэсгийг уншсан юм: “Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахдаа, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэн мөргөхөд нь хамгийн их саад болдог зүйлстэй харьцаж, авч хаяна. Ийнхүү хүний байлдан дагуулалт үр дүнд хүрнэ. Үүний үрээр, хүнийг байлдан дагуулах эхний үе шатанд, хүний жолоогүй хүсэл санаархал болон хамгийн аюултай сул талуудыг арилгаж, үүний дүнд Бурханыг гэх хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм маягаар Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). “Бурхан чамд орчин бүрдүүлээд, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан хичээл сурч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”). Сатан завхруулсны дараа хүн бүр Сатаны хорын дагуу амьдарч, “Бүх орчлонд Би л хаанчилна”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Хүн нэрээ, тогос өдөө”, “Хүн ноён нуруутай, эрс шийдэмгийгээр эр зоригтой амьдрах ёстой” гэх мэт зүйлийн дагуу амьдардаг. Би алдар нэр, байр суурь хөөцөлдөн, эдгээр сатанлаг хорын дагуу амьдарч байж. Ах эгч нарын хүндлэлийг үнэхээр хүлээх үедээ ажлаа хийх урам зоригоор дүүрсэн. Харин хүний дор орж, байр суурь минь аюулд орсныг хараад атаач, гөжүүд болсон. Албан тушаалаа алдаад сөрөг, эсэргүү болж, бүр үүргээ биелүүлэхээ ч больсон юм. Бурханы гэрийн ашиг сонирхлын талаар бодолцож ч үзээгүй шүү. Үүнийг яаж мөс чанар, эрүүл ухаантай байна гэх юм бэ? Сатаны хор надад гүн бугшсан нь энэ байлаа. Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээж, засаж, харьцаж, туршиж, цэвэршүүлснээр авардаг. Ингэснээр хүмүүсийн сатанлаг зан чанар өөрчлөгдөн, эндүү бодол, хандлага, эрэл хайгуулын объект нь өөрчлөгдөж чаддаг. Тэгээд тэд Сатаны хорын дагуу амьдрахаа больж, Бурханыг хайрлаж, дуулгавартай дагах чадвартай болж, Бурханд авхуулж чаддаг. Энэ бол хүн төрөлхтөн дэх Бурханы ажлын зорилго. Бурхан миний дотоод санаархлыг илчилж, харьцахын тулд нэрд гарах боломжгүй, эрс тэс, уулархаг тэр газарт намайг байрлуулсан байж. Энэ нь, бүтээгдсэн зүйлийн үүргийг тууштай биелүүлж, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж, Бурханд захирагдаасай гэсэндээ намайг сатанлаг зан чанараас минь цэвэрлэж, хүний төрхийг амьдран харуулах чадвартай болгохын төлөө байсан юм. Ингэж ухаараад Бурханд талархах сэтгэлээр дүүрч, үнэнийг сайн эрэлхийлнэ, ямар ч хэрэггүй зүйлс болох алдар нэр, ашиг хонжооны араас дахин хэзээ ч хөөцөлдөхгүй гэж Бурханы өмнө шийдсэн.

Дараа нь асуудал гарахад би заримдаа алдар нэр, ашиг хонжооны талаар эрхгүй бодсоор байсан ч үнэнийг эрж хайж, байдлаа орвонгоор эргүүлж чадсан юм. Миний санахаар, нэг удаа чуулган сайн мэдээний видеоны зураг авалтад оролцохыг надад даалгасан юм. Зураг авалтад оролцох боломж олдож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын гэрчээр үйлчлэх болсондоо үнэхээр догдолж, ёстой нэр төрийн хэрэг мэт санагдсан. Гэхдээ үүний хажуугаар олноос онцгойрох хүсэл хөдөлж эхэлсэн юм. Сайн мэдээний тэр видеонд тоглож байгааг минь харвал бусад ах эгч намайг гарцаагүй хүндэлнэ гэж бодож байлаа. Гэхдээ зураг авалт дээр очтол гайхмаар нь, тэнд байсан удирдагч надад, “Яг одоо ёстой амсхийх сөхөө алга. Байраар хангах үүрэг гүйцэтгэж байгаа ахтай хамт хоол хий, цэвэрлэгээг ч бас хариуц” гэсэн. Би үүнийг үнэхээр эсэргүүцсэн. Байраар хангах үүрэг бол чуулган дахь бусад аль ч ах эгчийн гүйцэтгэж болох зүйл, яагаад би гэж? Тэгээд ч би умард, өмнөдийн аль альд нь удирдагчаар ажилласан хүн. Ямар ч удирдах албан тушаалд орж болдоггүй юм аа гэхэд өөрт таарсан үүрэг хүлээх ёстой биш үү гэж бодлоо. Тиймэрхүү хар бор ажил хийлгэж байна гэхээр намайг бусад маань юман чинээ боддоггүй болж таарлаа гэж санагдсан. Энэ нь миний авьяасыг талаар өнгөрөөсөн хэрэг биш үү? Би үүнд үнэхээр урам хугарсан ч өмнөх туршлага дээрээ үндэслээд, захирагдах ёстой гэдгээ мэдэж байлаа. Тэр үүргийг шүд зуун хүлээн зөвшөөрсөн. Тэнд зураг авалтад оролцохоор бусад ах эгч шил дараалан хүрч ирсэн юм. Хормогч зүүгээд хоол хийж, шал шүүрдэж байх зуураа би нутгийнхаа хэд хэдэн хүний видеонд орж байгааг харлаа. Ичмээр байсан шүү. Шаналантай нэг мөчид нэг залуухан ах намайг хараад, “Та удирдагч байхдаа манай чуулганы ажлыг хариуцдаг байсан шүү дээ. Тухайн үед би юу ч ойлгодоггүй, зүгээр л цуглаанд явах дуртай байлаа. Таны бидэнд хийсэн цуглаан надад маш их тус болсон” гэж халуун дулаанаар хэлсэн. Ахын энгийн л нэг ийм үг миний чихэнд маш чийртэй байлаа. Ах намайг дооглоод байх шиг санагдсан. Нүүр халуу дүүгж, газрын гаваар орчихмоор л санагдсан шүү. Бас нэг удаад ах эгч нар зураг авалтаа үнэхээр оройтож дуусгаад, удирдагч зураг авалтыг маргааш өглөө эрт дахин эхэлнэ гэлээ. Тэгээд намайг илүү цагаар ажиллаад өрөөнүүдийг цэвэрлэ гэсэн. Үүнийг сонсоод би үнэхээр тавгүйрхэж, “Та нар бүгдээрээ ядраад, амрахаар явж байдаг, гэтэл би шөнө дүлээр цэвэрлэгээ хийсээр хоцордог, би ямар зарц байгаа биш дээ” гэж бодсон. Намайг тэнд цэвэрлэгээ хийж байх хооронд бусад нь өдөр шаргуу ажилласныхаа дараа амарч, аль хэдийн унтсан байгааг хараад би үнэхээр хэлмэгдсэн мэт санагдсан. Тэгээд хар ажилчин болсон мэт үнэхээр гоморхсон доо. Өчүүхэн ч нэр төргүй болсон мэт болж, ядаж л шинэ итгэгчид нөхөрлөлд минь баясаж, бардам занг минь хангаж болдог байсан ууланд сайн мэдээ түгээсэн нь дээр юм шиг санагдсан юм. Тэнд тийм юм огт байгаагүй. Үүний дараа, би зохисгүй байдалд байсан болохоор хоолоо хагас ухаантай хийх боллоо. Хоол болгон нэг бол гашуун, давс ихтэй, нэг бол сул, амтгүй болдог болсон юм. Гэхдээ хэн ч, юу ч хэлэлгүй, адилхан л идэцгээдэг байлаа. Би үнэхээр буруутайгаа мэдэрсэн. Яаж тийм маягаар хоол хийж чадав аа? Тийм юмыг тэд яаж идэж чадав аа? Яг тэгэхэд нэг бодол тодхон төрлөө: Байр суурийн хүсэл минь биелээгүй болохоор л би ёс төдий юм хийж байсан биш үү? Тэгвэл яагаад надад урам зориг алга байна вэ? Үүнийг тунгааж, өөртөө дүгнэлт хийлээ. Тэгээд асуудлыг олж харсан: Би үнэ цэнээ алдаж, ямар ч нэр төргүй болсон мэт санагдсан болохоор эсэргүүцэж, гонсойсон байж. Би бас л байр суурь шүтсээр байж.

Тэр үед би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан. “Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 41-р бүлэг). “Иймээс Би та нарыг одоо ийм маягаар шүүвэл эцэст нь та нар ямар түвшний ойлголттой байх вэ? Хэдийгээр байр суурь чинь өндөр биш боловч ямартай ч Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ. Дорд зиндаанд төрсөн учраас та нарт байр суурь байхгүй бөгөөд Бурханы өргөлтөөс болж байр суурьтай байгаа—энэ бол та нарт Түүний хайрласан зүйл юм… Та нар ингэж залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгож байна. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.’ Цаг нь ирэх үед чи байр суурийн талаар бодохоо больж, үүнээс ангижирна. Тэр үед л чи өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор эрж хайж чадах бөгөөд тэр үед л зүрх сэтгэл чинь ямар нэгэн хязгаарлалтаас ангид болж чадна. Эдгээр зүйлээс ангижирмагц хүмүүст өөр санаа зовнил байхаа болино(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үгийг бодлогошрох зуур зүрх сэтгэл минь гэгээлэг болсон. Петр бүтээсэн зүйлийн үүрэг гүйцэтгэхийг эрэлхийлдэг байсан, Бурханыг хайрлаж, сэтгэл хангалуун байлгахыг тэр эрэлхийлсэн. Бурханд туйлын дуулгавартай байж, Бурханы зохион байгуулалтыг дагасан. Эцэст нь Петр тэр ч бүү хэл Бурханы төлөө цангинасан гэрчлэл болж цовдлуулсан шүү дээ. Харин миний хувьд гэвэл, Бурхан надад маш их ажил хийж байсан, бас намайг байрандаа байгаасай, дуулгавартай бүтээгдсэн зүйл байж, үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлээсэй, завхарсан сатанлаг зан чанараа хөсөр хаяж, Бурханд үнэхээр захирагдаасай гэж хүссэн. Бүтээгдсэн зүйлийн эрэлхийлэх ёстой зүйл энэ шүү дээ.

Удирдагч ийм хар бор ажлыг хийлгэх хэрэг байсан болохоор надаар хийлгэхээр зохицуулсан, тэгэхээр энэ нь миний хийх ёстой зүйл байсан юм. Энэ нь яг л айлууд хүүхдүүдээрээ хоол бэлдүүлж, цэвэрлэгээ хийлгэж байгаатай адил. Эдгээр нь бүгд гэрийн ажил, энд дээд, доод байр суурь гэж үгүй. Гэтэл би өөрөө доошоо орж байгаа мэт, нэр төр, нэр хүнд минь сэвтсэн мэт үзэж, тэр үүргийг дорд үзсэн. Тэгээд огт дуулгаваргүй, өширхүү, гомдол дүүрэн байсан. Би ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байж! Ингэж бодоод харуусалд автаж, өөртөө ой гутсан. Захирагдаж, үүргээ сайн биелүүлэхийг хүсэн, Бурханд залбирч, нүглээ улайсан юм. Дараа нь хоол хийхдээ ногоо хэрчиж, аяга таваг угаахаар өөрийн санаачилгаар гал тогоо орж, ажиллаж байхдаа Бурханы үгийг тунгаадаг боллоо. Би амар амгалан, баяр баяслыг сэтгэлдээ мэдэрсэн шүү. Тэгээд цэвэрлэгээ хийж байхдаа гоморхохоо больж, харин ч Бурханд улам ойр дотно гэдгээ мэдэрлээ. Ах эгч нартай нээлттэй, үнэнч шударга байж, үүргээсээ сурсан зүйлээ хуваалцаж чаддаг болсон. Тэгэх нь жаахан хүний төрхтэй амьдрах цорын ганц арга гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрсэн дээ.

Энэ бүх зүйлийн туршлага надад, Бурханы шүүлт, гэсгээлт бол намайг аврах аврал, энэ нь бүгд хайр гэдгийг маш гүн гүнзгий түвшинд сургасан. Бурханы шүүлт, гэсгээлт л миний эндүү ташаа эрэл хайгуул, хандлагыг өөрчилж, сатанлаг зан чанараасаа бага зэрэг цэвэрлэгдэх боломж олгосон. Өнөөдөр Бурханы гэрт үүргээ тууштай биелүүлж чадаж байгаа минь гагцхүү Бурханы намайг шүүх шүүлт, гэсгээлтийн л ач шүү дээ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...

Messenger дээр бидэнтэй холбоо барих