Ачаа бол Бурханы ерөөл

2022-01-21

Залуу нас, Өмнөд Солонгосын

Саяхан чуулганы сонгууль дээр намайг удирдагчаар сонгосон юм. Би үүнийг сонсоод цочирдож, үнэндээ итгэж зүрхлээгүй. Би, удирдагч гэнэ ээ? Яаж тийм юм байж болдог юм бэ? Чуулганы удирдагч ах эгч нарын амийн оролт дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл би нас залуу, амийн туршлага багатай. Бас дээрээс нь удирдах албан тушаал хэзээ ч хашиж үзээгүй. Би тэр ажилд бэлэн гэж үү? Үүнд нэлээд хэсэг зуур санаа зовж, яаж ч бодсон, тэр үүргийг гүйцэтгэхэд шаардагдах чадвар надад байхгүй мэт санагдаад, үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Үүргээ үнэхээр авчхаад тааруухан ажиллавал Бурханы гэрт болон ах эгч нартаа хор уршиг учруулах биш үү? Тэгээд ч, хүн бүр намайг нэвт шувт харж, үнэн царайг минь харна, тэгвэл маш ичмээр шүү дээ. Би өч төчнөөн шалтаг бодож олсон ч нэг эгч надад Бурханы үгийн энэ хэсгийг уншиж өгсөн юм: “Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно… Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Тийм даалгавар авсан минь, Бурханы надад олгосон сурч боловсрох боломж гэдгийг Бурханы энэ үгийг сонсоод бага зэрэг ойлгосон доо. Хэдийгээр би асар их дутагдалтай ч, тэр үүргийг биелүүлэх нь зөвхөн бусдыг удирдаж, бусад хүний асуудлыг шийдвэрлэх төдийгүй бас үнэний оролтод тавих анхаарлаа үүргээрээ дамжуулан сайжруулах явдал байсан. Юун түрүүнд би өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх хэрэгтэй, энэ нь л ах эгч нарын бэрхшээлд туслахад бодит туршлагаа ашиглах цорын ганц арга байлаа. Бурхан тийм даалгавар даалгаснаараа надад бас ачаа өгсөн юм. Чуулганы удирдагчийн хувьд би чуулганы элдэв янзын асуудалд анхаарч, маш олон хүн, олон зүйл, үйл явдалтай харьцаж, олон тооны асуудал дээр ажиллаж, дараа нь асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж сурах ёстой болно. Тэгэхээр би үнэний ойлголтдоо илүү хурдацтай ахиц гаргаж, Бурханаар төгс болгуулах магадлал нэмэгдэнэ гэсэн үг байлаа. Бас Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон: “Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс болгуулах хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс болгуулж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Би тэр үүргийг гүйцэтгэх боломж бол үнэндээ Бурханаар төгс болгуулах боломж гэдгийг ухаарсан юм. Бурханы ажил эцсийн үе шатандаа орсон болохоор үүргээ гүйцэтгэхэд нэг их цаг үлдээгүй. Тэр даалгавраас татгалзвал дараа нь хүсээд ч дахин тийм боломж олдохгүй гэсэн үг. Тэгээд харамсахад дэндүү хожимдох байлаа. Би бэрхшээлд автан амьдраад байж болохгүй, бас өөрийнхөө нэр нүүр, байр суурийг л бодоод байж болохгүй, харин үүнийг хүлээн зөвшөөрч, захирагдах ёстой мэт санагдсан. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд залбиран, хэрэгжүүлэх тийм боломж олгосонд нь талархаад, Бурханд түшиглэж, үүргээ чадах чинээгээрээ биелүүлэхийг хүслээ.

Гайхмаар нь, би шинэ үүргээ аваад хэдхэн хоноод эхнийхээ саадтай тулгарсан юм. Цуглаан дээр, манай дээд удирдагч итгээд хоёр жил гаруй болсон, жаахан хэв чанартай, бас дэндүү биеэ тоосон санваартны талаар хөндсөн. Тэр санваартан үүрэгтээ дураараа аашилж, хэзээ ч хэнтэй ч, юуг ч хэлэлцдэггүй байж. Тэгээд Бурханы гэрийн ажилд хор хохирол учруулсан байсан. Тиймэрхүү хүний талаар юу гэж боддогийг маань удирдагч биднээс асуулаа. Тэгтлээ биеэ тоосон, ах эгч нартай эвтэй ажиллах чадваргүй хүн санваартан байхад огт тохирохгүй, тэр хүнийг халах хэрэгтэй гэж би бодсон. Тэгээд бодлоо хэллээ. Гэхдээ тэр санваартан итгээд багахан хугацаа л өнгөрсөн байсан, түүнд жаахан хэв чанар заяаж, бас ноцтой биеэ тоох явдал нүүрлэсэн ч гэлээ үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа цагт түүнийг сургаж болно, бас тэр хүнийг тусалж, дэмжихийн тулд үнэний талаар илүү их нөхөрлөх хэрэгтэй гэдгийг би удирдагчийн удаах нөхөрлөлөөр л ухаарсан. Тэр санваартныг бас илчилж, харьцаж болох ч, гэнэтхэн зүгээр л халж, таягдан хаях нь яавч байж болшгүй хэрэг байсан юм байна лээ. Эхэндээ би буруу өнцгөөс харж, жаахан ичгэвтэр байдалд орсон мэт санагдсан ч хүмүүст эрх тэгш хандах зарчмыг ойлгож авсан болохоор эцэстээ энэ нь сайн зүйл байсан юм байна лээ. Гэхдээ дараа нь, чуулганы бусад удирдагчийн ихэнх нь энэ асуудлаар угаасаа бага зэрэг ялган таних чадвартай байсныг олж мэдсэн, тэдэнтэй харьцуулахад би үнэхээр дутуу дулимаг байсан. Үнэний тухай өнгөцхөн ойлголттой, ялган таних чадваргүй, бас бусдад хандах хандлагадаа зарчимгүй байсан. Надад үнэхээр удирдагчийн шинж чанар байсан гэж үү? Удирдагчаар ажиллах нь үнэний тодорхой ойлголт, бүх төрлийн хүний талаарх ойлголт шаарддаг. Чуулган дахь төрөл бүрийн хүнд хандах зөв хандлагыг мэдэх шаардлагатай. Гэхдээ надад тэдгээр шинж чанар огт байхгүйг баримтууд илчилсэн юм. Энэ бүхнийг нарийвчлан бодоод би бууж өгмөөр санагдлаа. Дээрээс нь, тэр үүргийг хийгээд дөнгөж хэдхэн хонож байхад маань ажил овоорч, надад зарим нэг бэрхшээл тулгарсан байсан. Тэр үүрэг надад ядаргаатай, дарамттай байх юм шиг санагдаж байлаа. Тэр орой сэтгэл үймэрч, өөрийгөө бүх удирдагчаас хамгийн тааруу нь биз гэж бодож байсан. Удирдагч болоод ийм эрт алдаа гаргачихлаа. Дээд удирдагч намайг нэвт шувт хараад, биеийн хэмжээ багатай, хэв чанар муутай, ялган таних чадваргүй гэдгийг минь анзаарсан биз. Намайг үнэхээр хөгжих ямар ч бололцоогүй гэж бодно доо. Ах эгч нар намайг юу гэж бодох бол? Ямар ч ойлголтгүй гэцгээн, удирдагчаар сонгодог нь буруутлаа гэх болов уу? Энэ талаар тунгаах тусам удирдагчийн хувьд нүүр хийх газаргүй болсон мэт санагдсан. Тэгээд жаахан эрүүл ухаан гаргаж, албан тушаалаасаа даруйхан огцрох хэрэгтэй юу гэж гайхлаа. Гэхдээ тэгж бодоод сэтгэл тавгүйрхсэн. Би тэр даалгаврыг хүлээн авмагцаа Бурханд залбирч, сэтгэл шулуудсан юм байж зүгээр л бүдүүлгээр хөсөр хаях юм бол Бурханаас урваж байгаа хэрэг болох бус уу? Тэр шөнө Бурханд залбирч, мухардлаа хуваалцаад, өөрийгөө мэдэх, үүнийг яаж туулах ёстойгоо мэдэхэд минь намайг замчлаач гэж Бурханаас гуйлаа.

Маргааш өглөө нь би, “Өдөр тутмын Бурханы үг” уншиж байгаад Иовын талаар уншсан зүйлдээ үнэхээр сэтгэл хөдөлсөн: “Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр эдгээр зүйлийг хэзээ ч хайрлаж, анхаарч байгаагүй; бусад хүн түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тоогоогүй, мөн үйлдэл юм уу, зан төлөв нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч санаа зовоогүй; мөн байр суурийн ерөөлд шунаагүй, байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууг ч эдлээгүй. Тэр зөвхөн Ехова Бурханы нүдэнд өөрийн үнэ цэн болон амьдрахын утга учир ямар байхыг л тоодог байсан. Иовын жинхэнэ төрх нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй, алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэрээр хуурамч зангүй бөгөөд үнэн, цэвэр ариун байсан юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Иов маш дээгүүр байр суурьтай, дорнын ард түмний дунд хамгийн агуу хүн байсан ч бусдад яаж харагдаж, үнэлэгдэж байгаадаа өөрөө хэзээ ч анхаардаггүй байсан нь Бурханы үгээс харагдсан юм. Хамаг бие нь яр шарханд баригдах шалгалттай тулгараад Иов үнсэнд суун, биеэ ваарын хэлтэрхийгээр маажиж байхдаа өөрийнх нь байр суурь, албан тушаалд энэ нь сөргөөр нөлөөлөх эсэх талаар санаа зовоогүй. Эргэн тойрных нь хүмүүс шоолоход хүртэл, Иов үүнийг хүндээр тусгаж аваагүй. Иов алдар нэр, байр сууринд шунаагүй. Иовд гагцхүү Бурхан өөрийнх нь үйлдлийг хэрхэн авч үзэх, үйлдэл нь Бурханыг сэтгэл хангалуун болгож, сайшаал хүлээх эсэх л чухал байсан. Үүнээс улбаалаад би өөрийгөө эргэцүүллээ: Би юунд анхаардаг байв? Яагаад тэгтлээ гутрав? Үг, үйлдэл минь миний нэр төр, байр сууринд яаж нөлөөлөх вэ гэдэг л надад хамгийн чухал байсан юм. Саяхны тэр туршлага үүний гол жишээ байлаа. Зарчимд үндэслэн хүмүүст хэрхэн хандахаа мэддэггүй гэх миний сул тал ил болсон. Гэхдээ удирдагч намайг дорд үзэх болов уу, ах эгч нар намайг сонгосондоо харамсах болов уу гэдэг бодол л миний толгойд эргэлдэж байсан. Бурханы хүсэл юу вэ, би ямар сургамж авах ёстой вэ, тэр нөхцөлөөс ямар үнэнийг олж авах ёстой вэ гэж ганц ч бодож үзээгүй. Би үнэхээр хамаг л буруу зүйлд анхаардаг байж. Ердөө нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд Бурханы даалгасан даалгаврыг орхихыг хүссэн. Би дэндүү тэрслүү, дэндүү талархах сэтгэлгүй байснаа ухаарсан.

Дараа нь эргэцүүлэхдээ, яагаад тэр алдаанд тэгтлээ их шаналж, бүр цаашид үүргээ биелүүлэх хүсэлгүй болохдоо тулсан юм бол гэж гайхсан шүү. Намайг ямар зан чанар хянаж байсан юм бэ? Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан: “Антихристүүд гэх мэтийн зүйлс ов мэхтэй, зальхай байдаг. Тэд үгээ цэгнэн, юу ч илчилдэггүй бөгөөд үнэхээр илчилсэн юм хэлбэл үүнийгээ залруулдаг. Яаж залруулдаг вэ? Магадгүй тэр даруйдаа залруулж чадахгүй байж болох бөгөөд тийм тохиолдолд тэд шөнө унтаж чадахгүй, өдөр хоол хоолойгоор нь давахгүй болдог; сууж байхдаа ч, явж байхдаа ч тэд: ‘Нэр төр, сайн нэрээ яаж аврах вэ? Байр сууриа яаж хамгаалах вэ? Бусдад дорд үзэгдэж, нэвт шувт харагдахаас яаж сэргийлэх вэ?’ гэж боддог. Тэдний бүх бодол эдгээр асуудлын талаар байдаг. Заримдаа тэд жаахан үнэнч байж, төлөөс гэмээр зүйл төлж, мөн гаднаа зөв санагдах зүйлс хийж болох чэдгээр үйлдлийн цаана тэдний хэнд ч хэлдэггүй нууц бий. Антихристийн байр суурь, нэр хүнд гэдэг бол аливааг ойлгож эхэлснээсээ хойш хийж, насан туршдаа үргэлжлүүлдэг төсөл нь байдаг. Энэ нь антихристийн уг чанар-мөн чанар юм. Хэрэв тэд нэг өдөр алдаа гаргаж, ичгүүртэй байдалд орон, зарим талаараа бас буруутдаг гэдгээ, өө сэвтэй, дутуу дулимаг гэдгээ бусдад харуулах юм бол үүнийгээ сайн явдал гэж үздэггүй бөгөөд тухайн асуудалд шаналж, сэтгэлээ зовоож, тайван бус болдог. Тэгээд нойр, хоолноос гарч, ихэвчлэн анхаарал нь сарнидаг. Яагаад анхаарал нь сарниад байгааг бусад нь асуувал тэд үүрэг гээд маш завгүй байсан учраас унтаагүй гэж хэлдэг нь үнэнээс хол зөрүүтэй юм—тэд бусдыг хуурахын тулд чадах бүхнээ хийдэг. Дотроо тэд юу гэж бодож байдаг вэ? ‘Би алдаа гаргаж, ичгүүртэй байдалд орлоо. Өөрийгөө яаж цайруулж болох вэ? Яах гээд байгаагаа бусдад харуулалгүйгээр өөрийгөө цайруулахын тулд юу хийж болох вэ? Энэ асуудлыг тайлбарлахын тулд ямар арга барил, ямар өнгө аяс ашиглах ёстой вэ? Тэр асуудлыг тайлбарлаж байна гэж бусдад анзаарагдалгүй ярихын тулд яаж ам нээх вэ?’ гэж боддог. Тэд тухайн асуудлыг маш нарийн бодож, бүх өнцгөөс тунгаасаар тархиа гашилгаж, нойр хоолоо умартдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Хоёрдугаар хэсэг)”). Бурханы үгийг тунгаагаад, миний зан авир нэр төр, байр сууриа л боддог, Бурханы илчилсэн антихристүүдийн зан авиртай яг адилхан байгааг олж харсан. Би алдаа гарган шившгээ тарьж, ах эгч нар маань миний дутагдлыг харсан. Энэ нь надад үнэхээр ичгэвтэр зүйл мэт санагдсан болохоор тэд намайг юу гэж бодох бол гэдэгт л анхаардаг болсон юм. Өдөр нь үүргээ гүйцэтгэхээр тайвширч ч чадахгүй, шөнө нь үүнээс болж нойр алдаж байлаа. Энэ нь намайг цаг үргэлж зовоож байсан юм. Бусдад үүнийгээ аль хэдийн харуулчихсан болохоор тэр байдлыг засах аргагүй байлаа. Нэр төрөө сэргээж чадахгүй, үүргээ биелүүлэх хүслээ бүрэн алдчихаад, би огцрох юм бол ядаж л бүтэлгүйтсэн, тааруу ажилласан гэх байр сууринд тавигдаж, дараа нь хүн бүрд дорд үзэгдэх албагүй болно гэж санагдсан юм. Бас Бурханы ийм үг миний санаанд орсон: “Антихристийн байр суурь, нэр хүнд гэдэг бол аливааг ойлгож эхэлснээсээ хойш хийж, насан туршдаа үргэлжлүүлдэг төсөл нь байдаг. Энэ нь антихристийн уг чанар-мөн чанар юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Хоёрдугаар хэсэг)”). Антихристийн нэг гол шинж нь зөвхөн өөрийнхөө нэр төр, байр суурийн төлөө ярьж, үйлддэг явдал гэдгийг энэ нь надад харуулсан. Тэд насан туршдаа бас эдгээрийн араас л хөөцөлдөж, хөдөлмөрлөдөг шүү дээ. Антихристүүд нэр төр, байр суурийг бүхнээс тэргүүнд тавьдаг. Энэ нь намайг ч бас тодорхойлсныг би ухаарсан. Сургуульд сурсан бүхий л хугацаандаа би үргэлж ангийнхаа тэргүүнд байхыг хүсдэг байсан. Тэгснээр багш нартаа өндрөөр үнэлэгдэж, гэр бүл, найзууддаа магтуулна шүү дээ. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэсэн энэ хэдэн жилд би нэр хүнд, байр суурь эрэлхийлэх нь ямар ч утгагүй, эдгээрийг олж авлаа гээд үнэнийг олж авсан гэсэн үг огт биш гэдгийг онолын хувьд мэддэг болсон. Тэгээд гаднаа иймэрхүү зүйлийн араас огт яваагүй. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд нэр төрд дурласаар байсан юм. Бусдад шагшин магтуулж, хүндлүүлэхийн тулд би хийсэн зүйл болгоноо сайн гүйцэтгэхийг хүссэн. Чуулганы удирдагч гэх албан тушаал авахдаа “удирдагч” гэх цол хүртэх үнэ цэнтэй байж чадна, тэр албыг авмагцаа л хүн бүрээс сайшаал хүлээнэ гэж найдаж байлаа. Бүтэлгүйтэл гаргах үедээ би ах эгч нарт дорд үзэгдэж, нэр төр, байр сууринд минь хохирол учирна гэж бодсон учир тэр үүргээ цааш биелүүлэхийг хүсээгүй. Би үүргээ биелүүлэх боломжийг нандигнахын оронд бусад хүний зүрх сэтгэлд байгаа өөрийнхөө дүр төрхийг л эрхэмлэдэг байснаа олж харсан. Нэр төр, байр сууриа аюулд орох үед би Бурханы даалгаврыг орхихыг хүссэн. Нэр төр, байр сууриа бусад бүх зүйлээс дээгүүрт тооцсон. Миний судсаар тийм л төрлийн антихрист зан чанар урсдаг нь харагдаж, би антихристийн замаар явж байснаа харсан. Тэгээд ах эгч нар маань яахаараа намайг хүндлэх ёстой юм бэ гэж бодлоо. Би үнэнийг эзэмшээгүй, ямар ч бодит туршлагагүй, хэв чанар муутай мөртөө байр суурьтаа анхаарсаар л байсан. Сатанлаг зан чанарт автсан над шиг хүн бусдад хайрлуулахыг хүссээр байж шүү дээ! Би ямар ичгүүргүй байгаа вэ!

Тухайн үед би ч бас үнэний энэ талыг тунгааж, эрж хайж байсан юм. Тэгээд Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан нь тус болсон. “Бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд Бүтээгчийн өмнө ирэх үедээ чи үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ бол хийвэл зохих зөв зүйл. Хүмүүс бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх учиртай болохоор Бүтээгч хүн төрөлхтний дунд дахин илүү их ажил хийв. Тэрээр хүн төрөлхтөнд хийх ажлынхаа цаашдын алхмыг гүйцэтгэсэн. Тэр ажил нь юу вэ? Тэрээр хүн төрөлхтнийг үнэнээр хангаж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүнээс үнэнийг олж авч, ингэснээрээ завхарсан зан чанараа хаяж, цэвэрлэгдэх боломжийг олгодог. Ингэснээр тэд Бурханы хүслийг биелүүлэн, амьдралын зөв замд орж, эцэст нь Бурханаас эмээж, муугаас зайлж, авралд бүрэн хүрч, Сатаны зовлонд өртөхөө больдог. Бурхан хүн төрөлхтний үүргийг нь гүйцэтгүүлснээр эцэст нь энэхүү гол үр нөлөөнд хүргүүлнэ. Тиймээс, үүргээ биелүүлэх явцдаа чи бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэснээр амьдралд чинь авчирдаг үнэ цэн, ач холбогдлыг зүгээр нэг эдлэх төдий болдоггүй. Түүнээс гадна чи цэвэрлэгдэж, аврагдаж, эцэст нь Бүтээгчийн царайны гэрэлд амьдрахаар ирдэг… Энд, одоо гэдгийн хувьд, Бурханы өмнө ирж, бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд үүргээ гүйцэтгэж буй хэн боловч хүн төрөлхтний дунд хамгийн үнэ цэнтэй, сайхан зүйлийг хүлээж авдаг. Хүн төрөлхтөн дундаас нэг ч бүтээгдсэн зүйл Бурханы гараас зүгээр нэг тохиолдлоор тийм ерөөлийг хүлээж авч чадахгүй. Ийм сайхан, ийм агуу зүйлийг антихристийн төрлийнхөн Бүтээгчийн гараас титэм, шагнал гуйх наймаа болгон мушгин гуйвуулдаг. Иймэрхүү наймаа нь хамгийн сайхан, зөв шударга зүйлийг хамгийн муухай, ёрын муу зүйл болгон хувиргадаг. Антихристүүдийн хийдэг зүйл энэ биш гэж үү? Эндээс дүгнэхэд антихристүүд ёрын муу юу? Тэд үнэндээ маш ёрын муу байдаг бөгөөд энэ нь ердөө л тэдний ёрын муу нэг талын илрэл юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Зургаадугаар хэсэг)”). Бүтээгдсэн зүйл Бүтээгчийн өмнө ирж, Бурханы удирдлагын ажлын хүрээнд үүргээ биелүүлэх завшаан тохионо гэдэг хамгийн үзэсгэлэнтэй сайхан, зөв шударга зүйл гэдгийг Бурханы үгийг бодож үзээд, би ухаарсан. Үүргээ биелүүлнэ гэдэг хамгийн үзэсгэлэнтэй сайхан, зөв шударга зүйл гэж Бурхан яагаад хэлэв гэж бодлоо. Яагаад гэвэл Бурхан амь биеэ хайрлалгүйгээр бидэнд маш олон үнэнийг хайрладаг. Бас бидэнд Бурханы гэрт үүргээ биелүүлэхийг зөвшөөрч, сурч боловсрох боломж өгдөг. Үүргээ биелүүлэх явцдаа бид үнэнийг ойлгож, олж авч, бас аажмаар амиа өсгөж чаддаг. Бид завхарсан зан чанараа олж илрүүлж, судалж, шийдвэрлэж чаддагаар зогсохгүй Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханаас эмээж, муугаас зайлах замд хөл тавьж, эцэстээ Бурханаар авхуулах боломжтой болдог. Бурхан бидэнд үнэн ба амь хайрлахын тулд үүрэг гүйцэтгэх боломж олгодог. Хариуд нь огт юу ч нэхэлгүйгээр биднийг ариусгах, аврахын тулд ингэдэг. Харин бүтээгдсэн зүйлсийн хувьд бид, үүрэгтээ хандах жинхэнэ, үнэнч шударга зүрх сэтгэлээр Бурханы чин санаа зорилгыг харж, ойлгож, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэхэд бүхнээ зориулах ёстой. Бүтээгч, бүтээлийн хооронд гэвэл, Бурхан Өөрийгөө амь хайргүй зориулдаг, харин хүмүүс Бурханд чин үнэнчээр захирагдаж, ачийг нь хариулах учиртай. Эцэстээ бид Бурханаас ирдэг үнэнийг олж авч, Сатанаас ирдэг завхарсан зан чанараа хөсөр хаяж, хүний төрхийг амьдран харуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулах чадвартай болдог. Энэ нь маш ариун, хайр татам харилцаа юм. Бас, Бүтээгчийн даалгаврыг хүлээн зөвшөөрч, үүргээ биелүүлдэг бүтээгдсэн зүйл эцэг эхдээ ачлалтай хүүхэд шиг байдаг. Ингэх нь зөв, зохистой. Энэ нь хийх учиртай хамгийн үндсэн зүйл юм. Бас үүрэгтээ бид өөрсдийн ажил хэргийг эрхэлж байгаа юм биш, харин илүү олон хүнийг Бурханы өмнө ирүүлэхийн тулд сайн мэдээ түгээхэд хувь нэмрээ оруулж байдаг. Энэ газар дэлхий дээрх хамгийн зөв шударга зүтгэл энэ. Гэтэл би ямар ч эрүүл ухаангүйгээр, ийм л гайхамшигтай, зөвт зүйлийг ёрын муу, үзэшгүй муухай зүйл болгон гуйвуулсан. Үүнийг наймаацах зүйл, байр суурь олж авч болох арилжаа гэж үзсэн. Байр суурь минь дээшлэх бол үүнийг хийхийг хүсэж, үгүй бол больж, үүнийг өөр хүнд нялзаах гэсэн. Би өөрийнхөө ёрын зорилгод хүрэхийн тулд Бурханы өргөмжлөл, нигүүлслийг ашиглаж байж. Би хэчнээн ёрын муу гэдгээ, бас Бурханы бүтээлийн нэг байх ч үнэ цэнгүй гэдгээ олж харсан. Үүрэгтээ хандах хандлагаа эргэн санаад, харууслаар дүүрсэн дээ. Тэгээд Бурханы өмнө очоод, “Бурхан минь, Та тааруу хэв чанартай, амийн хөөрхийлөлтэй туршлагатай гээд надаас нүүр буруулаагүй. Надад бас хэрэгжүүлэх боломж олгосон тань намайг ерөөх ерөөл байсан. Тэгсэн хэдий ч би Тантай наймаацахад мөн л үүргээ ашиглах гэж оролдсон. Би маш ёрын муу юм! Бурхан минь, би цаашид хувийн нэр төр, байр сууриа бодмооргүй байна, харин Таны урмыг хугалахгүйн тулд энэ боломжийг үнэхээр нандигнаж, энэ үүргийг чадах чинээгээрээ биелүүлэхийн тулд бүхнээ зориулмаар байна” гэж залбирлаа. Залбирсны дараа сэтгэл хавьгүй уужирч, тайвширсан. Эргээд бодох нь ээ, тэр албан тушаалыг авсныхаа яг дараа тэгж бүтэлгүйтэж, жаахан нүүр алдсан нь гаднаа муу зүйл шиг санагдсан ч, үнэндээ сайн зүйл байсан юм байна лээ. Бурхан миний эрэл хайгуулын чиглэл, зорилгыг засаж залруулж байгаа нь тэр байсан. Би албан тушаалаа авмагцаа л сайн ажилладаг агуу удирдагч байж, ах эгч нараасаа сайшаал, хүндлэл хүлээнэ гэж найдсан байсан. Гэхдээ алдар нэр, байр суурь хөөцөлдөх нь буруу зам, бүтэлгүйтэх зам гэдгийг энэ туршлага харуулсан юм. Тэр үүргийг биелүүлснээр өөрийн минь сул тал ил болж магадгүй, харин би аливаа бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрч, баримттай нүүр тулаад, алхам алхмаар урагшлах, үүргээ сайн биелүүлэх, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнээр зэвсэглэхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би дээд удирдагчдаа үнэлэгдэх, ах эгч нарт хүндлэгдэхийн тулд чармайх ёсгүй. Хүмүүстэй зарчмын дагуу яаж харьцахаа мэддэггүй гэх сул тал минь илчлэгдсэн боловч энэ нь, үнэний бодит байдлаар үнэхээр дулимаг гэдгээ хүлээн зөвшөөрч, сургамж авч, зарчмыг ухаарах хэрэгтэй гэсэн үг байлаа. Тийм ганц бүтэлгүйтлээс тэгтлээ айх хэрэггүй байсан юм. Үнэндээ асуудлын гол нь, үнэнийг хэрэгжүүлж, ирээдүйд өсөж хөгжих чадвартай байх явдал байсан. Бурханы үгийн бас нэг хэсэг санаанд орлоо: “Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Удирдах үүрэг авахын тулд хүн заавал бүхий л үнэнийг ойлгодог, хангалттай биеийн хэмжээ эзэмшдэг байх албагүйг Бурханы үгээс ойлгосон юм. Үүнээс гадна, хэн ч анх эхлэхдээ удирдагч байхад үнэнхүү бэлэн байдаггүй. Үүргээр маань дамжуулан Бурхан биднийг сургадаг, тэгээд энэ сургалтаар Бурхан биднийг залж чиглүүлж, төгс болгодог. Үүргээ биелүүлэх явцдаа бид нэлээд их дутагдал илчилж, зарим нэг бүтэлгүйтэл, ухралттай тулгарах магадлалтай, бас бид засуулж, харьцуулна. Үнэнийг эрж хайж, аажмаар зарчимд барьцтай болсноор бид яваандаа биеийн хэмжээгээ сайжруулж болдог. Энэ үйл явцын туршид, зарим нэг юмыг ойлгохгүй, гүйцэтгэж чадахгүй байх, бүтэлгүйтэл, ухралттай тулгарах нь маш хэвийн юм. Энэ нь бас бидний туулах шаардлагатай зүйл шүү дээ. Би нүүр алдаж, шившиг болохоос үхтлээ айсандаа Бурханаар төгс болгуулах энэ боломжоос татгалзаж, улмаар ийм үүрэг биелүүлэхийг хүсээгүй бол хэчнээн харалган явдал болох байсныг ухаарсан. Ингэж бодоод сэтгэл үнэхээр уужирсан шүү. Би хэв чанараар тааруу, үнэнийг ойлгодоггүй, амийн оролт туйлын багатай гэдгээ мэддэг ч шаргуу ажиллаж, төлөөс төлж, бас үнэнийг олж авахаар чармайж болох байсан. Тухайн үед би бүх удирдагчаас хамгийн дутуу дулимаг нь байсан ч магадгүй нэг өдөр ахиц гаргаж болно шүү дээ. Тэгээд Ноагийн талаар бодлоо. Ноа урьд нь хэзээ ч бүхээг барьж үзээгүй боловч үнэндээ чин сэтгэлтэй, үнэнч байж, Бурханы удирдамжид найдсан. Тэгээд 120 жилийн турш зүтгэж, эцэстээ бүхээгээ дуусган, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлсэн шүү дээ. Тухайн үед Ноа бүр Бурханаас олон үг сонсоогүй, олон хүний тусламж ч аваагүй. Гэтэл би Бурханы үгийн удирдамж, удирдагчийнхаа зааварчилгаанаас гадна маш олон ах эгчийн хамтын ажиллагаа, дэмжлэгтэй юм байж үүрэг дэх асуудлынхаа талаар гоншигнох ямар эрхтэй юм бэ? Надад үнэндээ тэгж гоншигноод байх ямар ч үндэслэл байгаагүй юм. Ингэж бодоод, бодитой ажил хийхийн тулд үүргээ яаж биелүүлэх хэрэгтэй вэ гэж тунгаалаа.

Төд удалгүй Бурханы үгийн ийм хэсгийг уншсан. “Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үүрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, ‘Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?’ гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсээр илүү их хөдөлгөгдөх чадвартай болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Үүргийнхээ төлөө үнэхээр ачаа үүрч, үүрэгтээ үнэхээр анхаарал хандуулах нь үүргээ сайн биелүүлэх гол түлхүүр гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Ажилд асуудал гарч, ах эгч нарын амийн оролтод бэрхшээл тулгарвал би эдгээрийг шийдвэрлэхийн тулд заавал тархиа гашилгах ёстой. Залбирч, ачааныхаа хамт Бурханы үгийг идэж уух ёстой. Тэгээд эдгээр бодит асуудлыг сэтгэлдээ тээн үнэнийг эрж хайх үед Ариун Сүнсний удирдамж, гэгээрлийг олж авахад илүү амар байх болно. Үүнээс хойш би цуглаан дээр ах эгч нарын хувийн туршлагын талаарх нөхөрлөлийг сонсоход зүрх сэтгэлээ зориулж эхэлсэн. Дараа нь тэдний байдал, асуудлын талаар, бас нөхөрлөлдөө үүнийг Бурханы үгтэй яаж нэгтгэх ёстой талаар сайтар боддог байлаа. Зарим асуудлаар мухардалд орох үедээ тухайн асуудлыг илүү тодорхой ойлгохын тулд хамгийн ойр ажилладаг эгчтэйгээ хамт хэлэлцэж, эрэл хайгуул хийдэг байсан. Энэ нь манай цуглаанд үр ашигтай байлаа. Нэг удаа итгээд удсан итгэгчидтэй хийсэн цуглаан дээр би нөхөрлөл хийж байхдаа ойлголт дулимаг гэдгээ илчилчих вий, тэгээд тэдний асуудал шийдэгдэхгүй байх вий гэж айгаад өөрийн эрхгүй үнэхээр сандарсан. Ичгэвтэр байдалд орж, дооглуулахаас айж, бас маш залуухан болохоор минь намайг зүгээр л том амласан жаахан охин байна гэж бодох байх гэж айсан. Тэгээд дуугаа хураалаа. Би зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй залбирч, намайг боогдуулж байгаа нэр нүүр, байр суурь гэх эдгээр хүлээсээс чөлөөлөгдөж, нээлттэйгээр нөхөрлөл хийхэд намайг замчлаач гэж Бурханаас гуйж байсан юм. Миний хандлага аажмаар өөрчлөгдөж эхлэх нь мэдрэгдэж, нөхөрлөл бол бусдаас сайшаал хүртэхийн тулд хамгийн онгодтой, сүрлэг үг хэлэх явдал биш, харин чин үнэнч хүн байж, хувийнхаа ойлголтыг чадах чинээгээрээ хуваалцах явдал гэж бодогдсон. Хэнтэй ч цуглаж байлаа гэсэн бид бүгд Бурханы өмнө үүргээ гүйцэтгэж байдаг. Иймээс миний талаар хэн, юу гэж бодно хамаагүй, би хариуцлагаа биелүүлэх ёстой. Хандлагаа залруулмагц зүрх сэтгэл хавьгүй уужирч, бодлоо саруул болгож чадсан. Асуудлыг илүү саруулхан хараад, тэр нөхөрлөлд хувь нэмэр оруулж болохоо ухаарлаа. Энэ нь миний биеийн хэмжээнд тулгуурлаагүй, харин Бурханы гэгээрэл, удирдамжаас гаралтайг би үнэхээр мэдэрсэн. Энэ нь миний дан ганцаараа хүрч хэзээ ч чадахааргүй зүйл байсан юм. Тэдгээр туршлагын дараа би жаахан ахиц гаргасан мэт санагдаж, энэ үүргийг хийхээ болиогүй гэдэгтээ маш их баярласан. Тэгээгүй бол хэзээ ч тийм ахиц гаргахгүй байх байлаа. Бас Бурханы ийм үг хэчнээн үнэн гэдэгт улам бүр бат итгэлтэй болсон доо: “Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Энэ үг үнэн, энэ нь ямар ч маргаангүй. Бурханы үгийг хэрэгжүүлмэгцээ би Бурханы удирдлага, ерөөлийг үнэхээр харсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ 2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Бурханд итгэх замд орох нь

Ронгуан Харбин хот, Хэйлонжиан муж Бурханы энэрлээр, 1991 онд би Төгс Хүчит Бурханыг өвчний улмаас дагаж эхэлсэн юм. Тэр үед би Бурханд...

Би байраа олсон

Сы Фань, Өмнөд Солонгос Бурханд итгэснийхээ дараа би маш урам зоригтойгоор эрэлхийлж, чуулган надад ямар ч ажил оноосон дуулгавартай...

Messenger дээр бидэнтэй холбоо барих