Христэд итгэгчийн гэрчлэл: Надад мөнгөнөөс илүү үнэ цэнтэй эд баялаг бий
Редакторын тэмдэглэл: Баяжихыг хүсдэг ч баяжиж огт чадалгүй, шаналж амьдардаг хүн таны амьдралд байдаг бол гаслангаасаа ангижрахад нь та хэрхэн туслах ёстой вэ? Энэ бол яг ийм бэрхшээлтэй байсан зохиогч Шунь Шинийн туршлага юм. Гэхдээ Шунь Шинь өнөөдөр мөнгөн ашиг, алдагдлаа тайвнаар үнэлж чаддаг бөгөөд мөнгөнөөс илүү үнэ цэнтэй эд баялаг олсон билээ. Тэгвэл Шунь Шинь шаналлаасаа хэрхэн гарав? Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй энэ эд баялаг юу вэ? Түүний түүхээр дамжуулан эдгээрийг олж мэдэцгээе.
Баяжих гэж дэмий чармайсан нь
Би хүүхэд байхдаа ядуу зүдүү байхын ичгүүр, амьдралын бэрхшээлийг туулсан болохоор эд баялаг, тансаг амьдралыг эдэлж, бусдад бишрэгдэн хүндлүүлэхийн тулд шаргуу суралцаж, ирээдүйд баян болохоор шийдсэн юм. Арав гаруй жил тууштай суралцсаны эцэст ердөө л гуравдугаар зэргийн их сургуульд орж чадсан боловч шантарсангүй. Шаргуу ажиллаж л байгаа цагт баяжиж чадна гэж би итгэж байлаа.
Их сургуулиа төгсөөд би англи хэлний багшаар ажилд орлоо. Хоёр жил ажилласан ажлынхан маань ердөө 2,000 гаруй юанийн цалин авч байгааг мэдэх үедээ би зоримгоор ажлаасаа гарав. Хожим нь, борлуулалтаар ажиллахын тулд Шанхай, дараа нь Чиндао дахь мэргэшсэн сургуульд орлоо. Би бараагаа зарахын тулд өдөр бүр өглөөнөөс орой болтол байнга хүмүүс рүү залгадаг байсан бөгөөд нэлээд хүчин чармайлт гаргаснаар сарын цалин минь бараг 10,000 юаньд хүрэв. Бүр ч том зүйл хийхээр эрмэлзэж байх үед минь сургуулийн удирдлага солигдож, намайг ямар ч шалтгаангүйгээр халлаа. Би явахыг хүсээгүй ч харуусалтайгаар явахаас өөр арга байсангүй.
Канадад ирсний дараа миний хүсэл ахин бадрав
Гэрлэснийхээ дараа нөхөр бид хоёр бизнес эхлүүлэхээр Канадад ирлээ. Би жирэмсэн болоод ажиллаж чадаагүй тул шүтэн мөргөхөөр чуулганд явав. Намайг анх чуулганд явах үед пастор тун уриалгахан угтсан ч чинээлэг биш гэж мэдсэнийхээ дараа үл ойшоож, харин чуулган дахь баячуулд уриалгахнаар бялдуучлан ханддаг байлаа. Пасторын хандлага мөнгөний ач холбогдлыг надад бүр ч их баталгаажуулсан юм. Өнөөгийн эрин үед хүн бүр мөнгөнд найдаж байхад мөнгөтэй бол чамд бүх юм байдаг, мөнгөгүй бол чамайг хаа сайгүй дорд үздэг. Тэгэхэд л би илүү их мөнгө олж, намайг дорд үзсэн хүмүүст өөрийгөө өөрөөр харуулахаар шийдсэн юм!
Ууган хүүгээ төрүүлсний дараа би мөнгө олохоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажил хэчнээн хэцүү байсан ч тоосонгүй. Хожим нь дахиад жирэмслэх үед бие маань сул байлаа. Гэсэн хэдий ч бага хүүгээ дөнгөж нэг сартай байхад нь би илүү их мөнгө олохын тулд найзуудтайгаа хамт импорт буцаан худалдан авах бизнес эхлүүлэв. Барааны тухай мэдэж авахаар өдөр бүрийг утас ширтэж өнгөрөөн, хүүхдээ хөхүүлж байхдаа ч гэсэн худалдааны ур чадвар, интернэт сурталчилгааны арга гэх мэтийг судалж байлаа. Өдөр бүр урт хугацаагаар утсаа харах хэрэгтэй болдог, мөн үргэлж шөнө дүл болтол суудаг байсан учраас нүдээ нээж болохооргүй их өвдөж, нуруу хөшиж, хөндүүр боллоо. Гэвч мөнгө олоход минь юу ч саад болох ёсгүй байсан тул би орон дотроосоо ажиллах хэрэгтэй болов. Ажилдаа маш их анхаарал хандуулдаг учраас хүүхдүүдээ асрах ямар ч цаг үлддэггүй байлаа. Нэг удаа том хүү минь уурласандаа гар дахь утсыг шүүрэн авч газар шидээд, цагаа өөрсөдтэй нь хамт өнгөрүүлэхийн оронд өдөржин утсаа үзэх юм гэж гомдоллолоо. Гэхдээ үр хүүхдээ сайхан амьдралаар хангаж чадахгүй юм бол цагийг хамт өнгөрүүллээ гээд ямар хэрэг байх вэ гэж бодсон тул хүүгийн минь буруушаал надад эвгүй санагдсангүй. Бид мөнгийг л анхаардаг нийгэмд амьдардаг, хэдийгээр мөнгө бүхнийг хийж чадахгүй ч мөнгөгүйгээр бол юу ч бүтэхгүй! Мөнгө л чамд сайхан амьдралыг эдэлж, толгойгоо өндөрт өргөж, бусдад хүндлүүлж, бишрүүлэх боломж олгож чадна. Би хүүхдүүдээ өөрөөсөө улам бүр холдуулж байгаагаа ухаарч, үүндээ шаналж байсан хэдий ч гагцхүү импортын бизнестээ л анхаарсаар байв.
Дараа нь би нэмж мөнгө олохын тулд сүлжээний цагийн ажил хийлээ. Нэг хэсэг шаргуу ажилласныхаа дараа жаахан мөнгө олж, тун баяртай байсан юм. Хүмүүстэй чанга дуугаар ярьдаг болсон бөгөөд эцэг эх рүүгээ мөнгө илгээхдээ өөрөөрөө тун бахархав. Мөнгөтэй байх тун сайхан санагдаж байлаа! Сарын хэдэн арван мянгын цалинтай дээд эгнээнийхнийхээ тансаглаж, сайхан амьдарч байгааг хараад, доорх эгнээгээ л өргөжүүлж байгаа цагт төд удалгүй яг тэдэн шиг болж чадна гэж дотроо боддог байв! Харамсалтай нь юм миний хүлээж байсан шиг амархан бүтсэнгүй. Би доод эгнээнийхээ арван хүнийг сургахад нэг жил зарцуулсан боловч нэг нь ч надтай ажиллахыг хүсээгүй тул бизнесээ анх эхлүүлсэн цэг рүүгээ буцах хэрэгтэй болсон юм. Энэ бэрхшээл миний хувьд тун сэтгэл гонсойлгосон бүтэлгүйтэл байлаа. Тэр жил би доорх эгнээний хүмүүсээ сургахын тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажилласан атал үр дүн нь яагаад ийм байв?
Аврал ирэхэд үл тоомсорлосон нь
Энэ үед Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ надад ирлээ. Мөнгө олох гэж хэчнээн зүдэрч, шаналантай амьдардгийг минь ах, эгч нар хараад надад ийнхүү нөхөрлөв, “Бидний амьдралдаа олох эд баялгийн хэмжээг Бурхан урьдаас тогтоодог, бид хэчнээн их хичээлээ ч үүнийг өөрчилж чадахгүй. Эзэн Есүс: “Юу идэх билээ, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов; юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш гэж үү?Тэнгэрийн шувуудыг хар: тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, саравчинд ч хадгалдаггүй;гэсэн ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хамаагүй илүү дээр биш гэж үү?” (Матай 6:25–26) гэж хэлсэн. Бурхан биднийг бүтээж, амьсгал өгсөн, бас Өөрийнх нь халамж, хамгаалалт дор амьдрахад хэрэгтэй зүйлийг бидэнд өгдөг. Ирээдүйн талаар түгшиж, санаа зовох хэрэггүй. Бид хэвийн ажиллаж байгаа цагт хангалттай хувцас хунар, хоол ундтай байх болно. Зарим хүн мөнгө олохоос өөрийг бодолгүй илүү цаг, ажлын бус цагаар ажиллаад, хариуд нь Бурхантай ойр дотно байж, цуглаан дээр Бурханы дуу хоолойг сонсох боломжоо яаж алддаг, мөн ядарч туйлдсанаас болж бие нь яаж доройтдогийг бид бүгд харсан. Бурханыг биднийг хангалттай хувцас хунар, хоол ундтай сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг боловч Сатан биднийг завхруулах арга зам бодож олдог. Тэр бидний зүрх сэтгэлийг мөнгөнд эзэмдүүлж, биднийг улам их мөнгө олох эрмэлзэлтэй болгож, бидэнд ханаж цадашгүй хүсэл өгдөг. Эдгээр нь Сатаны заль мэх биш гэж үү? Эцэс төгсгөлгүй хүслээ орхиж, Бурханы төлөвлөгөө, зохицуулалтыг дуулгавартай дагаснаар л бид тайван байдал, чөлөөлөлтийг олж авч чадна!” Би ах, эгч нарынхаа нөхөрлөлийг сонсоод, “Та нар мэргэн үг хэллээ, гэхдээ гагцхүү мөнгийг л хүлээн зөвшөөрдөг өнөөдрийн нийгэмд би урьд нь туулсан ичгүүртэй амьдралаараа амьдрах ёстой болох биш үү? Үгүй ээ, надад одоо ч илүү их мөнгө хэрэгтэй” гэж бодлоо. Иймээс би Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн хэдий ч сүлжээний бизнест бүх хүчээ зориулсаар байлаа. Өглөө бүр сэрэнгүүтээ юун түрүүнд сурталчилгаа илгээж, үйлчлүүлэгчдийн зурваст хариу илгээх гэх мэт зүйл хийдэг байлаа. Сүнснийхээ хөгжилд зарцуулах ямар ч зав байсангүй. Харин нөхөр бид хоёрыг асар их эд баялгаар ерөөхийг залбирал бүрдээ Бурханаас гуйж байв. Би Бурханд ийнхүү итгэж байсан бөгөөд тэр ч бүү хэл цуглаан дээр сүлжээний зар нууцаар тавихдаа туллаа.
Бурханы үгийн илчлэлээс Сатаны заль мэхийг нэвт харсан нь
Ах, эгч нар нөхцөл байдлын маань тухай олж мэдсэнийхээ дараа цуглаан дээр Бурханы үгийн энэ хэсгийг надад харуулав, “‘Амьдрал мөнгөн дээр тогтдог’ гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу?… Тэгвэл Сатан хүмүүсийг завхруулах гэж ийм чиг хандлага ашигласны дараа хүмүүст энэ нь хэрхэн илэрдэг вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу?” (“Цор ганц Бурхан Өөрөө V”).
Бурханы үгийг уншсаны дараа нэг эгч маань надад ийнхүү нөхөрлөв, “Бүх хүн төрөлхтөн яагаад мөнгийг шүтдэгийг, хүмүүс яагаад мөнгө олохоор хичээн бүх цаг хугацаа, эрч хүчээ зарцуулдгийг, мөнгөний араас хөөцөлдөхөө болихын оронд өвчин тусахыг яагаад илүүд үздэгийг, зарим хүн яагаад мөнгөний төлөө бүр бусадтай маргалдаж, бие биеэ хуурч, харгисаар тэмцэж, тэр ч байтугай бие биеэ хөнөөдгийг өмнө нь би ойлгодоггүй байлаа. Гэхдээ мөнгө бол хүн төрөлхтнийг завхруулж, хорлохын тулд Сатаны ашигладаг заль мэх юм гэдгийг Бурханы үгийг уншсаны дараа олж мэдсэн. Сатан бүх төрлийн бурхангүй онол, ном судар, агуу, алдартай хүмүүсийн тухай түүхээр манай ертөнцийг дүүргэж, ‘Мөнгө бол бүх юм биш, гэхдээ мөнгөгүйгээр юу ч бүтэхгүй’, ‘Мөнгө нэгдүгээрт’, ‘Хэн надад мөнгө өгнө, тэр миний эцэг’ гэх мэт үзлийг шингээдэг. Ингэснээр бид, мөнгө бол амьдралын маань хамгийн чухал зүйл, мөнгө л байвал бүх юм байна, бусдаар бишрүүлж, дуртай зүйлээ хийж чадна, мөнгөтэй бол сэтгэл хангалуун болно гэж боддог. Эс бөгөөс бид бусдад үл ойшоогдож, дорд үзэгдэнэ, мөн нийгэмд ямар ч байр суурьгүй болно гэж боддог. Энэхүү андуу бодол бидэнд шингэсэн, иймээс бид мөнгө олохын тулд бүх цаг хугацаа, эрч хүчээ зарцуулаад өөр юуг ч сонирхож, анхаардаггүй, тэр ч бүү хэл мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиосолж, мөнгөний боол болдог. Бид Бурханы авралыг хүлээн зөвшөөрлөө ч гэсэн мөнгөний араас эцэс төгсгөлгүй хөөцөлдөөд завгүй хэвээр байдаг, бидэнд үнэнийг эрэлхийлэх юм уу Бурханыг шүтэн мөргөх ямар ч сонирхол байдаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чадалгүй Сатаны эзэмшил дор, Бурханы халамж, хамгаалалтаас хол амьдардаг…”
Эгчийн үг сэтгэлд минь шууд хүрлээ. Мөнгө шүтдэг манай нийгэмд нэр хүндтэй амьдарч, бусдаар хүндлүүлж, бусдад үгээ сонсгож, хүндлүүлэхэд эд хөрөнгө хэрэгтэй, иймээс асар их эд баялгийн араас хөөцөлдөх нь зөв гэж би үргэлж итгэж байсан юм. Төгссөнийхөө дараа би элдэв янзын ажил хийж үзсэн бөгөөд мөнгө олж л байвал, хэчнээн хэцүү байсан ч шантраагүй. Хүүгээ төрүүлсний дараа сул биетэйгээ үл хайхран импортын бизнесээ орноосоо үргэлжлүүлж байсан. Мөнгө олохын тулд бараг бүх цаг хугацаа, эрч хүчээ ажилдаа зарцуулснаас үүдэн хүүхдүүдтэйгээ маш их хөндийрч, заримдаа бүр хүүхдүүддээ үл тоомсорлуулдаг байв. Бурханы аврал ирэхэд би үүнийг хэрхэн нандигнахаа мэдээгүй, мөн ах эгч нар маань Бурханы хүслийг нөхөрлөх үед мөнгөний төлөөх сэтгэлийн хүсэл маань огт хөдлөөгүй. Би цуглаан дээр сүлжээний борлуулалтын зурвас илгээж, залбирахдаа хүртэл илүү их мөнгө олох боломж олгохыг л Бурханаас гуйдаг байлаа. Мөнгөний хойноос хөөцөлдөх нь зөв гэж би үргэлж боддог байсан ч энэхүү үзэл, бодол нь Сатанаас ирдэг, энэ нь ердөө хүмүүсийг хорлож, завхруулахын тулд Сатаны ашигладаг заль мэх юм гэдгийг Бурханы үгийг уншаад мэдэж авсан билээ. Сатан биднийг хоосон санаагаа хангах мөнгө, тансаг амьдрал хөөцөлдөөд цаг үргэлж завгүй байг гэж хүсдэг учраас бидэнд эдгээр үзлийг шингээдэг. Сатан биднийг бүх эрч хүчээ зарцуулахад бэлэн, Бурханы халамж, хамгаалалтаас хол байгаасай гэж хүсдэг бөгөөд биднийг хянаж, хорлож, тэр ч бүү хэл эдгээр зорилгыг хөөцөлдөх явцад амийг маань авахыг хүсдэг. Энэ олон жил мөнгө олохын тулд яаж ажиллаж, залуу насандаа яаж нүдээ гэмтээж, байнгын нурууны өвчтэй болж, хүүхдүүдээсээ яаж улам бүр хөндийрснөө би бодлоо. Сатан л энэ бүхний цаад харанхуйн хүч байгаагүй гэж үү?
Эгч бас ингэж хэллээ “Өнөөгийн нийгэмд мөнгөгүй хүмүүс мөнгө олохын тулд чадах бүхнээ хийж, бүхнээ золиосолдог. Гэтэл зарим том дарга, баячуул, алдартнууд эд баялаг эзэмшин, тансаг амьдрал эдэлдэг ч хий хоосон санагдаж, зарим нь бүр амиа хорлохоор сонгодог. Мөнгө бидэнд ердөө л түр зуурын тайтгарал, таашаал өгдөг, мөнгөтэй хүмүүс улам бүр доройтож, үрэлгэн, ташуурсан амьдралаар амьдран, энэ бүхний эцэст тэд мөн л хоосрол, шаналалтайгаа үлддэг гэдгийг бид эндээс харж болно. Бид Бурханы өмнө очиж, Бурханы үгийн усалгаа, хангалтыг олж авч, үнэнийг ойлгохгүй бол хүн төрөлхтнийг завхруулах гэсэн Сатаны заль мэхийг хэзээ ч нэвт харж чадахгүй бөгөөд мөнгөнд улам гүн гүнзгий урхидуулж, эцэст нь Сатанаар тоглуулж, хорлуулахаас өөр аргагүй юм!”
Эгчийн үгийг сонсоод би ингэж бодлоо: Тийм шүү, өнөөдөр Бурхан үнэнийг илэрхийлсэн, мөн хүн төрөлхтнийг аврах ажил хийн, биднийг Сатаны завхрал, хяналтаас бүрэн ангижруулж, Бурханы халамж, хамгаалалтыг олж авах боломж олгодог. Би эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн зөвшөөрөхөөр сонгогдох хувьтай байсан, иймээс би үнэний оронд мөнгийг эрэлхийлсээр байвал нэг өдөр баяжлаа ч гэсэн Бурханы авралын ажил дуусахаар ямар хэрэг байх юм бэ? Агуу гамшиг ирэх үед энэ бүхэн хий дэмий зүйл болох биш үү? Эзэн Есүсийн хэлсэнчлэн “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч гэсэн амиа алдвал ямар ашиг байх юм бэ?” (Марк 8:36). Би эдгээр зүйлийг ойлгомогцоо мөнгөний хойноос улайран хөөцөлдөж, Сатанд хууртахыг хүсэхээ байв. Сүлжээний бизнесийнхээ доод эгнээний хүмүүсийг хөгжүүлэхэд бүх эрч хүчээ зориулах хэрэгтэй байдгаас үүдэн үр хүүхдүүдээ асрах, цуглаанд явах, үүргээ биелүүлэх ямар ч завгүй болдог гэдгээ би бодож үзсэн учраас сүлжээгээ орхиод, арай бага цаг шаарддаг буцаан худалдан авах бизнестээ л ажиллахаар шийдэв.
Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы ерөөлийг олж харсан нь
Хэсэг хугацаа өнгөрсний дараа, хамтрагчдын маань нэгэнд асуудал байгааг би олж мэдлээ. Тэрээ ажлаа нухацтай авч үзэлгүй, хэрэглэгчдэдээ байнга буруу бараа илгээдэг байсан нь манай хэрэглэгчийн үйлчилгээний үнэлгээг тасралтгүй дордуулж байв. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж хичээхээр намайг үл тоож, манай борлуулалт буурсаар л байлаа. Арга мухардахдаа би түүнтэй хамт ажиллахаа больж, бүх үйлчлүүлэгчээ болон 5 одтой ВиЧат дэлгүүрээ орхих ёстой болов. Энэ дэлгүүр хэдийнээ 5-6,000 хэрэглэгчтэй болсныг бодохоор баяр гуниг хослон байлаа, хэрвээ үүнийгээ цааш ажиллуулсан бол би хэзээ хэзээнээсээ илүү их мөнгө олж, хоол хүнс, хувцас хунарын тухайд дахин хэзээ ч санаа зоволтгүй болж, хүн бүр намайг өөрөөр харах байв, гэтэл одоо би үүнийгээ орхих хэрэгтэй болжээ. Гэвч тэгэхгүй бол би тохиромжтой хамтрагч олж чадахгүй байх байлаа. Би намагт гишгээд, аажмаар доош сорогдон, гарч чадахгүй байгаа мэт санагдаж байсан юм. Арга мөхөстөж, шаналахдаа би зөвхөн Бурханд тасралтгүй залбирч, удирдамж гуйж байлаа.
Нэг эгч нөхцөл байдлын маань талаар олж мэдээд, Бурханы үгийн хоёр хэсгийг надад харууллаа, “Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх, амьдралдаа хэр их эд баялаг хураахыг хүний эцэг эх, авьяас чадвар, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тодорхойлдог юм” (“Цор ганц Бурхан Өөрөө III”). “Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадах байсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадах байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү?” (“Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”).
Бурханы үгийг уншсаны дараа би тэр дороо ойлголоо. Би бол ердөө л бүтээгдсэн зүйл бөгөөд миний ирээдүй, хувь заяа, амь амьдрал бүгд Бурханы гарт бий. Амин зуулгаа хэрхэн залгуулах, энэ амьдралд хэр ихийг олохыг минь Бурхан урьдаас тогтоосон байв. Гэхдээ би Бурханы хэрхэн захирч, урьдаас тогтоодог тухай жинхэнэ мэдлэг дулимгаасаа үүдэн мөнгөний хойноос бүх чадлаараа хөөцөлдөж, санхүүгийн ашиг, алдагдалдаа санаа зовж, ВиЧат дэлгүүрээ орхихдоо шаналж, тэр ч бүү хэл ирээдүйд хэрхэн амь зуух тухай санаа зовсон юм. Би түгшүүр, шаналал дунд амьдарч байжээ. Миний амьдрал цаашид яахыг мэдэхгүй ч Бурхан надад тохиромжтой зохицуулалт хийсэн гэдэгт би итгэсэн тул ирээдүйгээ Бурханд зоригтойгоор даатгах учиртай. Үүнийг ухаармагцаа би хавьгүй тайвширлаа. Тэгээд Бурханд залбиран, ажлаа Бурханд өгч, амиа Бурханд даатгах хүсэлтэй, ирээдүйн замдаа Түүгээр замчлуулахад бэлэн гэдгээ хэлсэн юм.
Дараа нь би Бурханы үгийг унших илүү их завтай болж, ах эгч нартайгаа хамт цуглаанд оролцон, туршлага, ойлголтынхоо талаар нөхөрлөлөө. Би хүүхдүүдээ Бурханы өмнө авчрав. Өдөр бүр тэдэнтэйгээ хамт Бурханы үгийг уншиж, магтан дуу дуулдаг байсан ба бидний харилцаа дээрдэж эхлэв. Хамтрагчтайгаа ажиллахаа больсны минь дараа манай нөхрийн бизнес эрс сайжирсан нь намайг бүр ч их гайхширууллаа. Надад зориулсан Бурханы зохицуулалт үнэхээр гайхалтай байсныг хараад зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар дүүрсэн билээ.
Үнэнийг ойлгож, Бурханы үгээр амьдрах нь миний хамгийн том эд баялаг юм
Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншлаа, “Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм” (“Цор ганц Бурхан Өөрөө III”). Бурханы үгийг уншсаныхаа дараа алхаж байсан замаа санаад самсаа минь шархирав. Бурхан хэрхэн бүхнийг захирдаг тухай мэдлэг дутмаг байсан болохоор би мөнгө олж, баяжих тухай л боддог байсан бөгөөд эцэст нь өөрийгөө ч, үр хүүхдүүдээ ч маш их зовоожээ. Хэрвээ Бурхан намайг амжиж авраагүй бол би мөнгөний намагт улам гүн шигдээд, мөнгийг онцгойлон хөөцөлдөж, Бурханаас улам бүр холдон, эцэст нь Сатанд залгиулах байлаа. Бурхан намайг аварч, үгээрээ залж чиглүүлж, Сатаны арга залиас ангижрах боломж олгосон бөгөөд мөнгө ашиглан хүмүүсийг Бурханы халамж, хамгаалалтаас холдуулж, тэднийг хянаж, хорлох гэсэн Сатаны муу санааг надад тодорхой харуулж, ирээдүйд явах зөв замыг ойлгуулсан. Би андуу ташаа эрэл хайгуулаа орхиж, ирээдүйн амьдралаа Бурханд даатгаж, Бурханы бүх төлөвлөгөө, зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн боллоо. Бурханы өмнө ирж, Бурханы үгээр амьдарснаар л үнэхээр тайвширч, чөлөөлөгдөн, жинхэнэ амар амгалан, баяр хөөрийг амсаж чадна гэдгийг би үнэхээр мэдэрсэн юм.
Өнөөдөр би чуулганд үүргээ биелүүлж, Бурханы удирдамж дор амьдарч байгаа бөгөөд надад аюулгүй, амгалан, тайван, эрх чөлөөтэй санагддаг. Үнэнийг ойлгож, Бурханы үгээр амьдрах гэсэн амьдралын хамгийн үнэ цэнтэй эд баялаг надад бий, мөн Бүтээгчийн хайр болон аврал надад бий! Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?