Есүс дахин амилсныхаа дараа талх идэж, судрыг тайлбарласан нь

2018-05-22

13. Есүс дахин амилсныхаа дараа талх идэж, судрыг тайлбарласан нь

Лук 24:30–32 Тийнхүү Тэр тэдэнтэй хамт ширээнээ сууж, талх авч ерөөгөөд хугалж, тэдэнд өгөв. Тэгэхэд тэдний нүд нээгдэж, Түүнийг танив; харин Тэр тэдний хараанд үзэгдэхгүй алга болжээ. Тэд бие биедээ “Ингэхэд, Тэр бидэнтэй ярилцаж байхад, Тэр бидэнд судар нээж үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.

14. Шавь нар нь Есүст хайрсан загас өгсөн нь

Лук 24:36–43 Мөн тэднийг тийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн эмээж, сүнс харлаа гэж бодоцгоов. Тэгэхэд нь Тэр “Та нар яагаад зовнив? Та нарын сэтгэлд яагаад элдвийн бодол төрөв? Миний гар, хөлийг хар, энэ бол Би байна: Намайг бариад үз; учир нь сүнсэнд яс, мах байхгүй, харин та нарыг харахад Надад байна шүү дээ” гэв. Тэр тийнхүү өгүүлээд тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа бас л итгэж ядан гайхширч байхад нь Тэрээр: “Та нарт энд идэх юм байна уу?” гэхэд тэд нэг хэсэг хайрсан загас зөгийн балны сархинагтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

Одоо бид бичвэрийн дээр дурдсан хэсгүүдийг авч үзэцгээе. Эхний хэсэгт Эзэн Есүс амилсныхаа дараа талх идэж, судар тайлбарлаж байгаа тухай өгүүлж байгаа бол хоёр дахь хэсэгт Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлж байна. Энэ хоёр хэсэг нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар тус болох вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр дүрслэлээс та нар ямар дүр зураг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдах байсныг та нар төсөөлж чадах уу? Эсвэл Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас, талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах байсан бэ? Чи өөрөө Эзэнд маш ойр, Тэр чамд тун дотно байна гэж чамд санагдвал энэ мэдрэмж чинь зөв. Энэ бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа цугларсан хүмүүсийн өмнө талх, загас идсэнээр олж авахыг хүсэж байсан яг тэр үр дүн юм. Хэрвээ Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, тэд Түүний яс, махыг нь тэмтэрч чадалгүй, харин Тэр бол хүрч болшгүй Сүнс гэж л бодсон бол тэдэнд ямар санагдах байсан бэ? Тэдний урам хугарахгүй байсан гэж үү? Хүмүүс урам хугарахаараа хаягдсан мэт санагдахгүй байсан гэж үү? Эзэн Есүс Христээс холдсон мэт санагдахгүй байсан гэж үү? Ийм зай Бурхантай харьцах хүмүүсийн харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс лав айж, Түүнд ойртож зүрхлэхгүй ба тэгээд Түүнийг хүндэтгэсэн хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч, эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслахад хүрэх байсан бөгөөд энэ нь бас Эзэн Есүс Христийг махбодод байхад бий болсон, Тэр болон хүмүүсийн хооронд ямар ч зайгүй байсан тэр дотно харилцааг үгүй болоход хүргэх байсан юм. Сүнслэг биед хандах хүмүүсийн мэдрэмж нь зөвхөн айх, зайлсхийх болон дуугүй ширтэх л байдаг. Тэд Түүнийг дагаж, итгэж, Түүнд найдах нь бүү хэл Түүнд ойртож, ярилцаж ч зүрхэлдэггүй. Түүнд хүмүүс ийм сэтгэлээр хандахыг хараад Бурхан дурамжхан байв. Хүмүүс Түүнээс зайлсхийж, эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг Тэр харахыг хүсээгүй; хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байгаасай гэж л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан атлаа танихгүй, бас чамд дөхөж ирж зүрхлэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, мөн тэдний төлөө хийсэн бүхнийг чинь ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурханд яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст мах цуснаас бүрдсэн Өөрийн биеэр үзэгдэж, тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтөн ч бас Түүнийг тэгж үзээсэй гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Одоо та нар амилсныхаа дараа Эзэн Есүс талх идэнгээ судрыг тайлбарлаж байгаа тухай болон шавь нар нь Түүнд хайрсан загас өгсөн тухай хоёр хэсгийг сонгож авсны минь учрыг ойлгож чадах нь уу?

Амилсныхаа дараа Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн олон зүйл нь сэтгэлээ чилээж, анхаарч халамжилснаар хийгдсэн гэж хэлж болох юм. Эдгээр зүйл хүн төрөлхтнийг гэх Бурханы эелдэг зан, хайр сэтгэлээр дүүрэн байсан ба махбодод байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй тогтоосон дотно харилцаандаа тавьдаг хичээнгүй анхаарал, нандигналаар нь ч бас дүүрэн байсан. Үүнээс гадна, тэдгээр нь махбодод байх хугацаандаа Өөрийн дагагчидтай хамт хооллож, амьдарч байсан үеийнх нь дурсамж, хүсэл тэмүүллээр дүүрэн байсан юм. Иймээс Бурхан, хүн хоёр хоорондоо хөндий зайтай гэж хүмүүст санагдуулахыг Бурхан хүсээгүй ба мөн хүн төрөлхтнийг Бурханаас холдоосой гэж хүсээгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс амилсныхаа дараа, хүмүүстэй маш ойр дотно байсан Эзэн биш болсон гэж, мөн Тэрээр сүнсний ертөнц рүү буцан очиж, хүмүүсийн хэзээ ч харж, хүрч болшгүй Эцэг дээрээ буцаж очсон учраас хүн төрөлхтөнтэй хамт байхаа больсон гэж хүн төрөлхтөнд санагдуулахыг Тэр хүсээгүй. Түүний болон хүн төрөлхтний хооронд байр суурийн ялгаа байдаг гэж хүмүүст санагдуулахыг Тэр хүсээгүй. Өөрийг нь дагахыг хүсдэг боловч Түүнийг хүндэтгэсэн зайд байлгадаг хүмүүсийг хараад Бурханы зүрх сэтгэл өвддөг, учир нь энэ бол тэдний зүрх сэтгэл Түүнээс маш хол байгаа гэсэн үг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг татах нь Түүний хувьд маш хэцүү байх болно гэсэн үг юм. Иймээс хэрвээ Тэр тэдний харж, хүрч чадахгүй сүнслэг биетэйгээр хүмүүст үзэгдсэн бол хүнийг Бурханаас дахиад нэг удаа холдуулах байсан ба энэ нь эргэн амилсныхаа дараа Христ өндөр дээд агаад хүмүүсээс өөр болчихсон, тэгээд цаашид хүнтэй хамт нэг ширээнд сууж хооллож чадахгүй, яагаад гэвэл, хүмүүс нүгэлтэй, бохир заваан, Бурханд ойртож хэзээ ч болохгүй гэж хүн төрөлхтөн андуурахад хүрэх байсан. Хүн төрөлхтний энэ буруу ойлголтыг арилгахын тулд Эзэн Есүс махбодоор байнга хийдэг байсан шигээ, Библид тэмдэглэсэнчлэн “Тэр талх авч ерөөгөөд хугалж, тэдэнд өгөв” зэрэг олон зүйлийг хийсэн. Түүнчлэн Тэр урьдынхтайгаа адилаар бичвэрийг тэдэнд тайлбарлаж өгсөн. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Түүнийг харсан хүн бүрд Эзэн өөрчлөгдөөгүй, Тэр бол урьдын Эзэн Есүс хэвээрээ гэдгийг мэдрүүлсэн. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийг үзсэн боловч эргэж амилсан ба хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр хүмүүсийн дунд байх гээд эргэж ирсэн бөгөөд Түүний бүх зүйл өөрчлөгдөөгүй. Хүмүүсийн өмнө зогсож байсан хүний Хүү бол Эзэн Есүс мөн байсан. Түүний зан төрх, хүмүүстэй ярьж хөөрөх нь тун танил санагдаж байжээ. Тэр өгөөмөр сэтгэл, нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан—Тэр бусдыг Өөр шигээ хайрладаг, хүн төрөлхтнийг дал дахин долоон удаа өршөөж чадах Эзэн Есүс хэвээрээ байсан. Тэр урьдын адилаар хүмүүстэй хамт хооллож, бичвэрийг хамт хэлэлцэж байсан ба үүнээс ч чухал нь, Тэр яг өмнөхтэйгээ адил мах, цуснаас бүтсэн ба Түүнийг харж, тэмтэрч болж байсан. Хүний Хүү ийм байдлаар ойр дотно байдлыг мэдэрч, санаа амар байж, алдсан зүйлээ олж авахын баяр баяслыг мэдрэх боломжийг хүмүүст олгосон бөгөөд тэд бас хүн төрөлхтний нүглийг уучилж чадах хүний Хүүд зоригтой, итгэлтэйгээр найдаж эхлэхэд сэтгэл амар болсон. Тэд мөн тээнэгэлзэх зүйлгүйгээр Эзэн Есүсийн нэрээр залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг олж авахаар, Түүнээс амар амгалан, баяр баясгаланг олж авч, халамж, хамгаалалт авахын тулд залбирч эхэлсэн бөгөөд Эзэн Есүсийн нэрийн дор өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж эхэлсэн.

Эзэн Есүсийг махбодоор ажиллаж байх үед Түүний дагагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн нотолж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний дагагчдын хандлага нь хүлээсэн байдалтай байсан; Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд Эзэн Есүсийн махбодод байх үедээ айлдсан зүйлсэд хүмүүс зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан нь аль хэдийн үгүйсгэл болон өөрчлөгдөж эхэлсэн. Харин Түүнийг булшнаас гарч, хүмүүст нэг бүрчлэн үзэгдэхэд Түүнийг нүдээрээ харж, Түүний амилсан тухай мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь үгүйсгэлээс тээнэгэлзэл рүү аажмаар шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг сүвээндээ хүргүүлэхэд, Эзэн Есүс амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идээд дараа нь тэдний өмнө хайрсан загас идэхэд, зөвхөн тэгэхэд л тэд Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж хэлж болно: тэдний өмнө зогсож байсан хүний Хүү нь эрт галвын үеэс оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд аль хэдийнээс урт удаан хугацааны турш хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан… Тэр үед хүмүүс Түүний оршин тогтнол тун үнэн, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн; тэд маш их баяртай, аз жаргалтай байсны зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв. Түүний дахин илрэлт нь Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, Түүний хүсэл эрмэлзлийг болон хүн төрөлхтөнд татагддагийг нь мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь Эзэн Есүсийг харсан хүмүүст, нэг насны амьдрал нь өнгөрсөн мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл тайвшралыг олсон. Тэд эргэлзэж, эсвэл урам хугарахаа больсон, учир нь одоо шинэ итгэл, найдах ямар нэг зүйл байна гэдгийг тэд мэдэрсэн юм. Тэдний өмнө зогсож буй хүний Хүү үүрд мөнхөд тэдний ард байх ба Тэр үргэлжид тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болох юм.

Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар ч хэлбэрээр оршин байх нь хамаагүй, хэдийд ч, хаана ч хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, тэдэнтэй хамт байна. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгох бөгөөд тэдэнд дахин хэзээ ч арга мөхөс санагдуулахгүй гэдгээ Өөрийн илрэлтээр хүмүүст хэлсэн юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байдаг; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа больж, Түүнийг өөрсдийн нүглийн тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдээр бол дахин амилсныхаа дараа Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын эдгээр хэсэг нь маш бага зүйлс байсан боловч харин Миний үзэж байгаагаар бол, хийсэн зүйл нэг бүр нь маш утга учиртай, маш их үнэ цэнтэй байсан бөгөөд бас маш чухал, жинтэй байсан.

Хэдийгээр Эзэн Есүсийн махбодоор ажилласан үе нь бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан боловч мах цустай сүнслэг биеэрээ илэрснээрээ дамжуулан Тэр махбодоор хүн төрөлхтнийг аврах тухайн үеийн ажлаа бүрэн дүүрэн, төгс хийж гүйцэтгэсэн юм. Тэр махбод болсноор үйлчлэлээ эхэлсэн бөгөөд Өөрийн махан биеийн дүр төрхөөр хүн төрөлхтөнд үзэгдсэнээр Өөрийн үйлчлэлийг төгсгөсөн билээ. Тэрээр Христ хэмээх ялгамж чанараараа Нигүүлслийн эрин үеийг авчирч, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар Тэр Нигүүлслийн эрин үе дэх ажлыг хэрэгжүүлж, Өөрийн бүх дагалдагчийг Нигүүлслийн эрин үед хатуужуулж, удирдсан. Бурханы ажлын тухайд гэвэл, Тэр эхэлсэн зүйлээ мадаггүй дуусгадаг гэж хэлж болно. Төлөвлөгөө, алхмууд байдаг ба энэ нь Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал, гайхалтай үйл хэргээр дүүрэн байдаг. Энэ нь бас Бурханы хайр, өршөөлөөр дүүрэн байдаг билээ. Мэдээж, Бурханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх Түүний анхаарал халамж юм; үүнд Түүний хэзээ ч хойш тавьж чадахгүй санаа зовнилын мэдрэмж шингэсэн байдаг. Библийн эдгээр эшлэлд амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн юм бүхэнд илчлэгдсэн зүйл нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хувиршгүй найдвар, анхаарал байсан бөгөөд түүнчлэн Бурханы хичээнгүй халамж болон хүмүүсийг энхрийлэх хайр байсан юм. Эдүгээг хүртэл эдгээрийн нэг нь ч өөрчлөгдөөгүй—та нар үүнийг ойлгож байна уу? Үүнийг ойлгохоороо та нарын зүрх сэтгэл шууд л өөрийн мэдэлгүй Бурханд ойр болохгүй гэж үү? Хэрвээ та нар тэр эрин үед амьдарч байгаад Эзэн Есүс амилсныхаа дараа бодитой хэлбэрээр та нарт үзэгдсэн бол, хэрвээ та нарын өмнө суугаад талх, загас идэн, та нарт бичвэрийг тайлбарлаж, та нартай ярилцсан бол ямар санагдах байсан бэ? Та нар баярлах байсан уу? Буруутай санагдах байсан уу? Өмнөх буруу ойлголт, Бурханаас зайлсхийж, Бурхантай зөрчилдөж, Түүнд эргэлзсэн зэрэг нь—зүгээр л арилахгүй байсан гэж үү? Бурхан, хүн хоёрын харилцаа илүү зүй зохистой болохгүй байсан гэж үү?

Библийн энэ хязгаарлагдмал бүлгүүдийн тайлбараас та нар Бурханы зан чанар дахь ямар нэгэн өө сэвийг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы хайраас ямар нэгэн хуурамч байдал олж илрүүлсэн үү? Та нар Бурханы бүхнийг чадагч байдал, мэргэн ухаанаас ямар нэгэн заль мэх, хорон мууг олж илрүүлсэн үү? Мэдээж үгүй! Одоо та нар Бурхан бол ариун гэж баттай хэлж чадах уу? Бурханы сэтгэл хөдлөл нь бүхэлдээ Түүний мөн чанар болон зан чанарын илрэл гэж баттай хэлж чадах уу? Та нар эдгээр үгийг уншсаны дараа үүнээс ойлгосон зүйлс чинь зан чанараа өөрчилж, Бурханаас эмээхэд чинь тусалж, үр ашгаа өгнө гэж Би найдаж байна. Түүнчлэн эдгээр үг нь та нарт өдөр бүр өсөн нэмэгдэх үр ашиг өгч, ингэснээр энэхүү эрэл хайгуулын явцад та нарыг Бурханд улам бүр ойртуулж, Бурханы шаарддаг стандартад та нарыг улам бүр ойртуулна, ингэснээр та нар үнэний эрэл хайгуулаас уйдахаа больж, үнэний эрэл хайгуул болон зан чанарын өөрчлөлт нь та нарт төвөгтэй, илүүц мэт санагдахаа болино. Харин ч Бурханы жинхэнэ зан чанарын илэрхийлэл болон Бурханы ариун мөн чанарын зоригжуулалтаар та нар гэрлийг эгээрэн хүсэж, шударга ёсыг эгээрэн хүсэж, мөн үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар чармайж, Бурханы олж авах хүн болж, жинхэнэ хүн болоосой хэмээн Би найдаж байна.

Өнөөдөр бид, Нигүүлслийн эрин үед анх удаа бие махбодтой болохдоо Бурханы хийсэн зарим зүйлийн талаар ярилцлаа. Эдгээр зүйлээс бид Түүний махбодоор илэрхийлж, илчилсэн зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын бүх талыг харлаа. Түүнд юу байгаа болон Тэр юу болохын энэ бүх тал нь ихэд хүнлэг болсон санагддаг боловч үнэндээ илчилж, илэрхийлсэн бүхний мөн чанар нь Түүний хувийн зан чанараас салшгүй юм. Хүн чанараар Өөрийн зан чанарыг илэрхийлж буй бие махбодтой болсон Бурханы бүх арга, бүх тал нь Түүний хувийн мөн чанартай салшгүй холбогдсон байдаг. Иймээс Бурхан бие махбодтой болж хүн төрөлхтөн дээр ирсэн нь маш чухал бөгөөд махбодоор хийсэн Түүний ажил ч бас маш чухал юм. Түүний илчилсэн зан чанар болон илэрхийлсэн хүсэл нь махан биетэй амьдарч байгаа хүн бүхэнд болон ялзралд амьдарч байгаа хүн бүхэнд бүр ч илүү чухал юм. Энийг та нар ойлгож чадах нь уу? Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгосныхоо дараа та нар Бурханд яаж хандвал зохих талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэн үү? Энэ асуултын хариуд Би дүгнэлт болгон та бүхэнд гурван сануулга өгмөөр байна: Нэгдүгээрт, Бурханыг бүү турш. Бурханы тухай хэр зэрэг ойлгодог чинь хамаагүй, Түүний зан чанарын талаар хэр зэрэг мэддэг чинь хамаагүй, Түүнийг туршиж огтхон ч болохгүй. Хоёрдугаарт, Бурхантай байр суурь бүү булаацалд. Бурхан чамд ямар байр суурь өгч, эсвэл чамд ямар ажил даалгах нь хамаагүй, Тэр чамаар ямар үүрэг гүйцэтгүүлэхээр өргөх нь хамаагүй, Бурханы төлөө хэчнээн ихийг зарцуулж, золиосолсон чинь ч хамаагүй, Түүнтэй байр суурь огтхон ч бүү булаацалд. Гуравдугаарт, Бурхантай бүү тэмцэлд. Бурханы чамд хийсэн зүйлийг, чиний төлөө Түүний зохицуулсан зүйлийг, Түүний чамд авчирсан зүйлийг ойлгох эсэх чинь, дуулгавартай дагах эсэх чинь хамаагүй, Бурхантай огтхон ч бүү тэмцэлд. Хэрвээ чи энэ гурван сануулгыг биелүүлж чадах юм бол харьцангуй аюулгүй байх бөгөөд Бурханыг тийм ч амархан уурлуулахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Есүс гайхамшиг үзүүлсэн нь

Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай.

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээж дээрх хоёр ишлэл ч бас ялгаагүй.

Messenger дээр бидэнтэй холбоо барих