Өөрийн амиллын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үг

2018-05-22

Иохан 20:26–29 Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томас тэдэнтэй хамт дотор байв: хаалга хаалтай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Дараа нь Тэр Томаст, “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь; энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий, бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэлээ. Тэгэхэд Томас Түүнд хариулан, “Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст өгүүлрүүн, “Томас, чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” гэжээ.

Иохан 21:16–17 Тэр дахиад хоёр дахь удаагаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэхэд тэр “Тийм ээ, Эзэн минь, би Таныг хайрладаг гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд “Миний хонийг тэжээ” гэлээ. Тэр дахиад гурав дахь удаагаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэв. Тэр “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурав дахь удаагаа асуусан учир Петр зовниж, “Эзэн минь, Та бүхнийг мэднэ, би Таныг хайрладаг гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Миний хонийг тэжээ” гэж түүнд хэллээ.

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

Эдгээр хэсэгт өгүүлж буй зүйлс нь дахин амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн болон шавь нартаа айлдсан зүйлс юм. Эхлээд Эзэн Есүс амилахаас өмнөх болон дараах байдлын хоорондын ялгааг харцгаая. Тэр урьдын Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эргэж амилсны дараах Эзэн Есүсийг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан нь та нарт байх болтугай’” гэв. Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа болиод сүнслэг бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байхад ч Тэр хүмүүсийн дунд орж ирээд тэдэнд Өөрийгөө харуулж чадсан. Энэ бол эргэж амилсны дараах Эзэн Есүс болон амилахаасаа өмнө махан биед амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондын хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр агшны сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн гадна төрх хоорондоо ямар ч ялгаагүй байсан боловч тэр агшинд Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс эргэж амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, будилмаар байсан. Түүнчлэн энэ нь Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд улам их зай бий болгосон ба тэр агшинд Эзэн Есүс улам нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг харж, эсвэл хүрч чадахгүй Бурханд итгэдэг байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн явдал байв. Энэ цагаас эхлэн Эзэн Есүсийн “алга болсон”, эсвэл “орхиж явсны” улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байх болсон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуульд захирагдаж байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.

Тэр сүнслэг бие байсан юм бол хүмүүс яаж Түүнд хүрч, Түүнийг харж байсан бэ? Энэ нь Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд үзэгдсэний ач холбогдолтой хамаатай юм. Библийн эдгээр хэсгээс та нар юм анзаарав уу? Үндсэндээ сүнслэг бие харагдаж, баригддаггүй ба эргэж амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн гүйцсэн байсан. Иймээс ер нь бол хүмүүстэй уулзахын тулд Тэр Өөрийн анхдагч төрхөөр тэдний дунд эргэж ирэх хэрэг огтхон ч байгаагүй, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь үүний ач холбогдлыг илүү бодитой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ эргэлзэж буй Томасыг гартаа хүргүүлээд түүнд ингэж хэлсэн: “энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий; бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай”. Эдгээр үг, эдгээр үйлдэл нь Эзэн Есүс зөвхөн эргэж амилсныхаа дараа хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан бөгөөд харин загалмайд цовдлогдохоосоо өмнө Түүний хийхийг хүсэж байсан зүйл билээ. Загалмайд хараахан цовдлогдоогүй байсан Эзэн Есүс аль хэдийн Томас мэтийн хүмүүсийн талаар аль хэдийн ойлгож байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юу харж болох вэ? Тэр эргэж амилсныхаа дараа ч бас Эзэн Есүс хэвээр байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Томасын эргэлзээ дөнгөж эхэлж байсангүй, харин Эзэн Есүсийг дагаж байсан бүхий л хугацааны турш түүнд байсан, гэхдээ Тэр бол үхлээс амилж, сүнсний ертөнцөөс Өөрийнхөө анхдагч дүртэй, Өөрийнхөө анхдагч зан чанартай, мөн бие махбодтой байх үедээ хүн төрөлхтнийг ойлгож байсан ойлголттойгоо эргэн ирсэн Эзэн Есүс байсан учраас эхлээд Томасыг олж очин Томасыг хавиргандаа хүргүүлж, эргэж амилсныхаа дараах Өөрийн сүнслэг биеийг түүнд харуулаад зогсоогүй, түүний гарыг хүргүүлж, сүнслэг биеийнхээ оршин буйг мэдрүүлэн эргэлзээг нь бүрмөсөн арилгасан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Түүнийг Христ гэдэгт Томас үргэлж эргэлзэж, итгэж чадахгүй байжээ. Бурханд итгэх түүний итгэл нь зөвхөн нүдээрээ харж, гараараа барьж чадах зүйл дээр л үндэслэн бүрэлдэж байсан. Эзэн Есүс ийм төрлийн хүмүүсийн итгэлийг сайн ойлгодог байлаа. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд л итгэдэг байсан ба Бурханы илгээсэн Нэгэнд, эсвэл махбод дахь Христэд итгэдэг ч үгүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй байсан. Эзэн Есүсийн оршин тогтнолыг болон Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан гэдгийг зөвшөөрүүлж, түүнд итгүүлэхийн тулд Тэр Томаст гараа сунган хавирганд нь хүрэх боломж олгосон. Эзэн Есүсийг амилсны өмнө болон дараа Томаст байсан эргэлзээ ялгаатай байсан уу? Тэр үргэлж эргэлзэж байсан ба Эзэн Есүсийн сүнслэг бие түүн дээр биечлэн ирж, Өөрийн бие дэх хадаасны оромд Томасыг хүргэхийг зөвшөөрснийг эс тооцвол өөр хэн ч түүний эргэлзээг тайлж чадахгүй, хэн ч түүнийг эргэлзээнээс нь салгаж чадахгүй байв. Иймээс Эзэн Есүс түүнийг хавиргандаа хүргүүлж, хадаасны сорвинууд үнэхээр байгааг мэдрүүлсэн цагаас хойш Томасын эргэлзээ арилж, Эзэн Есүс эргэн амилсныг лавтай мэдэж, Эзэн Есүс бол жинхэнэ Христ, бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэсэн. Хэдийгээр энэ удаа Томас эргэлзэхээ больсон боловч Христтэй уулзах боломжоо үүрд алдсан юм. Тэр Түүнтэй хамт байх, Түүнийг дагах, Түүнийг мэдэх боломжоо үүрд алджээ. Мөн Христээр төгс болгуулах боломжоо ч алдсан юм. Эзэн Есүсийн илрэлт болон үг эргэлзээгээр дүүрэн байсан хүмүүсийн итгэлийг дүгнэлт, шийдвэрээр хангасан. Тэрээр эргэлзэгчдэд хэлэхийн тулд, зөвхөн тэнгэрт байдаг Бурханд итгэдэг, харин Христэд үл итгэгчдэд хэлэхийн тулд Өөрийн бодитой үг, үйлдлийг ашигласан: Бурхан тэдний итгэлийг сайшаагаагүй, мөн дагаж байгаа нь эргэлзээгээр дүүрэн тэдний байдлыг ч сайшаагаагүй. Тэд Бурханд болон Христэд бүрэн итгэсэн тэр өдөр л Бурхан Өөрийн агуу ажлыг дуусгасан өдөр болж чадсан юм. Мэдээжээр, тэр өдөр нь бас тэдний эргэлзээ нь шийдвэр хүлээн авсан өдөр байсан. Христэд хандах тэдний хандлага хувь заяаг нь тодорхойлсон ба тэдний арилшгүй эргэлзээ нь тэдний итгэл ямар ч үр дүн авчраагүйг илтгэж, хөшүүн байдал нь тэдний итгэл найдвар талаар болсныг илтгэж байсан. Тэнгэр дэх Бурханд итгэх тэдний итгэл төсөөллөөр тэжээгдэж, Христэд эргэлздэг нь үнэндээ Бурханд хандах тэдний жинхэнэ хандлага байсан учраас хэдийгээр тэд Эзэн Есүсийн бие дээрх хадаасны сорвинд хүрсэн ч гэсэн тэдний итгэл хэрэггүй хэвээр байсан бөгөөд тэдний үр дүнг хулсан хувингаар ус хутгах шиг хий дэмий гэж л дүрсэлж болох юм. Эзэн Есүсийн Томаст хэлсэн зүйл бас бүх хүнд зориулагдсан нь тодорхой байлаа: Амилсан Эзэн Есүс бол анх гучин гурван жил хагасыг хүн төрөлхтний дунд ажиллаж өнгөрөөсөн Эзэн Есүс юм. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийн сүүдэрт хөндийг туулж, амиллыг туулсан боловч Түүний бүх талд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдийгээр Тэр одоо бие дээрээ хадаасны сорвитой ч гэсэн, амилж булшнаас алхан гарч ирсэн ч гэсэн, Түүний зан чанар, хүн төрөлхтний тухай Түүний ойлголт, хүн төрөлхтөнд хандах Түүний санаа зорилго өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Түүнчлэн загалмайнаас буун ирж, нүглийг ялж, бэрхшээлийг ялж, үхлийг ялсан гэдгээ Тэрээр хүмүүст хэлсэн. Хадаасны сорвинууд нь ердөө л Тэр Сатаныг ялсны нотолгоо, бүх хүн төрөлхтнийг амжилттайгаар аврахын тулд нүглийн тахил болсны нотолгоо байсан юм. Тэр хүн төрөлхтний нүглийг аль хэдийн Өөртөө үүрсэн ба Өөрийн золин аврах ажлыг дуусгасан гэдгээ хүмүүст хэлж байлаа. Тэр шавь нартайгаа уулзахаар эргэж ирэхдээ тэдэнд Өөрийнхөө илрэлтээр: “Би амьд хэвээрээ, оршин буй хэвээрээ; өнөөдөр Би та нарын өмнө үнэхээр зогсож байна, иймээс та нар Намайг харж, Надад хүрч болно. Би үргэлж та нартай хамт байх болно” гэж хэлсэн. Эзэн Есүс Томасын тохиолдлыг хожмын хүмүүст зориулсан анхааруулга болгон ашиглахыг бас хүссэн: Хэдийгээр чи Эзэн Есүст итгэдэг ч гэсэн Түүнийг харж ч, хүрч ч чадахгүй, гэхдээ чи жинхэнэ итгэлээрээ ерөөгдвөл жинхэнэ итгэлээр дамжуулан Эзэн Есүсийг харж болно; ийм хүмүүс ерөөгддөг.

Эзэн Есүс Томаст харагдах үедээ хэлсэн, Библид тэмдэглэгдсэн эдгээр үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүнд асар их тус болсон. Түүний илрэлт болон Томаст хэлсэн үг нь ирээдүйн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, хар дотортой, урвамтгай бөгөөд Бурханы хийж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний захиралтад итгэдэггүй ба бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй. Гэвч Эзэн Есүсийн амилсан нь тэдэнд амаа алгадуулахтай адил болсон ба энэ нь мөн тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, хар санаатай байхаа хүлээн зөвшөөрч, тэгснээр Эзэн Есүсийн оршин тогтнол болон амилалд үнэхээр итгэх боломж олгосон. Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүн Томас шиг эргэлзэж болохгүй, эргэлзэж байвал харанхуйд живэх болно гэдгийг өөрсдөдөө анхааруулж чадах юм. Хэрвээ чи Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлж бодохын тулд Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг тэмтэрч үзэхийг үргэлж хүсдэг бол Бурхан чамайг орхино. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүн байж, Бурханд эргэлзэх сэтгэл өвөрлөлгүйгээр зөвхөн Түүнд итгэж дагахыг шаарддаг. Ийм хүн ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүст тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийнхөө дагалдагчдад өгсөн анхааруулга юм.

Энэ бол эргэлзээгээр дүүрэн хүмүүст хандах Эзэн Есүсийн хандлага билээ. Тэгвэл Өөрт нь үнэнчээр итгэж, дагаж чадсан хүмүүст Эзэн Есүс юу хэлж, юу хийсэн бэ? Эзэн Есүсийн Петрт хэлсэнтэй холбоотой зүйлийг бид одоо авч үзэх гэж байна.

Энэ ярианд Эзэн Есүс: “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэх нэг зүйлийг Петрээс ахин дахин асуусан. Энэ бол Эзэн Есүс эргэн амилсныхаа дараа Христэд үнэхээр итгэж, Эзэнийг хайрлах гэж эрмэлздэг Петртэй адилхан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь нягтлах шиг, бас байцаах шиг байсан, гэхдээ түүнээс гадна энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Хүмүүс өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө шалгаж байг гэж Тэр энэхүү лавлах аргыг ашиглажээ: Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнийг хайрладаг уу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч сэтгэлд нь байсан үнэн бол Петрээс асуух энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлах гэж эрмэлздэг илүү олон хүнээс ийм асуулт асуухыг хүсэж байв. Петр бол ердөө л ийм хүмүүсийн төлөөлөгч болж, Эзэн Есүсийн амнаас асуулт сонсохоор ерөөгдсөн байжээ.

“Энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий: бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэж Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа Томаст хэлсэнтэй харьцуулбал “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэж Петрээс гурван удаа асуусан нь Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух үедээ Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Зальжин, хуурмаг уг чанартай бөгөөд эргэлздэг Томасын тухайд гэвэл, Эзэн Есүс хадаасны сорвиндоо түүний гарыг хүргүүлсэн, тэгсэн нь Эзэн Есүс бол эргэж амилсан хүний Хүү мөн гэдэгт түүнийг итгүүлж, Христ хэмээх Эзэн Есүсийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрүүлсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүн зэмлээгүй, мөн түүний талаар ямар ч тодорхой шүүлт үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Өөрийн хандлага болон шийдэмгий байдлыг харуулангаа түүнийг ойлгосон гэдгээ бодитой үйлдлээрээ дамжуулан түүнд мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг хэлсэн үгээс нь харж чадахгүй. Яагаад гэвэл, Томас шиг хүмүүст зүгээр л жинхэнэ итгэлийн үнэр ч байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага нь зөвхөн үүнд байсан ба харин Петр шиг хүмүүст үзүүлсэн Түүний хандлага огт өөр байсан. Тэр Петрээс гараа сунгаж, хадаасны сорвинд нь хүр гэж шаардаагүй, мөн “бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэж Петрт хэлээ ч үгүй. Үүний оронд Тэр Петрээс нэг асуултаа ахин дахин асуусан. Энэ нь Христийн дагагч бүхнийг өөрийн эрхгүй гэмшиж, айх, мөн Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, халамжийг илүү их ойлгож чаддаг; ариун цагаан, үнэнч хүмүүст хандах Түүний чин сэтгэлийн сургаал, хатуу чанд шаардлагуудыг тэд ухаардаг. Эдгээр энгийн үгэнд илчлэгдсэн, хүмүүсээс хүсэж буй Эзэний хүлээлт бол зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзэнийг хайрлаж, өөрийн Бурханыг хайрлах явдал юм гэдгийг Эзэн Есүсийн асуулт хүмүүст мэдрүүлдэг. Ийм хайр нь санаа тавих, дуулгавартай байх явдал юм. Энэ нь хүмүүс Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм хайр бас Бурханыг тайвшруулж, гэрчлэлд баярлах боломж өгч, Түүнд амрах боломж олгодог. Энэ бол хүн төрөлхтөн Бурханд хариу барьж байгаа хэрэг, тэдний хариуцлага, үүрэг, даалгавар бөгөөд энэ нь хүн төрөлхтний насан туршдаа дагах ёстой зам юм. Энэ гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүнд тавих Эзэн Есүсийн шаардлага, сургамж байсан юм. Петрийг амьдралын замаа гүйцээхэд хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан бөгөөд Эзэн Есүсийн явахдаа асуусан асуултууд нь Эзэнийг гэх хайраасаа болж төгс болох замаа эхлэхэд Петрийг хөтөлсөн бөгөөд энэ хайраасаа болж Эзэний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, өөрийнхөө бүхий л амьдрал болон бүхий л оршихуйг өргөл болгоход нь түүнийг тэгж хөтөлсөн юм.

Нигүүлслийн эрин үед Бурханы ажил нь үндсэндээ хоёр төрлийн хүмүүст зориулсан байсан. Эхний төрлийнх нь Түүнд итгэж, дагадаг, Түүний тушаалыг сахиж чаддаг, загалмай үүрч, Нигүүлслийн эрин үеийн замыг баримталж чадах хүмүүс байсан юм. Ийм төрлийн хүн Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы нигүүлслийг эдэлдэг байв. Хоёр дахь төрлийн хүмүүс нь Петр шиг, төгс болгуулж чадах хүмүүс байсан. Иймээс Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хамгийн их утга учиртай энэ хоёр зүйлийг эхлээд хийсэн юм. Нэгийг нь Томаст, нөгөөг нь Петрт хийсэн. Энэ хоёр зүйл юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ санаа зорилгыг төлөөлдөг үү? Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийг харуулдаг уу? Томаст хийсэн Түүний ажил нь эргэлзэлгүй зүгээр л итгэ гэж хүмүүст анхааруулах явдал байсан. Петрт хийсэн ажил нь Петр шиг хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, ийм хүмүүст тодорхой шаардлага тавьж, тэдний зорих ёстой зорилго юу вэ гэдгийг харуулах явдал байлаа.

Эзэн Есүс амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн санаа болон хүмүүст тавих хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд махбодод байх үед байна уу, эсвэл загалмайд цовдлогдож, эргэн амилсны дараа сүнслэг биед байх үед ч байна уу хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний зовнил болон хүмүүст тавих шаардлага өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавийнхаа төлөө санаа зовж байсан; Тэр хүн нэг бүрийн байдлыг зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан ба мэдээж нас барж, амилж, сүнслэг бие болсныхоо дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт бие махбодтой байх үеийнхтэй нь адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдэгт бүрэн итгээгүй байгааг Тэр мэдэж байсан, харин махбодод байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд төгс итгүүлсэн бөгөөд Өөрийн илрэлт болон амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, сэдэл болгон ашигласан. Түүний үхлээс амилсан нь Түүнийг дагасан бүх хүнийг хатуужуулаад зогсоогүй, мөн Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон, тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний дунд өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүс амиллынхаа дараа илэрсэн нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу Петр байсан бол, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол чамд ямаршуу үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг Бурханд итгэх амьдралынхаа дээд зэргийн, хамгийн агуу үзэгдэл гэж үзэх байсан уу? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгах гэж хичээх, мөн амьдралдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх байсан уу? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах байсан уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас хүлээн авсан даалгавраа болгох байсан уу? Хэдийгээр та нар үүнийг биеэр амсаагүй ч гэсэн, Томас, Петр хоёрын тохиолдол нь орчин үеийн хүмүүс, Бурханы хүсэл болон Бурханы талаар тодорхой ойлголттой болоход хэдийн хангалттай юм. Бурхан махбод болсныхоо дараа, хүн төрөлхтний дундах амьдрал болон хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, хүн төрөлхтний доройтол болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа махбод дахь Бурхан, хүн төрөлхтөн хэчнээн арга мөхөс, гашуудалтай, өрөвдөлтэй болохыг мэдэрсэн гэж хэлж болох юм. Бурхан махбодод амьдарч байхдаа Өөрийн хүн чанараас болж, махбод дахь зөн совингоосоо болж хүний нөхцөл байдлыг илүү их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг дагалдагчдадаа илүү санаа тавьдаг болгосон. Эдгээр нь магадгүй та нарын ойлгож чадахааргүй зүйл байж болзошгүй, гэвч дагалдагч нэг бүрийнхээ төлөө Бурхан санаа зовж, анхаардгийг Би үлэмж анхаарал гэсэн хэллэгээр дүрсэлж чадна. Энэ нэр томьёо хүний хэлнээс гарсан хэдий ч, хэдийгээр энэ нь яг л хүний хэллэг боловч дагалдагч нараа гэсэн Бурханы сэтгэлийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэх Бурханы үлэмж анхаарлын тухайд гэвэл, өөрсдийнхөө туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, амсах болно. Гэвч өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л үүнийг биелүүлж болно. Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчдадаа тавих Түүний анхаарлыг хүн чанарт бодитой болгож, Өөрийн сүнслэг биед буюу та нарын хэлдгээр Өөрийнхөө бурханлаг чанарт үүнийг гардуулж өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин туулж, мэдрэх боломж олгосон ба мөн түүнчлэн, Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчирхгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүний итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө мөн гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагагчдад мөнхийн баталгаа өгсөн ба Тэрээр Өөрийн илрэлтээр дамжуулан шинэ эрин үе дэх ажлынхаа үе шатыг бас нээсэн юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээж дээрх хоёр ишлэл ч бас ялгаагүй.

Messenger дээр бидэнтэй холбоо барих