Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн (1)

2018-05-22

1. Матай 12:1 Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

2. Матай 12:6–8 Харин Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү агуу Нэгэн байна. Харин, Би тахилыг бус, өршөөлийг болгооно гэсэн үгийн утгыг та нар ойлгосон байсан бол гэмгүй нэгнийг буруушаахгүй байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.

Эхлээд энэ хэсийг авч үзье: “Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

Бид яагаад энэ хэсгийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Амралтын өдөр байтал Эзэн Есүс гадагш гарч, тариан талбай дундуур шавь нараа дагуулан явсан гэдэг нь энэ бичвэрээс хамгийн түрүүнд бидэнд мэдэгдсэн зүйл юм. Үүнээс ч “тэрслүү” нь юу гэвэл, тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс дураараа гадагшаа гарах юм уу ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйл байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь урт хугацааны турш уг хуульд захирагдан амьдарсан хүмүүсийг балмагдуулж, тэр ч байтугай энэ нь бүр шүүмжлэл өдөөсөн юм. Тэдний самгардсан болон Есүсийн хийсэн зүйлийн талаар хэрхэн ярьж байсан тухай бид одоохондоо хойш тавиад Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдөр үүнийг хийхээр сонгож, тус хуульд захирагдан амьдарч байсан хүмүүст энэ үйлдлээрээ юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ хэсэг болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо энэ юм.

Эзэн Есүс ирэхдээ, Бурхан Хуулийн эрин үеийг орхин явж, шинэ ажил эхлүүлсэн ба энэхүү шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаарддаггүй гэдгийг хүмүүст хэлэхийн тулд Өөрийн бодитой үйлдлийг ашигласан юм. Бурхан Амралтын өдрийн хязгаараас гарч буй нь ердөө л Түүний шинэ ажлын урьдчилсан жишээ байсан ба бодитой, агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон ба тэрхүү эрин үеийн дүрэм, зарчмуудыг эвдэж гарсан байв. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн хаяж, цаашид мөрдөхөө больсон ба үүнийг мөрд гэж хүн төрөлхтнөөс шаардахаа больсон. Иймд Эзэн Есүс Амралтын өдөр тариан талбайгаар явсныг чи эндээс харж байна; Эзэн амраагүй, харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цохилт болсон ба Тэр цаашид хуульд захирагдан амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн юм. Түүний энэ үйлдэл нь уг хуулиас гарч, Амралтын өдрөөс гарснаар эхэлсэн шинэ ажлыг авчирсан гэдгийг нь хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхдээ өнгөрсөнтэй цаашид зууралдаагүй бөгөөд Хуулийн эрин үеийн дүрэм журмын талаар цаашид тоохоо больсон. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр бас л ажилласан ба шавь нар нь өлссөн үедээ тариан түрүү шувтран идэж байжээ. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байв. Бурхан хийхийг хүсдэг ажил, хэлэхийг хүсдэг зүйлдээ шинэ эхлэл хийж чадах байсан. Тэр шинийг эхэлсэн л бол өмнөх ажлаа дахин дурддаг ч үгүй, мөн түүнийгээ үргэлжлүүлдэг ч үгүй. Учир нь Бурханы ажилд Өөрийн зарчим байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсдэг үе нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе юм. Хэрвээ хүмүүс хуучны үгээр юм уу дүрэм журмын дагуу ажилласаар, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнийг нь санахгүй, эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон. Шинэ ажил эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын өөр өөр талыг харж чаддаг. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралддаггүй, эсвэл хуучин замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм чөлөөлөгдсөн, чөлөөтэй байдаг ба юу ч хориглодоггүй, ямар ч хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн хоймортоо залж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, цоглог бөгөөд хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд юунд ч баригддаггүй. Хүмүүсийн юу хэлэх нь хамаагүй, Түүний шинэ ажлыг яаж ч харж, яаж ч үнэлэх нь хамаагүй, Тэр Өөрийн ажлыг огт тээнэгэлзэлгүй биелүүлэх болно. Тэр хэний ч үзлийг, эсвэл Өөрийнх нь ажил болон үгийг буруутган чичихийг, Өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхийг ч хүртэл тоохгүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний оюун ухаан, хүний төсөөлөл, мэдлэг, эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж, тодорхойлж, Түүний ажлыг гутааж, тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хорио байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл, эд юмсад хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Түүний шинэ ажлын тухайд бол, Тэр үүрдийн ялгуусан Хаан байж, аливаа дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл, төөрөгдөл Түүний хөлийн улан дор гишгэлүүлдэг. Тэрээр Өөрийн ажлын аль шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь гарцаагүй хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих бөгөөд Түүний агуу ажил гүйцэлдэх хүртэл бүхий л орчлон ертөнц даяар саадгүй хэрэгжих нь лавтай. Энэ бол Бурханы төгс хүчин, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр шууд гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм байгаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг, сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Түүний зам байсан бөгөөд Түүний ажил нь хүн төрөлхтнийг чөлөөлж, суллаж, тэдэнд гэрэлд орших боломж олгох, амьдрах боломж олгох зам байсан. Шүтээн болон хуурамч бурхдыг шүтдэг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм, хориг цээрт баригддаг—өнөөдөр нэг зүйл хориглогдсон бол маргааш нь өөр нэг зүйл гэх мэтээр—амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэд ярьж хэлэх ямар ч баяр баясгалангүй, гав, дөнгөтэй хоригдол шиг л байдаг. “Хориг” гэж юуг төлөөлдөг вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн нэг шүтээн шүтэж эхэлмэгцээ хуурамч бурхан шүтэж, муу ёрын сүнсийг шүтэж байгаа юм. Хориг нь түүний хамт ирдэг. Чи энийг, эсвэл тэрийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш пийшингээ асааж болохгүй, нөгөөдөр шинэ байранд нүүж орж болохгүй, хурим, эсвэл оршуулга хийхэд, эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч зарим өдрүүдийг сонгох ёстой. Үүнийг юу гэдэг вэ? Үүнийг хориг гэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд тэднийг хянаж, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу ёрын сүнснүүдийн гав дөнгө юм. Бурхан ийм хориг тавьдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд: Бурхан ямар ч хориг тавьдаггүй. Бурханд үг болон ажилдаа баримталдаг зарчим байдаг боловч ямар ч хориг тавьдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь мөн гэдэг талаар бодох ёстой.

Одоо дараах эшлэлийг авч үзэцгээе: “Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Mатай 12:6–8). Энд “сүм” гэж юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “энэ газарт сүмээс ч илүү агуу нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байлаа. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн—Бурхан аль хэдийн гарсан бөгөөд тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний алхмыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан бол хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан учраас шүтээн шүтэлгүй Бурханыг шүт, учир нь Тэр бол дээдийн дээд гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ. Тиймээс Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг болгооно” гэж хэлсэн юм. Эзэн Есүсийн нүдээр бол хуулийн доорх ихэнх хүмүүс Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйлийг явуулах гээд байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн шүтэгч нь сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг байв. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж, тахилаа өргөж чадахгүй болдог байлаа. Тэдний амьдрах газар гэгч нь сүмд байрлаж, өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгон, Ехова Бурханыг шүтдэг гэсэн далбаан дор ажилладаг газар юм. Тэдний тахил өргөх гэгч нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор ердөө л өөрсдийнхөө хувийн ичгэвтэр ажлыг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг хоргодох газар, тахилыг хүмүүс болон Бурханыг хуурах баг болгон ашигласан учраас Эзэн Есүс хүмүүст анхааруулахын тулд үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөө үед хамааруулж үзвэл энэ нь адилхан хүчинтэй, адилхан чиг хандлагатай хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийн туулсан Бурханы ажлаас ялгаатай ажлыг туулсан боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь, хүмүүс үүргээ биелүүлэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд өөрсдийн үүргийг ашиглан ур чадвараа мэргэжил болгосон боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг зүгээр л нэг дагаж мөрдөх шашны номлолоос өөр юу ч биш мэт үздэг; гэх мэт. Эдгээр илэрхийлэл нь хүмүүсийн зүгээс мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсан бол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрмийг эрхэмлэдэг тэр хүмүүс дүрмийг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, мэргэжилдээ хайртай хүмүүс мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдэнд бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулж, өөрсдийн ажил хэрэг, мэргэжлийн албыг гүйцэтгэх боломж олмогцоо Бурханаас холдож, хайртай ажил мэргэжилдээ өөрсдийгөө зориулдаг. Бурханаас тэдэнд даалгасан зүйл, Бурханы хүслийн тухайд бол тэдгээр зүйл аль хэдийн хаягдсан байдаг. Ийм тохиолдолд энэ хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих