Уулан дээрх Сургаал Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүд Тушаалууд

2018-05-22

6. Уулан дээрх Сургаал

Ерөөлүүд (Матай 5:3–12)

Давс ба гэрэл (Матай 5:13–16)

Хууль (Матай 5:17–20)

Хилэгнэл (Матай 5:21–26)

Завхайрал (Матай 5:27–30)

Гэр бүл салах нь (Матай 5:31–32)

Тангараг (Матай 5:33–37)

Нүдийг нүдээр (Матай 5:38–42)

Дайснаа хайрлах нь (Матай 5:43–48)

Өглөгийн тухай заавар (Матай 6:1–4)

Залбирал (Матай 6:5–8)

 Уулан дээрх Сургаал

7. Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүд

Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1–9)

Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24–30)

Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31–32)

Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)

Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36–43)

Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)

Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45–46)

Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47–50)

8. Тушаалууд

Матай 22:37–39 Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла” гэжээ.

Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд Хуулийн эрин үеийн дүрэм журмаас илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд илүү ойр дөхөм байсан гэж лавтай хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит хэрэгжүүлэлттэй илүү ойртож очдог.

Дараах зүйлсийн тодорхой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юу мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Гэр бүл салах талаар юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн талаар юу гэсэн билээ? Гэх мэтчилэн. Энэ бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэж, Бурханыг дагах хэрэгжүүлэлтийн тал бүрд хамаатай. Эдгээр хэрэгжүүлэлтийн зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь хүмүүст тавих өнөөгийн шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа хүний амь зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хуулийн суурин дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдвийн талаарх дүрэм болон хэлсэн зүйлс үнэнтэй хамаатай байсан уу? Мэдээж тийм байсан! Өмнөх бүх дүрэм журам, зарчим болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юу илэрхийлсэн, яаж илэрхийлсэн, эсвэл ямар хэл хэрэглэсэн нь хамаагүй, үүний үндэс, эх сурвалж, эхэлсэн цэг нь бүгд Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын зарчим дээр суурилдаг. Энэ бол ямар ч алдаа мадаггүй. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйл бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж болох боловч тэдгээрийг үнэн биш гэж хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг хангаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж хэлж болох уу? Болохгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн, учир нь бүгдээрээ хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд биеэ хэрхэн авч явах талаар Бурханы өгсөн зарчим, цар хүрээ байсан бөгөөд Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэвч тухайн үеийн амийн өсөлтийнхөө түвшинд үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадах байсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээнд аливааг хийх ёстой болон хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээнд тийм энгийн сургаалыг л ашиглаж чадаж байлаа. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогджээ. Хуульд захирагдан амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөхөд амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй байв.

Дараа нь “Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүдэд” юу байгааг харцгаая.

Эхнийх нь тариачны тухай сургаалт зүйрлэл юм. Энэ нь үнэхээр сонирхолтой сургаалт зүйрлэл; үр тариа тарих нь хүмүүсийн амьдралд нийтлэг тохиолддог үйл явдал билээ. Хоёр дахь нь үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл юм. Үрийн сүүлний тухайд гэвэл үр тариа тарьж байсан ямар ч хүн, мөн насанд хүрэгчид мэднэ. Гурав дахь нь гичийн үрний тухай сургаалт зүйрлэл юм. Гич гэж юу болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Хэрвээ мэддэггүй бол Библиэс харах хэрэгтэй. Дөрөв дэхийн тухайд бол энэ нь хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл бөгөөд исгэхэд зориулж хөрөнгө хэрэглэдэгийг ихэнх хүмүүс мэднэ; энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл юм. Эрдэнэсийн тухай зургаа дахь сургаалт зүйрлэл, сувдны тухай долоо дахь сургаалт зүйрлэл, торны тухай найм дахь сургаалт зүйрлэлийг оролцуулаад доорх бүх сургаалт зүйрлэл нь бүгд хүмүүсийн амьдралаас урган гарсан; тэдгээр нь бүгд хүмүүсийн бодит амьдралаас гардаг. Эдгээр сургаалт зүйрлэл нь ямар төрлийн зүйлийг дүрсэлж байна вэ? Энэ нь Бурхан энгийн хүн болж хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, энгийн амьдралын хэлийг буюу хүний хэлийг ашиглан, хүмүүстэй ярилцаж, хэрэгтэй зүйлээр нь хангаж байгаа дүр зураг юм. Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд удаан хугацаанд амьдрахдаа хүмүүсийн олон янзын амьдралын хэв маягийг мэдэрч, нүдээр харсны дараа эдгээр туршлага нь Өөрийн бурханлаг хэлийг хүний хэл болгон өөрчлөх сурах бичиг нь болжээ. Мэдээжээр, амьдралд Түүний харж, сонссон эдгээр зүйл нь хүний Хүүгийн туршлагыг ч бас баяжуулсан. Тэр хүмүүст зарим үнэнийг ойлгуулж, тэдэнд Бурханы зарим хүслийг ойлгуулахыг хүсэх үедээ Бурханы хүсэл болон хүн төрөлхтөнд тавих шаардлагын тухай хүмүүст хэлэхийн тулд дээр дурдсантай адил сургаалт зүйрлэлүүдийг ашиглаж байв. Эдгээр сургаалт зүйрлэл нь бүгд хүмүүсийн амьдралтай холбоотой байсан; хүний амьдралаас гадуурх нэг ч зүйл байгаагүй. Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харcан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг мэдэж байсан; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны хоёулангийнх нь талаарх сургаалт зүйрлэлийг ашигласан; амьдрал дээр Тэр тороо хаяж буй загасчдыг олон удаа харсан; Эзэн Есүс үүнийг болон хүний амьдралтай холбоотой бусад үйл ажиллагааг харсан бөгөөд Өөрөө ч бас тийм амьдралыг туулсан. Тэр бусад бүх жирийн хүнтэй адил байж, хүмүүсийн өдөр тутмын хэвшил болон өдөрт гурав хооллохыг туулж байсан. Тэр ердийн хүний амьдралыг биеэр амсаж, бусдын амьдралыг нүдээрээ харсан. Тэр энэ бүхнийг нүдээр харж, биеэр амсах үедээ яаж сайхан амьдрах, эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар бодоогүй юм. Жинхэнэ хүний амьдралыг туулж байхдаа Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан, Сатаны ялзрал дор, Сатаны эзэмшил дор нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг Тэр харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа ялзрал дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арга мөхөс байдгийг бас мэдэрсэн бөгөөд нүгэлд амьдардаг, Сатан болон ёрын муугийн учруулсан тамлал дунд бүх зүг чигээ алдсан хүмүүсийн өрөвдөлтэй нөхцөл байдлыг харж, мэдэрсэн. Эзэн Есүс эдгээр зүйлийг харахдаа Өөрийн бурханлаг чанараар харсан уу, эсвэл хүн чанараараа харсан уу? Түүний хүн чанар үнэхээр оршин байсан—энэ нь яахын аргагүй амьд байсан—Тэр энэ бүхнийг мэдэрч, харж чадаж байсан ба мэдээж Тэр үүнийг Өөрийн мөн чанар, бурханлаг чанараар ч гэсэн харсан. Өөрөөр хэлбэл, хүн болсон Эзэн Есүс буюу Христ Өөрөө энийг харсан бөгөөд Түүний харсан бүхэн нь энэ удаа махбодоор хийж эхэлсэн Өөрийнх нь ажлын ач холбогдол болон чухал хэрэгцээг Түүнд мэдрүүлсэн. Бие махбодоор үүрэх ёстой болсон Түүний хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хэчнээн харгис хатуу байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан хэдий ч хүн төрөлхтөн нүглийн дунд арчаагүй байгааг хараад, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх сулхан тэмцлийг нь хараад Тэр улам их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврах гэж улам их дэнслэх болсон. Тэр ямар ч бэрхшээлтэй тулгарсан бай, эсвэл ямар ч зовлон шаналал туулсан бай, нүгэл дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг золин аврахаар улам бүр шийдсэн юм. Энэ явцад Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгасныг улам ч илүү тодорхой ойлгож эхэлсэн гэхэд болно. Тэр бас хийх гэж байгаа ажлаа дуусгахыг бүр их хүсэн эрмэлзэх болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтнийг золин аврах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход зүрх сэтгэлдээ бэлэн байсан гэж хэлж болно. Тэр бас нүглийн тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгахаар тэмүүлж байв. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр Өөрийн үүрэг даалгаврыг нэг ч минут, нэг ч агшин хойшлуулалгүй аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Тийм их яаралтай гэдгийг ойлгохдоо Тэр Өөрийнх нь шаналал зовлон ямар их болох талаар бодоогүй, Өөрөө хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй болох талаар ч цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан нь: Тэр Өөрийгөө өргөчих л юм бол, нүглийн тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл хэрэгжих ба Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно гэдэг байлаа. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнодог байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон хийхээр шийдсэн зүйл нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Бурханы хүслийг биелүүлэх цорын ганц зорилго Түүнд байв, ингэснээр Тэр ажлынхаа дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Тэр үед Эзэн Есүсийн санаанд ийм зүйл байсан юм.

Бие махбодтой болсон Бурхан махбодод амьдарснаар хэвийн хүн чанарыг эзэмшсэн; Түүнд эгэл хүний сэтгэлийн хөдлөл болон эрүүл ухаан байсан. Тэр аз жаргал гэж юу болохыг, өвчин зовлон гэж юу болохыг мэддэг байсан бөгөөд хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч буйг хараад хүмүүст зүгээр л хэдэн сургаал хайрласнаар, ямар нэг зүйлээр тэднийг хангаж, тэдэнд ямар нэг юм зааж сургаснаар нүглээс нь салгаж чадахгүй гэдгийг гүнээ мэдэрсэн юм. Тушаалуудад дуулгавартай байлгах нь ч бас тэднийг нүглээс аварч чадахгүй—гагцхүү хүн төрөлхтний нүглийг үүрч, нүгэлт биетэй адил болж байж л Тэр үүнийг хүн төрөлхтний эрх чөлөөгөөр сольж, хүн төрөлхтнийг гэх Бурханы уучлалаар сольж чадах байв. Иймээс хүний нүгэлт амьдралыг туулж, нүдээр харсныхаа дараа Эзэн Есүсийн зүрх сэтгэлд хүчтэй хүсэл илэрсэн нь нүгэл дунд эрж хайдаг амьдралаасаа салах боломжийг хүмүүст олгох хүсэл байсан. Энэ хүсэл нь, Түүнийг загалмай руу чадах хэрээрээ хурдан очиж, хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой гэж улам ихээр бодоход хүргэсэн юм. Эдгээр нь тухайн үед хүмүүстэй хамт амьдарч, тэдний нүгэлт амьдралын гаслан зовлонг харж, сонсож, мэдэрсний дараах Эзэн Есүсийн бодол байлаа. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний төлөө ийм хүсэлтэй байж, ийм зан чанарыг илэрхийлж, илчилж чадсан—энэ нь ердийн хүнд байдаг зүйл мөн үү? Иймэрхүү орчинд амьдарч байгаа ердийн хүн юу харах бол? Тэд юу бодох вэ? Хэрвээ ердийн хүн энэ бүхэнтэй тулгарвал асуудлыг өндөр өнцгөөс авч үзэх үү? Мэдээж үгүй! Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнд л тэр анхаарч, санаа тавьдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг боддог бөгөөд арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чаддаг. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог. Бурханы Өөрийн илэрхийлэл болон илчлэлийг та нар Эзэн Есүсээс харж байна уу? Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхэн нь Түүний үйлчлэл болон Бурханы удирдлагын ажилтай холбоотой байсан бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы мөн чанарын илэрхийлэл, илчлэл байсан гэж хэлж болох юм. Хэдийгээр Түүнд хүний илрэл байсан боловч Түүний бурханлаг мөн чанар болон бурханлаг чанарын илчлэлийг үгүйсгэж болохгүй. Энэхүү хүний илрэл нь үнэхээр хүн чанарын илрэл байсан уу? Түүний хүн чанарын илрэл нь ялзарсан хүмүүсийн хүний илрэлээс мөн чанараараа бүхэлдээ өөр. Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан бөгөөд хэрвээ Тэр үнэхээр эгэл жирийн ялзарсан хүмүүсийн нэг байсан бол хүн төрөлхтний нүгэлт амьдралыг бурханлаг өнцгөөс харж чадах байсан уу? Огтхон ч үгүй! Энэ бол хүний Хүү ба жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Ялзарсан хүмүүс бүгд нүгэлд амьдардаг бөгөөд аливаа хүн нүгэл харах үедээ ямар ч онцгой юм мэдэрдэггүй; тэд яг л тав тухгүй, эсвэл бохир гэдгийг огтхон ч мэдрэхгүйгээр шаварт амьдардаг гахай шиг бүгд адилхан—сайн идэж, бөх унтдаг. Хэрвээ гахайн хороог цэвэрлэвэл гахайд үнэндээ тавтай санагдахгүй бөгөөд цэвэрхэн байж ч чадахгүй. Тэр бохир заваан амьтан учраас тун удалгүй дахиад л тун таатайгаар шаварт өнхөрч байх болно. Хүн гахайг харахад гахай заваан санагддаг бөгөөд хэрвээ чи түүнийг цэвэрлэх юм бол гахайд сайхан санагдахгүй—тийм учраас хэн ч гэртээ гахай байлгадаггүй. Хүмүүс гахайг яаж харах нь гахайд өөрсдөд нь ямар санагддагаас үргэлж өөр байх болно, учир нь хүн гахай хоёр бол адил төрлийнх биш юм. Бие махбодтой болсон хүний Хүү ялзарсан хүнтэй адил төрлийнх биш учраас зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг харахын тулд, бүх зүйлийг харахын тулд бурханлаг өнцгөөс хандаж, Бурханы өндрөөс хандаж чадна.

Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд амьдрах үедээ махбодоороо ямар зовлон туулдаг вэ? Үнэхээр ойлгодог хүн бий юу? Зарим хүн, Бурхан их зовдог бөгөөд хэдийгээр Тэр Бурхан Өөрөө боловч хүмүүс Түүний мөн чанарыг ойлгодоггүй, Түүнийг үргэлж хүн шиг үздэг, энэ нь Түүнийг гомдоож, хэлмэгдсэн мэт санагдуулдаг гэж хэлдэг—тэд Бурханы зовлон үнэхээр их гэж хэлдэг. Бусад хүмүүс, Бурхан бол гэм зэмгүй, ямар ч нүгэлгүй боловч хүн төрөлхтөнтэй адилхан зовж, хүн төрөлхтний хамт хавчлага, гүтгэлэг, доромжлол амсдаг гэж хэлдэг; Тэр мөн Өөрийн дагагч нарын үл ойлголцол, дуулгаваргүй байдлыг хүлцдэг—Бурханы зовлонг үнэхээр хэмжих боломжгүй гэж тэд хэлдэг. Та нар Бурханыг үнэхээр ойлгодоггүй бололтой. Үнэн хэрэг дээрээ та нарын ярьдаг энэ зовлон Бурханы хувьд бол жинхэнэ зовлонд тооцогддоггүй, учир нь үүнээс ч илүү их зовлон байдаг. Тэгвэл Бурханы Өөрийнх нь хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бурханы махбод болсон биеийн хувьд жинхэнэ зовлон юу вэ? Бурханы хувьд хүн төрөлхтөн Түүнийг ойлгохгүй байх нь зовлонд тооцогддоггүй ба хүмүүс Бурханы талаар зарим нэг буруу ойлголттой байж, Түүнийг Бурхан гэж үздэггүй нь зовлонд тооцогддоггүй. Гэсэн хэдий ч Бурхан асар их шударга бусыг туулсан байж таарна, Бурхан махбодод байх хугацаандаа Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд харуулж, Өөрийнхөө агуу байдлыг болон Бурхан ялихгүй махбодод даруухнаар нуугдаж байгааг харах боломжийг тэдэнд олгож чадахгүй, тиймээс энэ нь Түүнд шаналгаатай байсан биз гэж хүмүүс дандаа боддог. Хүмүүс Бурханы зовлонгийн талаар өөрсдийн ойлгож чадах, харж чадах зүйлсийг сэтгэлдээ ойрхон тусган авч, Бурханыг элдэв янзын өрөвдөх сэтгэлээр дардаг ба тэр ч байтугай үргэлж жаахан магтаал хэлнэ. Үнэн хэрэгтээ Бурханы зовлонгийн талаар хүмүүс юу ойлгодог болон Тэр үнэхээр юу мэдэрдгийн хооронд их ялгаа бий. Би та нарт үнэнийг хэлж байна—Бурханы хувьд энэ нь Бурханы Сүнс, эсвэл Бурханы махбод болсон бие ч бай хамаагүй, тэр зовлон нь жинхэнэ зовлон биш. Тэгвэл Бурхан яг юунд зовж шаналдаг вэ? Бурханы зовлонг зөвхөн бие махбодтой болсон Бурханы өнцгөөс ярьцгаая.

Бурхан махбод болж, эгэл жирийн, хэвийн хүн болж, хүн төрөлхтний дунд хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах үедээ хүмүүсийн амьдралын арга барил, хууль болон гүн ухааныг харж, мэдэрч чадахгүй гэж үү? Эдгээр амьдрах арга барил, хууль нь Түүнд ямар санагддаг вэ? Тэр зүрх сэтгэлдээ жигшил зэвүүцлийг мэдэрдэг үү? Тэр яагаад жигшиж зэвүүцэх билээ? Хүн төрөлхтний амьдрах арга барил, хуулиуд юу вэ? Тэдгээр нь ямар зарчимд үндэслэдэг вэ? Тэдгээр нь юун дээр тулгуурладаг вэ? Хүн төрөлхтний амьдралын арга барил, хууль гэх мэт нь—бүгд Сатаны логик, мэдлэг болон гүн ухаанд тулгуурлан бий болсон. Ийм төрлийн хуулин дор амьдарч байгаа хүмүүст ямар ч хүн чанар, ямар ч үнэн байдаггүй—тэд бүгд үнэнийг эсэргүүцэж, Бурханд дайсагнаж байдаг. Хэрвээ бид Бурханы мөн чанарыг харвал, Түүний мөн чанар Сатаны логик, мэдлэг болон гүн ухааны яг эсрэг байдаг. Түүний мөн чанар бол зөвт байдал, үнэн, ариун байдал болон эерэг бүх зүйлийн бусад бодит байдлаар дүүрэн байдаг. Энэ мөн чанарыг эзэмшээд, ийм хүн төрөлхтний дунд амьдарч байгаа Бурхан зүрх сэтгэлдээ юу мэдэрдэг вэ? Энэ нь шаналлаар дүүрдэггүй гэж үү? Түүний зүрх сэтгэл шаналж байдаг бөгөөд энэхүү шаналал нь ямар ч хүний ойлгож, ухаарч чадахгүй зүйл юм. Түүний нүүр тулж, тулгарч, сонсож, харж, амсаж байгаа бүхэн нь бүх хүн төрөлхтний ялзрал, ёрын муу, үнэний эсрэг тэрсэлж, сөрөх явдал байдаг. Хүмүүсээс гардаг бүхэн нь Түүний зовлонгийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Түүний мөн чанар нь ялзарсан хүмүүсийнхтэй адил биш учраас хүмүүсийн ялзрал нь Түүний хамгийн их зовлонгийн эх сурвалж болдог. Бурхан махбод болоод Өөртэй нь адилхан хэлтэй хэн нэгнийг олж чадах уу? Ийм хүнийг хүн төрөлхтний дундаас олох аргагүй. Бурхантай ярилцаж, харилцан ойлголцож чадах хүн нэг ч олдохгүй—Бурханд ямар сэтгэл хөдлөл байдаг гэх вэ? Хүмүүсийн хэлэлцдэг, хайрладаг, эрэлхийлж, хүсэн эгээрдэг зүйлс нь бүгд нүгэлтэй хамаатай, муу чиг хандлагатай байдаг. Бурхан энэ бүхэнтэй нүүр тулах үед энэ нь Түүний зүрх рүү хутга шааж байгаа мэт байдаггүй гэж үү? Эдгээр зүйлтэй тулгараад Тэр зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байж чадах уу? Тэр тайтгарал олж чадах уу? Түүнтэй хамт амьдарч буй хүмүүс тэрслүү зан, ёрын муугаар дүүрсэн хүмүүс юм—тиймд Түүний зүрх сэтгэл зовж шаналахгүй байж яаж чадах билээ? Энэ зовлон үнэхээр хэр их вэ, хэн энийг хайхардаг вэ? Хэн анхаарал хандуулдаг вэ? Хэн үүнийг ойлгож чадах вэ? Хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг ойлгох ямар ч аргагүй. Түүний зовлонг хүмүүс үнэндээ ойлгох чадваргүй бөгөөд хүмүүсийн хүйтэн, хөшүүн байдал Бурханы зовлонг бүр ч их гүнзгийрүүлдэг.

Библид: “Үнэгэнд нүх, шувуудад ч үүр бий; гэтэл хүний Хүү толгой хоргодох газаргүй байна” гэсэн эшлэл байдаг учраас Христийн зовлонг үргэлж өрөвддөг зарим хүн байдаг. Хүмүүс үүнийг сонсоод үнэн сэтгэлээсээ авч үзэн, энэ нь Бурханы амсдаг хамгийн их зовлон, Христийн туулдаг хамгийн их зовлон мөн гэж итгэдэг. Одоо үүнийг баримтуудын өнцгөөс харвал үнэхээр тийм байна уу? Эдгээр бэрхшээлийг Бурхан зовлон гэж үздэггүй. Тэр махан биеийн бэрхшээлийн шударга бус байдлыг эсэргүүцэн гомдоллож байгаагүй ба хүмүүсээс хариу нэхэж, эсвэл Түүнийг ямар нэг зүйлээр шагна гэж шаардаагүй. Гэхдээ Тэр хүн төрөлхтний бүх зүйлийг, ялзармал амьдралыг, ялзарсан хүний ёрын мууг харахдаа хүн төрөлхтөн Сатаны атганд, Сатанд хоригдоод зугтаж чадахгүй байгааг, нүгэлтэй амьдарч байгаа хүмүүс үнэн гэж юу болохыг мэдэхгүй байгааг харахдаа—энэ бүх нүглийг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтнийг жигших Түүний жигшил зэвүүцэл өдөр өдрөөр ихэсдэг боловч Тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы асар их зовлон юм. Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг ч, эсвэл Өөрийн сэтгэл хөдлөлийг ч дагалдагчдынхаа дунд бүрэн илэрхийлж чаддаггүй ба Түүний дагалдагчдаас хэн нь ч Түүний зовлонг үнэхээр ойлгож чадахгүй. Хэн ч Түүний зүрх сэтгэлийг ойлгож, тайвшруулах гэж оролддоггүй—Түүний зүрх сэтгэл энэ зовлонг өдөр өнжилгүй, жил алгасалгүй байн байн амсдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурхан өгсөн зүйлийнхээ хариуд хүмүүсээс юу ч шаарддаггүй, гэвч мөн чанараасаа болж Тэрээр хүн төрөлхтний ёрын муу, ялзрал болон нүглийг огтхон ч тэвчиж чаддаггүй, харин туйлын их жигшил, үзэн ядалтыг мэдэрдэг, энэ нь Бурханы зүрх сэтгэл, бие махбодыг дуусашгүй их зовлон туулахад хүргэдэг. Та нар энэ бүхнийг харж чадах уу? Та нарын хэн нь ч үүнийг харж чадахгүй нь бараг л үнэн биз, учир нь та нарын хэн нь ч Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар үүнийг аажмаар өөрсдөө мэдэрч чадна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Есүс гайхамшиг үзүүлсэн нь

Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай.

Messenger дээр бидэнтэй холбоо барих