Уулан дээрх Сургаал Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүд Тушаалууд
6. Уулан дээрх Сургаал Ерөөлүүд (Матай 5:3–12) Давс ба гэрэл (Матай 5:13–16) Хууль (Матай 5:17–20) Хилэгнэл (Матай 5:21–26) Завхайрал...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
4. Дал дахин долоон удаа уучлах
Матай 18:21–22 Дараа нь Петр Түүн дээр ирж, “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” гэв. Есүс түүнд: “Би чамд долоон удаа биш, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.
5. Эзэний Хайр
Матай 22:37–39 Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла” гэжээ.
Энэ хоёр хэсгийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай өгүүлдэг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодотгодог.
Бурхан махбод болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан—Тэрээр энэ тусгай ажил болон энэ эрин үед илэрхийлэхийг хүссэн зан чанараа авчирсан. Тухайн үед хүний Хүүгийн хийсэн бүхэн нь тэр эрин үед Бурханы хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагджээ. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй байсан. Түүний хэлсэн юм болгон, хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үед хамаатай байв. Тэр үүнийг хүний хэлээр хүний арга замаар илэрхийлсэн ч бай, эсвэл бурханлаг хэлээр илэрхийлсэн ч бай—ямар ч аргаар, эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй—Түүний зорилго бол Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох, Тэр хүмүүсээс юу шаарддагийг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн арга хэрэглэж байв. Иймээс Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтөнтэй ярилцахыг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд Эзэн Есүс ихэвчлэн хүний хэл ашиглаж байсныг бид хардаг. Үүнээс гадна, бид Түүнийг хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, хүссэн зүйлээр нь тусалж байсан эгэл нэгэн замч гэдэг өнцгөөс хардаг. Ингэж ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл байв. Тэр хүн төрөлхтөнтэй илүү дотно, илүү энэрэнгүй болсон ба түүнчлэн арга, хэлбэрийн аль алинаар илүү бодитой үр дүнд хүрч чадсан. Хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах тухай зүйрлэл энэ санааг үнэхээр тодорхой болгодог. Энэ зүйрлэл дэх тооны зорилго нь үүнийг өгүүлэх үеийн Эзэн Есүсийн санаа зорилгыг хүмүүст ойлгуулах явдал байв. Түүний санаа зорилго бол хүмүүс бусдыг нэг юм уу хоёр удаа ч биш, бүр долоон удаа ч биш, харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг санаа байлаа. “Дал дахин долоон удаа” гэдэг нь ямар гэгчийн бодол вэ? Энэ нь, уучлалыг өөрсдийн хариуцлага, сурах ёстой зүйл, баримтлах ёстой “зам” болгоход хүмүүсийг хүргэхийн төлөө байв. Хэдий энэ нь зүгээр л нэг зүйрлэл боловч гол чухал зүйлийг тодруулж өгсөн билээ. Энэ нь, Түүний санааг ихэд ойлгож, хэрэгжүүлэлтийн зохистой арга зам ба хэрэгжүүлэх зарчим болон стандартыг олоход хүмүүст тусалсан. Энэхүү зүйрлэл тодорхой ойлгоход нь хүмүүст тусалсан бөгөөд тэд ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр, бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой гэсэн тодорхой үзэл баримтлалыг тэдэнд өгчээ. Эзэн Есүс үүнийг хэлэх үед зүрх сэтгэлд нь юу байсан бэ? Тэр үнэхээр дал дахин долоон удаа гэж бодож байсан уу? Тэр тэгж бодоогүй. Бурхан хүнийг хэдэн удаа уучлах тоо байдаг уу? “Хэдэн удаа” гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүн байдаг. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгомоор байдаг; энэ тоонд илүү гүнзгий далд утга бий гэж тэд итгэдэг. Үнэн хэрэг дээрээ, энэ бол зүгээр л Бурханы хүн чанарын зүйрлэл байсан. Ямар нэг далд санаа, эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан махбод болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлс бүрэн бурханлаг чанараас гардаг байсан учраас хүмүүс ихэнхийг нь ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүмүүст харагдашгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан махбод болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, олж авч чадах мэдлэгээр нь дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махбодод ажиллах Бурханы арга зам болон зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар, эсвэл үгээр дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан юм. Хүн чанар дахь Бурханы ажил илүү тодорхой, жинхэнэ, зорилттой, арга барил нь хавьгүй уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ Хуулийн эрин үеийг давж гарсан.
Одоо Эзэнийг хайрлах болон хөршөө өөр шигээ хайрлах талаар ярилцъя. Энэ нь шууд бурханлаг чанараар илэрхийлсэн зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эдгээр нь хүний Хүүгийн хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; хүмүүс л “Хөршөө өөр шигээ хайрла. Бусдыг хайрлах нь өөрийнхөө амийг нандигнахтай адил” гэх мэтийн зүйлийг хэлдэг бөгөөд хүмүүс л иймэрхүү маягаар ярьдаг. Бурхан хэзээ ч тийм маягаар ярьж байгаагүй. Наад зах нь, хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайрыг зохицуулахын тулд “хөршөө өөр шигээ хайрла” гэх маягийн зарчим Түүнд хэрэггүй учраас, мөн хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан “Би хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрладаг шигээ хайрладаг” гэх мэтийн зүйл хэлж байхыг та нар ер нь сонссон уу? Учир нь, хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа болон Тэр юу болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хүмүүстэй харьцах арга зам ба хандлага нь Түүний зан чанарын жам ёсны илэрхийлэл, илчлэл юм. Тэр үүнийг тодорхой нэгэн арга замаар зориуд хийх хэрэггүй, эсвэл хөршөө Өөр шигээ хайрладаг болохын тулд тодорхой нэгэн арга барил, ёс зүйн дүрэм зориуд дагах хэрэггүй—Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшсэн байдаг. Чи үүнээс юу харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үг болон үнэн нь бүгд хүний арга замаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний хүсэл илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл бол Бурханы Өөрийн төрөлх ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байв. Өөрөөр хэлбэл, махбод дахь хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн төрөлх зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь тэнгэрт буй Бурхантай харилцах хүний харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор болоогүйгээр зогсохгүй, үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Энэ мөчид, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажлын шинж чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байгааг та нар мэдрэхгүй байна уу? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ихээхэн ашигладаг бөгөөд Бурханы хүслийг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын үг хэл, арга барил болон хүний мэдлэгийг ашигладаг. Бурхан махбод болмогцоо хүний өнцгөөс, эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй, Түүний хэл болон илэрхийлэх арга барилын олонх нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан махбод болох үед энэ нь чиний хувьд Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан махбод болсон үед, өсөх явцдаа Тэрээр хүн төрөлхтний зарим мэдлэг, ердийн мэдлэг, хэл болон илэрхийлэх арга барилыг хүн чанараар ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлийг эзэмшсэн юм. Тэдгээр нь махбод дахь Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанарыг илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь үүнийг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгож, улмаар Бурханы хүссэн үр дүнд хүрсэн юм. Бурханы хувьд махбодод ийм байдлаар ажиллах нь илүү бодитой биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан махбод болсон үед, мөн Бурханы махбод биелүүлэхийг хүссэн ажлаа хийж чадах болсон үед энэ нь, Тэр Өөрийн зан чанар болон ажлыг жинхэнээр илэрхийлж чадах байсан үе бөгөөд энэ нь бас Өөрийн үйлчлэлийг хүний Хүүгийн хувиар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь, Бурхан, хүн хоёрын хооронд “үеийн зай завсар” байхаа больж, Бурхан элчүүдээр дамжуулан ярилцах ажлаа удахгүй зогсоож, мөн Өөрийн хүссэн бүх үг болон ажлыг Бурхан Өөрөө биечлэн илэрхийлж чадах болсон гэсэн үг байв. Энэ нь бас, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний удирдлагын ажил шинэ газар нутагт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхлөө гэсэн үг байлаа.
Эзэн Есүсийг төрөх үед олон зүйл тохиолдсон гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Тэдгээрийн дотроос хамгийн том нь диаволын хаанд агнуулж, тэр ч бүү хэл, тэр хавийн хоёр болон түүнээс бага насны бүх хүүхэд хядуулах хэмжээнд хүрсэн. Хүн төрөлхтний дунд махбод болсноороо Бурхан асар их эрсдэл хүлээсэн нь илэрхий юм; хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагыг гүйцээхийн тулд Тэр асар их төлөөс төлсөн нь мөн илэрхий билээ. Хүн төрөлхтний дунд махбодоор хийх ажилдаа тавьж байсан Бурханы асар их итгэл найдвар ч илэрхий. Бурханы махбод хүн төрөлхтний дунд ажлаа явуулах боломжтой болоход Түүнд ямар санагдсан бэ? Хүмүүс үүнийг бага зэрэг ойлгож чадах ёстой, тийм үү? Хамгийн наад зах нь Бурхан баяртай байсан, учир нь Тэр Өөрийн шинэ ажлыг хүмүүсийн дунд өрнүүлж чадах болсон. Эзэн Есүс баптисм хүртэж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажлаа албан ёсоор эхлэх үед Бурханы зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан юм, учир нь маш олон жил хүлээж, бэлдсэний дараа Тэрээр ердийн хүний махбодыг өмсөөд хүмүүсийн харж, хүрч чадах мах цуснаас бүрдсэн махан биетэй хүний дүртэйгээр Өөрийн шинэ ажлыг эхэлж чадах болсон юм. Тэр эцэстээ хүний ялгамж чанараар дамжуулан хүмүүстэй нүүр нүүрээ харалцан, чин сэтгэлээсээ ярилцаж чадах болсон. Бурхан эцэстээ хүн төрөлхтөнтэй нүүр тулан хүний хэлээр, хүний арга замаар ярилцаж чадах болсон; Тэрээр хүний хэлийг ашиглан хүн төрөлхтнийг хангаж, гэгээрүүлж, тэдэнд тусалж чадах болсон; Тэр тэдэнтэй хамт нэг ширээнд хооллож, тэдэнтэй хамт нэг орон зайд амьдарч чадах болсон. Тэр мөн хүмүүстэй адилаар, бүр тэдний нүдээр хүмүүсийг харж, аливаа зүйлийг харж, бүх зүйлийг харж чадах болсон. Бурханы хувьд энэ нь аль хэдийн махбод дахь Түүний ажлын эхний ялалт байсан юм. Үүнийг мөн агуу ажлын биелэлт байсан гэж хэлж болно—энэ нь мэдээж Бурханы хамгийн их баярласан зүйл билээ. Тэр үеэс эхлээд энэ нь хүн төрөлхтний дунд явуулах ажилдаа Бурхан анх удаа тайтгарах шиг болсон юм. Энэ бүх үйл явдал нь маш бодитой, маш жирийн байсан бөгөөд Бурханы мэдэрсэн тайтгарал тун бодитой байлаа. Хүн төрөлхтний хувьд Бурханы ажлын шинэ үе шат биелж, Бурхан баярлах бүр нь хүн төрөлхтөн Бурханд илүү ойртож чадах үе бөгөөд хүмүүс авралд улам ойртож очиж чадах үе юм. Бурханд бол энэ нь бас Түүний шинэ ажлын эхлэл, Түүний удирдлагын төлөвлөгөө нэг алхам урагшлах үе бөгөөд цаашлаад, Түүний хүсэл бүрэн биелэхэд дөхөж очих үе билээ. Хүн төрөлхтний хувьд ийм боломж ирж байгаа нь азтай бөгөөд маш сайн хэрэг; Бурханы авралыг хүлээдэг бүх хүний хувьд бол маш чухал, баяр хөөртэй мэдээ юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэх үед Түүнд шинэ эхлэл байдаг ба энэ шинэ ажил болон шинэ эхлэлийг үүсгэж, хүн төрөлхтөнд найдвар өгөхөд ажлын энэ үе хувьд энэ нь чухал мэдээ юм. Бурхан ажлын шинэсан, энэ нь биелэгдчихсэн бөгөөд Бурхан үүний эцсийн үр нөлөө, үр ашгийг аль хэдийн харчихсан байсан. Энэ нь бас эдгээр үр нөлөө Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний зүрх сэтгэлийг мэдээж аз жаргалтай болгодог үе юм. Учир нь, Бурханы нүдээр Тэр Өөрийн хайж байсан хүмүүсийг аль хэдийн хараад тодорхойлчихсон ба энэ бүлэг хүмүүсийг буюу Түүний ажлыг амжилттай болгож, Түүнд сэтгэл ханамжийг авчирч чадах бүлгийг аль хэдийн олоод авчихсан тул Бурханы санаа амарч, санаа зовохоо болиод аз жаргалыг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод хүмүүсийн дунд шинэ ажил эхлүүлэх боломжтой болж, хийх ёстой ажлаа саад бэрхшээлгүйгээр хийж эхлэхэд, мөн бүх зүйл биелэгдсэн гэж Түүнд санагдахад Тэр аль хэдийн төгсгөлийг нь харчихсан байсан юм. Энэ төгсгөлөөс болж Тэр сэтгэл ханамжтай, жаргалтай байдаг. Бурханы аз жаргал хэрхэн илэрхийлэгддэг вэ? Хариулт нь ямар байж болохыг та нар төсөөлж чадах уу? Бурхан уйлж болох уу? Бурхан уйлж чадах уу? Бурхан алга ташиж чадах уу? Бурхан бүжиглэж чадах уу? Бурхан дуулж чадах уу? Тэр дуу нь ямар байх бол? Мэдээж Бурхан сайхан, сэтгэл хөдлөм дуу буюу Өөрийнх нь зүрх сэтгэл дэх баяр баясгалан, аз жаргалыг илэрхийлж чадах дуу дуулж чадна. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө дуулж, Өөрийнхөө төлөө дуулж, бүх зүйлийн төлөө дуулж чадна. Бурханы аз жаргал ямар ч байдлаар илэрхийлэгдэж болно—Бурханд баяр баясгалан, уйтгар гуниг байдаг ба Түүний янз бүрийн мэдрэмж нь төрөл бүрийн байдлаар илэрхийлэгдэж болох учраас энэ бүхэн нь хэвийн юм. Энэ бол Түүний эрх бөгөөд үүнээс илүү хэвийн, зүй зохистой юу ч үгүй. Хүмүүс энэ талаар өөрөөр бодох ёсгүй. Та нар Бурханд “цагариг чангалах шившлэг”а ашиглахаар оролдон, Тэр энийг, эсвэл тэрийг хийх ёсгүй, ингэж, эсвэл тэгж үйлдэх ёсгүй хэмээн Түүнд хэлж, ийм маягаар Түүний аз жаргал юм уу Түүнд байж болох аливаа мэдрэмжийг хязгаарлах учиргүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд, Бурхан аз жаргалтай байж болохгүй, нулимс урсгаж болохгүй, уйлж болохгүй—Тэр ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлж болохгүй. Энэ хоёр удаагийн бидний ярилцсан зүйлээс та нар Бурханыг цаашид ингэж харахгүй, харин Бурханд зарим нэг эрх чөлөө, чөлөөлөлтийг олгох болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол маш сайн зүйл. Ирээдүйд Бурхан гунигтай байгаа тухай сонсоод та нар Түүний уйтгар гунигийг үнэхээр мэдэрч, Түүний жаргалтай байгааг сонсоод Түүний аз жаргалыг үнэхээр мэдэрч чадаж байвал—та нар ядаж Бурханыг юу баярлуулдаг болон юу гуниглуулдгийг тодорхой мэдэж, ойлгож чадаж байвал—Бурханыг гунигтай байхад гунигийг нь мэдэрч, Бурхан аз жаргалтай байхад аз жаргалыг нь мэдэрч чадаж байгаа бол Тэр чиний зүрх сэтгэлийг бүрэн олж авсан байх бөгөөд Түүнтэй харьцахад ямар ч саад бартаа байхаа болино. Чи Бурханыг хүний төсөөлөл, үзэл болон мэдлэгээр хязгаарлах гэж оролдохоо болино. Тэр үед Бурхан чиний зүрх сэтгэлд амьд агаад тод томруун болно. Тэр чиний амийн Бурхан, чиний бүх зүйлийн Эзэн байх болно. Та нарт ийм хүсэл эрмэлзэл байдаг уу? Үүнийг биелүүлж чадна гэсэн итгэл та нарт байна уу?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Тайлбар:
а. “Цагариг чангалах шившлэг” нь “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх хятад романд Тансан ламын ашигладаг шившлэг юм. Тэрээр энэ шившлэгийг ашиглан Сүн Ү Күнийг хянаж, толгой дахь төмөр цагаригийг нь чангалснаар, толгойг нь янгинатал өвтгөж, улмаар түүнийг хяналтдаа оруулдаг. Энэ нь хүнийг хүлдэг зүйлийг дүрслэх зүйрлэл болжээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
6. Уулан дээрх Сургаал Ерөөлүүд (Матай 5:3–12) Давс ба гэрэл (Матай 5:13–16) Хууль (Матай 5:17–20) Хилэгнэл (Матай 5:21–26) Завхайрал...
Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай.
Матай 18:12–14 Та нар юу гэж бодож байна? Хэрвээ хүн зуун хоньтой байгаад тэдний нэг нь төөрч явсан бол тэр хүн ерэн есөн хонио үлдээгээд...
Иохан 20:26–29 Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томас тэдэнтэй хамт дотор байв: хаалга хаалтай байсан боловч Есүс ирж,...