Есүс гайхамшиг үзүүлсэн нь

2018-05-22

1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь

Иохан 6:8–13 Түүний шавь нарын нэг Симон Петрийн дүү Андрей Түүнд: “Энд таван арвайн талх, хоёр жижиг загастай нэг хөвгүүн байна: гэвч энэ нь өдий олон хүнд юу болох вэ?” гэсэнд Есүс: “Хүмүүсийг суулга” гэв. Тэр газар өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөснийхөө дараа шавь нартаа тараан өгч, шавь нар нь нөгөө суусан хүмүүст хувааж өгөв; мөн загасыг ч хүссэн хэмжээгээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: “Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул” гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

Иохан 11:43–44 Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар “Лазар, гараад ир!” гэж хашхирсанд гар хөл нь оршуулгын бөсөөр ороолттой, нүүр нь алчуураар ороолттой тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг тайлж явуул” гэв.

Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгуудын дундаас бид энэ хоёрыг л сонгосон, учир нь эдгээр нь энд Миний ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

Эхлээд эхний хэсгийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

“Таван талх, хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх, хоёр загас ер нь хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ бол таван талх, хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт билээ. Гэсэн хэдий ч энэхүү хэсэгт таван талх, хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн байна вэ? Библид ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр газарт өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа”. Таван талх, хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах боломжгүй, учир нь хоорондох зөрүү нь дэндүү их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн таван мянган хүнд хүрэлцэхгүй. Гэвч энд Эзэн Есүс гайхамшиг үзүүлсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлсэн төдийгүй хоолноос бас илүү гаргасан. Библид: “Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: ‘Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг цуглуул’ гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ” гэж байна. Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь бас Бурханд боломжгүй юм гэж байдаггүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж, чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, нууцлаг санагдаж байсан нь гарцаагүй боловч харин Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байв. Энэ нь Бурханы хувьд нэгэнт энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг онцгойлон тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл, энэ гайхамшгийн цаана байгаа зүйл нь хүн төрөлхтний хэзээ ч нээн илрүүлээгүй Эзэн Есүсийн хүслийг агуулдаг.

Эхлээд энэ таван мянган хүн ямар хүмүүс байсныг ойлгох гээд үзье. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж байна. Эзэн Есүс хэн болохыг тэд мэддэг байсан уу? Огт үгүй! Ядаж л, өмнө нь зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй, эсвэл зарим хүн зөвхөн Түүний нэрийг, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэдсэн юм уу сонссон байж магадгүй юм. Тэд түүхээс Эзэн Есүсийн талаар зүгээр л сонирхож байсан, гэхдээ тэднийг Түүнийг дагадаг байсан гэх нь бүү хэл Түүнийг ойлгодог байсан гэж хэлж лав болохгүй. Эзэн Есүс энэ таван мянган хүнийг харахад тэд өлсөж, цадталаа идэх тухай л бодож байсан, тиймээс энэ нөхцөлд Эзэн Есүс тэдний хүслийг биелүүлжээ. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг л хүсэж байсан энэ хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон хандлага нь Бурханы зан чанар, мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Өөрийнх нь талаар сониуч зан, итгэл найдвараар дүүрэн энэ хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ гайхамшгийг ашиглах гэж л бодсон. Гэхдээ тэд Өөрийнх нь дагалдагч болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан, иймээс Тэр Өөртөө байсан зүйлийг ашигтайгаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх, хоёр загас хэрэглэжээ. Тэр зугаа цэнгэлд баясдаг, гайхамшиг харахыг хүссэн энэ хүмүүсийн нүдийг нээсэн бөгөөд тэд бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйл ашигласан боловч энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг Тэр зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан, иймээс Тэр юу ч хэлээгүй, эсвэл тэдэнд огт номлоогүй—тэдэнд зөвхөн энэ гайхамшгийг харуулсан. Тэр энэ хүмүүстэй Өөрийг нь үнэнчээр дагадаг шавь нартайгаа харьцдаг шиг харьцаж огт чадаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээл Өөрийнх нь захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн хараанд буй бүтээлд олгодог юм. Энэ хүмүүс Түүний хэн болохыг мэдээгүй, Түүнийг ойлгоогүй, талх, загас идсэнийхээ дараа ч тэдэнд Түүний талаар ямар нэг гойд сэтгэгдэл, Түүнд талархах сэтгэл төрөөгүй байлаа ч гэсэн энэ нь Бурханы дургүйцээд байх юм биш байсан—Тэр энэ хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломж өгсөн. Бурхан хийдэг зүйлдээ зарчимч байдаг бөгөөд үл итгэгчдийг харж, хамгаалдаггүй, ялангуяа тэдэнд Түүний нигүүлслийг эдлэх боломж олгодоггүй гэж зарим хүн хэлдэг. Үнэхээр тийм байдаг уу? Бурханы нүдээр бол тэд Түүний Өөрийнх нь бүтээсэн амьд бүтээл мөн болохоор Тэр тэднийг удирдаж, анхаарал тавих болно; Тэр өөр өөр байдлаар тэдэнтэй харьцаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирна. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол ба хандлага юм.

Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй ч гэсэн Тэр тэдэнд хатуурхаагүй юм; тэднийг цадталаа идсэний дараа Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ямар нэг зүйл номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Сударт Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж тэмдэглээгүй; Тэр гайхамшиг үйлдчихээд чимээгүйхэн одсон. Тэгвэл тэр хүмүүст Тэрээр ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Эдгээрийн аль нь ч байгаагүй—Өөрийг нь дагаж чадахгүй энэ хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Яагаад гэвэл, Тэрээр хүн төрөлхтөн буруу замд орсныг харж, хүн төрөлхтөн Өөрийг нь хаясныг мэдэрсэн бөгөөд энэ хүмүүсийг харж, мөн тэдэнтэй хамт байх үед хүний мулгуу, мунхаг байдал Түүнийг маш их гуниглуулж, сэтгэлийг нь өвтгөсөн учраас Тэр энэ хүмүүсийг аль болох хурдан орхиж явахыг л хүссэн. Эзэн зүрх сэтгэлдээ тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, ялангуяа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй бөгөөд тэд Өөрийг нь дагаж чадахгүй гэдгийг мэдэж байсан—энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага мөн л маш тодорхой байв. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр тэдэнтэй найрсаг харьцахыг л хүсэж байсан—энэ нь Өөрийн захиралт доорх бүх бүтээлд хандах Бурханы хандлага буюу бүх бүтээлд найрсаг хандаж, тэднийг хангаж, хооллож тэжээх явдал юм. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, энэ хүмүүст найрсаг хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй сэтгэлээр тэдэнд найрсаг хандаж байсан юм. Энэ хүмүүс Эзэн Есүсийг яаж үзэж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран бүх бүтээлийн Эзэний байр сууринд үндэслэн бүтээл бүртэй харьцсан. Түүний илчилсэн зүйл нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох байв. Иймээс Эзэн Есүс чимээгүйхэн нэг зүйл хийж, дараа нь чимээгүйхэн явсан—энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Үүнийг Бурханы элэгсэг сэтгэл гэж болох уу? Бурхан бол аминч бус гэж болох уу? Жирийн нэг хүн энийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон энэ таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй нийцдэг хүмүүс байсан гэж хэлж болох уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж хэлж болох уу? Тэд Эзэнтэй огт нийцтэй байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнтэй хэрхэн харьцсан бэ? Тэрээр хүмүүсийн Бурханд хандах дайсагналыг намдаах арга ашигласан—энэ аргыг “найрсаг зан” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс тэднийг нүгэлтнүүд гэж харсан ч гэсэн Бурханы нүдэнд тэд Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтэнтэй мөн л найрсаг харьцсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы Өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханы бүтээсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл—Бурхан л үүнийг хийж чадна.

Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд ханддаг хандлагыг үнэхээр ойлгож, бүтээл бүрийг гэх Бурханы уян сэтгэл болон санаа зовнилыг нь үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ—ямар хоёр үг байх вэ? Зарим хүн “аминч бус” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс хүний уужим бодол, сэтгэлийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Би энэ үгийг үнэхээр жигшдэг, яагаад гэвэл, энэ нь буяны ажлыг ямар ч зарчим үл харгалзан ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүсийн хэт сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхээр энэ үгийг хэрэглэх үед гарцаагүй гутаан доромжилсон утга байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг Надад бий—тэр хоёр ямар үг вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үгийн цаана бодит утга учир бий. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй—энэ нь хүний харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршиж байдаг, энэ нь хийсвэр юм биш бөгөөд хүмүүст харьцангуй нарийн зөв, бодитой мэдрэмж өгдөг. Чи үүнийг хавтгай ч юм уу, эсвэл гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй; энэ нь үнэхээр оршин байдаг зүйл учраас үүний оршин тогтнолыг төсөөлөх хэрэггүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлж байгаа мэт боловч энэ нь тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь оршин байдаггүй зүйл биш, мөн ямар нэг үлгэр домгоос үүдэлтэй биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт дор бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд энэ нь бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба тэдгээр нь хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд байдаг. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ухаарч чадах ба “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгын талаар илүү гүнзгий ойлголт олж авч чадах юм. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө уудам орчлон, эсвэл уудам далай гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлонг хэлэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг хүн ойлгохын аргагүй бөгөөд энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, хүндэтгэн биширдэг зүйл юм. Үүний нууцлаг байдал болон гүн нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон бүгдийг багтаасан байдлыг мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэсэн юм. Ингэснээр энэ хайр хэчнээн үнэ цэнтэй болохыг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч хязгааргүй агаад өргөн уудам юм гэдгийг мэдрэхэд хүмүүст туслах гэсэн билээ. Энэ нь тэдэнд Түүний хайрын ариун чанар болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд туслах юм. Одоо та нар “уудам” гэдэг нь Бурханы хайрыг дүрслэхэд тохиромжтой үг мөн гэж бодож байна уу? Бурханы хайр “энгүй”, “уудам” гэсэн энэ хоёр үгтэй тохирох уу? Яг тохирно! Энэ хоёр үг нь Бурханы хайрыг хүний хэлээр дүрслэхэд харьцангуй тохиромжтой, харьцангуй дөхөж очих юм. Та нар тэгж бодохгүй байна уу? Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслүүлсэн бол та нар энэ хоёр үгийг хэрэглэх байсан уу? Та нар бараг л тэгэхгүй, учир нь Бурханы хайрын талаарх та нарын ойлголт болон ухаарал хавтгай өнцгөөр хязгаарлагдсан бөгөөд гурван хэмжээст орон зайн өндөрт хүрээгүй. Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслэн хэлүүлбэл хэлэх үг дутаж байгаагаа та нар мэдэх байсан; та нар бүр хэлэх ч үггүй болох байсан. Өнөөдөр Миний ярьсан хоёр үгийг ойлгоход та нарт хэцүү байсан байж магадгүй, эсвэл та нар зүгээр л санал нийлэхгүй байж ч магадгүй. Энэ нь Бурханы хайрын талаарх та нарын ухаарал болон ойлголт өнгөцхөн, явцуу хүрээнд байдгийг л харуулж байна. Бурхан аминч бус гэж Би өмнө нь хэлсэн—та нар аминч бус гэдэг үгийг санаж байгаа. Бурханы хайрыг зөвхөн аминч бус хэмээн дүрсэлж болох юм гэж үү? Энэ нь хэт явцуу хүрээ биш гэж үү? Та нар үүнээс ямар нэг зүйл олж авахын тулд энэ талаар эргэцүүлж бодох ёстой.

Дээрх зүйлс нь эхний гайхамшгаас Бурханы зан чанар болон мөн чанарын талаар бидний харсан зүйл юм. Энэ нь хэдэн мянган жилийн турш хүмүүсийн уншиж ирсэн түүх хэдий ч нэгэн энгийн үйл явдлыг агуулдаг, хүмүүст нэгэн энгийн үзэгдэл харах боломж олгодог атлаа энэхүү энгийн үйл явдлаас бид илүү үнэ цэнтэй зүйл болох Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг харж чаддаг. Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Бурханыг Өөрийг нь төлөөлдөг бөгөөд энэ нь Бурханы Өөрийнх нь бодлын илэрхийлэл юм. Бурхан Өөрийнхөө бодлыг илэрхийлэх нь Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойн илэрхийлэл байдаг. Түүнийг ойлгож, Түүнийг мэдэж, Түүний хүслийг ухаарч чадах хүмүүс байх болно гэж Тэр найддаг ба Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсож, Түүний хүслийг хангахаар идэвхтэйгээр хамтран ажиллаж чадах хүмүүс байх болно гэж найддаг. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Бурханы чимээгүй илэрхийлэл байсан юм.

Дараа нь энэ хэсгийг үзэцгээе: Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.

Энэ хэсгийг уншсаны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ гайхамшгийн ач холбогдол нь өмнөхөөсөө хамаагүй их байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцаан амилуулахаас илүү гайхалтай гайхамшиг гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн үед нэн ач холбогдолтой байв. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний өчүүхэн бага талыг л харж байсан. Хэдийгээр зарим хүн Түүний зан авирын заримыг юм уу гаднаа харуулж байсан онц чадварыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, Түүний мөн чанар чухам хэн байсныг, мөн Тэр үнэндээ юу хийж чадахыг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Хэтэрхий олон хүн энэ зүйлийн нотолгоог, мөн үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг нотлохын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд энэ нь хялбархан ажил байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг нотлохын тулд хаана ч, хэдийд ч ямар нэг юм хийж чадах байв, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхам алхмаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байлаа. Энэ нь Түүний эрх мэдэл болон ялгамж чанарыг нотолдог. Иймээс Лазарыг амилуулсан нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг нотолж чадсан уу? Судраас энэ хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашхирсанд … тэр үхсэн хүн гарч ирэв”. Эзэн Есүс үүнийг хийх үедээ: “Лазар, гараад ир” гэдэг ганц зүйл л хэлсэн. Лазар дараа нь булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан өгүүлбэрийн дүнд биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагддаг бөгөөд хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг бас л гайхамшиг гэж болно. Гэвч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах шившлэг гэж, мөн ид шид гэж хэлж яавч болохгүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүн хэзээ үхэх, үхсэнийхээ дараа хаана очихыг Бурхан шийддэг. Тэр үүнийг хэдийд ч, хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, газар нутагт баригддаггүй. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг бөгөөд бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болдог. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч бас Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах зэрэг зүйлийг Эзэн Есүс хийхэд Түүний зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүст болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан хэрэг байсан ба энэ нь мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм арга барил нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд Түүний зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан явдал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан. Бурханд ийм эрх мэдэл байдаг хэдий ч, мөн Тэр Лазарыг амилуулж хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирдаг Өөрийнхөө дээд эрхийг мэдэгдсэн хэдий ч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан ямар нэг зүйлийг хэзээ ч утга учиргүйгээр хийдэггүй. Түүний хийдэг юм бүхэн асар их үнэ цэнтэй байдаг бөгөөд энэ нь эрдэнэсийн агуулах дахь гоц гойд эрдэнийн чулуу юм. Тэрээр “хүнийг булшнаас нь гаргахыг” Өөрийн ажлын үндсэн, цорын ганц зорилго юм уу хэсэг огтхон ч болгохгүй. Бурхан утга учиргүй зүйл хийдэггүй. Ганц Лазарын амилал нь Бурханы эрх мэдлийг харуулахад хангалттай юм. Энэ нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг хангалттай баталж байна. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтаагүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийнхөө зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол энэ нь Бурхан нухацтай ажлыг хайхардаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, юу бүтээхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллана. Хэрвээ ялзарсан хүнд ийм чадвар байсан бол тэр хэчнээн аймаар гэдгээ бусдад мэдэгдэхийн тулд өөрийн чадварыг харуулах арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг залгих байсан. Энэ бол Сатанаас гардаг ёрын муу юм—үүнийг ялзрал гэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй ба тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго бол Өөрийгөө гайхуулах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библиэс ийм төрлийн тун цөөхөн жишээ хардаг. Энэ нь Эзэн Есүсийн чадвар хязгаарлагдмал байсан, эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийж чадахгүй байсан гэсэн үг биш юм. Бурхан зүгээр л үүнийг хийхийг хүсээгүй, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан ба мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, үхсэн хүмүүсийг амьдруулах явдал байгаагүй, харин хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах явдал байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө өчүүхэн хэсэг байв. Тэр ч бүү хэл “гайхуулах” нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш гэж болно, иймээс илүү олон гайхамшиг үзүүлээгүй нь зориуд биеэ барьсных биш, мөн орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд ур чадвар дутсаных лав биш байсан юм.

Эзэн Есүс Лазарыг үхлээс буцааж авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юу ч хэлээгүй—эдгээр үг юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад Бурхан яриагаараа юуг ч бүтээж чадна гэдгийг төлөөлдөг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхийг бүтээхдээ үгээрээ л хийж, аман тушаал, эрх мэдэлтэй үг хэрэглэсэн бөгөөд тэр даруй бүх зүйл бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү агуулж байлаа. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгээс болж Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байв. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм. Энэ сэдвийн талаар ингээд дууслаа. Одоо судрыг уншицгаая.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээж дээрх хоёр ишлэл ч бас ялгаагүй.

Messenger дээр бидэнтэй холбоо барих