Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн (2)

2020-09-23

Дараа нь Библийн энэ хэсгийн “Учир нь, хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая. Энэ өгүүлбэрт бодитой тал байна уу? Та нар үүний бодитой талыг харж байна уу? Бурханы хэлдэг үг бүр Түүний зүрх сэтгэлээс гардаг, тэгвэл Тэр яагаад ингэж хэлсэн бэ? Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Та нар энэ өгүүлбэрийн утгыг одоо ойлгож байж магадгүй, гэхдээ тэр үед тийм ч олон хүн ойлгоогүй, учир нь хүн төрөлхтөн дөнгөж Хуулийн эрин үеэс гарч байсан юм. Тэдний хувьд Амралтын өдрөөс гарах нь маш хэцүү байсан бөгөөд жинхэнэ Амралтын өдөр юу болохыг ойлгох талаар бол ярихын ч хэрэггүй.

“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь хүмүүст, Бурханы бүх зүйл материаллаг бус бөгөөд хэдийгээр Бурхан бүх материаллаг хэрэгцээг чинь хангаж чадах боловч бүх материаллаг хэрэгцээ чинь хангагдмагц эдгээр зүйлээс авах сэтгэл ханамж үнэний эрэл хайгуулыг орлож чадах уу гэдгийг хэлж байна. Тэгэх мэдээж боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үнэ цэнийг нь мөнгөөр тоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг зүйл биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэн нь чиний сайхан гэж боддог ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм үү? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаан бодох хэрэгтэй зүйл юм. Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы юм бүхэн хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд тэдгээрийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг бол Миний хэлсэн үгийн гол утга нь юм. Би чамд нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн, эсвэл харьцангуй хомсхон байж болох боловч цадталаа идчих л юм бол өлсгөлөн байхын тааламжгүй мэдрэмж арилна—алга болно. Чи тайван сууж чадах ба бие чинь амарна. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, харин чи Бурханыг дагаж байхдаа Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлыг хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Чи Бурханыг дагаж байгаа ч Түүний хүслийг ойлгохгүй бол зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнгөө дарахын тулд юу хэрэглэх вэ? Бурханаар авруулах туршлагынхаа явцад өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол, эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, Бурханы зан чанарыг ойлгохгүй бол бачимдан сандрахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ айхтар өлсөж, цангахыг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмж зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдрэхэд чинь саад болдоггүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ—үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүн дэлгүүр хэсдэг, зарим нь итгэл даах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг, эсвэл үүргээ биелүүлэхийн тулд улам шаргуу ажиллаж, илүү их хүч чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйл та нарын жинхэнэ бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар иймэрхүү аргыг бүгдээрээ бүрэн ойлгож байгаа. Арга тасрах үед чинь, үнэний бодит байдал болон Бурханы хүслийг мэдэх боломжийг олгох Бурханы гэгээрлийг олж авъя гэсэн хүчтэй хүслийг мэдрэх үед чинь чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгцээтэй зүйл бол их хоол ч биш, хэдэн сайхан үг ч биш. Тэр ч байтугай махан биеийн түр зуурын тав тух болон ханамж ч биш—чамд хэрэгцээтэй зүйл бол юу хийх ёстойг чинь, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхой хэлэх, үнэн гэж юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн төдий байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс ч илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Сэтгэл чинь хангалуун байх үед зүрх сэтгэл, бүхий л бие чинь жинхэнэ амралтыг олж авдаг бус уу? Би яагаад “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг та нартай хуваалцахыг хүссэнийг энэ зүйрлэл болон шинжилгээнээс одоо ойлгож байна уу? Үүний утга нь Бурханаас ирдэг зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь бусад ямар ч зүйлээс, хамгийн их нандигнан хайрладаг гэж итгэж байсан зүйл юм уу хүнээс чинь ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй, Түүний хүслийг ойлгохгүй бол амралтыг олж авч чадахгүй. Намайг яагаад та нарт энэ эшлэлийг харуулах гэж хүссэнийг та нар хожмын туршлагаараа ойлгох болно—энэ бол маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүн төрөлхтний хувьд амьдралд нь дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж чи хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол зүрх сэтгэлийг чинь амрааж чадах цорын ганц зүйл билээ.

Үнэний талаарх ойлголт чинь та нарын нөхцөл байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, юмс болон зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Үнэний аль тал нь чамд учирсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр шууд Бурханы хүслийг хайхаар явбал энэ нь нэлээд муйхар арга бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон болон тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой болохыг харж, чиний туулж амссан зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь чи өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Бидний одоо ярилцаж байгаа зүйлс бүгд Библид тэмдэглэсэн түүхийн цар хүрээнд байдаг. Эдгээр түүхээр дамжуулан, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр дамжуулан хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөн, илүү гүнзгий, илүү ойлгомжтой, илүү нарийн ойлгох боломжийг тэдэнд олгодог. Тэгэхээр Бурханы бүх талыг таних цорын ганц арга зам нь эдгээр түүхийг мэдэх явдал уу? Үгүй ээ, тийм биш! Учир нь, Хаанчлалын эрин үед Бурханы хэлдэг зүйл, хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чаддаг. Гэвч хүмүүсийн сайн мэддэг Библид тэмдэглэсэн түүх юм уу жишээгээр дамжуулан Бурханы зан чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь арай хялбар гэж Би бодож байна. Хэрвээ чамд Түүнийг мэдүүлэхийн тулд Би шүүлт, гэсгээлтийн үгсийг болон өнөөдөр Бурханы илэрхийлдэг үнэнийг үг үгээр нь хэлбэл чи энийг хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар гэж бодох бөгөөд тэр ч байтугай зарим хүнд Бурханы үг нэгэн хэвийн санагдах болно. Харин Бурханы зан чанарыг мэдэхэд нь хүмүүст туслахын тулд бид Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй. Тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай—Түүний ааш зан, уян сэтгэл, эсвэл Түүний бодол, санаа гээд нарийн зүйлс хүмүүст хүний хэлээр өгүүлэгдсэн, эдгээр жишээг тайлбарлах явцад энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа, Тэр юу болох нь загвар биш гэдгийг тэдэнд ойлгуулж, мэдрүүлэх явдал гэж хэлж болох юм. Энэ нь домог биш, эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, ойлгож чадах зүйл гэдгийг тэдэнд ойлгуулж, мэдрүүлдэг. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс ерөөгдсөн гэж хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдийг ашигладаг; Түүний хийсэн ажлаас тэд Түүний зан чанарыг харж чадна. Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд Түүний илэрхийлсэн эдгээр зан чанараас хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийг гэх анхаарал халамжийг нь ойлгож чадна. Та нар бүгдээрээ үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна!

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээнээс Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн бөгөөд энэ нь Түүний хүн чанараас хүмүүст харагдаж, ойлгогдох боломжтой болсон. Махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг хүмүүс хүний Хүүгээс харсан бөгөөд махбодоор илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар өөр ойлголт бүрэлдүүлэх боломжийг тэдэнд олгосон. Гэвч дэлхийг бүтээснээс Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх цаг хугацаанд, өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеэс өмнө хүмүүсийн харж, сонсож, туулсан зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд харж, хүрч болшгүй үнэн биеэсээ Түүний илэрхийлсэн зүйлс байлаа. Эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг байнга мэдрүүлдэг байв. Бурхан жирсхийн гарч ирээд явчихдаг гэсэн сэтгэгдлийг хүмүүст ер нь төрүүлсэн бөгөөд тэр ч бүү хэл, Түүний бодол, санаа нэг бүрийг ойлгож, ухаарахаар оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч аргагүй, маш нууцлаг, баригдашгүй гэж хүмүүст санагддаг байлаа. Хүмүүсийн хувьд Бурханы бүх зүйл маш хол байсан—хүмүүс харж, хүрч чадахааргүй маш хол байв. Тэрээр дээр тэнгэрт байгаа мэт санагддаг ба огт байдаггүй мэт санагддаг байсан. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэл, санааг, эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелшгүй, бүр бүтэхийн ч аргагүй байсан. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед тодорхой зарим ажил гүйцэтгэж, түүнчлэн Түүний талаар зарим нэг бодитой мэдлэгийг биеэр туулж, харах боломжийг хүмүүст олгох нэлээд нарийн тодорхой үг хэлж, нэлээд нарийн тодорхой зан чанар илэрхийлсэн хэдий боловч эцсийн эцэст, тэр бол биет бус хүрээнд Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай Бурханы илэрхийлэл байсан бөгөөд хүмүүсийн ойлгосон, мэдсэн зүйл мөн л Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай энэ илэрхийллээс тодорхой үзэл баримтлал олж авч чадаагүй бөгөөд Бурханы талаарх сэтгэгдэл нь “ойртоход хэцүү, мэдрэхүйд жирсхийн орж ирээд, гараад явчихдаг сүнслэг биеийн” цар хүрээн дотор гацсан хэвээр байлаа. Бурхан хүмүүст харагдахын тулд материаллаг ертөнцийн онцгой нэг зүйл юм уу, эсвэл дүрс хэрэглээгүй учраас тэд Түүнийг хүний хэл ашиглан тодорхойлж бас л чадаагүй. Хүмүүс зүрх сэтгэл болон оюун ухаандаа Бурханд стандарт тогтоож, Түүнийг биет болгож, хэр өндөр, хэр том байдаг, Тэр ямар харагддаг, Тэр юунд гойд дуртай, Түүний өвөрмөц зан чанар ямар байдаг зэргээр Түүнийг хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байлаа. Үнэндээ, хүмүүс ингэж бодож байсныг Бурхан зүрх сэтгэлдээ мэдэж байв. Тэрээр хүмүүсийн хэрэгцээг огт анддаггүй байсан бөгөөд мэдээжээр, Өөрөө бас юу хийх ёстойгоо ч мэдэж байсан, иймээс Тэр Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр арга замаар хэрэгжүүлсэн. Энэ арга зам нь бурханлаг болон хүнлэг чанарын аль аль нь байсан. Эзэн Есүсийг ажиллаж байх үеэр Бурханд хүн чанарын олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, хуримд оролцож чаддаг, хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас бурханлаг чанарыг нь төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед тэд Түүнийг жирсхийн гарч ирээд явдгийг, мөн Түүнд ойртож чадахгүй гэдгээ цаашид мэдрэхээ больсон. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгох гэж оролдож байв. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүмүүс хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр завхарсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээж дээрх хоёр ишлэл ч бас ялгаагүй.

Messenger дээр бидэнтэй холбоо барих