Хүн төрөлхтөнд амьдрах тогтвортой орчныг өгөхийн тулд Бурхан бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг
Бурхан Өөрийн үйлсийг бүх зүйлийн дунд харуулдаг бөгөөд Тэр бүх зүйлийн дундаас бүх зүйлийн хуулийг захирч, хянадаг. Бурхан бүх зүйлийн хуулийг хэрхэн захирдаг, мөн түүнчлэн тэдгээр хуулийн дор бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэтгэж, хангадаг тухай бид дөнгөж сая ярьсан. Энэ бол нэг тал нь. Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянахдаа хэрэглэдэг нэг арга юм. Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа тэдгээрийн хоорондох харилцааг хэрхэн тэнцвэржүүлсэн талаар Би ярьж байна. Энэ бол та нарын хувьд бас нэлээд том сэдэв. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлэх—энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл мөн үү? Үгүй, хүмүүст тийм чадвар байхгүй. Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлж чадахгүй; тэд тэдгээрийг удирдаж чадахгүй, тийм агуу эрх мэдэл, хүч чадлыг хүн төрөлхтөн авч чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйл хийх хүч чадалтай. Гэхдээ ийм зүйл хийх Бурханы зорилго нь юу вэ—юуны төлөө байдаг вэ? Энэ ч бас хүн төрөлхтний амьд оршихтой нарийн холбоотой. Бурханы хийхийг хүсдэг юм бүхэн зайлшгүй шаардлагатай—Түүний хийж магадгүй, эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж үгүй. Хүн төрөлхтний оршин тогтнолыг хамгаалж, хүмүүст амьдрах таатай орчныг өгөхийн тулд Түүний зайлшгүй хийх ёстой, нэн чухал зүйлс байдаг.
“Бурхан бүх зүйлийг тэнцвэржүүлдэг” гэсэн хэллэгийн үгчилсэн утгаас харвал энэ нь маш далайцтай сэдэв юм шиг байна. Нэгдүгээрт энэ нь, “бүх зүйлийг тэнцвэржүүлэх” гэдэг нь бүх зүйлийг Бурхан ноёрхдог гэдгийг мөн хэлж байгаа гэсэн ухагдахууныг хүмүүст өгдөг. “Тэнцвэр” гэдэг үг нь ямар утгатай вэ? Нэгдүгээрт, “тэнцвэр” гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэргүй болгохгүй байхыг хэлдэг. Аливааг жинлэхдээ жин хэрэглэдэгтэй адилхан. Жинг тэнцүүлэхийн тулд хоёр талынх нь жин ижил байх ёстой. Бурхан олон өөр төрлийн зүйлийг бүтээсэн: байрнаасаа хөдөлдөггүй зүйлс, хөдөлдөг зүйлс, амьд зүйлс, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй зүйлс. Энэ бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай, харилцан холбоотой болж, аль аль нь бие биеэ бэхжүүлж, хянадаг байх нь амархан уу? Энэ бүгдийн дотор зарчим байгаа нь дамжиггүй боловч маш ээдрээтэй байдаг, үгүй гэж үү? Бурханд энэ нь хэцүү биш боловч хүмүүсийн хувьд судалж шинжлэхэд маш ээдрээтэй асуудал юм. “Тэнцвэр” гэдэг маш энгийн үг. Гэвч, хэрвээ хүмүүс үүнийг судлах аваас, хэрвээ хүмүүс өөрсдөө тэнцвэр бий болгох шаардлагатай болбол, биологич, одон орон судлаач, физикч, химич, бүр түүхч гээд бүх төрлийн эрдэмтэн үүн дээр ажилласан ч гэсэн энэхүү судалгааны эцсийн үр дүн нь ямар байх вэ? Үүнээс ямар ч үр дүн гарахгүй. Учир нь, Бурхан бүх зүйлийг хэтэрхий гайхамшигтай бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөн хэзээ ч үүний нууцыг тайлж чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдгээрийн хоорондох зарчмыг тогтоож, харилцан хязгаарлаж, нэг нэгнийгээ нөхөж, харилцан тэтгэн амьд орших өөр өөр арга замыг тогтоосон. Төрөл бүрийн эдгээр арга барил маш ээдрээтэй, тэдгээр нь энгийн эсвэл нэг чиглэлийн гарцаагүй биш юм. Бурхан бүх зүйлийг хянаж байгаагийн цаад зарчмыг судалж, батлахын тулд хүмүүс өөрсдийн оюун санаа, олж авсан мэдлэг, ажигласан үзэгдлийг ашиглах үед эдгээр зүйлийг олж илрүүлэх туйлын хэцүү, ямар нэгэн үр дүнд хүрэхэд ч туйлын хэцүү. Хүмүүсийн хувьд үр дүнд хүрнэ гэдэг маш хэцүү; Бурханы бүтээсэн бүх зүйлийг захирахын тулд хүний сэтгэлгээ, мэдлэгт найдаж байгаа үед тэнцвэрийг нь хадгална гэдэг хүмүүст маш хэцүү. Яагаад гэвэл, хэрвээ хүмүүс бүх зүйлийн амьдрах зарчмыг мэддэггүй бол ийм тэнцвэрийг хэрхэн хамгаалахыг мэдэхгүй. Тиймээс хэрвээ хүмүүс бүх зүйлийг удирдаж, захирдаг байсан бол энэ тэнцвэрийг алдагдуулах маш өндөр магадлалтай. Тэнцвэр алдагдмагц хүн төрөлхтний амьд орших орчин сүйрч, тийм зүйл болоход үүнийг дагаад хүн төрөлхтөн амьд үлдэх эсэх түгшүүртэй болно. Энэ нь гай гамшгийг авчирна. Хүн төрөлхтөн гамшиг дунд амьдарвал ирээдүй нь юу болох вэ? Үр дүнг нь дүгнэж цэгнэхэд маш хэцүү, итгэлтэйгээр таамаглах боломжгүй юм.
Тэгвэл, бүх зүйлийн хоорондох харилцааг Бурхан хэрхэн тэнцвэржүүлдэг вэ? Нэгдүгээрт, дэлхий дээр жилийн турш мөс, цасаар хучигдсан газрууд байдаг байхад зарим газарт дөрвөн улирлын турш хавар шиг байж, хэзээ ч өвөл болдоггүй бөгөөд иймэрхүү газруудад хэсэг мөс, эсвэл цасан ширхгийг хэзээ ч олж харахгүй. Энд бид томоохон уур амьсгалын талаар ярьж байгаа бөгөөд энэхүү жишээ нь бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг Бурханы арга замуудын нэг юм. Хоёр дахь арга зам нь гэвэл: Сахлаг өвс ургамал бүрхэж, төрөл бүрийн ургамал ногоо газраар ширдэглэсэн уул нурууд, мөн дундуур нь алхахад дээр буй нарыг ч олж харж чадахааргүй өтгөн шигүү ойн зурвасууд. Гэтэл өөр нэг уул нурууг харахад ганц ч хадуур өвс ургаагүй, дээр дээрээсээ давхарласан нүцгэн арзгар уулс байдаг. Гаднаас нь харвал аль аль нь үндсэндээ асар их овоорсон шорооноос тогтсон уулс боловч нэгийг нь шигүү ой мод бүрхсэн байхад нөгөөх нь ургамалгүй, ганц хадуур өвс ч байхгүй. Энэ бол Бурхан бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг хоёр дахь арга зам юм. Гурав дахь арга зам нь гэвэл: Нэг тийшээ харвал хязгааргүй уудам өвст тал, өвс ногоо халиурсан тал газрыг харж магадгүй. Нөгөө тийшээ харвал нүдний хараа ч хүрэхээргүй хол үргэлжлэх хоосон, исгэрэх салхи үлээсэн элсэн дунд ганц ч амьд зүйл үгүй цөл газрыг харж магадгүй. Дөрөв дэх арга зам нь гэвэл: Нэг тийшээ харахад бүх зүйл асар их хэмжээний ус болох далайн дор живсэн байхад нөгөө тийшээ харахад ганц дусал цэнгэг булгийн ус ч олоход хэцүү байдаг. Тав дахь арга зам нь гэвэл: Энэ газарт шиврээ бороо байнга ордог, цаг уур нь манантай, чийглэг байхад тэнд байгаа газарт тэнгэрт нь үргэлж нар төөнөж, дусал бороо орох ч ховор үзэгдэл байдаг. Зургаа дахь арга зам нь гэвэл: Нэг газарт агаар нь сийрэг, хүн амьсгалахад хэцүү өндөрлөг газар байдаг бол өөр нэг газарт төрөл бүрийн нүүдлийн шувуудын амьдрах газар болдог нам дор, намаг байдаг. Эдгээр нь өөр өөр төрлийн уур амьсгал, өөр өөр газарзүйн орчинд тохирох уур амьсгал, эсвэл орчин юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийн амьд орших орчны агаар, температур, чийгшлийг тэнцвэртэй байлгахын тулд уур амьсгалаас эхлээд газарзүйн орчин, төрөл бүрийн хөрсний бүтцээс эхлээд усны ундаргын тоо хүртэл хүн төрөлхтний амьдрах үндсэн орчныг том хэмжээний орчны хувьд тэнцвэртэй байлгадаг. Эдгээр газарзүйн эсрэг, тэсрэг орчны улмаас хүмүүс тогтвортой агаартай, өөр өөр улиралд температур, чийгшил нь тогтвортой байдаг. Энэ нь тухайн амьдрах орчиндоо үргэлж амьдарч байсан шигээ үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүмүүст өгдөг. Нэгдүгээрт, том хэмжээний орчныг тэнцвэртэй байлгах ёстой. Бурханы хүсдэг, хүн төрөлхтөнд шаардлагатай тэнцвэрийг бий болгохын тулд харилцан хязгаарлаж, хянах боломж олгодог өөр өөр газарзүйн байршил, тогтоц, мөн өөр өөр уур амьсгалын хоорондох өөрчлөлтийг ашиглан үүнийг хийдэг. Үүнийг том хэмжээний орчны өнцгөөс ярьж байна.
Одоо бид ургамал гэх мэт илүү нарийн ширийн зүйлийн талаар ярилцана. Тэдгээрийн тэнцвэрийг хэрхэн бий болгодог вэ? Өөрөөр хэлбэл, амьдрах тэнцвэртэй орчин дотор үргэлжлүүлэн амьд орших боломжийг ургамалд яаж олгож болох вэ? Хариулт нь, төрөл бүрийн ургамлын амьдрах хугацаа, өсөлтийн хурд, нөхөн үржих хурдыг удирдсанаар тэдний амьдрах орчныг хамгаалах юм. Бяцхан өвсийг жишээ болгон авч үзье—хавар нахиалж, зун цэцэглэж, намар үр жимсээ өгдөг. Үр жимс нь газар унадаг. Дараа жил нь жимснээс гарсан үр соёолж, нөгөө л хуулийн дагуу үргэлжилдэг. Өвсний амьдрах хугацаа маш богино; үр бүхэн газарт унаж, үндэс нахиа нь ургаж, цэцэглэж, үр жимсээ өгдөг бөгөөд энэ үйл явц бүхэлдээ хавар, зун, намар гэсэн гуравхан улирлын дараа дуусдаг. Төрөл бүрийн мод ч бас өөрийн гэсэн амьдрах хугацаатай, нахиалж, үр жимсээ өгөх үе нь өөр өөр байдаг. Зарим мод ердөө 30-аас 50 жилийн дараа үхдэг бөгөөд энэ нь тэдний амьдрах хугацаа юм. Гэхдээ үр жимс нь газарт унаж, түүнээс үндэс ургаж, нахиалаад, цэцэглэж, үр жимс нь гарч, дахин 30-аас 50 жил амьдардаг. Энэ бол үүний давтамжийн хурд юм. Хөгшин мод үхэж, залуу мод ургадаг; ийм учраас ой шугуйд байнга л модод ургаж байгааг чи хардаг. Гэхдээ тэд ч бас өөрийн гэсэн хэвийн мөчлөг, төрөх, үхэх үйл явцтай. Зарим мод мянга гаруй жил амьдарч чаддаг бол зарим нь бүр гурван мянган жил амьдардаг. Ямар төрлийн ургамал байх, эсвэл амьдрах хугацаа нь хэр урт байх нь хамаагүй хэр удаан амьдардаг, нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд, давтамж, үр төл гаргах хэмжээн дээр нь тулгуурлан Бурхан тэнцвэрийг нь зохицуулдаг. Энэ нь өвснөөс мод хүртэл ургамалд тэнцвэртэй экологийн орчинд үргэлжлүүлэн өсөж, ургах чадвартай байх боломжийг олгодог. Тиймээс дэлхий дээр байгаа ой модыг харахад дотор байгаа юм бүхэн, өвс, модны аль аль нь өөрийн гэсэн зүй тогтлын дагуу тасралтгүй үржиж, өсдөг. Үүнд хүн төрөлхтнөөс нэмэлт хөдөлмөр, тусламж хэрэггүй. Ийм тэнцвэр байдаг учраас л тэд амьдрах орчноо хадгалан үлдэж чаддаг. Амьдрах тохиромжтой орчин байгаа учраас л дэлхийн ой мод, өвст тал газар дэлхий дээр үргэлжлэн оршсоор байгаа юм. Тэдний оршин тогтнол нь хүмүүс, мөн түүнчлэн ой мод хийгээд өвст талд амьдардаг жигүүртэн шувуу, араатан амьтад, шавж хорхой, бүх төрлийн бичил биет зэрэг бүх төрлийн амьд зүйлийг үеэс үед тэжээн тэтгэдэг.
Бурхан бас бүх төрлийн амьтдын хоорондох тэнцвэртэй байдлыг хянадаг. Энэхүү тэнцвэртэй байдлыг Тэр хэрхэн хянадаг вэ? Энэ нь ургамалтай төстэй—Тэр тэдний нөхөн үржих чадвар, нөхөн үржих тоо хэмжээ ба давтамж, амьтны ертөнцөд гүйцэтгэх үүрэгт нь үндэслэн тэнцвэртэй байдлыг нь удирдаж, тоо толгойг тодорхойлдог. Жишээ нь, арслан алаг тахийг иддэг, иймээс хэрвээ арслангийн тоо алаг тахийн тооноос хэтэрвэл алаг тахийн хувь заяа яах вэ? Тэд устгаж үгүй болно. Хэрвээ алаг тахь арслангаас хавьгүй цөөн үр төл гаргадаг байвал тэдний хувь заяа яах вэ? Тэд мөн л устаж үгүй болно. Тиймээс алаг тахийн тоо арслангийн тооноос хамаагүй их байх ёстой. Учир нь, алаг тахь зөвхөн өөрийнхөө төлөө оршин тогтнодоггүй, тэд бас арслангийн төлөө оршин тогтнодог. Түүнчлэн, алаг тахь болгон нийт алаг тахийн нэг хэсэг боловч мөн арслангийн аманд орох хоол хүнс гэж бас хэлж болно. Арслангийн нөхөн үржих хурд алаг тахийнхаас хэзээ ч давж гарч болохгүй, тиймээс тэдний тоо хэмжээ хэзээ ч алаг тахийн тоо хэмжээнээс их байж болохгүй. Зөвхөн ийм маягаар л арслангийн хоол хүнсний эх үүсвэр баталгаатай байна. Иймээс, хэдийгээр арслан алаг тахийн төрөлхийн дайсан боловч энэ хоёр төрөл зүйлийн амьтан нэг газарт амар тайвнаар амарч байхыг хүмүүс олонтоо хардаг. Арслан алаг тахийг агнаж, иддэгээс болж алаг тахийн тоо хэзээ ч багасах юм уу устаж үгүй болохгүй бөгөөд “хаан” гэсэн зиндаанаас болж арслангийн тоо хэзээ ч өсөхгүй. Энэхүү тэнцвэртэй байдал бол Бурханы аль эртнээс тогтоосон зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх амьтны хоорондох тэнцвэртэй байдлын хуулийг тогтоож, ингэснээр тэд ийм тэнцвэрийг хадгалж чаддаг бөгөөд энэ бол хүмүүсийн үргэлж хардаг зүйл юм. Зөвхөн арслан л алаг тахийн төрөлхийн дайсан уу? Үгүй, матар ч бас алаг тахийг иддэг. Алаг тахь маш биеэ хамгаалах чадваргүй амьтан мэт харагддаг. Тэдэнд арслангийн догшин авир байхгүй бөгөөд энэхүү догшин ширүүн дайсан арслантай нүүр тулах үедээ зугтаж л чаддаг. Тэд эсэргүүцэх ч тэнхээгүй байдаг. Арслангаас зугтаж чадахгүй болох үедээ тэд идүүлэхээс өөр аргагүй болдог. Үүнийг амьтны ертөнцөөс байнга харж болно. Иймэрхүү зүйл харах үед та нарт ямар мэдрэмж, бодол төрдөг вэ? Та нар алаг тахийг өрөвддөг үү? Арсланг жигшдэг үү? Алаг тахь маш үзэсгэлэнтэй харагддаг! Харин арслан үргэлж л тэднийг ховдог шунахайгаар ажиглаж байдаг. Гэвч тэнэг юм шиг алаг тахь хол гэгч зугтаадаггүй. Тэд модны доор сэрүүн сүүдэрт өөрсдийг нь хүлээж байгаа арсланг хардаг. Арслан тэднийг хэдийд ч ирээд идэж магадгүй. Тэд зүрх сэтгэлдээ үүнийг мэддэг ч гэсэн тухайн газраас явахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл, Бурханы урьдчилан төлөвлөлт, Түүний захиралтыг харуулдаг гайхамшигтай зүйл. Чи алаг тахийг өрөвддөг боловч түүнийг аварч чадахгүй бөгөөд арсланг жигшин зэвүүцэх боловч устгаж чадахгүй. Алаг тахь бол арсланд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнс боловч арслан хэчнээн олныг идсэн ч гэсэн алаг тахь устаж үгүй болно гэж байхгүй. Арслангийн гаргадаг үр төл маш цөөн бөгөөд тэд маш удаан үрждэг учраас хэр олон алаг тахь идэх нь хамаагүй тэдний тоо алаг тахийн тооноос хэзээ ч илүү гарахгүй. Энэ бол нэг төрлийн тэнцвэртэй байдал юм.
Ийм тэнцвэртэй байдлыг хадгалах Бурханы зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийн амьдрах орчин болон хүн төрөлхтний амьд оршихтой холбоотой. Хэрвээ алаг тахь, эсвэл буга зэрэг бусад ижил төстэй арслангийн идэш болох амьтан хэтэрхий удаан үржиж, арслангийн тоо огцом өсвөл хүнд ямар аюул учрах вэ? Арслан олзоо идэх нь хэвийн үзэгдэл боловч арслан хүн идэх нь эмгэнэлт явдал юм. Энэ эмгэнэлт явдлыг Бурхан урьдчилан тогтоогоогүй, энэ нь Түүний захиргаан дор болдог зүйл биш, хүн төрөлхтөнд Түүний авчирсан зүйл бүр ч биш. Харин ч, энэ нь хүмүүсээс өөрсдөөс нь болдог зүйл юм. Тиймээс Бурханы харж байгаачлан, бүх зүйлийн хооронд тэнцвэр байх нь хүн төрөлхтөн амьд оршиход амин чухал билээ. Ургамал ч бай, амьтан ч бай, юу ч зүй ёсны тэнцвэрээ алдаж болохгүй. Ургамал, амьтад, уулс, гол нуурууд нь—хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн ердийн экологийн орчин юм. Хүмүүс ийм экологийн орчин—тэнцвэртэй орчинтой байсан үед л оршин тогтнол нь аюулгүй байна. Хэрвээ мод, эсвэл өвс ногоо нөхөн үржих чадвар муутай, эсвэл нөхөн үржих хурд нь маш удаан байсан бол хөрс чийгшлээ алдахгүй гэж үү? Хэрэв хөрс чийгшлээ алдвал эрүүл байх уу? Хэрвээ хөрс, ургамал болон чийгшлээ алдвал маш хурдан элэгдэлд орж, оронд нь элс бий болно. Хөрс муудсанаар хүмүүсийн амьдрах орчин ч бас сүйрнэ. Энэ сүйрлийг даган олон гамшиг ирэх болно. Ийм экологийн тэнцвэр байхгүйгээр, ийм экологийн орчин байхгүйгээр бүх зүйлийн хооронд тэнцвэргүй байдал бий болсноор хүмүүс байнгын гамшигт зовох болно. Жишээ нь, орчны тэнцвэр алдагдаж, мэлхийн экологийн орчин сүйрэхэд хүрэх үед бүгд бөөгнөрөн цугларч, тоо хэмжээ нь огцом өсөх бөгөөд тэр ч байтугай хот дотор зам хөндлөн гарах олон тооны мэлхийг хүмүүс харна. Хэрвээ олон тооны мэлхий хүмүүсийн амьдрах орчныг эзэгнэх аваас үүнийг юу гэж нэрлэх вэ? Гамшиг гэнэ. Яагаад үүнийг гамшиг гэж нэрлэж байна вэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай энэ жижигхэн амьтад өөрсдөд нь тохирсон газартаа байх аваас хүмүүст хэрэгтэй; тэд хүмүүсийн амьдрах орчны тэнцвэрийг хадгалж чаддаг. Гэвч хэрвээ тэд гамшиг болбол хүмүүсийн амьдралын эмх цэгцтэй байдалд нөлөөлөх болно. Мэлхийний авчрах бүх зүйл, бие дээрээ авчрах бүх элемент хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж болно. Хүмүүсийн бие эрхтэн хүртэл дайралтад өртөхөд хүргэж болно—энэ бол нэг төрлийн гамшиг юм. Хүмүүсийн олонтоо туулсан өөр нэгэн төрлийн гамшиг бол их хэмжээний царцаа гарч ирэх үзэгдэл юм. Энэ гамшиг биш гэж үү? Тийм ээ, энэ бол үнэхээр аймшигтай гамшиг. Хүмүүс хэр чадвартай байх нь хамаагүй—хүмүүс нисэх онгоц, их буу, атомын бөмбөг хийж чаддаг ч царцаа хүн төрөлхтөн рүү дайрах үед тэдэнд ямар шийдэл байдаг вэ? Тэд царцааны эсрэг их буу ашиглаж чадах уу? Автомат буугаар тэднийг шүршиж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгээд тэднийг үлдэн хөөхийн тулд шавжны хор цацаж чадах уу? Тэр ч бас амар ажил биш. Тэр өчүүхэн царцаанууд яах гэж гарч ирдэг вэ? Тэд онцгойлон үр тариа иддэг. Царцааны явсан газар бүрд ургац тэр чигтээ сүйддэг. Царцааны дайралт болох үед тариачдын бүтэн нэг жилийн бүх хоол хүнсийг царцаанууд нүд ирмэх зуур, тэр чигт нь идэх боломжтой. Хүмүүсийн хувьд, царцаа ирэх нь зүгээр нэг бухимдал төрүүлэх зүйл бус, харин гамшиг юм. Тэгэхээр асар их хэмжээний царцаа гарч ирэх нь нэг төрлийн гамшиг гэдгийг бид мэдэх боловч оготнын тухайд ямар вэ? Хэрвээ оготно идэх ямар ч махчин шувуу байдаггүй бол тэд маш хурдан, төсөөлж чадахаас чинь ч илүү хурдан үржих болно. Тэгээд хэрвээ оготно саадгүй тархвал хүмүүс сайхан амьдарч чадах уу? Хүмүүс ямар нөхцөл байдалтай тулгарах вэ? (Тахалтай.) Гэхдээ тахал цорын ганц үр дагавар нь байна гэж бодож байна уу? Оготно юуг ч мэрнэ, бүр модыг ч гэсэн мэрэх болно. Нэг айлд хоёр оготно байхад л тэнд амьдардаг хүн болгоныг залхаана. Заримдаа тэд тос хулгайлж иддэг, заримдаа талх, үр тариа иддэг. Тэд иддэггүй зүйлээ зүгээр л мэрээд, ямар ч хэрэггүй хог новш болгож орхидог. Хувцас, гутал, тавилга гээд бүгдийг мэрдэг. Заримдаа аяга тавагны тавиур луу авирна—дээгүүр нь оготно гүйсний дараа тэр аяга тавгийг ашиглаж болох уу? Чи тэдгээрийг халдваргүйжүүлсэн ч санаа амар байж чадахгүй тул тэдгээрийг хаядаг. Энэ бол оготнын хүмүүст учруулдаг яршиг төвөг юм. Оготно хэдийгээр өчүүхэн жижиг амьтан боловч хүмүүс тэдгээрийг зохицуулах арга байдаггүй, хайр найргүй устгахыг нь тэвчих л ёстой болдог. Асар олон сүрэг оготно байтугай ердөө хоёрхон оготно байхад л ноцтой үймээн тарихад хангалттай. Тоо толгой нь огцом өсвөл гамшиг болж, үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй. Шоргоолж шиг өчүүхэн жижиг амьтан хүртэл гамшиг болж болно. Тийм зүйл болбол хүн төрөлхтөнд учруулах хохирлыг нь хайхрахгүй орхихын аргагүй. Шоргоолж байшин барилгад маш их хохирол учруулж, нурж унахад хүргэж болно. Тэдний хүчийг хайхралгүй орхиж болохгүй. Төрөл бүрийн шувууд гамшиг үүсгэвэл аймшигтай зүйл болохгүй гэж үү? (Тэгнэ.) Өөрөөр хэлэх юм бол, ямар төрлийн амьтан, эсвэл амьд зүйлс байх нь хамаагүй тэнцвэр нь алдагдах болгонд хэвийн бус, эмх замбараагүй цар хүрээнд өсөж, үржиж, амьдрах болно. Энэ нь хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй үр дагавар авчирна. Энэ нь хүмүүсийн оршин тогтнох болон амьдрахад нөлөөлөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөнд гамшиг авчирч, хүмүүс бүрмөсөн устаж үгүй болох, мөхөх хувь заяатай тулгарах хэмжээнд хүрнэ.
Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэдгээрийг тэнцвэртэй байлгаж, уулс болон нуурууд, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн дор амьдарч, үржих боломж олгох явдал байсан. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс давж гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ аливаа амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ, цар хүрээнээс давж гарвал, Түүний тушаасан өсөлтийн хурд, үржлийн давтамж, тоо хэмжээнээс хэтэрвэл, хүн төрөлхтний амьдрах орчин янз бүрийн хэмжээгээр сүйрэлд өртөнө. Үүний зэрэгцээ, хүн төрөлхтний амьд орших эсэхэд заналхийлнэ. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны эх үүсвэрийг сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм маягаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь, бүх зүйлд ус маш чухал. Хэрэв хэтэрхий олон тооны оготно, шоргоолж, царцаа, мэлхий юм уу өөр бусад төрлийн амьтан байвал тэдгээр нь илүү их ус уух болно. Тэдний уух усны хэмжээ нэмэгдэхийн хэрээр тогтсон цар хүрээтэй ундны усны эх үүсвэр болон устай газар дахь хүмүүсийн уух ус, усны эх үүсвэр багасаж, усны дутагдалд орно. Бүх төрлийн амьтдын тоо хэмжээ ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус тасарч, бохирдож, үгүй болбол амьдрах тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтөн амьд орших эсэхэд ноцтой заналхийлнэ. Зохих ёсны тоо хэмжээнээсээ хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан л байхад хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Ийм нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяанд мөн эдгээр экологийн хүчин зүйл заналхийлнэ. Тэгэхээр, хэрвээ эдгээр тэнцвэр алдагдвал хүмүүсийн амьсгалах агаар сүйдэж, уух ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Тийм зүйл тохиолдвол, хүн төрөлхтөнд угаас байсан амьдрах орчин нь асар их нөлөөлөлд өртөж, бэрхшээл учрах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөлд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүтээгдсэн зүйлс хүн төрөлхтний төлөө ямар шалтгаанаар оршин байдгийг, Өөрийнх нь бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг юу болохыг, хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлдгийг, хүн төрөлхтөнд ямар хэмжээний ашиг тус авчирдгийг Бурхан мэддэг учраас, мөн энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө Бурханы зүрх сэтгэлд байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ тал бүрийг удирддаг учраас Түүний хийдэг юм бүхэн хүн төрөлхтөнд маш чухал, шаардлагатай байдаг. Тиймээс одоогоос эхлэн, чи Бурханы бүтээсэн зүйлсийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл Бурханы бүтээсэн зүйл дундаас зарим нэг байгалийн хууль хэрэгжиж байгааг харах болгондоо Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай эсэхэд эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа Түүний янз бүрийн арга замыг дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг хэрэглэхээ болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахаа болино. Тийм биш гэж үү?
Бидний дөнгөж сая ярилцаж байсан энэ бүх зүйл юуны тухай вэ? Энэ талаар нэг бодоод үз. Бурханы хийдэг юм бүхэнд Түүний санаа зорилго бий. Хэдийгээр хүмүүс Түүний санаа зорилгыг ухаарч чадахгүй ч хүн төрөлхтний амьд оршихтой үргэлж ээдрээтэй бөгөөд салшгүй холбоотой байдаг. Энэ бол зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бурхан хэзээ ч хий дэмий зүйл хийж байгаагүй. Түүний хийдэг юм бүхний цаад зарчимд Түүний төлөвлөгөө, мэргэн ухаан шингэсэн байдаг. Тэрхүү төлөвлөгөөний цаад зорилго, санаа нь хүн төрөлхтнийг хамгаалж, гамшгийг зайлуулж, аливаа амьд зүйлийн дайралтаас, Бурханы бүтээсэн аливаа зүйлийн хүнд учруулах аливаа хор хохирлоос сэргийлэхэд хүн төрөлхтөнд туслахын төлөө байдаг. Тиймээс энэ сэдвийн хүрээнд бидний харсан Бурханы үйлс Бурхан хүн төрөлхтнийг хангах өөр арга замыг бүрдүүлдэг гэж хэлж болох уу? Эдгээр үйлсээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг тэжээж, хариулж байгаа гэж бид хэлж болох уу? (Болно.) Энэхүү сэдэв болон “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн бидний нөхөрлөлийн гарчгийн хооронд нягт холбоо байна уу? (Тийм ээ.) Маш нягт холбоо байгаа бөгөөд энэ сэдэв бол үүний нэг тал нь юм. Эдгээр сэдвийг ярихаас өмнө хүмүүс Бурхан, Бурхан Өөрөө, Түүний үйл хэргийн талаар зарим нэг бүдэг бадаг төсөөлөлтэй л байсан—тэдэнд жинхэнэ ойлголт байгаагүй. Харин, Түүний үйл хэрэг, Түүний хийсэн зүйлсийн тухай хүмүүст хэлэхэд тэд Бурханы хийдэг зүйлийн зарчмуудыг ойлгож, ухаарч, тэдгээрийн талаар ойлголттой болж, тэдгээрт дөхөж очдог. Бурхан бүх зүйлийг бүтээх, захирах гээд аливааг хийх болгонд, Түүний зүрх сэтгэлд бүх төрлийн маш ээдрээтэй онол, зарчим, дүрэм байдаг ч гэсэн, нөхөрлөлөөр та нарт ганцхан зүйлийн талаар мэдэх боломж олголоо гээд эдгээр нь Бурханы үйлс бөгөөд маш бодитой гэдгийг та нар зүрх сэтгэлдээ ойлгож чадахгүй гэж үү? (Чадна.) Тэгвэл Бурханы тухай одоогийн ойлголт чинь өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ? Гол чанараараа ялгаатай. Өмнө нь ойлголт чинь хэтэрхий хоосон, хэтэрхий тодорхойгүй байсан бол одоо ойлголт чинь Бурханы үйлстэй нийцэх, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохтой нийцэх нэлээд их баттай нотолгоог агуулдаг. Иймээс, Миний хэлсэн бүх зүйл Бурханы талаарх ойлголтод чинь гайхалтай сургалтын материал болдог.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?