Сатан Иовыг дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатгинд баригдав) (1)
1. Бурханы хэлсэн үгс
Иов 2:3 Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.
Иов 2:6 Тэгээд Ехова Сатанд хандан, “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” гэв.
2. Сатаны хэлсэн үг
Иов 2:4–5 Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чиний өөдөөс хараах болно” гэв.
3. Иов шалгалтад хэрхэн хандсан тухай
Иов 2:9–10 Тэгэхэд эхнэр нь түүнд, “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.
Иов 3:3–4 Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг. Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: “Ехова Сатанд хандан, ‘Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна’ хэмээв” (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын илэрхийлж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд бол тэр ерөөгдөхүйц үнэ цэнтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж хэлээр нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан төлөвийг хараад Бурхан түүнийг магтсан ба тэр учраас түүнд онц дүн тавьсан юм. Учир нь, Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд эсвэл, ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.
Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний амьдралыг бүрэн дүүрэн болгосон амийн баптисм байсан, түүнчлэн энэ нь түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг туршсан тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд чиглэсэн Сатаны хүчирхийллийг түүнд амсуулсан. Зовлон гачигдал нь түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр Сатаны бузар муухайг болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг улам зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан зэрэг гадны хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй, Бурханы замаас буруулахгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө, ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас өөр хэн ч түүний Эзэн буюу түүний Бурхан байж чадахгүй гэж тангараглажээ. Иовын хүсэл эрмэлзэл ийм байсан юм. Нөгөө талаар, Иов бас энэ сорилтоос ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгсөн шалгалтуудын дундаас тэр асар баялаг олж авсан юм.
Иов амьдралынхаа өнгөрсөн хэдэн арван жилийн турш Еховагийн үйл хэргийг харж, түүнд зориулсан Ехова Бурханы ерөөлийг олж авсан. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж, Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, дуулгавартай байдал болон итгэл нь Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх хүртэл Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгах ба түүнээс гадна итгэл нь ариусна гэж найдан зүрх сэтгэлдээ үргэлж залбирдаг байв. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсжээ гэдэгт итгэсэн юм. Иов энэ боломжийг юм бүхнээс илүү нандигнан хайрласан ба тийнхүү насан туршийнх нь хамгийн агуу хүсэл биелж болох байсан учраас үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал туршигдаж, ариусгагдаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов, Бурханы сайшаалыг хүртэх бололцоотой болсон, тийнхүү түүнийг Бурханд илүү ойр аваачна гэсэн үг байв. Ийм итгэл, эрэл хайгуул нь шалгалтын явцад улам төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлгох боломжийг түүнд олгосон юм. Иов бас Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба зүрх сэтгэлдээ Бурханы үйл хэргийг улам их магтаж, Бурханаас илүү их эмээж, Бурханыг улам хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам, агуу, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед Иов хэдийгээр Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч мэдэрч туулсан зүйлийнх нь тухайд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь түргэн ахисан: Түүний итгэл үнэмшил ихэссэн, дуулгавартай байдал нь бат бөх болсон ба Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэрээр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь Бурханы дараагийн шалгалтын явцад итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь дээшлээсэй гэж хүсэн хүлээж байсан юм.
Бурхан хүний хэлж, хийж байгаа бүхнийг болон зүрх сэтгэлийн гүнд байгаа бодлуудыг нь ажигладаг. Иовын бодол Ехова Бурханы чихэнд хүрч, Бурхан залбирлыг нь сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн юм.
Хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг Иов асар их зовлон дунд үнэхээр ойлгожээ
Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баярласан. Яагаад гэвэл, Бурханы нүдэнд төгс байсан хүн рүү дайрахыг дахин нэг удаа зөвшөөрнө гэдгийг Сатан мэдэж байв—энэ нь Сатаны хувьд ховор боломж байлаа. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн бусниулж, Бурханд итгэх итгэлийг нь алдуулж, тэгснээр Бурханаас эмээж, Еховагийн нэрийг магтдагийг нь болиулахыг хүссэн. Энэ нь Сатанд завшаан болох байв: ямар ч газар, ямар ч үед Сатан Иовыг захирч, тоглоом болгож чадах байлаа. Сатан хорон төлөвлөгөөгөө ор мөргүй нууж байсан боловч ёрын муу уг чанараа хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд хариулсан хариултаас нь цухалздаг ба Библид бичсэнээр: “Мөн Сатан Еховад хариулж, ‘Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чиний өөдөөс хараах болно’ гэв” (Иов 2:4–5). Бурхан, Сатан хоёрын энэ ярианаас Сатаны хорон муу санааны талаар мөн чанарт хамаарах мэдлэг болон санаа олж авахгүй байхын аргагүй юм. Сатаны эдгээр төөрөгдлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүн Сатаны жигшүүрт, ичгүүргүй байдлыг улам их үзэн ядах нь эргэлзээгүй бөгөөд Сатаны төөрөгдөлд хиртхийн зэвүүцэхийн зэрэгцээ энэхүү зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж, ерөөл дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслээ өргөн барина; иймээс тэд бас Иовын шударга үйл хэрэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах замаар замнаж байгаа тэр бүх хүнийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж чадаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорт санаархлыг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Тэр бас “тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” (Иов 2:6) гэдэг нэг болзол тавьсан. Учир нь, энэ удаа Сатан Иовын яс махыг гэмтээхийн тулд гараа урагш сунгая гэж гуйсан, Бурхан “харин түүний аминд л бүү хүр” гэж хэлсэн. Энэ үг нь Тэрээр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч Иовын амь Бурханы мэдэлд үлдсэн ба Сатан Иовын амийг авч болохгүй, үүнээс бусдаар бол Иовын эсрэг ямар ч арга, хэрэгсэл ашиглаж болно гэсэн утгатай байлаа.
Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг өвтгөхөөр гараа сунгаж, бүх биеэр нь яр хатги гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай, ариун байдлыг магтсан нь Сатаны балмад омгийг улам гааруулжээ. Хүнийг хорлохын баяр баяслыг мэдэрсэн учраас Сатан гараа сунгаж, Иовын бие махбодыг сийчин яр хатгийг нь идээлүүлжээ. Иов тэр даруй юутай ч зүйрлэшгүй их шаналал, тарчилгааг бие махбодоороо мэдэрсэн бөгөөд махбодын энэ өвчний улмаас сүнсэнд нь ирсэн цохилтыг намжааж болох юм шиг л хамаг биеийн арьс махаа өөрийн эрхгүй нухалсан юм. Бурхан өөрийг нь хараад дэргэд нь байгаа гэдгийг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулах гэж чадлаараа хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч, “Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та хүний гаслан зовлонг ажигладаг; хүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай” гэжээ. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Еховагийн нэрийг орхиж байхыг нь харсангүй. Тиймээс тэр Иовыг мөч мөчөөр нь салгах гэж байж ядан ясыг нь өвтгөхөөр гараа яаран сунгажээ. Төдхөн Иов урьд өмнө үзээгүйгээр тарчилсан; түүний махыг яснаас нь тасар татан салгах мэт, ясыг нь хэсэг хэсгээр нь бяцалж байгаа мэт байжээ. Энэхүү шаналгаат тарчилгаанаас болж, ингэснээс үхсэн нь дээр гэж түүнд бодогдсон юм… Энэ өвчнийг тэсэх чадвар нь хязгаартаа хүрсэн… Тэр хашхирахыг хүссэн, өвдөлтөө намдаахын тулд биеийнхээ арьсыг урж тасдахыг хүссэн—гэхдээ Сатанд сул талаа харуулахыг хүсээгүй учраас орилохоо тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд Иов дахин нэг сөгдсөн боловч энэ удаад Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Ехова Бурхан үргэлж түүний өмнө, түүний ард юм уу, аль нэг талд нь байдгийг тэр мэддэг байв. Гэсэн ч түүнийг өвдөж шаналах үед Бурхан нэг ч удаа хараагүй; Бурхан нүүрээ дараад нуугдаж байсан, учир нь, хүнд зовлон шаналал авчрах нь хүнийг бүтээснийх нь утга учир биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын тарчилгааг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байхдаа ч гэсэн Бурханд талархахгүй байж чадаагүй: “Хүн анхны цохилтод л унана, тэр сул дорой агаад хүч чадалгүй, балчир агаад мунхаг—яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн хандахыг хүсдэг юм бэ? Та намайг цохидог, гэхдээ ингэх нь Таныг ч бас өвтгөдөг. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц юм бэ?” Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүйхэн, ямар ч чимээ гаргалгүй харж л байв… Сатан есөн шидийн аргаар үзээд бүтэлгүйтээд чимээгүйхэн явж одсон, гэвч Иовыг шалгах Бурханы шалгалт үүгээр төгсөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал олон нийтэд ил болоогүй, Иовын түүх Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд тохиолдох гэж байсан.
Иов Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсны бас нэг илрэл нь тэрээр бүх зүйл дээр Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан
Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон атлаа Ехова Бурханы нэрийг орхиогүй л байсан. Түүний эхнэр анх эхэлж, хүний нүдэнд харагдах дүрээр Сатаны үүргийг гүйцэтгэн Иов руу дайрч давшилсан. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв” (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн уруу таталт, сорилт, гүтгэлэг байлаа. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын зарчимч чанар руу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын зарчимч чанарыг хаяулж, Бурханаас татгалзуулж, цаашид амьдрахыг нь болиулах гэж хүсэж байв. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд ийм үгсийг ашиглахыг хүсжээ: Хэрвээ Иов Еховагийн нэрийг орхивол энэ бүх зовлон шаналлыг туулах хэрэггүй; тэр өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадах юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов: “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэж түүнийг загнасан. Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийн талаарх Иовын үнэнхүү мэдлэг батлагджээ.
Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: “Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад Түүнийг хараахгүй байгаа юм бэ? Одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Бурхан чинь чамд тийм шударга бус байхад чи одоо ч ‘Еховагийн нэр алдаршиг’ гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Тэгээд чиний бэрхшээл эцэс болно.” Энэ мөчид Бурхан, Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгийг хэлэхээс ч өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн зарчимч чанарыг орхиж, Бурханаас татгалзаагүйгээр үл барам эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” Эдгээр үг ихээхэн жинтэй юу? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин гэвэл, тэдгээрийг Бурхан зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, Бурханы сонсохыг хүссэн зүйл, харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн охь манлай билээ. Үүгээр Иовын төгс, зөв шударга байдал, мөн Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдал бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатгинд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн тарчилгаа амсаж байхдаа, эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч бас л ийм үгийг хэлж байсанд Иовын эрхэм нандин чанар оршино. Өөрөөр хэлбэл, ямар ч сорилт байсан, зовлон зүдүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэрээр Бурханаас татгалзах юм уу, Бурханаас эмээж, муугаас зайлах замаас няцахгүй гэдэгтээ зүрх сэтгэлдээ итгэж байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурь эзэлж байсан ба зүрх сэтгэлд нь зөвхөн Бурхан л байсныг харж болно. Ийм учраас бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр хэлээр нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан үг хэлээгүй, Бурханыг гомдоосон зүйл ч хийгээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан бөгөөд Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан энэ байсан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?