Сатан Иовыг анх удаа уруу татсан нь (малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)
1. Бурханы хэлсэн үгс
Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
Иов 1:12 Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.
2. Сатаны хариу
Иов 1:9–11 Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чиний өөдөөс хараах болно” гэв.
Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрсөн нь Иовын итгэлийг төгс болгохын төлөө байв
Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёр хоорондоо ийм үг солихоос өмнө Бурхан, Иовыг уруу татахад Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ шийдчихсэн байсан. Нэг талаар энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ алдаагүй, чамбай байсныг баталж, мөн Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг шившиглэх байсан; нөгөө талаар энэ нь, Бурханд итгэх Иовын итгэлийг нь, Бурханаас эмээхийг нь төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэсэн. Бурханы асуултад дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын итгэл болон Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан, Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа сорьж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иовыг Бурханаас татгалзаж магадгүй, өөрөө Иовыг Бурханы гараас булаан авч магадгүй гэсэндээ Сатан Иовыг хорлох боломжуудыг дуртайяа хайж байлаа. Гэсэн ч Бурхан, Иовын зүрх сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашиглажээ. Иовын талаарх Бурханы үнэлэлтийг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Үүний зэрэгцээ Сатан бас хүний төгс байдал болон шударга занд зэвүүцсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9–11-т ийн бичжээ: “Дараа нь Сатан Еховад хариулж, ‘Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чиний өөдөөс хараах болно’ гэв.” Бурхан, Сатаны хорлонтой уг чанарыг туйлын сайн мэддэг байсан ба Сатан, Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан үүнийг Сатаныг номхруулан дарж, мөн Сатаныг үнэн нүүр царайгаа харуулан, Иовыг дайрч, уруу татаг гэж хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар Сатаныг, Иовынтөгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг үзэн ядаж, уурладгаасаа болоод Иов руу дайрахад хүргэсэн. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар дамжуулан Бурхан Сатанд ичгүүр авчрах байсан ба Сатан бүрмөсөн шившиг болж, ялагдах байсан юм. Үүний дараа Сатан, Иовын төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муугаас зайлдагт нь дахин хэзээ ч эргэлзэж, буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы шалгалт болон Сатаны сорилт нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы шалгалт болон Сатаны сорилтыг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү?… Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд, “Т үүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Сатанд тогтоосон хязгаар байв: Иовыг хорлохгүй байхыг Тэрээр Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өөрийнх нь өмнө гаргадаг Иовын төгс байдал, шулуун шударга занд эргэлзэхийн аргагүй, Иов шалгалтыг давж чадна гэдэгт итгэлтэй байсан тул Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Иовын бүх эд хөрөнгийг авахыг Сатанд зөвшөөрсөн боловч тэр Иовд хуруу ч хүргэж болохгүй байв. Энэ юу гэсэн үг вэ? Тухайн үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан, Иовыг хүссэн ямар ч аргаараа уруу татаж болох боловч Иовыг өөрийг нь—толгойнх нь нэг үсийг ч—гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг. Сатанд тийм эрх байдаггүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэвчилгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы өгсөн бүх эд хөрөнгийг алдсан… Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.
Хэдийгээр Библи бидэнд Иовын сорилтын эх сурвалжийг хэлдэг ч эдгээр сорилтод өртсөн Иов юу болоод байгааг өөрөө мэдэж байсан уу? Иов зөвхөн ердийн нэг хүн байсан; мэдээж түүний эргэн тойронд юу болж буй талаар тэр огт мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээдэг нь, төгс байдал болон шулуун шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр сүнсний ертөнцөд юу болсныг ч, мөн эдгээр шалгалтын ард Бурханы ямар санаа зорилго байсныг ч мэдээгүй. Гэхдээ түүнд юу тохиолдсон ч хамаагүй төгс байдал, шулуун шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримтлах ёстой гэдгээ мэдэж байсан. Эдгээр асуудалд хандсан Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харжээ. Бурхан юу харсан бэ? Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ л шалгагдаж дуусан дуустлаа Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдэж, Бурханы өмнө дэлгээтэй байсан бөгөөд Иов төгс байдал, шулуун шударга зангаа орхиогүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй буюу эргэж буцаагүй—үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй юм. Дараа нь, Иов ямар сорилт туулж, эдгээр шалгалтад хэрхэн хандсан тухай бид үзэх болно. Библиэс уншицгаая.
3. Иовын хариу үйлдэл
Иов 1:20–21 Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв.
Иов эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас үүдсэн
Бурхан, Сатанд “Т үүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтад өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг дээрэмдэж, зарим зарцыг нь алсан; дараа нь түүний хонь болон бас хэдэн зарцыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, дахиад хэдэн зарцыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулжээ. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй залхаан цээрлүүлэлт юм уу, шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шулуун шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урж” гэдэг нь хувцасгүй бөгөөд юу ч авч яваагүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хусаж” гэдэг нь дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы ямар ч амьтан гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд түүнд юм өгсөнд нь төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч Бурханд талархаж чадаж байсан. Түүнчлэн тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг Бурханд буцаан өгөх чадвартай байлаа.
Иовын Бурханаас эмээдэг, дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, шулуун шударга зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргилд хүрсэн юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байлаа ч гэсэн тэгэхийг нь ямар ч гомдолгүйгээр баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан авир бүхэлдээ түүний төгс, шулуун шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов, Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй. Энэ үндсэн дээр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийн зарчмыг өөрт нь өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу жигдэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм. Иов үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр гэрчлэлдээ бат зогсож чадсан бөгөөд Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм. Эхний уруу таталтын үед Иовын зан төлөв маш гүндүүгүй байсан хэдий боловч насан туршаа хичээж чармайгаад ч тийм гүндүүгүй болох найдвар хойчийн үр удамд байгаагүй, мөн дээр дүрсэлсэн Иовын зан төлөвийг эзэмшсэн байх нь зайлшгүй байсангүй. Өнөөдөр Иовын цэгц шулуун зан төлөвтэй тулгараад та нар, Бурханд итгэдэг, эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “туйлын дуулгавартай, үхэн үхтэлээ үнэнч байна” гэсэн хашхираан, шийдмэг байдалтай үүнийг харьцуулан үзээд ихэд ичиж байна уу, эсвэл үгүй юу?
Иов болон түүний гэр бүлийн амссан зовлон бүхнийг Библиэс унших үед чамд ямар санагддаг вэ? Чи гүн бодолд дарагддаг уу? Чи гайхшаа бардаг уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрсэлсэн Иовын шалгалтуудыг уншихад хангалттай аймаар бөгөөд бодит амьдрал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Үүнээс харахад Иовд тохиолдсон болгон “дасгал сургуулилт” байгаагүй, харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “тулаан” байсан юм. Харин тэр хэний гараар энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээр нь мэдээж Сатаны ажил байсан, Сатан эдгээр зүйлийг өөрийн гараар хийсэн. Гэвч эдгээр зүйлийг Бурхан зөвшөөрсөн байлаа. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан, Сатанд заавал дагах ёстой зүгээр л нэг болзол тавьсан бөгөөд үүний дараа Иовд сорилт ирсэн. Иовд сорилт ирэх үед Сатаны ёрын муу, муу муухай, хорон санааг болон хүнийг жигшин зэвүүцэж, Бурханд дайсагнадгийг нь хүмүүс мэдэрсэн. Энэхүү сорилт хэчнээн хэрцгий байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Хүнийг хүчирхийлдэг Сатаны хорлонтой уг чанар болон түүний муухай нүүр царай энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд улайрсан, хайр найргүй хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд түүний харгислалын арга барил болон түвшний аль аль нь өнөөгийн хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй, огт тэсвэрлэшгүй юм. Сатан Иовыг сорьсон бөгөөд Иов энэхүү сорилтын үеэр өөрийн гэрчлэлд бат зогссон гэж хэлэхийн оронд өөрт нь зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс, шулуун шударга занг хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг замыг хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь дээр юм. Энэ тэмцэлд Иов асар их үнэтэй хонь, үхрээ алдаж, бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд хөвгүүд, охидоо алдсан. Гэхдээ л төгс, шулуун шударга зангаа, эсвэл Бурханаас эмээдгээ болиогүй. Өөрөөр хэлбэл, Сатантай хийсэн энэ тэмцэлд Иов өөрийн төгс байдал, шулуун шударга зан болон Бурханаас эмээх байдлыг алдсанаас эд хөрөнгө, үр хүүхдээсээ салсан нь дээр гэж үзсэн. Тэрээр хүн байхын үндсийг хадгалахыг илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцыг товч өгүүлдэг ба түүнчлэн Иовын ааш авир, хандлагыг тэмдэглэсэн. Эдгээр товч, тодорхой тэмдэглэл нь Иов энэ сорилттой нүүр тулахдаа бараг тайван байсан гэдэг санаа төрүүлдэг, гэхдээ Сатаны хорлонтой уг чанартай гэдгийг бас харгалзаж, яг юу болсныг дахин сэргээж үзэх юм бол, тэр зүйлс эдгээр өгүүлбэрт дүрсэлсэн шиг тийм ч энгийн, хялбар биш байх байв. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Хүн төрөлхтөнд болон Бурханы сайшаасан бүх хүнд ханддаг Сатаны сүйрэл, үзэн ядалтын түвшин ийм байдаг ажээ. Хэрвээ Бурхан Иовыг бүү гэмтээ гэж Сатанаас шаардаагүй байсан бол Сатан түүнийг жишим ч үгүй хөнөөх байсан нь эргэлзээгүй. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөөсэй гэдэггүй, мөн Бурханы нүдэнд зөв шударга хүмүүсийг болон төгс, шулуун шударга хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хэвээр байгаасай гэж ч хүсдэггүй. Яагаад гэвэл, хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашиглажээ. Тэгэхээр Иов сэтгэл санаанаас махбод руу, гаднаас дотогш хүртэл асар их зовлон шаналал амссан байгаа биз дээ. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид ойлгохгүй ба тухайн үед зовлон шаналалд өртөж байхдаа Иовын сэтгэлийн хөдөлгөөнийг Библийн тэмдэглэлүүдээс хальтхан л олж харж чадна.
Иовын гуйвшгүй зарчимч чанар Сатанд ичгүүр авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн
Тэгвэл, Иовыг ийм зовлон шаналалд унасан үед Бурхан юу хийсэн бэ? Бурхан ажиглаж, харан үр дүнг нь хүлээсэн. Бурхан ажиглаж, харж байхдаа юу мэдэрсэн бол? Мэдээжээр, шаналж байсан. Гэхдээ тийн шаналлаа гээд Бурхан, Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан байж болох уу? Хариулт нь бол Үгүй, Тэр тэгж харамссан байж таарахгүй. Учир нь, Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдэгт Тэр бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, мөн өөрийн ёрын муу болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Түүнээс гадна энэ нь Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатаны өмнө төдийгүй Бурханыг дагадаг бүх хүний өмнө ч өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Иов Сатаныг үнэхээр ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай ханддаг хандлага юм. Дараа нь тэр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд хүний санаа бодлыг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ ямар ч алдаагүй байсан ба Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сүрдүүлж, шившгийг нь тарьсан, тэрийг самгардан зугтахад хүргэсэн ба цаашлаад Сатаныг гинжилж, ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг Сатанд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амийн эрч хүчийг Сатанд харуулсан. Тийнхүү Сатан эхний тэмцэлд ялагджээ. Сатан “үүнээс сургамж авснаа” үл харгалзан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба түүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан, Иов руу үргэлжлүүлэн дайралт хийх гэж оролдсон тул дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн…
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?