Иов Бурханыг чихээрээ сонссон нь (1)
Иов 9:11 Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй.
Иов 23:8–9 Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй. Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй, Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй.
Иов 42:2–6 Та бүх зүйлийг хийж чадна, ямар ч бодлыг Танаас нууж чадахгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг ямар хүн байх билээ? Тиймээс би ойлгоогүй юмаа хэлчихлээ; миний мэддэггүй байсан юмс надад дэндүү гайхамшигтай. Сонсооч дээ, би Танаас гуйж байна, би ярья: Би Танаас гуйя, Та Өөрийгөө надад харуулаач дээ. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.
Бурхан Өөрийгөө Иовд харуулаагүй боловч Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Эдгээр үг ямар учиртай юм бэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Тэгээд тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан захирдгийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах эшлэл бий: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.” Иов Бурханыг өөрийн нүдээр харсан гэхээс илүү, Бурханы тухай үлгэр домгоос мэдэж авсныг бид эдгээр үгээс харж болно. Тэр эдгээр нөхцөл байдалд Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд дараа нь тэр өөрийнх нь амьдралд, мөн бүх зүйлийн дотор Бурхан оршиж байдгийг нотолжээ. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байна—тэр баримт нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсан ч гэсэн Иов Бурханыг хэзээ ч хараагүй. Энэ тухайд тэр өнөөгийн хүмүүстэй адилхан байсан биш үү? Иов хэзээ ч Бурханыг хараагүй гэсний утга санаа нь гэвэл, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч Бурхан хаана байдгийг, Бурхан ямар болохыг, эсвэл Бурхан юу хийж байгааг мэдээгүй. Эдгээр нь хийсвэр хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол, хэдийгээр тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж, түүнтэй ярьж байгаагүй. Энэ баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч гэсэн Иов, Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд бүх зүйлийн дундаас, мөн Бурханы тухай өөрийн чихээр сонсож мэдсэн үлгэр домгоос Түүний дээд эрхийг харсныхаа дараа Иов Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Бурханыг дагасан Иовын замналын гарал үүсэл, үйл явц ийм байлаа. Гэхдээ тэр Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ эшлэлийг уншицгаая. Тэр: “Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй” (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй—гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч, юм хийж, эсвэл хүнийг удирдан чиглүүлж байна гэж төсөөлдөг үе түүнд байсан ч гэсэн тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг огт санаандгүй байхад нь Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг, эсвэл хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.
Бурхан өөрөөс нь нуугдаж байснаас болж Бурханд итгэх Иовын итгэл ганхаагүй
Библийн дараах эшлэлд Иов: “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй. Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй, Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй” (Иов 23:8–9) хэмээсэн. Энэ тэмдэглэлээс бид, Иовын туулсан амьдралын турш Бурхан түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээ ч үгүй, мөн түүнд ямар нэг үг ил шууд хэлээ ч үгүй, гэсэн ч Иов зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд Бурханыг олж харж чаддаггүй байсан хэдий ч Бурхан хавь ойрын бүх зүйлийг удирдан түүний хажууд байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч өөрийнхөө итгэлд үнэнч байж чадсан, өөр ямар ч хүн ингэж чадаагүй. Яагаад бусад хүн тэгж чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн хэрэг биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүнд ханддагтай адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов үнэнч шударга чанараа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, Бурханыг гомдоохоос айдаг байсны дүнд ахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, эерэг зүйлсийг хэчнээн их хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан өөрөөс нь нуугдаж байсан учраас Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Бурханыг хэзээ ч хараагүй учраас итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч өөрт нь үзэгдээгүй учраас Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэрээр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Бурханд итгэх Иовын итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.
Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл, гай зовлонгийн талаар боддоггүй
Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй нэг баримт байдаг бөгөөд бид өнөөдөр энэ баримтад анхаарлаа хандуулна. Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч байсан дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй, мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал айлдахыг, эсвэл өөрт нь ямар нэг заавар өгөхийг сонсоогүй. Өнөөгийн үгээр бол, Бурхан үнэний талаар түүнд ямар ч гэгээрэл, удирдамж, хангалт өгөөгүй байхад тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадсан нь үнэ цэнтэй зүйл байсан, тэр ийм зүйлсийг харуулсан нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханд сайшаагдаж, Бурханд эрхэмлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд Өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы өмнө гүн онол ярьж, зөвхөн сайрхаж, тахил өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүстэй харьцуулахад Иовын зүрх сэтгэл болон тэр өөрөө Бурханд хавьгүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь, Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, тэрээр хүн чанарын хувьд үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байж, шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрладаг байсан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах байсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах хэмжээнд хүрэх юм. Зөвхөн тийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадна. Яагаад гэвэл, тэрээр Бурхан өөрийг нь ерөөж, эсвэл өөрт нь гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гарт захирагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг бол тэнэг зан, мунхаглал ухаан мөхөс байдлын, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэж, Бурханаас эмээдэггүйн шинж гэдгийг тэр мэддэг байсан. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Тэгэхээр Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон айлдвар цөөхөн байсан учраас Бурханы талаар мэдлэг олж авах нь амаргүй хэрэг байжээ. Иовын тийм амжилт шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг үзэж туулаагүй, Бурханы ярихыг хэзээ ч сонсоогүй, мөн Бурханы нүүр царайг хараа ч үгүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадсан нь бүхэлдээ түүний хүн чанар, хувийн эрэл хайгуул буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, эрэл хайгуулын үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан “Төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэж хэлсэн. Тэр үед Бурхан түүний талаар аль хэдийн ийм үнэлгээ хийж, ийм дүгнэлтэд хүрсэн байлаа. Энэ нь өнөөдөр хэр их үнэн байх байсан бэ?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?