Иов Бурханыг чихээрээ сонссон нь (2)
Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь Түүнийг мэдэхэд хүнд хангалттай юм
Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшааж, хүмүүс атаархаж, биширч, бүр үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, ер бусын юм юу ч байгаагүй: Тэрээр бусад жирийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байв. Ялгаа нь гэвэл, амьдралынхаа ердийн хэдэн арван жилийн туршид тэрээр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын талаарх мэдлэгийг олж авч, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү ухаалаг байгаагүй, гойд амь бөхтэй ч байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд ур чадвар ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн сэтгэл, шулуун шударга зан чанар, шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээр зүйлийн алийг ч эгэл хүмүүсийн ихэнх нь эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодол санаандаа нарийн нягт анхаарал хандуулдаг байв. Тиймээс дэлхий дээрх ердийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов олж авч чадсаны эхний шалтгаан бол, тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх гэсэн түүний эрэл хайгуул байв. Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй боловч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний үзэхэд, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх ердийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт ч нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь бүх зүйлийн дотор нуугддаг Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх ухаарал байлаа. Бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хуулийг захирч Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлдэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы үгийг тэр бас өдөр тутмын амьдралдаа сонсож, ойлгодог байлаа. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, шулуун шударга байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүй байхад, бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм. Иов шиг эгэл хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан байхад Бурханыг дагадаг эгэл хүн бүр бас чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг зохистой дүгнэлт мэт сонсогдож болох боловч энэ нь юмсын хуулийг зөрчдөггүй. Гэтэл баримтууд санасанд хүрээгүй: Бурханаас эмээж, муугаас зайлахыг гагцхүү Иов л сахих зүйл мэт харагддаг. “Бурханаас эмээж, муугаас зайлах” талаар дурдахад хүмүүс, Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусад хүнд ямар ч хамаагүй мэт үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж боддог. Үүний шалтгаан тодорхой: Учир нь, зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэлтэй, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадсан. Та нар бүгдээрээ энд буй цаад учрыг ойлгосон байх ёстой—үнэнч, өрөвч зөөлөн, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг хүн чанарыг хэн ч эзэмшээгүй учраас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс хүмүүс хэзээ ч Бурханы баяр баяслыг олж авч, шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь бас, Иовоос бусад бүх хүн мөн л Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа; тэд бүгд Сатанд буруушаагдаж, довтлуулж, доромжлогддог. Сатан тэднийг залгих гэж оролддог, тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн утгатай юм.
Зүрх сэтгэл нь Бурхантай дайсагнадаг бол хүн яаж Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ?
Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовынхтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанар-мөн чанар ба Бурханд хандах хандлага нь ямар вэ? Тэд Бурханаас эмээдэг үү? Тэд муугаас зайлдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй хүмүүсийг хоёр үгээр дүгнэн хэлж болно: “Бурханы дайснууд”. Та нар энэ хоёр үгийг үргэлж хэлдэг боловч жинхэнэ утга учрыг нь ерөөсөө мэдээгүй. “Бурханы дайснууд” гэсэн үгэнд мөн чанар байдаг: Энэ нь Бурхан хүнийг дайснаа гэж хардаг гээгүй, харин хүн Бурханыг дайснаа гэж хардаг. Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үедээ өөрийн зорилго, далд санаа, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэж, Бурханы оршин тогтнолыг харсан ч гэсэн Бурханд итгэх итгэл нь мөн л тэдгээр далд санааг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг. Хүмүүсийн амийн туршлагаас харвал, “Би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?…” гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай наймаацах гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай наймаацах гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзээд, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага мэт байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанар-мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, хар санаа, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдал, эерэг зүйлд дургүй бөгөөд жигшмээр бөгөөд шуналтай чанар юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж яахин чадна; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байхыг хүсдэггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм. Одоо Иовыг дахин харцгаая. Юуны түрүүнд, тэр Бурхантай тохиролцоо хийсэн үү? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримтлахдаа далд санаа агуулж байсан уу? Тэр үед Бурхан, ирж буй төгсгөлийн талаар хэн нэгэнд хэлсэн үү? Тэр үед Бурхан, төгсгөлийн талаар хэнд ч амлалт өгөөгүй бөгөөд ийм байхад л Иов Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өнөөдрийн хүмүүс Иовтой харьцуулах хэмжээнд хүрэх үү? Хэтэрхий их ялгаа бий; тэд өөр өөр чанартай. Хэдийгээр Иов Бурханы талаар их мэдлэгтэй байгаагүй ч зүрх сэтгэлээ Бурханд өгсөн ба зүрх сэтгэл нь Бурханд харьяалагдаж байсан. Тэр хэзээ ч Бурхантай наймаацаж байгаагүй, Бурханаас хэтэрхий ихийг хүсэж, шаардаж байгаагүй; тэгэхийн оронд “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэж итгэдэг байсан. Энэ нь олон жилийн амьдралынхаа туршид Бурханаас эмээж, муугаас зайлах замд үнэнч байснаар түүний харж, олж авсан зүйл юм. Түүнчлэн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн үгээр төлөөлүүлсэн үр дүнг олж авсан. Энэ хоёр өгүүлбэр нь, туулсан амьдралынхаа явцад Бурханд дуулгавартай байсан хандлагынхаа үр дүнд түүний харж, мэдэж авсан зүйл байсан ба тэдгээр нь мөн Сатаны сорилтыг ялан дийлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болж, Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсох суурь нь болсон юм. Энэ мөчид та нар Иовыг хайр татам хүн гэж төсөөлж байна уу? Та нар тийм хүн болно гэж найдаж байна уу? Та нар Сатаны сорилтыг туулахаас айж байна уу? Иовынхтой адилхан шалгалтуудыг өөрсөддөө тулгах талаар Бурханд залбирах гэж шийдсэн үү? Ихэнх хүн ийм маягаар залбирч зүрхлэхгүй нь эргэлзээгүй. Тэгэхээр та нарын итгэл өрөвдмөөр өчүүхэн гэдэг нь илэрхий; Иовтой харьцуулбал, та нарын итгэлийг ер дурдахын ч хэрэггүй. Та нар Бурханы дайснууд, та нар Бурханаас эмээдэггүй, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох чадваргүй бөгөөд Сатаны дайралт, буруушаалт, сорилтуудыг ялах чадваргүй. Та нарыг юу Бурханы амлалтыг хүлээж авах эрхтэй болгож байгаа юм бэ? Иовын түүхийг сонсож, хүнийг аврах Бурханы санаа болон хүний авралын утга учрыг ойлгоод та нарт одоо Иовынхтой адил шалгалтуудыг хүлээн авах итгэл байна уу? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг өөрсдөдөө зөвшөөрөх бага ч гэсэн шийдвэр та нарт байх ёстой биш гэж үү?
Бурханы шалгалтын тухай бүү эргэлз
Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, эсвэл нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хорлосон шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хорлохыг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь хангалттай байв! Хүмүүсийг зоргоороо хорлохыг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, тэнэг зан, мэдлэггүй байдлыг нь ойлгодог. Хэдийгээр хүнийг бүрэн аврахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгөх ёстой боловч Сатан хүнийг хууран мэхэлж, зовоож байхыг нь Бурхан харах хүсэлгүй бөгөөд хүн үргэлж зовж байгааг харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл; энэ нь Бурханы хариуцлага, бүх зүйлийг захирдаг Бурханы эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хорлож, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад, хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримтладаг хууль дүрмийг дэвслэн сүйтгэхийг Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм ба биежилт, түүнчлэн зургаан мянган жилийн ажилдаа зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан энэ хүмүүсийг Сатанд санаандгүй өгч хэрхэн чадах билээ?
Хүмүүс Бурханы шалгалтад үргэлж санаа зовж, эмээдэг атлаа дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай орчинд амьдарч байна—гэхдээ тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр хүнийг гэсэн Бурханы хайр, зовнил, хүнд тавих Түүний өрөвч сэтгэл, анхаарал халамжийг өчүүхэн төдий ч үнэлдэггүй. Харин хүн Бурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан, уур хилэнгийн талаар бага зэрэг айдас, түгшүүртэй байдгаас биш Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд сэдэл агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүнийг гэх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амь төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдохоос хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар үйлдлээ анхаарч, өөрт тохиолдох гэж буй бүх зүйлд болгоомжтой хандаж бай гэж Би зөвлөж байна. Бүү яарч, уулгамчил, мөн Бурханд болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа үйл явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар үйлдэлдээ болгоомжтой байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү их эрж хайх ёстой гэж Би зөвлөж байна. Үүнийг санаж яв!
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?