Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт хүн үнэндээ яаж итгэлтэй байж болох вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).
“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).
“Харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:5).
“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл” (Илчлэл 1:8).
Холбогдох Бурханы үг:
Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь дангаараа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн шинэ эрин үеийг үргэлж авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхийн оронд хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил болон Ариун Сүнснээс олдож төрөлгүйгээр одоо ирж байгаа маань цовдлолын дараа болоогүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүж эхэлдэг. Энэ үе шатан дахь ажил бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас, ийм ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн) хэдий ч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноож, Тэдний махбодод өөр өөр удам судрыг оноодог. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг
Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай байдаг ч махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямартай ч Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанар болон нэгэн адил гарал үүсэлтэй байдаг—энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож, эсвэл гал мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?
Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг. Тэр бидний өмнөөс ажиллахад бүх хөлс хүчээ зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу болдог ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүн Тэр юу болох Түүнд юу байгаа шиг байдаггүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд баймгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүнийх шиг хайр ямар ч бүтээгдсэн зүйлд заяадаггүй юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй
Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгана, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулаад тэдэнд илүү олон үг хэлэхийг хүсэж байна. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлдэг. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн түүнээс татгалзмааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Шинэ төрсөн нярай шиг бүх хүн Намайг ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн “Чидун жимсний уулан” дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг еврейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль хэдийнээс удаан байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилаад, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго юм. Үндэстэн болгон Намайг шүтэн биширч, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн болгон итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдах болтугай!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?