Хуурамч Христийг хэрхэн таньж болох, тэдний шинж тэмдэг юу болох тухай
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Тэр үед хэн нэгэн хүн та нарт, ‘Хараач, Христ энд байна’; эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24:23–24).
Холбогдох Бурханы үг:
Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч махбод дахь дүрээ бүх хүнд харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө байдаг болохоос махбодынхаа мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын төлөө байдаггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, Түүний хийдэг юу ч махбодын хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор ажилладаг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, махбод дахь Түүний ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг хэдий ч тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй, Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин ч Тэрээр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр үлддэг. Христээс гадна, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэрхүү хуурамч Христүүдийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямархуу махбод үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Тийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ бардамнадаг бөгөөд хүнийг мэхлэхийн тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанар байдаггүй; хуурамч Христэд хамаардаг ямар ч элемент Христэд холилдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар үр дүндээ хүрнэ. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал биш, харин үгээ хэлж, хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлх чадвар нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал тул Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хавьгүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан мөн хэдий ч Тэд ав адилхан биш. Есүс хэвийн хүн чанартай, жирийн хүн чанартай байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханаас хүн ямар ч тэмдэг, гайхамшиг харахгүй, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, тэнгис дээгүүр алхахыг ч, эсвэл дөчин өдрийн турш мацаг барихыг ч харахгүй… Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй бөгөөд энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг үймүүлдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул хүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөхийн төлөө байдаг. Өнөөдөр чиний хардаг бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махбод бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бусдын адил өвддөг, яг л бусдын адилаар хоол, хувцас хэрэгтэй болдог; Тэр бүхэлдээ махбод юм. Хэрвээ энэ удаа, бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чаддаг байсан бол байлдан дагуулалтын ажлыг явуулж яаж чадах юм бэ? Энэхүү ажил Харь үндэстний дунд түгж яаж чадах юм бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин авралын ажлын эхний алхам байсан бөгөөд Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан болохоор уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байх ч мөн чанартаа Бурханы Сүнсний өмссөн махбод биш, харин муу ёрын сүнсний өмссөн махан бие байна. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Иймээс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулалтын ажлыг эгэл жирийн, хэвийн махбодоор биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээдэггүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махбодоор үг хэлж, махбодоор хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махбод л Бурханы махбод болсон бие юм; тийм махбод л махбод дахь Бурханы ажлыг гүйцээж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь
Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?