Гашуун хавчлага туулснаар хайр, үзэн ядалт хоёрыг тодорхой ялган таньдаг боллоо

2021-01-24

Жао Жи, Хэбэй муж

Намайг Жао Жи гэдэг бөгөөд энэ жил би 52 настай. Би 14 жилийн турш Төгс Хүчит Бурханыг дагаж байгаа юм. Итгэгч болохынхоо өмнө би бизнес эрхэлдэг байсан бөгөөд хүмүүсийг зугаацуулж, бэлэг сэлт явуулж, уулзалт хийн, байнга завгүй байдаг байлаа. Караоке, мөрийтэй тоглоомын газрууд гэх зэрэг зугаа цэнгээний газраар тогтмол орж гардаг байв. Үүнээс болж эхнэр надтай байнга марган, эцэстээ надаас салж, гэрээс явна хэмээн сүрдүүлэхдээ тулсан юм. Тухайн үед би энэ намагт бүрэн шигдчихээд гарч чадахгүй байсан бөгөөд гэр бүлээ сайтар харж хандахын тулд чадахаараа хичээсэн ч ер чаддаггүй байв. Амьдрал үнэхээр хөөрхийлөлтэй байх шиг санагдаж, би ч эцэж туйлдлаа. 1999 оны 6-р сард Төгс Хүчит Бурханы авралын нигүүлсэл бидэн дээр ирсэн бөгөөд дэлхий ертөнц дэх харанхуй байдал, хүний завхрал нь бүхэлдээ Сатан биднийг хорлож, тоглоом тохуу хийснээс үүдэлтэй гэдгийг эхнэр маань Бурханы үгийг уншин, ах эгч нартай нөхөрлөл хийснээр дамжуулан ухаарсан юм. Тэгээд эхнэр маань надтай хийсэн нөхөрлөлдөө нөхцөл байдлыг минь ойлгож байгаагаа илэрхийлж, сэтгэлээ уудалсан билээ. Би нүглийн тогоонд хөлбөрч явсан гэдгээ, мөн Бурхан үүнд зэвүүцэж, үүнийг үзэн яддаг гэдгийг Бурханы үгийн удирдамжаас олж харсан юм. Хамгийн чухал нь би огт хүн шиг авирлахгүй байснаа харав. Тэгээд гэмшиж, буруутай санагдсан тул Бурханы өмнө шинэ хүн болохоор шийдлээ. Тэр цагаас хойш эхнэр бид хоёр өдөр бүр залбирч, Бурханы үгийг уншдаг болсон бөгөөд нөхөрлөл хийхээр ах эгч нартай байнга цугладаг байлаа. Тэгээд нэг л мэдэхэд бидний хоорондох зөрчил, бидний мэдэрдэг байсан бачимдал ор мөргүй алга болж, амьдрал маань амар жимэр болж, баяр баяслаар дүүрсэн юм. Төгс Хүчит Бурхан гэр бүлийг маань сүйрэхийн даваан дээр байхад нь аварч, бидэнд цоо шинэ амьдрал авчирсан гэдгийг би гүнээ мэдэрч байлаа. Тэгээд асар их талархсанаас гадна Бурханы нигүүлслийг хариулахын тулд өөрийн бүхий л оршихуйг Бурханд өргөхөөр чимээгүйхэн шийдэв. Үүний дараа би үүргээ биелүүлж, сайн мэдээ түгээхэд өөрийгөө бүрэн зориулж эхэлсэн бөгөөд ингэснээр эцсийн өдрүүдэд Бурханы бидэнд авчирсан авралыг илүү олон хүн хүртэж чадах байлаа. Гэвч бурхангүй үзэлт Хятадын Коммунист Намын засгийн газар Бурханыг шүтэн мөргөж, зөв замаар явахыг хүмүүст зөвшөөрдөггүй бөгөөд сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийг ялангуяа зөвшөөрдөггүй. Бурханд итгэж, сайн мэдээ түгээсэн учраас би ХКН-ын засгийн газрын баривчилгаа, хяхалт хавчлагад өртсөн билээ.

2002 оны хаврын нэгэн өдөр байсан юм. Тосгонд сайн мэдээ түгээж байх зуур ах бид хоёрыг нэг хорлонт хүн цагдаа нарт мэдэгджээ. Цагдаа нар тэр даруй ирээд, нөхцөл байдлыг огт магадлалгүйгээр намайг гавлан, цагдаагийн машинд чирч суулгаад хэсэг дээр аваачлаа. Байцаалтын өрөө рүү оров уу, үгүй юу, нэг цагдаа яах ийхийн зуургүй над руу үсэрч ирээд, захнаас зуурч аван, хэдэнтээ чанга алгадсан юм. Тэр даруй толгой эргэн, нүдэнд гал маналзаж эхэлсэн бөгөөд өөрийн эрхгүй бүдчиж, шалан дээр түрүүлгээ харан уналаа. Ам, хамраас цус садарч, нүүр минь улаа дүүгэн өвдөж байв. Үүнийг хараад ёрын муу цагдаа намайг заналтайгаар өшигчиж, “Чи муу новш, миний өмнө дүр эсгээд үзээрэй. Бос!” хэмээн хөмхий зуун, над руу уурслаа. Өөр хоёр цагдаа ирж, хоёр гараас угз татан, хажуулдуулж унагаад, намайг гурвуулаа цохиж, өшиглөж эхлэв. Хамаг бие минь тэсэхийн аргагүй их өвдөж байлаа; би шалан дээр уначхаад, эргээд босож чадахгүй байв. Тэд намайг алуурчны харцаар ширтэж, бар олзоо ажиж байгаа мэт харж байсан юм. Тэдний нэг нь, “Чамайг хэн гэдэг вэ? Хаанаас ирсэн бэ? Тэр хүний гэрт чи юу хийж байсан юм бэ? Хэлэхгүй бол ёстой үзүүлээд өгнө шүү!” гэж зандарлаа. Би Бурханд чимээгүйхэн залбирсан бөгөөд Бурханы өмнө тайван байхын тулд зүрх сэтгэлийг минь хамгаалж, надад итгэл, зориг хайрлаж, тэдний сүрдүүлгээс хулчийлгахгүй байхыг Бурханаас гуйв. Ам нээхгүй байгааг минь харсан үнэхээр догшин төрхтэй нэг цагдаа цахилгаан бороохой аваад, нүүрний минь өмнө урагш хойш савчуулан, албаар тас няс хийлгэлээ. Дараа нь над руу чичлэн, “Чи ярих уу, үгүй юу? Хэлэхгүй бол чамайг үхтэл чинь бороохойдно шүү!” гэж сүрдүүлэв. Би үүнээс нь жаахан айгаад, Бурханд даруйхан залбирав: “Өө Бурхан минь! Ёрын муу энэ цагдаа нарын бүлгийг оролцуулаад бүх зүйл Таны гарт байдаг. Тэд надад яаж ч хандлаа гэсэн Таны зөвшөөрөлтэй байдаг. Би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүснэ. Гагцхүү биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн юм, бас би сул дорой болж, хулчийж байна. Намайг Иудас болгохгүйн тулд надад итгэл, хүч чадал хайрлаж, намайг хамгаалаач. Сатаны өмнөх гэрчлэлийг минь бүү алдуулаач.” Залбирсны дараа Бурханы үгийн дараах хэсэг санаанд орсон юм: “Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурхны өмнө бидний итгэл үнэхээр дутмаг, Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр амтлаг! Бурханы үг бол хүчтэй эм юм! Диаволууд болон Сатаныг шившиг болго! Хэрвээ бид Бурханы үгийг ухаарвал, дэмжлэг авч, зүрх сэтгэлийг маань Түүний үг даруйхан аврах болно! Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахдаа саад бэрхшээлтэй тулж, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг. Хэрэв хүн бүрэг, аймхай бодолтой аваас Сатанд хууртагдаж буй хэрэг юм. Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). “Тийм шүү. Сатаны заль мэхэнд автсан учраас би маш их айсан юм байна. Цагдаа нар хэдий дошин төрхтэй ч бүх зүйл Бурханы гарт байдаг бөгөөд Бурхан миний түшиг тулгуур юм. Би Сатаныг ялахын тулд итгэлдээ түшиглэж, Бурханы үгэнд найдах ёстой!” гэж би бодлоо. Иймээс би ам нээгээгүй бөгөөд намайг ганц ч үг ган хийхгүй нь гэдгийг харсан тэр цагдаа бороохойгоо далайн, над руу нударлаа. Би хүчтэй өвдөлтөд шаналахдаа бэлдэн нүдээ тас аньж, шүдээ зуусан боловч гайхмаар нь бороохойгоор намайг ахин дахин цохьсон хэдий ч, юу ч мэдрэгдсэнгүй. Тэд бүгд үүнийг маш хачирхалтай юм гэж бодоцгоон, гайхсандаа: “Өнөөдөр энэ нэг юм яагаад болохгүй байна аа? Эвдэрчихсэн бололтой шүү—өөр бороохой хэрэглээд үз” гэцгээв. Дараа нь тэд өөр бороохой авчран, намайг тогоор цохиулах гэсэн ч мөн л болсонгүй. “Өө Бурхан минь, Танд талархъя! Та миний залбирлыг сонсоод, намайг нууцхан хамгаалж байгаа юм байна. Та үнэхээр хайр татам, үнэхээр итгэмжтэй юм! Бурхан минь, цаашид би ямар ч харгис тамлалтай учирлаа гэсэн Танд бүхий л зүрх сэтгэлээрээ итгэхийг хүсэж байна. Би гэрчлэлдээ бат зогсохоор шийдсэн!” гэж зүрх сэтгэлдээ би тасралтгүй уулга алдаж байсан юм. Цахилгаан бороохой нь надад огт нөлөөлөхгүй байгааг хараад тэд болих хүсэлгүй хэвээр байсан тул намайг гавлаж, дөнгөлөөд, цагдаагийн машинд чирч суулган, тосгоноос хол орших хоёр давхар байшин руу аваачлаа.

Байшин руу орох үед нэг цагдаа хүйтнээр инээмсэглэж, “Энд юу ч байхгүй, бас энэ газрыг хэн ч, хэзээ ч олохгүй гэдгийг чи харж байгаа байх. Чи энд байгаа юм чинь ам нээхгүй л бол дуусгавар болно шүү. Чамайг энд булчихна, тэгээд хэн ч, хэзээ ч мэдэхгүй. Өөрөө бодоод үз—хэрвээ чи ухаалаг бол мэдэх хэрэгтэй зүйлийг маань хэлнэ биз” хэмээн заналтайгаар өгүүллээ. Үүнийг сонсоод миний зүрх амаар гарчих шахав. Өмнө минь зогсож байгаа цусанд шунасан төрхтэй, гэмт хэргийн ертөнцийн дээрэмчид шиг аашилдаг энэхүү “Ардын цагдаа нар” намайг яах бол гэдгийг би үнэхээр төсөөлж ч чадахгүй байлаа. Бурханыг би зүрх сэтгэлдээ даруйхан дуудаж, айсуй харгис тамлалыг тэвчихийн тулд зовлонг тэсэх хүч чадал, шийдвэр өгөхийг Бурханаас гуйсан юм. Намайг мөн л ам нээхээс татгалзаж буйг хараад хоёр цагдаа над руу заналтайгаар үсэрч ирээд, бүх хувцсыг минь тастаж хаян, нэг тийш зогсоолоо. Тэдний нэг нь хамар луу чичлээд: “Үүнийг хараач—чи үнэхээр ямар ч ичгүүргүй юм” хэмээн дооглонгуй хэлэв. Нөгөө нь хоол эрж буй өлсгөлөн нохой мэтээр хувцсыг минь гадна, доторгүй нэгжиж эхэллээ. Тэгээд эцэст нь ердөө 30 юань олоод, эргэж харан мөнгийг халааслах зуураа: “Чи чинь зүгээр л ядуу амьтан байна шүү дээ!” гэж зүхлээ. Үүнээс нь болж би уур хилэн, үзэн ядалт мэдэрсэн юм. “Энэ цагдаа нар яаж ‘ард түмэнд’ үйлчилж байгаа юм бэ? Зүгээр л ард түмнийг дарангуйлж, эгэл ардуудыг завшдаг бүлэг дээрэмчид, луйварчид л байна даг. Өнөөдөр би үүнийг өөрийн нүдээр үзээгүй сэн бол ХКН-ын худал хуурмагт дахин хэр удаан хууртах байсан юм, бүү мэд” гэж бодлоо. Тэр өдөр баривчлагдсаны минь цаана Бурханы сайн хүсэл байсан гэдгийг би дараа нь ухаарсан юм: Бурхан намайг зориуд зовоосон юм биш, харин ХКН-ын ёрын муу төрхийг тодорхой харуулахын тулд надад ийм зүйл тохиолдож байсан юм. 10 орчим минутын дараа бас нэг цагдаа цахилгааны хоёр утас барин, царайдаа хорон инээмсэглэл тодруулсаар орж ирсэн бөгөөд над руу заналтайгаар дохиж: “Айж байна уу? Хоёр жилийн өмнө ам нээх хүсэлгүй бас нэг гэмт хэрэгтэн байсан юм, гэхдээ тэр тогонд цохиулахыг тэвчиж чадаагүй. Эцэстээ бүх зүйлээ хэлсэн дээ. Бид чиний амыг ч гэсэн нээж чадах нь лавтай!” гэлээ. Намайг тогонд цохиулах гэж байгааг хараад айх, үзэн ядах зэрэгцэв. Ийм тамлал хангалттай удаан үргэлжилбэл би үхэх нь гарцаагүй байлаа. “Бурхан минь, ёрын муу энэ цагдаа нар үнэхээр заналтай юм—үүнийг би давж чадахгүй байх вий гэж айж байна. Махан биеийнхээ сул дорой байдлаас үүдэн Иудас болж, Танаас урвахыг минь болиулахын тулд намайг хамгаалж, хүч чадал хайрлаач” гэж Бурханд даруйхан залбирав. Залбирсны дараа Бурхан намайг гэгээрүүлж, чуулганы энэ магтан дууг санууллаа: “Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой. Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, Түүнд үнэнч байхын тулд би доромжлолыг тэвчинэ. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”). “Тийм шүү. Хаанчлалын ардууд хаанчлалын хүний ёс жудаг, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой—амьдралд шунаж, үхлээс айх нь хулчгар зан мөн. Сатан эрүү шүүлтээр дамжуулан намайг Бурханаас урвуулж чадна, үүгээрээ аврал хүртэх боломжийг минь үгүй хийнэ гэж мунхаглан бодож байна. Би энэ явуулгыг нь яавч бүтэлтэй болгож болохгүй, бас надаас болж Бурханы нэрийг шившиглэж яавч болохгүй” гэж бодогдлоо. Энэ бүхнийг бодмогц миний дотор хүч чадал булгилж, эрүү шүүлттэй нүүр тулах зориг орсон юм.

Яг энэ бүхнийг бодож байхад хоёр цагдаа над руу яаран ирээд, шалан дээр түрүүлгээр минь хэвтүүлэн, дээрээс сандлаар дарлаа. Өөр хоёр цагдаа ирж, миний хоёр талд гараад, хоёр гаран дээр хөлөөрөө талхлав. Хоёр гар минь шалан дээр хадагдсан мэт болж, би огт хөдөлж чадахгүй байлаа. Цахилгаан утас барьсан цагдаа хүчдэлийн хайрцгаас хоёр утас авч, нэгийг нь миний зүүн гарын хуруунд, нөгөөг нь баруун гарын хуруунд уяад, дараа нь хүчдэлийн хайрцгийг асаалаа. Цахилгаан гүйдлийн урсгал тэр дороо миний хамаг мэдрэлээр гүйсэн бөгөөд бадайруулам атлаа зовуурьтай байсан тул бүх бие өөрийн эрхгүй татвалзаж эхлэв. Асар их өвдсөндөө би орь дуу тавилаа. Ёрын муу цагдаа нар аманд минь резинэн шаахай зуулгав. Ийм маягаар ахин дахин тогонд цохиулж, асар их өвдөлт мэдрүүлснээс болж би усан хулгана болтлоо хөлөрсөн бөгөөд удалгүй бүх хувцас нэвт норж, усанд шалба норсон мэт боллоо. Тэр цагдаа намайг тогонд цохиулангаа: “Чи хэлэх үү, үгүй юу? Хэлэхгүй бол чамайг үхтэл чинь тогонд цохиулна шүү! Ам нээхгүй бол ингэдэг юм!” хэмээн бархирсаар байлаа. Би шүдээ чанга зуун, ганц ч ёололгүйгээр өвдөлтийг хүчлэн тэвчсэн юм. Ингэж байгааг минь хараад, тэд намайг илүү урт хугацаагаар тогонд цохиулж эхэллээ. Эцэст нь би цаашид тэвчиж чадахгүй юм шиг санагдаж, зүгээр л үхмээр болов. Тэгээд үлдсэн бүх хүчээ шавхан, дээрээс сандлаар дарж буй хоёр цагдааг түлхээд, дараа нь толгойгоороо шал руу чанга мөргөлөө. Гэвч хачирхалтай нь хатуу цементэн шал гэнэтхэн хөвөн даавуу мэт зөөлхөн санагдаж, хэчнээн их мөргөлөө ч ямар ч нөлөө гарсангүй. Урьд нь нөхөрлөлд байнга гардаг байсан Бурханы үгийн хэдэн мөр яг тэр үед гэнэт санаанд тодхон буулаа: “Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, үлбэгэр, арчаагүй улс юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). “Хэдийгээр махан бие чинь зовдог ч чамд Бурханы үг болон Бурханы ерөөл байгаа. Чи хүссэн ч гэсэн үхэж чадахгүй: Чи Бурханыг мэдэхгүй, үнэнийг олж авахгүй байхаас татгалзаж чадах уу?(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л чи амь зан чанараа өөрчилж чадна”). Би зовлонг тэвчиж чадаагүй тул үхмээр санагдсан, мөн Бурханд гэрчлэл хийгээгүй, харин Бурханыг шившиглэж, Бурханаас урваж буй явдал болно гэдгийг Бурханы үг надад аядуу зөөлнөөр сануулсан юм. Ингэх нь зүрх зориггүй, хулчгар хэрэг бөгөөд ингэх нь Сатаныг огтхон ч шившиглэхгүй. Шал гэнэтхэн зөөлөн санагдсан нь, намайг энэ аймшигт нөхцөл байдалд гэрчлэлд зогсож, улмаар Сатаныг шившиглэж, Өөрт нь алдар сууг авчирна гэж найдсандаа Бурхан намайг чимээгүйхэн болиулж, хамгаалж, үхүүлэхгүй байгаа явдал гэдгийг Бурханы гэгээрэл надад ухааруулсан юм. Бурханы хайр, хамгаалалтыг хараад би асар их урам зориг орж, “Ёрын муу энэ цагдаа нар намайг яаж ч тамлалаа гэсэн би шантрахгүй, бас эцсийн амьсгалаа ч сайтар зарцуулж, Бурханы төлөө гэрчлэлд зогсон, Түүний урмыг яавч хугалахгүй” хэмээн чимээгүйхэн сэтгэл шулуудлаа. Хамаг бие хүч чадлаар дүүрч, тогонд цохиулах бүр ч харгис эрүү шүүлтийг хүртэхээр би шүд зуун бэлдэв.

Намайг бууж өгөхгүй хэвээр байгааг хараад асар их уурласан цагдаа нарын гүрээний судас нь яралзаж байлаа. Тэд нүдэндээ догшин харц тодруулан, шүдээ хавирч, нударга зангидан, намайг залгихаар тэсэн ядаж байгаа мэт харагдаж байлаа. Бүр унтууцаж гүйцсэн нэг цагдаа над руу дайрч ирээд, туг үс зулгаан, толгойг минь хүчээр өргөөд, нүүр лүү бөхийж, араатан төрх гарган ийнхүү хашхичсан юм: “Чи муу новш, ярих юм уу, үгүй юу? Ярихгүй бол турсагыг чинь хуулж хаяад, үхэлтэй чинь уулзуулна шүү. Ам нээхгүй бол тэгдэг юм!” Дараа нь үснээс тавиад, ёрын муу бас нэг цагдаа руу: “Наадхыгаа үхлийн хүчдэлээр цохиул!” гэж галзуу мэт бархирлаа. Ийм өндөр хүчдэлийг би тэсэж чадалгүй, ухаан алдав. Тэд над руу хүйтэн ус цацаж ухаан оруулаад, эрүү шүүлтээ үргэлжлүүлсэн юм. Дахин хэдэнтээ тогонд цохиулсны дараа бүх бие минь тэвчихийн аргагүй их өвдөж байв. Би үнэхээр цааш тэвчиж чадаагүй бөгөөд хэзээ хэзээгүй үхэх гэж байгаа мэт санагдлаа. Энэхүү хямрал дунд Бурхан намайг замчлан, чуулганы энэ магтан дууг бодогдуулсан юм: “Бэрхшээл дунд Бурханы үгийн удирдамж зүрх сэтгэлд минь хүч өгдөг; Анжис барьчхаад би арагш харж болохгүй. Хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрөх боломж олдох нь тун ховор, төгс болгуулах энэ боломжоо би алдаж хэрхэвч болохгүй. Бурханы урмыг хугалбал би насан туршдаа харамсана. Бурханаас нүүр буруулбал би түүхийн хуудаснаа яллагдана.…Зүрх сэтгэл минь үнэнийг л нандигнан, Бурханд үнэнч байдаг, би дахин хэзээ ч тэрсэлж, Бурханд уй гашуу учруулахгүй. Бурханыг хайрлаж, Түүнд туйлын үнэнч байхаар би шийдсэн, хэн ч, юу ч намайг зогсоож чадахгүй. Шалгалт, гай зовлон хэдий хүнд ч бай, Бурханыг алдаршуулахын тулд би гэрчлэлд зогсоно. Үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулснаар утга учиртай амьдралаар амьдарна” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханд туйлын үнэнч байхаар шийдлээ”). Түүнчлэн Бурханы дараах үг бодогдлоо: “Ганц ч болов амьсгаа үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Бурханы үгээр замчлуулаад миний сул дорой зүрх сэтгэл дахин хүч оров. “Сүрэг чөтгөрүүд та нар хэчнээн зэрлэг балмад ч гэлээ миний махан биеийг тамлаж, амьдралыг минь үхлээс долоон дор болгож чадахаас биш, Бурханыг дагах хүслийг минь хэзээ ч өөрчилж чадахгүй. Намайг тамлах тусам ёрын муу царай чинь улам тод харагдаж, Бурханыг дагах шийдвэр минь улам батжиж байна. Та нар надаар ганц ч ах, эгчийг худалдуулж чадна гэж мөрөөдөх хэрэггүй—би өнөөдөр амиа алдах боллоо ч гэсэн, энэ удаад Бурханыг хангалуун байлгана!” гэж би дотроо бодлоо. Амиа золиослоход бэлэн болмогцоо би Бурханы төгс хүчин, мөн намайг гэх өршөөл, хайрыг дахин нэг удаа нүдээр үзсэн юм. Тэд намайг дахин хэдэнтээ тогонд цохиулаад бүх биеийн булчин үнэхээр ноцтой татаж байгааг харсан бөгөөд намайг үхэх вий, өөрсдөө хариуцлага хүлээх вий гэж айсандаа цааш үргэлжлүүлж зүрхэлсэнгүй. Гэвч тэд мөн л бууж өгөлгүй, намайг дахин татаж босгоод, хоёр гарыг минь нурууны ард хүчээр мушгиж, олсоор чанга уялаа. Маш чанга уясан тул хоёр бугуй маш их өвдөн, удалгүй хоёр гар минь хөрж, хавдсан юм; тэгээд маш их хөшиж, бүрэн мэдээ алдав. Ёрын муу цагдаа нар намайг үргэлжлүүлэн тамлахын тулд дүүжлэх гэсэн ч тэднийг татах болгонд олс суларч байв. Маш олон удаа ингэж оролдоод, тэр болгондоо бүтэлгүйтэж таарлаа. Тэд мэл гайхан: “Өнөөдөр чинь юу болоод байна аа? Олс ер арга нь олдохгүй—ёстой хачин юм! Энэ залуугийн аминд хүрч болохгүй гэсэн дохио юм болов уу?” гэцгээв. Өөр нэг цагдаа: “Мартаж үз! Өнөөдөртөө хангалттай. Оройтчихлоо” гэж хэллээ. Намайг олсоор дүүжлэх гэсэн тэр аймшигт цагдаа бууж өгөхөөс өөр аргагүй болсон ч, “Чи өнөөдөр үнэхээр азтай байлаа, гэхдээ маргааш чамд юу бэлдсэнийг минь харж л бай!” гэж над руу чичлэн, заналтайгаар хэлэв. Бурхан намайг дахин нэг удаа хамгаалсан гэдгийг би мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ Түүнд ахин дахин талархлаа. Яг тэр үед Бурханы дараах үг санаанд оров: “Орчлон дээрх бүх зүйл Миний гарт бий. Би хэлбэл, тэр нь биеллээ олно. Би тушаавал, тэр ёссор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг). “Би бол чиний дэмжлэг, чи эрэгтэй хүүхдийн сүнстэй байх ёстой! Сатан үхлийн өмнө эцсийн удаа амь тэмцэн довтолж байгаа ч Миний шүүлтээс зайлсхийж бас л чадахгүй. Сатан Миний хөл дор байгаа ба та нарын хөл дор ч бас гишгэгдсэн–энэ нь үнэн!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Тэр өдөр би Бурханы гайхалтай хамгаалалтыг өөрийн нүдээр үзсэн бөгөөд Бурхан үнэхээр төгс хүчтэй, мөн бүх зүйлийг захирдаг, тэнгэр, газар дээрх бүх зүйл Түүний гарт байдаг, амьтай, амьгүй бүх зүйлийг тэр чигт нь Бурхан захирдаг гэдгийг биечлэн мэдэрлээ. Ёрын муу тэр цагдаа нар ялангуяа Бурханы зохион байгуулалтын бай мөн бөгөөд гаднаа тэд хэдий зэрлэг балмад санагдаж болох ч Бурханы зөвшөөрөлгүйгээр миний толгой дээрх ширхэг үсэнд ч гар хүрч чадахгүй гэдгийг би харсан юм. Би Бурханд итгэх итгэлээ хадгалж, Түүнийг хангалуун байлгахын тулд амиа өгөн, Түүний төлөө гэрчлэлд зогсохыг хүсэж байгаа цагт тэр чөтгөрүүд гарцаагүй шившиг болж, ялагдах байв. Энэ бол Бурханы төгс хүчин, бүрэн ялалтын биелэл байсан юм!

Тэрхүү хоёр давхар жижигхэн байшинд өнөөх цагдаа нар намайг үдийн 2 цагаас оройн 6 цаг хүртэл тасралтгүй тамлаад, дараа нь цагдаагийн хэсэгт эргүүлэн аваачив. Очих үедээ намайг төмөр торонд оруулсан бөгөөд ямар ч хоол унд өгсөнгүй. Өлсөж даарч, бие махбодоороо сульдсан би торны төмрийг налан, тэр өдөр болсон бүх зүйлийг эргэн бодлоо. Тэгээд Бурханы дараах үг санаанд оров: “Хамсаатнуудын1 энэ бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, эмх замбараагүй байдлыг өдөөхийн тулд мөнх бус хүмүүсийн дунд ирсэн. Тэдний замбараагүй явдал дэлхий дээр тогтворгүй байдлыг үүсгэж, хүний зүрх сэтгэлд айдас түгшүүр авчирсан бөгөөд тэд хүнийг гажуудуулсан, ингэснээр хүн тэвчихийн аргагүй муухай араатантай төстэй болж, анхдагч ариун хүний өчүүхэн төдий ч ул мөрийг эзэмшихээ больсон юм. Тэр ч бүү хэл тэд газар дээр дарангуйлагч адил эрх мэдлийг авахыг хүссэн. Тэд, арай ядан урагшлахуйц болтол нь Бурханы ажилд саад тотгор болсон бөгөөд зэс ган хананы цаана байгаа мэтээр хүнийг хаасан. Маш олон нүгэл үйлдэж, маш их төвөг учруулчихаад тэд гэсгээлтээ хүлээхээс өөр зүйлийг хүсэж яаж чадаж байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7). Урьд нь миний хүндэлдэг байсан цагдаа нар үнэндээ асар зэрлэг балмад, заналтай юм гэдгийг би Бурханы үгийг баримттай харьцуулаад эцэст нь тодорхой харлаа. Тэд маш хүндтэй харагдаж, үүрэг, ёс жудгийн талаар үргэлж ам хуурайгүй чалчин, “ард түмэнд үйлчлэгчийн” буянтай дүр эсгэдэг боловч үнэн хэрэгтээ нүд цавчилгүйгээр хүнийг хөнөөж чадах харгис, цэвдэг араатан, чөтгөрүүд юм байна. Итгэгч байсан минь юу нь буруу юм бэ? Бурханыг шүтэн мөргөсөн минь юу нь буруу юм бэ? Ёрын муу тэр цагдаа нар намайг өст дайсан хэмээн үзэж, хүний үнэргүй тийм харгис байдлаар хандан, үхлийн ирмэгт аваачсан юм. Хүн яаж тийм зүйл хийж чадах юм бэ? Тийм зүйлийг чөтгөр л хийж чаддаг бус уу? Тэр цагдаа нар гаднаа хүн төрхтэй ч дотроо үнэнийг болон Бурханыг үзэн яддаг, Бурханы угийн дайсан болох чөтгөр, муу ёрын сүнснүүдийн мөн чанартай гэдгийг би тэр үед л ухаарсан юм. Тэд хүмүүсийг хорлож, залгихын тулд л энэ ертөнцөд амьд сүг сүнс болон ирцгээжээ. Би тэднийг үзэн ядах сэтгэлээр дүүрсний зэрэгцээ Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг гүнээ мэдэрч авсан юм. Хэдийгээр би диаволуудын үүрэнд унасан ч Бурхан үргэлж надтай хамт байж, намайг хамгаалж, үгээрээ урам өгч, тайтгаруулж, өнөөх чөтгөрүүдийн тамлалт, яргаллыг удаа дараа даван гарах итгэл, хүч чадал хайрлаж байсан юм. Хэдэнтээ үхлийн ирмэгт очих үед минь хүртэл Бурхан намайг агуу хүч чадлаараа хамгаалж, мөхлөөс аварсан билээ. Бурханы намайг хайрлах хайр үнэхээрийн бодитой юм! Цаашид энэ чөтгөрүүд намайг яаж ч тамлалаа гэсэн гэрчлэлд зогсож, Бурханыг хангалуун байлгая гэж би өөртөө чимээгүйхэн захилаа. Бурханы үгийн гэгээрэл, удирдамж зүрх сэтгэлийг минь тайтгаруулж, бие махбодын өвдөлт минь мэдэгдэхүйц буурсан юм. Бурханы хайр намайг дагалдан би тэрхүү урт шөнийг давсан билээ.

Маргааш нь хоёр цагдаа өглөөний цайгаа уучхаад торны урд ирж зогслоо. Тэдний нэг нь зальхайгаар инээмсэглэн: “Яажшуухан байна даа? Өнгөрсөн шөнө аливааг сайн бодож үзэх цаг гарав уу? Тэгээд ам нээх үү, үгүй юу?” гэж хэлэв. Би түүнийг зэрвэс харсан ч хариу өгсөнгүй. Үүнийг хараад тэрээр ярианы өнгөө даруй өөрчлөн, тор луу гараа хийж, туг үснээс зулгаан, намайг өөрийн нүүрэн тушаа аваачлаа. Тэгээд тамхины цогоор хамрыг минь түлж, над руу зэрлэгээр харан: “Чамд хэлээд байна шүү, энд маш олон гэмт хэрэгтэн ирдэг, тэгээд ам нээх хамгийн дургүй хүн ч миний гараас гардаггүй юм. Чи энд үхдэггүй юм гэхэд чиний арьсыг амьдаар чинь өвчихдөө л өвчинө!” гэв. Удалгүй өөр хоёр цагдаа орж ирээд, торыг онгойлгон, намайг чирч гаргав. Тэр үед хоёр хөл гулжганан сулраад, би босож чадахгүй байлаа. Тэгээд би шалан дээр уначхав. Нэг цагдаа намайг дүр эсгэж байна гэж бодсон тул хүрч ирээд, зэрлэгээр хэдэнтээ өшиглөн: “Чи үхсэн болж жүжиглэх гээ юу?” хэмээн хашхичлаа. Нөгөө хоёр цагдаа нь намайг өргөж босгоод, нүүр, цээж рүү нударгаараа дэлсэцгээв. Нэлээд ингэснийхээ дараа тэд, миний бие үхсэн мэт сулбайн, хамар амнаас цус гарч, зодуулсаар нүүр минь цус нөждөө хутгалдан бяцарч, мэдээ алдсан байгааг харлаа. “Больж үзье, больцгооё. Наадах чинь удаан тэсэхгүй юм шиг байна, тэгээд бидний гарт үхэх юм бол бөөн төвөг удна шүү” гэж тэдний нэг нь хэлэв. Тэр үед л тэд намайг зэрлэгээр зодож занчихаа больцгоон, хажуу тийш шидэж орхилоо. Тэгээд хоорондоо нам дуугаар ярилцаж байх нь сонсогдсон бөгөөд нэг нь: “Цагдаа байх хугацаандаа ийм хатуужилтай хүнийг хэзээ ч харж байсангүй. Энэ бүх хугацаанд тэр ганц ч үг унагасангүй шүү—үнэхээр айхтар юм!” гэж хэлэв. Сатан толгой гудайлгаж, гутрангуй санаа алдаж байх чимээг би тэдний үгээс сонсон, бүтэлгүйтэлтэй тулгарсан Сатан сандран зугтаж байгааг харж чадсан юм. Түүнчлэн Бурхан алдар сууг олж аваад инээмсэглэж байгааг харж чадан, үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баяслыг мэдэрлээ. Тэгээд Бурханд чимээгүйхэн талархаж, зүрх сэтгэлдээ “Хаанчлал” гэх чуулганы магтан дууг өөрийн эрхгүй дуулсан билээ: “Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж, Христийн хаанчлал биеллээ олоход Түүнтэй би дахин уулзана.… Саад бэрхшээлээс олон ялгуусан сайн цэрэг төрдөг. Бид Бурхантай хамт ялгуусан байж, Бурханы гэрчлэл болдог. Бурхан алдар сууг олох өдрийг харцгаа, энэ өдөр харьшгүй хүчтэйгээр ирдэг. Энэ уул руу бүх ард түмэн цувж, Бурханы гэрэлд алхдаг. Хаанчлалын хосгүй жавхлант байдал ертөнц даяар үзэгдэх ёстой(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Дуулах тусмаа би улам эрч хүч орж байлаа. Бурханыг дагахдаа ийм дарлал, хүндрэл бэрхшээлийг туулж чадсан нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг байсан гэдгийг би мэдэрсэн юм. Итгэл минь эрс нэмэгдэж, Сатантай эцсээ хүртэл тулалдахаа би тангараглалаа. Ийнхүү би бас нэгэн өдрийг давсан юм.

Гурав дахь өдрийн өглөө 9 цагийн үед нэг цагдаа орж ирэв. Тэр орж ирмэгцээ өөрийгөө танилцуулж, тухайн хэсгийн цагдаа нарын ахлагч гэдгээ хэллээ. Тэгээд миний өмнө зогсон, дөлгөөхөн дүр эсгэж, “Та үнэхээр их зовжээ. Өнгөрсөн хоёр өдөрт би хошуунд уулзалттай байсан юм. Сая дөнгөж эргэж ирээд, танд юу тохиолдсон талаар сонслоо. Би тэднийг маш хатуу зэмлэсэн—нөхцөл байдлыг нь эхлээд магадлалгүй, хүнийг яаж ингэж дураараа зодож болдог юм бэ? Ингэсэн нь үнэхээр хэрээс хэтэрсэн байна” хэмээв. Ёрын муу цагдаагийн ийм санаанд оромгүй “сайхан сэтгэл”-тэй учраад би өөрийн эрхгүй будилсан боловч яг тэр үед Бурханы дараах үгээс сануулга авсан юм: “Миний ардууд… цаг ямагт Сатаны зальт аргын эсрэг хамгаалах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 3-р бүлэг). Энэ нь Сатаны нэг заль мэх байна, Сатан мэх нь үйлчлэхгүй байгааг хараад, намайг Бурханаас урвуулж, чуулганыг худалдуулах гэсэндээ зөөлөн арга ашиглаж байна гэдгийг би ухаарлаа. Зүрх сэтгэл минь гэгээлэг болж, өөртөө итгэх итгэлийг дотроо мэдэрсэн юм. “Сатаны заль мэхэнд үндэслэн Бурханы мэргэн ухаан хэрэгждэг. Иймээс чи муу хөгшин диавол хэчнээн овжин, зальхай ч гэлээ намайг замчлах Бурханы үг надад бий. Заль мэх чинь бүтнэ гэж бодож байгаа бол санасны гарз!” гэж би бодлоо. Тэр намайг уруу татахын тулд “чихэнд чимэгтэй үг” хэчнээн олон хэлсэн ч түүнд би ямар ч анхаарал хандуулаагүй юм. Энэ бүхэн нь ямар ч нэмэргүй байгааг хараад эцэстээ тэр явахаас өөр аргагүй болов. Дараа нь хоёр цагдаа орж ирээд, “Чи муу новш, харж л байгаарай. Ам нээхгүй бол чи эндээс хэзээ ч гарахгүй! Бид ямар ч нотолгоогүйгээр чамд ял оноолгож чадна. Харж л бай!” хэмээн уурсан хашхичлаа. Тэдний сүрдүүлгийн өмнө би маш тайван байсан бөгөөд “Бүх зүйл Бурханы гарт байгаа гэдэгт би итгэж байна. Ял авах эсэх минь ч Түүний гарт байгаа. Энэ чөтгөрүүд бус, Бурхан л эцсийн шийдвэрийг гаргадаг юм. Юу ч боллоо гэсэн Бурханы хийдэг бүх зүйл утга учиртай гэдэгт би итгэн, эцсээ хүртэл дуулгавартай дагахад бэлэн байна” гэж дотроо бодсон билээ.

Цагдаа нарт ял оноох ямар ч нотлох баримт байгаагүй боловч намайг суллан явуулах хүсэлгүй хэвээр байв. Тэд хэд хоног дараалан надад хоол унд өгсөнгүй. Тэр орой би маш их өлсөн, бие минь ямар ч тамиргүй болсон бөгөөд энэ маягаараа явбал өлсөж үхэх болов уу гэж бодогдлоо. “Хүмүүсийн хувь заяа Бурханы гарт байдаг тул Бурхан үхүүлэх хүсэлгүй байвал хүн үхэхгүй. Би Бурханы зохицуулалт, зохион байгуулалтад л захирагдах ёстой” гэж яг тэр үед бодогдсон юм. Удалгүй цагдаа нар мөрийтэй тоглож байгаад баригдсан зургаан хүнийг авчрав. Тэр зургаан хүн дор бүрнээ цагдаа нараар хагас килограмм банш авхуулсан бөгөөд цагдаа нар 3.5 килограмм банш авчирлаа. Эцэст нь тэд торгуулиа төлчхөөд дорхноо суллагдсан юм. Тэгээд яг явахынхаа өмнө үлдсэн баншаа цагдаа нарт мэдэгдэлгүй надад өглөө. Бүх хүн, үйл явдал, юмс Бурханы гараар зохион байгуулагддаг гэдгийг би дахин нэг удаа харав. Нүдэнд нулимс цийлгэнэж, тайлбарлахын аргагүй байдлаар сэтгэл минь хөдөлсөн юм. Бурхан хэчнээн хайр татам агаад гайхалтай гэдгийг л би мэдэрч байлаа! Чөтгөрийн үүрэнд би унасан ч Бурхан цаг ямагт дэргэд байж, намайг халамжилж, харж хандаж, дотоод амийн хүч минь болж, Сатаны уруу таталтыг даван туулахад минь ахин дахин дэмжиж байсан билээ. Мөн Тэрээр миний сул дорой байдлыг энэрч, эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад тусалсан юм. Бурхан маш бодитой, Бурханы хайр үнэхээр жинхэнэ!

Зургаа дахь өдөр нь цагдаа нар намайг гэмт хэрэгт буруутгах ямар нэг нотлох баримт олж огт чадаагүй тул 200 юаниар торгоод, намайг сулласан юм. Бурхан энэ бүхнийг захирч байсан бөгөөд хэчнээн их зовлон тэвчиж, хэр олон замаар явах ёстойг минь Бурхан мэддэг гэдгийг би гүнээ мэдэж байлаа—би зовох шаардлагагүй бол Бурхан намайг ганц хоног ч зовоохгүй. Цагдаа нар диаволлог, өөдгүй уг чанараасаа үүдэн намайг тийм амархан суллахыг хэзээ ч хүсэхгүй байсан юм. Иймээс тэр өдөр цагдаа нар намайг суллахыг хүсээгүй гэдгийг би мэдэж байлаа. Гэвч Бурхан цаашид ингэхийг зөвшөөрөөгүй тул тэд яаж ч чадаагүй юм. Бурхан сонгосон хүмүүсээ төгс болгох явцад Сатан болон түүний чөтгөрүүд үйлчлэл үзүүлж байгаа бөгөөд хэдий тэд маш догшин харагддаг ч Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг энэ нь бас надад харуулсан юм. Бид үнэхээр Бурханд түшиглэж, Түүнд захирагдаж байгаа цагт Бурхан биднийг хамгаална, ингэснээр бид чөтгөрлөг бүх хүчнийг ялж, аюулыг эсэн мэнд даван туулж чадах билээ.

Би бүтэн зургаан хоногийн турш цагдаагийн хэсэг дээр тамлуулсан бөгөөд тэрхүү зургаан хоногийн ер бусын туршлага надад ХКН-ын засгийн газрын үзэшгүй муухай төрх, ёрын муу, харгис уг чанар болон мөн чанарыг үнэхээр олж харахад тусаллаа. ХКН бол Бурханд дайсагнагч чөтгөр бөгөөд бүлэг луйварчдаас бүрддэг гэдгийг би харсан юм. Түүнчлэн энэ нь надад Бурханы төгс хүчин, дээд эрх, гайхалтай байдал, мэргэн ухааныг ойлгуулж, Бурханы хайр, авралыг биечлэн туулах боломж олгосон билээ. Бурхан бол төгс хүчит, итгэмжит, агуу, хайр татам Бурхан бөгөөд хүн төрөлхтний итгэл, шүтлэгийг үүрд хүртэх үнэ цэнтэй Нэгэн гэдгийг би ойлгож авсан юм. Үүнээс ч илүүтэйгээр, Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх эрхтэй. Энэ туршлага миний итгэлийн амьдрал дахь эргэлтийн цэг болов. Учир нь би үүнгүйгээр Сатаныг хэзээ ч үнэхээр үзэн ядахгүй, мөн Бурханы талаар жинхэнэ ойлголттой ч болохгүй байв. Тэгвэл Бурханд итгэх итгэл минь маш хий хоосон байх байсан бөгөөд би бүрэн авралд хүрч чадахгүй байх байсан билээ. ХКН-ын тэр харгис хавчлага, дарлалыг туулснаар л би Сатан болон түүний чөтгөрүүд гэж юу болох, газар дээрх там гэж юу болох, харанхуй, ёрын муу хүчин гэж юу болох талаар мэдэж авав. Түүнчлэн, асар харанхуй, ёрын муу, бузар газар болох Хятадад төрсөн би Сатаны савраас мултарч, итгэлийн замаар алхан, гэрэл дэх амьдралыг эрж хайж чадсан нь Бурханы ямар агуу нигүүлсэл, энэрэл болохыг энэ туршлагаар л дамжуулан ухамсарлаж чадсан билээ! Мөн би Бурханы төгс хүчин, дээд эрхийг нүдээр үзэж, Түүний үгийн эрх мэдэл, сүр хүчийг мэдэрсэн юм. Түүний үг үнэхээр хүний амь болж, Сатаны нөлөөнөөс хүмүүсийг аварч, үхлийн хязгаарлалтыг давахад нь тусалж чаддаг. Үүнээс гадна Бурхан л хүмүүсийг үнэхээр хайрлаж, үнэхээр аварч чаддаг бол Сатан болон түүний чөтгөрүүд хүмүүсийг хуурч мэхэлж, хорлож, залгихаас өөрийг чаддаггүй гэдгийг би үнэхээр мэдэрсэн юм. Надад зөв бурууг ялгах боломж олгож, сайн мууг тодорхой харуулахын тулд ХКН-ын дарлалыг ашигласных нь төлөө Бурханд талархъя. Өнөөдрөөс эхлээд би Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохын тулд улам их үнэнийг ойлгож, олж авахаар эрэлхийлж, мөн илүү олон хүнийг Бурханы өмнө аваачин, Түүнийг шүтэн мөргүүлэхийн тулд Бурханы сайн мэдээг идэвхийлэн түгээж, Түүний нэрийг гэрчлэхийг хүсэж байна!

Тайлбар:

1. “Хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адил төрлийнх.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ид залуу насандаа шоронд

Чэньши, Хэбэй муж Бидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүмүүсийн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих