Баривчлагдсаны дараа

2022-01-21

Жоу Ли, Хятад

2013 оны 2-р сарын нэгэн өдөр үд дунд би гурван эгчтэй хамт цуглаан хийхээр явж байгаад биднийг хоёр машин дагаж байгааг ухаарлаа. Цагдаа байж магадгүй гэдгийг ухаараад бид гурав бушуухан эргэж, жижигхэн зөрөг замаар орсон ч холдож амжаагүй байтал машинуудаас дөрвөн хүн гарч ирээд, биднийг удалгүй хөөж гүйцсэн. Дараа нь тэд биднийг машинуудад суулгаад, Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны нэг өрөөнд аваачлаа. Дөрөв, таван цагдаа орж ирээд, намайг ширүүнээр нэгжсэн. Тэгээд гар утас, дэвтэр, дээрээс нь ээмэг, цаг, бөгж гэх зэрэг зүүж байсан зүйлсийг минь хураасан. Хоёр эмэгтэй цагдаа орж ирээд, намайг өөр нэг өрөөнд аваачиж, нэгжлэг хийхээр нүцгэлэн, харж байгаад хэд хэдэн удаа явган суулт хийлгэлээ. Энэ нь үнэхээр ичгүүртэй байсан юм. Тэд үнэхээр ёрын муу шүү. Би яаж тамлуулах бол гэж нэлээд санаа зовсон. Энэ талаар бодоод илүү их айсан учраас залбираад, намайг харж хандаж, итгэл, хүч хайрлахыг Бурханаас гуйлаа. Дараа нь Бурханы ийм үг бодогдсон юм: “Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй бээцийх үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг намайг итгэлээр дүүргэсэн. Бурхан бүх зүйлийг захирдаг, бас цагдаа нар ч Бурханы гарт байсан юм. Бурхан миний ард байхад айх юу байна? Тэд намайг яаж ч байцаалаа гэсэн, бас эрүүдэн шүүлээ ч гэсэн би Бурханаас урваж, чуулганыг худалдаж болохгүй. Нэгжсэнийхээ дараа нэг цагдаа намайг баран сандалд гавлаад, “Чамайг хэн гэдэг вэ? Хаана амьдардаг вэ? Хэзээ итгэгч болсон бэ? Хэлээдэх!” гэж асуулаа. Би ам нээгээгүй. Тэр цагдаа, “Чи чуулганы удирдагч уу? Чуулган хаана мөнгөө хадгалдаг вэ?” гэж асуусаар байсан. Намайг хариулахгүй болохоор тэр уурлаж, бухимдсан царайтай гарч явлаа.

Маргааш нь үд дунд гэхэд би баран сандалд гавлагдаж үлдээд тасралтгүй 20 гаруй цаг болж байсан, тэгээд хоёр хөл хавагнаж, бадайрсан байлаа. Би хөлөө мэдэрч чадахгүй байсан. Дараа нь нэг цагдаа орж ирээд, бах нь ханасан байртай, “Яагаад чамайг одоо байцаахаар ирж байгааг мэдэж байна уу?” гэлээ. Надаас яагаад тийм асуулт асуусныг нь би мэдэхгүй, огт ойлгохгүй байсан юм. Төд удалгүй гурван цагдаа нөхрийг маань үүдэнд авчирч байгаа харагдлаа. Тэд манай гэрийг нэгжиж, нөхрийг маань ч бас барьж ирснийг тэгэхэд ухаарсан. Тэр орой 9 цаг өнгөрч байхад цагдаа нар манай нөхөр, надтай хамт баривчлагдсан гурван эгч бид хэдийг машиндаа суулгаад цагдан хорих газар луу жолоодсон. Нэг цагдаа нь, “Чи сайн бодоод үз. Танай хүүхдүүд нэлээд балчир байна, тэдэнд хоол унд хийж өгч, харж хандах хүн алга. Бидэнд мэддэг бүх зүйлээ хэлбэл чамайг суллая” гэлээ. Би үүнийг Сатаны заль мэх гэдгийг мэдсэн. Сатан намайг хүүхдүүдийнхээ төлөө Бурханаас урваж, бусдыг худалдахад хүргэх гэсэн. Би тэр цагдааг тоогоогүй юм.

Цагдан хорих газарт дөрөв, таван цагдаа биднийг бүгдийг нь нүцгэлж нэгжээд, дараа нь хорих өрөөнд орууллаа. Дотор ормогцоо төмөр хаалга болон харуулд зогсох цагдаа нарыг хараад хачин жигтэйгээр айж, тамд байгаа мэт санагдсан. Хорих өрөөнд ялгадасны эхүүн үнэртэй байлаа. Би шөнөдөө чийгтэй цементэн тавцан дээр унтах ёстой байсан. Бид дор бүрнээ ганц л нимгэн хөнжилтэй, харин миний ор жорлонгийн харалдаа байлаа. Бид бүх зүйлээ бүгдийг нь нэг өрөөнд хийх ёстой болсон. Би байцаалтын өрөөнд 2 хоногийн турш гавлаатай байснаас болоод өвдөж, үзлэг хийсэн эмч намайг 39 хэмд халуурч байна гэлээ. Гэхдээ цагдаа нар намайг жүжиглэж байна гэцгээн, ямар ч эм өгөөгүй.

Дараа нь Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын нэг цагдаа над дээр ирсэн. Тэр цагдаа эхлээд дэл сул яриа дэлгэж, дараа нь гэр бүлийнхээ тухай яриад, надтай найзууд болж болох юм гэлээ. Тэгээд надад зөвлөгөө өгч, “Чи өөрийгөө боддоггүй байлаа ч үр хүүхдээ бодох ёстой. Чамайг ял сонсвол гурван үеэрээ зовно шүү дээ. Хүүхдүүд чинь их сургуульд орж, цэрэгт элсэхгүй. Бод л доо, итгэл чинь гэр бүлээ хэдэн үеэр нь хэрэгт оруулахуйц үнэ цэнтэй юу? Яг одоо гэр бүл чинь тарж бутарч байна. Чамайг итгэдэггүй байсан бол ингэх байсан уу?” гэлээ. Үүнийг сонсоод би үнэхээр уур хүрч, “Гэр бүл маань тарж бутарсан нь миний буруу юу? Бид зөв замаар явдаг итгэгчид, харин та нар л биднийг баривчилж, бүрэн аз жаргалтай айлыг сүйтгэж байна. Гэр бүл минь тарж бутарсны буруутан нь та нар болохоос би биш” гэж бодлоо. Гэхдээ хүүхдүүд минь их сургуульд орохгүй, зовох тухай бодоод намайг тэд үзэн ядах болов уу гэж гайхсан. Энэ нь надад хэцүү зүйл байсан учраас Бурханд чимээгүйхэн залбирч, намайг харж хандаач гэж гуйлаа. Дараа нь Бурханы ийм үг бодогдсон: “Миний ардууд цаг ямагт Сатаны зальхай явуулгаас сэрэмжилж, Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалах ёстой;… ингэвэл тэд Сатаны урхинд унахгүй, эс бөгөөс харамсахад хэтэрхий оройтсон байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 3-р бүлэг). Энэ нь намайг гэгээрүүлж, тэр цагдаагийн сая хэлсэн зүйл нь намайг Бурханаас урвуулж, бусдыг худалдуулахын тулд хүүхдүүдийн минь ирээдүйгээр сүрдүүлэх гэсэн Сатаны заль мэх гэдгийг олж харахад тусалсан. Үүнд би хууртаж болохгүй! Дараа нь тэр намайг ам нээлгэх өөр арга туршсан ч би бас л хариулахаас татгалзлаа. Хэсэг хугацааны дараа тэр надад, “Бид танай гэрт очсон. Бас хүүхдүүдтэй чинь уулзсан. Хөөрхөн хүүхдүүд байна лээ. Бид хүүхдүүдийн чинь видеог хийсэн. Үзмээр байна уу?” гэлээ. Энэ үнэхээр эмзэг цэгийг минь хөндсөн юм. Би хоёр хүүхдийнхээ талаар санаа зовохоо больж ер чадаагүй. Хүү минь 14-тэй, охин минь дөнгөж 9-тэй байсан юм. Цагдаа нар гэрт нэгжлэг хийж байхад тэр хоёр үхтлээ айсан байж таарна. Бас нөхөр бид хоёр цагдаа нарт баривчлагдчихаар тэр хоёр яаж амь зуух юм бэ? Хэн нэгэн тэднийг дээрэлхэх зүйл хийх болов уу? Өвдчихвөл тэр хоёрыг хэн асрах юм бэ? Цагдаа нар тэр хоёрыг сүрдүүлэх гэж очсон бол ямаршуу байдалд оруулах бол? Тэр хоёр сургуульд явах чадвартай хэвээр байх болов уу? Эцэстээ нийгмийн хог шаарнуудын гарт орох болов уу? Ингэж бодоод маш их шаналсан учир даруйхан Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Намайг хамгаалаач. Тэгснээр би Сатаны зальд хуурталгүй, Таны гэрчлэлд зогсож чадна” гэлээ. Дараа нь Бурханы ийм үг бодогдсон: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Би үүнийг толгойдоо эргэцүүлэнгээ аажмаар тайвширлаа. Хүн юу ч тууллаа гэсэн хамаагүй, хэр их зовох нь Бурханы гарт байдаг. Хятад гэх энэ эзгүй хотод Бурханыг дагадаг хүн бүхэн дарлуулах нь лавтай, тэгээд бид бие биедээ тусалж чаддаггүй. Нөхөр бид хоёр баривчлагдаад, шоронд зовж, гэртээ хүүхдүүд минь бас зовж байхад хэчнээн санаа зовлоо ч бид юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ. Би залбирч, Бурханы гарт хүүхдүүдээ даатган, тэднийг хамгаалаач гэж гуйлаа. Тэгээд тэр цагдаад, “Тэр видеогоо өөрөө л үз!” гэсэн. Үүний дараа тэр цагдаад нэмж хэлэх юм олдоогүй.

Цагдан хорих газарт би удаан хугацааны туршид тэр тавцан дээр унтсаар байх ёстой болсон, тэгээд 7-р сар гэхэд гар, хөл хөндүүрлэж, хавагналаа. Төд удалгүй үе мөч маш их шархиран ямар ч хүйтэн юманд хүрч чадахгүй болж, шөнө бүр унтаж ч чаддаггүй байлаа. Дараа нь аливаа зүйл улам бүр бүрэлзэж эхлэн, бүх зүйл эрээлжилж байсан. Миний толгой эргэсэн юм. Тэгээд даргад өвдсөн гэдгээ мэдэгдсэн ч тэр намайг үхнэ үү, сэхнэ үү хайхраагүй. Би маш их сул дорой болж, шаналж, сохорчихвол яана аа гэж гайхширч байлаа. Зүрх сэтгэлдээ Бурханыг цаг үргэлж дуудахын хажуугаар Бурханы үгийн ийм магтан дуу дотроо аялж байсан: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Шалгалтын шаналал бол Бурханы ерөөл юм”). Бурхан намайг сул дорой, сөрөг байдалд амьдруулахыг хүсээгүй, харин бэрхшээл, шалгалтаар Бурханыг гэх итгэл, хайрыг минь төгс болгож, үүний зэрэгцээ агуу улаан лууг зүрхнийхээ угаас үзэн ядаж, голж чаддаг болгохын тулд ялган таних чадварт суралцах, тэдний ёрын мууг харахад минь тус болохыг хүссэн гэдгийг би мэдсэн. Үүнийг ойлгомогц хамаг шаналан алга болсон юм.

10-р сард намайг хотын цагдан хорих газарт аваачсан. Тэндхийн уур амьсгал илүү сэрүүхэн байсан учир миний үе мөчний өвдөлт улам хүндэрч, цаг үргэлж толгой өвддөг боллоо. Эм авах гэж үзсэн ч харгалзагчид өгөөгүй. Өдөр ирэх тусам миний бие муудаж байгаад, дараа нь нэг өдөр үд дунд толгой маш их өвдөөд өрөөндөө ухаан алдчихлаа. 4 цагт харгалзагчид эцэст нь хоёр хоригдлоор намайг чирүүлэн дусал хийлгэхээр эмнэлэгт аваачсан. Гуравны нэг орчим нь хийгдсэн байх үед жижүүрлэж байсан хоёр цагдаа хоол идэхээр явж, зүүг зүгээр л сугалаад, намайг шууд хорих өрөө рүү буцаалаа. Тэр орой 9 цаг өнгөрч байхад дахиад толгой өвдсөн. Харгалзагчид намайг хоёр хоригдлоор харуулсан ч эм өгөхгүй л байлаа. Маргааш нь би дахиад ухаан алдсан. Би эрүүдэн шүүгдсэнээр өвчинд баригдсан тухайгаа бодож, энэ бүгд хэзээ дуусах бол гэж гайхан, маш сул дорой болж байсан. Тэнд үхэх болов уу гэж бодсон шүү. Ингэж бодоод сул дорой болж, арга мухардсан. Энэ бүгдийг даван туулахын тулд намайг хамгаалаач гэж Бурханыг цаг ямагт дууддаг байлаа. Тэгээд “Шалгалтад итгэл шаардлагатай” гэх Бурханы үгийн магтан дууг санасан: “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Энэ тухай бодоод, Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд зүрх сэтгэл минь зовохыг зөвшөөрч байгааг олж харсан. Энэ нь Бурханы ерөөл байлаа. Иов шалгалт туулж, яр шарханд баригдсан үеийг би бодсон. Иов үнэхээр их зовсон ч овоолсон үнсэн дээр сууж, ваарын хэлтэрхийгээр биеэ маажаад, Бурханыг хэзээ ч буруутгаагүй. Иов итгэлдээ найдан, Бурханд гэрчлэл хийсэн. Би ч бас Иов шиг байж, итгэлдээ найдахыг хүссэн. Миний энэ амьсгалыг Бурхан өгсөн учраас Бурхан үхэхийг минь зөвшөөрвөл би захирагдахад бэлэн байна. Амь амьсгаатай байгаа цагт би гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэнэ. Гайхмаар нь, намайг захирагдахад бэлэн болмогц үе мөчний шархираа, толгойн өвчин аажмаар дээрдлээ. Бурханы хайр хэр бодитойг, Бурхан үргэлж дэргэдээс намайг харж хандаж байдгийг энэ харуулсан. Үүгээр итгэл минь үнэхээр бэхэжсэн шүү.

2013 оны 12-р сард, Коммунист Нам надад, “хууль сахиулахад саад учруулахаар шиэ жиао ашигласан” гэх ял тулгаж, дөрвөн жилийн ял оноосон. 2014 оны 1-р сард намайг эмэгтэйчүүдийн хорих газар луу явуулсан юм. Шоронд байхад цаг үргэлж түгшүүртэй байлаа. Бүх зүйлийг хийж байхад, хооллож, ажиллаж, унтаж, бүр ариун цэврийн өрөө ашиглаж байхад ч намайг хүн ажигладаг байсан. Тэнд бид 12-уулаа байж, бие биеэ ажигладаг байсан юм. Хэн нэгэн алдаа гаргавал бүгдээрээ шийтгүүлдэг байсан. Ноцтой бол биднийг ганцаарчлан хорино. Гэхдээ хамгийн муухай нь хүнд хар бор ажил байлаа. Харгалзагчид бидэнд мөнгө үйлдвэрлэдэг машин мэт хандаж, элдэв янзын хувцас оёулж, индүүдүүлж, баглуулдаг байсан. Бид ихэнхдээ олон зуун мянган хувцас хийх ёстой болдог байлаа. Ажлын квот маань дуусгахад дэндүү их байсан. Тухайн үед миний хараа муу байсан учраас тодорхой харахад хэцүү байсан, тэгээд харгалзагчид над руу цаг үргэлж хашхичиж байлаа. Би нэг хүнтэй хамт индүүдлэгийн зургаан том ширээнээс хувцас авч өлгөн, өдөржин нааш цааш гүйж, 10 гаруй цаг ажиллах ёстой байсан. Хөлөн дээр байнга цэврүү үсэрч, тэндээс нь идээ гоожоод, оймсонд наалдана. Хэчнээн их өвдсөн ч ажилласаар л байх ёстой болж, дуусгаж чадахгүй бол зодуулдаг байсан. Гурван сарын дараа харгалзагчид надаар индүүдлэг хийлгүүлж эхэлсэн учир би 3 кг индүү бариад, өдөрт 10 гаруй цаг хувцас индүүдэх ёстой боллоо. Маш удаан хугацааны турш оройтож ажилласны дараа эрүүл мэнд үнэхээр муудаж эхэлсэн юм. Үйлдвэр дээр ажиллаж байгаад хоёр удаа ухаан алдаж, ухаан орох үедээ ажлаа үргэлжлүүлэх ёстой болсон. Тэнд байхад үнэхээр тамд унасан мэт санагдаж, аймшигтай байсан шүү.

Би Бурханы үг, Бурханы хайрын тухай бодон маш их цагийг өнгөрүүлсэн. Надад ийм нэг хэсэг бодогдсон юм: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг). Шалгалт, гай зовлон дунд ялагчид бий болдог, тэд ямар ч бэрхшээл тууллаа гэсэн Бурханд захирагдаж, үүрд үнэнч байж чаддаг гэдгийг ойлгоход минь энэ тус болсон юм. Бурханы гэрчлэлд зогсох боломж олдсон нь Бурханы надад өгсөн нигүүлсэл, ерөөл байсан, би сул дорой болж, зовлон туулсан ч хамаагүй Бурханд түшиглэн гэрчлэлд зогсож, Сатаныг ялах ёстой байлаа! Бурханы үгийн удирдамж л надад итгэл, хүч чадал өгч, эцэст нь би шорон дахь тэр аймшигт цаг үеийг даван туулж чадсан.

Суллагдсан өдөр тэд намайг орон нутгийн шүүхийн байранд аваачсан юм. Манай нөхөр шоронд ердөө 40 хоносны дараа суллагдсан, тэгээд 2014 оны 9-р сард дахин баривчлагдаж, дараа нь 3 жил хагасын ял сонссон гэж тэндхийн нарийн бичгийн даргын орлогч хэллээ. Тэр надад, “Одоо чи суллагдсан юм чинь үр хүүхдүүдээ л асарч, Бурханы тухай март. Та хоёрыг итгэгч учраас хүүхдүүд чинь энэ бүх хугацаанд хоёулхнаа байлаа, өнгөрсөн энэ хэдэн жилд тэд ахынд чинь байх ёстой болсон” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод маш их дургүй хүрсэн шүү. Бид хоёр зүгээр л итгэгч болохоороо хоригдож, гэр бүл маань тарж бутарсан. Үүнд өөр ямар ч шалтгаан байгаагүй. ХКН бүр биднийг гүтгэж, итгэлээсээ болоод гэр бүлийнхээ талаар хайхардаггүй гэцгээсэн. Тэд үнэнийг гуйвуулж байсан юм!

Гэртээ харьтал хашаа маань зэрлэг ургамалд баригдчихсан, өвсөн дээр энд тэнд ширээ, сандал, таваг шидэгдчихсэн байгаа харагдлаа. Ширээг авах гэж очоод гар хүртэл салаад уначихсан. Зочны өрөөний үүдэн дээр хаалга онгойлгох үед буйдан, шүүгээнүүд бүгд уруугаа харсан байлаа. Ёстой замбараагүй байсан шүү. Бүх зүйл зузаан тоосонд дарагдаж, гал тогооны суурь бүхэлдээ 3 см шахам доош суусан байлаа. Тэр ч бүү хэл ханан дээр нэг хуруу хэрийн өргөнтэй цуурсан байсан. Тухайн үед энэ бүгдийг хараад үнэхээр хэцүү санагдаж, би уйлаад л байлаа. Эцэст нь хүүтэйгээ уулзаад, өнгөрсөн хэдэн жилд ямаршуу байсныг нь асуухад хүүгийн минь хоолой зангирч, “Ээж ээ, тосгоны маань хүмүүс надтай уулзаад, албаар та хоёрын тухай асуудаг байсан. Би зүгээр л тэднээс зайлсхийх гэдэг байсан. Гадагшаа гарахгүй, хэнтэй ч уулзахгүй байх гэж хичээсэн. Манай ангийн маш олон хүүхэд надаар доог тохуу хийж, гэмт хэрэгтнүүдийн хүү гэцгээсэн. Тэгээд сургуульд явмааргүй болсон” гэлээ. Хүүгээ ингэж хэлэхийг сонсоод нулимсаа барих ёстой болсон юм. Ердөө л хүүхэд мөртөө манай хүү ээж нь итгэгч болохоор л өрөөл бусад, тэр ч бүү хэл ангийнхныхаа гадуурхалтай тулгарсан. Би Намыг голдоо ортол үзэн ядсан юм!

Гэртээ очоод удаагүй байтал Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын нэг багш, орон нутгийн албаны хэдэн хүн манай гэрт хоёр хүн авчраад орж ирэнгүүтээ миний зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж эхэллээ. Тэд манай гэрийн дүрс бичлэгт зөвхөн улаан цайм худал хуурмагаар дуу оруулаад, видео хийсэн. Тэгээд итгэгчид талбайд ямар ч ажил хийдэггүй, гэр бүл, ахмад настан, үр хүүхдээ харж ханддаггүй, дунд сургуульд сурдаг хүүхэд маань амь залгуулахын тулд сургуулиа хаяад, явж мөнгө олж, хар бор ажил хийх ёстой болсон гэж ярьсан. Дараа нь тэр видеог аваачаад гадаа гудамжнууд дахь том зурагтууд, аль эсвэл хот тойрон явдаг машины том дэлгэц дээр гаргасан. Машин явах болгонд үүнийг үзүүлдэг байлаа. Эдгээр цуу яриа, гүтгэлэгт өртсөний маань дараа бид хоёрыг Төгс Хүчит Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдаж, хоригдсон гэдгийг одоо хотын бараг бүх хүн мэддэг болсон. Гэр бүл, найз нөхөд маань надаас зайлсхийгээд, надтай ярьж зүрхлээгүй. Коммунист Нам энэ видеог аваачаад хүүхдийн маань сургууль дээр ч үзүүлсэн, тэгээд эцэг эхэд нь хүн сайн мэдээ түгээж байгаа харагдвал цагдаа дуудаж, тэднийг мэдэгдэх хэрэгтэй гэж багш нар нь сурагчдадаа хэлсэн байна лээ. Гэмт хэрэгтнүүдийн охин гэж бусад хүүхэд дооглоод байна гээд охин маань уйлчихсан гэртээ ирсэн. Хэд хоногийн турш гэртээ уйлж бүгчхээд, сургуульдаа явахгүй байлаа. Охин минь үргэлж маш цоглог, яриа хөөрөө сайтай, үнэхээр аз жаргалтай, эрч хүчтэй байдаг байсан бол харин одоо үнэхээр зожиг болж, огт юм ярих хүсэлгүй болсон. Манай хүү ч бас үнэхээр сэтгэлээр унасан. Тэгээд болоогүй. Тэд бас ядуу өрхүүдийн талаар хэлэлцэх нэрийдлээр тосгоны хурал хийгээд, биднийг итгэлээсээ болж нийгмийн дэг журам алдагдуулсныхаа төлөө баригдсан учраас гэр бүлээ тэжээх аргагүй болж, тосгоны бусад хүнээс хандив хэрэгтэй боллоо гэцгээсэн. Зарим нь үүнд итгээд, биднийг хариуцлагаа үүрэхгүй байна гэж шүүмжилсэн. Тэд бас манай ах, ахын эхнэр болон эргэн тойрны хүмүүсийг маань ашиглан намайг ажиглаж, мөшгөсөн. Тухайн үед би ах эгч нартайгаа уулзаж чадахгүй, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж чадахгүй байлаа. Энэ нь гэрийн хорио шиг байсан. Би маш их шаналж, Намыг голдоо ортол үзэн ядсан.

Дараа нь Бурханы ийм үг уншсан юм: “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,1 балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Нам Бурханыг үзэн ядаж, хүмүүсийг хорлодог диаволоос цаашгүй гэдгийг би энэ дарлалаар л үнэнхүү олж харсан. Тэгээд тэднийг туйлын их жигшиж, тэднээс үнэхээр харилцаагаа таслахад хүрсэн. Үүний хажуугаар би Бурханы хайрыг олж харсан. Сатан намайг зовоож, тамлаж байхад Бурханы үг л надад итгэл, хүч өгч, алхам алхмаар намайг замчилж байсан юм. Би бас Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг биечлэн мэдэрч, Бурханд итгэх итгэл минь нэмэгдсэн. Энэ бүгдийг олж авсан нь гагцхүү Бурханы хайр, ерөөл байсан юм! Бурханд талархъя!

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих