Бурханы үг бол миний амийн хүч чадал билээ

2021-01-24

Шу Жиган, Тяньжинь

Урьд нь би Хятадын уламжлалт үзлийн нөлөөнд гүн автаж, үр хүүхдүүд, ач зээ нартаа зориулж үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг амьдралынхаа зорилго болгосон байлаа. Үүндээ хүрэхийн тулд би автомашин засварлах технологи сурахад өөрийгөө зориулсан юм. Түүнчлэн засварын газар нээсэн бөгөөд бизнес маань нэлээд сайн явж байв. Амьдралынхаа тэр үед би хувь заяагаа өөрөө хянадаг гэж итгэдэг байсан тул бэр эгч маань Эзэн Есүсийн сайн мэдээг надад номлох үед хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй үнэндээ эгчийгээ дооглосон билээ. Учир нь Эзэнд итгэлгүйгээр мөн л сайхан амьдарч чадах юм шиг санагдсан юм. Гэвч сайхан цаг үе удаан үргэлжилсэнгүй. Засварын газрын бизнес маань улам дордсоор байсан бөгөөд би хэчнээн шаргуу ажиллаа ч яаж ч чадаагүй юм. Нөхцөл байдлыг өөрчлөх гэж оролдсоор би эцэж цуцсан бөгөөд туйлдаж, хөөрхийлөлтэй болсон тул сэтгэл зовнилоо намжаахын тулд өдөржин архи уудаг боллоо. Улмаар нэг өдөр жолоо барьж байхдаа анхаарал алдан, осол гаргаж орхив. Машин минь танигдахын аргагүй болтлоо хэмхэрсэн ч аз болж би гайхамшигтайгаар амьд үлдсэн юм. Удалгүй 1999 оны хавар эхнэр маань надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлолоо. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би зарим үнэнийг ойлгож авсан бөгөөд хүмүүст Сатаны шингээдэг амьдралын зарчмыг хүлээн зөвшөөрснөөсөө болж ийм хөөрхийлөлтэй, арга мухардсан байдалд амьдарч байснаа мэдсэн юм. Би өөрийн хичээл чармайлтад түшиглэн аз жаргалтай гэр орон бүтээхийг хүссэн бөгөөд үүнийхээ үр дүнд туйлын их зовлонд унаж, амиа алдах шахтлаа хууртсан байв. Төгс Хүчит Бурхан л намайг үхлийн ирмэгээс эргүүлэн авчирч, гэртээ аваачсан болохоор өршөөл үзүүлснийх нь төлөө Түүнд би үлэмж их талархсан билээ. Тэр цагаас хойш би өдөр бүр Бурханы үгийг уншиж, ах эгч нартайгаа хамт цуглаанд оролцон, нөхөрлөл хийдэг байсан бөгөөд зүрх сэтгэл минь гэрлээр дүүрлээ. Би үүндээ баясан, амьдралын жинхэнэ замыг олсондоо баярлан хөөрч байсан юм. Гэвч удалгүй би Бурханд итгэдгээсээ болж ХКН-ын засгийн газрын баривчилгааны бай болсон тул гэр бүлээ орхин, нуугдахаас өөр аргагүй болов. Тэр үед би сул дорой үеүдийг туулсан боловч хаашаа ч явж, Сатаны чөтгөрүүдэд яаж ч хөөгдлөө гэсэн Бурханы үг намайг замчилна гэдэгт итгэж байлаа. Арав гаруй жилийн дараа би Бурханы үгийн удирдамж, хангалтаар дамжуулан зарим үнэнийг аажмаар ойлгож авсан бөгөөд амьдрал минь маш сэтгэл хангалуун байв. Үүний дараа баривчлагдаж, хяхалт хавчлагад өртсөн цаг хугацааныхаа туршид би Бурханы үг бол миний амийн хүч чадал гэдгийг улам бодитоор мэдэрсэн юм. Учир нь Сатаны харгис эрүү шүүлт, тамлалт дунд айдасгүйгээр цэх, бат зогсох боломжийг Бурханы үг л олгосон бөгөөд улмаар би эцэст нь Сатаныг бүрэн шившиглэж чадсан билээ. Энэ туршлагын дараа би Бурханы үгийг улам их нандигнах болж, Бурханы үгээс хоромхон зуур ч хагацаж чадахаа больсон юм.

2013 оны 2-р сарын нэгэн өдөр би хэдэн ах эгчтэй хамт гадуур сайн мэдээ түгээж байсан боловч буцах замд маань суудлын машин биднийг зогсоолоо. Тэр машинаас гурван цагдаа бууж, хэн болохыг маань асуусан бөгөөд өөр нутгийн аялгыг минь сонсоод тэд учир шалтгаанаа ч хэлэлгүй намайг албадан нэгжив. Тэгээд Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны 700 гаруй юаньтай карт, 300 гаруй юанийн бэлэн мөнгө, гар утас, MP5 тоглуулагч, сайн мэдээний зарим мэдээллийг миний халааснаас хураасан юм. Төгс Хүчит Бурханд итгэгч гэдгийг минь олж мэдмэгцээ нэг цагдаа маш ширүүн төрхтэй болж, намайг хүчээр гавлаад, машин руу түлхэн суулгав. Цагдаагийн хэсэг дээр тэд намайг ханан тушаа зогс гэж тушаасан бөгөөд тэнд нэг цагдаа надаас: “Чамайг хэн гэдэг вэ? Гэр чинь хаана вэ? Хэн чамд Бурханд итгэх тухай номлосон бэ?” гэж хатуухан асуулаа. Намайг хариулахгүй байхыг хараад тэр цагдаа даруй дүрсхийн уурлаж, галууны өдөн хүрмийг минь тайлж хаяад, намайг цааш харуулан, цамцыг минь нуруунаас толгой дээгүүр тохоод, бороохойгоороо нуруу руу заналтайгаар цохив. Хэд цохих бүрдээ надаас “Одоо чи хэлэх үү?” гэж асууж байлаа. Арван таван удаа дараалан цохисны дараа нурууны мах урагдсан мэт санагдсан бөгөөд нуруу хугарах мэт болж маш их өвдсөн юм. Гэхдээ би яаж ч зодууллаа гэсэн ам нээсэнгүй. Эцэст нь тэр уурласандаа шүлсээ үсэргэн, “За яах вэ, би бууж өгье! Чамайг ингэж цохихоор бугуй өвдөөд байна, бас чи ч ам нээхгүй юм байна!” гэж хашхичив. Бурхан намайг хамгаалж байгааг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан юм. Ингэж харгис зодохыг би өөрөө тэсвэрлэж чадахгүй байх байлаа. Бурханд би чимээгүйхэн талархав.

Зодох нь үр нөлөөгүй байгааг хараад тэд аргаа өөрчлөв. Энэхүү ёрын муу цагдаа нарын нэг нь нэг метр орчим урттай, зургаан сантиметрийн голчтой саваа авчраад, “Үүн дээр өвдөглөхийн ‘жаргалыг амсуулъя’, тэгээд наадах чинь ам нээх нь үү харцгаая!” гэж ёрын байдлаар маасайлаа. Ийм саваан дээр 30 минутын турш өвдөглөсний дараа хүн цэх зогсож, алхаж чаддаггүй тухай би сонсож байсан юм. Ийм төрлийн эрүү шүүлттэй тулгараад сүнслэг биеийн хэмжээ минь хэтэрхий жаахан байгааг би мэдэрсэн бөгөөд махан бие минь үүнийг тэсвэрлэж чадахгүй мэт санагдаж байв. Би айсандаа Бурханыг хамаг чадлаараа дуудлаа: “Бурхан минь! Миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бас би ийм тарчлааныг тэсвэрлэж чадахгүй гэж айж байна. Зүрх сэтгэлийг минь хамгаалж, энэ тарчлааныг тэсвэрлэн Танаас урвахгүй байх хүч чадал хайрлаач.” Бурханыг би ахин дахин дуудсан бөгөөд махан бие минь сул дорой гэдгийг Бурхан мэдэж байсан юм. Эцэст нь энэ ёрын муу цагдаа нар ийм эрүү шүүлт хэрэглэхгүй байхаар шийдсэн тул Бурхан залбирлыг минь сонсжээ. Нүдний минь өмнөх баримтууд намайг гэх Бурханы өршөөл, хамгаалалтыг харуулсан нь Бурханд итгэх итгэлийг минь нэмэгдүүлж, айдсыг минь нэлээд намжаалаа. Хэдийгээр тэд эрүү шүүлтийн тэр аргыг хэрэглэхгүй гэж шийдсэн ч намайг суллахыг хүсэхгүй хэвээр байв. Оронд нь тэд эрүү шүүлтийн өөр нэг арга бодож олжээ. Тэд бэлхүүсийг минь эгцлэн газар дээр хүчээр сөгдүүлээд, дараа нь 1.8 гаруй метр өндөртэй булиа эрэгтэй цагдаагаар хоёр шилбэн дээр минь зогсуулж, хамаг чадлаар нь дэвслүүлэв. Түүнийг шилбэн дээр минь зогсмогц янгинасан өвдөлт мэдрэгдсэн бөгөөд дараа нь би Бурханд хамаг чадлаараа залбирлаа: “Бурхан минь! Би ийм хүний үнэргүй эрүү шүүлтийг тэсвэрлэж чадахгүй нь, гэхдээ би Таныг хангалуун байлгахыг хүсэж байгаа тул надад итгэл, хүч чадал өгч, зовлонг тэвчих хүсэл зориг хайрлаач гэж Танаас гуйя. Би Таны төлөөх гэрчлэлдээ бат зогсмоор байна.” Миний залбирлыг дахин нэг удаа сонссонд нь Бурханд талархъя. Тэрхүү махлаг цагдаа хоёр шилбэн дээр минь тэнцвэрээ олж чадаагүй тул удалгүй буулаа. Хажууд нь байсан ёрын муу цагдаа дүрсхийн уурлаж, “Чи муу нэмэргүй тэнэг амьтан! Яалаа гэж ийм амархан бууж байгаа юм бэ?” гэв. Энэ чөтгөрүүд үнэхээр зүйрлэшгүй хорон муу, заналтай байсан юм. Тэд намайг тамлахын тулд байж болох бүх аргыг бодож олсон бөгөөд амийг минь хөнөөх сөн гэхээс тэсэж ядан, миний үхэлд л сэтгэл нь ханах мэт байлаа. Тэд намайг өвдөг дээр минь хүчээр цэх зогсоон, хөдөлгөхгүй байсан юм. Дараа нь нэг цагдаа бусад руугаа учиртай харц чулуудахад бусад нь бүгд гарцгаан, өрөөнд тэр цагдаа намайг манан үлдэв. Тэр над руу дөхөж ирээд, зулгуйдах гэж оролдон худлаа инээмсэглэж, “Манай ээж ч бас Бурханд итгэдэг. Чи яаж яваад итгэдэг болсноо ярь л даа. Би бас чамтай хамт Бурханд итгэмээр байна, тийм болохоор намайг аваачиж, дарга нартайгаа уулзуулаач” гэлээ. Түүний худал үгийг сонсож, хуурамч инээмсэглэлийг нь хараад би туйлын их ой гутсан юм. Түүний заль мэхийг яг илчлэх гэж байхад маань Бурханы ийм үг гэнэт санаанд орлоо: “Чи дотроо Миний зоригийг тээж…. Харин чи Миний төлөө аль ч харанхуй хүчинд бас автагдах ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухаанд найд; Сатаны хуйвалдаан үйлчилж эхлэхийг бүү зөвшөөр(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг намайг цагаа олсон удирдамжаар хангаж, Сатаны өмнө эр зоригоос илүү мэргэн ухаан надад хэрэгтэй гэдгийг ойлгуулсан юм. Сатантай тэмцэх мэргэн ухаан хүртэхийн тулд бид цаг ямагт Бурханд найдах ёстой. Бурханы үгийн гэгээрэл, удирдамжаар дамжуулан юу хийхээ мэдсэн тул би: “Хэрэв та үнэхээр итгэмээр байгаа бол Бурханы үгийг гэртээ уншихад л болно. Гадуур гарч, хэнтэй ч уулзах шаардлагагүй” гэж хэллээ. Ингэж хэлж дуусмагц намайг зодсон ёрын муу цагдаа орж ирээд, “Чамтай ажиллана гэдэг ч ёстой нэг толгойны өвчин юм аа!” гэж хорлонтойгоор хэлсэн юм. Сатан бүтэлгүйтэж, шившиг болсон гэдгийг би мэдэж байсан тул Бурханд чимээгүйхэн талархав. Бурхан үргэлж надтай хамт байж, намайг замчилж, зоригжуулан, диаволын хар гарын хүчирхийллийг гайхамшигтайгаар хааж байгааг би харсан юм. Намайг гэх Бурханы хайр тун агуу юм! Тэр мөчид би шоронгийн өрөөнд хоригдож байсан ч Бурхантай харилцах харилцаа минь урьд урьдынхаасаа илүү ойр дотно байгааг мэдэрсэн бөгөөд маш их түшиг тулгууртай санагдаж, тайван байлаа. Тэд намайг хоёр цаг гаруйн турш хүчээр өвдөглүүлсэн юм. Эцэст нь шөнийн нэг цаг өнгөрч байхад тэд байцаалт нь ямар ч үр дүнгүй байгааг ухаараад яаж ч чадалгүй гонсгор байдалтайгаар явж одов.

Хоёр дахь өдрийн өглөө нь цагдаа нар намайг Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны салбар луу аваачлаа. Байцаалтын өрөөнд орсны минь дараа эрүүгийн цагдаагийн дарга надаас: “Чамайг хэн гэдэг вэ? Гэр чинь хаана байдаг вэ? Хэн чамайг Бурханд итгэх итгэлтэй танилцуулсан бэ? Чи хэр удаан Бурханд итгэсэн бэ? Хэнтэй холбоотой байдаг вэ? Бүгдийг нь хэлээтэх, хэлэхгүй бол харамсана шүү!” гэж ууртайгаар асуув. Гэвч түүнийг юу ч асуулаа гэсэн би ямар нэг юм хэлсэнгүй. Тэрээр бүхий л өдөржингөө хатуу, зөөлөн аргын аль алийг нь ашиглан намайг байцаасан ч юу ч олж сонсоогүй бөгөөд эцэст нь багтартлаа уурлан, “Чи хэлэхгүй юм биз дээ?! Цагдан хорих газрын амьдрал чамд таалагдах нь уу, харъя л даа! Асуудлыг хүндрүүлмээр байгаа бол бид хүндрүүлээд өгч лав чадна шүү! Хүссэн хариултыг маань өгөхгүй бол чамайг тэнд үүрд хорино!” гэж хашхичив. Ийнхүү намайг цагдан хорих газарт аваачин, хамгийн олон тооны хүнд гэмт хэрэгтнийг байлгадаг өрөөнд хорилоо. Өрөөнд орох мөчид тэр газрын дүнсгэр, аймшигтай уур амьсгалаас үүдэн цус минь царцсан юм. Өрөөний хана дөрвөн метр өндөртэй, харанхуй, чийглэг байсан бөгөөд ганцхан жижиг цонхоор нарны багахан цацраг нэвтэрч, хурц, хуршмал үнэрийн улмаас агаараар нь амьсгалах аргагүй шахуу байв. Энэхүү давчуухан өрөөнд гэмт хэрэгтнүүд дүүрэн чихэлдэж байлаа; алуурчид, хар тамхичид, дээрэмчид, бүхий л ноцтой гэмт хэрэгтнүүд тэнд байсан юм. Тэд дор бүрнээ зэрлэг, балмад харагдсан бөгөөд нэлээд хэд нь өндөр, нэлээд булчинлаг, шөрмөстэй, үзэшгүй муухай царайтай, бие нь луу, галт шувуу, могой гэх мэтийн шивээсээр бүрхэгдсэн байлаа. Зарим хоригдол амьд үхдэл шиг туранхай, яс арьс болсон байсан бөгөөд тэднийг дөнгөж харах төдийд л би дагжин чичрэв. Хоригдлуудын дунд зиндаа гэж байсан бөгөөд Төгс Хүчит Бурханд итгэгчид хамгийн доор жагсаж, үг хэлэх ямар ч эрхгүй байсан юм. Ханан дээр суурилуулсан яаралтай дуудлагын товчлуур уг нь яаралтай нөхцөлд хоригдлууд засан хүмүүжүүлэх офицерыг дуудахад зориулагдсан байсан ч Төгс Хүчит Бурханд итгэгчид тэр товчлуурыг “эдлэх” ямар ч эрхгүй байлаа. Хүчирхийлэл хэчнээн хүний үнэргүй байлаа ч гэсэн хэн ч, хэзээ ч хариу арга хэмжээ авдаггүй байв.

Хорих өрөөнд өнгөрүүлсэн эхний өдөр ахлах хоригдол миний нөхцөл байдлын тухай мэдээд намайг дооглон, “Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг юм чинь Бурханаараа эндээс суллуул л даа. Хэрэв чиний Бурхан тийм сайн юм бол юу гэж чамайг ийм газарт оруулах юм бэ?” гэж хэлэв. Түүний хажууд байсан өөдгүй хоригдол егөөнд үг нэмж, “Энд байгаа манай ахлагч, танай Бурхан хоёрын хэн нь дээр юм шиг байна даа?” гэлээ. Бурханыг басамжилж, доромжилж байгааг нь сонсоод миний уур хүрэв. Тэдэнтэй маргалдахыг хүсэж байсан ч тэгэх аргагүй байсан юм. Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл-д, мууг үйлдэгчид чөтгөрийн мөн чанартай хэмээсэн байдаг нь санаанд орсон бөгөөд энэ нь гарцаагүй үнэн байлаа! Энэ чөтгөрүүд үнэхээр утгагүй, хараалгавал таарахаар байв! Хариулахгүй болохоор минь ахлах хоригдол дүрсхийн уурлаж, хоёр удаа заналтайгаар алгадаад, дараа нь намайг чанга шанаадан, шалан дээр унагалаа. Энэ диаволуудтай нүүр тулсандаа би маш их айж байсан бөгөөд өөрийн эрхгүй Бурханыг дуудсан юм: “Өө Бурхан минь! Намайг хулчгар, сул дорой, бас хулгайч, дээрэмчдээс үргэлж айж явсныг минь Та мэднэ. Намайг хамгаалж, итгэл, хүч чадал хайрлаж, энэ нөхцөл байдалд гэрчлэлээ алдахгүй байх боломж олгооч.” Энэ диаволууд ам нээхгүй гэдгийг маань хараад намайг тамлах өөр арга бодож олцгоолоо. Яс арьс болсон нэг гэмт хэрэгтэн над дээр ирээд, намайг хүчээр хана налуулан зогсоолоо. Дараа нь хоёр хоригдлоор мөрийг минь хана руу шахуулаад, эхлээд баруун, дараа нь зүүн гуяны минь дотор талд хамаг хүчээрээ чимхсэн бөгөөд тэр бүрд нь үгээр хэлэхийн аргагүй шаналантай час хийсэн өвдөлт мэдрэгдэж байв. (Дараа нь хоёр хөлийг маань хэдэн том гүвдрүү бүрхсэн нь өнөөдөр ч алга болоогүй юм). Тэгээд хоёр гуяны гадна тал руу нударга зангидан заналтайгаар цохилоо. Удалгүй би шалан дээр явган суусан бөгөөд дахин босох бараг боломжгүй байв. Тэр үед ч тэд намайг тамлахаа болиогүй юм. Тэгэхэд дүн өвлийн тэсгэм хүйтэн үе байсан ч өнөөх диаволууд, хувцсаа тайлж, угаалтуурын дор хана налан явган суу гэж надад тушаалаа. Тэд над руу тасралтгүй ус асган, албаар цонх онгойлгосноос болоод би маш их даарч, зогсолтгүй дагжин чичирч байв. Тамлалтыг тэвчихийн тулд шүд зууж байгааг минь харсан нэг хоригдол хөөсөн хавтан аваад, хүйтэн агаар над руу сэвсэн бөгөөд тэр даруйд цус царцах мэт болж, шүд тасралтгүй тачигналаа. Би өөрийн эрхгүй Бурханд чимээгүйхэн залбирсан юм: “Өө Бурхан минь! Надад одоо тохиолдож буй зүйлийн цаана Таны сайн санаа зорилго байгааг би мэднэ, иймээс хүслийг тань ойлгоход намайг удирдаач гэж гуйя. Яагаад гэвэл би ганцаараа энэ диаволуудын тамлалтыг үнэхээр тэвчиж чадахгүй нь. Өө Бурхан минь! Надад илүү их итгэл, хүч чадал хайрлаач, тэгвэл би эдгээр бэрхшээлийг даван туулах хүсэл зориг, шийдвэртэй болно.” Залбирсны дараа Бурханы ийм үг санаанд орсон юм: “‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр, тэдгээрийн агуулдаг бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Эдгээр үг бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл юм. Тэдгээр нь агуу улаан лууны оршдог газарт түүний харгисаар зовоосон хүмүүс дээр гүйцэлдэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханы үгийг эргэцүүлснээр би Түүний хүслийг ойлголоо. Одоо Бурханд итгэснийхээ төлөө зовж байгаа минь алдар суутай зүйл бөгөөд миний хувьд нэр төрийн хэрэг байв. Би махан биеийн зовлонг тэвчиж чадахгүй учраас Сатан намайг Бурханаас урвуулж, Бурханыг үгүйсгүүлэх зорилгоор тамлаж байгаа тул би яавч Сатанд захирагдаж болохгүй байсан юм. Тэр мөчид, ёрын муу цагдаа намайг цагдан хорих газар дахь амьдралаар сүрдүүлсэн талаар би гэнэт санасан бөгөөд ёрын муу цагдаа нар тэг гэж тушаасан болохоор л хоригдлууд намайг ийм өршөөлгүйгээр тамлаж, хүчирхийлж байгаа юм байна гэдгийг гэнэт ухаарлаа! Энэхүү хоёр нүүрт “Ардын цагдаа нар” үнэндээ асар олиггүй, жигшүүртэй юм байна гэдгийг би тэгэхэд л тодорхой харсан юм. Тэд хоригдлуудыг ашиглан бохир ажлаа хийлгэж байв. Тэд угтаа тултал туйлын хорлонтой байдаг бөгөөд өөрсдөө цус асгаруулах ч шаардлагагүйгээр аллага үйлдэж чадах диаволууд төдий байлаа! Сатан намайг буулгаж авахын тулд чадах бүх аргаа ашиглаж байсан ч Сатаны заль мэхэд үндэслэн Бурханы мэргэн ухаан хэрэгждэг билээ. Бурхан энэ орчныг ашиглан надад Бурханд итгэх жинхэнэ итгэл өгч, Сатаны үзэшгүй муухай нүүр царай, ёрын муу мөн чанарыг тодорхой харах боломж олгон, улмаар зүрх сэтгэлд минь тэдний эсрэг жинхэнэ үзэн ядалт төрүүлсэн юм. Бурханы хүслийг ойлгомогцоо зүрх сэтгэл минь гэгээлэг болж, би хүч орлоо. Би Сатанд хууртаж болохгүй. Махан биеийн ямар ч их шаналал, сул дорой байдлыг мэдэрлээ ч Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсох ёстой байлаа. Энэ диаволуудын эрүү шүүлт, тамлалтыг даван туулж, Сатаныг дахин нэг удаа ялах хүч чадал хайрласанд нь Бурханд би талархаж байв.

Цагдан хорих газарт бидний өдөр тутмын хоол усанд чанасан хөлдүү байцаа, даршилсан ногоо, эрдэнэ шишийн гурилаар хийсэн жижигхэн мантуунаас бүрддэг байсан бөгөөд үүнд яавч цаддаггүй байв. Шөнөөр ахлах хоригдол аялдан дагалдагчийнхаа хамт унтлагын тавцан дээр унтаж, үлдсэн бид хэд шалан дээр унтдаг байлаа. Би цэв хүйтэн шалан дээр хэвтээд, эргэн тойрон дахь хоригдлуудаа харан, хөөрхийлөлтэй нөхцөл байдлаа боддог байсан бөгөөд ганцаардлын жихүүдэс зүрх сэтгэлд минь тэр даруй үүрлэдэг байсан юм. Ах эгч нартайгаа хамт, өдөр бүр аз жаргал, баяр баясалтай байсан үеэ би бодов. Гэтэл одоо би өдөр бүрийг энэ гэмт хэрэгтнүүдтэй хамт өнгөрөөж, мөн тэдний дээрэлхэл, доромжлолыг тэвчих ёстой болсон бөгөөд үгээр илэрхийлэхийн аргагүй, туйлын хөөрхийлөлтэй санагдаж байлаа… Би Бурханы өмнө очин, Түүнд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Цаашид хэр удаан ингэж амьдрах ёстойгоо мэдэхгүй юм, бас би айсуй өдрүүдийг яаж туулахаа мэдэхгүй байна. Одоо махан бие минь сул дорой болж, ийм нөхцөл байдалтай дахин нүүр тулмааргүй байна. Өө Бурхан минь! Зовлонг тэвчих шийдвэр хайрлаж, хүслийг тань ойлгоход намайг замчлаач. Тэгвэл энэ нөхцөл байдалд би Таныг хангалуун байлгаж чадна.” Залбирсны дараа Бурханы үг санаанд тодхон буусан юм: “Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм. … бүх хүн төрөлхтний төлөө, ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд “там” болон “Үхэгсдийн орон” руу, барын үүр лүү биечлэн орсон. Хүн яаж Бурханыг эсэргүүцэх эрхтэй байх юм бэ? Бурханы талаар дахин нэг удаа гомдоллох ямар шалтгаан түүнд байгаа юм бэ? Бурханыг дахин харах зориг түүнд яаж байх юм бэ? Тэнгэр дэх Бурхан энэ хамгийн бузар заваан, садар самуун газарт ирсэн бөгөөд Өөрийн гомдол дургүйцлийг хэзээ ч гаргаагүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин үүний оронд хүний бусниулалт1, дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний бодлогогүй шаардлагыг Тэр хэзээ ч няцааж байгаагүй, Тэр хүнээс хэтэрхий их зүйл хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Тэр хэзээ ч хүнд үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй; Тэр ердөө, хүний шаардсан бүх ажлыг ямар ч гомдолгүйгээр хийдэг: зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгийн цэвэршүүлэлт, сануулах, сургамжлах, тайтгаруулах, шүүх болон илчлэх(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9-өөс). Бурханы үгийг тунгаан үзээд, энэ ертөнцөд хоёр удаа бие махбодтой болж ирэхдээ хүн төрөлхтний төлөө туулсан Бурханы зовлонг бодон, хоёр нүдэнд минь өөрийн эрхгүй нулимс цийлгэнэв. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг Өөрийн амиар золин аварсан билээ. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан дахин бие махбодтой болж, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг улс болох Хятадад ирсэн бөгөөд энд үгээ хэлж, биднийг аврахын тулд амиа эрсдэлд оруулдаг. Ингэхийн тулд ямар бэрхшээл, зовлон туулсныг нь хэн мэдэж чадах билээ? Хэн үүнийг нь ухамсарлаж чадах билээ? Гэтэл завхарсан хүн төрөлхтний нэг болох би энэ гэмт хэрэгтнүүдтэй хамт хэдхэн хоногийг өнгөрөөсний дараа тэсвэрлэхийн аргагүй хөөрхийлөлтэй санагдаж, өөрийн нөхцөл байдлаас зугтахыг юунаас ч илүү хүссэн юм. Ариун, зөвт Бурхан энэхүү ёрын муу, доройтмол дэлхийд бидэнтэй хамт олон арван жилийн турш амьдарсан. Бурхан хавьгүй илүү зовсон бус уу? Түүнчлэн би завхралаас ангижирч, жинхэнэ аврал хүртэхийн тулд зовж байсан юм. Харин Бурхан гэм зэмгүй бөгөөд энэ ертөнцийнх биш, газар дээрх энэ тамынх ч биш атлаа хүн төрөлхтнийг гэх хайраасаа л үүдэн агуу улаан лууны ичээний гүнд ирж, хүн төрөлхтнийг аврахын тулд амиа золиослоход ч бэлэн байв. Бурханы хайр үнэхээр ер бусын! Бурханыг би ер нь хайрладаг байсан бол өөрийнхөө нөхцөл байдлыг тэсэхүйеэ бэрх гэж санахгүй, мөн хэтэрхий их шаналахгүй байх учиртай. Бурханы хайрын өмнө би гагцхүү харуусал, ичгүүр л мэдэрч байлаа. Бурханы хайрыг тунгаах үед зүрх сэтгэлд минь халуун дулаан долгилсон юм. Бурхан үнэхээр агуу бөгөөд хүн төрөлхтнийг гэх Түүний хайр тун гүн гүнзгий, маш жинхэнэ байдаг! Хэрэв би ийм нөхцөл байдлыг биечлэн туулаагүй бол Бурханы хүндэт, хайр татам байдлыг мэдэхээргүй байжээ. Эдгээр нөхцөл байдлыг туулснаар бие минь сүйдсэн ч аминд минь энэ нь үлэмж их үр өгөөжтэй байсан юм. Ингэж бодоод зүрх сэтгэл минь Бурханд талархах сэтгэлээр бялхаж, туйлын их өвдөлтийг үл харгалзан Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсох шийдвэртэй боллоо.

Цагдан хорих газарт ахлах хоригдол надад, Бурханд итгэдэг “гэмт хэрэгтнүүдийг” тамлахдаа засан хүмүүжүүлэх офицеруудын ашигладаг бүх аргын талаар байнга ярьж өгдөг байсан юм: Тэд итгэгчдийн хуруу руу хадаас шааж, үгээр илэрхийлэхийн аргагүй өвтгөнө; усны савыг буцлам халуун усаар дүүргээд, итгэгчийн хурууг хүчээр дүрүүлж, арьс нь түлэгдсэний дараа хурууг нь гаргуулан цэврүүн дээр нь нунтаг халуун чинжүү үрнэ… Эдгээр цус царцам эрүү шүүлтийг дүрслэн ярихыг сонсоод уур минь буцлан, ХКН-ын засгийн газар гэх энэхүү сатанлаг дэглэмийн эсрэг үзэн ядалт минь гагцхүү гүнзгийрдэг байлаа. Тэд зүйл бүрийн олиггүй үйл үйлддэг атлаа өөрсдийгөө бүхий л эерэг байдлаар дүрсэлдэг. Тэгээд “шашин шүтэх эрх чөлөө”, “бүх ард түмэн хууль ёсны иргэний эрх, ашиг сонирхол эдэлдэг”, “хоригдлуудад гэр бүл шигээ ханддаг” хэмээн тунхагладаг мөртөө хүмүүсийг нууцаар хүчирхийлж, эрүүдэн шүүж, хүний амийг юман чинээ тоодоггүй бөгөөд хүмүүст хүний дайтай ханддаггүй. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд тэдний ертөнцөд орно гэдэг бол тамлуулж, доромжлуулах газар болох тамд орж байгаагаас ялгаагүй бөгөөд тэндээс амьд гарах эсэхээ хэзээ ч мэдэх боломжгүй. Эдгээр эрүү шүүлтийг над дээр ашиглах вий гэж айсан тул ингэж бодохоор би ухаангүй айж байлаа. Төмөр хаалганы жижигхэн цонхыг засан хүмүүжүүлэх офицер онгойлгохыг сонсох болгонд зүрх амаар гарчих шахдаг байсан юм. Учир нь намайг чирч гаргаад, эрүүдэн шүүх вий гэхээс би айдаг байв. Өдөр бүрийг би айдас хүйдэст автан өнгөрөөж, салж чадахгүйгээр урхидуулсан мэт санагддаг байлаа. Шаналахдаа би гагцхүү Бурханд чимээгүйхэн залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Бурхан минь! Одоо зүрх сэтгэл минь сул дорой болж, бас маш их хулчийж байгаа ч Таныг хангалуун байлгахыг хүсэж байна. Тийм болохоор надад итгэл, хүч чадал хайрлаач. Би Сатаны уруу таталтыг даван туулахын тулд Танд найдмаар байна!” Залбирсныхаа дараа би Бурханы үгээс удирдамж олсон юм: “Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 36-р бүлэг). Бурханы үг намайг үлэмж их тайтгаруулж, зоригжуулав. “Тийм ээ. Миний итгэдэг Бурхан бол тэнгэр газар, тэдгээрт байгаа бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг захирдаг, юм болгоныг, хүн бүрийг хянадаг бүтээлийн Эзэн юм. Түүнчлэн хүн нэг бүрийн амьдрал, үхлийг Бурхан гартаа атгадаг бус уу? Бурханы зөвшөөрөлгүйгээр диавол Сатан намайг яаж ч зүрхлэхгүй. Хулчийж, айсан байдалтай бүхий л өдрийг өнгөрөөдөг минь үнэндээ ердөө л үхлээс айх айдас, бие махбодын зовлонгоос айх айдас бус уу? Сатан над руу дайрч довтолж, өөртөө буулган авч, намайг Бурханаас урвуулахын тулд энэхүү сул талыг ашиглаж байлаа. Энэ бол хүмүүсийг залгих Сатаны арга заль юм. Гэхдээ би амиа орхиход бэлэн байвал миний тэвчиж чадахгүй юм үнэхээр байх гэж үү?” хэмээн би бодов. Тэгтэл Иовын туршлага бодогдлоо: Сатан Бурхантай мөрийцөх үед Иов махан биеийн зовлон амссан ч Сатан Иовыг яаж ч тамлалаа гэсэн, Бурханы зөвшөөрөлгүйгээр амийг нь авч чадахгүй байсан юм. Биеийг минь чөтгөрүүд үхтэл нь тамлалаа ч гэсэн миний сүнс Бурханы гарт байгаа учраас одоо би Иовын үлгэр дуурайлыг дагаж, Бурханд үнэхээр итгэхийг хүссэн юм. Энэ чөтгөрүүд намайг яаж ч эрүүдэн шүүж, тамласан бай хамаагүй, дарангуй хүчирхийлэлд нь би хэзээ ч бууж өгөхгүй. Би хэзээ ч Иудас болохгүй гэдгээ тангараглалаа! Бурханы үгээс олж авсан цагаа олсон удирдамж намайг үхлийн хүлээс, хязгаарлалтаас чөлөөлж, Сатаны явуулгад автахгүй байх боломж олгосонд би талархаж байна. Бурханы хамгаалалтын ачаар би ийм эрүү шүүлт амсаагүй бөгөөд Бурханы намайг гэх хайр, өршөөлийг эндээс дахин харсан билээ.

Хэд хоногийн дараа өнөөх ёрын муу цагдаа чуулганы удирдагчдын талаарх мэдээлэл авна гэж найдсандаа намайг байцаахаар дахин ирсэн боловч намайг хариу хэлэхгүй болохоор туйлын балмад авирлав. Намайг цоо ширтэнгээ эрүүнээс зуурч аван, толгойг минь баруун, зүүн тийш хазайлгаад, “Чамд ер нь хүний шинж гэж байна уу? Тэгвэл дураараа л бол, Бурхандаа итгэ! Би зургийг чинь интернэтэд тавиад, чиний тухай хэдэн түүх зохиочихно. Тэгээд Төгс Хүчит Бурханд итгэдэг хүн бүрд чамайг Бурханаас урваж, ах эгчийгээ худалдаж гэж бодогдуулна даа. Чамтай дахиж хэн ч, хэзээ ч ярихгүй. Харин дараа нь би чамайг хэний ч мэддэггүй газар аваачаад, нүх ухаж, амьдаар чинь булчихад хэн ч, хэзээ ч олж мэдэхгүй” гэж хөмхий зуун хэллээ. Уурссандаа энэ диавол ичгүүр сонжуургүй нууц арга заль, явуулгаа тайлбарласан бөгөөд гүтгэлэг хийж, гутаан доромжилж, гэмт хэрэгт хилсээр буруутгаж, аллага үйлдэх нь хүмүүсийг зальдах ердийн л нэг арга нь байсан юм. Тэд хүмүүсийн амьдралыг юман чинээ тоодоггүй бөгөөд хүний үнэргүй, хайр найргүй хэчнээн ч олон үйл нууцаар хийсэн юм, бүү мэд! Бурхан миний бат дэмжлэг учраас энэ удаад би түүний хашхиран сүрдүүлэхийг сонсоод тайван байсан ба огт айгаагүй юм. Бурхан надтай хамт байсан болохоор юунаас ч айх шаардлагагүй байв. Сатан балмад болох тусмаа үзэшгүй муухай, хүчин мөхөс байдлаа илчилдэг; итгэгчдийг хяхаж хавчих тусмаа Бурханд дайсагнагч ёрын муу, эсэргүү мөн чанараа улам их илчилж, ёс суртахуунгүй зүйл хийн, Тэнгэр болон жам ёсны эсрэг явдаг; Бурханд итгэгчдийг хорлох тусмаа эцсээ хүртэл Бурханд итгэж, Бурханыг дагах шийдвэрийг минь зоригжуулдаг билээ: Би Бурханд амьдралаа зориулж, Сатаныг бүрмөсөн хаяхыг хүсэж байна! Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Тэр үед уурласандаа цөс минь хөөрч, “Энд хэчнээн ч удах ёстой болсон, тэр диаволуудад яаж ч тамлуулсан бай хамаагүй, Бурханаас би хэзээ ч урвахгүй” гэж чимээгүйхэн тангараглалаа. Цагдаа намайг хариулахгүй нь гэж мэдээд, эцэст нь хорих өрөө рүү эргүүлэн аваачсан юм. Хүчээр хэрэг хүлээлгэх гэсэн энэ чөтгөрүүдийн удаа дараагийн оролдлого, эрүүдэн шүүлтийг би ийнхүү Бурханы үгийн удирдамжийн ачаар даван туулав. Би чуулганы талаарх ямар ч мэдээллийг огт илчлээгүй бөгөөд цагдан хорих газарт 50 гаруй хоногийг өнгөрүүлсний минь дараа цагдаа нар намайг ялгүй суллахаас өөр аргагүй болсон билээ.

Баривчилгааг туулснаар би ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг мөн чанарыг тодорхой харав. Тэд Тэнгэрийн эсрэг тэмцэж, Бурханд дайсагнадаг. Мөн Бурханыг шүтэн мөргөхөөс татгалзаж, хүмүүсийг хуурч, хянаж, Бурханд итгэх, Бурханыг шүтэн мөргөхийг нь зогсоохын тулд байж болох бүх аргыг ашигладаг. Тэгээд хүмүүсийг Бурханаас зайлуулж, Бурханыг эсэргүүцүүлэхээр хичээдэг, ингэснээр хүмүүс эцэстээ үүнтэй хамт тамд устгагддаг. Тэд үнэхээр жигшүүртэй, заналтай, ёрын муу байдаг! Хамгийн гол нь энэ туршлагаар би Бурханы гайхалтай байдал, мэргэн ухаан болон үгийнх нь эрх мэдэл, хүч чадлыг үнэнхүү ойлгож авсан юм. Бурханыг заналт дайснаа гэж үздэг ийм улс оронд Бурханд итгэгчид нь бурхангүй үзэлт засгийн газрын нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах байдаг. Гэвч тэд Бурханд үнэхээр итгэдэг хүмүүсийг хязгаарлаж яасан ч чаддаггүй. Махан биеийг маань яаж ч дарлаж, хорьж, хорлолоо гэсэн, гэрэл рүү явж, үнэнийг эрэлхийлэх хүслийг маань үгүй хийж чадахгүй бөгөөд Бурханд итгэж, Бурханыг дагах шийдвэрийг маань ганхуулж чадахгүй. Би баривчлагдаж, энэ чөтгөрүүдийн балмад харгислалыг өөрийн биеэр мэдэрсэн. Сатан намайг баривчилж, хяхаж хавчих замаар эзэрхэг дарангуй засаглалдаа буулган авахаар хий дэмий хүссэн ч Бурханы үг намайг тасралтгүй замчилж, мэргэн ухаан, итгэл, хүч чадал хайрласан нь Сатаны харгис хавчлага дунд бат зогсох боломж олгосон билээ. Бодит туршлагаараа дамжуулан би Бурханы гайхалтай үйл хэргийг харж, Бурханд итгэх итгэл минь үлэмж их өссөн бөгөөд Бурханы үгийн талаарх илүү бодит ойлголтыг олж авсан юм. Бурханы үг бол үнэн бөгөөд хүмүүсийн амийн хүч чадал, хүмүүсийн амийн эх сурвалж гэдгийг би мэдэрлээ. Бурханы үгийн удирдамж байхад би юунаас ч айх шаардлагагүй бөгөөд айсуй замд хэчнээн ч бэрхшээл, саадтай нүүр туллаа гэсэн Бурханыг эцсээ хүртэл дагахыг хүснэ!

Тайлбар:

1. “Бусниулалт” гэдэг нь хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг ил гаргахын тулд хэрэглэгдсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зовлон, бэрхшээл дунд сэрсэн нь

17 настай Христэд итгэгчийн, хяхалт хавчлагын талаарх жинхэнэ туршлага Ван Тао, Шаньдун муж Би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд...

Шоронд хоригдсон он жилүүд

Өвлийн Чавгаь, Хятад 2012 оны 12-р сарын нэгэн өдөр, би итгэгч болоод нэг жил шахуу болж байхдаа нэг залуухан эгчтэй цуг сайн мэдээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих