Нугаршгүй итгэл
2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн юм. Удалгүй хошууны засгийн газар биднийг баривчлуулахаар эрүүгийн цагдаагийн бригад, үндэсний аюулгүй байдлын хүчин, хар тамхитай тэмцэх газар, зэвсэгт цагдаа, орон нутгийн цагдаагийн хэлтсийн цагдаа нарыг 10 гаруй цагдаагийн машинтай явуулжээ. Нэг ах бид хоёрыг яг машинаар зугтах гэж байтал дөрвөн цагдаа хурдан гүйн ирж, бидний машиныг саатуулав. Тэдний нэг нь машины түлхүүрийг сугалж аваад, машиндаа хөдлөхгүй суухыг тушаалаа. Тэр үед, бороохой барьсан долоо найман цагдаа өөр нэг ахыг улангасан зодож, тэр ах аль хэдийн хөдөлж чадахгүй болтлоо зодуулсан байхыг би харав. Би өөрийн эрхгүй зөв шударга зэвүүцлээр дүүрч, машинаас яаран гарч, хүчирхийллийг зогсоохоор оролдоход цагдаа нар намайг хориглосон юм. Дараа нь тэд биднийг цагдаагийн хэсэгт аваачсан бөгөөд манай машиныг ч бас хураалаа.
Оройн есөн цаг өнгөрч байхад хоёр эрүүгийн цагдаа намайг байцаахаар ирлээ. Тэд надаас ямар ч хэрэгтэй мэдээлэл олж авч чадахгүйгээ мэдээд сандарч бухимдан, уурласандаа шүдээ хавирч: “Чөтгөр ав, дараа бид чамайг болгож өгнө өө!” гэж хараав. Тэгээд тэд намайг байцаалтын хүлээлгийн өрөөнд хорив. 11 цаг 30 минутад тэд намайг ажиглалтын камергүй өрөөнд оруулсан юм. Надад хүчирхийлэл хэрэглэх нь гэж би таамагласан учир зүрх сэтгэлдээ Бурханд хандан ахин дахин залбирч, намайг хамгаалаач хэмээн Бурханаас гуйж эхлэв. Энэ үед Жиа овогт нэг цагдаа намайг байцаахаар ирлээ: “Та сүүлийн хэдэн өдөр Фольксваген Жеттад очсон уу?” Намайг “үгүй” гэж хариулахад тэр ууртайгаар хашхирч: “Бусад хүмүүс чамайг аль хэдийн харсан байхад чи үгүйсгэсээр байна уу?” гэж хэлээд нүүрийг минь заналтайгаар алгадахад хацар минь халуу оргин өвдөх нь мэдрэгдэв. Дараа нь тэр чангаар: “Хэр тэвчээртэйг чинь харъя л даа!” гэж бархирангаа өргөн тэлээ авч, нүүр нүдгүй ороолгосоор байсан ба намайг хэдэн удаа ороолгосныг бүү мэд, харин би өвдсөндөө өөрийн эрхгүй ахин дахин хашхирсаар байлаа. Үүнийг хараад тэд миний амыг бүсээр боов. Дараа нь хэдэн цагдаа миний биеийг хөнжлөөр бүтээгээд, бороохойгоороо заналтай балбан, хэтэрхий их ядраад амсхийх гэсэндээ л больсон юм. Маш их зодуулснаас миний толгой эргэж, бүх яс минь салж унах гэж байгаа мэт өвдөж байлаа. Тэр үед тэд яагаад намайг ингэж зодсоныг би мэдээгүй ч миний бие дээр зодуурын тэмдэг үлдээхгүй гэж хөнжлөөр бүтээснийг хожим нь олж мэдсэн юм. Намайг ажиглалтгүй өрөөнд оруулж, ам дарж боогоод хөнжлөөр бүтээсэн—тэд хорон муу үйл нь илрэхээс айсандаа ингэж байжээ. Хятадын Коммунист Намын цагдаа нар үнэхээр тэрслүү, харгис хэрцгий юм! Дөрвөн цагдаа намайг зодоод ядарсан тул эрүүдэн шүүх аргаа өөрчлөв: Хоёр цагдаа миний нэг гарыг арагш мушгиад хүчээр дээш татах зуур өөр хоёр цагдаа миний нөгөө гарыг мөрөн дээгүүр давуулаад доош нь хүчтэй татсан. (Тэд энэ эрүү шүүлтийн аргыг “Нуруундаа Сэлэм Зүүх” гэж нэрлэдэг ба үүнийг жирийн хүмүүс тэвчиж огт чаддаггүй.) Гэхдээ миний хоёр гарыг яаж ч татаад нийлүүлж болохгүй байсан учраас тэд миний гар луу өвдгөөрөө заналтайгаар цохилоо. Надад “тасхийх” чимээ сонсогдож, хоёр гарыг минь тасалсан мэт санагдаад, маш их өвдсөндөө би бараг муужрав. Тун удалгүй миний хоёр гар мэдээ алдлаа. Энэ нь тэдэнд бас л хангалтгүй байсан учраас намайг улам зовоохын тулд шалан дээр явган суухыг тушаасан юм. Маш их өвдөлтөөс болж бүх биеийн хүйтэн хөлс асгарч, толгой дүнгэнэж, ухаан бага зэрэг балартаж эхлэв. “Энэ олон жил амьдрахад ухамсраа удирдаж чадахгүй байх мэдрэмж хэзээ ч төрж байгаагүй. Би үхэх гэж байгаа юм болов уу?” гэж бодогдлоо. Цаашид би үнэхээр тэсэж чадахаа больсон тул үхэж санаа амрах тухай бодов. Яг тэр мөчид Бурханы үг намайг дотроос минь гэгээрүүлсэн юм: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүйгэж итгэдэг… Зарим хүний зовлон тодорхой нэг цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы үг намайг гэнэт сэрээж, миний бодол Бурханы хүсэлтэй нийцэхгүй, гагцхүү Бурханыг гуниглуулж, урмыг нь хугална гэдгийг надад ухааруулсан юм. Учир нь энэ өвдөлт, зовлон дунд би үхлийг эрэлхийлэх бус, харин Сатантай тулалдахдаа Бурханы удирдамжид найдаж, Бурханд гэрчлэл хийж, Сатаныг шившиглэж, ялахыг л Бурхан хүсэж байлаа. Үхлийг эрж хайх нь Сатаны мэхэнд шууд унаж байна гэсэн үг бөгөөд үүнийг Бурханы төлөө гэрчлэл хийх гэж тооцож болохгүй, харин ч энэ нь ичгүүрийн тэмдэг болно. Бурханы санаа зорилгыг ойлгосныхоо дараа би Бурханд ийнхүү чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь! Миний уг чанар хэтэрхий сул дорой болохыг бодит байдал харууллаа. Таны төлөө зовох хүсэл зориг надад байсангүй, би ердөө бие махбодын өчүүхэн төдий өвдөлтөөс болоод үхэхийг хүссэн. Одоо би үүнээс зугтахыг хүсэхгүй байна, хэчнээн их зовлон туулах ёстой болсон ч хамаагүй, гэрчлэлд зогсож, Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Гэвч яг одоо миний бие асар их өвдөж, сульдсан бөгөөд энэ чөтгөрүүдийн зодуурыг өөрөө даван туулах нь маш хэцүү гэдгийг би мэднэ. Надад илүү их итгэл, хүч чадал өгөөч, ингэснээр би Танд найдан Сатаныг ялж чадна. Би Танаас урвахгүй, ах эгч нарыгаа худалдахгүй гэж амиараа тангараглая.” Бурханд ахин дахин залбирахад миний зүрх сэтгэл аажмаар тайвширсан. Хорон муу цагдаа нар дөнгөж амьсгаатай байгааг минь хараад, намайг нас барсан тохиолдолд хариуцлага хүлээхээс айсан болохоор миний гавыг тайлахаар ирлээ. Гэтэл миний гар аль хэдийн хөшиж, гав маш бариу болсон тул тайлахад тун хэцүү болсон байв. Хорон муу дөрвөн цагдаа миний гавыг тайлах гэж хэдэн минут оролдоод дараа нь байцаалтын хүлээлгийн өрөө рүү буцаан чирч оруулав.
Маргааш нь үдээс хойш цагдаа нар намайг “эрүүгийн гэмт хэрэгт” дур мэдэн буруутгаж, гэрт минь аваачиж нэгжлэг хийгээд, дараа нь хорих газар луу намайг илгээлээ. Намайг хорих газарт ормогц засан хүмүүжүүлэх дөрвөн ажилтан миний даавуун хүрэм, өмд, гутал, цаг, мөн надад бэлнээр байсан 1300 юанийг хурааж авав. Тэд миний хувцсыг солиулж шоронгийн стандартын дүрэмт хувцас өмсүүлэн, өөрсдөөс нь 200 юаниар хөнжил худалдан авахыг шаардав. Дараа нь засан хүмүүжүүлэх ажилтнууд дээрэмчид, алуурчид, хүчин хийгчид, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэгчидтэй хамт намайг хорилоо. Өрөөндөө орох үед минь арван хоёр халзан толгойтой хоригдол намайг дайсагнасан нүдээр харж байв. Уур амьсгал гунигтай, аймаар байсан бөгөөд гэнэт зүрх амаар гарах гэж байгаа юм шиг санагдлаа. Өрөөний хоёр толгойлогч над руу дөхөж ирээд, “Чи яагаад энд орсон бэ?” гэж асуухад нь би “Сайн мэдээг түгээсний төлөө” гэж хэлсэн. Өөр үг хэлэлгүйгээр тэдний нэг нь намайг нүүрэн дундуур хоёр алгадаж, “Чи шашны тэргүүн юм биз дээ?” гэв. Бусад хоригдлууд бүгд хэрцгийгээр инээлдэж, намайг шоолон, “Бурхан чинь яагаад чамайг эндээс аврахгүй байгаа юм бэ?” гэж асуулаа. Тохуурхаж дооглож байх хооронд өрөөний толгойлогч нүүр лүү минь дахиад хэдэн удаа алгадсан юм. Тэр цагаас хойш тэд намайг “шашны тэргүүн” гэж хочлон, үргэлж тохуурхаж дооглодог байв. Нөгөө өрөөний толгойлогч миний өмссөн шаахайг хараад: “Чи байр сууриа ер мэдэхгүй байна. Ийм гутал өмсөх нь чамд зохистой гэж үү? Наадхаа тайл!” ихэрхгээр хашхирлаа. Ингэж хэлэнгээ тэр хүчээр шаахайг минь тайлуулж, хуучирсан муу шаахайгаар солив. Тэр бас миний хөнжлийг бусад хоригдлуудад өгсөн. Хоригдлууд миний хөнжлийг авах гэж тэмцэлдэн, эцэст нь би нимгэн, урагдсан, бохир, өмхий хуучин хөнжилтэй үлдсэн юм. Засан хүмүүжүүлэх офицерууд эдгээр хоригдлыг өдөөн хатгаж, намайг төрөл бүрээр зовоож тарчлаасан. Шөнө өрөөнд гэрэл үргэлж асаалттай байдаг боловч өрөөний толгойлогч над руу зэвүүн инээмсэглэн, “Энэ гэрлийг унтраагаадах даа” гэв. Би унтрааж чадаагүй (унтраалга ч байхгүй байсан) тул тэд инээлдэж, намайг дахиад шоолж эхэлсэн. Маргааш нь насанд хүрээгүй хэдэн хоригдол намайг буланд зогсоож, шоронгийн дүрмийг цээжлүүлэхээр албадан, “Хэрэв үүнийг хоёр хоногийн дотор цээжлэхгүй бол үзүүлээд өгнө шүү!” гэж заналхийлэв. Би өөрийн эрхгүй айсан боловч сүүлийн хэдэн өдөр туулсан зүйлсийнхээ талаар бодох тусам улам их айж түгшиж байлаа. Иймээс би Бурханыг дуудан, намайг хамгаалж, энэ бүхнийг даван туулах боломж өгөөч гэж гуйн залбирсаар л байв. Энэ мөчид Бурханы үгийн нэг магтан дуу бодогдсон юм: “Шалгалт ирэхэд чи Бурханыг хайрлаж мөн л чадна; чи шорон, өвчин, тохуурхал, бусдын гүтгэлэгтэй тулгарч, эсвэл гарах гарцгүй болсон мэт санагдаж байсан ч, Бурханыг хйарласаар байж чадна. Энэ нь зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэсэн гэсэн үг юм” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэсэн үү?”). Бурханы үг надад хүч чадал өгөн, Бурханыг хайрлахаар эрэлхийлж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн юм! Тэр хоромд зүрх сэтгэлд минь энэ нь тов тодорхой болсон юм: Бурхан намайг тарчлаахын тулд, эсвэл зориуд зовоохын тулд биш, харин ийм орчинд зүрх сэтгэлээ Бурханд хандуулж сураг гэсэндээ ийм зовлон надад тохиолдохыг зөвшөөрсөн, ингэснээр би Сатаны харанхуйн нөлөөний хяналтыг эсэргүүцэж чадна, мөн зүрх сэтгэл минь Бурханд ойр байж, Бурханыг хайрлаж, хэзээ ч гомдоллохгүйгээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад үргэлж дуулгавартай байж чадна. Ингэж бодоод би айхаа больсон. Цагдаа нар болон хоригдлууд надад яаж ч хандаж байсан хамаагүй, би Бурханд өөрийгөө өгөх талаар л анхаарна; Сатанд хэзээ ч бууж өгөхгүй.
Шоронгийн амьдрал бол үнэн хэрэгтээ газар дээрх там юм. Шоронгийн харгалзагчид хоригдлуудыг өдөөн хатгаж, намайг янз бүрийн аргаар тамлуулж байлаа: Намайг шөнө унтаж байхад тэд намайг бараг эргэж чадахааргүй болтол шахаж, жорлонгийн яг хажууд унтуулдаг байв. Баривчлагдсаныхаа дараа би хэд хоног унтаагүй бөгөөд нойр маш их хүрдэг байсан болохоор тэвчиж чадалгүй зүүрмэглэдэг байлаа. Харуулд гардаг жижүүртэй хоригдлууд намайг зовоохоор ирж, зориуд толгойг минь ороолгож сэрээчхээд явдаг байв. Бас нэгэн хоригдол зориуд намайг сэрээн, миний дулаан өмдийг авахаар оролдсон юм. Маргааш нь өглөөний цайны дараа өрөөний толгойлогч надаас өдөр бүр шал угаахыг шаардав. Эдгээр нь жилийн хамгийн хүйтэн үе байсан бөгөөд халуун ус байгаагүй тул цэвэрлэгээний даавууг хүйтэн усаар л угаадаг байлаа. Тэгтэл ял авсан хэдэн дээрэмчин шоронгийн дүрмийг надаар цээжлүүлсэн. Хэрвээ цээжилж чадахгүй бол тэд намайг цохиж, өшиглөдөг байв; нүүр лүү алгадах нь бүр ч түгээмэл тохиолддог байлаа. Ийм орчинтой нүүр тулаад би маш их зүдэрч байв. Шөнө нь би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн чимээгүйхэн ингэж залбирсан юм: “Өө Бурхан минь, Та намайг энэ орчинд орохыг зөвшөөрсөн учраас Таны сайн санаа зорилго энд байх ёстой. Надад Та санаа зорилгоо илчлээч.” Тэр мөчид Бурханы үг намайг гэгээрүүлсэн юм: “Би толгодод цэцэглэх сараана цэцэгсийг бахдан биширдэг. Цэцэгс болон зүлэг налуу газрыг бүрхдэг, харин хавар айлчлан ирэхээс өмнө сараана цэцэг, газар дээрх Миний алдарт өнгө нэмдэг—хүн ийм юм хийж чадах уу? Намайг эргэн ирэхээс өмнө газар дээр Надад гэрчилж чадсан уу? Агуу улаан лууны улс оронд тэр Миний нэрийн төлөө өөрийгөө зориулж чадах юм уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 34-р бүлэг). Бурханы үгийг тунгаан эргэцүүлж байхдаа би дотроо: “Цэцэгс, зүлэг болон би бүгд Бурханы бүтээл. Хавар айлчлан ирэхээс өмнө сараана цэцэг газар дээрх Бурханы алдарт өнгө нэмж чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн. Өнөөдөр миний үүрэг бол Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагах, Сатаны өмнө Бурханыг гэрчлэх явдал юм. Өнөөдөр би итгэлээсээ болоод хавчлага, доромжлолд өртөж байгаа боловч энэ нь зөвт байдлын төлөөх зовлон бөгөөд энэ нь алдар суутай юм. Сатан намайг доромжлох тусам би Бурханы талд зогсож, Бурханыг улам хайрлах ёстой. Ийм маягаар Бурхан алдар сууг олж авч чадна, би биелүүлэх ёстой үүргээ биелүүлсэн байх болно. Бурхан аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаа цагт миний зүрх сэтгэл ч бас тайвширна. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө эцсийн зовлонг тэвчиж, бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагахыг хүсэж байна” гэж бодов. Ийнхүү бодож эхлэхэд сэтгэл ихэд хөдөлж, дахин нэгэнтээ нулимсаа барьж чадсангүй. Би Бурханд чимээгүйхнээр залбирч: “Өө Бурхан минь, Та үнэхээр хайрлуулбаас зохилтой! Би Таныг маш олон жилийн турш дагасан боловч өнөөдрийнх шиг Таны хайр энэрлийг амсаж байсангүй, Танд ийм ойр санагдаж байсангүй” гэж хэлэв. Би өөрийнхөө зовлонг бүрмөсөн мартаад, маш удаан хугацаанд ийм сэтгэл хөдлөлд умбасан билээ…
Хорих төвд орсны 6 дахь өдөр маш хүйтэн байв. Хорон муу цагдаа нар миний хөвөнтэй хүрмийг хурааж, би зөвхөн нимгэн дотуур өмд өмссөн байсан тул ханиад хүрч, өндөр халуурч, бас зогсолтгүй ханиалгаж байлаа. Шөнөдөө би элэгдсэн хөнжлөөр өөрийгөө ороож, өвчний шаналгааг тэвчих зуураа хоригдлууд намайг эцэс төгсгөлгүй их дээрэлхэн хүчирхийлдэг тухай ч бас бодсон юм. Би маш их ганцаардаж, цөхөрч байв. Миний зовлон зүдүүр асар их хэмжээнд хүрэхэд би Петр Бурханы өмнө үнэн сэтгэлээсээ, чин үнэнчээр залбирсан тухай бодсон юм: “Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр бол дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Эдгээр үг нь надад итгэл, хүч чадал өглөө. Петр махан биеийн зовлонгийн талаар огт бодоогүй. Бурханы шүүлт, гэсгээлтийг л эрхэмлэж, үнэхээр анхаарч байсан. Тэрээр цэвэрлэгдэж, эцэст нь үхэлд хүртэл дуулгавартай байж, Бурханыг гэх туйлын хайранд хүрэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахаар эрэлхийлсэн. Би Петрийнхтэй адил эрэл хайгуулыг сонгох ёстой, намайг ийм нөхцөл байдалд оруулахыг Бурхан зөвшөөрсөн гэдгийг би мэдэж байв. Хэдийгээр би махан бие зовлон амсаж байсан боловч энэ нь Бурханы хайр над дээр ирж буй хэрэг байв. Бурхан зовлонгийн өмнө миний итгэл болон шийдвэрийг төгс болгохыг хүссэн. Бурханы сайхан санааг ойлгомогц үнэхээр сэтгэл хөдөлж, хэчнээн хулчгар, аминч болохоо үзэн ядаж, Бурханы хүсэлд хайхрамжтай байгаагүйнхээ төлөө Бурханд асар их өртэй санагдсан бөгөөд хэчнээн их зовлон амссан ч гэрчлэлд зогсон, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж тангараглав. Маргааш нь, миний өндөр халууралт гайхалтайгаар буурч, би зүрх сэтгэлдээ Бурханд талархсан юм.
Нэг шөнө юм зардаг хүн цонхон дээр ирэхэд өрөөний толгойлогч ихээхэн гахайн мах, нохойн мах, тахианы гуя гэх мэтийг худалдан авав. Эцэст нь тэр надад мөнгийг нь төлөхийг тушаасан юм. Мөнгө байхгүй гэж намайг хэлэхэд тэрээр: “Хэрэв чамд мөнгө байхгүй бол би чамайг аажмаар тарчлаана шүү!” гэж заналтай хэллээ. Маргааш нь тэр надаар ор дэрний даавуу, хувцас, оймс угаалгав. Хорих газрын засан хүмүүжүүлэх офицерууд ч бас надаар оймсоо угаалгасан юм. Хорих газарт байхдаа би бараг өдөр бүр зодуур амсдаг байлаа. Тэгээд энэ зовлонг тэсвэрлэж чадахаа болих бүрдээ Бурханы энэ үгийг боддог байв: “Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 41-р бүлэг). Бурханы үг надад хүч өгсөн. Хэдийгээр би үе үе хоригдлуудын халдлага, доромжлол, буруутгал, зодуурыг амсаж байсан ч Бурханы үгийн удирдамжтайгаар дотроо тайтгарсан ба шаналгаатай санагдахаа больсон юм.
Нэг удаа засан хүмүүжүүлэх офицер намайг оффистоо аваачлаа. Тэнд арав гаруй хүн намайг жигтэй харцаар ширтэж байгааг би харав. Тэдний нэг нь миний зүүн урд талд видео камер барьж байсан бол нөгөө нь микрофон бариад над руу ирж: “Чи яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг юм бэ?” гэж асуулаа. Хэвлэл мэдээллийхэн ярилцлага авч байна гэдгийг тэгэхэд л ухаарсан тул би төлөв дараа байдлаар ийнхүү бардам хариулсан юм: “Намайг жаахан байхаас л хүмүүс дээрэлхэж, үл тоомсорлодог байсан ба хүмүүс бие биеэ мэхэлж, ашигладгийг олж харсан. Энэ нийгэм хэтэрхий харанхуй, хэтэрхий аюултай гэдгийг мэдэрсэн; хүмүүс ямар ч хүсэл эрмэлзэлгүй, амьдралын зорилгогүйгээр хоосон, арга мөхөс амьдралаар амьдардаг. Хожим нь, нэг хүн надад Төгс Хүчит Бурханы сайн мэдээг номлох үед би итгэж эхэлсэн. Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа, бусад итгэгчид надад гэр бүл шигээ ханддагийг би мэдэрсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганд хэн ч миний эсрэг хуйвалддаггүй. Хүн бүр харилцан ойлголцож, санаа тавьдаг. Тэд нэг нэгнээ харж ханддаг, санаандаа байгаа зүйлийг ярихаас айдаггүй. Төгс Хүчит Бурханы үгээс би амьдралын зорилго, үнэ цэнийг олсон. Бурханд итгэх нь нэлээд сайн гэж би боддог.” Тэгтэл сурвалжлагч: “Та яагаад энд байгаагаа мэдэж байна уу?” гэж асуув. “Төгс Хүчит Бурханд итгэснээс хойш би Бурханы үг хүмүүсийг үнэхээр аварч, цэвэрлэж, амьдралын зөв замд ороход нь хөтөлж чадна гэдгийг харсан. Тиймээс би энэ сайн мэдээг бусад хүмүүст хэлэхээр шийдсэн боловч ийм сайн үйлсийг Хятадад хориглодог гэдгийг ерөөсөө мэдээгүй. Тиймээс би баривчлагдаж, энд ирсэн” гэж би хариуллаа. Миний хариултууд өөрсдөд нь ашиггүй гэж сурвалжлагч үзсэн учраас тэр даруй ярилцлагаа зогсоогоод явсан юм. Тэр үед Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын орлогч дарга маш их уурласандаа хөлөө дэвсэлсээр байв. Тэр намайг заналтайгаар ширтэж, шүдээ хавиран, “Чи зүгээр л хүлээж бай!” гэлээ. Гэвч би түүний заналхийлэл, сүрдүүлгээс огт айсангүй. Харин ч эсрэгээрээ, ийм тохиолдолд Бурханд гэрчлэл хийж чадсан нь миний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг байсан бөгөөд түүнчлэн Бурханы нэрийг өргөмжилж, Сатаныг ялснаараа Бурханыг алдаршуулсан юм.
Хожим нь миний хэргийг хариуцсан цагдаагийн офицер намайг дахин байцаав. Энэ удаад тэрээр хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт хэрэглэсэнгүй, харин “эелдэг” царай гаргаж, “Танай удирдагч хэн бэ? Би чамд өөр нэг боломж олгоё. Хэрэв бидэнд хэлбэл бүх юм сайхан болно. Би чамд асар их өршөөл үзүүлнэ. Чи үнэндээ гэм зэмгүй боловч бусад хүмүүс чамайг ховлосон. Тийм болохоор тэднийг хамгаалаад яах юм бэ? Чи сайн хүн шиг харагдаж байна. Тэдний төлөө амьдралаа өгөөд яах нь вэ? Хэрэв чи бидэнд хэлчихвэл гэртээ харьж болно. Энд үлдэж, зовоод яах юм бэ?” гэж надаас асуув. Хоёр нүүртэй энэ хүмүүс хатуу арга ямар ч нэмэргүй гэдгийг харсан тул зөөлөн аргаар оролдож үзэхээр шийджээ. Тэд үнэхээр зальхай ов мэхээр дүүрэн, башир арга, явуулгын мастерууд юм! Түүний хоёр нүүрт царайг хараад зүрх сэтгэл минь энэ чөтгөрүүдийг үзэн ядах сэтгэлээр дүүрлээ. Би түүнд: “Би мэддэг бүхнээ хэлсэн. Өөр юу ч мэдэхгүй” гэж хэлсэн юм. Миний шийдэмгий байдлыг хараад, надаас юу ч олж авч чадахгүй гэдгээ мэдээд тэрээр урам хугарсан байдалтай явж одлоо.
Хорих газарт хагас сар хоригдсоны эцэст, гэр бүлийнхэн маань цагдаа нарын төл гэж шаардсан 8000 юанийн барьцааны мөнгийг төлсний дараа л би суллагдсан юм. Гэхдээ тэд надад хаашаа ч явж болохгүй, гэртээ байж, дуудахад нь бэлэн байх ёстой гэж анхаарууллаа. Хожим нь ХКН намайг “нийгмийн дэг журмыг алдагдуулсан” хэмээн үндэслэлгүйгээр буруутган, 1 жилийн хорих ял өгч, 2 жилээр тэнсэн харгалзуулахаар болсон юм.
Энэ хавчлага, гай зовлонг туулсныхаа дараа би бурхангүй үзэлт Хятадын Коммунист Намын диаволлог төрх, ёрын муу мөн чанарыг ойлгож, ялган таньж чаддаг ба үүнийг гүн гүнзгий үзэн ядах болсон. Тэд давамгай байр сууриа хамгаалахын тулд хүчирхийлэл, худал хуурмаг ашигладаг; Бурханд итгэдэг хүмүүсийг улайран дарангуйлж, хяхан хавчдаг. Мөн газар дээрх Бурханы ажлыг үймүүлж, саад хийхийн тулд бүхий л арга чаргыг ашиглаж, үнэнийг дээд зэргээр үзэн яддаг. Тэд бол Бурханы хамгийн том дайсан, бас итгэгчид бидний дайсан билээ. Энэ гай зовлонг туулсныхаа дараа би зөвхөн Бурханы үг л хүмүүст амь авчирч чадна гэдгийг олж харсан. Намайг хамгийн их цөхөрч, үхлийн ирмэг дээр байх үед Бурханы үг надад итгэл, эр зориг өгч, амьдралаас бат зуурах боломж олгосон. Хамгийн харанхуй, хамгийн хэцүү тэр өдрүүдэд намайг хамгаалж байсных нь төлөө Бурханд талархъя. Намайг гэх Бурханы хайр дэндүү агуу билээ!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?