Зовлонгоос хайрын үнэр анхилдаг

2018-01-09

Шиаокай, Жянши муж

Би хөдөөгийн ердийн нэгэн эмэгтэй бөгөөд хүүг л үнэ цэнтэйд тооцдог феодалын үзэл санааны улмаас хүү төрүүлээгүйдээ ичиж бусдын өмнө толгой гудайлгаж явсан юм. Тэгээд хамгийн их зовж байх үедээ Эзэн Есүсээр сонгогдон, хоёр жилийн дараа Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн авсан билээ. Мөн Төгс Хүчит Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, зүрх сэтгэл маань жинхэнэ үнэн чөлөөлөлтөд хүрлээ. Гэвч Бурханы хайрыг хариулах үүргээ биелүүлэх явцдаа би ХКН-ын засгийн газарт хоёр удаа баривчлагдаж, ХКН-ын зараалуудын гарт харгис эрүү шүүлт, тамлалыг амссан юм. Намайг яг үхлийн ирмэг дээр байх үед Төгс Хүчит Бурханы үг замчилж, зоригжуулж, Сатаны харгис хорлол дунд гэрчлэлд зогсоосон бөгөөд насан туршдаа Бурханыг дагаж, Бурханыг хайрлах миний шийдвэрийг ийнхүү батжуулсан билээ.

2003 оны 5 дугаар сарын нэгэн өдрийн үдээс хойш 5 цаг орчимд би үүргээ биелүүлэхээр явж байхад тосгоны хорооны нарийн бичгийн дарга мотоциклтой ирээд, гэнэт замыг маань хаав. Тэгээд, “Зогс! Чи юу хийж байгаа юм? Надтай хамт яв!” гэж зандчин тушаалаа. Би гайхаж гүйцэн, тандуулж байснаа ухаарсан юм. Цүнхэнд байсан пейжер, чуулганы мөнгөний баримтууд болон бусад зүйл санаанд орж, эдгээр нь түүний гарт орвол чуулганы ажилд асар их гарз хохирол учирна гэж тэр даруй бодогдлоо. Иймээс би цүнхэндээ байгаа зүйлсийг хаа нэгтээ шидэх боломж олдоно гэж найдан чадах чинээгээрээ хурдан гүйсэн ч нэг их холдолгүй баригдав. Удалгүй нэг хар машин ирж, дотроос нь догшин царайтай тав зургаан цагдаа үсрэн гарч ирээд, намайг бүчлээ. Тэд хорлонтойгоор инээлдэж, “Энэ удаад бид удирдагч чамайг үнэхээр барилаа. Зугтаж чадна гэж бодсоор л байна уу? Битгий Мөрөөд!” гэлцэв. Тэгээд гарыг маань хүчээр нуруунд гавлаад, намайг цагдаагийн машинд суулган орон нутгийн цагдаагийн хэсэгт хүргэсэн юм.

Зовлонгоос хайрын үнэр анхилдаг

Намайг цагдаагийн хэсэг дээр очих үед тэр ёрын муу цагдаа нар жижигхэн, харанхуй, өмхий өрөөнд түлхэн оруулаад, “Үнэнээ хүлээ! Нэр чинь хэн бэ? Чи хаанаас ирсэн бэ? Энд юу хийж яваа юм бэ? Ярь!” хэмээн над руу хэрцгийгээр бархирч эхлэв. Тэдний заналтай байдлыг хараад зүрх хүчтэй цохилон, миний цүнхэн дэх эд зүйлс тэдний гарт орох вий, бас намайг харгисаар тамлах вий гэж айсан юм. Энэ бүхэн болж байх явцад би Бурханд хандан цөхрөнгүйгээр залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь, өнөөдөр би диаволуудын гарт орсон нь Таны зөвшөөрлөөр боллоо. Тэд юу ч хийсэн бай хамаагүй, би Таны талд л зогсмоор байна. Гэрчлэлд зогсох мэргэн ухаан, итгэл гуйн залбиръя.” Яг тэр мөчид Бурханы үг бодогдов: “Чи юунаас ч айх хэрэггүй. Хэчнээн олон саад тотгор, аюултай тулгарах нь хамаагүй, Миний өмнө чи тууштай байх болно …. Бүү ай; Миний дэмжлэг байхад, замыг хэн хааж чадах билээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Тийм ээ, Бурхан үнэхээр л цор ганц. Тэр бүх зүйлийг захиран, юм бүхнийг ноёрхдог хойно энэ хэдэн ёрын муу цагдаа тэр тусмаа Бурханы зохицуулалтын нэг хэсэг бус уу? Бурхан намайг дэмжин, надтай хамт байхад би юунаас айх вэ? Бурханы үг надад итгэл төрүүлж, Сатанаас дахин хэзээ ч айхгүй болтол бүх бие маань хүч чадлаар дүүрлээ. Гэхдээ тухайн үед би цүнхэнд байгаа зүйлсдээ мөн л санаа зовж, сэтгэлдээ Бурханаас тасралтгүй хамгаалалт гуйж байлаа. Залбирлыг минь сонссон Бурханд талархъя. Энэхүү ёрын муу цагдаа нарын бүлэг намайг байцаасан төдий болоод, цүнхийг маань нэгжсэнгүй. Ээлж солих цаг болоход тэд бүгд өрөөнөөс гарцгаасан бөгөөд би ч цүнхэндээ байсан санхүүгийн данс тооцооны баримтууд, итгэлийн материалуудаа яаравчлан авч цонхоор гарган хаяад, пейжерээ шалан дээр эвдэж, хогийн сав руу хийгээд сая л нэг сэтгэл хөнгөрөн амьсгалж чадахтайгаа болов. Үүнийг дөнгөж хийж дууссаны минь дараа ёрын муу цагдаа нарын шинэ ээлж өрөөнд орж ирлээ. Тэд над руу догшин хараад, цүнхийг минь яаран нэгжсэн боловч юу ч олоогүй юм. Бурханы төгс хүчин, дээд эрхийг би өөрийн нүдээр хараад, итгэл маань асар их нэмэгдэв. Ёрын муу цагдаа нар гар хоосон хоцорсон тул миний яг холбоотой байдаг хүмүүс, дээд түвшний удирдагчид хэн бэ гэх мэтчилэн ууртайгаар байцаалаа. Би үг алдаад, тэдний урхинд орчих вий гэж айсан тул огт юм хэлсэнгүй. Үүнийг хараад тав, зургаан ёрын муу цагдаа бүгд зэрэг ирээд, намайг цохиж, өшиглөн, хараах зуураа: “Хэлэхгүй бол үхтэл чинь зодно шүү!” гэлээ. Би маш их зодуулсаар бөмбөг шиг эвхэрч, шалан дээр хойш урагш өнхөрч байлаа. Дараа нь нэг цагдаа намайг зэрлэгээр үсдээд, “Чи одоог хүртэл ёстой зөрүүдэлж байх шив. Чи ярихгүй юу? Бидэнд өөрийн гэсэн арга байгаа болохоор өнөө орой чиний учрыг олно доо, харж л байгаарай!” хэмээн хэрцгийгээр сүрдүүлэв. Бурхан дэргэд минь байгааг би мэдэж байсан тул айсуй тамлалтай сэтгэл амар нүүр туллаа.

Тэр орой 8 цаг өнгөрч байхад хоёр ёрын муу цагдаа намайг гавлаад, хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу дагуулж явлаа. Байцаалтын өрөөнд ороход дөч эргэм насны нэг цагдаа намайг уруу татаж, ятгах гэж сайн цагдаагийн дүрд тоглож эхлэв: “Чи залуухан, хөөрхөн юм байна. Юундаа ингэж Бурханд итгэдэг юм бэ? Бидэнтэй хамтран ажилла. Дээд түвшний удирдагчдынхаа нэрийг хэлчих, тэгвэл чамайг шууд гэрт чинь хүргээд өгье. Ямарваа асуудал байвал би тусалж болно. Энд юундаа зовох гээ вэ? …” Энэ бол Сатаны башир арга гэдгийг би Бурханы хамгаалалтын ачаар мэдэж байсан бөгөөд түүнийг юу ч гэж хэлсэн, анхаарал хандуулаагүй юм. Арга заль нь бүтэлгүйтсэнийг ойлгосон ёрын муу цагдаа нэн даруй үнэн нүүр царайгаа харуулав. Тэр намайг үсдэж аван, шалан дээр дарж хэвтүүлээд, толгой руу зэрлэгээр өшигчсөнөөс үүдэн миний толгой эргэж, бүх зүйл дайвалзлаа. Тэгчхээд толгой дээр дэвслээд, “Ярихгүй юу? Өнөөдөр чамайг тамлахын тулд бүх аргаа хэрэглэнэ, тэгээд чи хүн болж төрсөндөө харамсана даа. Бидний мэдмээр байгаа зүйлийг хэлэх үү?” гэж тун догшноор хэлэв. Намайг мөн л ам нээхгүй байгааг хараад хэдэн ёрын муу цагдаа нэмж дуудсан бөгөөд тэд намайг чирч босгоод, халуу дүүгэн асар их өвдтөл нүүр лүү ахин дахин алгадав. Гэвч би яаж зодуулсан ч хамаагүй Бурханд тасралтгүй, чимээгүйхэн залбирч, шүд зуун нэг ч үг хэлээгүй юм. Бууж өгөхгүй байгааг минь хараад тэд багтартлаа уурлан, өөр нэг өрөө рүү чирч орууллаа. Нэг ёрын муу цагдаа цахилгаан бороохой аваад, над руу хорлонтойгоор инээж, “Зөрүүд байх чинь хамаагүй. Бидэнд өөрийн гэсэн арга бий! Цахилгаан бороохой та хоёрын аль нь илүү удаан тэсэхийг харъя л даа!” гэлээ. Тэгээд намайг бороохойгоор өршөөлгүй цохиж эхлэв. Агшин зуурын дотор бүх бие маань хэмжээлшгүй их цахилгаан гүйдэлд цохиулж, өөрийн эрхгүй татвалзлаа. Түмэн шоргоолж ясыг минь мэрэх мэт болж, би үе үе өөрийн эрхгүй час хийтэл орь дуу тавьсан юм. Амсхийх завдал өгөлгүй бас нэг ёрын муу цагдаа багцалсан зузаан сэтгүүлээр толгой руу хамаг хүчээрээ нүдэж эхэлсэн бөгөөд дараа нь намайг үсдэж аваад, толгойг минь хана руу хэрцгийгээр савлаа. Бүх зүйл харанхуйлж, би газар унав. Цагдаа нар намайг “Үхсэн дүр үзүүлж байна!” гэж бархирч байлаа. Намайг газраас чирч босгоод өвдөглө гэж тушаасан ч, бие минь маш их тамирдсан тул хэдхэн хором өвдөглөн суугаад, дахиад л газар луу хөсөр унав. Тэр мөчид би үнэхээр цаашид тэсэхээргүй санагдаж, өөрийн эрхгүй сул дорой болсон бөгөөд, “Энэ диаволууд ёстой балмад юм, өнөөдөр би үнэхээр л тэдний гарт үхэх нь….” гэж бодлоо. Өвдөж, арга мухардсандаа би Бурханд хандан, намайг замчилж, Сатаныг ялах хүч чадал өгөхийг гуйж чин сэтгэлээсээ залбирсан юм. Яг тэгэхэд Бурханы ийм үг санаанд буулаа: “Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн, Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлийг эзэмшдэг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид байнга Түүнтэй ойр байж …Ганц ч болов амьсгаа үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Миний амь Бурханы гарт байдаг, Бурхан зөвшөөрөөгүй л бол энэ диаволууд амийг минь авч зүрхлэхгүй гэдгийг Бурханы үг надад ойлгуулсан юм. Би өдий хүртэл Бурханыг хэрхэн дагaсан, Бурхан намайг бүх замын туршид хэрхэн хамгаалсан, Бурханы хэчнээн их, хэр арвин хайрыг би хэрхэн эдэлсэн тухай санаж, одоо нүүрлээд буй энэ орчин бол миний хайр, үнэнч байдлыг Бурхан шалгах цаг, бас миний хувьд Бурханы хайрыг хариулах цаг юм байна гэж бодлоо. Диаволууд намайг Бурханаас урвуулах гэсэн жигшүүрт зорилготойгоор тэгж тамлаж байжээ. Гэхдээ би тууштай, шийдэмгий нэгэн байх болно, бас үхтлээ тамлуулсан ч Сатанд бууж өгөхгүй. Би гутамшигт оршин тогтнолоо сунжруулах төдийхний төлөө яасан ч Иудас болохгүй - Сатаны төлөвлөгөөг би амжилтад хүргэхгүй, харин Бурханы төлөө заавал гэрчлэлд зогсож, Бурханы сэтгэлийг тайтгаруулна! Бурханы үг надад дундаршгүй хүч өгч, хамаг биеийг минь тарчилгах тэр өвдөлтийг мартуулсан бөгөөд тэгэхэд энэ диаволуудтай үргэлжлүүлэн тэмцэх итгэл, зүрх зориг төрлөө.

Дараа нь, ёрын муу цагдаа нар надаар хэрэг хүлээлгэх гэсэндээ намайг унтуулалгүй ээлжлэн манаж, ахин дахин асуултаар булж эхэллээ: “Танай чуулганы дээд түвшний удирдагчид хэн бэ? Тэд хаана амьдардаг вэ? Өөр хэн гишүүн нь вэ? …” Намайг ам нээхгүй болохоор тэд хааяа нэг үсдэн авч, өшиглөдөг болов. Намайг зүгээр л нүдээ аних төдийд цохиж, өшиглөж, арьсан гутлынхаа хоншоороор хурууны үе дээр хамаг хүчээрээ дэвсэлж, талхалдаг байлаа. Час хийсэн өвдөлтөөс болж би үгээр хэлэхийн аргагүй их зовж, орь дуу тавьсаар байсан юм. Тэд намайг бөмбөг шиг л нааш цааш өшиглөж байв…. Үүр цайх дөхөхөд би маш их тамлуулсан байсан тул бие маань тоймгүй их хөхөрч, тэвчихийн аргагүй өвдөж байлаа. Урьд нь хэзээ ч ийм бэрхшээл амсаж байгаагүйгээ санан, Бурханд итгэдгийнхээ улмаас одоо ХКН-ын засгийн газрын ёрын муу цагдаа нарын гарт эрэмдэглүүлж, тамлуулж байгаагаа бодохоор сэтгэл минь өөрийн эрхгүй ганьхарч, сул дорой болов. Тэр мөчид дотор минь нэлэнхийдээ харанхуйлж, дараа нь ямар гээч харгис эрүү шүүлт зэхэж байгаа бол гэхээс улам их айж байлаа. Зовж шаналан хэвтэж байхдаа би Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь, намайг гэгээрүүлж, хүнд хэцүү байдлын дунд хүслийг тань ойлгоход замчлаач гэж Танаас гуйя. Ингэснээр би гэрчлэлээ алдахгүй.” Залбирч байхдаа би Бурханы үгийн магтан дууг санав: “Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. … Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой. … Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой”). Бурханы үг сэтгэл зүрхийг маань сэрээсэн бөгөөд Бурханд итгэдгийнхээ улмаас одоогийн амсаж буй хяхалт хавчлагын зовлон минь хамгийн их үнэ цэн, утга учиртайг ойлгууллаа. Бурханд дайсагнадаг Сатаны мөн чанарыг тодорхой харуулж, улмаар Сатаныг бүрмөсөн орхих, Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлж, Бурханы төлөөх үнэн хайрыг олж авах боломж олгохын тулд Бурхан шаналант энэ орчныг ашиглаж байгааг би ойлгосон юм. Намайг аврахын тулд Бурхан аль эрт бүхий л шаналлыг тэсвэрлэсэн тул над мэтийн ялзарсан хүн үнэнийг олж авч, амь зан чанараа үнэхээр өөрчлөхийн тулд бүр ч их зовж шаналах ёстой бус уу? Би авралд хүрэх зам мөрийг хөөхдөө ийм зовлонг туулах ёстой, өөрийгөө номхотгож, босгон байгуулахад маань энэ төрлийн бэрхшээл хэрэгтэй; энэ л миний аминд хэрэгтэй бөгөөд Бурханы агуу хайрыг би хүлээн авмаар байна. Өнөөдөр би Христийн хамт зовж, Христийн хаанчлал болон гай зовлонгийн аль алийг нь хуваалцаж байна. Энэ нь тэр чигтээ Бурханаар өргөгдсөн явдал, Бурханы намайг гэсэн хамгийн агуу хайр, ерөөл тул би баярлах хэрэгтэй. Ингэж бодоод зүрх сэтгэл минь маш их тайтгаран, ийм орчинтой нүүр тулах нь шаналантай зүйл гэж бодохоо больж, харин ч энэ бол надад тохиосон Бурханы онцгой ерөөл гэдгийг мэдэрлээ. Би Бурханд хандан чимээгүйхэн залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Намайг гэгээрүүлж, хүслээ ойлгуулсанд тань талархъя. Сатан намайг яаж ч тарчилгалаа гэсэн би яасан ч зөвшилцөхгүй, бас бууж өгөхгүй. Би үхсэн ч, сэхсэн ч Таны зохион байгуулалтад захирагдаж, Танд өөрийгөө бүрмөсөн зориулж, үхэн үхтлээ Таныг хайрламаар байна!” Ёрын муу цагдаа нар намайг хоёр шөнө, нэг өдрийн турш тамлаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь, тэд хэлэх үггүй болцгоон, намайг аль хэдийн “Бурханжчихаж” гээд цагдан хорих газар луу шилжүүлэв.

Цагдан хорих газрын хорих өрөөнд очмогц ёрын муу цагдаа нарын турхирсан өрөөний ахлагч намайг, “Алив, хэргээ хүлээ! Эсвэл чи зовно шүү!” хэмээн сүрдүүлж эхэллээ. Буулт хийхгүй байгааг минь хараад тэр намайг боломжтой арга бүрээр шийтгэхийн тулд бусад хоригдолтой үгсэн хуйвалдав: Тэд надад ямар ч идэх юм, халуун ус өгөхгүй, шөнө болгон хөлдүү цементэн шалан дээр унтуулж, бохир заваан, хүнд ажлаа надаар хийлгэдэг боллоо. Юмаа хийж дуусгахгүй бол илүү цагаар ажиллах болно, хангалттай сайн хийхгүй бол хэл амаар доромжлуулж, зогсон шийтгүүлдэг байв…. Өдөр бүр би бусад хоригдлын доог тохуу, доромжлол, ялгаварлан гадуурхалттай нүүр тулж, зодуулж, хэл амаар доромжлуулдаг байсан юм. Тэр ч бүү хэл ёрын муу цагдаа нар мөнгийг маань сохор зоос ч үлдээлгүй хурааж авсан тул би өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ ч худалдан авч чадахгүй байлаа. Энэ өдрүүд хэзээ дуусахыг би огт мэдэхгүй байсан бөгөөд сэтгэлдээ маш их гуниг, ганцаардал, зовлон шаналлыг мэдэрч тэр чөтгөрийн газраас аль болох хурдан гарахыг хүсдэг байв. Гэвч тэр орчноос гарахыг хэдий их хүснэ, зүрх сэтгэл минь төдий чинээ харанхуйлж, гансарч, өөрийн эрхгүй нулимс унагаж байлаа. Ингэтлээ арга мухардсан би гагцхүү зовлон шаналлынхаа талаар Бурханд ахин дахин хэлж байсан бөгөөд Бурхан намайг дахин нэг удаа удирдан, Өөрийн зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай болгоно гэж чин сэтгэлээсээ найдаж байв. Бурхан цаг ямагт миний туслагч, дэмжигч байж, надад дахин нэг удаа үгээ санууллаа: “Бурхан яаж ажилладаг, чи ямар орчинд байгаа нь хамаагүй, хэрвээ чи амийг эрэлхийлж, Бурханы ажлыг өөрийнхөө дотор хэрэгжүүлэхээр эрж хайж, үнэнийг эрэлхийлж чаддаг бол, мөн Бурханы үйлсийг ойлгож, үнэний дагуу хэрэгжүүлж чаддаг бол энэ нь чиний жинхэнэ итгэл бөгөөд Бурханд найдах найдвараа алдаагүй гэдгийг чинь харуулдаг. Хэрвээ чи цэвэршүүлэлтийн үеэр үнэнийг эрэлхийлж бас л чаддаг, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүний талаар эргэлздэггүй бол, Тэр яаж ч хийж байсан бай, чи Түүнийг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлж бас л чаддаг, мөн Түүний хүслийг гүнээ эрж хайж, анхааран халамжилж чаддаг бол чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй гэсэн үг юм. Өмнө нь Бурхан чамайг хаанчлах болно гэж хэлэхэд чи Түүнийг хайрласан ба чамд Өөрийгөө ил тод харуулахад нь Түүнийг дагасан. Харин одоо Бурхан нуугдсан, чи Түүнийг харж чадахгүй ба чамд зовлон бэрхшээл тулгарлаа. Энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Иймээс чи цаг үргэлжид амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг жинхэнэ итгэл гэж нэрлэдэг бөгөөд энэ бол хамгийн жинхэнэ, хамгийн сайхан хайр билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үг бачимдсан хүүхдээ аргадах элбэрэлт эхийнх шиг байсан бөгөөд намайг маш их тайтгаруулж, зоригжуулсан юм. Бурхан яг дэргэдээс минь харж хандан, Сатаны өмнө Бурханд итгэх үнэн итгэлээ байнга хадгалах, зовлонг чимээгүйн тэвчиж, шаналантай орчинд болон харанхуйн хүчээр хүрээлэгдсэн үед Бурханыг сэтгэл ханамжтай байлгах, хайрлах, Бурханы гэрчлэлд зогсох чадвартай байхыг надаас хүсэн хүлээж байгаа нь мэдрэгдлээ—ингэх нь Сатаныг шившиглэдэг хамгийн хүчирхэг гэрчлэл билээ. Хэдийгээр би диаволуудын энэ үүрэнд унасан ч Бурханы хайр байнга надтай хамт байсан юм. Хэрцгий эрүү шүүлт, тамлал амсан сул дорой болж, Сатаны дайралтыг тэсвэрлэн зовж бачимдах үедээ би аминд минь зориулсан Бурханы хангамжийг байнга олж харж, Бурханы хайраас тайтгарал мэдэрч, надад гарах гарц нээж буй Бурханы гарыг харж чадсан юм. Бурхан байнга дэргэдээс минь харж халамжлан, надтай хамт байгааг би бодлоо. Намайг гэсэн Бурханы хайр ийм агуу байтал Түүний хүслийг би хөсөрдүүлж яахан чадах билээ? Би махан биедээ анхаарал хандуулах учиргүй, Бурханы надад зориулан зохицуулсан орчноос зайлах гэж бүр ч оролдох ёсгүй. Урьдын итгэлээ сэргээж, үнэн хайраа Бурханд зориулж, Сатаны өмнө Бурханыг гэрчлэх ёстой. Ингэж бодоод сэтгэл дэх шаналал минь намжсан бөгөөд бүхий л тарчлааныг амсаад ч хамаагүй Бурханыг хайрлаж, сэтгэл ханамжтай байлгах шийдвэр гаргасан юм. Тэгээд чуулганы нэг магтан дууг өөрийн эрхгүй дууллаа: “Би бол зүрх сэтгэл, сүнстэй хүн, гэтэл Бурханыг яагаад хайрлаж чаддаггүй юм бэ? Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж, Христийн хаанчлал биеллээ олоход Түүнтэй би дахин уулзана” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хаанчлал”). Итгэлээ бэхжүүлж, Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахыг хүссэнээр би Бурханы намайг гэх энхрий хайрыг дахин нэг удаа өөрийн биеэр мэдэрсэн юм. Бурханы зохицуулснаар, шоронгийн хуяг надад өдөр тутмын хэрэглээний олон эд зүйл өглөө. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархав. Дөч хоногийн дараа, ёрын муу цагдаа нар надаас юу ч олж мэдэх аргагүй гэдгээ ухаараад, надад “гаж урсгалын гишүүн” хэмээх ял албан хүчээр тулгаж, гэр бүлээс маань хэдэн мянган юань шаардан төлүүлснийхээ дараа л намайг сулласан юм.

Гэртээ хариад би эрх чөлөөтэй болно гэж бодсон боловч ХКН-ын цагдаа нар намайг тандахаа огт болилгүй хувийн эрх чөлөөг маань хязгаарласаар байв. Тэд гэрээсээ гарахыг минь хориглон, дуудсан цагт нь байнга бэлэн байхыг тушааж, намайг хянах хүн гаргасан юм. Тэр ч байтугай гэр бүлийг маань бараг хэд хоноод л нэг сүрдүүлэн, намайг сайн харж байхыг анхаарууллаа. Гаднаа би суллагдсан мэт байсан ч үндсэндээ ёрын муу цагдаа нарын гэрийн хорионд оров. Тийм учраас би чуулганыхаа ах, эгч нартай холбоо барьж, үүргээ гүйцэтгэж зүрхлээгүй бөгөөд сэтгэлдээ маш их шаналж, дарамттай байлаа. Бүр ч эгдүүцмээр нь, ёрын муу цагдаа нар намайг Бурханд итгэдгээсээ болж галзуурсан, тархиндаа жаахан юмтай, юу ч хийх чадвартай гэж хэлэн, ёрын худал хуурмагаар тосгоны хүмүүсийг хуурч мэхэлсэн юм…. Цуурхал тарааж, гүтгэн гүжирдэх зэрэг тэдний жигшүүрт үйлдэлтэй тулгараад би багтартлаа уурлахаас өөр яаж ч чадсангүй. Би тэр диаволуудад ийм маягаар хянуулаад байж болохгүй тул чөтгөрийн савраас нь мултрах, Бурханы хайрыг хариулахын төлөө тэмцэх хэрэгтэй. Иймээс би ёрын муу цагдаа нарын хяналтаас ангижрахын тулд гэрээ орхин явж үүргээ гүйцэтгэхээс өөр аргагүй болов.

Нүд ирмэхийн зуур гурван жил өнгөрлөө. ХКН-ын цагдаа нар намайг цаашид хянахгүй гэж бодоод, би үүргээ гүйцэтгэхээр гэртээ ирэв. Гэвч 2006 оны 8 дугаар сарын нэгэн өглөө намайг гэртээ ирээд хэдхэн хонож байтал ёрын муу цагдаа нар гэв гэнэтхэн хүрч ирлээ. Тэр өглөө, “Хурдан хаалгаа онгойлго, үгүй бол эвдлээ шүү!” гэж хашхирах дуунаар би цочин сэрсэн юм. Нөхөр маань хаалга тайлав уу үгүй юу, долоо найман ёрын муу цагдаа дээрэмчид шиг л дайран орж ирээд, ямар ч тайлбаргүйгээр намайг барьж аван, машиндаа түлхэн суулгав. Бурхан намайг хамгаалж байсан учраас би айж сандарсангүй. Харин гагцхүү залбираад л байлаа: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр би энэ диаволуудын гарт дахин орлоо. Та миний зүрх сэтгэлийг хамгаалж, надад хүч чадал өгөх болтугай, би Танд дахин гэрчлэл хийх болтугай.” Цагдаагийн хэсэг дээр очмогц ёрын муу цагдаа нар миний зураг, хурууны хээг хүчээр авав. Тэгээд нэрсийн жагсаалт авч ирээд, “Чи энэ хүмүүсийг таних уу? Чиний холбоотнууд хэн бэ?” хэмээн намайг асуултаар булж эхэллээ. Жагсаалтаас зарим эгчийн танил нэрийг хараад би: “Эднийг танихгүй юм байна, надад холбоотон байхгүй!” гэж тайвнаар хариулав. Намайг хариулж дуусав уу үгүй юу, “Чи хэдэн жил алга болохдоо хаана байсан юм бэ? Чамд холбоотон байж л таарна. Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг хэвээрээ юу? Үнэнээ хүлээ” гэж тэдний нэг нь над руу бархирлаа. Ёрын муу цагдаагийн үгэнд би шууд л гомдох, хорсох зэрэгцэн, үгээр хэлэхийн аргагүй уурласан юм: Өнөөдрийн миний итгэж байгаа Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан. Би үнэнийг л эрж хайж, амьдралын зөв замаар л алхдаг бөгөөд энэ бүх зүйл гэгээлэг, шулуун шударга байдаг. Гэтэл ямар ч мөс чанаргүй эдгээр диавол намайг мөшгөж, хувийн эрх чөлөөг маань хязгаарлан, гэрээс минь хөөж, гэр бүлээс минь тусгаарлан, Бурханаас хүчээр урвуулах гэж хичээсээр байлаа. Бурханд итгэж, сайн хүн байхаар эрэлхийлэхэд юу нь буруу байгаа юм бэ? Төгс Хүчит Бурханыг дагаж, амьдралын зөв замаар алхахыг минь тэд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? ХКН-ын засгийн газрыг бүрдүүлдэг бүлэг диавол үнэхээрийн гажууд, бурхан шүтлэггүй юм: тэд Бурханы эвлэршгүй дайснууд төдийгүй миний зэрэгцэн оршиж бүр ч болохооргүй дайснууд юм байна. Гуниглаж, хорсохдоо би Төгс Хүчит Бурханы ийм үгийг өөрийн эрхгүй саналаа: “Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг.… Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, мянга мянган жилийн нүгэл зүрх сэтгэлд бичигдсэн, энэ нь яаж жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устгаж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы хүслийг би эдгээр үгээс ойлгож, тэдгээр диаволыг сэтгэлдээ маш их үзэн ядах болсон юм. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн хүн төрөлхтнийг өсгөж өндийлгөдөг; Бурханы арвин их хишгийг хүн төрөлхтөн эдэлдэг бөгөөд Бурханд итгэх, Түүнийг шүтэн мөргөх нь ямагт Тэнгэрийн хууль, газрын зарчим байж ирлээ. Гэтэл ХКН-ын засгийн газар Бурханд итгэдэг бүх хүнийг устгаж, эцсийн өдрүүдэд хүнийг аврах Бурханы ажлыг үндсээр нь арилгана гэж дэмий найдан, Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсийг хэрцгийгээр дарлахын тулд улайран мөшгөж, хууль бусаар хорьж, харгисаар эрүүдэн шүүж, тамлаж, засан хүмүүжүүлэх газарт хорьж, доромжилж, элэглэн тохуурхах гэх зэргээр чадах бүхнээ хийдэг нь үнэхээр туйлын хорон бөгөөд жигшүүртэй! Энэ он жилүүдэд Төгс Хүчит Бурханы хамгаалалт, халамж байгаагүй бол диавол Сатан намайг аль эрт харгисаар хөнөөх байсан юм. Үхэл, амьдралын энэ сүнслэг тулаантай учраад би ийнхүү сэтгэл шулуудлаа: “Би хэмжээлшгүй их өвдөлтийг мэдэрсэн ч үнэний төлөө босож, Бурханыг хайрласаар л байх ёстой. Бурханы гэрчлэлд зогсоход амиа зориулахаа би тангараглая!”

Ганц ч үг дуугаралгүй хялалзаж байгааг минь хараад ёрын муу цагдаа унтууцсандаа: “Чи ярихгүй юу, аан? Манай дарга нар өөрсдөө ирж байцаахыг хүлээж бай, тэгээд ам нээхгүй байхыг чинь харъя л даа!” гэж уурслаа. Ёрын муу цагдаагийн дарга нар өөрсдөө ирж намайг байцаана гэдгийг сонсоод би яалт ч үгүй бага зэрэг сандрав. Гэхдээ бүх зүйл дээрх Бурханы дээд эрх, бүх зүйлийг захирдаг Түүний захиргаа, Бурханы үгэнд байдаг цорын ганц эрх мэдэл, хүчирхэг амин чанарыг би саад бэрхшээл дунд өөрийн биеэр үнэнхүү мэдэрснээ санаад, тэр даруй сэтгэлд минь Сатаны харанхуйн хүчнийг ялах итгэл, зориг бий боллоо. Хэдийгээр эдгээр ёрын муу цагдаа дээд зэргийн харгис, өршөөлгүй ч гэлээ гаднаа хүчтэй харагддаг, дотроо сул дорой цаасан барсаас цаашгүй бөгөөд Бүтээгчийн гар тэднийг ч мөн удирддаг. Сэтгэлдээ би Бурханд хандан ийн шийдлээ: “Өө Бурхан минь, диаволууд намайг яаж ч тамлалаа гэсэн итгэлийг минь туйлбартай байлгаж, Таныг хайрлах сэтгэлийг минь батжуулж, амиа золиод ч хамаагүй Таны ялгуусан гэрчлэл болохыг минь зөвшөөрөөч гэж л Танаас гуйя.” Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны дэд дарга нар гэцгээх хоёр эрийг ирэхэд өглөөний 10 цаг өнгөрч байсан байх. Тэд үгийн зөрөөгүй өөдөөс харснаа нэг нь үснээс зуурч аваад, “Чи Төгс Хүчит Бурханд итгэсэн хэвээрээ юу?” хэмээн асуултаар буллаа. Дуугүй байгааг маань хараад нөгөө ёрын муу цагдаагийн дарга нь, “Чамайг ярихгүй бол өнөөдөр өвдөлтийн амтыг мэдрүүлээд өгнө өө!” гэж зэрлэгээр бархирав. Ингэж хэлэхдээ зэрлэг адгуус шиг архиран, намайг үснээс зуурч аваад, газар луу шидсэнд би маш хүчтэй унаад, дахин босож чадсангүй. Дараа нь тэд намайг үсдэн чирч, өшиглөн зодож байхдаа: “Чи хэлэх үү?” гэж хашхирав. Тэр даруйд нүүр маань халуу дүүгэн өвдөж, хуйх салж унах гэж байгаа мэт тэсэшгүй өвдлөө. Хүн дүрстэй энэ хоёр араатан гаднаа хүндтэй эрхмүүд шиг харагдаж байсан ч цаанаа зэрлэг араатан адил харгис, балмад байсан юм. ХКН гэх энэхүү ёрын муу улс төрийн нам нь Сатаны биелэл бөгөөд чөтгөр, муу ёрын сүнснүүдийн бүлэглэлээр гар хөлөө хийдэг гэдгийг энэ хүмүүс надад улам ч тодорхой харууллаа! Tэд эцэст нь Бурханы хараалыг хүртэх болно! Ёрын муу цагдаагийн энэ хоёр дарга эзэрхэг дарангуй эрх мэдэлд нь бууж өгөхгүй байгааг минь хараад, намайг үсдэж аван, газар луу галзуурсан мэт шахаж, хоёулаа улайран өшигчиж, дээрээс дэвсэллээ. Дараа нь тэд намайг чирч босгон, хөлийн ар луу хэрцгийгээр дэвсэлж, газар сөхөрч унатал хүчтэй өшиглөөд, “Сөгд, тэгээд бүү хөдөл! Үнэнээ хэлчхээд босоорой. Ам нээхгүй юм бол босох тухай бодоод ч хэрэггүй шүү!” гэж балмадаар хэлсэн юм. Тэгээд намайг жаахан л хөдөлбөл үснээс улангасан зулгааж, зодож, өшигчлөө. Би гурав дөрвөн цаг өвдөглөн суусан бөгөөд энэ хооронд биеэ даахгүй байснаасаа болж тоо томшгүй олон удаа зодуулав. Эцэст нь тэд намайг манаран газарт унах үед үхсэн мэт дүр үзүүллээ гэж загнан, хайр найргүй харгисаар үсэдсэнд хуйх тэр аяараа урагдаж байгаа мэт өвдсөн юм. Тэгэхэд бүхий л бие маань хэдэн хэсэг салж унах мэт санагдсан бөгөөд тэсвэрлэшгүй их өвдөн, хөдөлж ч чадахгүй байлаа. Хэзээ хэзээгүй зүрх хаагдах гэж байгаа мэт байв. Хүч чадал хайрлаач гэж гуйн Бурханыг би дуудсаар байсан бөгөөд Бурханы захиас, зоригжуулалтын үг санаанд буулаа: “Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 2). Бурханы үг надад итгэл, эрч хүч өгсөн юм. Тийм ээ! Петр Бурханы төлөө доош харан загалмай дээр цовдлогдож, махан бие нь дааж давшгүй өвдөлтөд автаад байх үедээ ч Бурханыг үлэмж их хайрласан хэвээр байж чаджээ. Тэр махан биеийг дийлж, Сатаныг ялсан бөгөөд ийм гэрчлэл л цангинасан байж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулах чадвартай. Би Бурханыг алдаршуулахын тулд Петрийг даган дуурайхыг хүссэн юм. Махан бие маань дээд зэргээр өвдөж байсан ч энэ нь Петрийн доош харан цовдлогдож туулсан зовлонгоос маш бага байлаа. Сатан махан биеийг маань тарчилгах замаар намайг Бурханаас урвуулахыг хүссэн ч Бурхан энэ боломжийг ашиглан Бурханыг гэх хайрыг минь төгс болгож байна. Өнөөдөр би Сатанд яасан ч бууж өгөхгүй, түүний явуулгыг амжилтад хүргэхгүй! Би Бурханы хайрын төлөө амьдармаар байна! Тэр даруйд би үхлээс айхаа болин, Бурханд өөрийгөө бүрмөсөн даатгахаар шийдэж, Бурханд үнэнч байхаа амиараа тангараглалаа! Дараа нь би Бурханд залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь, би зохих ёсоор Танд шүтэн мөргөж, дуулгавартай байдаг бүтээгдсэн зүйл билээ. Би Танд амиа даатгаж, үхсэн ч сэхсэн ч Танд итгэж, Таныг хайрлана!” Тэр даруй биеийн минь өвдөлт нэлээн намжиж, бүхий л бие, сэтгэл маань хөнгөрч, чөлөөлөгдлөө. Тэр үед би чуулганы нэг магтан дууг өөрийн эрхгүй сэтгэлдээ аялав: “Бурханы шүүлт, ариусгалтыг би өнөөдөр хүлээн авч, маргааш би Түүний ерөөлийг хүлээн авна. Бурханы алдрын өдрийг харахын тулд залуу насаа өгч, амьдралаа зориулахыг би хүснэ. Өө, Бурханы хайр сэтгэлийг минь булаажээ. Тэр ажиллаж, үнэнийг илэрхийлэн, шинэ амийг надад хайрладаг. Гашуун аяганаас ууж, үнэнийг олж авахын төлөө зовоход би бэлэн. Доромжлолыг гомдолгүйгээр би тэвчинэ, Бурханы сайхан сэтгэлийг хариулахад амьдралаа зориулахыг би хүснэ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”). Ёрын муу цагдаагийн дарга нар намайг тамласаар ядарч гүйцээд, юу ч хэлэлгүй нэлээн удаан зогсов. Эцэст нь яахаа мэдэхээ байж, “Чамайг дээ!” гэж ууртайгаар зандачлаа. Тэгээд тэд гарч явав. Бусад ёрын муу цагдаа намайг тойрон зогсоод хоорондоо ярилцаж байлаа: “Энэ хүүхэн үнэхээр хатуужилтай юм, түүнийг хэн ч яаж ч чадахгүй нь. Тэр Лю Хуланиас ч хатуу чанга юм байна….”[a] Тэр үед сэтгэл минь маш их хөдөлж, нулимс өөрийн эрхгүй урсав. Бурхан ялгуусан байлаа! Хэрвээ Төгс Хүчит Бурханы үг намайг ахин дахин хангаагүй, Бурхан намайг нууцаар тэтгээгүй бол би бат зогсож ер чадахгүй байх сан. Бүх алдар суу, магтаалыг Төгс Хүчит Бурханд өргөе! Эцэст нь ёрын муу цагдаа нар намайг цагдан хорих газарт хорилоо.

Цагдан хорих газарт ёрын муу цагдаа нар бууж өгөхгүй л байсан бөгөөд намайг хэдэн өдөр тутамд нэг удаа байцааж байлаа. Намайг байцаах бүрдээ байцаалтын өрөөнд төмөр тортой цонхны өмнө суулган, хариултад минь сэтгэл ханамжгүй болмогцоо хүрч ирээд нүүр лүү зэрлэгээр нүдэж, эсвэл үсдэж аваад толгойг маань төмөр лүү савж байв. Ямар ч үр дүн гарахгүй байгааг хараад тэд багтартлаа уурласан юм. Эцэст нь, надад хатуу хандах нь ямар ч ашиггүйг ойлгоод зөөлөн аргад шилжин, “Нөхөр, хүүхдүүд чинь бүгдээрээ чамайг гэртээ хүлээж байгаа! Нөхөр чинь чамайг төлөөлөн бидэнд хүсэлт гаргасан. Бидэнд хэлчих, тэгээд удахгүй гэртээ харьж, тэдэнтэйгээ уулз” хэмээн намайг уруу татаж, ятгахыг оролдлоо. Эдгээр худал үгэнд миний ой гутаж, тэднийг үнэхээр их үзэн ядсан тул тэднийг хараагаач гэж дотроо Бурханаас гуйв. Би эдгээр бүдүүлэг, ичгүүргүй ёрын муу бүлэг цагдааг жигшсэн юм. Тэд ямар ч арга ашигласан бай хамаагүй, сэтгэл минь өчүүхэн ч хөдлөхгүй! Энэ амьдралд Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрийг минь хэн ч үгүй хийж чадахгүй! Эцэст нь ёрын муу цагдаа нар бүх аргаа барсан тул намайг 40 хоног хорьж, 2000 юаниар торгоод сулласан юм.

Урьд нь ойлголт, зориг зүрхгүй явсан над мэтийн хөдөөгийн ердийн нэг эмэгтэй ХКН-ын цагдаа нарын хэрэг хүлээлгэх гэсэн эрүү шүүлт, хэрцгий тамлал, хор хөнөөлийг хэд хэдэн удаа даван туулж, Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийг улайран хорлодог ХКН-ын засгийн газрын харгис мөн чанарыг тодорхой харж, нэр төрөө өргөмжилж, ёрын муу аргаа далдлахын тулд олон нийтийг хууран мэхэлдэг ой гутам жүжгийг нь тодорхой харж чаддаг болохыг би өнөөдрийг хүртэлх туршлагаараа гүн гүнзгий ойлгож авсан ба энэ нь бүхэлдээ Бурханы гайхамшигт үйл хэргийн ач юм. Бодит туршлагаараа би, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадал тун агуу, Бурханы хүнд хайрладаг амин чанар нь хэмжээ хязгааргүй, энэ нь Сатаны бүх муу ёрын хүчнийг ялж чаддаг болохыг үнэнхүү ухаарлаа! Зовж байхад минь Бурханы хайр л сэтгэл зүрхийг минь ариун, тайтгаруулж, зоригжуулж, намайг замаа алдахаас сэргийлсэн гэдгийг би ойлгов. Намайг хаана ч байсан, ямар ч нөхцөл байдалд орсон хамаагүй Бурхан байнга харж хандаж, Түүний хайр байнга надтай хамт байдаг. Энэхүү бодитой, жинхэнэ Бурханыг дагаж, ийм хяхалт хавчлага, саад бэрхшээлийг туулах чадвартай байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Бурханы гайхамшигт байдал, мэргэн ухаан, төгс хүчнийг амссан нь бүр ч зол завшаантай явдал билээ. Би өнөөдрөөс эхлэн үнэнийг эрэлхийлэх, Бурханы талаар үнэн зөв мэдлэгт хүрэх, эцсээ хүртэл Бурханыг хайрлах, эргэж буцалтгүй үнэнч байхын тулд чадах бүхнээ хийнэ!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих