Бэрхшээл дунд Бурханы хайр надтай хамт байдаг

2021-01-23

Ли Лин, Хэнань Муж

Намайг Ли Лин гэдэг, энэ жил би 76 хүрч байна. 1978 онд өвдсөнийхөө дараагаар би Эзэн Есүст итгэдэг болж, тухайн үед Түүний нигүүлслийг маш их хүртсэн юм. Энэ нь Эзэний төлөө идэвхийлэн ажиллах урмыг минь үнэхээр бадраасан билээ; Би хаа сайгүй явж номлол хийн, сайн мэдээ түгээхийн зэрэгцээ ах эгч нарыг гэртээ байлгадаг байлаа. Манай чуулган маш хурдацтайгаар томорч, 2000 гаруй хүний цуглаан болсон тул Хятадын Коммунист Намын засгийн газар биднийг удалгүй дарлаж эхэллээ. Итгэлээ хэрэгжүүлж, сайн мэдээ түгээхэд минь саад болох гэсэндээ цагдаа нар хэд хэдэн удаа ирж, гэрийг минь нэгжсэн ба ирэх болгондоо тэд үнэ цэнтэй, бариад явж болохоор л байвал гэрлийн чийдэн ч хамаагүй авчихдаг байв. Түүнчлэн би Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны (ОНАХТ) офицеруудад баривчлагдаж, арав гаруй удаа саатуулагдсан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг би 1996 онд хүлээн зөвшөөрч, түүнээс хойш хоёр жилийн дараа ХКН-ын засгийн газрын баривчилгаа, хавчлагыг дахин нэг удаа амссан ч тэр удаагийнх бүр илүү галзуурмаар байлаа. Бурхангүй үзэлтэй Хятад шиг улсад Бурханд итгэнэ гэдэг ямар итгэмээргүй хэцүү болохыг би өөрийн биеэр мэдэрсэн билээ. Энэ их хүндрэлийг үл харгалзан Бурханы аврал, намайг гэх хайрыг би мөн л мэдэрч чадсан юм.

Бэрхшээл дунд Бурханы хайр надтай хамт байдаг

1998 оны тавдугаар сарын нэгэн шөнө 2 цаг жаахан өнгөрч байхад хаалга балбах чимээгээр би гүн нойрноосоо цочин сэрлээ. Тэгээд өөрийн эрхгүй сандарч, “Энэ цагдаа байх! Хотын гаднаас сайн мэдээ түгээхээр ирсэн таван ах, эгч энд байгаа. Яаж тэднийг хамгаалах вэ?” гэж бодов. Би самгардсан байлаа. Намайг очиж амжихаас ч урьтан цагдаа нар хаалгыг тасхийтэл өшиглөөд онгойлгочихлоо. ОНАХТ-ны Улс Төрийн Аюулгүй Байдлын Газрын дарга цахилгаан бороохойтой арав гаруй цагдаагийн хамт гартаа буу барьсаар, түрэмгийлэн дайрч орж ирлээ. Нэг цагдаа нь босго давмагцаа л над руу ирж харгисаар өшиглөөд, “Чи одоо юу вэ? Өчнөөн олон удаа баривчлагдчихаад, одоо хүртэл Бурханд итгэх цөстэй байна гэнэ ээ! Санаж ав, би заавал чамайг байгаа бүхнээс чинь салгаж, гэр бүлийг чинь сүйрүүлнэ дээ!” гэж хашхирав. “Цагдаа байна, яг одоо босоцгоо!” хэмээн ёрын муу цагдаа нар унтлагын өрөөнүүдэд хашхирч эхэллээ. Бусад ах, эгчийг хувцсаа ч өмсөж дуусаагүй байхад биднийг хоёр хоёроор нь гавлаж, нэгжээд, бас миний зүүж байсан бөгжийг авчхав. Тэгээд гэрийг маань бүхэлд нь онгичиж эхлэн, гурилын сав хүртэл төнхөж, шалаар нэг цацчихлаа. Эд зүйлсийг зүгээр л шалаар нэг шидчихэв. Тэд сүүлд нь арван нэгэн дуу хураагуур болон телевиз, сэнс, бичгийн машин, Бурханы үгийн 200 гаруй номыг ачлаа. Хүүгийн минь шүүгээг хүртэл хүчээр онгойлгон, дөнгөж буусан цалингийнх нь мянга гаруй юанийг хулгайлчхав. Арван гаруй цагдаа биднийг цагдаагийн хэсэг рүү яг авч явах гэж байхад хүү минь ажлаасаа ирсэн юм. Цалин нь хулгайлагдсаныг харангуутаа хүү минь цагдаа нар дээр гүйж очин, мөнгөө нэхлээ. “Хэсэг дээр шалгаж үзээд, чинийх мөн байвал буцааж өгнө” гэж нэг цагдаа зальжнаар хэлэв. Гэхдээ оронд нь тэр орой хүүг минь “албан ажилд саад учруулсан” гэмт хэргээр баривчлахаар очсон юм. Азаар хүү минь аль хэдийн нуугдчихсан байж, тэгээгүй бол бас баривчлагдах байлаа.

Цагдаа нар хурааж авсан ном, бусад эд зүйлийг хэсэгтээ аваачаад, бид зургааг шөнөдөө Хошууны Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоонд тус тусад нь хорьсон юм. Тайвшрах аргаа ер олж чадалгүй, би тэнд удаан суулаа. 1987 онд баривчлагдаж байснаа эргэн санав; цагдаа нар над руу хэл амаар дайрч, хүч хэрэглэн, бараг л үхтэл минь тамласан. Бас 20-иод насны залуу хоёр хүрэхгүй цагийн дотор цагдаа нарт зодуулж нас барахыг би нүдээрээ үзсэн ба нэг эмэгтэй байцаалтын үеэр хоёр цагдаад дараалан хүчиндүүлсэн гэж хэлж байсан юм. Түүнчлэн цагдаа нар хүмүүсийг барын вандан дээр суулгаж, гагнуурын алхаар түлж, хэлийг нь ямар ч цусгүй болтол цахилгаан бороохойгоор цохиулдаг байв. Тэд хүмүүсийг тамлахын тулд зүйл бүрийн жигшүүртэй, балмад арга ашигладаг нь туйлын байж боломгүй явдал юм. Арваад удаа баривчлагдахдаа би цагдаа нарын үйлддэг харгис, өршөөлгүй тамлалыг өөрийн биеэр үзэж, туулсан билээ. Тэд ямар ч хэрцгийлэл үйлдэх чадвартай. Энэ “тамын хаалга” дээр би дахин нэг удаа ирж, “арьсыг минь амьдаар нь хуулна” гэж цагдаа нарын хэлэхийг сонсоод үхтлээ айлаа. Тэр өдөр гэрээс минь тэд маш олон эд зүйл авч, бас өөр хэд хэдэн ах, эгчийг баривчилсан. Намайг амархан тавиад явуулна л гэж байхгүй байв. Тиймээс би сэтгэлдээ Бурханд залбирлаа. “Өө Бурхан минь! Өнөөдөр цагдаа нарын гарт Таны зөвшөөрөлтэйгөөр орсон гэдгээ мэдэж байна. Тэд бүгд огтхон ч хүн чанаргүй чөтгөрүүд учраас би маш сул дорой болж байна, тиймээс надад эр зориг, мэргэн ухаан өгч, хэлэх зөв үгээр хангахыг Танаас гуйя. Таны гэрчлэлд зогсоход би бэлэн—Би яавч Иудас болж Танаас урвахгүй! Баривчлагдсан бусад хүнийг хамгаална гэдэгт тань би бүр ч их найдаж байна. Тэгснээр тэд ийм байдалд бат зогсож чадна. Бурхан минь, Та бол бүх орчлонгийн Хаан, бүх үйл явдал, бүх зүйл Таны захиралт, зохицуулалтад захирагддаг. Танд чин сэтгэлээсээ найдаж байгаа цагт Сатаны харанхуйн нөлөөг ялахад биднийг гарцаагүй хөтөлнө гэдэгт тань би бат итгэдэг.” Залбирч байтал Бурхан намайг гэгээрүүлж, Түүний эдгээр үг санаанд оров: “Христийн ер бусын амь хэдийнээ илэрсэн, чамд айх зүйл юу ч үгүй. Сатан бидний хөл дор байгаа ба тэдний цаг хязгаартай. Бүхнээс илүү Надад үнэнч байж, эр зоригтойгоор урагшил; Би бол чиний хүчирхэг хад, Надад найд!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг намайг итгэлээр дүүргэлээ. Тийм шүү, Бурхан бол төгс хүчтэй, Бурханы гарт Сатан үргэлж дийлдэнэ. Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан миний толгойн үсэнд ч хүрч чадахгүй. Итгэдэг болсноосоо хойш ХКН-ын засгийн газарт маш олон удаа баривчлагдаж байснаа бодлоо; би Бурханы хамгаалалт дор эдгээр сорилтыг удаа дараа даван туулаагүй гэж үү? Бас зөнч Даниелийн тухай, Даниел болон түүний гурван нөхөр Еховагийн нэрийг баримталж, Ехова Бурханыг шүтэн мөргөсөн болохоор л ёрын муу хүмүүст гүтгэгдэж, дараа нь арслангийн үүр лүү шидүүлэн, галт зууханд шатаагдсан тухай бодлоо. Гэсэн хэдий ч Бурхан хамгаалсан учир тэд эсэн мэнд байсан юм. Энэ бүгдийг бодож үзэхэд дотор минь гэнэт эр зориг ундарч, хүч чадлаар дүүрэх шиг санагдлаа. Сатан намайг яаж ч дарлаж, хор хөнөөл учруулсан бай, Бурхан шиг хүчирхэг ар талтай байхад надад ямар ч айх зүйл байхгүй. Би итгэлээ түшиж, Бурхантай хамтран ажиллаж, Сатаны өмнө Бурханы төлөө гэрчлэлд зогсохыг хүслээ.

Дараа өглөө нь цагдаа нар намайг байцааж эхлэв. Өмнө нь хэд хэдэн удаа намайг байцааж байсан цагдаа над руу ширтэн, ширээний тавцан алгадаж, “За, дахиад л чи юу, муу хөгшин өлөгчин. Дахиад миний гарт орлоо доо. Энэ удаад чи юу мэддэгээ хэлэхгүй бол хүндхэн асуудалд унана шүү! Хэлээдэх! Танай гэрт байрлаж байсан тэр бүх хүн хаанаас ирсэн юм бэ? Чуулганы удирдагч чинь хэн бэ? Тэр номуудыг хаанаас авчирсан бэ? Тэр хэний бичгийн машин бэ?” Би өөрийн эрхгүй түгшиж эхэллээ; тэр цагдаа үнэхээр хэрцгий, маш дээрэнгүй бөгөөд хүнийг үхтэл нь зодохоос сийхгүй нэгэн байсан юм. Зүрх сэтгэлийг минь харж хамгаалаач хэмээн Бурханд чимээгүй залбирангаа би далдичин толгойгоо гудайлгаж, үг дуугарсангүй. Дуугүй байгааг минь хараад, тэр цагдаа над руу хараал зүхэл хашхирч эхлэв. “Чи муу хөгшин чавганц, могой алахад мод нэмэр болохгүй нь л дээ!” Тэр хашхирсан чигээрээ над руу давшилж, цээж рүү үсэрч ирээд өшиглөв. Би хэдэн метрийн хойно шидэгдэн, шалан дээр гэдрэгээ пид хийн уналаа. Маш их өвдсөндөө амьсгалж ч чадахгүй байв. Тэр намайг зүгээр өнгөрөөхгүй гэсэндээ дайран ирж, хувцаснаас татан шалнаас өндийлгөөд, “Тэнэг хөгшин өлөгчин минь! Би чамайг өнөөдөр үхүүлэхгүй, харин амьдралыг чинь заавал амьд байхын эцэсгүй болгоно. Чи зовлонт амьдралаар амьдарна даа!” гэлээ. Ингэж хэлээд, намайг цахилгаан бороохойгоор цохиулав; цэнхэр гэрэл гарахыг нь хараад би үнэхээр их айсан юм. Тэгээд ахин дахин Бурханд чимээгүйхэн залбирч байтал яг тэр агшинд Бурханы зарим үг санаанд орлоо: “Чи бүхнийг тэвчиж, байгаа бүхнээсээ татгалзаж, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүх төлөөсийг төлөх ёстой. Энэ бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байдлаа амлах уу? Намайг замыг төгсгөл хүртэл үнэнчээр дагах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад, замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Сана! Тохиосон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалтан дор байдаг. Чиний үг, үйлдэл бүр Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл дагжин чичирч, урагш явж чадахгүй байх уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үгээр би хүч орж, зоригжоод зогсохгүй Түүний хүслийг ойлгож авлаа. Яг тэр үед миний туулж байсан шалгалт бол Бурханы намайг турших цаг байсан юм. Цагдаа намайг Бурханаас урвуулах гэж биеийг минь тамлаж байсан ч, Бурхан намайг бишрэл, хайраа Өөрт нь зориулахыг хүсэж байв. Тэр надад найдлага тавьж байсан тул би махан биедээ бууж өгч, Сатаны хүчинд бөхийж ер чадсангүй. Бурханы талд тууштай зогсож, Түүнд цангинасан гэрчлэл хийх ёстойгоо би мэдэж байлаа. Цагдаа бороохойгоороо хүчтэй цохиход биеэр минь цахилгаан гүйдэл ойр ойрхон гүйсэн бөгөөд бие эрхгүй хөшиж, хумиран атиралдаж байлаа. Намайг цахилгаанд цохиулах зуураа тэр, “Хэлээч! Хэлэхгүй бол чамайг үхтэл чинь цахилгаанд цохиулна шүү!” гэж хашхирав. Би шүд зуун, нэг үг ч хэлэхгүй л байлаа. Үүнийг хараад тэр галзууртлаа уурласан юм. Тухайн мөчид би тэр галзуу чөтгөрийг үнэн голоосоо үзэн ядав. Хүнийг Бурхан бүтээсэн; Түүнд итгэж, шүтэн мөргөх нь ямар ч эргэлзээгүй зөв, зүйтэй зүйл, гэтэл ХКН Бурханыг улайран эсэргүүцэж, 60 хүрсэн хөгшин эмэгтэй намайг ч зүгээр өнгөрөөлгүй, итгэгчдийг харгисаар дарлан хавчдаг. Тэд намайг бүр хөнөөхийг ч хүссэн! Хор хөнөөл учруулах тусам нь үзэн ядсандаа би улам шүдээ зууж, зүрх сэтгэлдээ ийн амлав: “Үхсэн ч би Бурханы гэрчлэлд зогсоно. Сатаны элэг доог болж, ичгүүртэй амьдралаар амьдардаг урвагч болохгүй.” Тэр цагдаа намайг зодож, хашхирсаар ядарсан тул юу ч хэлэхгүй л байгааг минь хараад цагдаа нарын нэг нь: “Та нэгэнт нас дээр гарсан юм байж ингэх ямар хэрэг байна? Бидний мэдмээр байгаа зүйлийг л хэлчих. Танд тэр эд зүйлсийг хэн өгсөн, тэр хүмүүс хаана амьдардгийг хэлчихвэл бид таныг гэрт тань хүргээд өгье” хэмээн зулгуйдах гэж оролдлоо. Бурхан намайг гэгээрүүлж, Сатаны энэ заль мэхийг нэвт харуулсан болохоор би бас л юу ч хэлсэнгүй. Амаа нээхгүй байгааг минь хараад тэр цагдаа гэнэт өсөрхөн, намайг заналхийлж эхлэв. “Үнэнээ хэлбэл чи хүнд ял авахгүй, эс бөгөөс бүр хатуу арга хэмжээ авхуулна шүү. Ам нээхгүй бол чи 12 жилийн ял авч, үлдсэн амьдралынхаа турш хоригдоно!” 12 жил авна гэж хэлэхийг нь сонсоод миний толгой дүнгэнэх шиг болж, “Би ийм сул биетэй юм чинь 12 жил байтугай нэг жил ч тэсэхгүй. Магадгүй би шоронд үхэж таарах нь” гэж бодлоо. Нарны гэрэлгүй, дүнсгэр шоронд үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ гэж бодохоор би асар их гуниглалаа. Чуулганы амьдрал, Бурханы үгийн тэжээлгүйгээр би тэсвэрлэж чадах болов уу? Яах учраа ололгүй, би чимээгүйхэн Бурханд залбирав. Тэр даруйд Бурхан намайг гэгээрүүлж, Өөрийн ийм үгийг бодогдууллаа: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс, эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юу байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Тийм шүү! Хүний хувь заяа Бурханы гарт байдаг бөгөөд бүх үйл явдал, бүх зүйл Түүний захиралт, зохицуулалтад захирагддаг. Бурханы хэлсэн үг ямар ч орхигдолтгүй хэрэгждэг; хэрэв Бурхан намайг шоронд явуулахыг зөвшөөрөхгүй бол цагдаа нар яаж ч чадахгүй, харин Тэр зөвшөөрвөл би гомдолгүйгээр захирагдаж, шорон руу явна. Петр Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, гай зовлонд захирагдаж чадсан юм. Тэр өөрийн гэх сонголтгүй байсан бөгөөд өөрийгөө Бурханд бүрэн даатгаж, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагасан. Эцэст нь Бурханы төлөө урвуу харан цовдлогдсоноор тэр үхэх хүртлээ дуулгавартай байж, Бурханыг гэх хайрын манлай болсон билээ. Тэр өдөр би Петрийн үлгэр дуурайлаас суралцах хэрэгтэй гэдгээ мэдэж, өөрийгөө Бурханы гарт даатгасан юм. Бүх насаар хорих ял байлаа ч би Бурханд захирагдах ёстой. Цагдаа нар намайг эцэст нь цагдан хорих төв рүү илгээсэн юм.

Цагдан хорих төвд яг л тамд амьдарч байгаа мэт санагдаж байлаа. Хорих өрөө нь ямар ч цонх, цахилгаан гэрэлтүүлэггүй бөгөөд 10-аад хавтгай дөрвөлжин метр өрөөнд 20 гаруй хүн чихцэлдсэн байв. Бид зөвхөн тэр өрөөн дотроо л идэж ууж, бие засах ёстой байсан юм. Багахан шалбааг ус шалаар нэг тогтчихсон, хэдэн дэвсгэр дэлгээтэй боловч ямар ч хучлага, орны даавуугүй байлаа. Бид бүгд унтахдаа тэр шалбааг дээр хэвтэх хэрэгтэй болно. Буланд жорлонгийн хувин байдаг ба ялаа шумуул хаа сайгүй байв. Өмхий үнэр нь аймшигтай байсан тул би арайхийн амьсгалдаг байсан юм; нэг фут ч хүрэхгүй нүхээр жаахан агаар амьсгалах гэсэндээ бүгд төмөр хаалганы ойролцоох зайг булаацалддаг байлаа. Зуны аагим халуун үе байсан бөгөөд өчүүхэн өрөөнд өчнөөн олон хүн чихдэлдсэнээс болж олон хоригдол юу ч өмсөлгүй, чармай нүцгэн явдаг байв. Хоригдлууд байнга ялихгүй зүйлээс болж хэрэлдэн, цаг ямагт хараал зүхэл хэлж байлаа. Өдөр тутмын хоол маань хагас болсон бантан, нарийн гоймон, ямар ч тос, давсгүйгээр чанасан ногоонууд байв. Аяганы ёроолд үргэлж угаадас үлдсэн байдаг байсан ба бүх хоригдлын гэдэс нь гүйлгэж байлаа. Нэг өдөр цэвэр агаарт гарч байхдаа нэрс дуудах үеэр би санаандгүй буруу хоригдлын дугаар хэлчхэв. Засан хүмүүжүүлэх офицер дүрсхийн уурлаж, “Өөрийгөө хараач, ямар ч арчаагүй! Тэгээд бас Бурханд итгэгч гээд байгаа!” гэж хашхирав. Тэгснээ арьсан гутал барьж аваад, нүүрэн дундуур минь арван удаа цохиж, хөх няц болголоо. Өрөөний минь бүх хоригдол надаас болж асуудалд орж, бүгд арван удаа цохиулав. Тэдний царай ч бүгд хөх няц болж, өвдсөндөө нүүрээ даран уйлж байлаа. Үүнээс хойш засан хүмүүжүүлэх офицер надаар дүрэмт хувцас, цамц, орны даавуугаа угаалгадаг болов. Ахлах харгалзагчдын нэг нь гэртээ дэн буудал ажиллуулдаг байсан ба урагдсан бүх ор дэрний даавуугаа авчирч надаар угаалган, цэвэрхэн болсных нь дараа би бүгдийг нь гараараа оёх ёстой болдог байв. Орой болгон би туйлын их ядарч, хамаг бие хөндүүрлэн өвдөнө; би үнэхээр хэдэн хэсэг салж унах гэж байгаа мэт байлаа. Хэдхэн хоноод л хоёр гар минь хавдчихав. Үнэхээр тэсэхээ байж, хэсэг зуур амсхийх үед маань засан хүмүүжүүлэх офицер намайг заналтайгаар зандрах тул нулимс унаган цааш ажиллахаас өөр сонголтгүй байсан юм. Шөнө амрах цаг болоход нойр хүрч, бие махбод минь ядарсан ч сайн амарч чаддаггүй байлаа. Гар хөндүүрлэн өвдөж, нуруу маш их шархиран тэнийлгэж болдоггүй байв. Хоёр хөл ч мэдээгүй болчихдог байсан юм. Одоо ч хүртэл би гараа дөнгөж дөч, тавин хэмд л өргөж чаддаг, бас цэх барьж ч чаддаггүй. Хангалттай хоол ундгүйгээр тийм их хүнд хөдөлмөр хийсээр би ходоод гэдэсний ноцтой асуудалтай болж, тогтмол гүйлгэдэг болсон юм. Үүнээс гадна тэр ёрын муу цагдаа нарт зодуулсан шарх ер бүрэн эдгээгүй. Эрүүл мэнд минь улам муудсаар байлаа. Хожим нь би байнга бага хэмд халуурах болсон бөгөөд шоронгийн харгалзагчид надад эмчилгээ хийлгүүлэхээс татгалзав. Би өөрийн эрхгүй сул дорой болж, “Өдий насандаа иймэрхүү байдлаар тамлуулсаар байвал би энд хэзээ ч үхэж мэднэ” гэж бодов. Зүрх сэтгэл минь эзгүйрч, цөхрөлд автсан бөгөөд шаналахдаа би Бурханд залбирлаа. “Өө Бурхан минь, би одоо үнэхээр сул дорой болж, Таны хүсэл юу болохыг мэдэхгүй байна. Бурхан минь, энэ үеэр Таны гэрчлэлд зогсож, Таныг сэтгэл хангалуун болгоход минь намайг замчлаач.” Чин сэтгэлээсээ Бурханыг ахин дахин дуудахад, Бурхан намайг өөрийн эрхгүй гэгээрүүлж, Бурханы үгийн магтан дуу санаанд орлоо. Би энэ магтан дууг чимээгүйхэн аялав: “Бурхан энэ удаа тийм ажил хийж, Өөрийн хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, гаслант тэнгисийн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөн хувиргахын тулд энэ удаа бие махбодтой болсон. Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм. Бурхан хэрхэн тамд харъяалагдах билээ? Тэр Өөрийн амьдралыг хэрхэн тамд өнгөрөөх билээ? Гэхдээ бүх хүн төрөлхтний төлөө, ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд ‘там’ болон ‘Үхэгсдийн орон’ руу, барын үүр лүү биечлэн орсон(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы ажлын үе шат бүр хүний амийн төлөө байдаг”). Аялах тусам нулимс хацар даган зогсолтгүй бөмбөрсөн бөгөөд Бурхан дээдийн дээд атлаа хоёронтоо даруусан махбод болж, хүн төрөлхтнийг аврахын тулд эцэс төгсгөлгүй зовлон, доромжлолыг тэвчсэн тухай би бодлоо. Тэр завхарсан хүн төрөлхтний эсэргүүцэл, яллалтад өртөөд зогсохгүй ХКН-ын дарлал, мөшгөлтийн зовлонг эдэлсэн юм. Бурханд гэм зэмгүй байдаг бөгөөд хүн төрөлхтнийг ирээдүйд сайн сайхан, аз жаргалтай амьдруулахын төлөө зовдог. Тэр агуу их шаналал, доромжлолыг тэвчсэн боловч хэзээ ч, хэнд ч энэ талаар гоморхож, гомдоллоогүй. Тэр үед миний эдэлж байсан зовлон бол надад ирсэн Бурханы ерөөл байсан бөгөөд энэ бүхний ард Бурханы хүсэл байлаа. Эндээс би тэр чөтгөрүүдийн ёрын муу мөн чанарыг харж, улмаар Сатанд тэрсэлж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, бүрэн аврал хүртэх байв. Гэсэн хэдий ч Бурханы сайн санааг би ойлголгүй, өчүүхэн зовлонгийн дараа сөрөг, сул дорой болжээ. Үүнийг Бурханы хайртай харьцуулаад би туйлын аминч, тэрслүү гэдгээ олж харсан юм. Тиймээс би нөхцөл байдал хэчнээн хэцүү, бэрх болсон ч бай, Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг шархлуулах зүйл ахиж хийхгүй гэж шийдсэн билээ. Бурханы гэрчлэлд зогсоно гэж би амиараа тангараглав. Дуулгавартай болмогцоо би Бурханы үйл хэргийг харсан юм. Цагдаа нар намайг шоронд хорьсны дараа итгэгч биш байсан эгчийг минь Бурхан өргөж, цагдаа нарт 16,000 юанийн торгууль, бас өрөө, хоолны зардалд дахин 1,000 юань төлүүлснээр би суллагдсан билээ.

Шоронд гурван сар гаруй бие махбодын тамлал эдэлсэн ч гэлээ би ХКН-ын сүрэг чөтгөрийн үнэн нүүр царай, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг нь харлаа. ХКН-ын засгийн газрын олон удаагийн баривчилгааг туулснаар бас Бурханы ажил, Түүний төгс хүчин, мэргэн ухаан, хайрын талаар бодит ойлголттой болсон юм. Бурхан намайг цаг ямагт харж хандан, хамгаалж, дэргэдээс минь хэзээ ч, бүр хором ч холддоггүй гэдгийг харав. Тэр чөтгөрүүдийн элдэв янзын тамлалтыг туулан шаналж байхад минь Бурханы үг л Сатаны хор хөнөөл, ниргэлтийг ялан дийлэхэд удаа дараа хөтөлж, харанхуйн нөлөөг ялах итгэл, эр зориг өгсөн юм. Сул дорой болж, арга мухардсан үед Бурханы үг л намайг даруй гэгээрүүлж, замчилж, намайг түших жинхэнэ багана болж, тэвчишгүй бэрх өдөр бүрд надтай хамт байсан билээ. Тийм дарлал, бэрхшээлийг туулснаар амар амгалан, тав тухтай цаг үед олж авч чадахааргүй амийн эрдэнэсийг олж авах боломж олдлоо. Энэ туршлагаар би итгэлдээ улам шийдвэр төгс болсон бөгөөд ирээдүйд ямар ч харгис зүйлтэй учирлаа гэсэн үнэн ба амийг эрэлхийлнэ. Бурхан бол бүтээлийн Эзэн учраас Түүнд би зүрх сэтгэлээ өгдөг, бас Тэр миний цор ганц Аврагч билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, Хятад Би Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад 2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Зовлон, бэрхшээл дунд сэрсэн нь

17 настай Христэд итгэгчийн, хяхалт хавчлагын талаарх жинхэнэ туршлага Ван Тао, Шаньдун муж Би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих