Христийн мөн чанар бол хайр
Христийн мөн чанарыг мэдэх нь нэг талаар бие махбодтой Христийг завхарсан хүн төрөлхтнөөс салгаж, махбод дахь Бурханыг бодитой Бурхан гэж үзэж, дуулгавартай дагах явдал. Нөгөө талаар чи бас бие махбодтой болсон Бурхан бодитоор ажиллаж, үнэнийг бодитоор илэрхийлж, хүн төрөлхтний дунд бодитоор амьдарч байгааг харах ёстой. Тэрээр хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардгийг, мөн Тэр бол эш үзүүлэгч, элч, зөнч биш, Бурханы илгээсэн өчүүхэн хүн биш, харин бие махбодтой Бурхан буюу Христ, Бурхан Өөрөө гэдгийг харах ёстой. Хэдий энэ махбод нь хүн төрөлхтний нэг боловч Тэр бол бурханлаг мөн чанартай эгэл жирийн хүн юм. Бие махбодын энэхүү бурханлаг мөн чанарыг мэдэх нь хамгийн чухал бөгөөд Христийн бурханлаг мөн чанарыг нотлохын тулд өөрийнхөө ажиглаж болох баримтуудыг ашиглах нь чиний хийх ёстой наад захын зүйл юм. Христийн бурханлаг мөн чанарыг мэдэхийн тулд Бурханы үгийг идэж, ууж, Бурханы ажлыг туулж, зан чанарыг нь мэдэх ёстой. Бие махбодтой Бурханы мөн чанарыг мэдэх нь хүмүүст Бурхан үнэхээр махбод болсон бөгөөд энэхүү махбод нь жинхэнэ Бурхан гэдэгт итгэх боломжийг олгох үр нөлөөтэй. Энэ нь хүмүүс Бурханд жинхэнэ итгэлтэй болж, жинхэнэ дуулгавартай байдал болон жинхэнэ хайранд хүрч болох цорын ганц арга зам бөгөөд энэ үр дүнд хүрсэн үед л чи Бурханы мөн чанарын тухай ойлголттой гэдгээ баталж чадна.
Өнөө цагт хүмүүс Христийн талаар жинхэнэ мэдлэггүй байдаг. Тэд Бурханы үгийг уншиж, энэ нь үнэн бөгөөд Ариун Сүнсний илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэр нь махан биеийг бүрэн үл тоомсорлодог. Тэд махан биеийн гарал үүсэл юу болохыг, махан бие, Сүнс хоёр хоорондоо хэрхэн холбогддогийг мэддэггүй. Махан бие үг илэрхийлэхийн тулд оршдог, Тэрээр үүнийг ашиглан үг хэлж, ажилладаг, энэ нь Түүний үйлчлэл гэж олон хүн боддог. Тэр яг л мэдээ хүргэгч мэт, Түүний сэтгэл хөдлөх болгонд махан бие нь үг илэрхийлж, Түүнийг ярьж дуусмагц ажил нь дуусдаг гэж хүмүүс боддог. Хэрэв хүн ингэж боддог бол түүний хүлээн зөвшөөрч, итгэдэг зүйл нь бие махбодтой Бурхан юм уу Христ биш, харин зүгээр л эш үзүүлэгчтэй төстэй хүн юм. Мөн зарим хүн “Христ бол хүн бөгөөд бие махбодтой болсон Бурханы мөн чанар юу болох, эсвэл Бурханы ямар зан чанарыг илэрхийлэхээс үл хамааран тэнгэр дэх Бурханыг юм уу орчлон ертөнц, бүх зүйлийг захирдаг Бүтээгчийг бүрэн төлөөлж чадахгүй. Тэр бие махбодтой Бурхан, тэнгэрээс газарт ирсэн Бурхан байж яагаад Түүнд ер бусын гайхамшиг байдаггүй юм бэ? Хэрэв Тэр эрх мэдэлтэй бол яагаад агуу улаан лууг устгадаггүй юм бэ?” гэж боддог. Ийм үг хэлж байгаа хүмүүс сүнслэг ойлголтгүй хүмүүс юм. Тэд Бурхан махбод болох гэж юу болохыг ойлгодоггүй, махбод дахь Бурханы ажлын удирдлагын цар хүрээ, Бурханы авралын бай нь хэн болох, Тэр юу илэрхийлдэг, эсвэл хүмүүс юуг мэдэх ёстойг бүр ч ойлгодоггүй. Бие махбодтой Бурханы мөн чанар нь Бурханы мөн чанар бөгөөд Тэрээр Бурханы өмнөөс бүхнийг хийж чадна. Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд хүссэн бүхнээ хийж чадна. Гэсэн хэдий ч энэ удаад Бурхан Өөрийнхөө удирдлагын цар хүрээн дэх ажлын эцсийн үе шатыг хийхийн тулд бие махбодтой болсон бөгөөд энэ нь бүх зүйлийг юм уу улс үндэстнүүдийг захирахтай ямар ч холбоогүй. Тэдгээртэй огт хамаагүй. Тиймээс чиний мэдэх ёстой зүйл бол ажлын энэ үе шатанд хүмүүс юутай тулгарах, юуг ойлгож чадах, ажлын энэ үе шатны мөн чанар, Христэд юу байгаа, Тэр юу болох, Түүний зан чанарын илэрхийлэл юм. Христийн илэрхийлдэг зүйл Бурханы мөн чанар мөн үү? Бурханы зан чанар мөн үү? Мэдээж мөн. Гэхдээ энэ нь бүх зүйл мөн үү? Би одоо та нарт хэлье, энэ нь бүх зүйл биш, зөвхөн жаахан, хязгаарлагдмал хэсэг бөгөөд Бурханыг бие махбодтой болох хугацаанд хүмүүсийн энгийн нүдээр харж, харилцаж, оюун ухаанаараа ухамсарлаж чадах зүйл юм. Энэ бол бүх зүйл биш, зөвхөн Бурханы төлөвлөгөөний хүрээнд хийх ёстой ажил билээ.
Бие махбодтой Бурханыг хэрхэн хамгийн тодорхой тайлбарлаж болох вэ? Энгийнээр тайлбарлавал дэлхий дээр Бурхан дүр төрхтэй болж, Бурханы Сүнс жирийн хүн шиг махбодоор хувцасласан гэсэн үг юм. Хэрэв Бурханы Сүнс махбодод байгаа бол Тэр өөр газар байсаар байх уу? Тийм ээ. Бурхан орчлон ертөнц, бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх орчлон ертөнцийг цорын ганц Бурхан удирдаж байдаг. Тэр бол төгс хүчтэй бөгөөд одоо бие махбод болж, газар дээр бууж ирсэн. Тэрээр хүмүүсийн төсөөлдөг шигээр махбод болж, зөвхөн газар дээр л ажиллаад, өөр юуг ч анхаардаггүй биш юм. Би өмнө нь нэг эгчээс “Бурхан газар дээр махбодод байгаа юм чинь тэнгэрт Бурхан байсаар байгаа юу?” гэж асуусан. Тэр эгч хэсэг бодоод, “Цорын ганц Бурхан байдаг бөгөөд одоо газар дээр байгаа тул тэнгэрт одоо ямар ч Бурхан байхгүй” гэж хэлсэн. Энэ нь дахиад л буруу байсан. Бурхан орчлон ертөнц, бүх зүйлийг захирдаг ба Бурхан бол Сүнс, Тэрээр энд газар дээр байгаа ч тэнгэр дэх бүх зүйлийг захирч, газар дээр ажлаа хийсээр байдаг. Би дараа нь “Тэгэхээр Бурханы Сүнс заримдаа бас яваад өгдөг гэсэн үг үү?” гэж асуулаа. Тэр эгч хэсэг бодолхийлээд, “Тэр явах шаардлагатай болж, заримдаа махбод нь юу ч мэддэггүй байж болох юм. Махбодыг хэвийн байдлаар амьдрах үед Сүнс явдаг бөгөөд махбод ярих ёстой болоход буцаж ирдэг. Магадгүй махбодыг унтах үед Сүнс нь өөр зүйл хийдэг ч махбодыг сэрэх үед буцан ирж, махбодтой хамт ярьж, ажилладаг байх. Хэрвээ хийх ажил байхгүй бол махбод нь жирийн хүн шиг үйлдэж, хэвийн хүний илрэлийг харуулдаг байж магадгүй” гэж хариулсан юм. Олон хүн ингэж боддог. Зарим хүн “Бурханы мөнгийг яаж тараадгийг би мэдэхгүй, үүнийг өөр хэн нэгэнд өгдөг юм болов уу?” гэж санаа зовдог. Хүний оюун ухаан үнэхээр төвөгтэй. Атгаг санаатай хүмүүс яаж үнэнийг эрэлхийлж чадна гэж найдаж болох юм бэ? Товчхондоо махбод болсон Бурханы мөн чанарыг мэдэх ч бай, Түүний зан чанарыг мэдэх ч бай, Бурханыг мэдэх нь тийм ч хялбар ажил биш юм. Бурханыг махбодод ажиллах явцад юуг туулж, юутай тулгарч чадах вэ гэдэг чинь чиний мэдэх ёстой зүйл бөгөөд чи холбогдож чадахгүй зүйлсийнхээ талаар үндэслэлгүй таамаглал дэвшүүлэх ёсгүй. Жишээлбэл “Бурханы махбодыг явсны дараа Бурхан ямар хэлбэрээр гарч ирж, ажлаа дахин хийх вэ? Тэр газар дэлхий дээр бидэнтэй уулзахаар ирэх болов уу?” Өнөөдрийн ихэнх хүмүүс эдгээр гадаад зүйлд анхаарал хандуулдаг бөгөөд тэдгээр нь Христийн мөн чанартай огтхон ч хамааралгүй; тэдгээрийг ойлгох нь үнэндээ хэрэггүй юм. Чиний ойлгох шаардлагагүй зарим зүйл байдаг бөгөөд ойлгох хэрэгтэй цаг нь ирэхэд чи тэдгээрийг ойлгоно. Чи эдгээр зүйлийг ойлгодог эсэх нь хамаагүй, тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд итгэх хүмүүсийн итгэл, Христэд итгэх итгэл, эсвэл Христийг дагахад өчүүхэн төдий ч нөлөө үзүүлдэггүй. Тэдгээр нь мөн хүмүүс үнэнийг эрж хайж, үүргээ сайн биелүүлэхэд өчүүхэн төдий ч нөлөө үзүүлдэггүй, тэдгээрийг мэдлээ гээд итгэлийг чинь нэмэгдүүлэхгүй. Өнгөрсөн үед эш үзүүлэгчид тэмдэг, гайхамшгууд үзүүлж байсан ба хүмүүс юу олж авсан бэ? Энэ бүхэн нь хүмүүсээр Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн. Тэр эш үзүүлэгчид Бурханы мөн чанаргүй учраас хэчнээн олон гайхамшиг үзүүлж чадсан ч Бурхан биш юм. Бие махбодтой Бурхан нь Бурханы мөн чанартай тул гайхамшиг үзүүлэхгүй байсан ч Бурхан хэвээр байна. Тэрээр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй нь тэдгээрийг үзүүлж чадахгүй гэсэн үг биш. Түүний үг бүхнийг гүйцэлдүүлж чаддаг нь тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс ч илүү төгс хүчтэй; энэ нь бүр ч агуу гайхамшиг юм. Бурханы мөн чанар, зан чанарын талаарх мэдлэгийг эрэлхийлэх нь маш чухал, та нарын амийн оролтод ихээхэн ашиг тустай бөгөөд Бурханд итгэх итгэлийн зөв зам билээ.
Бурханыг махбодод ажиллах үед хүмүүс Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Бурханы мөн чанар болон зан чанарын ихэнхтэй тулгарч, тэдгээрийг харж чадна гэдгийг та нар мэдэж байх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх хамгийн сайхан боломж юм. Урьд нь хүмүүсийн ярьдаг байсан Бурханы үйлдлүүд болон зан чанарын талаарх мэдлэгт хүрэхэд хэцүү байсан, учир нь хүмүүс Бурханд хүрэх аргагүй байлаа. Мосе Еховаг өөрт нь харагдах тэр үед Еховагийн хийсэн зарим зүйлийг л харсан. Тэр Бурханы талаар хэр их бодит мэдлэгтэй байсан бэ? Энэ нь өнөөгийн хүмүүсийн мэддэгээс илүү байсан уу? Өнөөгийн хүмүүсийн мэддэг зүйлээс илүү бодитой байсан уу? Мэдээж үгүй. Бурхан Израильд ажиллах үедээ Өөрийнхөө олон үйлсийг илчилсэн. Ехова тэмдэг, гайхамшиг үзүүлж байхыг олон хүн харсан бөгөөд зарим нь бүр Еховагийн ар нурууг харсан. Мөн олон хүн тэнгэрэлчүүдийг харсан. Гэхдээ эцэст нь хэчнээн хүн Бурханыг мэдэж авсан бэ? Дэндүү цөөхөн! Бурханыг үнэхээр мэддэг хүн бараг байгаагүй. Зөвхөн эцсийн өдрүүдийн хүмүүс л Бурханыг бие махбодтой байх үед Бурханы ажлыг туулснаар Бурханы талаар маш их мэдлэгтэй болж чадна, учир нь Бурхан хүмүүст Өөрийнхөө ямар ажил хийдэг, Өөрийнх нь ажлын зорилго юу болох, Өөрийнх нь хүсэл юу болох, хүн төрөлхтөнд хандах хандлага нь юу болох, Сатаны завхруулсан хүн төрөлхтний байдал, мөн чанар юу болох гэх мэтийг нүүр тулан хэлдэг. Зөвхөн эдгээр илчлэлийн үгээр дамжуулан хүмүүс Бурхан үнэхээр ийм бодитой, ийм жинхэнэ, Түүнд хүн төрөлхтнийг гэх ийм хүсэл үнэхээр байдаг, Түүнд ийм зан чанар үнэхээр байдаг гэдгийг харж чадна. Бурханы үйлс үнэхээр гайхалтай, Түүний мэргэн ухаан маш гүн гүнзгий бөгөөд хүн төрөлхтнийг гэх өршөөл нь үнэхээр бодитой. Бурханы хэлсэн энэ бүх үг Түүний ажил, хайр, зан чанар болон үйл хэргийг гэрчилдэг. Бид Бурханы ажлыг туулснаар эдгээр зүйлийг эхлээд мэдэрдэг. Бурханы хэлдэг үг үнэхээр бодитой, үнэхээр жинхэнэ. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, хүлээцтэй байдал үнэхээр эцэс төгсгөлгүй гэдгийг хүмүүс мэдэрдэг. Хүмүүсийг аврах Бурханы хүсэл нь Түүний ажил болон Түүний хэлсэн үгээс харагддаг бөгөөд ингэснээр хүмүүс бодит туршлагаараа үүнийг мэдэрч чадна. Тиймээс Бурхан махбодтой болохын мөн чанарыг мэдэх нь Бурханыг махбодод ажиллах хугацаанд л биелэх боломжтой ба энэ цаг хугацаанаас бусад үед чиний ойлгосон бүхэн бодит биш юм. Бурханыг махбод дахь ажлаа дуусгаад, явсны дараа үүнийг туулж мэдрэхээр оролдох үед чинь Бурханы ажил одоогийнх шиг ийм бодитой байхгүй. Учир нь чи өнөөдөр махбод дахь Бурханы ажлыг харж, хүрч чадна. Бурхан мөн хүмүүстэй нүүр тулан ажлаа байнга хийж байгаа бөгөөд Бурхан хэрхэн ярьж, хэрхэн ажилладгийг тэд биечлэн туулсан. Тухайн үеийн Петрийн туршлага өнөөдрийн та нарынх шиг бодитой байгаагүй. Петр Есүсийг дагаж, Есүсийг Иудейд ажиллах үеэр Бурхан бодитой, хайр татам болохыг туулж мэдэрсэн боловч тухайн үед Петрийн биеийн хэмжээ жижиг, туулсан зүйл нь өнгөцхөн байсан. Есүсийг явсны дараа Петр Есүсийн үгийг сайтар эргэн санаж, амталж, ойлголтоо гүнзгийрүүлж, илүү ихийг хүлээн авсан. Есүс ажлынхаа үеэр бас Бурханд юу байгаа, Тэр юу болох, Түүний хайр энэрэл, өршөөл, хүн төрөлхтнийг аврах аврал, хүн төрөлхтнийг гэх хязгааргүй хүлээцтэй байдал, нигүүлслийн заримыг илэрхийлсэн. Тэр үед Түүнийг дагасан хүмүүс эдгээр зүйлийн заримыг туулж чадсан бөгөөд хожим ирсэн хүмүүс хэзээ ч тухайн үеийн хүмүүс шиг гүн гүнзгий туулж чадаагүй. Мөн хүмүүсийн сэтгэлийг Ариун Сүнс хөдөлгөж, хүмүүс Бурханы хүслийг ойлгон Бурханд залбирах үед тухайн үед тэдний туулсан зүйл тодорхойгүй, бүдэг бадаг байсан. Заримдаа үүнийг үнэн зөв ухамсарлахад хэцүү байсан бөгөөд өөрсдийнх нь ойлголт зөв гэдэгт хэн ч итгэлтэй байж чадаагүй. Тиймээс Петрийг эцэст нь баривчлагдаж, шоронд хоригдох үед зарим хүн бүр түүнийг тэндээс яаж гаргахаа бодож олохоор оролдсон юм. Үнэндээ тухайн үеийн Есүсийн санаа зорилгоор бол Петр сүүлчийн гэрчлэл болон цовдлогдох байв. Петрийн аян дуусаж, Бурхан түүнийг сайн хүрэх газартай болгохын тулд ийм маягаар гэрчлэл хийлгэхээр зохицуулсан юм. Энэ бол Петрийн явсан зам байв. Петр замынхаа төгсгөлд ирэх үедээ Есүсийн жинхэнэ санаа зорилгыг ойлгоогүй хэвээр байсан. Есүсийг өөрт нь хэлэх үед л тэр юу гэсэн утгатай болохыг ойлгосон юм. Тиймээс хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохыг хүсвэл Бурханыг махбодод байхад үүнийг хийх нь хамгийн ашиг тустай. Учир нь чи энэ үед харж, хүрч, сонсож, гүн гүнзгий мэдэрч чадна. Хэрвээ чи махбод дахь Бурханы ажил дууссаны дараа Ариун Сүнс хэрхэн ажилладгийг мэдрэхээр оролдож, эргээд бодвол чиний туршлага тийм ч гүн гүнзгий биш байх бөгөөд чиний олж авах ойлголт өнгөцхөн байх болно. Тэр үед Бурхан хүмүүсийн завхарсан зан чанарыг л цэвэршүүлж чадна. Нэгэнт цэвэршүүлэгдсэний дараа хүмүүс үнэнийг арай илүү ойлгож, өөрсдийн олж авсан үнэнийг амьдралынхаа суурь болгон ашиглаж, өөрсдийн доторх завхарсан зан чанарыг өөрчилж чадна. Гэхдээ чи Бурханыг хайрлаж, мэдэхээр хэчнээн их эрэлхийлсэн ч төдийлөн их ахиц гаргахгүй. Хүний ахиц дэвшил хязгаартай бөгөөд энэ нь махбод дахь Бурханы ажлыг туулж, Бурханыг мэдэж авахаас хамаагүй бага ашиг тустай байдаг. Бурхан махбодод байхдаа маш их үнэнийг илэрхийлсэн бөгөөд олон хүн үүнийг хардаг ч ойлгодоггүй, сонсдог ч мэддэггүй. Энэ хүмүүс сүнслэг ойлголтгүй, бодлогогүй хүмүүс юм. Хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй тул Бурхан өөрсдийг нь хэчнээн их хайрлаж, хүлцэж байгааг мэдэрч чаддаггүй. Хүмүүс маш хөшүүн болохоор Бурханы ажил дуусахад л бага зэрэг ойлголттой болж, зөв замд орж эхэлдэг.
Христийн мөн чанар юу вэ? Хүмүүсийн хувьд Христийн мөн чанар бол хайр. Түүнийг дагадаг хүмүүсийн хувьд энэ нь хязгааргүй хайр юм. Хэрвээ Есүст хайр, өршөөл байгаагүй бол хүмүүс өнөөг хүртэл Түүнийг дагаж чадахгүй байх байлаа. Зарим хүн: “Гэхдээ Бурхан бас зөвт” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн боловч Түүний зан чанарын хувьд Түүний зөвт байдал нь хүн төрөлхтний завхарсан зан чанарыг үзэн ядах, диавол Сатаныг хараах, Өөрийнх нь зан чанарт халдахыг хэнд ч зөвшөөрөхгүй байхаар голчлон илэрхийлэгддэг. Тэгвэл Түүний зөвт байдал хайрыг агуулдаг уу? Тэрээр хүмүүсийн завхралыг шүүж, ариусгах нь хайр биш гэж үү? Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан асар их доромжлолыг дээд зэргээр тэвчиж ирсэн. Энэ хайр биш гэж үү? Тиймээс Би та нарт үнэнийг хэлье: Бурхан махбодод байхдаа хүн төрөлхтний төлөө хийдэг ажилд Бурханы мөн чанар дахь хамгийн илэрхий, тод томруун зүйл бол хайр; энэ нь хязгааргүй хүлээцтэй байдал юм. Хэрвээ хайр байгаагүй, харин та нарын төсөөлдөг шиг Бурхан дуртай үедээ хүмүүсийг цохиж, эсвэл үзэн яддаг хүн бүрээ шийтгэж, харааж, шүүж, гэсгээдэг байсан бол энэ нь маш ширүүн байх байсан! Хэрвээ Бурхан хэн нэгэнд уурлавал тэр хүн айсандаа дагжин чичирч, Түүний өмнө зогсож чадахгүй... Энэ бол ердөө Бурханы зан чанарыг илэрхийлэх нэг арга зам юм. Эцсийн эцэст Түүний зорилго нь аврал хэвээр байх бөгөөд Түүний хайр илчилдэг бүх зан чанараар нь дамждаг. Одоо эргээд нэг бодоод үз, махбод дахь ажлынхаа үеэр Бурхан юуг хамгийн их илчилдэг вэ? Энэ бол хайр, тэвчээр юм. Тэвчээр гэж юу вэ? Тэвчээр бол өршөөл, учир нь үүн дотор хайр байдаг. Бурханд хайр байдаг учраас хүмүүсийг өршөөж чаддаг, энэ нь хүмүүсийг аврахын төлөө байдаг. Энэ нь бие биеэ жинхэнээсээ хайрладаг хосууд нэг нэгнийхээ алдаа, дутагдлыг зүгээр өнгөрөөдөгтэй адилхан. Чамайг уурлуулах үед чи тэвчиж чаддаг бөгөөд энэ бүхэн хайранд суурилдаг. Хэрвээ энэ нь үзэн ядалт байсан бол ийм хандлага гарахгүй, ийм байдлаар илэрхийлэгдэхгүй, ийм үр дүн гарахгүй. Хэрвээ Бурхан хайргүйгээр зөвхөн үзэн ядаж, уурлаж, эсвэл зөвхөн шүүж, гэсгээдэг байсан бол нөхцөл байдал одоо та нарын харж байгаа шиг биш байх бөгөөд та нарын ихэнх нь асуудалд орох байсан. Бурхан та нарыг үнэнээр хангаж чаддаг хэвээр байх уу? Шүүлт, гэсгээлтийн ажил дуусмагц үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн аваагүй хүмүүс хараагдах байсан. Тэд тэр дороо үхэхгүй байлаа ч өвчилж, тахир дутуу, галзуу, сохор болж, муу ёрын сүнс, бузар чөтгөрүүдэд гишгэлүүлэхээр өгөгдөнө. Тэд одоогийнх шигээ байхгүй. Тиймээс та нар Бурханы хайр, хүлээцтэй байдал, өршөөл, хайр энэрлийг маш их эдэлсэн. Гэвч хүмүүс үүнийг нухацтай авч үзэлгүй, “Бурхан хүмүүст ингэж хандах ёстой. Бурханд бас зөвт байдал, уур хилэн байдаг бөгөөд бид үүнийг багагүй мэдэрсэн!” гэж боддог. Чи үнэхээр тэдгээрийг мэдэрсэн үү? Хэрвээ мэдэрсэн бол чи аль хэдийн үхчихсэн байх байлаа. Өнөөдөр хүн төрөлхтөн хаана байх байсан бэ? Бурханы үзэн ядалт, уур хилэн, зөвт байдал бүгд энэ бүлэг хүмүүст аврал авчрахыг хүссэн суурин дээр илэрхийлэгддэг. Энэхүү зан чанар нь бас Бурханы хайр, өршөөл, түүнчлэн Бурханы агуу тэвчээрийг агуулж байдаг. Энэхүү үзэн ядалт нь өөр сонголтгүй гэсэн мэдрэмжийг агуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг гэх хязгааргүй анхаарал халамж, итгэл найдварыг агуулдаг! Бурханы үзэн ядалт нь хүн төрөлхтний завхрал, хүмүүсийн тэрслүү байдал, нүгэл рүү чиглэдэг. Энэ нь өрөөсгөл бөгөөд хайран дээр суурилдаг. Хайр байгаа учраас л үзэн ядалт байдаг. Бурхан хүн төрөлхтнийг үзэн ядах нь Сатаныг үзэн ядахаас өөр, учир нь Бурхан Сатаныг биш, хүмүүсийг авардаг. Бурханы зөвт зан чанар үргэлж байсаар ирсэн. Уур хилэн, зөвт байдал болон шүүлт үргэлж байсаар ирсэн; Бурхан тэдгээрийг хүн төрөлхтөнд чиглүүлэх үед л тэдгээр нь бий болсон юм биш. Хүмүүсийг харахаас ч өмнө Бурханы зан чанар ийм байсан бөгөөд тэд үүнийг мэдсэнийхээ дараа л Бурханы зөвт байдал ийм болохыг мэдсэн. Үнэндээ Бурхан зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн харуулах цаг болсон эсэх, эсвэл Тэрээр хүн төрөлхтнийг аврахын төлөө элдэв янзын ажил хийх цаг болсон эсэх нь хамаагүй энэ бүхэн хайраас үүдэлтэй. Зарим хүн: “Тэгвэл Тэр хэр их хайрладаг юм бэ?” гэдэг. Энд хэр их байх нь хамаагүй; Тэр үнэхээр зуун хувь хайрладаг. Хэрвээ үүнээс бага хайрладаг байсан бол хүн төрөлхтөн аврагдахгүй байх байлаа. Бурхан бүх хайраа хүн төрөлхтөнд зориулсан. Бурхан яагаад махбод болсон бэ? Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд хүчин чармайлтаа гамнадаггүй, Бурхан махбод болох нь Түүний бүх хайрыг агуулдаг гэж өмнө нь хэлсэн. Хүн төрөлхтний Бурханд хандах дуулгаваргүй байдал туйлдаа хүрч, тэр хүн төрөлхтөн аль хэдийн аврагдах боломжгүй болсон учраас л Бурхан хүн төрөлхтөнд Өөрийгөө өргөн барихын тулд махбод болохоос өөр сонголтгүй болсон гэдгийг энэ нь та нарт харуулж байна. Бурхан бүх хайраа өгсөн. Хэрвээ Тэр хүн төрөлхтнийг хайрлаагүй бол махбод болохгүй байх байсан. Бурхан тэнгэрээс аянга буулгаж, Өөрийн сүр жавхлан, уур хилэнг шууд илгээж, хүмүүс газарт унах байлаа. Бурхан махбодоор бэрхшээл туулж, ийм төлөөс төлж, ийм доромжлол амсах шаардлагагүй байв. Энэ бол тод жишээ юм. Тэрээр хүн төрөлхтнийг аврахын тулд зовлон шаналал, доромжлол амсаж, хаягдаж, хавчигдахыг илүүд үзнэ. Ийм дайсагнасан орчинд ч Тэр мөн л хүн төрөлхтнийг аврахаар ирсэн. Энэ хамгийн агуу хайр биш гэж үү? Хэрвээ Бурхан зүгээр л зөвт байсан бөгөөд хүн төрөлхтнийг хязгааргүй их үзэн яддаг байсан бол Өөрийн ажлыг хийхийн тулд махбод болохгүй байх байсан. Тэрээр хүн төрөлхтөн туйлдаа хүртэл завхрахыг хүлээж, дараа нь бүгдийг нь устгаж, дуусгавар болгох байсан. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг учраас, хүн төрөлхтнийг дээд зэргээр хайрладаг учраас хэтэрхий их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд махбод болсон. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, өөрсдийнхөө уг чанарыг мэдсэнийхээ дараа олон хүн: “Миний хувьд бүх зүйл дууссан. Би хэзээ ч аврагдаж чадахгүй” гэж хэлдэг. Чи аврагдах боломжгүй гэж бодох үедээ л Бурхан хүмүүсийг дээд зэргээр тэвчиж, хайрладаг гэдгийг мэддэг болно! Бурханы хайргүйгээр хүмүүс юу хийж чадах вэ? Хүний уг чанар маш их завхарсан ч Бурхан та нартай ярьсаар байдаг. Та нарыг асуулт асуух болгонд Тэр яаран хариулж, хүмүүс ойлгохгүй байх вий, эсвэл төөрөлдөж, туйлшрах вий гэж айдаг. Ийм байхад Бурхан хүн төрөлхтөнд хэчнээн их хайртайг та нар ойлгохгүй л байна уу?
Өнөөдөр олон хүн “Ажил нь дуусчихсан байхад махбод дахь Бурхан яагаад одоо газар дэлхий дээр байсаар байгаа юм бэ? Ажлын өөр үе шат байгаа байж болох уу? Яагаад ажлын дараагийн үе шатыг хурдхан хийдэггүй юм бэ?” хэмээн ажиглаж байгаа. Мэдээж энэ нь утга учиртай. Махбод дахь Бурхан олон үг хэлснийхээ дараа хүмүүст ямар үр дүн үзүүлсэн бэ? Хүмүүс Түүний үгийг зөвхөн сонсож, сэтгэлдээ хадгалсан ч олонх үг рүү нь ороогүй бөгөөд тэдэнд илэрхий өөрчлөлт гараагүй. Та нарын одоогийн байдалд олон үнэн тодорхойгүй хэвээр үлддэг бөгөөд бодит байдалд орох ямар ч боломжгүй. Бурхан махбод болж, маш олон үг хэлсэн нь ямар зорилготой гэж та нар бодож байна вэ? Эцсийн үр дүн нь юу вэ? Бурхан одоо ажлын дараагийн үе шатыг эхлүүлж, энэ хүмүүсийг зөнд нь орхисон бол ажил дутуу үлдэх байлаа. Хүмүүсийг бүрэн аврахын тулд махбод дахь Бурханы ажил хоёр бүтэн үе шатаар хийгдэх ёстой. Яг л Нигүүлслийн эрин үед Есүс ирж, төрсөн цагаасаа эхлээд загалмайд цовдлогдож, тэнгэр өөд гарах хүртлээ гучин гурван жил хагас болсонтой адилхан. Хэвийн хүний амьдрах хугацааны дагуу бол энэ нь урт хугацаа биш, гэхдээ газар дээрх Бурханы цаг хугацааны хувьд бол богино хугацаа биш юм! Гучин гурван жил хагас нь нэлээд шаналгаатай байсан! Махбод дахь Бурханд Бурханы мөн чанар, зан чанар байдаг бөгөөд завхарсан хүн төрөлхтөнтэй хамт гучин гурван жил амьдарсан нь шаналгаатай байлаа. Хүмүүс Түүнд сайн хандсан эсэх, Тэрээр толгой тавих газартай байсан эсэх нь хамаагүй, энэ бүхнийг үл харгалзан Түүний бие нь махбодын зовлонг төдийлөн их туулаагүй байлаа ч гэсэн хүмүүстэй хамт амьдрах нь Бурханы хувьд шаналгаатай байв, учир нь тэд ижил төрлийнх биш! Жишээ нь, хэрвээ хүмүүс бүхэл өдөржингөө гахайтай хамт амьдрах юм бол адилхан төрлийнх биш учраас хэсэг хугацааны дараа аймшигтай их цухалдана. Хүмүүс гахайтай ямар нийтлэг хэлтэй байж чадах юм бэ? Тэд зовохгүйгээр гахайтай хамт амьдарч яаж чадах юм бэ? Бие биетэйгээ бүрэн зохицолтой биш бол эхнэр, нөхөр хоёрт ч хамт амьдрахад дургүй хүрмээр санагдана. Бурхан газар дээр махбодод гучин гурван жил хагас байсан нь өөрөө туйлын шаналгаатай зүйл байсан, хэн ч Бурханыг ойлгож чадаагүй. Хүмүүс бүр “Махбод дахь Бурхан хүссэнээ хийж, хэлж чадна, бас Өөрийг нь дагадаг маш олон хүн Түүнд бий. Түүнд ямар зовлон байгаа гэж? Тэр зүгээр л толгойгоо тавих газаргүй, махбод нь бага зэрэг зовлон, шаналал туулдаг. Энэ нь тийм ч шаналгаатай сонсогддоггүй!” гэж ч боддог. Эдгээр шаналал нь хүмүүсийн тэвчиж, туулж чадах зүйл гэдэг нь үнэн бөгөөд махбод дахь Бурхан ч үүнээс ангид биш. Тэр ч бас үүнийг даван туулж чадна, Түүний хувьд энэ нь тийм ч том зовлон биш. Түүний туулдаг ихэнх зовлон бол туйлдаа хүртэл завхарсан хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, элдэв янзын хүмүүсийн тохуурхал, доромжлол, шүүлт, яллалтыг амсахын сацуу чөтгөрүүдэд хөөгдөж, шашны ертөнцийн гололт, дайсагналцлыг амсаж, хэний ч нөхөж чадахгүй сэтгэлийн шархтай болох явдал юм. Энэ бол шаналгаатай зүйл. Тэрээр асар их тэвчээр гарган завхарсан хүн төрөлхтнийг аварч, Өөрийнхөө шархыг үл харгалзан хүмүүсийг хайрладаг бөгөөд энэ нь тун зовлонтой ажил юм. Хүн төрөлхтний харгис эсэргүүцэл, яллалт, гүжирдлэг, хуурамч буруушаалт, хавчлага, мөшгөлт, аллага хядлага нь Өөрийгөө асар их эрсдэлд оруулан энэ ажлыг хийхэд Бурханы махбодыг хүргэдэг. Энэ шаналал зовлонг амсахад нь хэн Түүнийг ойлгож, хэн Түүнийг тайтгаруулж чадах билээ? Хүмүүс багахан л урам зоригтой байдаг, мөн гомдоллож, Түүнд идэвхгүй, хайхрамжгүй хандсаар байх боломжтой. Үүнээс болоод Тэр яаж зовохгүй байж чадах билээ? Тэрээр зүрх сэтгэлдээ асар их шаналал мэдэрдэг. Хүн төрөлхтний Бурханд учруулсан хохирлыг багахан материаллаг тайтгарал нөхөж чадах уу? Сайн хооллож, сайхан хувцаслах нь аз жаргал мөн гэж чи бодож байна уу? Ийм үзэл бодол инээдтэй! Эзэн Есүс газар дээр ажлаа хийж, гучин гурван жил хагас амьдарсан бөгөөд цовдлогдож, үхлээс дахин амилж, хүмүүсийн дунд дөч хоног харагдсаныхаа дараа л чөлөөлөгдөж, хүмүүсийн дунд амьдарсан шаналгаат он жилүүдээ төгсгөсөн юм. Гэхдээ Бурханы зүрх сэтгэл хүмүүсийн хүрэх газрын төлөө санаа зовсондоо үргэлж нэгэн адил шаналсаар байдаг. Энэхүү шаналлыг хэн ч ойлгож, тэвчиж чадахгүй. Эзэн Есүс хүн төрөлхтний авралын суурийг тавих гэсэндээ бүх хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдсон. Тэрээр Өөрийнхөө цовдлолоор хүн төрөлхтнийг Сатаны гараас золин аварсан бөгөөд золин авралын ажлыг бүхэлд нь дуусгасныхаа дараа л энэ ертөнц дэх шаналгаат амьдралаа төгсгөсөн юм. Бүх ажил нь дуусмагц Тэрээр ганц ч хоног хойшлуулаагүй. Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг үнэхээр гүйцэлдүүлж, махбод дахь Өөрийнхөө төлөвлөгөөг дуусгасан гэдгээ хүн бүрд мэдэгдэхийн тулд л хүмүүст харагдсан. Тэрээр ажлын ямар ч хэсгийг дутуу орхиогүй. Нигүүлслийн эрин үед Есүс “Миний цаг хараахан болоогүй байна” гэж байнга хэлдэг байсан. Түүний цаг хараахан ирээгүй гэдэг нь Түүний ажил товлосон хугацаандаа очоогүй байсан гэсэн үг байв. Өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажил нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л нэг газраас нөгөө рүү явж, очиж, үг хэлж, чуулганы амьдралыг шалгаж, хэлэх шаардлагатай бүх зүйлийг хэлэх явдал биш юм. Махбод дахь Бурхан ажлаа дуусгаж, энэ бүх зүйлийг хэлснийхээ дараа эцсийн үр дүнг хүлээж, Өөрийнхөө хэлсэн зүйлийн үр нөлөөг хүлээж, хүн төрөлхтөн аврал хүртсэнийхээ дараа ямархуу байхыг харах ёстой байдаг. Энэ нь жам ёсны зүйл биш гэж үү? Тэрээр уйгагүй төлөөс төлснийхөө дараа энэ ажлыг зүгээр л орхино гэж үү? Тэрээр эцсийг нь хүртэл тууштай байх бөгөөд үр дүн гарсны дараа л ажлын дараагийн алхам руу сэтгэл амар шилжинэ. Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөө нь ялангуяа Бурханы Өөрийн л хийж чадах зүйл юм. Хүн төрөлхтөн болон Бурханыг дагадаг хүмүүс эцэстээ юу болох, аврагдсан хүмүүс эцэстээ юу болох, хэчнээн хүн Бурханы хүсэлд нийцдэг, хэчнээн хүн Бурханыг үнэхээр хайрладаг, хэр олон хүн Бурханыг үнэхээр мэддэг, хэчнээн хүн өөрийгөө Бурханд зориулдаг, хэр олон хүн Бурханд үнэхээр шүтэн мөргөдөг—энэ бүх асуулт үр дүнтэй байх ёстой. Хүмүүсийн төсөөлдөг шиг “Газар дээрх Бурханы ажил дуусмагц Бурхан таашаал авах ёстой. Бурхан эрх чөлөөтэй, амар хялбар амьдрах боломжтой!” байдаг юм биш. Үүнийг мэдэж ав: Энэ нь эрх чөлөөтэй, амар хялбар амьдарч байгаа хэрэг биш, харин ч шаналгаатай! Зарим хүн үүнийг ойлгодоггүй, “Хэрвээ Бурхан махбод дахь ажлаа дуусгаад, цаашид ярихгүй юм бол Сүнс нь явчихсан гэсэн үг үү?” гэж боддог. Тэгээд тэд Бурханд эргэлзэж эхэлдэг. Түүнчлэн зарим хүн: “Бурхан махбод дахь ажлаа дуусгаж, үгээ хэлж дуусаад, заавал хүлээх ёстой гэж үү?” гэдэг. Бурхан хүлээх ёстой. Бурханы махбод дахь ажил тодорхой цар хүрээтэй байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шиг ажил дуусмагц бүх юм бүтчихдэг, үүнийг зүгээр л Ариун Сүнс хийж чаддаг юм биш. Ийм байдаггүй. Зарим зүйлийг махбод биечлэн залж чиглүүлж, зохицуулах шаардлагатай байдаг. Эдгээр зүйлийг хэн ч хариуцаж чадахгүй, энэ нь бас махбод дахь Бурханы ажлын ач холбогдол юм. Үүнийг ойлгов уу? Урьд нь Би зарим хүнд “Та нартай харилцах зовлонтой юм” гэж ууртай хэлж байсан. Зарим хүн: “Хэрвээ Та бидэнтэй хамт байхыг хүсдэггүй юм бол яагаад энд хүлээгээд байгаа юм бэ?” гэж хариулдаг. Энэ бол хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр! Хайр байгаагүй бол Бурхан өдий хүртэл тэвчиж чадах уу? Заримдаа Бурхан уурлаж, хатуу ширүүн ярьдаг ч ажлаа ер дутуу хийдэггүй. Ганц ч алхмыг алгасдаггүй. Бурхан хийх ёстой ажлаа хийж, хэлэх ёстой үгээ хэлэхээс булзахгүй. Тэрээр хийх ёстой, хэлэх ёстой бүхнийг хийж, хэлдэг. Зарим хүн: “Бурхан одоо яагаад урьдынхаасаа бага ярьж байгаа юм бэ?” гэдэг. Учир нь ажлын тэр алхмууд гүйцэлдсэн бөгөөд эцсийн алхам бол хүлээх явдал. Би зөвхөн удирдамж өгөх ажил хийж байгаа ба чадлынхаа хэрээр Өөртөө төвөг удах ёстой. Сүүлийн энэ үе шатанд яагаад Миний эрүүл мэнд үргэлж тааруухан байсан бэ? Энэ ч бас утга учиртай зүйл шүү дээ. Энэ нь хүн төрөлхтний зарим өвчин болон өвдөлтийг үүрэх зорилготой. Махбод дахь Бурхан зарим өвчин, өвдөлтийг туулж болох ч эдгээр нь бүгд үе шатаар явагддаг. Хийх шаардлагагүй ажил нь махан биеийн өвчин эмгэгээр хязгаарлагддаг, хийх боломжгүй байдаг; цаг нь ирэхэд махан бие бага зэрэг зовох ёстой болдог. Олон хязгаарлалт байхгүй бол Тэрээр хүн төрөлхтөнтэй илүү их ярьж, илүү их тусламж үзүүлэхийг үргэлж хүсдэг, учир нь Тэр авралын ажил хийж байгаа. Махбод дахь Бурханы ажлын эхнээсээ дуустал илчилсэн зүйл бүгд Бурханы хайр юм. Түүний ажлын мөн чанар нь хайр бөгөөд Тэрээр хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ зориулдаг.
1999 оны өвөл