Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь 2

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 336

Чи бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг, Үг махбодоор илэрснийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг атлаа Түүний нүднээс далдуур зарим зүйлийг хийж, Түүний шаарддаг зүйлд харшилдаг зүйл хийдэг бөгөөд зүрх сэтгэлдээ Түүнээс ер айдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Чи Түүний хэлдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг боловч хийж чадах зүйлээ хэрэгжүүлдэггүй, Түүний замыг ч баримталдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч Түүнийг хэзээ ч хүндэлдэггүй ба Түүнээс сэрэмжлэх л сэтгэлтэй байдаг. Түүний ажлыг харж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг хэрнээ хөндий хайнга, огт өөрчлөгдөхгүй хэвээр үлдвэл чи мөн л байлдан дагуулагдаагүй хүн юм. Байлдан дагуулагдсан хүмүүс чадах бүхнээ хийх ёстой бөгөөд илүү өндөр үнэнд орж чадахгүй, эдгээр үнэн нь тэдний хувьд хүршгүй хэдий ч ийм хүмүүс зүрх сэтгэлдээ үүнд хүрэхийг хүсдэг. Учир нь, тэдний хүлээн авч чадах зүйлд хязгаар байдаг ба хэрэгжүүлж чаддаг зүйл нь бас хэмжээ, хязгаартай байдаг. Гэхдээ тэд ядаж л чадах бүхнээ хийх ёстой бөгөөд хэрвээ чи эдгээр зүйлийг хийж чадвал энэ нь байлдан дагуулалтын ажлаас үүдэн гарсан үр нөлөө юм. “Хүний чадахгүй маш олон үгийг Тэр хэлсэн гэдгийг харвал хэрвээ Тэр Бурхан биш юм бол өөр хэн байх вэ?” гэж чи хэллээ гэж үзье. Ийм бодолтой байлаа гээд Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Хэрвээ чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг бол бодит үйлдлээрээ харуулах ёстой. Чуулганыг удирдаж байгаа ч зөв шударга байдлыг хэрэгжүүлж чаддаггүй бол, мөнгө, эд хөрөнгөд шунаж, чуулганы санг өөртөө үргэлж халаасалдаг бол энэ нь Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн үү? Бурхан бол төгс хүчит бөгөөд хүндлэл хүртүүштэй. Хэрвээ чи Бурхан байдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг бол яаж айхгүй байж чадах юм бэ? Чи тийм жигшүүртэй үйл хийх чадвартай бол Түүнийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Чи Бурханд итгэдэг гэж үү? Чиний итгэдэг зүйл чинь тодорхойгүй Бурхан; тиймээс чи айдаггүй! Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүс бүгд Түүнээс айдаг ба Түүнийг эсэргүүцэх, эсвэл өөрсдийн мөс чанарыг зовоох зүйл хийхээс айдаг; тэд ялангуяа, Бурханы хүслийн эсрэг гэдгийг нь мэддэг юуг ч хийхээс айдаг. Үүнийг л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад тооцож болно. Эцэг эх чинь Бурханд итгэхийг чинь болиулахаар оролдох үед чи юу хийх ёстой вэ? Үл итгэгч нөхөр чинь чамд сайн хандаж байх үед чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Ах эгч нар чинь чамайг үзэн ядах үед Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Хэрвээ чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг бол энэ бүх хэрэг явдал дээр зохих ёсоор үйлдэж, бодит байдлыг амьдран харуулна. Хэрвээ чи бодитой үйлдэл хийж чадахгүй, харин зөвхөн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлбэл зүгээр л хоосон яригч юм! Чи Түүнд итгэж, Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг боловч ямар байдлаар Түүнийг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар байдлаар чи Түүнд итгэдэг вэ? Чи Түүнээс айдаг уу? Түүнийг хүндэлдэг үү? Сэтгэлийнхээ гүнд Түүнийг хайрладаг уу? Чи зовуурилж, түшиж тулах хэн ч үгүй байх үедээ Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг ч дараа нь энэ бүхнээ таг мартдаг. Тэр нь Бурханыг хайрлаж байгаа хэрэг биш, Бурханд итгэж байгаа ч хэрэг биш! Тэгвэл эцсийн эцэст хүн юунд хүрээсэй гэж Бурхан хүсдэг вэ? Өөрийгөө ихэд чухалчилж, юмыг хүлээн авч, ойлгохдоо хурдан гэж бодож, бусдыг хянаж, бусдыг дорд үзэж, харагдах байдлаар нь хүмүүсийг шүүж, гэм зэмгүй хүмүүсийг дээрэлхэж, чуулганы мөнгөнд шунах гэх мэт Миний дурдсан энэ бүх байдал буюу энэ бүх сатанлаг завхарсан зан чанарын нэг хэсгээс салах үед л байлдан дагуулагдсан чинь харагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 337

Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан юм бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юү? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг чонын үүрэн дэх гэртээ аваачиж; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болгох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу чулууддаг. Ёс жудаг чинь хаана байна? Хүн чанар чинь зэрлэг догшин болжээ! Зүрх сэтгэл чинь аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлддэг муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ийм маягаар Намайг хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ар хударгаар ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө хулгайлсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг зүгээр орхиж яаж чадах юм бэ? Миний догшин уур омог муу ёрын үйлийг чинь зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Өнөөдөр үйлддэг муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний гэсгээлтийг та нар луу өдөөдөг. Та нарын муу үг, муу үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ? Залбирал чинь яаж Миний чихэнд хүрч чадах юм бэ? Та нарын зөв шударга бус байдалд Би гарах гарц нээж өгч яаж чадах юм бэ? Намайг эсэргүүцдэг муу үйлийг чинь Би яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Могойнх шиг хорт хэлийг чинь Би яаж таслахгүй байж чадах юм бэ? Зөв шударга байдлынхаа төлөө та нар Намайг дууддаггүй, харин зөв шударга бус байдлынхаа үр дүнд уур хилэнг минь хуримтлуулдаг. Би та нарыг яаж уучилж чадах юм бэ? Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бузар заваан байдаг. Төгс Хүчит Миний нүд та нарын зөв шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт гэж хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахан чадах билээ? Та нар Надад ингэж хандан, Намайг уйтгар гунигтай, уур хилэнтэй болгодог учраас Ехова Би та нарыг гараасаа бултуулж, та нарыг гэсгээж, хараах өдрөө орхиж яахан чадах билээ? Бүх муу үг, яриа чинь аль хэдийн Миний чихэнд хүрснийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын зөв шударга бус байдал Миний зөвт байдлын ариун өмсгөлийг аль хэдийн буртагласныг мэдэхгүй гэж үү? Дуулгаваргүй байдал чинь аль эрт дүрсхийх уурыг минь хүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Аль хэдийнээс та нар Намайг хилэгнүүлж, тэвчээрийг минь барснаа мэдэхгүй гэж үү? Та нар Миний махбодыг аль хэдийн сүйдэлж, навсайлгаж орхисноо мэдэхгүй гэж үү? Би өнөөг хүртэл тэвчсэн, тийм болохоор Би уураа гаргаж, цаашид та нарт хүлээцтэй хандахгүй. Та нарын муу үйл аль хэдийн нүдэнд минь өртөж, Миний хашхираан аль хэдийн Эцэгийн минь чихэнд хүрсэн гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Надад ингэж хандахыг чинь Тэр яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нарт Миний хийдэг аливаа ажил та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нараас хэн чинь Ехова Миний ажлыг илүү их хайрлах болсон бэ? Би сул дорой учраас, мөн зовлон зүдүүр туулсан учраас Эцэгийнхээ хүсэлд үнэнч бус байдаг гэж үү? Та нар Миний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна уу? Би та нартай Еховагийн адилаар ярьж байна; Би та нарын төлөө өчнөөн ихийг орхиогүй гэж үү? Эцэгийнхээ ажлын төлөө энэ бүх зовлонг туулахад Би бэлэн байгаа хэдий ч Өөрийнхөө зовлонгоос үүдэн өөрсдөд чинь авчрах гэсгээлтээс та нар яаж чөлөөлөгдөж чадах юм бэ? Та нар Надаас маш ихийг эдлээгүй гэж үү? Өнөөдөр, Миний Эцэг Намайг та нарт хайрласан; та нар Миний элбэг дэлбэг үгээс хавьгүй ихийг эдэлсэн гэдгээ мэдэхгүй байна гэж үү? Миний амийг та нарын амиар болон эдэлдэг зүйлсээр чинь сольсон гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Миний Эцэг Сатантай тулалдахын тулд Миний амийг ашиглаж, бас та нарт Миний амийг хайрлаж, та нарт зуу дахин ихийг хүртээж, маш олон уруу таталтаас зайлсхийх боломж олгосныг мэдэхгүй гэж үү? Миний ажлаар л дамжуулан олон уруу таталт, олон ширүүн гэсгээлтээс чөлөөлөгдсөн гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Надаас болж л Миний Эцэг та нарыг өнөөг хүртэл баясуулан цэнгүүлдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Зүрх сэтгэлд чинь эвэр ургачихсан мэт та нар өнөөдөр яаж ийм хатуу, нугаршгүй хэвээр үлдэж чадна вэ? Намайг газар дэлхийгээс явсны дараа болох уур хилэнгийн өдрөөс өнөөдөр үйлдэж буй муу муухай чинь яаж мултарч чадах юм бэ? Ийм хатуу, нугаршгүй хүмүүсийг Би яаж Еховагийн уур хилэнгээс зугтаалгаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 338

Өнгөрснийг бодоод үз: Та нар луу чиглэсэн харц минь хэзээ ууртай, дуу хоолой минь хэзээ ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахын тулд л Эцэгийгээ дууддаг бус уу? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахын тулд Би эрх мэдлээ ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яаж хандах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг аргалахаар оролдож, Надаас юм нуудаг ба ам чинь зөв шударга бус шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө байлгаж яаж чадах юм бэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн ил болж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис ханддаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Би чиний зөв шударга бус, дуулгаваргүй байдлыг яаж цэвэр ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг бузарлаж яаж чадах юм бэ? Би зөв шударга бус хүмүүсийн хольцоор бохирдохгүй, зөв шударга бус хүмүүсийн өргөлийг ч таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм маягаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрийг чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр үзэж чадах байсан уу? Ариун хүмүүсээр эдлүүлэхийн тулд Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар яаж ийм харгис цэвдэг байж, сайны зам болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг байж чадна вэ? Эдгээр амийн үгэнд Би ёрын муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах юм бэ? Би үнэнээр та нарт хэлье: Миний тэвчээр ёрын муу үйлийн чинь төлөө бэлтгэгдсэн ба тэр өдрийн гэсгээлтийн чинь төлөө оршдог. Намайг тэсгэл алдах үед уур хилэнт шүүлт амсах хүмүүс нь та нар бус уу? Бүх зүйл Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Тэнгэрийн дор Надад ингэж дуулгаваргүй хандахыг чинь Би яаж зөвшөөрч чадах билээ? Ирнэ гэгдэж байсан атлаа хэзээ ч ирээгүй Мессиатай уулзсан учраас та нарын амьдрал маш хэцүү байх болно. Та нар Түүний дайснууд биш үү? Есүс та нарын анд нөхөр байсан ч та нар Мессиагийн дайсан юм. Та нар Есүстэй анд нөхөр ч гэсэн, ёрын муу үйл чинь жигшүүрт хүмүүсийн савыг дүүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Та нар Еховатай маш ойр дотно байдаг ч ёрын муу үг чинь Еховагийн чихэнд хүрч, уур хилэнг нь бадраасан гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр яаж чамтай ойр дотно байж, муу үйлээр дүүрэн савыг чинь шатаахгүй байж чадах юм бэ? Тэр яаж чиний дайсан биш байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 339

Одоо Би, Намайг аргалах цадиггүй махан биеийг чинь харж байгаа бөгөөд чамд зүгээр л бага зэрэг анхааруулга өгч байгаа ч чамд “үйлчлэхийн” тулд гэсгээлт ашиглахгүй. Чи Миний ажилд ямар үүрэг гүйцэтгэдгээ мэдэх ёстой, тэгвэл Би сэтгэл хангалуун байх болно. Үүнээс цааших асуудлууд дээр хэрвээ чи Намайг эсэргүүцвэл, Миний мөнгийг зарцуулбал, Ехова Надад зориулсан тахилыг идвэл, өтнүүд та нар нэг нэгнээ хазвал, эсвэл нохой шиг амьтад та нар тэмцэлдэж, өөр хоорондоо хүч хэрэглэвэл—Би алийг нь ч анхаарахгүй. Та нар өөрсдийгөө ямархуу зүйл болохоо л мэдэж байх хэрэгтэй ба тэгвэл Миний сэтгэл ханана. Энэ бүхнээс гадна, хэрвээ та нар нэг нэг рүүгээ зэвсэг далайж, үгээрээ өөр хоорондоо тэмцэлдэхийг хүсэж байвал тэгж болно; тийм зүйлсэд хөндлөнгөөс оролцох хүсэл Надад байхгүй, хүмүүсийн хоорондох хэрэг явдал Надад ямар ч хамаагүй. Би та нарын хоорондох зөрчилдөөнүүдийг анхаардаггүй юм биш; зүгээр л Би та нарын нэг биш, тиймээс та нарын дунд оршдог асуудлуудад оролцдоггүй. Би Өөрөө бүтээгдсэн зүйл биш бөгөөд энэ дэлхийнх биш тул хүмүүсийн үймсэн амьдрал болон тэдний хоорондох замбараагүй, зохисгүй харилцаануудыг үзэн яддаг. Би ялангуяа шуугин хашхиралдсан бөөн хүнийг үзэн яддаг. Гэхдээ Би бүтээгдсэн зүйл нэг бүрийн зүрх сэтгэл дэх хольцыг гүн гүнзгий мэддэг бөгөөд та нарыг бүтээхээсээ өмнө Би хүний зүрх сэтгэлийн гүнд оршдог шударга бус байдлыг аль хэдийн мэдэж байсан, мөн хүний зүрх сэтгэл дэх бүх шударга бус, зальжин байдлыг мэдэж байсан. Тиймээс хүмүүсийг зөвт бус зүйл хийх үед ямар ч ул мөр байхгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлдээ өвөрлөсөн зөвт бус байдал чинь Миний бүтээсэн бүх зүйлийн баялаг байдлаас даван гардаг гэдгийг Би мөн л мэднэ. Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; олон түмний өвөг дээдэс байхаар өргөгдсөн. Та нар туйлын зэрлэг балмад ба бүх өтний дунд галзууран гүйж, амар тайван орогнох газар эрж хайн, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Зүрх сэтгэл чинь хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийг ч даван гарсан. Та нар өтөг бууцны ёроолд оршин сууж, дээрээс доорх хүртэл өтнүүдийг үймүүлэн амар тайванг нь алдагдуулж, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд, дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу? Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадна гэж үү? Ичгүүргүй өөдгүй амьтад! Тахилын ширээн дээрх тэр тахилуудыг хүмүүс Намайг хүндэлдэг сайхан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон Надад өргөсөн юм. Тэдгээр нь Миний хяналт, Миний хэрэглээнд зориулагддаг тул чи хүмүүсийн Надад өгсөн бяцхан хүүрзгэнийг Надаас дээрэмдэж яаж болох юм бэ? Чи Иудас болохоос айдаггүй гэж үү? Газар нутаг чинь цусан талбай болохоос айхгүй байна уу? Ичгүүргүй амьтан! Хүмүүсийн өргөн барьсан хүүрзгэнүүд өт чиний ходоодыг тэжээхийн төлөө байдаг гэж чи бодож байна уу? Чамд Миний өгсөн зүйл бол чамд өгөхдөө үнэн сэтгэлээсээ, дуртайяа өгдөг зүйл юм; Миний чамд өгөөгүй зүйл Миний мэдэлд байх ёстой. Чи зүгээр л Миний тахилуудыг дураараа хулгайлж болохгүй. Ажиллаж буй Нэгэн бол бүтээлийн Эзэн—Ехова Би бөгөөд хүмүүс Надаас болж тахил өргөдөг. Энэ нь ийш тийш гүйсний чинь нөхөн төлбөр гэж чи бодож байна уу? Үнэхээр ичгүүргүй юм! Чи хэний төлөө ийш тийш гүйдэг юм бэ? Өөрийнхөө төлөө биш гэж үү? Чи яагаад Миний тахилуудыг хулгайлдаг юм бэ? Чи яагаад Миний түрийвчнээс мөнгө хулгайлдаг юм бэ? Чи Искариотын Иудасын хүү биш гэж үү? Ехова Надад өгсөн тахилуудыг тахилчид эдлэх учиртай. Чи тахилч мөн үү? Чи Миний тахилуудыг маадайн идэж зүрхэлдэг ба бүр тэдгээрийг ширээн дээр тавьдаг; чи ямар ч үнэ цэнгүй! Үнэ цэнгүй өөдгүй амьтан! Ехова Миний гал чамайг үнс нурам болгон шатаана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 340

Та нарын итгэл маш сайхан; та нар бүх амьдралаа Миний ажлын төлөө зарлагадаж, үүний төлөө амьдралаа золиослоход бэлэн гэж хэлдэг боловч зан чанар чинь тийм ч их өөрчлөгдөөгүй. Бодит ааш авир чинь тун өөдгүй гэх баримтыг үл харгалзан та нар биеэ тоосон байдлаар ярьдаг. Хүмүүсийн хэл болон уруул тэнгэрт байдаг хэдий ч хөл нь хаа хол газар дээр байгаа мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний үг, үйл хэрэг, нэр төр гутамшигтай хэвээр байдаг. Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон. Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг. Одоогийн үг болон үйл хэрэг чинь та нарыг нүгэлтэй гэж тодорхойлоход минь хангалттай. Миний ажилд хандах хандлага чинь та нарыг зөв шударга бус хүмүүс гэж тодорхойлоход минь хангалттай бөгөөд жигшил зэвүүцлээр дүүрэн бузар сүнснүүд гэдгийг чинь харуулахад зан чанар чинь хангалттай. Та нарын харуулж, илчилж байгаа зүйл та нарыг бузар сүнсний цусыг ханатлаа уусан хүмүүс гэж хэлэхэд хангалттай байдаг. Хаанчлалд орох тухай дурдах үед та нар мэдрэмжээ илчилдэггүй. Одоо байгаа байдал чинь Миний тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хангалттай гэж та нар бодож байна уу? Үг болон үйл хэрэг чинь эхлээд Миний туршилтыг туулахгүйгээр та нар Миний ажил болон үгийн ариун газарт орж чадна гэж итгэж байна уу? Миний хоёр нүдийг хэн хууран мэхэлж чадах юм бэ? Та нарын жигшүүртэй, дорд ааш авир болон яриа яаж Миний харцнаас зайлж чадах юм бэ? Та нарын амьдралыг Би тэдгээр бузар сүнсний цусыг ууж, махыг идэх амьдрал хэмээн тодорхойлсон, учир нь та нар Миний өмнө өдөр бүр тэднийг дуурайдаг. Миний өмнө та нарын зан авир тун муу байсаар ирсэн болохоор Би яаж зэвүүцэхгүй байж чадах юм бэ? Та нарын үг бузар сүнсний хольцыг агуулдаг: Та нар хар шид хийдэг хүмүүсийн адилаар, мөн тэрслүү агаад зөвт бусын цусыг уудаг хүмүүсийн адилаар аргалж, нуун далдалж, зусарддаг. Хүний бүх илэрхийлэл туйлын зөв шударга бус байдаг тул зөв шударга хүмүүсийн байдаг ариун газарт яаж бүх хүнийг байрлуулж болох юм бэ? Жигшүүртэй зан авир чинь чамайг зөвт бус хүмүүстэй харьцуулахад ариун хэмээн ялгаж чадна гэж чи бодож байна уу? Могойнх шиг хэл чинь, сүйрэл учруулж, зэвүүцэл төрүүлдэг энэ махан биеийг чинь эцэст нь мөхөөх бөгөөд бузар сүнсний цусаар хучигдсан гар чинь ч бас эцэст нь чиний сүнсийг там руу чангаана. Тэгвэл чи бузраар хучигдсан гараа цэвэрлэхийн тулд яагаад энэ боломжийг шүүрэн авахгүй гэж? Зөв шударга бус үг хэлдэг хэлээ таслахын тулд чи яагаад энэ боломжийг ашиглахгүй гэж? Өөрийнхөө хоёр гар, хэл болон уруулын төлөө чи тамын галд зовоход бэлэн байгаа юм гэж үү? Хүн төрөлхтнийг бүтээхээсээ хавьгүй өмнө зүрх сэтгэлийг нь гартаа атгаж байсан учраас Би хүн бүрийн зүрх сэтгэлийг хоёр нүдээрээ ажигладаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийг аль эртнээс нэвт шувт харсан тул тэдний бодол санаа Миний харцнаас зайлж яахан чадах билээ? Тэд Миний Сүнсний шатаалтаас зугтаж яахан амжих билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар бүгд маш жудаггүй!”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 341

Уруул чинь тагтааныхаас илүү зөөлөн боловч зүрх сэтгэл чинь эртний могойныхоос ч илүү хорлонтой. Уруул чинь бүр Ливан эмэгтэйчүүдийнх шиг сайхан боловч зүрх сэтгэл чинь тэднийхээс эелдэг зөөлөн биш бөгөөд мэдээж канаанчуудын гоо үзэсгэлэнтэй харьцуулахын аргагүй. Чиний зүрх сэтгэл маш хорон санаатай! Би зөв шударга бус хүний уруул болон зүрх сэтгэлийг л үзэн яддаг бөгөөд хүмүүст тавих Миний шаардлага ариун хүмүүсээс шаарддагаас минь огтхон ч өндөр биш; Би зүгээр л зөв шударга бус хүний ёрын муу үйл хэргийг зэвүүцдэг бөгөөд тэрээр бузар заваан байдлаа хаяж, одоогийн төвөгтэй байдлаасаа зугтаж, ингэснээрээ зөв шударга бус хүмүүсээс ялгаран, зөв шударга хүмүүстэй хамт амьдарч, ариун байж чадна гэж найддаг. Та нар Надтай адил орчин нөхцөлд байгаа мөртөө бузраар бүрхэгдсэн; анх бүтээгдсэн хүмүүсийн анхдагч төрх та нарт өчүүхэн төдий ч байхгүй. Түүнчлэн, та нар өдөр болгон тэдгээр бузар сүнсний төрхийг дуурайн, тэдний хийдэг зүйлийг хийж, хэлдэг зүйлийг хэлдэг учраас бүх хэсэг, бүр хэл, уруулд чинь хүртэл тэдний бохир ус нэвчин, та нар бүхэлдээ тийм хир толбоор хучигдахдаа тулсан бөгөөд ганц ч хэсгийг чинь Миний ажилд ашиглаж болдоггүй. Үнэхээр зүрх шимшрэм! Та нар үхэр, адууны ийм ертөнцөд амьдардаг атал та нарт үнэндээ төвөгтэй санагддаггүй; баяр хөөрөөр дүүрэн байж, эрх чөлөөтэй, амар хялбараар амьдардаг. Тэрхүү бохир усанд сэлж байгаа мөртөө ийм төвөгтэй байдалд орсон гэдгээ үнэндээ ухаардаггүй. Өдөр бүр чи бузар сүнсийг дагалдаж, “ялгадастай” харилцдаг. Амьдрал чинь нэлээд дорд атал чи, хүний ертөнцөд огтхон ч оршдоггүй, мөн өөрийгөө хянадаггүй гэдгээ үнэндээ мэддэггүй. Чиний амьдралыг тэр бузар сүнснүүд аль хэдийн гишгэлээд, ёс жудгийг чинь бохир ус аль хэдийн сэвтээсэн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи газар дэлхийн диваажинд амьдарч, аз жаргалтай байгаа гэж бодож байна уу? Бузар сүнснүүдтэй хамт амьдарч, чамд зориулан тэдний бэлдсэн бүх зүйлтэй зэрэгцэн оршсон гэдгээ чи мэдэхгүй гэж үү? Чиний амьдардаг байдал яаж утга учиртай байж чадах юм бэ? Чиний амьдрал яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Чи бузар сүнс эцэг эхийнхээ төлөө ийш тийш завгүй гүйсээр ирсэн мөртөө чамайг урхидагчид нь чамайг төрүүлж, өсгөсөн бузар сүнс эцэг эх чинь гэдгийг огт мэддэггүй. Түүнчлэн, бүх бузар буртгийг чинь үнэндээ тэд чамд өгсөн гэдгийг чи мэддэггүй; тэд чамд “таашаал” өгдөг, чамайг гэсгээдэггүй, мөн шүүдэггүй бөгөөд ялангуяа чамайг хараадаггүй гэдгийг л чи мэднэ. Тэд хэзээ ч чамд дэлбэртлээ уурладаггүй, харин хайраар, эелдгээр ханддаг. Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний хайрыг булаадаг болохоор чи толгой нь эргэсэн байдалтай болж, өөрийн мэдэлгүй тэдэнд татагдаж, үйлчлэн, тэдний гарц, бас зарц болоход бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэдний төлөө морь нохой мэт зүтгэхэд бэлэн байдаг; чи тэдэнд мэхлэгддэг. Ийм учраас чи Миний хийдэг ажилд бүр ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Чи Миний гараас нууцаар мултрахыг үргэлж хүсдэгт гайхах юмгүй бөгөөд Миний ивээлийг овжноор олж авахын тулд нялуун үг хэрэглэхийг үргэлж хүсдэгт чинь гайхах юмгүй. Чамд аль хэдийн өөр нэг төлөвлөгөө, өөр нэг зохицуулалт байгаа болж таардаг. Чи Төгс Хүчит Миний үйлдлүүдийн багахныг харж чадах боловч Миний шүүлт, гэсгээлтийг өчүүхэн ч мэддэггүй. Миний гэсгээлт хэзээ эхэлснийг чи огт мэддэггүй; Намайг хэрхэн хуурахаа л мэддэг ч Би хүний ямар ч халдлагыг тэвчихгүй гэдгийг мэддэггүй. Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол хартай Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар бүгд маш жудаггүй!”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 342

Би та нарын дунд байж, хэд хэдэн хавар, намрын турш та нартай харилцсан; Би та нарын дунд удаан хугацаанд амьдарч, та нартай хамт амьдарсан. Та нарын жигшүүртэй зан авирын хэр их нь яг Миний нүдний өмнүүр бултсан бэ? Та нарын үнэн сэтгэлийн үг Миний чихэнд тасралтгүй цуурайтаж байна; та нарын сая сая хүсэл эрмэлзэл Миний тахилын ширээн дээр тавигдсан—бүр тоолохын ч аргагүй дэндүү олон. Гэсэн ч та нарын зориулалт болон зарлагадсан зүйл өчүүхэн төдий ч байдаггүй. Миний тахилын ширээн дээр та нар жаахан ч болов чин сэтгэл тавьдаггүй. Надад итгэх итгэлийн чинь үр жимс хаана байна вэ? Та нар Надаас эцэс төгсгөлгүй нигүүлсэл хүлээн авч, тэнгэрийн эцэс төгсгөлгүй нууцуудыг харсан; тэр ч байтугай Би та нарт тэнгэрийн гал дөлийг харуулсан боловч та нарыг шатаах сэтгэл Надад байгаагүй. Гэсэн ч хариуд нь та нар Надад хэр ихийг өгсөн бэ? Надад хэр ихийг өгөхөд бэлэн байна вэ? Миний чамд өгсөн хоолыг гартаа бариад чи эргэж, үүнийгээ Надад өргөдөг, тэр ч бүү хэл шаргуу ажлынхаа хөлсөнд олсон зүйл чинь энэ бөгөөд байгаа бүхнээ Надад өргөн барьж байна гэж ч хэлдэг. Надад өгч буй “хувь нэмэр” чинь бүгд Миний тахилын ширээнээс хулгайлагдсан зүйл гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Түүнчлэн, одоо үүнийг Надад өргөн барьж байгаа чинь Намайг мэхэлж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр Би, шаргуу ажлынхаа хариуд чиний олж, Надад өргөн барьсан зүйлийг биш, харин Өөрийн тахилын ширээн дээрх бүх тахилыг эдэлдэг гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Та нар үнэндээ ийм маягаар Намайг хуурч зүрхэлдэг тул Би яаж та нарыг өршөөж чадах юм бэ? Би үүнийг цаашид яаж тэвчиж чадах юм бэ? Би бүхнийг та нарт өгсөн. Би та нарт бүхнийг нээж, хэрэгцээг чинь хангаж, нүдийг чинь нээсэн атал та нар Намайг ийм маягаар мэхэлж, мөс чанараа үл ойшоодог. Би амь биеэ үл хайрлан бүх зүйлийг та нарт хайрласан болохоор хэдий та нар зовдог ч тэнгэрээс Миний авчирсан бүхнийг Надаас мөн л олж авсан. Гэсэн ч та нарт ямар ч зориулалт байхгүй бөгөөд өчүүхэн жаахан хувь нэмэр оруулсан ч гэсэн дараа нь та нар Надтай “тооцоо хийхээр” оролддог. Чиний хувь нэмэр юу ч үгүйтэй адил биш гэж үү? Надад өгсөн зүйл чинь элсний ширхэг төдий боловч Надаас гуйсан зүйл чинь нэг тонн алт юм. Чи зүгээр л бодлогогүй байгаа бус уу? Би та нарын дунд ажилладаг. Өөр нэмэлт тахил байтугай, Надад өгөх ёстой аравны нэгийн ул мөр ч огт байдаггүй. Үүнээс гадна, үнэн сүсэгт хүмүүсийн өргөсөн аравны нэгийг ч хорон муу нэгэн булаан авдаг. Та нар бүгд Надаас холдон тараагүй гэж үү? Та нар бүгд Надтай дайсагнадаггүй гэж үү? Та нар бүгд Миний тахилын ширээг сүйтгэж байгаа биш үү? Ийм хүмүүс яаж Миний нүдэнд эрдэнэс шиг харагдаж чадах юм бэ? Тэд Миний үзэн яддаг гахай, нохой биш гэж үү? Та нарын муу үйлийг Би яаж эрдэнэс гэж хэлж чадах юм бэ? Миний ажил үнэндээ хэний төлөө хийгддэг вэ? Өөрийн эрх мэдлийг илчлэхийн тулд та нарыг бүгдийг нь цохин унагах л зорилготой байдаг юм гэж үү? Та нарын амьдрал бүгд Надаас гарах ганцхан үгэн дээр тогтдоггүй гэж үү? Яагаад Би та нарт зааварлахын тулд үгийг л ашиглаад, та нарыг аль болох хурдан цохин унагаахын тулд үгийг бодит баримт болгон хувиргахгүй байгаа юм бэ? Миний үг болон ажлын зорилго ердөө хүн төрөлхтнийг цохин унагаахын төлөө байдаг уу? Би гэмгүй хүнийг ялгаварлахгүйгээр хөнөөдөг Бурхан гэж үү? Яг одоо хүний амьдралын зөв замыг эрж хайхын тулд та нарын хэчнээн нь бүхий л оршихуйгаараа Миний өмнө ирж байна вэ? Миний өмнө та нарын бие л байдаг; зүрх сэтгэл чинь мөн л эрх дураараа, Надаас холын холд байдаг. Миний ажил үнэндээ юу болохыг мэддэггүй учраас та нарын зарим нь Намайг орхин одож, өөрсдийгөө Надаас холдуулж, ямар ч гэсгээлт, шүүлт байдаггүй диваажинд амьдрахаар найддаг. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлдээ хүсдэг зүйл биш гэж үү? Би мэдээж чамайг албадахаар оролдоогүй. Ямар замаар явах чинь чиний өөрийн сонголт. Өнөөдрийн зам нь шүүлт, хараал дагалддаг зам боловч та нарт Миний хайрласан бүхэн—шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай хамаагүй, Миний өгч чадах хамгийн сайхан бэлэг бөгөөд та нарт яаралтай хэрэгтэй бүх зүйл юм гэдгийг та нар бүгд мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар бүгд маш жудаггүй!”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 343

Би газар дээр асар их хэмжээний ажил хийж, хүн төрөлхтний дунд маш олон жилийн турш алхсан атал хүмүүс Миний дүр, Миний зан чанарын талаар мэдлэгтэй байх нь ховор бөгөөд Миний хийдэг ажлыг цөөхөн хүн л нэгд нэггүй тайлбарлаж чадна. Хүмүүст маш олон зүйл дутагддаг, мөн Миний хийдэг зүйлийн талаарх ойлголт үргэлж дутагддаг бөгөөд Би тэднийг өөр нөхцөл байдалд оруулаад, дараа нь ямар ч анхаарал хандуулахгүй байх вий гэдгээс гүнээ айдаг мэт зүрх сэтгэл нь үргэлж сэрэмжтэй байдаг. Тиймээс Надад хандах хүмүүсийн хандлага үргэлж бүлээн байж, асар их болгоомжлолтой хосолж байдаг. Учир нь хүмүүс Миний хийдэг ажлыг ойлгохгүйгээр өнөөг хүрсэн бөгөөд ялангуяа тэдэнд хэлдэг үгээс минь болж төөрөлддөг. Тэд Миний үгийг гартаа бариад, тэдгээрт тууштай итгэхээр шийдэх ёстой юу, эсвэл шийдэмгий бус байж, тэдгээрийг мартахаар сонгох ёстой юу гэдгээ мэддэггүй. Тэд үүнийг хэрэгжүүлэх ёстой юу, эсвэл харзнах ёстой юу гэдгээ мэддэггүй, бүх зүйлийг хаяж, зоригтойгоор дагах ёстой юу, эсвэл урьдынх шигээ дэлхий ертөнцөд “нөхөрсөг” хандсаар байх ёстой юу гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн дотоод ертөнц маш адармаатай бөгөөд тэд маш зальтай. Хүмүүс Миний үгийг тодорхой, бүрэн дүүрэн харж чаддаггүй учраас олонхынх нь хувьд тэдгээрийг хэрэгжүүлэхэд бэрх байдаг ба Миний өмнө зүрх сэтгэлээ тавихад хэцүү байдаг. Би та нарын бэрхшээлийг гүнээ ойлгодог. Махан биед амьдарч байхад олон сул талаас зайлсхийх аргагүй бөгөөд олон бодит хүчин зүйл та нарт бэрхшээл учруулдаг. Та нар гэр бүлээ тэжээж, шаргуу ажиллан өдөр хоногоо өнгөрүүлдэг ба хүндрэл бэрхшээл дунд сар жилүүд урсан өнгөрдөг. Махан биед амьдрахад олон бэрхшээл байдаг—Би үүнийг үгүйсгэдэггүй бөгөөд мэдээж та нарт тавих Миний шаардлага бэрхшээлд чинь нийцсэн байдаг. Миний хийдэг ажлын шаардлага бүгд та нарын бодит биеийн хэмжээнд үндэслэдэг. Урьд нь хүмүүс ажиллаж байхдаа хэрээс хэтэрсэн элементүүдтэй холилдсон шаардлагыг та нарт тавьсан байж магадгүй, гэхдээ Өөрийн хэлж, хийж байгаа зүйлээрээ Би та нарт хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавьж байгаагүй гэдгийг та нар мэдэх ёстой. Бүх шаардлага хүмүүсийн уг чанар, махан бие болон тэдэнд хэрэгтэй зүйлд үндэслэдэг. Би хүмүүст байдаг тодорхой нэг ухаалаг сэтгэлгээ болон хүн төрөлхтний төрөлх уг чанарыг эсэргүүцдэггүй гэдгийг та нар мэдэх ёстой ба Би та нарт тун тодорхой хэлж болно. Миний тогтоосон шаардлагын стандарт үнэндээ юу болохыг хүмүүс ойлгодоггүй, мөн Миний үгийн анхдагч утга учрыг ч ойлгодоггүй учраас л хүмүүс одоог хүртэл Миний үгийн талаар эргэлзсээр ирсэн бөгөөд хүмүүсийн хагасаас ч цөөхөн нь л Миний үгэнд итгэдэг. Үлдсэн нь үл итгэгчид бөгөөд бүр ч олон нь “үлгэр ярихыг” минь сонсох дуртай хүмүүс юм. Түүнчлэн, үзвэр үздэг хүн олон бий. Би та нарт анхааруулж байна: Миний үгийн олонх нь Надад итгэдэг хүмүүст ил болсон бөгөөд хаанчлалын сайхан дүр зургийг таашаадаг боловч хаалганых нь гадна талд түгжигдсэн хүмүүсийг Би аль хэдийн таягдан хаясан. Та нар ердөө Надаар жигшигдэн, гологдсон үрийн сүүл биш гэж үү? Та нар Миний явахыг хараад, дараа нь эргэн ирэхийг минь баяр хөөртэйгээр угтаж яаж чадах юм бэ? Ниневегийн ард түмэн Еховагийн ууртай үгийг сонссоныхоо дараа таар болон үнсэн дотор нэн даруй гэмшсэн гэдгийг Би та нарт хэлье. Тэд Түүний үгэнд итгэсэн учраас айдас хүйдсээр дүүрэн байсан бөгөөд таар болон үнсэн дунд гэмшсэн юм. Өнөөдрийн хүмүүсийн тухайд бол, та нар ч бас Миний үгэнд итгэдэг, өнөөдөр та нарын дунд Ехова дахин нэгэнтээ ирсэн гэдэгт бүр ч их итгэдэг хэдий ч олон мянган жилийн өмнө Иудейд төрсөн Есүс одоо та нарын дунд буун ирснийг ажиглаж байгаа мэт хандлага чинь ердөө хүндэтгэлгүй байдаг. Та нарын зүрх сэтгэл дотор оршдог ов мэхтэй байдлыг Би гүнээ ойлгодог; та нарын ихэнх нь сониуч зангаасаа болж Намайг дагадаг бөгөөд хоосон байдлынхаа улмаас Намайг эрж хайж эхэлсэн. Амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх гурав дахь хүсэл чинь сүйрэх үед сониуч зан чинь ч бас сарнидаг. Та бүхний зүрх сэтгэлд оршдог ов мэхтэй байдал үг болон үйл хэргээр чинь дамжуулан илчлэгддэг. Шулуухан хэлэхэд, та нар зүгээр л Миний талаар сониучирхдаг ч Надаас айдаггүй; та нар ам хэлээ анхаардаггүй, өөрсдийн зан авирыг бүр ч хазаарладаггүй. Тэгвэл үнэндээ та нарт ямар итгэл байна вэ? Энэ нь жинхэнэ үү? Та нар санаа зовнилоо сарниулж, уйтгар гунигаа нимгэлж, өөрсдийн амьдрал дахь үлдсэн хоосон зайгаа дүүргэхийн тулд л Миний үгийг ашигладаг. Та нарын дундаас хэн Миний үгийг хэрэгжүүлсэн бэ? Хэнд жинхэнэ итгэл байна вэ? Та нар Бурхан бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэж хашхирсаар байдаг ч зүрх сэтгэлдээ дууддаг Бурхан чинь яаж Надтай нийцэлтэй байх юм бэ? Нэгэнт та нар ингэж хашхирч байгаа юм чинь яагаад тийм маягаар үйлддэг юм бэ? Та нар Миний ачийг энэ хайраар хариулахыг хүсэж байгаа юм гэж үү? Та нар ам хэлээрээ багагүй хэмжээгээр зориулдаг боловч та нарын тахил, та нарын сайн үйл хэрэг хаана байна вэ? Үг чинь Миний чихэнд хүрээгүй сэн бол Би яаж та нарыг ийм их үзэн ядаж чадах юм бэ? Хэрвээ та нар Надад үнэхээр итгэдэг байсан бол яаж ийм гаслантай байдалд орж чадах юм бэ? Та нар Үхэгсдийн орны шүүх хуралд орж байгаа юм шиг нүүрэн дээрээ цөхөрсөн байдалтай байдаг. Та нарт өчүүхэн ч эрч хүч байхгүй бөгөөд өөрсдийн дотоод дуу хоолойны талаар сулхан ярьдаг; та нар бүр гомдол, хараалаар дүүрэн байдаг. Та нар Миний хийдэг зүйлд итгэх итгэлээ аль эрт алдаж, анхны итгэл чинь ч үгүй болсон, иймээс та нар яаж эцсийг нь хүртэл дагаж чадах юм бэ? Ийм болохоор та нар яаж аврагдаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 344

Хэдийгээр Миний ажил та нарт маш тустай боловч Миний үг та нарт үргэлж үр нөлөөгүй байж, хий дэмий болдог. Надаар төгс болгуулах бай олоход хэцүү бөгөөд өнөөдөр Би та нарт найдах найдвараа бараг алдсан. Би та нарын дундаас хэдэн жилийн турш хайсан боловч Миний итгэлийг хүлээж чадах хүн олоход бэрх. Та нар дээр үргэлжлүүлэн ажиллах итгэл болон та нарыг үргэлжлүүлэн хайрлах хайр Надад байхгүй мэт санагддаг. Учир нь Би аль эртнээс та нарын туйлын өчүүхэн, өрөвдөлтэй “амжилтуудыг” зэвүүцэх болсон; Би та нарын дунд хэзээ ч үг хэлээгүй мэт, мөн та нар дээр хэзээ ч ажиллаагүй мэт санагддаг. Та нарын амжилт маш огиудас хүрэм. Та нар үргэлж өөрсдийгөө сүйрүүлж, шившиглэдэг ба бараг ямар ч үнэ цэнгүй. Би та нараас хүний төрхийг олж бараг чаддаггүй, хүний ул мөрийг үнэрлэж ч чаддаггүй. Та нарын шинэхэн үнэр хаана байна вэ? Олон жилийн турш төлсөн төлөөс чинь хаана байна, мөн үр дүн хаана байна вэ? Та нар хэзээ ч, юу ч олоогүй юу? Миний ажилд одоо шинэ эхлэл, шинэ гараа байгаа. Би агуу их төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа бөгөөд бүр ч илүү том ажил гүйцэтгэхийг хүсдэг атал та нар урьдынх шигээ шавар шавхайд хөрвөөн, өнгөрсөн үеийн бохир заваан усанд амьдарсаар байгаа ба үнэн хэрэгтээ өөрсдийн анхдагч хүндрэлээсээ салж чадаагүй. Тиймээс та нар Миний үгээс мөн л юу ч олж авсангүй. Та нар шавар шавхай, бохир заваан устай анхны газраасаа салаагүй бөгөөд Миний үгийг л мэддэг боловч үнэндээ Миний үгийн эрх чөлөөний ертөнцөд ороогүй тул Миний үг хэзээ ч та нарт дэлгэгдээгүй; тэдгээр нь олон мянган жилийн туршид битүүмжлэгдсээр ирсэн зөгнөлийн ном шиг байдаг. Би амьдралд чинь та нарт харагддаг боловч та нар үүнийг үргэлж мэддэггүй. Та нар бүр Намайг ч таньдаггүй. Миний хэлдэг үгийн бараг хагас нь та нарыг шүүх шүүлт байдаг бөгөөд хүрэх ёстой үр дүнгийнхээ хагаст л хүрч, та нарын дотор гүн айдас төрүүлдэг. Үлдсэн хагас нь амьдралын тухай, биеэ хэрхэн авч явах тухай та нарт зааж сургах үгээс бүрддэг. Гэхдээ та нарын тухайд бол, тэдгээр нь бүр оршин байдаггүй юм шиг, эсвэл та нар хүүхдүүдийн үг буюу үргэлж нууцхан инээмсэглэдэг ч хэзээ ч биелүүлдэггүй үгээ сонсож байгаа мэт байдаг. Та нар эдгээр зүйлийн талаар хэзээ ч санаа тавьж байгаагүй; та нар үндсэндээ сониуч зангаасаа болоод Миний үйлдлүүдийг үргэлж ажигласаар ирснийхээ үр дүнд одоо харанхуйд унаж, гэрлийг харж чаддаггүй тул харанхуйд хөөрхийлөлтэйгээр уйлж байдаг. Миний хүсдэг зүйл бол та нарын дуулгавартай байдал буюу ямар ч болзолгүй дуулгавартай байдал бөгөөд түүнээс ч илүүтэйгээр Миний хэлж байгаа бүхний талаар бүрэн итгэлтэй байхыг Би та нараас шаарддаг. Та нар үл ойшоосон хандлага баримтлах ёсгүй бөгөөд ялангуяа Миний хэлдэг зүйлийг шилж сонгон авч үзэх ёсгүй, мөн сурсан дадсанаараа Миний үг болон Миний ажилд хайхрамжгүй хандах ч ёсгүй. Миний ажил та нарын дунд хийгддэг бөгөөд Би та нарт асар их үгээ хайрласан боловч хэрвээ та нар Надад ийм маягаар хандах юм бол та нарын олж аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй зүйлсийг Би Харь үндэстний гэр бүлүүдэд өгөхөөс өөр аргагүй. Бүтээгдсэн бүх зүйлийн дундаас хэн Миний гарт байдаггүй вэ? Та нарын дундаас олонх нь “боловсорч гүйцсэн ахимаг насандаа” байгаа бөгөөд Надад байгаа ийм ажлыг хүлээн авах эрч хүчгүй байдаг. Та нар Ханхао шувууа шиг арай ядан амь зуудаг ба Миний үгэнд хэзээ ч нухацтай хандаагүй. Залуучууд туйлын нэрэлхүү, хэт эрхэлсэн бөгөөд Миний ажлыг бүр ч бага анхаардаг. Тэдэнд Миний цайллагын амттануудыг амсах сонирхол байдаггүй; тэд алс хол явахаар торноосоо ниссэн бяцхан шувуу шиг байдаг. Ийм төрлийн хөгшин, залуу хүмүүс яаж Надад хэрэгтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс эш татав

Тайлбар:

а. Ханхао шувууны түүх нь шоргоолж, царцаа хоёрын тухай Эзопын ёгт үлгэртэй тун адилхан. Ханхао шувуу өөрийн хөрш, алаг шаазгайн олон удаагийн анхааруулгыг үл харгалзан, цаг агаар дулаахан байх зуур үүрээ барихын оронд унтахыг илүүд үздэг. Өвөл болоход уг шувуу хөлдөж үхдэг.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 345

Хэдийгээр залуу хүмүүс та нар бүгд залуу арслан шиг байдаг боловч зүрх сэтгэлд чинь үнэн зам байх нь ховорхон. Залуу нас чинь та нарт Миний ажлаас илүү ихийг хүртэх эрх олгодоггүй; эсрэгээрээ та нар үргэлж Миний зэвүүцлийг өдөөдөг. Хэдий та нар залуу ч гэсэн та нарт эрч хүч, эсвэл хүсэл эрмэлзэл дутагддаг, та нар ирээдүйнхээ талаар үргэлж булзамтгай байдаг; та нар хайхрамжгүй агаад бодлогоширсон мэт байдаг. Залуу хүмүүст байх учиртай эрч хүч, туйлын хүслэн болон үзэл бодлыг та нараас яавч олж чадахгүй гэж хэлж болно; иймэрхүү залуу хүмүүс та нар байр суурьгүй, зөв буруу, сайн муу, сайхан муухайг ялгах ямар ч чадваргүй байдаг. Та нараас ямар ч шинэхэн хэсэг олох боломжгүй. Та нар бараг бүхэлдээ хуучинсаг бөгөөд ийм төрлийн залуу хүмүүс та нар ч бас олныг дагаж, бодлогогүй байж сурсан. Та нар зөвийг буруугаас илт салгаж хэзээ ч чаддаггүй, үнэн худлыг ялгаж чаддаггүй, өндөр ур чадварын төлөө хэзээ ч чармайдаггүй, мөн юу зөв, юу буруу, юу үнэн, юу хуурамч болохыг ч хэлж чаддаггүй. Та нарт хөгшин хүмүүст байдгаас ч их, илүү ноцтой шашны таагүй үнэр байдаг. Та нар бүр биеэ тоосон, бодлогогүй, өрсөлдөөнтэй бөгөөд түрэмгийлэлд дурладаг чинь маш их—ийм төрлийн залуу хүн яаж үнэнийг эзэмшиж чадах юм бэ? Үзэл бодлоо хадгалж чаддаггүй хүн яаж гэрчлэлд зогсож чадах юм бэ? Зөв, бурууг ялгах чадваргүй хүнийг яаж залуу хүн гэж нэрлэж болох юм бэ? Залуу хүний эрч хүч, цог золбоо, шинэлэг, тайван, туйлбартай зан байхгүй хүнийг яаж Миний дагалдагч гэж нэрлэж болох юм бэ? Ямар ч үнэнгүй, шударга ёсны мэдрэмжгүй мөртөө тоглож, тэмцэлдэх дуртай хүн яаж Миний гэрчлэгч байх эрхтэй байх юм бэ? Хууран мэхлэлт болон бусдыг ялгаварлах үзлээр дүүрэн нүд бол залуу хүмүүст байх ёстой зүйл биш бөгөөд залуу хүмүүс хор хөнөөлтэй, олиггүй үйл үйлдэх ёсгүй. Тэд туйлын хүслэн, тэмүүлэл болон өөрсдийгөө сайжруулах оргилуун хүсэлгүй байх ёсгүй; тэд өөрсдийн хэтийн ирээдүйн талаар зориг алдрах ёсгүй, мөн амьдралд итгэл найдвараа алдаж, ирээдүйд итгэх итгэлээ алдах ч ёсгүй; тэд бүхий л амьдралаа Миний төлөө зарлагадах хүслээ биелүүлэхийн тулд одоо сонгосон үнэний замаар үргэлжлүүлэх тэвчээртэй байх ёстой. Тэд үнэнгүйгээр байх ёсгүй, хуурамч дүр, шударга бус байдлыг ч өвөрлөх ёсгүй—харин зүй зохистой үзэл бодолдоо бат зогсох учиртай. Тэд зүгээр л урсгал даган хөвөх ёсгүй, харин шударга ёс болон үнэний төлөө золиос гаргаж, тэмцэж зүрхлэх цог золбоотой байх ёстой. Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд автахгүй байж, оршин тогтнолынхоо ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой. Залуу хүмүүс гай зовлонд буулт хийх ёсгүй, харин ах эгч нараа уучлах сэтгэлтэйгээр илэн далангүй, эрс шулуун байх ёстой. Мэдээж эдгээр нь хүн бүрд тавих Миний шаардлага, мөн хүн болгонд өгөх Миний зөвлөгөө юм. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь бүх залуу хүнд хэлэх тайвшруулсан үг минь юм. Та нар Миний үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа залуу хүмүүс асуудлыг ялган таних, шударга ёс болон үнэнийг эрж хайх шийдвэргүй байж болохгүй. Та нар сайн сайхан бүх зүйлийг эрэлхийлэх ёстой бөгөөд бүх эерэг зүйлийн бодит байдлыг олж авах ёстой. Та нар амьдралдаа хариуцлагатай байх ёстой ба үүнийг хөнгөхнөөр авч үзэх ёсгүй. Хүмүүс газар дэлхийд ирээд Надтай учрах нь ховорхон, үнэнийг эрж хайж, олж авах боломжтой байх нь ч бас хомсхон. Яагаад та нар энэ сайхан цаг хугацааг энэ амьдралд эрэлхийлэх зөв зам хэмээн эрхэмлэдэггүй юм бэ? Яагаад та нар үнэн болон шударга ёсыг үргэлж үл тоомсорлодог юм бэ? Хүмүүсээр тоглодог тэрхүү шударга бус байдал болон бузар заваан байдлын төлөө яагаад та нар өөрсдийгөө үргэлж гишгэлэн, сүйтгэж байдаг юм бэ? Яагаад та нар, шударга бусчуудын хийдэг зүйлд оролцдог тэр хөгшин хүмүүс шиг авирладаг юм бэ? Яагаад та нар хуучин зүйлсийн хуучин арга замыг дуурайдаг юм бэ? Та нарын амьдрал шударга ёс, үнэн, ариун байдлаар дүүрэн байх ёстой; ийм залуу насанд амьдрал чинь тун доройтмол байж, чамайг Үхэгсдийн орон руу хөтлөх ёсгүй. Энэ нь асар золгүй байна гэдгийг та нар мэдрэхгүй байна гэж үү? Энэ нь асар шударга бус байна гэдгийг мэдрэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 346

Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлж чадахгүй ба ичгүүр гутамшигт автана. Тэр үед чи Бурханд маш их өртэйгөө, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи өнөөдөр Бурханыг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байна—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлан өгөхдөө юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи яг одоо эрэл хайгуулдаа шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд яг ямар ашиг тустай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, энэ бохир заваан газарт, шавар шавхайд бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүмүүс Сатанаар завхруулагдаж, нэг нэгнийхээ эсрэг явуулга хийж, нэг нэгнээ уландаа гишгэлж, Бурханаас эмээхээ больсон. Тэдний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь дэндүү олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг цэвэрлэх боломжгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил Сүнсний хийдэг зүйлийн дагуу явагддаг. Өнөөдөр, хэрвээ энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш мунхаг бөгөөд маш ихийг алджээ! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг бусад хүмүүс үнэн болон амийг олж авч чаддаг байхад чиний итгэл Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй. Харин ч чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон; мөн Сатаны тоглоом тохуу болж, Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш, харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрэлхийлдэггүй бол “Тэр үед би яагаад Бурханыг зохих ёсоор дагаж, зохих ёсоор хангалуун байлгаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьсонгүй вэ? Тухайн үед Бурханд захирагдаж чадаагүйдээ, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ би үнэхээр харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрэлхийлж чадаагүй юм бол оо? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 347

Махан бие, тансаглах хүсэл, шунал, хүсэл тачаал чинь та нарын дотор хэтэрхий гүн суусан байдаг. Эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь цаг ямагт хянаж байдаг болохоор энэхүү үеэ өнгөрөөсөн, дорой бодлынхоо дөнгийг хөсөр хаяхад та нар хүчин мөхөстдөг. Та нар одоогийн нөхцөл байдлаа өөрчилье гэж ч эрмэлздэггүй, харанхуйн нөлөөнөөс зугтъя гэж ч эрмэлздэггүй. Та нар зүгээр л эдгээр зүйлд хүлэгдсэн байдаг. Та нар ийм амьдрал хэтэрхий зовлонтой, энэ хүний ертөнц хэтэрхий харанхуй гэдгийг мэддэг ч гэсэн амьдралаа өөрчлөх зориг зүрх хэнд чинь ч байдаггүй. Та нар ийм төрлийн бодит амьдралаас зугтаж, сүнсээ ариусгалын ертөнцөөс чөлөөлж, амар амгалан, аз жаргалтай, диваажин мэт орчинд амьдрахыг л хүсэн тэмүүлдэг. Та нар одоогийнхоо амьдралыг өөрчлөхийн тулд хүндрэл бэрхшээл амсах хүсэлгүй байдаг; мөн энэ шүүлт, гэсгээлт дотроос өөрсдийн орох ёстой амьдралыг хайхыг ч хүсдэггүй. Үүний оронд та нар махан биеэс давсан үзэсгэлэнт дэлхий ертөнцийн тухай бодит байдлаас хол тасарсан мөрөөдлийг мөрөөддөг. Та нарын хүсэн тэмүүлдэг амьдрал бол ямар ч зовлон шаналал туулалгүй, амархан олж авч чадах амьдрал юм. Энэ чинь тэр аяараа бодит байдлаас тасархай! Учир нь та нарын хүсэж найддаг зүйл бол махан биед утга учиртай амьдралыг амьдран харуулж, амьдрах хугацаандаа үнэнийг олж авах биш, өөрөөр хэлбэл, үнэний төлөө амьдарч, шударга ёсны төлөө зогсох явдал биш юм. Энэ нь та нарын гэгээлэг, өнгө жавхаатай гэж тооцдог амьдрал биш. Энэ нь та нарт тансаг хээнцэр, утга учиртай амьдрал юм шиг санагддаггүй. Та нарын нүдэнд бол, ийм амьдралаар амьдрах нь шударга бус мэт санагдана! Хэдийгээр өнөөдөр та нар энэ гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөг ч, эрэлхийлж байгаа зүйл чинь үнэнийг олж авах биш, одоо цагтаа үнэнийг амьдран харуулах ч биш, харин хожим нь махан биеэс ангид аз жаргалтай амьдралд орж чадахын төлөө байдаг. Та нар үнэнийг эрж хайхгүй байна, үнэний төлөө зогсохгүй байна, бас яавч үнэний төлөө оршихгүй байна. Та нар өнөөдрийн оролтыг эрэлхийлдэггүй, оронд нь ирээдүйн талаар, тэр нэг өдөр ямар байх талаар байнга бодож, хөх тэнгэрийг ширтэн, гашуун нулимс урсгаж, нэг л өдөр тэнгэрт хүргүүлэхээ хүлээж байдаг. Ийм бодол чинь аль хэдийн бодит байдлаас тасарсан гэдгийг та нар ойлгохгүй байна уу? Энэ дэлхий дээр бэрхшээл, зовлон туулсан чамайг авч явахаар цаглашгүй сайхан сэтгэлт, энэрэнгүй Аврагч нэг л өдөр гарцаагүй ирнэ, мөн Тэр хохирч, дарлагдсан чиний өшөөг эргэлзээгүй авна гэж чи бодсоор л байдаг. Чи нүгэл хилэнцээр дүүрэн биш гэж үү? Чи энэ дэлхий дээр зовж шаналсан цорын ганц хүн гэж үү? Чи өөрөө л Сатаны эзэмшилд унаж зовсон—Бурхан үнэхээр өшөөг чинь авч өгөх хэрэгтэй гэж үү? Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй хүмүүс бүгд Бурханы дайсан биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бол антихристүүд биш гэж үү? Сайн үйл хэрэг чинь юуны төлөө байдаг вэ? Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөдөг зүрх сэтгэлийг чинь орлож чадах уу? Чи зүгээр л зарим нэг сайн үйл хийснээр Бурханы ерөөлийг хүртэж чадахгүй, чамайг хохирч, дарлагдсан гээд л Бурхан чиний эсрэг буруу зүйлсийн өшөөг авч өгөхгүй. Бурханд итгэдэг атлаа Бурханыг мэддэггүй, гэхдээ сайн үйл хийдэг хүмүүс—тэд бүгд бас гэсгээгддэггүй гэж үү? Чи ердөө л Бурханд итгэж, өөрийн чинь эсрэг хийсэн буруу үйлийн өшөөг авхуулах, цагаатгуулах төдийхнийг л Бурханаас хүсэж, Бурхан чамайг гаслангаас чинь ангижруулаасай гэж хүсдэг. Гэвч чи үнэнд анхаарал хандуулахаас татгалздаг; үнэнийг амьдран харуулахыг ч хүсдэггүй. Энэ хэцүү бэрх, хоосон амьдралаас зайлсхийж бүр ч чаддаггүй. Оронд нь чи махан бие дэх, нүгэлт амьдралаараа амьдрангаа Бурхан руу гомдлыг минь барагдуулж, оршин тогтнолын минь мананг сарниулаач гэсэн горьдсон харцаар харж байдаг. Гэхдээ энэ боломжтой гэж үү? Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж чадна. Хэрвээ чи амьдран харуулдаг бол Бурханы үгийн илрэл байж чадна. Хэрвээ чи амьтай бол Бурханы ерөөлийг эдэлж чадна. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Бурхан өөрсдийгөө л хайрладаг, Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг бус, харин бүхий л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, бэрхшээл, зовлон туулдаг хүмүүсийг гарцаагүй цагаатгадаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүст сайн сайхан зүйл хаанаас байх билээ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал хоёр нь зөвхөн үнэнтэй хамааралтай яригдах асуудал биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаггүй гэж үү? Үнэнийг хайрладаггүй, илжирсэн цогцос төдий хүмүүс—энэ бүх хүн ёрын мууг өвөрлөдөг биш гэж үү? Үнэнийг амьдран харуулах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү? Тэгвэл та нар ямар вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 348

Хүнийг удирдах нь үргэлж Миний үүрэг байж ирсэн. Түүнчлэн хүнийг байлдан дагуулах нь дэлхийг бүтээж байхдаа Миний тогтоосон зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би хүнийг бүрэн байлдан дагуулна, хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийг байлдан дагуулах нь Сатаныг ялсны минь нотолгоо гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магад. Гэвч Сатаны барьж авч, үр хүүхдээ болгосон, гэрийг нь харж ханддаг үнэнч зарцаа болгосон хүмүүсийг Би байлдан дагуулна гэдгээ Өөрийн дайсантай тулаанд орох үедээ түүнд аль эрт хэлсэн билээ. Байлдан дагуулахын анхдагч утга нь ялан дийлж, доог тохуу болгох юм. Израиль хэлэнд энэ нь бүрмөсөн ялж, сүйрүүлнэ, Намайг дахин эсэргүүцэх чадваргүй болгоно гэсэн утгатай. Гэвч өнөөдөр та нарын дунд бол байлдан дагуулах гэсэн утгаар хэрэглэгддэг. Миний ажлыг саатуулж, үймүүлж чадах нь байтугай, дахин Намайг эсэргүүцэх чадваргүй болтол нь хүн төрөлхтний ёрын муу нэгнийг бүрэн устгаж, бут цохих нь цаг ямагт Миний санаа зорилго байж ирсэн гэдгийг та нар мэдэх учиртай. Иймээс хүний хувьд энэ үг нь байлдан дагуулах гэсэн утгатай болсон билээ. Энэ нэр томьёо ямар ч утгатай байлаа гэсэн Миний ажил бол хүн төрөлхтнийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн Миний удирдлагад хавсралт болдог нь үнэн ч нарийндаа бол тэд Миний дайсан гэдэг нь яриангүй. Хүн төрөлхтөн бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муу нэгэн. Хүн төрөлхтөн бол чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүн төрөлхтөн бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн хойч үе. Хүн төрөлхтөн бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа. Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ? Сатаны хөлд эртнээс дэвслүүлсэн хүн төрөлхтөн анхнаасаа л Сатаны дүрд орсон жүжигчин байсан—хамгийн гол нь хүн төрөлхтөн Сатаны биелэл бөгөөд Сатанд гэрчлэл хийгч нотолгооны үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой. Ийм хүн төрөлхтөн, гажуудсан бөөн шаар шавхруу, хүний энэ завхарсан гэр бүлийн үр удам Бурханд гэрчлэл хийж яахан чадах билээ? Миний суу алдар хаанаас ирдэг вэ? Миний гэрчлэлийг хүн хаанаас нь ярьж эхэлж болох вэ? Учир нь хүн төрөлхтнийг аль эрт завхруулсан Миний дайсан, эрт үед бүтээж алдар суу, амьдран харуулалтаараа дүүргэсэн хүмүүсийг минь аль эрт авч бузарлачхаад Миний эсрэг зогсож байна. Алдар сууг минь булааж, Сатаны муу муухай, мөн сайн, мууг мэдүүлэгч модны жимсний шүүсийг ихэд хольсон хорыг л хүнд шингээжээ. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн; хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг бүтээсэн. Түүнд бие хаа, дүр төрх заяагдаж, тэрээр ид хав, амин чанараар бялхаж, Бурханы алдар суу түүнийг дагалдсан билээ. Бурхан хүнийг бүтээсэн алдар суут өдөр энэ байлаа. Дараа нь Адамын биеэс Еваг бүтээсэн нь мөн л хүний өвөг дээдэс байсан, улмаар бүтээсэн хүмүүс минь Миний амьсгалаар дүүрч, суу алдраар минь бялхаж байсан билээ. Адам анх гараас минь мэндэлсэн бөгөөд Миний дүрийн төлөөлөл байсан юм. Иймээс “Адам” гэдэг нь анхандаа Миний амин эрч хүч, алдар сууг шингээсэн, бие, дүртэй, сүнс болон амьсгалтай, Миний бүтээсэн оршихуй хэмээх утгатай байв. Тэр Намайг төлөөлж, Миний дүрийг авч, амьсгалыг минь хүртэх чадвартай, сүнс бүхий цорын ганц бүтээгдсэн зүйл байсан юм. Эхэндээ Ева Миний бүтээхээр тогтоосон, амьсгалыг хүртсэн хоёр дахь хүн байсан тул “Ева” гэдэг уг нь Миний амин чанараар дүүрэн, алдар сууг минь хүртсэн, алдрыг минь үргэлжлүүлэх бүтээгдсэн зүйл гэсэн утгатай байлаа. Адамаас гарсан тул Ева мөн л Миний дүртэй байсан, учир нь тэр Миний дүрээр бүтсэн хоёр дахь хүн билээ. “Ева” гэдэг нь анхандаа сүнс, мах, яснаас бүтсэн амьд хүн, мөн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь гэрчлэл төдийгүй хоёр дахь дүр гэсэн утгатай байв. Тэд хүн төрөлхтний өвөг дээдэс, хүний ариун нандин эрдэнэс, анхнаасаа сүнстэй хүмүүс байсан юм. Гэвч хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг ёрын муу нэгэн дэвсэлж, эрхэндээ оруулж, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулж, улмаар тэднийг Миний оршин тогтнолд итгэхээргүй болгожээ. Бүр ч жигшүүртэй нь, ёрын муу нэгэн хүмүүсийг завхруулж, бүгдийнх нь дээр дэвсэлж байхдаа тэдэнд хайрласан алдар суу, гэрчлэл, амин чанар, тэдэнд өгсөн амьсгал, амь, мөн хүний ертөнц дэх бүх алдар суу, хүн төрөлхтөнд зарлагадсан амьдралын бүх эх булгийг минь харгисаар булаан авч байна. Хүн төрөлхтөн гэрэлд байхаа больж, хүмүүс Миний олгосон бүх зүйлийг алдсан бөгөөд Миний өгсөн алдар сууг хөсөр хаяжээ. Бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг минь тэд яахан хүлээн зөвшөөрч чадах билээ? Тэнгэр дэх оршин тогтнолд минь яаж итгэсээр байх билээ? Газар дээрх алдрын минь илэрхийллийг тэд яаж олж чадах билээ? Өвөг дээдэс нь хүндэлдэг байсан Бурханыг энэ ач зээ нар өөрсдийг нь бүтээсэн Эзэн хэмээн хүлээн авч яахан чадах билээ? Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр, гэрчлэл, мөн хүн төрөлхтний оршин тогтнолыг тэтгэдэг Миний олгосон амийг хөөрхийлөлтэй энэ ач зээ нар ёрын муу нэгэнд өгөөмрөөр “бэлэглэсэн”; ёрын муу нэгний дэргэд байгаагаа огт хайхралгүй, бүх алдар сууг минь түүнд өгдөг. “Шаар шавхруу” гэх нэр томьёо үүнээс л үүдэлтэй бус уу? Ийм хүн төрөлхтөн, ёрын муу чөтгөрүүд, алхаж яваа үхдэлүүд, Сатаны дүрүүд, Миний дайснууд алдар сууг минь эзэмшиж яахан чадах билээ? Хүмүүсийн дунд оршдог алдар суу, гэрчлэл болон нэгэн цагт бүгд Минийх байгаад эрт цагт хүмүүст өгсөн бүхнээ Би эргүүлэн олж авна—хүн төрөлхтнийг Би бүрэн байлдан дагуулна. Гэвч бүтээсэн хүмүүс минь Миний дүр, алдар суу бүхий ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх учиртай. Тэд Сатаных байгаагүй, түүнд дэвслүүлж ч яваагүй, Сатаны хорын өчүүхэн ч ул мөргүй, гагцхүү Миний илэрхийлэл байлаа. Иймээс Би Өөрийн гараар бүтээсэн зүйл, өөр этгээдийн харьяа бус, Өөрийн хайрладаг ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа хүн төрөлхтөнд хэлдэг. Түүнчлэн Би тэднийг таашааж, Өөрийн алдар суу хэмээн тооцно. Харин Сатаны завхралд өртөөд өнөөдөр Сатанд харьяалагдаж, Миний анхдагч бүтээл байхаа больсон хүн төрөлхтнийг Би хүсдэггүй. Хүний ертөнцөд буй алдар суугаа эргүүлэн олж авахыг Би зорьж буй тул Сатаныг ялсан алдрынхаа нотолгоо болгон хүн төрөлхтний дундаас амьд үлдэгсдийг бүрэн байлдан дагуулна. Гэрчлэлээ л Би Өөрийн биежилт, Өөрийн таашаалын бай болгодог. Миний хүсэл энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 349

Хүн төрөлхтөн өнөөдөр байгаа газартаа хүрэхэд олон түмэн жил шаардагдсан авч анх Миний бүтээсэн хүн төрөлхтөн аль эрт доройтолд оржээ. Хүн төрөлхтөн Миний хүсдэг хүн төрөлхтөн байхаа больсон тул Миний нүдээр бол хүн төрөлхтөн хэмээн нэрлэгдэх эрхгүй болсон. Харин ч тэд Сатаны олзолсон хүн төрөлхтний хог шаар, Сатанд бариулж, нөмрөх хувцас нь болсон илжирсэн амьд хүүр билээ. Хүмүүс Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирж байхад ч угтан авдаггүй. Хүсэлтэд минь дурамжхан хариу үзүүлж, түр зуур буулт хийхээс биш амьдралын баяр гунигийг чин сэтгэлээсээ Надтай хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгохын аргагүй гэж үздэг тул дурамжхан инээмсэглэж, эрх мэдэлтэнд тал засаж буй хандлагатай байдаг, учир нь хүмүүс Миний ажлыг огт мэддэггүй, өнөө үе дэх Миний хүслийг бүр ч мэддэггүй. Би та нартай илэн далангүй байя: Цаг нь ирэхээр Намайг шүтэн мөргөдөг хэн бүхний зовлон та нарынхыг бодвол тэвчихэд амар байх болно. Надад итгэх итгэлийн чинь хэмжээ үнэндээ Иовынхоос давдаггүй, иудейн фарисайчуудын итгэл ч та нарынхаас илүү байдаг тул галын өдөр ирэхэд та нарын зовлон Есүст зэмлүүлсэн фарисайчууд, Мосег эсэргүүцсэн 250 удирдагч, дүрэлзэх галд сүйрсэн Содомын зовлонгоос ч хүнд байх болно. Мосе хадыг цохиход Еховагийн хайрласан ус оргилсон нь түүний итгэлээс үүдэлтэй. Давид Ехова Намайг магтан лир хөгжим хөгжимдөж, зүрх сэтгэл нь баяр баяслаар дүүрдэг байсан нь түүний итгэлээс үүдэлтэй. Иов уул толгодыг бүрхсэн мал сүрэг, асар их эд хөрөнгөө алдан, бие нь яр шарханд баригдсан нь түүний итгэлээс үүдсэн. Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдар сууг харж чадсан нь ч түүний итгэлээс үүдэлтэй. Есүс Христийг Петр дагаж чадсан нь түүний итгэлээс улбаатай. Миний төлөө загалмайд цовдлогдож, алдар суут гэрчлэл хийж чадсан нь ч түүний итгэлээс улбаатай. Хүний Хүүгийн алдар суут дүрийг Иохан харсан нь түүний итгэлээс улбаатай. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харсан нь түүний итгэлээс бүр ч их улбаатай. Харь үндэстний гэгдэх үй олон хүн Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд ажлаа хийхээр махбодод эргэн ирсэн гэдгийг минь олж мэдсэн нь ч бас тэдний итгэлээс үүдэлтэй. Хатуу үгэнд минь цохиулдаг атлаа тэдгээрээс үүдэн тайтгарч, аврагддаг бүх хүн ч бас итгэлээсээ болж тэгдэг бус уу? Надад итгэдэг атлаа бэрхшээл туулдаг хүмүүс ертөнцөд мөн л гологдсон бус уу? Миний үгийн гадна амьдарч, шалгалтад зовохоос зайлсхийдэг хүмүүс бүгд ертөнцөд туугдаж яваа бус уу? Энд тэнд найгах намрын навчис адил тэдэнд, тайтгаруулсан үг минь бүү хэл амрах газар ч үгүй. Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч тэд газраас газарт туугдаж, тэнгэрийн хаанчлалын гаднах гудмаар тэнэж яваа гуйлгачид бус уу? Ертөнц үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээр чи ертөнцөөс баяслын багахан ч болов инээмсэглэл олж авч үнэхээр чадна гэж үү? Зүрх сэтгэл дэх илэрхий хоосролоо зуурдын баяслаар далдалж үнэхээр чадах уу? Гэр бүлийнхнээ бүгдийг нь хуурч болох ч гэлээ Намайг чи хэзээ ч хуурч чадахгүй. Итгэл чинь дэндүү хомс тул өнөөг хүртэл чи амьдралаас ямар ч баяр баясал олж авахад хүчин мөхөстлөө. Амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулах нь дутуу дулимаг, ажилд нухлуулсан байдалтайгаар махан биеийн төлөө бүхий л амьдралаа үрж, хүн үүрч бараг чадахааргүй бүх зовлонг туулснаас дээр гэж чамайг Би шавдуулъя. Өөрийгөө тэгтлээ нандигнаж, Миний гэсгээлтээс зугтах ямар хэрэг байна? Зуурдын гэсгээлтээс минь нуугдаад гагцхүү мөнхийн ичгүүр, мөнхийн гэсгээлтэд унах ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ Би Өөрийн хүслийг хэнд ч тулгадаггүй. Бүх төлөвлөгөөнд минь захирагдахад үнэхээр бэлэн хүн байвал түүнд Би муухай хандахгүй. Харин Иов Ехова Надад итгэдэг байсны адилаар бүх хүн Надад итгэхийг Би шаарддаг. Итгэл чинь Томасын итгэлээс давбал та нар сайшаалыг минь хүртэж, үнэнч байснаараа та нар жаргалыг минь олж, өөрсдийн цаг үед Миний алдар сууг гарцаагүй олно. Харин дэлхий ертөнцөд итгэж, диаволд итгэдэг хүмүүс яг л Содом хотын олон түмний адилаар зүрх сэтгэл нь цэвдэг болж, салхинд хийссэн элс нүдэнд нь орж, диаволын тахил аманд нь орж, балартсан оюун ухаан нь ертөнцийг булаан авсан ёрын муу нэгэнд аль эрт эзэмдүүлсэн байдаг. Тэдний бодол бараг тэр чигтээ эрт үеийн диаволд олзлуулсан. Иймээс хүн төрөлхтний итгэл салхинд хийсэж, Миний ажлыг анзаарах ч чадваргүй байдаг. Тэд ажилд минь хааш яаш хандаж, ширүүн дориунаар шинжлэх гэж үлгэн салган оролдохоос цаашгүй байдаг бөгөөд Сатаны хоронд аль эрт эзэмдүүлснээс нь энэ үүдэлтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 350

Хүмүүс Надаар бүтээгдэж, бүтээлийн минь арвин объектыг бүгдийг нь эдэлсэн тул хүн төрөлхтнийг Би байлдан дагуулна. Гэвч хүмүүс бас Намайг голсон; тэдний зүрх сэтгэлд Би байдаггүй, тэд Намайг оршин тогтнолынх нь садаа гэж үзээд, Намайг үнэхээр харсан атлаа мөн л голж, Намайг ялж болох бүх аргыг сэдэхээр тархиа гашилгадаг. Хүмүүс өөрсдөд нь нухацтай хандах, хатуу шаардлага тавихыг Надад зөвшөөрдөггүй, мөн зөв шударга бус байдлыг нь шүүж, гэсгээх боломж олгодоггүй. Тэд үүнийг сонирхох нь байтугай яршигтай гэж үздэг. Иймд Надаас идэж, ууж, найрладаг атлаа Намайг мэддэггүй хүн төрөлхтнийг авч, ялан дийлэх нь Миний ажил юм. Би хүн төрөлхтнийг аюулгүй болгоод, дараа нь Өөрийн тэнгэрэлчүүд, алдар сууг авч оршин суудаг газартаа буцна. Учир нь хүмүүсийн үйлдэл эртнээс сэтгэлийг минь шархлуулж, ажлыг минь хэдэн хэсэг нураасан юм. Би баяртайгаар алхан одохоосоо өмнө ёрын муу нэгний булаасан суу алдрыг буцаан олж аваад, хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн амьдрах, “амар тайван, сэтгэл хангалуун амьдарч, ажиллах”, “тариалангийн талбайгаа хагалах” боломж олгохоор зорьдог бөгөөд тэдний амьдралд дахин оролцохгүй. Харин Би одоо ёрын муу нэгний гараас алдар суугаа бүрмөсөн буцаан олж авч, дэлхийг бүтээхдээ хүнд хайрласан алдар суугаа бүхэлд нь эргүүлэн авахаар зорьж байна. Газар дэлхий дээрх хүн төрөлхтөнд Би алдар суугаа дахин хэзээ ч хайрлахгүй. Учир нь хүмүүс алдар сууг минь хадгалж чадаагүйн дээр Сатаны дүрээр үүнийг сольсон. Хүмүүс Миний ирэхийг нандигнадаггүй, мөн Миний алдрын өдрийг ч өндрөөр үнэлдэггүй. Миний гэсгээлтийг хүртээд баярладаггүй, алдар сууг минь эргүүлэн өгөхийг бүр ч хүсдэггүй, ёрын муу нэгний хороос ангижрахыг ч хүсдэггүй. Хүн төрөлхтөн өнөөх л янзаараа Намайг хуурсан хэвээр, хүмүүс урьдын адил баяртайгаар инээмсэглэж, жаргалтай царайлсан хэвээр. Миний алдар суу орхин одсоны дараа хүн төрөлхтөнд нүүрлэх түнэр харанхуйн гүн гүнзгийг тэд мэддэггүй. Ялангуяа, Миний өдөр бүх хүн төрөлхтөн дээр ирэхдээ Ноагийн үеийн хүмүүсийнхээс ч илүү хатуурхахыг мэддэггүй, учир нь Миний алдар суу Израилийг орхих үед Израиль хэчнээн их харанхуйлсныг тэд мэддэггүй бөгөөд түнэр харанхуй шөнийг даван туулах ямар хэцүүг үүр цайх үед хүн мартдаг билээ. Нар дахин далд орж, хүн төрөлхтнийг харанхуй нөмрөх үед харанхуйд хүн дахин уйлж, шүдээ хавирна. Миний алдар суу Израилийг орхих үед зовлонт тэр өдрүүдийг тэсвэрлэх нь израильчуудад хэчнээн хэцүү байсныг та нар мартав уу? Одоо үе бол та нар Миний алдар сууг харах үе, мөн Миний алдрын өдрийг хуваалцах үе билээ. Миний алдар суу бузар булай газар нутгийг орхин одоход хүн харанхуйд уйлна. Одоо үе бол Миний ажиллах алдрын өдөр, мөн хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх өдөр, учир нь Би шаналан, гай зовлонгийн цаг үеийг тэдэнтэй хуваалцахгүй. Харин хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний ёрын муу нэгнийг бүрэн ялахыг л хүснэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 351

Дагалдагчаа болгохын тулд Би газар дэлхий дээр олон хүнийг хайсан. Энэ бүх дагалдагч дунд тахилчид, удирдагчид, Бурханы хөвгүүд, Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлдэг хүмүүс бий. Надад үзүүлдэг үнэнч байдалд нь үндэслэн би тэднийг ангилдаг. Бүгд төрлөөрөө ангилагдах үед, өөрөөр хэлбэл, төрөл бүрийн хүний уг чанар тодорхой болох үед Би хүн төрөлхтнийг аврах зорилгодоо хүрэхийн тулд хүн болгоныг зөв ангилалд нь тоолж, тус бүрийг нь тохирох газарт нь тавина. Би аврахыг хүссэн хүмүүсээ бүлэг бүлгээр нь Өөрийн гэрт дуудаж, дараа нь эцсийн өдрүүдийн ажлаа тэднээр бүгдээр нь хүлээн авхуулдаг. Үүний зэрэгцээ, Би тэднийг төрлөөр нь ангилж, дараа нь үйлдэлд нь үндэслээд хүн бүрийг шагнах юм уу шийтгэдэг. Энэ бол Миний ажлыг бүрдүүлдэг алхмууд юм.

Өнөөдөр Би газар дээр, хүмүүсийн дунд амьдардаг. Хүмүүс Миний ажлыг туулж, Миний айлдварыг хардаг, үүний сацуу Би дагалдагч бүрдээ бүх үнэнийг хайрласнаар тэд Надаас амийг хүлээн авч, улмаар өөрсдийн алхах замыг олж авч болох юм. Учир нь Би бол Бурхан, амь Өгөгч билээ. Олон жилийн ажлын маань туршид хүмүүс ихийг олж авч, ихийг хаясан мөртөө Надад үнэхээр итгэдэггүй гэж Би одоо ч хэлдэг. Учир нь хүмүүс Бурхан гэдгийг минь амаараа л хүлээн зөвшөөрдөг боловч Миний хэлдэг үнэнтэй санал нийлдэггүй, түүнчлэн тэднээс Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс үнэний оршин тогтнолыг бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс амийн оршин тогтнолыг бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс Бурханы мөн чанарыг бус, нэрийг нь л хүлээн зөвшөөрдөг. Би зүтгэлийнх нь төлөө, Намайг мэхлэхийн тулд сайхан сонсогдох үгийг л ашигладгийнх нь төлөө тэднийг жигшдэг; тэдний хэн нь ч Намайг үнэхээр шүтэн мөргөдөггүй. Та нарын үг могойн уруу таталтыг агуулдаг; цаашлаад, тэдгээр нь туйлын ихэрхүү, тэргүүн тэнгэрэлчийн жинхэнэ тунхаглал. Түүнээс гадна, та нарын үйл хэрэг хөсөрдөж, гутамшигтай хэмжээнд хүртлээ салбайж муудсан; хэрээс хэтэрсэн хүсэл, шуналт санаа зорилго чинь сонсож тэвчимгүй байдаг. Та нар бүгд Миний гэрт цагаан эрвээхэй болж, зэвүүцэлтэйгээр хаягдах зүйл болсон. Та нарын хэн нь ч үнэнийг хайрладаггүй; харин ч ерөөгдөж, тэнгэр өөд гарч, Христ газар дэлхий дээр эрх мэдэл эзэмших гайхамшигт үзэгдлийг харахыг хүсдэг. Гэхдээ, маш гүн завхарсан, Бурхан гэж юу болохыг огт мэддэггүй та нар шиг хүн яаж Бурханыг дагахад тохирох билээ гэж та нар ер нь бодож байсан уу? Яаж тэнгэр өөд гарч чадах билээ? Ийм гайхамшигт дүр зургийг буюу урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант дүр зургийг харахад яаж тохирох билээ? Ам чинь хууран мэхлэлт, бузар булай, урван тэрслэлт, биеэ тоосон үгээр дүүрсэн байдаг. Та нар Надад чин сэтгэлийн үг, ариун үг, Миний үгийг туулснаар Надад захирагдсан үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Эцэст нь, та нарын итгэл ямар вэ? Та нарын зүрх сэтгэлд ердөө хүсэл, мөнгө л байдаг, оюун ухаанд чинь материаллаг зүйл л байдаг. Өдөр бүр Надаас ямар нэгэн зүйлийг яаж авахаа тооцоолдог. Өдөр бүр Надаас хэчнээн их эд баялаг, хэчнээн их материаллаг зүйл олж авснаа тоолдог. Өдөр бүр, илүү ихийг, илүү өндөр стандартыг эдлэхийн тулд та нар бүр ч их ерөөл өөрсөд дээр чинь бууж ирэхийг хүлээдэг. Хором бүрд та нарын бодол санаанд Би биш, Надаас ирдэг үнэн ч биш, харин та нарын нөхөр, эхнэр, хөвгүүд, охид болон идэж, өмсдөг эд зүйлс чинь байдаг. Та нар яаж бүр их, дээд зэргийн таашаал авч болох талаар л боддог. Гэвч гэдсээ хагартал чихсэн ч та нар цогцос хэвээр бус уу? Гаднаа үнэхээр сайхан хувцсаар өөрсдийгөө гоёсон ч гэсэн, алхаж яваа амьгүй цогцос хэвээр бус уу? Та нар ходоодныхоо төлөө үсээ бууралттал шаргуу ажилладаг ч, Миний ажлын төлөө ширхэг үс ч золиосолдоггүй. Та нар байнга завгүй байж, махан биеийнхээ төлөө, охид хөвгүүдийнхээ төлөө биеэ зүдрээж, тархиа гашилгадаг ч—нэг нь ч Миний хүслийн төлөө санаа зовниж, сэтгэл түгшдэггүй. Та нар Надаас юу олж авна гэж найдсаар байгаа юм бэ?

Ажиллаж байхдаа Би хэзээ ч яардаггүй. Хүмүүс Намайг хэрхэн дагаж байгааг үл харгалзан, ажлаа алхам бүрийн дагуу, төлөвлөгөөнийхөө дагуу хийдэг. Тиймээс Миний эсрэг бүх тэрслэлтийг чинь үл тоон Би тасралтгүй ажилласаар байгаа бөгөөд хэлэх ёстой үгээ үргэлжлүүлэн хэлсээр байдаг. Би Өөрийн үгийг сонсгох гэсэндээ урьдчилан тогтоосон хүмүүсээ Өөрийн гэрт дууддаг. Миний үгэнд захирагдаж, Миний үгийг хүсэн эрмэлздэг бүх хүнийг Би сэнтийнхээ өмнө авчирдаг; Миний үгээс нүүр буруулдаг, Намайг дуулгавартай дагадаггүй, Намайг илт эсэргүүцдэг бүх хүнд эцсийн шийтгэлийг нь хүлээлгэхээр нэг тийш хаядаг. Хүмүүс бүгд завхрал дунд, ёрын муу нэгний гар дор амьдардаг тул Намайг дагадаг хүмүүсээс цөөхөн нь үнэнийг хүсэмжилдэг. Өөрөөр хэлбэл, ихэнх нь Намайг үнэхээр шүтэн мөргөдөггүй; тэд Намайг үнэнтэй хамт шүтэн мөргөдөггүй, харин ов мэхтэй аргаар, завхрал, тэрслэлтээр дамжуулан Миний итгэлийг олж авахаар хичээдэг. Энэ шалтгааны улмаас Би ингэж хэлдэг: Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн. Дуудагддаг тэр хүмүүс гүнээ завхарсан бөгөөд бүгд нэгэн эрин үед амьдардаг—гэхдээ сонгогддог хүмүүс бол тэдний нэг хэсэг бөгөөд үнэнд итгэж, хүлээн зөвшөөрч, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс юм. Энэ хүмүүс бол нэг бүхлийн тун өчүүхэн хэсэг бөгөөд тэдний дундаас Би илүү их алдрыг хүлээн авна. Эдгээр үгтэй харьцуулаад сонгогдсон хүмүүсийн дунд байгаа эсэхээ та нар мэдэх үү? Та нарын төгсгөл ямар байх бол?

Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 352

Миний хэлсэнчлэн, Намайг дагадаг хүмүүс олон боловч Намайг үнэхээр хайрладаг нь цөөхөн. Магадгүй зарим нь “Хэрэв би Таныг хайрлаагүй бол ийм их төлөөс төлөх байсан гэж үү? Хэрэв Таныг хайрлаагүй бол энэ хүртэл дагах байсан гэж үү?” хэмээн хэлнэ. Мэдээж чамд олон шалтгаан байгаа, чиний хайр мэдээж тун их, гэхдээ Намайг гэх хайрын чинь мөн чанар юу вэ? “Хайр” гэж цэвэр, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг бөгөөд хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхад зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, хольц үгүй. Хэрэв чи хайрладаг бол мэхлэхгүй, гомдоллохгүй, урвахгүй, тэрслэхгүй, шалж шаардахгүй, эсвэл ямар нэг зүйлийг олж авахаар, тодорхой хэмжээгээр олж авахаар эрэлхийлэхгүй. Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж, гэр бүл, ирээдүй, залуу нас, гэрлэлтээ орхино. Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно! Чиний хайр ямар хайр вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл хуурамч уу? Чи хэр ихийг хаясан бэ? Чи хэр ихийг өргөн барьсан бэ? Чамаас Би хэр их хайр хүлээн авсан бэ? Чи мэдэх үү? Зүрх сэтгэл чинь ёрын муу, урвалт, хууран мэхлэлтээр дүүрэн байдаг—ийм байхад та нарын хайрын хэчнээн нь хольцтой байх вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэх хайр чинь аль хэдийн хангалттай гэж боддог. Тэгвэл үг, үйлдэл чинь яагаад үргэлж тэрслүү, хуурамч байдаг юм бэ? Та нар Намайг дагадаг мөртөө Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртөө хэн бэ гэдэгт минь тохируулж Надад ханддаггүй, цаг ямагт Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч бүх хэрэг явдал дээр Намайг хуурч, мэхлэхээр хичээдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг хэрнээ Надаас эмээдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг бүх талаар, бүх зүйл дээр эсэргүүцдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг зориулсан нь үнэн ч Миний шаарддаг зүйлийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Үүнийг хайр гэж үзэж болох уу? Хянуур тооцоолол нь, Намайг гэх хайрын өчүүхэн ч сэжүүр та нарын дотор байдаггүй гэдгийг харуулдаг. Маш олон жилийн ажил болон энэ бүх үгээр хангасны минь дараа та нар үнэндээ хэр ихийг олж авсан бэ? Өнгөрснөө анхааралтай харвал зохистой бус уу? Би та нарт анхааруулж байна: Миний Өөр лүүгээ дууддаг хүмүүс бол хэзээ ч завхарч байгаагүй хүмүүс биш; харин ч Миний сонгодог хүмүүс бол Намайг үнэхээр хайрладаг хүмүүс билээ. Тиймээс, та нар хэрээс хэтрүүлэхгүйн тулд үг, үйл хэрэгтээ сонор сэрэмжтэй байж, санаа зорилго, бодлоо шалгах ёстой. Эцсийн өдрүүдэд Миний өмнө хайраа өргөн барихын тулд чадах бүхнээ хий, Миний уур хилэн та нараас хэзээ ч холдохгүй байх вий!

Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 353

Өдөр бүр хүн болгоны үйл хэрэг болон бодлыг тэрхүү Нэгэний нүд харж ажиглаж байдаг, үүний зэрэгцээ тэдний маргаашийн төлөө бэлдэж байдаг. Энэ бол бүх амьд буй хүний алхах ёстой зам; энэ бол бүгдэд зориулж Миний урьдчилан тогтоосон зам бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй, бас хэнийг ч үүнээс ангид болгохгүй. Миний хэлсэн үг тоо томшгүй олон, цаашлаад Миний хийсэн ажил хэмжээлшгүй их. Хүн болгон хийх ёстой зүйлээ төрөлх уг чанар ба уг чанарынхаа хөгжлийн дагуу жам ёсоороо хэрэгжүүлж байгааг Би өдөр бүр ажигладаг. Олон хүн өөрийн мэдэлгүйгээр аль хэдийн “зөв замд” орсон бөгөөд энэ зөв замыг Би төрөл бүрийн хүнийг илчлэхийн тулд барьсан юм. Эдгээр төрөл бүрийн хүнийг Би аль хэдийн өөр өөр орчинд байрлуулсан бөгөөд тэд дор бүрнээ байгаа газраа төрөлх шинж чанараа илэрхийлсэн. Тэднийг хүлж баглах хэн ч байхгүй, тэднийг уруу татах хэн ч байхгүй. Тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг бөгөөд тэдний илэрхийлдэг зүйл аяндаа гарч ирдэг. Тэднийг хянадаг цорын ганц зүйл байдаг нь Миний үг юм. Иймээс зарим хүн үхлээс зайлсхийх гэсэндээ л Миний үгийг дуртай дургүй уншдаг боловч хэзээ ч хэрэгжүүлдэггүй; гэтэл зарим хүний хувьд өөрсдийг нь хангаж, залж чиглүүлэх Миний үг байхгүй бол өдөр хоногийг өнгөрөөх хэцүү байдаг, иймээс тэд угаасаа л Миний үгийг цаг үргэлж зуурч байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүний амьдралын нууц, хүн төрөлхтний хүрэх газар болон хүн байхын үнэ цэнийг олж нээдэг. Миний үгийн өмнө хүн төрөлхтний байгаа байдал ердөө л энэ бөгөөд Би хэрэг явдал бүхнийг зүгээр л жам ёсоор нь явуулдаг. Би үгийг минь оршин тогтнолынхоо үндэс болго гэж хүнийг албадсан ямар ч зүйл хийдэггүй. Иймд, хэзээ ч мөс чанартай байгаагүй, хэзээ ч үнэ цэнтэй оршин тогтнож байгаагүй хүмүүс аливаа зүйл хэрхэн өрнөхийг чимээгүйхэн ажиглаж байгаад дараа нь Миний үгийг зоримгоор хаяж, өөрсдийнхөө дураар аашилдаг. Тэд үнэнийг болон Надаас ирдэг бүхнийг жигшиж эхэлдэг. Түүнчлэн, Миний гэрт байхыг жигшдэг. Энэ хүмүүс үйлчлэл хийж байсан ч гэсэн хүрэх газрынхаа төлөө, мөн шийтгэлээс мултрахын тулд л Миний гэрт түр амьдардаг. Гэвч тэдний санаа зорилго, үйлдэл хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ нь тэдний ерөөл хүсэх хүслийг, мөн хаанчлалд нэг оронгуутаа тэндээ үүрд үлдэж, бүр мөнхийн диваажинд орох хүслийг нь бадраадаг. Миний өдрийг аль болох хурдан ирээсэй гэж хүсэх тусмаа тэд үнэнийг замд нь улам их саад, тээг болж байгааг мэдэрдэг. Тэд үнэнийг эрэлхийлэх юм уу шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүйгээр, хамгийн гол нь Миний гэрт бөхөлзөж, Миний тушааснаар хийх шаардлагагүйгээр тэнгэрийн хаанчлалын ерөөлийг үүрд эдлэхээр хаанчлалд хөл тавихаа тэсэн ядан хүлээж байдаг. Энэ хүмүүс Миний гэрт үнэнийг эрж хайх хүслээ хангах гэж ч ордоггүй, Миний удирдлагатай хамтран ажиллах гэж ч ордоггүй. Тэд зүгээр л ирж буй эрин үед устгагдахгүй байх хүмүүсийн нэг байхыг зорьдог. Иймээс тэдний зүрх сэтгэл үнэн гэж юу болох, үнэнийг яаж хүлээн зөвшөөрөхийг хэзээ ч мэдэж байгаагүй. Энэ хүмүүс үнэнийг хэрэгжүүлж үзээгүй, эсвэл ямар гүн ялзарсан гэдгээ ухамсарлаж байгаагүй мөртөө Миний гэрт “үйлчлэгч”-ийн дүрээр энэ бүх хугацаанд амьдарч байсны шалтгаан энэ юм. Тэд Миний өдөр ирэхийг “тэвчээртэйгээр” хүлээж, Миний ажлын хэв маягийн дагуу ийш тийш шидэгдэж байсан ч цуцдаггүй. Гэвч тэд хэчнээн их хүчин чармайлт гаргаж, ямар ч төлөөс төлсөн байсан хамаагүй, тэднийг үнэний төлөө зовж, Миний төлөө ямар нэгэн юм зориулж байсныг нь хэн ч хэзээ ч харж байгаагүй. Хуучин эрин үеийг төгсгөл болгох өдрийг минь тэд зүрх сэтгэлдээ хүлээж яддаг, түүнчлэн тэд Миний хүч чадал, эрх мэдэл хэр агуу болохыг мэдэхийг асар их хүсдэг. Тэдний хийх гэж хэзээ ч яарч байгаагүй зүйл бол өөрсдийгөө өөрчилж, үнэнийг эрэлхийлэх явдал юм. Тэд Миний залхдаг зүйлийг хайрлаж, Миний хайрладаг зүйлээс залхдаг. Тэд Миний үзэн яддаг зүйлийг хүсэмжилдэг ч Миний зэвүүцдэг зүйлийг алдахаас айдаг. Тэд энэхүү хорон муу ертөнцөд амьдарч, үүнийгээ хэзээ ч жишдэггүй мөртөө Намайг энэ ертөнцийг устгах вий гэхээс маш их айдаг. Санаа зорилгын зөрчилдөөн дотроо тэд Миний жигшин зэвүүцдэг энэ ертөнцийг хайрладаг атлаа Намайг нэн даруй энэ ертөнцийг устгаасай гэж хүсэн хүлээдэг. Тэгснээр тэд үнэн замаас хазайхаасаа өмнө сүйрлийн зовлонгоос хэлтэрч, дараагийн эрин үеийн эзэд болон хувирах юм байх. Учир нь тэд үнэнийг хайрладаггүй агаад Надаас ирдэг бүхнээс залхсан байдаг. Тэд ерөөлийг алдахгүйн тулд хэсэг зуур “дуулгавартай хүмүүс” болж магадгүй боловч, тэдний ерөөлд шунадаг сэтгэхүй болон шатаж байгаа галт нуурт орж, мөхөхөөс айх айдас хэзээ ч балрахгүй. Миний өдөр ойртох тусам тэдний хүсэл аажмаар эрчээ авсаар байдаг. Гамшиг их байх тусам тэд Намайг баярлуулж, удаан хүсэн хүлээсэн ерөөлөө алдчихгүй байхын тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй улам арга мухарддаг. Миний гар ажлаа хийж эхэлмэгц энэ хүмүүс тэргүүн эгнээнд үйлчлэх гэж хүслэн болдог. Тэд Миний нүдэнд өртөхгүй байх вий гэж маш их айн, жагсаалын тэргүүн эгнээнд очих тухай л боддог. Тэд өөрсдийнх нь үйл хэрэг болон үйлдэл хэзээ ч үнэнтэй хамаагүй байсан гэдгийг огт мэдэлгүйгээр өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хэлж, хийдэг бөгөөд тэдний үйл хэрэг ердөө л Миний төлөвлөгөөг үймүүлж, саад болж байдаг. Тэд асар их хүчин чармайлт гаргасан, хүнд бэрхийг туулах шийдэмгий зан болон санаа зорилго нь үнэн байж болох ч тэдний хийдэг бүхэн Надтай ямар ч хамаагүй, учир нь тэдний үйлдэл сайн санааны үүднээс гарч байхыг Би хэзээ ч хараагүй, тэр ч байтугай Миний тахилын ширээн дээр ямар нэг юм тавихыг нь Би хараагүй. Энэ олон жилийн турш Миний өмнө тэдний хийсэн үйл хэрэг энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 354

Эхэндээ Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий цэвдэг, хайхрамжгүй байсан тул болих хэрэгтэй болсон; Би хүчин чармайлтаа дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс үгийг минь зуурах атлаа бүх талаар Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйл хийж байгааг харахыг ч хүсдэггүй. Хандлага, хүн чанараас чинь болж Би, та нарын хувьд маш чухал үгийнхээ багахан хэсгээр та нарыг хангадаг бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Миний туршилтын ажил болдог юм. Одоо л Би гаргасан шийдвэр, төлөвлөгөө минь та нарын хэрэгцээнд нийцсэн байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталлаа. Миний өмнө гаргасан та нарын олон жилийн зан авир, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Уг хариултын асуулт нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зориулсан Миний хүчин чармайлт хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд хүний Миний өмнө хийсэн үйлдэл бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг. Намайг дагадаг бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээд Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн зөвлөгөөг ч хүлээн авч чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадаагүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн авч чадаагүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайх нь байтугай өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь ч асуудаггүй. Тэд байнга л Миний эсрэг тэрсэлдэг хэр нь Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн авах аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ хүмүүс Намайг аман дээрээ Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж бас боддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 355

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 356

Чи гэрэлгүй ертөнцөд амьдарсаар ирсэн тул чиний зүрх сэтгэлд асар том нууц байгааг хэзээ ч анзаарч байгаагүй. Зүрх сэтгэл, сүнсийг чинь муу ёрын нэгэн булаан авчихсан. Нүд чинь харанхуйд халхлагдаад тэнгэрийн нарыг ч, шөнийн огторгуйд анивчих тэр одыг ч харж чаддаггүй. Чих чинь худал хуурмаг үгээр дүүрээд Еховагийн нүргэлсэн дуу хоолойг ч, сэнтийгээс урсах их усны чимээг ч сонсдоггүй. Өөрт байх ёстой бүхнээ, Төгс Хүчитийн хайрласан бүхнийг чи алдчихсан. Чи өөрийгөө аврах хүч чадалгүй, амьд гарах найдлагагүйгээр эцэс төгсгөлгүй зовлонгийн далайд орчхоод тэмцэж, сандрахаас өөрийг хийдэггүй… Тэр мөчөөс эхлээд чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчитийн ерөөлөөс холдож, Төгс Хүчитийн хангалтаас салж, эргэж буцалтгүй замаар алхах тавилантай болсон. Сая дуудлага ч зүрх сэтгэл, сүнсийг чинь сэрээж бараг чадахгүй. Чамайг зүг чиггүй, замын тэмдэггүй эх захгүй ертөнцөд уруу татаж оруулсан ёрын муу нэгний гарт чи дугжирдаг. Энэ үеэс хойш чи анхдагч гэм зэмгүй, цэвэр байдлаа алдаж, Төгс Хүчитийн халамжаас зайлсхийж эхэлсэн. Ёрын муу нэгэн чиний зүрх сэтгэлд бүх хэрэг явдлыг залж чиглүүлэн, чиний амь болсон. Чи түүнээс айж, зайлсхийж, түүнд эргэлзэхээ больсон; харин ч зүрх сэтгэлдээ түүнийг Бурхан мэт үздэг. Чи түүнийг тахиж, шүтэж эхэлсэн бөгөөд та хоёр бие, сүүдэр хоёр шиг салшгүй болж, хамт амьдарч, үхнэ гэж амлажээ. Чи хаанаас ирсэн, яагаад төрсөн, яагаад үхэхээ огт мэддэггүй. Чи Төгс Хүчитийг танихгүй нэгэн мэтээр хардаг; чи Түүний гарал үүслийг мэддэггүй, чиний төлөө хийсэн бүхнийг нь бүр ч мэддэггүй. Түүнээс ирдэг бүхэнд чи хорсох болсон; үүнийг нь нандигнадаггүй, үнэ цэнийг нь ч мэддэггүй. Төгс Хүчитийн хангалтыг хүлээн авсан өдрөөсөө эхлээд чи муу ёрын нэгний хажууд алхдаг. Чи муу ёрын нэгний хамтаар олон мянган жил ширүүн бороо, догшин шуургыг туулсан бөгөөд амийн чинь эх сурвалж байсан Бурханы эсрэг түүнтэй хамт зогсдог. Чи гэмшлийн талаар юу ч мэддэггүй, мөхлийн ирмэгт ирсэн гэдгээ бүр ч мэддэггүй. Муу ёрын нэгэн чамайг уруу татаж, зовоосон гэдгийг чи мартчихаж; эхэн үеэ чи мартчихжээ. Муу ёрын нэгэн өнөөдрийг хүртэл чамайг ингэж алхам алхмаар зовоожээ. Зүрх сэтгэл, сүнс чинь мэдээ алдаж, доройтсон. Чи хүний ертөнцийн гаслан зовлонгийн талаар гомдоллохоо больсон; дэлхий ертөнц бол шударга бус гэж бодохоо ч больсон. Төгс Хүчит оршин байдаг эсэхийг бүр ч тоодоггүй. Яагаад гэвэл, чи муу ёрын нэгнийг аль хэдийн жинхэнэ эцгээ гэж үзчихээд түүнээс хагацаж чаддаггүй. Энэ бол зүрх сэтгэлийн чинь доторх нууц юм.

Үүр цайхад үүрийн цолмон зүүн зүгт гялалзаж эхэлдэг. Энэ бол урьд нь хэзээ ч байгаагүй од бөгөөд тайван амгалан, сүүмэлзсэн тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх бөхсөн гэрлийг дахин асаадаг. Энэхүү гэрлийн ачаар хүмүүс ганцаардахаа больж, энэ нь чам дээр ч, бусад дээр ч адилхан тусдаг. Гэсэн ч чи ганцаараа харанхуй шөнө бөх унтсаар үлддэг. Чи ямар ч чимээ сонсдоггүй, ямар ч гэрэл хардаггүй; шинэ тэнгэр газар, шинэ эрин үе ирснийг мэддэггүй, учир нь эцэг чинь чамд “Үр минь, битгий бос, бас л эрт байна. Цаг агаар хүйтэн байгаа болохоор гадаа бүү гар, илд, жад нүдийг чинь сүлбэх вий” гэж хэлдэг. Чи эцгийнхээ сануулгад л итгэдэг, учир нь эцэг чинь чамаас ахмад, мөн чамайг ихэд хайрладаг болохоор чи гагцхүү эцгийн чинь зөв гэдэгт итгэдэг. Ийм сануулга, ийм хайр нь дэлхий ертөнцөд гэрэл байдаг хэмээх домогт итгэхийг чинь болиулдаг; энэ дэлхийд үнэн оршсоор байдаг эсэхийг хайхрахгүй болгодог. Чи Төгс Хүчитээр авруулна гэж горьдож зүрхлэхээ больдог. Чи байгаа байдалдаа сэтгэл ханаж, гэрэл гарч ирэхийг хүлээхээ больж, домогт өгүүлсэнчлэн Төгс Хүчитийн залран ирэхийг харуулдан хүлээхээ больдог. Чиний хувьд гэвэл, үзэсгэлэнтэй сайхан бүхэн дахин сэргэж, оршин тогтнох боломжгүй. Чиний нүдээр бол хүн төрөлхтний маргааш, хүн төрөлхтний ирээдүй зүгээр л үгүй болж, ор мөргүй арилдаг. Чи эцгийнхээ хувцаснаас бүх чадлаараа зуурч, бэрхшээл зовлонг нь хуваалцахад бэлэн байж, замын ханиа болон алсын аяныхаа зүг чигийг алдахаас ихэд айдаг. Өргөн уудам агаад будант хүний ертөнц энэ дэлхийн өөр өөр үүргийг туйлбартай, аймшиггүйгээр биелүүлдэг та нарыг олноор бий болгожээ. Үхлээс огт айдаггүй олон “дайчныг” бүтээжээ. Түүнээс гадна, энэ нь бүтээлийнхээ зорилгыг мэддэггүй, мэдээ алдаж, саажсан хүмүүсийг бөөн бөөнөөр нь бий болгосон юм. Төгс Хүчитийн нүд гүнээ шаналсан хүн нэг бүрийг хардаг. Зовж байгаа хүмүүсийн уйлааныг Тэр сонсож, зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн ичгүүргүй байдлыг харж, авралын нигүүлслийг алдсан хүн төрөлхтний аргаа барсан байдал, айдас хүйдсийг мэдэрдэг. Хүн төрөлхтөн Түүний халамжаас татгалзаж, өөрсдийнхөө замаар алхахаар сонгож, Түүний нүдний ажиглалтаас бултахаар оролдож, дайсантай хамт гүн тэнгисийн гашуун амтыг эцсийн ганц дуслыг нь хүртэл амтлахыг илүүд үздэг. Төгс Хүчитийн санаа алдалт хүнд сонсогдохоо больсон; Төгс Хүчитийн гар энэхүү эмгэнэлт хүмүүсийг илбэхийг хүсэхээ больсон. Тэрээр удаа дараа буцаан барьж аваад, удаа дараа дахиад л алддаг, Түүний хийдэг ажил ийнхүү давтагддаг. Тухайн мөчөөс эхлээд Тэр ядарч, залхаж эхэлдэг тул хийж буй ажлаа зогсоож, хүн төрөлхтний дунд алхахаа больдог… Хүн эдгээр өөрчлөлтийн алийг нь ч огт мэддэггүй, Төгс Хүчитийн ирж, явж байгааг, мөн Түүний уйтгар гуниг, гансралыг мэддэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 357

Хэдий Бурханы удирдлага гүн гүнзгий ч хүн ойлгохын аргагүй биш юм. Учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлага болон хүн төрөлхтнийг аврах ажилтай нь холбоотой байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газартай хамаатай байдаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр Бурханы хийдэг ажлыг маш бодитой, утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, туулж болох ба хийсвэр зүйл огт биш. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн авч чаддаггүй бол Түүний ажлын ач холбогдол юу вэ? Тийм удирдлага хүнийг яаж авралд хөтөлж чадах вэ? Бурханыг дагадаг олон хүн хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас хэрхэн зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдмагц тэд дуугаа хурааж, огт сонирхохоо больдог. Тийм залхмаар асуултуудыг ойлгох нь тэдний амийг өсөхөд туслахгүй, эсвэл ямар ч ашиг тус өгөхгүй гэж тэд боддог. Иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч багахан анхаарал хандуулдаг. Тэд үүнийг хүлээн авах эрхэм нандин зүйл гэж үздэггүй, өөрсдийн амийн нэг хэсэг гэж бүр ч хүлээн авдаггүй. Тийм хүмүүст Бурханыг дагах энгийн нэг зорилго л байдаг бөгөөд тэр зорилго нь ерөөл хүртэх явдал юм. Ийм хүмүүс энэхүү зорилгыг шууд агуулдаггүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулан яршиг удаж чаддаггүй. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэхээс илүү зөв зүйтэй зорилго үгүй—энэ нь тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэн юм. Хэрвээ ямар нэг зүйл энэ зорилгод нь нэмэр болдоггүй бол үүнд тэдний сэтгэл огт хөдөлдөггүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаархал зөв зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд бас Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд дур сонирхол, амьдралыг үзэх үзэл, тэр ч бүү хэл эрэл хайгуулын чиглэлээ өөрчилдөг; гэхдээ Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн их зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд цөхрөлтгүй зүтгэж, үхлээс айдаггүй. Ямар хүч тэднийг ийм маягаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Тэдний мөс чанар уу? Агуу, жудагтай байдал нь уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх шийдвэр нь үү? Шагнал эрэлхийлэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн үнэнч сэтгэл нь үү? Эсвэл хэрээс хэтэрсэн хувийн шаардлагаас үргэлж татгалзсан тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй хүний хувьд тийм их хүчин чармайлт гаргана гэдэг бол үнэхээр л гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн ихийг зориулсныг одоохондоо хэлэлцэхээ больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэвээс тун зохилтой. Бурханыг хэзээ ч ойлгоогүй хүмүүс Бурханы төлөө яагаад маш ихийг зориулдаг вэ гэдэгт, өөрсөдтэй нь нягт холбоотой ашиг тусаас гадна өөр ямар нэгэн шалтгаан байж болох уу? Үүнээс бид урьд нь таниагүй нэг асуудлыг олж илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн ичгэвтэр, үзэшгүй муухай болсныг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна.

Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө л бодохоо больж чадах билээ? Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд бүх бие, сэтгэлээ зориулснаар Түүнд дуулгавартай байх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй хувь нэмэр оруулчхаад үүндээ эрддэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Түүний хийдэг ажлаас үүссэн боломжийг далимдуулдаг хүмүүсийг Тэр бүр их зэвүүцдэг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсдэг талаар энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхийн тулд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж болох талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг огт хайхардаггүй, гагцхүү өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг анхаарч байдаг. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас гадуур дуртай зүйлээ л хийж байгаа. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй—тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 358

Миний ажил тун удахгүй дуусна. Хамт өнгөрүүлсэн он жилүүд тэвчихийн аргагүй дурсамж болжээ. Би үгээ тасралтгүй давтаж, шинэ ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсэн. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажил болгоны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөлдөж, бүр яахаа ч мэдэхээ болих байсан. Одоо Миний ажил дуусах дөхөж, сүүлчийн шатандаа байна. Би зөвлөгөө өгөх ажил хийхийг, өөрөөр хэлбэл, та нарт сонсгох зөвлөмж чанартай хэдэн үг хэлэхийг хүссээр байна. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байж, түүнээс ч илүүтэйгээр, хичээнгүйлэн санаа тавьж буйг минь ойлгож, Миний үгийг хүн байхын үндэс суурь хэмээн үзээсэй л гэж Би найдаж байна. Та нарын сонсоход бэлэн үг энэ мөн ч бай, биш ч бай, та нарын дуртайяа хүлээн авах, эсвэл таагүй хүлээн авах үг мөн ч бай, биш ч бай, та нар нухацтай хандах ёстой. Эс тэгвэл, үл тоомсорлосон, хайхрамжгүй зан чанар, араншин чинь Намайг маш их гонсойлгож, үнэндээ Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та бүгд Миний үгийг ахин дахин, магадгүй бүр цээжээр мэддэг болтлоо хэдэн мянган удаа уншина гэж Би ихэд найдаж байна. Ийм маягаар л та нар Миний итгэл найдварыг нураахгүй байж чадна. Гэхдээ та нарын нэг нь ч одоо ингэж амьдардаггүй. Эсрэгээрээ та нар бүгд ханатлаа идэж, уудаг садар самуун амьдралд ташуурдаг бөгөөд та нарын нэг нь ч Миний үгийг ашиглан, зүрх сэтгэл, сүнсээ баяжуулдаггүй. Ийм учраас, Би хүн төрөлхтний жинхэнэ төрхийг ингэж дүгнэсэн: Хүн хэдийд ч Надаас урваж чадна, Миний үгэнд туйлын үнэнч байж чадах хэн ч үгүй.

“Хүнийг Сатан маш их ялзруулсан тул хүн төрхтэй байхаа больсон.” Одоо ихэнх хүн энэ хэллэгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Миний хэлж буй “хүлээн зөвшөөрөх” гэдэг нь жинхэнээсээ мэдэхтэй харьцуулахад зүгээр нэг өнгөцхөн хүлээн зөвшөөрөх явдал төдий учраас Би ингэж хэлдэг. Та нарын нэг нь ч өөрсдийгөө үнэн зөвөөр үнэлж, бас нэгд нэггүй шинжилж чадахгүй тул Миний үгэнд эргэлзсэн хэвээр үлддэг. Гэхдээ та нарын дотор оршдог хамгийн ноцтой асуудлыг тайлбарлахын тулд Би энэ удаад баримт ашиглаж байна. Тэрхүү асуудал нь урвалт юм. Та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, учир нь нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол нь эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдагчид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн ихэнх хүн бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан. Энэ бүх жишээ урвалтын мөн чанарыг агуулдаг. Товчхондоо, урвалт бол амлалтаасаа буцаж, ёс суртахууны зарчмыг зөрчих буюу хүний ёс зүйд харшлах үйлдэл хийж, хүн чанараа алдсаныг харуулдаг нэг төрлийн зан авир юм. Чи хэзээ нэгэн цагт хэн нэгнээс урвах зүйл хийснээ санадаг ч бай эсвэл урьд нь олон удаа бусдаас урвасан ч бай хамаагүй, ерөнхийдөө энэ хорвоод төрсөн хүн болохын хувьд үнэнээс урвахтай адил ямар нэгэн зүйл хийсэн байх болно. Чи эцэг эх, найз нөхдөөсөө урвах чадвартай тул бусдаас урвах, түүгээр ч үл барам Надаас урваж, Миний үзэн яддаг зүйлсийг хийх чадвартай. Өөрөөр хэлбэл урвалт нь ёс суртахуунгүй өнгөцхөн үйлдэл төдий биш харин үнэнтэй зөрчилддөг зүйл юм. Энэ нь яг нарийндаа хүн төрөлхтөн Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй байхын эх сурвалж юм. Ийм учраас Би үүнийг дараах өгүүлбэрээр нэгтгэн дүгнэлээ: Урвалт бол хүний уг чанар бөгөөд энэ уг чанар нь Надтай нийцдэг хүн бүрийн томоохон дайсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 359

Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэл өвөрлөж, тэдгээрийг хаа сайгүй тараах нь урвалт. Миний гэрчлэл, ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлээрээ Надаас хол байх үедээ хуурамч инээмсэглэл тодруулах нь урвалт. Эдгээр нь бүгд та нарын үргэлж хийж чаддаг байсаар ирсэн урвалтын үйлдлүүд бөгөөд та нарын дунд түгээмэл байдаг. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч, Би тэгж бодохгүй байна. Хүн Надаас урвах нь Миний хувьд ялихгүй асуудал биш, үүнийг хайхрахгүй орхиж Би яавч чадахгүй. Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ингэж авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй болох өдөр ирвэл та нар өөрсдийгөө жижигхэн уулынхаа хаан нь гэж тунхагласан дээрэмчин адил байх бус уу? Тийм зүйл болж, гай гамшиг тарьсан хойно чинь хэн засаж залруулах вэ? Зарим урвасан үйлдлүүдийг өөрсдийнхөө байнгын үйлдэл биш, ердөө тохиолдлын хэрэг хэмээн та нар бодож, нэр төрийг чинь гутаах хэмжээний ноцтойгоор авч хэлэлцэх хэрэггүй гэж үздэг. Хэрвээ та нар үнэхээр тэгж боддог бол эрүүл ухаан дутмаг байна. Тэгж бодох нь тэрслүү байдлын үлгэр жишээ, нийтлэг шинж юм. Хүний уг чанар бол түүний амь; амьд үлдэхийн тулд түшиглэдэг зарчим нь бөгөөд хүн үүнийг өөрчилж чадахгүй. Урвалтын уг чанарыг жишээ болгон аваад үз. Хэрвээ чи хамаатан садан, найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чаддаг бол энэ нь амийн чинь нэг хэсэг, төрөлх уг чанар чинь гэдэг нь нотлогддог. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл. Жишээлбэл, хэрвээ хүн бусдаас хулгайлах дуртай бол заримдаа хулгай хийж, заримдаа хийдэггүй байсан ч “хулгайлах дуртай” байх нь түүний амийн нэг хэсэг болдог. Тэд хулгайлсан ч бай, үгүй ч бай, хулгай хийх нь зүгээр л нэг төрлийн үйлдэл гэдгийг энэ нь баталж чадахгүй. Харин ч хулгай хийх нь тэдний амийн нэг хэсэг, өөрөөр хэлбэл, тэдний уг чанар гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн: Тэдний уг чанар нь ийм юм бол сайхан зүйлс харахаараа тэд заримдаа яагаад хулгайлдаггүй юм бэ? гэж асууна. Хариулт нь маш энгийн. Тэдэнд хулгайлахгүй байх маш олон шалтгаан бий. Бусдыг харж байхад авч явахад хэтэрхий том зүйл байх ч юм уу, эсвэл тохиромжтой цаг нь биш байх, хэтэрхий үнэтэй зүйл байх, хэт хатуу чанга харуул хамгаалалттай байх, магадгүй тэд үүнийг онцгойлон сонирхдоггүй, эсвэл ямар хэрэгтэйг нь мэдэхгүй байх гэх мэт шалтгаанаар тэд хулгайлахгүй байж болно. Энэ бүх шалтгаан байж болно. Гэхдээ юм хулгайлсан ч бай, үгүй ч бай, тэдэнд ийм бодол хоромхон зуур төрөөд өнгөрдөг гэж нотлох аргагүй. Харин ч эсрэгээрээ энэ бол засаж сайжруулахад бэрх уг чанарынх нь нэг хэсэг мөн. Ийм хүн ганцхан удаа хулгай хийгээд сэтгэл нь ханадаггүй; ямар нэгэн сайхан зүйлтэй таарах юм уу, тохиромжтой нөхцөл байдал гарах бүрд бусдын эд зүйлийг өөрийн болгох бодол төрдөг. Тийм учраас ийм бодлын эх үүсвэр нь зүгээр л хааяа нэг гарч ирдэг зүйл биш, харин тухайн хүний уг чанарт нь байдаг гэж Би хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 360

Хэн ч үг, үйлдлээрээ жинхэнэ төрхөө илэрхийлж чадна. Энэхүү жинхэнэ төрх нь мэдээж тэдний уг чанар юм. Хэрвээ чи булзааруулж ярьдаг хүн бол булзамхай уг чанартай. Хэрвээ уг чанар чинь зальхай бол чи зальжин авирладаг бөгөөд хүмүүс чамд тун амархан мэхлэгдэнэ. Хэрвээ уг чанар чинь хорлонтой бол үгийг чинь сонсоход таатай байж болох ч үйлдэл чинь олиггүй заль мэхийг чинь далдалж чадахгүй. Хэрвээ уг чанар чинь залхуу бол хэлдэг үг бүр чинь хааш яаш, залхуу байдлынхаа улмаас хариуцлагаас зайлсхийх зорилготой байдгийн дээр үйлдэл чинь удаан, хааш яаш, мөн үнэнийг далдлахдаа нэлээд сурамгай байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол үг чинь ухаалаг, үйлдэл чинь ч бас үнэнтэй сайтар нийцнэ. Хэрвээ уг чанар чинь үнэнч бол үг чинь гарцаагүй чин сэтгэлийн, үйлдэл чинь ул суурьтай, эзнийхээ санааг зовоох юм байдаггүй. Хэрвээ уг чанар чинь тачаангуй, эсвэл мөнгөнд шунадаг бол зүрх сэтгэл чинь үргэлж ийм зүйлээр дүүрэн байж, хүмүүсийн амархан мартахааргүй, зэвүүцлийг нь төрүүлэхүйц гажууд, ёс суртахуунгүй үйлийг чи өөрийн эрхгүй үйлдэнэ. Миний хэлсэнчлэн, хэрвээ чи урвагч уг чанартай бол үүнээс өөрийгөө салгаж бараг чадахгүй. Чи бусдад буруу зүйл хийж байгаагүй болохоор урвагч уг чанар байхгүй гэж азад бүү найд. Хэрвээ ингэж бодож байвал чи үнэхээр дургүй хүрмээр юм. Намайг ярих болгонд Миний бүх үг ганцхан хүн, эсвэл ганцхан төрлийн хүнд бус, харин бүх хүнд чиглэдэг. Надаас нэг зүйл дээр урваагүй гэдэг чинь аливаа нэг зүйл дээр урваж чадахгүй гэдгийг чинь батлахгүй. Гэрлэлтэд нь бэрхшээл тохиолдоход зарим хүн үнэнийг эрж хайх итгэлээ алддаг. Зарим хүн гэр бүл салалтын үеэр Надад үнэнч байх үүргээсээ татгалздаг. Зарим хүн хоромхон зуурын баяр хөөр, сэтгэлийн таашаалыг эрж хайж Намайг орхидог. Зарим хүн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний ажлын баяр бахдалыг хүртсэний оронд харанхуй хавцал руу унахыг илүүд үздэг. Зарим хүн эд хөрөнгийн шуналаа хангахын төлөө найз нөхдийн зөвлөгөөг үл ойшоодог бөгөөд одоо ч алдаагаа хүлээн зөвшөөрч, замналаа өөрчилж чаддаггүй. Зарим хүн Надаар хамгаалуулах л гэж Миний нэрийн дор түр зуур амьдардаг байхад зарим нь амьдралд шунан, үхлээс эмээхийн эрхээр Надад жаахныг зориулдаг. Энэ болон бусад ёс суртахуунгүй үйлдэл, түүнчлэн ёс жудаггүй үйлдлүүд нь зүрх сэтгэлийнхээ гүнд Надаас аль хэдийн урвасан хүмүүсийн үйлдлүүд бус уу? Мэдээж, хүмүүс Надаас урвахаар урьдаас төлөвлөдөггүй гэдгийг Би мэднэ; тэдний урвалт бол уг чанарынх нь төрөлхийн илчлэл юм. Хэн ч Надаас урвахыг хүсдэггүй, Надаас урвах ямар нэгэн зүйл хийснээсээ болоод хэн ч аз жаргалтай байдаггүй. Харин ч тэд айн чичирдэг, тийм биз дээ? Тэгэхээр та нар эдгээр урвалтыг хэрхэн засаж залруулах, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх талаар бодож байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 361

Хүний уг чанар Миний мөн чанараас нэлээд өөр, учир нь хүний завхарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй; хүний уг чанарыг Сатан боловсруулж, ялзруулсан юм. Өөрөөр хэлбэл, хүн Сатаны ёрын муу, үзэшгүй муухай байдлын нөлөөн дор амьдардаг. Хүн үнэний ертөнцөд юм уу ариун орчинд өсөж торнидоггүй, гэрэлд бүр ч амьдардаггүй. Тиймээс, ямар ч хүн төрөлхөөсөө уг чанар дотроо үнэнтэй байх боломжгүй, мөн Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанартай төрж бүр ч чадахгүй. Эсрэгээрээ хүмүүс Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй, үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг. Энэ уг чанар бол Миний ярихыг хүсэж байгаа асуудал—урвалт юм. Урвалт бол хүн бүрийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж мөн. Энэ нь Надад биш, харин зөвхөн хүнд л байдаг асуудал билээ. Зарим хүн ингэж асууна: Бүх хүн Христтэй адил ертөнцөд амьдардаг байж яагаад бүх хүнд Бурханаас урвадаг уг чанар байхад Христэд байдаггүй юм бэ? Энэ бол та нарт тодорхой тайлбарлаж өгөх ёстой асуудал юм.

Хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс нь сүнс удаа дараа төрлөө олох явдал юм. Өөрөөр хэлбэл, хүний сүнс дахин төрлөө олоход хүн болгон махан бие бүхий хүний амийг олж авдаг. Хүний бие төрсний дараа, махан бие нь эцэстээ хязгаартаа хүртэл буюу сүнс бүрхүүлээ орхин явах сүүлчийн мөч хүртэл амь нь үргэлжилдэг. Энэ үйл явц нь хүний сүнс удаа дараа ирж, буцахын хэрээр ахин дахин давтагдаж, ийнхүү хүн төрөлхтний оршин тогтнолыг хадгалж байдаг. Махан биеийн амь нь бас хүний сүнсний амь бөгөөд хүний сүнс нь хүний махан биеийн оршин тогтнолыг дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэг бүрийн амь сүнснээс ирдэг бөгөөд амь нь махан биед төрөлхөөсөө байдаггүй. Тиймээс хүний уг чанар махан биеэс бус, харин сүнснээс гаралтай. Сатаны уруу таталт, гай зовлон, завхралыг хэрхэн туулснаа хүн бүрийн сүнс нь л мэддэг. Хүний махан бие эдгээрийг мэдэх аргагүй. Тиймээс, хүн төрөлхтөн өөрийн эрхгүй улам харанхуй, улам бузар, улам ёрын муу болж, харин хүн Бид хоёрын хоорондох зай улам ихсээд, хүн төрөлхтний хувьд амьдрал улам харанхуй болдог. Сатан хүн төрөлхтний сүнсийг атгаж байдаг тул мэдээж хүний махан биеийг ч бас эзлэн авсан. Ийм махан бие, ийм хүн төрөлхтөн яаж Бурханыг эсэргүүцэхгүй байж чадах юм бэ? Тэд Түүнтэй төрөлхөөсөө нийцэлтэй байж яаж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан. Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижирч чадах юм бэ? Ийм учраас урвалт бол хүний уг чанар юм. Та нар энэ шалтгааныг ойлгомогцоо Христийн мөн чанарт ч бас тодорхой хэмжээгээр итгэх учиртай гэж Би итгэж байна. Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 362

Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг хүмүүс л тусгаарлагдаж, Сатаны баазаас аврагдаж, өнөөдрийн хаанчлалд хүргэгдсэн. Энэ хүмүүс цаашид Сатаны нөлөөн дор амьдрахгүй. Тэгсэн ч гэсэн, хүний уг чанар махан биед нь үндэслэсэн хэвээр байдаг, өөрөөр хэлбэл, та нарын сүнс аврагдсан ч уг чанар чинь урьдынх шигээ хэвээр байдаг бөгөөд Надаас урвах магадлал чинь зуун хувь хэвээр үлдэнэ. Тийм учраас, та нарын уг чанар хэтэрхий гуйвшгүй тул Миний ажил ийм удаан үргэлжилдэг. Одоо та нар үүргээ биелүүлэхдээ чадлынхаа хэрээр зовлон бэрхшээл туулж байгаа ч дор бүрнээ Надаас урваж, Сатаны эзэмшил рүү, түүний бааз руу буцаж, хуучин амьдралдаа эргэн орж чадна—энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тэр үед та нар одоогийнх шигээ бага зэргийн хүн чанартай, хүний төрхтэй байх боломжгүй болно. Ноцтой тохиолдолд, та нар устгагдана, түүнээс гадна хэзээ ч дахин төрлөө олохгүйгээр үүрд мөхөж, хатуу шийтгүүлнэ. Энэ бол та нарын өмнө тулгарсан асуудал юм. Би нэгдүгээрт, ажлаа талаар болгохгүйн тулд, хоёрдугаарт, та нарыг бүгдийг нь гэрэл гэгээтэй өдрүүдэд амьдруулахын тулд ийм маягаар та нарт сануулж байна. Үнэн хэрэгтээ Миний ажил талаар болох эсэх нь гол асуудал биш. Та нар аз жаргалтай амьдрал, гайхалтай сайхан ирээдүйтэй байж чадах нь гол чухал юм. Миний ажил бол хүмүүсийн сүнсийг аврах ажил. Хэрвээ чиний сүнс Сатаны гарт орвол, бие чинь амар тайван амьдрахгүй. Хэрвээ Би чиний биеийг хамгаалж байгаа бол сүнс чинь Миний халамжин дор байх нь гарцаагүй. Хэрвээ Би чамайг үнэхээр үзэн ядвал чиний сүнс болон бие тэр даруй Сатаны гарт орно. Тэр үед нөхцөл байдал чинь ямар байхыг чи төсөөлж чадах уу? Хэрвээ нэг л өдөр та нар Миний үгийг ойлгохгүй байвал Би уураа бүрэн гартал бүгдийг чинь Сатанд гардуулан өгч, шаналгаат тарчлаанд өртүүлнэ, эсвэл Надаас урвадаг зүрх сэтгэл чинь хэзээ ч өөрчлөгдөөгүй байх учраас засаршгүй хүмүүс та нарыг Би биечлэн шийтгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 363

Одоо та нар, дотор чинь Надаас урвах урвалт хэр их үлдсэнийг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжлэх ёстой. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Надтай харьцахдаа хуумгай бүү бай. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом тоглодоггүй. Хэрвээ Би ямар нэг юм хийнэ гэж хэлсэн бол гарцаагүй хийнэ. Би та нар дор бүрнээ Миний үгийг нухацтай авч үздэг хүмүүс байж, тэдгээрийг шинжлэх ухааны зөгнөлт зохиол мэт үзэхгүй гэдэгт Би найдаж байна. Би та нараас төсөөлөл биш, бодитой үйлдэл л хүсдэг. Дараа нь та нар Миний энэ асуултуудад хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч мөн бол хайнга, сөрөг байдлын ямар ч элементгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу? 2. Чамайг хэзээ ч үнэлж байгаагүйг минь олж мэдэх юм бол чи насан туршдаа үлдээд, Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу? 3. Чамайг ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн Би чамд тун хүйтэн хөндий хандсаар байвал анзаарагдалгүйгээр Миний төлөө үргэлжлүүлэн ажиллаж чадах уу? 4. Чамайг Миний төлөө зарлага гаргасны дараа Би ялихгүй хүсэлтийг чинь биелүүлдэггүй бол чи сэтгэлээр унаж, Надад урам хугарах уу, эсвэл бүр уурсан хилэгнэж, хараал зүхэл хашхирах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу? 6. Зүрх сэтгэлдээ төсөөлсөн зүйлээс чинь нэг нь ч Миний хийсэнтэй таардаггүй бол чи ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ? 7. Хэрвээ чи хүртэнэ гэж найдаж байсан зүйлийнхээ нэгийг нь ч хүлээн авч чадахгүй бол Миний дагалдагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүлт хийж, дүгнэлт гаргадаггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байх зуур чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг эрхэмлэн нандигнаж чадах уу? 10. Чи ямар нэг юм хүлээн авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн, Миний үнэнч дагалдагч байж чадах уу? 11. Миний төлөө чи ирээдүйн амьдралын замаа бодолцон үзэхгүй, төлөвлөхгүй, бэлдэхгүй байж чадах уу? Эдгээр асуулт та нарт тавих Миний сүүлчийн шаардлагыг төлөөлдөг бөгөөд та нар бүгд Надад хариулт өгч чадна гэж Би найдаж байна. Чи эдгээр асуултын ганц, хоёрыг нь л биелүүлсэн бол үргэлжлүүлэн чармайх ёстой. Хэрвээ чи эдгээр шаардлагаас ганцыг нь ч биелүүлж чадахгүй бол гарцаагүй там руу хаягдах төрлийн хүн юм. Ийм хүмүүст Би нэмж юм хэлэх шаардлагагүй, учир нь тэд Надтай нийцэж чадах хүмүүс яавч биш. Ямар ч нөхцөлд Надаас урваж чадах хүнийг Би яаж Өөрийн гэрт байлгаж чадах билээ? Ихэнх тохиолдолд Надаас мөн л урваж чадах хүмүүсийн тухайд бол Би өөр зохицуулалт хийхээсээ өмнө тэдний гүйцэтгэлийг ажиглана. Гэхдээ, ямар ч нөхцөл байдалд байсан бай, Надаас урваж чадах хүмүүсийг Би хэзээ ч мартахгүй; Би тэднийг сэтгэлдээ санаж, ёрын муу үйл хэрэгт нь хариу барих боломжийг хүлээнэ. Миний тавьсан шаардлагууд бол та нар өөрсдийгөө шалгах ёстой бүх асуудал юм. Та нар бүгд эдгээрийг нухацтай авч үзэн, Надтай хааш яаш харьцахгүй гэдэгт Би найдаж байна. Ойрын ирээдүйд Би та нарын өгсөн хариултыг Өөрийн шаардлагуудтай харьцуулан шалгана. Тэр үед Би та нараас өөр юу ч шаардахгүй, бас чин сэтгэлийн сануулга өгөхгүй. Оронд нь Би эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Үлдэх ёстой хүмүүс үлдэж, шагнуулах ёстой нь шагнуулж, Сатанд очих ёстой нь Сатанд өгөгдөж, хатуу шийтгүүлэх ёстой нь хатуу шийтгүүлж, мөхөх ёстой нь устгагдана. Ийнхүү Миний өдрүүдэд Намайг үймүүлэх нэг ч хүн байхаа болино. Чи Миний үгэнд итгэж байна уу? Залхаан цээрлүүлэлтэд итгэж байна уу? Намайг хуурч, Надаас урвадаг ёрын муу бүх хүнийг шийтгэнэ гэдэгт минь итгэдэг үү? Тэр өдөр удахгүй ирээсэй гэж чи хүсдэг үү, эсвэл дараа ирээсэй гэж хүсдэг үү? Чи шийтгэлээс үхтэлээ айдаг хүн үү, эсвэл шийтгэл хүлээх ёстой ч Намайг эсэргүүцэхийг илүүд үзэх хүн үү? Тэр өдөр ирэхэд чи баяр хөөр, инээд баясал дунд амьдрах уу, эсвэл уйлж, шүдээ хавирах уу гэдгээ төсөөлж чадах уу? Чи ямархуу төгсгөлтэй тулгарна гэж найдаж байна? Чи Надад зуун хувь итгэдэг үү, эсвэл зуун хувь эргэлздэг үү гэдгээ ер нь ноцтой бодож үзсэн үү? Үйлдэл, зан авир чинь ямар үр дагавар, төгсгөлд хүргэж болохыг чи ер нь нухацтай бодож байв уу? Миний бүх үг ээлж дараалан биелээсэй гэж чи үнэхээр хүсэж байна уу, эсвэл Миний үг ар араасаа биелнэ гэхээс үхтэлээ айж байна уу? Хэлсэн үгээ биелүүлэхийн тулд удахгүй явна гэдэгт минь чи итгэдэг бол үг, үйлдэлдээ хэрхэн хандах ёстой вэ? Хэрвээ чи Намайг яваасай гэж хүсдэггүй, Миний бүх үг шууд биелээсэй гэж хүсдэггүй бол ер нь яагаад Надад итгэдэг юм бэ? Чи яагаад Намайг дагаж байгаагаа үнэхээр мэдэж байна уу? Чи мэдлэгийн хүрээгээ л тэлэх зорилготой бол өөртөө ингэж төвөг удах шаардлагагүй. Хэрвээ ерөөгдөж, айсуй гамшгаас мултрахын төлөө бол чи яагаад биеэ авч явах байдалдаа санаа зовохгүй байгаа юм бэ? Миний шаардлагыг биелүүлж чадах эсэхээ өөрөөсөө яагаад асуухгүй байгаа юм бэ? Хожмын ерөөлийг хүртэх эрхтэй эсэхээ өөрөөсөө яагаад асуухгүй байгаа юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 364

Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргэн санах хэрэгтэй: Намайг хайрлах та нарын хайр хольцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр, чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хэр их зай эзэлж байсан бэ? Би зүрх сэтгэлийг чинь бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хэр ихийг биелүүлсэн бэ? Намайг бүү мэхэл! Эдгээр зүйл Надад тов тодорхой байдаг! Өнөөдөр, Миний авралын дуу хоолой айлдаж байхад Намайг хайрлах та нарын хайр жаахан нэмэгдсэн үү? Надад үнэнч байдлын чинь зарим хэсэг цэвэр болсон уу? Миний талаарх та нарын мэдлэг гүнзгийрсэн үү? Өнгөрсөн үеийн магтаал сайшаал өнөөдрийн мэдлэгийн чинь бат бэх суурийг тавьсан уу? Та нарын хэр ихийг Миний Сүнс эзэлдэг вэ? Миний дүр та нарын дотор хэр их зай эзэлдэг вэ? Миний айлдварууд та нарын дотор зорьсондоо хүрсэн үү? Өөрсдийн ичгүүрийг нуух газаргүй гэдгээ та нар үнэхээр мэдэрч байна уу? Та нар Миний ардууд байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэдэг үү? Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт анзаарахгүй байгаа бол булингартай усанд загасчилж, зүгээр л тоо бүрдүүлж байгааг чинь энэ нь харуулах бөгөөд Миний урьдчилан тогтоосон цагт чи гарцаагүй таягдан хаягдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй нүхэнд хаягдана. Энэ бол Миний анхааруулсан үг бөгөөд үүнийг хөнгөн хуумгай авч үзсэн хүмүүс Миний шүүлтэд өртөж, товлосон цагт гай зовлонтой тулгарна. Тийм биз дээ? Үүнийг тайлбарлахын тулд Би бас л жишээ татах хэрэгтэй гэж үү? Та нарыг үлгэр загвараар хангахын тулд Би илүү тодорхой ярих ёстой юу? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл олон хүн Миний үгэнд дуулгаваргүй хандаж, улмаар Миний дахин сэргээлтийн урсгалаас хаягдаж, таягдуулсан; эцэст нь тэдний бие мөхөж, сүнс нь Үхэгсдийн орон руу хаягдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд хатуу шийтгэлд өртсөөр байгаа. Олон хүн Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн эсрэг явсан, тиймээс Надад өшиглүүлж, Сатаны эзэмшил дор орж, Намайг эсэргүүцдэг хүмүүс болсон. (Өнөөдөр Намайг шууд эсэргүүцдэг бүх хүн Миний үгийн өнгөн талыг л дуулгавартай дагаж, Миний үгийн мөн чанарт дуулгаваргүй ханддаг.) Мөн өчигдрийн хэлсэн үгийг минь хальт сонсож, урьдын “хог новштой” зууралдаж, эдүгээгийн “үр шимийг” эрхэмлэдэггүй олон хүн байсан. Энэ хүмүүс Сатанд олзлогдоод зогсохгүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг. Тийм хүмүүс бол Миний уур хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн байнууд бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна (өөрөөр хэлбэл, тийм хүмүүс нь Сатанаар удирдуулсан илжирч, хөшсөн үхдлүүд юм; Би тэдний нүдийг халхалсан учраас тэднийг сохор гэж хэлдэг). Та нарт лавлагаа болох жишээ татаж өгсөн нь дээр, тэгвэл та нар үүнээс суралцаж чадна:

Паулын талаар дурдахад л та нар түүний түүхийг болон түүний талаарх алдаа мадагтай, бодит байдалд нийцэхгүй зарим үйл явдлыг санана. Тэр багаасаа эцэг эхээрээ заалгаж, Миний амийг хүлээн авсан бөгөөд Миний урьдчилан тогтоосны үр дүнд Миний шаарддаг хэв чанарыг эзэмшсэн байв. 19 насандаа тэр амийн тухай янз бүрийн ном уншсан; тиймээс хэв чанараасаа үүдэн, мөн Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтээс үүдэн тэрээр сүнслэг асуудлуудын талаар нэлээд мэдлэгтэй ярьж чаддагаар зогсохгүй, мөн Миний санаа зорилгыг ойлгож чаддаг байсан гэдгийг Би нэг бүрчлэн ярих шаардлагагүй. Мэдээж, энэ нь дотоод ба гадаад хүчин зүйлсийн хослолыг хасаагүй. Гэсэн хэдий ч өөрийн авьяас билгээс болж тэр үргэлж хэлэмгий, онгироо байсан нь түүний нэг өө байсан юм. Үүний үр дүнд, тэргүүн тэнгэрэлчийг шууд төлөөлдөг хэсэг болох дуулгаваргүй байдлынхаа улмаас эхний удаад махан биетэй болоход минь Намайг сөрөх гэж тэр бүх чадлаараа хичээсэн. Тэр Миний үгийг мэддэггүй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний зүрх сэтгэл дэх Миний байр аль хэдийн алга болсон байлаа. Тийм хүмүүс Миний бурханлаг чанарыг шууд эсэргүүцэн Надад цохигддог ба бүр эцэстээ л өвдөг сөхрөн, нүглээ наманчилдаг. Үүнээс хойш, Би түүний давуу талуудыг ашигласны дараа—өөрөөр хэлбэл, хэсэг хугацаанд Миний төлөө ажилласныхаа дараа тэр хуучин замдаа дахиж орсон бөгөөд хэдийгээр Миний үгэнд шууд дуулгаваргүй хандаагүй ч Миний дотоод удирдамж, гэгээрэлд дуулгаваргүй хандаж, улмаар урьд нь түүний хийсэн бүхэн талаар болсон; өөрөөр хэлбэл, түүний ярьж байсан алдрын титэм хоосон үг, өөрийнх нь төсөөллийн үр дүн болсон, учир нь өнөөдөр ч гэсэн тэр Миний гав гинжин дунд Миний шүүлтэд захирагдаж байдаг.

Намайг эсэргүүцдэг (Миний махан биеийг эсэргүүцээд зогсохгүй хамгийн чухал нь Миний үгийг, Миний Сүнсийг, өөрөөр хэлбэл, Миний бурханлаг чанарыг эсэргүүцдэг) хэн боловч Миний шүүлтийг махан биедээ хүртэнэ гэдгийг дээрх жишээнээс харж болно. Миний Сүнс чамайг орхиход чи доошоо чигээрээ унаж, шууд Үхэгсдийн орон руу бууна. Хэдийгээр махан бие чинь газар дэлхий дээр байвч чи сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүнтэй адилхан: Чи эрүүл ухаанаа алдаж, тэр даруйдаа үхдэл болсон мэт санагддаг болохоор махан биеийг чинь нэн даруй эцэс болгооч гэж Надаас гуйдаг. Сүнс эзэмшсэн та нарын ихэнх нь эдгээр нөхцөл байдлын талаар гүнзгий ойлгодог бөгөөд Би цааш нь дэлгэрүүлэн ярих хэрэггүй. Урьд нь Намайг хэвийн хүн чанараар ажиллаж байхад ихэнх хүмүүс Миний уур хилэн, сүр жавхлантай аль хэдийн хүчээ үзсэн ба Миний мэргэн ухаан, зан чанарыг аль хэдийн бага зэрэг мэдсэн. Өнөөдөр Би бурханлаг чанараар шууд ярьж, үйлддэг бөгөөд Миний уур хилэн, шүүлтийг өөрсдийн нүдээр харах зарим хүн бас бий; түүнчлэн шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсгийн үндсэн ажил бол Өөрийн бүх ардад Өөрийн махан биеэр хийх үйл хэргийг шууд мэдэгдэж, та нарт бүгдэд нь Өөрийн зан чанарыг шууд харуулах явдал юм. Гэвч Би махбодод байгаа учраас та нарын сул талуудыг харгалзан үздэг. Та нар өөрсдийн сүнс, сэтгэл, биеийг тоглоом шиг үзэж, тэдгээрийг Сатанд хайхрамжгүйгээр хээвнэг зориулахгүй гэж Би найдаж байна. Өөртөө байгаа бүхнийг нандигнаж, үүнд тоглоом шиг хандахгүй байх нь дээр бөгөөд учир нь ийм зүйлс та нарын хувь заяатай холбоотой. Та нар Миний үгийн жинхэнэ утгыг үнэхээр ойлгож чадах уу? Миний чин үнэнч сэтгэлд хайхрамжтай хандах чадвар та нарт үнэхээр бий юү?

Та нар тэнгэрт байдаг ерөөлтэй адил газар дээрх ерөөлийг минь эдлэхэд бэлэн байна уу? Та нар Миний тухай ойлголт, Миний үгийн таашаал, Миний талаарх мэдлэгийг амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад бүрэн захирагдаж үнэхээр чадах уу? Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар нядлуулж, Надаар удирдуулж үнэхээр чадах уу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хүн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж, Миний амлалтыг хүлээн авсан бүх хүн Миний ерөөлийг хүртдэг хүмүүс юм гэж үү? Эдгээр үгээс та нар ямар нэг зүйлийг ойлгов уу? Хэрвээ Би та нарыг туршвал та нар өөрсдийгөө Миний эрхшээлд үнэхээр орхиж, эдгээр шалгалтын дунд Миний санаа зорилгыг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үг хэлж, эсвэл олон сонирхолтой түүх ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; харин Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас шаардаж байна. Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгийн утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид эргэлзээнд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачилгатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утгыг ойлгохгүй байж, улмаар Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүн чадах чинээгээрээ аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө хамгийн сайнаа өргөн барих ёстой. Чи ийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “4-р бүлэг”-ээс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 365

Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү садар самуун бай! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд, өнгөрсөнтэйгээ адилаар авирлан, Миний өмнө нэгийг хийж, Миний ар хударгаар өөрийг хийх ёсгүй; тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдах аргагүй болжээ. Би иймэрхүү үг дэндүү ихийг айлдсан бус уу? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би хүмүүст ахин дахин сануулах ёстой болсон. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн та нарын хувь заяаг хамгаалахын төлөө байдаг! Бузар заваан газар л Сатанд яг хэрэгтэй зүйл юм; аврагдах найдваргүй байх тусам, мөн садар самуун байж, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзах тусам бузар сүнснүүд та нарт нэвтрэх аливаа боломжийг төдий чинээ их ашиглана. Та нар энэ цэгт хүрсэн бол үнэнч байдал чинь ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба бузар сүнснүүд шийдвэрийг чинь залгиж, дуулгаваргүй байдал юм уу сатанлаг явуулга болгон хувиргаад Миний ажлыг үймүүлэхэд ашиглана. Тэр үеэс Би та нарыг хэдийд ч цохиж болзошгүй. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч ойлгодоггүй; хүмүүс бүгд сонссон зүйлээ чихнийхээ хажуугаар л өнгөрүүлдэг ба өчүүхэн төдий ч болгоомжтой байдаггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй; Би дахин нэг удаа “мартсанаар” чамд өршөөнгүй хандана гэж чи үнэндээ хүлээсээр байна уу? Хүмүүс Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь тэдний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, иймээс Би тэдэнд хэт өндөр шаардлага тавиагүй. Тэднээс Би садар самуун бус байж, хориг хязгаарлалтад захирагд гэж л шаарддаг. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд улам олон нууц илчлэхийг минь хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах юм бэ? Энэ нь Намайг гэх хайрыг чинь ихэсгэх байсан уу? Энэ нь Намайг гэх хайрыг чинь төрүүлэх байсан уу? Би хүмүүсийг дутуу үнэлдэггүй, тэдний талаар хөнгөн хуумгай дүгнэлт ч гаргадаггүй. Эдгээр нь хүмүүсийн бодит нөхцөл байдал биш байсан бол Би хүмүүст ийм хаяг шошгыг хэзээ ч санамсаргүйгээр титэм адилаар өмсгөхгүй. Өнгөрснийг эргээд бод: Би та нарыг хэдэн удаа гүтгэсэн бэ? Би та нарыг хэчнээн удаа дутуу үнэлсэн бэ? Хэчнээн удаа Би бодит нөхцөл байдлыг чинь харгалзан үзэлгүйгээр та нарыг харсан бэ? Хэчнээн удаа Миний айлдвар та нарыг бүрэн үнэмшүүлж чадаагүй вэ? Хэчнээн удаа Би та нарын сэтгэлийн утсыг хөндөлгүйгээр ярьсан бэ? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, өөрийг нь ёроолгүй нүх рүү цохин унагаана гэж гүнээ айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг туулдаггүй хэн байна вэ? Миний айлдварууд дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүмүүст санамсаргүй шүүлт оноохын төлөө байдаггүй; харин ч Би хүний бодит нөхцөл байдлыг анхааран үзэж, Миний үгэнд угаас байдаг утга учрыг тэдэнд байнга харуулдаг. Үнэндээ, Миний үгэнд буй бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хүн байна уу? Миний үгийн шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би яг хэр олон үг хэлсэн бэ? Тэдгээрийг эрхэмлэсэн хүн ер нь байсан уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “10-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 366

Би өдөр бүр орчлон ертөнцийг ажиглан зогсож, амьдран суудаг газартаа даруухнаар нуугдан, хүний амьдралыг туулж, хүмүүсийн үйл хэрэг бүрийг сайтар судалдаг. Хэн ч, хэзээ ч Надад өөрийгөө үнэхээр өгөөгүй; хэн ч, хэзээ ч үнэнийг эрэлхийлээгүй. Хэн ч, хэзээ ч Надад ухамсартай хандаж, Миний өмнө шийдвэр гаргаад, дараа нь үүргээ биелүүлж байсангүй. Хэн ч, хэзээ ч Надад дотор нь оршихыг зөвшөөрч байсангүй, Намайг өөрсдийнхөө амь шиг эрхэмлэж ч байсангүй. Бодит байдал дээр хэн ч, хэзээ ч Миний бурханлаг чанар бүхэлдээ юу болохыг хараагүй; хэн ч, хэзээ ч бодитой Бурхантай Өөртэй нь холбоотой байхыг хүсээгүй. Ус хүмүүсийг бүхлээр нь залгих үед Би тэднийг тогтоол уснаас аварч, шинээр амьдрах боломж өгдөг. Хүмүүс амьдрах итгэлээ алдах үед Би тэднийг үхлийн ирмэгээс татан авч, цааш явах зориг өгч, Намайг оршин тогтнолынхоо үндэс болгон ашиглах боломж олгодог. Хүмүүс Надад дуулгаваргүй байх үед дуулгаваргүй байдлаас нь Би Өөрийгөө тэдэнд мэдүүлдэг. Хүний хуучин уг чанарыг харгалзан үзээд, мөн Өөрийн өршөөлийг харгалзан үзээд Би хүмүүсийг цаазаар авахын оронд гэмшиж, шинээр эхлэх боломж олгодог. Тэднийг өлсгөлөнд нэрвэгдэх үед биед нь эцсийн ганц амьсгал үлдсэн байлаа ч Би тэднийг үхлээс булаан авч, Сатаны заль мэхэнд урхидуулахаас сэргийлдэг. Хүмүүс Миний гарыг маш олон удаа харж, Миний эелдэг төрх, инээмсэглэсэн царайг маш олон удаа харж, Миний сүр жавхлан, уур хилэнг маш олон удаа харсан. Хүмүүс Намайг хэзээ ч мэдээгүй боловч Би зориуд өдөөн хатгах гэж сул талыг нь ашигладаггүй. Хүний зовлон зүдгүүрийг туулаад Би хүний сул талыг өрөвдөх болсон. Хүмүүсийн дуулгаваргүй байдал, ач мэддэггүй зангийн хариуд л Би өөр өөр түвшний гэсгээлт оноодог.

Хүмүүсийг завгүй байхад Би Өөрийгөө нууж, зав чөлөөтэй үед нь Өөрийгөө илчилдэг. Хүмүүс Намайг бүхнийг мэддэг гэж төсөөлдөг; тэд Намайг бүх гуйлтыг зөвшөөрдөг Бурхан Өөрөө гэж үздэг. Тиймээс дийлэнх нь Намайг мэдье гэсэн хүслээс болж биш, зөвхөн Бурханаас тусламж эрэхээр л Миний өмнө ирдэг. Өвдөж шаналах үедээ хүмүүс Миний тусламжийг шаргуу гуйдаг. Гай зовлонгийн цагт, зовлонгоосоо салахын тулд өөрсдийн бэрхшээлийг Надад бүх чадлаараа аминчлан хэлдэг. Гэвч тав тухтай байхдаа ганц ч хүн Намайг бас л хайрлаж чадаагүй; амар амгалан, аз жаргалтай байх үедээ баяр баясгалангаа хуваалцахаар ганц ч хүн Надад хандаагүй. Бяцхан гэр бүл нь аз жаргалтай, сайн сайхан байх үед хүмүүс Намайг аль хэдийн орхих юм уу Миний өөдөөс хаалгаа хааж, гэр бүлийнхээ ерөөгдсөн аз жаргалыг өөрсдөө эдлэх гэсэндээ Намайг орохыг хориглодог. Хүний оюун санаа хэтэрхий явцуу; Над шиг элэгсэг, өршөөнгүй, хүрч болох Бурханыг ч багтаахааргүй явцуу. Хүмүүс баяр хөөртэй инээж байх үедээ Намайг маш олон удаа голсон; хүмүүсийг төөрөлдөн бүдчиж явахад нь Би маш олон удаа тэдний тулдаг таяг болсон; өвчинд шаналж байгаа хүмүүст Би маш олон удаа эмчийн үүрэг гүйцэтгэхээс аргагүй болсон. Хүмүүс хэчнээн харгис юм бэ! Тэд үнэхээр эрүүл ухаангүй, ёс суртахуунгүй. Хүмүүст байх учиртай мэдрэмжүүдийг ч тэднээс харах аргагүй; тэдэнд хүн чанарын ул мөр бараг огт байдаггүй. Өнгөрснийг тунгаан бодож, одоо үетэй харьцуул: Та нарын дотор ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу? Өнгөрсөн үеийнхээ зарим зүйлээс салсан уу? Эсвэл тэрхүү өнгөрсөн үе хараахан солигдоогүй байна уу?

Би уул нурууд, голын хөндийгөөр хөндлөн гулд явж, хүний ертөнцийн сайн, мууг тууллаа. Хүмүүсийн дундуур Би хэрэн хэсэж, тэдний дунд олон жил амьдарсан атал хүмүүсийн зан чанар багахан өөрчлөгдсөн мэт харагддаг. Хүмүүсийн хуучин уг чанар дотор нь үндэслэж, нахиалсан мэт байдаг. Тэд тэрхүү хуучин уг чанараа хэзээ ч өөрчилж чаддаггүй; тэд үүнийг анхдагч суурин дээр нь л ялимгүй сайжруулдаг төдий. Хүмүүсийн хэлдгээр мөн чанар нь өөрчлөгдөөгүй, харин хэлбэр нь ихээхэн өөрчлөгджээ. Хүмүүс бүгд Намайг хуурч, будилуулан, зальдаад Миний сайшаалыг хүртэх гэж байгаа мэт санагддаг. Би хүний заль мэхийг шагшин бахаддаг ч үгүй, анхаарлаа хандуулдаг ч үгүй. Хилэгнэн уурлахын оронд, харсан ч үзэхгүй байх хандлага баримталдаг. Би хүмүүст тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, дараа нь бүх хүнд хамтад нь харьцалт хийхээр төлөвлөдөг. Хүмүүс бүгд өөрсдийгөө хайрладаггүй, өөрсдийгөө огт нандигнадаггүй, үнэ цэнгүй өөдгүй амьтад байхад Би яагаад ер нь тэдэнд дахин нэг удаа өршөөл, хайр үзүүлэх хэрэгтэй юм бэ? Хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө мэддэггүй, хэр үнэ цэнтэйгээ ч мэддэггүй. Тэд жингээ үзэхийн тулд жинлүүр дээр өөрсдийгөө тавих ёстой. Хүмүүс Намайг ер хайхардаггүй тул Би ч бас тэднийг нухацтай авч үздэггүй. Тэд Надад ямар ч анхаарал хандуулдаггүй тул Би ч гэсэн тэдэн дээр шаргуу ажиллах хэрэггүй. Энэ нь хоёуланд нь хамгийн сайн биш гэж үү? Энэ нь та нарыг дүрсэлдэг бус уу, Миний ардууд аа? Та нарын дундаас хэн Миний өмнө шийдвэр гаргачихаад дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Хэн байн байн шийдвэр гаргахын оронд Миний өмнө урт хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван байх үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргаад, гай зовлонгийн цагт тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог; тэгээд дараа нь шийдвэрээ дахин барьж аваад, Миний өмнө тавьдаг. Би овоолсон хогоос хүмүүсийн түүсэн энэ хаягдлыг хээгүй хүлээгээд авчихмаар тийм хүндлээд байхааргүй Нэгэн юм уу? Цөөхөн хүн л шийдвэрээ бат хадгалдаг, цөөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүн өөрсдөд нь хамгийн эрхэм зүйлийг тахил болгон Надад өргөдөг. Та нар бүгд адилхан бус уу? Хаанчлал дахь Миний ардуудын нэг гишүүн болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол Надад жигшигдэн гологдоно!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “14-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 367

Хүмүүс бүгд өөрсдийгөө таних чадваргүй бүтээлүүд бөгөөд өөрсдийгөө мэдэж чаддаггүй. Гэсэн ч бусдын хийсэн, хэлсэн бүхэн эхлээд яг тэдний өмнө “шалгуулж”, хийгдэхээсээ өмнө тэдний зөвшөөрлийг авсан мэт тэд бусад бүх хүнийг гарын арван хуруу шигээ мэддэг. Үүний үр дүнд, тэд бусад бүх хүний сэтгэл санааны байдлыг нь хүртэл бүрэн дүүрэн үнэлсэн мэт байдаг. Хүмүүс бүгд ийм. Өнөөдөр тэд Хаанчлалын эрин үед орсон хэдий ч уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр Миний өмнө Миний хийдэг зүйлийг хийдэг, харин ар хударгаар минь өөрсдийн онцгой “бизнесийг” явуулж эхэлдэг. Гэвч дараа нь Миний өмнө ирэх үедээ тэд шал өөр хүмүүс шиг, харваас амирлангуй, айдасгүй, тайван амгалан царайтай, судасны цохилт нь жигдхэн байдаг. Хүмүүсийг жигшүүртэй болгодог зүйл яг энэ биш гэж үү? Маш олон хүн шал өөр хоёр нүүр гарган—Миний өмнө байхдаа нэг, Миний ар хударгаар өөр нэг дүр эсгэдэг. Маш олон хүн Миний өмнө дөнгөж төрсөн хурга шиг аашилдаг мөртөө Миний ар хударгаар догшин бар болон хувирч, дараа нь уул толгодоор цовоо хөгжүүн нисэж байгаа бяцхан шувуу шиг авирладаг. Тун олон хүн Миний өмнө шийдвэрээ харуулдаг. Үнэхээр олон Миний үгээр цангаж, Миний үгийг хүсэмжлэн эрэлхийлж Миний өмнө ирдэг ч Миний ардуур Миний үгээс залхаж, Миний айлдваруудыг садаа тээр мэт хаядаг вэ? Дайсныхаа завхруулсан хүн төрөлхтнийг өчнөөн олон удаа хараад Би хүмүүст найдлага тавихаа больсон. Хүмүүс Миний өмнө ирж, нулимс урсган өршөөл гуйхыг өчнөөн олон удаа хараад Би, өөрийгөө хүндэлдэггүй, зөрүүд засаршгүй зангаас нь болоод тэдний зүрх сэтгэл жинхэнэ, санаа зорилго нь чин үнэнч байхад ч гэсэн тэдний үйлдэлд уурсан нүдээ аньсан. Надтай хамтран ажиллах итгэлтэй, Миний өмнө байхдаа Миний тэвэрт байгаа мэт, халуун дулаан байдлыг амсдаг хүмүүсийг Би олон удаа харсан. Өөрийн сонгосон хүмүүсийнхээ гэм зэмгүй, цовоо цолгин, сэтгэл татам байдлыг маш олон удаа хараад эдгээрийг асар их таашаахгүй байж Би яахан чадах билээ? Хүмүүс Миний гараар урьдчилан тогтоогдсон ерөөлөө хэрхэн эдлэхээ мэддэггүй, учир нь тэд “ерөөл” болон “зовлон” гэдэг нь хоёулаа яг юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Энэ шалтгааны улмаас, хүмүүс Намайг эрж хайхдаа огтхон ч чин сэтгэлээсээ ханддаггүй. Хэрвээ маргааш гэж байдаггүй байсан бол Миний өмнө зогсож байгаа та нараас хэн чинь орж буй цас шиг цэвэр, хаш мэт сэвгүй байх байсан бэ? Намайг гэх хайр чинь амттай хоолоор, ганган хувцсаар, эсвэл цалин хөлс сайтай албан тушаалаар сольж болдог зүйл юм гэж үү? Үүнийг бусад хүмүүсийн чамайг гэх хайраар сольж болох уу? Шалгалт туулах нь үнэндээ Намайг гэсэн хайраа орхиход хүмүүсийг хүргэх юм гэж үү? Зовлон шаналал, гай гамшиг нь тэднийг Миний зохицуулалтын талаар гомдоллоход хүргэх үү? Миний аман дахь хурц илдийг хэн ч, хэзээ ч үнэхээр ойлгоогүй: Тэд энэ нь юунд хүргэдгийг үнэхээр ухааралгүйгээр зөвхөн өнгөц утгыг нь л мэддэг. Хэрвээ хүмүүс Миний илдний хурцыг үнэхээр харж чаддаг байсан бол харх адилаар нүх рүүгээ яаран харайлдах байсан юм. Хөшүүн байдлаасаа болоод хүмүүс Миний үгийн жинхэнэ утга учрын юуг ч ойлгодоггүй тул Миний айлдварууд хэчнээн сүрдмээр болохыг, эсвэл тэдгээр нь хүний уг чанарыг яг хэр их илчилдгийг, бас тэдгээр үг өөрсдийнх нь завхралыг хэр их шүүдгийг огт мэддэггүй. Ийм учраас, Миний хэлдэг зүйлийг дутуу дулимаг ойлгосноос үүдэн ихэнх хүн хайхрамжгүй хандлага баримталсан.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “15-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 368

Эрин үеүдийн туршид олон хүн энэ дэлхийгээс гансрал гутралтайгаар, дурамжханаар явж одсон, мөн олон хүн найдвар, итгэл тээн энэ дэлхийд ирсэн. Би олон хүний ирэхийг зохицуулж, олон хүнийг явуулсан. Тоо томшгүй олон хүн Миний гараар дамжсан. Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдаж, олон сүнс махан биед амьдарч, олон сүнс үхээд газар дээр дахин мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч, хэзээ ч хаанчлалын ерөөлийг өнөөдөр эдлэх боломж олдоогүй. Би хүнд маш ихийг өгсөн атал тэр жаахныг олж авсан, учир нь Сатаны хүчний ширүүн дайралт түүнийг Миний бүх эд баялгийг эдэлж чадахааргүй болгож орхисон. Хүнд тэдгээрийг харах зол завшаан л байснаас биш, бүрэн эдэлж хэзээ ч чадаагүй. Хүн тэнгэрийн баялгийг хүлээн авахын тулд өөрийн бие дэх эрдэнэсийн санг хэзээ ч олж илрүүлээгүй, иймээс өөрт нь Миний хайрласан ерөөлүүдийг алдсан. Хүнийг Миний Сүнстэй холбодог чухам тэр эрхтэн нь түүний сүнс биш гэж үү? Яагаад хүн хэзээ ч сүнсээрээ Надтай холбогдоогүй юм бэ? Яагаад тэр махан биеэрээ Надад ойртож ирдэг мөртөө сүнсээрээ ойртож чаддаггүй юм бэ? Миний жинхэнэ нүүр царай бие махбодын нүүр царай юу? Хүн яагаад Миний мөн чанарыг мэддэггүй юм бэ? Миний ямар ч ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй гэж үү? Би хүний сүнснээс бүрмөсөн алга болсон гэж үү? Хэрвээ хүн сүнсний ертөнцөд ордоггүй бол Миний санаа зорилгыг яаж ухаарч чадах юм бэ? Хүний нүдээр бол, сүнсний ертөнцөд шууд нэвтэрч чадах ямар нэг зүйл бий юу? Би Өөрийн Сүнсээр хүнийг дуудсан удаа олон боловч хүн Надад хутгалуулсан мэт авирлаж, өөрийг нь өөр ертөнц рүү хөтөлж аваачих вий гэсэн асар их айдастайгаар Намайг холоос ажигладаг. Би хүний сүнсэнд асуулт тавьсан удаа олон боловч тэр огт мэдэхгүй хэвээр үлдэж, Намайг гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглана гэхээс жигтэйхэн их айдаг. Тиймээс тэр Намайг гадаа үлдээж, Надад сайтар хаасан хүйтэн хаалга л харуулдаг. Хүн унаж Би түүнийг аварсан удаа олон атал хүн сэрснийхээ дараа нэн даруй Намайг орхиж, Миний хайранд сэтгэл нь үл хөдлөн, Над руу сэрэмжилсэн харц чулууддаг; Би хүний зүрх сэтгэлийг хэзээ ч дулаацуулж байгаагүй. Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүйтэн цуст амьтан. Хэдийгээр Миний тэврэлт түүнийг дулаацуулдаг ч тэр үүнд хэзээ ч сэтгэл хөдөлж байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Хүн төрөлхтнийг энхрийлэн хайрладгийг минь тэр хэзээ ч нандигнаагүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны заналхийллийг тэсвэрлэн уулсын дунд амьдрахыг илүүд үздэг—гэхдээ тэр бас Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би ердөө Өөрийн ажлыг л хийдэг. Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “20-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 369

Олон хүн Намайг үнэн голоосоо хайрлахыг хүсдэг боловч тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь биш учраас өөрсдийгөө хянах аргагүй байдаг; олон хүн Миний өгсөн шалгалтыг туулангаа Намайг үнэхээр хайрладаг ч үнэхээр оршин байдаг гэдгийг минь ухаарах чадваргүй байдаг бөгөөд бодит оршин тогтнолоос минь болоод биш, ердөө л хоосон байдал дунд Намайг хайрладаг; олон хүн зүрх сэтгэлээ Миний өмнө дэлгээд, дараа нь зүрх сэтгэлдээ ямар ч анхаарал хандуулдаггүй, тиймээс боломж олдонгуут л Сатан тэдний зүрх сэтгэлийг булаан авдаг ба тэгээд тэд Намайг орхидог; Намайг үгээрээ хангахад олон хүн үнэн голоосоо Намайг хайрладаг ч Миний үгийг сүнсэндээ нандигнадаггүй, харин тэдгээрийг нийтийн өмч шиг хааш яаш ашиглаж, хүссэн үедээ ирсэн газар луу нь эргүүлээд шиддэг. Хүн зовлон шаналал дунд Намайг хайж, шалгалтан дунд Намайг бишрэн хардаг. Амар тайван цаг үед тэр Намайг таашаадаг, аюул осол дунд Намайг үгүйсгэдэг, завгүй байх үедээ Намайг мартаж, завтай үедээ Миний төлөө хийсэн дүр үзүүлдэг—гэсэн ч хэзээ ч, хэн ч Намайг насан туршдаа хайрлаж байгаагүй. Хүн Миний өмнө чин үнэнч байгаасай гэж Би хүсдэг: Надад ямар нэгэн зүйл өгөхийг Би хүнээс шаарддаггүй, харин бүх хүн Намайг ноцтойгоор авч үзэж, Намайг аргалахын оронд хүний чин сэтгэлийг буцаан авчрах боломжийг Надад олгохыг л шаарддаг. Миний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон хүчин чармайлтын минь үнэ цэн бүх хүнд шингэдэг, гэвч хүний үйлдэл болгоны үнэн бодит байдал ч бас бүх хүнд шингэж, Намайг хуурах тэдний хууран мэхлэлт ч шингэдэг. Хүний хууран мэхлэлтийн орц найрлагууд эхийн хэвлийд байхаас нь түүнд байсан мэт, төрсөн цагаасаа хойш эдгээр онцгой заль мэхний чадварыг эзэмшсэн мэт байдаг. Үүнээс гадна, тэрээр энэ тоглоомд хэзээ ч бууж өгөөгүй; эдгээр зальжин ур чадварын эх үүсвэрийг хэн ч, хэзээ ч нэгд нэггүй хараагүй. Үүний үр дүнд хүн өөрийн мэдэлгүй хууран мэхлэлт дунд амьдардаг ба тэр өөрийгөө уучилдаг юм шиг, Намайг зориуд хуурдаг гэхээсээ илүү энэ нь Бурханы зохицуулалт юм шиг байдаг. Энэ нь Намайг мэхлэх хүний хууран мэхлэлтийн жинхэнэ эх сурвалж биш гэж үү? Энэ нь түүний зальхай арга ухаан биш гэж үү? Би хүний ов заль болон бялдуучлалаас болж хэзээ ч будилаагүй, учир нь Би олон жилийн өмнө түүний мөн чанарыг ойлгож авсан юм. Түүний цусанд хэр их хольц байдгийг болон түүний чөмгөн дотор Сатаны хэр их хор байдгийг хэн мэдэх билээ? Хүн Сатаны учруулсан хор хөнөөлийг мэдрэхээ болих хүртлээ өдөр ирэх тусам үүнд дасдаг, тиймээс “эрүүл оршин тогтнох урлагийг” олж мэдэх ямар ч сонирхолгүй байдаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “21-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 370

Хүн гэрэл дунд амьдардаг боловч гэрлийн эрхэм нандиныг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанар, гэрлийн эх сурвалж, түүнчлэн гэрэл хэнд харьяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрэл өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шинжилдэг: Гэрлээс болж бүх хүн өөрчлөгдөж, өсөж байгаагийн дээр харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн өнцөг булан бүрийг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтэнд хөлдсөнийг, мөн гэрэл ирснээс болоод хүмүүс илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад гэсэндээ Зүүн зүг рүү харахыг үзсэн—гэсэн ч хүн будан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн юм. Бүхий л дэлхий мананд хучигдсан учраас үүлсийн дундаас харахад минь хэн ч, хэзээ ч Миний оршин тогтнолыг олж мэдээгүй. Хүн газар дэлхий дээр ямар нэг зүйлийг эрж хайж байгаа; тэр хоол хүнс хайж байгаа мэт санагддаг; мөн Миний ирэхийг хүлээхээр санаархаж байгаа мэт харагддаг—гэсэн ч тэр Миний өдрийг мэддэггүй, Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн харж л чадна. Би бүх хүний дундаас Миний зүрх сэтгэлд үнэхээр нийцдэг хүмүүсийг эрж хайдаг. Би бүх ард түмний дунд алхаж, бүх ард түмний дунд амьдардаг ч хүн газар дээр эсэн мэнд, эрүүл саруул байдаг болохоор Миний зүрх сэтгэлд үнэхээр нийцдэг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, Миний үйлдлийг харж чаддаггүй ба гэрлийн дотор алхаж, гэрлийн тусгалд байж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг үргэлж эрхэмлэдэг ч Сатаны зальжин арга мэхийг нэвт харах чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлдээ хүссэнээ хийж чаддаггүй. Хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Түүнийг өргөмжлөх үед минь тэр үнэ цэнгүйгээ мэдэрдэг боловч үүнээсээ үүдэн Миний сэтгэлийг хангалуун байлгахаар хичээдэггүй. Тэр зүгээр л Миний өгсөн “байр суурийг” гартаа бариад шинжилдэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй хандаж, харин өөрийн байр суурийн ерөөлд шунаглан зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал бус уу? Уулс нүүхдээ чиний байр суурийн төлөө тойруу замаар явж болно гэж үү? Ус урсахдаа хүний байр суурийн өмнө урсахаа больж болно гэж үү? Тэнгэр, газар хүний байр сууриас болж орвонгоороо эргэж болно гэж үү? Би нэгэнтээ хүнд ахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэтэл хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй. Тэд үүнийг зүгээр л түүх мэт сонссон, эсвэл тууж шиг уншсан. Миний үг хүний зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөдөггүй юм гэж үү? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй гэж үү? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй; харин ч Над руу дайрч давшлахын тулд Сатантай нэгдэж, Сатаныг Надад үйлчлэх “хөрөнгө” болгон ашигладаг. Би Сатаны бүх зальжин явуулгыг нэвт харж, газар дэлхийн хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн авдгийг болиулна, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “22-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 371

Миний нүдэнд хүн бол бүх зүйлийн захирагч юм. Би түүнд багагүй хэмжээний эрх мэдэл өгч, газар дээрх бүх зүйл, уулан дээрх өвс ургамал, ой модон доторх амьтад, усан дахь загас зэргийг хүнээр удирдуулсан. Гэсэн ч үүнд баярлахын оронд хүн түгшүүрт автсан. Түүний бүхий л амьдрал шаналгаатай, яарч сандарсан, хоосон байдалд зугаа цэнгэл нэмсэн зүйл болсон; түүний бүхий л амьдралд ямар ч шинэ ололт, бүтээл байдаггүй. Хэн ч энэ хоосон хөндий амьдралаас ангижирч чадахгүй, хэн ч, хэзээ ч амьдралын утга учрыг олж илрүүлээгүй, хэн ч, хэзээ ч жинхэнэ амьдралыг туулаагүй. Хэдийгээр өнөөгийн хүмүүс бүгд Миний цацарсан гэрэл дор амьдардаг ч тэнгэр дэх амьдралын талаар юу ч мэдэхгүй. Хэрвээ Би хүнд өршөөнгүй хандахгүй, хүн төрөлхтнийг аврахгүй бол бүх хүн дэмий ирж, газар дээрх амьдрал нь утга учиргүй болох ба бахархах зүйл юу ч үгүйгээр дэмий явж одох болно. Бүх шашин, нийгмийн хүрээ, улс үндэстэн, шашны урсгал бүрийн хүмүүс бүгдээрээ газар дээрх хоосон байдлыг мэднэ, тэд бүгдээрээ Намайг эрж хайж, Намайг эргэн ирэхийг хүлээдэг—гэсэн ч Намайг ирэх үед хэн Намайг танин мэдэх чадвартай вэ? Би бүх зүйлийг бий болгосон, Би хүн төрөлхтнийг бүтээсэн, өнөөдөр Би хүмүүсийн дунд бууж ирсэн. Гэвч хүн Намайг няцааж, Надаас өшөө авдаг. Хүн дээр Миний хийдэг ажил түүнд ашиг тусгүй байдаг гэж үү? Би үнэхээр хүнийг сэтгэл хангалуун байлгах чадваргүй юм гэж үү? Яагаад хүн Намайг голдог вэ? Яагаад хүн Надад маш хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг вэ? Газар дэлхий яагаад цогцсоор бүрхэгдсэн бэ? Хүний төлөө Миний бүтээсэн ертөнцийн байдал үнэхээр энэ гэж үү? Би хүнд юутай ч харьцуулшгүй баялгийг өгсөн байхад тэр яагаад Надад хариуд нь хоосон гараа өгдөг вэ? Яагаад хүн Намайг үнэхээр хайрладаггүй вэ? Тэр яагаад хэзээ ч Миний өмнө ирдэггүй вэ? Миний бүх үг үнэхээр хий дэмий байсан юм гэж үү? Миний үг усны уур шиг алга болсон юм гэж үү? Хүн яагаад Надтай хамтран ажиллах дургүй байдаг юм бэ? Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч гэж үү? Миний хаанчлал бий болох үед Би үнэхээр хүнийг устгах юм гэж үү? Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний туршид яагаад хэн ч, хэзээ ч Миний хүслийг ойлгож байгаагүй вэ? Миний амнаас гарсан айлдваруудыг нандигнахын оронд хүн яагаад тэдгээрийг зэвүүцэж, голдог вэ? Би хэнийг ч ялладаггүй, харин зүгээр л бүх хүнийг тайвшруулж, өөрсдийгөө эргэцүүлэх ажил хийхэд хүргэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “25-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 372

Хүн Миний халуун дулааныг мэдэрч, Надад чин сэтгэлээсээ үйлчилсэн бөгөөд Миний өмнө чин сэтгэлээсээ захирагдаж, бүхнийг Миний төлөө, Миний өмнө хийсэн. Гэвч өнөөдөр хүмүүс үүнд хүрч чаддаггүй; тэд өлсгөлөн чононд бариулсан мэт сүнсээрээ л уйлдаг бөгөөд арга мөхөстөн Намайг харж, тасралтгүйгээр Над руу хашхирдаг. Гэвч эцэст нь тэд бэрхшээлээсээ зугтаж чаддаггүй. Урьд нь хүмүүс Миний өмнө амлалт өгч, Миний сайхан сэтгэлийг хайраараа хариулахын тулд тэнгэр, газраар тангараглаж байсныг Би санаж байна. Тэд Миний өмнө гашуудан уйлсан ба тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэвчихүйеэ бэрх байв. Би шийдвэрээс нь үүдэн хүмүүст үргэлж тусалдаг байлаа. Тоо томшгүй удаа хүмүүс Надад захирагдахаар Миний өмнө ирж, хайр татам төрх нь мартахын аргагүй байсан. Тоо томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр Намайг хайрлаж, чин сэтгэл нь биширмээр байв. Тоо томшгүй олон удаа тэд амиа золиослох хэмжээнд Намайг хайрлаж, Намайг өөрсдөөсөө илүү хайрласан—чин сэтгэлийг нь хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон удаа тэд үхэлтэй нүүр тулахаа үл хайхран Миний өмнө, Миний төлөө өөрсдийгөө өргөн барьсан ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, дүр төрхийг нь анхааралтайгаар дэнсэлж үзсэн. Би тэднийг нандин эрдэнэс мэт хайрлаж байсан удаа тоо томшгүй олон, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан удаа ч тоймгүй олон. Гэсэн ч Миний оюун санаанд юу байгааг хүн ухан ойлгох аргагүй хэвээр байдаг. Хүмүүсийг гуниглах үед Би тайвшруулахаар ирдэг, сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд зүг чиг өгдөг. Тэднийг уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэвч Намайг гуниглах үед хэн чин сэтгэлээсээ тайтгаруулж чадах билээ? Намайг туйлын их зовниж байх үед хэн Миний мэдрэмжийг анхаардаг билээ? Намайг гашуудах үед сэтгэлийн минь шархыг хэн анагааж чадах билээ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа Надтай хамтран ажилладаг билээ? Хүмүүсийн Надад хандаж байсан урьдын хандлага одоо гээгдээд, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад юу ч үлддэггүй юм бэ? Хүмүүс яаж энэ бүх зүйлийг мартаж орхив оо? Хүн төрөлхтнийг дайсан нь завхруулснаас энэ бүхэн болоогүй гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “27-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 373

Бурхан хүнийг бүтээсэн боловч хүний ертөнцөд ирэх үед нь дэлхийгээр тэнүүчилдэг өнчин хүүхэд, эсвэл улс оронгүй дэлхийн хүн мэт Түүнийг хүмүүс эсэргүүцэж, нутаг дэвсгэрээсээ хөөн зайлуулахаар чармайдаг. Хэн ч Бурханд сэтгэл татагддаггүй, хэн ч Түүнийг үнэхээр хайрладаггүй, Түүнийг ирэхэд хэн ч, хэзээ ч угтан аваагүй. Харин ч Бурханы ирэхийг харах үедээ тэдний баяр хөөртэй царай нүд ирмэхийн төдийд барайж, гэнэтийн шуурга болох гэж байгаа мэт, Бурхан гэр бүлийнх нь аз жаргалыг булаан авч магадгүй мэт, Бурхан хүмүүсийг хэзээ ч ерөөгөөгүй, харин тэдэнд үргэлж золгүй явдал л авчирч байсан мэт байдаг. Тиймээс хүний оюун ухаанд, Бурхан бол ашиг тусгүй, харин өөрсдийг нь үргэлж хараадаг Нэгэн юм. Үүнээс үүдэн хүмүүс Түүнд анхаарал хандуулдаггүй, Түүнийг угтан авдаггүй; Түүнд үргэлж хүйтэн хөндий ханддаг бөгөөд үргэлж л ийм байсаар ирсэн. Хүмүүсийн зүрх сэтгэлд ийм зүйлс байдаг учраас Бурхан, хүн бол эрүүл ухаангүй, ёс суртахуунгүй, мөн хүмүүст байх учиртай мэдрэмжүүдийг ч тэднээс харах аргагүй гэж хэлдэг. Хүмүүс Бурханы мэдрэмжийг огт хайхардаггүй, харин Бурхантай харьцахын тулд “зөвт байдал” гэгчийг ашигладаг. Тэд олон жилийн турш ийм байсаар ирсэн бөгөөд энэ шалтгааны улмаас Бурхан, тэдний зан чанар өөрчлөгдөөгүй гэж хэлсэн юм. Тэд хэдхэн өднөөс хэтрэхгүй мөн чанартай гэдгийг энэ нь харуулдаг. Хүмүүс өөрсдийгөө эрхэмлэдэггүй учраас тэднийг ямар ч үнэ цэнгүй өөдгүй амьтад гэж хэлж болно. Тэд бүр өөрсдийгөө ч хайрладаггүй, харин ч өөрсөд дээрээ гишгэлдэг бол тэдний үнэ цэнгүй байдлыг энэ нь харуулж байгаа бус уу? Хүн бол өөрөөрөө тоглож, доромжлуулахын тулд өөрийгөө бусдад сайн дураараа өгдөг завхай эмтэй адилхан. Тэгсэн ч гэсэн хүмүүс хэчнээн дорд болохоо мөн л мэддэггүй. Бусдын төлөө ажиллаж, бусадтай ярилцан, бусдын хяналт дор өөрсдийгөө байлгах нь тэдэнд таатай байдаг; энэ нь яг үнэндээ хүний бузар муухай байдал бус уу? Хэдийгээр Би хүмүүсийн дундах амьдралыг мэдэрч, хүний амьдралыг үнэхээр туулаагүй ч хүний хөдөлгөөн, үйлдэл, үг, үйл хэрэг бүрийг тун тодорхой ойлгодог болсон. Тэгээд бүр заль мэхээ илчилж зүрхлэхээ больж, шунал тачаалдаа автахаа болих хүртэл нь хүмүүсийн сэтгэлийн гүн дэх ичгүүрийг ч илчилж чаддаг. Эмгэн хумс дун руугаа буцан шургадаг шиг тэд үзэшгүй муухай байдлаа илчилж зүрхлэхээ больдог. Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учраас бусдын өмнө өөрсдийн увдисыг бэлхнээ гайхуулж, муухай төрхөө харуулдаг нь тэдний хамгийн том алдаа дутагдал юм; энэ бол Бурханы хамгийн их жигшдэг зүйл билээ. Учир нь хүмүүсийн хоорондох харилцаа хэвийн бус байдаг, хүмүүст хүн хоорондын хэвийн харилцаа дутагддаг, Бурхан, хүн хоёрын хооронд хэвийн харилцаа бүр ч байдаггүй. Бурхан маш ихийг хэлсэн бөгөөд ийн үйлдсэний гол зорилго нь хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэнд суурьшсан бүх шүтээнээс нь хүмүүсийг ангижруулах явдал юм. Тийнхүү Бурхан бүх хүн төрөлхтнийг захирч, газар дээр оршин тогтнох зорилгодоо хүрч чадна.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “14-р бүлэг”-ээс эш татав

Өмнөх: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь 1

Дараах: Амийн оролт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих