Бурханыг мэдэх нь 5

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 166

Бурханы зөвт зан чанарыг ойлгоход юу мэдэх нь чухал болохыг та нар мэдэж байна уу? Та нар энэ сэдвийн талаар туршлагаасаа ярих юм их байж магадгүй боловч эхлээд Би та нарт цөөн хэдэн гол зүйл хэлэх ёстой. Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн яддаг, юуг жигшдэг, юуг хайрладаг, хэнийг тэвчдэг, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Энэ бол нэг гол зүйл юм. Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэрээр хүмүүст хайр, өршөөлөө өгч, хүлээцтэй байдаг, гэвч тэднийг хэзээ ч бөөцийлөөгүй; Түүнд Өөрийн зарчим, Өөрийн хязгаар бий. Чи Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцдаг шигээ Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг ердөө л өөр нэг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө л өөр нэг бүтээл юм шиг, найз нь ч юм уу, шүтээн нь мэт үзвэл Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаяна. Энэ бол Түүний зан чанар бөгөөд хүмүүс энэ асуудалд гоомой хандах ёсгүй. Иймээс Өөрийнхөө зан чанарын талаар Бурхан үргэлж ингэж хэлдэг: Хэчнээн олон замаар аялсан чинь хамаагүй, хэр их ажил хийж, хэр их зовлон амссан чинь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хүн нэг бүрд хариу өгөх болно. Юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг боловч хүмүүс Түүнд найз шигээ, эсвэл хамаатан шигээ хандах ёсгүй. Бурханыг “найз аа” гэж бүү дууд. Чи Түүнээс хэр их хайр хүлээн авсан нь хамаагүй, Тэр чамайг хэчнээн их тэвчсэн нь хамаагүй, чи хэзээ ч Бурханыг зүгээр нэг найзтайгаа адил авч үзэх ёсгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Ойлгож байна уу? Энэ тухай Би нэмж ярих хэрэгтэй юу? Өмнө нь та нар үүнийг ойлгодог байсан уу? Хүн хоосон сургаалыг ойлгодог ч бай, үгүй ч бай, эсвэл өмнө нь энэ тухай огт бодоогүй ч бай, ерөнхийдөө энэ бол хүмүүсийн хамгийн амархан гаргадаг алдаа юм. Хүн Бурханыг уурлуулах нь нэг удаагийн тохиолдол юм уу хэлсэн ганц зүйлээс нь болдоггүй байж магад, харин ч тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол тун аймаар зүйл. Зарим хүн, Бурханы тухай ойлгодог, Бурханыг бага зэрэг мэддэг гэж боддог, тэд бүр Бурханы таалалд нийцэх зарим зүйлийг хийдэг ч байж мэднэ. Тэдэнд Бурхантай эн тэнцүү мэт, Бурхантай найзууд болсон мэт санагдаж эхэлдэг. Иймэрхүү мэдрэмж бол асар буруу. Хэрэв чи үүнийг гүнзгий ойлгодоггүй бол, тодорхой ойлгодоггүй бол Бурханыг маш хялбар уурлуулж, Бурханы зөвт чанарт халдана. Одоо чи үүнийг ойлгосон, тийм үү? Бурханы зөвт зан чанар цор ганц биш гэж үү? Энэ нь хүний зан төлөв юм уу ёс суртахууны байдалтай адилхан түвшинд байж ер нь болох уу? Хэзээ ч болохгүй. Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцдаг бай, хүмүүсийн тухай юу ч боддог бай хамаагүй, Бурханы байр суурь, эрх мэдэл, ялгамж чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэдгийг чи мартах ёсгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурхан бол үргэлж бүхний Эзэн ба Бүтээгч юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 167

I Түүх. Үр, газар, мод, нарны гэрэл, шувууд ба хүн

Нэг бяцхан үр газарт унажээ. Ширүүн бороо орж, өнөөх үр соёолон үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалахын хэрээр цаг улирал ээлжлэхийг харж, ширүүн салхи, аадар бороог даван туулсаар өчүүхэн соёо аяндаа ургалаа. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, улирлын аагим халууныг давахад нь тусалжээ. Газрын ачаар соёо халуунд нэрвэгдээгүй ба тийнхүү зуны хамгийн бэрх халууныг мэнд өнгөрөв. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэвэрч, тэд бие биедээ чанга наалджээ. Газар өнөөх соёог дулаацуулсны ачаар жихүүн салхи, цасан хуйг ажралгүй, өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдэв. Газрын нөмөр нөөлгөөр соёо зоримог, аз жаргалтай болжээ; газрын харамгүй бойжуулан тэжээсэн соёо эрүүл, чийрэг ургажээ. Соёо бороонд дуугаа дуулж, салхинд найган бүжиж, баяр баясалтай ургалаа. Соёо, газар хоёр бие биеэ түшиглэдэг…

Он жил өнгөрөхөд соёо маань сүглэгэр мод боллоо. Тоймгүй олон навчаар хучигдсан бахим олон салаа мөчиртэй болж, газар дээр бат байрлав. Үндэс нь урьдын адил газарт мөн л шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн соёог хамгаалж байсан газар одоо аварга модны суурь болжээ.

Нарны цацраг модон дээр тусав. Мод биеэ ганхуулж, мөчрөө алдлан дэлгээд нар туссан агаарыг гүнээ амьсгалдаг байв. Доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, шинэ болсон мэт санагддаг байв. Яг тэр үед модны мөчир дундаас сэвшээ салхи үлээж, мод баярлан намилзаж, эрч хүчээр оргилдог байлаа. Мод ба нарны гэрэл бие биеэ түшиглэдэг…

Хүмүүс модны сэрүүн сүүдэрт суугаад анхилуун цэнгэг агаарт баясжээ. Агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлж, тэдний бие алжаал ядаргааг мэдрэхээ болив. Хүмүүс ба мод бие биеэ түшиглэдэг…

Удалгүй модны мөчрүүд дээр бяцхан шувууд жиргэн эргэлдэх боллоо. Зарим нь махчдаас зугтаж, зарим нь ангаахайгаа бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж буусан байх. Шувуу ба мод бие биеэ түшиглэдэг…

Модны үндэс мушгирч, зангиран газарт гүн шигдэв. Модны их бие нь газрыг салхи, борооноос нөмөрлөн мөчрүүдээ дэлгэн доорх газраа хамгаалдаг байлаа. Газар өөрийнх нь эх байсан учраас мод ингэдэг байжээ. Тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ түшиглэдэг бөгөөд хэзээ ч салж хагацахгүй…

………………………

Миний дөнгөж сая ярьсан бүх зүйлийг та нар урьд нь харсан. Жишээ нь үр байна, үр ургаад мод болдог үйл явцыг чи нарийн мэдэхгүй байж болно, гэхдээ тэгдэг гэдгийг мэднэ, тийм биз дээ? Чи газрыг, нарны гэрлийг бас мэднэ. Шувууд модон дээр суусан байх нь хүн бүрийн харсан зүйл, тийм үү? Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Харсан.) Тэгэхээр энэ бүх жишээг нэг дүр зурагт багтаахад тийм зураг ямар мэдрэмж төрүүлэх вэ? (Эв зохицол.) Ийм дүр зургийн зүйлс бүгд Бурханаас ирдэг үү? (Тийм.) Тэд Бурханаас ирдэг тул энэ өөр өөр зүйлийн газар дээр оршин буйн үнэ цэн, ач холбогдлыг Бурхан мэддэг. Бурхан бүх зүйлийг төлөвлөж, бүтээхдээ санаа зорилготой хийсэн; Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдэнд амь шингээсэн. Хүн төрөлхтний оршин тогтноход зориулан Түүний бүтээсэн орчин нь яг л саяын түүхэнд өгүүлсэн үр ба газар бие биеэ түшиглэдэг, газар үрийг тэтгэж, үр газартай холбогддог тэр орчин юм. Энэ харилцааг Бурхан бүтээлийнхээ бүр эхэнд урьдчилан тогтоосон. Мод, нарны гэрэл, шувууд, хүмүүсийн дүрслэл бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах орчны зураглал юм. Нэгдүгээрт, мод газрыг орхиж чадахгүй, нарны гэрэлгүйгээр ч байж чадахгүй. Тэгэхээр Бурхан модыг бүтээсний зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хоорондох харилцаа юу вэ? Тэдний хоорондын харилцаа нь бие биеэ батжуулах, салж болшгүй харилцан хамаарал юм. Өөрөөр хэлбэл, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүмүүс оршин байхын тулд бие биеэ тулж түшдэг бөгөөд нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалдаг байхад газар модыг тэжээдэг; нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаар бий болгож, газарт тусах нарны төөнөм халууныг багасгадаг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүн төрөлхтөнд ашигтай байгаа биз? Энэ бол хүн төрөлхтний амьдардаг, Бурханы бүтээсэн орчны үндэс болсон зарчмуудын нэг юм; Бурхан үүнийг анхнаасаа ямар байлгахаар зорьсон нь энэ юм. Хэдий энэ нь жирийн нэг дүрслэл боловч бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чаддаг. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, бас шувуугүйгээр, нарны гэрэлгүйгээр амьдарч чадахгүй. Тийм биш үү? Энэ нь ердөө л нэг түүх боловч Бурханы бүтээсэн тэнгэр, газар ба бүх зүйл, мөн хүн төрөлхтөнд өгсөн Түүний бэлэг болох амьдрах орчны бичил ертөнцийг дүрслэн харуулдаг.

Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн бөгөөд бас амьдрах орчныг ч бүтээсэн. Нэгдүгээрт, энэ түүх бүх зүйл бие биеэ хүчирхэгжүүлдэг, харилцан хамаардаг ба зэрэгцэн оршдогийг гол зүйл болгон авч үздэг. Энэ зарчмын дор хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагддаг; энэ нь цаашид оршин тогтож чадах ба байсаар байна. Үүний үрээр хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Бидний үзсэн дүр зураг бол мод, газар, нар, шувууд, бас хүмүүсийн дүр зураг байсан. Энэ дүр зурагт Бурхан байсан уу? Түүнийг тэнд олж хараагүй, тийм үү? Гэхдээ хүн энэ үйл явдалд гарсан зүйлсийн хоорондын бие биеэ хүчирхэгжүүлэх ба харилцан хамаарах зүй тогтлыг харсан; энэ зүй тогтлоор дамжуулан хүмүүс Бурхан оршин буйг, Бурханы дээд эрхийг харж чаддаг. Бурхан эдгээр зарчим болон зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Тэр бүх зүйлийг хангаж, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх бидний гол сэдэвтэй холбоотой юу? Өнгөн талдаа холбоогүй юм шиг харагддаг боловч бодит байдал дээр Бурхан бүх зүйлийг бүтээсэн зүй тогтол болон бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэгтэй нь шууд уялдсан байдаг. Та нар жаахан юм сурч эхэлж байна!

Бүх зүйлийн үйл ажиллагааг удирддаг зүй тогтлыг Бурхан захирдаг; Тэрээр бүх зүйлийн амьдралыг удирддаг зүй тогтлыг захирдаг; Тэр бүх зүйлийг хянаж, бие биедээ хүч нэмж, түшиглэдэг болгосноор тэд мөхдөггүй, алга болдоггүй. Зөвхөн ингэснээр хүн төрөлхтөн амьдарсаар байж чадна; зөвхөн ингэснээр Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Бурхан бол үйл ажиллагааны эдгээр зүй тогтлын эзэн бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; Бурхан Өөрөө л энэ зүй тогтлуудыг мэддэг, бас Бурхан Өөрөө л удирддаг. Модод хэдийд нахиалах; бороо хэдийд орох; газраас ургамал ногоонд газар хэр их ус, хэр зэрэг шим тэжээл өгөх; ямар улиралд навчис унах; ямар улиралд мод жимслэх; нарны гэрэл модонд хэр их шим тэжээл өгөх; нарны гэрлээс шим тэжээл аваад мод юу ялгаруулах—энэ бүхнийг Бурхан бүх зүйлийг бүтээхдээ урьдчилан зохицуулсан бөгөөд хэн ч зөрчиж чадахгүй зүй тогтлууд юм. Бурханы бүтээсэн зүйлс амьд ч бай, эсвэл хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, бүгдээрээ Бурханы гарт, Түүний ноёрхол дор байдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар байхыг буюу газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан; хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан; мод бол шувуудын орон гэр бөгөөд салхинаас хоргодох нөмөр нь болно гэдгийг урьдаас тогтоочихсон. Нарны гэрэл үгүй бол мод ургаж чадах уу? (Үгүй.) Модонд зөвхөн газар байгаад хангалтгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Хүн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий эдгээр зүйлийн хамаарал нарийн төвөгтэй боловч Бурхан бүх зүйлийг захирах зүй тогтлуудыг бүтээсэн, ингэснээр бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршиж болох юм гэдгийг чи санах ёстой; Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүр үнэ цэн, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг. Энэ түүхэнд “хангах” гэдэг үг юуг хэлж байна вэ? Бурхан тэр модыг өдөр бүр усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэгтэй байна уу? (Үгүй.) Энд “хангах” гэдэг нь бүтээснийхээ дараа Бурхан бүх зүйлийг удирдахыг хэлдэг; тэдгээрийг захирах зүй тогтлыг бий болгосны дараа удирдах нь Бурханд хангалттай юм. Модны үрийг газарт тарьчихвал өөрөө ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Бурхан нарны гэрэл, ус, хөрс, агаар болон хүрээлэн буй орчныг бүтээсэн; салхи, жавар, цас, бороо, дөрвөн улирлыг Бурхан бүтээсэн. Эдгээр нь мод ургахад хэрэгтэй нөхцөлүүд бөгөөд Бурханы бэлдсэн зүйл юм. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн үү? (Мөн.) Бурхан модны навч нэг бүрийг өдөр бүр тоолох шаардлагатай уу? Үгүй! Бурхан бас модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй, эсвэл өдөр бүр “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэж хэлээд нарны гэрлийг сэрээх ч шаардлагагүй. Тэр тэгэх шаардлагагүй. Нарны гэрэл зүй тогтлын дагуу гийх цаг нь болоход аяндаа гийнэ; гарч ирээд гэрлээ модон дээр тусгаж, хэрэгтэй үедээ мод нарны гэрлийг шингээдэг бөгөөд хэрэггүй үед мод мөн л зүй тогтлоор амьдардаг. Та нар энэ үзэгдлийг тодорхой тайлбарлаж чадахгүй байж магадгүй, гэвч энэ нь хүн бүрийн харж, хүлээн зөвшөөрдөг бодит баримт юм. Хийх ёстой ганц зүйл чинь бүх зүйлийн оршин тогтнолын зүй тогтол Бурханаас ирдэг гэдгийг танин мэдэж, тэдний өсөлт болон оршин тогтнол Бурханы ноёрхолд байдаг гэдгийг мэдэх явдал юм.

Энэ түүхэнд “зүйрлэл” гэж хэлэхээр зүйл байна уу? Энэ нь хүнчлэл үү? (Үгүй.) Би та нарт үнэн түүх ярьсан. Бүх төрлийн амьд юмс, амьтай бүхэн Бурханд захирагддаг. Амьд зүйл бүрийг бүтээснийхээ дараа Бурхан амь өгсөн; амьтан нэг бүрийн амийг Бурхан өгсөн бөгөөд тэд өөрсдийг нь удирддаг замнал болон хуулийг мөрддөг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй, мөн үүнд хүний тусламж хэрэггүй; энэ бол бүх зүйлийг хангадаг Бурханы арга замын нэг юм. Та нар ойлгосон биз дээ? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй гэж та нар бодож байна уу? (Тийм.) Тэгвэл энэ түүх биологитой ямар нэгэн холбоотой юу? Үүнд ямар нэг мэдлэг, эсвэл судалгааны салбарт холбоотой юм байна уу? Бид энд биологи яриагүй, лав л биологийн судалгаа хийгээгүй байна. Бидний ярианы гол санаа юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Бүтээлийн дотроос та нар юу харсан бэ? Та нар мод харсан уу? Газар харсан уу? (Харсан.) Нарны гэрлийг бас харсан, тийм биз дээ? Модон дээр суусан шувуудыг харсан уу? (Харсан.) Хүн төрөлхтөн ийм орчинд амьдрахдаа аз жаргалтай байдаг уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний гэрийг хамгаалахын тулд Бурхан бүх зүйлийг—Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ашигладаг. Ингэж Тэр хүнийг болон бүх зүйлийг хангадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 168

II Түүх. Өндөр уул, жаахан горхи, хүчит салхи ба аварга давлагаа

Нэгэн жаахан горхи мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын бэлд ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи доройхон, нарийхан дуугаараа “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод урагшлах замыг минь хаагаад байна” гэжээ. “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж уул асуув. “Би гэрээ хайж байгаа юм аа” гэж горхи хариулав. Уул: “За, яв, яв, миний дээгүүр давж урсаад яв!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс зөвхөн уулын бэл даган урсаж чадах байлаа…

Хүчит салхи нөгөө уулын байгаа газраар элс шороо татуулсаар шуурав. Салхи уул руу хуугиж, “Намайг явуул!” гэсэнд уул “Чи хаашаа явж байна вэ?” гэв. “Би уулын нөгөө талд гармаар байна” гэж салхи улин хариулав. Уул: “За, за. Миний дундуур хуваагаад гарч чадвал явж болно!” гэв. Хүчит салхи ийшээ тийшээ ульж, хэчнээн ууртай үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ барж, амрах гээд намджээ. Харин уулын нөгөө талд сэвшээ салхи үлээх болж, хүмүүсийг баярлуулж байв. Уул ингэж хүмүүстэй мэндчилж байлаа…

Далайн эрэгт далайн хаялга хадат эргийг зөөлөн цохилон эргэдэг байжээ. Гэтэл нэгэн аварга давлагаа гарч ирээд уулын зүг шуугин чиглэв. “Замаас холд!” хэмээн аварга давлагаа хашхирав. “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж уул асуулаа. Их давлагаа давшилтаа зогсоож чадахгүй хүрхрэн “Би нутаг дэвсгэрээ тэлж байна! Гараа сунгамаар байна!” гэв. Уул: “За, за. Миний оройг давж чадвал чамд би зам тавьж өгнө” гэлээ. Их давлагаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давлагаалав. Гэвч хэчнээн их хичээсэн ч уулын оргилд хүрч чадсангүй. Давлагаа далайдаа аажуухан буцахаас өөр аргагүйджээ…

Хэдэн мянган жилийн турш бяцхан горхи уулын бэлээр зөөлхөн хоржигнон урсжээ. Бяцхан горхи уулын заасан замыг даган явсаар гэртээ ирж, голд нийлж, гол нь далайд цутгав. Уулын халамж дор бяцхан горхи хэзээ ч төөрсөнгүй. Горхи, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биеэ түшиглэжээ; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.

Хэдэн мянган жилийн турш хүчит салхи зуршлаараа ульж байлаа. Хүчит салхи мөн л ууланд “зочлохоор” байнга элс шороо хуйлруулсаар ирдэг байв. Уулыг сүрдүүлэвч дундуур нь гарч хэзээ ч чадсангүй. Салхи, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биедээ түшиглэсэн; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.

Хэдэн мянган жилийн турш аварга давлагаа огт амарч намжсангүй, нутаг дэвсгэрээ тасралтгүй тэлэн хайр найргүй давшсаар байлаа. Давлагаа байсхийгээд л уулын өөдөөс хүрхрэн түрэх боловч уул ямхын төдий ч хөдөлсөнгүй. Уул далайг харж хандаж, ийм маягаар далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгджээ. Давлагаа, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биедээ түшиглэсэн; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.

Энэ түүх маань дууслаа. Эхлээд, энэ түүх юуны тухай байсныг Надад хэл дээ. Юуны өмнө нэг өндөр уул, бяцхан горхи, хүчит салхи, аварга давлагаа байсан. Бяцхан горхи ба өндөр уултай эхний хэсэгт юу болсон бэ? Би яагаад өндөр уул, бяцхан горхины талаар ярьж байна вэ? (Уулын халамж дор горхи хэзээ ч төөрөөгүй. Тэд бие биедээ түшиглэсэн.) Уул бяцхан горхийг хамгаалсан уу, саад болсон уу? (Хамгаалсан.) Гэхдээ саад болоогүй гэж үү? Уул, горхи хоёр бие биедээ анхаарч байсан; уул горхийг хамгаалж, бас саад болсон. Голд нийлж байсан болохоор уул горхийг хамгаалсан, гэхдээ бас хүмүүст үер усны аюул учруулж болзошгүй газраар урсгахгүйн тулд уул замыг нь хааж байсан. Уг хэсгийн санаа энэ мөн үү? Горхийг хамгаалж, мөн саатуулснаар уул хүмүүсийн орон гэрийг хамгаалсан. Дараа нь бяцхан горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан. Энэ нь горхины оршин тогтнолыг захирдаг зүй тогтол биш гэж үү? Горхи голд нийлж, дараа нь далайд цутгах боломжийг юу өгсөн бэ? Уул биш гэж үү? Тэр горхи уулын хамгаалалт болон саадад түшиглэсэн. Тэгэхээр энэ гол санаа нь мөн үү? Энд усны хувьд уул хэр чухал болохыг чи харж байна уу? Бурхан өндөр, нам уул бүрийг бүтээхдээ зорилготой байсан уу? (Тийм.) Нэг бяцхан горхи, өндөр уулаас өөр юм гардаггүй энэ богинохон хэсэг нь Бурханы бүтээлийн энэ хоёр зүйлийн үнэ цэн, ач холбогдлыг бидэнд харуулдаг; Бурхан энэ хоёр зүйлийг захирч байгаагаас бид Түүний мэргэн ухаан болон зорилгыг бас харж чаддаг. Тийм биш гэж үү?

Уг түүхийн хоёр дахь хэсэг юуны тухай байсан бэ? (Ширүүн салхи ба өндөр уул.) Салхи сайн зүйл мөн үү? (Мөн.) Заавал сайн биш, заримдаа салхи хэт ширүүсвэл гай гамшиг учруулдаг. Хэрвээ чамайг ширүүн салхинд зогсоовол чамд ямар санагдах вэ? Салхины хүчээс хамаарна, тийм үү? 3–4 дүгээр түвшний хүчтэй салхинд бол тэсээд байж чадна. Хамгийн ихдээ л нүдээ нээхэд хэцүү байна байх. Харин салхи ширүүсэж, хар салхи дэгдвэл чи тэсэж чадах уу? Чи чадахгүй. Тэгэхээр хүмүүс салхийг үргэлж сайн, эсвэл үргэлж муу гэж хэлэх нь буруу, учир нь салхи хэр хүчтэйгээс энэ нь шалтгаалдаг. Тэгвэл уул энд ямар үүрэгтэй байсан бэ? Салхины шүүлтүүр байсан биш гэж үү? Уул ширүүн салхийг юу болгож бууруулсан бэ? (Сэвшээ салхи.) Тэгвэл, хүмүүсийн суудаг орчинд дийлэнх хүмүүсийн хүрч, мэдэрч чаддаг салхи нь хүчтэй салхи байсан уу, эсвэл сэвшээ салхи байдаг уу? (Сэвшээ салхи.) Энэ нь Бурханы нэг зорилго, уулсыг бүтээхдээ агуулсан санаа зорилгынх нь нэг биш гэж үү? Салхинд элс нүүр нүдгүй хийсэж, хааж, шүүх юмгүй орчинд амьдарвал хүмүүст ямар байх бол? Хаа сайгүй элс, шороо боссон газар амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн чулуунд цохиулж магадгүй, эсвэл элс орж нүдийг нь сохолж болзошгүй. Хүмүүс салхинд унах юм уу дээш хийсэж ч магадгүй. Барилга байшин нурж, бүх төрлийн гай гамшиг нүүрлэж болно. Гэхдээ хүчтэй салхинд үнэ цэн бий юу? Би салхи муу гэсэн болохоор салхи ямар ч үнэ цэнгүй юм гэж санагдах байх, гэхдээ тийм гэж үү? Сэвшээ салхи болж хувирмагцаа үнэ цэнтэй болдог бус уу? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Тэднийг зөөлөн илбэх, сэргээж, толгойг нь амраах, ухааныг нь хурцлах, сэтгэл санааг нь засаж, сайжруулах зөөлөн сэвшээ салхи хэрэгтэй. Жишээ нь, та нар олон хүнтэй, бүгчим агаартай өрөөнд сууж байвал юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь бүгчим, бохир газар очиход хүний бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, ухаан санаа нь муудаж болно. Харин агаар жаахан эргэлт хөдөлгөөнд орвол цэнгэг болж, цэнгэг агаарт хүмүүсийн байдал ч дээрддэг. Хэдий бяцхан горхи, хүчтэй салхи гамшиг учруулж болох байсан ч уул байгаа цагт тэр аюулыг хүмүүст ашиг тустай зүйл болгон хувиргана. Тийм биш гэж үү?

Түүхийн маань гурав дахь хэсэг юуны тухай байсан бэ? (Өндөр уул ба аварга давлагаа.) Өндөр уул ба аварга давлагаа. Энэ хэсэгт уулын бэлийн далайн эргийг дүрсэлжээ. Бид уул, далайн хаялга, аварга давлагааг харж болно. Энэ тохиолдолд аварга давлагааны хувьд уул юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Хамгаалагчийн хувьд далайг үгүй болголгүй байлгадаг, ингэснээр дотор нь амьдардаг амьтад үржиж олширч чадна. Хаалт болохын хувьд гэвэл, далайн ус хальж урсан гамшиг тарихаас, хүмүүсийн гэр орныг эвдэж сүйтгэхээс хамгаалдаг. Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох юм.

Энэ бол өндөр уул ба бяцхан горхи, өндөр уул ба ширүүн салхи, өндөр уул ба аварга давлагааны хоорондох холбооны ач холбогдол юм; энэ бол тэдний бие биедээ хүч нэмж, бие биеэ хязгаарлаж, зэрэгцэн оршдогийн ач холбогдол юм. Бурханы бүтээсэн эдгээр зүйл оршин тогтнохдоо зүй тогтол, хуульд захирагддаг. Энэ түүхээс та нар Бурханы ямар үйл хэргийг харсан бэ? Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа зөнд нь орхисон уу? Бурхан тэднийг зүй тогтолтой болгож, чиг үүргийг нь тогтоосныхоо дараа юу л болбол болог гээд зөнд нь хаясан уу? Ийм зүйл болсон гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан бэ? Бурхан бас л хяналтдаа байлгадаг. Бурхан ус, салхи, давлагааг хянадаг. Тэднийг эмх замбараагаа алдаж, эсвэл хүмүүсийн гэр орныг эвдэж, сүйдлэхийг Бурхан зөвшөөрдөггүй. Тийм болохоор хүмүүс энэ газар нутагт амьдарч, өсөж үржиж чаддаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдний оршин тогтнолын зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ хүнд өгөх ашиг тусыг нь бодсон бөгөөд Тэр бас тэдгээрийг хянаж байдаг, ингэснээр энэ нь хүн төрөлхтөнд төвөг, гамшиг учруулахгүй юм. Хэрвээ Бурханы удирдлага байгаагүй бол ус замбараагүй урсах байсан биш үү? Салхи замбараагүй шуурах байсан биш үү? Ус, салхи зүй тогтлыг дагадаг уу? Хэрвээ Бурхан тэднийг удирдаагүй бол тэднийг захирах ямар ч зүй тогтол байхгүй байх байсан бөгөөд салхи ульж, ус задарч, үер ус нэрвэх байсан. Хэрвээ давлагаа уулнаас өндөр байсан бол далай оршиж чадах байсан уу? Чадахгүй байсан. Уул хэрвээ давлагаа шиг өндөр байдаггүй бол далай оршихгүй байсан бөгөөд уул үнэ цэн, ач холбогдлоо алдах байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 169

Бурхан оршин буй бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Тэр оршин буй бүхнийг захирдаг; Тэр бүхнийг удирдаж, хангаж, оршин буй бүхний үг, үйлдэл бүрийг нь харж, гярхай ажигладаг. Тэр бас хүний амьдралын булан тохой бүрийг харж, гярхай ажигладаг. Иймээс Бурхан бүтээлд нь багтдаг юм бүрийн чиг үүрэг, шинж чанар, оршин тогтнох зүй тогтлоос нь эхлээд амьдралынх нь ач холбогдол, оршин тогтнолынх нь үнэ цэнийг нэгд нэггүй тодорхой мэддэг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тэдгээрийг захирдаг зүй тогтлыг Бурхан судлах хэрэгтэй гэж та нар бодож байна уу? Энэ тухай судалж, ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, эсвэл шинжлэх ухааныг сурах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтний дотор бүх зүйлийг Бурханы адил ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй, тийм үү? Бүх зүйл хэрхэн амьдарч, өсдөгийг үнэхээр ойлгодог одон оронч, биологич байдаг уу? Юм бүхний оршин тогтнолын үнэ цэнийг тэд үнэхээр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад гэвэл, бүх зүйлийг Бурхан бүтээсэн болохоор хүн хэчнээн их, хэчнээн гүнзгий судалсан ч, хэчнээн жил чармайсан ч, Бурхан бүх зүйлийг бүтээсний нууц болон зорилгыг хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Тийм биш гэж үү? Энэ хүртэл хэлэлцсэн болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн үгийн жинхэнэ утгыг та нар бага ч атугай ойлгож чадав уу? (Тийм.) Намайг “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг энэ сэдвийг ярихад олон хүн шууд л “Бурхан бол үнэн, биднийг хангахын тулд Бурхан үгээ ашигладаг” гэх өөр үгийн тухай бодохоос биш тэр сэдвийн учир утгын түвшнээс цааш бодохгүй гэдгийг Би мэдэж байсан. “Бурхан хүний амьдралыг хангаж, өдөр тутмын хоол унд, хэрэгцээг хангадаг нь хүнийг хангаж байгаад тооцогдохгүй” хэмээн боддог хүмүүс ч бий. Зарим хүнд ингэж санагддаггүй гэж үү? Хүн төрөлхтнийг хэвийн оршин тогтнуулж, амьдруулахын тулд бүх зүйлийг бүтээсэн Бурханы санаа зорилго тун тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг хэвээр хадгалж, хүн төрөлхтний оршин тогтнолд хэрэгтэй бүхнээр хангадаг. Түүнчлэн бүх зүйлийг удирдаж, ноёрхдог. Энэ бүхэн нь хэвийн байдлаар амьдарч, хөгжиж, үржих боломжийг хүн төрөлхтөнд олгодог; Бурхан ийм арга барилаар бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангадаг. Ийм юмыг хүмүүс танин мэдэж, ойлгох хэрэгтэй биш гэж үү? Зарим хүн: “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай бидний мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэж ойлгох нь зөв үү? (Үгүй.) Яагаад буруу вэ? Бурханы хэлсэн зүйлийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л хүлээн зөвшөөрвөл Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы зан чанарын жаахан хэсгийг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг л мэддэг бол Бурханы тухай ойлголттой болоход тэр нь хангалттай гэж үзэх үү? (Үгүй.) Бурханы үйлдэл бүх зүйлийг бүтээхээс эхэлдэг ба өнөөдөр ч үргэлжилдэг—Бурханы үйлдлүүд цаг үргэлж, хором бүрд илэрхий байдаг. Бурхан нэг бүлэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажилладаг учраас л Бурхан оршдог болохоос биш өөр юу ч Бурханы эрх мэдэл, ялгамж чанарт ч, үйлдэлд ч хамаагүй гэж итгэдэг бол ийм хүнийг Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэж үзэж болох уу? “Бурханы тухай мэдлэг” гэгчтэй хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд үүнийхээ дагуу Түүний үйл хэргийг зөвхөн нэг бүлэг хүмүүсээр хязгаарладаг. Энэ нь Бурханы тухай жинхэнэ мэдлэг мөн үү? Бурханы талаар иймэрхүү мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнд анхаарал хандуулахыг хүсдэггүй, харин “Бурхан бүх зүйлийг ноёрхдогийг би хараагүй. Энэ санаа надаас хэтэрхий хол зүйл, би ойлгох гэж оролдох ч үгүй. Бурхан юу хүссэнээ хийдэг, энэ нь надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн авахад анхаарна, ингэснээр би Бурханаар авруулж, төгс болгуулж чадна. Надад өөр юу ч хамаагүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон ч бай, бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангахдаа юу ч хийдэг бай, надад огт хамаагүй” гэж боддог. Энэ ямар гээчийн яриа вэ? Энэ тэрслүү үйлдэл биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө хэлэхгүй ч гэсэн та нараас олон хүн ингэж боддогийг Би мэднэ. Дүрэм журмыг ягштал баримталдаг ийм хүмүүс аливаа юмыг өөрсдийн “сүнслэг” үзэл бодлын үүднээс хардаг. Тэд Бурханыг Библиэр хязгаарлаж, Өөрийнх нь хэлсэн үгээр Бурханыг хязгаарлаж, бичигдсэн үгийн үгчилсэн утгаар Бурханыг хязгаарлахыг л хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй, мөн Бурхан өөр зүйл хийхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэггүй. Ийм төрлийн бодол гэнэн бөгөөд дэндүү шашинлаг. Ийм үзэл бодол баримталдаг хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Бурханыг мэдэхэд тэдэнд тун хэцүү байх болно. Өнөөдөр Би дор бүрнээ өөр өөр талыг хөндсөн хоёр түүх ярилаа. Эдгээрийг дөнгөж сонсоход та нарт гүнзгий утгатай, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, ухаарч ойлгоход хэцүү ч юм шиг санагдаж болох юм. Тэдгээрийг Бурханы үйлдэлтэй болон Бурхантай Өөртэй нь холбоход хэцүү байж магад. Гэхдээ Бурханы бүх үйлдлийг, бүтээлд болон хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүхнийг хүн бүр, Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн бүхэн тодорхой, үнэн зөв мэдэх ёстой. Энэхүү мэдлэг Бурхан үнэхээр оршдог гэдэг итгэлд чинь баталгаа өгнө. Энэ нь бас чамд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг талаар үнэн зөв мэдлэг өгнө. Энэ нь чамд Бурханы жинхэнэ оршин тогтнол бол зохиомол биш, үлгэр домог биш, тодорхойгүй биш, онол биш бөгөөд нэг төрлийн шашны тайтгаруулах зүйл яавч биш, харин жинхэнэ оршин байдаг гэдгийг тодорхой ойлгуулна. Түүнчлэн Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг үргэлж хангаж байдаг; Бурхан үүнийг Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө хэмнэлээр хийдэг гэдгийг мэдэх боломжийг хүнд олгодог. Тэгэхээр, Бурхан бүх зүйлийг бүтээгээд тэдэнд зүй тогтол өгсөн болохоор Түүний урьдчилан тогтоосноор тэд тус бүрдээ өөрсдөд нь ноогдсон ажлыг хийж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх чаддаг; Бурханы урьдчилан тогтоосноор юм бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин амьдардаг орон зай, хүрээлэн буй орчны төлөө байдаг. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол Бурханд итгэж, Түүнийг дагах нь хүн төрөлхтөнд боломжгүй байх байсан; энэ нь ердөө л хий дэмий яриа болох байсан. Тийм биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 170

Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх үгтэй холбоотой олон сэдэв, нэлээд агуулгыг хэлэлцсэн, гэхдээ Бурхан та нарыг Өөрийн үгээр хангаж, та нар дээр Өөрийн гэсгээлт, шүүлтийн ажлыг гүйцэтгэхээс гадна хүн төрөлхтөнд ямар зүйлс хайрладгийг та нар зүрх сэтгэлдээ мэддэг үү? Зарим хүн “Бурхан надад нигүүлсэл, ерөөл хайрладаг; Тэр надад сахилгажуулалт, тайтгарал өгч, намайг бүхий л байдлаар халамжилж, хамгаалдаг” гэж хэлж магад. Нөгөө хэсэг нь “Бурхан надад өдөр бүр хоол, унд хайрладаг” гэж хэлдэг бол зарим нь бүр “Бурхан надад бүхнийг хайрласан” гэж хэлнэ. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгардаг тэдгээр асуудалд та нар, өөрсдийн махан биеийн амьд туршлагын цар хүрээтэй холбоотой байдлаар хариу үйлдэл үзүүлж болох юм. Бурхан хүн бүрд олон зүйлийг хайрладаг, гэхдээ энд бидний хэлэлцэж байгаа зүйл зөвхөн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний хүрээнд хязгаарлагдахгүй, харин хүн бүрийн харах өнцгийг тэлж, аливааг томоор харах боломж олгох зорилготой юм. Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж тул Тэр бүх зүйлийн амийг хэрхэн тэтгэдэг вэ? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг оршин тогтнуулахын тулд тэдний оршин тогтнол болон оршин тогтнолынх нь хуулийг хадгалах гэж Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлд юу өгдөг вэ? Энэ бол бидний өнөөдрийн хэлэлцүүлгийн гол санаа юм… Та нар энэ сэдэв болон Миний ярих зүйлсийг аливаа мэдлэг, хүмүүний соёл, судалгаатай биш харин Бурханы үйл хэрэгтэй холбож ойлгож чадна гэж Би найдаж байна. Би зөвхөн Бурхан болон Бурханы Өөрийнх нь талаар ярьж байна. Энэ бол Миний та нарт өгөх санаа юм. Та нар ойлгож байгаа гэдэгт Би итгэлтэй байна!

Бурхан хүн төрөлхтөнд олон зүйл хайрласан. Би хүмүүсийн харж чадах зүйл, өөрөөр хэлбэл, тэдний мэдэрч чадах зүйлийн талаар яриагаа эхэлнэ. Эдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, ойлгож чадах зүйлс юм. Иймд Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангасан талаар ярихдаа эхлээд материаллаг ертөнцийн талаарх хэлэлцүүлгээс эхэлцгээе.

1. Агаар

Эхлээд Бурхан хүнийг амьсгалаг гэж агаарыг бүтээсэн. Агаар бол өдөр тутмын амьдралдаа хүмүүсийн хүрэлцэж болдог бодис бөгөөд хором бүрд, бүр унтаж байхдаа ч гэсэн хүмүүсийн хамааралтай байдаг зүйл юм. Бурханы бүтээсэн агаар бол хүн төрөлхтөнд асар чухал: Энэ нь амьсгалах бүрд, амьдрахад нэн чухал юм. Зөвхөн мэдэрч л болохоос харж болохгүй энэхүү бодис нь Өөрийн бүтээсэн бүх зүйлд Бурханы өгсөн хамгийн анхны бэлэг байсан юм. Гэвч агаарыг бүтээснийхээ дараа Бурхан ажлаа дууссан гэж үзээд больсон уу? Эсвэл Тэр агаарын нягтшил ямар байхыг бодолцсон уу? Тэр агаарын агууламжид юу байхыг бодолцсон уу? (Тэгсэн.) Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бэ? Бурхан яагаад агаарыг бүтээсэн бэ, үүнийг бүтээсэн шалтгаан нь юу вэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох ёстой. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Үнэндээ энэ асуултын тоо эсвэл мэдээлэлтэй холбоотой хариултыг хүмүүс мэдэх гойд хэрэгцээ байхгүй, хариултыг нь мэдэх бараг шаардлагагүй—ерөнхий ойлголттой байхад яг л хангалттай. Бурхан, хүний уушги амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, Тэрээр, амьсгалаар нь дамжин хүний биед амархан орж болохоор, амьсгалах үед биед нь хор хөнөөл учруулахааргүй байхаар агаарыг бүтээсэн. Бурхан агаарыг бүтээхдээ эдгээрийг бодолцсон. Дараагийн бидний ярилцах зүйл бол агаар юу агуулдаг тухай юм. Агаарын агууламж хүмүүст хоргүй, уушги, биеийн аль нэг эд эрхтнийг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг бодолцож үзэх хэрэгтэй байсан. Хүний амьсгалдаг агаар биед саадгүй орж, гарч байх хэрэгтэй, мөн амьсгалсны дараа агаар доторх бодисын шинж чанар, тоо хэмжээ нь цус, түүнчлэн уушги болон бие дэх хэрэггүй агаар бүхэлдээ зохих ёсоор бодисын солилцоонд орохуйц байхыг бодолцох ёстой болсон. Түүнчлэн агаарт ямар ч хортой бодис агуулагдах ёсгүй байхыг Тэр бодолцох ёстой байлаа. Агаарын энэхүү хоёр стандартын талаар Би та нарт хэлж байгаа нь тодорхой нэг мэдлэгээр хангах гэсэн юм биш, харин Бурхан Өөрийн бүтээл дэх юм болгоныг бүтээхдээ бодсоныхоо дагуу бүтээсэн, Түүний бүтээсэн бүхэн нь байж болох хамгийн сайн нь гэдгийг та нарт харуулахыг зорьсон юм. Түүнээс гадна, агаар дахь тоосны хэмжээ; газар дээрх тоос, элс, шорооны хэмжээ; түүнчлэн тэнгэрээс газар луу туугдан ирдэг тоосны хэмжээний тухайд гэвэл, тэдгээрийг арилгах, задлах арга зам гээд эдгээр зүйлийг удирдах Өөрийн гэсэн арга зам ч бас Бурханд байдаг. Тодорхой хэмжээний тоос байдаг ч гэсэн Бурхан, тоос бие махбод, хүний амьсгалд хор хөнөөл учруулахааргүй, тоосны өчүүхэн ширхгүүд нь бие махбодод аюулгүй байхуйц хэмжээтэйгээр бүтээсэн. Бурхан агаарыг бүтээсэн нь нууцлаг байгаа бус уу? Энэ нь амнаасаа жаахан агаар үлээхтэй эгээ л адилхан энгийн байсан уу? (Үгүй.) Түүний бүтээсэн хамгийн энгийн зүйлд ч Бурханы нууцлаг байдал, Түүний оюун ухааны ажиллаж байгаа байдал, Түүний сэтгэлгээний арга барил, Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой бус уу? (Тийм ээ, Тэр бодитой.) Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Бурхан эгэл зүйлийг бүтээхдээ ч хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө, хүний амьсгалдаг агаар цэвэр, агууламж нь хүн амьсгалахад зохимжтой, хоргүй, хүнд хор хөнөөл учруулдаггүй; агаарын нягтшил нь мөн л ижилхэн хүн амьсгалахад тохирсон байдаг. Хүмүүсийн тогтмол амьсгалж, гаргаж байдаг энэхүү агаар хүний биед, хүний махан биед нэн чухал юм. Иймээс хүмүүс саадгүй, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд ийнхүү хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурханы эхэнд нь бүтээсэн зүйл бөгөөд хүн амьсгалахад зайлшгүй шаардлагатай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 171

2. Температур

Бидний хэлэлцэх хоёр дахь зүйл нь температур юм. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн амьдрахад зохимжтой орчинд нэн чухал зүйл билээ. Жишээ нь, хэрвээ температур хэт өндөр, цельсийн 40 хэмээс дээш температуртай байлаа гэж бодоход хүмүүсийг маш ихээр туйлдуулах байсан бус уу? Тийм нөхцөлд амьдрахад хүмүүст хэцүү бэрх байх байсан бус уу? Хэрэв температур хэт бага байсан бол бас яах вэ? Температур цельсийн хасах 40 хэм хүрдэг байлаа гэж бодоход хүмүүс ийм нөхцөл байдлыг ч бас тэвчиж чадахгүй. Тиймээс Бурхан хүний биеийн дасан зохицож чадах температурын хэлбэлзлийн хязгаар болох ойролцоогоор цельсийн хасах 30 хэмээс 40 хэм байх энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан байдаг. Хойд зүгээс өмнө зүг хүртэлх газар нутаг дахь температур үндсэндээ энэ хязгаарын дотор байдаг. Хүйтэн бүс нутагт температур магадгүй цельсийн хасах тавь, жаран хэм хүртэл буурч болно. Бурхан ийм бүс нутагт хүмүүсийг амьдруулахгүй байсан. Тэгвэл яагаад ийм тэсгэм хүйтэн бүс нутаг байдаг вэ? Үүнд зориулсан Өөрийнх нь мэргэн ухаан, санаа зорилго Бурханд бий. Тэр чамайг тийм газруудын ойр явуулахгүй. Бурхан хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг нь хүнийг тэнд амьдруулахаар төлөвлөөгүй гэсэн үг юм. Эдгээр газар нь хүн төрөлхтөнд зориулагдаагүй. Гэхдээ Бурхан яагаад ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ энэ газруудад хүн суурьшиж, бүр амьд үлдэхийг Бурхан зөвшөөрөхгүй юм бол Бурхан тэдгээрийг яах гэж бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан энд оршдог. Өөрөөр хэлбэл, хүний амьдрах орчны температурын хязгаарыг Бурхан ул суурьтайгаар тохируулсан. Энд ч бас байгалийн хууль үйлчилж байдаг. Температурыг хадгалж, барихын тулд зарим нэг зүйлийг Бурхан бүтээсэн. Тэдгээр нь юу вэ? Юуны өмнө, нар хүмүүст дулаан илчийг авчирдаг боловч энэхүү дулаан илч нь хэтэрхий их бол хүмүүс тэвчиж чадах уу? Наранд ойртож зүрхлэх хүн бий юу? Наранд дөхөж очиж чадах ямар нэгэн шинжлэх ухааны төхөөрөмж дэлхий дээр бий юу? (Үгүй.) Яагаад чадахгүй вэ? Нар хэт халуун. Хэтэрхий ойртсон ямар ч зүйл хайлна. Тиймээс Бурхан, хүн төрөлхтний дээр байх нарны өндөр, нар хүн хоёрын хоорондох зайг Өөрийн нарийн тооцоо, стандартын дагуу тогтоох гэж тусгайлан ажилласан. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд гэсэн хоёр туйл бий. Энэхүү бүс нутгууд тэр чигээрээ хөлдсөн, мөнх цэвдэгтэй. Хүн төрөлхтөн мөнх цэвдэгтэй бүс нутагт амьдарч чадах уу? Ийм газар нутаг хүн амьдрахад тохиромжтой юу? (Үгүй.) Хүн амьдрахад тохиромжгүй учраас ийм газрууд руу хүмүүс явдаггүй. Хүмүүс Хойд ба Өмнөд туйл руу явдаггүй болохоор мөнх цэвдэг нь хэвээр хадгалагдаж, температурыг барих үүргээ гүйцэтгэж чаддаг. Ойлгов уу? Хэрвээ Хойд, Өмнөд туйл гэж байхгүй байсан бол нарны байнгын халуун дэлхий дээрх хүмүүсийг мөхөхөд хүргэнэ. Гэвч Бурхан гагцхүү энэ хоёр зүйлээр л температурыг хүн амьдрахад тохирсон хязгаарт байлгадаг уу? Үгүй, нарны халууныг шингээн авч, ингэснээрээ, хүн төрөлхтний амьдардаг орчны температурыг тохируулахаар нарны дулааны эрчим хүчийг саармагжуулдаг төрөл бүрийн амьд зүйлс, тухайлбал хээр талын өвс ногоо, ойн янз бүрийн мод, бүх төрлийн ургамал бий. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх үүсвэр байдаг. Гол мөрөн, нуур бүрхэх талбайг хэн ч шийдэж чадахгүй. Дэлхий дээр хэр зэрэг их ус байх, тэр ус хаашаа урсах, урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хэн ч хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газрын гүний уснаас эхлээд газар дээрх нүдэнд үзэгдэх гол мөрөн, нуур зэрэг эдгээр янз бүрийн усны эх үүсвэр нь хүний амьдардаг орчны температурыг мөн зохицуулж чаддаг. Усны эх үүсвэрээс гадна, уул, тал, хавцал, намгархаг газар гээд бүгд газар зүйн цар хүрээ, талбайтайгаа тэнцүү хэмжээгээр температурыг зохицуулдаг бүх төрлийн газар зүйн тогтоц бас бий. Жишээлбэл, хэрвээ уул 100 километрийн тойрогтой бол тэрхүү 100 километр нь 100 километрийн хэмжээний ашиг тус өгнө. Бурхан, ийм уул, хавцал хэр олныг газар дээр бүтээсэн тухайд гэвэл, энэ тоог Бурхан бодолцсон байгаа. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл болгоны оршин тогтнолын ард түүх байдаг, юм болгон Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл, ой мод, төрөл бүрийн ургамал ногоог аваад үзье—тэдгээрийн оршин тогтнож, ургадаг талбайн хэмжээ, цар хүрээг ямар ч хүн хянах аргагүй бөгөөд эдгээр зүйлийг шийдэх эрх хэнд ч байхгүй. Үүнтэй ижил тэдгээр нь хэр их ус шингээх, нарнаас хэр их дулааны эрчим хүч шингээж авах зэргийг бас ямар ч хүн хянаж чадахгүй. Энэ бүхэн нь бүх зүйлийг бүтээхдээ Бурханы гаргасан төлөвлөгөөний хүрээнд байдаг.

Бурхан бүх талаар хичээнгүйлэн төлөвлөж, бодолцож, зохицуулсан учраас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тиймээс хүний нүдээрээ хардаг нар гэх мэт юм бүхэн, хүмүүсийн байнга сонсдог хойд ба өмнөд туйл, түүнчлэн газар дээр, доор болон усан дахь янз бүрийн амьд зүйл, ой болон бусад төрлийн ургамал ногоо, усны эх үүсвэрийн эзлэх талбай, янз бүрийн хэлбэр хэмжээтэй ус, далайн ус ба цэвэр усны хэмжээ, газар зүйн өөр өөр орчин гээд энэ бүх зүйлийг Бурхан ашиглаж хүний амьдрах хэвийн температурыг хадгалдаг. Энэ бол маргаангүй. Бурхан энэ бүхний талаар гүнзгий бодсон учраас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг. Хэт халуун ч биш, хэт хүйтэн ч биш байх ёстой: Хүний биеийн дасан зохицож чадах температураас хэтэрсэн дэндүү халуун газруудыг Бурхан чамд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт бага, хэтэрхий хүйтэн, хүн тэнд ирснийхээ дараа хэдхэн минутад ярьж чадахгүй болж, тархи нь царцаж, бодож чадахаа болж, амьсгаа нь боогдож бүрэн хөлдөх ийм газруудыг Бурхан бас хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй. Хүмүүс ямар төрлийн судалгаа явуулахыг хүсэх нь хамаагүй, ийм хязгаарлалтыг давж гарах шинэ санаачилга гаргахыг хүсэх эсэх нь ч бас хамаагүй—хүмүүс юу бодох нь хамаагүй, тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хязгаарлалтаас тэд хэзээ ч салж чадахгүй. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг Бурхан хамгийн сайн мэднэ. Харин хүмүүс өөрсдөө мэдэхгүй. Яагаад Би хүмүүс мэдэхгүй гэж хэлдэг вэ? Хүмүүс ямар мунхаг зүйл хийсэн бэ? Олон хүн хойд ба өмнөд туйлтай үзэлцэхээр байнга оролдож байсан бус уу? Тэр хүмүүс тийм газарт очиж, газар нутгийг нь эзэлж, улмаар тэндээ суурьшихыг үргэлж хүсдэг байсан. Ингэх нь мунхаглал болно. Чи хоёр туйлыг бүрэн дүүрэн судалсан ч гэсэн, тэгээд юу гэж? Чи температурт нь дасан зохицож, тэнд амьдарч чадсан ч гэсэн, хойд, өмнөд туйлын одоогийн амьдрах орчныг “сайжрууллаа” гээд хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тус болох уу? Хүн төрөлхтөнд амьдарч чадах орчин байсаар атал хүмүүс чимээгүйхэн, дуулгавартайгаар тэндээ үлдэхгүй, харин ч амьд үлдэж чадахааргүй газрууд руу явж аз туршихаар зүтгэдэг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйдаж тэсэхээ байдаг бөгөөд хэтэрхий их ерөөл эдэлсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэхүү амьдрах ердийн орчноо бараг бүрэн устгасан, иймээс одоо тэд илүү их сүйтгэх гэж, эсвэл ямар нэг “гал цогтой шинэ зам харгуй” олж чадна хэмээн ямар нэг “үйл хэргийг” эрэлхийлэхээр хойд, өмнөд туйл руу явсан нь дээр байх гэж боддог. Энэ чинь тэнэг хэрэг бус уу? Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтөн өөрсдийн өвөг дээдэс Сатаны удирдлага дор утгагүй зүйлсийг ээлж дараалан хийж, тэдэнд зориулан Бурханы бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, дур зоргоороо устгасаар байна. Энэ бол Сатаны хийж буй хэрэг. Улмаар дэлхий дээрх хүн төрөлхтний амьд байх нь тодорхой хэмжээгээр аюулд орсныг хараад олон хүн саран дээр очих арга замыг эрж хайж, тэнд амьдрах арга замыг бий болгохыг хүсдэг. Гэвч эцсийн эцэст, саран дээр хүчилтөрөгч байхгүй. Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьдарч чадах уу? Саран дээр хүчилтөрөгч байхгүй тул хүн байж чадах газар энэ биш, гэсэн ч хүн тийшээ очихыг хүссээр байдаг. Ийм зан авирыг юу гэж нэрлэх ёстой вэ? Энэ нь мөн өөрийгөө хорлож буй хэрэг, тийм үү? Сар бол агааргүй газар, температур нь хүн амьдрахад тохиромжгүй учраас энэ бол Бурханы хүнд зориулж бэлдсэн газар биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 172

3. Дуу чимээ

Гурав дахь зүйл нь юу вэ? Энэ нь бас хүн оршин байх хэвийн орчны нэн чухал хэсэг болсон, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы зохицуулалт хийх ёстой болсон зүйл юм. Энэ нь Бурханд болон хүн болгонд маш чухал. Хэрвээ Бурхан үүнийг зохицуулаагүй байсан бол хүн төрөлхтний амьд байхад маш ихээр саад болох байв, өөрөөр хэлбэл, энэ нь хүний амьдрал болон махан биед ноцтой нөлөө үзүүлж ийм орчинд хүн төрөлхтөн амьдарч чадахгүйд хүрэх байсан. Ийм орчинд ямар ч амьд зүйл амьд үлдэж чадахгүй байсан гэж хэлж болно. Тэгэхээр Миний ярьж буй энэ зүйл юу вэ? Би дуу чимээний талаар ярьж байна. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйл Бурханы гарт амьдардаг. Бурханы бүтээсэн бүх зүйл Түүний нүдэнд амьдарч, байнгын хөдөлгөөнд эргэлдэж байдаг. Үүгээр Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүр оршин тогтнох өөрийн гэсэн үнэ цэн, утга учиртай; өөрөөр хэлбэл юм бүрд оршин тогтнох ямар нэг зайлшгүй хэрэгцээ бий. Бурханы нүдэнд юм бүхэн амьтай, нэгэнт бүх юм амьтай учраас тус бүр нь дуу чимээ гаргадаг. Жишээ нь, дэлхий байнга эргэж байдаг, нар байнга эргэж байдаг, сар ч бас байнга эргэж байдаг. Бүх зүйл үржиж, хөгжиж, хөдлөхдөө дуу чимээ байнга гаргаж байдаг. Дэлхий дээр орших Бурханы бүтээсэн бүх зүйл байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байна. Жишээлбэл, уулсын суурь хөдөлж, нүүж, далай тэнгисийн гүн дэх амьд зүйл цөм сэлж, нааш цааш хөдөлж байдаг. Энэ нь эдгээр амьд зүйл, Бурханы нүдэн дэх бүх зүйл тогтсон хэв маягийн дагуу тасралтгүй, жигд хөдөлгөөнд байдаг гэсэн үг юм. Тэгэхээр харанхуйд үржиж, хөгжин, нууцаар хөдөлж байдаг энэ бүх зүйл юу бүтээдэг вэ? Дуу чимээ—асар их, хүчирхэг дуу чимээ. Дэлхийгээс гадна төрөл бүрийн гараг ч бас байнгын хөдөлгөөнд байдаг бөгөөд эдгээр гараг дээрх амьд зүйлс, организмууд мөн байнга үржиж, хөгжин, хөдөлж байдаг. Өөрөөр хэлбэл, амьтай, амьгүй бүх зүйл Бурханы нүдэнд байнга урагшаа хөдөлж байдаг ба ингэхдээ тэд дор бүрнээ бас дуу чимээ гаргаж байдаг. Бурхан эдгээр дуу чимээнд бас зохицуулалт хийсэн бөгөөд Түүний ингэсэн шалтгааныг та нар хэдийнээ мэддэг гэдэгт Би итгэлтэй байна, тийм биз дээ? Нисэх онгоцонд ойртоход хөдөлгүүрийнх нь нүргээнтэй чимээ чамд ямар нөлөө үзүүлдэг вэ? Хажууд нь хэтэрхий удаан байвал чих чинь дүлийрнэ. Зүрх чинь яах вэ—ийм хүнд сорилтыг тэсэж чадах уу? Зүрх муутай зарим хүн тэсэж чадахгүй. Мэдээж, эрүүл чийрэг зүрхтэй хүмүүс ч гэсэн үүнийг хэтэрхий удаан тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чих ч бай, зүрх ч бай, хүний биед үзүүлэх дуу чимээний нөлөөлөл нь хүн нэг бүрд туйлын ноцтой бөгөөд хэт чанга дуу чимээ хүмүүст хор хөнөөл учруулна. Тиймээс бүх зүйлийг бүтээхдээ, тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсний дараа Бурхан эдгээр дуу чимээ—хөдөлгөөнд буй бүх зүйлийн дуу чимээнд тохирох зохицуулалтыг хийсэн юм. Энэ нь бас хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээхдээ Бурханы бодолцож үзэх ёстой болсон асуудлын нэг байсан билээ.

Юун түрүүнд, дэлхийн гадаргаас дээшээ агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээнд нөлөөлнө. Түүнчлэн хөрсөн дэх завсрын хэмжээ бас дуу чимээг гуйвуулж, түүнд нөлөөлнө. Үүнээс гадна янз бүрийн газар зүйн орчин уулзаж нийлэхдээ мөн л дуу чимээнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурхан зарим дуу чимээг арилгахын тулд тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр чих болон зүрх нь тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьдарч чадах юм. Эс бөгөөс хүн төрөлхтний оршин тогтноход дуу чимээ асар том саад учруулж; амьдралд нь асар их тээр болж, тэдний хувьд том асуудал болно. Энэ нь Бурхан газар, агаар мандал, янз бүрийн газар зүйн орчныг бүтээхдээ маш нарийн хандсан бөгөөд энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан агуулагддаг гэсэн үг юм. Хүн төрөлхтөн үүнийг хэтэрхий нарийн ойлгох шаардлагагүй—хүмүүс Бурханы үйлдэл энд агуулагддаг гэдгийг мэдэхэд хангалттай. Одоо та нар Надад хэлээч, Бурханы хийсэн энэ ажил—хүн төрөлхтний амьдрах орчин, тэдний хэвийн амьдралыг хадгалахын тулд дуу чимээг нарийн тохируулах шаардлагатай байсан уу? (Тийм.) Энэхүү ажил чухал байсан юм бол, энэ өнцгөөс нь Бурхан бүх зүйлийг хангах нэг арга болгож энэ ажлыг ашигласан гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг хангахад зориулан ийм нам гүм орчныг бүтээсэн, ингэснээр хүний бие ийм орчинд ямар ч саад бэрхшээл учрахгүйгээр, тун хэвийн амьдарч, ингэснээр хүн төрөлхтөн хэвийн оршин байж, амьдарч чадна. Тэгэхээр хүн төрөлхтнийг хангадаг Бурханы арга замын нэг энэ бус уу? Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан бус уу? (Тийм.) Энэ маш чухал хэрэгтэй байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Хэдийгээр энэ нь Бурханы үйлдэл байсан гэж та нарт санагдахгүй, мөн Бурхан тухайн үед энэ үйлдлийг хэрхэн хийснийг мэдэхгүй ч гэсэн, Бурхан энэ зүйлийг хийх шаардлагатай байсан гэж одоо ч гэсэн та нарт санагддаг уу? Та нар үүнд шингэсэн Бурханы мэргэн ухаан, хайр халамж, сэтгэлийг мэдэрч чадаж байна уу? (Тийм ээ, мэдэрч байна.) Та нар үүнийг мэдэрч чаддаг байхад хангалттай. Хүмүүсийн мэдэрч, харж чаддаггүй олон үйлдлийг Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд Бурхан гүйцэтгэсэн. Та нарыг Бурханыг мэдэж аваасай гэсэндээ Бурханы үйлдлийн талаар мэдээлэл өгөх л гэж Би үүнийг хөндөж байна. Бурханыг илүү сайн мэдэж, ойлгоход эдгээр сэжүүр та нарт тусалж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 173

4. Гэрэл

Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдэнд хамаатай: гэрэл. Энэ ч бас маш чухал. Чамайг тод гэрэл харж байхад, гэрлийн хүч тодорхой хэмжээнд хүрээд хүний нүдийг сохлох боломжтой. Эцсийн эцэст хүний нүд бол махан биеийн нүд. Нүд цочролыг тэвчиж чадахгүй. Нар луу шууд ширтэж зүрхлэх хүн бий юу? Зарим хүн оролдож үзсэн, хэрвээ тэд нарны шил зүүж байвал яах ч үгүй—гэхдээ үүнд багаж хэрэгсэл ашиглах шаардлагатай болдог. Хүний энгийн нүд багаж хэрэгсэлгүйгээр нар луу шууд эгцэлж хараад, шууд ширтэх ямар ч боломжгүй. Гэхдээ Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрах гэж нарыг бүтээсэн бөгөөд энэхүү гэрэл ч бас Түүний анхаарал тавьсан зүйл юм. Бурхан зүгээр нэг нарыг бүтээж дуусаад, хаа нэгтээ тавиад орхичхоогүй; Бурхан юмыг тэгж хийдэггүй. Тэрээр үйлдэлдээ тун анхааралтай байж, нэгд нэггүй боддог. Бурхан хүн төрөлхтөнд хар гэж нүд заяасан, бас хүн юмыг харж чадах гэрлийн үзүүлэлтийг ч урьдчилан тогтоосон юм. Гэрэл хэтэрхий бүдэг байсан бол хэрэггүй байх байв. Өмнөө байгаа хуруугаа ч харж чадахааргүй маш харанхуй байх үед хүмүүсийн нүд чиг үүргээ алдаж, ямар ч хэрэггүй болдог. Гэхдээ хурц гэрэл тэвчихийн аргагүй байдаг учраас хэтэрхий тод гэрэл мөн адил хүний нүдийг юм харж чадахгүй болгодог. Иймээс хүн төрөлхтний оршин тогтнож буй орчинд Бурхан, хүний нүдэнд тохирох—хүмүүсийн нүдний ажиллагааг алдагдуулах нь байтугай өвтгөж гэмтээхээргүй хэмжээний гэрлээр хангасан. Ийм учраас Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд хэдэн давхар үүл нэмсэн бөгөөд мөн хүмүүсийн нүд, арьсыг гэмтээж болох гэрлийг агаарын нягтшил зохих ёсоор шүүж авч чаддаг. Эдгээр нь харилцан уялдаатай. Түүнчлэн, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нарны гэрэл болон бусад бүх төрлийн гэрлийг ойлгодгийн дээр хүний нүд дасан зохицоход хэтэрхий хурц гэрлийг устгаж чаддаг. Иймээс хүмүүс гадуур алхаж, байнга тас хар нарны шил зүүх шаардлагагүйгээр амьдарч болдог. Хэвийн нөхцөлд хүний нүд гэрэл саад болохгүйгээр үзэгдэх орчиндоо юм харж чаддаг. Өөрөөр хэлбэл, гэрэл хэт хурц юм уу, хэт бүдэг байж болохгүй. Хэрвээ хэт бүдэг байвал хүмүүсийн нүд гэмтэж, удалгүй харж чадахаа болино; хэт хурц байвал хүмүүсийн нүд тэсвэрлэж чадахгүй. Хүмүүст байдаг яг энэ гэрэл нь хүний нүд харахад тохиромжтой байх ёстой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хор хөнөөлийг Бурхан янз бүрийн аргаар хамгийн бага болгожээ; энэхүү гэрэл хүний нүдэнд тустай, эсвэл халгаатай байж болох ч хүмүүс амьдралынхаа төгсгөл хүртэл нүдээрээ харахад хангалттай байдаг. Бурхан үүнийг сайтар бодолцсон бус уу? Харин диавол Сатан иймэрхүү зүйлийг хэзээ ч бодолцож үзэлгүйгээр үйлддэг. Сатан байхад, гэрэл үргэлж нэг бол хэт хурц, эсвэл хэт бүдэг байдаг. Сатан ингэж л үйлддэг.

Бурхан хүн төрөлхтний дасан зохицож амьдрах чадварыг дээд цэгт нь хүргэхийн тулд харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх гээд эдгээр зүйлийг хүний биеийн бүх талд хийсэн, ингэснээр тэд хэвийн амьдарч, үргэлжлүүлж чадах юм. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн одоогийн амьдрах орчин нь хүн төрөлхтөн амьдрахад хамгийн тохиромжтой, ашиг тустай орчин мөн. Зарим хүн үүнийг нэг их чухал биш, бүгд тун энгийн зүйл гэж бодож магадгүй. Төрсөн мөчөөсөө эдэлж ирсэн дуу чимээ, гэрэл, агаарыг төрөхөөс олгогдсон эрх гэж хүмүүс боддог. Гэхдээ чиний эдлэх боломжтой байгаа эдгээр зүйлийн цаана Бурхан ажиллаж байсан гэдгийг хүмүүс мэдэж, ойлгох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ойлгох, мэдэх хэрэггүй гэж чамд санагддаг ч байсан гэсэн, товчхондоо Бурхан эдгээрийг бүтээхдээ сайтар бодолцож, төлөвлөгөөтэй, тодорхой бодол санаатай байсан. Тэр хэрэг явдлыг сайтар бодож үзэлгүйгээр хүн төрөлхтнийг зүгээр нэг, дэмий ийм амьдрах орчинд тавьчхаагүй. Та нар Намайг энэ жаахан зүйлсийг тус бүрээр нь дэндүү дэвэргэн ярьж байна гэж бодож магад, гэхдээ Миний үзэл бодлоор бол Бурханы хангасан юм болгон хүн төрөлхтөн амьдрахад зайлшгүй шаардлагатай. Бурханы үйлдэл үүнд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 174

5. Агаарын урсгал

Тав дахь зүйл нь юу вэ? Энэ зүйл хүн бүрийн өдөр тутмын амьдралд маш ойр байдаг. Энэ материаллаг ертөнцөд хүний бие үүнгүйгээр амьдарч чадахааргүй тийм хэмжээнд хүний амьдралд ойр холбоотой байдаг. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг нэр үгийг сонсоод хэн ч ойлгож чадах байх. Тэгэхээр агаарын урсгал гэж юу вэ? “Агаарын урсгал” гэдэг нь ердөө л урсаж буй агаарын хөдөлгөөн гэж хэлж болно. Агаарын урсгал бол хүний нүд харж чадахгүй салхи юм. Энэ нь бас хий шилжин хөдлөх нэг арга зам билээ. Гэхдээ ямар “агаарын урсгалын” талаар энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлмэгц ойлгоно. Дэлхий эргэхдээ уулс, далай тэнгис хийгээд бүх зүйлийг тээж явдаг бөгөөд тийнхүү эргэхдээ хурдтай эргэдэг. Ийнхүү эргэлдэж байгааг нь чи огт мэдэрдэггүй ч гэсэн, эргэж л байдаг. Энэхүү эргэлт юу үүсгэдэг вэ? Чамайг гүйхэд салхи үүсэж чихний чинь хажуугаар өнгөрдөг бус уу? Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж болж байгаа юм бол дэлхий эргэх үед салхи байхгүй байж яаж болох билээ? Дэлхий эргэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Дэлхий өөрөө хөдөлгөөнд оршиж, тодорхой хурдтай эргэж байхад түүн дээрх бүх зүйл ч бас байнга өсөж үржин, хөгжиж байдаг. Тиймээс тодорхой хурдтай хөдөлгөөн аяндаа агаарын урсгалыг бий болгоно. Үүнийг Би “агаарын урсгал” гээд байгаа юм. Энэхүү агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү? Хар салхийг аваад үзье: Энгийн хар салхи тийм ч хүчтэй биш боловч хар салхи ирэх үед хүмүүс тогтвортой зогсож ч чаддаггүй, салхинд алхахад хэцүү байдаг. Ганц алхахад ч бэрх байдаг, зарим хүн бүр салхинд юм руу шахагдаад, хөдөлж чаддаггүй. Энэ бол агаарын урсгалын хүн төрөлхтөнд нөлөөлж болох хэлбэрийн нэг юм. Хэрвээ газар дэлхий бүхэлдээ тал газраар дүүрэн байсан бол дэлхий болон бүх зүйл эргэхэд түүнээс үүсэх агаарын урсгалыг хүний бие тэсвэрлэх огт боломжгүй байх байлаа. Тийм нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхэд туйлын хэцүү байх байсан. Үнэхээр тийм байсан бол тэрхүү агаарын урсгал хүн төрөлхтөнд зөвхөн хор хохирол учруулаад зогсохгүй бүрэн сүйрүүлэх байлаа. Ийм орчинд хүмүүс амьд үлдэж чадахгүй байх байсан. Ийм учраас тэрхүү агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд Бурхан өөр өөр газарзүйн орчныг бий болгосон—өөр өөр орчинд агаарын урсгал сулран, чиглэл, хурд, хүчээ өөрчилдөг. Тийм учраас хүмүүс уулс, их уулсын нуруу, хээр тал, толгод, голын сав газар, хөндий, өндөрлөг газар, их мөрнүүд гээд янз бүрийн газарзүйн орчныг хардаг билээ. Бурхан эдгээр янз бүрийн газар зүйн орчноор агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг. Тэрээр энэ арга барилыг ашиглан агаарын урсгалыг сааруулж, салхины хурд, чиглэл, хүчийг нь тохиромжтой болгосноор хүмүүс хэвийн амьдрах орчинтой болно. Ингэх шаардлагатай юу? (Тийм ээ.) Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханд бол амархан, учир нь Тэр бүх зүйлийг ажиглаж байдаг. Хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь Түүний хувьд үнэхээр энгийн, хялбар юм. Тиймээс Бурханы бүтээсэн ийм орчинд, Түүний бүтээсэн бүх зүйлийн доторх юм нэг бүр зайлшгүй чухал билээ. Юм нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага гэж бий. Гэсэн хэдий ч Сатан болон завхарсан хүн төрөлхтөн энэ зарчмыг ойлгодоггүй. Тэд уулсыг тэгшилж, хавцлыг дүүргэж, тэгш газар дээр тэнгэр баганадсан барилга барьж бетонон ширэнгэ бүтээх хоосон мөрөөдөлтэйгөөр зогсолтгүй сүйтгэж, хөгжүүлж, олборлож байдаг. Өөрийнх нь тэдэнд зориулан бэлдсэн хамгийн зохимжтой орчинд хүн төрөлхтөн аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлж чадна гэж Бурхан найддаг. Тийм ч учраас хүн төрөлхтний амьдрах орчинд Бурхан хэзээ ч хайнга хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалт хийсэн, ингэснээр хүмүүсийн бие махбод болон амьдрах орчинд байгалийн нөхцөл байдал саад болохгүй, харин ч хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж үржин, бүх зүйлтэй хамт эв найртайгаар зэрэгцэн оршиж, хэвийн амьдарч чадна. Бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан энэ бүхнээр хангадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 175

Та нар одоо Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгааг мэдэж авав уу? Эцсийн эцэст хэн бүх зүйлийн эзэн бэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан болон хүмүүсийн бүх бүтээлд хэрхэн ханддагийн ялгаа нь юу вэ? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулдаг байхад хүн тэдгээрийг эдэлдэг.) Та нар үүнтэй санал нийлж байна уу? Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх бүтээлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн түүнийг нь эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүтээгдсэн бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бол Эзэн, Бурхан бүх зүйлийг бүтээсний үр шимийг хүн төрөлхтөн эдэлдэг. Тэгвэл Бурханы бүтээсэн бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан болон хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөн үржих хуулийг тодорхой харж чаддагийн дээр эдгээр хуулийг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний шинжих хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? Хүн төрөлхтний харж чадах зүйл нүднийх яг урд байгаа зүйлээр хязгаарлагддаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл зөвхөн тэр уул л байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн нэг талыг л харна, далайн нөгөө тал ямар болохыг мэдэж чадахгүй. Хэрвээ ой модонд очвол эргэн тойронд чинь, урьд чинь байгаа ургамлуудыг харахаас бус, түүнээс цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх урд, үзэгдэх орчинд нь буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөж үржих зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүтээгдсэн бүх зүйлийг харахдаа Өөрөө биечлэн бүтээсэн машиныг харж байгаа юм шиг л хардаг. Тэрээр эд анги, холболт бүрийг нь, ямар зарчимтай, ямар зүй тогтолтой, ямар зориулалттайг нь тун сайн мэднэ—Бурхан энэ бүхнийг хамгийн тодорхой мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн билээ! Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг бол Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, Бурханы хяналт хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно. Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэхдээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр танина. Энэ хэмжээнд хүрэхдээ чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгосон байх болно. Ийм ойлголттой болж, амь чинь ийм хэмжээнд хүрэхэд чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, зүрх сэтгэлдээ Бурханыг үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн байх учраас Бурхан чамайг шалгаж, шүүхээ больж, бас чамд ямар нэгэн шаардлага тавихаа ч болино. Бурхан бүх зүйлийг захирч, удирддаг тухай эдгээр сэдвээр нөхөрлөх нэг чухал шалтгаан энэ билээ. Ингэх нь хүмүүст илүү их мэдлэг, ойлголт өгөх зорилготой байдаг—чамаар зүгээр нэг хүлээн зөвшөөрүүлэх гэж биш, харин Бурханы үйлдлийг чамд илүү бодитойгоор мэдүүлж, ойлгуулахын төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 176

Үр тариа, жимс, хүнсний ногоо, бүх төрлийн самар гээд энэ бүгд нь ногоон хоол юм. Хэдийгээр ногоон хоол боловч хүний биеийн хэрэгцээг хангахуйц хангалттай шим тэжээлтэй. Гэсэн хэдий ч Бурхан: “Эдгээр хоолыг л Би хүн төрөлхтөнд өгнө. Тэдэнд эдгээр зүйлийг л идүүл!” гэж хэлээгүй. Бурхан тэгээд зогсчхоогүй, харин ч хүн төрөлхтөнд бүр их амттай илүү их хоолыг бэлдсээр байсан. Эдгээр хоол нь юу вэ? Энэ нь та нарын ихэнх нь харж, идэж чаддаг төрөл бүрийн мах, загас юм. Тэрээр хүнд зориулан маш олон төрлийн мах, загас бэлдсэн. Загас усанд амьдардгийн дээр усны загасны махных нь бүтэц хуурай газар дээр амьдардаг амьтдын махнаас өөр байдаг ба хүнд өөр өөр шим тэжээл өгч чадна. Загас мөн хүний бие дэх халуун, хүйтнийг зохицуулж чадах шинж чанартай байдаг нь хүнд ихээхэн ашиг тустай юм. Гэхдээ сайхан амттай хоолыг хэтрүүлж идэж болохгүй. Аль хэдийн Миний хэлсэнчлэн, Бурхан хүн төрөлхтөнд зөв цагт нь, таарсан хэмжээгээр нь хайрладаг, ингэснээр хүмүүс Түүний хайрласныг улирал, цагийн дагуу хэвийн байдлаар, зүй зохистойгоор эдэлж чаддаг. Тэгэхээр шувууны махны ангилалд ямар төрлийн хүнс багтдаг вэ? Тахиа, бөднө, тагтаа гэх мэт. Олон хүн бас нугас, галуу иддэг. Бурхан энэ бүх махаар хангасан хэдий ч Өөрийн сонгосон хүмүүст тодорхой шаардлага тавьж, Хуулийн эрин үед хоол хүнсэнд нь тодорхой хязгаарлалт тавьсан. Өнөө үед энэхүү хязгаарлалт нь хувь хүний дур сонирхол, өөрөө хэрхэн ойлгох дээр тулгуурладаг. Энэхүү янз бүрийн мах нь хүний биеийг янз бүрийн шим тэжээлээр хангаж, уураг, төмөр нөхөж, цус төлжүүлж, булчин, яс бэхжүүлэн, тамир тэнхээ суулгадаг. Хүмүүс ямар аргаар болгож идэхээс үл хамааран, эдгээр мах нь хоолны амт сайжруулж, хүмүүсийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн ходоодыг нь дүүргэхэд тусалж байдаг. Хамгийн чухал нь эдгээр хоол хүнс хүний биеийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадна. Бурхан хүн төрөлхтөнд зориулан хүнс хоол бэлдэхдээ үүнийг бодолцож үзсэн. Ногоо ч, мах ч байдаг нь элбэг баян байгаа бус уу? Гэвч Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүх хоол хүнсийг бэлдэж өгөхдөө ямар санаа зорилготой байсныг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ хоол хүнсийг хүн төрөлхтөн хэтрүүлэн хэрэглэг гэсэн үү? Хүн эдгээр материаллаг хүслээ хангахаар оролддогоо болихгүй болчихвол юу болох вэ? Тэр хоол тэжээлийн илүүдэлтэй болох бус уу? Хоол тэжээлийн хэт илүүдэлтэй байх нь хүний биеийг олон янзаар зовоодог бус уу? (Тийм.) Тийм учраас Бурхан таарсан хэмжээгээр зөв цагт хуваарилан өгч, өөр өөр цаг үе, улиралд нийцүүлэн хүмүүст янз бүрийн хоол хүнс хэрэглүүлдэг билээ. Жишээлбэл, маш халуун зуны дараа хүмүүсийн биед нэлээд их халуунаас гадна эмгэг хуурайшилт, чийг хуримтлагдана. Намар болоход, олон төрлийн жимс боловсордог бөгөөд хүмүүс эдгээр жимсийг идэхэд бие дэх чийгийг нь хөөнө. Энэ үед үхэр, хонь мөн тарга тэвээрэг авсан байх тул хүмүүс тэжээл болгож илүү их мах идэх хэрэгтэй. Төрөл бүрийн мах идсэнээр хүмүүсийн бие өвлийн хүйтнийг давах эрч хүч, дулааныг олж авч, үүний үр дүнд өвлийг аюулгүй, эсэн мэнд давч чадна. Бурхан хүн төрөлхтнийг хэдийд, юугаар хангах, мөн өөр өөр зүйлс хэдийд ургаж, үр жимсээ өгч, боловсрохыг маш нарийн бодож, тооцоолон хянаж, зохицуулдаг. Энэ нь “Хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй хоол хүнсийг Бурхан хэрхэн бэлддэг”-т хамаарна. Олон төрлийн хоол хүнснээс гадна, Бурхан хүн төрөлхтнийг усны эх үүсвэрээр бас хангадаг. Хүмүүс юм идсэний дараа ус уух хэрэгтэй. Жимс дангаараа хангалттай юу? Хүмүүс дан ганц жимсээр амьдарч чадахгүй, үүнээс гадна зарим улиралд жимс байдаггүй. Тэгэхээр хүн төрөлхтний усны асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Бурхан нуур, гол, булаг гээд газар дээр болон газар доор усны олон эх үүсвэр бэлдэж үүнийг шийдвэрлэсэн. Ямар нэгэн байдлаар бохирдуулаагүй, хүмүүс өөрчилж, сүйтгээгүй л бол эдгээр усны эх үүсвэрээс ууж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амьдралыг баян, элбэг дэлбэг, юугаар ч дутахгүй байлгах гэж Бурхан, хүн төрөлхтний бие махбодын амьдралыг тэтгэх хоол хүнсний эх үүсвэрийн тухайд маш чамбай, маш нарийн, тун зохимжтой бэлтгэл хийсэн. Энэ бол хүмүүсийн харж, мэдэрч болох зүйл юм.

Түүнчлэн, бүх зүйлийн дундаас Бурхан хүний биеийн гэмтлийг эдгээх, өвчнийг анагаахад онцгойлон зориулсан зарим ургамал, амьтан, төрөл бүрийн өвс ногоог бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ хүн түлэгдэх юм уу, санамсаргүй шалзлагдвал юу хийх хэрэгтэй вэ? Түлэгдлээ усаар зайлаад л болох уу? Чи зүгээр нэг даавууны өөдсөөр боогоод л болох уу? Тэгвэл шарх идээ бээрээр дүүрэх буюу халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хүн халуурах буюу ханиад хүрч, ажиллаж байхдаа гэмтэж бэртэн, буруу зүйл идсэнээс болж ходоодны эмгэгтэй болох буюу амьдралын хэв маягийн хүчин зүйл юм уу сэтгэл хөдлөлийн асуудлаас үүдсэн зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг, дотор эрхтний өвчин гэх мэт тодорхой нэг өвчинтэй болбол эдгээр өвчнийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Цусны эргэлт сайжруулан бүлэгнэлийг арилгаж, өвчин намдаан, цус алдалт зогсоож, мэдээ алдуулан, арьсыг сэргээн хэвийн байдалд нь оруулахад тусалж, цусны бүлэгнэл арилган, биеэс хор гадагшлуулдаг ургамлууд бий. Товчоор хэлбэл, энэ ургамлууд өдөр тутмын амьдралд хэрэгтэй. Тэдгээрийг хүмүүс хэрэглэж болно, Бурхан хүний биед хэрэг болно гэж бэлдсэн. Тэдгээрийн заримыг санаандгүй олж илрүүлэх боломжийг Бурхан хүнд олгосон бол үүнийг хийлгэхээр Бурханы сонгосон хүмүүс, эсвэл Бурханы зохион байгуулсан онцгой үзэгдлийн үр дүнд бусдыг нь олж илрүүлсэн. Эдгээр ургамлыг олж нээснийхээ дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулж, олон хүн энэ тухай мэдэж авдаг. Ийнхүү Бурхан эдгээр ургамлыг бүтээсэн нь үнэ цэн, утга учиртай юм. Дүгнэж хэлбэл, эдгээр зүйл бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтөнд амьдрах орчин бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс юм. Эдгээр нь маш чухал. Бурхан бодож боловсруулахдаа хүн төрөлхтнөөс илүү нягт нямбай байдаг уу? Чи Бурханы хийсэн бүхнийг хараад Бурханы бодитой талыг мэдэрдэг үү? Бурхан нууцаар ажилладаг. Хүн энэ дэлхийд хараахан ирээгүй байхад, хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан энэ бүхнийг бүтээсэн. Хүн төрөлхтөнд зориулан Өөрийнх нь бэлдэж өгсөн энэ баян, элбэг дэлбэг материаллаг дэлхийд тэд хоол, хувцасны талаар санаа зоволгүй, дутагдах зүйлгүйгээр аз жаргалтай амьдраасай гэсэндээ Бурхан хүн төрөлхтнийг бодож, хүний оршин тогтнолын төлөө, тэднийг амьд байлгахыг бодолцож юм болгоныг хийсэн. Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдарч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 177

Бид хүн төрөлхтний амьдардаг орчин, энэ орчны төлөө Бурхан юу юу хийж, бэлдсэн талаар, эхлээд ярилцсан. Тэр юуг зохицуулсан; хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн бүх зүйлийн хоорондын харилцаа; мөн Түүний бүтээсэн зүйлс хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулахаас сэргийлэхийн тулд эдгээр харилцааг Бурхан хэрхэн зохицуулсан талаар бид ярилцлаа. Бурхан бас хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд олон өөр өөр хүчин зүйлийн учруулж болзошгүй хор хөнөөлийг багасгаж, бүх зүйлд үүргээ хамгийн сайн гүйцэтгэх боломж олгож, хүн төрөлхтөнд ач тустай элемент бүхий ашиг тустай орчныг бүрдүүлснээрээ ийм орчинд дасан зохицож, амьдрал, үржлийн мөчлөгийг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Дараа нь бид хүний биед хэрэгтэй хоол хүнс—хүн төрөлхтний өдөр тутмын хоол ундны талаар ярилцсан. Энэ нь ч бас хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие дан ганц амьсгалаад, зөвхөн нарны гэрлээр тэтгүүлээд, салхи, эсвэл тохирсон температуртай байгаад амьдарч чадахгүй. Хүмүүс бас ходоодоо дүүргэх хэрэгтэй бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд зориулан тэдний ходоодоо дүүргэх хүнсний эх үүсвэрийг юуг нь ч орхигдуулалгүйгээр бэлдсэн. Хүн төрөлхтний хоол ундны эх үүсвэр болох эдгээр элбэг баян бүтээгдэхүүнийг хараад, Бурхан бол хүн төрөлхтөн болон Түүний бүтээсэн бүх зүйлийг тэтгэх эх сурвалж мөн хэмээн чи хэлж чадах уу? Хэрвээ бүтээлийн цаг үед Бурхан зөвхөн мод, өвс ургамал юм уу олон тооны бусад амьд зүйлийг бүтээсэн бол, энэхүү янз бүрийн амьд зүйл, ургамал нь бүгд үхэр, хонь, эсвэл эрээн тахь, буга зэрэг өөр бусад янз бүрийн амьтанд зориулагдсан, жишээлбэл, эрээн тахь, буга зэргийг арслан иддэг, хонь, гахай зэргийг бар иддэг, харин хүн идэхэд тохиромжтой ганц ч зүйл байхгүй байсан бол болох байсан уу? Болохгүй. Хүн төрөлхтөн удаан амьдарч чадахгүй байсан. Хүн зөвхөн навч иддэг байсан бол яах вэ? Тэгж болох байсан уу? Хонинд зориулагдсан өвсийг хүмүүс идэж чадах байсан уу? Жаахан идэж үзвэл зүгээр байж магадгүй боловч удаан хугацаанд тийм зүйл идвэл ходоод нь боловсруулж чадахгүй бөгөөд хүмүүс удаан амьд явахгүй. Амьтад идэж болдог ч хүнд хортой зүйл ч байдаг. Амьтад идээд яах ч үгүй боловч хүмүүсийн хувьд тийм биш. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн болохоор хүний биеийн бүтэц, зүй тогтол болон хүнд юу хэрэгтэйг Бурхан хамгийн сайн мэддэг. Биеийн найрлага, агууламж, хэрэгцээ, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа, тэдгээр нь янз бүрийн бодисыг хэрхэн шингээж, задалж, боловсруулдгийг Бурхан маш сайн мэддэг. Хүмүүс үүнийг мэдэхгүй; заримдаа тэд ухаангүй идэж, өөртөө огт санаа тавихгүй, хэтэрхий их ийм байх нь тэнцвэр алдагдахад хүргэдэг. Хэрвээ та нарт зориулж Бурханы бэлдсэн зүйлсийг хэвийн байдлаар идэж, эдэлбэл чамд ямар ч эрүүл мэндийн асуудал үүсэхгүй. Заримдаа сэтгэл санаа тавгүй, цусны бүлэгнэлтэй байсан ч гэсэн ямар ч асуудалгүй. Чи тодорхой нэг төрлийн ургамал идэхэд л цусны бүлэгнэл арилна. Бурхан энэ бүх зүйлийг бэлдчихсэн. Иймээс, Бурханы нүдэнд хүн төрөлхтөн ямар ч амьд зүйлээс хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан ургамлын төрөл зүйл бүрд зориулсан орчин, амьтны төрөл зүйл бүрд зориулсан хоол, амьдрах орчин бэлдсэн, харин хүн төрөлхтний хүрээлэн буй орчны хэрэгцээ шаардлага л хамгийн нарийн бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг үл тоомсорлож өчүүхэн ч болохгүй. Эс бөгөөс, хүн төрөлхтөн хэвийн байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, амьдарч, үржиж чадахгүй байх байлаа. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэддэг. Бурхан үүнийг хийхдээ юу юунаас ч илүү чухал ач холбогдол өгсөн юм. Чи амьдралдаа харж, эдэлж чаддаг зарим энгийн зүйл, эсвэл төрсөн цагаас чинь чамд байсан харж, эдэлж болох зүйлийн ач холбогдлыг мэдэрч чаддаггүй байж магадгүй боловч Бурхан чамд зориулаад үүнийг аль эрт, нууцаар бэлдчихсэн байдаг. Бурхан, хүн төрөлхтөнд таатай бус, хүний биед хор хохирол учруулж болох бүх сөрөг элементийг боломжит дээд хэмжээгээр арилгаж, багасгасан. Энэ нь юуг харуулж байна вэ? Хүн төрөлхтнийг бүтээхдээ тэдэнд хандаж байсан Бурханы хандлагыг энэ удаад харуулж байна уу? Тэрхүү хандлага нь ямар байсан бэ? Бурхан хянамгай бөгөөд хичээнгүй хандаж байсан бөгөөд Өөрөөс нь өөр ямарваа хүчин зүйл, нөхцөл байдал, эсвэл дайсны ямар ч хүч хөндлөнгөөс оролцохыг Тэр тэвчихгүй байсан. Хүн төрөлхтнийг бүтээж, удирдахдаа гаргадаг Бурхан хандлагыг үүнээс энэ удаад харж болно. Бурханы хандлага ямар байдаг вэ? Хүнийг бүтээснээс хойш тэдэнд хандах Бурхны хариуцлагатай хандлага, түүнчлэн энэ удаад хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы шийдэмгий байдлыг бид, хүн төрөлхтний амьдрах орчин, эдэлдэг амьдрал, түүнчлэн тэдний өдөр тутмын хоол унд, хэрэгцээнээс харж болно. Эдгээр зүйлээс Бурханы бодит байдал харагддаг уу? Түүний гайхалтай байдал харагддаг уу? Бурханы ойлгошгүй байдал харагддаг уу? Түүний бүхнийг чадагч байдал харагддаг уу? Бүх хүн төрөлхтнийг хангаж, түүнчлэн Өөрийн бүтээсэн бүх зүйлийг хангахын тулд Бурхан Өөрийн мэргэн бөгөөд төгс хүчит арга замыг ашигладаг. Би маш их зүйлийг та нарт хэлсэн болохоор Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж та нар хэлж чадах уу? (Тийм.) Гарцаагүй тийм шүү. Та нарт эргэлзээ байна уу? (Үгүй.) Бурхан бүх зүйлийг хангадаг нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлд орших, амьдрах, өсөж үржих, үргэлжлэх боломжийг олгосон хангалтын эх сурвалж бөгөөд Бурханаас Өөрөөс нь өөр ямар ч эх сурвалж үгүй. Хүмүүсийн хүрээлэн бус орчны хамгийн үндсэн хэрэгцээ ч бай, өдөр тутмын амьдралынх нь хэрэгцээ ч бай, эсвэл хүмүүсийн сүнсийг хангадаг үнэний хэрэгцээ ч бай, Бурхан бүх зүйлийн хэрэгцээг бүгдийг нь, хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Бурханы ялгамж чанар, Түүний байр суурийг хүний харах өнцгөөс бүхий л талаар нь харвал, зөвхөн Бурхан Өөрөө бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Энэ зөв үү? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүмүүсийн харж, мэдэрч чаддаг энэхүү материаллаг ертөнцийн Захирагч, Эзэн, Хангагч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы ялгамж чанар бус уу? Үүнд ямар ч худал зүйл үгүй. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харахдаа Бурхан нисэж чаддаг бүх зүйлийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Усанд сэлдэг амьд зүйл байдаг бөгөөд тэдгээр нь өөрийн гэсэн амьдрах арга замтай. Хөрсөнд амьдардаг мод, ургамал хавар соёлж, нахиалан, намар үр жимсээ өгч, навчсаа гөвж, өвөл болоход бүх навчис нь унаж тэдгээр ургамал өвлийг давж гарахад бэлддэг. Энэ бол тэдний амьд үлдэх арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ өөр өөр хэлбэрээр, өөр өөр арга замаар амьдарч, өөрийн амийн хүч чадал, амьдардаг хэлбэрийг үзүүлэхдээ өөр өөр арга хэрэглэдэг. Тэд хэрхэн амьдрахаас үл хамааран бүгд Бурханы захиргаан дор байдаг. Бүх төрлийн амьдралын хэлбэр болон амьд биесийг Бурхан захирдгийн зорилго юу вэ? Хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө юу? (Тийм.) Тэрээр амийн бүх хуулийг хянадаг нь бүгд хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө байдаг. Хүн төрөлхтөн амьд байх Бурханд хэчнээн чухал болохыг энэ нь харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 178

Бурхан бол зөвхөн Өөрийн сонгосон ард түмний Бурхан төдий биш. Чи одоогоор Бурханыг дагадаг, Тэр чиний Бурхан, харин Өөрийг нь дагадаггүй хүмүүсийн Бурхан Тэр мөн үү? Бурхан Өөрийг нь дагадаггүй бүх хүний Бурхан мөн үү? Бурхан бүх зүйлийн Бурхан мөн үү? (Мөн.) Тэгвэл Бурханы ажил, үйлдлийн цар хүрээ ердөө л Өөрийг нь дагадаг хүмүүсээр хязгаарлагддаг уу? (Үгүй.) Түүний ажил болон үйлдлийн цар хүрээ юу вэ? Түүний ажил болон үйлдлийн хамрах хүрээ нь хамгийн багадаа бүх хүн төрөлхтөн болон бүтээгдсэн бүх зүйлийг хамардаг. Хамгийн ихдээ энэ нь хүмүүсийн харж чаддаггүй бүхэл бүтэн орчлон ертөнцийг хамардаг. Тиймээс Бурхан бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлдлийг гүйцэтгэдэг гэж хэлж болох бөгөөд Бурханыг Өөрийг нь бүхэлд нь мэдэж авах боломжийг хүмүүст олгоход энэ хангалттай. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авахыг хүсэж байвал зөвхөн Бурханы ажлын гурван үе шат болон Бурханы урьд нь гүйцэтгэсэн ажлын тухай түүх төдийхнөөр өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм маягаар мэдэх гэж оролдвол Бурханд хязгаар тавьж, Түүнийг хязгаарлаж байна. Чи Бурханыг маш өчүүхэн зүйл гэж харж байна. Ингэх нь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд чанарыг ч тэр, бас Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь ийм ойлголт нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ойлголт чинь хязгаарлагдмал цар хүрээтэй бол хүлээн авч чадах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Ийм учраас чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиргааны цар хүрээ, Түүний удирдаж, захирдаг бүх зүйл гээд энэ бүхнийг чи ойлгохоор эрж хайх ёстой. Ийм зүйлээр дамжуулан чи Бурханы бүх үйлдлийг ойлгож авах ёстой. Ийм ойлголттой байхад Бурхан бүх зүйлийн дундаас бүх зүйлийг захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрч, бас чи бүх зүйлийн нэг хэсэг, нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Бүх зүйл Бурханы захиргаан дор өөрсдийн хуульд захирагддаг, бүх зүйл Бурханы захиргаан дор өөрийн гэсэн оршин тогтнох дүрэмтэй. Хүн төрөлхтний хувь заяа болон хэрэгцээ нь мөн Бурханы захиргаа, хангалттай холбоотой байдаг. Тийм учраас Бурханы ноёрхол болон захиргаан дор хүн төрөлхтөн, бүх зүйл өөр хоорондоо холбоотой, харилцан хамааралтай, сүлжилдсэн байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсний зорилго, үнэ цэн энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 179

Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйл ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр ирсэн. Түүний хараа, Түүний захиралт дор хүмүүсийн оршин тогтнолтой зэрэгцэн бүх зүйл тогтмол хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл ганц ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх зүйл үржин өсөж чаддаг бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж бүх зүйл амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиралт дор бүх зүйл дэг журамтай байдлаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрлөө олдог. Хавар болоход шиврээ бороо хаврын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо газрын хөрсийг түрэн гарч ирээд нахиалж эхэлдэг, харин модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Энэ бол бүх зүйлийн өсөн үржиж буй дүр зураг юм. Мөн бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйл зуны туршид халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг эдэлдэг. Тэд хурдан ургаж томордог; мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх зүйл зуны туршид маш завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, төрөл бүрийн амьтад ургац хураалтын улирал ирснийг мэдэрч эхэлдэг. Бүх бүтээл үр жимсээ өгч, хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд янз бүрийн энэ жимсийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх зүйл аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд завсарлага авдаг. Хавраас эхлэн зун, намар, өвөл гэсэн эдгээр шилжилт болон өөрчлөлт нь Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйл болон хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг бүрдүүлэн өгч, ялгаатай температур болон улиралтай амьдрах орчныг бэлтгэсэн. Амьд орших эдгээр дэг журамтай орчинд хүмүүс мөн амьд оршиж, дэг журамтай байдлаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, хэн ч, юу ч үүнийг нурааж чадахгүй. Тоо томшгүй олон өөрчлөлт гарч—далай тэнгис тал газар болж, харин тал газар далай тэнгис болсон ч—энэ хуулиуд оршсоор байгаа. Бурхан оршдог учраас тэд оршдог бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж оршдог. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу урагшилдаг. Эдгээр хууль нь хүмүүсийг үеэс үед өсгөн хүмүүжүүлсэн ба хүмүүс үеэс үед эдгээр хуулийн дагуу амьд үлдсэн. Энэхүү дэг журамтай амьдрах орчныг болон үеэс үед Бурханы бүтээсэн олон зүйлийг бүгдийг нь хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүс ийм хуулиуд угаасаа л байдаг зүйл гэж бодож, эдгээрийг үл тоомсорлодог ч, мөн Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж байгааг мэдэрч чаддаггүй хэдий ч Бурхан эдгээр хуулийг захирдаг бөгөөд ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэ хувиршгүй ажил дахь Түүний зорилго нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршиж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 180

Нэгдүгээрт, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн усны эх байдаг. Тэдгээр нь өөр өөр газарзүйн тогтоц биш гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газарзүйн тогтцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ юм бүхнийг маш тодорхой хуваасан. Уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Тэр бас тал газрын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон юм. Бүх зүйлийг бүтээхдээ Тэр элсэн цөлийн хил хязгаар, толгодын хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг ч бас тодорхойлсон—энэ бүгдийг Тэр тодорхойлсон юм. Тэр гол мөрөн, нуурыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон—тэдгээр нь өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Энэ “хил хязгаар” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бурхан бүх зүйлд зориулсан хууль тогтоосноор хэрхэн бүх зүйлийг захирдаг тухай бид дөнгөж сая ярилцлаа. Өөрөөр хэлбэл, уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт, эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлэх юм уу багасна гэж байхгүй. Энэ нь тогтсон байдаг: Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы захиралт юм. Тал газрын тухайд цар хүрээ нь ямар байх, юутай хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй—ийм юм болохгүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд бол бид энд элсэн цөл юм уу өөр бусад газарзүйн тогтоц, эсвэл газарзүйн байршлын чиг үүргийг ярихгүй, харин хил хязгаарыг нь л ярина. Бурханы захиралт дор элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. Гадаргын талбай хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгал бүгд дэг журамтай, зогсолтгүй урсдаг боловч тэд хэзээ ч цар хүрээнээсээ гарах юм уу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар урсаж, урсах ёстой чиглэл рүүгээ урсдаг. Тиймээс Бурханы захиралтын хуулийн дор ямар ч гол, нуур дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо хатаж ширгэдэггүй, эсвэл урсгалын чиглэл, хэмжээгээ дур зоргоороо өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы атганд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтний дунд Бурханы бүтээсэн бүх зүйл өөрсдийн гэсэн тогтсон байршил, талбай, хил хязгаартай байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон бөгөөд эдгээрийг дур зоргоороо өөрчилж, шинэчилж, хувиргаж болохгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь, тэдний анхны хэлбэр дэлхийн цаг агаар, температур, эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал, уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн түвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон бөгөөд үүнийг дур зоргоороо өөрчлөхгүй. Тал газрын хувьд гэвэл, хүн төрөлхтний дийлэнх нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй гадаргын талбай, эсвэл оршин тогтнолын үнэ цэнд нөлөөлөхгүй. Бурханы бүтээсэн төрөл бүрийн газрын тогтоц болон газарзүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, цөлийн бүрэлдэхүүн хэсэг, газар дор байгаа эрдэс баялгууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад дур зоргоороо өөрчлөгдөхгүй вэ? Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Бурханы бүтээсэн энэ өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Тэрээр, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулс дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиолдож, газар шороонд томоохон шилжилт гардаг ч Бурхан аливаа газарзүйн тогтцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. Тэгвэл газар дэлхий дээр оршдог янз бүрийн энэ бүх газарзүйн тогтцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр янз бүрийн газарзүйн орчинд амьдардаг амьд зүйлс бүгд тогтвортой орчинтой болох бөгөөд тэд тухайн тогтвортой орчинд үргэлжлүүлэн амьдарч, өсөн үржиж чадна. Энэ бүх зүйл—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—бүхэн нь хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин л хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин л хүмүүст үеэс үед амар тайвнаар үргэлжлэн амьдрах боломжийг өгдөг.

Миний дөнгөж сая ярьсан зүйл бол жаахан том сэдэв, иймээс амьдралаас чинь бага зэрэг хол хөндий санагдаж магадгүй боловч та нар ойлгож чадна гэж Би итгэж байна, тийм үү? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг захирах Бурханы хууль бол чухал—маш чухал шүү! Бүх зүйл эдгээр хуулийн хүрээнд өсдөгийн урьдчилсан нөхцөл юу вэ? Энэ нь Бурханы захиралтаас болдог. Бурханы захиралтаас болж бүх зүйл Түүний захиралтын хүрээнд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, уулс ой модыг тэжээдэг, харин эргээд ой мод нь үүн дотор амьдардаг янз бүрийн шувууд болон араатан амьтдыг тэжээж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүс ургац тариалахад зориулсан, мөн шувууд болон зэрлэг амьтдад зориулан бэлдсэн газар. Энэ нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг тэгш газар дээр амьдрах боломжоор хангаж, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн бэлчээрийн тал, асар их хэмжээний хээр тал багтана. Хээр тал бол дэлхийн ургамлын бүрхэвч юм. Тэдгээр нь хөрсийг хамгаалж, хээр талд амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл ч бас өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүс амьдрахад зориулсан газар биш; үүний үүрэг нь чийгтэй агаарыг хуурай болгох юм. Гол, нуурын урсгал нь хүмүүсийн ундны усанд тохиромжтой байдаг. Урсаж байгаа газар бүрд нь хүмүүс уух устай байж, бүх зүйлийн усны хэрэгцээ таатайяа хангагдана. Энэ бол янз бүрийн газарзүйн тогтцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 181

Бурханы тогтоосон эдгээр хил хязгаараас болж төрөл бүрийн газарзүйн тогтоц нь амьдрах өөр өөр орчныг бий болгосон, амьдрах эдгээр орчин нь төрөл зүйлийн шувууд, араатан амьтдад таарч тохирсон байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд зүйлийн амьдрах өөр өөр орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бидний дараа нь ярих гэж буй хоёр дахь зүйл энэ юм. Юун түрүүнд, жигүүртэн шувууд, араатан амьтад, шавж хорхойнууд хаана амьдардаг вэ? Тэд ой мод болон төгөлд амьдардаг уу? Энэ нь тэдний төрөлх нутаг. Иймээс, газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан бас төрөл зүйлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр бас хууль тогтоосон. Газарзүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газарзүйн орчны оршин тогтнолоос болж өөр өөр төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин нь ялгаатай байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавжууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. Эх газар нь уул, тал газар, толгодууд гэх мэт янз бүрийн газруудыг агуулдаг. Жигүүртэн шувууд болон араатан амьтад өөрийн гэсэн тогтсон нутагтай болмогцоо хаа сайгүй хэсэн тэнүүчилж, аль нэг тийшээ явахгүй. Тэдний төрөлх нутаг бол ой мод ба уулс. Хэрэв нэг өдөр тэдний төрөлх нутаг сүйдвэл дэг журам нь эмх замбараагүй болно. Энэхүү дэг журам эмх замбараагүй болмогц үр дагавар нь юу байх вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? (Хүн төрөлхтөн.) Энэ бол хүн төрөлхтөн. Бурханы тогтоосон энэ хууль, хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдэл олж харсан уу? Тухайлбал, заан элсэн цөлд алхаж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл тохиолдсон бол үнэхээр хачин үзэгдэл байх байлаа. Учир нь заан ой модонд амьдардаг бөгөөд энэ нь Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчин юм. Тэдэнд өөрсдийн гэсэн амьдрах орчин, өөрсдийн гэсэн тогтсон гэр байхад яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан, эсвэл бар далайн эргээр алхаж явахыг харсан хүн байна уу? Байхгүй, хараагүй. Арслан, барын гэр нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, аварга загас элсэн цөлд сэлж байхыг харсан хүн байна уу? Хэн ч хараагүй, тийм биз? Халим, аварга загас далай тэнгисийг гэрээ болгодог. Хүний амьдрах орчны тухайд гэвэл хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадаа болон дотор тогос юм уу бусад жигүүртэн шувуудаар байнга хүрээлүүлж байдаг хүмүүс байдаг уу? Бүргэд, эсвэл зэрлэг галуу сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? (Үгүй.) Эдгээр нь бүгд жигтэй үзэгдэл байх байсан юм. Сонсоход тун жигтэй сонин үзэгдэл шиг санагдах зүйлсийг ярьж байгаагийн минь шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл хамраараа амьсгалж чадах эсэхээс үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьдралын хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан төрөлх нутгийг, амьдрах орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, өөрсдийн гэсэн хоол хүнс, өөрсдийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьдрахад тохиромжтой өөрсдийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Тийм маягаар, тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй, эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирдан, хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлийн дунд орших амьтан бүр нь өөрсдийн гэсэн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчиндоо суурин байдаг. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдардаг бөгөөд хүн төрөлхтөн бүх зүйлтэй хамт харилцан хамааралтайгаар зэрэгцэн оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 182

Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдэнд хил хязгаар тогтоосон; тэдний дунд Тэрээр бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх төрлийн амьтай зүйлийг тэжээж байх зуураа Тэр бас хүмүүст зориулан амьдрах өөр өөр арга замыг бэлдсэн, иймээс л хүмүүст амьд орших цор ганц арга зам байдаггүй, мөн амьд орших цор ганц төрлийн орчин байдаггүй гэдгийг чи харж болно. Бид өмнө нь, Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнс болон усны нөөцийг бэлддэг тухай ярьсан, энэ нь хүн төрөлхтний махан биеийн амь үргэлжлэн орших боломжийг олгодог шийдвэрлэх чухал зүйл юм. Гэхдээ, энэ хүн төрөлхтний дундаас бүх хүн үр тариагаар амь зуудаг юм биш. Хүмүүс газарзүйн орчин болон газарзүйн тогтцын ялгаанаас хамааран өөр өөр амьдрах арга барилтай байдаг. Бурхан энэ бүх амьдрах аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ бүх хүн газар тариалан эрхлээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маяг байдаг вэ? Өөр өөр хоол хүнсний эх үүсвэрийн тухайд гэвэл, өөр ямар хүмүүс байдаг вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий.

Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг. Хүн бүр үүнийг мэддэг. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ойн шувууд, араатан амьтдыг иддэг. “Ангийн” мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй; тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын хоол тэжээл гэж боддог. Жишээ нь, тэд буга агналаа. Тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг ба тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, сэтгэл нь хангалуун болдог. Анчин ч бас хийсэн ангаа харахдаа санаа амарч, сэтгэл хангалуун болдог, учир нь тэр дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болдог. Дараагийн хоолондоо идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болдог. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ан хийж амь зуудаг хүмүүсийн ихэнх нь уулын ой модонд амьдардаг. Тэд газар тариалан эрхэлдэггүй. Тэнд тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол ердийн хүмүүсийнхээс өөр амьдралын эхний хэв маяг юм.

Хоёр дахь төрөл нь мал маллах хэв маяг. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийдэг вэ? Тэд яаж амьдардаг вэ? (Ихэвчлэн тэд амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, өвөл нь малаа нядалж, иддэг. Тэдний хоол хүнс үндсэндээ үхэр, хонины мах бөгөөд тэд сүүтэй цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч сайн хооллодог. Тэдэнд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах элбэг байдаг.) Мал маллаж амьдардаг хүмүүс гол төлөв үхэр, хонины мах идэж, хонь болон үнээний сүү уудаг бөгөөд морь мал унаж, малаа хариулан, нүүрэндээ нар тусгаж, үсээ салхинд намируулан хээр талаар явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын дарамт байхгүй. Бүхэл өдөржингөө өргөн уудам хөх тэнгэр, ногоон талыг л хардаг. Амь зуухын тулд мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүлэг ногоон тал дээр амьдарч, нүүдэлчин хэв маягаа үеэс үед үргэлжлүүлж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн ганцаардмал байж болох ч энэ нь бас маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!

Гурав дахь төрөл нь загасчлах хэв маяг. Далай тэнгисийн ойролцоо юм уу жижиг арал дээр амьдардаг цөөн тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгддэг. Энэ хүмүүс амь зуухын тулд загасчилдаг. Амин зуулгынхаа төлөө загасчилдаг хүмүүсийн хоол хүнсний эх үүсвэр юу вэ? Тэдний хоол хүнсний эх үүсвэр нь бүх төрлийн загас, далайн хоол, далайн бүтээгдэхүүн юм. Амин зуулгынхаа төлөө загасчилдаг хүмүүс газар тариалан эрхэлдэггүй, харин оронд нь өдөр бүр загасчлахаар явдаг. Тэдний гол хоол хүнс нь янз бүрийн загас, далайн бүтээгдэхүүнээс бүрддэг. Тэд хааяа эдгээр зүйлийг будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр сольж арилжаалдаг. Энэ бол усны ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг юм. Усны ойр амьдардаг хүмүүс өөрсдийн хоол хүнсний төлөө үүнд түшиглэдэг бөгөөд загасчлах нь тэдний амин зуулга билээ. Энэ бол тэдний амин зуулгын, мөн түүнчлэн хоол хүнсний эх сурвалж юм.

Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүсээс гадна үндсэн гурван төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдлаа. Мал аж ахуй, загасчлах болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Тэд хэдэн үеэрээ тариа буудай ургуулж амь зуудаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан бай, тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.

Хүний энэ өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэдэнд өөр өөр амьдрах орчны баталгаа байх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ ан хийж амьдардаг хүмүүс уулын ой мод, жигүүртэн шувууд, араатан амьтдаа алдах юм бол амин зуулгынх нь эх сурвалж байхгүй болно. Тэгээд энэ угсаатан, ийм төрлийн хүмүүсийн явах зүг чиг тодорхойгүй болж, тэд бүр устан үгүй болж ч магад юм. Амин зуулгынхаа төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс юунд найддаг вэ? Тэдний үнэхээр найддаг зүйл нь мал биш, харин мал сүргийн амьдрах орчин буюу бэлчээрийн тал газар юм. Хэрэв бэлчээр байгаагүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх байсан бэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол тийм хүмүүс хаашаа явах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, ирээдүй нь үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загас оршин тогтнох боломжгүй болно. Амин зуулгынхаа төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрвээ тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн орших боломжгүй болдог бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдаж, юм тарьж ургуулж чадахгүй болж, янз бүрийн ургамлаас хоол хүнсээ авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхнэ биз дээ? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тийм төрлийн хүмүүс устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг өсгөж, газарзүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг өсгөн үржүүлэх ганц зорилготой.

Хэрвээ бүтээлийн бүх зүйл өөрсдийн хуулийг алдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн хууль алдагдвал энэ бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн ч бас оршин амьдардаг амьдрах орчноо алдана. Хэрвээ хүн төрөлхтөн энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд бүтээлийн бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьдарч, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтсон амьдрах орчин байгаа болохоор дэлхий дээрх бүх хүн, бүх үндэстэн тогтсон цар хүрээндээ амьдарч чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг хуваарилсан юм. Яагаад Бурхан тэднийг ийм байдлаар хуваарилсан бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал—үнэхээр чухал!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 183

Дөрөвт, Бурхан үндэстэн бүрийн хооронд хил хязгаар бий болгосон. Дэлхий дээр цагаан, хар, бор, шар арьстай хүмүүс байдаг. Энэ бол хүний янз бүрийн төрлүүд юм. Бурхан бас энэ өөр өөр төрлийн хүмүүсийн амьдралд цар хүрээ тогтоосон бөгөөд үүнийг мэдэлгүйгээр хүмүүс Бурханы удирдлага дор өөрсдөдөө тохирсон амьдрах орчиндоо амьдардаг. Хэн ч үүнийг давж чадахгүй. Тухайлбал, цагаан арьстай хүмүүс ихэвчлэн ямар газар амьдардаг вэ? Тэд ихэвчлэн Европ болон Америкт амьдардаг. Хар арьстай хүмүүсийн голчлон амьдардаг газарзүйн бүс нь Африк тив юм. Бор арьстай хүмүүс ихэвчлэн Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азид, Тайланд, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг улс оронд амьдардаг. Шар арьстай хүмүүс үндсэндээ Ази тивд буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнуудад амьдардаг. Бурхан энэ бүх төрлийн үндэстнийг зохих ёсоор хуваан байрлуулсан бөгөөд ингэснээр төрөл бүрийн энэ үндэстнүүд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд таран байрласан байдаг. Дэлхийн энэ янз бүрийн хэсгүүдэд Бурхан төрөл бүрийн үндэстэн нэг бүрд таарч тохирсон амьдрах орчныг хэзээний бэлтгэсэн. Төрөл бүрийн энэ амьдрах орчинд Бурхан тэдэнд зориулсан хөрсний өнгө, найрлагыг бэлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цагаан арьстай хүмүүсийн биеийн бүтэц хар арьстай хүмүүсийнхтэй адилгүй бөгөөд бас бусад үндэстний хүмүүсийн биеийн бүтцээс өөр байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тухайн үндэстний амьдрах орчныг аль хэдийн бэлтгэсэн. Түүний зорилго бол тухайн төрлийн хүмүүс өсөн үржиж, тоо хэмжээ нь нэмэгдэх үедээ тэр цар хүрээндээ суурьших юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө аль хэдийнээ энэ бүгдийг бодсон—Тэр цагаан арьстай хүмүүст Европ болон Америкийг өгч, хөгжиж, амьд орших боломжоор тэднийг хангасан. Тиймээс Бурхан дэлхийг бүтээж байх үедээ аль хэдийн төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн хэсэг газарт юу оруулах, тухайн хэсэг газар дээр юу тэжээж тэтгэх талаар зорилго, зорилттой байсан. Тухайлбал, Бурхан тухайн газар нутагт ямар уулс, хэр их тал газар, хэр олон усны ундарга, ямар шувууд, араатан амьтад, ямар загас жараахай, ямар ургамал байх талаар хэзээний зэхэж бэлтгэсэн байдаг. Тодорхой төрлийн хүмүүс болон үндэстний амьд орших орчинг зэхэж байх үедээ Бурхан асуудлын маш олон талыг харгалзан үзсэн: газарзүйн орчин, хөрсний бүтэц, жигүүртэн шувууд ба араатан амьтдын төрөл зүйл, янз бүрийн загас жараахайн хэмжээ, загас жараахайн бүтэц, усны ундаргын чанар, бүх төрлийн ургамал гэх мэт… Бурхан энэ бүгдийг аль эртнээс бэлдсэн. Тийм орчин нь цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэж, бүтээсэн амьдрах орчин бөгөөд тэр нь угаасаа тэдэнд харьяалагддаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ үүнийг маш их бодож тунгааж, төлөвлөгөөтэй хийсэн гэдгийг та нар харав уу? (Тэгсэн, Бурхан төрөл бүрийн хүмүүсийн талаар маш анхааралтай бодож тунгаасныг бид харлаа. Өөр өөр төрлийн хүмүүсийн амьдрах орчны хувьд Тэр жигүүртэн шувууд ба зэрлэг амьтдын төрөл зүйл, загасны төрөл зүйл, хэчнээн уул, хэр их тал газар байхыг бэлтгэсэн байдаг. Энэ бүгдийг маш анхааралтай, нарийн сайн бодож гаргасан.) Жишээ нь, цагаан арьстай хүмүүс голчлон ямар хоол иддэг вэ? Цагаан арьстай хүмүүсийн иддэг хоол хүнс Ази хүмүүсийн иддэг хоол хүнснээс маш өөр байдаг. Цагаан арьстай хүмүүсийн иддэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь гол төлөв мах, өндөг, сүү, шувууны мах юм. Талх, будаа зэрэг үр тариа ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн биш бөгөөд тавагны хажуу талд тавигддаг. Ногооны салат идэж байхдаа ч гэсэн тэд тодорхой хэмжээний шарсан үхрийн мах юм уу тахианы мах дотор нь хийдэг. Тэд улаан буудайн төрлийн хоол хүнс хэрэглэсэн ч бяслаг, өндөг эсвэл мах нэмдэг. Өөрөөр хэлбэл, тэдний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд үндсэндээ улаан буудайн төрлийн хоол хүнс юм уу будаа багтдаггүй; тэд их хэмжээний мах, бяслаг иддэг. Маш өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгаа учраас тэд үргэлж мөстэй ус уудаг. Тиймээс цагаан арьстай хүмүүс маш биерхүү бадируун байдаг. Эдгээр нь тэдний амьдралын эх сурвалж бөгөөд тэдний амьдрах орчинг Бурхан тэдэнд зориулан бэлтгэж, ийм төрлийн амьдралын хэв маягтай болгосон. Энэ хэв маяг нь бусад төрлийн арьстай хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр. Энэ амьдралын хэв маягт сайн, эсвэл муу гэж байхгүй бөгөөд Бурханы захиралт болон зохицуулалтаас болж ийм байхаар урьдчилан тогтоогдож, заяагдсан. Ийм төрлийн үндэстэн нь өөрсдийн удам угсаа болон Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчноос болж тодорхой амьжиргааны эх үүсвэр, мөн тодорхой амьдралын хэв маягтай байдаг. Та нар, цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэсэн амьдрах орчин болон тухайн орчноос хүртдэг өдөр тутмын хоол хүнс нь баялаг, элбэг хангалуун гэж хэлж болно.

Бурхан бусад үндэстнүүдэд бас амьд оршиход шаардлагатай орчныг бэлдсэн. Хар арьстай хүмүүс байдаг—хар арьстай хүмүүс хаагуур оршдог вэ? Тэд ихэвчлэн Африкийн төв болон өмнөд хэсгээр байдаг. Бурхан ийм төрлийн орчинд тэдэнд зориулан, амь зуух юу бэлдсэн бэ? Халуун орны ой, бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, элсэн цөл, мөн тэдгээрт нийцэх бүх төрлийн ургамлыг бэлтгэсэн. Тэдэнд усны, амьжиргааны, хоол хүнсний эх үүсвэр бий. Бурхан тэднийг гадуурхаж, ад үзээгүй. Тэд юу хийснээс үл хамааран оршин тогтнол нь хэзээ ч асуудал болж байгаагүй. Тэд бас дэлхийн нэг хэсэгт тодорхой байршил болон тодорхой газар нутгийг эзэлдэг.

Одоо шар арьстай хүмүүсийн талаар ярилцъя. Шар арьстай хүмүүс ихэвчлэн Дорно зүгт байрладаг. Өрнө, Дорнын хооронд газарзүйн байрлал ба орчны ямар ялгаа байдаг вэ? Дорнын нутагт эх газрын ихэнх хэсэг нь үржил шимтэй, түүхий эд болон ашигт малтмалын нөөц баялаг байдаг. Өөрөөр хэлбэл, газрын дээр ч, газрын доор ч бүх төрлийн нөөц баялагтай. Энэ бүлэг хүмүүс, энэ үндэстэнд Бурхан бас таарч тохирсон хөрс шороо, цаг агаар, янз бүрийн газарзүйн орчинг бэлдсэн. Хэдийгээр энэ газарзүйн орчин ба Өрнөдийн орчны хооронд маш том ялгаа байгаа ч Бурхан, хүмүүс амьд оршиход шаардлагатай хоол хүнс, амьжиргаа, эх үүсвэрийг бэлдсэн. Өрнөдөд байгаа цагаан арьстай хүмүүсээс амьдрах орчин нь л ялгаатай. Гэхдээ та бүхэнд хэлэх хэрэгтэй нэг зүйл юу вэ? Дорнын үндэстний тоо харьцангуй их учраас Бурхан дэлхийн тухайн хэсэгт Өрнөдөөс ялгаатай маш их элемент нэмсэн. Дэлхийн тэр хэсэгт Тэрээр маш олон төрлийн байгалийн үзэмж, бүх төрлийн элбэг хангалуун түүхий эд нэмж өгсөн. Байгалийн нөөц маш элбэг дэлбэг байдаг; газарзүйн тогтоц нь бас янз бүр, олон төрөл бөгөөд Зүүн зүгийн асар олон үндэстнийг тэжээхэд хүрэлцээтэй байдаг. Өрнөдөөс ялгаатай нь Дорнын газар нутагт өмнөдөөс хойд, зүүнээс баруун зүгт хүртэл цаг агаар нь Өрнөдөөс дээр. Дөрвөн улирал нь тодорхой бөгөөд температур нь таатай, байгалийн нөөц элбэг дэлбэг, байгалийн үзэмж хийгээд газарзүйн тогтцын төрөл зүйл нь Өрнөдөөс хавьгүй илүү дээр байдаг. Бурхан яагаад ингэсэн бэ? Бурхан цагаан ба шар арьстай хүмүүсийн хооронд маш ухаалаг тэнцвэрийг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ? Цагаан арьст хүмүүсийн эдэлдэг зүйл, тэдний хоол хүнс, ашигладаг зүйлийн тал бүр нь шар арьстай хүмүүсийн эдэлж чадах зүйлээс хавьгүй илүү байдаг гэсэн үг юм. Гэхдээ Бурхан ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхдаггүй. Бурхан шар арьстай хүмүүст амьдрах илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан орчинг өгсөн. Энэ бол тэнцвэр юм.

Бурхан дэлхийн аль хэсэгт ямар төрлийн хүмүүс амьдрах ёстойг урьдчилан тогтоосон; хүмүүс энэ хязгаараас гарч чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.) Энэ бол гайхамшигтай зүйл! Хэдий янз бүрийн эрин үе, тодорхой цаг хугацаанд дайн, түрэмгийлэл тохиолдсон ч эдгээр дайн, түрэмгийлэл нь үндэстэн бүрд зориулан Бурханы урьдчилан тогтоосон амьдрах орчныг үгүй хийж огт чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан дэлхийн тодорхой хэсэгт тодорхой төрлийн хүмүүсийг байлгахаар тогтоосон бөгөөд тэд тухайн цар хүрээнээс гадагш гарч чадахгүй. Хүмүүс Бурханы зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрийг өөрчлөх юм уу тэлэх хүсэлтэй байсан ч гэсэн үүнийг биелүүлэхэд маш хэцүү байх болно. Үүнийг биелүүлэхэд тун хэцүү байх болно. Жишээ нь, цагаан арьстай хүмүүс газар нутгаа тэлэхийг хүсэж, зарим нэг орныг колоничилж байсан. Германчууд зарим улс орныг эзлэн авч, Англи Энэтхэгийг эзэлсэн. Үр дүн нь юу байсан бэ? Эцсийн эцэст тэд бүтэлгүйтсэн. Бид энэ бүтэлгүйтлээс юу харж болох вэ? Бурханы урьдчилан тогтоосон зүйлийг эвдэлж сүйтгэх нь зөвшөөрөгддөггүй. Тиймээс Британийн түрэмгийллээс хэчнээн агуу хүч харагдаж байсан нь хамаагүй эцэстээ тэд буцаж, Энэтхэгт харьяалагдсаар байгаа тэр газар нутгийг орхисон. Тухайн газар нутагт амьдардаг хүмүүс англичууд биш, харин энэтхэгчүүд хэвээр. Учир нь энэ бол Бурханы зөвшөөрдөггүй зүйл. Түүх юм уу улс төр судалдаг зарим хүн энэ сэдвээр зарим дүгнэлт гаргасан байдаг. Тэд Англи улс яагаад бүтэлгүйтсэн тухай шалтгааныг тодорхойлон, зарим үндэстэн эзлэгдэшгүй, эсвэл хүний ямар нэг зүйлээс шалтгаалсан гэж хэлдэг… Эдгээр нь жинхэнэ шалтгаан биш юм. Жинхэнэ шалтгаан нь Бурханд байгаа юм—Тэр үүнийг зөвшөөрдөггүй! Бурхан тодорхой газар нутагт нэг угсаатныг амьдруулж, тэнд суурьшуулсан бөгөөд хэрвээ Бурхан тэдэнд шилжихийг зөвшөөрөхгүй бол тэд хэзээ ч шилжиж чадахгүй. Хэрвээ Бурхан тэдэнд цар хүрээ тогтоож өгсөн бол тэд тухайн хүрээндээ амьдрах болно. Хүн төрөлхтөн энэ хүрээг дураараа эвдэж, эсвэл үүнээс ангижирч чадахгүй. Тэр бол тодорхой. Түрэмгийлэгчийн хүч хэр агуу байх нь, эсвэл түрэмгийлэлд өртөж байгаа хүмүүс хэр сул дорой байх нь хамаагүй эцсийн дүнд тэдний амжилт Бурханаас хамаардаг. Тэр үүнийг аль хэдийн урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 184

Бурханы тодорхойлсон бүх зүйлийн өсөлтийн хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтөн ямар төрлийнх байх нь хамаагүй Бурханы хангалт дор амьдарч байгаа бус уу? Тэд бүгд Түүний асаргаан дор амьдарч байгаа бус уу? Хэрвээ эдгээр хууль сүйдэх юм уу Бурхан хүн төрөлхтөнд ийм төрлийн хууль бий болгоогүй бол тэдний хэтийн ирээдүй ямар байх байсан бэ? Хүмүүс амьдрах үндсэн орчноо алдсаны дараа хоол хүнсний эх үүсвэртэй байх байсан уу? Хоол хүнсний эх үүсвэр асуудал болох боломжтой. Хэрвээ хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдсан бол, өөрөөр хэлбэл, тэд ямар ч идэх зүйл олж авч чадахгүй бол хэд хоног тэсэж чадах вэ? Магадгүй тэд ганц ч сар тэсэж чадахгүй бөгөөд тэдний амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэдний оршин тогтнол, өсөлт үржилт, амин зуулгыг үргэлжлүүлэхийн төлөө Бурханы хийдэг юм бүхэн маш чухал. Бүх зүйлийн дундаас Бурханы хийдэг юм бүхэн хүмүүсийн амьд оршихтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Хэрвээ хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжлэх үү? Бурханы удирдлага оршин тогтносоор байх уу? Бурханы удирдлага Өөрийнх нь тэжээн тэтгэж байгаа бүх хүн төрөлхтний оршин тогтнолтой зэрэгцэн оршдог, иймээс Бурхан бүх зүйлд юу бэлдсэн, хүмүүсийн төлөө юу хийсэн байх нь хамаагүй энэ бүгд Түүнд хэрэгтэй, энэ нь хүн төрөлхтний амьдралд шийдвэрлэх чухал зүйл юм. Хэрвээ бүх зүйлийн төлөө Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, нурж, тасалдвал бүх зүйл оршин тогтнож чадахаа болих бөгөөд хүн төрөлхтний амьдрах орчин, тэдний өдөр тутмын амин зуулга, мөн тэд өөрсдөө ч цаашид оршиж чадахгүй. Энэ шалтгааны улмаас хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлага ч мөн цаашид оршихгүй.

Бидний ярьсан бүх зүйл, нэг бүр нь хүн бүрийн амьд оршихтой нарийн холбогдсон байдаг. “Таны ярьж байгаа зүйл хэтэрхий том байна, бид ойлгохгүй байна” гэж та нар хэлж магадгүй, мөн “Таны ярьж байгаа зүйл надад ямар ч хамаагүй” гэж хэлэх хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ чи ердөө бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ битгий март; чи бол Бурханы захиралт дотор байгаа бүх зүйлийн нэг гишүүн. Бүх зүйл Бурханы захиралтаас салж чадахгүй, нэг ч хүн өөрийгөө Түүний захиралтаас салгаж чадахгүй. Түүний захиралтыг алдаж, Түүний хангалтыг алдана гэдэг нь хүмүүсийн амьдрал, хүмүүсийн махан биеийн амьдрал алга болно гэсэн үг. Энэ бол Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг бий болгосны ач холбогдол. Чи ямар үндэстэн болох, эсвэл ямар хэсэг газар дээр амьдардаг, Өрнөдөд байна уу, Дорнодод байна уу хамаагүй—хүн төрөлхтөнд Бурханы зориулан тогтоосон амьдрах орчноос өөрийгөө тусгаарлаж чадахгүй бөгөөд хүмүүст зориулан Бурханы тогтоосон амьдрах орчны асаргаа, хангалтаас өөрийгөө салгаж чадахгүй. Амин зуулга чинь юу болох, амьдрал чинь юунаас хамаардаг, махан биеийн амиа тэтгэхийн тулд юунд найддаг чинь хамаагүй, чи Бурханы захиралт болон Түүний удирдлагаас өөрийгөө салгаж чадахгүй. Зарим хүн: “Би тариачин биш, би амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй. Миний хоол хүнс тэнгэрээс хамааралгүй учраас би Бурханы тогтоосон амьдрах орчинд амьдарч байгаа биш. Иймэрхүү орчин надад юу ч өгөөгүй” гэж хэлж болох юм. Энэ зөв үү? Амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй гэлээ, чи үр тариа иддэггүй юү? Чи мах, өндөг иддэггүй гэж үү? Хүнсний ногоо, жимс иддэггүй юү? Чиний иддэг бүхэн, чамд хэрэгтэй энэ бүх зүйл нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бий болгосон амьдрах орчноос салшгүй юм. Хүн төрөлхтөнд шаардлагатай бүх зүйлийн эх үүсвэрийг Бурханы бүтээсэн бүх зүйлээс, амьдрах орчноос салгах боломжгүй. Ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл—энэ бүгдээс алийг нь бүх зүйлийн дундаас авдаггүй вэ? Зарим хүн: “Бүх зүйлээс гаргаж аваагүй зарим юм байдаг. Хараач, хуванцрыг бүх зүйлээс гаргаж аваагүй. Энэ бол химийн гаралтай, хүний хийсэн зүйл” гэж хэлдэг. Энэ зөв үү? Хуванцрыг хүн хийсэн, химийн гаралтай зүйл, гэхдээ хуванцрын анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд хаанаас гаралтай вэ? Анхдагч бүрэлдэхүүн хэсгүүдийг Бурханы бүтээсэн материалаас авсан. Эдэлж байгаа, харж байгаа зүйлсийг чинь, ашиглаж байгаа бүхнийг чинь бүгдийг нь Бурханы бүтээсэн бүх зүйлээс авсан. Өөрөөр хэлбэл, ямар үндэстэн байх, ямар амьжиргаатай байх, эсвэл ямар төрлийн амьдрах орчинд амьдардаг болох нь хамаагүй хүмүүс өөрсдийгөө Бурханы хангалтаас салгаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 185

Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Чиний мэддэг Бурхан хувийн амьдралын чинь цар хүрээнд хязгаарлагддаг ба жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ, мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.

Хэрвээ чи Бурханы аливаа үйлсийг бүх зүйлийн дундаас харж, таньж чаддаггүй бол Түүний ямар ч үйлсийг гэрчилж чадахгүй. Хэрвээ чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг Бурхан гэгч тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар байгаа бол, өөрийн үзэл санаагаар хязгаарласан, өчүүхэн оюун санаандаа багтаасан тийм Бурханы талаар ярьсаар байгаа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүнийг гэрчлэхдээ зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүнийг сэтгэл хангалуун байлгахаас маш хол байна. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлсээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бүх зүйлээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирах аргаар Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн үнэнийг хардаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Та нар үүнийг хөнгөхнөөр бүү авч үз, Миний ярьсан эдгээр сэдэв та нарын амийн оролттой хамаагүй гэж бүү бод, ингэснээр та нар эдгээр сэдвийг зүгээр нэг мэдлэг, эсвэл номлол гэж хүлээн авахгүй юм. Хэрвээ та нар үүнийг тийм хандлагаар сонсох аваас ганц ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх агуу боломжийг алдах болно.

Энэ бүх сэдвийг ярьж байгаа Миний зорилго юу вэ? Миний зорилго бол хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы бодит үйлсийг ойлгуулах явдал юм. Бурханыг ойлгодог, Түүний үйлсийг мэддэг болмогцоо, зөвхөн тэр үед л чи Түүнийг мэдэх боломж, бололцоотой болно. Тухайлбал, хэрвээ чи нэг хүнийг ойлгохыг хүсвэл хэрхэн ойлгох вэ? Тэдний гадна төрхийг харснаар уу? Тэд юу өмсдөг, хэрхэн хувцасладгийг харснаар уу? Хэрхэн алхаж байгааг харснаар уу? Тэдний мэдлэгийн цар хүрээг харснаар уу? (Үгүй.) Тэгвэл тэр хүнийг хэрхэн ойлгох вэ? Чи тухайн хүний яриа, зан авираар дамжуулан, тэдний бодлоор дамжуулан, юу илэрхийлж, юу илчилж байгаагаар нь тэднийг ялган таньж болно. Ингэж чи тэр хүнийг мэдэж, тэр хүнийг ойлгодог. Үүний адилаар, хэрвээ Бурханыг мэдэхийг хүсвэл, Түүний бодит тал, Түүний жинхэнэ байдлыг ойлгохыг хүсвэл та нар Түүний үйлдлээр дамжуулан, хийдэг бодит зүйл бүрээр нь дамжуулан Түүнийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн шилдэг арга, мөн цорын ганц арга.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 186

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгаж, уулс ба гол нууруудын орших нөхцөлийг тэнцвэртэй байлгаж, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх явдал юм. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ ямар нэг амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ, эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрвээ Түүний захиралт дор байх өсөлтийн хурд, давтамж, тоо хэмжээ нь хэрээс хэтэрвэл хүн төрөлхтний амьдрах орчинд янз бүрийн түвшний сүйрэл учрах болно. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний оршин тогтнол заналхийлэлд өртөнө. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны ундаргыг нь сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь, бүх зүйлд ус маш чухал. Хэрэв хэтэрхий олон тооны хулгана, шоргоолж, царцаа, мэлхий юм уу өөр бусад төрлийн амьтад байвал тэд илүү их ус уух болно. Тэдний уух усны хэмжээ өсөхийн хэрээр ундны усны эх үүсвэр болон усархаг газрын тогтсон цар хүрээнд байх хүмүүсийн уух ус, усны эх үүсвэр багасаж, тэд усаар дутагдана. Бүх төрлийн амьтдын тоо хэмжээ ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус тасарч, бохирдож, устгагдвал амьдрах тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтний амьд орших эсэх нь ноцтой аюул заналтай тулгарах болно. Хэрвээ зохимжит тооноосоо хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан байгаа бол хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Үүний адилаар эдгээр нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяа нь тухайн орчны аюул заналхийлэлд өртсөөр байх болно. Тэгэхээр хүмүүс хэрвээ эдгээр тэнцвэрийг алдвал амьсгалж байгаа агаар нь сүйдэж, ууж байгаа ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Хэрвээ ийм зүйл тохиолдвол хүн төрөлхтөнд угаасаа харьяалагддаг, амьдрах уугуул орчин нь асар их нөлөөлөл, төвөгтэй асуудалтай тулах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөл байдалд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүтээгдсэн зүйлс хүн төрөлхтний төлөө ямар шалтгаанаар оршин байдгийг, Өөрийнх нь бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг юу болохыг, хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг, хүн төрөлхтөнд ямар хэмжээний ашиг тус авчирдгийг Бурхан мэддэг учраас, мөн энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө Бурханы зүрх сэтгэлд байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ тал бүрийг удирддаг учраас Түүний хийдэг юм бүхэн хүн төрөлхтөнд маш чухал, шаардлагатай байдаг. Тиймээс чи бүх зүйлийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл бүх зүйлийн дундаас зарим нэг байгалийн хуулийг харахдаа Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай гэдэгт дахин эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа янз бүрийн арга замын талаар дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг ашиглахаа болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахаа болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 187

Материаллаг ертөнцийн хувьд, хүмүүс тодорхой нэг зүйл, үзэгдлийг ойлгохгүй байх болгондоо тэдгээр зүйлийн гарал үүсэл, цаад шалтгааныг олж мэдэхийн тулд янз бүрийн суваг ашиглаж, холбогдох мэдээллийг хайж болно. Харин өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө ертөнц буюу материаллаг ертөнцийн гадна орших сүнсний ертөнцийн тухайд бол, энэ талаар ямар нэг зүйл олж мэдэх арга зам, суваг хүмүүст огт байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, хүн төрөлхтний ертөнцөд, материаллаг ертөнцийн бүх зүйл хүний биет оршин тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд материаллаг ертөнцийн бүх зүйл өөрсдийнх нь бие махбодын амьдрал болоод амьтай салшгүй холбоотой гэж хүмүүст санагддаг учраас ихэнх хүн өөрсдөд нь харагддаг, нүднийх нь өмнөх материаллаг зүйлсийг л мэддэг, хардаг. Гэвч сүнсний ертөнц, өөрөөр хэлбэл, нөгөө ертөнцийн бүх зүйлийн тухайд ихэнх хүн үүнд итгэдэггүй гэж хэлэхэд болно. Хүмүүс үүнийг харж чаддаггүй, сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс юугаараа тэс өөр болох талаар бүү хэл, үүнийг ойлгох, энэ талаар юу ч мэдэх хэрэггүй гэж боддогийн дээр Бурханы хувьд нээлттэй, харин хүмүүсийн хувьд нууцлаг, хаалттай байдаг учраас энэхүү ертөнцийн янз бүрийн талыг ойлгох замыг олоход хүмүүст маш хэцүү байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний ярих гэж буй өөр өөр талууд бол зөвхөн Бурханы захиргаа, дээд эрхтэй хамаатай; Би ямар нэгэн нууцыг ил болгох гээгүй, мөн та нарын олж мэдэхийг хүсдэг нууцлаг зүйлээс алийг нь ч хэлж өгөх гээгүй. Энэ нь Бурханы дээд эрх, Бурханы захиргаа, Бурханы хангалттай хамаатай учраас Би та нарын мэдэх шаардлагатай хэсгийг л ярина.

Эхлээд Би та нараас нэг асуулт асууя: Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийд нь хэлбэл энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, материаллаг ертөнцийн гаднах ертөнц юм. Гэхдээ, та нар сүнсний ертөнцийг ямар ертөнц байх учиртай гэж төсөөлж байна вэ? Харж чадахгүй байгаагийн улмаас та нар энэ талаар бодож чадахгүй байж магад. Гэхдээ ямар нэг домог сонсохоороо та нар бодсоор л, энэ тухай бодохоо больж чаддаггүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүүхэд байхад нь олон хүнд тохиолддог нэг ийм зүйл бий: Хий үзэгдэл, сүнсний талаар хэн нэг нь аймшгийн түүх ярихад тэд ухаан алдталаа айдаг. Яг яагаад тэд айдаг вэ? Учир нь тэд ийм зүйлийг төсөөлж байдаг; харж чадахгүй ч өрөөнийх нь хаа сайгүй, ямар нэг далд, харанхуй буланд тэдгээр нь байгаа санагдаж, маш их айсандаа унтаж ч зүрхэлдэггүй. Ялангуяа шөнө өрөөндөө ганцаараа байх, хашаандаа ганцаараа зориглон гарахаас дэндүү их айдаг. Энэ бол та нарын төсөөлдөг сүнсний ертөнц, хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Үнэн хэрэгтээ, хүн бүр үүнийг тодорхой хэмжээгээр төсөөлдөг, хүн бүр бага зэрэг мэдэрч чадна.

Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт энгийн бөгөөд товчхон тайлбарлаж өгье: Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхол дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдгийн улмаас хүн төрөлхтний амьдралын дэг жаягт ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Үүнд Бурханы дээд эрх хамаатай юу, үгүй юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвээр ярилцаж байгааг минь ойлгоно: Учир нь, Бурханы дээд эрхээс гадна, Түүний захиргаа үүнд хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнцийн бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдгийн дээр энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Сүнсний ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, янз бүрийн талбарт харгалзагч нар үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг; Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадаг, Тэр бүх зүйлийг хэрхэн удирдаж, захирдгийг тодорхой мэддэг. Түүнчлэн, Тэр тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тэд тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Үнэндээ асар их ялгаатай. Сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг болохоор Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой энэ нь хамаатай. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нэн шаардлагатай гэж бодохгүй байна уу? Та нар салшгүй нууцыг нь мэдмээргүй байна уу? (Тийм ээ, бид мэдмээр байна.) Сүнсний ертөнцийн ухагдахуун ийм билээ. Хэдийгээр энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж, Бурханы захиргаа, дээд эрхэд нэгэн зэрэг захирагддаг ч энэ ертөнцийг захирдаг Бурханы захиргаа, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс хавьгүй хатуу чанд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 188

Хүн төрөлхтөн дундаас бүх хүнийг Би гурван төрөлд ангилдаг. Эхнийх нь шашны итгэл үнэмшилгүй үл итгэгчид. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх олонх нь мөнгөнд л итгэдэг; тэд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлддөг, эдийн шуналтай бөгөөд амьдрал, үхлийн мөчлөг, шүтээн, хий үзэгдлийн тухай ямар ч ярианд итгэдэггүй, харин материаллаг ертөнцөд л итгэдэг. Би ийм хүмүүсийг үл итгэгчид гэж ангилдаг, тэд бол эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөлд нь үл итгэгчдээс бусад итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс багтдаг. Хүн төрөлхтөн дундаас эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг Би хэд хэдэн томоохон бүлэгт хуваадаг: Эхнийх нь Иудейн шашинтан, хоёр дахь нь Католик шашинтан, гурав дахь нь Христийн шашинтан, дөрөв дэх нь Лалын шашинтан, тавь дахь нь Буддын шашинтан гэсэн таван төрөл юм. Эдгээр нь итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Гурав дахь төрөл нь Бурханд итгэдэг хүмүүс, үүнд та нар хамаарна. Ийм итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэх хоёр төрөлд хуваадаг. Эдгээр үндсэн төрлийг маш тодорхой ялгасан. Иймээс та нар одоо, бодол санаандаа хүмүүсийн төрөл, зэрэглэлийг хооронд нь тодорхой ялгаж чадна, тийм үү? Эхний төрөл нь үл итгэгчдээс бүрдэнэ, тэд юу болохыг Би хэлсэн. Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг үл итгэгчид гэж тооцох уу? Олон үл итгэгч Тэнгэр Эцэгт л итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа өөрсдийнх нь найддаг энэхүү оршихуй салхи, бороо, аянга гэх мэтийг бүгдийг нь удирддаг гэж тэд итгэдэг атлаа Бурханд итгэх итгэлийн талаар дурдмагц Түүнд итгэхийг хүсдэггүй. Үүнийг итгэл байгаа гэж нэрлэж болох уу? Ийм хүмүүс үл итгэгчдэд хамаарна. Үүнийг ойлгосон биз дээ? Эдгээр ангиллыг бүү андуур. Хоёр дахь төрөлд нь итгэл бишрэлтэй хүмүүс багтдаг, гурав дахь төрөл нь яг одоо Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Тэгвэл Би яагаад бүх хүнийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Учир нь төрөл бүрийн хүмүүс өөр өөр төгсгөл, хүрэх газартай байдаг.) Энэ бол нэг тал нь. Өөр өөр яс үндэс, төрлийн энэ хүмүүс сүнсний ертөнцөд эргэн очихдоо өөр өөр газар луу явж, амьдрал, үхлийн мөчлөгийн өөр өөр хуульд захирагдана, тийм учраас Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсан юм.

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүнийг үхсэнийх нь дараа сүнсний ертөнцийн харгалзагч авч явдаг. Хүний яг юуг нь авч явдаг вэ? Махан биеийг нь бус, сүнсийг нь авч явдаг. Сүнсийг нь авч явахад, дөнгөж нас барсан хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар болох сүнсний ертөнцийн товчоо хэмээх газарт очдог. (Жич: Үхсэнийхээ дараа хүний очдог эхний газар нь сүнсэнд хачин байдаг.) Тэднийг энэ газарт аваачих үед албан тушаалтан эхний үзлэг хийж, нэр, хаяг, нас, бүх туршлагыг нь баталгаажуулдаг. Амьд байхдаа хийсэн бүхнийх нь талаар бүртгэл хөтөлж, үнэн зөвийг нь магадалдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний насан туршийн үйлдэл, зан авирыг үндэслэн шийтгэгдэх үү, хүний төрлийг дахин олох уу гэдгийг нь тодорхойлдог ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат аймшигтай байна уу? Хүн харанхуй, үл таних газарт ирснээс өөр зүйл тохиогоогүй учраас энэ тийм ч аймшигтай биш.

Хоёр дахь шатанд, тухайн хүн насан туршдаа олон муу зүйл хийж, олон хорон муу үйл үйлдсэн бол үүнийгээ шийдүүлэхээр шийтгэлийн газарт хүргэгдэнэ. Тэр нь тусгайлан хүмүүсийг шийтгэхэд ашигладаг газар байх болно. Түүний хэрхэн шийтгэгдэхийн нарийн ширийн нь үйлдсэн нүгэл, мөн үхэхээсээ өмнө хэчнээн олон хорон муу зүйл хийснээс нь хамаардаг, энэ нь хоёр дахь шатанд тохиодог эхний нөхцөл байдал юм. Үхэхээсээ өмнө хийсэн муу зүйл, үйлдсэн ёрын муу үйлийнхээ улмаас шийтгэлийнхээ дараа дахин төрлийг олохдоо, материаллаг ертөнцөд дахин нэг удаа төрөхдөө, зарим нь хүн хэвээр үлдэж, зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл, хүн сүнсний ертөнцөд эргэн очсоныхоо дараа, үйлдсэн ёрын муу үйлээсээ болж шийтгүүлдэг; түүнчлэн, хийсэн хорон муу зүйлээсээ болж дараа төрөлдөө хүн биш, амьтан болж магадгүй. Тэд үхэр, адуу, гахай, нохой зэрэг амьтад болж магад. Зарим хүн дахин төрөхдөө шувуу, нугас, галуу болж болно… Тэд амьтны төрлийг олж дахин төрснийхөө дараа дахин үхэхдээ сүнсний ертөнцөд эргэж ирнэ. Тэнд урьдын адилаар үхэхийнх нь өмнөх зан авирт үндэслэн хүний төрлийг дахин олох эсэхийг нь сүнсний ертөнц шийднэ. Ихэнх хүн хэтэрхий их ёрын мууг үйлдэж, нүгэл нь дэндүү их байдаг учраас долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж төрдөг. Долоогоос арван хоёр удаа гэдэг аймшигтай бус уу? (Аймшигтай.) Та нарт юу нь аймшигтай байна вэ? Хүн, амьтан болно гэдэг аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл нь юу вэ? Хэл яриагүй, зөвхөн энгийн бодолтой, амьтдын хийж чадах зүйлсийг л хийж, амьтдын иддэгийг л идэж чаддаг байх, мөн амьтдын энгийн сэтгэлгээ, үйл хөдлөлтэй байж, босоогоороо явж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй байх бөгөөд хүмүүсийн зан авир, үйлдлийн аль нь ч амьтадтай огт хамааралгүй байдаг бодит үнэн юм. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундаас амьтан байна гэдэг бүх амьд зүйлээс хамгийн дорд болж, хүн байхаас илүү их зовлон зүдүүр туулах болдог. Маш их мууг хийж, асар их нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгэх сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал нь энэ юм. Шийтгэл хэр хүнд байх нь ямар төрлийн амьтан болохоос хамааран шийдэгддэг. Жишээ нь, гахай байх нь нохой байхаас дээр үү? Гахай нохойноос дээр амьдардаг уу, дор амьдардаг уу? Дор амьдардаг биз дээ? Хүмүүс үхэр, адуу болбол гахай байснаас дээр амьдрах уу, дор амьдрах уу? (Дээр амьдарна.) Хүн муур болж дахин төрснөөр илүү тухтай байх уу? Тэр адилхан л амьтан байх бөгөөд муур байх нь морь, үхэр байхаас хавьгүй илүү амар, учир нь муур ихэнх цагаа нойрмоглон залхуурч өнгөрүүлдэг. Үхэр, морь болбол илүү их хөдөлмөрлөдөг. Тиймээс хэрвээ хүн үхэр, адууны төрлийг олж төрвөл шаргуу ажиллах ёстой, энэ нь хатуу шийтгэлтэй адилхан. Нохой эзэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай байдаг тул нохой болох нь үхэр, морь болохоос арай дээр байх болно. Зарим нохойг хэдэн жил тэжээсний дараа эздийнхээ хэлдэг үгээс нэлээдийг ойлгож чаддаг. Заримдаа нохой эзнийхээ сэтгэл санааны байдал болон шаардлагад зохицож чаддаг, тэгээд эзэн нь нохойдоо илүү сайн хандаж, нохойгоо илүү сайн хооллож ундалж, өвдөх үед нь илүү сайн асардаг. Тэгэхээр нохой аз жаргалтай амьдардаг бус уу? Тиймээс нохой байна гэдэг нь үхэр, морь байснаас дээр. Үүгээр, хүний шийтгэлийн хатуу ширүүн байдал нь хэдэн удаа, ямар амьтны төрлийг олж төрөхийг нь тодорхойлдог.

Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүн долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж төрөхөөр шийтгүүлдэг. Хангалттай олон шийтгүүлээд сүнсний ертөнцөд эргэн очих үед нь түүнийг өөр газар луу, янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгүүлчхээд, хүний төрлийг олохоор бэлдэж байгаа төрлийн сүнснүүд байдаг газарт аваачдаг. Энэ газарт, ямар гэр бүлд төрөх, дахин төрөөд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтийнх нь дагуу сүнс тус бүрийг төрөл болгон ангилдаг. Жишээ нь, зарим хүн энэ хорвоод ирээд дуучин болох учраас түүнийг дуучдын дунд оруулдаг; зарим нь энэ хорвоод ирээд бизнес эрхлэгчид болох учраас түүнийг бизнес эрхлэгчдийн дунд оруулдаг; хэн нэгэн нь хүн болсныхоо дараа шинжлэх ухааны судлаач болох бол шинжлэх ухааны судлаачдын дунд оруулдаг. Тэднийг ангилсны дараа, яг л өнөөдөр хүмүүс и-мэйл илгээдэг шиг тус бүрийг нь өөр өөр цаг, товлосон өдөрт илгээдэг. Үүгээр амьдрал, үхлийн нэг мөчлөг дуусна. Хүн сүнсний ертөнцөд ирсэн өдрөөс эхлээд шийтгэл нь дуусах хүртэл буюу олон удаа амьтны төрлийг олж төрөөд, хүний төрлийг олж төрөхөөр бэлдэх хүртэл энэхүү үйл явц нь бүрэн төгс болдог.

Шийтгэгдэж дуусаад дахин амьтан болж төрөхгүй хүмүүс даруй материаллаг ертөнц рүү илгээгдэж хүн болж төрөх үү? Эсвэл тэд хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ? Ийм зүйл тохиолдож болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болдог бүх зүйл цаг хугацааны нарийн хязгаарлалт, дүрэмд захирагддаг, үүнийг Би тоогоор тайлбарлавал та нар ойлгоно. Богино хугацаанд дахин төрлийг олсон хүмүүсийн хувьд гэвэл үхэх үед нь дахин хүн болж төрөх бэлтгэлийг аль хэдийн хийсэн байна. Ийм зүйл болж болох хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүнд энэ нь гурван сар, заримынх нь хувьд гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил гэх мэт болдог. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрмийн талаар юу хэлж болох вэ, нарийн ширийн нь юу вэ? Сүнснээс материаллаг ертөнц буюу хүний ертөнцийн шаарддаг зүйл, энэхүү ертөнцөд сүнсний гүйцэтгэх учиртай үүрэг дээр эдгээр нь үндэслэдэг. Хүний ертөнцөд эгэл хүмүүсийн хэрэгцээ маш их байдаг учраас хүмүүс ийм эгэл хүний төрлийг дахин олж төрөхдөө ихэнх нь маш хурдан төрлөө олж дахин төрдөг, иймээс тэд гурван өдрийн дараа, нас барахаасаа өмнө байсан гэр бүлээс огт өөр гэр бүлд дахин илгээгддэг. Гэхдээ энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэдэг зарим хүн бий. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд ийм хүмүүсийн хэрэгцээ нэг их байдаггүй гэсэн үг юм; ийм үүрэг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй учир гурван зуун жил ч болж болно. Өөрөөр хэлбэл, энэхүү сүнс нь гурван зуун жилд, эсвэл бүр гурван мянган жилд л нэг удаа ирнэ. Яагаад тэр вэ? Гурван зуу, эсвэл гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардлагагүй байдаг бодит үнэний улмаас түүнийг сүнсний ертөнцийн хаа нэгтээ байлгадаг. Күнзийг жишээ болгон авч үзье: Тэрээр Хятадын уламжлалт соёлд гүн гүнзгий нөлөөлж, тэр ирснээр тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, үзэл санаанд гүнзгий нөлөө үзүүлсэн. Гэхдээ ийм хүн эрин бүрд шаардлагагүй учраас сүнсний ертөнцөд үлдэж, дахин төрөх хүртлээ гурван зуу, эсвэл гурван мянган жил хүлээх ёстой болсон. Хүний ертөнцөд иймэрхүү хүн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон юм, учир нь түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл маш бага байсан. Тиймээс хүний ертөнцөд хэрэгтэй болонгуут нь илгээхээр түүнийг ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэгтээ дэмий байлгах ёстой болсон. Ихэнх хүний дахин төрөх давтамжид зориулсан сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм ийм байдаг. Хүмүүс энгийн, эсвэл онцгой ч бай, сүнсний ертөнцөд тэдний төрлөө дахин олох явцыг боловсруулахад үйлчилдэг зохих дүрэм, зөв хэрэгжүүлэлт байдаг бөгөөд эдгээр дүрэм болон хэрэгжүүлэлтийг сүнсний ертөнцийн аливаа харгалзагч юм уу оршихуй шийдэж хянадаггүй, харин Бурхан илгээдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 189

Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэгтэй байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд төрөлтэй нь нягт холбоотой. Бүх төрлийн хүмүүс, хүний ертөнцөд ирдэг бөгөөд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Тэдгээр нь ямар үүрэг даалгавар байдаг вэ? Зарим хүн өрөө төлөхөөр ирдэг: Хэрвээ тэд урьд төрөлдөө бусдад дэндүү их хэмжээний мөнгөний өртэй байсан бол энэ төрөлдөө тэд өрөө төлөхөөр ирдэг. Гэтэл зарим хүн өрөө авахаар ирсэн байдаг: Тэр урьд төрөлдөө дэндүү их зүйл, дэндүү их хөрөнгө мөнгө залилуулсан байдаг; тийм болохоор сүнсний ертөнцөд ирснийх нь дараа тэдэнд шударга хандаж, энэ төрөлдөө өрөө авахыг нь зөвшөөрдөг. Зарим хүн ач хариулахаар ирсэн байдаг: Өмнөх амьдралд нь, өөрөөр хэлбэл урьд төрөлд нь тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан бөгөөд энэ төрөлд дахин төрөх маш сайхан боломж олдсон учраас тэд ачийг нь хариулахаар дахин төрдөг. Харин нөгөө хэсэг нь хүмүүсийн амийг авахаар энэ амьдралд дахин төрсөн байдаг. Тэгээд тэд хэний амийг авдаг вэ? Урьд төрөлд нь өөрийг нь хөнөөсөн хүмүүсийн амийг авдаг. Дүгнэж хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдрал урьд төрөлтэй нь бат, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдралд урьд төрөл нь асар их нөлөөлдөг. Жишээ нь, Жан нас барахынхаа өмнө Лигээс их хэмжээний мөнгө луйвардсан байж. Тэгвэл Жан, Лид өртэй юу? Өртэй, тэгэхээр Ли, Жангаас өрөө авах ёстой гэдэг нь зүй ёсны зүйл үү? Ийм болохоор нас барсных нь дараа тэдний хооронд төлөх учиртай өр үлддэг. Тэд дахин төрлийг олж, Жан хүн болох үед Ли өрөө хэрхэн авах вэ? Нэг арга зам нь Ли, Жангийн хүү болж дахин төрөх юм; Жан их мөнгө олж, дараа нь Ли түүнийг нь үрэн таран хийнэ. Жан хэчнээн их мөнгө оллоо ч, хүү Ли нь үрэн таран хийж байдаг. Жан хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн хэзээ ч хүрэлцэхгүй; харин хүү нь яагаад ч юм бэ, янз бүрийн арга замаар эцгийнхээ мөнгийг дандаа үрж дуусгана. Жан “Яагаад миний энэ хүү үргэлж азгүй явдал авчирч байдаг юм бэ? Яагаад хүний хөвгүүд ийм сайхан биеэ авч явдаг юм бэ? Яагаад манай хүү ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ийм арчаагүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би түүнийг байнга тэжээх ёстой юм бэ? Би түүнийг тэжээх ёстой юм хойно тэжээнэ ээ, гэхдээ хэчнээн их мөнгө өгсөн ч яагаад үргэлж хангалтгүй байдаг юм бэ? Яагаад тэр минь шударгаар хөдөлмөрлөж чадахгүй, харин биеэ оторлож, идэж ууж, завхайрч, мөрий тавих зэргийг хийдэг юм бэ? Юу л болоод байна даа?” хэмээн гайхшаа барна. Жан дараа нь “Би урьд төрөлдөө түүнд өртэй байсан байж болох юм. За яах вэ, өрөө барагдуулъя! Намайг өрөө төлж дуустал энэ дуусахгүй!” хэмээн хэсэг зуур бодно. Ли өрөө суутган авч дуусах өдөр ирж, тавин нас хүрээд гэнэтхэн сэхээ орж “Би амьдралынхаа эхний тэн хагаст нэг ч сайн зүйл хийсэнгүй! Эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийлээ, тиймээс би сайн хүн болж эхлэх ёстой! Би өөрийгөө хатуужуулна; шударга, зөв зохистой амьдрагч нэгэн болж, эцэгтээ дахин хэзээ ч зовлон шаналал авчрахгүй!” хэмээн ухаарах өдөр ирж болно. Яагаад тэр ингэж бодов? Яагаад тэр гэнэт сайн тал руугаа өөрчлөгдөв? Үүнд шалтгаан байна уу? Шалтгаан нь юу вэ? (Учир нь Ли өрөө авсан; Жан өрөө төлсөн.) Үүнд шалтгаан, үр дагавар байдаг. Энэ түүх тэр хоёрын энэ амьдралаас нь өмнө аль эрт эхэлсэн; тэдний урьд төрлийн амьдралын энэхүү түүх өнөөг хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан хүүдээ юу ч гэж сургасан, хүү нь хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй. Гэтэл өр барагдсан өдөр хүүгээ сургамжлах ямар ч шаардлага байгаагүй, хүү нь аяндаа ойлгосон. Энэ бол энгийн жишээ. Ийм жишээ өөр олон байдаг уу? (Тийм ээ, байдаг.) Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Сайн байж, ёрын мууг үйлдэх ёсгүй гэдгийг.) Тэд ёрын мууг хийх ёсгүй, муу үйлд цээрлүүлэлт байх болно гэдгийг хэлж байна! Ихэнх үл итгэгч маш их мууг үйлддэг, тэгээд муу үйл нь цээрлүүлэлт хүртдэг, зөв үү? Гэвч ийм цээрлүүлэлт тохиолдлынх байдаг уу? Үйлдэл болгонд цээрлүүлэлтийнх нь ард үндэслэл, шалтгаан байдаг. Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Тэрхүү мөнгийг луйвардаж авсны дараа чи ямар ч үр дагавартай нүүр тулахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй; үнэхээр үр дагавар байх болно! Тэд хэн байх, Бурхан байдаг гэдэгт итгэдэг, үгүй нь хамаагүй, хувь хүн бүр үйлдэлдээ хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх ёстой. Энэхүү энгийн жишээний тухайд Жан шийтгүүлж, Лигийн өр төлөгдсөн нь шударга бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хийх үед ийм л үр дүн гардаг. Энэ нь сүнсний ертөнцийн захиргаатай салшгүй холбоотой юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч гэсэн оршин тогтнол нь иймэрхүү тэнгэрлэг тушаал, зарлигт захирагддаг. Хэн ч үүнээс зайлж чадахгүй, мөн хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 190

Хүнд харагддаг бүхэн оршдог, харин харж болдоггүй юм бүхэн буюу хүмүүсээс маш холын зүйл оршин байдаггүй гэж итгэл бишрэлгүй хүмүүс дандаа итгэдэг. Тэд “амьдрал, үхлийн мөчлөг”, “шийтгэл” гэж байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас эрээ цээргүй нүгэл үйлдэж, мууг хийдэг. Үүний дараа тэд шийтгүүлж, эсвэл амьтны төрлийг олж төрдөг. Үл итгэгчдийн дундаас янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэхүү аюулт тойрог руу унадаг. Тэд сүнсний ертөнц бүх амьд зүйлийг захирах захиргаандаа хатуу чанд байдгийг мэддэггүй учраас тэр юм. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэхүү бодит үнэн орших л болно, учир нь ганц ч хүн, эсвэл зүйл Бурханы нүдээрээ ажигладаг зүйлийн цар хүрээнээс зугтаж, Бурханы тэнгэрлэг тушаал, зарлигийн дүрэм, хязгаарлалтаас зугтаж чадахгүй. Тэгэхээр Бурханд итгэх эсэхээс үл хамааран нүгэл үйлдэж, мууг хийх чинь зөвшөөрөхийн аргагүй бөгөөд бүхий л үйлдэл үр дагавартай гэдгийг энэхүү энгийн жишээ хүн бүхэнд хэлж өгдөг. Хэн нэгэн өөр нэгний мөнгийг луйвардвал шийтгүүлдэг бөгөөд тэрхүү шийтгэл нь шударга юм. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан авирыг сүнсний ертөнцөд шийтгэдэг, тэрхүү шийтгэлийг Бурханы зарлиг, тэнгэрлэг тушаалаар биелүүлдэг. Иймээс хүчин, тонуул, залилах, хууран мэхлэх, хулгай, дээрэм, хүн алах, галдан шатаах гэх мэт аймшигт гэмт хэрэг, хорон муу үйлдэл нь хүнд хөнгөний хувьд янз бүр, маш олон шийтгэлд улам бүр өртдөг. Хүнд хөнгөн нь янз бүр эдгээр шийтгэлд юу багтдаг вэ? Зарим нь цаг хугацаагаар хатуу чангын түвшнийг тогтоодог бол, зарим нь өөр өөр аргачлалаар үүнийг тогтоодог; гэвч зарим нь дараагийн төрлөө олох үедээ хүмүүсийн хаашаа явахыг нь шийдсэнээр тогтоодог. Жишээ нь зарим хүн бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бусдыг байнга харааж загнадаг, хорон үгээр бусдыг харааж зүхдэг гэсэн үг юм. Хорон үг хэл юуг илтгэн харуулдаг вэ? Энэ нь тэр хүн хорон санаатай гэдгийг илтгэдэг. Бусдыг харааж зүхсэн бүдүүлэг үг хэл тийм хүмүүсийн амнаас байнга гардаг бөгөөд ийм хорон үг хэл нь ноцтой үр дагавар авчирдаг. Ийм хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа хэлгүй болж дахин төрж болно. Зарим хүн амьд байхдаа маш тооцоотой, бусдыг байнга завшдаг, бяцхан явуулгаа нэн сайн төлөвлөдөг, хүмүүст маш их хор хохирол учруулдаг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай, оюуны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүн бусдын хувийн амьдрал руу үргэлж өнгийдөг; нүд нь харах ёсгүй хувийн нууцыг харж, мэдэх учиргүй зүйл ихийг мэддэг. Тиймээс дахин төрөхдөө тэд сохор болж магадгүй. Зарим хүн амьд байхдаа маш овсгоо сүйхээтэй байдаг; байнга тэмцэлдэж, муу зүйл их хийдэг. Үүний улмаас дахин төрөхдөө эрэмдэг зэрэмдэг, доголон, гаргүй төрж магадгүй; эсвэл тэд дахин төрөхдөө бөгтөр, гилжгий болох юм уу хазганаж явдаг, эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт болж ч магадгүй. Ийнхүү амьд байхдаа үйлдсэн ёрын муугийнх нь хэмжээнд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оноодог. Зарим хүн яагаад хялар байдаг гэж та нар бодож байна? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөө үед олон байдаг болсон. Зарим хүн урьд төрөлдөө нүдээ хэт их хэрэглэж, дэндүү олон муу зүйл хийсэн байдаг учир энэ төрөлдөө хялар нүдтэй болж төрдөг, ноцтой тохиолдолд сохор ч байдаг. Энэ бол цээрлүүлэлт билээ! Зарим хүн нас барахаасаа өмнө бусадтай сайхан харьцдаг; тэд төрөл садан, найз нөхөд, хамт ажиллагсад, өөрсөдтэй нь холбоотой хүмүүст олон сайн зүйл хийдэг. Тэд бусдад буян үйлдэж, асарч халамжилж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүмүүс тэднийг маш өндрөөр үнэлдэг. Ийм хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгүүлдэггүй. Үл итгэгч ямар нэг байдлаар шийтгүүлэхгүй байна гэдэг бол маш сайн хүн байсан гэсэн үг юм. Бурханы оршин тогтнолд итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Ийм хүн өөрийнх нь хийж байгаа бүхнийг дээрээс хардаг сүнс байдаг гэж л итгэдэг—түүний итгэдэг зүйл ердөө л энэ. Үр дүнд нь, энэ хүн биеэ хавьгүй дээр авч явдаг. Ийм хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч байдгийн дээр эцэстээ сүнсний ертөнцөд эргэж очиход нь тэдэнд маш сайн хандаж, тэд удалгүй дахин төрлийг олж төрнө. Тэд дахин төрөхдөө ямар айлд ирэх вэ? Энэхүү айл нь хэдий баян биш ч зовлон шаналалгүй, гэр бүлийн гишүүд нь хоорондоо эвтэй найртай байна; энэхүү дахин төрлийг олсон хүмүүс энд амар амгалан, жаргалтай өдрүүдийг өнгөрөөж, хүн бүр баяр хөөртэй, сайхан амьдарна. Энэ хүмүүс насанд хүрээд өнөр өтгөн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь авьяастай, амжилттай байж, гэр бүл нь аз жаргалтай байна, ийм төгсгөл энэ хүмүүсийн урьд төрөлтэй асар их холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн үхээд дахин төрлийг олохдоо хаашаа явах, эрэгтэй, эмэгтэй байх эсэх, үүрэг даалгавар нь юу байх, амьдралдаа юу туулах, ямар бүтэлгүйтэл туулж, ямар ерөөл хүртэх, хэнтэй уулзах, түүнд юу тохиолдох гээд эдгээр зүйлийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж, эсвэл нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьдралыг чинь тодорхойлсны дараа чамд юу ч тохиолдсон, чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар ч аргаар оролдсон байсан, сүнсний ертөнцөд чамд зориулж Бурханы төлөвлөсөн амьдралын замналыг зөрчих ямар ч аргагүй. Учир нь, чамайг дахин төрлийг олоход амьдралын чинь хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч бай, муу ч бай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрч, урагшаа ахисаар байх ёстой. Энэ хорвоод амьдардаг хэн ч энэ асуудлаас зайлсхийж чадахгүй, үүнээс илүү бодитой асуудал гэж үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 191

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг Бурхан маш нарийн, хатуу хянаж, захирдаг гэдгийг та нар одоо харж байна уу? Эхлээд, Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон бөгөөд эдгээрийг тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг маш чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтны, эсвэл хүний төрлийн алийг нь ч хүн олсон бай, хоёуланд нь хууль дүрэм бий. Эдгээр хууль дүрэм Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы энэхүү дээд эрхийн улмаас, мөн ийм хууль дүрэм байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц нэгэн жигд, эмх цэгцтэй байдаг; Бурханы энэхүү дээд эрхийн улмаас л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, зохицон амьдарч чаддаг—энэ бүгд нь Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд хэвээр байдаг учраас хэрвээ Бурханы захиргаа байдаггүй байсан бол юу болох байсан бэ? Сүнс нь хаа сайгүй хэрэн тэнүүчилж, энд тэндгүй үймүүлж, хүний ертөнц дэх амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй, мөн ургамал, амьтанд ч учрах байсан, гэвч хамгийн түрүүнд хүмүүс хорлогдох байлаа. Ийм зүйл болсон бол, ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол, сүнсний ертөнцөд авбал зохих арга хэмжээг энэхүү сүнсэнд мөн авах байв. Хэрвээ асуудал ноцтой байвал тэрхүү сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах болно. Хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь дахин төрлийг олуулах байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн захиргаа дэг журамтай байдаг, үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд материаллаг ертөнцийн хүмүүс хэвийн сэтгэхүй, хэвийн эрүүл ухаантай, махан биеийн дэг журамтай амьдралтай байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 192

Үл итгэгчдийн тухайд, Бурханы үйлдлийн цаад зарчмуудын нэг нь сайныг шагнаж, мууг шийтгэх мөн үү? Өөр ангид зүйл байдаг уу? (Үгүй.) Бурханы үйлдлийн цаана зарчим байдгийг та нар харж байна уу? Үл итгэгчид үнэндээ Бурханд итгэдэггүй, Бурханы зохион байгуулалтад ч бас дуулгавартай захирагддаггүй. Түүнчлэн тэд Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс ч ноцтой нь тэд Бурханыг гутаан доромжилж, Түүнийг хараан зүхэж, Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Тэд Бурханд ингэж ханддаг хэдий ч тэднийг захирах Бурханы захиргаа зарчмаасаа хазайдаггүй; Тэр Өөрийн зарчим, зан чанарын дагуу тэднийг эмх цэгцтэй захирдаг. Тэдний дайсагналыг Тэр юу гэж үздэг вэ? Мэдлэггүй байдал гэж үздэг! Иймээс Тэр энэ хүмүүсийг, өөрөөр хэлбэл үл итгэгчдийн дийлэнх олонхыг өнгөрсөнд амьтан болж төрөхөд хүргэсэн. Тэгэхээр Бурханы нүдээр бол үл итгэгчид гэж яг юу вэ? Тэд бүгд адгуус амьтан. Бурхан адгуус амьтан болон хүн төрөлхтний аль алиныг нь захирдгийн дээр ийм хүмүүст Тэр адил зарчмаар ханддаг. Энэ хүмүүсийг захирах Түүний захиргаанаас хүртэл Түүний зан чанарыг харж болдгийн адил бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхлын цаад хуулийг ч харж болно. Иймээс Миний дөнгөж сая дурдсан үл итгэгчдийг захирдаг Түүний зарчмаас Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг харж байна уу? (Харж байна.) Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлээс алинтай нь ч харьцсан байсан, Өөрийн зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар; ийм хүмүүсийг адгуус амьтан гэж үздэг байлаа гээд Тэр Өөрийн тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг хэзээ ч тоомжиргүй зөрчихгүй. Бурхан өчүүхэн ч болчимгүй үйлдэл хийхгүй, зарчмын дагуу үйлддэг, Түүний үйлдлүүдэд ямар ч хүчин зүйл огт нөлөөлдөггүй. Түүний хийдэг бүхэн Өөрийнх нь зарчмыг баримталдаг. Учир нь, Бурханд Бурханы Өөрийнх нь мөн чанар байдаг; ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй Түүний мөн чанарын нэг тал нь энэ юм. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дундаас юм, хүн, амьд зүйл бүртэй харьцаж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа махруу, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байгаагүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; Тэр, өөр өөр цаг үед, хүний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу, янз бүрийн амьд зүйлд, цаг тухайд нь, тохирох зохицуулалтыг тогтмол хийдэг, тэгснээр энэхүү янз бүрийн амьд зүйл, гүйцэтгэх үүргийнхээ дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлийг олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд системтэйгээр шилждэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 193

Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл, материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одсоныг илтгэдэг бол, шинэ бие махбодын амь төрөх нь амьд зүйл сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, үүргээ хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илтгэдэг. Оршихуйн явах ч бай, ирэх ч бай, аль аль нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хүн материаллаг ертөнцөд ирэх үед түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг, гүйцэтгэх үүрэгт нь тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн бий болгосон байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, сонгодог зам—сүнсний ертөнцөд хийсэн зохицуулалтын дагуу өчүүхэн ч хазайлгүйгээр явагддаг. Түүнчлэн, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал, газар сүнсний ертөнцөд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг, мөн сүнсний ертөнцийг захирдаг, Тэр сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг саатуулахгүй, мөн тэрхүү мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа харгалзагчид дор бүрнээ Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хийх ёстой зүйлээ хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй материаллаг үзэгдэл болгон дэг журамтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдаг, мөн түүнчлэн Түүний эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнээс болдог бөгөөд Түүний ноёрхолд хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний цаана байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц багтдаг. Иймээс хэрвээ хүмүүс сайхан амьдралтай байхыг хүсэж, сайхан орчинд амьдарна гэж найдаж байвал нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэний ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирч, эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 194

Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг

Бид үл итгэгчид хэмээх нэг дэх төрлийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар сая хэлэлцлээ. Одоо, хоёр дахь төрөл болох итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн талаар ярилцацгаая. “Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг” нь бас нэг маш чухал сэдэв бөгөөд та нар үүний талаар зарим нэг ойлголттой болох нь нэн чухал юм. Эхлээд, “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцъя: Иудейн шашин, Христийн шашин, Католик шашин, Лалын шашин, Буддын шашин гэсэн таван томоохон шашин байдаг. Үл итгэгчдээс гадна энэ таван шашинд итгэдэг хүмүүс дэлхийн хүн амын томоохон хэсгийг эзэлдэг. Энэ таван шашин дундаас өөрсдийн итгэлийг ажил мэргэжлээ болгосон хүмүүс цөөн хэдий ч эдгээр шашин олон дагагчидтай. Тэдгээр нь нас барахдаа өөр газар луу явна. Хэнээс “өөр” гэж? Үл итгэгчид буюу бидний дөнгөж сая ярьж байсан итгэл бишрэлгүй хүмүүсээс. Энэ таван шашны итгэгчид нас барсныхаа дараа өөр тийшээ, үл итгэгчдийнхээс өөр газар луу явдаг. Гэхдээ үйл явц нь адилхан; үхэхээсээ өмнө хийсэн бүхэнд нь үндэслэн сүнсний ертөнц адилхан л тэднийг шүүх болно, дараа нь тэднийг зохих ёсоор боловсруулна. Гэхдээ энэ хүмүүсийг боловсруулахын тулд яагаад өөр байршил руу явуулдаг юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан бий. Тэр нь юу вэ? Би жишээгээр үүнийг та нарт тайлбарлая. Гэхдээ Намайг тайлбарлахаас өмнө та нар дотроо: “Магадгүй тэдний Бурханд итгэх итгэл нь бага учраас тэр байх! Тэд огт итгэдэггүй хүмүүс биш” хэмээн бодож байгаа байх. Гэвч энэ бол шалтгаан нь биш. Тэднийг бусдаас тусад нь байлгадагт тун чухал шалтгаан бий.

Жишээ нь, Буддын шашныг аваад үзье. Би та нарт нэг баримт хэлье. Буддын шашинтан бол юуны өмнө, Буддын шашинд орсон хүн, өөрийнх нь итгэл юу болохыг мэддэг хүн юм. Буддын шашинтан үсээ авч, лам эсвэл хандмаа болдог нь өөрийгөө шашны бус ертөнцөөс тусгаарлаж, хүний ертөнцийн дуу шуугианыг ардаа орхисон гэсэн үг юм. Тэд өдөр бүр ном хурж, бурхдын нэрсийг уянгалуулан уншиж, зөвхөн ногоон хоол идэж, даяанч амьдралаар амьдарч, зулын зэврүүн, бүдэг гэрэлд л өдөр хоногоо өнгөрөөдөг. Тэд бүх насаа ингэж өнгөрөөдөг. Буддын шашинтны бие махбодынх нь амь дуусах үед амьдралдаа дүгнэлт хийх боловч үхсэнийхээ дараа хаашаа явах, хэнтэй уулзах, ямар үр дүнд хүрэхээ зүрх сэтгэлдээ мэдэхгүй: Зүрх сэтгэлийнх нь гүнд ийм зүйлсийн талаар тодорхой төсөөлөл байхгүй. Бүхий л амьдралынхаа туршид нэг төрлийн итгэл бишрэлийг сохроор тээхээс өөр зүйл хийхгүй байсны эцэст харалган хүсэл, туйлын зорилготойгоо хүний ертөнцөөс явдаг. Амьдын ертөнцийг орхиход Буддын шашинтны бие махбодын амь ингэж төгсдөг; үүний дараа сүнсний ертөнцөд анх байсан байрандаа буцдаг. Энэ хүн газар дээр эргэн ирэхээр дахин төрлийг олж, өөрийгөө үргэлжлүүлэн боловсруулах эсэх нь нас барахынх нь өмнөх зан авир, хэрэгжүүлэлтээс нь хамаардаг. Хэрвээ амьдарч байх хугацаандаа ямар ч буруу зүйл хийгээгүй бол дахин төрлийг хурдан олж, газар луу дахин илгээгдэж, дахин нэгэнтээ лам, эсвэл хандмаа болно. Өөрөөр хэлбэл, эхний удаад өөрийгөө хэрхэн боловсруулж байсны дагуу бие махбодын амьдралын явцад өөрийгөө боловсруулсны дараа бие махбодын амьдрал нь дуусахад сүнсний ертөнц рүү эргэн ирээд шалгуулдаг. Үүний дараа, хэрвээ ямар ч асуудал байхгүй бол, хүний ертөнцөд дахин нэг удаа эргэн ирж, дахин нэг удаа Буддын шашинд орж, ийнхүү хэрэгжүүлэлтээ үргэлжлүүлдэг. Гурваас долоон удаа дахин төрлийг олсны дараа тэр, бие махбодын амь дуусах бүрд очдог сүнсний ертөнц рүү дахин нэг удаа буцна. Хэрвээ хүний ертөнц дэх янз бүрийн чадвар, зан авир нь сүнсний ертөнцийн тэнгэрлэг тушаалтай нийцэж байвал тэр мөчөөс эхлэн тэд тэндээ үлдэнэ; тэд цаашид дахин хүний төрлийг олж төрөхгүй, бас газар дээрх муу үйлийнхээ төлөө шийтгүүлэх ямар ч эрсдэл үгүй болно. Тэд энэ үйл явцыг дахин хэзээ ч туулахгүй. Харин ч нөхцөл байдлаасаа хамаарч сүнсний ертөнцөд албан тушаал олж авна. Энэ бол Буддын шашинтнуудын “гэгээрэлд хүрэх” гэж хэлдэг зүйл юм. Гэгээрэлд хүрэх гэдэг нь үндсэндээ сүнсний ертөнцөд албан тушаалтан болох зам мөрд хүрч, цаашид дахин төрлийг олохоо болих, шийтгүүлэх эрсдэлгүй болох гэсэн үг юм. Түүнчлэн, дахин төрлийг олсны дараа хүн байхын зовлон шаналлыг цаашид амсахгүй гэсэн үг билээ. Тэгвэл амьтны төрлийг олох боломж бас бий юу? (Үгүй.) Тэд сүнсний ертөнцөд үүрэг хүлээхээр үлдэж, дахин төрлийг олохоо болино гэсэн үг юм. Энэ бол Буддын шашинд байдаг гэгээрлийн зам мөрд хүрэх тухай нэг жишээ юм. Зам мөрд хүрээгүй хүмүүсийн тухайд гэвэл, сүнсний ертөнц рүү эргэн ирэхэд нь тэднийг холбогдох албан тушаалтан шалгаж, магадлаад амьд байхдаа Буддын шашинд зааснаар хичээнгүйлэн өөрийгөө боловсруулаагүй, мэрийн ном хурж, бурхдын нэрийг уянгалуулан уншаагүй, харин ч олон ёрын муу үйл үйлдэж, ихээхэн хорон муу авир гаргасныг нь олж мэддэг. Тэгээд сүнсний ертөнцөд тэдний муу үйлийг шүүгээд, дараа нь заавал шийтгэдэг. Хэн ч үүнээс ангид бус. Тийм болохоор ийм хүн хэзээ зам мөрд хүрч чадах вэ? Тэд амьдралдаа ямар ч ёрын мууг хийгээгүй үед, сүнсний ертөнцөд эргэж ирснийх нь дараа үхэхээсээ өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй гэдэг нь харагдах үед. Тэд тэгээд үргэлжлүүлэн дахин төрлийг олж үргэлжлүүлэн ном хурж, бурхдын нэрийг уянгалуулан уншиж, зулын хүйтэн, бүдэг гэрэлд өдөр хоногоо өнгөрүүлж, аливаа амьд зүйлийг хөнөөх, мах идэхийг тэвчдэг. Тэд хүний ертөнцийн хэрэг явдалд оролцолгүй, төвөг бэрхшээлийг ардаа хол орхиж, бусадтай маргалдаж мэтгэлцдэггүй. Энэ үйл явцын үеэр хэрвээ тэд ёрын мууг үйлдээгүй бол, сүнсний ертөнц рүү буцаж ирээд, бүх үйлдэл, зан авираа шалгуулсныхаа дараа гурваас долоон удаа үргэлжилдэг мөчлөгөөр хүний ертөнц рүү дахин нэг удаа илгээгддэг. Хэрвээ энэ хугацаанд ямар ч буруу зүйл хийгээгүй бол гэгээрэлд хүрэхэд нь нөлөөлж, саад болохгүй. Энэ бол итгэл бишрэлтэй бүх хүний амьдрал, үхлийн мөчлөгийн онцлог юм: Тэд “зам мөрд хүрч”, сүнсний ертөнцөд албан тушаалтай болж чаддаг; тэднийг үл итгэгчдээс ялгадаг зүйл нь энэ юм. Юуны өмнө, сүнсний ертөнцөд албан тушаал олж авч чаддаг хүмүүс газар дээр амьд байхдаа биеэ хэрхэн авч явдаг вэ? Тэд ямар ч ёрын мууг огт үйлдэхгүй байх ёстой: Тэд хүн алж, галдан шатааж, хүчиндэж, дээрэм хийх ёсгүй; хэрвээ тэд залилан, мэхэлж, хулгай, дээрэм үйлдвэл зам мөрд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд муу үйлтэй ямар нэгэн байдлаар холбогдох буюу хамсаатан болбол сүнсний ертөнцийн оноодог шийтгэлээс зайлж чадахгүй. Сүнсний ертөнц нь гэгээрсэн Буддын шашинтнуудад тохирох зохицуулалтыг хийдэг: Тэд Буддын шашин болон Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг удирдахаар томилогдож магадгүй, тэдэнд хамаарах газар нутаг хуваарилж өгч магадгүй. Тэд бас зөвхөн үл итгэгчдийг л хариуцдаг, маш бага үүрэгтэй албан тушаалтай болж ч болох юм. Ийм хуваарилалт сүнснийх нь янз бүрийн уг чанараас хамаардаг. Энэ бол Буддын шашны жишээ юм.

Бидний ярилцсан таван шашнаас Христийн шашин хавьгүй онцгой. Христийн шашин юугаараа онцгой вэ? Тэд бол жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс юм. Жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүсийг энд яахан жагсааж болох юм бэ? Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл гэж хэлбэл, ямар ч маргаангүйгээр итгэл бишрэлтэй л холбоотой; ердөө л нэг төрлийн зан үйл, нэг төрлийн шашин бөгөөд Бурханыг жинхэнээсээ дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс огт өөр зүйл байх байсан. Би, Христийн шашныг таван том “шашны” дунд жагсаасны шалтгаан нь Христийн шашин нь Иудейн шашин, Буддын шашин, Лалын шашинтай адил түвшинд очих хүртлээ доройтсон. Энд байгаа ихэнх хүн Бурхан байдаг, Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй; Түүний оршин тогтнолд бүр ч итгэдэггүй. Үүний оронд тэд шашны номлолын талаар ярилцахдаа, Судар ашигладаг төдий бөгөөд шашны номлол ашиглан сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэвчиж, сайн үйл хий гэж хүмүүст сургадаг. Христийн шашин ийм л шашин болсон: Зөвхөн шашны номлолын онолд анхаарч, хүнийг удирдаж, аврах Бурханы ажилтай огтхон ч холбоогүй болсон. Бурханыг дагадаг боловч үнэндээ Бурханд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийн шашин болсон юм. Гэвч ийм хүмүүст хандах Өөрийн гэсэн зарчим Бурханд бас бий. Тэр тэдэнтэй үл итгэгчидтэй харьцдаг шиг хүссэнээрээ, хааш яаш зохицуулж, харьцдаггүй. Тэр Буддын шашинтнуудад ханддаг шигээ л тэдэнд ханддаг: Хэрвээ Христэд итгэгч амьд байхдаа өөрөө сахилга баттай байж, Арван Тушаалыг чанд сахиж, хууль болон тушаалуудын дагуу зан авиртаа шаардлага тавьж, насан туршдаа тэрийгээ баримталж чадвал тэд мөн адил хугацааг амьдрал, үхлийн мөчлөг туулахад зарцуулж байж л “өргөгдөх” гэгчид үнэхээр хүрч чадна. Ийнхүү өргөгдсөний дараа сүнсний ертөнцөд үлдэж, нэг албан тушаалд очиж, ажилтнуудын нэг болдог. Үүний нэгэн адил, хэрвээ тэд газар дээр ёрын мууг үйлдвэл, хэрвээ тэд дэндүү нүгэлтэй агаад хэтэрхий их нүгэл үйлдвэл, тэд хүнд хөнгөн янз бүрийн хэмжээгээр шийтгүүлж, сахилгажуулагдах нь зайлшгүй. Буддын шашинд зам мөрд хүрэх гэдэг нь Диваажингийн ариун газарт очих гэсэн үг байдаг бол Христийн шашинд үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг “тэнгэрт орох”, “өргөгдөх” гэж нэрлэдэг. Үнэхээр өргөгдсөн хүмүүс мөн л амьдрал, үхлийн мөчлөгийг гурваас долоон удаа туулсныхаа дараа нас барахаараа нойрсож буй мэт сүнсний ертөнцөд ирдэг. Хэрвээ тэд стандартад нийцэж байвал албан тушаал олж аван үлдэж болно, газар дээрх хүмүүсээс ялгаатай нь тэд энгийн байдлаар, тогтсон журмын дагуу дахин төрлийг олохгүй.

Энэ бүх шашин дундаас тэдний ярьдаг, хүрэхийг эрмэлздэг төгсгөл нь Буддын шашны зам мөрд хүрэхтэй адил; ердөө л энэхүү “зам мөрд” өөр өөр аргаар хүрдэг. Тэд бүгд нэгэн адил. Зан авиртаа шашны сургаалыг чанд дагаж мөрддөг, эдгээр шашны энэ хэсэг дагагчдыг Бурхан тохиромжтой хүрэх газар, очих газраар хангаж, тэднийг зохих ёсоор зохицуулдаг. Энэ бүгд нь үндэслэлтэй боловч хүмүүсийн төсөөлдөг шиг биш, тийм биз дээ? Одоо Христийн шашны хүмүүст юу тохиолддогийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Тэдний золгүй нөхцөл байдал шударга бус санагдаж байна уу? Тэднийг өрөвдөж байна уу? (Бага зэрэг.) Үүнийг яах ч аргагүй; тэд өөрсдөө л үүнд буруутай. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурханы ажил бол жинхэнэ; Тэр бол амьд, бодитой, Түүний ажил бүх хүн төрөлхтөн, хувь хүн бүрд чиглэж байдаг. Тэгвэл яагаад тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэд Бурханыг улайран эсэргүүцэж, хавчдаг вэ? Тэд ядаж л ийм төгсгөлтэй байгаагаа азтайд тооцох хэрэгтэй, тиймээс яагаад та нар тэдний төлөө харамсана вэ? Тэднийг ийм маягаар зохицуулах нь маш их хүлээцтэй байдлыг харуулдаг. Бурханыг ямар их эсэргүүцдэгийг нь бодож үзвэл тэднийг устгах ёстой хэдий ч Бурхан тэгдэггүй; харин Тэр Христийн шашныг бусад ердийн шашнуудтай л адил зохицуулдаг. Тиймээс бусад шашны тухай нарийвчлан ярих хэрэг байна уу? Энэ бүх шашны үзэл санаа нь, хүмүүсийг илүү их зовлон зүдүүр амсаж, мууг үйлдэхгүй, сайн үйл хийж, бусдыг харааж зүхэхгүй, бусдыг шүүмжлэхгүй, хэрүүл маргаанаас зайлсхийж, сайн хүмүүс болохын төлөө юм—ихэнх шашны сургаал иймэрхүү байдаг. Тиймээс, итгэл бишрэлтэй энэ хүмүүс, янз бүрийн шашин, урсгалын энэхүү дагагчид, шашныхаа сургаалыг чанд баримталж чадвал газар дээр байх хугацаандаа том алдаа гаргаж, нүгэл үйлдэхгүй; гурваас долоон удаа дараа төрлийг олсныхоо дараа шашны сургаалыг чанд баримталж чаддаг энэ хүмүүс ерөнхийдөө сүнсний ертөнцөд албан тушаалтай болж үлдэнэ. Ийм хүн олон байдаг уу? (Үгүй, олон биш.) Та нар хариултаа юунд үндэслэж байна вэ? Сайныг хийж, шашны дүрэм журам, хууль баримтлах амаргүй. Буддын шашин хүмүүст мах идэхийг зөвшөөрдөггүй—чи тэгж чадах байсан уу? Хэрвээ саарал өмсгөл өмсөж, Буддын шашны хийдэд бүхэл өдөржингөө ном хурж, бурхдын нэрийг уянгалуулан унших хэрэгтэй болбол чи тэгж чадах байсан уу? Энэ тийм ч амархан байхгүй байсан. Христийн шашинд Арван Тушаал, бусад тушаал, хууль байдаг; тэдгээрийг мөрдөхөд хялбар уу? Хялбар биш! Жишээлбэл, бусдыг харааж зүхэхгүй байхыг аваад үзье: Хүмүүс зүгээр л энэ дүрэм журмыг баримтлах чадваргүй байдаг. Тэд биеэ барьж чадалгүй харааж зүхдэг, хараасныхаа дараа үгээ буцааж болохгүй болохоор юу хийдэг вэ? Шөнөдөө тэд нүглээ улайдаг. Заримдаа бусдыг харааж зүхсэнийхээ дараа ч зүрх сэтгэлд нь үзэн ядалт байсаар байдаг бөгөөд бүр цаашлаад тэр хүмүүст улам их хор хүргэх цагаа хүртэл төлөвлөдөг. Товчоор хэлбэл, энэхүү үхмэл хоосон сургаал дунд амьдардаг хүмүүсийн хувьд нүгэл хийхгүй, мууг үйлдэхгүй байх нь амар биш. Тиймээс шашин бүрд маш цөөн тооны хүмүүс л үнэндээ зам мөрд хүрч чаддаг. Эдгээр шашныг маш олон хүн дагадаг учраас нэлээд олон хүн сүнсний ертөнцөд үүрэг хүлээхээр үлдэж чадна гэж чи боддог. Гэхдээ тийм ч олон байдаггүй; үнэндээ цөөн тооны хүн л үүнд хүрч чаддаг. Итгэл бишрэлтэй хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг, ерөнхийдөө ийм л байдаг. Тэд зам мөрд хүрч чаддагаараа ялгардаг, тэдний үл итгэгчдээс ялгарах зүйл нь энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 195

Бурханыг дагагчдын амьдрал, үхлийн мөчлөг

Одоо, Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар ярилцацгаая. Энэ нь та нарт хамаатай учир анхаарал хандуулаарай: Эхлээд, Бурханыг дагагчдыг хэрхэн ангилж болох талаар бод. (Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид.) Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэсэн хоёр төрөл үнэхээр байдаг. Эхлээд, бид цөөхөн байдаг Бурханы сонгосон хүмүүсийн талаар ярилцацгаая. “Бурханы сонгосон хүмүүс” гэж хэнийг хэлдэг вэ? Бурхан бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтөн бий болсны дараа Өөрийг нь дагах бүлэг хүнийг сонгосон; тэднийг зүгээр л “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэдэг. Бурхан энэ хүмүүсийг сонгосонд онцгой цар хүрээ, ач холбогдол байсан. Түүнийг чухал ажил хийх үед нь ирэх ёстой шилмэл цөөн хэдэн хүнээр хязгаарлагддаг тул цар хүрээ нь онцгой юм. Тэгвэл ач холбогдол нь юу вэ? Тэд Бурханы сонгосон бүлэг байсан болохоор ач холбогдол нь асар их юм. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хүмүүсийг бүрэн гүйцэд, төгс болгохыг хүсдэг бөгөөд удирдлагын ажил нь дуусмагц Тэр энэ хүмүүсийг олж авна. Энэхүү ач холбогдол нь асар их бус уу? Иймээс энэ сонгогдсон хүмүүс Бурханд асар чухал, учир нь тэд бол Бурханы олж авахаар зорьдог хүмүүс билээ. Харин үйлчлэл үзүүлэгчдийн тухайд гэвэл, Бурханы урьдчилан тогтоодог тухай сэдвийг түр орхиод, тэдний гарал үүслээс эхэлж ярья. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нь чухамдаа үйлчилдэг нэгэн юм. Үйлчилдэг хүмүүс түр зуурынх байдаг; тэд урт хугацаагаар, эсвэл үүрд үйлчилдэггүй, харин тэднийг түр хөлсөлж, элсүүлдэг. Тэдний ихэнх нь анх үл итгэгчдийн дундаас сонгогдсон байдаг. Тэд газар дээр ирэхдээ Бурханы ажилд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг хүлээх тушаалтай байдаг. Тэд урьд төрөлдөө амьтан байсан байж болох боловч бас үл итгэгчид байсан байж болно. Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ.

Бурханы сонгосон хүмүүсийн талаар цааш нь ярья. Тэд үхэхдээ үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсээс огт өөр газар очдог. Энэ нь, тэнгэр элч нар, Бурханы элч нар тэднийг дагалддаг газар; Бурханы биечлэн удирддаг газар юм. Бурханы сонгосон хүмүүс энэ газарт Бурханыг нүдээрээ харж чадахгүй ч гэсэн энэ бол сүнсний ертөнцийн өөр хаана ч байдаггүй газар; энэ хэсэг хүний нас барсныхаа дараа очдог газар нь энэ юм. Нас барахдаа тэд ч бас Бурханы элч нарын хатуу чанд байцаалтад ордог. Тэгээд юуг нь байцаадаг вэ? Бурханд итгэж амьдарсан амьдралынхаа туршид энэ хүмүүсийн туулсан зам, энэ хугацаанд хэзээ нэгэн цагт тэд Бурханыг эсэргүүцэж, Түүнийг харааж байсан эсэх, аймшигт нүгэл, ёрын мууг үйлдсэн эсэхийг нь Бурханы элч нар шалгаж байцаадаг. Энэ байцаалтаар тухайн хүн явах уу, эсвэл үлдэх үү гэдгийг шийддэг. “Явах” гэж юуг хэлдэг вэ? “Үлдэх” гэж юуг хэлдэг вэ? “Явах” гэдэг нь зан авирт нь үндэслэн Бурханы сонгосон хүмүүс дунд үлдээх эсэх гэсэн үг юм; “үлдэж” болно гэдэг нь тэд эцсийн өдрүүдэд Бурханы бүрэн төгс болгох хүмүүсийн дунд үлдэж чадна гэсэн үг юм. Үлдэж байгаа хүмүүст зориулсан онцгой зохицуулалт Бурханд байдаг. Өөрийн ажлын үе бүрийн туршид Бурхан, элчийн үүрэг гүйцэтгэх, чуулгануудыг сэргээх, харж хандах ажил хийлгэхээр ийм хүмүүсийг илгээнэ. Гэвч ийм ажил хийх чадвартай хүмүүс нь үеийн үед эргэн төрдөг үл итгэгчид шиг дахин төрлийг байнга олдоггүй; харин тэднийг Бурханы ажлын хэрэгцээ, алхмуудаас хамаарч газар руу буцаадаг бөгөөд тэд дахин төрлийг байнга олдоггүй. Тэгэхээр тэд хэзээ дахин төрлийг олох тухайд ямар нэгэн дүрэм байдаг уу? Тэд хэдэн жилд нэг удаа ирдэг үү? Тэд ийм давтамжтайгаар ирдэг үү? Тэгдэггүй. Энэ бүгд нь Бурханы ажил, Түүний ажлын үе шат, Түүний хэрэгцээнд үндэслэдгийн дээр тогтсон дүрэм байдаггүй. Цорын ганц дүрэм нь Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын сүүлчийн үе шатыг хийх үед энэ сонгогдсон хүмүүс бүгд ирнэ, ийнхүү ирэхдээ тэд сүүлчийн удаа дахин төрлийг олох болно. Яагаад тэр вэ? Энэ нь Бурханы ажлын сүүлчийн үе шатанд хүрэх үр дүнд үндэслэдэг—учир нь ажлын энэхүү сүүлчийн үе шатанд Бурхан энэ сонгосон хүмүүсийг бүрэн төгс болгоно. Энэ нь юу гэсэн үг вэ? Хэрвээ энэхүү сүүлчийн үе шатанд энэ хүмүүс бүрэн, төгс болгуулбал урьдынх шигээ дахин төрлийг олохгүй; хүн байх үйл явц нь бүрэн дуусаж, дахин төрлийг олох үйл явц нь ч мөн адил дуусна. Энэ нь үлдэх хүмүүст хамаатай. Тэгвэл үлдэж чадахгүй хүмүүс хаашаа явдаг вэ? Үлдэж болохгүй хүмүүст очвол зохих газар байдаг. Юуны түрүүнд, муу үйл, хийсэн алдаа, үйлдсэн нүглийнхээ улмаас тэд ч бас шийтгүүлнэ. Шийтгүүлснийх нь дараа, Бурхан нөхцөл байдалд тааруулан тэднийг үл итгэгчдийн дунд илгээхээр зохицуулалт хийнэ, эсвэл итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн дунд очуулахаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, тэдэнд боломжит хоёр үр дүн бий: Нэг нь, магадгүй шийтгүүлж дахин төрлийг олсныхоо дараа магадгүй тодорхой нэг шашны дунд амьдрах, нөгөө нь, үл итгэгч болох юм. Хэрвээ тэд үл итгэгч болбол бүх боломжоо алдана; харин итгэл бишрэлтэй хүн болбол—жишээ нь, Христэд итгэгч болбол—Бурханы сонгосон хүмүүсийн эгнээнд эргэн орох боломж байсаар байна; үүнд маш нарийн төвөгтэй харилцаа байдаг. Товчхондоо, хэрвээ Бурханы сонгосон хүмүүс Бурханыг гомдоох ямар нэг зүйл хийвэл бусад хүмүүсийн нэгэн адил шийтгүүлнэ. Жишээлбэл, бидний өмнө нь ярьж байсан Паулыг аваад үзье. Паул бол шийтгүүлдэг хүний жишээ юм. Та нар Миний юу яриад байгааг ойлгож байна уу? Бурханы сонгосон хүмүүсийн цар хүрээ тогтсон байдаг уу? (Ихэнхдээ тийм.) Ихэнх нь тогтсон байдаг боловч багахан хэсэг нь тогтоогүй байдаг. Яагаад тэр вэ? Энд Би хамгийн ойлгомжтой шалтгаан буюу мууг үйлдэх талаар хэлсэн. Хүмүүс мууг үйлдэхэд Бурхан тэднийг хүсдэггүй, Бурхан тэднийг хүсэхгүй байх үедээ янз бүрийн үндэстний, олон төрлийн хүмүүсийн дунд хаядаг. Энэ нь тэднийг итгэл найдваргүй болгож, эргэж ирэхэд бэрх болгодог. Энэ бүхэн нь Бурханы сонгосон хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгтэй холбоотой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 196

Энэхүү дараагийн сэдэв нь үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгтэй холбоотой. Бид дөнгөж сая үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүслийн талаар; өөрөөр хэлбэл урьд төрөлдөө үл итгэгч, амьтан байсныхаа дараа дахин төрлийг олсон бодит үнэний талаар ярьсан. Ажлын сүүлчийн үе шат ирэхэд Бурхан үл итгэгчдээс ийм бүлэг хүнийг сонгосон, энэ бол онцгой бүлэг билээ. Энэ хүмүүсийг сонгосон Бурханы зорилго нь Өөрийнхөө ажилд үйлчлүүлэх явдал юм. “Үйлчлэл” гэдэг нь нэг их гоё сонсогддог үг биш, хүн бүрийн хүсэлд ч нийцдэггүй боловч энэ нь хэнд чиглэдгийг бид харах хэрэгтэй. Бурханы үйлчлэл үзүүлэгчийн оршин тогтнол онцгой ач холбогдолтой. Тэднийг Бурхан сонгосон учраас өөр хэн ч тэдний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх юм. Ихэнхдээ тэд Бурханы ажилд үйлчилж, хамтран ажиллаж, сонгосон хүмүүсээ бүрэн төгс болгоход нь Бурханд туслах үүрэгтэй. Хөдөлмөрлөж, ажлын зарим нэг талыг хэрэгжүүлж, тодорхой даалгавар биелүүлж байгаа эсэхээс үл хамааран эдгээр үйлчлэл үзүүлэгчид тавьдаг Бурханы шаардлага юу вэ? Тэдэнд тавьдаг шаардлагадаа Тэр хэт хатуу байдаг уу? (Үгүй, Бурхан тэднээс үнэнч байхыг л шаарддаг.) Үйлчлэл үзүүлэгчид ч бас үнэнч байх ёстой. Чиний гарал үүсэл, эсвэл Бурхан яагаад чамайг сонгосноос үл хамааран, чи Бурханд, Бурханы чамд өгсөн даалгаварт, түүнчлэн хариуцсан ажилдаа, гүйцэтгэдэг үүрэгтээ үнэнч байх ёстой. Үнэнч байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадвартай үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үр дүн нь ямар байх вэ? Тэд үлдэж чадна. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд үлдэх нь ерөөл мөн үү? Үлдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэхүү ерөөлийн ач холбогдол нь юу вэ? Байр сууриараа, тэд Бурханы сонгосон хүмүүстэй адилгүй юм шиг; өөр юм шиг санагддаг. Гэвч үнэндээ, энэ төрөлдөө тэдний эдэлдэг зүйлс нь Бурханы сонгосон хүмүүсийнхтэй адил бус уу? Ядаж л энэ төрөлдөө адилхан. Та нар үүнийг үгүйсгэхгүй биз дээ? Бурханы айлдвар, Бурханы нигүүлсэл, Бурханы хангалт, Бурханы ерөөлийг эдэлдэггүй хэн байна вэ? Хүн бүр ийм элбэг дэлбэг байдлыг эдэлдэг. Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлдэг хүн, харин Бурханы хувьд тэд бол ердөө л Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг; зүгээр л тэд үйлчлэл үзүүлэгчийн үүрэгтэй юм. Хоёулаа л Бурханы бүтээл болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Нэр төдий бол, ялгаа бий; мөн чанараараа болон гүйцэтгэх үүргийн хувьд ялгаатай боловч Бурхан энэ бүлэг хүнд шударга бус ханддаггүй. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар энэ талаар зарим нэг ойлголттой болох ёстой! Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас гардаг. Тэднийг үл итгэгчдийн дундаас гардаг гэж дурдангуут тэд ижилхэн муу гарал үүсэлтэй нь илэрхий байдаг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд өмнө нь ч бас тийм байсан; тэд Бурханд итгэдэггүй, Бурханд, үнэнд, бүх эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд, Түүний оршин тогтнолд итгэдэггүй байсан. Тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Тэд бараг л ойлгох чадваргүй гэж хэлж болно. Амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдгийн адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгаа, Түүний шаардлага юу болох, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгож чаддаггүй. Тэд ойлгодоггүй, ийм зүйлс тэдэнд ойлгомжгүй байх бөгөөд тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас бидний ярьсан шиг амь энэ хүмүүст байдаггүй. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэдэнд Бурханы үгийн туршлага, мэдлэг байдаг уу? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ. Гэхдээ Бурхан энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгодог тул тэдэнд тавих Түүний шаардлагад стандарт байсаар байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, бас тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Хэдийгээр тэд Түүний үгийг ойлгодоггүй, амь байхгүй боловч Бурхан тэдэнд сайхан ханддаг, тэдэнд тавих Түүний шаардлагад стандарт байсаар байдаг. Бурханд үнэнч байж, Түүний хэлснийг хийх гэсэн эдгээр стандартын талаар та нар дөнгөж сая ярьсан. Чи үйлчлэл хийхдээ хэрэгтэй газар нь эцсээ хүртэл үйлчлэх ёстой. Хэрвээ чи үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, бүр эцсээ хүртэл үйлчилж, чамд Бурханы даалгасан даалгаврыг биелүүлж чадвал үнэ цэнтэй амьдралаар амьдарна. Ингэж чадвал чи үлдэж чадна. Хэрвээ чи арай илүү хичээл зүтгэл гаргаж, арай илүү чармайж, Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж чаддаг, Бурханыг мэдэх тухай бага ч гэсэн ярьж чаддаг бол, Бурханд гэрчлэл хийж чадвал, түүнчлэн Бурханы хүслээс зарим зүйлийг ойлгож, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы санаа зорилгод бага ч гэсэн санаа тавьж чадвал үйлчлэл үзүүлэгч хэмээх чиний хувь тавилан өөрчлөгдөнө. Тэгээд энэхүү хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зүгээр нэг үлдэж чадахаа болино. Биеэ авч яваа байдал, хувийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэлд чинь үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгоно. Хувь тавилангийн чинь өөрчлөлт энэ байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүнээс хамгийн сайхан зүйл нь юу вэ? Бурханы сонгосон хүмүүсийн нэг болж чадах нь юм. Хэрвээ тэд ингэвэл үл итгэгчид шиг дахиж амьтны төрлийг олохгүй гэсэн үг юм. Энэ нь сайн зүйл үү? Тийм ээ, энэ бас сайн мэдээ: Энэ нь үйлчлэл үзүүлэгчийг төлөвшүүлж болно гэсэн үг юм. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд, Бурхан түүгээр үйлчлүүлэхээр урьдчилан тогтоомогц тэр мөнхөд үйлчилнэ гэсэн үг биш; заавал ийм байх албагүй. Энэ хүний хувь хүнийх нь биеэ авч явах байдалд нь тааруулан Бурхан түүнийг зохицуулж, хариу өгнө.

Гэхдээ, эцсийг нь хүртэл үйлчилж чаддаггүй үйлчлэл үзүүлэгчид байдаг; үйлчлэх хугацаандаа замын дундаас бууж өгч, Бурханыг хаядаг хүмүүс, мөн түүнчлэн олон муу зүйл хийдэг хүмүүс байдаг. Тэр ч бүү хэл, Бурханы ажилд асар их хор, хохирол учруулдаг хүмүүс, Бурханыг хараадаг үйлчлэл үзүүлэгчид хүртэл байдаг. Эдгээр засахын аргагүй үр дагавар нь юуг илтгэж байна вэ? Аливаа иймэрхүү муу үйл нь тэдний үйлчлэл эцэс болсныг илтгэнэ. Үйлчлэлийн хугацаанд биеэ авч явах байдал чинь хэтэрхий муу байсан, хэрээ мэдэхгүй даварсан учраас Бурхан үйлчлэлийг чинь шаардлага хангаагүй гэж үзвэл үйлчлэх эрхийг чинь хасна. Тэр үйлчлэхийг чинь зөвшөөрөхөө болино; Тэр чамайг нүднийхээ өмнөөс, Бурханы гэрээс зайлуулна. Чи үйлчлэхийг хүсэхгүй байгаа болохоор тэр үү? Чи үргэлж мууг үйлдэхийг хүсдэг бус уу? Чи үргэлж үнэнч бус байдаг бус уу? Тэгвэл, үүнийг шийдэх хялбар шийдэл байдаг нь чиний үйлчлэх эрхийг хасах юм. Бурханы хувьд, үйлчлэл үзүүлэгчийн үйлчлэх эрхийг хасна гэдэг нь тухайн үйлчлэл үзүүлэгчийн төгсгөлийг тунхагласан гэсэн үг бөгөөд тэр Бурханд үйлчлэх эрхгүй болно. Бурханд энэ хүний үйлчлэл цаашид хэрэггүй болж, тэр ямар ч сайхан зүйл хэлсэн тэр үг нь хий дэмий байх болно. Асуудал үүндээ хүрвэл нөхцөл байдлыг залруулахын аргагүй болно; ийм үйлчлэл үзүүлэгчдэд буцах зам байхгүй. Тэгээд Бурхан ийм үйлчлэл үзүүлэгчидтэй хэрхэн харьцдаг вэ? Үйлчлэхийг нь л болиулдаг уу? Үгүй. Түүний үлдэхийг нь л хорьдог уу? Эсвэл түүнийг хайхралгүй орхиод эргэхийг нь хүлээдэг үү? Тэр тэгдэггүй. Бурхан үнэндээ үйлчлэл үзүүлэгчдийг тийм ч их хайрладаггүй. Хэрвээ хүн Бурханд үйлчлэхдээ ийм хандлагатай байвал Бурхан энэ хандлагаас нь болж түүний үйлчлэх эрхийг хасаж, түүнийг үл итгэгчдийн дунд дахин нэг удаа буцааж хаяна. Үл итгэгчдийн дунд буцааж хаягдсан үйлчлэл үзүүлэгчийн хувь заяа ямар байх вэ? Үл итгэгчдийнхтэй адилхан байна: Дахин амьтны төрлийг олж, сүнсний ертөнцөд үл итгэгчтэй адил шийтгэл хүлээнэ. Түүнчлэн энэ хүн Бурханы ажилтай ямар ч холбоогүй болох учир Бурхан тийм хүний шийтгэлийг биечлэн сонирхохгүй. Энэ нь зөвхөн Бурханд итгэх итгэлийн амьдралынх нь төгсгөл төдийгүй, бас түүний хувь заяаны төгсгөл, хувь заяаны тунхаглал юм. Иймээс хэрвээ үйлчлэл үзүүлэгч муу үйлчилбэл үр дагаврыг нь өөрөө үүрэх ёстой болно. Хэрвээ үйлчлэл үзүүлэгч эцсийг нь хүртэл үйлчилж чадахгүй бол, замын дундаас үйлчлэх эрхээ хасуулбал үл итгэгчдийн дунд хаягдана—хэрэв ийм зүйл болбол малтай харьцдаг шиг, эргүү, эрүүл ухаангүй хүмүүстэй харьцдагтай адилаар тэр хүнтэй харьцана. Намайг ингэж тайлбарлахаар та нар ойлгодог биз дээ?

Бурхан, Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг хэрхэн зохицуулдгийг дээр дурдлаа. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Би энэ сэдвээр өмнө нь ярьж байл уу? Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн тухай сэдвээр Би өмнө нь ярьж байл уу? Үнэндээ ярьсан, гэвч та нар санахгүй байна. Бурхан Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандахдаа зөвт байдаг. Тэр бүх талаараа зөвт. Миний зөв биз дээ? Чи эндээс хаанаас нь ч юм алдаа мадаг олж чадах уу? “Бурхан яагаад сонгогдсон хүмүүст маш хүлээцтэй ханддаг вэ? Тэгээд яагаад Тэр үйлчлэл үзүүлэгчдэд ердөө өчүүхэн тэвчээр гаргадаг юм бэ?” гэж хэлэх хүмүүс байхгүй гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийг өмөөрмөөр байгаа хүн байна уу? “Бурхан үйлчлэл үзүүлэгчдэд илүү их хугацаа өгч, тэдэнд илүү тэвчээртэй, хүлээцтэй хандаж чадах уу?” Ийм асуулт асуух нь зөв үү? (Үгүй, буруу.) Яагаад буруу вэ? (Яагаад гэвэл, биднийг үйлчлэл үзүүлэгч болгосноороо л үнэндээ бидэнд ивээл үзүүлсэн.) Үйлчлэл үзүүлэхийг зөвшөөрсөн нь л үнэндээ үйлчлэл үзүүлэгчдэд ивээл үзүүлж буй хэрэг юм! “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолгүйгээр, үйлчлэл үзүүлэгчийн ажилгүйгээр энэ хүмүүс хаана байх байсан бэ? Тэд үл итгэгчдийн дунд, малтай хамт амьдарч, үхэх байсан. Бурханы өмнө, Бурханы гэрт ирэхийг тэдэнд зөвшөөрснөөр өнөөдөр тэд ямар их нигүүлслийг эдэлж байна вэ! Энэ бол асар их нигүүлсэл! Бурхан, үйлчлэл үзүүлэх боломж өгөөгүй бол Түүний өмнө очих боломж чамд хэзээ ч олдохгүй байх байсан. Шулуухан хэлэхэд, хэрвээ чи Буддын шашинтан байгаад зам мөрд хүрсэн байлаа ч гэсэн, хамгийн ихдээ л сүнсний ертөнцөд зарлага л болно; чи хэзээ ч Бурхантай уулзаж, Түүний дуу хоолой, үгийг сонсож, Түүний хайр, ерөөлийг мэдрэхгүй, Бурхантай нүүр тулан уулзаж хэрхэвч чадахгүй. Буддын шашинтнуудын өмнө байх ганц л зүйл нь энгийн даалгаврууд юм. Тэд Бурханыг мэдэж хэрхэвч чадахгүй, ердөө л захирагдаж, дуулгавартай дагадаг байхад үйлчлэл үзүүлэгчид ажлын энэ үе шатанд маш ихийг олж авдаг! Юуны түрүүнд, тэд Бурхантай нүүр тулан уулзаж, Түүний дуу хоолой, Түүний үгийг сонсож, хүмүүст Түүний хайрладаг нигүүлсэл, ерөөлийг туулж чаддаг. Түүнчлэн, тэд Бурханы хайрласан үг болоод үнэнийг эдэлж чаддаг. Үйлчлэл үзүүлэгчид үнэхээр маш ихийг олж авдаг! Иймд үйлчлэл үзүүлэгчийн хувьд чи зохих ёсоор хичээл зүтгэл ч гаргаж чадахгүй бол Бурхан чамайг байлгасаар байж чадах уу? Тэр чамайг байлгаж чадахгүй. Тэр чамаас тийм ч ихийг шаарддаггүй, гэтэл чи Түүний шаарддаг зүйлээс юуг нь ч зохих ёсоор хийдэггүй; чи үүргээ баримтлаагүй. Иймд Бурхан чамайг байлгаж чадахгүй нь лавтай. Бурханы зөвт зан чанар ийм билээ. Бурхан чамайг эрхлүүлдэггүй боловч бас ялгаварлан гадуурхдаг ч үгүй. Бурханы үйлддэг зарчим ийм билээ. Бурхан бүх хүн, бүтээгдсэн зүйлд ингэж ханддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 197

Сүнсний ертөнцөд байдаг янз бүрийн оршихуй ямар нэгэн буруу зүйл хийх буюу ажлаа зөв хийхгүй бол тэдэнтэй харьцвал зохих тэнгэрлэг тушаал, зарлиг Бурханд бас байдаг; энэ нь гарцаагүй. Иймээс Бурханы хэдэн мянган жилийн удирдлагын ажлын үеэр буруу зүйл хийсэн зарим үүрэг гүйцэтгэгчийг устгасан бол зарим нь өнөөдөр ч хоригдож, шийтгүүлсээр байна. Энэ бол сүнсний ертөнц дэх оршихуй бүрд тулгарах ёстой зүйл юм. Хэрвээ тэд ямар нэгэн буруу зүйл хийж, мууг үйлдвэл шийтгүүлдэг—энэ нь Өөрийнх нь сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандах Бурханы хандлагатай адилхан. Иймээс сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы үйлддэг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж чаддаг эсэхээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах хандлагадаа, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан хаа сайгүй нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй. Бурхан үл итгэгчдийн дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн биеэ зөв авч явдаг, мууг хийдэггүй хүмүүст боломж олгож, Бурханы удирддаг бүх зүйлд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрнө. Үүний адилаар, Бурханыг дагадаг хүмүүс, Өөрийнх нь сонгосон хүмүүсийн дундаас Бурхан энэхүү зарчмынхаа дагуу ямар ч хүнийг ялгаварлан гадуурхдаггүй. Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд Тэр сайн ханддаг, Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг Тэр хайрладаг. Үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс, Бурханы сонгосон хүмүүс гээд энэ хэдэн төрлийн хүмүүст Түүний хайрладаг зүйл нь өөр өөр байдаг. Жишээ нь үл итгэгчдийг аваад үзье: Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан тэднийг адгуус амьтан гэж үздэг хэдий ч бүх зүйлийн дундаас тэд дор бүрнээ идэх хоолтой, өөрийн гэсэн орон гэртэй, амьдрал, үхлийн хэвийн мөчлөгтэй байдаг. Мууг хийдэг хүмүүс шийтгүүлж, сайныг хийдэг нь ерөөгдөж, Бурханы хайр энэрлийг хүртдэг. Ийм байдаг биш гэж үү? Итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд, хэрвээ тэд ахин дахин эргэж төрөх замаар шашны сургаалаа чанд баримталж чадвал энэ бүх дахин төрлийг олсны дараа эцэст нь Бурхан тэдэнд тунхаглалаа зарлах болно. Үүнтэй адилаар, өнөөдөр та нарын хувьд Бурханы сонгосон хүмүүс, эсвэл үйлчлэл үзүүлэгчийн аль нь ч бай, Бурхан Өөрийн тогтоосон захиргааны зарлиг, журмыг та нараар ч бас мөрдүүлж, төгсгөлийг чинь тодорхойлно. Энэ хэдэн төрлийн хүмүүсийн дундаас, итгэл бишрэлтэй өөр өөр төрлийн хүмүүс буюу олон янзын шашинд харьяалагддаг хүмүүст Бурхан амьдрах орон зай өгсөн үү? Иудейн шашинтнууд хаана байна вэ? Бурхан тэдний итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцсон уу? Тэгээгүй биз дээ? Тэгвэл Христэд итгэгчийн тухайд ямар байна вэ? Тэр бас л хөндлөнгөөс оролцоогүй. Тэр тэдэнд өөрсдийнхөө ёс журмыг мөрдөхийг зөвшөөрдөг, тэдэнтэй ярьж, эсвэл гэгээрүүлдэггүй, түүнчлэн тэдэнд юу ч илчилдэггүй. Хэрвээ чи үүнийг зөв гэж бодож байгаа бол энэ маягаараа итгэ. Католик шашинтнууд Мариад итгэдэг, түүгээр дамжин Есүст мэдээ очсон гэж итгэдэг; тэдний итгэлийн хэлбэр ийм юм. Бурхан ер нь тэдний итгэлийг зассан уу? Тэр тэднийг дураар нь байлгадаг; Тэр тэднийг тоодоггүй, тэдэнд амьдрах тодорхой орон зай өгдөг. Лалын болон Буддын шашинтнуудын тухайд Тэр адилхан бус уу? Тэр тэдэнд ч мөн адил хил хязгаар тогтоосны дээр тус тусынх нь итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцохгүйгээр өөрийн гэсэн амьдрах орон зайтай байх боломж олгодог. Бүгд маш эмх цэгцтэй байдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурханд эрх мэдэл байдаг ч Тэр Өөрийн эрх мэдлийг буруугаар ашигладаггүй. Бурхан бүх зүйлийг төгс эмх журамтай, цэгцтэй байдлаар зохицуулдаг, Түүний мэргэн ухаан, төгс хүчин үүнд оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 198

Бурханы Өөрийнх нь ялгамж чанар, байр суурь

Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц чанараас хүмүүс Түүний эрх мэдэл, зөвт зан чанар, мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь, бүгд тэр чигээрээ цор ганц болохыг хардаг; энэхүү цор ганц чанар нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдгийн дээр, мөн Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээгдсэн зүйлийн дотроос, сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд зүйл Бурханы оронд зогсохыг хүссэн бол амжилт олох боломжгүй, Бурханы дүрд тоглохыг оролдох нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт. Бурханы Өөрийнх нь ялгамж чанар, хүч чадал, байр суурьтай ийм Бүтээгч, Захирагчийн хүн төрөлхтнөөс шаарддаг шаардлага юу вэ? Үүнийг хүн бүр ойлгож, санах ёстой; энэ нь Бурхан, хүн хоёрт хоёуланд нь маш чухал!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 199

Бурханд хандах хүн төрөлхтний янз бүрийн хандлага

Хүмүүс Бурханд хэрхэн хандах нь тэдний хувь заяаг, мөн түүнчлэн Бурхан тэдэнд хэрхэн хандаж, харьцахыг шийддэг. Энэ мөчид Би, хүмүүс Бурханд хэрхэн ханддаг талаар зарим жишээ дурдах гэж байна. Бурханы өмнө тэдний биеэ авч явж буй байдал, хандлага зөв эсэхийг сонсож, үзье. Бүгдээрээ, доор дурдсан долоон төрлийн хүний биеэ авч явах байдлыг авч үзье.

1) Бурханд тун хөгийн ханддаг нэг төрлийн хүмүүс байдаг. Бурхан бол хүмүүний үлгэр домгийн ариун оршихуй, Бодьсадва шиг бөгөөд хүмүүс, уулзахдаа гурвантаа мөргөж, хоол болгоныхоо дараа хүж асаах хэрэгтэй байдаг энэ хүмүүс боддог. Тиймээс тэд нигүүлслийнх нь төлөө Бурханд туйлын их баярлаж, талархах болгондоо дандаа иймэрхүү сэтгэл хөдлөлтэй байдаг. Өнөөдөр өөрсдийнх нь итгэдэг Бурхан, зүрх сэтгэлдээ хүсэмжилдэг ариун оршихуйнх нь адилаар, уулзахдаа гурвантаа мөргөж, хоол болгоныхоо дараа хүж асаадаг байдлыг нь хүлээн зөвшөөрдөг болоосой гэж тэд ихэд хүсдэг.

2) Зарим хүн Бурханыг бүх амьд зүйлийг зовлонгоос ангижруулж, аварч чадах амьд Будда мэт үздэг; тэд Түүнийг зовлонгийн далайгаас холдуулж чадах амьд Будда гэж хардаг. Энэ хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Түүнийг Будда мэт шүтэн мөргөх шалтгаан болдог. Хэдийгээр тэд хүж асааж, мэхийн ёсолж, тахил өргөдөггүй ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхан бол яг л Буддагийн адил, сайхан сэтгэлтэй, өглөгч байж, ямар ч амьд зүйлийг хөнөөхгүй байх, бусдыг харааж зүхэхийг тэвчиж, үнэнч шударга харагдах амьдралаар амьдарч, ямар ч муу үйл хийхгүй байхыг л шаарддаг гэж боддог. Тэр ийм зүйлийг л өөрсдөөс нь шаарддаг гэж тэд итгэдэг; энэ бол тэдний зүрх сэтгэл дэх Бурхан юм.

3) Зарим хүн Бурханыг агуу, алдартай нэгэн мэт шүтэн мөргөдөг. Жишээлбэл, энэ агуу хүний ярих дуртай ямар л арга барил, ярьдаг аялга, хэрэглэдэг үг, хэллэг, дуу хоолойны өнгө, гарын дохио зангаа, санал бодол, үйлдэл, намба төрх байна, тэр бүгдийг тэд хуулбарладаг бөгөөд эдгээр нь Бурханд итгэх итгэлийн замналдаа бүрэн бий болгох ёстой зүйлс нь байдаг.

4) Зарим хүн Бурханыг эзэн хаан мэт үзэж, Тэр бүхнээс дээр байдаг, хэн ч Түүнд халдаж зүрхэлдэггүй, хэрвээ тэгвэл тэр хүн торгуулна гэж боддог. Эзэн хаан тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг учир тэд тийм эзэн хааныг шүтэн мөргөдөг. Түүний бодол, ааш маяг, уг чанар—ашиг сонирхол, хувийн амьдрал нь хүртэл—бүгд энэ хүмүүсийн ойлгох ёстой гэж боддог зүйл нь болдог; тэдгээр нь тэдний анхаарах ёстой асуудал, хэрэг явдал болдог. Иймээс тэд Бурханыг эзэн хаан мэт шүтэн мөргөдөг. Итгэлийн ийм хэлбэр үнэхээр хөгийн.

5) Зарим хүн Бурханы оршин тогтнолд гойд итгэлтэй байдгийн дээр энэхүү итгэл нь гүн гүнзгий агаад гуйвшгүй. Гэхдээ, Бурханы талаарх мэдлэг нь маш өнгөц, Бурханы үгийн талаар нэг их туршлага байхгүй учраас Түүнийг шүтээн мэт шүтэн мөргөдөг. Энэхүү шүтээн нь тэдний зүрх сэтгэл дэх Бурхан; тэдний эмээж, бөхийн мөргөх ёстой, дагаж, дуурайх ёстой зүйл нь юм. Тэд Бурханыг бүхэл амьдралынхаа турш дагах ёстой шүтээн гэж үздэг. Тэр Бурханы ярианы өнгийг хуулбарлаж, Бурханд таалагддаг хүмүүсийг гаднаа дуурайдаг. Тэд гэнэн, цэвэр ариун, үнэнч шударга харагддаг зүйлсийг үргэлж хийж, тэр ч байтугай энэхүү шүтээнийг хэзээ ч хагацаж чадахгүй хамтрагч, хань нөхөр мэт дагадаг. Тэд ийм маягаар итгэдэг билээ.

6) Бурханы үгээс ихийг уншиж, зөндөө номлол сонссон хэдий ч Бурханд хандах цор ганц зарчим бол үргэлж долигонож, бялдуучилж, бодитой бус байдлаар Бурханыг магтаж, сайшаах ёстой гэж зүрх сэтгэлийнхээ гүнд боддог нэг төрлийн хүмүүс бий. Бурхан бол өөрсдийг нь ийм маягаар авирлахыг шаарддаг Бурхан гэж тэд итгэдэг. Тэр ч байтугай тэгэхгүй бол хэдийд ч Түүнийг хилэгнүүлж, өөрийн мэдэлгүй Түүний эсрэг нүгэл үйлдэж, ийнхүү нүгэл үйлдсэний улмаас Бурхан тэднийг шийтгэнэ гэж итгэдэг. Тэдний зүрх сэтгэлдээ хадгалдаг Бурхан ийм билээ.

7) Тэгээд мөн, Бурханаас сүнслэг тэжээл олж авдаг хүмүүс олонх байдаг. Учир нь, тэд энэ хорвоод амьдардаг, амар амгалан, аз жаргал үгүй, хаанаас ч тайтгарал олж авч чаддаггүй; тэд Бурханыг олж аваад, Түүний үгийг сонсож, харсныхаа дараа зүрх сэтгэлдээ нууцхан баяр, хөөр тээж эхэлдэг. Яагаад гэвэл, тэд сүнсийг нь аз жаргалтай болгох газрыг, мөн өөрсдөд нь сүнслэг тэжээл өгөх Бурханыг эцэст нь оллоо гэж итгэдэг. Бурханыг хүлээн зөвшөөрч, дагаж эхэлснийхээ дараа тэд аз жаргалтай болж, амьдрал нь бүрэн дүүрэн болдог. Тэд амьдралаа амьтан шиг ухамсаргүйгээр өнгөрүүлдэг үл итгэгчидтэй адил байхаа больж, амьдрал нь хүсэл эрмэлзэлтэй болсон санагддаг. Тиймээс, энэ Бурхан өөрсдийнх нь сүнслэг хэрэгцээг хангаж, оюун санаа болон сүнсний аль алинд нь асар их аз жаргал авчирч чадна гэж тэд боддог. Өөрсдөө ч мэдэлгүйгээр тэд, өөрсдөд нь сүнслэг тэжээл өгч, сүнсэнд нь болон гэр бүлийнх нь бүх гишүүдэд аз жаргал авчирдаг Бурханыг орхиж чадахгүй болдог. Бурханд итгэх итгэл өөрсдөд нь сүнслэг тэжээлээс өөр юу ч авчрах хэрэггүй гэж тэд итгэдэг.

Бурханд хандах дээр дурдсан эдгээр олон төрлийн хандлагатай хүн та нарын дунд байна уу? (Байна.) Хэрвээ Бурханд итгэхдээ хүн эдгээр хандлагын аль нэгийг зүрх сэтгэлдээ тээдэг бол Бурханы өмнө үнэхээр очиж чадах уу? Хэрвээ хэн нэгний зүрх сэтгэлд эдгээр хандлагын аль нэг нь байдаг бол тэр хүн Бурханд итгэдэг үү? Ийм хүн цор ганц Бурханд Өөрт нь итгэдэг үү? (Үгүй.) Чи цор ганц Бурханд Өөрт нь итгэдэггүй юм бол хэнд итгэдэг юм бэ? Хэрвээ чиний итгэдэг зүйл цор ганц Бурхан Өөрөө биш бол чи шүтээн, агуу хүн, эсвэл Бодьсадвад итгэдэг, зүрх сэтгэлдээ байгаа Буддаг шүтэн мөргөдөг байж болзошгүй юм. Түүнчлэн, чи жирийн нэг хүнд итгэдэг байж болзошгүй. Товчоор хэлбэл, Бурханд итгэх итгэл, хандлага нь янз бүрийн хэлбэрээр байдаг учраас хүмүүс өөрсдийн мэддэг Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, өөрсдийн төсөөллийг Бурханд тулгаж, Бурханы талаарх хандлага, төсөөллөө цор ганц Бурхантай Өөртэй нь эн зэрэгцүүлэн тавьсныхаа дараа тэдгээрийг өндөрт өргөж тахидаг. Хүмүүс Бурханд ийм зүй зохисгүй хандлагатай байгаа нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь голж, хуурамч бурханыг шүтэн мөргөж байна гэсэн үг юм; энэ нь тэд Бурханд итгэхийн зэрэгцээ Түүнийг голж, эсэргүүцэж, жинхэнэ Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдгийг нь илтгэдэг. Хэрвээ хүмүүс ийм хэлбэрийн итгэлтэй зууралдсаар байвал тэд ямар үр дагавартай нүүр тулах вэ? Итгэлийн ийм хэлбэртэй байснаараа тэд Бурханы шаардлагыг биелүүлэхэд илүү ойртож ер нь чадах уу? (Үгүй, чадахгүй.) Эсрэгээрээ, өөрсдийн үзэл, төсөөллөөс болж тэд Бурханы замаас улам л холдоно, учир нь тэдний эрж хайдаг чиглэл Бурхан тэднээс явахыг шаарддаг чиглэлээс эсрэг зүгт байдаг. Та нар “сүйх тэргээ хойд зүг рүү жолоодоод, урд зүг рүү явах нь” гэдэг түүхийг ер нь сонсож байсан уу? Энэ нь ёстой л сүйх тэргээ хойд зүг рүү жолоодож, урд зүгт явж буй хэрэг байж болох юм. Хэрвээ хүмүүс ийм утгагүй байдлаар Бурханд итгэвэл хичээх тусмаа чи Бурханаас улам их холдоно. Тиймээс Би та нарт ийнхүү сургамжилж байна: Та нар явахаасаа өмнө эхлээд үнэхээр зөв чиглэлд явж байгаа эсэхээ эхлээд ялгаж салгах ёстой. Хүчин чармайлт гаргахдаа анхааралтай байж, “Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг Захирагч мөн үү? Миний итгэдэг Бурхан ердөө л надад сүнслэг тэжээл өгдөг хэн нэгэн үү? Тэр зүгээр нэг миний шүтээн үү? Миний итгэдэг энэ Бурхан надаас юу шаарддаг вэ? Бурхан миний хийдэг бүхнийг сайшаадаг уу? Миний бүх үйлдэл, эрэл хайгуул Бурханыг мэдэхээр эрж хайхтай нийцдэг үү? Түүний надаас шаарддаг зүйлтэй тэдгээр нь нийцэж байна уу? Миний алхдаг замыг Бурхан хүлээн зөвшөөрч, сайшаадаг уу? Миний итгэлд Тэр сэтгэл хангалуун байдаг уу?” гэж өөрсдөөсөө заавал асуу. Чи эдгээр асуултыг өөрөөсөө байнга, ахин дахин асууж байх хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы талаарх мэдлэгийг эрж хайхыг хүсэж байвал Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахаасаа өмнө ухаан чинь саруул, зорилго чинь тодорхой байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 200

Хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг Өөрт нь хандвал зохих хандлага

Үнэндээ, Бурхан хүн төрөлхтнөөс нэг их зүйл шаарддаггүй—ядаж л хүмүүсийн төсөөлдөг шиг шахаж шаарддаггүй. Бурхан нэг ч үг айлдаагүй, зан чанар, аливаа үйлсээ илэрхийлээгүй бол Бурханыг мэдэх нь та нарын хувьд туйлын хэцүү байх байлаа, учир нь хүмүүс Түүний санаа зорилго, Түүний хүслийг таах хэрэгтэй болох байсан; үүнийг хийхэд тун хэцүү байх байсан. Гэхдээ Өөрийн ажлын сүүлийн үе шатанд, Бурхан олон үг айлдаж, асар их ажил хийж, хүнд олон шаардлага тавьсан. Үгээрээ болон асар их хэмжээний ажлаараа Тэр, Өөрийгөө юунд дуртай, юуг жигшдэг, мөн өөрсдийг нь ямар байх ёстойг хүмүүст мэдэгдсэн. Эдгээр зүйлийг ойлгосны дараа хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы шаардлагын талаар нарийн зөв ухагдахуунтай болох ёстой, учир нь тэд тодорхойгүй байдлаар Бурханд итгэдэггүй, тодорхойгүй Бурханд итгэхээ больж, бас тодорхойгүй, хоосон байдал дунд Бурханд итгэдэг байхаа больсон. Харин ч тэд Түүний айлдваруудыг сонсож, Түүний шаардлагуудын стандартыг ойлгож, үүнд хүрч чаддагийн дээр мэдэж, ойлгох ёстой бүхнийг нь хэлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашигладаг. Өнөөдөр, хүмүүс Бурхан юу болох, Тэр өөрсдөөс нь юу шаарддагийг мэдэхгүй хэвээр байвал; яагаад Бурханд итгэх ёстойгоо, Түүнд хэрхэн итгэж, хэрхэн хандах ёстойгоо ч мэдэхгүй байвал үүнд асуудал байна… Хүн төрөлхтнөөс болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурхан дараах зөв шаардлагуудыг шаарддаг. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.

Энэхүү таван зүйлээр Бурхан, Өөрт нь эргэлзэхээ больж, өөрсдийн төсөөлөл, тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Өөрийг нь дагахаа болихыг хүмүүсээс шаарддаг; тэд ямар нэг төсөөлөл, үзэл дээр үндэслэж Бурханыг дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс хайнга, хоёрдмол сэтгэлээр бус үнэнчээр дагахыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, чамайг туршиж, шүүж, чамтай харьцаж, чамайг засаж, сахилгажуулж, цохих үед чи Түүнд бүрэн дүүрэн захирагдах ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, шалтаг хэлэх ёсгүй. Дуулгавартай байдал чинь туйлын байх ёстой. Бурханы талаарх мэдлэг бол хүмүүсийн хамгийн дутуу дулимаг байдаг талбар юм. Тэд Бурханд хамааралгүй хэллэг, айлдвар, үгсийг дандаа Түүнд тулгаж, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүний төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас хүмүүсийг олж аваасай гэж Бурханы хүсдэг мэдлэгийн тухайд, Бурхан чамаас зүгээр нэг Өөрийг нь, Өөрийнх нь үгийг танин мэдэхийг шаарддаггүй, харин Түүний талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг Би та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэр хэлж чаддаг, өчүүхэн багыг л мэддэг ч гэсэн, энэхүү өчүүхэн бага мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийнх нь мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийг нь бодитой бус, бодлогогүйгээр магтаж, сайшаахыг Бурхан жигшдэг. Түүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Түүнд агаар шиг хандахыг Тэр үзэн яддаг. Бурханы талаарх сэдвээр ярилцах үеэр хүмүүс ямар ч баримтгүйгээр, дураараа, тээнэгэлзэлгүй, зоргоороо ярихыг Тэр үзэн яддаг; түүнчлэн, Бурханыг мэддэг гэж итгэдэг, Түүний талаарх мэдлэгээрээ бардамнадаг, Түүний талаарх сэдвээр огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Дээр дурдсан тэрхүү таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм: Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага билээ. Хүн Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг; Бурханы шахалтын улмаас бус, харин сайн дураараа ийнхүү хүндэлдэг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, гаднах зан авираар бэлэг барь гэж шаарддаггүй; харин зүрх сэтгэлийнхээ гүнд Өөрийг нь хүндэтгэж, Өөрөөс нь эмээхийг Тэр чамаас шаарддаг. Амь зан чанар чинь өөрчлөгдөж, Бурханы талаар мэдлэгтэй, Бурханы үйлсийн талаар ойлголттой болж, Бурханы мөн чанарын талаар ойлгож авч, мөн өөрийгөө Бурханы бүтээлийн нэг гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрсний улмаас ингэж хүндэлдэг болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүндэтгэл нь зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүмүүст ойлгуулахын төлөө юм.

Одоо тэрхүү таван шаардлагыг авч үзье: Эхний гуравт нь хүрч чадах хүн та нарын дунд байна уу? Үүгээр Би жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байхыг хэлж байна. Эдгээр зүйлийг хийх чадвартай хүн та нарын дунд байна уу? Хэрвээ Би бүх таван шаардлагыг гэж хэлсэн бол та нарын дундаас нэг нь ч гарахгүй байсан гэдэг нь маргаагүй, гэхдээ Би тоог нь гурав болгож багасгасан. Та нар эдгээр зүйлд хүрсэн эсэхээ нэг бодоод үз. “Жинхэнэ итгэлд” хүрэхэд амархан уу? (Үгүй, амархан биш.) Хүмүүс Бурханд байнга эргэлздэг учраас амархан биш. Тэгвэл “Үнэнчээр дагах” тухайд ямар вэ? “Үнэнчээр” гэж юуг хэлдэг вэ? (Хоёрдмол сэтгэлээр биш, харин үнэн сэтгэлээсээ байх.) Хоёрдмол сэтгэлээр биш, харин үнэн сэтгэлээсээ байх. Та нар голыг нь олж хэллээ! Тэгэхээр та нар энэ шаардлагад хүрч чадах уу? Та нар илүү их хичээх хэрэгтэй, тийм үү? Одоохондоо та нар энэ шаардлагад хүрч хараахан чадаагүй байгаа. “Туйлын дуулгавартай байдлын” тухайд та нар үүнд хүрсэн үү? (Үгүй.) Та нар үүнд ч бас хүрээгүй. Та нар байнга дуулгаваргүй, тэрслүү байдаг; дандаа сонсдоггүй, дуулгавартай байхыг хүсдэггүй, сонсохыг хүсдэггүй. Эдгээр нь амийн оролтод хүрснийхээ дараа хүмүүсийн биелүүлдэг хамгийн үндсэн гурван шаардлага боловч та нар тэдгээрт хараахан хүрээгүй байна. Иймд одоогоор та нарт асар их чадамж байна уу? Өнөөдөр, Намайг эдгээр үгийг хэлэхийг сонсоод та нарын сэтгэл зовниж байна уу? (Тийм.) Та нарын сэтгэл зовних нь зөв. Сэтгэл зовнихоос зайлсхийх гэж бүү хичээ. Би та нарын өмнөөс сэтгэл зовниж байна. Би нөгөө хоёр шаардлагын талаар ярихгүй; энд байгаа хэн ч тэдгээрт хүрч чадваргүй гэдэг нь эргэлзээгүй. Та нарын сэтгэл зовниж байна. Тэгэхээр та нар зорилгоо тодорхойлсон уу? Ямар зорилготойгоор, ямар чиглэлд эрэлхийлж, хичээл зүтгэлээ зориулах ёстой вэ? Та нарт зорилго бий юу? Би илэн далангүй ярья: Энэ таван шаардлагад хүрмэгц та нар Бурханыг сэтгэл хангалуун болгоно. Эдгээр нь дор бүрнээ хүний амийн оролт боловсорч гүйцсэний үзүүлэлт, мөн түүнчлэн эцсийн зорилго нь юм. Хэрвээ Би эдгээр шаардлагаас зөвхөн нэгийг нь л сонгоод дэлгэрэнгүй ярьж, та нараас биелүүлэхийг шаардсан ч гэсэн үүнд хүрэхэд амаргүй байх болно; тодорхой хэмжээний зовлон бэрхшээл туулж, хүчин чармайлт гаргах ёстой. Та нар ямар сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ? Мэс заслын орон дээр гарахаар хүлээж буй хорт хавдартай өвчтөнийхтэй адил байх ёстой. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Бурханд итгэхийг, Бурханыг олж авч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл, тодорхой хэмжээний зовлон шаналал туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүйгээр эдгээр зүйлд хүрч чадахгүй. Та нар маш их номлол сонссон боловч сонслоо гээд энэ номлол чинийх болсон гэсэн үг биш; чи үүнийг ойлгож авч, өөрийн болгож авах ёстой. Үүнийг өөрийн аминд шингээж, оршин тогтнолдоо оруулж, эдгээр үг, номлол хэрхэн амьдрахыг чинь залж чиглүүлж, чиний аминд оршин тогтнолын үнэ цэн, утга учир авчрахыг зөвшөөрөх ёстой. Ингэх үед эдгээр үгийг сонссоны чинь ашиг гарна. Хэрвээ Миний хэлдэг үг амьдралд чинь ямар нэгэн эргэлт авчирч, оршин тогтнолд чинь ямар нэг үнэ цэн нэмээгүй бол үүнийг сонсох нь чамд ямар ч хэрэггүй. Та нар үүнийг ойлгож байгаа биз дээ? Үүнийг ойлгосон бол үлдсэн хэсэг нь та нараас шалтгаална. Та нар хүчин чармайлт гаргах ёстой! Та нар бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой! Төөрөлдөж бүү бай; цаг хугацаа нисэн өнгөрч байна! Та нарын дундаас ихэнх нь Бурханд аль хэдийн арав гаруй жил итгэсэн. Энэ өнгөрсөн арван жилээ эргээд хар: Та нар хэр ихийг олж авсан бэ? Мөн энэ төрөлдөө амьдрах хэдэн арван жил үлдсэн бэ? Тийм ч их үлдээгүй. Бурханы ажил чамайг хүлээдэг эсэх, Тэр чамд боломж үлдээсэн эсэх, Тэр нэг ажлаа дахин хийх эсэх тухай март; ийм зүйлийн талаар бүү ярь. Чи амьдралынхаа өнгөрсөн арван жилийн замналаа ухрааж чадах уу? Өдөр өнгөрөх бүрд, алхах бүрд өдөр хоногууд чинь нэгээр хорогддог. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй! Хэрвээ чи үүнд амьдралынхаа хамгийн агуу зүйл, хоол, хувцас, өөр юунаас ч илүү чухал гэж хандвал Бурханд итгэх итгэлээс ашиг тус л хүртэнэ! Хэрвээ чи зөвхөн завтай үедээ итгэж, итгэлдээ бүх анхаарлаа хандуулж чадахгүй бол, чи үргэлж төөрөгдөлд автаж байдаг бол юу ч олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Өмнөх: Бурханыг мэдэх нь 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих