Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?

Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр эцсийн өдрүүдэд Бурханы илрэлт ба ажлын хаанаас харагддаг вэ? Та нар энэ ажлын алхам бүрийг туулснаар үүнийг харж чадна. Бурхан ажлынхаа алхам бүрд тодорхой арга барилаар ярьж, тодорхой зөгнөл хэлж, зарим үнэн болон Өөрийн зан чанарыг илэрхийлдэг бөгөөд хүмүүс бүгдэд нь хариу үзүүлдэг. Хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэдний хэн нь ч Бурханд дуулгавартай байдаггүй, хэн нь ч үнэнийг идэвхтэй эрэлхийлдэггүй, эсвэл Бурханы ажлыг дуртайяа хүлээн авдаггүй. Тэд бүгд сөрөг бөгөөд эсэргүүцэж, дайсагнаж, голдог, хүлээн авдаггүй. Гэсэн хэдий ч Бурхан үргэлж ажлаа үргэлжлүүлэн хийдэг ба хүнийг гэх Түүний хайр өөрчлөгддөггүй. Хүмүүсийн хандлага ямар ч байсан, голсон, дурамжхан хүлээн авсан, үл ялиг өөрчлөгдсөн эсэхээс үл хамааран Бурханы хайр өөрчлөгддөггүй, Бурханы ажлын алхамд хэзээ ч саад учирдаггүй. Энэ бол хүнийг гэх Түүний хайрын илрэл юм. Түүнчлэн, Бурхан ажлынхаа нэг алхмыг дуусгах бүрд хүмүүсийг яаж ч авирласан гэсэн, тэднийг гэх хайр нь өөрчлөгддөггүй. Тэрээр үргэлжлүүлэн ажлаа хийж, хүмүүсийг аварсаар л байдаг. Ирээдүйд хийх ажлын алхам бүрд хүмүүсийг шүүж, илчилдэг Бурханы үг илүү гүнзгий, илүү нарийн болж, хүмүүсийн одоогийн байдалд илүү тодорхой байх болно. Тэрээр хүмүүст Бурханыг илүү сайн ойлгож, мэдэж, Бурханы хүслийг илүү сайн ойлгож, ухамсарлах боломж олгох зүйлсийг хэлэх бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг хайрласаар байгааг хүмүүс харж чадна. Хүмүүс үргэлж сөрөг эсвэл эсэргүүцсэн хариу өгч, ажлын алхам бүрд ийм маягаар хариу үйлдэл үзүүлж байсан ч Бурхан үргэлж үргэлжлүүлэн ярьж, ажиллаж ирсэн бөгөөд хүмүүсийг гэх Түүний хайр өнөөдөр ч гэсэн өөрчлөгдөөгүй. Тиймээс хүн төрөлхтнийг гэх Бурханы бүх ажил бол хайр, энэ нь гарцаагүй. “Хэрэв энэ бүхэн хайр юм бол яагаад Бурхан хүмүүсийг үзэн ядаж байгаа юм шиг шүүж, гэсгээдэг юм бэ? Тэр яаж хүмүүсийг үхлийн шалгалтад оруулдаг юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. Тийм ээ, хүн төрөлхтнийг гэх Бурханы бүх зүйл хайр юм! Хүмүүсийн дуулгаваргүй байдлыг Бурхан гэсгээж, шүүдэг нь хүмүүст үнэнийг ойлгуулж, тэднийг гэмшүүлж, өөрчлөхийн төлөө, мөн Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг, ингэснээр тэд Бурханаас эмээж, дуулгавартай байж чадна. Хэдийгээр зарим хүн бага зэрэг эсэргүүцэл өвөрлөсөн хэвээр байгаа ч Бурхан хүмүүсийг аврах хүчин чармайлтаа өчүүхэн төдий ч сулруулаагүй, мөн тэднийг орхиогүй. Бурханы агуу хайрыг бүрдүүлдэг зүйл энэ юм.

Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын үеэр олон хүн маш сөрөг болж, шаналсандаа тэнгэр газарт хандан халаглаж, бүр эсэргүүцэн хашхирч, “Би олон жил Бурханд итгэж, ийм их зовсон хойноо яахаараа үйлчлэл үзүүлэгч болчихдог байна аа? Миний хүссэн зүйл энэ биш шүү дээ!” гэж боддог. Хүмүүс сэтгэл нь ханахгүй, ойлгохгүй байсан ч Бурхан тэднийг ойлгосон, энэ хайр биш байсан гэж үү? Бурханы хайр нь хүмүүсийг ойлгох, тэдний мөн чанарыг нэвт харах, тэднийг нэгд нэггүй ойлгох зэргийг агуулдаг. Тэрээр төөрөгдөл, дүр эсгэлт, эсвэл хуурамч байдалгүйгээр хайрладаг. Түүний хайр жинхэнэ бөгөөд үнэн. Чи хаана ч дутагдалтай, мэдлэг ойлголтоор дутмаг байсан, Тэр чамайг өршөөж, хайрлаж, үргэлж сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд хүмүүст хэчнээн дургүй, сэтгэл дундуур санагдсан ч Бурхан завхрал, дуулгаваргүй байдлаас нь болж хэзээ ч хүмүүсийг орхиогүй. Тэрээр үргэлж үг хэлж, хүмүүсийг тэтгэж, дэмжиж байсан бөгөөд хэдэн сарын цэвэршүүлэлтээр дамжуулан тэдний завхралыг илчилж, үзэшгүй муухай байдлыг нь мэдэгдсэн юм. Энэ гурван сарын хугацаанд Бурхан хүмүүсийг хайрласан уу? Хэрэв хайрлаагүй бол Тэр чамд хэзээ ч анхаарал хандуулахгүй байсан. Зарим хүн үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар таягдан хаягдсан бөгөөд тэр хүмүүс үнэхээр үл итгэгчид байсан. Тэд үйлчлэл үзүүлэгч гэдгээ сонсмогцоо л сөрөг болж, хэдэн сарын дараа ч хүлээж авч чадаагүй. Чи үйлчлэл үзүүлэгч байхыг хүсээгүй, Бурханыг дагахдаа зовохыг хүсээгүй ч ерөөгдөнө гэдгийг сонсоод баярлаж, бүр хэт хөөрсөн. Хэрэв Бурханд хайр байхгүй, зөвхөн үзэн ядалт л байгаад, хүмүүс ийм завхрал илчилж байгааг харсан бол тэд таягдан хаягдах ёстой байв. Гурван сарын цэвэршүүлэлт нь тийм ч урт хугацаа биш. Яагаад Би үүнийг огтхон ч урт хугацаа биш гэж хэлдэг вэ? Учир нь хүмүүсийн тэвчиж чадах хугацаа л энэ юм. Арай жаахан урт байвал хүмүүс тэвчиж чадахгүй. Хэдийгээр хүмүүс үргэлж магтан дуу дуулж, цуглаанд оролцож, нөхөрлөж байсан ч зөвхөн эдгээр зүйлээс таашаал авснаар бат зогсож чадахгүй нь лавтай. Тийм ч учраас Бурхан хүмүүсийг эртнээс Өөрийн ардууд болгосон ба энэ нь ч бас Түүний хайрыг агуулдаг. Бурхан Өөрийн зүрх сэтгэл, хайраар хүмүүст нөлөөлж, барьдаг ба энэ ч бас хайрын илрэл юм. Бид ч бас Бурханы хайрыг энэ цаг хугацаанд олж харж чадна. Тэр нэг өдрөөр ч хойшлуулдаггүй, ярих цаг нь болоход даруй ярьдаг. Хэрэв Тэр хэдэн сараар хойшлуулбал зарим хүн аажмаар ухрах байсан. Тэрээр хүмүүсийн бодит байдалд нийцүүлэн, огт саатуулж, сунжруулалгүйгээр ажилладаг. Бурхан хүн бүрд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд хүмүүсийг аварч байгаа учраас тэдний төлөө эцсээ хүртэл хариуцлага хүлээдэг. Гэвч зарим хүнд шийдэмгий байдал юм уу шийдвэр байгаагүй тул өөрсдөө ухарсан. Тэднийг явахын өмнө Ариун Сүнс онцгойлон зарим хүний сэтгэлийг хөдөлгөж, тэднийг үлд гэж шавдуулж, тэднийг барьж чадахгүй болсон үедээ л бууж өгсөн юм. Бурхан хүмүүсийг маш их хайрласан боловч хүмүүс Түүний хайрыг хүртэхэд зохисгүй байлаа. Бурхан цаашид хайрлаж чадахаа больсон зарим ухарсан хүмүүсийн хувьд тэднийг гэх Бурханы хайр үзэн ядалт болон хувирсан бөгөөд Тэрээр тэдэн шиг хүмүүстэй ямар ч холбоогүй болсон юм. Бурханы ажлын алхам, цаг хугацаа, алхам бүр нь хэр удаан явагддаг, алхам бүрд хэдэн үг хэлдэг, алхам болгонд ямар өнгө аяс, арга барил ашигладаг, хүмүүст ойлгуулахын тулд ямар үнэнийг ашигладаг тухайд бол энэ бүх зүйл нь Бурханы сайн санаа зорилго, уйгагүй хичээл чармайлтыг агуулдаг бөгөөд бүгд Бурханы нарийн зохицуулалт, төлөвлөгөө юм. Бурхан үргэлж үнэнийг илэрхийлж, мэргэн ухаанаа ашиглан хүн төрөлхтнийг залж чиглүүлж, удирдаж, хүмүүсийг хангаж, хүмүүст үйлчилж, хүмүүсийг бага багаар тэжээн тэтгэж, энэ өдрийг хүртэл гараас нь хөтлөн удирдсаар ирсэн. Ийм туршлагатай хэн боловч одоо энэ талаар тодорхой хэмжээнд мэдэж байгаа, мөн туршлагын гэрчлэлийнхээ талаар бага зэрэг ярьж чадна. Алхам алхмаар явагддаг энэ үйл явц тэдний ой санамжид шинэхэн хэвээр бөгөөд үүнд орших хайрыг үгээр илэрхийлэх аргагүй. Хүмүүсийг гэх Бурханы хайр маш гүн гүнзгий болохоор хүмүүс үүнийг бүрэн ойлгож, үгээр тодорхой илэрхийлж хэзээ ч чадахгүй. Бурханы ажлын цаг хугацаанаас бид хүмүүсийг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий болохыг харж болно. Бурхан жижиг сажиг юм бүрд нямбай ханддаг, цэвэршүүлэлтийг цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрдөггүй, цэвэршүүлэлт удаан үргэлжилбэл хүмүүс ухарч няцаж, Өөрийг нь орхино гэж эмээдэг. Бурханы хайр хүмүүсийг чанга атгадаг ба өчүүхэн төдий ч сулардаггүй. Бас Бурхан гэсгээлт, шүүлтийн ажлын алхмуудыг нарийн чанд хянадаг. Хэрвээ Бурхан дахиад нэг арга барил нэмсэн бол Бурхан өөрсдийг нь мэхэлж, залилж байна гэж хүмүүс бодоод, биеийн хэмжээ нь хангалтгүй байх үедээ ухарч няцах магадлалтай. Тиймээс гурван сарын цэвэршүүлэлтийн дараа Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг Өөрийнхөө ардууд болгохын тулд дахин нэгэнтээ үг хэлж, бүх хүн баярласан юм. Бурхан хэчнээн мэргэн ухаантай, сайн болохыг хараад маш их догдолсондоо тэд нулимс урсгаж байлаа. Хэдэн сарын цэвэршүүлэлтийн дараа хүмүүс үнэхээр өөрсдийгөө үйлчлэл үзүүлэгч гэж бодсон. “Бидэнд сайн хүрэх газар байхгүй. Бурхан биднийг цаашид хүсэхгүй. Бидэнд ямар ч найдвар алга” гэж тэд бодсон юм. Тухайн үеийн тэр уур амьсгалд хэрвээ Би хүмүүсийг үхүүлэхгүй гэж хэлсэн бол хэн ч Надад итгэхгүй байх байв. Бурхан аль хэдийн хэлсэн бол энэ нь бодит баримт байж таарна гэж тэд бодох байлаа. Гэвч гурван сарын дараа Би үгийн өөр нэг бүлгийг илэрхийлж, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтыг дуусгасан юм. Хэдийгээр хүний уг чанар Сатаны завхралд өртсөн ч хүмүүс заримдаа хүүхэд шиг тун гэм зэмгүй байдаг. Хүмүүс Бурханы өмнө үргэлж нялх хүүхэд шиг байдаг гэж яагаад хэлдэг вэ? Хүмүүсийн харж байгаагаар хүмүүс бүгд завхарсан, доройтмол санагддаг ч Бурханы харж байгаагаар бол хүмүүс үргэлж нялх хүүхэд шиг, бүгд тун гэнэн, гэм зэмгүй байсаар ирсэн. Тиймээс Бурхан хүмүүсийг дайснаа гэж үздэггүй, харин Өөрийнх нь аврал, хайрын бай гэж үздэг.

Хүмүүсийг гэх Бурханы хайр хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л хүмүүст нигүүлсэл хайрласаар байхын төлөө, эсвэл ерөөлийн үг юм уу сонсохыг хүссэн үгийг нь хүмүүст хэлэхийн төлөө байдаггүй. Энэ нь үнэнийг илэрхийлж, хүмүүсийг завхралаас нь ариусгаж, Сатаны нөлөөнөөс аварч, тэднийг Бурханы ерөөл болон амлалтыг хүлээн авахуйц болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы жинхэнэ хайр юм. Бурхан үнэхээр хүмүүсийн мэдрэмжийг харгалзан үзэлгүй хэлсэн үгээрээ хүмүүсийн завхралыг илчилж, тэднийг шүүж, ялладаг. Эдгээр үг нь бүр хүмүүсийн зүрх сэтгэлийг сийчиж, шаналал авчирдаг. Бурхан хүмүүсийг үнэхээр үзэн яддаг мэт, шүүлтийн зарим үг нь хүмүүсийг яллаж, хараадаг боловч бүгд бодит нөхцөл байдалтай байдаг. Энэ нь бодит баримттай бүрэн нийцдэг, ямар ч хэтрүүлэггүй байдаг. Бурхан хүмүүсийн завхарсан мөн чанарт үндэслэн ярьдаг бөгөөд хүмүүс үүнийг мэдэж авахын тулд хэсэг хугацаанд туулах ёстой. Бурхан эдгээр зүйлийг хэлж байгаа нь хүмүүсийг өөрчилж, аврах зорилготой. Бурхан ингэж ярьж байж л хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы уйгагүй хичээл чармайлт нь хүмүүсийг аварч, бүгдийг нь Бурханы хайрын биелэл болгохын төлөө байдаг гэдгийг чи харах ёстой. Бурханы ажлын мэргэн ухааныг харсан ч, уг ажлын алхам, арга барил, цаг хугацааны урт, эсвэл Бурханы нарийн зохицуулалт, төлөвлөгөөг харсан ч бүгд Бурханы хайрыг агуулдаг. Нэг жишээ хэлье. Бүх эцэг эх үр хүүхдүүдээ хайрлаж, зөв замаар явж байгааг нь харахын тулд асар их ажилладаг. Тэд хүүхдүүдийнхээ дутагдлыг олж мэдэх үедээ, хэтэрхий эелдгээр ярих юм бол сонсохгүй, өөрчлөгдөхгүй байх вий гэж санаа зовдог ч хэтэрхий хатуу яривал өөрийгөө үнэлэх сэтгэл нь шархалж, үүнийг тэвчиж чадахгүй байх вий гэж бас санаа зовдог. Тэд үүнийг хүүхдүүдийнхээ өнцгөөс бодолцон үзэж чаддаг нь бүгд хайранд захирагддаг бөгөөд тэд маш их хүчин чармайлт гаргадаг. Хүүхэд байхдаа бүгд эцэг эхийнхээ хайрыг мэдэрсэн байх. Зөвхөн сайхан сэтгэл, анхаарал халамж л хайр биш, хатуу цээрлүүлэлт ч бас хайр юм. Бурхан хүн төрөлхтнийг аварч буй нь хайранд бүр ч их захирагддаг, хайрын урьдач нөхцөл дор байдаг, тийм учраас Тэрээр завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Бурхан зүгээр л хийж дуусгахын тулд юм хийдэггүй, харин нарийн төлөвлөгөө гаргаж, алхам алхмаар үг хэлж, ажилладаг. Цаг хугацаа, байршил, Бурханы ярианы өнгө, ярих арга зам, Бурханы гаргасан хүчин чармайлт ... энэ бүх зүйл Бурханы хайрыг илчилдэг бөгөөд хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр хязгааргүй, хэмжээлшгүй гэдгийг тус бүрдээ асар их харуулдаг гэж хэлж болно. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын үеэр олон хүн тэрслүү үг хэлж, зарим нэг гомдол гаргасан ч Бурхан үүгээр хүмүүсийг нээнтэглээгүй, үүнийх нь төлөө хэнийг ч шийтгээгүй. Бурхан хүмүүсийг хайрладаг учраас бүх зүйл дээр хүлээцтэй ханддаг. Бурханд хайр байдаггүй, зөвхөн үзэн ядалт л байсан бол хүн бүрийг аль эрт яллах байлаа. Хайр байдаг учраас л Бурхан юуг ч тоодоггүй, харин хүмүүст хүлээцтэй хандаж, бэрхшээлийг нь ойлгож чаддаг бөгөөд Түүний хийдэг бүх зүйл хайранд захирагддаг. Зөвхөн Бурхан л хүмүүсийг ойлгодог, чи өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Сайн бодоод үз, тийм байгаа биз дээ? Зарим хүн шалгалттай тулгарах үедээ энэ, тэрийн талаар гомдоллодог. Хүмүүс дэмий юманд бухимддаг, бас ерөөл дунд амьдардаг хэр нь үүнийгээ ч мэддэггүй. Тэнгэрээс газарт бууж ирэхдээ Бурхан хэр их зовох шаардлагатай болсныг хэн ч мэдэж чадахгүй. Бурхан маш агуу; Бурханы хувьд хүн болж, ийм өчүүхэн, даруухан хүн, ийм доромжлуулсан хүн болохын тулд хэчнээн их зовох ёстой болсон бол! Дэлхий ертөнцийн нэг жишээ хэлье. Сайн эзэн хаан албатуудаа үр хүүхэд шигээ хайрладаг. Эгэл ардуудын зовлонг нимгэлэхийн тулд тэрээр эгэл жирийн хүний хувиар энгийн хувцас өмсөн тэдний дунд явж, бэрхшээлийг нь шинжилж, ойлгодог. Байр суурийг нь харгалзан үзвэл, эгэл хүний байр сууринд доошилж очих нь өөрөө доромжлол. Тэрээр эгэл хүн шиг амьдрах ёстой бөгөөд эзэн хаан гэдгийг нь мэдэхгүй ард түмэн түүнийг эгэл жирийн хүн гэж үзнэ. Ард түмний дунд олон аюул занал байдаг, эзэн хааныг хөнөөж, эрх мэдлийг нь булаах гэсэн хүн хэчнээн олон болохыг хэн ч мэдэхгүй учраас эзэн хаан ард түмний нөхцөл байдлыг ойлгохоор тэдний дунд явах үедээ илүү болгоомжтой байх хэрэгтэй. Байр суурь, албан тушаалынхаа дагуу бол тэрээр үнэндээ ингэж зовох ёсгүй хэр нь яаж ийм юм хийж чаддаг вэ? Тэр зүгээр л сайн эзэн хаан байж, эгэл ардуудын төлөө үнэхээр ямар нэг зүйл хийхийг хүсдэг. Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг бүрэн аврахыг хүсдэг бөгөөд өнөөдөр ийм маягаар хүн төрөлхтнийг илчилж, шүүж байгаа нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний хүрсэн түвшин юм. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг учраас авардаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, хайраар жолоодуулж, өдөөгддөг учраас хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болж, арслангийн үүрэнд биечлэн орсон. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг учраас үүнийг хийж чаддаг. Энэ завхарсан хүн төрөлхтнийг аврахаар махбод болохдоо Бурхан асар их доромжлолыг амсдаг нь Бурханы хайр маш агуу гэдгийг бүрэн нотолж байна. Бурханы үгийн мөрүүдийн хооронд ятгалга, тайтгарал, зоригжуулалт, хүлээцтэй байдал, тэвчээр байдаг боловч илүү их шүүлт, гэсгээлт, хараал зүхэл, ил тод илчлэл, сайхан амлалтууд ч бас бий. Арга барил нь ямар ч байсан, хайранд захирагддаг бөгөөд энэ нь Бурханы ажлын мөн чанар юм. Өнөөдөр та нар бүгд Бурханы хайрын талаар бага зэрэг мэдлэгтэй болсон, гэхдээ энэ нь тийм ч гүн гүнзгий биш. Энэ мэдлэгт хүний төсөөлөл холилдсон, бас Бурханы хайраас мэдэрч чадах зүйл чинь хязгаарлагдмал. Хожим нь та нар дахиад хэдэн жил туулсныхаа дараа энэ хайр хэчнээн гүн гүнзгий, хэчнээн их болохыг, бас хүний хэлээр тайлбарлахын аргагүй гэдгийг мэдэрнэ. Хүмүүс Бурханы хайрыг мэдэж авах үедээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болдог. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрладаг зүрх сэтгэлгүй бол яаж Бурханы хайрыг хариулж чадах юм бэ? Чи амиа зориуллаа ч гэсэн Бурханы хайрыг хариулж чадахгүй. Дахиад хэдэн жил туулсныхаа дараа та нар Бурханы хайр гэж юу болохыг мэднэ. Тэгээд одоогийнхоо байдал болон илрэлийг эргэн санах үедээ дээд зэргээр харамсаж, Бурханы өмнө унана. Яагаад өнөөдөр ихэнх хүн Бурханыг маш ойроос, тун их мэрийн дагадаг вэ? Учир нь тэд Бурханы хайрыг мэддэг, Бурханы ажил хүн төрөлхтнийг аврахын төлөө гэдгийг хардаг. Бодоод үз дээ, Бурханы ажил цаг хугацааны хувьд маш нарийн, огт сааталгүйгээр нэг алхмаас нөгөө рүү шилждэг. Яагаад Бурхан саатуулдаггүй вэ? Энэ нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Тэрээр чадахынхаа хэрээр олон хүнийг аврахыг хүсдэг, аврагдах боломжтой хүнийг алдахыг хүсдэггүй, харин хүмүүс өөрсдөө хувь заяагаа тоодоггүй. Тиймээс хүмүүс энэ дэлхийд хэн өөрийг нь хамгийн их хайрладгийг ч мэдэхгүй. Чи өөрийгөө хайрладаггүй, өөрийнхөө амийг хэрхэн нандигнаж, эрхэмлэхээ мэддэггүй, зөвхөн Бурхан л хүмүүсийг хамгийн их хайрладаг. Цөөхөн хүн л Бурханы хайрыг амсаж чаддаг ч ихэнх нь хараахан чаддаггүй. Тэд өөрсдийгөө хайрлах нь хамгийн найдвартай гэж үздэг ч өөрсдийгөө ямар хайраар хайрладгаа арай илүү тодорхой ойлгох учиртай. Хүмүүс өөрийгөө хайрласнаар өөрийгөө аварч чадах уу? Бурханы хайр л хүмүүсийг аварч чадна, тэр нь л жинхэнэ хайр бөгөөд жинхэнэ хайр гэж юу болохыг хожим нь чи аажмаар мэдрэх болно. Хэрвээ Бурхан ажиллаж, хүмүүсийг нүүр тулан залж чиглүүлэхээр махбод болж, тэдэнтэй өдөр, шөнөгүй харилцаж, хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр мэдэж авах нь хүмүүсийн хувьд амаргүй байх байлаа. Бурхан махбод болж, маш их үнэнийг илэрхийлээгүй бол хүмүүс хэзээ ч Бурханыг мэдэж авч чадахгүй, хэн ч Бурханы хайрыг мэдэхгүй байх байсан юм.

Бурхан хүн хоёр адил төрлийнх биш бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы бодлыг мэдэх нь бүү хэл, Бурханы хэлийг ойлгож чадахгүй. Бурхан л хүмүүсийг ойлгож чадна, хүмүүс Бурханыг ойлгож чадахгүй. Бурхан махбод болж, хүмүүстэй адил төрлийнх болж (адилхан харагдаж), хүмүүсийг аврахын тулд асар их доромжлол, шаналлыг туулснаар л хүмүүс Бурханы ажлыг ойлгож, мэдэж авч чадна. Яагаад Бурхан хүмүүсийг аврахаа больдоггүй вэ? Энэ нь Бурхан хүмүүсийг хайрладгаас болдог бус уу? Хүн төрөлхтнийг Сатан завхруулж байгааг Бурхан хардаг бөгөөд тэднийг тавьж явуулж, эсвэл орхиж тэвчдэггүй. Тийм учраас Бурханд удирдлагын төлөвлөгөө байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шиг Бурхан уурламагцаа хүн төрөлхтнийг устгах байсан бол тэднийг аврахын тулд өнөөдрийнх шиг ийм зовлон туулах шаардлагагүй байсан юм. Чухамдаа махбод болсны дараах Бурханы зовлон л Бурханы хайрыг илчилдэг. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханы хайрыг бага багаар олж илрүүлж, бүх хүн мэддэг болсон. Хэрвээ өнөөдрийн ийм ажил байгаагүй бол хүмүүс тэнгэрт Бурхан байдаг, Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг гэдгийг л мэдэх байлаа. Энэ нь зөвхөн хоосон сургаал байх бөгөөд хүмүүс Бурханы жинхэнэ хайрыг хэзээ ч мэдэрч чадахгүй. Махбодод Бурханы хийдэг ажлаар л дамжуулан хүмүүс Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж чадна. Энэхүү ойлголт нь бүдэг бадаг, хоосон биш, эсвэл зүгээр л хоосон сургаалын үг биш, харин үндэслэлтэй, бодитой байдаг, учир нь хүмүүст Бурханы өгдөг хайр ашиг тустай. Энэхүү ажлыг зөвхөн Бурхан махбодоор хийж чадах бөгөөд Сүнс үүнийг хийж чадахгүй. Хүмүүст Есүсийн өгсөн хайр хэчнээн их байсан билээ? Тэрээр хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд цовдлогдож, хүмүүсийн төлөө мөнхийн нүглийн тахил болсон. Тэрээр цовдлогдох хүртлээ хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхээр ирсэн юм. Энэ хайр маш агуу. Бурханы ажил маш их утга учиртай. Бурхан махбод болсон талаар үргэлж тодорхой үзэл өвөрлөдөг олон хүн байдаг бөгөөд энэ нь тэдний алдаа юм. Яагаад чи үргэлж ийм үзэлтэй байдаг юм бэ? Бурхан махбод болоогүй бол хүмүүсийн Бурханд итгэх итгэл хоосон үг төдий, дэмий, бодит бус байх бөгөөд Бурханд итгэхээс үл хамааран тэд эцэстээ мөн л устгагдах байсан! Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь махбодоор ажиллаж, хүмүүсийг биечлэн аварч, хүмүүстэй нүүр тулан ярилцаж, тэдэнтэй нүүр тулан амьдарч байгаагаас нь голчлон харагддаг. Өчүүхэн төдий ч зай завсар байхгүй, ямар ч дүр эсгэлт байхгүй; энэ нь бодитой байдаг. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болж, дэлхий ертөнц дээр хүмүүстэй хамт шаналгаат он жилүүдийг өнгөрүүлж чаддаг нь хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, өршөөлөөс үүдэлтэй. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр болзолгүй, ямар ч шаардлага тавьдаггүй. Бурхан хариуд нь хүмүүсээс юу хүлээн авч чадах вэ? Хүмүүс Бурханд хүйтэн хөндий ханддаг. Хэн Бурханыг Бурхан гэж үзэж чадах вэ? Хүмүүс Бурханд өчүүхэн төдий ч болов тайтгарал өгдөггүй, өнөөг хүртэл Бурхан хүмүүсээс жинхэнэ хайрыг хүлээн аваагүй. Бурхан харамгүй өгч, харамгүй хангасаар байдаг атал хүмүүс одоо ч сэтгэл ханадаггүй, Бурханы нигүүлсэл, ерөөлийг гуйсаар байдаг. Хүмүүс хэчнээн хэцүү, төвөгтэй гээч! Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы ажил үр дүнд хүрэх өдөр ирж, Бурханы сонгосон хүмүүсийн дийлэнх нь чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлнэ. Удаан хугацаанд туулсан хүмүүс үүнийг мэдэрч чадна. Хүмүүс хөшүүн байж болох ч хүмүүс хэвээр бөгөөд амьгүй зүйлс биш. Бурханы ажлыг туулаагүй хүмүүс эдгээр зүйлийг ойлгож чадахгүй байж магадгүй. Тэд Бурханы илэрхийлсэн эдгээр үнэн нь зөв гэдгийг л хүлээн зөвшөөрдөг ч ямар ч туршлагагүй учраас төдийлөн гүн гүнзгий ойлголттой байдаггүй.

Бурхан хэдэн жил махбодоор ажиллаж, тоо томшгүй олон зүйл хэлсэн. Бурхан эхлээд хүмүүст үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт өгч, дараа нь зөгнөл хэлж, шүүлт, гэсгээлтийн ажил хийж эхлэн, улмаар хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд үхлийн шалгалтыг ашигласан. Тэгээд хүмүүсийг Бурханд итгэх итгэлийн зөв зам руу хөтөлсөн юм. Бурхан үг хэлж, бүх үнэнээр хүмүүсийг хангаж, хүний элдэв янзын үзлийн эсрэг тэмцсэн. Дараа нь Бурхан хүн хоёр хамтдаа үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орох найдлага байгаа гэдгийг ойлгуулахын тулд Тэрээр хүмүүст багахан найдвар өгсөн. Хэдийгээр энэ ажил нь бүгд Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг ч хүн төрөлхтний хэрэгцээний дагуу хийгддэг. Энэ нь санамсаргүй хийгддэггүй; Бурхан энэ бүх ажлыг хийхийн тулд мэргэн ухаанаа ашигладаг. Бурханд хайр байдаг учраас мэргэн ухаанаа ашиглан энэ завхарсан хүмүүст ингэж нухацтай ханддаг. Бурхан хэзээ ч, яавч хүмүүсээр тоглодоггүй. Бурханы өнгө аяс, үг хэллэгээс харахад заримдаа Тэрээр хүмүүсийг шүүж, гэсгээдэг, эсвэл хүмүүсийг туршдаг, заримдаа тодорхой нэг үг хэллэг нь хүмүүсийг шалгаж, тарчлаадаг, заримдаа Тэрээр хүмүүсийг чөлөөлж, тайвшруулах тодорхой үгийн сонголтыг хүмүүст өгдөг. Тэрээр хүмүүсийг асар их бодож, харгалзан үздэг. Хэдийгээр хүмүүс Бурханы бүтээл, бүгд Сатаны завхралыг туулсан ч, хэдийгээр хүмүүс үнэ цэнгүй, хог хаягдал төдий бөгөөд ийм уг чанартай байдаг ч Бурхан хүмүүст мөн чанарынх нь дагуу ханддаггүй, хүртэх ёстой цээрлүүлэлтийнх нь дагуу ханддаггүй. Бурханы үг хатуу ширүүн байж болох ч Бурхан хүмүүст үргэлж тэвчээртэй, хүлээцтэй, өрөвч сэтгэлээр ханддаг. Хүмүүс үүнийг алгуур, анхааралтай тунгаан бодох ёстой! Бурхан хүмүүст хүлээцтэй, өрөвч, нигүүлсэнгүй сэтгэлээр хандаагүй бол тэднийг аврахын тулд энэ бүх зүйлийг хэлж чадах уу? Бурхан яагаад тэднийг зүгээр л ялладаггүй юм бэ? Тэгсэн ч гэсэн хүмүүс Бурханы хайрыг мэдэхгүй хэвээр байдаг. Тэд маш мунхаг, мэдлэггүй! Хүмүүсийн мөн чанарт ямар ч хайр байдаггүй. Тэд хайр гэж юу болохыг мэддэггүй, Бурхан яагаад үүнийг хийдгийг мэддэггүй. Хүмүүс Бурханы хайрыг мэдрээгүй байх үедээ Бурханы ажил нэлээд сайн, хүмүүст ашиг тустай, хүмүүсийг өөрчилж чадна гэдгийг л мэдэрдэг боловч нэг ч хүн “Бурханы ажил маш сайн, Бурханы ажил маш их утга учиртай! Хүмүүсийг гэх Бурханы хайр үнэхээр гүн гүнзгий. Бурхан үнэхээр хүмүүсийг бохир заваан гэж үзээгүй!” хэмээн боддоггүй. Хүмүүс Бурханыг Бурхан гэж үздэггүй ч Бурхан хүмүүсийг хүмүүс гэж үздэг. Тийм биз дээ? Бурхан чамайг адгуус гэж хэлдэг ч чамд огтхон ч адгуус шиг хандаагүй. Бурхан чамд адгуус амьтан шиг хандсан бол чамайг үнэнээр хангасаар байж чадах уу? Чамайг аврахын тулд маш их зовсоор байх уу? Зарим хүн дээд зэргээр гомдоллож, “Бурхан намайг үнэ цэнгүй гэсэн. Би үргэлжлүүлэн амьдрахаас дэндүү их ичиж байна” гэдэг. Хүмүүс үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Бурханы ажлын мэргэн ухаан, уйгагүй хичээл чармайлтыг чи насан туршдаа гүн гүнзгий мэдрэхгүй байж магадгүй гэж хэлж болно. Гэхдээ туулж мэдэрсэн чинь хэчнээн гүн ч бай, өнгөц ч бай хамаагүй, эцэстээ үүнийг ойлгож, бага зэрэг мэдлэгтэй болох л юм бол тэр нь хангалттай. Бурхан хүмүүсээс үнэнийг ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханд үнэнч, дуулгавартай байдал, зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах хайрын талаарх үнэнийг аажмаар гүн гүнзгий ойлгохыг шаардсаар байдаг. Хэрвээ хүмүүс бага зэрэг зарлагадаж, зовох юм бол Бурханы өмнө асар их хувь нэмэр оруулсан мэт, одоо өндөр чадамжтай болсон мэт тэдэнд санагддаг бөгөөд арай илүү хувь нэмэр оруулах юм бол тэд чадамжаа гайхуулна, үүнийг дурдахгүй бол тэдэнд найдваргүй санагдаж, дотроо дургүйцнэ. Хүмүүст яаж хайр байх юм бэ? Хүмүүст байгаа хайр ямар хайр вэ? Бурхан хүн төрөлхтнөөс жинхэнэ хайрыг олж авсан уу? Бурхан хүн төрөлхтний хайрыг хүртвээс зохистой биш гэж үү?

1999 оны өвөл

Өмнөх: Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна

Дараах: Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих