Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Хүмүүс Бурханд итгэж, хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах үедээ зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Бурханы сэтгэл ханамжийг олж авдаг, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлдэг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралаар амьдарч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй, зүрх сэтгэл нь Бурхантай хамт байдаггүй, Бурханы ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэхгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чадахгүй, тэд Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чадна. Энэ хүмүүс бол Бурханы гэр дэх чимэглэл—орон тоо дүүргэгч, хог новш бөгөөд Бурхан тэднийг ашигладаггүй. Тэдэн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүй төдийгүй, төгс болгуулах үнэ цэн ч тэдэнд байдаггүй. Ийм хүн бол жинхэнэ алхаж яваа үхдэл юм. Тэдэнд Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй—тэднийг Сатан бүрэн эзэмдэж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Ариун Сүнс өнөөдөр хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүмүүсийн хүсүүштэй талуудыг ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд цутгаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсэнд ашиглуулж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно. Үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талдаа илүү гүн гүнзгий оролтод хүрч, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна. Сөрөг талдаа чи өөрийн алдаа, дутагдлыг илүү сайн ойлгож, Бурханы хүслийг хангахаар илүү их эрмэлзэж, эрж хайна. Түүнчлэн чи идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орж чадна. Энэ нь зөв хүн гэдгийг чинь харуулдаг. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж чадна гэж үзвэл, Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэх чинь идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдгээс чинь ихээхэн хамаарна. Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлж, ашиглах үедээ тэднийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Ингэх үед хүмүүст сул талууд байсаар байдаг ч тэд сул талдаа үндэслэн амьдардаггүй. Тэд амийн өсөлтөө саатуулалгүй, Бурханы хүслийг хангахаар эрж хайсаар байдаг. Энэ бол стандарт юм. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь энэ нь нотолно. Хэрвээ хүн үргэлж сөрөг байдаг бол, мөн гэгээрэл хүлээн авч, өөрийгөө мэдэж авсны дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр үлдээд, өндийн босож, Бурхантай хамт ажиллаж чаддаггүй бол тэр хүн Бурханы нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Тэр хүн сөрөг байна гэдэг нь түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүгд ойлгох ёстой.

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь хамгийн чухал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлтийн асуудалтай холбоотой. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байвал үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул чинь үр дүнгээ өгнө. Учир нь чи ачаа үүрч Бурханы өмнө ирсэн, маш олон талаар дутуу дулимаг гэдгээ үргэлж мэдэрдэг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй асар их бодит байдал байдаг, мөн Бурханы хүслийг бодолцон үзэх ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг. Эдгээр зүйл үргэлж оюун ухаанд чинь байж, чамайг амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хүнд оргидог (гэхдээ чи сөрөг байдалд байдаггүй). Ийм хүн л Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авч, Бурханы Сүнсээр хөдөлгөгдөх эрхтэй. Өөрийнхөө ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, туулсан зовлонгоосоо болж тэд Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно. Учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг боловч бас хүмүүст дур зоргоороо, эсвэл болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурханд хараахан бүрэн хандаагүй учраас амь зан чанарт нь ямар ч томоохон өөрчлөлт гараагүй хэвээр байдаг. Яагаад гэвэл, тэд зөвхөн Бурханы нигүүлсэл дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй. Бурханаар ашиглуулахын тулд хүмүүсийн хүрэх ёстой шалгуур энэ: Тэдний зүрх сэтгэл Бурханд хандах ёстой, тэд Бурханы үгийн ачааг үүрэх ёстой, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байх ёстой, үнэнийг эрж хайхаар шийдсэн байх ёстой. Энэ хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг нь удаа дараа олж авч чадна. Бурханы ашигладаг хүмүүс гаднаа эрүүл ухаангүй мэт, бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг боловч тэд ёс зүйтэй ярьдаг, хайхрамжгүй ярьдаггүй бөгөөд зүрх сэтгэлээ Бурханы өмнө үргэлж тайван байлгаж чаддаг. Яг ийм хүн л Ариун Сүнсээр ашиглагдахад зохистой. Бурханы ярьдаг “эрүүл ухаангүй” энэ хүмүүс бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг бөгөөд гадаад талын хайр юм уу гаднах дадлыг анхаардаггүй боловч сүнслэг хэрэг явдлын талаар нөхөрлөх үедээ зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнө бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханыг гэх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангадаг. Бусад хүмүүс бүгд тэднийг дооглож, гүтгэж байхад тэд гаднын хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлсийн нөлөөнд автахаас зайлсхийж, Бурханы өмнө тайван байж чаддаг. Тэд өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусад хүн юу хийхээс үл хамааран тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад нь ярилцаж, инээлдэж байхад тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө үлдэж, Бурханы үгийг тунгаан бодож, эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхэн Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайж байдаг. Энэ хүмүүс бусадтай хэвийн харилцаатай байхад ач холбогдол өгдөггүй бөгөөд амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Тэд цовоо сэргэлэн, хайр татам, гэнэн харагддаг ч бас аядуу тайван байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний төрх билээ. Амьдралын гүн ухаан, эсвэл “хэвийн эрүүл ухаан” гэх мэтийн зүйлс ийм хүнд ердөө нэмэргүй. Тэд хамаг зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулсан бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан л байгаа мэт санагддаг. Энэ бол Бурханы “эрүүл ухаангүй” гэж хэлдэг хүн бөгөөд яг ийм хүнийг Бурхан ашигладаг. Бурханы ашигладаг хүний шинж тэмдэг бол: Хэзээ, эсвэл хаана байх нь хамаагүй түүний зүрх сэтгэл үргэлж Бурханы өмнө байдаг бөгөөд бусад хүмүүс хэчнээн завхайрч, шунал тачаал, махан биеэ хэр их өөгшүүлэх нь хамаагүй, энэ хүний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй, олон нийтийг дагадаггүй. Ийм төрлийн хүн л Бурханаар ашиглагдахад тохирдог бөгөөд энэ төрлийн хүнийг л Ариун Сүнс төгс болгодог. Хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол Бурханаар авхуулж, Ариун Сүнсээр төгс болгуулахад тохирохгүй.

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой; энэ суурин дээр чи бусад хүмүүстэй ч хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн, хэчнээн шаргуу ажиллаж, эсвэл хэчнээн их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд хамаарна. Чи Бурханы үгийн дагуу хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын оронд хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж, бусдаар магтуулж байх болно. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байж, зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол хүмүүстэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Тэгвэл энэ харилцаа нь махан бие бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Бусад хүнтэй харилцах махан биеийн харилцаа чамд бараг байдаггүй ч сүнслэг түвшинд бол та нарын хооронд нөхөрлөл, харилцан хайр, тайтгарал, хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүслийн суурин дээр хийгддэг—эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд тулгуурлан хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрэх үед аяндаа бий болдог. Энэ харилцаа нь чамаас аливаа хиймэл, хүний хүчин чармайлтыг шаарддаггүй, чи гагцхүү Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг бодолцон үзэхэд бэлэн үү? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхад бэлэн үү? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, бусад хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлоход бэлэн үү? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл Бурханы хайрын суурин дээр харилцаа тогтоосон уу? Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь үлбэгэр, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүмүүс Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй, зан чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь хүмүүст идэвхтэйгээр орох боломж олгодог, мөн сөрөг талуудаа мэдсэнийхээ дараа тэдгээрээс ангижрах боломж олгодог. Чи Бурханд зүрх сэтгэлээ өгөх үедээ сүнснийхээ нарийн хөдөлгөөн бүрийг мэдэрч чадах бөгөөд Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийн хэсэг бүрийг мэдэх болно. Чи үргэлжлүүлсээр байх юм бол Ариун Сүнсээр төгс болгуулах замд аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь төдий чинээ хэвийн байх болно. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ хандуулах суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаас бий болдоггүй. Хүний зүрх сэтгэлд Бурхан байхгүй бол бусадтай харилцах харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан, Бурханы үзэн ядаж, зэвүүцдэг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө хүндэлдэг хүмүүстэй л нөхөрлөхөд бэлэн байж, таалагддаггүй хүмүүс чинь чамтай ярилцахаар ирэхэд өрөөсгөл хандаж, ярихаас татгалздаг бол сэтгэл хөдлөлдөө автдаг, Бурхантай ямар ч хэвийн харилцаагүй гэдгийг чинь энэ нь бүр ч их нотолно. Чи Бурханыг мэхэлж, муу муухайгаа нуун далдлахаар оролдож байгааг энэ нь харуулдаг. Чи зарим мэдлэгээ хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байх бөгөөд Бурхан чамайг магтахгүй. Чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чадвал л Бурханаар ашиглагдахад тохирно. Ингэж чаддаг бол чи бусадтай яаж ч харилцсан бай, амьдралын гүн ухааны дагуу үйлдэхгүй, харин Бурханы ачааг хайхарч, Бурханы өмнө амьдарна. Та нарын дунд ийм хүн хэчнээн байдаг вэ? Бусадтай харилцах харилцаа чинь үнэхээр хэвийн үү? Энэ нь юун дээр үндэслэдэг вэ? Чиний дотор амьдралын гүн ухаан хэр их байдаг вэ? Чи тэдгээрийг хаясан уу? Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханд бүрэн хандаж чадахгүй бол чи Бурханых биш—чи Сатанаас ирсэн бөгөөд эцэстээ мөн л Сатан руу буцаж очно. Чи Бурханы ардуудын нэг байхад тохирохгүй. Чи эдгээр зүйлийг анхааралтай шалгах ёстой.

Өмнөх: Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой

Дараах: Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих