Цор ганц Бурхан Өөрөө V

Бурханы ариун байдал (II)

Өнөөдөр магтан дуу дуулцгаая, ах, эгч нар аа. Та нар өөрсдийн дуртай, байнга дуулдаг дуугаа ол. (Бид “Сэвгүй ариун хайр” хэмээх Бурханы үгийн 760-р магтан дууг дуулмаар байна.)

1  “Хайр” гэж цэвэр, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг бөгөөд хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхад зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, бузар бохир үгүй. Хэрэв чи хайрладаг бол мэхлэхгүй, гомдоллохгүй, урвахгүй, тэрслэхгүй, шалж шаардахгүй, эсвэл ямар нэг зүйлийг олж авахаар, тодорхой хэмжээгээр олж авахаар эрэлхийлэхгүй.

2  “Хайр” гэж цэвэр, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг бөгөөд хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхад зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, бузар бохир үгүй. Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж, гэр бүл, ирээдүй, залуу нас, гэрлэлтээ орхино. Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно!

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Энэ дуу сайхан сонголт болжээ. Та нар энэ дууг дуулах дуртай юу? Энэ дууг дуулсны дараа юу мэдэрч байна? Та нарын сэтгэлд ийм хайр мэдрэгдэж байна уу? (Хараахан үгүй.) Энэ дууны аль үгэнд сэтгэл чинь хамгийн их хөдөлж байна вэ? (Хайранд болзол, саад, зай байдаггүй. Хайранд сэрдлэг, ов мэх, заль байдаггүй. Хайранд ямар ч наймаа, ямар ч хольц байхгүй. Гэхдээ миний дотор олон хольц байгааг, Бурхантай наймаацахаар оролддог олон зүйл байгааг би бас л хардаг. Би ийм сэвгүй ариун хайрыг үнэхээр олж аваагүй.) Хэрвээ чи сэвгүй ариун хайр олж аваагүй юм бол чиний хайр ямар түвшинд байна? (Би ердөө л эрж хайхад бэлэн, хүсэн эрмэлзэж буй үе шатанд байгаа байна.) Биеийн хэмжээндээ үндэслээд өөрийн туршлагаас яривал чи ямар түвшинд хүрчхээд байна вэ? Чи ов мэх гаргаж байна уу? Гомдол байна уу? Зүрх сэтгэлд чинь шаардлага байна уу? Бурханаас хүсэж, эрмэлздэг зүйл байна уу? (Тийм ээ, миний дотор эдгээр бохир зүйл бий.) Ямар нөхцөлд тэр чинь гарч ирдэг вэ? (Надад зориулж Бурханы зохицуулсан нөхцөл үзэлтэй минь нийцэхгүй байх үед, эсвэл хүсэл минь биелэхгүй байх үед: ийм мөчүүдэд би иймэрхүү завхарсан зан чанараа илчилдэг.) Тайваниас ирсэн ах эгч та нар ч энэ магтан дууг байнга дуулдаг уу? “Сэвгүй ариун хайрыг” та нар хэрхэн ойлгодог тухайгаа жаахан ярьж болох уу? Бурхан хайрыг яагаад ийм маягаар тодорхойлдог вэ? (Би энэ магтан дуунд маш дуртай, учир нь энэ хайр бол бүрэн дүүрэн хайр гэдэг нь эндээс харагддаг. Гэхдээ би одоо ч тэр стандартад нийцэхээргүй, бас жинхэнэ хайрыг олж авахад маш хол байгаагаа мэдэрч байна. Зарим зүйл дээр би ахиц гаргаж, бас Бурханы үгийн өгдөг хүч чадал болон залбирлаар дамжуулан хамтран ажиллаж чадсан. Гэхдээ тодорхой шалгалт юм уу илчлэлтэй тулгарах үед надад ирээдүй, хувь заяа байхгүй, хүрэх газар байхгүй гэж санагддаг. Тийм мөчүүдэд би маш сул дорой болдог ба энэ асуудал надад үргэлж саад болдог.) “Ирээдүй, хувь заяа” гэж чи эцсийн эцэст яг юуг хэлж байна вэ? Тодорхой нэг зүйлийг хэлж байна уу? Энэ чинь дүр зураг уу, эсвэл чиний төсөөлсөн зүйл үү, аль эсвэл ирээдүй, хувь заяа чинь үнэндээ нүдэнд харагддаг зүйл үү? Бодитой зүйл юм уу? Та нар дор бүрнээ үүнийг бодож үзээсэй гэж Би хүсэж байна: Ирээдүй, хувь заяаныхаа талаарх зовнил чинь яг юуны тухай байна вэ? (Аврагдаж чадах, тэгснээр би амьд үлдэж болно.) Бусад ах, эгч та бүхэн ч бас “Сэвгүй ариун хайрын” талаарх ойлголтоосоо товчхон яриач. (Ийм хайр бүхий хувь хүнээс ямар ч ариун бус зүйл гарахгүй, мөн тэр хүн ирээдүй, хувь заяаны эрхшээлд автахгүй. Бурхан яаж ч харьцлаа гэсэн Бурханы ажил, зохион байгуулалтыг тэд бүрэн дуулгавартай дагаж, эцсээ хүртэл Түүнийг дагаж чаддаг. Бурханыг хайрлах ийм хайр л сэвгүй ариун хайр юм. Өөрийгөө үүнтэй жишиж үзэхэд, өнгөрсөн хэдэн жилд би Бурханд итгэхдээ өөрийгөө зарлагадаж, зарим зүйлийг хөсөр хаясан мэт байвч Бурханд зүрх сэтгэлээ өгч үнэндээ чадаагүй гэдгээ олж мэдсэн. Бурхан намайг илчлэхэд би аврагдах аргагүй мэт санагдаж, сөрөг байдалд автдаг. Би үүргээ биелүүлж байгаа харагддаг ч үүнийхээ зэрэгцээ Бурхантай наймаацах гэж оролддог бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, бас хүрэх газар, ирээдүй, хувь заяа минь санаанаас ер гардаггүй.) Та нар энэ магтан дууны талаар бага зэрэг ойлгодог, мөн энэ дуу бодит туршлагатай чинь зарим талаар холбоотой юм шиг байна. Гэвч та нар “Сэвгүй ариун хайр” хэмээх магтан дууны үг хэллэг болгоныг өөр өөр түвшинд хүлээн зөвшөөрдөг. Зарим хүн үүнийг бэлэн байх тухай гэж бодож байна, зарим нь ирээдүйгээ хөсөр хаяхаар эрэлхийлж байна, зарим нь гэр бүлээ орхихыг оролдож байна, зарим нь юм хүлээн авахын төлөө эрж хайхгүй байна. Харин зарим нь ов мэх гаргахгүй, гомдоллохгүй, Бурханы эсрэг тэрслэхгүй байх шаардлага өөрсдөдөө тавьж байна. Бурхан яагаад ийм хайр санал болгохыг хүсэж, Өөрийг нь ингэж хайрлахыг хүмүүсээс шаардах юм бэ? Хүмүүс ийм төрлийн хайрыг эзэмшиж чадах уу? Өөрөөр хэлбэл, ингэж хайрлах чадвартай юү? Хүмүүст ийм хайрын үнэр ч байдаггүй тул чадахгүй гэдгээ ойлгож магад. Хүмүүст ийм хайр үгүй, мөн хайрын талаар үндсэндээ мэдэхгүй байхад Бурхан эдгээр үгийг хэлдэг бөгөөд энэ үгс хүмүүст танил бус байдаг. Хүмүүс энэ ертөнцөд завхарсан зан чанартайгаар амьдардаг тул хэрвээ хүмүүс ийм маягаар хайрладаг байсан бол, эсвэл ямар ч хүсэлт, шаардлага тавьдаггүй хайр, өөрсдийгөө зориулж, зовлон туулж, өөрийн гэсэн бүхнээ орхиход бэлэн ийм маягийн хайрыг хэн нэгэн эзэмшиж чадсан бол ингэж хайрладаг хүнийг бусад нь юу гэж бодох вэ? Ийм хүн төгс байх биш үү? (Тийм ээ.) Үүн шиг төгс хүн энэ ертөнцөд байдаг уу? Ийм хүн энэ ертөнцөд огт байхгүй. Энэ бол маргаангүй. Иймээс зарим хүн өөрсдийн туршлагаар эдгээр үгийн дайд хүрэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Өөрсөдтэйгөө харьцаж, өөрсдийгөө хорьж, тэр ч бүү хэл, өөрсдийгөө цаг ямагт хаядаг. Тэд зовлон тэвчиж, үзлээ орхидог. Өөрсдийн тэрслүү зан, хүсэл, хэрэгцээг хаядаг. Гэвч эцэст нь мөн л өнөөх үгийн дайд хүрдэггүй. Яагаад тэгдэг вэ? Бурхан хүмүүст дагаж баримтлах стандарт өгч, улмаар тэднээс шаарддаг стандартаа хүмүүст мэдэгдэхийн тулд ийм үг хэлдэг. Гэвч Бурхан хүмүүсийг шууд ийм болох ёстой гэж ер нь хэлдэг үү? Ийм болоход хүмүүст хэр их цаг байгааг хэлдэг үү? (Үгүй.) Бурханыг хүмүүс ийм маягаар хайрлах ёстой гэж ер нь хэлдэг үү? Бичвэрийн энэ хэсэгт ингэж хэлж байна уу? Үгүй, ингэж хэлдэггүй. Бурхан Өөрийн өгүүлж байсан хайрын талаар л хүмүүст хэлж байгаа юм. Харин хүмүүс Бурханыг ийм маягаар хайрлаж, Бурханд ийм байдлаар хандаж чадах эсэх тухайд бол Бурхан хүнд ямар шаардлага тавьдаг вэ? Тэдгээрийг даруй биелүүлэх шаардлагагүй, учир нь хүний чадамж хүрэхгүй. Ийм маягаар хайрлахын тулд хүмүүс ямар нөхцөлийг хангах хэрэгтэй гэдэг талаар та нар бодож үзсэн үү? Хэрвээ хүмүүс эдгээр үгийг тогтмол уншвал яваандаа ингэж хайрладаг болох уу? (Үгүй.) Тэгвэл ямар нөхцөлүүд байдаг юм бэ? Нэгдүгээрт, хүмүүс Бурханы талаарх сэрдлэгээс яаж ангижирч чадах вэ? (Үнэнч шударга хүмүүс л тэгж чадна.) Ов мэхгүй байх тухайд юу гэх вэ? (Бас л үнэнч шударга хүмүүс байж таарна.) Бурхантай наймаацдаггүй хүний тухайд юу гэх вэ? Энэ ч бас үнэнч шударга хүн байхын нэг хэсэг. Арга зальгүй байх тухайд юу гэх вэ? Хайранд сонголт гэж үгүй хэмээдэг нь ямар утга учиртай вэ? Энэ бүх зүйл эргээд үнэнч шударга хүн байхтай холбогддог уу? Энд нарийн ширийн зүйл их бий. Бурхан ийм төрлийн хайрын талаар ийнхүү ярьж, тодорхойлж чаддаг нь юуг нотолдог вэ? Бурхан ийм хайрыг эзэмшсэн гэж хэлж болох уу? (Болно.) Та нар үүнийг яаж мэддэг юм бэ? (Хүнийг хайрлах Бурханы хайраас.) Хүнийг гэх Бурханы хайр болзолтой юу? Бурхан, хүн хоёрын хооронд саад, зай бий юу? Бурхан хүнийг хардаж сэрддэг үү? (Үгүй.) Бурхан хүнийг ажиглаж, ойлгодог; Бурхан хүнийг үнэхээр ойлгодог. Бурхан хүнийг мэхэлдэг үү? (Үгүй.) Бурхан энэ хайрын талаар ингэтлээ төгс төгөлдөр ярьдаг учраас Түүний зүрх сэтгэл, мөн чанар ч бас төгс байж болох уу? (Болно.) Гарцаагүй болно; хүмүүсийн туршлага тодорхой хэмжээнд хүрэхэд тэд үүнийг мэдэрч чадна. Хүмүүс хайрыг ер нь ингэж тодорхойлж байсан уу? Хүн хайрыг ямар нөхцөлд тодорхойлсон бэ? Хайрын талаар хүн хэрхэн ярьдаг вэ? Хүн өгөө авааны хүрээнд хайрыг ярьдаг биш үү? (Тийм ээ.) Хайрын талаарх энэ тодорхойлолт өнгөцхөн; мөн чанаргүй байдаг.

Хайрын талаарх Бурханы тодорхойлолт, хайрын талаар ярьж буй байдал нь Түүний мөн чанарын нэг талтай холбоотой, харин энэ нь ямар тал вэ? Урьд нь хүмүүсийн байнга хэлэлцдэг байсан маш чухал сэдвээр бид өнгөрсөн удаа нөхөрлөсөн. Энэ сэдэв нь Бурханд итгэх явцад байнга яригддаг атлаа хүн бүрийн мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг нэг үгээс бүрддэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Энэ нь хүний хэл ярианаас гарсан үг; гэвч энэ үгийн тодорхойлолт нь хүмүүст илэрхий атлаа бүрхэг байдаг. Энэ ямар үг вэ? (Ариун байдал.) Ариун байдал: өнгөрсөн удаа бид энэ сэдвээр нөхөрлөсөн. Бид энэ сэдвийн нэг хэсгийн тухай нөхөрлөсөн шүү дээ. Өнгөрсөн удаагийн нөхөрлөлөөс Бурханы ариун байдлын мөн чанарын талаар хүн бүр шинэ ойлголт олж авсан уу? Энэ ойлголтын аль тал нь цоо шинэ гэж та нар үзэж байна вэ? Өөрөөр хэлбэл, Бурханы ариун байдлын тухай ойлголт чинь нөхөрлөлийн үеэр Миний ярьсан Бурханы ариун байдлаас өөр, ялгаатай байгааг та нарт энэ ойлголт буюу эдгээр үгийн дотроос юу нь мэдрүүлсэн бэ? Энэ талаар ямарваа сэтгэгдэл төрсөн үү? (Бурхан зүрх сэтгэлдээ мэдэрч буй зүйлээ хэлдэг; Түүний үг сэвтээгүй байдаг. Энэ нь ариун байдлын нэг талын илрэл юм.) (Бурхан хүн төрөлхтөнд хилэгнэх нь бас ариун байдал; Түүний уур хилэн өө сэвгүй.) (Бурханы ариун байдлын хувьд гэвэл, Бурханы уур хилэн, өршөөл хоёрын аль аль нь Түүний зөвт зан чанарт багтдаг гэж би ойлгодог. Энэ нь надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн. Өнгөрсөн удаагийн нөхөрлөлөөр бас Бурханы зөвт зан чанарыг цорын ганц гэж дурдсан—үүнийг би өмнө нь ойлгодоггүй байж. Бурханы нөхөрлөсөн зүйлийг сонссоныхоо дараа л би Бурханы уур хилэн хүний уураас ялгаатай гэдгийг ойлгосон. Бурханы уур хилэн бол эерэг зүйл бөгөөд зарчимтай байдаг; энэ нь Бурханы төрөлх мөн чанараас үүдэн гардаг. Бурхан сөрөг зүйл хараад уур хилэнгээ гаргадаг. Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм.) Өнөөдрийн сэдэв маань Бурханы ариун байдал. Хүмүүс бүгд Бурханы зөвт зан чанарын талаар зарим нэг зүйл сонсож, мэдсэн байдаг. Түүнчлэн олон хүн Бурханы ариун байдал, Бурханы зөвт зан чанарын талаар байнга нэг түвшинд авч үздэг; тэгээд Бурханы зөвт зан чанарыг ариун гэцгээдэг. “Ариун” гэдэг үгийг бүгд мэддэг нь лавтай—энэ бол өргөн хэрэглэгддэг үг. Гэхдээ энэ үгийн доторх утга учрын тухайд Бурханы ариун байдлын ямар илэрхийллийг хүмүүс харж чаддаг вэ? Хүмүүсийн таньж чадах юуг Бурхан илчилсэн бэ? Харамсалтай нь үүнийг хэн ч мэддэггүй. Бурханы зан чанар зөвт байдаг хэдий ч Бурханы зөвт зан чанарыг ариун гэж хэлэх юм бол жаахан бүрхэг, жаахан ойлгомжгүй болдог; яагаад тэр вэ? Бурханы зан чанарыг чи зөвт гэдэг, эсвэл зөвт зан чанарыг нь ариун гэж хэлдэг, тэгвэл Бурханы ариун байдлыг та нар зүрх сэтгэлдээ хэрхэн тодорхойлж, хэрхэн ойлгодог вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан юу илчилснийг юм уу, эсвэл Бурханд юу байдаг, Тэр юу болох тухайд юу гэх вэ, хүмүүс ариун гэж үзэх үү? Энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Миний харснаар хүмүүс дандаа нийтлэг хэрэглэдэг үг гэнэт хэлдэг, эсвэл дахин дахин хэлдэг хэдэн хэллэгтэй байдаг боловч өөрсдөө юу гэж хэлээд байгаагаа ч мэддэггүй. Хүн болгон яг ингэж хэлдэг бөгөөд дадсан зангаараа хэлдэг тул энэ нь тэдний хувьд хэвшсэн нэр томьёо болдог. Гэвч шинжилж, нарийн ширийнийг нь үнэхээр судалсан бол бодит утга нь юу болохыг, энэ нь юу хэлээд байгааг мэдэхгүй гэдгээ ухаарна. Яг л “ариун” гэх үгийг мэддэггүйн адилаар, өөрсдийнх нь ярьдаг Бурханы ариун байдал Бурханы мөн чанарын яг аль талыг хэлээд байгааг хэн ч мэддэггүй, мөн “ариун” гэдэг үгийг Бурханд хэрхэн тааруулахаа хэн ч мэддэггүй. Хүмүүс зүрх сэтгэлдээ будилсан байдаг бөгөөд Бурханы ариун байдлыг бүрхэг, тодорхойгүй байдлаар хүлээн зөвшөөрдөг. Бурхан хэрхэн ариун байдгийг хэн ч сайн мэддэггүй. Өнөөдөр бид “ариун” гэдэг үгийг Бурханд тааруулж, улмаар Бурханы ариун байдлын мөн чанарын бодит агуулгыг хүмүүст харуулахын тулд энэ сэдвээр нөхөрлөнө. Ингэснээр зарим хүн энэ үгийг дадсанаараа хэнэггүй хэрэглэх, юу гэж байгаагаа, эсвэл өөрсдийнх нь зөв, зүйтэйг мэдэхгүй байж хаа хамаагүй юм хэлэхээс сэргийлнэ. Хүмүүс ямагт ийнхүү ярьсаар ирсэн; чи ч ярьсан, тэр ч ярьсан, тэгээд энэ нь ярианд дадал болчихжээ. Энэ нь тус нэр томьёог санамсаргүй сэвтүүлдэг юм.

“Ариун” гэдэг үг гаднаа маш ойлгомжтой юм шиг санагддаг, тийм биз? Хүмүүс наад зах нь “ариун” гэдэг үгийг цэвэр, бузартаагүй, гэгээн, нандин гэсэн утгатай хэмээн итгэдэг. Мөн “ариун байдлыг” бидний дөнгөж сая дуулсан “Сэвгүй ариун хайр” хэмээх магтан дууны “хайртай” холбодог хүмүүс бий. Энэ нь зөв; энэ бол ариун байдлын нэг тал юм. Бурханы хайр бол мөн чанарынх нь нэг хэсэг болохоос мөн чанар нь бүхэлдээ биш. Гэвч хүмүүс үзэлдээ энэ үгийг хараад өөрсдийн цэвэр ариун гэж үздэг зүйлстэй холбож, эсвэл бузартаагүй, өө сэвгүй гэж боддог зүйлстэйгээ холбох хандлагатай байдаг. Жишээ нь, бадамлянхуа цэцэг цэвэр байдаг, бохир шалбаагаас өө сэвгүй дэлбээлдэг гэж зарим хүн хэлсэн. Иймээс хүмүүс “ариун” гэдэг үгийг бадамлянхуа цэцэгт хамаатуулж эхэлсэн юм. Зарим хүн хуурамч хайрын түүхийг ариун гэж үздэг, эсвэл зохиомол, биширмээр дүрийг ариун гэж үзэж магад. Түүнчлэн зарим нь Библид гардаг хүмүүс, сүнслэг номуудад тэмдэглэгдсэн—байдаг ариун хүмүүс, элч нарыг, эсвэл Бурханыг ажлаа хийж байхад нь дагаж явсан бусад хүмүүс зэрэг бас бус хүнийг—ариун сүнслэг туршлагатай байсан гэж үздэг. Эдгээр нь бүгд хүмүүсийн бодож олсон зүйл; эдгээр нь хүмүүсийн баримталдаг үзэл юм. Хүмүүс яагаад ийм үзэл баримталдаг вэ? Шалтгаан нь маш энгийн: Учир нь хүмүүс завхарсан зан чанар дунд амьдарч, ёрын муу, бузар булай ертөнцөд амьдран суудаг. Тэдний хардаг бүх зүйл, хүрдэг бүх зүйл, туулдаг бүх зүйл нь Сатаны ёрын муу байдал, завхрал болон бас Сатаны нөлөөгөөр хүмүүсийн дунд өрнөдөг явуулга, дотоодын тэмцэл, дайн дажин байдаг. Иймээс Бурхан хүмүүст ажлаа хийж, бүр үг хэлж, зан чанар, мөн чанараа илчлэхэд ч гэсэн хүмүүс Бурханы ариун байдал, мөн чанарыг олж харж, мэдэж чаддаггүй. Бурхан ариун гэж хүмүүс байнга хэлдэг ч жинхэнэ ойлголтоор хомсхон бөгөөд зүгээр л хоосон үг хэлж байдаг. Учир нь хүмүүс бузар буртаг, завхрал дунд амьдарч, Сатаны эрхшээл дор байдаг бөгөөд гэрлийг хардаггүй, эерэг асуудлын талаар юу ч мэддэггүйгээс гадна үнэнийг мэддэггүй, “ариун” гэж юу гэсэн үг болохыг хэн ч үнэндээ мэддэггүй. Тэгвэл энэ завхарсан хүн төрөлхтний дунд ариун зүйл, ариун хүн бий юү? Үгүй, байхгүй гэж бид баттай хэлж чадна, учир нь Бурханы мөн чанар л ариун байдаг билээ.

Өнгөрсөн удаа бид Бурханы мөн чанар ариун байдгийн нэг талын тухай нөхөрлөсөн. Үүгээр хүмүүст Бурханы ариун байдлын талаар мэдэх урам өгсөн боловч энэ нь хангалтгүй юм. Энэ нь хүмүүст Бурханы ариун байдлыг бүрэн мэдэх боломж хангалттай олгож чадахгүйн зэрэгцээ Бурханы ариун байдал цор ганц гэдгийг хангалттай ойлгуулж чадахгүй. Түүнчлэн Бурханд бүрэн биежсэн ариун байдлын жинхэнэ утга учрыг хүмүүст хангалттай ойлгуулж чадахгүй. Иймээс бид энэ сэдвээр үргэлжлүүлэн нөхөрлөх шаардлагатай. Өнгөрсөн удаа нөхөрлөл маань гурван сэдвийг хөндсөн тул одоо бид дөрөв дэх сэдвийг хэлэлцэх хэрэгтэй. Судраас уншаад нөхөрлөлөө эхэлцгээе.

Сатаны сорилт

Матай 4:1–4 Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү Сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсжээ. Соригч Түүн дээр ирээд, “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж хэлэв. Гэвч Есүс үүнд хариулан, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг” хэмээн хэлэв.

Диавол анх Эзэн Есүсийг сорихоор оролдсон үг энэ юм. Диаволын хэлсэн үг ямар агуулгатай байна вэ? (“Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа.”) Диаволын хэлсэн эдгээр үг нэлээд энгийн хэдий ч мөн чанарт нь асуудал байна уу? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн, гэвч Есүс бол Бурханы хүү мөн гэдгийг диавол зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу, үгүй юу? Түүнийг Христ гэж мэдэж байсан уу, үгүй юу? (Мэдэж байсан.) Тэгвэл яагаад “Хэрвээ Чи … мөн юм бол” гэж хэлсэн юм бэ? (Тэр Бурханыг сорихоор оролдож байсан.) Гэвч ямар зорилготой ингэсэн юм бэ? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн. Есүс Христ бол Бурханы хүү гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж, тун тодорхой ойлгож, мэдсээр байж Түүнд захирагдаж, Түүнийг шүтэн мөргөсөн үү? (Үгүй.) Диавол яахыг хүссэн бэ? Энэ арга болон эдгээр үгийг ашиглан Эзэн Есүсийг уурлуулаад, дараа нь Түүнийг хуурч өөрийнхөө санаа зорилгод нийцүүлэн үйлдүүлэхийг хүссэн. Диаволын үг цаанаа ийм утгатай байсан бус уу? Эзэн Есүс Христ мөн гэдгийг нь Сатан зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан хэрнээ ийм үг хэлсэн. Энэ нь Сатаны уг чанар бус уу? Сатаны уг чанар юу вэ? (Зальжин, ёрын муу бөгөөд Бурханыг огт хүндлэхгүй байх.) Бурханыг огт хүндлэхгүй байхаас ямар үр дагавар гарах вэ? Сатан Бурхан руу дайрч давшлахыг хүссэн бус уу? Энэ аргыг ашиглан Бурхан руу дайрч давшлахыг хүссэн тул “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээсэн; энэ нь Сатаны ёрын муу санаархал бус уу? Тэр яг юу хийх гэж оролдсон бэ? Сатаны зорилго тун илэрхий байна: тэр ийм аргыг ашиглан Эзэн Есүс Христийн байр суурь, ялгамж чанарыг үгүйсгэхээр оролдож байсан юм. Сатаны тэр үг “Хэрвээ Чи Бурханы Хүү юм бол эдгээр чулууг талх болго. Тэгж чадахгүй бол Чи Бурханы Хүү биш, тиймээс ажлаа цаашид гүйцэтгэх ёсгүй” гэсэн утгатай байсан. Тийм байгаа биз дээ? Сатан энэ арга барилыг ашиглан Бурхан руу дайрч давшилж, Бурханы ажлыг нурааж, сүйрүүлэхийг хүссэн; Сатаны хорлонт байдал гэж энэ юм. Сатаны хорлонт байдал уг чанарынх нь төрөлх илэрхийлэл байдаг. Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, бие махбодтой болсон Бурхан Өөрөө яг мөн гэдгийг Сатан мэдэж байсан хэдий ч биеэ барьж чадалгүй ийм зүйл хийж, Бурханы араас ойрхон дагаж, Түүн рүү шаргуу дайрч давшлан, Бурханы ажлыг үймүүлж, хорлон сүйтгэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргасан билээ.

Тэгвэл Сатаны хэлсэн “энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээх үгийг задлан шинжилье. Чулууг талх болгон хувиргах—энэ ямар нэг утгатай юу? Хоол байгаа бол яагаад түүнийгээ идэхгүй гэж? Яагаад чулууг хоол болгох шаардлагатай гэж? Энэ нь ямар ч утгагүй юм гэж хэлж болох уу? Тухайн үед Эзэн Есүс мацаг барьж байсан ч идэх хоолтой л байсан байлтай? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны үг учир утгагүй гэдгийг бид эндээс харж байна. Сатан заль мэхтэй, хорлонтой атлаа утга учиргүй, ухаанд багтамгүй байдгийг бид мөн л харж болно. Сатаны хийдэг хэд хэдэн зүйлээс хорлонт уг чанар нь харагддаг; Бурханы ажлыг бусниулах зүйл хийж байгааг нь харж болох бөгөөд үүнийг нь хараад Сатан бол үзэн ядам, уур хүргэм гэдгийг чи мэдэрнэ. Гэвч нөгөөтээгүүр, чи Сатаны үг, үйлдлийн цаанаас томоогүй, хөгийн уг чанар байгааг харахгүй байна уу? Сатаны уг чанарын илчлэл энэ юм; Сатан иймэрхүү уг чанартай тул ийм зүйл хийнэ. Өнөөгийн хүмүүст Сатаны эдгээр үг утга учиргүй, марзан санагддаг. Гэвч Сатан үнэхээр ийм үг хэлэх чадвартай. Түүнийг мунхаг, утгагүй гэж хэлж болох уу? Сатаны ёрын муу газар сайгүй байдаг бөгөөд цаг ямагт илчлэгддэг. Эзэн Есүс түүнд хэрхэн хариулсан бэ? (“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг.”) Эдгээр үгэнд ямар нэг хүч чадал байна уу? (Байна.) Яагаад бид эдгээрт хүч чадал байна гэж хэлдэг вэ? Учир нь эдгээр үг үнэн юм. Тэгвэл хүн гагцхүү талхаар амь зуудаг уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсан. Тэгээд өлбөрч үхсэн үү? Түүнийг өлбөрч үхээгүй тул Сатан ирээд “Чи чулууг хоол болгон хувиргавал идэх юмтай болох бус уу? Тэгвэл мацаг барих, гэдэс хоосон явах шаардлагагүй шүү дээ” гэх зэрэг үг хэлж, чулууг хоол болгон хувирга гэж шавдуулсан. Гэвч Эзэн Есүс, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” хэмээсэн нь хүн хэдий махан биед амьдардаг ч бие махбодыг нь хоол биш, харин Бурханы амаараа айлдсан үг бүр амьдруулж, амьсгалуулдаг юм гэсэн утгатай. Нэг талаар, эдгээр үг бол үнэн; тэдгээр нь хүмүүст итгэл өгч, Бурханд найдаж болно, Бурхан бол үнэн мөн гэдгийг тэдэнд мэдрүүлдэг. Нөгөө талаар, эдгээр үгэнд бодитой тал байна уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсныхаа дараа мөн л амьд сэрүүн зогсож байсан бус уу? Энэ бодит жишээ бус уу? Дөчин өдөр, дөчин шөнийн турш ямар ч хоол идээгүй атлаа Тэр амьд мэнд хэвээр байсан. Энэ нь Түүний үг үнэн гэдгийн хүчирхэг нотолгоо юм. Эдгээр үг энгийн боловч Эзэн Есүсийн хувьд, Сатан Өөрийг нь уруу татах үед л Тэр тэгж хэлсэн үү, эсвэл тэдгээр нь аль хэдийн угаасаа Түүний нэг хэсэг байсан уу? Өөрөөр хэлбэл, Бурхан бол үнэн ба амь боловч Бурханы үнэн ба амь дараа нь нэмэгдсэн хэрэг үү? Хожмын туршлагаас гарсан хэрэг үү? Үгүй, тэдгээр нь Бурханд угаасаа байдаг. Өөрөөр хэлбэл, үнэн ба амь нь Бурханы мөн чанар юм. Бурханд юу ч тохиолдлоо гэсэн Түүний илэрхийлдэг бүхэн үнэн байдаг. Түүний ярианы агуулга урт ч бай, богино ч бай—энэхүү үнэн, эдгээр үг хүнд амьдрах боломж олгож, амь өгдөг; тэдгээр нь хүмүүст үнэнийг олж авах, хүний амьдралын зам мөрийн талаар тодорхой ойлголттой болох, Бурханд итгэх боломж олгож чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр үгийг хэрэглэдэг нь эерэг эх сурвалжтай. Иймээс бид энэ эерэг зүйлийг ариун гэж хэлж болох уу? (Болно.) Сатаны тэр үгс Сатаны уг чанараас үүдэлтэй. Сатан ёрын муу, хорлонт уг чанараа цаг ямагт газар сайгүй илчилдэг. Тэгвэл Сатан эдгээр илчлэлийг аяндаа хийдэг үү? Эсвэл хэн нэгэн түүнийг ингэ гэж удирддаг уу? Хэн нэгэн түүнд тусалдаг уу? Түүнийг албаддаг уу? Үгүй. Энэ бүх илчлэлээ Сатан өөрийн хүслээр хийдэг. Энэ нь Сатаны ёрын муу уг чанар юм. Бурхан юуг ч, яаж ч хийхэд Сатан Түүнийг өсгий даран дагадаг. Сатаны хэлж, хийдэг эдгээр зүйлийн мөн чанар, жинхэнэ уг чанар нь Сатаны мөн чанар буюу ёрын муу, хорлонт мөн чанар юм. Тэгвэл цааш уншихад Сатан өөр юу гэж хэлсэн байна вэ? Уншицгаая.

Матай 4:5–7 Тэгээд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод Түүнд, “Хэрвээ Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр: учир нь, Чиний төлөө Тэр тэнгэрэлчүүддээ тушаал өгнө: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно гэж бичигдсэн байдаг шүү дээ” гэлээ. Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” гэж хэлэв.

Сатаны энд хэлсэн үгийг эхлээд харъя. “Хэрвээ Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр” гэж Сатан хэлээд “Чиний төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно” хэмээн судраас эш татсан байна. Сатаны үгийг сонсоход ямаршуу санагдаж байна? Маш томоогүй байгаа биз? Түүний үг маш томоогүй, утга учиргүй, ой гутам байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Сатан үргэлж мунхаг зүйл хийж, өөрийгөө тун овжин гэж боддог. Судраас—тэр ч бүү хэл Бурханы хэлсэн үгийг хүртэл—байнга эш татаж, Бурханы ажлын төлөвлөгөөг сүйтгэх зорилгоо биелүүлэхийн тулд эдгээр үгийг Бурханы эсрэг эргүүлж, Түүн рүү дайрч давшлах, Түүнийг сорихоор оролддог. Чи Сатаны хэлсэн эдгээр үгээс ямар нэг зүйл харж чадав уу? (Сатан ёрын муу санаа өвөрлөдөг.) Сатан хийдэг бүхэндээ цаг ямагт хүн төрөлхтнийг сорихоор эрэлхийлж ирсэн юм. Сатан илэн далангүй ярьдаггүй, харин сорьж, толгой эргүүлж, сэтгэл булаахыг хэрэглэн бөөрөнхийлдөг. Сатан сорилтдоо Бурханыг эгэл хүн мэтээр үзэж, Түүнийг мөн л мэдлэггүй, мунхаг, бөгөөд аливаа зүйлийн жинхэнэ дүрийг яг л хүн шиг тодорхой ялгаж чадахгүй гэж итгэх хандлагатай байдаг. Бурхан, хүн хоёрын аль аль нь Сатаны мөн чанар, ов мэх, ёрын санаа зорилгыг нэвт харж чадахгүй гэж Сатан боддог. Сатаны мунхаглал гэж энэ бус уу? Түүнчлэн Сатан судраас хэт их эш татдаг, ингэснээр өөрийгөө үнэмшилтэй болгох ба чи үгээс нь ямар ч өө сэв олж чадахгүй, мөн хууртахаас зайлсхийж чадахгүй гэж итгэдэг. Сатаны утга учиргүй, томоогүй зан энэ бус уу? Хүмүүс сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх үетэй энэ нь яг адил: Заримдаа үл итгэгчид Сатаны хэлсэнтэй төстэй зүйл хэлэх бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хэлэхийг та нар сонсож байсан уу? Ийм үг сонсоод чамд ямар санагддаг вэ? Ой гутдаг уу? (Тийм.) Ой гутахдаа мөн хорсол, үзэн ядалт мэдэрдэг үү? Ийм мэдрэмж төрөх үед Сатан болон Сатаны хүнд өгдөг завхарсан зан чанар нь хорон муу гэдгийг чи таньж чаддаг уу? “Сатан ярихдаа дайрч давшилж, сорьж байдаг; Сатаны үг утгагүй, хөгийн, томоогүй, ой гутам юм; гэтэл Бурхан хэзээ ч ийм маягаар үг хэлж, ажиллахгүй, Тэр үнэхээр хэзээ ч тэгж байгаагүй” хэмээн зүрх сэтгэлдээ чи ер нь ухаардаг уу? Мэдээж, энэ нөхцөлд хүмүүс үүнийг бүдэг бадаг л мэдэрч чаддаг бөгөөд Бурханы ариун байдлыг ухаарч чадахгүй хэвээр үлддэг. Өнөөгийн биеийн хэмжээгээрээ та нар гагцхүү ингэж мэдэрдэг: “Бурханы хэлдэг бүхэн үнэн бөгөөд бидэнд ашиг тустай, бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.” Үүнийг чи хүлээн зөвшөөрч чаддаг ч бай, үгүй ч бай ялгаагүй Бурханы үг бол үнэн, Бурхан бол үнэн гэж хэлдэг хэдий ч үнэн өөрөө ариун, Бурхан бол ариун гэдгийг мэддэггүй.

Тэгвэл Сатаны эдгээр үгэнд Есүс юу гэж хариулсан бэ? “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” хэмээсэн. Есүсийн хэлсэн эдгээр үг үнэний ортой юу? Эдгээр нь гарцаагүй үнэний ортой. Гаднаа бол эдгээр үг нь хүмүүсийн дагаж мөрдөх тушаал, энгийн нэг хэллэг боловч хүн, Сатан хоёр хоёулаа эдгээр үгэнд байнга халддаг байв. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж Сатанд хэлсэн, учир нь Сатан үргэлж ийм зүйл хийж, ингэхдээ их л хичээл зүтгэл гаргадаг байсан юм. Сатан үүнийгээ ичгүүр, сонжуургүй хийдэг байсан гэж хэлж болно. Бурханаас айхгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэхгүй байх нь Сатаны салшгүй уг чанар-мөн чанар юм. Сатан Бурханы дэргэд зогсож, Түүнийг харж байхдаа ч биеэ барьж чадалгүй Бурханыг сорьсон. Иймээс Эзэн Есүс Сатанд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” хэмээжээ. Бурхан эдгээр үгийг Сатанд байнга хэлсэн. Тэгвэл энэ хэллэгийг өнөөдөр хэрэглэхэд тохиромжтой юу? (Тийм, яагаад гэвэл, бид ч бас Бурханыг байнга сорьдог.) Хүмүүс Бурханыг яагаад байнга сорьдог юм бэ? Сатанлаг завхарсан зан чанараар дүүрэн байдаг учраас тэр үү? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны дээр дурдсан үгийг хүмүүс байнга хэлдэг үү? Мөн ямар нөхцөлд энэ үгсийг хэлдэг вэ? Хүмүүс хэзээ, хаана гэдгээс үл хамааран ийм үг хэлсээр ирсэн гэхэд болно. Хүмүүсийн зан чанар нь Сатаны завхарсан зан чанараас ялгарах юмгүй гэдгийг энэ нотолдог. Эзэн Есүс үнэнийг төлөөлдөг, хүнд хэрэгтэй эгэл жирийн цөөхөн үг хэлсэн. Гэхдээ энэ нөхцөлд Эзэн Есүс Сатантай маргахын тулд ийм маягаар ярьж байсан уу? Түүний Сатанд хэлсэн үгэнд сөргөлдсөн зүйл байсан уу? (Байгаагүй.) Эзэн Есүсийн сэтгэлд Сатаны сорилт ямар санагдсан бэ? Үүнд нь Эзэний ой гутаж, жигшил төрсөн үү? Эзэн Есүс ой нь гутаж, жигшсэн атлаа Сатантай маргаагүй бөгөөд аливаа агуу зарчмын талаар бүр ч яриагүй. Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл, Сатан ямагт ийм байдаг; тэр хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй.) Сатан эрүүл ухаангүй гэж хэлж болох уу? (Болно.) Бурхан бол үнэн гэдгийг Сатан зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг Сатан хэзээ ч зөвшөөрөхгүй, мөн Бурхан бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээж авахгүй; энэ бол Сатаны уг чанар юм. Сатаны уг чанарт бас нэг жигшүүртэй тал бий. Тэр нь юу вэ? Эзэн Есүсийг сорих гэж чармайхдаа Сатан бүтэлгүйтэх байсан ч хамаагүй бас л оролдоод үзнэ гэж бодсон. Шийтгүүлэх байсан ч гэсэн оролдоод үзэхээр шийдсэн. Ингэх нь хэдийгээр ямар ч ашиггүй байсан боловч оролдож, шаргуу зүтгэл гарган, Бурханы эсрэг эцсээ хүртэл зогсох байсан юм. Энэ ямар янзын уг чанар вэ? Ёрын муу бус уу? Бурханыг дурдах үед хилэгнэж, багтартлаа уурладаг хүн Бурханыг харсан уу? Бурхан гэж хэн болохыг мэдэх үү? Тэр хүн Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, Түүнд итгэдэггүй бөгөөд Бурхан түүнтэй яриагүй байдаг. Бурхан түүнд хэзээ ч төвөг удаагүй атал юунд уурлана вэ? Энэ хүнийг ёрын муу гэхэд болох уу? Дэлхий ертөнцийн чиг хандлага, идэж уух, зугаа цэнгэлээр хөөцөлдөх, алдартнуудын араас гүйх—эдгээр зүйлийн аль нь ч ийм хүнд төвөг уддаггүй. Гэвч “Бурхан” гэх үгийг, эсвэл Бурханы үгийн үнэнийг дөнгөж дурдмагц тэрээр багтартлаа уурладаг. Ёрын муу уг чанартай гэдгийг энэ нь илтгэдэг бус уу? Энэ хүний ёрын муу уг чанар гэдгийг үүгээр нотлоход хангалттай. Тэгвэл та нарын хувьд яривал, үнэнийг дурдахад юм уу, хүн төрөлхтнийг шалгах Бурханы шалгалт, эсвэл хүнийг шүүсэн Бурханы шүүлтийн үгийг дурдахад зэвүүцэх үе байдаг уу? Та нарт жигшүүртэй санагдаж, тийм зүйл сонсохыг хүсдэггүй юу? “Бурхан бол үнэн гэж хүн бүхэн хэлдэггүй юм уу? Эдгээр үгийн зарим нь худлаа! Хүнд чиглэсэн Бурханы сануулга л байна!” гэж чи сэтгэлдээ бодож магад. Зарим хүн, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ ихэд зэвүүцэж, “Өдөр болгон л Түүний шалгалт, шүүлтийн тухай ярьдаг, хэзээ болих юм бэ? Бид сайн хүрэх газрыг хэзээ хүлээж авах юм бэ?” гэж бодож магадгүй. Энэхүү үндэслэлгүй уур хаанаас гардаг нь мэдэгддэггүй. Энэ ямар янзын уг чанар вэ? (Ёрын муу уг чанар.) Үүнийг Сатаны ёрын муу уг чанар удирдан чиглүүлдэг. Бурханы зүгээс Сатаны ёрын муу уг чанар, хүний завхарсан зан чанарын тухайд хэзээ ч маргаж, эсвэл хүмүүсийн эсрэг өс санадаггүй бөгөөд хүмүүсийг мунхаглах үед хэзээ ч сүр бадруулдаггүй. Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодолтой байхыг чи хэзээ ч харахгүй, түүнээс гадна асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч харахгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаж байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжийн үр дүн биш; энэ үнэн, эдгээр үг нь Бурхан Өөрийн мөн чанар, амийн үр дүнд илэрхийлэгддэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, зөв замаар алхуулахын тулд хүн төрөлхтөнд зам заадаг. Эдгээр зүйл бүгд Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанараар тодорхойлогддог. Та нар одоо үүнийг ойлгосон биз дээ? За, судраас бас нэгэн хэсгийг цааш уншицгаая.

Матай 4:8–11 Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, “Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө” гэв. Тэгэхэд Есүс түүнд, “Зайл, Сатан: учир нь ‘Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил’ гэж бичигдсэн байдаг” гэж хэлжээ. Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэрэлчүүд ирж, Түүнд үйлчилж эхлэв.

Өмнөх хоёр явуулга нь бүтэлгүйтчихсэн атал диавол Сатан бас нэгэн явуулга хийхээр оролджээ: Эзэн Есүст ертөнцийн бүх хаант улс, тэдгээрийн алдар сууг үзүүлээд, намайг шүтээч гэж хүссэн байна. Энэ нөхцөл байдлаас диаволын үнэн төрхийн тухайд юу харагдаж байна вэ? Диавол Сатан туйлын ичгүүргүй гэдэг нь харагдаж байна уу? (Тийм ээ.) Яагаад ичгүүргүй байна вэ? Бүх зүйлийг Бурхан бүтээсэн атал Сатан эргээд Бурханд бүх зүйлийг үзүүлж, “Энэ бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хар. Намайг шүтвэл энэ бүхнийг Чамд өгье” хэмээсэн. Энэ нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн хэрэг бус уу? Сатан ичгүүргүй бус уу? Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүхнийг Өөрийн таашаалд зориулан бүтээсэн гэж үү? Бурхан хүн төрөлхтөнд бүх зүйлийг өгсөн, харин Сатан энэ бүхнийг булааж авахыг хүссэн бөгөөд бүгдийг нь булаачхаад, “Намайг шүт! Намайг шүт, тэгвэл энэ бүхнийг Чамд өгье” гэж Бурханд хэлсэн. Энэ бол Сатаны үзэшгүй муухай царай мөн; тэр туйлын ичгүүргүй! Сатан “ичгүүр” гэдэг үг ямар утгатайг ч мэддэггүй. Энэ нь Сатаны ёрын муу байдлын бас нэг жишээ юм. Ичгүүр гэж юу болохыг ч тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, мөн Бурхан бүх зүйлийг удирдаж, ноёрхдог гэдгийг Сатан мэддэг нь тодорхой. Бүх зүйл Бурханы харьяа байдаг болохоос хүнд харьяалагддаггүй, Сатанд бүр ч харьяалагддаггүй. Гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгнө гэж ичихгүй хэлсэн. Сатан дахиад л утгагүй, ичгүүргүй аашилж байгаагийн бас нэгэн жишээ энэ бус уу? Үүнээс үүдэн Бурхан Сатаныг улам ч их үзэн яддаг, тийм биз дээ? Гэвч Сатан яаж ч оролдлоо гэсэн Эзэн Есүс хууртсан уу? Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил.”) Эдгээр үг нь бодит утгатай юу? (Тийм ээ.) Ямаршуу бодит утгатай вэ? Сатаны ёрын муу, ичгүүргүй байдал ярианаас нь харагддаг. Иймээс хүн Сатаныг шүтвэл ямар үр дүнд хүрэх вэ? Бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хүртэх үү? (Үгүй.) Тэгвэл юу хүртэх вэ? Хүн төрөлхтөн яг л Сатан шиг ичгүүргүй, хөгийн болох уу? (Тэгнэ.) Тэгвэл тэд Сатанаас ямар ч ялгаагүй болно. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” хэмээсэн нь хүн нэг бүрд чухал үг юм. Энэ нь чи Эзэнээс өөр, Бурханаас өөр нэгэнд үйлчилсэн бол, диавол Сатаныг шүтсэн бол Сатантай адилхан бузар булайд хөлбөрнө гэсэн үг. Тэгээд чи Сатаны ичгүүргүй, ёрын мууг хуваалцаж, яг Сатаны яг адилаар Бурханыг сорьж, Бурхан руу дайрч давшилна. Тэгээд чи ямар үр дүнд хүрэх вэ? Бурханд жигшигдэж, Бурханаар цохиулж унан, сөнөх болно. Эзэн Есүсийг Сатан хэдэнтээ сориод бүтэлгүйтсэнийхээ дараа дахин оролдож үзсэн үү? Дахин оролдолгүй яваад өгсөн. Энэ юуг нотолдог вэ? Бурханы өмнө Сатаны ёрын муу уг чанар, хорлонт зан, утгагүй, дэмий балай байдлыг дурдах ч хэрэггүй гэдгийг нотолдог. Эзэн Есүсийн гуравхан өгүүлбэрт ялагдчихаад Сатан нүүрээ харуулахаас ч ичиж, сүүлээ хавчин яаран гүйсэн бөгөөд Эзэн Есүсийг дахин хэзээ ч сориогүй. Сатаны энэ сорилтыг Эзэн Есүс дийлсэн тул Өөрийн хийх ёстой ажил, өмнөө байгаа албыг амархан үргэлжлүүлж чадсан юм. Энэ нөхцөлд Эзэн Есүсийн хэлсэн үг, хийсэн бүхнийг өнөө үед хэрэглэсэн бол хүн нэг бүрд ямарваа бодит утга учиртай байх уу? (Тийм ээ.) Ямар бодит утга байх вэ? Сатаныг ялах амархан хэрэг үү? Сатаны ёрын муу уг чанарын талаар хүмүүс тодорхой ойлголттой байх ёстой юу? Сатаны сорилтын талаар хүмүүс нарийн ойлголттой байх ёстой юу? (Тийм ээ.) Чи өөрийн амьдралд Сатаны сорилтыг туулахдаа ёрын муу уг чанарыг нь нэвт харж чадсан бол түүнийг ялж чадах бус уу? Хэрвээ Сатаны утгагүй, дэмий балай байдлын талаар мэдсэн бол чи мөн л Сатаны талд зогсон Бурхан руу дайрч давшилна гэж үү? Сатаны хорлонтой, ичгүүргүй байдал чамаар дамжин хэрхэн илэрч байгааг ойлгосон бол, эдгээр зүйлийг тодорхой таньж, ухаарсан бол Бурханыг ийм маягаар дайрч давшилж, сорьсоор байх уу? (Үгүй, тэгэхгүй.) Тэгвэл юу хийх вэ? (Бид Сатаны эсрэг тэрсэлж, түүнийг хөсөр хаях байсан.) Тэгэх амархан хэрэг үү? Тэр амаргүй. Ингэхийн тулд хүмүүс тогтмол залбирч, Бурханы өмнө байнга очиж, өөрсдийгөө шинжих ёстой. Мөн Бурханаас сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт хүртэхийг зөвшөөрөх ёстой. Ийм маягаар л хүмүүс Сатаны ов мэх, хяналтаас аажмаар ангижирна.

Сатаны хэлсэн энэ бүх үгийг хараад Сатаны мөн чанарыг бүрдүүлдэг зүйлсийг нэгтгэн дүгнэе. Нэгдүгээрт, Сатаны мөн чанарыг Бурхан ариун байдалтай жишихэд ёрын муу гэж ерөнхийдөө хэлж болно. Яагаад Би Сатаны мөн чанарыг ёрын муу гэж хэлж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд хүмүүст Сатаны хийдэг зүйлийн үр дагаврыг шинжих ёстой. Сатан хүнийг завхруулж, хянадаг бөгөөд хүн Сатаны завхарсан зан чанарын дор үйлдэж, Сатаны завхруулсан хүний ертөнцөд амьдардаг. Хүн төрөлхтөн өөрийн мэдэлгүй Сатанд эзэмдүүлж, уусдаг; иймээс хүн Сатаны уг чанар болох Сатаны завхарсан зан чанартай байдаг. Сатаны биеэ тоосон занг хэлсэн үг, хийсэн бүхнээс нь харав уу? Заль мэх, хорон санааг нь харсан уу? Сатаны биеэ тоосон зан гол төлөв хэрхэн харагддаг вэ? Сатан, Бурханы байр суурийг эзлэх хүсэл ямагт өвөрлөдөг үү? Сатан хүмүүс өөрийг нь дагаж, дэмжиж, шүтдэг болоосой гэсэндээ Бурханы ажил, байр суурийг нурааж, булааж авахыг ямагт хүсдэг; энэ нь Сатаны биеэ тоосон уг чанар юм. Сатан хүмүүсийг завхруулахдаа тэдэнд яах ёстойг шууд хэлдэг үү? Сатан Бурханыг сорихдоо гарч ирээд “Би Чамайг сорьж байна, би Чам руу дайрч давшлах гэж байна” гэж хэлдэг үү? Огт тэгдэггүй. Тэгвэл Сатан ямар арга барил хэрэглэдэг вэ? Уруу татаж, сорьж, дайрч давшилж, урхи тавьж, тэр ч бүү хэл судраас эш татдаг. Сатан ёрын зорилгодоо хүрч, санаа зорилгоо биелүүлэхийн тулд янз бүрийн байдлаар үг хэлж, үйлддэг. Ингэснийх нь дараа хүнд илэрдэг зүйлээс юу харж болох вэ? Хүмүүс бас биеэ тоодог бус уу? Хүн олон мянган жилийн турш Сатаны завхралд өртсөн тул биеэ тоосон, ов мэхтэй, хорон санаатай, эрүүл ухаангүй болсон юм. Энэ бүх зүйл нь Сатаны уг чанарын улмаас бий болдог. Сатан ёрын муу уг чанартай тул ийм ёрын муу уг чанарыг хүнд өгч, ийм ёрын муу, завхарсан зан чанарыг хүнд авчирчээ. Иймээс хүн завхарсан сатанлаг зан чанарын дор амьдарч, Сатаны адилаар Бурханыг эсэргүүцэж, Бурхан руу дайрч давшилж, Түүнийг сорьдог бөгөөд Бурханыг шүтэн мөргөж чадахгүй, мөн Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг.

Сатан хүнийг завхруулдаг таван арга зам

Бурханы ариун байдал танил сэдэв байж болох ч яриад үзэхээр зарим хүнд арай хийсвэр болж, агуулга нь арай гүнзгий, хүрэхийн аргагүй байж магадгүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Бурханы ариун байдал гэж юу болохыг ойлгоход чинь Би тусална. Хэн нэгний ямаршуу хүн бэ гэдгийг ойлгохын тулд хийдэг зүйл, үйлдлийнх нь үр дүнг хар, тэгвэл тухайн хүний мөн чанарыг ойлгож чадна. Ингэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл эхлээд Бурханы ариун байдлын талаар энэ өнцгөөс нөхөрлөцгөөе. Сатаны мөн чанар ёрын муу байдаг гэж хэлж болно, иймээс хүнд чиглэсэн Сатаны үйлдэл хүнийг зогсолтгүй завхруулах явдал байж ирлээ. Сатан ёрын муу учраас түүний завхруулсан хүмүүс гарцаагүй ёрын муу байна. “Сатан ёрын муу, гэхдээ түүний завхруулсан хүн ариун байж магадгүй” гэж хэлэх үү? Тэгвэл хөгийн юм болно биз дээ? Тийм зүйл байж болно гэж үү? (Болохгүй.) Сатан ёрын муу бөгөөд түүний ёрын муу байдалд мөн чанарын болон бодитой тал аль аль нь бий. Энэ зүгээр ч нэг хоосон үг биш. Бид Сатаныг гутаах гээгүй; бид гагцхүү үнэн ба бодит байдлын тухай нөхөрлөж байна. Энэ сэдвийн бодит байдлын талаар нөхөрлөхөөр зарим нэг хүн, эсвэл тодорхой нэг бүлэг хүмүүс эмзэглэж магадгүй ч үүнд ямарваа хорон санаа байхгүй: өнөөдөр та нар үүнийг сонсоод жаахан тавгүйрхэж магад, гэвч үүнийг хүлээн зөвшөөрөх өдөр удахгүй ирэхэд та нар өөрсдийгөө жигших бөгөөд өнөөдөр ярьсан зүйл маань та нарт маш хэрэгтэй, тун үнэ цэнтэй гэдгийг мэдэрнэ. Сатаны мөн чанар ёрын муу байдаг, тиймээс Сатаны үйлдлийн үр дүн гарцаагүй ёрын муу, эсвэл дор хаяад ёрын муутай нь холбоотой байдаг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл Сатан хүмүүсийг хэрхэн завхруулж байдаг вэ? Дэлхийд болон хүн төрөлхтний дунд Сатаны хийдэг ёрын муугийн дотроос тухайлсан ямар тал нь хүмүүст илэрхий, ойлгомжтой байдаг вэ? Та нар энэ талаар урьд нь бодож үзсэн үү? Энэ тухайд та нар нэг их бодоогүй байж магад тул Би хэдэн гол асуудлыг хөндье. Сатаны дэвшүүлдэг хувьслын онолын талаар хүн бүр мэднэ, тийм биз? Энэ нь хүмүүсийн судалдаг мэдлэгийн салбар биз дээ? (Тийм.) Ингээд, Сатан хүнийг завхруулахын тулд эхлээд эрдэм мэдлэгийг ашигладаг бөгөөд тэдэнд мэдлэг олгох гэж өөрийн сатанлаг арга барилыг ашигладаг. Дараа нь тэр хүнийг завхруулах гээд шинжлэх ухааныг ашиглан эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, нууцлаг юмс болон хүмүүсийн судлахыг хүсдэг зүйлсийн тухай сонирхлыг нь өдөөдөг. Хүнийг завхруулахад ашигладаг дараачийн зүйлс нь уламжлалт соёл, мухар сүсэг бөгөөд үүний дараа нийгмийн хандлага байдаг. Эдгээр нь бүгд хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолддог ба хүмүүсийн ойр орчимд оршдог зүйлс юм; тэдгээр нь бүгд хүмүүсийн хардаг, сонсдог, хүрдэг, мэдэрдэг зүйлстэй холбоотой байдаг. Хүн болгон эдгээр зүйлээр хүрээлүүлэн амьдардаг бөгөөд өөрөө хүсэвч эдгээрээс ангижирч, чөлөөлөгдөж чаддаггүй гэхэд болно. Эдгээр зүйлтэй тулгараад хүн төрөлхтөн аргаа барах агаад нөлөөнд нь автаж, халдвар авч, хяналт, хүлээсэнд нь орохоос өөр яаж ч чадахгүй; хүн тэдгээрээс мултрахад хүчин мөхөстдөг.

а. Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай

Эхлээд эрдэм мэдлэгийн талаар ярилцъя. Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Наад зах нь, “эрдэм мэдлэг” гэдэг үгийг хүмүүс сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдаад байна вэ? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хуулиуд эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухай юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгийг юун дээр үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Судалгаа шинжилгээгээр олж авсан хүний мэдлэг, дүгнэлт нь бурхангүйн үзэлд үндэслэдэг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй юм уу, үнэнтэй холбоогүй гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухай “Эрдэм мэдлэг үнэнд ямар ч хамаагүй байж болно, гэхдээ бас хүмүүсийг завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухай ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм.) Энэ ямар янзын яриа вэ? (Диаволын яриа.) Яг зөв! Диаволын яриа! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар бол зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж хэлж магад. Энэ бол Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхгүй, харин зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг үнэн биз дээ? Эрдэм мэдлэг чамайг өлмөн зэлмэн явуулалгүй амьжиргаа, ажил, орлого л өгч чадна; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Хүмүүс эрдэм мэдлэгийг судлах тусмаа Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл нь улам ихэснэ. Ингээд эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна уу? Энэ нь бүгд Сатаны гүн ухаан юм. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Хүн бол төмөр, будаа бол ган, хүн хоол идэхгүй бол жигтэйхэн өлсдөг” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр мэргэн үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсоход ой гутах мэдрэмж төрдөг. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан тодорхой нэг бодол, санаа, үзлийг хүнд суулгасан учраас Сатан энэхүү хорыг дотор нь суулгамагц хүн Сатанд хууртаж, Сатанаар завхруулагддаг бус уу? Тэгвэл өнөөдрийн хүмүүс юугаар амьдардаг гэж та нар хэлэх вэ? Тэд Сатаны суулгасан мэдлэг, бодлоор амьдардаггүй гэж үү? Энэхүү мэдлэг, бодол дотор нуугдсан зүйлс нь Сатаны гүн ухаан, хор биш гэж үү? Хүн Сатаны гүн ухаан, хороор амьдардаг. Тэгэхээр Сатан хүнийг завхруулдгийн гол цөм нь юу вэ? Сатан хүнийг өөр шиг нь Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, Бурханы эсрэг зогсдог болгохыг хүсдэг; энэ бол Сатан хүнийг завхруулдгийн зорилго, мөн Сатан хүнийг завхруулдаг арга барил юм.

Эрдэм мэдлэгийн хамгийн өнгөцхөн талаас эхэлж ярья. Хэлний дүрэм, үгс хүнийг завхруулж чадах уу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? Үг хүнийг завхруулдаггүй; үг бол хүний ярианд ашиглагддаг хэрэглүүр, мөн хүмүүс Бурхантай харилцдаг хэрэглүүр төдийгүй Бурхан эдүгээ хүмүүстэй үг, хэлээр харилцдаг билээ. Тэдгээр нь хэрэглүүр ба хэрэгцээ юм. Нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр хоёрын дөрөв; энэ мэдлэг бус уу? Гэхдээ энэ чамайг завхруулж чадах уу? Энэ бол нийтлэг мэдлэг, тогтсон хэв маяг тул хүмүүсийг завхруулж чаддаггүй. Тэгвэл ямар төрлийн мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Завхруулдаг мэдлэг нь Сатаны үзэл бодолтой холилдсон мэдлэг юм. Сатан эдгээр үзэл бодлыг эрдэм мэдлэгээр дамжуулан хүн төрөлхтөнд шингээх гэж оролддог. Жишээ нь, нэг нийтлэлд бичигдсэн үгст ямар ч асуудал байхгүй. Харин тухайн нийтлэлийг бичихдээ зохиогч ямар үзэл бодол, ба санаа зорилготой байсанд, түүнчлэн бодлынх нь агуулгад асуудал оршдог. Эдгээр нь сүнсний зүйл бөгөөд хүмүүсийг завхруулж чаддаг. Жишээ нь, чи телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа гэхэд ямаршуу зүйл нь хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болох вэ? Уран бүтээлчдийн юу хэлсэн нь, үг өөрөө хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Найруулагчийн үзэл бодлыг төлөөлөх нэвтрүүлгийн гол санаа, агуулга хүмүүсийг завхруулна. Эдгээр үзэл бодолд агуулагдсан мэдээлэл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг эргүүлж чадна. Тийм биз дээ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд эрдэм мэдлэгийг ашигладаг талаар хэлэлцэхдээ Миний юу гэж хэлээд байгааг одоо та нар мэдлээ. Үүнийг та нар буруу ойлгохгүй биз дээ? Тэгэхээр дараачийн удаа чи тууж юм уу, нийтлэл уншихдаа бичсэн үгэнд илэрхийлэгдсэн бодол хүн төрөлхтнийг завхруулж байна уу, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулж байна уу, үгүй юү гэдгийг үнэлж чадах уу? (Тийм ээ, бага зэрэг чадна.) Энэ бол аажмаар судалж, туулах ёстой зүйл бөгөөд шууд амархан ойлгогдох зүйл биш юм. Жишээ нь, эрдэм мэдлэгийн нэг салбарыг судалж, сурч байхад тухайн эрдэм мэдлэгийн зарим эерэг тал нь тус салбарын талаарх зарим ерөнхий мэдлэгийг ойлгоход тус болохын зэрэгцээ хүмүүс юунаас зайлсхийх ёстойг мэдэх боломж олгож болох юм. Жишээ нь, “цахилгааныг” аваад үз—энэ нь мэдлэгийн нэг талбар биз дээ? Хүмүүс цахилгаанд цохиулж, гэмтэж болно гэдгийг мэдээгүй бол чи мэдлэггүй байх бус уу? Харин мэдлэгийн энэ талбарыг ойлгосон хойно чи цахилгаан гүйдэлтэй юманд гар хүрэхдээ хайнга хандахгүй бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэднэ. Энэ хоёр хоёулаа эерэг зүйлс юм. Эрдэм мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг тухайд юу хэлэлцэж байсныг та нар одоо тодорхой ойлгов уу? Дэлхий дээр олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар тэдгээрийг өөрсдөө яаралгүй ялгаж салгах ёстой.

б. Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай

Шинжлэх ухаан гэж юу вэ? Шинжлэх ухааныг хүн нэг бүр оюун санаандаа өндөр нэр төртэй гэж үзэн, гүн гүнзгий гэж тооцдог бус уу? Шинжлэх ухааныг дурдах үед хүмүүс “Энэ нь эгэл хүмүүсээс давсан зүйл; эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн л хөндөж чадах сэдэв; энэ нь жирийн ард бидэнд ямар ч хамаагүй” гэж боддог бус уу? Шинжлэх ухаан жирийн хүмүүст хамаатай юу? (Хамаатай.) Сатан хүмүүсийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг вэ? Энд бид хэлэлцүүлэгтээ хүмүүсийн амьдралд байнга тулгардаг зүйлсийн тухай л ярьж, бусад асуудлыг анхааралгүй орхиё. “Ген” гэдэг нэг үг бий. Та нар энэ тухай сонссон уу? Энэ нэр томьёог та нар бүгд мэднэ. Генийг шинжлэх ухаанаар олж нээсэн бус уу? Ген гэдэг нь хүмүүст яг юу гэсэн утгатай вэ? Энэ нь биеийг нууцлаг зүйл гэж хүмүүст санагдуулдаг бус уу? Энэ сэдвийг танилцуулахад улам ихийг мэдмээр, илүү нарийн ширийнийг мэдье гэж хүсэх зарим хүн—ялангуяа сониуч хүмүүс—байх бус уу? Энэхүү сониуч хүмүүс энэ сэдэвт эрч хүчээ төвлөрүүлж, өөр хийх юмгүй байх үедээ энэ талаар илүү нарийн ширийнийг олж мэдэхээр ном болон интернэтээс мэдээлэл хайх болно. Шинжлэх ухаан гэж юу вэ? Шулуухан хэлэхэд, шинжлэх ухаан гэдэг нь хүмүүсийн сониучирхдаг, үл мэдэгдэх ба Бурханы хэлж өгөөгүй зүйлсийн талаарх бодол, онол юм; шинжлэх ухаан нь хүмүүсийн шинжлэхийг хүсдэг нууцуудын талаарх бодол, онол билээ. Шинжлэх ухааны хамрах хүрээ ямар вэ? Шинжлэх ухаан үнэндээ өргөн хүрээтэй гэж хэлж болно; хүн сонирхдог бүхнээ судалж, шинжилдэг. Эдгээр зүйлийн нарийн ширийнийг, мөн хуулийг судлаад дараа нь үнэмшилтэй онол гаргаж, “Энэ эрдэмтэд үнэхээр сүрхий юм! Эдгээр зүйлийг ойлгохуйц маш их мэдлэгтэй юм!” гэж хүн болгонд бодогдуулах явдал шинжлэх ухаанд багтдаг. Хүмүүс эрдэмтдийг маш их биширдэг, тийм биз дээ? Шинжлэх ухаан судалдаг хүмүүс ямар үзэл бодолтой байдаг вэ? Орчлон ертөнцийг судалъя, сонирхдог салбарынхаа нууцлаг зүйлсийг судалъя гэж тэд хүсдэг бус уу? Үүнээс эцэст нь ямар үр дүн гардаг вэ? Зарим шинжлэх ухаанд хүмүүс таамгаар дүгнэлт гаргадаг бол бусад нь хүний туршлагад тулгуурлан дүгнэлт хийдэг. Мөн шинжлэх ухааны өөр салбаруудад хүмүүс түүхэн болон суурь нөхцөл байдлын ажиглалтад үндэслэн дүгнэлтэд хүрдэг. Тийм биз дээ? Тэгвэл шинжлэх ухаан хүмүүсийн төлөө юу хийдэг юм бэ? Шинжлэх ухаан гагцхүү биет ертөнц дэх юмсыг хүмүүст харуулж, хүний сониуч занг хангадаг боловч бүх зүйлийг Бурхан ноёрхдог хуулийг нь хүнд ойлгуулж чаддаггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олдог мэт боловч тэдгээр хариулт нь ээдрээтэй бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамж, хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөд хорих үүрэг л гүйцэтгэдэг сэтгэл ханамж авчирдаг. Хүн шинжлэх ухаанаас хариулт авсан гэж боддог тул ямар ч асуудал гарахад тухайн асуудлыг нотолж, хүлээн зөвшөөрөх гэж шинжлэх ухааны үзэл бодлоо үндэслэл болгон ашигладаг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд уруу татагдаж, эзэмдүүлсээр Бурханыг мэдье, Бурханыг шүтэн мөргөе, бүх зүйл Бурханаас гардаг ба хүн Бурханаас хариулт хүсэх ёстой гэдэгт итгэе гэж бодохоо болиход хүрдэг. Тийм биш үү? Хүн шинжлэх ухаанд итгэх тусмаа улам утгагүй болж, бүх зүйлд шинжлэх ухаанч шийдэл бий, судалгаа бүхнийг шийдвэрлэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан оршдог гэдэгт итгэдэггүй. Удаан хугацаанд Бурханд итгэсэн зарим итгэгч ямар нэг асуудалтай тулгарах үедээ компьютер ашиглан мэдээлэл хайж, хариулт хайдаг; тэд шинжлэх ухааны мэдлэгт л итгэдэг. Тэд Бурханы үг үнэн гэдэгт итгэдэггүй, Бурханы үг хүн төрөлхтний бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэдэггүй, хүн төрөлхтний үй түмэн асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй. Тэд ямар ч асуудалтай тулгарсан бай, хэзээ ч Бурханд залбирдаггүй, Бурханы үгээс үнэнийг хайснаар шийдэл эрэлхийлдэггүй. Тэд олон хэрэг явдал дээр, эрдэм мэдлэг асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэхийг илүүд үзнэ; тэдний хувьд шинжлэх ухаан бол эцсийн хариулт. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй. Тэд бол үл итгэгчид бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол нь үргэлж шинжлэх ухааны арга ашиглан Бурханыг шинжилж судлахыг оролддог олон алдартай академич, эрдэмтнийхээс өөрцгүй. Жишээлбэл, бүхээг зогссон уул руу очиж, улмаар бүхээг оршин тогтнолыг нотолсон шашны мэргэжилтэн олон бий. Гэхдээ тэд бүхээгийг үзээд Бурханы оршин тогтнолыг хардаггүй. Тэд гагцхүү үлгэр домог, түүхэд л итгэдэг; энэ нь тэдний шинжлэх ухаанч судалгаа, материаллаг ертөнцийн шинжилгээний үр дүн юм. Хэрвээ чи микробиологи, одон орон судлал ч юм уу газар зүй зэрэг материаллаг зүйлсийг судалбал Бурхан оршин тогтнодог, бүх зүйлийг захирдаг гэдгийг тодорхойлох үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгвэл шинжлэх ухаан хүний төлөө юу хийдэг вэ? Хүнийг Бурханаас холдуулдаг бус уу? Бурханыг судлахад хүмүүсийг хүргэдэг бус уу? Хүмүүсийг Бурханы оршин тогтнол, дээд эрхэд улам их эргэлзэж, улмаар Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвахад хүргэдэг бус уу? Үр дагавар нь ийм байдаг. Тэгвэл Сатан шинжлэх ухааныг ашиглан хүнийг завхруулахдаа ямар зорилгод хүрэхээр оролдож байгаа вэ? Сатан шинжлэх ухааны дүгнэлтийг ашиглан хүмүүсийг хуурч, хөшүүн болгохыг, мөн хоёрдмол санаатай хариулт ашиглан хүмүүсийн зүрх сэтгэлийг гартаа оруулахыг хүсдэг, ингэснээр тэд Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, эсвэл Бурханы оршин тогтнолд итгэхгүй. Иймээс шинжлэх ухаан бол хүмүүсийг завхруулдаг Сатаны нэг арга гэж Би хэлдэг.

в. Сатан хүнийг завхруулахад уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг тухай

Уламжлалт соёлын хэсэг гэж тооцогддог олон зүйл байдаг уу? (Байдаг.) Энэ “уламжлалт соёл” гэдэг нь ямар утгатай вэ? Зарим нь үүнийг өвөг дээдсээс уламжилж ирсэн гэж хэлдэг—энэ бол нэг тал нь. Анхнаасаа амьдралын хэв маяг, зан заншил, үг хэллэг, дүрэм журам нь гэр бүл, угсаатны бүлэг, тэр ч байтугай бүхий л хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн бөгөөд хүмүүсийн бодолд шингэсэн байдаг. Хүмүүс тэдгээрийг амьдралынх нь туйлын чухал хэсэг гэж үзэн, дүрэм журам гэж ханддаг бөгөөд тэдгээр нь өөрөө амь мэтээр дагаж мөрддөг. Үнэндээ, өвөг дээдсээс нь уламжилж ирсэн тул эдгээр зүйлийг өөрчилж, орхихыг хэзээ ч хүсдэггүй. Күнз, Мэнзээс өвлөгдөж ирсэн зүйлс, хүмүүст хятадын Дао, Күнзийн сургаалын зааж сургасан зүйлс гэх зэрэг хүмүүсийн яс маханд шингэсэн уламжлалт соёлын өөр талууд бий. Тийм биз дээ? Уламжлалт соёлд ямар зүйл багтдаг вэ? Хүмүүсийн тэмдэглэдэг баярууд багтдаг уу? Жишээ нь: Цагаан сар, Дэнлүүний баяр, Бунхан цэвэрлэх өдөр, Луут завины баяр, Сүнсний баяр, Намрын дунд сарын наадам. Зарим гэр бүлд өндөр настнууд тодорхой нас зооглосны ой, хүүхдүүд нэг сар хүрсэн, эсвэл зуу хоног болсон өдрийг хүртэл тэмдэглэдэг. Гэх мэтчилэн бий. Эдгээр нь бүгд уламжлалт баяр юм. Эдгээр баярын суурь нь уламжлалт соёл байдаг бус уу? Уламжлалт соёлын гол цөм нь юу вэ? Энэ нь Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнийг хэрэгжүүл гэж хүмүүст хэлэхтэй холбоотой юу? Бурханд өргөл өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж, Түүний сургаалыг сонсдог аливаа баяр наадам бий юу? Тийм баяр наадам байдаг уу? (Байхгүй.) Энэ бүх баяр наадмаар хүмүүс юу хийдэг вэ? Орчин үед эдгээрийг идэж ууж, наргиж цэнгэх үйл явдал гэж үздэг. Уламжлалт соёлын суурь эх үүсвэр юу байдаг вэ? Уламжлалт соёл хэнээс гаралтай вэ? Сатанаас гардаг. Эдгээр уламжлалт баяр наадмын дүр зургийн цаана Сатан хүнд тодорхой зүйлсийг шингээдэг. Эдгээр зүйл нь юу вэ? Эдгээрийн нэг нь хүмүүсийг өвөг дээдсээ дурсдаг байлгах явдал мөн үү? Жишээ нь, Бунхан цэвэрлэх өдрөөр хүмүүс өвөг дээдсээ мартахгүйн тулд булшийг нь цэвэрлэж, өвөг дээдэстээ өргөл өргөдөг. Түүнчлэн Сатан хүмүүст эх оронч байхыг сануулдгийн нэг жишээ нь Луут завины баяр юм. Тэгвэл Намрын дунд сарын наадам яадаг вэ? (Гэр бүлээрээ цугладаг.) Гэр бүлийн цугларалтын цаад үндэс юу вэ? Үүний шалтгаан юу вэ? Ярилцаж, сэтгэлээрээ холбогдох явдал. Мэдээж, Цагаан сарын битүүнийг тэмдэглэнэ үү, Дэнлүүний баяр тэмдэглэнэ үү, эдгээр тэмдэглэлт үйл явдлын цаад шалтгааныг тайлбарлах олон арга бий. Гэвч яаж тайлбарлалаа гэсэн эдгээр шалтгаан нь дор бүрдээ өөрийн гүн ухаан, сэтгэлгээг хүмүүст шингээх Сатаны арга зам байдаг бөгөөд ингэснээр хүмүүс Бурханаас төөрч, Бурхан байгаа гэдгийг мэддэггүй болж, өвөг дээдэстээ юм уу, Сатанд өргөл барьж, эс бөгөөс махан биеийн хүслийн төлөө идэж ууж, наргиж цэнгэнэ. Энэ баяр наадам бүрийг тэмдэглэх зуур Сатаны үзэл, бодол хүмүүст мэдэгдэлгүйгээр оюун санааных нь гүнд суудаг. Хүмүүс дөч, тавь, эсвэл бүр өндөр насанд хүрэхэд Сатаны эдгээр үзэл, бодол зүрх сэтгэлд нь аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Түүнчлэн хүмүүс зөв ч бай, буруу ч байсан эдгээр санааг хойч үедээ ялгаваргүй, бүрэн уламжлах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Тийм биз дээ? (Тийм ээ.) Уламжлалт соёл, эдгээр баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэмд хязгаарлагдаж, хүлэгдээд Бурханыг эрж хайх цаг зав, эрч хүчгүй болдог.) Нэг тал нь ийм байдаг. Жишээ нь, Цагаан сарыг хүн бүр тэмдэглэдэг—тэмдэглэхгүй бол чи гуниглах бус уу? Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг ямарваа мухар сүсэг чамд бий юу? “Би шинэ оноо тэмдэглэсэнгүй, бас Цагаан сарын өдөр муу өдөр байсан болохоор энэ жил ч бас тэр чигтээ муу байх бус уу” гэж бодож болох уу? Санаа зовж, жаахан айж эмээхгүй гэж үү? Олон жил өвөг дээдэстээ өргөл өргөөгүй хүн талийгаач өөрөөс нь мөнгө нэхэж байгаа зүүд гэнэт зүүдлэх нь ч байдаг. Тэдэнд ямар санагдах вэ? “Одоо өөд болчихсон хүнд үрэх мөнгө хэрэгтэй байгаа нь яасан гунигтай юм бэ! Тэдэнд зориулаад цаасан мөнгө шатаая. Тэгэхгүй бол огт болохгүй. Амьд бидэнд асуудал үүсгэж магадгүй—гай барцад хэзээ ниргэхийг хэн мэдлээ?” Тэд үргэлж иймэрхүү багахан айдас өвөрлөж, сэтгэлдээ зовнино. Хэн тэдэнд ийм зовнил өгдөг вэ? Сатан бол энэхүү зовнилын эх сурвалж юм. Сатан хүнийг завхруулдаг аргуудын нэг нь энэ бус уу? Сатан чамайг мэл гайхуулж, буулган авч, захирахын тулд хянаж, заналхийлж, хүлэх янз бүрийн арга, шалтаг ашигладаг; Сатан ийнхүү хүнийг завхруулдаг. Хүмүүс ихэвчлэн сул дорой байхдаа, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байх үедээ юмыг өөрийн эрхгүй төөрөгдсөн байдлаар хийж болно; өөрөөр хэлбэл, тэд Сатаны атгад санаандгүй орж, өөрийн эрхгүй үйлдэн, юу хийж байгаагаа мэдэхгүйгээр аливааг хийж магадгүй юм. Сатан ийм маягаар хүнийг завхруулдаг. Гүн үндэслэсэн уламжлалт соёлоос хагацахдаа дурамжхан, үүнийг ердөө л орхиж чаддаггүй хүмүүс одоо нэлээд цөөнгүй бий. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй байх үедээ ийм баяр наадам тэмдэглэхийг хүсдэг бөгөөд Сатантай уулзаж, сэтгэлийг нь дахин хангалуун болгож, өөрсдийн зүрх сэтгэлийг тайтгаруулахыг хүсэмжилдэг. Уламжлалт соёлын цаад нөхцөл байдал ямар байдаг вэ? Хөшигний ард Сатаны хар гар удирдаж байна уу? Сатаны ёрын муу уг чанар явуулга хийж, хянаж байна уу? Энэ бүгдийг Сатан эрхэндээ байлгадаг уу? (Тийм.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, иймэрхүү уламжлалт баяр наадам тэмдэглэдэг нь Сатанд хууртаж, завхрах орчин болдог төдийгүй тэд Сатанд дуртайяа хууртаж, Сатанаар завхруулагддаг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол та бүгдийн хүлээн зөвшөөрдөг, мэддэг зүйл юм.

г. Сатан хүнийг завхруулахын тулд мухар сүсгийг хэрхэн ашигладаг тухай

Та нар “мухар сүсэг” гэдэг нэр томьёог мэднэ, тийм үү? Мухар сүсэг, уламжлалт соёлын хооронд зарим холбоо байдаг боловч өнөөдөр бид тэдгээрийн талаар ярихгүй. Харин Би мэргэ төлгө, хувь заяа үзэх, хүж шатааж, Буддаг шүтэх зэрэг хамгийн түгээмэл тааралддаг мухар сүсгийн хэлбэрийн талаар ярья. Зарим хүн мэргэ төлгө хийдэг, өөр бусад нь Буддаг шүтэж, хүж шатаадаг бол бусад нь хувь заяагаа мэргэлүүлж, царайны хэлбэрээ шинжүүлж, хувь заяагаа ийм байдлаар хэлүүлдэг. Та нараас хэр олон чинь хувь заяагаа мэргэлүүлж, царайгаа шинжүүлсэн бэ? Үүнийг ихэнх хүн сонирхдог, тийм биз? (Тийм.) Яагаад? Мэргэ төлгө, хувь заяаны мэргээс хүмүүс ямар төрлийн ашиг тус хүртдэг вэ? Ямар төрлийн сэтгэл ханамж олж авдаг вэ? (Сониуч зангаа хангадаг.) Ганц сониуч зан гэж үү? Миний бодлоор, заавал тийм биш. Мэргэ төлгө болон хувь заяа мэргэлэхийн зорилго юу вэ? Яагаад хийдэг вэ? Ирээдүйг харахын төлөө хийдэг биш үү? Зарим нь ирээдүйгээ мэдэхийн тулд царайгаа шинжүүлж, бусад нь азтай байх эсэхээ мэдэхийн тулд мэргэлүүлдэг. Зарим хүн гэрлэлтээ ямар байхыг мэдэх гэж мэргэлүүлдэг бол өөр бусад нь ирж яваа жил ямар аз авчрахыг үзэх гэж мэргэлүүлдэг. Зарим хүн өөрийнхөө болон үр хүүхдийнхээ хэтийн ирээдүйг мэдэхийн тулд царайгаа шинжүүлдэг бол зарим бизнес эрхлэгч хэр их мөнгө олохоо үзэх гэж мэргэлүүлж, яах ёстой талаар төлгөчөөс удирдамж эрэлхийлдэг. Тэгэхээр сониуч зангаа хангах гэж л ингэдэг гэж үү? Хүмүүс ирээдүйн хувийн эрх ашгийнхаа төлөө царайгаа шинжүүлэх юм уу, иймэрхүү зүйл хийдэг; энэ бүхэн өөрсдийнх нь хувь заяатай нягт холбоотой гэдэгт тэд итгэдэг. Аль нэг нь хэрэгтэй юу? (Үгүй.) Яагаад хэрэггүй вэ? Эдгээрээр дамжуулж зарим нэг мэдлэг авах нь сайн юм биш үү? Эдгээр арга нь хэзээ асуудал үүсэж магадгүй тухай мэдэхэд тус болдог, хэрвээ эдгээр асуудлыг гарахаас нь өмнө мэддэг юм бол зайлсхийж болох бус уу? Хувь заяагаа үзүүлбэл ээдрээнээс зөв замаа хэрхэн олохыг харуулж болох ба улмаар чи ирэх жилдээ азтай байж, бизнесээрээ их эд баялаг хурааж болох юм. Тэгэхээр энэ хэрэгтэй юу, үгүй юу? Хэрэгтэй эсэх нь бидэнд хамаагүй бөгөөд өнөөдрийн бидний нөхөрлөл энэ сэдвийг хамрахгүй. Сатан хүнийг завхруулахдаа мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ? Хүмүүс бүгд хувь заяагаа мэдэхийг хүсдэг тул Сатан сониуч занг нь далимдуулан тэднийг уруу татдаг. Хүмүүс ирээдүйд өөрсдөд нь юу тохиолдохыг, мөн урд нь ямар зам хүлээж байгааг олж мэдэхийн тулд мэргэ төлгө, царай шинжих, хувь заяа үзэх гэх мэтэд оролцдог. Гэвч эцсийн эцэст хүмүүсийн тэгж их анхаардаг хувь заяа, хэтийн ирээдүй хэний гарт байдаг вэ? (Бурханы гарт.) Энэ бүх зүйл Бурханы гарт байдаг. Сатан эдгээр арга барилыг ашиглан хүмүүст юу мэдүүлэхийг хүсдэг вэ? Сатан царай шинжих, хувь заяаны мэргийг ашиглан тэр өөрөө хүмүүсийн ирээдүйн хувь заяаг мэддэг бөгөөд эдгээр зүйлсийг мэдэхээр үл барам хянадаг гэж хүмүүст хэлэхийг хүсдэг. Сатан энэ боломжийг далимдуулж, мөн ийм арга барил ашиглан хүмүүсийг хянаж, улмаар өөртөө сохроор итгүүлэн, үг бүрийг нь дуулгавартай дагадаг болгохыг хүсдэг. Жишээ нь, чи царайгаа шинжүүлсэн бол, төлгөч нүдээ аниад өнгөрсөн хэдэн арван жилд чамд тохиолдсон бүхнийг тов тодорхой хэлбэл сэтгэлд чинь ямар санагдах вэ? “Яг зөв хэлж байна! Би өнгөрсөн амьдралаа урьд нь хэнд ч, хэзээ ч хэлээгүй атал энэ тухай яаж мэдэв ээ? Энэ төлгөчийг би үнэхээр биширч байна!” гэж чи тэр дороо бодно. Чиний өнгөрсөн үеийн талаар мэдэх нь Сатаны хувьд дэндүү амархан бус уу? Бурхан чамайг өнөөдрийн байгаа байр руу хөтөлсөн бөгөөд тэр хооронд Сатан хүмүүсийг завхруулж, чамайг дагасаар ирсэн. Амьдралын чинь хэдэн арван жилийн хугацаа Сатаны хувьд юу ч биш бөгөөд эдгээр зүйлийг мэдэх Сатанд хэцүү биш. Сатаны хэлж буй бүхэн оновчтой байгааг олж мэдэх үедээ чи зүрх сэтгэлээ түүнд хүлээлгэн өгч буй бус уу? Өөрийн ирээдүй, хувь заяаг хяналтад нь оруулж, түүнийг түшиж тулж байгаа бус уу? Зүрх сэтгэл чинь хоромхон зуур түүнийг хүндэлж, эсвэл бишрэх ба энэ үед зарим хүний сүнсийг тэр аль хэдийн булаачихсан байж ч болно. Тэгээд чи төлгөчөөс даруйхан ингэж асууна: “Би одоо яах хэрэгтэй вэ? Ирэх жил юунаас зайлсхийх ёстой вэ? Ямар зүйл хийх ёсгүй вэ?” Тэгэхээр чинь төлгөч: “Чи тэнд очиж болохгүй, ингэх ёсгүй, ийм өнгийн хувцас битгий өмс, иймэрхүү газруудаар явахаа багасгаж, ийм зүйл илүү их хийх хэрэгтэй…” хэмээнэ. Түүний хэлсэн бүхнийг чи тэр даруй зүрх сэтгэлдээ тусгаж авах бус уу? Түүний үгийг чи Бурханы үгээс ч хурдан цээжилнэ. Яагаад тийм хурдан цээжлэх вэ? Яагаад гэвэл, чи азтай байх гээд Сатанд найдахыг хүснэ. Сатан энэ л үед зүрх сэтгэлийг чинь эзэмддэг бус уу? Зөгнөл нь ар араасаа биелэхээр чи түүн дээр шууд эргэж очоод дараа жилийн хувь төөрөг ямар байхыг мэдэхийг хүсэх бус уу? (Тийм ээ.) Тэгээд Сатаны хий гэсэн бүхнийг хийж, боль гэсэн бүхнээс зайлсхийнэ. Энэ маягаар чи Сатаны хэлсэн бүхнийг дуулгавартай дагаж байгаа бус уу? Түүний тэвэрт маш хурдан орж, хууртаж, хяналтад нь орно. Сатаны хэлдэг зүйлийг үнэн гэж итгэн, өнгөрсөн болоод өнөөгийн амьдралын чинь тухай, мөн ирээдүйд юу болох тухай мэддэг гэж чи итгэдэг учраас ийм зүйл болдог. Энэ бол хүмүүсийг хянах гэж Сатаны ашигладаг арга барил юм. Гэвч бодит байдал дээр хэн үнэхээр хяналтыг атгадаг вэ? Сатан бус, Бурхан Өөрөө хяналтыг атгадаг. Сатан энэ тохиолдолд мэдлэггүй хүмүүсийг хуурч, зөвхөн материаллаг ертөнцийг хардаг хүмүүсийг хуурах замаар өөртөө итгүүлж, өөрт нь найддаг болгох гэж л овжин явуулгаа ашиглаж байна. Дараа нь тэд Сатаны саварт унаж, үг бүрийг нь дуулгавартай дагадаг. Гэвч хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагахыг хүсэх үед Сатан ер нь тэднийг алддаг уу? Алддаггүй. Ийм нөхцөлд хүмүүс үнэхээр Сатаны саварт орж байгаа хэрэг үү? (Тийм.) Энэ асуудал дээрх Сатаны зан авирыг ичгүүргүй гэж хэлж болох уу? (Болно.) Яагаад тэгж хэлэх вэ? Яагаад гэвэл, эдгээр нь зальхай, ов мэхтэй арга байна. Сатан ичгүүргүй бөгөөд өөрөө хүмүүсийн бүх зүйлийг хянадаг, бүр хувь заяаг нь хянадаг гэж хүмүүст эндүү ташаа бодогдуулдаг. Ингэснээр мэдлэггүй хүмүүс Сатаныг бүрэн дуулгавартай дагахад хүрдэг. Тэд ердөө хэдхэн үгэнд хууртдаг. Тэгээд мэл гайхсандаа Сатаны өмнө мөргөдөг. Тэгэхээр, Сатан чамайг өөртөө итгүүлэхийн тулд ямар төрлийн арга ашиглаж, юу гэж хэлдэг вэ? Жишээ нь, чи Сатанд ам бүл хэдүүлээ байдгаа хэлээгүй боловч Сатан хэдүүлээ байдгийг мөн эцэг эх, үр хүүхдийн чинь насыг хэлж чадаж ч болох юм. Хэдийгээр чи үүнээс өмнө Сатаны талаар хардаж сэрдэж, эргэлзэж явсан байж болох ч ийм зүйл хэлэхийг нь сонсвол Сатан жаахан үнэмшилтэй санагдах бус уу? Дараа нь Сатан, ойрын үед ажил чинь хэр хэцүү байсан, дарга нар чинь чамайг зохих ёсоор үнэлдэггүй, цаг үргэлж чиний эсрэг ажилладаг гэх мэт зүйл хэлж магад. Үүнийг сонсчхоод чи “Яг үнэн! Ажил дээр хэцүү байгаа шүү” гэж бодно. Тэгээд Сатанд арай их итгэнэ. Дараа нь тэр чамайг хуурах өөр нэг зүйл хэлж, өөртөө улам ч их итгүүлнэ. Бага багаар чи Сатаныг эсэргүүцэж чадахаа больж, хардаж сэрдэхээ болино. Сатан ердөө л шалихгүй хэдэн арга заль, бүр ялихгүй өчүүхэн арга заль хэрэглэдэг ба ийм маягаар толгойг чинь эргүүлдэг. Толгой чинь эргэхээр чи байр байдлаа мэдэхээ байж, яах учраа олохоо больж, Сатаны хэлснийг дагаж эхэлнэ. Энэ бол хүнийг завхруулахад Сатаны ашигладаг “суут” арга бөгөөд үүнээс үүдэн чи өөрийн мэдэлгүй Сатаны урхинд орж, түүнд уруу татагддаг. Сатан чамд хүмүүсийн сайн гэж боддог цөөн зүйл хэлээд дараа нь юу хийх, юунаас зайлсхийх вэ гэдгийг хэлдэг. Ийнхүү чи өөрийн мэдэлгүй хууртдаг. Нэгэнд хууртчихвал чиний хувьд юмс тааламжгүй болно; Сатан юу гэж хэлсэн, юу хий гэсэн талаар цаг ямагт бодож, өөрөө ч мэдэлгүй түүнд эзэмдүүлнэ. Яагаад ингэдэг вэ? Яагаад гэвэл, хүн төрөлхтөн үнэнээр дулимаг тул бат зогсож, Сатаны уруу таталт, сорилтыг тэсвэрлэх чадваргүй юм. Сатаны ёрын муу, ов мэх, урвалт, хорон санаатай тулгарсан хүн төрөлхтөн маш мэдлэггүй, томоогүй, сул дорой байдаг, тийм бус уу? Сатан хүнийг завхруулдаг нэг арга зам нь энэ бус уу? (Мөн.) Сатаны янз бүрийн арга барилд хүн өөрийн эрхгүй бага багаар мэхлэгдэж, хууртдаг нь эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгах чадвар дутдагаас нь болдог. Тэдэнд ийм биеийн хэмжээ, Сатаныг ялан дийлэх чадвар дутагддаг.

д. Сатан хүнийг завхруулахад нийгмийн чиг хандлагыг хэрхэн ашигладаг тухай

Нийгмийн чиг хандлага хэзээ бий болсон бэ? Өнөө үед л бий болсон гэж үү? Сатан хүмүүсийг завхруулж эхлэх үед нийгмийн чиг хандлага бий болсон гэхэд болно. Нийгмийн чиг хандлагад юу багтдаг вэ? (Хувцаслах хэв маяг, оо энгэсэг багтдаг.) Эдгээр нь хүмүүсийн байнга харьцдаг зүйлс юм. Хувцаслах хэв маяг, загвар, хандлага—эдгээр зүйл нэг жаахан хэсгийг бүрдүүлдэг. Өөр зүйл бий юу? Хүмүүсийн байнга хэлдэг түгээмэл үг хэллэг бас ордог уу? Хүмүүсийн хүсдэг амьдралын хэв маяг ордог уу? Хүмүүсийн дуртай дуу, хөгжмийн одод, алдартнууд, сонин сэтгүүл, тууж, роман ордог уу? (Тийм ээ.) Та нарын бодлоор нийгмийн чиг хандлагын аль тал нь хүнийг завхруулж чаддаг вэ? Эдгээр хандлагын аль нь та нарын сэтгэлийг хамгийн их татдаг вэ? “Бид бүгд тодорхой насанд хүрсэн, тавь, жараад нас, эсвэл дал, наяад нас хүрсэн болохоор эдгээр хандлагыг дагаж чадахаа больсон, тэгээд ч үнэндээ бидний анхаарлыг татдаггүй” гэж зарим хүн хэлдэг. Энэ зөв үү? “Бид алдартнуудыг сонирхдоггүй, хориод насны залуучууд л тэгдэг шүү дээ; бид бас загварлаг хувцас өмсдөггүй, дүр төрхдөө анхаардаг хүмүүс л тэгдэг юм” гэж бусад нь хэлдэг. Тэгвэл эдгээрийн аль нь та нарыг завхруулж чаддаг вэ? (Түгээмэл мэргэн үгс.) Эдгээр мэргэн үг хэллэг хүнийг завхруулж чадах уу? Би жишээ хэлье, тэгээд хүмүүсийг завхруулдаг эсэх нь та нарт харагдана: “Амьдрал мөнгөн дээр тогтдог”; энэ чиг хандлага мөн үү? Та нарын дурдсан хэв маяг, хоол ундны хандлагатай харьцуулахад энэ бүр ч долоон дор биш үү? “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь Сатаны гүн ухаан юм. Энэ нь бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд зонхилдог; үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Яагаад гэвэл, анх энэ үгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үүнийг үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэж боддог болсон хүн нэг бүрийн зүрх сэтгэлд энэ нь шингэчихсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ мэргэн үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр, өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ мэргэн үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Энэ нь юу вэ? Энэ нь мөнгө шүтэх явдал юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүнзгий завхруулсан бололтой! Сатан мөнгө ашиглан хүмүүсийг уруу татаж, мөнгийг шүтэж, материаллаг зүйлсийг дээдэлдэг болгон завхруулдаг. Тэгвэл хүмүүс мөнгийг шүтдэгийн илрэл юу вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Хүмүүсийн хувьд үнэнийг олж авч, аврагдах боломжоо алдах нь хамгийн том гарз хохирол бус уу? Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл мэргэн үгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр мэргэн үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг байж болох ч үүнийг эрэлхийлэхэд хүчин мөхөстдөг. Бурханы үг бол үнэн гэдгийг чи тодорхой мэддэг байж болох ч үнэнийг олж авахын тулд төлөөс төлж, зовохыг хүсдэггүй. Харин ч Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэх гэж өөрийн ирээдүй, хувь заяаг золиослохыг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, чамайг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийнхөөрөө явна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ мэргэн үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ мэргэн үг хэдийнээ бодлыг чинь мэхэлж, хянаж, зан авирыг чинь хэдийнээ захирсан бөгөөд чи эд баялаг эрэлхийлэхээ хойш тавихын оронд хувь заяагаа үүнд захируулахыг илүүд үздэг. Хүмүүс ингэж үйлдэж, Сатаны үгэнд захирагдаж, аргад нь орж байгаа нь Сатанд мэхлэгдэж, завхруулагдсан гэсэн үг бус уу? Сатаны гүн ухаан, сэтгэлгээ, Сатаны зан чанар зүрх сэтгэлд чинь үндэслэсэн бус уу? Чи эд баялгийн хойноос сохроор хөөцөлдөж, үнэний эрэл хайгуулаа орхих үед Сатан чамайг мэхлэх зорилгодоо хүрдэг бус уу? Яг тэгдэг. Тэгвэл Сатанд мэхлэгдэж, завхруулагдсанаа чи мэдэрч чадах уу? Чадахгүй. Сатан яг өмнө чинь зогсож байгааг харж, эсвэл далдуур үйлдэж байгааг мэдэрч чадахгүй бол Сатаны хорон муу байдлыг чи харж чадах уу? Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдгийг мэдэж чадах уу? Сатан хүнийг хаа сайгүй цаг ямагт завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралаас зайлах боломжгүй болгож, түүний эсрэг хүчин мөхөстүүлдэг. Чамайг учраа олохгүй, өөрт юу тохиолдоод байгааг мэдэхгүй байх нөхцөлд Сатан өөрийн бодол, үзэл санаа, өөрөөс нь гардаг ёрын муу зүйлсийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээрийг огт эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эднийг эрдэнэ мэт нандигнан зууралдаж, өөрсдийг нь жолоодож, тоглоом тохуу хийх боломж олгодог. Хүмүүс ингэж Сатаны эрх мэдэл дор амьдарч, өөрийн мэдэлгүй Сатаныг дуулгавартай дагаж, Сатан хүнийг завхруулах нь улам гүнзгийрдэг.

Сатан хүнийг завхруулахад энэ хэдэн аргыг ашигладаг. Хүн эрдэм мэдлэгтэй, мөн шинжлэх ухааны зарим зарчмын талаар ойлголттой, хүн уламжлалт соёлын нөлөөнд амьдардаг бөгөөд хүн бүр уламжлалт соёлыг өвлөн авагч, уламжлан үлдээгч байдаг. Хүн Сатаны өгсөн уламжлалт соёлыг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой, бас хүн төрөлхтөнд Сатаны өгдөг нийгмийн чиг хандлагыг дагадаг. Хүн Сатанаас салж хагацашгүй бөгөөд цаг ямагт Сатаны хийдэг бүхнийг даган мөрдөж, ёрын муу байдал, ов мэх, хорон санаа, биеэ тоосон байдлыг нь хүлээн авдаг. Хүн Сатаны эдгээр зан чанарыг эзэмшдэг болмогцоо ийм завхарсан хүн төрөлхтний дунд амьдрахдаа жаргалтай байсан уу, гунигтай байсан уу? (Гунигтай байсан.) Яагаад тэгж хэлж байна вэ? (Яагаад гэвэл, хүн эдгээр завхарсан зүйлийн хүлээс, хяналтад автаад, нүгэл дотор амьдарч, хүнд бэрх тэмцэлд живдэг.) Зарим хүн нүдний шил зүүж, тун ухаантай харагддаг; тэд уран цэцэн үг, эрүүл ухаантайгаар тун намбалаг ярьдаг байж магадгүй бөгөөд олон зүйлийг туулсан учраас маш их туршлагатай, хашир байж магадгүй. Тэд их, бага асуудлуудын талаар нарийвчлан ярьж чаддаг байж магад; мөн аливаа зүйлийн үнэн зөв байдал, учир шалтгааныг үнэлж чаддаг байж ч магадгүй. Зарим нь энэ хүмүүсийн ааш авир, дүр төрх, ёс жудаг, хүн чанар, биеэ авч явах байдал гэх мэтийг хараад ямар ч өө олохгүй байж магад. Ийм хүмүүс өнөөгийн нийгмийн чиг хандлагад гойд сайн дасан зохицож чаддаг. Ийм хүмүүс ахимаг насны байж болох ч цаг үеийн чиг хандлагаас хэзээ ч хоцордоггүй, сурч боловсроход хэзээ ч хөгшиддөггүй. Гаднаа, ийм хүнээс хэн ч өө олж чадахгүй боловч дотоод мөн чанартаа тэд Сатаны завхралд туйлын их, бүрмөсөн өртсөн байдаг. Ийм хүмүүс гаднаа ямар ч өөгүй, өнгөн дээрээ эелдэг, боловсон, эрдэм мэдлэгтэй, тодорхой ёс суртахуунтай, шударга чанартай, эрдэм мэдлэгийн хувьд залуучуудаас яавч дутахааргүй байвч уг чанар-мөн чанарынхаа хувьд ийм хүмүүс бол Сатаны жинхэнэ амилсан загвар; Сатантай өвчсөн мэт адилхан байдаг. Энэ нь Сатан хүнийг завхруулсны “үр жимс” юм. Миний хэлсэн зүйлд та нар эмзэглэж болох ч энэ бүгд үнэн. Хүний судалдаг эрдэм мэдлэг, хүний ойлгодог шинжлэх ухаан, нийгмийн хандлагад зохицохын тулд хүний сонгодог арга зам нь бүгд хүнийг завхруулах Сатаны арга хэрэглүүр байдаг. Энэ туйлын үнэн. Иймээс хүн Сатаны бүрэн завхруулсан зан чанартайгаар амьдардаг бөгөөд Бурханы ариун байдал юм уу мөн чанар гэж юу болох талаар огт мэдэх аргагүй юм. Учир нь Сатан хүнийг завхруулдаг арга замаас гадна талд өө олж чадахгүй; буруу юм байгаа эсэхийг хүний ааш авираас хэлж чадахгүй. Хүн болгон хэвийн байдлаар ажлаа хийж, хэвийн амьдардаг; хэвийн байдлаар ном, сонин уншиж, хэвийн байдлаар сурч, ярьдаг. Зарим хүн цөөн хэдэн ёс зүй сурсан, ярьж хөөрөхдөө сайн, уужуу сэтгэлтэй, нөхөрсөг, бусдад тусч, өгөөмөр байдаг бөгөөд хүмүүстэй шалихгүй маргаан дэгдээдэггүй, тэднийг шулж мөлждөггүй. Гэвч тэдний завхарсан сатанлаг зан чанар дотор нь гүн үндэслэсэн байдаг бөгөөд энэхүү мөн чанар нь тэдний гаднаа гаргадаг хүчин чармайлтад тулгуурлан өөрчлөгдөж чадахгүй юм. Энэ мөн чанарын улмаас хүн Бурханы ариун байдлыг мэдэж чаддаггүй бөгөөд Бурханы ариун байдлын мөн чанар хүнд ил болсон ч гэсэн үүнийг нухацтай хүлээж авдаггүй. Учир нь, Сатан аль хэдийн янз бүрийн аргаар хүний сэтгэл хөдлөл, санаа, үзэл, бодлыг бүрэн эзэмдээд авчихсан байдаг. Энэхүү эзэмдэлт, завхрал нь зуурдын, алдаг оног байдаггүй, харин хаа сайгүй цаг үргэлж оршдог. Тиймээс Бурханд гурав, дөрвөн жил, бүр тав, зургаан жил итгэсэн асар олон хүн Сатаны шингээсэн эдгээр ёрын муу бодол, үзэл санаа, гүн ухааныг эрдэнэс мэт үзэн, тэдгээрийг орхиж чаддаггүй. Сатаны уг чанараас гардаг ёрын муу, биеэ тоосон, хорлонт зүйлсийг хүн хүлээн авсан тул хүний хоорондын харилцаанд хямрал, маргаан, таарамжгүй байдал байнга гарах нь зайлшгүй бөгөөд энэ нь Сатаны биеэ тоосон уг чанараас үүдэлтэй юм. Сатан хүн төрөлхтөнд эерэг зүйл өгсөн бол—жишээ нь, хүмүүсийн хүлээн авсан уламжлалт соёлын Күнз, Даогийн сургаал сайн юм байсан бол—эдгээрийг хүлээн авсны дараа нэг төрлийн хүмүүс хоорондоо эвтэй байж чадах учиртай. Гэтэл адилхан зүйлийг хүлээн авсан хүмүүсийн дунд яагаад ийм том зааг ялгаа байдаг юм бэ? Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, эдгээр зүйл Сатанаас гаралтай бөгөөд Сатан хүмүүсийн дунд хагарал үүсгэдэг. Сатанаас гаралтай юмс гаднаа хэчнээн нэр төртэй, агуу харагдавч хүнийг гагцхүү биеэ тооход хүргэж, хүний амьдралд гагцхүү биеэ тоосон байдлыг илэрхий болгодог бөгөөд Сатаны ёрын муу уг чанарын ов мэхнээс цаашгүй. Тийм биш гэж үү дээ? Өөрсдийгөө өнгөлөн далдалж чаддаг, арвин их мэдлэгтэй хүн, эсвэл сайн хүмүүжилтэй хүн ч завхарсан сатанлаг зан чанараа нуухад хэцүү. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрийгөө хэчнээн олон янзаар өнгөлөн далдалсан ч бай, энэ хүнийг чи ариун хүн гэж бодсон, эсвэл төгс нэгэн гэж, эсвэл тэнгэрэлч гэж бодсон ч бай, хэчнээн ариун гэж санасан ч бай хамаагүй, хөшигний ард тэдний бодит амьдрал ямар байдаг вэ? Тэдний зан чанарын илчлэлээс чи ямар мөн чанарыг олж харах вэ? Сатаны ёрын муу уг чанарыг олж харах нь эргэлзээгүй. Ингэж хэлж болох уу? (Болно.) Жишээлбэл, сайн хүн гэж бодож явсан, магадгүй шүтээнээ болгодог байсан дотнын нэг хүн чамд байдаг гэж бодъё. Өнөөгийн биеийн хэмжээгээрээ чи тэдний тухай юу гэж бодож байна вэ? Нэгдүгээрт, ийм хүнийг чи хүн чанартай эсэх, үнэнч эсэх, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг эсэх, үг үйлдэл нь бусдад үр өгөөж өгч, тус болдог эсэхээр нь үнэлдэг. (Тэд тийм байдаггүй.) Энэ хүмүүсийн илчилдэг сайхан сэтгэл, хайр, сайн сайхан байдал гэгч нь юу байдаг вэ? Бүгд худал хуурмаг, бүгд өнгөлөн далдлалт байдаг. Энэхүү өнгөлөн далдлалтын цаана эцсийн эцэст эрхэмлэгдэн шүтэгдэх ёрын муу зорилго бий. Үүнийг та нар тодорхой ойлгож байна уу? (Тийм ээ.)

Хүмүүсийг завхруулахын тулд Сатаны ашигладаг арга хүн төрөлхтөнд юу авчирдаг вэ? Эерэг зүйл авчирдаг уу? Нэгдүгээрт, хүн сайн, мууг ялгаж чаддаг уу? Энэ дэлхий ертөнц дээрх алдартай, агуу хүн ч бай, эсвэл зарим нэг сэтгүүл, өөр бусад хэвлэл ч бай, ямар нэг зүйлийг сайн муу, зөв буруу гэж шүүхдээ тэдний ашигладаг стандарт үнэн зөв үү? Үйл явдал, хүмүүсийг тэд шударгаар үнэлдэг үү? Тэдгээр нь үнэний ортой юу? Энэ ертөнц, энэ хүн төрөлхтөн эерэг ба сөрөг зүйлийг үнэний стандартад үндэслэн үнэлдэг үү? (Үгүй.) Яагаад хүмүүс тэгэх чадваргүй байдаг юм бэ? Хүмүүс асар их сурч боловсорсон, шинжлэх ухааны өргөн их мэдлэгтэй юм чинь агуу их чадвар эзэмшсэн байдаг юм биш үү? Гэтэл тэд яагаад эерэг, сөрөг зүйлийг ялгах чадваргүй байдаг юм бэ? Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл, хүмүүст үнэн байхгүй; шинжлэх ухаан, эрдэм мэдлэг нь үнэн биш юм.) Хүн төрөлхтөнд Сатаны авчирдаг бүх зүйл ёрын муу, завхарсан бөгөөд үнэн, амь, замгүй байдаг. Сатан ёрын муу байдал, завхралыг хүн төрөлхтөнд авчирдаг байхад Сатанд хайр байдаг гэж чи хэлж чадах уу? Хүнд хайр байдаг гэж хэлж чадах уу? “Та эндүүрч байна; ядуус, орон гэргүй хүмүүст тусалдаг олон хүн дэлхий даяар бий. Тэд сайн хүмүүс биш үү? Бас сайн ажил хийдэг буяны байгууллагууд ч бий; тэдний хийдэг ажил сайн үйлс биш юм уу?” гэж зарим хүн хэлж магад. Чи тэр талаар юу гэх вэ? Сатан хүнийг завхруулахын тулд олон өөр арга барил болон онол ашигладаг; хүний энэ завхрал бүрхэг ойлголт уу? Үгүй, энэ бүрхэг биш. Сатан бас зарим нэг бодитой зүйл хийж, энэ ертөнц, нийгэмд үзэл бодол, онолоо бас дэвшүүлдэг. Улс гүрэн болгонд, эрин зуун бүрд Сатан нэг онол дэвшүүлж, хүмүүсийн оюун санаанд үзэл бодол шингээдэг. Эдгээр бодол, онол нь аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэж, дараа нь хүмүүс тэдгээрийн дагуу амьдарч эхэлдэг. Нэгэнт тэдгээрийн дагуу амьдарч эхлэхээрээ хүмүүс өөрийн мэдэлгүй Сатан болдог бус уу? Тэгээд Сатантай нэгддэг бус уу? Хүмүүс Сатантай нэг болчихоор эцэстээ Бурханд хэрхэн ханддаг вэ? Энэ нь Бурханд хандах Сатаны хандлагатай адилхан бус уу? Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, тийм биз? Яасан аймшигтай гээч! Сатаны уг чанар ёрын муу гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнийг Би үндэслэлгүйгээр хэлдэг юм биш; харин Сатаны уг чанар бол хийсэн зүйл, илчилсэн юман дээр нь үндэслэн тодорхойлогдож, шинжигдсэн. Сатан ёрын муу гэж Би дөнгөж сая хэллээ; та нар юу гэж бодох вэ? “Сатан харваас ёрын муу” гэж бодно. Тэгэхээр Би чамаас асууна: “Сатаны ямар тал нь ёрын муу байдаг юм бэ?” Хэрвээ чи “Сатан Бурханыг эсэргүүцдэг нь ёрын муу” гэж хэлбэл мөн л тодорхой ярихгүй байгаа хэрэг. Одоо Би нарийн ширийн зүйлийн талаар ингээд ярьсан болохоор Сатаны ёрын муу мөн чанарын онцгой агуулгын талаар та нар ойлгов уу? (Тэглээ.) Хэрвээ та нар Сатаны ёрын муу уг чанарыг тодорхой харж чадвал өөрсдийнхөө нөхцөл байдлыг харна. Энэ хоёр зүйлийн хооронд ямар нэгэн харилцаа байна уу? Энэ нь та нарт нэмэртэй юу, үгүй юү? (Нэмэртэй.) Бурханы ариун байдлын мөн чанарын талаар нөхөрлөх үедээ Би Сатаны ёрын муу мөн чанарын талаар нөхөрлөх шаардлагатай юу? Та нар энэ тухай юу гэж бодож байна? (Тийм ээ, шаардлагатай.) Яагаад? (Сатаны ёрын муу нь Бурханы ариун байдлыг тод томруун болгодог.) Тэгдэг гэж үү? Энэ нь нэг талаар зөв, Сатаны ёрын муугүйгээр Бурхан ариун гэдгийг хүмүүс мэдэхгүй; ингэж хэлэх нь зөв. Гэвч Бурханы ариун байдал гагцхүү Сатаны ёрын мууд харш учраас оршин тогтнодог гэж хэлбэл зөв үү? Ийнхүү харилцан эсрэгцүүлж бодох нь буруу. Бурханы ариун байдал нь Бурханы төрөлх мөн чанар юм; Бурхан үүнийг Өөрийн үйл хэргээр илчилдэг хэдий ч энэ нь Бурханы мөн чанарын уг илэрхийлэл, Бурханы төрөлх мөн чанар хэвээр байдаг; хүн үүнийг харж чаддаггүй ч гэлээ энэ нь цаг ямагт оршиж ирсэн бөгөөд Бурханд Өөрт нь угаасаа, төрөлхөөсөө байдаг. Учир нь хүн Сатаны завхарсан зан чанар, Сатаны нөлөөн дунд амьдардаг бөгөөд ариун байдлын тухай мэддэггүй, Бурханы ариун байдлын онцгой агуулгыг бүр ч мэддэггүй. Иймээс, бид эхлээд Сатаны ёрын муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай юу? (Тийм ээ, шаардлагатай.) “Та Бурханы Өөрийнх нь талаар нөхөрлөж байж яагаад Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг, Сатаны уг чанар ямар ёрын муу байдаг талаар үргэлж яриад байгаа юм бэ?” гэж зарим хүн эргэлзээгээ илэрхийлж болох юм. Одоо та нар энэ эргэлзээгээ орхисон биз дээ? Хүмүүс Сатаны ёрын мууг ялган таньж, яг таг тодорхойлж, ёрын муугийн онцгой агуулга, илрэл болон ёрын муугийн эх сурвалж, мөн чанарыг тодорхой ойлгож чадахаараа л Бурханы ариун байдлыг хэлэлцэх замаар Бурханы ариун байдал гэж юу болох, ариун байдал гэж юу болохыг тодорхой ухаарч, таньж чаддаг. Би Сатаны ёрын муугийн талаар ярихгүй бол нийгэмд болон хүмүүсийн дунд хүмүүсийн хийдэг зарим зүйл—эсвэл энэ ертөнцөд оршдог зарим зүйл—ариун байдалтай ямар нэг холбоотой гэж зарим хүн эндүүрч итгэнэ. Ингэж бодох нь буруу бус уу? (Тийм ээ, буруу.)

Сатаны мөн чанарын талаар Би ийнхүү нөхөрлөлөө, тэгвэл өнгөрсөн хэдэн жилд та нар өөрсдийн туршлага, Бурханы үгийг уншсанаасаа, Түүний ажлыг туулсан туршлагаасаа Бурханы ариун байдлын талаар ямаршуу ойлголт авсан бэ? За, энэ талаар яриач. Чи чихэнд чимэгтэй үг хэрэглэх албагүй, зүгээр л өөрийн туршлагаас ярихад болно. Бурханы ариун байдал гагцхүү Бурханы хайраас бүрддэг үү? Ариун байдал гэж бидний хэлдэг нь ердөө Бурханы хайр уу? Тэгвэл хэтэрхий өрөөсгөл болно, тийм биз? Бурханы хайраас гадна Бурханы мөн чанарын бусад тал байдаг уу? Та нар тэдгээрийг харсан уу? (Тийм ээ. Баяр наадам, зан заншил, мухар сүсгийг Бурхан жигшдэг; энэ ч мөн Бурханы ариун байдал юм.) Бурхан ариун тул юмсыг жигшдэг гэж хэлэх гээд байна уу? Тийм бол Бурханы ариун байдал гэж яг юу юм бэ? Бурханы ариун байдалд дорвитой агуулга үгүй, зөвхөн үзэн ядалт байдаг хэрэг үү? Та нар санаандаа “Бурхан эдгээр ёрын муу зүйлийг үзэн яддаг учраас Бурханыг ариун гэж хэлж болно” гэж бодож байна уу? Энэ чинь таамаг биш үү? Энэ нь гаргалгаа, дүгнэлтийн нэг хэлбэр биш үү? Бурханы мөн чанарыг бид ойлгохдоо заавал зайлсхийх ёстой хамгийн том алдаа эндэл юу вэ? (Бодит байдлыг ардаа орхиж, оронд нь хоосон сургаал ярьдаг.) Энэ бол маш том алдаа эндэл. Өөр зүйл бий юу? (Таамаглал, төсөөлөл.) Эдгээр нь ч мөн маш ноцтой алдаа эндэл. Таамаг, төсөөлөл яагаад хэрэггүй вэ? Чи таамаглаж, төсөөлдөг зүйлээ үнэхээр харж чаддаг уу? Тэдгээр нь Бурханы жинхэнэ мөн чанар мөн үү? (Биш.) Өөр юунаас зайлсхийх ёстой вэ? Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо зүгээр л сайхан үг цээжээр урсгах нь алдаа эндэл мөн үү? (Мөн.) Ингэх нь сүржин, утга учиргүй байх бус уу? Дүгнэлт, таамаглал нь сайхан үг сонгож хэлэхтэй адилхан утгагүй байдаг. Хоосон магтаал ч мөн утгагүй, тийм биз? Хүмүүс иймэрхүү хий дэмий юм ярихыг сонсоод Бурхан баярладаг уу? (Үгүй, баярладаггүй.) Үүнийг сонсоод Бурхан эвгүйцдэг! Бурхан бүлэг хүмүүсийг замчилж, аврах үед энэхүү бүлэг хүмүүс нь Түүний үгийг сонссоныхоо дараа юу гэсэн утгатайг нь огт ойлгодоггүй. “Бурхан сайн уу?” гэж хүн асууж болно, тэд “Тийм ээ!” гэж хариулна. “Хэр сайн юм бэ?” “Маш сайн!” “Бурхан хүнд хайртай юу?” “Хайртай!” “Хэр их хайртай вэ? Чи дүрслээд хэлж чадах уу?” “Маш их! Бурханы хайр тэнгэрээс ч өндөр, далайгаас ч гүн!” Эдгээр үг дэмийрэл бус уу? Ийм дэмийрэл нь “Бурхан Сатаны завхарсан зан чанарыг үзэн яддаг учраас Бурхан бол ариун” гэж та нарын сая хэлсэнтэй адилхан бус уу? (Тийм ээ.) Та нарын сая хэлсэн үг дэмийрэл биш үү? Тэгвэл яригддаг дэмий юмны дийлэнх нь хаанаас гардаг вэ? Яригддаг дэмий зүйл нь гол төлөв хүмүүс Бурханд хариуцлагагүй хандаж, Түүнийг хүндэлдэггүйгээс үүддэг. Ингэж хэлж болох уу? Чи ямар ч ойлголтгүй байсан атлаа хий дэмий юм ярьсан. Энэ чинь хариуцлагагүй хэрэг бус уу? Энэ чинь Бурханд хүндэтгэлгүй хандсан хэрэг бус уу? Чи зарим нэг мэдлэг олж, жаахан тайлбар, логик ойлгож авчхаад үүнийгээ ашигласан төдийгүй Бурханыг ойлгох арга зам болгон ийм зүйл хийлээ. Чиний ингэж хэлэхийг сонсоод Бурхан дургүйцнэ гэж чи боддог уу? Та нар яаж эдгээр арга барилыг ашиглан Бурханыг мэдэхээр оролдож чадна вэ? Та нар ингэж ярихад эвгүй сонсогдохгүй байна уу? Иймээс Бурханы талаарх мэдлэгтээ хүн маш болгоомжтой байх ёстой; Бурханыг мэддэг хэр хэмжээндээ л ярь. Энгийн, бодитой ярь, үгээ бялдууч магтаалаар бүү гоёж чим, зусар үг бүү хэрэглэ; Бурханд энэ хэрэггүй; иймэрхүү зүйл Сатанаас гардаг юм. Сатан биеэ тоосон зан чанартай; Сатан хоосон магтаал, сайхан үг сонсох дуртай. Хүмүүс сурсан бүх сайхан үгээ цээжээр уншиж, тэднийгээ Сатанд хэлбэл Сатан баярлаж, сэтгэл хангалуун байх болно. Гэвч Бурханд энэ хэрэггүй; зусардаж, бялдуучлах нь Бурханд хэрэггүй бөгөөд Бурхан хүмүүсээс дэмий юм ярьж, Өөрийг нь сохроор магт гэж шаарддаггүй. Бодит байдлаас зөрүүтэй магтаал, зусар үгийг Бурхан жигшиж, бүр огт сонсохгүй. Иймээс зарим хүн Бурханыг худал магтан, сохроор тангараг өгч, залбирахад Бурхан огт сонсдоггүй. Чи хэлж байгаа зүйлээ хариуцах ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйлийг мэдэхгүй бол зүгээр л тэгж хэл; мэдэж байгаа бол үүнийгээ бодитой байдлаар илэрхийл. Тэгвэл, Бурханы ариун байдал яг үнэндээ юунд хүргэдэг вэ, энэ талаарх жинхэнэ ойлголт та нарт бий юу? (Би тэрслүү байдлаа илэрхийлж, гэм бурууг үйлдээд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан бөгөөд тэндээс Бурханы ариун байдлыг харсан. Бас миний санаж байсантай нийцээгүй орчинтой тулгарах үедээ эдгээр зүйлийн талаар залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайсан бөгөөд намайг үгээрээ гэгээрүүлж, залж чиглүүлэх үед нь Бурханы ариун байдлыг би харсан.) Энэ чиний өөрийн туршлага байна. (Сатан завхруулж, хорлосны дараа хүн ямар болдог вэ гэдгийг би Бурханы хэлсэн үгээс харсан. Гэсэн хэдий ч Бурхан биднийг аврахын тулд бүхнээ өгсөн бөгөөд эндээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Бодитой байдлаар ярих гэдэг бол энэ юм; энэ бол жинхэнэ мэдлэг юм. Үүнийг өөрөөр ойлгох арга зам байна уу? (Еваг уруу татан нүгэл үйлдүүлэх гэж хэлсэн үгээс нь, мөн Эзэн Есүсийг сорьсноос нь би Сатаны ёрын мууг хардаг. Адам, Ева хоёрт юу идэж болох, юу идэж болохгүй гэдгийг хэлсэн Бурханы үгээс би Бурхан илэн далангүй, тодорхой, итгэл үнэмшилтэй ярьдаг гэдгийг хардаг; эндээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Дээрх яриаг сонсоод аль нь та нарыг “амен” гэж хэлэхэд хамгийн их урамшуулж байна вэ? Хэнийх нь нөхөрлөл өнөөдрийн нөхөрлөсөн сэдэвт хамгийн ойр байв? Сүүлийн эгчийн нөхөрлөл ямар байсан бэ? (Сайн байсан.) Тэр эгчийн хэлсэн үгэнд та нар “амен” гэж хэлж байна. Эгчийн ямар үг яг голыг нь олж хэлсэн бэ? (Бурханы үг илэн далангүй, маш тодорхой байдаг бөгөөд Сатаны тойруу яриатай огт адилгүй гэдгийг би энэ эгчийн сая хэлсэн үгээс сонслоо. Үүнээс би Бурханы ариун байдлыг харсан.) Энэ бол нэг хэсэг нь. Энэ зөв үү? (Зөв.) Маш сайн байна. Та нар өнгөрсөн хоёр нөхөрлөлөөс юм олж авсан нь харагдаж байна, гэхдээ та нар шаргуу ажиллахаа үргэлжлүүлэх ёстой. Учир нь, Бурханы мөн чанарыг ойлгоно гэдэг маш гүн гүнзгий хичээл юм; үүнийг хүн нэг хоногийн дотор ойлгож авдаг юм биш, мөн цөөн хэдхэн үгээр тодорхой илэрхийлж чаддаг ч юм биш.

Хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанар, эрдэм мэдлэг, гүн ухаан, хүмүүсийн бодол, үзэл санааны бүх тал, хувь хүний зарим нэг хувийн тал Бурханы мөн чанарыг мэдэхэд нь асар их саад болдог; иймээс эдгээр сэдвийг сонсоход зарим нь чиний хэрээс хэтэрсэн байж магад; заримыг нь чи ойлгохгүй байхад заримыг нь үндсэндээ бодит байдалтай холбож чадахгүй байж болох юм. Ямар ч атугай, Бурханы ариун байдлын талаарх та нарын ойлголтыг Би сонслоо, бас Бурханы ариун байдлын талаарх Миний хэлсэн үг, хийсэн нөхөрлөлийг та нар зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч эхэлж байгааг Би мэдэж байна. Та нарын зүрх сэтгэлд Бурханы ариун байдлын мөн чанарыг мэдэх хүсэл нахиалж эхэлж байгааг Би мэднэ. Гэвч та нарын зарим нь Бурханы ариун байдлын талаарх мэдлэгээ аль хэдийн хамгийн энгийн үг ашиглан тайлбарлаж чаддаг болсон нь Намайг бүр ч илүү баярлуулж байна. Энэ нь хэдийгээр хэлэхэд энгийн зүйл бөгөөд Би өмнө нь үүнийг хэлсэн ч гэлээ та нарын олонх чинь зүрх сэтгэлдээ эдгээр үгийг хүлээн зөвшөөрөх хараахан болоогүй ба үнэндээ оюун санаанд чинь ямар ч сэтгэгдэл үлдээгүй байна. Гэхдээ та нарын зарим нь эдгээр үгийг цээжилчхэж. Энэ бол маш сайн, тун ирээдүйтэй эхлэл. Та нар гүнзгий гэж боддог сэдвээр—эсвэл ойлголтоос чинь давсан сэдвүүдээр улам их эргэцүүлж, улам л их нөхөрлөнө гэж Би найдаж байна. Чиний ойлгодоггүй асуудлуудаар илүү удирдамж өгч чадах хүн гарч ирнэ. Хэрвээ одоо мэддэг салбаруудынхаа тухай илүү их нөхөрлөл хийвэл Ариун Сүнс ажлаа хийж, та нарын ойлголт сайжирна. Бурханы мөн чанарыг ойлгох, Бурханы мөн чанарыг мэдэх нь хүмүүсийн амийн оролтод туйлын чухал байдаг. Та нар үүнийг үл тоомсорлож, тоглоом наргиан гэж бодохгүй гэж Би найдъя, яагаад гэвэл, Бурханыг мэдэх нь хүний итгэлийн суурь бөгөөд үнэнийг эрэлхийлж, аврал олох түлхүүр юм. Хэрвээ хүн Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, гагцхүү үг, хоосон сургаал дотор амьдардаг бол үнэний өнгөц утгын дагуу амьдарч, үйлдэвч авралд хэзээ ч хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй бол итгэл чинь бүгд талаар өнгөрдөг бөгөөд бодит байдлыг огт агуулдаггүй. Та нар ойлгосон биз дээ? (Тийм ээ, ойлголоо.) Өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая.

2014 оны 1 дүгээр сарын 4

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө IV

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө VI

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих