Бурхан бол бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн
Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд, нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэ хоёр үе шатны ажлын аль нь ч Израилийг орхиогүй, тус бүр нь анхны сонгогдсон хүмүүс дээр явагдсан. Тиймээс Ехова Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэж израильчууд итгэдэг. Есүс Иудейд ажиллаж, Өөрийн цовдлолын ажлыг хэрэгжүүлсэн учраас иудейчүүд Түүнийг Иудейн хүмүүсийн золин Аврагч гэж үздэг. Тэрээр өөр бусад ард түмний биш, гагцхүү иудейчүүдийн хаан юм; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг золин авардаг Эзэн ч биш, харин израильчуудыг золин авардаг Эзэн; Тэрээр Израильд иудейчүүдийг золин аварсан гэж тэд боддог. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн израильчуудын, бас зөвхөн иудейчүүдийн ч Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан нь хүмүүст тодорхой үзлийг бий болгожээ. Ехова Өөрийн ажлыг Израильд хийсэн, Есүс Өөрөө ажлаа Иудейд хэрэгжүүлсэн, түүнчлэн Тэр ажиллахын тулд махбод болсон—ямар ч байсан энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж тэд боддог. Бурхан египетчүүд эсвэл энэтхэгчүүдийн дунд ажиллаагүй; Тэр израильчуудын дунд л ажиллаж байсан. Тиймээс хүмүүс янз бүрийн үзэл бий болгож, Бурханы ажлыг тодорхой цар хүрээгээр хязгаарладаг. Тэд, Бурхан ажиллахдаа, сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд ажиллах ёстой; Бурхан израильчуудаас өөр хэн дээр ч ажилладаггүй, Түүний ажилд үүнээс илүү том цар хүрээ гэж үгүй гэдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг дэгтэй байлгах тухайд нэн хатуу чанд байж, Израилийн хил хязгаараас цааш явахыг Түүнд зөвшөөрдөггүй. Энэ бүгд ердөө л хүний үзэл бус уу? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээж, бүх бүтээлийг бүтээсэн учраас Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яахан болох билээ? Тийм байсан бол Тэр бүх бүтээлийг бүтээхийн хэрэг юу байх билээ? Тэр дэлхийг бүхэлд нь бүтээсэн, Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн. Хятад, Америкийн Нэгдсэн Улс, Нэгдсэн Вант Улс, эсвэл Орост амьдардгаас үл хамааран хүн бүр Адамын үр удам; тэднийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Тэднээс нэг нь ч Бурханы бүтээлийн хил хязгаараас зугтаж, нэг нь ч “Адамын үр удам” хэмээх хаяг шошгоос ангижирч чадахгүй. Тэд бүгд Бурханы бүтээгдсэн зүйл, бүгд Адамын үр сад, мөн бүгд Адам, Ева хоёрын ялзарсан үр удам юм. Бурханы бүтээл бол зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүн; ердөө л зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын тухайд олон хүлээн зөвшөөрмөөр зүйл байдаг; тэд хамгийн бага ялзарсан байсан учраас Бурхан эхэндээ тэдэн дээр ажиллаж байв. Хятадуудыг тэдэнтэй харьцуулшгүй; хавьгүй илүү дорд муу. Тиймээс Бурхан анхандаа Израилийн ард түмний дунд ажилласан бөгөөд Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Энэ нь хүний дунд олон үзэл, дүрэм журам гарахад хүргэсэн. Үнэндээ, хэрвээ хүний үзлийн дагуу үйлдсэн бол Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан, ийм учраас Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд дэлгэрүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн. Яагаад ингэж зөгнөсөн бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр энэ ажлыг түгээхгүй, ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүдийн дунд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг гарцаагүй дэлгэрүүлнэ. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр үүнийг хийх ёстой; энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудын дунд, эсвэл бүх Иудей даяар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн, бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны улс орон—Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил нь бас л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлсэн бус уу? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь агуу улаан лууны улс оронд хийж байгаа Түүний энэ ажил юм. Тэрхүү бие махбодтой болсон Бурхан энэ газар нутагт ажиллаж, энэ хараагдсан хүмүүсийн дунд ажиллах ёстой нь ялангуяа хүний үзэлтэй нийцдэггүй; энэ хүмүүс бол хамгийн дорд, ямар ч үнэ цэнгүйн дээр тэд анх Еховад хаягдсан билээ. Хүмүүс бусад хүнд хаягдаж болно, харин тэд Бурханд хаягдсан бол хамгийн дорд байр суурьтай, хамгийн дорд үнэ цэнтэй байдаг. Бурханы бүтээгдсэн зүйлийн хувьд, Сатанд эзэмдүүлж, бусад хүнд хаягдах нь маш зовлонтой санагддаг зүйл боловч, бүтээгдсэн зүйл Бүтээгчдээ хаягдана гэдэг нь тэд үүнээс дорд байр суурьтай болох боломжгүй гэсэн үг юм. Моабын үр удам хараагдаж, энэхүү харанхуй бүдүүлэг улсад төрсөн; Харанхуйн нөлөөнд байдаг бүх хүнээс Моабын үр удам л эргэлзээгүй хамгийн дорд байр суурьтай. Энэ хүмүүс эдүгээ хүртэл хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдэнд хийгдсэн ажил хүний үзлийг эвдэж хамгийн сайн чаддаг бөгөөд мөн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд бүхэлд нь хамгийн үр ашигтай юм. Энэ хүмүүсийн дунд ийм ажил хийх нь хүний үзлийг эвдэх хамгийн сайн арга зам бөгөөд үүгээрээ Бурхан эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг эвддэг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үе даяарх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн хил хязгаар дотор Иудейд хэрэгжсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдийн дунд хийгээгүй. Ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн дунд хэрэгжээд зогсохгүй, хараагдсан хүмүүсийн дунд илүү их хэрэгждэг. Энэ нэг зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох боломжтой нотолгоо учраас Бурхан, орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан, бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний хувьд шүтэн мөргөх объект нь “болдог”.
Бурхан ямар шинэ ажил эхлүүлснийг одоо ч ойлгоогүй хүмүүс өнөөдөр бий. Харь үндэстнүүдийн дунд Бурхан шинэ эхлэлийн үүдийг нээсэн. Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг санаачилсан, Тэр энэ ажлыг Моабын үр удам дээр гүйцэтгэдэг. Энэ Түүний хамгийн шинэ ажил бус уу? Түүхэнд хэн ч энэ ажлыг өмнө нь туулж байгаагүй. Үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсож байгаагүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы ойлгогдошгүй байдал, Бурханы агуу байдал, Бурханы ариун байдал бүгд ажлын энэ үе шат буюу эцсийн өдрүүдийн ажлаар дамжин илрэхэд хүрдэг. Хүний үзлийг эвдэх шинэ ажил энэ бус уу? “Бурхан Моабыг харааж, Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн байхад одоо яаж тэднийг аварч болох юм бэ?” хэмээн боддог хүмүүс бий. Эдгээр нь Бурханы хараасан, Израилиас хөөгдөн гарсан Харь үндэстнүүд юм; израильчууд тэднийг “Харийн ноход” гэж нэрлэж байсан. Хүн бүрийн үзэл бодлоор бол, тэд зөвхөн Харийн ноход байгаад зогсохгүй, бүр долоон дор, сүйрлийн хөвгүүд юм; өөрөөр хэлбэл, тэд Бурханы сонгосон хүмүүс биш. Тэд Израилийн газар нутаг дотор төрсөн боловч Израилийн ард түмэнд харьяалагддаггүй бөгөөд Харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтний дундаас хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх ажлаа тэдний дунд хэрэгжүүлдэг, учир нь тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бурханы ажил сонголттой агаад зорилготой; өнөөдөр энэ хүмүүст хийж буй Түүний ажил нь мөн бүтээл дээр гүйцэтгэдэг ажил юм. Ноа Бурханы бүтээсэн зүйл байсан, түүний үр удам ч мөн адил. Дэлхий дээрх мах, цуснаас бүтсэн хэн боловч Бурханы бүтээсэн зүйл билээ. Бурханы ажил бүх бүтээлд чиглэдэг; бүтээгдсэнийхээ дараа хараагдсан эсэхээс энэ нь хамаардаггүй. Түүний удирдлагын ажил нь хараагдаагүй, сонгогдсон хүмүүст зөвхөн биш, бүх бүтээлд чиглэдэг. Бурхан Өөрийн ажлыг бүтээлийнхээ дунд хэрэгжүүлэхийг хүсдэг тул Тэр үүнийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь гарцаагүй, Тэрээр Өөрийнх нь ажилд ашиг тустай хүмүүсийн дунд ажиллана. Тиймээс хүмүүсийн дунд ажиллахдаа Тэрээр бүх тогтсон ёсыг эвддэг; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн”, “ерөөгдсөн” гэдэг үг ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол сайн, Израилийн сонгогдсон хүмүүс ч бас адил; тэд бол сайн хэв чанар, хүн чанартай хүмүүс мөн. Ехова эхэндээ Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлж, Өөрийн хамгийн анхны ажлыг гүйцэтгэсэн, гэхдээ өнөөдөр тэдэн дээр байлдан дагуулах ажлыг гүйцэтгэх нь утгагүй байх байлаа. Хэдийгээр тэд бас бүтээлийн нэг хэсэг, тэдэнд олон эерэг зүйл байж болох ч ажлын энэ үе шатыг тэдний дунд гүйцэтгээд утгагүй байх болно; Бурхан хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй, бас бүх бүтээлийг үнэмшүүлж ч чадахгүй байх болно. Ийм л учраас агуу улаан лууны улс орны хүмүүст Өөрийн ажлыг шилжүүлэх хэрэгтэй юм. Үүний хамгийн чухал ач холбогдол нь, Тэрээр эрин үеийг эхлүүлж, бүх дүрэм журам, хүний үзлийг эвдэж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг бүхэлд нь дуусгах билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, израильчууд л Бурханы сонгосон хүмүүс, израильчууд л Бурханы ерөөл, амлалтыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн бодох байв. Бурхан эцсийн өдрүүдэд агуу улаан лууны Харь улс оронд бие махбодтой болсон нь бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан байх ажлыг нь гүйцэлдүүлж, Түүний удирдлагын ажлыг бүхэлд нь дуусгаж, Түүний удирдлагын ажлын гол хэсгийг агуу улаан лууны улс оронд төгсгөдөг. Ажлын энэхүү гурван үе шатны цөм нь хүнийг аврах явдал—өөрөөр хэлбэл, бүх бүтээгдсэн зүйлээр Бүтээгчийг шүтэн мөргүүлэх явдал юм. Иймээс ажлын үе шат бүр асар их утга учиртай; Бурхан утга учиргүй, эсвэл үнэ цэнгүй юу ч хийдэггүй. Нэг талаар, ажлын энэ үе шат шинэ эрин үеийг эхлүүлж, өмөх хоёр эрин үеийг төгсгөдөг; нөгөө талаар, энэ нь хүмүүсийн бүх үзлийг нурааж, хүмүүсийн итгэдэг хуучин арга барил болон аливааг ойлгодог хуучин арга барилыг бүгдийг нь эвддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил хүний өөр өөр үзлийн дагуу явагдсан; харин энэ үе шат хүний үзлийг бүрмөсөн үгүй хийж, улмаар хүнийг бүрэн байлдан дагуулдаг. Моабын үр удмыг байлдан дагуулснаар дамжуулан, Моабын үр удам дээр гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурхан бүх орчлон ертөнцийн хүмүүсийг байлдан дагуулна. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны хамгийн гүн гүнзгий ач холбогдол, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнтэй тал юм. Одоо чи дорд байр суурьтай, үнэ цэн багатай гэдгээ мэддэг байлаа ч гэсэн, ийм агуу ерөөлийг өвлөж, ийм агуу амлалтыг хүлээн авсан гэдгээ, мөн Бурханы энэхүү агуу ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж, Бурханы жинхэнэ дүр төрхийг харж, Бурханы төрөлх зан чанарыг мэдэж, Бурханы хүслийг дагаж чадна гэдгээ мэдрэх бөгөөд үүнийг хамгийн баяр баясгалантай зүйл гэж үзэх болно. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Хэрвээ эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат ч бас израильчууд дээр явагдсан бол бүх бүтээгдсэн зүйл зөвхөн израильчуудыг л Бурханы сонгосон хүмүүс гэж үзээд зогсохгүй, Бурханы удирдлагын төлөвлөгөө бүхэлдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх байв. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдах хугацаанд Харь үндэстнүүдийн дунд ямар ч шинэ ажил—эсвэл шинэ эрин үеийг эхлүүлэх ямар ч ажил хийгдээгүй. Өнөөдрийн ажлын үе шат буюу шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь эхлээд Харь үндэстнүүдийн дунд явагдаж байгаа, цаашлаад Моабын үр удам дээр анх хэрэгжиж, улмаар бүхэл бүтэн эрин үеийг эхлүүлж байна. Бурхан хүний үзэлд агуулагддаг ямар ч мэдлэгийг нураасан, үүнээс юу ч үлдээгээгүй. Байлдан дагуулах ажилдаа Тэрээр хүний үзлийг, мөн хүмүүсийн аливааг ойлгодог хуучны, урьдын арга замыг эвдсэн. Бурханд ямар ч дүрэм журам байдаггүй, Бурханд хуучин зүйл гэж юу ч үгүй, Түүний хийдэг ажил бүрэн чөлөөлөгдсөн, бүрэн эрх чөлөөтэй, Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг Бурхан хүмүүст харуулдаг. Бүтээгдсэн зүйлс дээр Түүний хийдэг ямар ч ажлыг чи бүрэн дуулгавартай дагах ёстой. Бурханы хийдэг бүх ажил утга учиртай бөгөөд хүний сонголт, үзлийн дагуу биш, харин Бурханы Өөрийнх нь санаа зорилго, мэргэн ухааны дагуу явагддаг. Хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиг тустай бол Тэр үүнийг хийдэг; харин Түүний ажилд ашиг тусгүй бол хэчнээн сайн байсан ч Тэр хийдэггүй! Тэрээр ажлынхаа утга учир, зорилгод нийцүүлэн ажиллаж, ажлынхаа бай болон байршлыг сонгодог. Тэр ажиллахдаа өнгөрсөн үеийн дүрэм журмыг баримталдаггүй, хуучин хэв маягийг ч дагадаггүй. Харин Тэр ажлынхаа ач холбогдлын дагуу ажлаа төлөвлөдөг. Эцэст нь Тэрээр жинхэнэ үр дүн, хүлээгдэж буй зорилгодоо хүрэх болно. Хэрвээ чи өнөөдөр эдгээр зүйлийг ойлгохгүй бол энэ ажил чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.