Бурханыг дагах гэж юу вэ? Хүнийг дагах гэж юу вэ?
Холбогдох Бурханы үг:
Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийгa олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж итгэдэг. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!
Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм. Өөрийг нь нэг жил дагасны дараа Есүс Петрийг арван хоёр шавийнхаа дундаас сонгожээ. (Мэдээж Есүс үүнийгээ ил хэлээгүй бөгөөд бусад нь энэ тухай огт мэдээгүй юм.) Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм. Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа. Есүс хийдэг зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй байсан; Өөрийнхөө талаар онгирохын оронд хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөдөг байсныг Есүсийн амьдрал харуулдаг. Есүс юу болохыг янз бүрийн зүйл харуулсан бөгөөд үүнээс үүдэн Петр Түүний бүх зүйлийг даган дуурайсан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, Петрийн амьдралын тухайд
1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.
………………………
8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг
Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л солиотой араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.
Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.
Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?
Гаднаа сүнслэг, журамт, эрхэмсэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний бодлоор бол тэдний шүтэн биширдэг, гэр бүл, ажлаа орхиж чадна гэдэгт нь итгэдэг, өнгөн талдаа төлөөс төлж чаддаг мэт санагддаг шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг, сайн төгсгөл болоод сайн хүрэх газарт үнэхээр хүрч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм. Юунаас болж тэд ийм зүйлд итгэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.
Хүмүүсийн үзэл бодол, хэрэгжүүлэлтийн арга барил, тэд хэрэгжүүлэлтийн аль зарчмыг авч хэрэгжүүлэхээр сонгодог, дор бүрнээ юунд анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг тухай эдгээр асуудал нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөц хэрэг явдал, эсвэл гүнзгий асуудал, үсэг, сургаал номлол, эсвэл бодит байдлыг анхаардаг ч байсан гэсэн өөрсдийн хамгийн их баримталбал зохих зүйлээ баримталдаггүй, өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ ч мэддэггүй. Үүний шалтгаан бол хүмүүс үнэнд огт дургүй; тиймээс тэд Бурханы айлдвар дахь хэрэгжүүлэлтийн зарчмуудыг эрж хайж, хэрэгжүүлэхэд цаг зав, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт зам ашиглан, өөрсдийн сайн хэрэгжүүлэлт, сайн зан авир гэж ойлгож, мэддэгээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг; энэхүү дүгнэлт нь хожим өөрсдийнх нь эрэлхийлэх зорилго болдог бөгөөд үүнийгээ тэд хэрэгжүүлэх үнэн гэж үздэг. Үүний шууд үр дагавар нь хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх явдлыг хүний сайн зан авираар орлуулан ашигладаг ба энэ нь бас хүмүүсийн Бурханд тал олж авах гэсэн хүслийг хангадаг. Энэ нь тэдэнд үнэнтэй тэмцэлдэх хөрөнгийг өгдөг, үүнийг ашиглан тэд бас Бурханыг ятгаж, Түүнтэй өрсөлддөг. Үүний зэрэгцээ хүмүүс бас Бурханыг эрээ цээргүйгээр хаяж, шүтэн биширдэг шүтээнээ Түүний оронд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? Ийм хүмүүс нь Паулын төрөл билээ…
Хүмүүс Бурханд итгэхдээ бусдыг дагадаг байсан ч бай, эсвэл Бурханы хүслийг хангаагүй ч бай, сүүлчийн энэ үе шатанд эцэстээ Бурханы өмнө очих ёстой. Хэрэв чи ажлын энэ үе шатыг туулсан суурьтай атлаа бусдыг дагасаар байвал уучлагдах аргагүй бөгөөд яг л Паул шиг дуусна.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”
Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч үнэндээ хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй) Яагаад? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг… Иймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхах чадваргүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин, Иудейн шашинд итгэдэг хүмүүсийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай эцсийн эцэст хүмүүсийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол ийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог энэ хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан атлаа Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашин, ердөө хүмүүсийн бүлэг, хүмүүсийн бүлэглэл, Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд Бурхан тэднийг туйлын их үзэн яддаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”
Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга-aaс эш татав
Тайлбар:
а. Эх бичвэрт “Түүнийг” гэдэг үг байдаггүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?