Библи яаж үүссэн бэ? Библи гэж яг ямар ном вэ?

2021-03-14

Холбогдох Бурханы үг:

Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг хийсны дараа Хуучин Гэрээ бий болсон бөгөөд тэр үед хүмүүс Библийг уншиж эхэлсэн юм. Есүс ирснийхээ дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийж, элч нар нь Шинэ Гэрээг бичжээ. Тийнхүү Библийн Хуучин болон Шинэ Гэрээ бий болсон бөгөөд бүр өнөөг хүртэл, Бурханд итгэдэг бүх хүн Библийг уншсаар ирсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь бас эш үзүүлэгчдийн зарим зөгнөлийг агуулдаг бөгөөд эдгээр зөгнөл яавч түүх биш. Библи хэд хэдэн хэсгийг агуулдаг—үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил, бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Библи хэдэн хэсгийг агуулдгийг чи мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл… зэргийг багтаадаг ба бас эш үзүүлэгчдийн бичсэн зөгнөлийн номууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагийн удирдсан Хуулийн эрин үеийн ажлыг тэмдэглэсэн байдаг; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг тэмдэглэсэн байдаг. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өргөсөн асар олон тооны эш үзүүлэгч Түүний зөгнөлийг хэлж, янз бүрийн овог аймаг, улс үндэстэнд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн юм. Өргөгдсөн энэ хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгчээ: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чаддаг байсан ба ийнхүү тэд Түүний онгодыг хүртэж, зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил Еховагийн дуу хоолойн илэрхийлэл, Еховагийн зөгнөлийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үеийн Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлэх явдал байв; Тэрээр махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй юм. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчийг өргөж, тэдэнд зөн билгүүдийг өгснөөр тэд үүнийг Израилийн бүх овог, урагт дамжуулжээ. Тэдний ажил нь зөгнөл хэлэх явдал байсан ба тэдний зарим нь бусдад харуулахын тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичиж тэмдэглэсэн. Ехова, зөгнөл хэлж, ирээдүйн ажил юм уу тухайн үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөг гэж энэ хүмүүсийг өргөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болон мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр ном нь Библийн бусад номоос нэлээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагаас үзэгдэл юм уу дуу хоолой олж авсан хүмүүсийн ярьсан, бичсэн үгс байв. Зөгнөлийн номуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн тэмдэглэл юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр ном нь Еховагийн өргөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад ном нь ажил дууссаны дараа бичигдсэн бөгөөд хүмүүс үүнийг хийх чадвартай байлаа. Тухайн үеийн эш үзүүлэгчдэд Еховагийн онгод өгөгдөж, зарим зөгнөлийг хэлсэн ба тэд олон үг хэлж, Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг болон Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил буюу эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн ном нь бүгд Израильд Еховагийн хийсэн ажлыг тэмдэглэсэн байдаг. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Израильд хийсэн Еховагийн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь үндсэндээ Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажил болон израильчуудыг Египетээс удирдан гаргахад Мосег хэрэглэснийг нь тэмдэглэсэн байдаг бөгөөд Мосе израильчуудыг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, цөлд аваачин, улмаар тэд Канаанд орсноор үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын тэмдэглэлүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дахь Еховагийн ажил, Адам Еваг бүтээсэн газар нутагт хийсэн Еховагийн ажил билээ. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилийн гаднах өөр ямар нэг ажил тэмдэглэгдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч улс орон байгаагүй ба Ехова өөр ямар нэгэн газарт ажиллаагүй. Ийм маягаар, Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь гагцхүү тухайн үеийн Израиль дахь Бурханы ажил юм. Эш үзүүлэгчид, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үг … тэдний үг газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номоос гадна бусад бүх зүйл нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн тэмдэглэл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Библи чухамдаа ямар ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн байдаг ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын тухай тэмдэглэлийг төгсгөдөг. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг тэмдэглэсэн байдаг: Нэг нь бүтээлийн ажил, нөгөө нь хууль гаргах явдал юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Ехова Бурханы нэрийн доорх ажлыг төлөөлдөг; энэ нь үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг тэмдэглэсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голчлон Есүсийн нэрийн дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэрийн ач холбогдол болон Түүний хийсэн ажил ихэвчлэн Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьж, газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг нотолсон юм. Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан тул Хуулийн эрин үеийн ажил нь төгсөх хүртэл Ехова үргэлж тэдний дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох иудей хүмүүсийн дунд хийгджээ. Есүс махбодтой болсон Бурхан байсан учраас ажлын цар хүрээ нь илүү бага байсан юм. Есүс Иудейн газар нутаг даяар л ажилласан ба гурван жил хагасын л ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн ажлын хэмжээг давж ер чадахааргүй байв.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Библийг бас Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. “Гэрээ” гэж юуг хэлдгийг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байв. Үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба үүнд, хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд буюу Бурханы сонгосон хүмүүс бөгөөд бүгдийг нь Ехова өршөөнө гэж бичсэн байлаа (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан юм). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай. Египетийн ямар ч хүн, эсвэл малыг Ехова аврахгүй байх байсан; Тэрээр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байв. Тиймээс Еховагийн гэрээний үр дүнд египетчүүд хатуу чанд гэсгээгдэнэ гэж зөгнөлийн олон номд урьдчилан хэлсэн байлаа. Энэ бол гэрээний эхний түвшний утга учир юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, израильчуудыг бүгдийг нь өршөөсөн нь Израиль нутгийн бүх хүнийг Ехова нандигнан хайрлаж, бүгдийг нь өршөөх байсан гэх утгатай байсан юм; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүсэж, хурганы цус ашиглан тэдэнтэй гэрээ байгуулжээ. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгосон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн ажлаа эхлүүлж, Өөрийн бүх хуулийг израильчуудад илчилж, тэдний дундаас эш үзүүлэгчид, шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байлаа. Эрин үе өөрчлөгдөхгүй л бол зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд ажиллана гэсэн гэрээг Ехова тэдэнтэй байгуулжээ. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгосон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгож, үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан тул хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын дундах Бурханы ажлыг тэмдэглэсэн байдаг. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх бүртгэл хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулдаг. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номуудыг Хуучин Гэрээ гэж нэрлэдэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.

Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болон Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан гэрээгээр нь нэрлэгдсэн. Есүсийн гэрээ ийм байв: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, нүгэлтнүүд байхаа болих байсан; хүмүүс Түүнд итгэж байж л Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан юм. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулдаг. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал, эсвэл гэрээнээс цааш хэтэрдэггүй; тэдгээр нь бүгд Эзэн доторх, туршлагатай ахан дүүсийн бичсэн ном. Тиймээс эдгээр ном ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээрийг Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 2

Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4-өөс эш татав

Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөл, түүнчлэн тухайн үеийн Еховагийн ажил дахь зарим айлдварыг баримтжуулдаг. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (Бурхан ариун, агуу учраас) гэж үздэг. Мэдээж энэ нь бүгд Еховаг гэх тэдний хүндлэл, Бурханыг гэх тэдний бишрэлийн үр дүн билээ. Бурханы бүтээлүүд Бүтээгчээ маш их хүндэлж, биширдэг учраас л хүмүүс энэ номыг ингэж хэлдэг бөгөөд энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс ч бий. Үнэндээ энэ нь ердөө л хүний тэмдэглэл юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, биечлэн залж чиглүүлж бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номын зохиолч нь Бурхан биш, харин хүмүүс юм. Ариун Библи гэдэг нь зөвхөн хүний өгсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр өөр хоорондоо хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас цаашгүй. Учир нь энэ номыг Ехова бичээгүй, Есүс бүр ч бичээгүй. Харин ч энэ нь эртний олон эш үзүүлэгч, элч, болон зөнчдийн өгсөн тайлан бөгөөд дараагийн үеийнхэн нь эртний бичвэрийн ном болгон цэгцэлж, улмаар хүмүүст нэн ариун, хожмын үеийнхний нээхийг хүлээж буй ойлгогдошгүй, гүн гүнзгий нууц агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном бол тэнгэрлэг ном мөн гэж бүр ч их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номоос тун өөр байдаг бөгөөд улмаар энэ ном дэндүү “ариун” учраас хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4-өөс эш татав

Өнөөдөр Би ийм маягаар Библийг задлан шинжилж байгаа бөгөөд үүнийг үзэн яддаг, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш юм. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу юм; Библийг ингэж унших нь олж авах ёстой зүйлдээ хүрэхэд нь тэдэнд саад хийгээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр Миний хийхээр зорьдог ажилд саад учруулдаг. Энэ нь хожмын ажлыг асар их үймүүлж, давуу тал бус, зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номоос олдохгүй амийн олон замыг ч бас олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгч, элч нарын туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үг нь үнэ цэнтэйн зэрэгцээ хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан байдаг учраас үүнд хандах хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ эрин үед Ехова, Есүс хоёрт үйлчилж байсан хүмүүсийн туршлага, мэдлэгийн тэмдэглэл, эмхэтгэл тул дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэлт, хэрэгжүүлэх замыг олж авч чадсан билээ. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэр хүмүүсийн бүх бичвэр Библиэс гардаг, мөн тэдний туршлага бүгд Библиэс бий болдог бөгөөд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс, хүмүүс аливаа агуу сүнслэг хүний номоос хангалт олж авч чаддаг хэдий ч Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Библи нь Паулын захидал, Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн хэдий ч, мөн хүмүүс эдгээр номын хангалт, дэмжлэгийг хүртдэг ч эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм. Еховагийн бүтээлийн ажил, эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, мөн л хоцрогдсон байх бөгөөд энэ бүхэн өнгөрөх одох цаг мөн л ирнэ. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирнэ; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд, эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн үнэмшилтэй байсан ч, Сатаныг ялахад хэчнээн үр нөлөөтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эрин үе бол эрин үе юм; ажил үргэлж нэг суурин дээрээ байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж ч чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үг буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, тэгвэл хуучин он дарааллын бичиг хүмүүсийг яаж шинэ эрин үед аваачиж чадах билээ? Эдгээр он дарааллын бичиг хүмүүсийг амиар хангах чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан бус уу? Үнэ цэнгүй бус уу? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлье. Тэдгээр нь хэтэрхий хуучин, чамайг шинэ ажил руу аваачиж чадахгүй бөгөөд чамд зөвхөн ачаа л болно. Тэгээд чамайг шинэ ажил, шинэ оролт руу аваачиж чадахгүйгээр үл барам, шашны хуучин чуулганууд руу аваачна—тэгэх юм бол чи Бурханд итгэх итгэлдээ ухарч байгаа хэрэг бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4-өөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Библид Паул, “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) гэж хэлсэн байдаг. Иймээс Библи дэх бүх үг Бурханы үг мөн. Гэтэл та нар яагаад Библи дэх үг бүгд Бурханы үг биш гэж хэлдэг юм бэ?

Холбогдох Бурханы үг: Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе...

Бурханы бүх үг, ажил Библид тэмдэглэгдсэн бөгөөд Библиэс гадна Бурханы ямар ч үг, ажил оршин байдаггүй гэдэгт бид итгэдэг. Ингэж бодох нь буруу юм гэж үү?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд: “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйл байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих