18-р бүлэг

Бурханы бүх үг зан чанарынх нь нэг хэсгийг агуулдаг. Бурханы зан чанарыг үгээр бүрэн илэрхийлж болохгүй тул Бурхан яг хэчнээн баялаг болохыг харуулахад энэ нь хангалттай. Эцсийн эцэст хүмүүсийн харж, хүрч чаддаг зүйл чадвартай нь адил хязгаарлагдмал байдаг. Бурханы үг тодорхой байдаг хэдий ч хүмүүс бүрэн ойлгож чаддаггүй. Жишээлбэл, эдгээр үгийг аваад үз: “Аянгын гялбаанд амьтан бүр үнэн төрхөө харуулдаг. Тиймээс Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүн ч бас нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц! Эцэстээ бохир ус руу нуран унаж, газрын гадаргаас доош живж, лаг шавар болон уусжээ!” Бурханы бүх үг Түүний оршихуйг агуулдаг, эдгээр үгийг бүх хүн мэддэг хэдий ч утга учрыг нь хэн ч, хэзээ ч мэдээгүй. Бурханы нүдээр бол Өөрийг нь эсэргүүцдэг бүх хүн Бурханы дайсан юм, өөрөөр хэлбэл, ёрын муу сүнснүүдэд харьяалагддаг хүмүүс бол адгууснууд мөн. Чуулганы жинхэнэ байр байдлыг үүнээс ажиглаж болно. Бүх хүнийг Бурханы үг гэрэлтүүлдэг бөгөөд хүмүүс бусдаас сургаал сонсож, цээрлүүлэлт амсаж, шууд халагдалгүй, аливааг хийх хүний бусад арга замд өртөлгүй, бусад хүнээр аливааг хэлүүлэлгүй энэ гэрэлд өөрсдийгөө шинждэг. Өөрсдийнх нь дотор үнэндээ хэр их өвчин эмгэг байгааг тэд “нарийвчилсан өнцгөөс” маш тодорхой олж хардаг. Бурханы үг төрөл бүрийн сүнсийг анхдагч хэлбэрээр нь ангилж, илчилдэг; тэнгэрэлчүүдийн сүнстэй хүмүүс илүү их гэрэлтүүлэгдэн, гэгээрдэг тул Бурханы үгэнд: “Нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн” хэмээсэн байдаг. Эдгээр үг нь Бурханы хүрдэг эцсийн үр дүнд үндэслэдэг. Одоохондоо мэдээж энэ үр дүнд бүрэн хүрч хараахан чадахгүй—энэ нь ердөө л Бурханы хүслийг харж болох урьдчилсан жишээ юм. Асар олон хүн Бурханы үгэн дотор нуран унаж, бүх хүнийг ариусгах алгуур үйл явцад ялагдана гэдгийг эдгээр үг хангалттай харуулдаг. Энд “усан дахь лаг шавар болж уусжээ” хэмээсэн байгаа нь Бурхан дэлхий ертөнцийг галаар устгахтай зөрчилддөггүй бөгөөд “аянгын гялбаан” гэдэг нь Бурханы уур хилэнг хэлдэг. Бурхан асар их уур хилэнгээ буулгасны улмаас галт уул дэлбэрэх гэх мэтийн элдэв янзын гамшгийг дэлхий ертөнц тэр аяараа туулна. Газар дэлхий дээр элдэв янзын гай гамшиг бүх хүн төрөлхтөн рүү өдөр өдрөөр ойртон айсуйг тэнгэр дээр өндөрт зогсоод харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий дээр газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг харагддаг. Шингэн гал саадгүй довтолгож, хайлмал лаав чөлөөтэй урсаж, уулс нүүж, бүгдийн дээгүүр жихүүн гэрэл гялтганана. Дэлхий ертөнц тэр аяараа галд живжээ. Энэ бол Бурхан уур хилэнгээ буулгаж буй дүр зураг, Бурханы шүүлтийн цаг юм. Мах, цустай бүхэн үүнээс зайлж үл чадна. Иймээс дэлхийг тэр аяар нь сөнөөхөд улс орнуудын хоорондох дайн, хүмүүсийн хоорондох зөрчил хэрэггүй; харин дэлхий ертөнц Бурханы гэсгээлтийн өлгийд “ухамсартайгаар баясна”. Хэн ч зугтаж үл чадна; энэ зовлон зүдүүрийг хүн бүр нэг нэгээрээ даван туулах ёстой. Дараа нь орчлон ертөнц бүхэлдээ ариун туяагаар дахин нэгэнтээ гялалзаж, бүх хүн төрөлхтөн дахин нэгэнтээ шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрөлхтнийг өдөр бүр ерөөнө. Тэнгэр тэсвэрлэшгүй эзгүй хоосон байхаа больж, дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш байгаагүй амин чанар нь сэргэх агаад “зургаа дахь өдөр” ирэхэд Бурхан шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан, хүн төрөлхтний аль аль нь амралтад орж, орчлон ертөнц булингартай, бузар заваан байхаа больж, шинэчлэгдэнэ. Иймээс Бурхан: “Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больж, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон” хэмээсэн билээ. Тэнгэрийн хаанчлалд зөвт бус байдал, хүний сэтгэл хөдлөл болон хүн төрөлхтний ямар ч завхарсан зан чанар хэзээ ч байгаагүй, учир нь тэнд Сатаны үймээн гэж үгүй. “Хүмүүс” бүгд Бурханы үгийг ойлгож чаддаг бөгөөд тэнгэр дэх амьдрал баяр хөөрөөр дүүрэн амьдрал байдаг. Тэнгэр дэх бүх хүнд Бурханы мэргэн ухаан, эрхэм чанар бий. Тэнгэр газрын ялгаанаас үүдэн тэнгэрийн иргэдийг “хүмүүс” гэдэггүй; харин Бурхан тэднийг “сүнснүүд” гэж дууддаг. Энэ хоёр үг мөн чанартаа ялгаатай—одоо “хүмүүс” гэж нэрлэгдэгсдийг Сатан завхруулсан, харин “сүнснүүд”-ийг завхруулаагүй билээ. Эцэстээ Бурхан газрын хүмүүсийг тэнгэрийн сүнснүүдийн шинжтэй оршихуй болгон өөрчлөх бөгөөд дараа нь тэд Сатаны үймээнд өртөхөө болино. Энэ бол “Миний ариун байдал орчлон ертөнц даяар түгсэн” гэх үгийн жинхэнэ утга учир юм. “Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгдсэн байдаг. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүн ариун болсны ачаар, хүн шинэчлэгдсэний ачаар тэнгэр нь газраас нуугдахаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа больсон байна.” Тэнгэрэлчийн сүнстэй хүмүүсийн тухайд ингэж хэлдэг бөгөөд энэ үед “тэнгэрэлч нар” махан биеэс болоод тэнгэрийн дээр, доор хоёр хэсэг хуваагдахаа больж, дахин амар тайвнаар зэрэгцэн оршиж, анхдагч байдлаа эргүүлэн олж авч чадна. Газар дээрх “тэнгэрэлч нар” тэнгэр дэх тэнгэрэлч нартай харилцаж чадах ба газар дээрх хүмүүс тэнгэрийн нууцыг мэдэж, тэнгэр дэх тэнгэрэлч нар хүний ертөнцийн нууцыг мэднэ. Тэнгэр газар үй зайгүй болж, нэгдэнэ. Хаанчлал биеллээ олох ийм үзэсгэлэнтэй сайхан байдаг. Бурхан үүнийг гүйцэлдүүлэх бөгөөд энэ нь бүх хүн болон сүнсний хүсэн хүлээдэг зүйл юм. Харин шашны ертөнцийнхөн энэ талаар юу ч мэддэггүй. Тэд зүгээр л Аврагч Есүс цагаан үүлэн дээр ирж, өөрсдийнх нь сүнсийг авч яваад, газар дэлхий даяар “хог” тараан хаяхыг (энд “хог” гэдгээр цогцсыг хэлжээ) хүлээж байна. Энэ нь бүх хүнд байдаг үзэл биш гэж үү? Иймээс Бурхан: “Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж устахгүй байж яаж чадах билээ?” гэж хэлсэн юм. Бурхан газар дэлхий дээрх хүмүүсийг бүрэн төгс болгосноос үүдэн шашны ертөнц орвонгоороо эргэнэ. Энэ нь Бурханы хэлсэн “эрх мэдэл” гэдгийн жинхэнэ утга юм. Бурхан: “Миний өдөр Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн хүндэтгэлтэй харцаар Намайг харж, зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг” хэмээсэн байдаг. Шашны ертөнцийн сүйрлийн үр дагаврын талаар Бурхан ингэж хэлсэн юм. Тэд Бурханы үгээс үүдэн Бурханы сэнтийн өмнө бүхэлдээ захирагдах бөгөөд цагаан үүл бууж ирэхийг хүлээх юм уу тэнгэр өөд харахаа болиод, оронд нь Бурханы сэнтийн өмнө байлдан дагуулагдана. Иймээс “зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг” гэх үг нь Бурханы бүхэлд нь байлдан дагуулах шашны ертөнцийн төгсгөл байх болно. Бурханы төгс хүчин гэдэг нь энэ—хүн төрөлхтний дундаас хамгийн тэрслүү нь болох шашны бүх хүнийг цохин унагааж, ингэснээр тэд дахин үзэлтэйгээ зууралдаж, Бурханыг танин мэдэхээ болино.

Бурханы үгэнд хаанчлалын үзэсгэлэнтэй сайхан байдлыг удаа дараа зөгнөж, янз бүрийн талыг нь хэлж, өөр өөр өнцгөөс дүрсэлсэн ч хүмүүсийн хүлээн авах чадвар хэтэрхий дулимаг тул эдгээр нь Хаанчлалын эрин үеийн нөхцөл байдал болгоныг бүрэн илэрхийлж мөн л чаддаггүй. Бурхан айлдварынхаа бүх үгийг хэлсэн ч хүмүүс тэдгээрийн доторхыг флюрографийн аппарат, рентгенээр хараагүй тул тодорхой мэдэж, ойлгодоггүй, тэр ч бүү хэл сандарч будилдаг. Энэ бол махан биеийн хамгийн том дутагдал юм. Хүмүүс хэдийгээр зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлахыг хүсдэг ч Сатаны үймээнээс болж Бурханыг эсэргүүцдэг, иймээс Бурхан тэднийг сэргээхийн тулд хөшүүн, мангуу зүрх сэтгэлд нь удаа дараа хүрсэн билээ. Бурхан гагцхүү Сатаны муу муухайг илчилдэг тул үг нь хатуу байх тусмаа Сатаныг улам бүр шившиглэж, хүмүүсийн зүрх сэтгэлийн хүлээсийг багасгаж, хүмүүсийн хайрыг илүү их өдөөж чаддаг. Бурхан ингэж ажилладаг. Сатан илчлэгдэж, нэвт шувт харагдсан тул хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж зүрхлэхээ байж, улмаар тэнгэрэлч нар үймээнд автахаа больдог. Ийм маягаар тэд Бурханыг бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараа хайрладаг. Тэдний жинхэнэ төрх буюу тэнгэрэлч нар Бурханд харьяалагдаж, Бурханыг хайрладаг нь тэр үед л тодорхой харагддаг. Ийм замаар л Бурханы хүсэл биелж чадна. “Бүх хүний зүрх сэтгэл дотор Надад зориулсан орон зай байдаг. Би хүмүүсийн дунд зэвүүцэл юм уу гололттой дахин тулгарахгүй, учир нь Миний агуу ажил аль хэдийн гүйцэлдсэн бөгөөд дахин саад тохиолдохгүй.” Дээр дүрсэлсэн зүйлийн утга учир энэ юм. Сатаны үймээнээс үүдэн хүмүүст Бурханыг хайрлах цаг олддоггүй бөгөөд ертөнцийн юмстай үргэлж орооцолдон, Сатаны төөрөгдөлд автсан тэд будилуу байдлаар үйлддэг. Иймээс Бурхан, хүн төрөлхтнийг “амьдралын маш олон бэрхшээлийг, дэлхий ертөнцийн шударга бус үйл явдлыг, дэлхий ертөнцийн маш олон аз, эзийг туулаад одоо Миний гэрэлд амьдардаг. Өчигдрийн шударга бус явдлын төлөө уйлдаггүй хэн байх билээ?” гэж хэлсэн билээ. Хүмүүс энэ үгийг сонсоод Бурхан өөрсөдтэй нь хамт шаналж, цугтаа эмгэнэн гашуудаж, тухайн үед гомдлыг нь хуваалцаж байх шиг санагддаг. Тэд хүний ертөнцийн шаналлыг гэнэт мэдэрч, “Яг үнэн. Би энэ ертөнцөд хэзээ ч, юуг ч таашаан эдэлж байгаагүй. Эхийн хэвлийгээс төрснөөсөө хойш өнөөг хүртэл би хүний амьдралыг туулаад юу ч олж аваагүй, харин маш их зовсон. Энэ бүгд хов хоосон! Бас одоо намайг Сатан маш их завхруулсан! Өө! Бурханы аврал байгаагүй бол үхэх цаг минь болоход би бүхий л амьдралаа хий дэмий өнгөрүүлсэн байх бус уу? Хүний амьдралд ямар нэг утга учир бий юу? Нарны доорх бүх зүйл хий хоосон гэж Бурхан хэлсэнд гайхах зүйл алга. Өнөөдөр Бурхан намайг гэгээрүүлээгүй бол би харанхуйд л байх байсан. Яасан хөөрхийлөлтэй юм бэ!” гэж боддог. Тэр үед зүрх сэтгэлд нь болгоомжлол төрж, “Хэрвээ би Бурханы амлалтыг олж авч чадахгүй бол амьдралыг үргэлжлүүлэн туулж яаж чадах юм бэ?” гэдэг. Энэ үгийг уншдаг хүн бүр залбирах зуураа нулимс унагана. Хүний сэтгэл санаа ийм л байдаг. Сэтгэц нь хэвийн бус биш л бол хүн үүнийг уншаад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх боломжгүй. Бурхан өдөр бүр янз бүрийн хүмүүсийн байр байдлыг илчилдэг. Заримдаа Бурхан тэдний өмнөөс гомдол тоочдог. Заримдаа Тэрээр хүмүүст тодорхой нэг орчныг ялж, амжилттай даван туулахад тусалдаг. Заримдаа Бурхан хүмүүст “өөрчлөлтийг нь” хэлж өгдөг. Эс бөгөөс хүмүүс амь нь хэр их өссөнийг мэдэхгүй байх байлаа. Заримдаа Бурхан бодит байдал дахь хүмүүсийн туршлагыг хэлж өгдөг бөгөөд зарим үед дутагдал, өө сэвийг нь хэлж өгдөг. Хааяа Бурхан тэдэнд шинэ шаардлага тавьж, заримдаа Бурханыг ойлгодог түвшнийг нь хэлж өгдөг. Гэхдээ Бурхан бас: “Би маш олон хүний чин сэтгэлээсээ хэлсэн үгийг сонсож, зовлон зүдүүр дундах шаналгаат туршлагынхаа талаар маш олон хүний ярихыг сонссон; хүнд бэрх нөхцөлд үнэнч байдлаа Надад өргөн барьдаг маш олон хүнийг Би харсан ба бартаат замаар алхангаа гарах гарц хайж байгаа маш олон хүнийг ажигласан” гэж хэлсэн. Энэ бол эерэг дүрийн тодорхойлолт юм. “Хүний түүхийн олон ангит киноны” анги болгонд эерэг дүр төдийгүй сөрөг дүр ч бас байсан юм. Тиймээс Бурхан эдгээр сөрөг дүрийн муу муухайг үргэлжлүүлэн илчилдэг. Иймээс, “урвагчтай” харьцуулснаар л “шулуун шударга хүмүүсийн” нугаршгүй үнэнч байдал, эрэмгий зориг ил болдог. Бүх хүний амьдралд сөрөг хүчин зүйл байхын зэрэгцээ бүгдэд нь бас эерэг хүчин зүйл бий. Урвагчид толгой гудайлган, нүглээ хүлээг, шулуун шударга хүмүүс урам аван цаашид ч үнэнч байг гэсэндээ Бурхан бүх хүний тухай үнэнийг илчлэхийн тулд энэ хоёрын аль алийг ашигладаг. Бурханы үгийн далд утга санаа маш гүн гүнзгий. Заримдаа хүмүүс тэдгээрийг уншаад элгээ хөштөл инээдэг бол бусад үед чимээгүйхэн толгой гудайлгадаг. Зарим үед тэд дурсан санагалзаж, заримдаа гашуунаар уйлж, нүглээ хүлээн, заримдаа тэмтчиж, заримдаа эрж хайдаг. Ерөнхийдөө Бурхан үг хэлдэг өөр өөр орчин нөхцөлөөс үүдэн хүмүүсийн хариу үйлдэл өөрчлөгддөг. Бурханы үгийг уншиж буй хүнийг заримдаа хөндлөнгийн хүмүүс сэтгэцийн өвчтэй гэж эндүүрч ч магадгүй. “Иймээс, газар дээрх хэрүүл маргаан үгүй болж, Миний үгийг дагаад орчин үеийн элдэв янзын ‘зэвсэг’ ч бас хураагддаг” гэх үгийг аваад үз. “Зэвсэг” гэх үг дангаараа л гэхэд бүтэн өдөржин инээд хүргэж чадах бөгөөд “зэвсэг” гэх үгийг санамсаргүй санах бүрдээ хүн чангаар инээнэ. Тэгнэ биз дээ? Чи үүнд инээхгүй байж яаж чадах юм бэ?

Чи инээх үедээ Бурхан хүн төрөлхтнөөс юу шаарддагийг ухаарахаа бүү март, чуулганы үнэн байдлыг харахаа бүү умарт: “Бүх хүн хэвийн байдалдаа эргэн орж, шинэ амьдрал эхлүүлсэн. Шинэ орчинд амьдарч байхдаа үлэмж олон хүн эргэн тойрноо хараад цоо шинэ ертөнцөд ирсэн мэт санагддаг, тийм учраас тэд одоогийн орчиндоо нэн даруй дасан зохицоод, зөв замд даруй орж чаддаггүй.” Чуулганы үнэн байдал одоогоор ийм байна. Бүх хүнийг даруйхан зөв замд оруулах гэж хэтэрхий их бүү санаа зов. Ариун Сүнсний ажил тодорхой цэгт ахин дэвшсэн цагт хүмүүс бүгд өөрсдийн мэдэлгүй үүнд орно. Бурханы үгийн мөн чанарыг ухаарах үедээ чи Бурханы Сүнс ямархуу хэмжээнд хүртэл ажилласныг мэднэ. Бурханы хүсэл бол: “Би хүн бүрийг зөв замд оруулахын тулд зөв шударга бус байдлаас нь хамаарч, тохиромжтой ‘боловсрол’ олгодог.” Энэ бол Бурханы үг хэлж, ажиллах арга зам төдийгүй хүн төрөлхтний хэрэгжүүлэх тодорхой зам юм. Үүний дараа Бурхан хүн төрөлхтний өөр нэг байдлыг хүмүүст хэлж өгсөн: “Хэрвээ хүмүүс Миний дотор байгаа аз жаргалыг эдлэх хүсэлгүй бол Би тэдний хүслээр болгохоос өөр юм хийж чадахгүй бөгөөд тэднийг ёроолгүй гүн нүх рүү илгээнэ.” Бурхан нарийн нягт хэлж, хүмүүст гомдоллох өчүүхэн ч боломж үлдээгээгүй. Яг энэ л Бурхан, хүн хоёрын ялгаа юм. Бурхан хүнд үргэлж ил тод, чөлөөтэй байдлаар үг хэлж байгаа. Бурханы хэлдэг бүх зүйлээс чин үнэнч зүрх сэтгэлийг нь харж болох бөгөөд үүнээс үүдэн хүмүүс зүрх сэтгэлээ Бурханыхтай харьцуулж, солонгын аль өнгөнд хамаардгаа харуулахын тулд зүрх сэтгэлээ Бурханд уудлахад хүрдэг. Бурхан ямар ч хүний итгэл, хайрыг хэзээ ч шагшин магтаагүй, харин үргэлж хүмүүст шаардлага тавьж, муу муухай талыг нь ил болгож ирсэн билээ. Энэ нь хүмүүсийн “биеийн хэмжээ” ямар өчүүхнийг, “бие хаа” нь хэчнээн дутуу дулимгийг харуулдаг. Тэдгээр дутагдлыг залруулахын тулд тэдэнд илүү их “дасгал” хэрэгтэй тул Бурхан цаг ямагт хүмүүст “уураа гаргадаг”. Бурхан хүн төрөлхтний үнэн төрхийг илчилсэн нэг өдөр хүмүүс бүрэн төгс болгуулж, Бурханы санаа амарна. Хүмүүс Бурханыг аргалахаа больж, Бурхан хүмүүсийг “сурган хүмүүжүүлэхээ” болино. Тэр үеэс хойш хүмүүс “бие даан амьдарч” чадах боловч одоо цаг нь болоогүй байна. Хүмүүсийн дотор “хуурамч” гэж болохоор юм нэлээд байгаа бөгөөд дахиад хэдэн удаагийн үзлэг, “татвараа” зохих ёсоор нь төлж болох дахиад хэд хэдэн “шалган нэвтрүүлэх цэг” зохицуулж тавих хэрэгтэй байна. Хэрвээ хуурамч бараа байсаар байвал тэдгээрийг заруулахгүйн тулд хураан аваад, хууль бусаар нэвтрүүлсэн энэ багц барааг устгана. Ингэж хийх нь бүр сайн биш үү?

Өмнөх: 17-р бүлэг

Дараах: 19-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих