Хэрэгжүүлэлт 2

Өнгөрсөн үед хүмүүс цаг үргэлж Бурхантай хамт байж, сүнсэн дотор амьдрахын тулд өөрсдийгөө сургадаг байсан. Өнөөдрийн хэрэгжүүлэлттэй харьцуулбал тэр нь сүнслэг сургуулилтын энгийн хэлбэр юм; энэ бол хүмүүс амийн зөв замд орохын өмнөх хамгийн өнгөц, энгийн хэрэгжүүлэлтийн зам бөгөөд энэ нь хүмүүсийн итгэл дэх хэрэгжүүлэлтийн хамгийн эхний үе шатыг бүрдүүлдэг. Хэрвээ хүмүүс амьдралдаа ийм төрлийн хэрэгжүүлэлтэд үргэлж түшиглэдэг бол тэд ихээхэн сэтгэл хөдлөлтэй байж, алдаа гаргах боломжтой бөгөөд амийн жинхэнэ туршлагад орж чадахгүй байх болно; тэд зүрх сэтгэлээ хэвийн байдлаар Бурханд ойртох чадвартай байлгаж, Бурхантай хамт байгаадаа үргэлж асар их баяр хөөртэй байж, ердөө сүнсээ л дасгалжуулж чадах болно. Тэд Бурхантай ойр дотно байх жаахан ертөнцөд хязгаарлагдаж, хамгийн гүнд юу байгааг ухаарах чадваргүй байх болно. Зөвхөн эдгээр хил хязгаар дотор амьдардаг хүмүүс ямар ч агуу ахиц гаргах чадваргүй байдаг. Тэд хэдийд ч, “Аа! Эзэн Есүс минь. Амен!” хэмээн хашхирч болзошгүй байдаг. Бараг өдөр болгон ийм байдаг. Энэ бол өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт, хором бүрд сүнсэн дотор амьдрах тухай хэрэгжүүлэлт юм. Энэ нь бүдүүлэг биш гэж үү? Өнөөдөр, Бурханы үгийг тунгаан бодох цаг болоход чи зүгээр л Бурханы үгийг тунгаан бодоход анхаарлаа төвлөрүүл; үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход үнэнийг хэрэгжүүлэхэд л анхаарлаа төвлөрүүл; үүргээ биелүүлэх цаг ирэхэд зүгээр л үүргээ биелүүл. Ингэж хэрэгжүүлэх нь үнэндээ нэлээд чөлөөтэй байдаг, энэ нь чамайг чөлөөлдөг. Энэ нь шашны хөгшчүүлийн залбирч, талархал хэлдэгтэй адилхан биш. Мэдээж урьд нь Бурханд итгэдэг хүмүүс ингэж хэрэгжүүлдэг байсан, гэхдээ үргэлж ийм байдлаар хэрэгжүүлэх нь хэтэрхий хоцрогдмол юм. Бурханы ажил одоо хамгийн өндөр түвшинд байгаа; өнөөдөр “Бурханыг бодит амьдралд авчрах” тухай ярьдаг нь хэрэгжүүлэлтийн хамгийн чухал тал мөн. Энэ нь бодит амьдралдаа хүмүүсийн эзэмших ёстой хэвийн хүн чанар бөгөөд хэвийн хүн чанартаа хүмүүсийн эзэмших ёстой зүйл нь өнөөдөр Бурханы хэлдэг бүх үг билээ. Бурханы үгийг бодит амьдралд авчрах нь “Бурханыг бодит амьдралд авчрах” гэдгийн бодитой утга учир юм. Өнөөдөр хүмүүс үндсэндээ өөрсдийгөө дараах зүйлсээр зэвсэглэх ёстой: Нэг талаар, тэд хэв чанараа сайжруулж, боловсролтой болж, уншиж ойлгох чадвараа сайжруулах ёстой; нөгөө талаар, тэд хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой. Чи энэ дэлхийгээс Бурханы өмнө дөнгөж сая эргэн ирсэн; чи эхлээд зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгаж сурах ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн эхлэл бөгөөд бас амь зан чанарын өөрчлөлтөд хүрэх эхний алхам юм. Зарим хүн хэрэгжүүлэлтдээ харьцангуй дадамгай байдаг; тэд ажиллах зуураа үнэнийг тунгаан бодож, бодит байдал дээр өөрсдийн ойлгох ёстой үнэн болон хэрэгжүүлэлтийн зарчмуудыг ойлгохоор оролддог. Нэг талаар, чи хэвийн хүний амьдралтай байх ёстой, нөгөө талаар, үнэнд орох оролт байх ёстой. Энэ бүхэн нь бодит амьдралын хамгийн шилдэг хэрэгжүүлэлтийг бүрдүүлдэг.

Бурханыг бодит амьдралдаа авчрах нь үндсэндээ, хэвийн хүн чанарын дотор Бурханд шүтэн мөргөж, Бурханы тухай мэдэхээр эрж хайж, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхийг хүмүүсээс шаарддаг. Тэд ямар нэг юм хийх болгондоо заавал Бурханд залбирч, залбираагүй бол Бурханд өртэй мэт санагдах албагүй. Өнөөдрийн хэрэгжүүлэлт тийм биш; энэ нь үнэхээр тайван агаад амархан! Энэ нь хүмүүсээр хоосон сургаал баримтлуулах явдал биш. Харин ч, хүн нэг бүр өөрсдийн биеийн хэмжээний дагуу үйлдэх ёстой: Хэрвээ гэр бүлийнхэн чинь Бурханд итгэдэггүй бол тэднийг үл итгэгчид гэж үз, хэрвээ итгэдэг бол итгэгчид гэж ханд. Хайр, тэвчээрийг бус, харин мэргэн ухааныг хэрэгжүүл. Зарим хүн хүнсний ногоо худалдаж авахаар явдаг ба алхах зуураа тэд: “Өө Бурхан минь! Өнөөдөр Та надаар ямар ногоо авхуулах вэ? Би Таны тусламжийг гуйж байна. Бүх зүйл дээр Өөрийг нь алдаршуулж, гэрчлэл хийхийг Бурхан биднээс шаарддаг тул худалдагч надад муудсан юм өгсөн ч гэсэн би Бурханд талархсаар байх болно—би тэвчинэ. Бурханд итгэдэг хүмүүс бид ногоонуудаас шилж, сонгож болохгүй” гэж бувтнадаг. Ингэх нь гэрчлэл хийж байгаа хэрэг гэж тэд боддог бөгөөд үр дүнд нь, муудсан хэсэг ногоо худалдан авахад мөнгөө зарцуулдаг ч мөн л залбирч, “Өө Бурхан минь! Та л зөвшөөрч байгаа цагт би энэ муудсан ногоог иднэ” хэмээн хэлдэг. Ийм хэрэгжүүлэлт утгагүй биш гэж үү? Энэ нь хоосон сургаалыг дагаж байгаа хэрэг биш гэж үү? Өмнө нь, хүмүүс цаг үргэлж сүнсэн дотор амьдрах дадлага хийж байсан бөгөөд энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажилтай хамаатай байв. Сүсэг бишрэл, даруу төлөв байдал, хайр, тэвчээр, бүх зүйлд талархах—эдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх итгэгч бүрээс шаардаж байсан зүйл юм. Тэр үед хүмүүс бүх зүйл дээр Бурханд залбирдаг байсан; тэд хувцас худалдаж авахдаа, цуглааны талаар мэдэгдэл авах үедээ ч гэсэн залбирч, “Өө Бурхан минь! Та намайг явахыг зөвшөөрөх үү, үгүй юү? Хэрвээ явахыг зөвшөөрвөл Та надад өөгүй тэгш зам бэлдээч. Хэрвээ Та явахыг минь зөвшөөрөхгүй бол намайг бүдрүүлж, унагаач” гэдэг байлаа. Залбирангаа тэд Бурханаас гуйдаг ба залбирсны дараа тавгүй санагдвал явдаггүй байв. Зарим эгч, цуглааны дараа гэртээ хариад үл итгэгч нөхөртөө зодуулж магад гэж айгаад, залбирах үед нь тавгүй санагдсанаас болж цуглаанд явдаггүй байлаа. Тэд үүнийг Бурханы хүсэл гэж итгэдэг ч үнэн хэрэгтээ хэрвээ явсан бол юу ч тохиолдохгүй байх байсан юм. Үр дүнд нь тэд цуглаанд оролцож чадаагүй. Энэ бүхэн хүмүүсийн мэдлэггүй байдлаас болдог. Ийм байдлаар хэрэгжүүлдэг хүмүүс мэдрэмжээрээ амьдардаг. Ийм арга замаар хэрэгжүүлэх нь алдаатай, утгагүй бөгөөд тодорхой бус байдлаар будагдсан байдаг. Үүнд тэдний хувийн мэдрэмж ба бодол дэндүү их байдаг. Хэрвээ чамд цуглааны тухай хэлсэн бол яв; Бурханд залбирах хэрэггүй. Энэ нь энгийн биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи хувцас хунар авах хэрэгтэй бол яг одоо гараад ав. “Өө Бурхан минь! Та намайг явуулах уу, үгүй юү? Намайг явсан хойгуур ах, эгч нарын нэг нь ирж таарвал яах вэ?” хэмээн Бурханд бүү залбир. Аль нэг ах, эгч ирж магадгүй гэж айгаад чи явдаггүй, гэтэл үр дүнд нь, орой болж, нэг ч хүн ирээгүй. Нигүүлслийн эрин үед ч гэсэн ийм байдлаар хэрэгжүүлэх нь эндүү ташаа, буруу байсан. Тиймээс хэрвээ хүмүүс өнгөрсөн цаг үеийнх шигээ хэрэгжүүлбэл тэдний аминд ямар ч өөрчлөлт гарахгүй. Тэд ердөө хүлцэнгүй байх бөгөөд ялган салгахад ямар ч анхаарал хандуулахгүй, сохроор дуулгавартай дагаж, тэвчихээс өөрийг хийхгүй. Тухайн үед хүмүүс Бурханыг алдаршуулахад төвлөрдөг байсан—гэхдээ Бурхан тэднээс ямар ч алдрыг олж аваагүй, учир нь тэд ямар ч бодитой зүйлийг амьдран харуулаагүй билээ. Тэд ердөө хувийн үзлээрээ биеэ барьж, өөрсдийгөө хязгаарласан ба олон жилийн хэрэгжүүлэлт ч тэдний аминд ямар нэг өөрчлөлт авчраагүй; тэд зөвхөн тэвчиж, даруухан байж, хайрлаж, уучлахыг л мэддэг байсан ба Ариун Сүнсний өчүүхэн төдий ч гэгээрэл байгаагүй юм. Тийм маягаар хүмүүс яаж Бурханыг мэдэж чадах юм бэ? Тэд яаж ер нь Бурханыг алдаршуулж чадах юм бэ?

Хүмүүс Бурханыг бодит амьдралдаа, хэвийн хүний амьдралдаа авчирвал л Бурханд итгэх итгэлийн зөв замд орж чадна. Өнөөдөр Бурханы үг та нарыг хөтөлдөг; өнгөрсөн үеийнх шиг эрж хайж, тэмтчих хэрэггүй. Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Миний илчилсэн байдлын дагуу өөрийгөө шалгаж, хэмжих үедээ чи өөрчлөгдөж чадна. Энэ нь хоосон сургаал биш, харин хүнээс Бурханы шаарддаг зүйл юм. Өнөөдөр Би чамд юмсын үнэн мөнийг хэлж өгье: Миний үгийн дагуу үйлдэхэд л санаа тавь. Чамаас шаардах шаардлага минь хэвийн хүний хэрэгцээний дагуу байдаг. Би чамд Өөрийн үгийг аль хэдийн хэлсэн; хэрвээ чи гагцхүү тэдгээрийг хэрэгжүүлэхэд төвлөрөх юм бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна. Өнөөдөр бол Бурханы үгэн дотор амьдрах цаг үе: Бурханы үг бүгдийг тайлбарласан, бүх зүйл тодорхой болсон ба Бурханы үгээр амьдарч байгаа цагт чи бүрэн эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар амьдарна. Өмнө нь, Бурханыг бодит амьдралдаа авчрах үедээ хүмүүс хэтэрхий их хоосон сургаал, зан үйлийг хэрэгжүүлж, туулсан; ялихгүй хэрэг явдал дээр ч тэд залбирч, эрж хайн, Бурханы тодорхой өгүүлсэн үгийг хойш тавьж, уншилгүй үл ойшоодог байсан. Харин ч тэд эрж хайхад бүх хичээл чармайлтаа зориулаад—үр дүнд нь ямар ч үр нөлөө гараагүй. Жишээлбэл, хоол хүнс, хувцасны асуудлыг авч үзье: Залбирах үедээ чи эдгээр хэрэг явдлыг Бурханы гарт тавьж, энэ бүхнийг чамд зориулан цэгцэлж өгөхийг Бурханаас гуйдаг. Бурхан ийм үг сонсоод: “Би тийм аар саар зүйлд санаа тавих хэрэгтэй гэж үү? Чамд зориулан Миний бүтээсэн хэвийн хүн чанар, эрүүл ухаан хаачсан юм бэ?” гэдэг. Заримдаа хүн үйлдлээрээ алдаа гаргадаг; тэгээд тэд Бурханд халдсан гэж бодоод, биеэ барьдаг. Зарим хүний байр байдал тун сайн байдаг ч жаахан зүйл буруу хийх үедээ Бурхан өөрсдийг нь гэсгээж байна гэж итгэдэг. Үнэндээ энэ нь Бурханы хийсэн зүйл биш, харин хүмүүсийн өөрсдийнх нь оюун ухааны нөлөө юм. Заримдаа хэрхэн туршлагажиж байгаад чинь ямар ч буруу байдаггүй боловч бусад хүмүүс чамайг зөв туршлагажихгүй байна гэж хэлдэг тул чи урхидуулж, дотроо сөрөг, харанхуй болдог. Ихэнхдээ хүмүүс ийм маягаар идэвхгүй байх үедээ Бурханаар гэсгээгдэж байна гэдэгтээ итгэдэг боловч Бурхан: “Би чам дээр ямар ч гэсгээлтийн ажил хийгээгүй; чи яаж Намайг ингэж буруутгаж чадаж байна вэ?” гэдэг. Хүмүүс дэндүү амархан сөрөг болдог. Тэд бас ихэнхдээ хэт мэдрэмтгий байдаг бөгөөд Бурханы талаар удаа дараа гомдоллодог. Бурхан чамаас тийм маягаар зовохыг шаарддаггүй ч чи өөрийгөө тийм байдалд оруулдаг. Ингэж зовох нь ямар ч үнэ цэнгүй. Хүмүүс Бурханы хийсэн ажлыг мэддэггүй, мөн олон зүйл дээр мэдлэггүй байж, тодорхой харж чаддаггүй тул өөрсдийн үзэл, төсөөлөлд урхидуулж, бүр ч гүн орооцолддог. Бүх зүйл, бүх хэрэг явдал Бурханы гарт байдаг гэж зарим хүн хэлдэг—тэгвэл хүмүүсийг сөрөг байхад Бурхан мэдэхгүй гэж үү? Мэдээж Бурхан мэддэг. Чамайг хүний үзэлд урхидуулсан байх үед Ариун Сүнс чам дээр ажиллах ямар ч аргагүй байдаг. Зарим хүн олон удаа сөрөг байдалд автдаг боловч Би Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр байдаг. Чи сөрөг ч бай, эерэг ч бай Би чамаар хязгаарлуулахгүй—харин Миний хэлдэг олон үг болон Миний хийдэг асар их хэмжээний ажил хүмүүсийн байр байдлын дагуу, өөр хоорондоо нягт холбоотой байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Чамайг сөрөг байх үед энэ нь Ариун Сүнсний ажилд саад болдоггүй. Гэсгээлт болон үхлийн шалгалтын хугацаанд хүмүүс бүгд сөрөг байдалд автдаг боловч энэ нь Миний ажилд саад болоогүй. Чамайг сөрөг байх үед Ариун Сүнс бусдад хийх хэрэгтэй зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байсан. Чи нэг сарын турш эрэлхийлэхээ больж болох ч Би үргэлжлүүлэн ажилладаг—чи одоо, эсвэл ирээдүйд юу ч хийсэн бай, энэ нь Ариун Сүнсний ажлыг зогсоож чадахгүй. Зарим сөрөг байдал хүний сул талаас үүсдэг; хүмүүс Бурханы шаардлагуудад нийцэж, тэдгээрийг ухаарч үнэхээр чадахгүй гэж бодох үедээ сөрөг болдог. Жишээлбэл, гэсгээлтийн цаг үеийн Бурханы үг нь, гэсгээлтийн үеэр Бурханыг тодорхой түвшинд хайрлах талаар ярьсан боловч хүмүүс өөрсдийгөө чадахгүй гэж бодсон. Тэгээд махан бие нь Сатанаар маш гүн завхруулагдаж, хэв чанар нь маш дорд байгаад тэд нэн харамсаж, шаналсан. Мөн ийм орчинд төрсөн нь үнэхээр хөөрхийлөлтэй юм гэж тэдэнд санагдсан. Бурханд итгэж, Бурханыг мэдэхэд хэтэрхий оройтсон ба төгс болгуулах ямар ч үнэ цэнгүй гэж зарим хүнд санагдсан. Энэ бүхэн нь хэвийн хүний байдал юм.

Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эрхшээл дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эрхшээл дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлж чадахгүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авч чадахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана. Өнөөдөр Бурханы хийдэг ажил бол аврал юм, түүнчлэн энэ нь шүүлт, гэсгээлт, хараал юм. Үүнд хэд хэдэн тал бий. Бурханы айлдварууд шүүлт, гэсгээлт, мөн түүнчлэн хараал агуулдаг гэдгийг та нар бүгд хардаг. Би үр дүнд хүрэхийн тулд, хүмүүст өөрсдийг нь мэдүүлэхийн тулд ярьдаг болохоос хүмүүсийг үхэлд хүргэхийн төлөө ярьдаггүй. Миний зүрх сэтгэл та нарын төлөө байдаг. Үг хэлэх нь Миний ажилладаг арга барилуудын нэг; Би үгээр дамжуулан Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы хүслийг чамд ойлгуулдаг. Махан бие чинь үхэж болох ч чамд сүнс болон сэтгэл бий. Хэрвээ хүмүүст зөвхөн махан бие байсан бол Бурханд итгэх итгэл нь ямар ч утгагүй байх байсан, мөн Миний хийсэн энэ бүх ажил ч ямар ч утгагүй байх байлаа. Өнөөдөр Би энийг яриад, дараа нь тэрийг ярьдаг, нэг хоромд Би хүмүүсийг туйлын их үзэн ядаад, дараагийн хоромд дээд зэргээр хайрладаг; чиний зан чанарт өөрчлөлт гаргаж, Бурханы ажлын тухай үзлийг чинь өөрчлөхийн тулд Би энэ бүхнийг хийдэг.

Эцсийн өдрүүд ирж, дэлхий даяарх улс орнууд үймээн самуунтай байна. Улс төрийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, тахал, үер, ган гачиг хаа сайгүй үзэгдэж, хүний ертөнцөд гай зовлон тохиолдож байгаа бөгөөд Тэнгэр ч бас гай гамшиг илгээсэн. Эдгээр нь эцсийн өдрүүдийн шинж тэмдэг юм. Гэхдээ хүмүүст энэ нь зугаа цэнгэлийн нүд гялбам ертөнц шиг санагддаг; энэ нь улам бүр тийм болсоор байгаа бөгөөд хүмүүсийн сэтгэл бүхэлдээ үүнд татагдаж, олон хүн урхидуулаад, өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх гаргаж, хар шид хийдэг хүмүүст асар олон тооны хүн мэхлэгдэнэ. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй, үнэн замд суурилаагүй бол энэхүү нүгэлт давлагаанд хамагдан одно. Хятад бол бүх улс орноос хамгийн хоцрогдмол бөгөөд агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шид хийдэг хамгийн олон хүн, мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар билээ. Чи үүнээс төрсөн, үүний боловсролыг эзэмшиж, нөлөөнд нь автсан; үүгээр завхруулагдаж, тамлуулсан, гэхдээ чамайг сэрээсний дараа чи үүнийг хаяж, Бурханаар бүрэн авахуулдаг. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой. Бурхан ийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд эцэст нь та нарыг бүрмөсөн олж авна—энэ бол Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг бөгөөд та нар бол Сатантай хийж буй Бурханы тулааны “ялалтын олз” юм. Та нар үнэнийг хэдий чинээ их ойлгоно, чуулганы амьдрал чинь төдий чинээ сайжирч, агуу улаан лууг төдий чинээ буулгаж авна. Эдгээр нь бүгд сүнсний ертөнцийн хэрэг явдлууд юм—тэдгээр нь сүнсний ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унана. Бурханы ажлын энэ үе шат үлэмж их ач холбогдолтой. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл үл итгэгчдийнхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд “өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг” болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэднийхээс өөр. Эцсийн эцэст та нар бузар заваанаас бүрмөсөн зайлж, Сатаны уруу таталтад хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авна. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Бурхан та нарыг энэхүү шар газар нутагт байгаа бүх хүний дундаас сонгосон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Өмнөх: Хэрэгжүүлэлт 1

Дараах: Бие махбодтой болохын нууц 1

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих