Шалгалт, гай зовлонгоор төгс болсон итгэл

2021-11-18

Шу Чан, Өмнөд Солонгос

1993 онд ээж минь эрүүл мэндийн асуудалтай болсны үр дүнд манай гэр бүлийнхэн бүгдээрээ Эзэн Есүст итгэх болсон юм. Үүний дараа ээж гайхамшигтайгаар эдгэсэн бөгөөд тэр үеэс хойш би ням гараг бүр ээжтэй хамт чуулган руу явах болов. Тэгээд 2000 оны хавар Эзэний эргэн ирэлтийн тухай баярт мэдээ манай гэрт хүрсэн юм. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад бид Тэр бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт бат итгэж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авлаа. Бид өдөр бүр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үгийнх нь усалгаа болон хангалтыг эдэлж эхэлсэн бөгөөд энэ нь намайг сүнсээр минь үнэхээр тэжээж байв. Эзэний ирэхийг хүсэн хүлээдэг олон хүн Бурханы дуу хоолойг сонсоогүй, эсвэл Эзэний эргэн ирэлтийг угтан аваагүй хэвээр байгаа тухай бодоод би Бурханы хүслийг анхааран үзэж, тэр хүмүүст хаанчлалын сайн мэдээг хуваалцах ёстой гэдгээ мэдэж байлаа. Тэгээд удалгүй сайн мэдээ хуваалцах үүргээ гүйцэтгэж эхэлсэн боловч гайхмаар нь, үүнээс болоод би ХКН-д баривчлагдсан юм.

2013 оны 1-р сард зургаан ах эгчтэй хамт цуглаан хийж байтал гэнэтхэн 20 гаруй цагдаа дайран орж ирэв. Хоёр эрэгтэй нь урагш давшлан, гартаа буу бариад, “Битгий хөдөл! Та нарыг бүсэлсэн” хэмээн бидэн рүү бархирлаа. Өөр хоёр цагдаа цахилгаан бороохой бариад, “Гараа өргөөд, хана руу хараад зогс!” гэж хашхирав. Цагдаа нараас буутай нэг нь: “Бид чамайг хоёр долоо хоног дагаж байна. Чи бол Шяошяо” гэж хэлсэн юм. Үүнийг сонсоод би айж цочирдлоо. Тэд яаж миний хочийг мэдсэн юм бол? Тэд намайг хоёр долоо хоног дагасан гэсэн болохоор саяхан миний очсон газар бүрийг мэдсэн юм гэж үү? Тэр бүх ах эгч ч бас баривчлагдсан болов уу? Би цааш нь бодож тэвчсэнгүй, зүгээр л бусдынхаа төлөө чимээгүйхэн залбирлаа. Цагдаагийнхан бэлтгэлтэй ирснийг бодоход намайг амархан тавьж явуулахгүй нь гэдгийг би мэдэж байв. Түгшсэндээ би Бурханыг дуудлаа. Тэгтэл Бурханы эдгээр үг санаанд орсон юм: “Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарсан ч бай, чи ямар ч саадад түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай бай, тэгвэл Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг… Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг надад амар тайван мэдрэмж өглөө. Бүх зүйл, тэр бүх цагдаа ч гэсэн Түүний гарт байдаг гэдгийг би мэдэж байв. Бурхан миний түшиг тулгуур учраас би Түүнд залбирч, найдах ёстой байлаа. Тэр бүх хугацаанд өөрөө ч мэдэлгүй цагдаа нарт мөшгүүлж, чуулганыг тийм том асуудалд оруулснаа ухаараад би маш анзааргагүй, юмыг удаан сэтгэдэг байснаа үзэн ядсан юм. Тэр үед би ах эгч нарынхаа төлөө залбирч л чадах байв. Шийдвэрээ гаргаад би ингэж залбирлаа: “Цагдаа нар намайг яаж ч эрүүдэн шүүсэн бай, би ах эгч нараа хэзээ ч худалдахгүй. Би Иудас болж, Бурханаас урвахгүй.” Залбирсны дараа би тийм ч их айхаа больж, итгэл, хүч чадлаар бялхаж байв.

Цагдаа нар байшинг орвонгоор нь эргүүлж, дээрэмчид шиг авирлаж байлаа. Тэд бидний гар утас, найман видео тоглуулагч, дөрвөн таблет, сайн мэдээний олон арван ном болон 10,000 юанийг хураан авав. Тэгээд намайг хоёр эгчийн хамт зочны өрөөнд аваачиж, албан хүчээр шалан дээр явган суулгалаа. Яг тэр үед цагдаа ах нарыг тасралтгүй цохиж байгаа чимээ аль нэг унтлагын өрөөнөөс сонсогдов. Миний уур хүрч, “Бид зүгээр л Бурханд итгэдэг, ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Яагаад биднийг баривчилж байгаа юм бэ?” хэмээн асуулаа. Цагдаа нарын нэг нь үзэн ядсан байдлаар: “Итгэлтэй байх нь хууль зөрчиж байна, энэ бол гэмт хэрэг. Хэрвээ Коммунист Нам та нарыг хууль зөрчиж байна гэж хэлэх юм бол та нар хууль зөрчиж байгаа хэрэг. Бурханд итгэхийг Нам зөвшөөрдөггүй боловч та нар Намын нутаг дэвсгэрт Бурханд итгэж зүрхэлсээр байна. Энэ бол Намтай тэмцэлдэж байгаа хэрэг. Та нар үхэхийг хүссэн бололтой!” гэсэн юм. “Итгэл үнэмшлийн эрх чөлөө хуулиар баталгаажсан биз дээ?” гэж намайг асуухад тэд инээлдэн, “Чи их гэнэн юм аа! Итгэл үнэмшлийн эрх чөлөө бол зүгээр л гадаадынханд харуулахын тулд байдаг, харин итгэгчид та нар ийм юм хүртдэг!” гэж хэлмэгцээ нүүрэн дундуур алгадсан бөгөөд эмэгтэй цагдаа ирж, гар луу минь өшиглөлөө. Миний уур хүрсэн ба Бурханы эдгээр үг санаанд орсон юм: “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Коммунист Намаар удирдуулна гэдэг нь үнэндээ Сатанаар удирдуулж буй хэрэг. Тэдний бүх хууль хууран мэхлэх зорилготой байдаг. Итгэл үнэмшлийн эрх чөлөө бий гэж гаднынханд хэлдэг боловч бодит байдал дээр тэд Бурханд итгэж, зөв замаар явахыг хэнд ч зөвшөөрдөггүй. Ямар ч эерэг зүйлийг зөвшөөрөхгүй. Тэд Христэд итгэгчдийг хоморголон баривчилж, хохироодог. Тэр цагдаа нар ердөө дүрэмт хувцастай дээрэмчид, луйварчид байв. Тэдэнд учирлахаар оролдсон минь инээдтэй хэрэг! Тэд намайг цагдаагийн машинд суулгах үед арав гаруй цагдаагийн машин биднийг бүсэлсэн байгааг би харсан юм.

Биднийг хошууны Үндэсний Аюулгүй Байдлын Бригадад аваачсаны дараа нэг цагдаа надад: “Бид чамтай хамт том загас барьсан. Бид чиний тухай бүхнийг мэднэ. Сүүлийн хоёр долоо хоногт чиний очсон хот бүрийг, хошуу бүрийг мэднэ. Чи чуулганы удирдагч байх, тийм биш бол чамайг барихын тулд бид өчнөөн олон цагдааг дайчлахгүй байх байсан. Бид чамайг энд байцаахгүй. Байцаалт хийх ‘сайхан газар’ бидэнд байгаа. Үүнийг тэвчихгүй байх вий л гэж би айж байна!” гэлээ. Тэр үед л би, тэд намайг чуулганы удирдагч гэж эндүүрснийг ухаарсан юм. Тэгээд жинхэнэ удирдагчдад арай аюулгүй байхыг мэдээд бага зэрэг тайвширсан боловч санаа зовсоор л байлаа. Тэд намайг чуулганы удирдагч гэж бодсон тул амархан тавьж явуулахгүй гэдгийг би мэдэж байсан, гэхдээ намайг яаж тарчлаахыг мэдэхгүй байсан юм. Надад итгэл, хүч чадал өгч, гэрчлэлд зогсоход минь туслаач гэж би Бурханд залбирлаа. Оройн 11 цаг өнгөрөхөд тэд намайг өнөөх “сайхан газар” луу авч явахаар цагдаагийн машинд суулгав. Машин дотор нэг цагдаа: “Төгс Хүчит Бурханы эдгээр итгэгчийг хэрхэн зохицуулахаа та нар мэдэхгүй байна. Тэднээс ямар нэгэн юм олж авахын тулд үнэхээр чанга гараар үзэх хэрэгтэй. Бид боломжтой бүхнийг хийх ёстой, тэгэхгүй бол тэд хэргээ хүлээхгүй байх” гэхэд өөр нэг цагдаа: “Тийм ээ, мэдээжийн хэрэг. Тэр итгэгчидтэй харьцах өвөрмөц арга мэх танд байдаг гэж сонссон. Тийм учраас бид таныг ажиллуулж байна” гэлээ. Үүнийг сонсоод би, надад ямар эрүү шүүлт тулгах гэж байгаа юм бол хэмээн гайхширч, Бурханд чимээгүйхэн залбирсан бөгөөд Эзэн Есүсийн эдгээр үг санаанд орлоо: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28). “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Бурханы үг итгэлд минь хүч нэмлээ. Миний амь Бурханы гарт байдаг, миний сүнс Түүний гарт байдаг гэдгийг би мэдэж байсан бөгөөд үхэх ёстой болсон ч гэсэн Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагана, Түүнээс хэзээ ч урвахгүй гэж шийдлээ!

Тэд намайг хошууны цагдаагийн хэлтэст аваачсан бөгөөд байцаалтын өрөөнд ормогцоо би нэг ахын гашуунаар уйлах чимээг сонссон юм. Нэг цагдаа ажиглалтын төхөөрөмжийг унтраах тушаал өгсний дараа өөр хоёр цагдаа ирж, баруун гарыг минь мөрний ардуур мушгин, зүүн гарыг минь нуруун доороос татан гавлаад, гавыг дээш доош чангаахад хоёр гар хугарах гэж буй мэт санагдаж байлаа. Дараа нь тэд барын сандлын түшлэгийг миний гар, нуруу хоёрын завраар чихлээ. Хоёр гар салж байх шиг санагдан, маш их өвдсөн болохоор нүүрийг минь даган хөлс урсаж байв. Цагдаа гаваас угзарч, “Их өвдөж байна уу? Ямар санагдаж байна даа?” гэхэд өөр нэг цагдаа инээж, “Чи зүгээр л бараа бологчоор ажиллахгүй яасан юм бэ? Тэгсэн бол бид чамайг баривчлахгүй байсан” гэлээ. Үүнийг сонсоод нөгөө хэд нь писхийтэл инээлдэв. Тэдний ичгүүр сонжуургүй байдлыг хараад дотор муухайрч байлаа. Цагдаа нарын амнаас ийм олиггүй юм гарна гэж би хэзээ ч төсөөлж байсангүй. Тэд араатнаас ч долоон дор! Тэгтэл тэдний нэг нь: “Байцаах гэж яараад яах вэ дээ. Эцэст нь тэр мэдэж байгаа зүйлээ бидэнд хэлэх гэж тэсэн ядна. Одоогоос эхлээд юм идүүлж, унтуулж, бие засах өрөө ашиглуулж болохгүй. Хэр удаан тэвчихийг нь харъя л даа!” гэв. Дараа нь тэрээр гараас минь хүчтэй татаж, бүсэлхий хүрсэн өндөртэй төмөр хөндлөөс гавлаж байхдаа ч гэсэн гарыг минь мушгиж байлаа. Би сөхрөн сууж чадахгүй, босож зогсож чадахгүй байсан бөгөөд удалгүй нуруу, хөл минь өвдөж эхэлсэн юм. Тэд намайг унтуулахгүй, бүр нүд аниулахгүй байсан бөгөөд нүд сүүмийж эхлэх хоромд цагдаа нар ширээ цохиж, сандал өшиглөх юм уу төмөр хөндлийг нүддэг байлаа. Аль эсвэл тэд намайг айлгахын тулд чих рүү минь хашхирах юм уу янз бүрийн хачин чимээ гаргадаг байв. Үүнээс болоод би маш сэрэмжтэй болж, ганц хором ч тайван байж чадахгүй байсан юм. Тэгээд чимээгүйхэн залбирч, Бурханыг тасралтгүй дуудсаар байсан бөгөөд дараа нь Төгс Хүчит Бурханы үгээс үүнийг саналаа: “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг надад итгэл өглөө. Үнэнийг олж авахын тулд ямар ч зовлон туулах нь үнэ цэнтэй байсан бөгөөд хэчнээн их зовсон ч гэлээ би эцсээ хүртэл явах ёстой байлаа. Тэгээд би гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэнэ гэж шийдсэн юм.

Маргааш өглөө нь зургаа юм уу долоон цагдаа чуулганы мөнгөн хөрөнгийн байршил, дээд түвшний удирдагчид хэн болох талаар намайг байцаахаар ирлээ. Намайг юу ч хэлэхгүй болохоор тэд харгисаар зодсон юм. Тэднийг дөнгөж явсны дараа нэгэн ижил асуулт асуухаар дахиад хэдэн хүн ирээд, намайг 24 цагийн турш тасралтгүй байцаав. Дөрөв хоногийн дараа бүх бие минь хөөж, хоёр хөлийн булчин маш их хавдаад, гуя шиг бүдүүн болсон юм. Би өлсөж, тамирдаж байлаа. Нэг эмэгтэй цагдаа үүрэглэж байгааг минь хараад хамаг чадлаараа хөл рүү өшиглөхөд, биеийн доод тал тэр чигтээ мэдээ алдаж, нуруу хугарчихсан мэт тэсэхийн аргагүй их өвдөв. Миний нүд хавдаж, аймшигтай их хатгуулж, хоёр нүдний алим хэзээ мөдгүй бүлтрэн гарах гэж байгаа мэт санагдаж, асар их өвдөж байлаа. Хоромхон зуур ч гэсэн нүдээ аних эсвэл хөлөө амраах тухай санаа жинхэнэ тансаглал шиг сонсогдож байв. Тэд намайг дахиад хэр удаан эрүүдэн шүүх гэж байгааг би мэдсэнгүй. Бие минь аль хэдийн хязгаартаа хүрч, тийм ч удаан тэвчиж чадахгүй мэт санагдан, зүрх сэтгэлдээ туйлын сул дорой байдлыг мэдэрлээ. Би Бурханд залбирч, итгэл, хүч чадал өгөхийг гуйж байв. Тэгтэл Бурханы үгийн эдгээр магтан дуу бодогдсон юм: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Ялагчдын дуу”). “Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө толгойгоо доош харуулан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бүтээл нь Бурханы эрхшээлд байх ёстой”). Бурханы үг намайг зоригжуулж, хүч чадлыг минь нэмэгдүүллээ. Би харгис эрүү шүүлт амссан боловч Бурхан миний хажууд байж, Өөрийн үгээр намайг залж чиглүүлж байв. Түүнчлэн, ийм төрлийн гай зовлон туулснаар минь дамжуулан Бурхан миний итгэлийг төгс болгож чадна гэдгийг, мөн агуу улаан лууны өмнө ялгуусан гэрчлэл хийх ёстой гэдгээ би мэдэж байв. Хэрвээ би махан биеийн зовлонгоос айсандаа Бурханаас урвах юм бол амьдрал минь ямар ч утга учиргүй болж үлдэнэ. Энэ бол асар шившигтэй явдал. Би эрин үеүдийн туршид байсан тэр бүх элч, эш үзүүлэгчийг бодсон юм—тэд хяхан хавчигдаж, үхэлтэй нүүр тулж байсан боловч бүгд Бурханд итгэх итгэлээ хадгалж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийсэн. Цагдаа нар Бурханы зөвшөөрөлтэйгөөр намайг эрүүдэн шүүж, тамлаж байлаа. Миний биеийн хэмжээ жижиг, намайг эрин үеүдийн ариун хүмүүстэй харьцуулах ч юм биш, гэхдээ Бурханы төлөө тийм гэрчлэл хийх боломжтой болсон би маш азтай байсан юм. Би Бурханы төлөө гэрчлэлд зогсохын тулд амиараа дэнчин тавьж, Бурханы зүрх сэтгэлд бага зэрэг тав тух авчрахад бэлэн байв. Бурханы үгийг тунгаан бодоход махан биеийн минь өвдөлт ч бас нэлээд намдах шиг санагдсан юм. Намайг зүүрмэглэж байхыг хараад ахмад үснээс шүүрэн авч, толгойг минь урагш хойш угзчин, зангидсан гараараа толгой, цээж рүү минь цохилоо. Тэд бас надад бие засах газар ашиглуулахгүй, тогтсон цагаас өмнө тийшээ явж болохгүй гэж хэлж байв. Намайг бие засах газар луу явах үед хэдэн эрэгтэй цагдаа нойлын өрөөний хажууд зогсоод, янз бүрийн бузар булай юм хэллээ. Би маш их ичиж, үхмээр санагдсан юм. Тэр үед би Бурханы эдгээр үгийг бодсон: “Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь энэ бүлэг хүнд, та нарт биелдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Итгэлийнхээ төлөө шившиглүүлж, эрүүдэн шүүгдэх нь зөв шударга байдлын төлөө зовж буй хэрэг гэдгийг Бурханы үгийн гэгээрэл надад харуулсан юм. Бурханы нигүүлсэл л надад гэрчлэлд зогсох тэр боломжийг олгосон; энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ би бага зэрэг ичиж зовох юм уу бие махбодын багахан зовлон туулах үедээ Бурханд итгэх итгэлээ алдаж, тэр ч бүү хэл үхлийн тухай бодсон. Би биечлэн алдар суу олж авах, эсвэл доромжлол амсахыг хэтэрхий их юманд боддог байж. Тэр нь яаж гэрчлэл байх юм бэ? Би үхэх байлаа ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсоно гэж шийдсэн мөртөө махан биеийн багахан зовлонгоос болоод үхэх тухай бодож байсан. Би Сатаны заль мэхэнд автаж байсан бус уу? Сатан намайг Бурханаас урвуулахаар оролдож байсан биш үү? Би ухарч няцаж, Сатаны доог тохуу болж болохгүй. Харин амьд мэнд байж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх ёстой байв! Бурханы хүслийг ойлгомогцоо би ингэж залбирсан юм: “Бурхан минь, би өөрийгөө Таны гарт даатгахад бэлэн байна. Сатан намайг яаж ч эрүүдэн шүүлээ гэсэн, би Таны төлөө гэрчлэлд зогсоно, Танаас хэзээ ч урвахгүй. Бүх зүйл дээр Таны зохион байгуулалт, зохицуулалтыг дагана!” Залбирсны дараа надад хүч орлоо.

Байцаалтын өрөөнд цагдаа нар компьютер асаагаад, надаар таниулахын тулд хэдэн эгчийн зургийг гаргав. Түүнчлэн тэд 1-р сарын 24-ны өдрийн 2 цагийн үед нэлээд хэдэн өөр газраас ах эгч нарыг баривчилсан гэж хэлсэн юм. Энэ нь уялдаа холбоотой үйл ажиллагаа байжээ. Би маш их уурлаж байлаа. Хариулахгүй байгааг минь хараад тэд намайг заналхийлэхийн сацуу уруу татаж, “Бид та нарын тухай аль хэдийн бүхнийг мэдэж байгаа. Тэмцэлдээд ямар ч хэрэггүй. Бусад нь бүгд хэргээ хүлээчихсэн байхад чи тэдний төлөө тэвчээд ямар хэрэгтэй юм бэ? Бид чамайг одоо явууллаа ч гэсэн, танай чуулган чамайг буцаан авахгүй. Ухаантай бай—дээд түвшний удирдагчид чинь хэн болохыг, чуулганы мөнгөн хөрөнгийг хаана хадгалдгийг л бидэнд хэлчих. Тэгвэл бид чамайг яг Шинэ Жилийн баяраар гэрт чинь хариулна” гэх мэтийн юм хэлж байв. Би нэг ч үг хэлээгүй тул тэд: “Хэрвээ чи бидэнд чуулганы мөнгө хаана байгааг хэлэхгүй бол хувцсыг чинь тайлж, таазнаас дүүжлээд, бялба нүднэ шүү. Бид хором бүрийг нь таашаана даа” хэмээн хашхирлаа. Үүнийг сонсоод би айж, тэр диаволууд юу ч хийх чадвартайг харсан бөгөөд үүнийг тэвчиж чадах эсэхээ мэдэхгүй байв. Би аль хэдийн түгшиж байсан ба тэр шөнө тэд надад юу хийхийг мэдэхгүй байсан юм. Айдас, уй гунигийн давлагаанд ар араас нь цохиулаад үнэхээр арга мөхөс санагдаж, Бурханд яаран залбирч, Түүний хамгаалалтыг гуйлаа. Залбирсны дараа Бурханы эдгээр үг бодогдсон юм: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биеийн’ тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан би, шившиглэгдэхээс болон үхэхээс асар их айдаг гэдгээ ойлгосон юм. Сатан намайг Бурханаас урвуулахын тулд сул талуудыг минь шүүрэн авч байжээ. Тэр нь түүний заль мэх байв. Хэрвээ би амиараа дэнчин тавьж чадах юм бол тэсвэрлэж чадахгүй өөр юу байх сан билээ? Тэд надад тийм маягаар хандаж байгаа нь намайг шившиглэж байгаа хэрэг биш, харин зүгээр л цагдаа нар ёрын муу, жигшүүртэй байгаа хэрэг гэдгийг би бас харсан юм. Миний махан бие ямар ч үнэ цэнгүй байв. Би Бурханы төлөө гэрчлэл хийж, Сатаныг шившиглэхийн тулд амиа золиослоход бэлэн боллоо. Бурханы төлөө гэрчлэл хийж чадах юм бол үнэ цэнтэй, бас хий дэмий амьдраагүй байх болно гэдгийг би мэдэж байлаа. Ингэж бодоод айхаа больж, хүч чадал, итгэлээр дүүрлээ.

Тэр өдрийн 1 цагийн үед миний зүрх дэлсэж, амьсгалахад хэцүү болж эхэлсэн бөгөөд хөл минь сульдаж, шалан дээр унав. Тийм байгааг минь хараад тэд ердөө л “Үхэх гэж байгаа юм шиг жүжиглээд нэмэргүй. Бид чамайг явуулахгүй. Итгэгчийг зодож алсан ч хамаагүй гэж Төв Хорооноос хэлсэн. Дахиад нэг хүн үхнэ гэдэг нь итгэгч нэгээр цөөрнө гэсэн үг! Бид зүгээр л нүх ухаад, цогцсыг чинь чулуудчихна. Хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн юм. Сүүлд нь тэд үнэхээр сайнгүй байгааг минь хараад, намайг үхвэл өөрсдийн сэжүүрийг алдана гэж айсандаа эмнэлэгт үзүүлэхээр аваачлаа. Эмч намайг тамирдаж туйлдсан болохоор зүрхний асуудалтай болсон байна гэж хэлсэн юм. Тэгээд хоол идэж, амрах хэрэгтэй гэлээ. Гэвч тэд амьдрах, үхэх эсэхийг минь тоогоогүй юм. Эмнэлгээс буцаж ирснээс хойш хагас цагийн дараа тэд намайг төмөр хөндлөөс дахиад гавлалаа. Хатуу аргаараа үр дүнд хүрэхгүй нь гэдгээ хараад тэд арай зөөлөн аргад шилжжээ. Цагдаа нарын нэг нь, Эзэнд итгэх итгэлийг эсэргүүцээгүй, өөрийнх нь эмээ Христэд итгэгч байсан гэж хуурамч эелдэг өнгөөр хэлсэн юм. Тэрээр бас, найз охингүй гэдгээ хэлж, хэчнээн хөөрхөн болохыг минь хараад над шиг найз охинтой болохыг үнэхээр хүссэн гэлээ. Тэгтэл өөр нэг залуу: “Чи өөрийгөө боддоггүй байлаа ч гэсэн, эцэг эхээ бод. Хятадын шинэ жил бараг болох гэж байна, бусад хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ байгаа. Гэтэл чи энд зовж байна. Энийг эцэг эх чинь мэдэх юм бол маш их гуниглана даа” гэв. Өөр нэг цагдаа ярианд оролцон, “Би чиний насны нэг хүүхэдтэй, би ч гэсэн ингэж зовохыг чинь харж тэвчихгүй байна. Юу хэрэгтэй байгаагаа л надад хэлчих—энэ хавьдаа би шийдвэр гаргана. Би бас ажилд ороход чинь тусалж чадна. Өөрийн мэдэж байгаа бүхнийг зүгээр л надад хэлчих” гэлээ. Тэдний энэ зулгуйдсан зан авирыг харахад огиудас хүрмээр байсан бөгөөд би Бурханы үгийг бодлоо: “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Сатан намайг найрч, уруу татан Бурханаас урвуулахын тулд миний сэтгэл хөдлөл болон бага зэргийн элэгсэг харьцааг ашиглахаар оролдож байлаа. Энэ нь ичгүүр сонжуургүй, жигшүүртэй байв! Би Сатаны урхинд орж болохгүй гэдгийг мэдэж байсан юм. Дараа нь тэд намайг яаж ч сүрдүүлж, эсвэл уруу татсан бай хамаагүй, би нэг ч үг хэлсэнгүй. Тэд нэг дор зургаа долуулаа ирж, намайг найман өдөр шөнийн турш ээлжлэн байцаав. Тэд надаар хэрэг хүлээлгэхийн тулд сүрдүүлэг, заналхийлэл, эрүү шүүлт ашигласан боловч надаас ямар ч мэдээлэл аваагүй юм. Эцэст нь, цагдаа нарын нэг нь: “Чи итгэмээргүй шийдвэртэй юм, чиний Бурхан агуу юм аа” гэлээ. Үүнийг сонсоод би маш их баярлаж, Сатан шившиглэгдэж, ялагдсаныг харсан юм.

Дараа нь тэд намайг цагдан хорих төвд аваачлаа. Тэнд очиход нэг эмэгтэй цагдаа ажиглалтын дор намайг нүцгэлээд шалгасан. Камерт ормогц бусад бүх хоригдол намайг харгисаар ширтэж байсан бөгөөд шоронгийн харгалзагчид тэднийг өдөөн хатгаж, “Энэ бол өөр нэг итгэгч. Түүнийг ‘сайн халамжлахаа’ мартуузай” гэсэн юм. Нөхцөл байдлыг ойлгож амжихаас минь ч өмнө нэг хоригдол надад хүйтэн усанд орохыг тушаасан ба миний бие дээр хүйтэн ус хувин хувингаар цутгасны дараа би чичирч байлаа. Бусад хоригдлууд хажууд зогсоод зүгээр л инээлдэж байв. Би бие засах газрыг цэвэрлэхийн тулд өдөр бүр олон арван хувин ус зөөх ёстой байсан бөгөөд хоолны үеэр тэд надад зориуд бага хоол өгдөг байлаа. Би цадталаа идэж хэзээ ч чаддаггүй, шөнө нь тэд орыг минь үнэхээр чанга өшиглөдөг байсан болохоор унтаж чаддаггүй байв. Үүнээс болоод би айж, зүрх дэлсдэг болж, үнэхээр аймшигтай байлаа. Сүүлд нь тэд намайг ганцааранг нь хүйтэн, бетон шалан дээр унтуулдаг болов. Тэгээд ч зогсохгүй, харгалзагч нар намайг тарчилгахын тулд хоригдлуудын толгойлогч болон зарим алуурчдыг өдөөн хатгасан бөгөөд цагдаа нар үргэлж намайг байцааж, заналхийлж, “Чи бол улс төрийн гэмт хэрэгтэн. Чамайг үхэх юм бол хэн ч тоохгүй. Хэрвээ чи ярихгүй бол бид чамайг тодорхойгүй хугацаагаар энд байлгана. Эндээс гарна гэж бодоод ч хэрэггүй!” гэдэг байв. Үүнийг сонсоход аймшигтай санагдаж байлаа. Тэр дөрвөн сарын хугацаанд өдөр бүр нь эрүү шүүлт байсан бөгөөд би үнэхээр цаашид тэвчиж чадахаа больж, энэ бүхэн хэзээ дуусахыг мэдэхгүй байсан юм. Надад үргэлжлүүлэх хүч чадал байхгүй мэт санагдаж, үнэхээр сул дорой болж, өвдөлтөөс зугтахын тулд үхэхийг хүсэж байв. Өвдөж шаналсандаа би Бурханд залбирч, залбирах зуураа гашуунаар уйлан, Бурхан махбод болоод, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахаар газар дэлхийд ирсэн тухай бодлоо. Би Бурханы үгийн усалгаа, хангалтыг эдэлсээр ирсэн боловч Бурханы хайрыг хариулахаасаа өмнө энэ дэлхий ертөнцийг орхихыг хүсэж байжээ. Би гэмшил, харууслаар дүүрч, зүрх зүсэх мэт аймшигтай санагдаж байлаа. Тэгээд би Бурханы эдгээр үгийг бодсон юм: “Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). “Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой… Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Бурханы эдгээр үгийн өмнө би үнэхээр их ичлээ. Бурхан махбод болж, бидний хангалтад зориулан маш олон үнэнийг илэрхийлэхээр газар дээр ирсэн бөгөөд одоо Өөрт нь гэрчлэл хийх хүмүүс Түүнд хэрэгтэй байсан боловч би ердөө багахан доромжлол амссанаас болоод, мөн бие махбодоороо зовсноос болоод үхлээр дамжуулан тэр нөхцөл байдлаас зугтахыг хүсэж байжээ. Тэр нь жинхэнэ дуулгавартай байдал биш байв. Тэр нь Бурханы эсрэг тэрсэлж байгаа хэрэг биш үү? Иов бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдаж, өөрөө өвчний тамлалыг амссан боловч Бурханыг хэзээ ч буруутгаагүй тухай би бодсон юм. Тэрээр Бурханы нэрийг магтсаар байж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд цангинасан гэрчлэл хийсэн. Эрин үеүдийн туршид шавь нар болон эш үзүүлэгчид амьдралаа орхиж, Бурханы төлөө цусаа урсгасан. Би Бурханаас маш ихийг эдэлсэн хэр нь Түүний төлөө юуг золиосолсон юм бэ? Би маш аминчхан, жигшүүртэй байж, миний төлөө Бурханы төлсөн төлөөсөнд нийцэхүйцээр амьдраагүй байжээ. Би бүр хүн гэж дуудуулах ч үнэ цэнгүй! Тэгээд би Бурханы өмнө гэмшиж, залбиран “Өө Бурхан минь, миний буруу байжээ. Би үхлийн тухай бодох ёсгүй. Би Иов шиг, Петр шиг байхыг хүсэж байна, юутай ч нүүр тулах ёстой болсон бай, Таны төлөө гэрчлэлд зогсохыг хүсэж байна” гэсэн юм. Залбирал надад дараагийн ирэх зүйлтэй нүүр тулах хүчийг өглөө. Төд удалгүй хоригдлуудын толгойлогч ялаа эдлэхийн тулд шорон руу шилжиж, өөр хэдэн хоригдол шилжин ирээд, намайг халамжилж эхлэв. Тэд надтай өдөр тутмын үндсэн хэрэгцээний зүйлсээ хуваалцаж, тэр улиралд өмсөх хувцас өгсөн. Энэ нь Бурханы зохион байгуулалт, зохицуулалт гэдгийг би мэдсэн юм. Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж).

Сүүлд нь би цагдан хорих төвд нэг эгчтэй танилцсан юм. Миний хувьд үнэхээр сэтгэлд дулаахан байлаа. Бид нэг нэгнээ зоригжуулж, нөхөрлөхийн тулд Бурханы зарим үгийг нууцаар хуулан бичиж, зүрх сэтгэл минь хангалуун, баяр хөөртэй байв. Тэгтэл 9-р сарын нэгэн өдөр цагдаа нар намайг дахин байцаахаар ирлээ. Намайг байцаалтын өрөөнд орсон даруйд тэд миний зургийг авсан бөгөөд онлайнд оруулж, биеийн байцаалтыг минь олоход үүнийг ашиглана гэв. Тэд намайг заналхийлж, “Чиний хэрэг бараг шийдэгдэж байгаа. Гарах тухай бодохын ч хэрэггүй! Христэд итгэгчдэд хандах Коммунист Намын бодлого бол нэг жилийн ялыг гурван жилийн ял болгож, гурван жилийн ялыг долоон жилийн ял болгох явдал. Тэднийг дур зоргоороо зодож алж болох бөгөөд хэн ч үүнд хариуцлага хүлээхгүй. Бид чамайг хэр удаан тэвчихийг чинь харъя л даа” гэлээ. ХКН хэчнээн ёрын муу, жигшүүртэй болохыг хараад би диавол Сатаныг бүр ч их үзэн ядсан юм. Би хэзээ ч бууж өгч, Бурханаас урвахгүй. Тэгээд тэдэнд: “Та нар наадхаа зүгээр л мартаж үз. Надад гарах гэсэн ямар ч төлөвлөгөө байхгүй. Амьд ахуйдаа Бурханыг мэдэж, Бүтээгчийн төлөө гэрчлэлд зогсож чадаж байгаа цагт энд үхлээ ч гэсэн үнэ цэнтэй байх болно!” хэмээн нухацтайгаар хэлэв. Тэгэхэд цагдаа нар уурсан явж одлоо.

Эрх баригчид намайг хууль бусаар 10 сар хорьсны эцэст 2013 оны 11-р сард сулласан юм. Коммунист Намд баривчлагдсан туршлагынхаа үеэр би бие махбодоороо зовсон хэдий ч тэр бүх хугацаанд Бурханы үг намайг гэгээрүүлэн, Сатаны сорилтуудыг ялан дийлж, гэрчлэлд зогсоход минь залж чиглүүлж байлаа. Би Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг үнэхээр мэдэрч, Бурханд итгэх итгэл минь нэмэгдсэн билээ. Түүнчлэн, Бурханыг үзэн ядаж, Түүнд дайсагнадаг ХКН-ын диаволын мөн чанарыг тодорхой харсан юм. Би үүнээс бүрмөсөн нүүр буруулж, үүнийг голсон бөгөөд Бурханыг дагах шийдвэрээ батжуулсан. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурхан бол миний амийн хүч чадал

Шиаохэ, Хэнань муж Нүд ирмэх төдий хугацаанд би Төгс Хүчит Бурханыг дагаад 14 жил болчихжээ. Энэ он жилүүдийн туршид сайн муу ээлжилж, зам...

Messenger дээр бидэнтэй холбоо барих