Сүнс минь чөлөөлөгдлөө

2021-01-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, сайшаагдана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Бид Сатаны завхралд өртсөн учраас атаархан тэмцэлдэж, хоорондоо маргалддаг, бид бүгд хуурамч, ёрын муу сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг, бас маш аминчхан гэдгийг би Бурханы үгээс ойлгож авсан юм. Нэг хэсэг би атаархлын байдалд амьдарч, байнга хүмүүсийн эсрэг явуулга хийж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зүтгэсэн. Ингэж амьдрах шаналантай ч үүнээс ангижирч ер чадаагүй. Бурханы шүүлт, гэсгээлтийн ачаар л бага зэрэг өөрчлөгдөж, тэр шаналлаас ангижирч чадсан юм.

Сүнс минь чөлөөлөгдлөө

2017 оны 6-р сард би хэдэн цуглааны газрын чуулганы амьдралыг хариуцан, чуулганд бүлгийн удирдагчийн үүрэг авсан юм. Тийм үүрэг аваад үнэхээр баярлаж, Бурхан намайг өргөж байгааг мэдрэн, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэж бодсон. Дараа нь цуглаан дээрх нөхөрлөлд маш идэвхтэй байж, бэрхшээл тулгарсан, тааруухан байдалд байгаа ах эгч нарыг хараад Бурханы үгийг олж нөхөрлөн, асуудлыг нь шийдвэрлэдэг байлаа. Хэсэг хугацааны дараа бусад маань намайг эергээр үзэх болж, цуглаан дээр нөхөрлөлөөр бодит асуудлыг шийдвэрлэж чаддаг, үүрэгтээ хариуцлагатай байж, ах эгч нартаа хайрын сэтгэлээр ханддаг гэцгээсэн. Үүнийг сонсоод би үнэхээр додийсон юм.

Төд удалгүй, чуулганы удирдагчийн сонгууль болно гэж сонсоод, “Хүн болгон намайг өндрөөр үнэлдэг юм чинь сонгогдох боломж маань өндөр байж магадгүй. Сонгогдчихвол ах эгч нар намайг бүр ч их хүндлэх нь гарцаагүй” гэж бодсон. Санал хураалтын дараа Ян эгч бид хоёр хоёулаа нэр дэвшлээ. Ян эгч надаас арай их санал авсныг хараад би бага зэрэг түгшиж, “Би үүрэгтээ хариуцлагатай ханддаг, бас бодитой ажил хийж чаддаг шүү дээ. Яахаараа эгч надаас илүү санал авч чаддаг билээ?” гэж бодогдлоо. Гэхдээ дараа нь, “Энэ эцсийн санал хураалт биш, зүгээр л нэр дэвшүүлэлт шүү дээ. Надад одоо ч боломж байна. Эгчид надаас дээрдэх юм юу ч байхгүй гэдгийг бүгдэд нь харуулахын тулд одоо би үнэнээр зэвсэглэж, амийн оролт дахь бэрхшээлээ шийдвэрлэхэд нь бусдад илүү их туслах хэрэгтэй, тэгвэл би сонгогдох нь лавтай!” гэж бодсон. Тэгээд өмнөх цуглаан дээр Ван эгчийн дэвшүүлсэн нэг асуудал шийдвэрлэгдээгүйг бодоод дараагийн удаад эгчтэй нөхөрлөхөөр Бурханы холбогдох үгийг яаран бэлдлээ. Цуглааны өдөр болоход би цуглах газартаа очсон ч Ян эгч Ван эгчтэй нөхөрлөж байгааг ормогцоо олж хараад үнэхээр дургүй хүрсэн. “Өнөөдөр эгчийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөрлөл хийх гээд ирж байхад та энэ боломжийг түрүүлээд булаачих шив! Та үүнийг аль эрт зохицуулчихсан юм бол би хийж чаддаг юмаа яаж харуулах болж байна?” гэж бодлоо. Мэдээж Ян эгчийн нөхөрлөлийн дараа Ван эгчийн царайд инээмсэглэл тодорч, бусад ах эгч бүгд сайшаан толгой дохицгоосон. Үүнийг хараад би үнэндээ баярлаагүй. Миний алдар сууг булаачихлаа гэж бодоод, Ян эгчид атаархаж байлаа. “Таныг энэ цуглаанд ирэхээс өмнө бусад маань бүгд миний нөхөрлөлийг сонсохыг хүсдэг байсан. Гэтэл одоо бүгд таныг хүндлээд, намайг бүр хайхрах ч үгүй байна” гэж бодогдсон. Яг тэр үед хүн болгон баяртайгаар нөхөрлөж байсан ч би юу ч ойлгож чадалгүй, явахаа тэсэн ядан хүлээж байсан юм.

Гэртээ очоод, сэтгэлээр унан орон дээрээ сууж, тэр талаар бодох тусам сэтгэл улам их тавгүйтэж, “Энэ чигээрээ явбал удирдагч болох боломж маань үнэхээр багасах нь. Үгүй шүү, би нөхөрлөл дээр илүү идэвх санаачилгатай байх ёстой. Эгчид дахин ялагдаж яасан ч болохгүй” гэж бодсон. Дараа нь, Шян эгч ХКН-ын хатуу хяхалт хавчлагад санаа зовж, үүрэгтээ боогдож байгааг анзаарсан болохоор цуглааны өмнө эгчтэй нөхөрлөх Бурханы хэдэн үг даруйхан хайж оллоо. Маргааш нь цуглааны газарт эртлэн очсон ч гайхмаар нь тэнд Ян эгч надаас ч эрт оччихоод, Шян эгчтэй аль хэдийн нөхөрлөж байлаа. Миний урам хугарч, “Та дахиад ийм юм хийж яаж чадаж байна аа? Таны нөхөрлөл ямаршуухан гэрэлтэйг харах хэрэгтэй юм байна. Бүх юмыг хамарч чадна гэдэгт ер итгэхгүй байна шүү” гэж бодсон. Тэгээд үнэмшилгүй, эгчийн юу гэж хэлэхийг сонсохоор тэдний хажууд суулаа. Ян эгч Бурханы үгтэй холбогдуулан хэрэгжүүлэлтийн зарим замыг нөхөрлөсөн боловч Шян эгчийн сул тал, сөрөг байдлын уг үндсийг дурдаагүй гэдгийг би сонсож байхдаа олж мэдсэн юм. “Энэ боломжийг тултал нь ашиглаж өөрийнхөө ойлголтыг хуваалцаад, Ян эгчийн хандыг хага дарах хэрэгтэй” гэж бодогдсон. Тэгээд би өөрийнхөө нөхөрлөлийг хуваалцахаар яаравчилж, “Эгч ээ, сөрөг байдлыг шийдвэрлэхэд зүгээр л хэрэгжүүлэх замтай байлаа гээд хангалтгүй. Бурхан сонгосон хүмүүсээ төгс болгохын тулд агуу улаан лууг товойлгогч болгон ашигладаг тухай үнэнийг бас ойлгох хэрэгтэй. Бурханы ажил, төгс хүчин, мэргэн ухааныг ойлгосноор л сөрөг байдлаас гарч чадна. Хэдүүлээ Бурханы үгийг хамтдаа уншицгаая” гэлээ. Шян эгчийг толгой дохих зуур Ян эгч рүү нүднийхээ булангаар зэрвэс хартал эгч эв хавгүйхэн цааш сууж байгаа харагдсан. Надад дөнгөж сая тулаанд ялсан мэт санагдаж, “Үнэндээ хэнийх нь нөхөрлөл үр дүнтэй байгааг хүн бүр харьцуулаад харж болно. Би дахин нүүр бардам байж болох нь, тийм ч муугүй гэдгийг минь энэ нотолж байна” гэж бодсон. Үүний дараа би үүрэгтээ илүү идэвхтэй боллоо. Хэн нэгэн муу байдалд орж, бэрхшээлтэй тулгарсан гэж сонсмогцоо л цаг алдалгүй Бурханы үгийг олж, тэмдэглэл хийгээд, дараа нь тэдэнтэй нөхөрлөдөг байлаа. Хүмүүс толгой дохиж байгаа харагдахаар бөөн баяр болж, ямар ч хариу үйлдэл байхгүй бол тэсвэрлэшгүй их санаа зовдог байсан, тэгээд сандрах тусмаа бусдын байр байдлыг ойлгож, асуудал шийдвэрлэж чадахаа болилоо. Бас улам их ядарч, “Энэ чигээрээ явбал ах эгч нар намайг лав л үнэний бодит байдалгүй гэцгээж, удирдагчаар сонгохгүй юм байна” гэж бодлоо. Ялангуяа Ян эгч үнэний талаар бодитой нөхөрлөл хийж, ах эгч нар санал нийлж байгааг хараад би улам бүр хямарч, миний атаархал, үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа минь ил болж, Ян эгчийг үзэн ядаж эхлэн, бүр эгчтэй ярихыг ч хүсээгүй. Би алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэх байдалтай амьдарч байлаа. Энэ үнэхээр шаналантай байсан. Бурханы үгээс ямар ч гэгээрэл авахгүй, залбиралдаа зүгээр л дүр эсгэж, Бурханаас улам бүр холдож байгаагаа мэдэрч байсан.

Дараа нь би завхарсан зан чанараа ойлгож, тэр муухай байдлаас гарахын тулд Бурханд залбирч, гэгээрэл хүслээ. Тэгээд Бурханы үгээр л дамжуулан завхарсан байдлынхаа талаар бага зэрэг ойлгосон юм. Тэнд ингэж хэлсэн байсан: “Бусад хүн олны анхаарлыг булаах вий, өөрсдөөс нь давж, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг уншаад ичиж, хийсэн бүх атаархуу зүйлээ, алдар нэрийн төлөө хийсэн бүх тэмцлээ бодсон. Чуулганд удирдагч сонгох гэж байгааг сонссоноосоо хойш би удирдагч болохын хүслэн болсон, тэгээд нэр дэвшүүлэхэд Ян эгч надаас олон санал авсан байгааг хараад эгчийг өрсөлдөгчөө гэж үзэж, эгчийн эсрэг чимээгүйхэн тэмцэж, өрсөлдөж эхэлсэн юм. Ян эгч үнэнийг нөхөрлөх замаар ах эгч нарын асуудлыг шийдвэрлэж байгааг хараад би атаархаж, алдар сууг минь хулгайллаа, удирдагч болох боломжид минь заналхийллээ гэж бодоод, эгчтэй нууцхан өрсөлдөж, эгчийн нөхөрлөлөөс алдаа хайж, өө эрж, өөрийгөө өргөмжлөхийн хажуугаар эгчийг далдуур басаж, үүргээ гэх эерэг хандлагыг нь мохоосон юм. Би ялж чадахгүйгээ ойлгоод эгчид дургүйцэх болж, бүр эгчийг анзаарахыг ч хүсээгүй. Би алдар нэр, ашиг хонжооны төлөө зүтгэж, үүрэгтээ атаархуу байж, эгч рүү үг хэлээр дайрч, эгчийг гадуурхаж, гагцхүү сатанлаг зан чанар л илчилж, маш аминчхан, жигшүүртэй, хорлонтой байж! Би сатанлаг зан чанарт амьдралаа үндэслэн бусдыг шархлуулаад зогсохгүй дургүйцэл, шаналал дунд амьдарч байсан юм. Энэ нь надад “Гурван улсын үлгэр” дэх Жоу Юүг санагдууллаа. Жоу Юү маш өөнтөгч, Жугэ Лянд байнга атаархдаг байсан, тэгээд яг үхэхийнхээ өмнө “Юү төрсөн юм чинь Лянгийн хэрэг юу байх вэ?” гэж хэлсэн. Тэгээд эцэст нь уурандаа үхсэн шүү дээ. Би ч үүнтэй адилхан, байр суурь олж авах гэж зүтгэхдээ атаархаж, амийн оролтоо саатуулаад зогсохгүй бусдад хор хөнөөл учруулж байснаа ухаарсан. Би ямар ч хүн чанаргүй байж. Бурхан үүнд ой гутаж, үзэн ядсан. Үнэндээ Бурхан намайг хэв чанар сайтай хүний хажууд байлгахаар зохицуулж, эгчийн давуу талаас суралцаж, сул талаа залруулна гэж найдсан ч би зүгээр л тэмцэж, харьцуулалт хийгээд, эцэстээ юу ч олж авалгүй, асар их шаналсан юм. Би маш мунхаг байж. Бас Бурханы гэрт үнэн засагладаг, удирдагчдыг сонгоход зарчим гэж байдаг. Наад зах нь тэд үнэнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж чаддаг сайн хүн чанартай хүмүүс байдаг, харин би үргэлж атаархаж, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, ямар ч хүн чанар амьдран харуулаагүй. Тийм болохоор удирдагч байхад тохирохгүй болсон юм. Би тэмцэхээ больж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу амьдрахад анхаарах ёстойгоо мэдэж байлаа. Тэгэх нь л зүй зохистой зам байсан юм. Тэр бүхнийг ухаараад сэтгэл үнэхээр уужирсан.

Сонгуулийн өдөр би: “Өө Бурхан минь! Ямар ч үр дүн гарлаа гэсэн Таныг дуулгавартай дагамаар байна, бас би шударгаар санал өгнө!” гэж залбирлаа. Гэхдээ яг санал өгөх цаг ирэхэд бас л сэтгэл хоёрдож, “Хэрвээ Ян эгчид санал өгөөд, эцэст нь эгч сонгогдчихвол бусад маань намайг юу гэж бодох бол? Эгчтэй дүйцэхгүй гэж хэлэх нь лавтай” гэж бодогдлоо. Яг тэгэхэд Бурханы ийм үг санаанд орсон: “Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, мөн ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэлд чинь улам их орон зай нээгдэж, байр байдал чинь улам сайжирна(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Тэгээд би, “Бурханы үгийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэр хүнд, байр суурийнхаа төлөө амьдраад байж болохгүй” гэж бодсон юм. Ян эгч сайн хэв чанартай, нөхөрлөл нь бодитой болохоор эгчийг удирдагч болгох нь чуулганд төдийгүй ах эгч нарын амийн оролтод үр өгөөжтэй талаар бодлоо. Би үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ашиг сонирхлыг хамгаалах ёстой байсан. Тийм болохоор эгчид санал өгсөн юм. Эгч удирдагчаар сонгогдож, би ч маш тайван, санаа амар байж, эцэст нь үнэнийг хэрэгжүүлж чадсан гэдгээ мэдэрсэн.

Дараа нь 2018 оны 4-р сард би чуулганы удирдагчийн үүрэгт сонгогдоод, чуулганы ажил хариуцсан өөр хэдэн ах эгчтэй хамт ажиллаж байлаа. Анхандаа бид чуулганы бүх ажлыг хэлэлцэж, үнэхээр саадгүй хамтран ажиллаж байсан ч хэсэг хугацааны дараа, юм бичих ажил хариуцсан Ли эгч сайн хэв чанартай, юм хурдан сурдаг нь анзаарагдсан юм. Эгчийн нөхөрлөл бусдыг гэгээрүүлж, босгон байгуулж байсан. Би эгчийг үнэхээр биширсэн ч бага зэрэг атаархаж, эгчийн хариуцсан ажилд оролцохоор хичээж эхлэн, эгчээс хоцрохгүйн тулд илүү их чадвар, зарчим сурахыг хүссэн. Нэг өдөр удирдагчаас ирсэн захидалд, өөр бүсийн чуулганд ажил хариуцах хүн хэрэгтэй байна гээд, Ли эгч сайн тохирох болов уу, эгчийн талаар үнэлгээ цуглуулж чадах уу гэж асуусан байсан. Миний атаархал шууд л хөдөлж, “Тэд Ли эгчийг хөгжүүлэх хүсэлтэй байх шив. Эгч хэв чанар сайтай, юм хурдан сурдаг ч гэсэн итгэгч болоод удаагүй, амийн оролт нь өнгөцхөн. Би эгчээс юугаараа дутах юм бэ? Яагаад намайг яв гэхгүй байгаа юм бэ? Ли эгч очоод тэр үүргийг авах юм бол бусад маань намайг юу гэж бодох юм бэ? Эгчийг надаас мундаг гэх нь гарцаагүй” гэж бодогдлоо. Ингэж бодоод улам бүр тавгүйрхэж, дараа нь эгчийг хараад бараг хайхраа ч үгүй. Ингэж аашлахыг минь хараад эгч боогдож, надтай урьдынх шигээ аливааг хэлэлцэхээ болилоо. Хэд хоногийн дараа Ли эгчийн талаарх ах эгч нарын үнэлгээг аваад, бүгд эерэг, бүр миний талаарх үнэлгээнээс ч дээр байгааг хараад би үнэхээр их атаархсан. Би удирдагч байж хамтран зүтгэгчийнхээ ч дайд хүрэхгүй байсан. Ямар ичмээр юм бэ! Энэ талаар бодох тусам улам бүр тавгүйтлээ. Тэгээд зориуд өөр нэг эгчид хандан, “Таны үнэлгээ яачхаа вэ? Ямар ч ялган таних чадваргүй юм. Ли эгч сайжирсан ч гэсэн амийн оролт нь өнгөцхөн байгаа. Та эгчийг маш их магтсан байна, гэтэл эгч өөр чуулганд очоод бодитой ажил хийж чадахгүйгээсээ болж ажлыг нь хойш татвал та л муу үйл хийсэн болно шүү!” гэлээ. Надаас ийм үг сонсоод тэр эгч бага зэрэг айж, бодит нөхцөл байдал дээр тулгуурлан тэгж бичсэн, гэхдээ байдлыг бүрэн бодолцож үзээгүй байна, дахин нэг бодож үзье гэж хэллээ. Хэдийгээр би хийх гэсэн юмаа хийсэн ч ер баярлаж чадахгүй байсан юм. Ялангуяа Ли эгчийг хараад мөс чанартаа зэмлүүлж, үнэхээр буруутайгаа мэдэрсэн. Муу муухай, ичгүүртэй зүйл хийчхээд, эгчийг эгцэлж харж зүрхлэхгүй байлаа. Эгч нэг л биш байгааг минь хараад над дээр хүрч ирээд, “Ямар нэг юм болоо юу?” гэж санаа зовон асуулаа. Ингэж асуухыг нь сонсоод буруутай гэдгээ бүр ч их мэдэрч, зүгээр л “Т-тийм ээ” гэж түгдчин хэлчхээд өөр өрөө рүү санд мэнд орж, Бурханы өмнө сөгдөн, “Өө Бурхан минь, би маш ухаангүй юм. Бүх хүний үнэлгээг харчхаад Ли эгчид атаархаж, бүр ар хударгаар нь эгчийг хорлолоо. Бурхан минь, иймэрхүү юмыг үзэн яддаг гэдгийг тань мэднэ, гэхдээ би завхарсан зан чанартаа хүлэгдээд, больж чадахгүй байна. Бурхан минь, өөрийгөө үнэхээр мэдэж, завхарсан зан чанараар амьдрахаа болиход минь намайг гэгээрүүлээч дээ” гэж залбирлаа. Залбирсныхаа дараа бага зэрэг тайвширч, компьютероо асаагаад, Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан.

Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв тэд өөрсдөөсөө дээр хэн нэгнийг харвал тэр хүнийг дарлаж, түүний тухай цуу яриа дэгдээх юм уу бусдад түүнийг өндрөөр үнэлүүлэхгүй, хэнийг ч хэнээс нь дээр гаргахгүй гэсэндээ увайгүй арга ашигладаг бол ингэх нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг завхарсан зан чанар, зальхай, ов мэхтэй, дотуур тамиртай байдал бөгөөд энэ хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд ингэж амьдардаг атлаа өөрсдийгөө агуу, сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаг уу? Юун түрүүнд, эдгээр асуудлын шинж чанарын өнцгөөс яривал, ингэж авирладаг хүмүүс ердөө л хүссэнээ хийж байгаа хэрэг бус уу? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаг уу? Тэд Бурханы гэрийн ажилд учирсан хор хохирлыг үл харгалзан өөрсдийн мэдрэмжийг л боддог бөгөөд өөрсдийн зорилгод л хүрэхийг хүсдэг. Ийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр зогсохгүй аминчхан, жигшүүртэй байдаг; тэд Бурханы санаа зорилгыг огтхон ч хайхардаггүй бөгөөд ийм хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байдаг нь ямар ч эргэлзээгүй. Иймээс тэд буруутгах ямар ч мэдрэмжгүй, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Иймэрхүү хүмүүс ямар үр дагавартай тулгардаг вэ? Тэд асуудалд орно, тийм биз? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, гол асуудал нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд Бурханаас эмээдэггүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан хамгийн дурдагдах үнэ цэнгүй, хамгийн өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг. Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй, Бурханыг хүндэлдэггүй хүмүүс үнэн рүү орсон уу? (Үгүй.) Тэгвэл ихэвчлэн хөөр хөгжөөнтэйгөөр хаа сайгүй явж, өөрсдийгөө завгүй байлган, нэлээд их эрч хүч зарцуулж байх үедээ тэд юу хийж байгаа юм бэ? Ийм хүмүүс бүр Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг орхиж, асар их зовсон гэж хэлдэг ч үнэндээ тэдний бүх үйлдлийн сэдэл, зарчим, зорилго нь өөрсдийнхөө ашиг тусын төлөө байдаг; тэд бүх ашиг сонирхлоо хамгаалахаар л хичээж байгаа. Иймэрхүү хүн аймшигтай гэж та нар хэлэх үү, үгүй юү? Ямар төрлийн хүнийг Бурханыг хүндэлдэггүй хүн гэх вэ? Тэр хүн биеэ тоосон уу? Ийм хүн Сатан уу? Ямархуу зүйлс Бурханыг хүндэлдэггүй вэ? Амьтдаас гадна, Бурханыг хүндэлдэггүй бүхэн нь чөтгөрүүд, Сатан, тэргүүн тэнгэрэлч болон Бурхантай өрсөлддөг хүмүүс юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). “Сатанд хорлогдож, дэвслүүлэн, үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас хүнд ялзарсан зан чанар үүсдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг ойлгодоггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг).

Бурханы үгэнд би маш их хямарч, сэтгэл эмзэглэсэн юм. Бурхан миний байдлыг яг таг илчилсэн биш үү? Удирдагч Ли эгчийг хөгжүүлье гэж хүсэхэд би атаархаж, туйлшран, бүр жигшүүртэй байдлаар эгчийг хорлож, шүүсэн. Чуулганы ашиг сонирхлыг огт бодолцолгүйгээр тэр үүргийг авахад нь эгчид саад хийх бүхнийг сэдээд, хүссэнээ авахын тулд хиймээр санагдсан бүхнээ хийж, биеэ тоож, дураараа аашлаад, Бурханыг огт хүндэтгээгүй. Илүү олон хүн хүслийг нь бодолцож, үүргээ биелүүлнэ гэж Бурхан найддаг. Би ч сайн мэдэж байсан… Ли эгч сайн хэв чанартай, үнэнийг эрэлхийлэхэд анхаардаг болохоор илүү их сургах боломж олдвол амийн оролт, чадвар нь сайжирч, чуулганы ажилд үр ашгаа өгнө гэдгийг сайн мэдэж байсан ч би нэр төр, байр сууриа хамгаалахаар оролдон эгчийг хойш татаж, тэр үүрэгт томилогдоход нь саад хийхийн тулд зальхай арга ч ашиглаж, өөрийн мэдэлгүй Сатаны гар хөл болоод, чуулганы ажлыг үймүүлж байлаа. Би өөрийгөө үнэхээр зэмлэсэн. Атаархал Бурханы хүслээс зөрдөг гэдгийг мэддэг байсан ч үүнээс болоод тийм хүний үнэргүй юм хийж, чуулганы ажлыг үймүүлж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй явлаа. Тэгээд Бурханы ийм үгийг санасан: “Сатанд хорлогдcоны … улмаас хүнд ялзарсан зан чанар үүсдэг”. Яг л “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн”, “Нэг ууланд хоёр бар багтдаггүй” гэх мэт Сатаны хороор сэтгэлгээ, үзэл бодол минь гажуудсан байсан болохоор би үргэлж атаархаж, өөрөөсөө мундаг хүнийг харж тэвчдэггүй байснаа бодсон. Би ямар ч бүлгийн тэргүүнд байхаар тэмцэхийг хүсэж, өөрийгөө бусдаас дээр байх ёстой гэж бодоод, надаас илүү чадвартай гэж бодогдсон хэнд ч эрх тэгш хандаж чадаагүй. Би тэднийг нүдэнд орсон хог мэт үзэн атаархаж, алагчилдаг байсан. Үнэнийг эрэлхийлдэг эргэн тойрныхоо хүмүүст атаархаж, гадуурхаж, дайсагнаж, бүр ар хударгаар нь тэднийг хорлосон. Би ямар ч хүн чанаргүй байж! Би өөрөө дээшилж, бусдыг буулган авч, тэмцэж, ялахыг үргэлж хүсдэг, хэнд ч бууж өгдөггүй, онгирохыг л хүсдэг байсан. Би амьд Сатан байсан биш үү? Тэгэхэд л би, амьд үлдэхийн төлөөх тэр сатанлаг хор, дүрэм миний уг чанар болсныг харсан юм. Би тэдгээрт амьдралаа үндэслэж, улам амиа хичээж, биеэ тоож, хорлонтой болсон. Бурханд гэмшихээс татгалзсаар байвал Бурхан намайг үзэн ядаж, таягдан хаяна гэдгийг мэдэж байлаа. Энэ бүхнийг ухаараад үнэхээр айж, Бурханд яаран залбирч, гэмшмээр байгаагаа хэлээд, тэр цагаас хойш үнэнийг хэрэгжүүлж, тэр сатанлаг хорын дагуу амьдрахаа болихоор хичээнэ гэлээ.

Хэд хоногийн дараа удирдагчаас ирсэн захианд ерөнхийдөө Ли эгчийг нөгөө чуулганы ажилд тохирохоор харагдаж байна гэсэн байсан. Үүнийг уншаад сэтгэлд нэг юм огшсон ч атаархал минь намайг дахин удирдаж байгааг даруй ухаараад, шууд Бурханд залбирч, өөрийгөө хаяхад бэлэн болсон. Залбирсныхаа дараа Бурханы үгээс дахиад хоёр хэсгийг уншлаа. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи аминч, жигшүүртэй гэдгээ илчилж, үүнийгээ ухамсарлах юм бол үнэнийг эрж хайх хэрэгтэй: Бурханы хүсэлд нийцэхийн тулд би яах ёстой вэ? Хүн бүрд ашиг тус болохын тулд яаж үйлдэх ёстой вэ? Өөрөөр хэлбэл, чи эхлээд ашиг сонирхлоо хойш тавьж, тэдгээрийг биеийн хэмжээнийхээ дагуу бага багаар, аажмаар орхих ёстой. Үүнийг хэдэнтээ туулсны дараа тэдгээрийг бүрмөсөн хойш тавьсан байх бөгөөд тэгснээр чи улам бүр тууштай болно. Ашиг сонирхлоо хойш тавих тусам хүн болохын хувьд мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой гэдгээ улам их мэдэрнэ. Аминч сэдэлгүйгээр чи илэн далангүй, шулуун шударга хүн байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд л аливааг хийж байгаагаа мэдэрнэ. Ийм ааш авир чамайг ‘хүн’ гэж дуудуулах үнэ цэнтэй болгож, газар дээр ийнхүү амьдарснаар чи нээлттэй, үнэнч, жинхэнэ хүн байж, цэвэр мөс чанартай, Бурханы хайрласан бүх зүйлийг хүртэх үнэ цэнтэй гэдгээ мэдэрнэ. Ингэж амьдрах тусам чамд улам тууштай, гэгээлэг санагдана. Ийнхүү чи зөв замд хөл тавьсан байх бус уу?(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгэнд хэрэгжүүлэх замыг тодорхой заасан. Би өөрийнхөө ашиг сонирхлыг орхин, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодох ёстой. Тодорхой салбарт өөрөөсөө сайн хэн байна, түүнийг санал болгох ёстой, тэгснээр авьяаслаг хүн бүр Бурханы гэрт давуу талаа ашиглаж, хаанчлалын сайн мэдээ түгээхэд багахан хувь нэмрээ оруулж чадна. Тийм хүн л хүн чанартай, Бурханы хүслийг хайхарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг хүн юм. Тэд Бурханаас сайшаал хүртдэг, бас ингэх нь сайн үйл. Би тэр оройдоо Ли эгчтэй очиж уулзаад, тэр үүргийг авмаар байгаа эсэхийг нь асуулаа. Эгч хийхийг хүсэж байсан ч итгэгч болоод удаагүй, биеийн хэмжээ багатай болохоор сайн хийхгүй байх гэж санаа зовж байгаагаа хэллээ. Эгчийн зовнилыг сонсоод би Бурханы хүслийн талаар нөхөрлөж, Бурханд түшиглэж, найд, бас үүрэгтээ үнэн-зарчмыг эрж хайхад анхаар гэж зоригжуулсан юм. Хэд хоногийн дараа эгч шинэ үүргээ биелүүлэхээр явлаа. Би ч үнэхээр баярлаж, үнэнийг хэрэгжүүлж, нэр хүнд, байр суурийнхаа төлөө амьдрахгүй байж чадна гэдэг шулуун шударга, нэр төртэй амьдрах цорын ганц арга гэдгийг мэдэрч, зүрх сэтгэл тэр чигтээ амар тайван болсон.

Эргээд харах нь ээ, завхарсан зан чанарынхаа дагуу амьдарч, үргэлж атаархаж, алдар нэр, байр суурийн төлөө тэмцэж, Сатаны завхралд өртөн, доог тохуу болж байхдаа би маш шаналантай амьдарч байж. Бурхан намайг илчилж, аврахын тулд янз бүрийн хүн, юмс, үйл явдал, орчныг бүрдүүлсэн. Бас намайг илчилж шүүх, усалж тэжээхийн тулд үгээ ашигласнаар эцэст нь би сатанлаг уг чанараа мэдэж авч, атаархуу байх, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхийн уг чанар, үр дагаврыг олж харсан юм. Тэгснээр л би үнэнийг бага зэрэг хэрэгжүүлж, жаахан мөс чанар, эрүүл ухаантай болж чадсан даа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Надаас бусад нь дэвшсэний дараа

Ли Фэй, Итали 2021 оны 1-р сард миний хариуцаж байсан төсөл дуусах дөхөж, ах, эгч нар маань аажмаар өөр үүрэгт шилжиж, ажлаа дуусгахын тулд...

Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...

Messenger дээр бидэнтэй холбоо барих