Өвчний шалгалт дунд Бурханы хайр намайг замчилсан
- Гарчиг
- Эзэнтэй эргэн нэгдэхдээ би
- Өвчин тусаж, жигшүүрт сэдэл минь ил боллоо
- Үхэл ойртож, Бурханы үг итгэлийг минь батжуулав
- Би амьдрал, үхлээ Бурханд даатгаж, Бурханы үйл хэргийг харлаа
- Энэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө ч илүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр туллаа
Эзэнтэй эргэн нэгдэхдээ би баярладаг
Энэ жил би 78 настай ба толгойн өвчин, чихрийн шижингээс болж үргэлж зовж ирсэн билээ. 2005 онд Эзэнд итгэж эхэлсний дараа олон жилийн турш намайг ороож байсан өвчин намдсан юм; би Бурханы хайрыг мэдэрч, зүрх сэтгэлийнхээ угаас Эзэнд талархлаа. Хоёр жилийн дараа хамаатан маань Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай надад номлосон бөгөөд Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн гэж хэлсэн юм. Төгс Хүчит Бурхан одоо Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр ажлын илүү шинэ, илүү дээд үе шатыг гүйцэтгэн, хүнийг шүүж, гэсгээж, бидний завхралыг цэвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа, мөн эцэст нь аврал хүртсэн хүмүүсийг Бурхан хаанчлал руугаа хөтөлнө гэлээ. Энэ мэдээг сонсоод би догдолж, дотроо “Амьд ахуйдаа Эзэнийг угтаж үнэндээ чадах юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Ирээдүйд Бурхан намайг хаанчлал руугаа хөтөлбөл үнэхээр л гайхалтай байх болно!” гэж бодов. Ингэж бодоод зүрх сэтгэл минь илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрч, Бурханы хайр болон авралд талархлаа. Хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа Бурханы үгийг уншаад, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх болсон бөгөөд тун удалгүй чуулганы амьдралаар амьдарч, чуулган дахь үүргээ гүйцэтгэхийн тул чадах бүхнээ хийж эхэллээ.
Өвчин тусаж, жигшүүрт сэдэл минь ил боллоо
Билгийн тооллын арван хоёрдугаар сард гэр орны ажлаа хийж байтал гэнэт зүрхэнд минь ачаалал ирж, амьсгал давчидсан бөгөөд амьсгаагаа дарж чадахгүй, бүтэж үхэх гэж байгаа мэт санагдав. Өвдөж байгааг маань нөхөр минь хараад, охин, хүргэн хоёрыг яаран дуудсан ба тэд намайг хотын эмнэлэгт хүргэлээ.
Иж бүрэн үзлэгийн дараа хариуцагч эмч маань сүржин байдлаар: “Таны өвчин тун ноцтой байна. Таны зүрхний асуудал хэдийд ч таныг үхүүлж болох юм. Та эмчлүүлэхийн тулд даруйхан эмнэлэгт хэвтэх хэрэгтэй” гэж хэлэв. Эмчийн үг санаанд оромгүй байсан бөгөөд би тэр дороо мэгдэн сандарлаа. “Яахаараа гэнэтхэн ийм хүнд өвчин тусчихдаг билээ? Би хэзээ язаагүй үхэж магад гэж үү? Би Бурханд итгэж эхэлснээсээ хойш үүргээ үргэлж үнэнчээр гүйцэтгэж ирлээ. Бурхан яахаараа намайг хамгаалж чаддаггүй билээ? Хэрвээ би үхчихвэл үзэсгэлэнт сайхан хаанчлал илрэх гайхамшигт үйл явдлыг харж чадахгүй, бас нөхөр хүүхдүүдтэйгээ дахин хамт амьдарч чадахгүй нь. Би тэнгэрийн хаанчлал дахь мөнхийн аз жаргалыг хуваалцаж чадахгүй юм гэж үү?” хэмээн бодогдсон юм. Бодох тусам улам их гутарч, эзгүйрч хоосорсон мэдрэмж зүрх сэтгэлд минь хурлаа. Шаналсандаа би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсаар байхаас өөр арга үлдсэнгүй: “Өө Бурхан минь! Одоо би ийм хүнд өвчин тусчихлаа, тэгээд арчаагүй, сул дорой санагдаж байна. Би юу хийхээ мэдэхгүй, бас Таны хүслийг ойлгохгүй байна. Гэхдээ энэ бүхэн Таны зөвшөөрлөөр тохиолдож байгаа гэдэгт итгэж байна, намайг залж чиглүүлж, замчлахыг Танаас гуйя.” Залбирсны дараа Бурханы эдгээр үг санаанд оров: “Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм… Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана… Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эзэмшлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ).
Бурханы үгийн илчлэл намайг ичээж, тэр үед л би Бурханд итгэх итгэлийн талаарх үзэх бодол маань үнэндээ буруу байсныг ухаарсан юм. Эргээд бодоход би өвчнөө эдгээх гэсэндээ л Эзэн Есүст итгэж эхэлсэн ба дараа нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх юм бол тэнгэрийн хаанчлалд орж, мөнхийн аз жаргал эдэлнэ гэж сонссон болохоор энэ ерөөлийг хүртэх гэж эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, үүргээ идэвхтэйгээр биелүүлэн, Бурханы төлөө ажиллах тусам ирээдүйд миний ерөөл төдий чинээ их байна гэж итгэж байв. Гэтэл одоо амь насанд заналхийлсэн өвчин тусаад ерөөгдөх найдлага маань бараг нурах гэж байлаа. Иймээс би Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож, Бурхантай хэлэлцэж эхэлсэн бөгөөд би бүхнийг орхиж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж, зовж, төлөөс төлсөн юм чинь Бурхан намайг ерөөж, ийм хүнд өвчин тусахыг зөвшөөрөх ёсгүй гэж итгэж байв. Бурханд итгэж, үүргээ биелүүлэх маань чин сэтгэлийнх байгаагүй, тэр ч бүү хэл Бурханы хайрыг хариулахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж байгаагүй гэдгээ тэр үед л би олж харсан юм. Харин ч би хувийн сэдлийнхээ дагуу явсан бөгөөд Бурханаас ерөөл хүртэж, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэх зорилготой байв. Өөрийгөө зарлагадаж байсан маань ч Бурхантай наймаалцаж, хариуд нь тэнгэрийн хаанчлалын аз жаргалыг олж авахын төлөө байжээ. Бурханд итгэх ийм бузар итгэлтэйгээр би гаднаа хэчнээн үнэнч харагдаж байсан бай, энэ нь баримтуудыг няцааж чадахгүй байв; ахархан хугацаанд булбарай, сайхан байдаг ч ямар ч үр жимс өгдөггүй гоёхон цэцэгтэй адилаар өчүүхэн шуурга болоход л би амархан унасан юм. Байгаа бүхэн маань хэрхэн Бурханаас ирснийг, Бурханы хайрыг хариулахын тулд би үүргээ яаж сайн биелүүлэх ёстойг болон энэ нь тэнгэрийн хууль мөн гэдгийг би бас бодлоо. Гэсэн ч би Бурхантай наймаалцахад үүргээ ашиглаж, өөрийнхөө цадиггүй хүслээр бялхаж байжээ—үүргээ ингэж биелүүлснээрээ Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хуурахаар оролдож байсан бус уу? Надад өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаан байсангүй! Тэгээд би Бурханы хүслийг ойлгосон юм. Намайг туршиж, Бурханд итгэх итгэлийн ар дахь буруу сэдлийг минь тодорхой харуулахын тулд Бурхан энэ өвчнийг ашиглаж байжээ. Намайг ариусган өөрчилж, Бурханд тавьж байсан үндэслэлгүй шаардлагыг маань орхиулж, мөс чанар, эрүүл ухааныг маань сэргээж, бүтээгдсэн зүйлийн байранд бат зогсон Бүтээгчийг шүтэн мөргүүлэхийн тулд Бурхан энэхүү цэвэршүүлэлтийг ашиглаж байлаа. Ингэж бодтол бүх зүйл гэнэтхэн ойлгомжтой болж, авралынх нь төлөө би Бурханд талархсан юм. Бурханы аврал байгаагүй бол эцэстээ ямар ч шагнал гэх юмгүй буруу замаар эрэлхийлсээр байх байсан ба ингэвэл ердөө л Бурханд хаягдаж, таягдуулах байв. Хэрвээ хүн Бурханы ажлыг мэдэхгүй, Бурхан хүнийг хэрхэн ариусгаж, авардгийг мэдэхгүй бол Бурханыг хүндэлж, дуулгавартай дагаж чадахгүй бөгөөд өөрт нь таалагдахгүй зүйл тохиолдох үед мохож, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгон, буруутгана гэдгийг бас энэ өвчнөөр дамжуулан ойлгож авсан юм; миний биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн жаахан байв. Эдгээр зүйлийг бодоход зүрх сэтгэл минь зэмлэл болон Бурханд өртэйгээ мэдрэх мэдрэмжээр дүүрлээ.
Эмнэлэгт хэвтсэнийхээ дараа би хором мөч бүрд Бурханыг бодсоор байсан бөгөөд зүрх сэтгэл минь Бурхантай улам ойртсон мэт санагдав. “Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг) хэмээх Бурханы үгийн талаар би бодлоо. Бурханы үгээс би, Бурханы эрх мэдэл, хайрыг хараад, зүрх сэтгэлдээ Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Одоо би ийм өвчин тусаад бага зэрэг хулчийж байгаа ч гэсэн Та бол бүх зүйлийн Захирагч гэдэгт, мөн миний өвчин ч бас Таны гарт байгаа гэдэгт итгэж байна. Би Танд өөрийгөө даатгахыг хүсэж байна, бас Та бол миний тулгуур гэдэгт итгэж байна. Надад итгэл өгч, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг зөвшөөрөөч гэж би Танаас гуйя.”
Үхэл ойртож, Бурханы үг итгэлийг минь батжуулав
Арав гаруй хоногийн дараа өвчин маань бас л дээрдсэнгүй. Нэг өдөр би гэнэтхэн шоконд орж, намайг сэхээн амьдруулах хэрэгтэй боллоо. Миний бие муудаж байгааг хараад хүргэн маань намайг мужийн эмнэлэг рүү шилжүүлэв. Мужийн эмнэлэг дэх эмч эмнэлгийн шилжүүлгийн хуудсыг хараад намайг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, хүчилтөрөгч залгалаа. Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн бүх өвчтөн удахгүй үхнэ гэж нэг өвчтөний хэлэхийг би сонсов. Ингэж хэлэхийг нь сонсоод ихэд айж, “Эмч намайг удахгүй үхэх болохоор энд хэвтүүлсэн юм болов уу?” гэж дотроо бодлоо. Ингэж бодох үед үхэл ойртож байгаа нь мэдрэгдэж, зүрх сэтгэлд минь тайлбарлахын аргагүй сандрал, түгшүүр төрлөө. Үдээс хойш тасаг руу нэг эрэгтэйг түрж авчирсан нь цагийн дараа нас барав. Түүнийг авч явахыг харсан даруйд үхэл намайг нөмрөн авч байгаа мэт болж, дараа нь би үхэх юм шиг санагдлаа. Ингэж бодох тусам улам бүр айв: “Би үнэхээр үхэх юм гэж үү? Гэхдээ би үхмээргүй байна, би...” Би бүрэн арга мөхөстөж, үхтэлээ айсан бөгөөд Бурханыг зүрх сэтгэлдээ чимээгүйхэн дуудаж, Түүнээс зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж гуйхаас өөр хийж чадах зүйл байсангүй. Яг тэр үед Бурханы эдгээр үг санаанд оров: “Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон юм. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед ч энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодод эргэн ирснийг минь мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагддаг бүх хүн, итгэлээсээ болж ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй… Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн Еховагаар ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1).
Бурханы үг надад найдлага төрүүлж, итгэл өгсөн юм. Би Иов, Петр гэх зэрэг үе үеийн бүх ариун хүний тухай бодлоо. Тэд янз бүрийн шалгалт туулж байх тухайн үедээ туйлдаа хүртэл гашуудаж, асар их шаналж, Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсан хэдий ч Бурханд үнэхээр итгэдэг байсан юм. Бурхан юу ч хийлээ гэсэн гомдоллолгүй, харин ч бүтээгдсэн зүйлийн байрандаа бат зогсон Бүтээгчийг дуулгавартай дагасан бөгөөд эцэстээ Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг нүдээр үзсэн билээ. Жишээлбэл, Сатаны дайралт, уруу таталт ирэхэд Иов эд хөрөнгөө бүгдийг нь булаалгаж, хүүхдүүдэд нь гамшиг нүүрлэж, өөрөө бүх бие нь яр хатгиар дүүрч, асар их шаналал амссан юм. Гэсэн ч түүний зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан бөгөөд нүгэл үйлдэн ярихын оронд тэр төрсөн өдрөө хараахыг илүүд үзэж, эцэст нь ингэж хэлжээ: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10). Түүний баримталсан зүйл нь Бурханд итгэх жинхэнэ итгэл, Бурханыг гэх хүндлэл байлаа. Бурхан өгсөн ч бай, авсан ч бай Иов дуулгавартай дагахад бэлэн байсан бөгөөд эцэст нь Бурхан түүнд харагдаж, Бурханыг гэх Иовын хайр, итгэл өссөн юм. Үе үеийн ариун хүмүүсийг надтай харьцуулах аргагүй ч би бас л Бурханы зөвшөөрлөөр, тэр тусмаа Бурханы хайраар одоо ийм өвчин тусжээ. Бурхан надад жинхэнэ итгэл, энэрэл өгч, эрх мэдлийг нь туулах боломж олгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болгохыг хүссэн байв. Миний амьдрал, үхэл Бурханы гарт байсан бөгөөд Бурхан л эцсийн шийдвэрийг гаргах байлаа. Бүхий л зовнил минь хий дэмий байсан бөгөөд Бурханы дээд эрхэд итгэлгүй өөрийнхөө хүч чадалд түшиглэн аливааг захирч, зохион байгуулахыг үргэлж хүсдэгийн минь үр дүн байв. Ингэж бодоод сэтгэл минь нэлээд тайвширлаа.
Би амьдрал, үхлээ Бурханд даатгаж, Бурханы үйл хэргийг харлаа
Хэд хоногийн дараа гэр бүлийнхэн маань намайг иж бүрэн үзлэг шинжилгээнд оруулахыг эмнэлгийн эмч, профессороос хүссэн юм. Эмч, профессор хоёр хоорондоо зөвлөлдөөд, миний өвчнийг чихрийн шижингээс үүдсэн зүрхний титэм судасны бөглөрөл байна, одоо артерийн гурван судас бөглөрсөн тул даруйхан мэс засалд орох хэрэгтэй, үгүй бол хэдийд ч үхэж магадгүй гэлээ. Гэхдээ хагалгаа хийлгэлээ ч гэсэн эдгэнэ гэх баталгаа өгч чадахгүй гэж бас хэлэв.
Ингээд гэрийнхэн маань намайг зүрхний мэргэшсэн эмнэлэг рүү шилжүүллээ. Эмч үзлэг хийснийхээ дараа намайг даруйхан хагалгаанд орох хэрэгтэй, гэхдээ эрсдэл нь өндөр гэж хэлсэн юм. Чихрийн шижингээс үүдсэн зүрхний өвчинд мэс засал хийхэд шарх нь сайн эдгэдэггүй, мөн шарх эдгэхгүй бол үр дүн нь хагалгаа хийлгэхгүй байснаас ч долоон дор болно гэлээ. Энэ хагалгаанд зүрхний орчим дахь бөглөрсөн титэм судсыг тойруулан гуянаас авсан судсыг залгах ёстой учраас хагалгаа бүтэлгүйтвэл би үлдсэн амьдралынхаа туршид саажиж болох байлаа. Бас хагалгааны үеэр хэдийд ч хэрэг явдал буруугаар эргэж, хагалгааны ширээн дээр үхэх магадлалтай байв. Мэс заслын дараа ухаан орж чадах эсэхийг тааварлах хэцүү гэж эмч хэлээд, намайг үнэхээр хагалгаанд оруулмаар байгаа эсэхээ сайтар бодолцохыг гэр бүлийнхнээс минь хүслээ. Эмчийн үгийг сонсоод охин, хүргэн хоёр маань эргэлзэн, их мөнгө зарцууллаа ч дараа нь бас л сайжрахгүй байж магад, тэгвэл өөрсдөө ямар ч мөнгөгүй хоцрохоос гадна намайг ч эдгэхгүй үлдэнэ гэж айж байв. Манай нөхөр бас Бурханд итгэгч бөгөөд үхэл, амьдрал гэдэг Бурханы гарт байдаг, эцсийн шийдвэрийг хүмүүс гаргадаггүй гэдгийг мэддэг байлаа. Иймээс “Та хагалгаа хийхдээ л анхаар, эхнэр маань амьд гарах эсэх нь энэ эмнэлэгтэй ямар ч хамаагүй. Юу ч тохиолдсон бай би тэсээд гарч чадна” гэж огт эргэлзэлгүйгээр эмчид хэлсэн юм. Дараа нь нөхөр маань зөвшөөрлийн маягтад гарын үсэг зурж, эмч хагалгаанд бэлдэж эхэллээ.
Бүх юм бэлэн болсны дараа намайг хагалгааны өрөө рүү түрээд явлаа. Хагалгааны ширээн дээр хэвтэж байхад эмчийн хэлсэн үг бодогдон, зүрх сэтгэл минь уй гашуу, сандралд ахин автлаа. “Хэрвээ би үнэхээр саажилттай болчихвол яг л амьд үхдэлтэй адил байх бус уу? Одоо ингэж хөгширчхөөд байхад нь нөхөртөө би дараа болох юм биш үү? Охид маань байгаа ч гэсэн бүгд одоо тус тусын амь амьдрал, гэр бүлтэй юм чинь хэн намайг жил тойрон харж халамжилж чадах юм бэ? Хэрвээ үнэхээр тийм юм болбол би зүгээр л энэ бүхнийг төгсгөх арга зам бодож олох ёстой болох нь!” гэж бодогдлоо. Гэхдээ дараа нь ганцаараа хагалгааны ширээн дээр үхэж болох нь гэж бодогдон, сэтгэл минь улам их хямрав. Яг тэр үед сэтгэл санааны минь байдал буруу байгааг ухаараад, зүрх сэтгэлийг минь хамгаалж, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдах чадвартай болгооч гэж Бурханаас яаравчлан гуйлаа. Тэр мөчид Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм: “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг; олон хүн тэнгэр лүү хараад, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). Тийм ээ! Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг хянадаг, хүн болгоны хувь заяа Түүний гарт байдаг. Бурхан хүн бүрийн төрөх, үхэх цагийг урьдчилан тогтоодог, иймээс миний хувь заяаг ч бас зохион байгуулсан бус уу? Бурханд гэрчлэл хийхээр шийдсэн атлаа бодит туршилттай тулгараад өөрийн амьдрал, үхэл, алс хэтийн талаар яаж санаа зовж эхэлсэн минь бодогдлоо; үхэхээс айж, бас саажилттай болоод бусдад дараа болох вий гэж санаа зовон, амиа эцэслэх тухай бодож байжээ. Ингэснээрээ би өөрийнхөө хувь заяаг зохион байгуулахаар хүсээгүй гэж үү? Энэ нь яаж Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдаж байгаа хэрэг байх юм бэ? Энэ нь Бурханд итгэдэггүй гэдгийг минь харуулж байгаа бус уу? Бурхан надад амь өгсөн, бас амьдрах, үхэх эсэх маань Бурханы гарт байдаг. Би айж хулчийн, Сатаны заль мэхэн дунд амьдрах ёсгүй, харин ч Бурханд итгэж найдаж, Түүнд өөрийн амь, үхэл, ирээдүйг даатгах ёстой. Ингэж бодоод, зүрх сэтгэлдээ Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь! Би удахгүй хагалгаа хийлгэх нь. Санаа зовоод л байна, гэвч энэ хагалгааны амжилт, бүтэлгүйтэл Таны гарт байгаа гэдэгт итгэж байна. Би амьдарсан ч, үхсэн ч Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүсэж байна”. Залбирсны дараа хамаагүй тайвширлаа. Эмч мэдээ алдуулж, удалгүй надад юу ч мэдрэгдэхээ болив.
Хагалгааны дараа намайг ажиглахаар эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүллээ. Ухаан ороход маань хэдийнээ хоёр хоног өнгөрсөн байсан бөгөөд хагалгаа тун амжилттай болсон, одоо тэнхрэх л үлдсэн гэж гэр бүлийнхэн маань баяртайгаар хэлсэн юм. Үүнийг сонсоод сэтгэл ихэд хөдөлж, хайрынх нь төлөө Бурханд талархсаар байв! Хагалгааг эсэн мэнд давж, хагалгаа ч маш амжилттай болсон нь бүгд Бурханы гайхалтай хамгаалалт байж гэдгийг би мэдэж байлаа! Бидний амьдрал, үхлийг Бурхан хянаж, зохион байгуулдаг, энэ нь Бурханы эрх мэдлийн илрэл байдаг гэдэгт би зүрх сэтгэлийнхээ угаас үнэмшсэн билээ.
Тэнхэрч байхад маань манай тасгийн зарим өвчтөн өвдсөндөө чангаар орь дуу тавих нь сонсогдон, зарим нь байнга ёолдог байсан бол надад харин ямар ч зовуурь мэдрэгдсэнгүй. Хагалгааны шарх өвдөхгүй байгаа нь Бурханы л гайхалтай үйл хэрэг гэдгийг би зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байлаа. Бурханы хайрыг мэдэрч, Бурханд зориулсан талархал, магтаал зүрх сэтгэлээс минь ундарч байв. Үдээс хойш намайг хариуцсан эмч ирээд, “Эгч ээ, таны шарх ер нь өвдөж байна уу? Тавгүй зүйл байна уу?” гэж асуулаа. Би, “Санаа тавьж байгаад баярлалаа, гэхдээ тавгүй зүйл алга даа” гэж хариулсан юм. Гурав хоногийн дараа эмч намайг тун сайн эдгэж байгааг хараад энгийн тасаг руу шилжүүлэв. Чихрийн шижингүй өвчтөнүүд хагалгааны дараа дөрөв тав хоног тэнхэрч байж эрчимт эмчилгээний тасгаас шилжиж байхыг өмнө харсан юм, гэтэл ахимаг настай, чихрийн шижинтэй миний шарх ер нь эдгэхэд хавьгүй хэцүү байх атал хагалгаанаас гурав хоногийн дараагаас би хоол идэж чадаж байв. Бас бусад хүмүүсээс илүү хурдан эдгэж байсан бөгөөд энэ үнэхээр л Бурханы агуу хүч чадал, намайг хайрлах агуу хайр байлаа.
Дараагийн хэд хоногт нөхөр маань Бурханы үгийг үргэлж уншиж өгдөг байсан бөгөөд би үүнийг нь тунгаан, над дээр хийж байсан Бурханы авралын ажлыг эргэцүүлээд Бурханы хайр хэчнээн бодитой болохыг үнэхээр мэдэрсэн юм. Өвчиндөө тарчилж, амьдрал, үхлийн хооронд эргэлдэж байсныг маань үл харгалзан Бурхан үргэлж надтай хамт байсан бөгөөд миний хажуугаас хэзээ ч холдоогүй билээ: Сөрөг, сул дорой болж, итгэл алдрах болгонд минь Бурханы үг намайг залж чиглүүлж, замчлан надад итгэл, хүч чадал өгсөн юм. Бурханы туйлбартай дэмжлэгтэйгээр цаашид би айж хулчийхгүй; Бурханд чин сэтгэлээсээ найдаж, мөн Бурханд өөрийгөө бүрэн даатган, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдахад бэлэн болох үед минь Бурхан надад амьд үлдэх боломж олгоод зогсохгүй, биеийн зовуурийг минь намжаасан юм. Ингэснээр Бурханы гайхалтай үйл хэргийг харж, Бурханы хайрыг мэдрэх боломж надад олдлоо. Энэхүү бие махбодтой болсон Бурхан ажилдаа тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй хэдий ч Түүний үгийн хүч чадал тэмдэг, гайхамшиг үзүүлэх хүч чадлаас хол давдаг; Бурханы үг чухамдаа үнэн бөгөөд хүмүүсийн амь болж чаддаг, мөн тэдгээр нь бидний үйлдлийн зарчим, чиглэл юм гэдгийг би энэ туршлагаар л дамжуулан ухаарч авсан билээ.
Хэсэг хугацааны дараа шарх маань тун сайн эдгэсэн ба надтай адилхан хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд хөдөлж чадахгүй хэвээрээ байхад би нөхрөөрөө түшүүлэн гадаа алхаж чадаж байлаа. Үүнийг хараад эмч, өвчтөнүүд бүгд гайхширч байв. Миний бие ийм хурдан илаарьшсан нь Бурханы үйл хэрэг, Бурханы ерөөл, Бурханы хайр гэдгийг би зүрх сэтгэлдээ тун тодорхой мэдэж байлаа, учир нь Бурхан л ийм гайхамшгийг бүтээж чадна!
Хоёр долоо хоногийн дараа намайг эмнэлгээс гарч байхад эмч, “Энэ эмнэлэгт тантай адилхан өвчинтэй долоон хүн байгаа, ганцхан таных л чихрийн шижингээс болсон. Таны бие тэднийхээс хүнд байсан, гэтэл та түрүүлээд эдгэчихдэг. Үнэхээр санаанд оромгүй юм! Гэхдээ бас таны үнхэлцэгт хавдар байгаа нь аюултай. Та сарын дараа эмнэлэгт ирж, үзүүлэх ёстой шүү. Хэрвээ энэ хавдар томорсоор байвал, дахиад хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болно” гэлээ. Эмчийн хэлэхийг сонсоод би айж зовнихоо больсон байв. Тэгээд дотроо: “Ийм хүнд өвчин туссан ч Бурхан намайг үхүүлсэнгүй. Бурханы эрх мэдлийг харлаа, одоо надад Бурханд найдах итгэл бүр ч их байна. Өвчнөө Бурханы гарт даатгаж, Түүнд хяналтыг өгье” гэж бодов. Дараа нь эмч надад хэдэн эм бичиж өгөөд би гэртээ харилаа. Гэртээ харьсныхаа дараа ах эгч нартай хамт Бурханы үгийг уншиж, Бурханыг магтан дуулж, Бурханы хайрыг эдлэн өдөр бүрийг өнгөрөөв. Надад маш их эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн мэдрэмж төрж, өвчнөө таг мартаж орхилоо.
Сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр эргэж очиход биеийн бүх үзүүлэлт хэвийн гарч, үнхэлцэг дэх хавдар алга болсон байв. Ийнхүү Бурханы гайхалтай үйл хэрэг, намайг гэх хайрыг нь харах боломж дахин нэг удаа олдсон юм.
Энэ баптисмыг туулсны дараа би өмнөхөөсөө чилүү хүчирхгээр ирээдүйтэй нүүр туллаа
Машинаар гэртээ харьж явахдаа замын хоёр талаар өнгөрөх өндөр цагаан улиангар моддыг хараад: “Эд бүгд Бурханы дээд эрхэн дор байдаг. Жил тойрон салхи шуурга, цан хяруу, цас борооны баптисм хүртэж, доторх амь нь улам хүчтэй, цуцашгүй болдог. Миний туссан энэ хүнд өвчин яг л амийн баптисм туулахтай адил байлаа; энэ нь Бурханыг гэх хайрыг минь ариусгаад зогсохгүй бас Бурханд итгэх итгэлийг минь нэмэгдүүллээ” гэж бодов. Дараа нь би Бурханы энэхүү үгийн талаар бодлоо: “Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг дийлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давуу байдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Сэтгэл хөдлөн шүүрс алдахгүй байхын аргагүй байв: Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадал үнэхээр маш агуу юм! Анх Бурхан тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүх зүйлийг үгээр бүтээсэн бөгөөд Бурханы үгээс үүдэн Бурханы урьдчилан тогтоосон дүрэм журмын дотор бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг ариусгаж, авардаг бүхий л үнэнийг илэрхийлдэг төдийгүй Бурханы үнэн бол оршин тогтнолын маань үндэс, бидний дагах ёстой зүг чиг билээ. Амьдрал, үхлийн заагт дэнжгэнэж байхад минь Бурханы үг надад итгэл найдвар, эр зориг өгсөн юм. Өвдөх үедээ Бурханд түшиглэж найдахад сурган, үхлээс айх айдсаа бут цохиж, үхлийн хүлээсийг давахад замчилсан билээ. Энэ туршлагаас би үнэхээр маш ихийг олж авсан юм.
Би насан туршдаа Бурханд итгэж, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, Бурханы аврал, хайрыг хариулахыг л хүсэж байна. Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?