Ачлалгүй хүү эргэн ирсэн нь
Би өмнөд Хятадын жижиг тосгонд, элэнц эмээгийн үеэс л итгэгч байсан гэр бүлд төрсөн юм. Хүүхэд насны минь жаргалтай өдөр хоногууд Библийн түүх, магтан дуу, чуулганд эгшиглэдэг ариун хөгжимтэй үргэлж хамт байсан билээ. Өсөж том болж, хичээлийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зүрх сэтгэл минь Эзэнээс аажмаар холдож эхлэв. Гэхдээ Эзэн намайг хэзээ ч орхилгүй, дуудах бүрд минь тусалдаг байлаа. Эзэн Есүсийн нигүүлсэл, ариун нэр зүрх сэтгэлд минь гүн үндэслэсэн юм. Их сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн жилээ би санаж байна. Хэн ч, тэр дундаа багш нар ч намайг сайн сургуульд тэнцэж чадна гэж бодоогүй юм. Удаа дараагийн цохилттой тулгаран бараг горьдлого тасарч, орохыг хүссэн сургуульдаа хэзээ ч тэнцэхгүй нь гэж би ч бас бодож байлаа. Харин тэгтэл багадаа чуулган дээр сонсож байсан үг гэнэт санаанд оров: “Хүн хаана дуусна, Бурхан тэндээс эхэлдэг”. Тэгээд хормын төдийд би гэгээрсэн мэт санагдсан юм. Би хаана хязгаартаа хүрнэ, Бурхан тэндээс эхэлдэг нь үнэн гэдгийг би мэдэж байлаа. Эзэний чадвар туйлын агуу бөгөөд Эзэнийг чин сэтгэлээсээ түшиж байгаа цагт Тэр надад гарцаагүй тусална гэдэгт би итгэсэн юм. Иймээс би Эзэн Есүст байнга залбирч эхэллээ: “Өө Эзэн минь, надад туслаач. Хүссэн сургуульдаа саадгүй тэнцэж чаддаг л юм бол одоогоос эхлэн би Танаас хэзээ ч холдохгүй, Таныг энэ амьдралын минь цор ганц Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж амлая.” Үүнийхээ хажуугаар би бас ихэнх хүмүүсийн санаанд ч багтамгүй их төлөөс төлж байлаа; ахлах сургуулиа төгсөх жилийн турш би идэж, унтахаас бусад бүх цагт төгөлдөр хуураар хичээллэж байсан юм. Өдөрт бараг л 10-12 цаг хичээллэдэг байв. Намайг дэмжих тэр хүч хаанаас гарч байсныг мэдээгүй ч Эзэн залбирлыг минь сонсоод ийнхүү чимээгүйхнээр надад тусалж байгаа нь лавтай гэдгийг ухаж ойлгож байлаа. Зүрх сэтгэлдээ Эзэнд талархах минь нэмэгдэв. Эцэст нь удаан хүсэн хүлээсэн хүсэл минь биелж, улсынхаа шилдэг хөгжмийн сургуулиудын нэгд тэнцээд, улмаар Эзэн Есүс бол миний ганц Аврагч гэдэгт бат итгэх болсон юм. Коллеж төгсөх жил би төгсөөд ямар зам сонгохоо мэдэхгүй байсан болохоор Эзэн Есүсийг дуудаж, Түүнээс чигийг минь зааж, өмнө минь зам нээж өгөхийг гуйлаа. 2004 онд АНУ-д болсон 9-р сарын 11-ний террорист халдлагын дараахан нэвтрэх виз олголт бараг бүгд зогссон байсан ч хачирхалтай нь би мэргэжлийн түвшинд бичүүлсэн СD-нийхээ ачаар АНУ-ын нэгэн их сургуулиас бүрэн тэтгэлэг хүлээн авсан билээ. Оюутны визээ ямар ч төвөггүй аваад би эрдэм номын мөр хөөхөөр Америк явсан юм. өөрийнхөө хүчээр бол хэзээ ч хүрч чадахааргүй байсан мөрөөдлөө биелүүлэхэд минь Эзэн тусалсан гэдгийг би их сургуульд тэнцэж, гадаад явсан энэ хоёр туршлагаасаа харлаа. Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан, миний Аврагч бөгөөд би Эзэнд итгэх итгэлээ зохих ёсоор хэрэгжүүлж, Түүнийг дагах хэрэгтэй гэдэгт улам бүр үнэмших болсон юм.
2007 оны нэг өдөр би дадсан зангаараа Хятадад суугаа ээж рүүгээ залган, ярьж хөөрөв. Яриан дундуур ээж гэнэтхэн: “Эзэн Есүс Христ аль хэдийн эргэж ирсэн гэдгийг чи мэдсэн үү?” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод баярлах, гайхах зэрэгцсэн ч эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж Библид хэлдэг нь тэр даруй санаанд орсон тул Эзэн эргэн ирсэн гэх энэ яриа нь үнэн, худлын алийг мэдэхгүй байлаа. Үүнд болгоомжтой хандах ёстойг би мэдэж байв. Өнөө үед интернэт маш хурдан, ойр дөхөм болохоор интернэт ороод шалгаж үзэх хэрэгтэй гэж бодлоо. Утсаар ярьж дуусаад би догдолсон сэтгэлээр интернэт орж, мэдээллийн найдвартай эх сурвалж олохыг хичээв. Хачирхалтай нь миний тааралдсан бүхэн эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурханыг гутааж, ялласан эсэргүүцлийн дуу хоолой л байлаа. Энэ нь үнэн худал эсэхийн учир нь олдохгүй байсан тул ээж минь зөв бурууг ялгаж чадалгүй, буруу замаар орох вий хэмээн эмээж, айдас түгшүүрт автсан юм. Тэгээд ээж рүүгээ даруй залгаж, цахимаар уншсан тэр бүх муу муухай зүйлээ хэлсэн ч, ээж маш тайван байж, намайг тайтгаруулан ингэж хэлэв: “Үр минь, чи Төгс Хүчит Бурханы үгийг уншиж үзээгүй болохоор ойлгохгүй байна, чамд үүнийг тайлбарлахад их цаг орно, гэхдээ бүү санаа зов, би буруу замаар ороогүй. Харин ч ээж нь Хурганы мөрийг дагаж байгаа. Энэ талаар дахиж утсаар ярилцахаа больё.” Хятадыг бурхангүй үзэлт дарангуйлал захирдаг, бас ХКН-ын засгийн газар Христэд итгэгчдийг үргэлж хавчиж, баривчилж байгаа болохоор итгэлтэй холбоотой аливаа зүйлийг утсаар ярих нь ээжид тусгүй гэдгийг би мэдэж байлаа. Энэ талаар ээжтэй нэг их юм ярьж зүрхлээгүй болохоор Хятадад байдаг сайн таньдаг пастор луугаа залган тусламж эрж, ээжийг минь очиж “авраач” гэж гуйсан юм. Хожим нь пастор ээжийг бүлэгт буцааж оруулж чадахгүй байгаагаа дуулгахад би бараг багтартлаа уурласан билээ. Тэгээд Төгс Хүчит Бурханд итгэдэг ээжийнхээ итгэлийн замд хөндөлсөх гэсэндээ Төгс Хүчит Бурхан бид хоёрын нэгийг нь сонго гэж хүртэл хэллээ. Ингэж хэлснийхээ дараа би гурван шөнө дараалан нэг зүүдээ зүүдэлсэн бөгөөд зүүдэнд түнэр харанхуй шөнөөр аадар бороо асгарч, харин би хар шүхэр бариад нэг л танил далайн эргээр алхаж байв. Эргэн тойронд нэг ч хүнгүй байхад гэнэт өдрийн гэрэл мэт аянгын хурц гялбаа шүхрийг минь цахилаа… Энэ зүүдийг зүүдлэх болгондоо би айчихсан, хүйтэн хөлстэй сэрдэг байсан ч туйлын мэдрэмжгүй, мунхаг, зөрүүд болохоороо яагаад ийм зүүд зүүдлээд байгаагаа ухаж ойлгохын тулд эрж хайж, залбиръя гэж өчүүхэн ч хичээл зүтгэл гаргасангүй. Бурханыг эсэргүүцэх замаасаа буц, оронд нь Түүн рүү эргэн оч гэж Эзэн надад хэлж, анхааруулж байсан юм болов уу? Хожим нь би ээжийгээ ятгах гэж яаж ч оролдоод ямар ч нэмэргүй болохыг ухаарлаа. Бас дээр нь алс хол харь нутагт, завгүй амьдарч байсан болохоор ээжийгээ хүчлэх гэж оролдохоо болив.
2010 онд намайг Хятадад буцаж очиход ээж минь Төгс Хүчит Бурханд итгэдэг тухайгаа яриа дэлгэв. Тэгээд юу бодож байгааг минь нэвт харсан юм шиг шулуухан асуулаа: “Төгс Хүчит Бурханд итгээд хэдэн жил болж байгааг минь чи мэднэ. Намайг чи тэр цахимд бичдэг элдэв янзын зүйл шиг хачин болчихсон гэж бодож байна уу?” Ээжийн асуулт намайг хэлэх үггүй болгож, яг тухайн үедээ хэлэх хариу олдсонгүй. Сайтар бодоод үзэхэд, миний айн дагжиж байсан цахимд бичсэн тэдгээр зүйл ээжид минь тохиолдоогүйг ухаарлаа. Ээж минь харин ч эгэл жирийнээрээ, өмнө минь эсэн мэнд зогсож байв. Үнэндээ ээж Төгс Хүчит Бурханд итгэдэг болсноосоо хойш Эзэн Есүст итгэж эхэлснийхээ дараах үеэс ч илүү их өөрчлөгдсөнийг нь би харлаа. Үг, үйлдэл нь илүү ухаалаг болоод зогсохгүй, аливаад хандах хандлагадаа илүү их ойлголт олж авчээ. Энэ бүгдийг хараад би, “Нүд үнэн, чих худал гэдэг тул цахимд байсан цуу яриа үнэн биш бололтой” гэж бодлоо. Ээж минь тэгэхэд, “Чи яагаад ээждээ итгэхгүй байгаа юм бэ? Бас баримтыг олж харахгүй, юунд цахим цуу ярианд итгэнэ вэ? Тэр зүйлсийн талаар судалж, нотолгоо цуглуулсан юм уу?” гэж хэллээ. “Үгүй ээ” гэж би бантан хариулав. Ээж цааш ийн ярилаа: “Чи өөрөө судалж үзээд, энэ бүгд ердөө л цуурхал гэдгийг олж мэдэхийн оронд цахимаар уншсан цуу яриандаа итгэж, яаран дүгнэлт хийсэн байна. Ийм өндөр боловсролтой юм байж эрүүл ухаанаар тун дулимаг байгаа чинь ичгүүртэй юм. Чи дөрвөн сайн мэдээг сайтар судлах хэрэгтэй, тэгвэл Эзэн Есүсийг ажлаа хийж байх үед Иудейн шашны ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд төрөл бүрийн цуу яриа, хуурамч гэрчлэлийг санаанаасаа зохиодог байсныг харна. Тэд Эзэн Есүсийг нүгэлтний нөхөр, идээ унд, архи дарсанд дурлагч хүн гэцгээдэг байсан бөгөөд Цезарьт татвар төлөхөө боль хэмээн хүмүүсийг турхирсан гэх худал ял тулгасан байдаг. Тэгээд бүр цэргүүдийг хахуульдан худал гэрчлэл хийлгэж, Эзэн Есүсийн биеийг шавь нар нь хулгайлсан, Тэр дахин амилаагүй гэж хэлүүлж байсан. Энэ талаар чи мэдэж байгаа биз дээ? Дөрвөн сайн мэдээнд бичигдсэн зүйл бол Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн ажлын ердөө л багахан хэсэг. Эзэн Есүсийн талаар Иудейн удирдагчдын тараасан олон цуу яриаг тэнд бичсэн байдаг. Чи энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Тэр үед интернэт байсан бол Иудейн шашны ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд цуу яриа, худал гэрчлэлээ гарцаагүй цахимаар тарааж, Эзэн Есүсийг гүтгэж, доромжилж, гүжирдэж, ялласан үг нь өнөөгийн шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг ялладгийн яг адилаар интернэтийн хаа сайгүй тархах байсан. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу? ‘Энэ бол ёрын муу үеийнхэн’ (Лук 11:29). ‘Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй’ (Иохан 3:19-20). гэж Эзэн Есүс хэлсэн байдаг. Бас ‘Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан …’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). ‘Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь хэдэн мянган жилийн өмнө болсон, Тэр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн няцаалт, гүтгэлгийг бүрэн амссан юм. Бурханы ирэлтийг хэн ч угтан авдаггүй; бүгд Түүнийг хүйтэн харцаар л хардаг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал нь хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг зүссэн юм’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 4-өөс). гэж Төгс Хүчит Бурхан хэлсэн нь бий. Бурханыг эсэргүүцэж, Бурхантай дайсагнадаг ялзарсан хүн төрөлхтний уг мөн чанарыг Бурханы үг маш тодорхой илчилдэг. Сатан хүн төрөлхтнийг гүн завхруулж, бүх хүн төрөлхтөн Бурханы дайсан болсон тул хэн ч үнэнд дурладаггүй, хэн ч Бурханыг ирэхэд нь угтдаггүй. Эзэн Есүс Иудад ажиллаж, үнэнийг илэрхийлж байхдаа маш олон гайхамшиг үзүүлж, олон эгэл ард Түүнд татагдан дагаж байсан болохоор бүх эгэл ард Эзэн Есүсийг дагаж, өөрсдийг нь орхих вий гэж Иудейн шашны удирдагчид санаа зовних болсон юм. Иймээс тэд Эзэн Есүсийн талаар цуу яриа зохиож, худал гэрчлэл хийж, Түүнийг улайран эсэргүүцэж, яллан, эцэст нь загалмайд цовдолжээ. Завхарсан хүн төрөлхтөн үнэнийг үзэн ядаж, Бурханыг дайснаа гэж үздэгийн хөдөлшгүй нотолгоо энэ. Өнөөдөр Бурхан ахин нэг удаа махбод болоод, завхарсан хүн төрөлхтний улайрсан эсэргүүцэл, яллалттай дахин тулгарч байна. ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханыг хүмүүс дагаж, өөрсдийнх нь ёрын муу мөн чанарыг ялган таних чадвартай болох вий, тэгээд гологдож, эрх мэдлийн байр сууриа алдах вий гэж айдаг. Шашны ертөнцийн удирдагчид ч мөн адил итгэгчид Төгс Хүчит Бурханыг дагаснаас болж өөрсдийн байр суурь, амь амьжиргааг алдах вий гэж айдаг. Тэгээд яг л Ромын дэглэм, тухайн цаг үеийн Иудейн шашны удирдагчдын адилаар өөдгүй, хорлонт арга сонгож, Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар элдэв цуу яриа зохион, маш олон худал гэрчлэл хийж, улмаар Төгс Хүчит Бурханыг гүтгэж яллан, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг гутааж байгаа юм. Төгс Хүчит Бурханы үг, ажлыг эсэргүүцэн босож, яллаж, голоход хүмүүсийг хүргэж, Бурханы аврал хүртэх замд хөндөлсөх нь тэдний зорилго. Бид Сатаны залийг ялган таньж чаддаг байх ёстой! ХКН-ын засгийн газар бол хэзээд Бурханы дайсан байсаар ирсэн бурхангүй үзэлт сатанлаг дэглэм. Анх засгийн эрхэнд гарч ирэхдээ тэд Ариун Библийн хувиудыг устгаж, сүм чуулганыг нурааж, Христэд итгэгчийг хядаж, тэр ч бүү хэл дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болох Ариун Библийг гаж урсгалын номд тооцон, Протестант, Католик шашинтнуудыг нухчин дарж, хяхаж хавчвал зохих ёрын муу гаж урсгалын гишүүд хэмээн үзсэн байдаг. Тэд ой тойнд орж болох бүх гэмт үйлийг үйлддэг хойно тэдний зохиож зүрхлэхгүй ямар цуу яриа байх билээ? ХКН-ын засгийн газар, шашны ертөнцийн удирдагчдын аль аль нь үнэнийг үзэн яддаг сатанлаг диаволууд, Бурханы дайснууд гэдгийг баримт харуулдаг. Энэ бол бидний тодорхой ойлгох ёстой зүйл. Бид итгэгч хүмүүс хойно Бурханы үгэнд итгэх ёстой, бас үнэнд итгэх ёстой. Харин ХКН-ын засгийн газар, шашны ертөнцийн удирдагчдын цуу яриа, худал үгэнд яавч итгэж болохгүй. ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн тараасан цуу яриаг ялган таних чадвар дутвал, мөн Төгс Хүчит Бурханы үг, ажлыг эрж хайж, судлахгүй бол эцэстээ бид яг л Иудейн эгэл ардууд шиг сонссон цуу яриандаа мэхлэгдээд Христийг хаяж, үнэн замаас татгалзана. Тэгснээр Бурханы авралыг алдаад зогсохгүй Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө эцэст нь Түүний зөвт шийтгэлтэй учирна!”
Ээжийнхээ хэлсэн үгийг сонсоод би зүүднээсээ сэрэх мэт болж, эдгээрийг өөрийн эрхгүй эргэцүүллээ: “Ээжийн зөв. Би яагаад Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ямар нэг судалгаа хийлгүй цахимд байсан сөрөг зүйлд сохроор итгэчхэв ээ? Энэ хорвоо Сатаны завхралд маш их автаад худал хуурмаг, заль мэхэнд живж байна; урвалт хаа сайгүй гарч байгаа болохоор үүнээс үнэндээ сэрэмжлэхийн арга алга. Гэтэл би цахимд байсан мэдээллийн талаар ямар ч судалгаа хийлгүй зүгээр л сохроор итгэчхэж. Хүн болгоны хэлснийг тоть мэт давтан, дур зоргоороо дүгнэлт гаргажээ. Ингэсэн минь үнэхээр хайхрамжгүй, мунхаг явдал бус уу? Хорон мууг дагаж, дур зоргоороо шүүсэн хэрэг бус уу?” Үг дуугарахгүй байгааг минь хараад ээж “Үг нь махбодоор илэрсэн номын” номын хувийг өгөөд, тайвнаар хэлэв: “Энэ ном эцсийн өдрүүдэд Бурханы хэлсэн үгийг агуулдаг. Чамайг үзлээ хойш тавин, няхуур судалж үзнэ гэж найдъя. Асуулт гарвал асуугаарай, тэр талаар чинь хамтдаа нөхөрлөж болно шүү.” Би номыг аваад үг дуугүй уншиж эхэллээ. Гэвч үнэндээ би үнэнийг эрж хайх хандлагаар уншаагүй юм. Харин судлаачийн сэтгэлгээг баримтлан, Бурханы үгийг өөрийн мэдлэгээр хэмжиж магадлах, бүр үндэсгүй болохыг нь нотлохыг ч хүсэж байлаа. Чухамдаа Бурханы үгэнд хүндэтгэлгүй, эсэргүү хандсанаасаа болж л би Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртэж чадаагүй бөгөөд тиймдээ ч тэр бүх хугацаанд Төгс Хүчит Бурханы ажлыг үнэндээ мэдэж аваагүй юм. Тэгээд бүр өөрийн буруу үзэлтэй үргэлжлүүлэн зууралдаж, Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Энэ тухай ээжтэйгээ би ярилцлаа: “Ээж ээ, өмнө нь би цахимаар уншсан бүх цуу яриандаа итгэж, Төгс Хүчит Бурханд итгэхэд чинь саад хийх гэж оролдсон ч үнэндээ харалган, мунхаг нэгэн нь би байжээ. Одоогоос эхлэн би Төгс Хүчит Бурханд итгэхийг чинь эсэргүүцэхгүй, гэхдээ би тантай хамт Төгс Хүчит Бурханы нэрээр залбирах ямар ч боломжгүй, учир нь би Эзэн Есүсийн нэрээр залбиран мөрөөдлийн сургуульдаа тэнцэж, хилийн чанадад эрдэм номын мөр хөөх бүтэн тэтгэлэг хүлээн авсан. Тийм агуу нигүүлсэл хүртчихээд Эзэн Есүсийг орхиж яаж болох юм бэ? Тэгэх юм бол ачлалгүй, итгэл эвдсэн хэрэг болох биш үү?” Ээж Төгс Хүчит Бурханы үгээс миний энэ үзэлд чиглэсэн хэсгийг өгч уншуулав: “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь тасралтгүй уялдаатай явагдаж, Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг бүрдүүлдэг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, мөн эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг салгадаг бүх хүн Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Энэ нь ямар ч эргэлзээгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Дараа нь надтай ийнхүү нөхөрлөлөө: “Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг гэж чи бодож байгаа ч энэ бол бүхэлдээ чиний үзэл, төсөөлөл юм. Ехова Бурхан, Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан бол чухамдаа бүгд нэг Бурхан. Хуулийн эрин үед Бурханыг Ехова гэх нэрээр дуудаж байсан. Тэр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг замчлахын тулд хууль гаргаж, хүн төрөлхтнийг жолоодож, замчлахын тулд хууль, тушаалаа хүнээр мөрдүүлсэн юм. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүн төрөлхтөн хуулийг цаашид сахиж чадахгүй болтлоо Сатаны завхралд автан, бүгд хуулийн ял, хараал дор амьдарч байсан. Бурхан Нигүүлслийн эрин үеийн ажлыг хэрэгжүүлэхээр Есүс гэх нэрээр махбод болсон бөгөөд хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний төлөө нүглийн мөнхийн тахил болж загалмайд цовдлогдсон. Тэр үеэс хойш бид Бурханы өмнө очин нүглээ улайж, гэмшиж л байгаа цагт нүглээ цагаатгаж, хуулиар яллуулж, хараагдахаа болих болсон. Дээр нь бас Эзэний энгүй их ерөөл, өршөөлийг бид хүртдэг. Гэхдээ нүглээ уучлуулж, Эзэн Есүсийн арвин их нигүүлслийг эдэлж болох ч нүгэлт уг чанар, ялзарсан зан чанараа бид таягдан хаяагүй байдаг. Бид нүгэл үйлдээд, түүнийгээ улайх ёрын тойрогт амьдарсаар, үүнээсээ ангижирч чаддаггүй. Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг шүүж, цэвэрлэх үнэнийг илэрхийлэхийн тулд Төгс Хүчит Бурханы дүрээр дахин махбод болсон. Энэ нь хүнд Бурханы шүүлтээр үнэнийг ойлгож, үнэнийг олж аван, сатанлаг, ялзарсан зан чанараа хаяж, Бурханаар бүрмөсөн цэвэрлэгдэн, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгодог. Энэ маягаар эцэстээ хүн Бурханы амлалтыг өвлөн авч, Түүний хаанчлал руу хүргэгдэхэд тохирохоор болж чаддаг. Тиймээс Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан бол хоёул өөр өөр эрин үед бие махбодтой болсон Бурхан бөгөөд нэг Бурхан юм.
Ээжийн нөхөрлөл үндэслэлтэй, няцаахаар зүйлгүй байсан ч би төрөл бүрийн үзэлтэй хэвээр байсан болохоор: “Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс юм хойно Түүнийг би Есүс гэх нэрээр дуудна уу, Төгс Хүчит Бурхан гэх нэрээр дуудна уу ямар ч ялгаагүй. Ямартай ч Тэр бол нигүүлсэл хайрладаг Бурхан” гэж тэр даруй хариуллаа. “Ехова Бурхан, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан бол нэг л Бурхан” гэж ээж хариулаад, “энэ эргэлзээгүй үнэн хэдий ч Бурхан эрин үе бүрд өөр нэр авдаг. Тиймээс Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрснөөр л Бурханы авралыг хүлээн авч чадна. Энэ нь Хуулийн эрин үед Бурхан Ехова хэмээх нэрээр ажлаа хэрэгжүүлж, хүмүүс Еховагийн нэрээр залбирахад Бурхан хүнийг сонсож, ерөөдөг байсантай адил юм. Дараа нь Нигүүлслийн эрин үед Бурхан Эзэн Есүс гэх нэрийг ашиглан ажлаа хэрэгжүүлсэн тул хүмүүс Есүсийн нэрээр залбирах хэрэгтэй болсон. Эс бөгөөс тэд нүглээ ч уучлуулахгүй, Эзэний нигүүлсэл, ерөөлийг ч хүртэхгүй байх байсан юм. Израильчууд Эзэн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас сүмд Ехова Бурханыг дуудан хашхирсан ч Бурханы өмнө очоогүй бөгөөд Эзэн Есүсийн авралыг хүртээгүйтэй энэ яг адилхан. Одоо Хаанчлалын эрин үе ирж, Бурхан Төгс Хүчит Бурхан гэх нэрээр шинэ ажлаа хэрэгжүүлж байна. Төгс Хүчит Бурханы нэрээр залбирснаар л чи Ариун Сүнсний ажил, Бурханы авралыг хүртэж чадна. Хэрэв Есүс гэх нэртэй зууралдан, Төгс Хүчит Бурхан гэх нэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол чухамдаа Бурханы урьдын ажилд итгэн, өнөөгийн ажлыг эсэргүүцэж, улмаар мөн чанартаа Бурханыг эсэргүүцэж, урваж байгаа хэрэг юм. ‘Чи амьд нэртэй боловч үнэндээ үхдэл юм’ (Илчлэл 3:1). гэж Ариун Библид хэлсэн байдаг. Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрч, өнөөгийн үг, ажилд нь захирагдсанаар л бид Бурханд бодитоор итгэдэг болно. Миний хэлж байгааг чи ойлгож байна уу?” гэв.
Ээжийн минь хэлж байгаа бүхэн ухаалаг, бодитой санагдсан ч Эзэн надад тийм агуу нигүүлсэл хайрласан болохоор би Есүсийн нэрийг сэтгэлдээ тавьж явуулж чадахгүй л байлаа. Өнөөдөр надад байгаа бүхнийг Эзэн Есүс өгсөн, харин би Эзэнд итгэх итгэлээ зүй ёсоор хэрэгжүүлж, Эзэнийг дагана хэмээн анх өгсөн амлалтдаа тууштай байж чадаагүй. Тийм болохоор би Төгс Хүчит Бурханы сайн мэдээнээс татгалзсаар байлаа.
Зуны амралт дууссаны дараа би АНУ руу буцаж, завгүй хичээл ном, түргэн хэмнэлтэй амьдрал минь намайг “бодит” ертөнц рүү маш хурдан буцаан авчирлаа. Чуулганы үйлчлэл рүү эргэж очих бүрдээ пастор нь хятад чуулганых ч бай, англиар ярьдаг чуулганых бай ялгаагүй ямар ч номлолд нь шинэ зүйл гардаггүйг олж мэдэв. Үргэлж л нөгөө хуучин дуу, бүжиг байдаг байлаа. Чуулганы амьдрал залхмаар байсан бөгөөд аминдаа тэжээл авч байгаа мэт санагдахгүй байв. Сүргээ авч үлдэх гэсэндээ чуулганы хамтран зүтгэгчид ойр ойрхон аялал, зугаалга, үдэшлэг болон бас бус арга хэмжээ зохион байгуулж, бид бүгдийг оролцуулна. Чуулган дахь элдэв янзын хүмүүс дунд үнэн сүсэгтэй эрэлчид биш, зүгээр л үерхэх хүн, өрөөний хамтрагч, хамт аялж зугаалж, хамт хоолонд орох хань хайсан гэх мэт хүмүүс олон байсан бөгөөд чуулган миний хувьд сэтгэлийн амар амгаланг олж болох газар байхаа больсныг ухаарсан юм. Энэ нь намайг шаналал, гунигт автуулаа. Хожим нь би үйлчлэлд оролцохоо бүр больсон ч байнга сэтгэлийн зовнилтой байх болов. Надад яг л замаасаа төөрчхөөд, амьдралд хагас ухаантай яваа цөхөрсөн хүүхэд шиг санагдаж байлаа.
2014 онд хүүгээ төрүүлсний дараа хөх минь сүүгүй байснаас болж нөхөр бид хоёрын дундах зөрчил хурцдав. Өдөр бүр нөхөр минь ажлаасаа тарж ирээд хамгийн түрүүнд: “За юу болж байна, бас л сүү ороогүй юу? Хөхөө хөхөхгүй бол хүүгийн минь дархлаа муудчихна даа” гэдэг байв. Тэгэхэд би огтоос эх хүн байх эрхгүй мэт санагдан, анх удаа л тэгтлээ арга мухардаж үзсэн юм. Өрнө, дорнын эмч нарын аль алинд нь үзүүлж, гэрийн нөхцөлд эмчлэх арга хүртэл цахимаар хайсан ч сүү оруулахад юу ч тус болсонгүй. Галзуурахад ганц хуруу дутуу байгаа мэт сэтгэл өвдөн, гуньж гутарч, уур хилэн төрж, энэ чигээрээ яваад байвал удалгүй үнэхээр солиорох юм шиг санагдаж байлаа. Төрсний дараах амралтынхаа туршид цаг ямагт нүдэндээ нулимстай байж, надад яагаад ийм зүйл тохиолдож байгааг яагаад ч ойлгож чадсангүй. Зүйрлэхийн аргагүйгээр байнга сэтгэл үймж, “эхийн сүү” юм уу “хөхүүлэх” гэсэн үг сонсмогцоо л шууд уйлж эхлэхэд бэлэн, өөрийгөө хянах ямар ч чадваргүй байлаа.
Хэцүү нөхцөлд байгааг минь мэдээд, ээж хилийн чанадаас намайг асрахаар ирэв. Намайг яаж зовж байгааг хараад, ээж ингэж хэллээ: “Амьдрал чинь яагаад улам бүр харанхуйлж, зовлонтой болж байгааг чи ер нь бодож үзсэн үү? Бурханд итгэдэг ч үнэнийг эрж хайхгүй болохоор тэр шүү дээ. Эзэн эргэн ирчхээд байхад чи эрж хайж, судалдаггүй. Оронд нь өөрийнхөө үзэл, төсөөлөлтэй сохроор зууралдаж, бусад бүх хүний ам дагуулан, дур зоргоороо Бурханы шинэ ажлыг шүүж байна. Энэ бол Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг! Чи Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй болохоор Бурханы халамж, хамгаалалтыг алджээ. Тэгээд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа чинь чиний амьдралыг улам бүр зовлонтой болгож, эцэстээ чи цөхөрч, Сатаны доог тохуу л болж үлдэнэ.” Ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод би дуугаа хураалаа. Дараагийн өдрүүдэд нь ээж хүүг минь унтуулчхаад надад дандаа Бурханы үгийн магтан дуу сонсгодог байв. Тэгээд гайхмаар зүйл тохиолоо. Эдгээр магтан дууг сонсохтой зэрэгцээд оюун санаа минь гэнэт аажмаар тайвширч эхлэв. Нэг удаа би ийм магтан дуу сонссон юм: “…харин хүн Бурханыг дагахдаа ч гэсэн Сатанд үйлчлэхдээ тултлаа зүрх сэтгэл, сүнсээрээ Бурханаас хэтэрхий хол байдаг бөгөөд үүнийгээ бас л мэддэггүй. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин ч тэд энэ дэлхийд дасаж, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс Сатанд өргөл болсон бөгөөд Сатаны хоол хүнс болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны байнгын оршин суух газар, зүй ёсны тоглоомын газар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчмын талаарх ойлголт, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрыг хүн өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан өөрийг нь бүтээсний ач холбогдлыг хүн ойлгохоо больж, Бурханы амнаас гардаг үг, Бурханаас ирдэг бүхнийг ойлгодоггүй. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдрэлгүй болдог … Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол хүн төрөлхтний уй гашуу билээ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Завхарсан хүн төрөлхтний харуусал”). Төгс Хүчит Бурханы үгийн хамгийн сүүлийн мөр сэтгэлийн минь утсыг хөндлөө. Би Бурханы үгэнд дүрсэлсэн яг тийм байдалд орж, аман дээрээ Бурханыг хүлээн зөвшөөрсөн ч бодит байдал дээр зүрх сэтгэл минь бүхэлдээ Сатанд эзэмдүүлсэн байсныг олж харав. Бүх бодол, мэдрэмжээ махан биеийн асуудалд хандуулан, махан биеийн араас л бас хөөцөлдөж, сүсэг бишрэлгүй замаар уруудаж явжээ. Ариун Библид ийн хэлдэг: “Учир нь махбодоор анхаарал тавих нь үхэл; харин сүнсээр анхаарал тавих нь амь ба амар тайван юм” (Ром 8:6). “дэлхийтэй найзлах нь Бурхантай дайсагнаж байгаа хэрэг гэдгийг чи мэдэхгүй юу? Тиймээс дэлхийтэй найз хэн боловч Бурханы дайсан байх болно” (Иаков 4:4). Миний үйлдэлд Бурханы хүсэлтэй нийцэх зүйл огт байхгүй, бүгд Бурханы яг эсрэг чиглэсэн байгаа талаар би бодлоо. Тэгээд Бурханы өмнө очиж залбирав: “Өө Бурхан минь, эрдмийн зэрэг, хувь хүний онцлог, гэрлэлт, дэлхийн бас бус зүйлийг л эрхэмлэж, энэ байхад л хангалттай гэж боддогоосоо болж өнөөдөр би ийм байдалд оржээ. Би үнэнийг ердөө ч эрж хайгаагүй, Бурханыг мэдье гэж ч эрэлхийлээгүй. Тэгээд бүр Таныг зүрх сэтгэлийн минь хаалгыг тогшиж, яг нүдний минь өмнө Бурханы үг, үнэнийг дэлгэж байхад хүртэл би нандигнаж чадсангүй. Таныг шинэ ажил хэрэгжүүлэхээр ирсэн гэж сонсохдоо би гөжүүд, үзэл сурталжсан байсан тул үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ээжийн минь нөхөрлөл үндэслэлтэй гэдгийг би сайн мэдэж байсан ч өөрийн үзлийг зөрүүдлэн баримталж, үнэн замыг судлаагүй. Өө Бурхан минь, би үнэнийг голчхоод, нигүүлслийг тань л нандигнаж, үнэхээр зөрүүд, тэрслүү байжээ! Хэрэв Та надад дахин боломж олгох юм бол Таны ажлыг би чадах чинээгээрээ заавал судална.” Ийм залбирлыг минь Бурхан сонсох эсэхийг тухайн үед мэдэхгүй байсан ч би Бурханд хандан ийнхүү залбирсаар байсан юм.
2015 оны дөрөвдүгээр сард би эрүүл мэндийн асуудлаар ээжтэйгээ цуг Хятад буцсанаар Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоо тогтоох боломж тохиосон билээ. Би энэ хорвоод аз жаргалыг ололгүй шамдан, зүдэрч явснаа, бас зүрх сэтгэлээ харанхуй, хоосролоос ангижруулж чадах үнэнийг шашин дотроос ч олж чадаагүй талаараа бодлоо. Магадгүй миний хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн Төгс Хүчит Бурхан бол намайг коллежид тэнцэж, Америкийн нэгдсэн улс руу явахад тусалсан Аврагч Есүс байсантай энэ бүхэн холбоотой байх гэсэн хүчтэй мэдрэмж зүрх сэтгэлд минь төрж байв. Ийм бодол төрөхөөр нь би Төгс Хүчит Бурханы Чуулганы үйл ажиллагаанд оролцмоор байна гэж ээждээ хэллээ. Төд удалгүй Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар надтай уулзахаар ирсэн бөгөөд тэдний цуглах үедээ уншдаг зүйл нь Бурханы үг, нөхөрлөж хэрэгжүүлдэг зүйл нь үнэн болохыг би харлаа. Тэд юу ч хийсэн бай Бурханы үг тэдний стандарт, үнэн тэдний зарчим болж байв. Тэд махан биеийн эрхээр үйлддэггүй, өөр хоорондоо сүсэггүй харьцалт ч хийдэггүй ажээ. Төгс Хүчит Бурханы Чуулган бол үнэнд захирагддаг Канааны сайхан нутаг болохыг би харав. Тэр газарт сүнс минь цадаж, хангагдаж, зүрх сэтгэл минь хоосрохоо болин, сэтгэл ханамжийг би олж авсан юм.
Нэг өдөр хэдэн ах эгчтэй дахин цуглаж байх үеэр Ван эгч Бурханы үгээс энэхүү хэсгийг уншив: “Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухамсар дутмаг энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэрээр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг, бас чамайг өлсөж цангахаа байгаасай гэж хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм бэ зүг чигээ алдаж, замдаа ухаанаа алдаж, “эцэг”-тэй болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байгаа” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт). Бурханы үгийн энэ хэсэг сэтгэлийг минь их хөдөлгөлөө. Төгс Хүчит Бурханыг би яг л төөрсөн үрээ дуудан, удахгүй эргээд ирнэ дээ гэсэн хүлээлттэй суугаа элбэрэлт эх хүн адилаар мэдрэв. Энэ бол Эзэний дуу хоолой гэдгийг би сонсож чадлаа. Төгс Хүчит Бурхан бол ар араасаа тохиох хямралыг даван туулахад минь удаа дараа тусалж, замын алхам тутамд намайг хэзээ ч орхилгүй, буцан ирэхийг минь цөхрөлтгүй хүлээсэн Эзэн Есүс болохыг ухаарав. Би Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрж хайж, Бурханы үгэнд итгэхийн оронд цахим цуу яриа, пасторын үгэнд итгэж байснаа бодлоо. Би дайсны талд орж, ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн пасторуудтай нийлээд, өдөр шөнөгүй намайг халамжилж байсан Бурханыг муулан, дайрч давшилж байжээ. Бурханы авралыг би голсон байж. Тэгээд үнэхээр харалган, мунхаг байжээ. Бурханд итгэх итгэл минь үзэл, төсөөлөл дээр минь суурилсан хэвээр байсан бөгөөд их сургуульд амжилттай тэнцэж, эрдэм номын мөр хөөхөөр хилийн чанад руу саадгүй явахад минь Эзэн Есүс тусалсан болохоор Эзэн Есүсийн нэрд үргэлж үнэнч үлдэх ёстой, Эзэн Есүст сүсэгтэй байхад л хангалттай гэж итгэжээ. Аливааг харах өнцөг минь үзэл, төсөөлөлд минь тулгуурлаж байсан. Бурхан шинэ эринийг эхлүүлж, шинэ нэр авах үед би Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, намайг гэсэн Бурханы авралаас удаа дараа татгалзжээ. Үүнийг юу гэж Бурханд итгэх итгэл гэх юм бэ? Зүгээр л өөртөө итгэж байсан хэрэг биш үү? Бурханы надад гагцхүү хайр л өгч байсан атал Бурханыг би удаа дараа шархлуулжээ. Бурханд асар их өртэй болсноо би мэдэж байлаа …
Би үнэхээр өөрийн эрхгүй сөгдөн мөргөж, гашуун нулимс унаган Бурханд ийнхүү залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би харалган, мунхаг байжээ. ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн цуу ярианд итгэн, Таныг хаяж, яллаж, үзэл төсөөлөлдөө тулгуурлан Таныг хязгаарласан. Эцсийн өдрүүдийн сайн мэдээнээс тань би татгалзсан. Би бол орчин цагийн фарисай юм байна. Зан байдал, үйл хэргээр минь дүгнээд л намайг Сатантай хамт устгавал зохих хэдий ч Та намайг хайрлан, цаг байгаа учраас гэмших боломж дахин олгожээ. Өө Бурхан минь, би Ниневегийн хүмүүс шиг Таны өмнө ирж ‘таар өмсөн, үнсэнд сууж’, нүглээ Танд үнэн сэтгэлээсээ улайж, гэмшихэд бэлэн байна. Намайг өршөөгөөч гэж Танаас гуйя. Би Тантай хамтран ажиллаж, Таны үгээр цэвэрлэгдэж, аврагдмаар байна.”
Дараа нь Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар надтай уулзахаар долоо хоногт гурван удаа ирэх болов; ингэж тасралтгүй ирсээр дөрвөн сар гаруйн нүүр үзлээ. Энэ хугацаанд би бараг өдөр бүр шахуу Бурханы үгээс хэд хэдэн хэсгийг уншдаг байсан ба үнэнийг ойлгож авах тусам Бурхантай харилцах харилцаа минь улам зөв зохистой болж, анх байсан итгэл минь сэргэсэн юм. Зүрх сэтгэл минь амар тайван болж, түгшүүр, хоосролыг мэдрэхээ болилоо. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, цуглаан дээр үнэнийг нөхөрлөснөөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд бат үнэмшин, Төгс Хүчит Бурхан бол миний эргэн ирээсэй гэж хүсэмжилж байсан Эзэн Есүс гэдэгт туйлын итгэлтэй болсон юм. Би Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл дагаж, үнэнийг эрэлхийлдэг нэгэн болж Бурханы хайрыг хариулахаар шийдлээ.
2016 онд би АНУ-д буцаж очоод тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай вэбсайтаар нь холбоо тогтоож, чуулганых нь үйл ажиллагаанд оролцож эхэлсэн юм. Бурханд талархъя! Одоогийн минь байгаа газар луу Бурхан л намайг алхам алхмаар хөтөлжээ. Бурханы хайрыг хариулахын тулд би Бурханы сайн мэдээ түгээх ажлыг бүх чадлаа дайчлан хэрэгжүүлэхийг хүсдэг бөгөөд тэгснээр Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг үнэнийг эрж хайн, үүгээр ангаж цангаж буй улам олон хүн мэдэж авч чадна. Миний замаар орж, Сатаны цуурхалд сохроор итгэн, Сатантай хамт Бурханыг эсэргүүцэх юм бол эцэстээ өөрсдөө л хохирч үлдэнэ гэдгийг ч би тэдэнд хэлнэ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?