БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ЯЛГАА

Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг оролт юм. Үзэгдлийн тухай үнэнийг яг таг эзэмшингүүт оролт чинь найдвартай болно; Бурханы ажил яаж өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ тууштай байж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэж, оролт болон эрэл хайгуул чинь зорилготой болно. Ийм маягаар, чиний доторх бүхий л туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, улам нарийсна. Ерөнхий чиг хандлагыг бүхэлд нь ойлгомогц амь чинь ч хохирол амсахгүй, чи ч төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэж авахгүй бол алхам бүрд хохирол амсах бөгөөд хэдхэн өдрийн дотор үүнийг өөрчилж чадахгүй, хоёр долоо хоногийн дотор ч зөв замд орж чадахгүй. Энэ нь саатал учруулахгүй гэж үү? Эерэг оролт болон хэрэгжүүлэлтийн замд та нарын эзэмших ёстой зүйл их байдаг. Бурханы ажлын үзэгдлийн тухайд бол, чи дараах зүйлсийг ухаарах ёстой: Түүний байлдан дагуулалтын ажлын ач холбогдол, төгс болгуулах ирээдүйн зам, шалгалт, гай зовлон туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт, гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд. Эдгээр нь бүгд үзэгдлүүдийн тухай үнэнд харьяалагддаг. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе дэх ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл юм. Эдгээр нь ч бас үзэгдлүүдийн тухай үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм. Одоо та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл маш их байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү дэлгэрэнгүй байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол хараахан ороогүй байгааг чинь энэ нь нотолдог. Ихэнхдээ үнэний талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий өнгөц байдаг; тэд зарим энгийн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг ба ялихгүй асуудлуудыг ч хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь тэдний тэрслүү зан чанараас болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх мэдлэг нь хэтэрхий өнгөц, өрөөсгөл байдгаас болдог. Тиймээс, хүмүүсийн хувьд төгс болгуулна гэдэг тийм ч амархан ажил биш. Чи дэндүү тэрслүү бөгөөд хуучин байдлаа хэтэрхий их хадгалдаг; үнэний талд зогсох чадваргүй, хамгийн илэрхий үнэнийг ч хэрэгжүүлэх чадваргүй. Ийм хүмүүс аврагдаж чадахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс юм. Хэрвээ чиний оролт нарийн ширийн юмгүй, бас зорилгогүй бол өсөлт чинь удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Хүний амийн өсөлт ба зан чанарын өөрчлөлт нь бодит байдалд орсноор, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан туршлагатай байвал, мөн ихээхэн бодит мэдлэг болон оролттой байвал зан чанар чинь хурдан өөрчлөгдөнө. Одоогоор чи хэрэгжүүлэлтийн талаар тов тодорхой мэдэхгүй байсан ч гэсэн, ядаж л Бурханы ажлын үзэгдлийн талаар тодорхой мэдэж байх ёстой. Эс бөгөөс чи орох чадваргүй байх болно; үнэний мэдлэгтэй болж байж л орох боломжтой. Туршлагыг чинь Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаар илүү гүнзгий ойлгож, илүү гүн орж чадна. Та нар Бурханы ажлыг мэдэж авах ёстой.

Анх, хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа Бурханы ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь израильчууд байв. Израиль бүхэлдээ Еховагийн газар дээрх ажлын суурь байсан билээ. Еховагийн ажил нь хууль тогтоосноор дамжуулан хүнийг шууд удирдаж, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүн хэвийн амьдралаар амьдарч, газар дээр хэвийн байдлаар Еховаг шүтэн мөргөж чадах байсан юм. Хуулийн эрин үе дэх Бурханыг хүн харж ч, хүрч ч чадахгүй байлаа. Тэрээр Сатаны завхруулсан анхны хүмүүсийг л удирдан чиглүүлж, тэдэнд зааж сургаж, тэднийг хариулж байсан учраас Түүний үг ердөө хууль, тогтоол болон хүний биеэ авч явах хэм хэмжээг агуулж байсан бөгөөд тэднийг амийн үнэнээр хангаагүй юм. Түүний удирдлага дор байсан израильчууд Сатаны гүн гүнзгий завхруулсан хүмүүс биш байв. Түүний хуулийн ажил нь ердөө авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба үнэндээ хүний амь зан чанарын өөрчлөлттэй бараг ямар ч хамаагүй байлаа. Тиймээс, авралын ажлын эхэн үед Израиль дахь ажлынхаа төлөө Тэрээр махбодтой болох хэрэггүй байсан юм. Ийм учраас Түүнд хүнтэй харилцахдаа ашиглах зууч буюу хэрэгсэл шаардлагатай байв. Тиймээс, бүтээгдсэн зүйлсийн дунд Еховагийн өмнөөс ажиллаж, ярьдаг хүмүүс бий болсон бөгөөд ийнхүү хүний хөвгүүд болон эш үзүүлэгчид хүмүүсийн дунд ажиллах болжээ. Хүний хөвгүүд Еховагийн өмнөөс хүмүүсийн дунд ажиллав. Еховагаар “хүний хөвгүүд” гэж дуудагдана гэдэг нь тийм хүмүүс Еховагийн өмнөөс хууль тогтоосон гэсэн үг юм. Тэд бас Израилийн ард түмний дундах тахилчид, Еховагийн харж хандаж, хамгаалж байсан тахилчид байсан бөгөөд Еховагийн Сүнс тэдний дотор ажилладаг байжээ; тэд хүмүүсийн дундах удирдагчид байсан ба Еховад шууд үйлчилж байв. Нөгөөтээгүүр, эш үзүүлэгчид бүх газар нутаг, овгийн хүмүүст Еховагийн өмнөөс ярихад өөрсдийгөө зориулсан хүмүүс байсан юм. Тэд ч бас Еховагийн ажлыг зөгнөж байлаа. Хүний хөвгүүд ч бай, эсвэл эш үзүүлэгчид ч бай, бүгдийг нь Еховагийн Сүнс Өөрөө өргөсөн ба тэдэнд Еховагийн ажил байсан юм. Хүмүүсийн дунд тэд Еховаг шууд төлөөлдөг хүмүүс байсан; тэд Ариун Сүнсний Өөрийн махбод болсон бие байсан учраас биш, харин Ехова өөрсдийг нь өргөсөн учраас л ажлаа хийсэн билээ. Тиймээс, Бурханы өмнөөс ярьж, ажилласнаараа адилхан байсан хэдий ч Хуулийн эрин үе дэх хүний хөвгүүд ба эш үзүүлэгчид нь Бурханы махбод болсон бие байгаагүй юм. Нигүүлслийн эрин үе болон сүүлчийн үе шатан дахь Бурханы ажил яг эсрэгээрээ байсан, учир нь авралын ажил болон хүнийг шүүх шүүлтийг хоёуланг нь бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийсэн тул Өөрийнх нь оронд ажиллах хүний хөвгүүд болон эш үзүүлэгчдийг дахин нэгэнтээ өргөх хэрэггүй байв. Хүний нүдээр бол, тэдний ажлын мөн чанар, арга барилын хооронд мэдэгдэхүйц ялгаа байхгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлыг эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн ажилтай байнга андуурч будилдаг. Бие махбодтой болсон Бурханы харагдах байдал нь үндсэндээ эш үзүүлэгч, хүний хөвгүүдийнхтэй адилхан байсан. Бие махбодтой болсон Бурхан нь эш үзүүлэгчдийг бодвол бүр ч илүү хэвийн, илүү бодитой байв. Тиймээс хүн тэднийг ялгаж чаддаггүй. Хүн гагцхүү харагдах байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд хэдий хоёулаа адилхан ажиллаж, үг хэлдэг ч тэдний хооронд мэдэгдэхүйц ялгаа байдаг гэдгийг огт мэддэггүй. Хүний ялган таних чадвар хэтэрхий дульхан байдаг учраас энгийн асуудлуудыг ялган таньж чаддаггүй, нарийн төвөгтэй зүйлийг бол бүр ч чаддаггүй. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигласан тэр хүмүүс үг хэлж, ажилласан нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэхийн төлөө байсан бөгөөд энэ нь хүний хийх учиртай зүйл байсан юм. Харин бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэхийн төлөө байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий; тэдгээр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгч Түүгээр дүүргэгдэж байсан ч тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн төлөө байв. Тэдний зөгнөл бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс хэтрэн гарч, хүн чанар нь бие махбодтой болсон Бурханыхаас ч давсан байж болох ч тэд үйлчлэл хийж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүргийг хэлдэг; энэ нь хүний хүрч болох зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлага дунд агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол Бурханы удирдлагын ажлын тодорхой үе шатанд, бүтээгдсэн зүйлийн үүргээ л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүй бол, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алдагдсан бол бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд үүрэг даалгавраа биелүүлэх явдал бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж яавч болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт—Түүний Сүнсэнд—Бурханы ажил бол Өөрийнх нь удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тэр ямар ч ажил хийлээ гэсэн, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байгаа; хүн Бурханы удирдлагын цар хүрээн дотор, Түүний удирдамж дор чадах бүхнээ хийж л болно.

Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд боломжтой бүхнийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “дундыг баримтлагчид” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү? Хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарын оршихуйг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол Бурхан биш гэдэг нь эргэлзээгүй, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй, Бурханы төрөлхөөсөө биелүүлж чаддаг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэж болохгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох юм уу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнгүй. Түүнчлэн, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар халамжлуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг үзэн яддаггүйгээр үл барам, Бурханы зам бол буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг ба тэрслүү хүмүүс бүр Бурханы оршин тогтнолыг ч үгүйсгэдэг. Тийм тэрслүү байдалтай ийм хүмүүс яаж Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байж чадах юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлдэггүй хүмүүс Бурханы эсрэг маш их тэрсэлдэг ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэхийн дохио биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүмүүс аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл ч хангалтгүй атал тэд Бурхантай маргах зоригтой байж, Түүнтэй өрсөлддөг. Тийм хүмүүсийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс үүргээ биелүүлж чадахгүй бол гэм буруутай, өртэйгөө мэдрэх ёстой; тэд сул дорой, нэмэргүй байдлаа, тэрслүү байдал, завхралаа үзэн ядах ёстой, түүнчлэн өөрсдийн амийг Бурханд өгөх учиртай. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм хүмүүс л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Түүний өмнө үүргээ хэрхэн биелүүлсэн бэ? Та нар амиа золиослоод ч хамаагүй, хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган таньж чадах уу? Надад хэр үнэнч вэ? Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгч, та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүхнийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн доторх өчүүхэн мөс чанараараа үүнийг хэмжиж, харьцуулж үзсэн үү? Та нарын үг, үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол Миний өгсөн бүхнийг хүртэхэд зохистой гэж үү? Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүргийн хэмжээ, та нарын цорын ганц үйл ажиллагаа юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, хязгааргүй нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг ийм хүмүүс, ийм дундыг баримтлагчид тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй. Зовлон зүдүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л өдөр хоногуудыг чинь дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Бүх нигүүлсэл, ерөөл болон хаанчлалын гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм! Мунхаг, биеэ тоосон хүмүүс чадлынхаа хэрээр хичээдэггүй, үүргээ ч биелүүлдэггүйгээр үл барам, харин ч өөрсдийн хүртэх эрхтэй зүйлийг хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд гуйсан зүйлээ авч чадаагүй бол бүр ч итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж ухаантай гэж үзэж болох юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй, удирдлагын ажлын үеэр хэрэгжүүлэх ёстой үүргээ огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэн аль хэдийн огцом унасан. Та нарт тийм нигүүлсэл үзүүлсний хариуг Надад буцаан төлж чадахгүй байх чинь аль хэдийнээ туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг яллаж, хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнгүй байдлыг чинь харуулахад энэ нь хангалттай. Та нар гараа сунгах ямар эрхтэй юм бэ? Миний ажилд өчүүхэн төдий ч тус болох чадваргүй, үнэнч байх чадваргүй, Миний төлөө гэрчлэлд зогсох чадваргүй байдаг чинь та нарын буруу үйл, алдаа дутагдал атал харин ч та нар Над руу дайрч довтолж, Миний талаар худал ярьж, Намайг зөвт бус гэж гомдоллодог. Энэ нь та нарын үнэнч зан уу? Та нарын хайр уу? Та нар үүнээс илүү өөр ямар ажил хийж чадах вэ? Хийгдсэн бүх ажилд та нар ямар хувь нэмэр оруулсан бэ? Та нар хэр ихийг зарлагадсан бэ? Би та нарыг буруутгаагүйгээрээ аль хэдийн асар их хүлээцтэй байдал харуулсан хэр нь та нар одоо ч Надад ичгүүргүйгээр шалтаг тоочиж, нууцаар Миний тухай гомдоллодог. Та нарт хүн чанарын өчүүхэн ч гэсэн ул мөр байгаа юу? Хэдийгээр хүний үүрэгт хүний оюун санаа болон үзэл холилддог ч чи үүргээ биелүүлж, үнэнч зангаа харуулах ёстой. Хүний ажил дахь хольц нь түүний хэв чанарын асуудал, харин хүн үүргээ биелүүлдэггүй бол энэ нь түүний тэрслүү занг харуулдаг. Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үйлдэл хийхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол тэрслүү зангаас нь болж байгаа юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг.

Нигүүлслийн эрин үед Есүс ч бас маш олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондох ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан яаж бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс яаж илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн тухайд бол эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр баримт нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн нотолгоо болох ямар ч боломжгүй. Иймээс, хүнд мэдэгдэхүйц байдаг Бурханы үг ба ажилд л үндэслэн ялгааг нь харж болно. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл, Сүнсний хэрэг явдал чамд харагддаггүй ба Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм. Исаиа, Даниел болон бусад нь бүгд өндөр боловсролтой, соёлтой хүмүүс байсан; тэд Еховагийн удирдлага доорх гайхамшигтай хүмүүс байлаа. Бие махбодтой болсон Бурханы махбод ч бас мэдлэгтэй, эрүүл ухаанаар дутмаг биш байсан боловч хүн чанар нь нэн хэвийн байв. Тэр эгэл хүн байсан ба хүний энгийн нүд Түүний ямар нэг онцгой хүн чанарыг ялган таньж, эсвэл бусдынхаас ялгаатай хүн чанарыг олж харж чадаагүй юм. Тэр огтхон ч ер бусын юм уу өвөрмөц байгаагүй ба илүү өндөр боловсрол, мэдлэг, онолыг эзэмшиж байгаагүй. Түүний ярьж байсан амь болоод хөтөлсөн зам нь онолоор дамжуулж, мэдлэгээр дамжуулж, амьдралын туршлагаар дамжуулж, эсвэл гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж олдоогүй. Харин ч тэдгээр нь Сүнсний шууд ажил буюу Бурханы махбод болсон биеийн ажил байлаа. Хүн Бурханы талаар асар их үзэлтэй байдаг ба эдгээр үзэл нь ялангуяа хэтэрхий олон бүдэг бадаг, ер бусын элементээс бүрддэг учраас хүний нүдээр бол тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаггүй, хүний сул талуудтай хэвийн Бурхан нь мэдээж Бурхан биш байлаа. Эдгээр нь хүний эндүү ташаа үзэл биш гэж үү? Хэрвээ Бурханы махбод болсон бие хэвийн хүн байгаагүй бол Түүнийг яаж махбод болсон гэж хэлж болох юм бэ? Махбодтой байна гэдэг нь ердийн, хэвийн хүн байх явдал юм; хэрвээ Тэр ер бусын оршихуй байсан бол бие махбодтой биш байх байв. Махбодтой гэдгээ батлахын тулд бие махбодтой болсон Бурхан нь хэвийн махбодыг эзэмших хэрэгтэй байлаа. Энэ нь зүгээр л бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн төлөө байсан юм. Гэвч, эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн хувьд ийм байгаагүй. Тэд бол Ариун Сүнсний ашиглаж байсан, авьяас чадвартай хүмүүс байсан; хүний нүдээр бол тэдний хүн чанар нэн агуу байсан ба тэд хэвийн хүн чанараас давсан олон үйл үйлдсэн юм. Энэ шалтгааны улмаас, хүн тэднийг Бурхан мэт үзсэн. Одоо та нар бүгдээрээ үүнийг тодорхой ойлгох ёстой, учир нь энэ бол өнгөрсөн эрин үеийн хүмүүсийн хамгийн амархан төөрч будилдаг асуудал байсаар ирсэн юм. Нэмж хэлэхэд, бие махбодтой болох нь бүх зүйлээс хамгийн нууцлаг нь бөгөөд бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг. Миний хэлдэг зүйл, чиг үүргээ биелүүлэхэд чинь, мөн бие махбодтой болохын нууцыг ойлгоход чинь тус дэм болдог. Энэ нь бүгд Бурханы удирдлага болон үзэгдэлтэй холбоотой. Та нар үүнийг ойлговол үзэгдлийн талаар буюу Бурханы удирдлагын ажлын талаар илүү их мэдлэг олж авахад илүү тустай байх болно. Ийм маягаар, та нар бас өөр өөр хүмүүсийн биелүүлэх ёстой үүргийн талаар илүү их ойлголт олж авна. Хэдий эдгээр үг та нарт замыг шууд харуулдаггүй ч оролтод чинь асар их тус болдог, учир нь та нарын одоогийн амьдралд үзэгдэл ихээхэн дутагдаж байгаа бөгөөд энэ нь та нарын оролтод ихээхэн садаа тээг болно. Хэрвээ та нар эдгээр асуудлыг ойлгож чадаагүй бол та нарт орох сэдэл байхгүй байх болно. Тэгвэл ийм эрэл хайгуулаар та нар үүргээ яаж чадлынхаа хэрээр биелүүлж чадах юм бэ?

Өмнөх: БУРХАНЫГ БОЛОН БУРХАНЫ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л ТҮҮНИЙГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА

Дараах: БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

11-Р БҮЛЭГ

Хүн төрөлхтөн дэх хүн бүр Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний...

29-Р БҮЛЭГ

Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний...

БИБЛИЙН ТАЛААР (1)

Бурханд итгэхдээ Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх