Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ ОРШДОГ МАХАН БИЕИЙН МӨН ЧАНАР

Хурд

БУРХАНЫ ОРШДОГ МАХАН БИЕИЙН МӨН ЧАНАР

Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч зөвхөн гурван жил хагаст нь л Тэр үйлчлэлээ гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн хэвийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр бие махбодтой болсон Бурхан гэдгээ илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэрээр бурханлаг чанараа харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байв; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь наад захын эзэмших ёстой зүйл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал юм. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай эгэл хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажилд үйлчилдэг; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар үйлчлэлээ хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бүхий л бурханлаг ажилтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байдаггүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, ажлаа хийх үед нь Түүний бурханлаг чанар хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгод хүн чанар нь үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин бүрэн бурханлаг чанараар нь хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбодтой болсон Бурхан өөр: Тэр Өөрийн махбодод хүн чанарыг агуулаад зогсохгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн хэвийн амьдрал байлаа. Тэр махан биеийнхээ хэвийн хүн чанараар амьдарсан. Өөрийн ажлыг хийж, үгийг хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь ихэнхдээ үйлчлэлээ эхлэх хүртэл нь харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө л хэвийн махбод байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүнээс болж, бас Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс ямар ч бурханлаг байдлыг Түүнээс олж хараагүй бөгөөд тухайн үед зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, эгэл хүн гэдгээс өөр юу ч хараагүй. Тэр бол жирийн хүний хүү, Бурханы махбод болсон бие гэж хэлэх ямар ч аргагүй гэж хүмүүс бодсон; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа олон ид шид үзүүлж байхад нь хүртэл ихэнх хүмүүс Түүнийг Иосефын хүү гэсээр байсан, учир нь Тэр бол хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон Түүний ажил хоёулаа анх удаа бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан ба Бурхан махбодод бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг баталсан. Өөрийн ажлыг эхлэхийн өмнө Тэр хэвийн хүн чанартай байсан нь жирийн махбод байсных нь нотолгоо байв; дараа нь Тэр ажилласан нь бас Түүнийг эгэл махбод байсныг баталсан, учир нь Тэр хэвийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан бол Түүний махбод нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан бөгөөд Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба Тэр махбод биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд нь хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарынх нь илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж, Өөрийн эрх мэдлийг яаж ч харуулж байсан бай, Тэр мөн л хэвийн хүн чанараар амьдарч, хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилах хүртлээ Тэр хэвийн махбодод оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн хэвийн махбодоор гүйцэтгэсэн Түүний ажил байв. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран Тэр хэвийн хүний махбодоосоо хэзээ ч салаагүй. Тэр бол Бурханы ажлыг хийж байсан Бурхан Өөрөө байсан, гэсэн ч Тэр Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр хэвийн хүн байсны нотолгоо бөгөөд Бурханы махбод болсон бие нь ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махбод байсныг баталдаг. Түүний ажил нь эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, эхний удаа бие махбодтой болсны үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байв. Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог; махбодоор хийдэг Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шид үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, мөн газар дээр анх хөл тавьсан үеэсээ л энэ хорвоогийн бүх асуудлыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чаддаг байсан бол ийм хүнийг энгийн хүн гэж хэлж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг бие махбод гэж хэлж болохгүй байх байлаа. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь Тэр бол махбод болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан нь хэвийн махбод байсан гэдгийг нь харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажлын хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд Бурханы хоёр удаа бие махбодтой болсны ар дахь үнэн түүх юм. Есүсийн бүх амьдралыг гайхамшгууд дагалдаж, газар дээрх Өөрийн ажлын төгсгөл хүртэл Тэр хэвийн хүн чанарыг харуулаагүй, Түүнд хүний хэвийн хэрэгцээ буюу сул талууд, эсвэл хүний сэтгэл хөдлөл байгаагүй, амьдралын үндсэн хэрэгцээ шаардагдаагүй, хүний хэвийн бодол байгаагүй гэж хүмүүс итгэж болох юм. Тэд Түүнийг хүний хэрээс хэтэрсэн сэтгэхүйтэй бөгөөд ер бусын хүн чанартай л гэж төсөөлдөг. Нэгэнт Тэр Бурхан учраас энгийн хүмүүс шиг бодож, амьдрах ёсгүй ба зөвхөн жирийн хүн буюу жинхэнэ хүн л хүний хэвийн бодлыг бодож, хүний хэвийн амьдралаар амьдардаг гэж тэд итгэдэг. Эдгээр нь бүгд хүний санаа, хүний үзэл бөгөөд Бурханы ажлын анхдагч санаа зорилгод харшилдаг. Хүний хэвийн сэтгэхүй нь хүний хэвийн эрүүл ухаан болон хэвийн хүн чанарт дэмжлэг үзүүлдэг; хэвийн хүн чанар нь махбодын хэвийн үйл ажиллагааг дэмждэг; мөн махбодын хэвийн үйл ажиллагаа нь махбодын хэвийн амьдралыг бүхэлд нь боломжтой болгодог. Бурхан тийм махбодод ажиллаж байж л бие махбодтой болсон зорилгоо биелүүлж чадна. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан зөвхөн махбодын гадаад бүрхүүлийг л эзэмшээд хүний хэвийн бодлыг боддоггүй байвал, энэ махбод нь жинхэнэ хүн чанарыг бүү хэл, хүний эрүүл ухааныг ч эзэмшихгүй. Хүн чанаргүй ийм махбод нь бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх ёстой үйлчлэлийг хэрхэн биелүүлэх юм бэ? Хэвийн оюун ухаан нь хүний амьдралын бүх талд дэмжлэг үзүүлдэг; хэрвээ хүн хэвийн оюун ухаанаа алдвал хүн биш байх болно. Өөрөөр хэлбэл, хэвийн сэтгэхүйгүй хүн бол сэтгэцийн өвчтэй хүн юм. Хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай Христийг Бурханы махбод болсон бие гэж хэлж болохгүй. Тэгвэл Бурханы махбод болсон бие яаж хэвийн хүн чанаргүй байж болох юм бэ? Христэд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлэх нь доромжлол биш гэж үү? Ердийн хүмүүсийн эрхэлдэг бүх үйл ажиллагаа нь хүний хэвийн оюун ухааны ажиллагаанаас хамаардаг. Үүнгүйгээр, хүмүүс этгээд авирлах байсан; тэр ч бүү хэл тэд хар цагаан, сайн муугийн хоорондох ялгааг хэлж чадахгүй болох байсан; тэгээд тэдэнд хүний ёс зүй, ёс суртахууны зарчмууд үгүй байх байсан. Үүнтэй адилаар, хэрвээ бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн шиг бодохгүй бол жинхэнэ бие махбод буюу хэвийн махбод байж чадахгүй байсан. Юм боддоггүй тийм махбод бурханлаг ажлыг гүйцэтгэх чадваргүй байх байсан. Тэр газар дээрх хүмүүстэй хамт амьдрах нь бүү хэл, махан биеийн хэвийн үйл ажиллагааг ч явуулж чадахгүй байх байсан. Тэгээд Бурханы бие махбодтой болсны ач холбогдол, Бурхан махбодод ирэхийн гол мөн чанар алдагдах байсан юм. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махбодоор хэвийн бурханлаг ажлыг явуулахын тулд оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэ махбод хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлж биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө зүгээр л хэвийн хүн чанараар амьдарч байсан. Тэр бол Бурхан гэдгийг хэн ч хэлж чадаагүй, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг маш жирийн хүн гэж л мэдэж байсан. Түүний үнэхээр жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байсан юм. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олсны болон бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ. Эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах авралыг нь зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе бол хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, нигүүлсэл хайрлах нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба тэдгээр нь махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм. Гэвч тийм ажил гүйцэтгэж байх явцдаа Тэр махбодод амьдарч байсан, Тэр махан биеэс давж гараагүй. Тэр анагааж эдгээх ямар үйл хийсэн нь хамаагүй, мөн л хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан бөгөөд бас л хэвийн хүний амьдралаар амьдарч байсан. Бие махбодтой болсон Бурханы эрин үед махбод нь Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэг гэж Миний хэлдгийн шалтгаан бол, Тэр ямар ч ажил хийлээ гэсэн түүнийгээ махбодоор хийсэн билээ. Гэвч Түүний ажлаас болоод хүмүүс, Түүний махбодыг бүхэлдээ бие махбодын мөн чанартай гэж үзээгүй, учир нь энэхүү махбод гайхамшиг үзүүлж, зарим онцгой мөчүүдэд махан биеэс даван гарсан зүйлсийг хийж байсан юм. Мэдээж, Түүнийг үйлчлэлээ эхэлсний дараа л дөчин өдрийн турш сорилтонд орох, уулан дээр хувирч өөрчлөгдөх гэх мэтийн энэ бүх явдал тохиолдсон. Иймээс Есүсийн хувьд, Бурхан бие махбодтой болохын утга учир бүрэн гүйцэлдээгүй, харин зөвхөн хагас биелсэн. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө махбодод амьдарсан Түүний амьдрал бүх талаараа тун хэвийн байсан. Өөрийн ажлыг эхэлсний дараа Тэр махбодынхаа зөвхөн гадаад бүрхүүлийг хадгалсан. Түүний ажил бурханлаг чанарын илэрхийлэл байсан учраас энэ нь махан биеийн хэвийн ажиллагаанаас даван гарсан. Эцсийн эцэст, Бурханы махбод болсон бие нь мах, цуснаас бүрдсэн хүнээс ялгаатай байлаа. Мэдээж, Түүний өдөр тутмын амьдралд бусдын адилаар хоол, хувцас, нойр, орон байр шаардагдаж, Түүнд бүх хэвийн хэрэгцээ хэрэгтэй байж, ердийн хүн шиг бодож, тунгааж байсан. Түүний хийсэн ажил ер бусын байснаас бусдаар бол хүмүүс Түүнийг эгэл хүн гэж үзсээр байв. Үнэндээ Тэр юу ч хийсэн бай, жирийн, хэвийн хүн чанараар амьдарсан бөгөөд Тэр ажлаа гүйцэтгэж байсан учраас Түүний эрүүл ухаан бусад ердийн хүмүүсийнхээс тун энгийн, бодол нь нэн тодорхой байсан. Ийм байдлаар бодож, сэтгэх нь бие махбодтой болсон Бурханд чухал байсан, учир нь эрүүл ухаан нь маш энгийн, бодол нь маш тодорхой байдаг махбодоор бурханлаг ажил илэрхийлэгдэх хэрэгтэй байсан—зөвхөн ийм байдлаар л Түүний махбод бурханлаг ажлыг илэрхийлж чадах байсан юм. Газар дээр амьдарсан гучин гурван жил хагасынхаа туршид Есүс Өөрийн хэвийн хүн чанарыг хадгалсан боловч гурван жил хагасын үйлчлэлийн ажлынх нь дүнд хүмүүс Түүнийг маш ер бусын бөгөөд өмнөхөөсөө хамаагүй илүү шидтэй болсон гэж бодсон. Бодит байдал дээр Есүсийн хэвийн хүн чанар нь Түүнийг үйлчлэлээ эхлэхээс өмнө нь ч, дараа нь ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн; Түүний хүн чанар цаг ямагт адилхан байсан боловч Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхийн өмнөх ба эхэлсний дараах ялгааных нь улмаас Түүний махбодтой холбоотой хоёр янзын үзэл бодол гарч ирсэн. Хүмүүс юу гэж бодож байсан нь хамаагүй, бие махбодтой болсон Бурхан Өөрийн анхдагч, хэвийн хүн чанарыг бүхий л хугацаанд хэвээр хадгалсан, учир нь Бурхан нэгэнт бие махбод болсон болохоор махбодод буюу хэвийн хүн чанартай махбодод амьдарсан юм. Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Түүний махбодын хэвийн хүн чанарыг арилгаж болохгүй, учир нь хүн чанар бол махан биеийн үндсэн мөн чанар билээ. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлэхээс өмнө Түүний махбод тун хэвийн хэвээр байж, хүний жирийн бүх үйл ажиллагааг гүйцэтгэж байсан; Тэрээр ердөө ч ер бусын байдлаар гарч ирээгүй, ямар ч гайхалтай тэмдэг үзүүлээгүй. Тэр үед Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг маш эгэл хүн байсан, гэхдээ Түүний эрэл хайгуул нь өөр ямар ч хүнийхээс илүү үнэнч, илүү чин сэтгэлийн байсан билээ. Түүний туйлын хэвийн хүн чанар ингэж л илэрхийлэгдэж байсан юм. Өөрийнхөө үйлчлэлийг явуулахаас өмнө Тэр огтхон ч ажиллаагүй учраас хэн ч Түүний ялгамж чанарын талаар мэдэж байгаагүй, Түүний махбод бусад бүх хүнийхээс өөр гэдгийг хэн ч хэлж чадаагүй, учир нь Тэр нэг ч ид шид үзүүлээгүй, Бурханы ажлын өчүүхэн хэсгийг ч гүйцэтгээгүй байсан. Гэсэн хэдий ч, үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсний дараа Тэр хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлээ хадгалж, хэвийн хүний эрүүл ухаантай амьдарсан боловч Бурханы Өөрийнх нь ажлыг хийж, Христийн үйлчлэлийг Өөртөө авч, мах цуснаас бүрдсэн, үхэх үйлтэй хүмүүсийн хийж чадахааргүй ажлыг хийж эхэлсэн учраас Түүнд хэвийн хүн чанар байхгүй бөгөөд бүхэлдээ хэвийн махбод биш, харин бүрэн бус махбод гэж хүмүүс бодсон. Түүний гүйцэтгэсэн ажлын улмаас хүмүүс, Тэр бол хэвийн хүн чанаргүй, махбод дахь Бурхан гэлцсэн юм. Энэ нь алдаатай ойлголт, учир нь хүмүүс Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг ухаараагүй. Энэхүү буруу ойлголт нь Бурханы махбодоор хийсэн ажил нь хэвийн хүн чанартай махбодоор илэрхийлэгдсэн бурханлаг ажил байснаас үүсэн гарсан. Бурхан махбодоор хувцаслаж, махбод дотор оршсон бөгөөд хүн чанараар хийсэн Түүний ажил нь Түүний хүн чанарын хэвийн байдлыг бүрхэгдүүлсэн юм. Энэ учир шалтгааны улмаас хүмүүс Бурханд хүн чанар байхгүй гэж итгэсэн.

Анхны бие махбодтой болсон Бурхан нь бие махбодтой болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байв. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махбодод эргэн ирээд махбодын бүх л хэвийн, бодитой байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг бүхэлдээ ердийн, эгэл махбодоор илэрхийлж, тэгснээрээ махбодоор хийж чадалгүй орхисон ажлаа гүйцээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байдаг. Үүний дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махбод дахь Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махбодын хэвийн байдал болон бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун ердийн, бодитой махбодоор хэрэгжүүлдэг учраас махбод нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махбод ердийн, бодитой байх тусмаа Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурханы ажил огтхон ч ер бусын биш, маш энгийн махбодоор илэрхийлэгддэг. Түүний махбод хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг бас үүрэх ёстой учраас Тэрээр ер бусын махан биеэс ч илүү их зовдог—энэ бүх зовлон нь Түүний махбодын бодитой, хэвийн байдлаас урган гардаг. Өөрсдийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа бие махбодтой болсон хоёр махбодын туулсан зовлонгоос хүн, махбод болсон биеийн мөн чанарыг харж болно. Махбод нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махбод бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн болдог, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнчлэн махбод нь бодитой байх тусам, мөн махбод нь хэвийн хүний бүрэн эрүүл ухаан болон хэрэгцээг эзэмших тусам, Тэр Бурханы ажлыг махбодоор хийх төдий чинээ их чадвартай байдаг. Загалмай дээр хадагдсан нь Есүсийн махбод байсан, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгон хаясан; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүр хэвийн, бодит махбод л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах ажил[a] нь ер бусын ид шид, илчлэлээр дамжих биш, харин махбод дахь Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр нөлөөтэй болдог. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлэх явдал бөгөөд улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь үг хэлж, улмаар хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ. Ийнхүү байлдан дагуулах ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн биелэх болно. Эхний золин авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулах ажлыг хийдэг махбод нь бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээх болно. Хүйсийн тухайд бол нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учир биелсэн. Энэ нь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба бие махбодтой болсон Бурхан мөн чанартаа хүйсгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд хүйсээр ялгаварладаггүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үгээ хэлж хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал бөгөөд иймээс Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан хэдий ч Тэд яг адилхан биш. Есүс хэвийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ямар нэг тэмдэг, гайхамшгийг, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, эсвэл тэнгис дээгүүр алхахыг ч юм уу дөчин өдрийн турш мацаг барихыг ... хүн нүдээрээ харахгүй. Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй, энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг түйвээдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул түүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөх юм. Өнөөдөр чиний харж буй бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махбод бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бүхэлдээ махбод болохоор бусдын адил өвддөг, яг л бусдын адил хоол, хувцас хэрэгтэй байдаг. Хэрвээ энэ удаа, бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чадсан бол байлдан дагуулах ажлыг хэрхэн явуулж чадах билээ? Энэхүү ажил нь Харь үндэстний дунд хэрхэн түгэж чадах билээ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан ба одоо Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан учраас уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүс шиг адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байсан ч, мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу ёрын сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулах ажлаа энгийн, хэвийн махбодоор биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махбодоор үг хэлж, махбодоор хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махбод л Бурханы махбод болсон бие юм; тийм махбод л махбод дахь Бурханы ажлыг гүйцээж чадна.

Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө ингэж байдаг, учир нь Бурхан сүүлчийн удаа бие махбодтой болж байгаа хэрэг юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махбодын дүр хүний санаанд гүйцэлдсэн; түүнчлэн, хоёр удаагийн бие махбод бололт нь, махбодоор хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанар эзэмшиж байсан. Энэ удаа Тэр мөн л хэвийн хүн чанарыг эзэмшдэг боловч энэ удаа бие махбод болсны утга учир нь ялгаатай. Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин махбод болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд билээ. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгасан байх үед бие махбод болохын бүхий л утга учир буюу махбод дахь Бурханы ажил дуусах ба цаашид махан биеэр хийгдэх өөр ажил байхаа болино. Өөрөөр хэлбэл, одоогоос эхлээд Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан хэзээ ч махбодод ирэхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд л Бурхан бие махбодтой болох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийнх нь ажлын төлөө байгаагүй бол Бурхан махбодод тийм энгийнээр ирэхгүй байх байлаа. Бурхан бол махбод, ердийн, жирийн хүн атлаа дэлхийг ялж, Сатаныг ялж, хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна гэдгийг Сатанд харуулахын тулд Тэрээр махбодод ирж ажилласан юм! Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг ялзруулах явдал байхад Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврах юм. Сатан хүнийг ёроолгүй ангал руу урхиддаг байхад Бурхан хүнийг тэндээс авардаг. Сатан бүх хүнээр өөрийгөө шүтүүлдэг, харин Бурхан тэднийг Өөрийнхөө ноёрхолд оруулдаг, учир нь Тэр бол бүтээлийн Эзэн билээ. Энэ бүх ажлыг Бурхан хоёр удаа бие махбодтой болсноор гүйцээсэн. Түүний махбод бол мөн чанартаа хүн чанар ба бурханлаг чанарын нэгдэл бөгөөд хэвийн хүн чанартай байдаг. Иймээс Бурханы махбод болсон биегүйгээр Бурхан хүн төрөлхтнийг аврах үр дүнд хүрч чадахгүй байсан бөгөөд Түүний махбодын хэвийн хүн чанаргүйгээр, махбод дахь Түүний ажил амжилттай болж мөн л чадахгүй байсан. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Тэр хэвийн хүн чанарыг эзэмших ёстойд оршдог; тэгэхгүй бол энэ нь бие махбодтой болох Бурханы анхдагч санаа зорилготой харшлах байв.

Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин аврах ажил хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл махбодоор хийдэг, хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш бүр ердийн хүн хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон ба энэ нь уг ажлыг хэрэгжүүлж байгаа Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш нэг л махбод бөгөөд хурлын том том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигт тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг маш энгийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг энэ нь баталдаггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу оюун ухааны чадвараас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол тогтсон заншлыг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махбодын талаарх сэтгэгдлийг хүмүүсийн оюун санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч, хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Өмнөх:ЯЛЗАРСАН ХҮН ТӨРӨЛХТӨНД МАХБОД БОЛСОН БУРХАНЫ АВРАЛ ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ

Дараах:БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

Танд таалагдаж магадгүй

  • ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

    Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр дотно бай…

  • БОДИТ БАЙДЛЫГ ХЭРХЭН МЭДЭХ ТУХАЙ

    Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагү…

  • ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

    Бурханы өмнө шагнал хүлээн авч, Түүний нүдээр ивээлийнх нь бай болохдоо та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний …

  • ШАШНЫ ҮЙЛЧЛЭЛИЙГ ХОРИГЛОХ ЁСТОЙ

    Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдчилан тогто…