Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай

Юуны өмнө захиргааны зарлиг гэж юу болох талаар болон захиргааны зарлигийн тодорхойлолтын талаар ярилцъя. Энэ бол ойлгох ёстой зүйл юм. Зарим хүн “захиргааны зарлиг”-ийн тухай сонсоод, “Захиргааны зарлиг гэж юу гэсэн үг вэ? Хууль юм уу? Дүрэм журам уу? Систем үү? Овгийн хориг цааз уу? Тушаал уу? Яг юу юм бэ?” гэж гайхширдаг. Хүмүүс ойлгодоггүй. Захиргааны зарлиг гэж яг юу болох, яаж ажилладгийг хэн ч ойлгодоггүй. Хүмүүс байнга л “Бурханд Өөрийн захиргааны зарлиг байдаг. Хэрэв чи дуулгаваргүй байвал Бурхан тэр зарлигийг ашиглан чамайг хянаж, шийтгэнэ” гэдэг. Тэд мөн чанарыг нь ойлгохгүйгээр “захиргааны зарлиг” гэдэг үгийг чалчиж байна. Тэгвэл захиргааны зарлиг гэж яг юу юм бэ? Энэ бол хүмүүсийн уг чанар, завхарсан зан чанарт хандсан, хүнийг хянаж байхын тулд Бурханы тогтоосон үгсийн нэгэн ангилал юм. Захиргааны зарлиг нь хууль, эрх зүйн дүрэм биш, хүний ертөнцийн үндсэн хуультай бүр ч харьцуулшгүй. Энэ бол хүмүүсийн зан авирыг хянах зорилгоор Бурханы тогтоосон цар хүрээ юм. Захиргааны зарлигийн нарийн ширийн нь Бурханаас хэрхэн эмээх, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, Бурханыг хэрхэн дуулгавартай дагах, бүтээгдсэн зүйлийн хувьд хэрхэн үйлдэх, хүний хувьд хэрхэн үйлдэх, Бурханыг хэрхэн гэрчлэх, Бурханы нэрийг шившиглэхээс хэрхэн зайлсхийх талаар хөнддөг. Бурханы захиргааны зарлигийн нарийн ширийн нь олон зүйлийг хөнддөг. Зарим хүн: “Бурханы Сүнс аливаа зүйлийг хийж чадна. Тэрээр хүмүүсийг шийтгэж, хүн бүрд шанг нь хүртээж чадна. Бурхан бас бүх хүнд зааварлахын тулд үнэнийг айлдсан. Яагаад захиргааны зарлиг байх ёстой юм бэ” гэж хэлдэг. Үнэн нь хүмүүсийн амийн оролт, завхарсан зан чанарын талаарх хүмүүсийн ойлголттой холбоотой байдаг. Захиргааны зарлиг бол тодорхой заасан заалт юм. Чи ямар ч байдалтай байсан, ямар ч хүн байсан, хэрвээ Бурханд итгэдэг бол Бурханы гэрт захиргааны зарлигт заасан бүхнийг биелүүлэх ёстой. Хэрвээ чадахгүй бол чиний нэр хасагдаж, Бурханы нүдэнд чи жигшигдэн гологдоно. Захиргааны зарлиг нь үнэн хэрэгтээ израильчууд тахил өргөж, Амралтын өдрийг сахин Еховаг шүтэн мөргөж байсантай адил Бурханд итгэгчдийн хийх ёстой хамгийн наад захын үйлдэл юм. Хуулийн эрин үед Ехова тодорхой ажил хийж, олон үг хэлж, олон хууль гаргасан. Тэдгээр хууль нь мэдээж хүний хийх ёстой олон зүйлийг багтаасан: жишээлбэл, Еховаг хэрхэн шүтэн мөргөх, Еховад хэрхэн тахил өргөх, аравны нэгийн өргөл өргөх, тахил өргөх гэх мэт. Тухайн үед эдгээрийг хууль гэж нэрлэдэг байсан бөгөөд Нигүүлслийн эрин үед ижил төстэй заалтуудыг тушаал хэмээн нэрлэж, тэдгээрийг дагаж мөрдөхийг бүх хүнээс шаарддаг байв. Эдүгээ Хаанчлалын эрин үед, эцсийн өдрүүдийн ажлын энэ үе шатанд шинэ эриний тушаалуудыг илэрхийлсэн бөгөөд тэдгээрийг одоо захиргааны зарлиг гэж нэрлэдэг. Хаанчлалын эрин үед эдгээр тушаал нь захиргааны зарлигийн нэг хэсэг юм. Гэхдээ Нигүүлслийн эрин үеийн тушаал нь өнөөдөр захиргааны зарлиг болж чадахгүй, учир нь эрин үе бүрд Бурханы хүнээс шаарддаг зүйл өөр өөр байдаг.

Эрин үе бүрд тушаал байдаг, эрин үе бүрд Бурханы шаардлага, хүнд тавигдах шалгуур байдаг бөгөөд энэхүү шалгуур нь эрин үеийн өөрчлөлт болон Бурханы ажлын шаардлагын дагуу өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр Хуулийн эрин үеийн зарим хуулийг ашиглах нь зохисгүй, гэхдээ мэдээж зарим нь тохиромжтой хэвээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүсийн хэлсэн тушаалуудын ихэнх нь өнөө үед тохиромжтой, зарим нь тохиромжгүй байдаг. Зарим хүн: “Эцэг эхээ хүндэл, бүү нүгэл үйлд, бүү садар самуун үйлд, хуурамч шүтээн бүү шүт—эдгээр нь яаж тохиромжгүй байх юм бэ?” гэдэг. Би ердөө цөөн хэдийнх нь тухай л ярьж байна. “Эцэг эхээ хүндэл” гэх зэргийн тухайд бол энэ нь нөхцөл байдлаас шалтгаалах учраас битгий буруугаар ойлго. Зарим хөгийн хүн: “Урьдын хууль, тушаалыг бүгдийг нь хүчингүй болгосон бөгөөд маш цөөхнийг нь хэрэглэх боломжтой гэж Бурхан хэлсэн” гэдэг. Чи ийм ойлголтыг цааш дамжуулах ёсгүй. Ийм үг тараах нь алдаа бөгөөд саад учруулдаг. Энэ бол Бурханы үгийг буруу тайлбарласан явдал юм. Бурханы үгийг буруу тайлбарладаг хүмүүс Бурханы зан чанарт халддаг ба Бурханы зан чанарт халдагчид бол чөтгөрүүд юм. Цаг хугацаанаас үл хамааран чи ариун хүний ёс журмын хамгийн наад захын шаардлагыг хангах ёстой. Тодорхой хэмжээнд хүний төрхтэй байхын тулд наад зах нь ийм зүйл шаардлагатай. Тэдгээр хууль, тушаал нь бүгд тухайн эрин үе, нөхцөл байдлын дагуу, тухайн үеийн ажил, хүний хэрэгцээний дагуу бий болсон. Өнөөгийн энэ эринд Бурхан зарим үгийг хэлж, хүмүүсийг хяналтдаа байлгахын тулд өөр хэдэн дүрэм тэдэнд өгсөн. Өөрөөр хэлбэл, Бурханд хэрхэн итгэх, Бурханд итгэхдээ юу хийх ёстой, юу хийх ёсгүй вэ гэх мэт шалгуурыг Бурхан тэдэнд өгсөн. Нигүүлслийн эрин үед Есүс: “Би хуулийг хүчингүй болгох гэж ирээгүй, харин биелүүлэхийн тулд ирсэн” гэсэн юм. Гэсэн хэдий ч дараа нь Тэрээр олон хуулийг хүчингүй болгосон. Тухайн эрин үед таарахгүй, тухайн үеийн ажилд тохиромжгүй, тухайн орчинд тохирохгүй байсан тул Есүс тэдгээр хуулийг хүчингүй болгосон. Өнөөдөр мэдээж тэдгээрийг хүчингүй болгох шаардлага бүр ч их байна. Үүний нэгэн адилаар шинэ эрин үед Шинэ Гэрээний зарим тушаалыг хүчингүй болгож, заримыг нь үргэлжлүүлэх ёстой, учир нь өнөөгийн ажлын орчин өөр, хүмүүсийн хэрэгцээ ч өөр юм. Ажлын үе шат бүр өмнөхөөсөө өндөр байдаг. Зарим хөгийн хүн: “Эзэн Есүс хуулийг биелүүлэхээр ирсэн гэж хэлсэн байтлаа яагаад ийм ихийг нь хүчингүй болгож, халсан юм бэ? Түүний үйл хэрэг яагаад хууль зөрчсөн юм бэ?” гэж хэлдэг. Есүс хуулийг хүчингүй болгосон нь үнэндээ хуулийг гүйцэлдүүлсэн хэрэг байсан юм. Учир нь Түүний хийсэн ажил ийм үр дүнд хүрсэн тул эдгээр хуулийг цаашид дагаж мөрдөх шаардлагагүй болсон. Яг л Есүс нүглийн тахил болсны дараа тэр хуулийн дагуу нүглийн тахил өргөх шаардлагагүй болсонтой адил, учир нь Бурханы ажил дүрэм журмыг дагаж мөрддөггүй. Зарим хууль, тушаалыг хүчингүй болгож, шинэ ажлаар орлуулж болно. Хэрэв та нар “Урьдын бүх тушаал хүчингүй болсон, хэрэгцээгүй болсон” гэх үгийг тараавал энэ нь утгагүй хэрэг болно. Өнөөдөр Бурхан хүн төрөлхтний байдал болон хэрэгцээнд тохирсон захиргааны зарлигийг гаргасан. Зарим хүн: “Бурхан яагаад эрин үе бүрд захиргааны зарлиг гаргана гэж? Аль хэдийн нэгэнтээ гаргачихсан, хүмүүс тэдгээрийг мэддэг, шаардлагыг нь биелүүлдэг. Ингэхэд л болно шүү дээ. Яагаад шинийг гаргасаар байдаг юм бэ?” гэж асуудаг. Надад хэл дээ, хүмүүс одоо ийм завхарсан байхад захиргааны зарлиг гаргахгүй байх боломжтой гэж үү? Бүх хүн завхарсан зан чанартай. Хүмүүс завхарсан уг чанартаа захирагдаж байхдаа Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? Бурханд итгэдэг болж, тушаалыг биелүүлж, дуулгавартай дагаж чаддаг болсныхоо дараа хүмүүс ариун, зөв шударга болсон гэж хэлж болохгүй. Тийм юм болдоггүй. Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд үргэлж тэр завхарсан зан чанараараа амьдардаг болохоор тэдний зан авирыг хянаж байхын тулд холбогдох захиргааны зарлиг үргэлж хэрэгтэй болдог. Хэрвээ хүмүүс эдгээр захиргааны зарлигийг үнэхээр зөрчих юм бол тэднийг сахилгажуулж, тэдэнд хориг тавьж, эсвэл таягдан хаяж, хөөж болно. Бүх төрлийн үр дагавар бий. Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед хууль, тушаал байсан. Одоо Хаанчлалын эрин үед тушаалаас гадна захиргааны зарлиг байх ёстой. Тэгвэл Хаанчлалын эрин үеийн үндсэн гол захиргааны зарлигууд юу вэ? Одоо арвыг нийтэлж байна.

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

“Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.” Энэ дөрвөн зүйл нь үнэндээ нэг асуудлыг хэлж байна: Хүмүүс үг хэлэхдээ хүний байр суурийг баримтлах ёстой бөгөөд өөрөөрөө сайрхах ёсгүй. Тодорхой нэг сүмийг хэр сайн удирдсан тухайгаа бүү сайрх, энэ нь өөрт чинь харьяалагддаг гэж бүү сайрх, мөн Бурхан чамайг ашигладаг, чамд онцгой сайн ханддаг гэж бүү сайрх. “Бурхан бидэнтэй хамт хооллож, бидэнтэй ярилцсан” гэх мэт зүйл бүү чалч. Чиний хэлсэн эдгээр зүйл бодит байдалтай нийцдэггүй. Бурхан Өөрийн сонгосон бүх хүнд адилхан ханддаг. Илчлэгдээгүй, таягдан хаягдаагүй байгаа л бол Бурхан хүн бүрд адилхан ханддаг. Хэрвээ Бурхан чамтай үнэний талаар нөхөрлөсөн бол энэ нь бусдаас илүү гэдгийг чинь нотлохгүй, харин чамд зүгээр л тийм тохиолдол таарсан хэрэг. Тэгвэл ямар эрүүл ухаантай зүйл хэлж болох вэ? Хэрэв үнэний талаар нөхөрлөж чадахгүй, ах эгч нараа амиар хангаж чадахгүй бол чи биеэ шинжиж, өөрийгөө танин мэдэж, задлан шинжлэх ёстой, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, сэтгэлээ нээж, хүн бүрийн өмнө өөрийгөө илчилж чаддаг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ. Сэтгэлээ нээнэ гэдэг өөрийгөө зөвтгөх гэсэн үг биш. Энэ нь өөрийнхөө дотор байгаа буруу сэдэл, бодлыг задлан шинжилж, үүнийг хүн бүр хамтдаа танин мэдэж, бусдад ч бас ашиг тусыг нь хүртэх боломжийг олгоно гэсэн үг юм. Ингэснээр чи өөрийгөө өргөмжилж байгаа юм биш. Хэрвээ чи өөртөө зөв хандаж, зөв байраа эзэлбэл, өөрөөр хэлбэл, өөрийн сэдлийг хойш тавьж, задлан шинжилж, өөрийнхөө доторх бохир зүйлсийг ил гаргаж, ингэснээр өөрийгөө илчилж чадвал энэ нь зөв байр сууринд байгааг чинь харуулна. Олон удирдагч хүмүүст сургаал айлдаж, өндөр дээрээс номлож л чаддагаас биш, бусадтай ижил түвшинд харилцаж чаддаггүй гэдгийг Би олж мэдсэн. Тэд хүмүүстэй хэвийн харилцаж чаддаггүй. Зарим хүн ярихдаа үргэлж илтгэл тавьж, тайлагнаж байгаа мэт байдаг. Тэд үргэлж бусад хүмүүсийн байр байдлыг л ярьдаг боловч өөрсдийнхөө талаар хэзээ ч сэтгэлээ нээдэггүй. Завхарсан зан чанараа хэзээ ч задлан шинжилдэггүй, харин бусад хүмүүсийн асуудлыг задлан шинжилж, бусдад мэдлэг өгөх үлгэр жишээ болгон ашигладаг. Тэд яагаад ингэдэг вэ? Яагаад иймэрхүү номлол номлож, ийм зүйл хэлдэг вэ? Энэ нь тэд өөрсдийгөө огт мэддэггүй, эрүүл ухаангүй, хэт биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэдгийн нотолгоо юм. Бусад хүмүүсийн завхарсан зан чанарыг таних чадвар нь өөрсдийг нь бусдаас дээр, хүмүүс болон юмсыг ялган танихдаа бусдаас гаргууд, бусдаас бага завхарсан гэдгийг нотолно гэж тэд боддог. Бусдыг задлан шинжилж, бусдад сургаал айлдаж чаддаг ч өөрсдийгөө ил болгодоггүй, завхарсан зан чанараа илчилж, задлан шинжилдэггүй, үнэн төрхөө харуулдаггүй, өөрсдийнхөө сэдлийн талаар юу ч хэлдэггүй. Тэд зөвхөн зохисгүй авирлалаа гэж бусдад зааж сургадаг. Энэ нь өөрийгөө дээдэлж, өргөмжилж байгаа хэрэг юм. Чи удирдагч байж яаж ийм үндэслэлгүй асуудал үүсгэж чадаж байна аа? Чи яагаад чуулганы удирдагч болсныхоо дараа бусдыг тоомжиргүй загнаж, дураараа авирлаж, хүссэнээ хийдэг юм бэ? Чи яагаад үгийнхээ үр дагаврыг хэзээ ч бодож үздэггүй, өөрийнхөө ялгамж чанарыг хэзээ ч бодож үздэггүй юм бэ? Чи яагаад ингэж авирладаг юм бэ? Учир нь чи удирдагч хэдий ч өөрийн байр суурь, ялгамж чанарыг мэддэггүй. Чамайг удирдагч болгож зохицуулсан нь ердөө л чамайг өргөж, хэрэгжүүлэх боломж олгож буй хэрэг юм. Энэ нь чи бусдаас илүү бодит байдалтай, эсвэл бусдаас илүү дээр байдгаас болоогүй. Үнэн хэрэгтээ чи бусадтай л ижил. Та нарын хэн нь ч бодит байдалгүй, зарим талаараа бүр бусдаас илүү завхарсан байж ч магадгүй. Тэгвэл чи яагаад үндэслэлгүйгээр асуудал үүсгэж, бусдыг дур мэдэн сургаж, загнаж, хязгаарладаг юм бэ? Чиний буруу байхад хүртэл яагаад бусдыг үгэндээ оруулах гэж албаддаг юм бэ? Энэ юуг нотолж байна вэ? Энэ нь буруу байр сууринд байгааг чинь нотолж байна. Чи хүний байр сууринаас ажилладаггүй, харин Бурханы байр сууринаас, бусдаас дээгүүр байр сууринаас ажлаа хийж байна. Хэрвээ чиний хэлдэг зүйл зөв бөгөөд үнэнд нийцэж байвал бусад хүмүүс чамайг сонсож болно. Энэ тохиолдолд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэхдээ чиний буруу байхад яагаад бусдыг үгэндээ оруулах гэж албаддаг юм бэ? Чи эрх мэдэлтэй юу? Чи өндөр дээд үү? Чи үнэн үү? Зарим хүн сайн мэдээг номлохоор нэг газар очиж, тэндхийн хүмүүс, тэдний амьдрах орчин өөрт нь таалагдахгүй байхыг хараад, эцэст нь тэр газарт дургүй болж, өөр тийшээ явахыг хүсдэг. Өөр хүн тэдэнд “Энд сайн мэдээг номлох хүн хэрэгтэй байна. Чамайг явах юм бол ажил хойшлогдоно шүү дээ” гэж хэлнэ. Гэвч тэд сонсохгүй, явахаар зүтгэж, “Тэгвэл чи өөрөө үлдвэл яасан юм бэ? Би явах ёстой! Та нар намайг сонсож, дуулгавартай байж сурах хэрэгтэй” гэж хэлнэ. Тэд санаснаараа хийж, дуртай газраа сонгохын тулд чуулганы ажлыг саатуулахыг илүүд үзнэ. Тэд хүссэн бүхнээ хийж, өөрийнх нь хэлснээр хийхийг бусдаас шаарддаг. Тэд өөрсдийгөө агуу гэж байгаа биш үү? Өөрсдийгөө өргөмжилж байгаа биш үү? Тэд биеэ тоосон хүмүүс биш үү? Үүргээ гүйцэтгэхдээ тэд үнэнийг өчүүхэн төдий ч хэрэгжүүлэлгүйгээр аль болох өөрсдийн дур сонирхлыг дагадаг. Тиймээс тэд хүмүүсийг удирдахдаа хүмүүсээс үнэнийг хэрэгжүүл гэж шаарддаггүй. Харин өөрийнх нь үгийг сонсож, арга замыг нь дагахыг шаарддаг. Энэ нь өөрийг нь Бурхан мэт үзэж, Бурхан шиг дуулгавартай дагахыг хүмүүсээс шаардаж байгаа хэрэг биш үү? Тэдэнд үнэн байдаг уу? Тэд үнэнгүй, Сатаны зан чанараар дүүрэн, чөтгөрлөг байдаг. Тэгвэл тэд яагаад өөрийг нь дуулгавартай дагахыг хүмүүсээс шаардсаар байдаг вэ? Ийм хүн өөрийгөө агуу гэдэггүй гэж үү? Өөрийгөө өргөмжилдөггүй гэж үү? Иймэрхүү хүмүүс бусдыг Бурханы өмнө авчирч чадах уу? Хүмүүсийг Бурханд шүтэн мөргөдөг болгож чадах уу? Тэд бол хүмүүс өөрийг нь дуулгавартай дагаасай гэж хүсдэг хүмүүс юм. Тэд ингэж ажиллах үедээ хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход нь үнэхээр хөтөлж байгаа юу? Бурханы даалгасан ажлыг үнэхээр хийж байгаа юу? Үгүй, тэд өөрийн гэсэн хаанчлалыг байгуулахаар оролдож байгаа. Тэд Бурхан болохыг хүсдэг, хүмүүс өөрийг нь Бурхан мэт үзэж, өөрийг нь Бурхан шиг дуулгавартай дагаасай гэж хүсдэг. Тэд антихрист биш гэж үү? Антихристүүдийн арга зам үргэлж ийм байсаар ирсэн; чуулганы ажлыг хэр их саатуулах, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэчнээн их саад болж, хор хүргэх нь хамаагүй, хүн бүр өөрийг нь дуулгавартай дагаж, сонсох ёстой байдаг. Энэ нь чөтгөрүүдийн уг чанар биш гэж үү? Сатаны зан чанар биш гэж үү? Ийм хүмүүс бол хүний арьс нөмөрсөн амьд чөтгөрүүд. Тэд хүний төрхтэй байж болох ч тэдний доторх бүх зүйл чөтгөрийнх. Тэдний хэлдэг, хийдэг бүхэн чөтгөрийнх. Тэдний хийдэг юу ч үнэнтэй нийцдэггүй, аль нь ч эрүүл ухаантай хүмүүсийн хийдэг зүйл биш, тиймээс энэ нь чөтгөр, Сатан, антихристүүдийн үйлдэл гэдэгт эргэлзэх зүйлгүй. Та нар үүнийг тодорхой ялган таньж чаддаг байх ёстой. Тиймээс та нар үйлдэж, ярьж, бусадтай харилцахдаа—амьдралдаа хийдэг юм бүхэндээ—энэ зарлигийг зүрх сэтгэлдээ санаж байх ёстой: “Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.” Ийм маягаар хүмүүст хязгаарлалт тавьдаг, ингэснээр тэд Бурханы зан чанарт халдах хэмжээнд очихгүй. Энэхүү захиргааны зарлиг нь нэн чухал бөгөөд та нар бүгд энэ захиргааны зарлиг ямар утгатай болох, Бурхан яагаад хүн төрөлхтнөөс үүнийг шаарддаг, юунд хүрэхийг зорьж байгаа талаар сайн бодох хэрэгтэй. Үүнийг сайтар бодож үз. Нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргаж ер болохгүй. Энэ нь та нарт үнэхээр ашиг тустай байх болно.

2. Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.

Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой, эсвэл Бурханы гэрийн ажил болон Бурханы нэртэй хамаатай ямар ч зүйлийг чи хамгаалж, хариуцлага хүлээх ёстой. Энэ бол та нарын нэг бүрийн чинь хариуцлага, даалгавар, энэ бол та нарын хийх ёстой зүйл.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.

Би эдгээр үгийг тайлбарлах хэрэгтэй. Хэрэв Би тайлбарлахгүй бол маш ичгүүр сонжуургүй, ширэн нүүртэй зарим хүн тахил хулгайлна. Одоогийн байдлаар чуулганы бүх түвшний удирдагч, ажилчид түр туршилтын хугацаанд байгаа. Тохиромжтой хүмүүс ашиглагдаж, харин тохиромжгүй нь халагдах юм уу таягдан хаягдана. Эдгээр албан тушаал тогтмол биш юм. Удирдагч, ажилчин боллоо гээд байр суурь чинь тогтвортой, хэзээ ч халагдахгүй, эсвэл таягдан хаягдахгүй гэсэн үг гэж битгий бод. Энэ төөрөгдөлд бүү авт. Энэ бол хэрээс хэтэрсэн хүсэл юм. Тахилч бол жирийн нэг удирдагч биш. Түүнд Бурханд шууд үйлчлэх эрх, мэргэшил бий. Мэдээж энэ эрх, мэргэшлийг Бурхан түүнд өгдөг. Энэ нь Хуулийн эрин үеийн тахилчидтай яг адилхан. Тэд сүмд орж болох боловч өөр хэн ч орж болохгүй, мөн тэд тахилын өргөлийг идэж болох боловч өөр хэн ч болохгүй. Өнөөдөр Хаанчлалын эрин үед тахилч гэж ямар хүн бэ? Өмнө нь тахилч гэдэг байсан хүнийг одоо Ариун Сүнсний ашигладаг хүн гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ нь та нарыг дүрсэлж байна уу? Та нар ерөөсөө тахилч биш! Тахилч бол Ариун Сүнсний ашиглагддаг хүн бөгөөд ийм хүнээс өөр хэн ч тахилыг эдлэх ёсгүй. Өөр хэн ч зохистой биш. Хэрвээ чи өөрийгөө зохистой гэж үзэж байгаа бол өөрийн дураар тэгж хэлж байна. Чамд тахилыг эдлэхийг зөвшөөрөхгүй. Тахил чамд зориулагдаагүй.

Би та нарын нөхцөл байдлын талаар илүү их яръя. Чуулганд тодорхой ажил хийдэг удирдагч, ажилчид болох та нар шиг хүмүүсийн хувьд, чуулган чиний замын зардлыг хариуцаж болох боловч өдөр тутмын хэрэгцээг чинь хариуцахгүй. Чи Бурханд итгэдэг бөгөөд Бурханы төлөө зарлагадах нь сайн дурын хэрэг. “Би үүнийг сайн дураараа хийдэггүй, үүнийг Бурханы гэр зохицуулсан” гэж хэлдэг бол чи явж болно. Зарим хүн: “Бурхан намайг дуудсан, Бурхан намайг ашиглахыг хүссэн учраас би ирсэн. Би сайн дураараа ирээгүй” гэдэг. Хэрэв тийм бол одоо чи Надад хэрэггүй. Чи явж болно. Би хүмүүсийг хэзээ ч хүчилдэггүй. Чи сайн дураараа энд байлаа ч гэсэн чамайг авч үлдэх эсэх нь мэргэшлээс чинь хамаарна. Хэрвээ чи шаардлага хангахгүй бол чамайг ашиглахгүй. Чиний байрыг эзлэх өөр хүн олдож л таарна. Энэ бол Бурханы гэр хүмүүсийг ашигладаг зарчим юм. Үүнд үл хамаарах ямар ч онцгой хүн гэж байхгүй. Бурханы гэрийн мөнгө Бурханы гэрийн ажилд зарцуулагддаг, хувь хүмүүсийн амьдралыг тэтгэхэд зориулагдаагүй, хүмүүсийн хувийн таашаалд ч зориулагдаагүй.

4. Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.

Зарим ах зөвхөн эгч нартай нөхөрлөж, тэгэхдээ бүр хоёулхнаа байх гэж зүтгэдэг. Тэд эгч нартай нөхөрлөх үедээ зүрх сэтгэлээ нээдэг ч өөр хүмүүст болохоор татгалздаг. Ийм хүмүүс сайн биш! Зарим эгч бусад эгч нартайгаа нөхөрлөдөггүй, тэдэнд хэзээ ч зүрх сэтгэлээ нээдэггүй, зөвхөн ах нарыг л нөхөрлөхөөр эрж хайдаг. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Чамд тусалж дэмжиж чадах ганц ч эгч байхгүй гэж үү? Чамтай нөхөрлөх ганц ч эгч байхгүй байна гэж үү? Тэд бүгд чамайг дорд үздэг үү? Чамд тохирох хэн ч алга уу? Чи зөвхөн ах нартай нийцэлтэй байж чаддаг уу? Чамд өөр сэдэл байна гэж Би бодож байна! Үргэлж эсрэг хүйстэнтэйгээ сээтгэнэдэг хүмүүс байдаг. Энэ нь аюултай. Чи биеэ барьж, бага зэрэг мэдлэг ухаантай болж, жаахан эрүүл ухаантай байх ёстой. Хүмүүс завхарсан зан чанартай тул өөрийгөө зориуд битгий өөгшүүл. Чи тодорхой хэмжээ хязгаартай байх ёстой бөгөөд ингэснээр чиний зан авир сайжирна. Хязгаарлалтгүйгээр, Бурханаас эмээдэг сэтгэлгүйгээр хүмүүс туйлын цадиггүй болдог. Захиргааны зарлигийг зөрчсөн тохиолдолд үр дагавар нь маш ноцтой байдаг тул тэд энэхүү захиргааны зарлигийг үргэлж санаж байх ёстой.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

Зургаадугаар зарлиг хүмүүсийн үүрэгтэй холбоотой. Өмнөх амийн оролт чинь, эсвэл хувийн эрэл хайгуул чинь ямар байсан нь хамаагүй, мөн чиний хэв чанар, хүн чанар ямар ч байсан, чуулганы ажил чамаас ямар нэг зүйлийг хийхийг шаардаж байгаа л бол хүндрэл, бэрхшээл хэчнээн их байсан ч чи үүнийг хийх ёстой. Тэгэхгүй бол чи Бурханы гэрт үлдэхэд тохирохгүй. Бурханы гэр хүмүүсийг үнэгүй хоол ундаар хангадаггүй, ямар ч хэрэггүй хүмүүсийг байлгадаггүй! Хэрэв хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол ядаж л үйлчлэл үзүүлэгч байж чаддаг байх ёстой. Тэд өчүүхэн ч болов үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй бол, эсвэл зөвхөн хоол идэхийн тулд л өчүүхэн хичээл чармайлт гаргадаг бол тэднийг цэвэрлэж, Бурханы үгийн номыг нь буцааж авч, үл итгэгчдийн хувиар зохицуулах ёстой. Наад зах нь хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэж, Бурханы гэрт үлдэхэд зохистой байхын тулд Бурханаас эмээдэг сэтгэлтэй байж, Бурханыг шүтэн мөргөж буйн зарим илрэлийг харуулах ёстой. Бурханы гэр хүмүүсээс их юм шаарддаггүй. Хүн мөс чанар, эрүүл ухаантай, үнэнийг ойлгож, хүлээн авч, үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай байж чаддаг байхад л хангалттай. Ядаж л чиний зан авир, үйлдэл хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Чи тодорхой хэмжээнд Бурханаас эмээдэг сэтгэлтэй, Бурханд дуулгавартай байх ёстой. Хэрэв чи ингэж ч чадахгүй бол аль болох хурдан гэртээ харьж, Бурханы гэрт аргацааж байдгаа болих ёстой. Хэрвээ чи хамгийн өчүүхэн үүргээс ч татгалзаж, Бурханы гэрт зүгээр л үнэгүй хооллохыг хүсдэг бол Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн мөн үү? Миний бодлоор ийм хүн бол үл итгэгч бөгөөд шүтлэггүй хүнээс өөрцгүй. Тэднийг харахаас ой гутаж байна! Хэрэв чи Бурханд итгэхийг хүсвэл зөв хий, эсвэл огт бүү хий. Бурханд итгэх нь сайн дурын зүйл. Хэн ч чамайг хүчлээгүй. Хэрвээ чи энэ жаахан асуудлыг ойлгохгүй бол Бурханд итгэх итгэлийн талаар өөр юу хэлэх юм бэ? Бурханы гэр хог хаягдлыг хүсдэггүй. Чуулган бол хаягдал цуглуулах газар биш. Үнэнийг хамгийн энгийнээр ч хүлээн авдаггүй хүмүүс таягдан хаягдаж, зайлуулагдана! Бурханы гэрт үнэн захирдаг. Хэрвээ хэн нэгэн нь ямар нэг утгагүй зүйл хийх гэж оролдсон, эсвэл ямар нэгэн саад хийж, үймээн тарьсан бол тэднийг зайлуулж, бүрмөсөн таягдан хаях ёстой.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

Ариун Сүнсний ашигладаг хүн юу ч хэлж, юу ч хийсэн чи сонсож, дуулгавартай дагах ёстой. Чамд хий гэж хэлснийг нь, яаж хий гэж хэлснээр хий. “Бурхан мэдэж байгаа юу? Би Бурханаас асуух ёстой” гэж бүү хэл. Асуух шаардлагагүй, зүгээр л Ариун Сүнсний ашигладаг хүний хий гэснийг хий. Ойлгов уу? Энэ талаар цааш нь ярих шаардлагагүй. Та нар аль хэдийн тодорхой ойлгосон байх ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

Зарим хүн аялдан дагалдаж, бусдад ая тал засахдаа гаргууд байдаг. Тэд Миний магтдаг, сайн ханддаг, эсвэл цаг гарган байнга нөхөрлөдөг хэнд ч бай ая тал засах зорилго тавьдаг. Тэдний оюун санаанд “Бурханы дараа энэ ах, дараа нь энэ эгч байдаг” гэх үзэл бий болсон байдаг. Бурхан нэгдүгээрт, хэн нэгэн хоёрт, гуравт, дөрөвт гэж оюун ухаандаа бүү ялган салга. Ийм зэрэглэл ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь эзэн хаан нэгдүгээрт, ерөнхий сайд хоёрдугаарт, өөр албан тушаалтан гуравдугаарт ордог эзэн хааны ордон шиг байгаа биш үү? Бурханы гэрт ийм зэрэг дэв байхгүй, зөвхөн Бурхан болон Бурханы сонгосон хүмүүс л байдаг ба Бурханы сонгосон хүмүүс зөвхөн Бурханыг л дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой! Үнэн хэрэгтээ та нар бүгд эн тэнцүү. Бурханыг эхэлж хүлээн авсан, эсвэл дараа нь хүлээн авсан эсэхээс үл хамааран, нас, хүйс, хэв чанараасаа үл хамааран Бурханы өмнө бүгд эн тэнцүү. Хүмүүсийг бүү шүт, өөрийгөө өндрөөр бүү үнэл. Зэрэглэл, ангилал битгий үүсгэ. Хэрэв чи тэгдэг бол чиний зүрх сэтгэлд байгаа зүйлд хүний олон үзэл, төсөөлөл холилдсон гэдгийг энэ нь нотолно, тиймээс чи зарлигийг зөрчих магадлалтай.

9. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

Эдгээр нь Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дагах ёстой Бурханы захиргааны арван зарлиг юм. Бүгдийг нь санаж яв.

1995 оны сүүлч

Өмнөх: Шинэ эрин үед хүн хэрхэн орох вэ

Дараах: Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих