11.2. Бурханы зөвт зан чанарын тухай
554. Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
555. Миний нэр дөрвөн зүг, найман зовхист, мөн бүх улс үндэстний айлаас айлд түгж, орчлон ертөнц даяар хөгшин, залуу хүмүүс ялгаагүй ам уралдан хашхирна; энэ бол туйлын үнэн. Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, эсэргүүцэж байгаагаа харцаараа харуулж зүрхэлдэг, Намайг эсэргүүцсэн үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтаас болж үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт л гагцхүү бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанарыг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлын шаардлагаар Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм; гэвч дараа нь тийм байх шаардлагагүй болсон (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 79-р бүлэг
556. Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн яддаг, юуг жигшдэг, юуг хайрладаг, хэнийг тэвчдэг, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Энэ бол нэг гол зүйл юм. Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэрээр хүмүүст хайр, өршөөлөө өгч, хүлээцтэй байдаг, гэвч тэднийг хэзээ ч бөөцийлөөгүй; Түүнд Өөрийн зарчим, Өөрийн хязгаар бий. Чи Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцдаг шигээ Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг ердөө л өөр нэг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө л өөр нэг бүтээл юм шиг, найз нь ч юм уу, шүтээн нь мэт үзвэл Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаяна. Энэ бол Түүний зан чанар бөгөөд хүмүүс энэ асуудалд гоомой хандах ёсгүй. Иймээс Өөрийнхөө зан чанарын талаар Бурхан үргэлж ингэж хэлдэг: Хэчнээн олон замаар аялсан чинь хамаагүй, хэр их ажил хийж, хэр их зовлон амссан чинь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хүн нэг бүрд хариу өгөх болно. Юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг боловч хүмүүс Түүнд найз шигээ, эсвэл хамаатан шигээ хандах ёсгүй. Бурханыг “найз аа” гэж бүү дууд. Чи Түүнээс хэр их хайр хүлээн авсан нь хамаагүй, Тэр чамайг хэчнээн их тэвчсэн нь хамаагүй, чи хэзээ ч Бурханыг зүгээр нэг найзтайгаа адил авч үзэх ёсгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII
557. Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Өөрт нь байдаг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэхүү зарчим нь бас цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарын бэлгэ тэмдэг гэдгийг хэлэх нь илүүц биз. Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ. Бурханы эрхэм чанар, ариун байдлыг сорьж, шударга хүчинд хүн саад хийж, харахгүй байх үед Бурхан уур хилэнгээ гаргах болно. Бурханы мөн чанарын улмаас, Бурхантай өрсөлдөж, эсэргүүцэж, тэмцэлддэг газар дээрх тэдгээр бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас ирсэн, түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзарсан, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
558. Бурхан уур хилэнгээ гаргах үед, ёрын муу хүчнүүд зогсож, ёрын муу зүйлс устгагддаг байхад зөв шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэх боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ гаргадаг. Бурханы уур хилэн нь байр суурь, ялгамж чанараа хамгаалах зорилготой байдаггүй, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүн төрөлхтний хэвийн амьдрах хууль, дэг журмыг хамгаалах зорилготой юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх үндэс билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын маш зүй ёсны, байх л ёстой, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнд ямар ч далд санаа байдаггүй, хүсэл, заль мэх, хорон санаа, хүчирхийлэл, муу муухай болоод завхарсан хүн төрөлхтний өөр бусад аливаа нийтлэг шинжийг байтугай хууран мэхлэлт, хуйвалдаан ч агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг гаргахаасаа өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн ухан ойлгож, тодорхой, үнэн зөв тодорхойлолт, дүгнэлтийг аль хэдийн боловсруулсан байдаг. Тиймээс бүх зүйлийг хийхдээ баримталдаг Бурханы зорилго нь Түүний хандлагатай адил тов тодорхой байдаг. Тэр мунгинуу, харалган, түргэн зантай, хайхрамжгүй биш, Тэр яавч зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал, Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүн төрөлхтөн хэвийн бус амьдрах нөхцөл рүү уруудаж, шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх ёрын муу хүн, зүйл, эд юмс болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүхий л төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохин унагааж, устгахаар Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилж байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн оршин тогтнодог учраас хүмүүсийн хамгийн зөв шударга үйл хэрэг хэзээ ч сүйрээгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
559. Мунхаг, харанхуй бүдүүлэг бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, бараг ихэнх үйл явдал дээр далдлагдаж, хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ илэрхийлж байгааг харах нь хүний хувьд хэцүү, Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Бурханы хамгийн сүүлчийн ажил, хүнд хүлээцтэй хандаж, уучлах алхамтай хүн нүүр тулах үедээ—өөрөөр хэлбэл, Бурхан сүүлчийн удаа хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж, анхааруулга өгөх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх нөгөө л аргаа хэрэглэсээр, гэмшиж замаа засаж, Түүний өршөөлийг хүлээн зөвшөөрөх гэж ямар ч хүчин чармайлт гаргахгүй бол Бурхан тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн уур хилэнгээ л гаргана. Тэр өөр өөр арга хэрэглэн хүмүүсийг шийтгэж, устгаж болдгийн адил уур хилэнгээ өөр өөр байдлаар илэрхийлж болно.
Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтнийг юм уу аливаа зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй; тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс, материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд нь оршин тогтнохооргүй болгосон. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг нэг арга зам нь юм. Ийм маягийн илрэл, илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал байдгийн адил бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ гаргахдаа, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больж, мөн хүлээцтэй байдал, тэвчээрээ ч харуулахаа больдог; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, юмс, учир шалтгаан гэж үгүй. Харин ч оронд нь, Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа гаргаж, хүссэн зүйлээ хийдэг. Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, цэвэрхэн байдлаар хийх болно. Энэ бол Өөрийн уур хилэн, сүр жавхланг гаргадаг Бурханы арга зам, хүн үүнд халдаж болохгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс хараад уур хилэнг нь мэдэрч, сүр жавхланг нь харж, халдахыг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайр юм гэдэгт хүмүүсийг итгэхэд үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүн төрөлхтнийг жигшихийг нь хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн, сүр жавхлан нь Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы халдахыг тэвчдэггүй байдал юм. Халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллөөс даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал, хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг Сатаны ёрын муу үйлдлийг Бурхан үзэн яддаг, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйлдлийг жигшдэг учраас, мөн ариун, бузартаагүй мөн чанарынхаа улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээртэй, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөж, тээнэгэлзэлгүйгээр халдахыг тэвчдэггүй зөвт зан чанараа гаргаж, харуулах болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
560. Бурханы уур хилэн асгарах нь Түүний зөвт зан чанараа илэрхийлэх нэг тал нь мөн боловч Бурханы уур хилэн байны тухайд яавч ялгаварладаггүй биш, бас зарчимгүй ч биш. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч түргэн ууртай биш, Өөрийн уур хилэн, сүр жавхланг ч бас амархан харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн тун хяналттай, хэмжээтэй байдаг; энэ нь хүний уурлаж бухимдан, уураа гаргадаг зуршилтай огтхон ч харьцуулшгүй. Хүн, Бурхан хоёрын хоорондох маш олон яриа Библид тэмдэглэгдсэн байдаг. Ярианд оролцсон хүмүүсийн заримынх нь үг өнгөцхөн, мэдлэггүй агаад хүүхдийнх шиг байсан боловч Бурхан тэднийг цохин унагааж, бас яллаа ч гүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүнд хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэдэнд хилэгнэсэн үү? Тэрээр ямар ч ийм зүйл хийгээгүй! Харин ч тэдний өмнөөс гуйж, тэдний төлөө залбир гэж Иовд хэлсэн бөгөөд Бурхан Өөрөө тэдний алдааг хүндээр хүлээж аваагүй. Эдгээр тохиолдол нь бүгд, ийм завхарсан, харанхуй бүдүүлэг хүмүүст ханддаг Бурханы үндсэн хандлагыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж байгаа хэрэг огт биш, мэдрэмжээ гаргаж байгаа явдал ч бас биш юм. Хүний буруу ойлголтоос эсрэгээр, Бурханы уур хилэн нь бүрэн тэсрэн гардаг хилэн биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсон, эсвэл уур нь буцалж, гаргахаас аргагүй болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, жинхэнэ илрэл, Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ. Бурхан бол уур хилэн, халдахыг Тэр тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгааныг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин учир шалтгааныг ялгалгүй, зарчимгүйгээр, дураараа дүрсхийдэг уур хилэн, зөвхөн завхарсан хүн төрөлхтөнд л байдаг. Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хир буртаг, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай харшилдах үед, хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд дүрсхийн уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчинд заналхийлж, түүнийг хяхан хавчиж, дайрч довтлох үед, хүн үл ойшоож, зайлсхийж, далдичин зугтах хандлагатай байдаг. Харин муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагаж, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уураа гаргах нь ёрын муу хүчний гарах гарц, махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу авирын илэрхийлэл юм. Харин Бурхан уур хилэнгээ гаргах үед, бүх ёрын муу хүч зогсож, хүнд хор хүргэх бүх нүглийг тогтоон барьж, Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүчийг ил болгож, тусгаарлаж, харааж, Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатныг шийтгэж, үндсээр нь устгана. Оронд нь, Бурханы ажил ямар ч саадгүйгээр үргэлжилж, Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлүүлэн хөгжиж, Бурханы сонгосон хүмүүс Сатаны үймээн, хууралтаас ангид байдаг бол, Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчинд Бурханы манлайлал, хангалтыг эдэлнэ. Бурханы уур хилэн бол бүх ёрын муу хүчийг өсөж үржин, хаа хамаагүй тархахаас сэргийлдэг хамгаалалт, мөн бүх зөв шударга, эерэг зүйлийн оршин тогтнол, тархалтыг хамгаалж, тэднийг дарангуйлал, сүйрлээс мөнхөд хамгаалдаг хамгаалалт билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
561. Бурханы үйл болгонтой харьцахдаа чи Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч хольц байхгүй, ариун агаад өө сэвгүй гэдэгт эхлээд итгэлтэй байх ёстой. Эдгээр үйлд, Бурхан хүн төрөлхтнийг цохин унагааж, шийтгэж, сүйрүүлэх багтдаг. Бурхан үйл болгоноо бүгдийг нь Өөрийн төрөлх зан чанар, төлөвлөгөөнд чанд нийцүүлэн хийдэг бөгөөд үүнд хүний ямар ч мэдлэг, уламжлал, гүн ухаан хамаардаггүй. Бурханы үйл нэг бүр нь завхарсан хүн төрөлхтөнд харьяалагддаг ямар ч зүйлтэй холбоогүй, Түүний зан чанар, мөн чанарын илэрхийлэл билээ. Зөвхөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал л өө сэвгүй, жинхэнэ агаад ариун гэсэн үзэл хүн төрөлхтөнд байдаг, харин Бурханы хилэгнэл болон уур хилэн мөн адил жинхэнэ гэдгийг хэн ч мэддэггүй; түүнчлэн Бурхан яагаад халдахыг тэвчдэггүй, Түүний хилэгнэл яагаад асар их байдаг гэх мэт асуултуудыг хэн ч эргэцүүлэн бодож байгаагүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг завхарсан хүн төрөлхтнийх шиг муухай ааштай андуурч, Бурханы уурыг завхарсан хүн төрөлхтнийх шиг улангассан уур гэж буруу ойлгодог. Тэр ч бүү хэл, тэд Бурханы уурыг хүн төрөлхтний завхарсан зан чанарын ердийн илрэлтэй яг адил, Бурхан уур хилэнгээ гаргах нь завхарсан хүмүүсийн онцгүй нөхцөл байдалтай тулгарахдаа гаргадаг ууртай яг адилхан гэж эндүүрч бодон, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэж итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа та нар дор бүрнээ Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болино гэж Би найдаж байна. Миний үгийг сонссоныхоо дараа Бурханы зөвт зан чанарын уур хилэнг зүрх сэтгэлдээ үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх урьдын буруу ойлголтоо хаяж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу итгэл үнэмшил, үзэл бодлыг өөрчилж чадна гэж Би найдаж байна. Түүнчлэн, та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар үнэн зөв тодорхойлолттой болж чадна, Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа эргэцүүлэл, төсөөллийг тулгахгүй гэж Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ мөн чанар билээ. Энэ бол хүний бичсэн, эсвэл тодорхойлсон зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний л зөвт зан чанар, ямар ч бүтээлтэй хамаатай, холбоотой биш. Бурхан Өөрөө бол Бурхан л Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй, бүтээгдсэн зүйлсийн нэг болсон ч гэсэн, Түүний төрөлх зан чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; Бурханыг мэдэх нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, хүнийг ойлгохтой ч бас адилгүй. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал, арга барилаа Бурханыг мэдэхэд ашигладаг бол Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч олж авч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, төсөөллөөс хамааралтай биш учраас чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй; туршлага болон төсөөлөл чинь хэчнээн ч баялаг байсан, бас л хязгаарлагдмал юм. Үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй, Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд төсөөлөлдөө найдах юм бол чи хэзээ ч амжилт олохгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Ингээд зогсохгүй, хамтарч ажилласны чинь төлөө, бас үнэнээр өлсөж, цангасны чинь төлөө Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
562. Бурхан үйлдэхдээ хэзээ ч шийдэмгий бус байж, тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн цаад зарчим болон зорилго бүгд тодорхой, ил тод, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйлдэл нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд хилэгнэсэн; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн арилж, дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүлээцтэй хандах үед Түүний харуулсан бүхэн нь бас л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөнөөс болсон. Энэ бүх хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы энэрэнгүй, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханд халдах үед Тэр тэдэнд хилэгнэнэ. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур хилэн нь намжих болно. Хүмүүс зөрүүдлэн Бурханыг эсэргүүцсээр байвал Түүний хилэн намжихгүй, Бурхан уур хилэнгээрээ бага багаар дарсаар тэднийг сүйрүүлэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн алийг нь ч үзүүлж байсан, Бурханы зан чанарын илрэлээр аль нь илрэн гарахыг, хүний авир, зан байдал, зүрх сэтгэлийнх нь гүнд дэх Бурханд хандах хандлага шийддэг. Хэрвээ Бурхан тасралтгүй нэг хүнд уурлаж байвал тэр хүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэг нь гарцаагүй. Тэр хүн хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ хүн Бурханы халамж, өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол тэр хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэггүй. Тийм хүн үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт түүн дээр дандаа ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн ирэхгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
563. Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмших үед Бурхан, энэхүү хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлэн, харуулж, Бурханы мөн чанарын үнэн бодитой агаад халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
564. Ниневегийн хүмүүсийн талаарх Бурханы сэтгэл өөрчлөгдөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэхүү нэг нөхцөл байдалтай харьцах явцад Бурханы зан чанарын энэхүү хоёр тал өөрчлөгдсөнөөр юуг харуулсан бэ? Бурханы зан чанар бол нэгэн бүхэл, огтхон ч салангид биш. Тэр хүмүүст Өөрийн уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлэх эсэх нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар амин чухал агаад тод томруун, Тэрээр аливаа зүйлийн өрнөл явцын дагуу бодол, хандлагаа өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлж өгдөг; Тэр бол робот юм уу шавар баримал биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч, тэдний хандлагаас хамаарч өнгөрснийг нь уучилж бас чадна. Тэр Ниневе хотынхонд гай гамшиг авчрахаар шийдэж болно, бас тэдний гэмшлээс үүдэн Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс дүрэм журмыг хатуу чанд мөрдөж, тэрхүү дүрэм журмаа ашиглан Бурханд хязгаар тогтоож, Түүнийг тодорхойлох дуртай байдгийн адил томьёо ашиглан Бурханы зан чанарыг ойлгохоор оролдох дуртай байдаг. Тиймээс хүний бодлоор бол Бурхан боддоггүй, мөн Түүнд ямар ч бодит санаа ч бас байдаггүй. Гэвч бодит байдал дээр, Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, сэтгэл нь өөрчлөгдөх яг тэр агшинд Бурхан Өөрийнх нь амь жинхэнээсээ оршин байдаг, Түүний зөвт зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх бүтээлийн өнцөг булан бүрд эрч хүчтэйгээр илэрхийлж, агшин бүрд эрч хүчтэйгээр хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй; өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурханы сэтгэл өөрчлөгдөж, уур хилэнгээ илэрхийлэхээ больж, Ниневе хотыг устгахааc түдгэлзэж байгааг хараад чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин ширүүнээр хилэгнэж, өршөөлөө буцаан авах үед Тэр хүн төрөлхтнийг жинхэнээсээ огт хайрладаггүй гэж чи хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд ийнхүү догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, жинхэнэ байдаг. Бурханы өршөөл нь өршөөлөөс өөр юу ч биш байдгийн адил хүлээцтэй байдал нь чухамхүү хүлээцтэй байдал билээ. Хүний гэмшил болоод зан байдлын өөрчлөлтийн дагуу Түүний зан чанар нь уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдал харуулдаг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Үйлдэл нь суурилдаг зарчмыг Бурхан илэрхийлэхэд, тэдгээр нь ямар ч өө сэвгүй байдаг, Түүний бодол, санаа, гаргаж буй шийдвэр болгон, хийж буй үйлдэл болгон нь мөн адил. Бурхан ийнхүү шийдэж, ийнхүү үйлдсэн болохоор ажил хэргээ ч бас ингэж гүйцэлдүүлдэг. Эх үүсвэр нь өө сэвгүй учраас Түүний ажил хэргийн үр дүн нь алдаа мадаггүй, зөв байдаг билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, бүх бүтээлийн дундаас өөр хэнд ч байдаггүй, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй агаад сайтар эргэцүүлэн бодож, туршлагажихыг тэсвэрлэж чадна.
Ниневегийн түүхийг ойлгосноороо та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг одоо харж байна уу? Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтний дундаас хэн нэгэнд нь ийм зан чанар байдаг уу? Хэн нэгэнд нь ийм уур хилэн буюу Бурханы уур хилэн байдаг уу? Бурханд байдаг шиг өршөөл, хүлээцтэй байдал хэн нэгэнд байна уу? Бүтээлийн дундаас хэн ийм асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн хүнд өршөөл хайрлаж, хүлээцтэй хандаж, уучилж, улмаар хүнийг устгана гэсэн өмнөх шийдвэрээ өөрчилж чадахуйц вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Тэр цор ганц зан чанартай болохоор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүх бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлтийн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын хосгүй чанар нь ийм билээ!
Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг шинжилж, ойлгосноороо та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарт байдаг өршөөлийг тайлбарлаж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би, Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар хэмээн тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; халдаж, эргэлзэхийг тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханыг үйл хэрэгт нь орлож, эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлох юм уу төлөөлж бас чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
565. Ниневе хот нь Содомын хүмүүс шиг завхарсан, ёрын муу, хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан дахин нэгэнтээ чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаа илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ. Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч давтаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм. Таны сайн гэж боддог, бүр супер хүн гэж боддог эрэгтэй, эмэгтэй хүн өөрийн өндөрлөгөөс эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярихдаа, эсвэл хамгийн дээд өндөрлөг дээр агуу хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд хандаж ийм мэдэгдэл хийдэг үү? Хүн төрөлхтөн дунд хүний амийн байдлыг гарын таван хуруу шигээ мэдэх хүн хэн байна вэ? Хүн төрөлхтнийг оршин тогтнуулах үүрэг хариуцлагыг хүлээж чадах хүн хэн байна вэ? Хотыг нураана гэж тунхаглаж чадахуйц хэн байна вэ? Хотыг өршөөж чадахуйц хэн байна вэ? Өөрийнхөө бүтээлийг эрхэмлэдэг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч чадна! Зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өр зөөлөн ханддаг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг үнэн, мятаршгүй хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээлийг бүгдийг нь эрхэмлэж чадна. Хүний үйлдэл бүрд Түүний зүрх дэлсэж, өвдөж байдаг: хүний муу болон завхралд уурсаж, бухимдаж, гашуудаж байдаг; хүний гэмшил, итгэл үнэмшлийг таашааж, баярлаж, хэлтрүүлж, бахархаж байдаг; Түүний бодол санаа бүр хүн төрөлхтний тухай байдаг; Тэр юу болох, Түүнд байгаа болгон бүхэлдээ хүн төрөлхтний төлөө зориулагдаж байдаг; Түүний сэтгэл хөдлөл бүхэлдээ хүн төрөлхтний оршихуйтай орооцолдсон байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яардаг; Тэр амийнхаа хэсэг бүрийг чимээгүйхэн өгч байдаг; Тэр амьдралынхаа минут, секунд бүрийг зориулж байдаг… Тэр өөрийн амьдралыг хэрхэн өрөвдөхийг хэзээ ч мэдэж байгаагүй мөртөө Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж нандигнаж ирсэн. Тэр өгөх ёстой бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг. Тэр өршөөл, тэвчээрээ нөхцөл заалгүйгээр, хариу нэхэхгүйгээр үзүүлдэг. Хүн төрөлхтөн нүднийх нь өмнө амьдарсаар байгаасай, Өөрийнх нь амийн хангалтыг хүртсээр байгаасай гэсэндээ л Тэр ингэдэг. Хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаасай гэсэндээ, Тэр хүний оршин тогтнолыг тэтгэж, бүх бүтээлийг амиар хангадаг гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ л ингэдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
566. Бурханд өршөөл энэрэл, хүлээц үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь ямар ч халдлагыг тэвчдэггүй талыг нь хүнд бас үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллахад хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилнэ. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр Бурханаас нүүр буруулсан бол, харваас буюу тэдний хийсвэр хүслийн хувьд, тэд биеэрээ, эсвэл бодол санаагаараа Бурханд шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхийг нь үл тоомсорлон Бурханы уур хилэн зогсолтгүй ундарна. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргахад энэ нь нэгэнт суларвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүн төрөлхтөнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм… Тэрээр нинжин, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлсэд гүнээ хилэгнэж, уур хилэнгээ зогсолтгүй илгээдэг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд түүнчлэн, тэдгээрийг Бурхан эхнээс нь эцсийг нь хүртэл ил харуулсан: өгөөмөр өршөөл ба айхтар уур хилэн.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
567. Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх билээ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа хүн: “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний халдлагыг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг юм: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хэний ч хувьд энэ захиргааны зарлиг нь зөвт шийтгэл, энд ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгүүлнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе; авралын ажил төгсгөл болж, хүнийг аврах ажил хийгдэхээ больж, мууг үйлддэг хүн нэг бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
568. Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд