11.3. Бурханы ариун байдлын тухай

569. Бурхан хамгийн хоцрогдмол, хамгийн бузар газарт махбод болсон бөгөөд ийм маягаар л Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь тодорхой харуулж чаддаг. Түүний зөвт зан чанар юугаар дамжин харагддаг вэ? Тэрээр хүний нүглийг шүүх үед, Сатаныг шүүх үед, нүглийг зэвүүцэх үед, Өөрийг нь эсэргүүцэж, Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг дайснуудаа үзэн ядах үед энэ нь харагддаг. Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний дуулгаваргүй байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы хүсэлтэй нийцдэггүй бүхэн шүүлтэд өртөх ёстой бөгөөд хүний дуулгаваргүй байдал нүгэл гэж буруутгагддаг. Бурханы үг шүүлтийн зарчмыг тойрон эргэлддэг; Тэрээр зөвт зан чанараа харуулахын тулд хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг илчилдэг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан юм—Би тэдгээрийг ашиглан үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л жинхэнэ ажил, ганцхан энэ л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулдаг. Хэрвээ чамд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй бол Бурхан чамайг шүүхгүй, зөвт зан чанараа ч чамд харуулахгүй. Чи завхарсан зан чанартай тул Бурхан чамайг хэлтрүүлэхгүй бөгөөд үүгээр дамжуулан Түүний ариун байдал харагддаг. Хүний бузар, тэрслүү байдал хэтэрхий их байгааг харсан мөртөө үг хэлж, чамайг шүүхгүй бол, мөн зөв шударга бус байдлын чинь төлөө чамайг гэсгээхгүй бол Тэр нүглийг үзэн ядахгүй байгаа учраас энэ нь Түүнийг Бурхан биш гэдгийг батлах байлаа; Тэр яг хүнтэй л адил бузар байх байв. Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар ердөө ёс жудаг, хүн чанараа алдаж, дэлхий ертөнцийн хамгийн бохир заваан өнцөг буланд төрсөн гахайтай адил болсон тул үүнээсээ болж шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг энэ шүүлтээс болж та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Хүний тэрслүү байдлыг харах үедээ зөвт зан чанараа илчилж чаддаг учраас, мөн хүний бузрыг харах үедээ ариун байдлаа илчилж чаддаг учраас Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн бусадтай хамт намаг балчигт тэлчилдэг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний увайгүй авирыг шүүх эрхгүй, хүнийг шүүх шүүлт гүйцэтгэхэд ч тохирохгүй. Хэрвээ нэг хүн нөгөөгөө шүүвэл өөрийнхөө хацрыг алгадаж буй мэт байх бус уу? Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж эдгээр нүглийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Бурхан хүмүүсийг шүүхийн тулд үг хэлдэг ба тэр үед л хүмүүс Бурхан ариун гэдгийг хардаг. Бурхан хүний нүглийг илчлэнгээ нүглийнх нь төлөө хүнийг шүүж, гэсгээж байх зуур нэг ч хүн, нэг ч юм энэхүү шүүлтээс зугтаж чадахгүй; бузар бүхнийг Тэр шүүдэг, тийм учраас л Түүний зан чанарыг зөвт гэж хэлж болно. Эс бөгөөс, та нарыг нэрэн дээрээ ч, нидэр дээрээ ч товойлгогчид гэж яаж хэлж болох юм бэ?

…Бузрын газрын хүмүүсээр дамжуулан Бурханы ариун байдал харагддаг; өнөөдөр Тэрээр бузрын газрын энэ хүмүүсээс үзэгддэг бузрыг ашигладаг, мөн шүүдэг, ингэснээр Тэр юу болох нь шүүлтийн дунд илчлэгддэг. Тэр яагаад шүүдэг вэ? Нүглийг үзэн яддаг учраас Тэр шүүлтийн үг хэлж чаддаг; хүн төрөлхтний тэрслүү байдлыг зэвүүцдэггүй байсан бол Тэр яаж тэгтлээ их уурлаж чадах юм бэ? Түүний дотор ямар ч зэвүүцэл, дургүйцэл байгаагүй бол, мөн Тэрээр хүмүүсийн тэрслүү байдлыг тоогоогүй бол хүнтэй адил бузар гэдгийг энэ нь нотлох байлаа. Тэрээр бузрыг үзэн яддаг учраас хүнийг шүүж, гэсгээж чаддаг бөгөөд Түүний үзэн яддаг зүйл Өөрт нь байдаггүй. Хэрвээ Түүнд бас эсэргүүцэл, тэрслүү байдал байсан бол эсэргүү, тэрслүү хүмүүсийг Тэр үзэн ядахгүй байх байлаа. Эцсийн өдрүүдийн ажлыг Израильд гүйцэтгэсэн бол ямар ч утга учиргүй байх байв. Эцсийн өдрүүдийн ажил яагаад хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Бурханы ариун, зөвт байдлыг харуулахын тулд. Товчхондоо, уг газар харанхуй байх тусам Бурханы ариун байдал төдий чинээ тодорхой харагдаж чадна. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь Бурханы ажлын төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ

570. Би муу ёрын сүнсний янз бүрийн үйл хэргийг аль хэдийн тодорхой харсан. Муу ёрын сүнсэнд ашиглуулдаг хүмүүсийг ч бас (буруу санаа зорилготой, махан бие, эсвэл эд хөрөнгөд шунадаг, өөрсдийгөө өргөмжилдөг, чуулганыг үймүүлдэг гэх мэт хүмүүс) Би нэг бүрчлэн нэвт харсан. Муу ёрын сүнснүүдийг зайлуулмагц бүх зүйл дуусна гэж бүү бод. Би чамд хэлчихье! Одоогоос эхлээд Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулаад, дахин хэзээ ч ашиглахгүй! Өөрөөр хэлбэл, муу ёрын сүнсний завхруулсан ямар ч хүнийг Би ашиглахгүй бөгөөд хөөн зайлуулна! Намайг мэдрэмжгүй гэж бүү бод! Үүнийг мэдэж ав! Би бол ариун Бурхан бөгөөд бузар сүмд оршихгүй! Надад бүрэн үнэнч бөгөөд Миний ачаанд анхааралтай байж чадах шударга, ухаалаг хүмүүсийг л Би ашигладаг. Учир нь Би ийм хүмүүсийг урьдчилан тогтоосон бөгөөд бүр ямар ч муу ёрын сүнс тэдэн дээр ажилладаггүй. Би нэг зүйлийг тодорхой болгоё: Одоогоос эхлээд Ариун Сүнсний ажилгүй бүх хүн муу ёрын сүнсний ажилтай байдаг. Би дахиад хэлье: Муу ёрын сүнс ажилладаг ганц ч хүнийг Би хүсдэггүй. Тэд бүгд махан биеийнхээ хамтаар Үхэгсэдийн орон луу хаягдана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 76-р бүлэг

571. Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

572. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

573. “Бурханы ариун байдал” гэдэг нь Бурханы мөн чанар өө сэвгүй, Бурханы хайр аминч бус, Бурханы хүнд өгдөг бүхэн аминч бус гэсэн утгатай бөгөөд Бурханы ариун байдал нь өө сэвгүй, гэм зэмгүй. Бурханы мөн чанарын эдгээр тал нь Өөрийн ялгамж чанараа гайхуулахын тулд Түүний хэрэглэдэг үг төдийхөн биш, харин ч Бурхан хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш; харин ч энэ нь Бурханы Өөрийн үйлдлийн жинхэнэ илчлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилсэн мөн чанар билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

574. Миний ярьдаг Бурханы ариун байдал нь юуг хэлдэг вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Бурханы ариун байдал нь Түүний үнэн зөв байдал мөн үү? Бурханы итгэмжит байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы аминч бус байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы даруу байдал нь Түүний ариун байдал мөн үү? Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал мөн үү? Бурхан үнэн болон амийг хүнд чөлөөтэй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы илчилдэг энэ бүхэн цор ганц бөгөөд завхарсан хүмүүсийн дотор оршдоггүй, мөн хүмүүсээс ч харагддаггүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, Сатаны мөн чанар, уг чанараас ч харж чадахгүй. Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц; Зөвхөн Бурхан Өөрөө л ийм мөн чанартай бөгөөд Тэр л үүнийг эзэмшдэг… Ариун байдлын мөн чанар нь жинхэнэ хайр юм, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр энэ нь үнэн, зөвт байдал болон гэрлийн мөн чанар билээ. “Ариун” хэмээх үгийг зөвхөн Бурханд хэрэглэх нь л зохистой; бүтээлийн юу ч “ариун” хэмээн нэрлэгдэхүйц биш. Хүн үүнийг ойлгох ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

575. Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол

576. Чиний санаа, бодол, зан авир, үг, үйл хэрэг—энэ бүх илэрхийлэл нийлээд Бурханы зөвт, ариун байдлыг товойлгогч болдог бус уу? Та нарын илэрхийлэл Бурханы үгээр илчлэгдсэн завхарсан зан чанарын илрэл бус уу? Бодол, санаа, сэдэл, чамд илэрдэг завхрал чинь Бурханы зөвт зан чанарыг, түүнчлэн Түүний ариун байдлыг харуулдаг. Бурхан ч бас бузар газар төрсөн, гэхдээ бузраар сэвтээгүй хэвээр байдаг. Тэрээр чам шиг л энэ бузар дэлхийд амьдардаг боловч эрүүл ухаан, ухамсарлах чадвартай бөгөөд бузрыг үзэн яддаг. Чи өөрийнхөө үг, үйл хэргээс ямар нэгэн бузар юм олж илрүүлж ч чаддаггүй байж магадгүй, харин Тэр чаддаг бөгөөд чамд тэдгээрийг зааж үзүүлдэг. Чиний тэр хуучин зүйлс—боловсрол, хэрсүү ухаан, эрүүл ухаан дулимаг байдал, амьдралын хоцрогдмол хэв маяг—өнөөдрийн илчлэлээр ил болчихсон; Бурхан ажиллахын тулд газар дээр ирснээр л хүмүүс Түүний ариун байдал, зөвт зан чанарыг хардаг. Тэрээр чамайг шүүж, гэсгээж, чамд ойлгуулдаг; заримдаа чөтгөрлөг уг чанар чинь харагддаг бөгөөд Тэр үүнийг чамд зааж үзүүлдэг. Тэрээр хүний мөн чанарыг арван хуруу шигээ мэддэг. Мөн та нарын дунд амьдарч, адилхан хоол идэж, адилхан орчинд амьдардаг—тэгсэн ч гэсэн Тэр илүү ихийг мэддэг; Тэр чамайг илчилж, хүмүүсийн завхарсан мөн чанарыг нэвт харж чаддаг. Хүний амьдралын гүн ухаан болон шударга бус, ов мэхтэй байдлыг хамгийн их үзэн яддаг. Ялангуяа хүмүүсийн махан биеийн харилцааг зэвүүцдэг. Тэрээр хүний амьдралын гүн ухааныг мэддэггүй байж болох ч хүмүүсийн илчилдэг завхарсан зан чанарыг тодорхой харж, ил болгож чадна. Тэгээд үг хэлж, эдгээр зүйлээр дамжуулан хүнд зааж сургахын тулд ажилладаг ба хүмүүсийг шүүх, мөн Өөрийн зөвт, ариун зан чанарыг харуулахын тулд эдгээр зүйлийг ашигладаг. Тийнхүү хүмүүс Түүний ажлыг товойлгогчид болдог. Бие махбодтой болсон Бурхан л хүний завхарсан зан чанар болон Сатаны бүх үзэшгүй муухай нүүр царайг ил болгож чадна. Тэр чамайг шийтгэдэггүй, харин зөвт, ариун байдлынхаа товойлгогч болгон ашигладаг төдий боловч чи хэтэрхий бузар учраас ичиж зовон, нүүр хийх газаргүй болдог. Тэрээр хүнд илэрдэг тэр зүйлсийг ашиглан ярьдаг бөгөөд эдгээр зүйлийг ил болгох үед л хүмүүс Бурхан хэчнээн ариун болохыг мэдэж авдаг. Хүмүүст байгаа өчүүхэн төдий хольцыг ч, зүрх сэтгэлд нь оршдог бузар бодлыг ч Тэр анзааралгүй өнгөрдөггүй; хүмүүсийн үг, үйлдэл Өөрийнх нь хүсэлтэй нийцэхгүй бол Тэр өршөөдөггүй. Түүний үгэнд хүмүүсийн, эсвэл өөр юуны ч бузрыг багтаах зай үгүй—эдгээрийг бүгдийг нь ил болгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ

577. Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодолтой байхыг чи хэзээ ч харахгүй, түүнээс гадна асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч харахгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаж байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжийн үр дүн биш; энэ үнэн, эдгээр үг нь Бурхан Өөрийн мөн чанар, амийн үр дүнд илэрхийлэгддэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, зөв замаар алхуулахын тулд хүн төрөлхтөнд зам заадаг. Эдгээр зүйлийг бүгдийг нь Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанар тодорхойлдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

578. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна. Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

579. Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл Надад хэрэггүй, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би жигшин зэвүүцдэг. Би хүнийг Надад туйлын үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийн төлөө, үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуйдахыг чинь Би үзэн яддаг, учир нь Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, тиймээс та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

580. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

581. Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

582. Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Өөрт нь байдаг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэхүү зарчим нь бас цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарын бэлгэ тэмдэг гэдгийг хэлэх нь илүүц биз. Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ. Бурханы эрхэм чанар, ариун байдлыг сорьж, шударга хүчинд хүн саад хийж, харахгүй байх үед Бурхан уур хилэнгээ гаргах болно. Бурханы мөн чанарын улмаас, Бурхантай өрсөлдөж, эсэргүүцэж, тэмцэлддэг газар дээрх тэдгээр бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас ирсэн, түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзарсан, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Тайлбар:

а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

Өмнөх: 11.2. Бурханы зөвт зан чанарын тухай

Дараах: 11.4. Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж болох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих