Нэмэлт: 1-р бүлэг
Та нараас хийхийг хүсэж буй зүйл минь бол Миний ярьдаг тодорхойгүй, хоосон онол биш, мөн хүний уураг тархиар төсөөлшгүй, хүний махан биеэр гүйцэтгэшгүй зүйл ч биш. Миний гэр дотроос хэн бүрэн дүүрэн үнэнч байх чадвартай вэ? Мөн Миний хаанчлал дотроос хэн өөртөө байгаа бүхнийг өргөн барьж чадах вэ? Миний хүсэл илчлэгдээгүй бол та нар Миний зүрх сэтгэлийг хангахыг өөрсдөөсөө үнэхээр шаардах байсан уу? Хэн ч, хэзээ ч Миний зүрх сэтгэлийг ойлгоогүй, хэн ч, хэзээ ч Миний хүслийг ухамсарлаагүй. Хэн ер нь Миний царайг харж, Миний дуу хоолойг сонссон бэ? Петр үү? Паул уу? Иохан уу? Эсвэл Иаков уу? Хэн ер нь Надаар хувцаслуулж, Надад эзэмдүүлж, эсвэл Надад ашиглагдсан юм бэ? Хэдийгээр анх удаа махбод болсон минь бурханлаг чанар дотор тохиолдож, Өөрийгөө хувцасласан махбод минь хүний зовлонг мэдээгүй ч Би дүр төрхтэйгөөр бие махбодтой болоогүй учраас Миний хүслийг махбод бүрэн биелүүлсэн гэж хэлж болохгүй. Миний бурханлаг чанар ямар ч саад бартаагүйгээр, хэвийн хүн чанартай хүний хувиар Миний хийх зүйлийг хийж, хэлэх зүйлийг хэлж байгаа цагт л Миний хүсэл махбодоор гүйцэтгэгддэг гэж хэлж болно. Миний хэвийн хүн чанар бурханлаг чанарыг минь халхалж чаддаг учраас даруухан, нууцлаг байх гэсэн Миний зорилгыг биелүүлдэг. Махбодоор ажиллах үе шатанд хэдийгээр бурханлаг чанар шууд үйлддэг боловч хүмүүсийн хувьд тийм үйлдлүүдийг харахад амаргүй байдаг ба энэ нь ердөө хэвийн хүн чанарын амьдрал болон үйлдлээс болдог. Бие махбодтой болсон энэ Бурхан эхний удаа бие махбодтой болсон шигээ 40 өдрийн турш мацаг барьж чадахгүй ч хэвийн байдлаар ажиллаж, үгээ хэлдэг; хэдийгээр нууцуудыг илчилдэг ч Тэр тун хэвийн байдаг; хүмүүсийн төсөөлдөг шигээр Түүний дуу хоолой аянга шиг биш, мөн Түүний нүүр царай гэрэлтэн гялалздаггүй, Түүнийг алхах үед тэнгэрүүд доргидоггүй. Хэрвээ тийм байсан бол тэнд Миний мэргэн ухаан огт байхгүй байх байсан ба Сатаныг ичээж, ялж чадахгүй байх байсан юм.
Хэвийн хүн чанарын халхавчны ардаас бурханлаг чанараа харуулах үедээ Би бүрэн алдар сууг олж авч, Миний агуу ажил гүйцэлддэг бөгөөд юу ч, ямар ч бэрхшээл учруулдаггүй. Учир нь бие махбодтой болсон Миний зорилго бол үндсэндээ Надад итгэдэг бүх хүнд махбод дахь бурханлаг чанарынхаа үйл хэргийг харуулж, бодитой Бурханыг Өөрийг нь харуулж, улмаар хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах Бурханы орон зайг арилгах явдал юм. Би хооллож, хувцаслаж, унтаж, амьдарч, хэвийн хүн шиг үйлддэг учраас, мөн хэвийн хүн шиг ярьж, инээж, хэвийн хүний хэрэгцээтэй байхын сацуу бүрэн бурханлаг чанарын мөн чанарыг эзэмшдэг учраас Намайг “бодитой Бурхан” гэж нэрлэдэг. Энэ нь хийсвэр биш бөгөөд үүнийг ойлгоход амархан; Миний ажлын гол цөм аль хэсэгт оршиж байгааг, мөн Миний анхаарал ажлын аль үе шатанд байгааг үүнээс харж болно. Хэвийн хүн чанараар дамжуулан бурханлаг чанараа илчлэх нь бие махбодтой болсон Миний гол зорилго юм. Миний ажлын төв нь шүүлтийн эриний хоёр дахь хэсэгт байдаг гэдгийг харахад хэцүү биш.
Надад хүний амь ч, хүний ямар нэгэн ул мөр ч хэзээ ч байгаагүй. Хүний амь Миний дотор хэзээ ч зай эзэлж байгаагүй бөгөөд Миний бурханлаг чанарын илчлэлээс хэзээ ч давж байгаагүй. Тиймээс, тэнгэр дэх Миний дуу хоолой болон Миний Сүнсний хүсэл илэрхийлэгдэх тусам, Сатаныг төдий чинээ их шившиглэж чадах тул Миний хүслийг хэвийн хүн чанараар гүйцэтгэхэд төдий чинээ амархан болдог. Энэ нь дангаараа Сатаныг ялсан; Сатан аль хэдийн бүрэн шившиглэгдсэн. Хэдийгээр Би нуугдмал байдаг боловч энэ нь Миний бурханлаг чанарын айлдварууд болон үйлдлүүдэд саад болдоггүй—Би ялалт байгуулсан, бүрэн алдар сууг олж авсан гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Махбод дахь Миний ажил саадгүй байдаг учраас, мөн бодитой Бурхан одоо хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэдний зүрх сэтгэлд үндсээ суулгасан учраас Сатан Надад ялагдсан гэдэг нь бүрэн батлагддаг. Сатан хүмүүсийн дунд өөр юу ч хийх чадваргүй учраас, хүний махан биед Сатаны хэв чанарыг нэмэхэд хэцүү учраас Миний хүсэл саадгүйгээр урагшилна. Миний ажлын агуулга нь ерөнхийдөө бүх хүнд Өөрийн гайхалтай үйл хэргийг харуулж, Өөрийн жинхэнэ нүүр царайг харуулах явдал: Би бол хүрэхийн аргагүй биш, Би тэнгэрт сүндэрлэдэггүй, мөн Би хэлбэр дүрсгүй, эх захгүй биш. Би агаар шиг үзэгддэггүй биш, мөн салхинд амархан туугддаг хөвөгч үүл шиг ч биш; харин хэдийгээр Би хүмүүсийн дунд амьдарч, хүмүүсийн дунд чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай байдлыг туулдаг ч Миний махбод мөн чанарын хувьд хүнийхээс өөр юм. Ихэнх хүмүүсийн хувьд Надтай харилцахад хэцүү байдаг, гэсэн ч ихэнх нь бас Надтай харилцахаар хүсэн эрмэлздэг. Бие махбодтой болсон Бурханы дотор үлэмж их, ойлгохын аргагүй нууц байгаа мэт л байдаг. Бурханлаг чанарын шууд илчлэлээс үүдэн, мөн хүний гадаад төрхийн халхавчаас үүдэн хүмүүс Надаас хүндэтгэлтэйгээр зай барьж, Намайг өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдэгт итгэдэг атлаа Миний сүр жавхлан, уур хилэнгээс бас айж байдаг. Тиймээс зүрх сэтгэлдээ тэд Надтай үнэн сэтгэлээсээ ярихыг хүсдэг ч хүссэнээрээ хийж чаддаггүй—зүрх сэтгэлдээ хүсэж байгаа зүйлд нь тэдний хүч чадал дутагддаг. Энэ нь ийм нөхцөлд байгаа хүн бүрийн нөхцөл байдал бөгөөд хүмүүс ийм байх тусам, Миний зан чанарын янз бүрийн талуудын илчлэлийн нотолгоо улам их байна, тийнхүү Бурханыг мэдэх гэсэн хүмүүсийн зорилго биелдэг. Гэхдээ энэ бол хоёрдогч зүйл; гол зүйл нь Өөрийнхөө махбодын хийж байгаа зүйлээр дамжуулан гайхалтай үйл хэргээ хүмүүст мэдэгдэж, Бурханы мөн чанарыг мэдүүлэх явдал юм; Би бол хүмүүсийн төсөөлдөг шиг хэвийн бус, ер бусын биш. Харин ч Би бол бүх зүйл дээр хэвийн байдаг бодитой Бурхан билээ. Хүмүүсийн үзэл дэх Миний орон зай арилж, тэд Намайг бодит байдал дээр мэдэж авдаг. Тэгсэн цагт л Би хүмүүсийн оюун ухаанд Өөрийн жинхэнэ орон зайг эзэлж чадна.
Бүх хүний өмнө Би хүмүүсийн нандигнасаар ирсэн ямар нэгэн ер бусын зүйлийг хэзээ ч хийж байгаагүйгээр үл барам, туйлын эгэл жирийн, хэвийн байдаг; Би Өөрийнхөө махбод болсон бие дэх Бурханы ямар нэг сэжүүрийг агуулсан зүйлийг зориуд хүмүүст харуулдаггүй. Гэхдээ Миний үгээс үүдэн хүмүүс бүрмөсөн байлдан дагуулагдаж, Миний гэрчлэлд захирагддаг. Тэгж байж л хүмүүс Бурхан үнэхээр оршин байдаг гэж бүрэн итгэсэн суурин дээрээс махбод дахь Намайг болгоомжлолгүйгээр мэдэж авдаг. Ийм маягаар Миний талаарх хүмүүсийн мэдлэг илүү бодитой, илүү тодорхой болдог ба тэдний сайн ааш авир өчүүхэн төдий ч холилдоогүй байдаг; энэ бүхэн нь Миний бурханлаг чанар шууд үйлдэж байгаагийн үр дүн бөгөөд хүмүүст Миний бурханлаг чанарын талаар асар их мэдлэг өгдөг, учир нь зөвхөн бурханлаг чанар л Бурханы жинхэнэ нүүр царай, мөн Бурханы төрөлхийн онцлог шинж билээ. Хүмүүс үүнийг харах ёстой. Би бурханлаг чанарын үг, үйл хэрэг болон үйлдлийг л хүсдэг—харин хүн чанарын үг, үйлдлийг анхаардаггүй. Миний зорилго бол бурханлаг чанараар амьдарч, үйлдэх явдал—Би хүн чанарт үндэслэж, нахиалахыг хүсдэггүй, хүн чанараар амьдрахыг хүсдэггүй. Та нар Миний хэлж байгаа зүйлийг ойлгож байна уу? Хэдийгээр Би хүн төрөлхтний дундах зочин боловч Би үүнийг хүсдэггүй; Би бүрэн бурханлаг чанараар үйлддэг ба ийм маягаар л хүмүүс Миний жинхэнэ нүүр царайг илүү сайн ойлгож чадна.