2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох ялгаа

Холбогдох Бурханы үг:

Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар улам их өөрчлөгдөж чадна—энэ бүхэн нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм. Хэрвээ тухайн зам нь хүний мөн чанар болох зүйлсийг илчилж, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, түүнчлэн хүнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг хүнд өгч чадахгүй, тэр ч байтугай хүн чанарыг нь улам дорд болгож, эрүүл ухааныг нь улам хэвийн бус болгож байвал энэ зам үнэн зам байх учиргүй бөгөөд энэ нь муу ёрын сүнсний ажил юм уу хуучин зам байж болох юм. Товчхондоо гэвэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж таарахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

Ямар зүйл Бурханаас гардаг, ямар зүйл Сатанаас гардаг болохыг чи ойлгох ёстой. Бурханаас гардаг зүйл нь чамд улам илүү тодорхой үзэгдэл өгч, Бурханд улам ойр болгодог; ах эгч нартайгаа чин сэтгэлийн хайрыг хуваалцаж, чи Бурханы ачаанд санаа тавих чадвартай болж, Бурханыг хайрлах сэтгэл чинь хэзээ ч багасахгүй. Алхах зам өмнө чинь байна. Сатанаас гарч ирдэг зүйлс үзэгдэл чинь алга болж, өмнө нь байсан бүхнээ алдахад чамайг хүргэдэг; чи Бурханаас холдож, ах эгч нараа гэсэн хайр чинь үгүй болж, үзэн ядах сэтгэлтэй болно. Чи цөхөрч, цаашид чуулганы амьдралаар амьдрах хүсэлгүй болох бөгөөд Бурханыг хайрлах зүрх сэтгэл чинь үгүй болдог. Энэ бол Сатаны ажил бөгөөд мөн ёрын муу сүнсний хийдэг ажлын үр дагавар юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 22-р бүлэг

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Ариун Сүнсний ажил ямар үр дүнд хүрдэг вэ? Чи мунхаг, ялган таних чадваргүй байж болох боловч Ариун Сүнс ажиллаж л байгаа цагт чи итгэлтэй болж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгаагаа үргэлж мэдэрнэ. Урдах бэрхшээл чинь хэчнээн их байлаа ч, чи хамтран ажиллахад бэлэн байна. Чамд ямар нэгэн юм тохиолдож, тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх боловч чи хүлээж чадна, мөн идэвхгүй ч биш, хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор чинь ажиллах үед чамд бодит бэрхшээл тулгарсаар байдаг: Заримдаа чи уйлж, заримдаа чиний даван гарч чадахгүй зүйлс байдаг боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын л үе шат юм. Хэдийгээр чи тэдгээр бэрхшээлийг даван гараагүй ч, хэдийгээр тухайн үед сул дорой, гомдлоор дүүрэн байсан ч дараа нь туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чадсан. Чиний идэвхгүй байдал хэвийн туршлагатай байхад чинь саад хийж чадахгүй бөгөөд бусад хүн юу ч хэлж байсан, бусад нь чам руу яаж ч дайрч довтолж байсан, Бурханыг хайрлаж мөн л чаддаг. Залбирлын үеэр чи, урьд нь Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах болгондоо Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь дотор чинь Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг. Энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байр байдал юм.

Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд хүмүүсийн доторх үзэгдэл тодорхойгүй байдаг; хүмүүс хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруутгал байдаг, эдгээр буруутгал болон бодол тэдний дотор байнга саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй. Тийм хүмүүс өөрсдийгөө яахаа мэддэггүй—хүмүүс цугларч байгааг харах үедээ зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг самууруулдаг; зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чаддаггүй ба тэднийг үймүүлж, дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог. Тэдний зүрх сэтгэл амар тайван байж чаддаггүй бөгөөд тэдэнд Бурханыг хайрлах ямар ч хүч чадал үлдэлгүй, сүнсээрээ унасан байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажлын илрэл нь: үзэл бодолдоо бат зогсож, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэрэг юм. Сатан хөндлөнгөөс оролцох үед чи өөрийн доторх Бурханыг гэх хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг юм уу өөрийгөө сайжруулахаар эрэлхийлдэггүй; харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьдаг ба нүглийг үзэн яддаггүй; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгодог; чиний дотор Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөдөг байдлыг алга болгон, Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэдэг; тэр ч бүү хэл, чи Бурханыг орхих эрсдэлд ордог. Энэ бүхэн Сатанаас гардаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил

Бурхан зөөлөн, эвтэй, хайрлаж, халамжилсан байдлаар, нэн хянуур, зүй зохистой байдлаар ажилладаг. Түүний арга зам нь чамд “Бурхан надаар энийг хийлгүүлэх ёстой” юм уу, эсвэл “Бурхан надаар тэрийг хийлгүүлэх ёстой” гэх мэтийн хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнт бодол төрүүлдэггүй. Бурхан чамд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм санаа, сэтгэлийн хүчлэл хэзээ ч өгдөггүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авахдаа ч гэсэн ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлыг мэдрэх үед чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дээд агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг үү? (Тийм.) Энэ үед Бурхан та хоёрын дунд зайтай гэж санагддаг уу? Чи Бурханаас айдаг уу? Үгүй, харин чи Бурханыг эмээн хүндлэхээ мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлын үрээр энэ бүх зүйлийг мэдэрдэг бус уу? …

…Бурхан хүн дээр ажилладаг ба Түүний хандлага болон зүрх сэтгэл нь хүнийг нандигнадаг. Гэтэл Сатан хүнийг нандигнадаг уу? Үгүй, тэр хүнийг нандигнадаггүй. Харин ч хүнийг хорлох тухай бодож их цаг зарцуулдаг. Тийм биш гэж үү? Тэр хүнийг хорлох тухай бодохдоо сэтгэл яарсан байдалтай байдаг уу? (Тийм.) Иймээс хүн дээрх Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонт, ёрын муу уг чанарыг хангалттай дүрсэлж, Сатаны жигшүүрт байдлыг та нарт үнэхээр мэдүүлж чадах хоёр хэллэг Надад байна: Сатан хүнд хандахдаа хүнийг бүрэн хянаж, ноцтой хорлож чадах хэмжээнд хүртэл хүнийг, хүн нэг бүрийг хүчээр эзлэн авч, эзэмдэхийг үргэлж хүсдэг, ингэснээр, зорилгодоо хүрч, улайрсан хүсэл эрмэлзлээ биелүүлж чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэй болдог уу, эсвэл зөвшөөрөлгүйгээр болдог уу? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, мэдээгүй байхад тохиолддог уу? Үүний хариу гэвэл, чамайг огт мэдээгүй байхад тохиолддог! Мэдээгүй байхад чинь, магадгүй тэр чамд юу ч хэлэлгүй, юу ч хийлгүйгээр, ямар ч оршил, нөхцөлгүйгээр—Сатан, чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайж, дараа нь чамайг хүчээр эзлэн авч, эзэмдэн чамайг бүрэн хянаж, чамд хор хүргэх зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтнийг Бурханаас булааж авах гэж тэмцэхдээ Сатаны гаргадаг хамгийн нийтлэг санаархал болон ааш авир юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Ариун Сүнс цаг ямагт өөрсөд дээр нь ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Ариун Сүнс үргэлж өөрсөдтэй нь хамт байдаг гэж хэлэх юм бол бодитой байна. Өөрсдийнх нь сэтгэхүй, эрүүл ухаан нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлэх юм бол тэр нь ч бас бодитой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ тэд, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, хором бүрд өөрсдийг нь Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөдөг, тэгээд тэд цаг ямагт шинэ мэдлэг олж авдаг гэж хэлэх юм бол энэ нь яавч хэвийн биш! Энэ нь тэр чигтээ ер бусын хэрэг юм! Тийм хүмүүс бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирэх үедээ ч гэсэн Түүнд хооллох ёстой, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүст махан биеийн сул тал байдаггүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, сэтгэл хөдлөлөөс ангид, тарчлааныг тэсвэрлэх чадвартай бөгөөд махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядардаггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг—нэг ч хүн ийм зүйлд хүрч чадахгүй! Ялган таних чадваргүй хүмүүс тийм хүмүүсийг харахаараа атаархаж, тэд бол Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, асар их итгэлтэй, сул дорой байдлын өчүүхэн ч шинж тэмдгийг харуулдаггүй гэж хэлдэг! Үнэндээ эдгээр нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь, хэвийн хүмүүст хүний сул тал зайлшгүй байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байр байдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Ариун Сүнсний гол ажил нь гэгээрэл, гэрэлтүүлэлт, мөн хүнд Бурханы үгийг ойлгуулж, түүнийг Бурханы үг рүү оруулах явдал юм; өөрөөр хэлбэл, энэ нь үнэнийг ойлгож, үнэнд ороход хүмүүсийг залж чиглүүлэх, бүх төрлийн шалгалт болон орчинд хүмүүсийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, тэдэнд Бурханы хүслийг ойлгуулах явдал билээ. Мэдээжийн хэрэг, янз бүрийн хүмүүс, зүйлс болон юмсаар дамжуулан Ариун Сүнс хүмүүсийг илчилж, засаж, сахилгажуулж, шийтгэдэг ба үүний зорилго нь хүмүүсийг аврахын төлөө юм. Ариун Сүнс бүхнийг захиран, хүмүүсийг өөрчилж, төгс болгохын тулд бүх төрлийн нөхцөл байдлыг зохицуулдаг. Бурханы авралын ажилд, хэдийгээр Ариун Сүнсний ажил олон талтай ч, авралтай холбоогүй ажлыг Ариун Сүнс хийдэггүй. Ариун Сүнсний ажил нуугдмал байдаг бөгөөд гаднаа огт ер бусын харагддаггүй хэдий ч туршлагатай хүмүүс зүрх сэтгэлдээ тодорхой ойлгодог. Эсрэгээрээ, муу ёрын сүнсний ажил нь гайхмаар ид шидийн байдаг, энэ нь нүдэнд үзэгдэж, мэдрэгдэж болдог бөгөөд маш хэвийн бус юм. Муу ёрын сүнснүүд ялангуяа өөрсдийгөө гайхуулах дуртай, туйлын ёрын муу, үнэний өчүүхэн ч ул мөргүй байдаг гэдгийг муу ёрын сүнсний ажлаас харж болно. Муу ёрын сүнснүүд хүн дээр хэчнээн жил ажилласан нь хамаагүй, хүний завхарсан зан чанар өчүүхэн ч өөрчлөгддөггүй. Харин ч тэд улам бүр хэвийн бус болж, хэвийн эрүүл ухаанаа ч алддаг. Энэ бол муу ёрын сүнсний ажлын үр дүн юм. Сатан болон янз бүрийн муу ёрын сүнс ингэж хүмүүсийг завхруулж, хүлж, мэхэлдэг. Эцэст нь, хүмүүсийг чөтгөр болгож, муу ёрын сүнсэнд мэхлэгдсэн хүмүүс Сатанд баригдан, залгиулдаг. Ариун Сүнсний ажил бол тэр чигтээ хүнийг аврах явдал бөгөөд хүнд Ариун Сүнсний ажил хэдий их байх тусам, үнэнийг төдий чинээ их ойлгож чаддаг; тэдний хүн чанар улам бүр хэвийн болж, тэд улам бүр хүнлэг болдог. Эцэст нь Бурханы авралыг хүртэж, үнэн болон бүрэн хүн чанарыг агуулсан хүн болно. Ариун Сүнс болон муу ёрын сүнсний ажлын гол ялгаа нь: Муу ёрын сүнс хүмүүсийг завхруулж, хүлж, эцэст нь тэднийг чөтгөрүүд болгож л чадна; Ариун Сүнсний ажил завхарсан хүмүүсийг ариусгаж, аварч, тэднийг үнэн болон бүрэн хүн чанартай болгож чаддаг. Ариун Сүнсний ажил нь Сатаны завхруулсан болон бузар сүнснүүдийн дунд тоологдсон хүмүүсээс үнэхээр ариун хүмүүсийг бий болгож чаддаг бөгөөд энгийнээр хэлбэл, Сатанаар завхруулагдан чөтгөр болсон хүмүүсийг авч, буцаан хүн болгодог гэж хэлж болно. Энэ бол Ариун Сүнс болон муу ёрын сүнсний ажлын ялгаа билээ.

Дээрхийн нөхөрлөл

Муу сүнсний ажлын хамгийн илэрхий шинж чанар бол ер бусын байдал. Муу сүнснүүдийн ярьдаг үг, хүмүүсээр хийлгэхийг хүсдэг зүйл нь хэвийн бус, логикгүй, тэр ч байтугай ердийн хүн чанарын наад захын ёс суртахуун, ёс зүйгээс урваж, үг, үйлдлийнх нь уг чанар хүмүүсийг хууран мэхэлж, үймүүлж, завхруулахаас өөр юу ч хийдэггүй мэт. Ийм учраас тэд хүмүүсийг зөвхөн хорлож, тарчлааж, залгиж л чаддаг бөгөөд хүмүүст хэзээ ч үр ашигтай байж, тус хүргэхгүй гэсэн үг юм. Муу сүнснүүд хүмүүсийг эзэмдсэн үед сэтгэлийн түгшүүр, тавгүй байдал мэдрэгддэг. Зарим хүн тэр ч байтугай хэвийн бус болдог бол зарим нь манарсан байдалд орж, нөгөө хэсэг нь маш их түгшиж, тогтвортой сууж чадахгүй болдог. Юутай ч муу сүнснүүд хүмүүсийг эзэмдэх үед тэр хүмүүс хүн ч биш, чөтгөр ч биш зүйл болж өөрчлөгдөн, хэвийн хүн чанар, эрүүл ухаанаа алддаг. Муу сүнсний мөн чанар нь гарцаагүй Сатаны мөн чанар болох ёрын муу, ой гутам болохын хангалттай нотолгоо нь энэ юм.

Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн (чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс) гол илрэл нь:

1. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс бусдад энийг, тэрийг хий, хэн нэгэнд ямар нэгэн юм хэл гэж хэлж аль эсвэл ихэнхдээ хуурамч зөгнөл ярьдаг.

2. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн залбирахдаа “хэл” гэж нэрлэгддэг зүйлээр, хэн ч ойлгохооргүй байдлаар ярьдаг бөгөөд тэр ч байтугай ярьж байгаа хүн нь өөрөө ч ойлгодоггүй. Ярьж буй хүмүүсийн зарим нь бүр өөрсдөө “эдгээр хэлийг орчуулж” чаддаг.

3. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс маш их давтамжтайгаар үргэлж илчлэл хүлээн авдаг; муу сүнснүүд тэднийг нэг бол нэг тийшээ, үгүй бол өөр нэг тийшээ явуулж, энэ хүмүүсийг байнгын түгшүүртэй байдалд оруулдаг.

4. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс энэ тэрийг үргэлж яаран хийхийг хүсдэг, хүлээж тун тэвчихгүй, нөхцөл байдал боломжтой эсэхийг огт бодолцдоггүй; тэд шөнө дунд байхад хүртэл гарч гүйн, онцгойлон хэвийн бус зан авир гаргадаг.

5. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс туйлын их биеэ тоосон, эрүүл ухаангүй, үг яриа нь бүхэлдээ дээрэнгүй өнгө аястай, бусдад захирангуй байдаг. Тэд бусдыг юу хийхээ мэдэхээ болиход хүргэж, чөтгөрүүд шиг аливаа зүйлийг албадаж хийлгэдэг.

6. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс үнэний тухай хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, бүр Бурханы ажилд анхаарал хандуулдаг ч үгүй. Тэд Түүнийг үл тоомсорлодог бөгөөд хууль дүрмийг үргэлж уландаа гишгэхийг оролдож, чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, үгүй хийхийн тулд бүхий л төрлийн бусармаг үйлдлийг гаргаж чаддаг.

7. Муу ёрын сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс тайлбарлахын аргагүйгээр өөр хүний дүр эсгэж, өөрийгөө хэн нэгний сүнс, аль эсвэл хэн нэгэн өөрийг нь илгээсэн бөгөөд хүмүүс өөрийг нь сонсох ёстой гэж мэтгэдэг.

8. Муу сүнснүүд дотор нь ажилладаг хүмүүс ихэвчлэн хэвийн эрүүл ухаангүй байдаг. Тэд ямар ч үнэнийг огт ойлгож чадахгүй; ойлгох чадвар огт байхгүй, Ариун Сүнс тэднийг гэгээрүүлдэггүй, бодол санаа нь замбараагүй байх бөгөөд аливаа зүйлийг ойлгох үедээ энэ хүмүүс онцгойлон хөгийн инээдтэй байдаг.

9. Муу ёрын сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс ажил хийж байхдаа бусдад лекц уншихад онцгой анхаардаг. Тэдний хийж, ярьж байгаа бүхэн нь бусдыг дайрч давшилж, боогдуулж, завхруулах зорилготой бөгөөд тэр ч байтугай хүмүүсийн шийдэмгий байдлыг нугалж, өөрөө буцаж босож чадахгүй болтлоо сөрөг байдалд орох хэмжээнд хүргэдэг; ингэсэн цагт л тэд болих болно. Тэдний үйлдлүүд нь үймээн тарьж, саад хийн, бүх төрлийн бусармаг үйлдэл гаргахын төлөө л байдаг. Тэд бол бусдад хор хөнөөл учруулж, даажигнаж, залгидаг диаволууд жинхэнэ утгаараа мөн бөгөөд хүссэн зүйлээ хиймэгц аз жаргалтай болдог. Энэ нь муу сүнсний ажлын үндсэн зорилго юм.

10. Муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс туйлын хэвийн бус амьдралаар амьдардаг. Тэдний нүд нь аймшигтай гялалзаж, хэлсэн үг нь дэлхий дээр чөтгөр бууж ирсэн мэт туйлын айдас хүрэм. Ийм төрлийн хүний өдөр тутмын амьдралд дэг журам гэж байдаггүй, тэд гаршуулаагүй араатан шиг тогтворгүй байдаг. Бусдын хувьд тэд туйлын зэвүү хүрэм, жигшмээр. Чөтгөрүүдэд хүлэгдсэн хүмүүс яг ингэж л өөрсдийгөө илэрхийлдэг.

Эдгээр нь муу сүнсний ажил илрэх арван үндсэн арга зам юм. Эдгээр илэрхийллийн аль нэгийг харуулдаг хүн муу сүнснүүд дотор нь ажилладаг хүн гэдэг нь гарцаагүй. Нарийн яривал, муу сүнснүүдийн ажлын дээр дурдсан илэрхийллээс аль нь гэдэг нь хамаагүй аль нэг нь илэрдэг бүх хүн бол муу сүнснүүд дотор нь ажиллаж байгаа хүмүүс юм. Муу сүнснүүд дотор нь ажилладаг хүн Ариун Сүнс дотор нь ажилладаг, үнэний тухай нөхөрлөж чаддаг хүмүүсийг үргэлж үзэн ядаж, тэднээс зориуд зай барьдаг. Ихэнхдээ хэн нэгэн нь илүү сайн байх тусам тэр хүн рүү дайрч давшилж, түүнийг яллахыг улам их хүсдэг. Хэн нэгэн илүү мунхаг байх тусам тэд түүнд зусардаж, тал засахыг хичээн, түүнтэй холбоо тогтоохыг онцгойлон хүсдэг. Муу сүнснүүд ажиллахдаа хар, цагааныг үргэлж андуурч, эергийг сөргөөр, сөргийг эергээр дүрсэлдэг. Муу сүнснүүд яг ингэж л үйлддэг.

Ажлын зохицуулалт

Өмнөх: 1. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа

Дараах: 3. Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондох ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих