Нэршил болон ялгамж чанарын талаар

Хэрвээ чи Бурханаар ашиглагдахад тохирсон байхыг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой, өмнө нь (Шинэ болон Хуучин Гэрээнд) Түүний хийсэн ажлыг мэдэх ёстой, түүнчлэн Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой; өөрөөр хэлбэл, чи 6,000 жилийн турш хийгдсэн Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ чамаас сайн мэдээ түгээхийг хүсвэл Бурханы ажлыг мэдэхгүйгээр чи үүнийг хийж чадахгүй. Библи болон Хуучин Гэрээний талаар, мөн тухайн үеийн Есүсийн ажил болон үгийн талаар танай Бурхан юу хэлсэн тухай хэн нэгэн чамаас асууж магадгүй. Хэрвээ чи тэдэнд Библийн дотоод түүхийг ярьж чадахгүй бол тэд үнэмшихгүй. Эхэндээ Есүс Өөрийн шавь нарт Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа л бичигдсэн юм. Сайн мэдээ түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэн, Израиль дахь Бурханы ажил буюу Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой, бас Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай. Эдгээр нь бүх хүний хамгийн их анхаардаг асуудлууд бөгөөд ажлын тэрхүү хоёр үе шатны дотоод түүх бол тэдний сонсоогүй зүйл юм. Сайн мэдээ түгээхдээ, өнөөдрийн Ариун Сүнсний ажлын тухай яриаг эхлээд хойш тавь. Ажлын энэ үе шат тэдний хувьд хүршгүй байдаг, учир нь та нарын эрэлхийлдэг зүйл бол хамгийн өндөр дээд зүйл—Бурханы тухай мэдлэг болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэг бөгөөд энэ хоёроос илүү өндөр дээд зүйл гэж үгүй. Хэрвээ та нар эхлээд өндөр дээд зүйлийн талаар ярих юм бол энэ нь тэдний хувьд хэтэрхий их байх болно, учир нь Ариун Сүнсний тийм ажлыг хэн ч туулж байгаагүй; энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй ба хүн хүлээн зөвшөөрөхөд амархан биш байдаг. Тэдний туршлага нь Ариун Сүнсний зарим нэг тохиолдлын ажлыг агуулсан өнгөрсөн үеийн хуучин зүйл байдаг. Тэдний туулдаг зүйл нь өнөөдрийн Ариун Сүнсний ажил биш, эсвэл өнөөдрийн Бурханы хүсэл биш. Тэд ямар ч шинэ гэрэлгүйгээр, ямар ч шинэ зүйлгүйгээр хуучин ёс заншлын дагуу үйлдсээр байдаг.

Есүсийн эрин үед Ариун Сүнс Өөрийн ажлыг ихэвчлэн Есүсийн дотор хийсэн байхад сүмд тахилчийн өмсгөл өмсөн Еховад үйлчилж байсан хүмүүс гуйвшгүй үнэнчээр үүнийгээ хийсэн. Тэд ч бас Ариун Сүнсний ажилтай байсан боловч Бурханы өнөөгийн хүслийг ухаарах чадваргүй байсан ба хуучин хэрэгжүүлэлтийн дагуу зүгээр л Еховад үнэнч хэвээр үлдэж, шинэ удирдамжгүй байсан юм. Есүс ирж, шинэ ажил авчирсан атал сүмд үйлчилж байсан тэр хүмүүст шинэ удирдамж байгаагүй, шинэ ажил ч байгаагүй. Сүмд үйлчлэнгээ тэд зүгээр л хуучин хэрэгжүүлэлтийг баримталж байсан бөгөөд сүмийг орхихгүйгээр ямар ч шинэ оролттой болж чадахгүй байв. Есүс шинэ ажил авчирсан ба Өөрийн ажлыг хийхийн тулд сүм рүү яваагүй. Тэр гагцхүү сүмийн гадна Өөрийн ажлыг хийсэн, учир нь Бурханы ажлын цар хүрээ аль эрт өөрчлөгдсөн байлаа. Тэрээр сүм дотор ажиллаагүй ба тэнд Бурханд үйлчлэх үедээ хүн аливаа зүйлийг байгаагаар нь л байлгаж байсан бөгөөд ямар ч шинэ ажлыг бий болгож чадаагүй юм. Үүний адилаар, өнөөгийн шашны хүмүүс Библийг шүтсээр байдаг. Хэрвээ чи тэдэнд сайн мэдээ түгээвэл тэд Библийн үгийн аар саар хэсгийг чам руу чулуудаж, ихээхэн нотолгоо олж, чамайг сандраан, хэлэх үггүй болгоно; тэгээд тэд чамд хаяг зүүж, итгэл бишрэлдээ мунхаг юм байна гэж бодно. “Та нар Бурханы үг болох Библийг ч мэддэггүй, тэгээд Бурханд итгэдэг гэж яаж хэлж чадаж байна аа?” гэж тэд хэлнэ. Тэгээд чамайг дорд үзэж, “Та нарын итгэдэг Нэгэн чинь Бурхан юм бол яагаад Тэр та нарт Хуучин болон Шинэ Гэрээний талаар бүгдийг хэлээгүй юм бэ? Нэгэнт Тэр Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт аваачсан юм бол яагаад Израильд хийгдсэн ажлыг мэддэггүй юм бэ? Тэр яагаад Есүсийн ажлыг мэддэггүй юм бэ? Хэрвээ та нар мэдэхгүй бол Тэр та нарт хэлээгүй гэдгийг энэ нь нотолж байна; Тэр хоёр дахь удаа бие махбодтой болсон Есүс юм бол яагаад эдгээр зүйлийг мэддэггүй юм бэ? Есүс Еховагийн хийсэн ажлыг мэдэж байсан; Тэр яагаад мэддэггүй юм бэ?” хэмээн хэлнэ. Цаг нь ирэхэд тэд чамаас ийм асуултууд асууна. Тэдний тархи ийм зүйлсээр дүүрэн байдаг; тэд асуухгүй байж яаж чадах юм бэ? Энэ урсгал дотор байгаа хүмүүс Библид анхаарлаа төвлөрүүлдэггүй, учир нь та нар өнөөдөр Бурханы алхам алхмаар хийсэн ажилтай мөр зэрэгцэн явсан, алхам алхмаар хийгддэг энэ ажлыг өөрсдийн нүдээр харсан, ажлын гурван үе шатыг тодорхой харсан, иймээс Библийг доош тавьж, үүнийг судлахаа болих хэрэгтэй болсон. Гэхдээ тэд үүнийг судлахгүй байж чадахгүй, учир нь тэд алхам алхмаар хийгддэг энэ ажлын талаар огт мэддэггүй. Зарим хүн: “Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид, элч нарын хийсэн ажлын хоорондох ялгаа юу вэ? Давидыг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан, Есүс ч мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэднийг адилхан нэрлэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж яагаад хэлдэг юм бэ? Иоханы харсан зүйл үзэгдэл байсан, энэ нь ч бас Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэх гэсэн үгийг тэр хэлж чадсан; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар Есүсийнхээс өөр байсан юм бэ?” гэж асууна. Есүсийн хэлсэн үг Бурханыг бүрэн төлөөлж чаддаг байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байв. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн, гэхдээ тэд яагаад Есүстэй адил ялгамж чанартай байгаагүй юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэрээр шинэ эрин үеийн ажил буюу өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэрээр шинэ замыг нээж, Еховаг төлөөлж, Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан, харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг л төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч ердөө Бурханы бүтээлүүд байсан бөгөөд Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор ажилласан, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс юм уу Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ямар ч ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд ердөө л Бурханы бүтээлүүд байсан юм. Хуучин Гэрээнд олон эш үзүүлэгч зөгнөл хэлсэн, эсвэл зөгнөлийн ном бичсэн. Хэн ч тэднийг Бурхан гэж хэлээгүй боловч Есүсийг ажиллаж эхэлмэгц Бурханы Сүнс Түүнийг Бурхан гэж гэрчилсэн. Яагаад тэр вэ? Өдийд чи аль хэдийн мэдчихсэн байх ёстой! Урьд нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Хожим нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзээд, заримыг нь муу гэж үзсэн юм бэ? Яагаад заримыг нь сонгож, бусдыг нь сонгоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг, хийсэн ажлын тухай тэмдэглэл яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрд өөр байдаг вэ? Энэ нь тэдгээрийг тэмдэглэсэн хүмүүсийн алдаа биш гэж үү? Зарим хүн: “Паул болон Шинэ Гэрээний бусад зохиогчдын бичсэн захидлууд ба хийсэн ажил зарим талаар хүний хүслээс бий болж, хүний үзэлтэй холилдсон, тэгвэл Таны (Бурханы) өнөөдөр хэлж буй үгэнд ямар ч хүний хольц байхгүй гэж үү? Тэдгээр нь үнэхээр хүний ямар ч үзлийг агуулдаггүй юу?” хэмээн асууна. Бурханы хийдэг ажлын энэ үе шат нь Паул болон олон элч, эш үзүүлэгчийн хийснээс шал өөр юм. Ялгамж чанар нь ялгаатайгаар үл барам үндсэндээ хийсэн ажил нь ч ялгаатай байдаг. Паул цохигдож, Эзэний өмнө унасныхаа дараа ажиллахдаа Ариун Сүнсээр удирдуулсан бөгөөд илгээгдсэн нэгэн болсон юм. Иймээс тэр чуулгануудад захидал бичсэн бөгөөд эдгээр захидал нь бүгд Есүсийн сургаалыг дагасан. Паул Эзэн Есүсийн нэрийн дор ажиллахаар Эзэнээр илгээгдсэн боловч Бурхан Өөрөө ирэхдээ ямар ч нэрийн дор ажиллаагүй ба Өөрийнхөө ажилд өөр хэнийг ч биш, харин Бурханы Сүнсийг төлөөлж байлаа. Бурхан Өөрийн ажлыг шууд хийхээр ирсэн: Түүнийг хүн төгс болгоогүй бөгөөд Түүний ажил ямар нэг хүний сургаалд тулгуурлан явагдаагүй. Ажлын энэ үе шатанд Бурхан хувийн туршлагаа ярьснаар удирдаагүй, харин ч Өөрт нь юу байгаагийн дагуу Өөрийн ажлыг шууд хэрэгжүүлсэн. Жишээлбэл, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үе, үхлийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үе… Энэ бүх ажил урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй бөгөөд хүний туршлага биш, харин өнөөгийн эрин үеийн ажил юм. Миний хэлсэн үгээс аль нь хүний туршлага вэ? Тэдгээр нь бүгд Сүнснээс шууд ирсэн, Сүнснээс гарсан бус уу? Чиний хэв чанар маш дорд учраас л чи үнэнийг нэвт харж чадахгүй байгаа юм! Миний ярьдаг амийн бодитой зам нь замыг залж чиглүүлэхийн төлөө байдаг бөгөөд өмнө нь хэн ч ярьж байгаагүй, урьд нь хэн ч энэ замыг туулж байгаагүй, хэн ч энэ бодит байдлыг мэдээгүй. Намайг эдгээр үгийг айлдахаас өмнө хэн ч, хэзээ ч үүнийг ярьж байгаагүй. Хэн ч, хэзээ ч ийм туршлагын талаар ярьж байгаагүй, мөн тэд хэзээ ч ийм нарийн ширийнийг яриагүй, түүнчлэн, эдгээр зүйлийг илчлэхийн тулд хэн ч, хэзээ ч тийм байдлыг зааж үзүүлээгүй. Өнөөдөр Миний хөтлөн явдаг энэ замаар хэн ч, хэзээ ч яваагүй ба хэрвээ хүн явж байсан бол энэ нь шинэ зам биш байх байсан юм. Паул, Петр хоёрыг жишээ болгон аваад үз. Есүсийг замаар анхлан явахаас өмнө тэдэнд хувийн туршлага гэж байгаагүй. Зөвхөн Есүсийг энэ замаар явсны дараа л тэд Есүсийн хэлсэн үг, явсан замыг туулсан; үүнээс тэд ихээхэн туршлага олж авч, захидлууд бичсэн. Иймээс хүний туршлага нь Бурханы ажилтай адилгүй бөгөөд Бурханы ажил нь хүний үзэл болон туршлагаар тодорхойлогддог мэдлэгтэй адилгүй. Өнөөдөр Би шинэ замаар явж, шинэ ажил хийж байгаа бөгөөд Миний ажил, айлдвар Иохан болон бусад бүх эш үзүүлэгчийнхээс өөр гэж Би ахин дахин хэлсэн. Би хэзээ ч эхэлж туршлага олж аваад, дараа нь үүнийгээ та нарт ярьж байгаагүй—хэзээ ч тэгж байгаагүй. Хэрвээ тэгсэн бол тэр нь та нарыг аль эрт удаашруулчих байсан биш үү? Урьд нь, олон хүний ярьдаг байсан мэдлэг өндөр байсан боловч тэдний бүх үг сүнслэг гэгддэг хүмүүсийн үгэнд л үндэслэдэг байсан. Тэд замыг залж чиглүүлээгүй, харин энэ нь тэдний туршлагаас, харсан зүйлээс нь, мэдлэгээс нь гарч ирсэн. Зарим нь тэдний үзэл байсан, зарим нь тэдний нэгтгэн дүгнэсэн туршлага байсан юм. Өнөөдөр Миний ажлын шинж чанар тэднийхээс шал өөр. Би бусдаар хөтлүүлэн явж үзээгүй, бас бусдаар төгс болгуулахыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Түүнчлэн, Миний ярьсан, нөхөрлөсөн бүхэн өөр хэнийхтэй ч адилгүй бөгөөд өөр хэн ч, хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр та нар хэн бэ гэдгээс үл хамааран, та нарын ажил Миний хэлсэн үгийн үндсэн дээр хэрэгждэг. Эдгээр айлдвар болон ажилгүйгээр хэн эдгээр зүйлийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үе…) туулах чадвартай байж, хэн тийм мэдлэгийн талаар ярьж чадах юм бэ? Чи үнэхээр үүнийг тодорхой харж чадахгүй юу? Ажлын үе шатаас үл хамааран, Намайг үг хэлэнгүүт та нар Миний үгийн дагуу нөхөрлөж эхэлдэг ба тэдгээрийн дагуу ажилладаг, энэ нь та нарын хэний ч бодсон зам биш. Өдий хүрчхээд чи ийм энгийн, тодорхой асуултыг ойлгож чадахгүй байсаар л байна уу? Энэ нь хэн нэгний бодож олсон зам биш, мөн ямар нэг сүнслэг хүнийх дээр ч үндэслэсэн биш. Энэ нь шинэ зам бөгөөд нэгэнтээ Есүсийн хэлж байсан ихэнх үг ч хэрэглэгдэхээ больсон. Миний ярьдаг зүйл бол шинэ зууныг нээх ажил бөгөөд бие даасан ажил юм; Миний хийдэг ажил, хэлдэг үг бүгд шинэ. Энэ нь өнөөдрийн шинэ ажил биш гэж үү? Тухайн үед Есүсийн ажил ч бас ийм байсан. Түүний ажил ч бас сүм дэх хүмүүсийнхээс өөр байсан ба фарисайчуудын ажлаас ч ялгаатай байсан, мөн Израилийн бүх ард түмний хийсэнтэй огтхон ч адил төстэй байгаагүй. Үүнийг нүдээр харсныхаа дараа хүмүүс: “Үүнийг үнэхээр Бурхан хийсэн гэж үү?” гэцгээн шийдэж чадаагүй юм. Есүс Еховагийн хуулийг баримтлаагүй; хүнд зааж сургахаар ирэх үедээ Түүний хэлсэн бүхэн шинэ байсан бөгөөд эртний ариун хүмүүс, Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн хэлснээс өөр байсан, үүнээс болоод хүмүүс эргэлзсэн хэвээр үлдсэн. Үүнээс үүдэн хүнтэй харьцахад маш төвөгтэй болсон юм. Ажлын энэ шинэ үе шатыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө та нарын дийлэнх нь тэрхүү сүнслэг хүмүүсийн суурин дээр хэрэгжүүлж, орох замаар алхсан. Гэхдээ өнөөдөр Миний хийдэг ажил асар их ялгаатай тул та нар энэ нь зөв үү, буруу юу гэдгийг шийдэж чаддаггүй. Урьд нь ямар замаар явсныг чинь Би тоодоггүй, мөн хэний “хоолыг” идсэнийг чинь, эсвэл хэнийг “эцгээ” болгосныг чинь ч сонирхдоггүй. Нэгэнт Би ирж, хүнийг залж чиглүүлэх шинэ ажлыг авчирсан учраас Намайг дагадаг бүхэн Миний хэлсний дагуу үйлдэх ёстой. Төрсөн “гэр бүл” чинь хэчнээн хүчирхэг байх нь хамаагүй чи Намайг дагах ёстой, хуучин хэрэгжүүлэлтийнхээ дагуу үйлдэх ёсгүй, чамайг “үрчилсэн эцэг” огцрох ёстой ба чи хүртэх ёстой ноогдол хувиа эрж хайхын тулд өөрийн Бурханы өмнө очих ёстой. Чи тэр чигтээ Миний гарт байгаа ба үрчилсэн эцэгтээ хэтэрхий сохроор итгэх ёсгүй; тэр чамайг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Өнөөдрийн ажил бол бие даасан ажил. Өнөөдөр Миний хэлдэг бүхэн өнгөрсөн үеийн суурин дээр үндэслээгүй нь илэрхий; энэ нь шинэ эхлэл бөгөөд хэрвээ чи үүнийг хүний гараар бүтээгдсэн гэдэг бол аврагдахын аргагүй үнэхээр сохор хүн юм!

Исаиа, Езекиел, Мосе, Давид, Абрахам, Даниел нар Израилийн сонгогдсон хүмүүсийн дундах удирдагчид буюу эш үзүүлэгчид байсан. Яагаад тэднийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Яагаад Ариун Сүнс тэдэнд гэрчлэл хийгээгүй вэ? Есүсийг ажлаа эхэлж, үгээ хэлж эхлэнгүүт Ариун Сүнс яагаад Есүст гэрчлэл хийсэн бэ? Яагаад Ариун Сүнс бусдад нь гэрчлэл хийгээгүй вэ? Махан биетэй байсан тэр хүмүүсийг бүгдийг нь “Эзэн” гэж нэрлэж байсан. Тэднийг юу гэж нэрлэж байснаас үл хамааран тэдний ажил өөрсдийнх нь оршихуй, мөн чанарыг төлөөлж байсан ба оршихуй болон мөн чанар нь тэдний ялгамж чанарыг төлөөлж байв. Тэдний мөн чанар нь нэршилтэй нь хамаагүй байсан; харин тэдний илэрхийлж байсан зүйл болон амьдран харуулж байсан зүйл мөн чанарыг нь төлөөлдөг байв. Хуучин Гэрээнд Эзэн гэж дуудуулах нь маш энгийн зүйл байсан ба хүнийг юу ч гэж дуудаж болно, гэхдээ түүний мөн чанар болон төрөлхийн ялгамж чанар нь хувиршгүй байсан. Тэрхүү хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, хууран мэхлэгчдийн дунд “Бурхан” гэж дуудуулдаг хүмүүс ч бас байдаг бус уу? Тэгвэл яагаад тэд Бурхан биш вэ? Учир нь тэд Бурханы ажлыг хийх чадваргүй. Угтаа тэд бол хүн, хүмүүсийг мэхлэгчид болохоос Бурхан биш, иймээс тэдэнд Бурханы ялгамж чанар байдаггүй. Давид ч гэсэн арван хоёр овгийн дунд Эзэн гэж нэрлэгддэг байгаагүй гэж үү? Есүсийг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан; яагаад Есүс ганцаараа бие махбодтой болсон Бурхан гэж нэрлэгдсэн бэ? Иеремиаг ч бас хүний Хүү гэдэг байсан бус уу? Есүсийг ч гэсэн хүний Хүү хэмээн нэрлээгүй гэж үү? Яагаад Есүс Бурханы өмнөөс цовдлогдсон бэ? Түүний мөн чанар өөр байснаас болоогүй гэж үү? Түүний хийсэн ажил өөр байснаас болоогүй гэж үү? Алдар цол хамаатай гэж үү? Хэдийгээр Есүсийг ч бас хүний Хүү гэж нэрлэж байсан боловч Тэр бол анх удаа бие махбодтой болсон Бурхан байсан, Тэрээр эрх мэдэл эзэмшиж, золин авралын ажлыг гүйцэтгэхийн тулд ирсэн. Есүсийн ялгамж чанар, мөн чанар нь хүний Хүү хэмээн нэрлэгдэж байсан бусад хүмүүсийнхээс өөр байсан гэдгийг энэ нь нотолдог. Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг Ариун Сүнснээс ирсэн гэж өнөөдөр та нараас хэн чинь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлдэг бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг юм бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан. Тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; тэгэх нь буруу юм. Паул, Иохан нарын туршлага хувийн хэрсүү ухаантай нь холилдсон гэж хэлдэг нь тэдний туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь туршлага, хэрсүү ухаанаас гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит туршлагынх нь дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар дор бүрнээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн тухай Библийн тэмдэглэлийг аваад үз: Тэдгээр нь бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Олон мунхаг хүн: “Бие махбодтой болсон Бурхан ч бас хүн, иймээс Түүний хэлдэг үг бүхэлдээ Ариун Сүнснээс ирж чадах уу? Хэрвээ Паул, Иохан хоёрын үг хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлдэг үг үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл, хэлсэн үгийн талаар юу бичсэнийг унш. Тэмдэглэл бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн харах өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номын зохиогчдын бичсэн зүйл бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг янз байх ёстой байлаа. Тэгвэл яагаад ялгаатай байдаг вэ? Хүн үүнийг тодорхой харж чадахгүй бол туйлын мунхаг биш гэж үү? Хэрвээ чамаас Бурханд гэрчлэл хийхийг хүсвэл чи ямар гэрчлэл хийж чадах вэ? Бурханыг тийм байдлаар мэдэх нь Бурханд гэрчлэл хийж чадах уу? Хэрвээ бусад хүмүүс чамаас, “Иохан, Лук нарын тэмдэглэл хүний хүсэлтэй холилдсон юм бол та нарын Бурханы хэлсэн үг хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуувал чи тодорхой хариулт өгч чадах уу? Лук, Матай нар Есүсийн үгийг сонсож, Есүсийн ажлыг харсныхаа дараа өөрсдийн мэдлэгийн тухай ярьж, Есүсийн хийсэн ажлын тухай зарим баримтыг дурсамж маягаар тоочсон. Тэдний мэдлэг бүхэлдээ Ариун Сүнсээр илчлэгдсэн гэж чи хэлж чадах уу? Библиэс гадна, тэднээс илүү өндөр мэдлэгтэй олон сүнслэг хүн байсан; яагаад тэдний үгийг дараагийн үеийнхэн нь авч үзээгүй вэ? Тэд ч бас Ариун Сүнсээр ашиглагдаагүй гэж үү? Өнөөдрийн ажилд Би Есүсийн ажлын сууринд үндэслэн Өөрийн хэрсүү ухааныг яриагүй, мөн Есүсийн ажлын цаад шалтгаантай харьцуулан Өөрийн хувийн мэдлэгийг ч яриагүй гэдгийг мэдэж ав. Есүс тухайн үед ямар ажил хийсэн бэ? Тэгвэл Би өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ? Миний хийж, хэлж байгаа зүйл урьд өмнө нь тохиолдож байгаагүй. Өнөөдөр Миний алхдаг замаар өмнө нь хэзээ ч хүн явж байгаагүй, өнгөрсөн эрин үеийн хүмүүс хэзээ ч алхаж байгаагүй. Өнөөдөр энэ нь нээгдсэн ба энэ нь Сүнсний ажил биш гэж үү? Хэдийгээр Ариун Сүнсний ажил байсан ч гэсэн, өнгөрсөн үеийн удирдагчид бүгдээрээ бусдын тавьсан суурин дээр өөрсдийн ажлыг явуулсан; гэхдээ Бурханы Өөрийн ажил бол өөр. Есүсийн ажлын үе шат ч бас адилхан байсан: Тэрээр шинэ замыг нээсэн юм. Тэр ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, хүн гэмшиж, нүглээ улайх ёстой гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр, Паул болон бусад хүмүүс Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлжээ. Есүс загалмайд цовдлогдож, тэнгэр өөд гарсны дараа цовдлолын замыг түгээхийн тулд Сүнс тэднийг илгээсэн. Хэдийгээр Паулын үг өндөр дээд байсан ч тэвчээр, хайр, зовлон, толгойгоо бүтээх, баптисм хүртэх, эсвэл дагах ёстой бусад сургаал гэх мэт Есүсийн хэлсэн зүйлийн суурин дээр үндэслэж байв. Энэ бүхнийг Есүсийн хэлсэн үгэнд суурилан хэлсэн юм. Тэд шинэ зам нээж чадаагүй, учир нь тэд бүгдээрээ Бурханы ашиглаж байсан хүмүүс юм.

Тухайн үеийн Есүсийн айлдвар болон ажил хоосон сургаал баримтлаагүй ба Тэрээр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг гүйцэтгээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу хийгдсэн юм. Тэрээр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэрээр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ажиллахаар ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэх зорилгоор хийгддэггүй бөгөөд Тэр хоосон сургаалыг мөрдөхийн тулд, эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй, өмнө нь Түүний хийсэн ажилд ч саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь ямар ч сургаал мөрдөхгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байв. Тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн гүйцэтгэгч байсан бөгөөд Өөрийн шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн юм. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг ч бас биелүүлсэн. Мөн өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “хуучин хуанлийг” барихаа больсон төдий, тэгээд л тэр. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг Библийн эшлэлүүдийг тайлбарлахаас хавьгүй илүү ач холбогдолтой, яагаад гэвэл, тиймэрхүү ажил та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй бөгөөд та нарт тусалж, эсвэл та нарыг өөрчилж чадахгүй. Би шинэ ажил хийхээр зорьсон болохоос Библийн ямар нэг эшлэлийг биелүүлэх гээгүй. Хэрвээ Бурхан Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд л газар дэлхий дээр ирсэн бол бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчийн хэн нь илүү агуу байх вэ? Эцсийн эцэст эртний эш үзүүлэгчид Бурханыг захирдаг уу, эсвэл Бурхан эртний эш үзүүлэгчдийг захирдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

Эхэндээ Есүс Өөрийн үйлчлэлийг хараахан албан ёсоор эхлээгүй байх үедээ Өөрийг нь дагаж байсан шавь нарын адилаар заримдаа сүмд цуглаанд оролцож, магтан дуу дуулж, магтаал өргөж, Хуучин Гэрээг уншдаг байлаа. Тэр баптисм хүртээд боссоны дараа Сүнс албан ёсоор Түүн дээр буун ирж, ажиллаж эхлэн, Түүний ялгамж чанар болон хийх гэж байсан үйлчлэлийг нь илчилсэн юм. Үүнээс өмнө хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй ба Мариагаас гадна Иохан ч мэдээгүй. Баптисм хүртэх үедээ Есүс 29 настай байлаа. Түүний баптисм дууссаны дараа тэнгэр нээгдэж: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэх дуун гарчээ. Есүсийг баптисм хүртэнгүүт Ариун Сүнс ийм маягаар Түүнд гэрчлэл хийж эхэлсэн юм. 29 насандаа баптисм хүртэхээс өмнө Есүс хэвийн хүний амьдралаар амьдарч, идэх ёстойгоо идэж, хэвийн байдлаар унтаж, хувцасласан бөгөөд Түүний юу ч бусдаас ялгаатай байгаагүй, гэхдээ мэдээж зөвхөн хүний махан биеийн нүдээр л ийм байсан. Нас ахихын хэрээр Түүний оюун ухаан нэмэгдсэн гэж Библид бичсэн байдагчлан заримдаа Тэр бас сул дорой байсан, заримдаа бас аливааг тодорхой ялган таньж чаддаггүй байсан. Эдгээр үг нь, Тэр эгэл жирийн, хэвийн хүн чанартай байсан бөгөөд ялангуяа бусад хэвийн хүмүүсээс өөр байгаагүй гэдгийг л харуулж байгаа юм. Тэр ч бас хэвийн хүн шиг өсөж торнисон ба Түүнд онцгой зүйл юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Бурханы халамж, хамгаалалт дор байлаа. Баптисм хүртсэнийхээ дараа Тэр соригдож эхэлсэн, үүний дараа Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажиллаж эхэлсэн ба хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдэл эзэмшсэн байлаа. Энэ нь, Түүнийг баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнс Түүн дотор ажиллаагүй, эсвэл Түүний дотор байгаагүй гэсэн үг биш. Түүнийг баптисм хүртэхээс өмнө ч гэсэн Ариун Сүнс дотор нь оршиж байсан боловч албан ёсоор ажиллаж эхлээгүй байв, учир нь Бурхан Өөрийн ажлыг хийх үед цаг хугацааны хязгаар байдаг, түүнчлэн хэвийн хүмүүст хэвийн өсөлтийн үйл явц байдаг. Ариун Сүнс үргэлж Түүний дотор амьдарсан. Есүс төрөх үедээ бусдаас өөр байсан ба үүрийн цолмон гарч ирсэн; Түүнийг төрөхөөс өмнө тэнгэрэлч Иосефийн зүүдэнд ирж, Мариа хүү төрүүлэх бөгөөд тэр хүүхэд Ариун Сүнснээс олдсон тухай түүнд хэлжээ. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс ажлаа эхэлсэн боловч Ариун Сүнс Есүс дээр дөнгөж л бууж ирсэн гэсэн үг биш юм. Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт бууж ирсэн гэж хэлсэн нь Түүний үйлчлэл албан ёсоор эхэлснийг хэлж байгаа юм. Бурханы Сүнс Түүн дотор өмнө нь байсан боловч цаг нь болоогүй байсан учраас хараахан ажиллаж эхлээгүй байсан бөгөөд Сүнс ажлаа яаран эхлээгүй юм. Баптисмаар дамжуулан Сүнс Түүнд гэрчлэл хийсэн. Түүнийг уснаас гарч ирэх үед Сүнс Түүн дэх ажлаа албан ёсоор эхэлсэн ба Бурханы махбод болсон бие үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсэн, мөн золин авралын ажлыг эхлүүлсэн гэдгийг энэ нь илтгэсэн, өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үе албан ёсоор эхэлсэн юм. Иймээс Бурхан ямар ажил хийх нь хамаагүй Бурханы ажилд тодорхой цаг байдаг. Баптисм хүртсэний дараа Есүст ямар нэг тодорхой өөрчлөлт гараагүй; Тэр Өөрийн анхны махбодод л байсан. Тэр зүгээр л Өөрийн ажлыг эхэлж, Өөрийн ялгамж чанарыг илчилсэн ба эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн байсан билээ. Энэ талаараа Тэр өмнөхөөсөө өөр байсан юм. Түүний ялгамж чанар өөр байсан, өөрөөр хэлбэл, Түүний байр сууринд илт өөрчлөлт гарсан; энэ нь Ариун Сүнсний гэрчлэл байсан бөгөөд хүний хийсэн ажил биш байлаа. Эхэндээ хүмүүс мэдээгүй бөгөөд Ариун Сүнс тийм маягаар Есүсийг гэрчлэнгүүт бага зэрэг мэдэж авчээ. Хэрвээ Ариун Сүнс Өөрийг нь гэрчлэхээс өмнө Есүс агуу ажил хийчихсэн боловч Бурханы Өөрийн гэрчлэлгүй байсан бол Түүний ажил хэчнээн агуу байх нь хамаагүй хүмүүс хэзээ ч Түүний ялгамж чанарыг мэдэхгүй байх байв, учир нь хүний нүд үүнийг харж чадахгүй байх байсан юм. Ариун Сүнсний гэрчлэлийн үе шатгүйгээр хэн ч Түүнийг бие махбодтой болсон Бурхан хэмээн танихгүй байх байв. Ариун Сүнс Өөрийг нь гэрчилсний дараа Есүс өмнөхтэйгээ адилаар, ямар ч ялгаагүйгээр үргэлжлүүлэн ажилласан бол энэ нь үр нөлөө үзүүлэхгүй байх байсан бөгөөд энэ нь үндсэндээ Ариун Сүнсний ажлыг ч бас харуулдаг. Гэрчлэл хийснийхээ дараа Ариун Сүнс Өөрийгөө харуулах хэрэгтэй болсон, ингэснээр Тэр бол Бурхан бөгөөд Түүн дотор Бурханы Сүнс байгаа гэдгийг чи тодорхой харж чадах байв; Бурханы гэрчлэл буруу байгаагүй ба Түүний гэрчлэл зөв байсныг энэ нь нотолж чадах байлаа. Хэрвээ Ариун Сүнсний гэрчлэлийн өмнөх болон дараа Түүний ажил адилхан байсан бол бие махбодтой болсон Бурханы үйлчлэл болон Ариун Сүнсний ажлыг тодотгохгүй байх байв, улмаар ямар ч тодорхой ялгаа байхгүй байх учраас хүн Ариун Сүнсний ажлыг таньж чадахгүй байх байсан юм. Гэрчлэл хийснийхээ дараа Ариун Сүнс энэ гэрчлэлээ хадгалах хэрэгтэй байсан тул Өөрийн мэргэн ухаан, эрх мэдлийг Есүст илэрхийлэх хэрэгтэй болсон ба энэ нь өнгөрсөн үеүдийнхээс өөр байлаа. Мэдээж энэ нь баптисмын үр дүн байгаагүй, баптисм бол ердөө ёслол төдий бөгөөд баптисм нь Түүний үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болсныг харуулах арга зам байсан юм. Тийм ажил нь Бурханы агуу хүч чадлыг ил болгож, Ариун Сүнсний гэрчлэлийг ил болгохын төлөө байсан ба Ариун Сүнс энэ гэрчлэлээ эцсийг нь хүртэл хариуцах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө Есүс бас олон янзын газарт номлол сонсож, номлол хийж, сайн мэдээ түгээсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх цаг нь хараахан болоогүй байсан учраас, бас Бурхан Өөрөө даруухнаар махбодод нуугдаж байсан учраас Тэр ямар нэгэн агуу ажил хийгээгүй бөгөөд цаг нь болох хүртэл ямар ч ажил хийгээгүй юм. Тэрээр хоёр шалтгааны улмаас баптисмаас өмнө ажил хийгээгүй: Нэгдүгээрт, Ариун Сүнс ажиллахын тулд Түүн дээр албан ёсоор бууж ирээгүй байсан (өөрөөр хэлбэл, тийм ажил хийх хүч чадал, эрх мэдлийг Ариун Сүнс Есүст хайрлаагүй байсан) учраас хэдий Өөрийн ялгамж чанарыг мэдэж байсан ч Есүс дараа хийхээр төлөвлөж байсан ажлаа хийж чадаагүй бөгөөд баптисм хүртэх өдрөө хүртэл хүлээх ёстой болсон юм. Энэ нь Бурханы цаг хугацаа бөгөөд хэн ч, бүр Есүс Өөрөө ч үүнийг зөрчиж чадаагүй; Есүс Өөрөө Өөрийнхөө ажилд саад болж чадаагүй. Мэдээж энэ нь Бурханы даруу байдал, түүнчлэн Бурханы ажлын хууль байсан; хэрвээ Бурханы Сүнс ажиллахгүй бол хэн ч Түүний ажлыг хийж чадахгүй. Хоёрдугаарт, Тэр баптисм хүртэхээсээ өмнө зүгээр л маш эгэл, жирийн хүн байсан бөгөөд бусад хэвийн, энгийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан; энэ нь бие махбодтой болсон Бурхан ер бусын байгаагүйн нэг тал юм. Бие махбодтой болсон Бурхан нь Бурханы Сүнсний зохицуулалтыг зөрчөөгүй; Тэр дэг журамтай байдлаар, маш хэвийн байдлаар ажилласан. Зөвхөн баптисмын дараа л Түүний ажил эрх мэдэл, хүч чадалтай болсон юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч ямар ч ер бусын үйлс хийгээгүй бөгөөд бусад хэвийн хүмүүсийн адилаар өссөн. Хэрвээ Есүс Өөрийн ялгамж чанарыг аль хэдийн мэдэж, баптисм хүртэхээсээ өмнө хаа сайгүй агуу ажил хийж, хэвийн хүмүүсээс өөр байж, ер бусын гэдгээ харуулсан бол Иохан ажлаа хийх боломжгүй байгаад зогсохгүй Бурханы хувьд ч гэсэн Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх аргагүй байх байлаа. Тэгсэн бол Бурханы хийсэн зүйл буруудсаныг энэ нь нотлох байсан бөгөөд Бурханы Сүнс болон Бурханы махбод болсон бие нэг эх сурвалжаас ирээгүй гэж хүнд харагдах байв. Иймд Библид бичигдсэн Есүсийн ажил нь баптисм хүртсэнийхээ дараа Түүний хийсэн ажил буюу гурван жилийн хугацаанд хийсэн ажил байв. Баптисм хүртэхээс өмнө Түүний хийсэн зүйлийг Библид тэмдэглээгүй байдаг, учир нь Тэр баптисм хүртэхээсээ өмнө энэ ажлыг хийгээгүй. Тэр ердөө эгэл хүн байсан ба эгэл хүнийг төлөөлж байлаа; Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө хэвийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан бөгөөд бусад хүмүүс Түүнээс ямар ч ялгаа олж харж чадаагүй. 29 настай болсныхоо дараа л Бурханы ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхээр ирсэн гэдгээ Есүс мэдсэн; өмнө нь Тэр Өөрөө мэдээгүй, учир нь Бурханы хийсэн ажил ер бусын байгаагүй юм. Тэр арван хоёр настайдаа синагогын цуглаанд оролцох үед Мариа Түүнийг хайж байсан бөгөөд Тэр бусад хүүхдийн адилаар нэг л өгүүлбэр хэлсэн: “Ээж ээ! Би Өөрийн Эцэгийн хүслийг юунаас ч илүү дээгүүрт тавих ёстойг та мэдэхгүй гэж үү?” Мэдээж Ариун Сүнснээс олдсон болохоор Есүс зарим талаар онцгой байж чадаагүй гэж үү? Гэхдээ Түүний онцгой байдал нь Тэр ер бусын байсан гэсэн утгатай биш, харин Тэр өөр ямар ч жаахан хүүхдүүдээс илүүгээр Бурханыг хайрлаж байсан гэсэн үг юм. Хэдийгээр Тэр хүний төрхтэй байсан боловч мөн чанар нь онцгой, бусдаас өөр байлаа. Харин баптисм хүртсэнийхээ дараа л Тэр Ариун Сүнс Өөрийнх нь дотор ажиллаж байгааг үнэхээр мэдэрч, Бурхан Өөрөө гэдгээ мэдэрчээ. Тэр 33 настай болох үедээ л Ариун Сүнс Өөрөөр нь дамжуулан цовдлолын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн гэдгийг үнэхээр ухаарсан юм. 32 настайдаа Тэр зарим дотоод үнэнийг мэдэж авсан, яг л Матайн Сайн Мэдээнд бичсэн байдагчлан: “Симон Петр, ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн’ гэв” (Матай 16:16), “Тэр цагаас эхлэн Есүс Иерусалим руу хэрхэн явах ёстойгоо, ахлагчид, ахлах тахилч нар, хуулийн багш нараас их зовлон амсаж, алуулж, гурав дахь өдөр нь амилах зэргээ шавь нартаа хэлэв” (Матай 16:21). Тэр ямар ажил хийх ёстойгоо урьд нь мэддэггүй байсан боловч тодорхой цаг хугацаанд мэдсэн. Тэр төрөнгүүтээ тэрийг бүрэн мэдэж байсан юм биш; Ариун Сүнс Түүн дотор аажмаар ажилласан ба ажил нь тодорхой үйл явцтай байсан. Хэрвээ бүр эхнээсээ л Тэр бол Бурхан, Христ, бие махбодтой болсон хүний Хүү бөгөөд цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан бол яагаад Тэр өмнө нь ажиллаагүй юм бэ? Яагаад шавь нартаа Өөрийн үйлчлэлийн талаар хэлснийхээ дараа л Есүс уй гашууг мэдэрч, үүний төлөө үнэн сэтгэлээсээ залбирсан юм бэ? Яагаад Иохан Түүний замыг нээж, Түүнд баптисм хүртээсний дараа л Тэр өмнө нь ойлгоогүй байсан олон зүйлээ ойлгосон юм бэ? Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажил байсан гэдгийг энэ нь нотолдог ба иймээс Түүний хувьд ойлгож, биелүүлэх үйл явц гэж байсан, учир нь Тэр бол Бурханы махбод болсон бие байсан бөгөөд Түүний ажил Сүнсний шууд хийсэн ажлаас өөр байв.

Бурханы ажлын алхам бүр ав адилхан урсгалыг дагадаг, иймээс дэлхий бүтээгдсэн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний алхам бүрийг дараагийнх нь нягт дагадаг. Хэрвээ зам засах хэн ч байгаагүй бол араас нь явах хэн ч байхгүй байх байв; араас нь явдаг хүмүүс байгаа болохоор зам засдаг хүмүүс бас байгаа юм. Ийм маягаар тус ажил алхам алхмаар уламжлагдаж ирсэн. Нэг алхам нь нөгөөгөө дагадаг ба замыг нээх хүн үгүй бол ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд Бурхан Өөрийн ажлыг урагшлуулах аргагүй байх байлаа. Ямар ч алхам нөгөөдөө саад болдоггүй ба урсгал үүсгэх дарааллаар нэг нь нөгөөгөө дагадаг; үүнийг бүгдийг нь нэг Сүнс хийдэг. Гэхдээ хүн замыг нээж байна уу, эсвэл үргэлжлүүлж байна уу гэдгээс үл хамааран, энэ нь тэдний ялгамж чанарыг тодорхойлдоггүй. Тийм биш гэж үү? Иохан замыг нээж, Есүс ажлыг нь үргэлжлүүлсэн, иймд Есүсийн ялгамж чанар Иоханыхаас дор байсан гэдгийг энэ нь нотолдог уу? Есүсээс өмнө Ехова Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн, иймээс Ехова бол Есүсээс илүү агуу гэж чи хэлж чадах уу? Тэд замыг зассан уу, эсвэл үргэлжлүүлсэн үү гэдэг нь чухал биш; харин тэдний ажлын мөн чанар болон төлөөлж буй ялгамж чанар нь хамгийн чухал юм. Тийм биз дээ? Бурхан хүмүүсийн дунд ажиллахаар зорьсон тул зам засах ажлыг хийж чадах хүмүүсийг өсгөх хэрэгтэй болсон. Иохан дөнгөж номлож эхлэх үедээ “Та нар Эзэний замыг бэлдэж, Түүний замыг шулуун болгогтун.” “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж хэлсэн юм. Тэр бүр эхнээсээ л ингэж ярьсан, тэгвэл яагаад эдгээр үгийг хэлж чадсан юм бэ? Эдгээр үгийг хэлсэн дарааллын хувьд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг эхлээд ярьсан хүн нь Иохан байсан ба Есүс дараа нь ярьсан. Хүний үзлээр бол, шинэ замыг нээсэн хүн нь Иохан байсан бөгөөд иймээс мэдээж Иохан Есүсээс илүү агуу байлаа. Гэхдээ Иохан өөрийгөө Христ гэж хэлээгүй, Бурхан түүнийг Бурханы хайртай Хүү гэж гэрчлээгүй, харин замыг нээж, Эзэний замыг бэлтгэхэд л түүнийг ашигласан төдий юм. Тэр Есүсийн замыг зассан боловч Есүсийн өмнөөс ажиллаж чадаагүй. Хүний бүх ажлыг ч бас Ариун Сүнс хадгалж ирсэн юм.

Хуучин Гэрээний эрин үед Ехова замыг залж явсан, Еховагийн ажил Хуучин Гэрээний бүхий л эрин үе болон Израиль дахь бүх ажлыг төлөөлсөн. Мосе ердөө л газар дээрх энэ ажлыг баримталсан бөгөөд түүний хөдөлмөрийг хүний хамтын ажиллагаа гэж тооцдог. Тухайн үед Ехова үг хэлж, Мосег дуудан, Израилийн ард түмэн дундаас Мосег өргөж, Мосегоор тэднийг удирдуулан цөл рүү болон Канаан руу явуулсан. Энэ нь Мосегийн өөрийн ажил байгаагүй, харин Еховагийн биечлэн удирдан чиглүүлсэн ажил байсан тул Мосег Бурхан гэж нэрлэж болохгүй. Мосе ч бас хууль тогтоосон, гэхдээ энэ хуулийг Ехова биечлэн зарлигдсан. Тэрээр ердөө л Мосегоор үүнийг хэлүүлсэн юм. Есүс ч бас тушаал гаргасан, мөн Хуучин Гэрээний хуулийг хүчингүй болгож, шинэ эрин үеийн тушаалыг гаргасан. Есүс яагаад Бурхан Өөрөө мөн бэ? Учир нь энд ялгаа бий. Тухайн үед Мосегийн хийсэн ажил эрин үеийг төлөөлөөгүй, шинэ замыг ч нээгээгүй; түүнийг Ехова удирдан чиглүүлж байсан ба тэр ердөө л Бурханы ашиглаж байсан нэгэн байв. Есүсийг ирэх үед Иохан зам засах ажлын алхмыг гүйцэтгэж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн (Ариун Сүнс үүнийг эхлүүлсэн юм). Есүс ирэх үедээ Өөрийн ажлыг шууд хийсэн боловч Түүний ажил болон Мосегийн ажил хоорондоо асар их ялгаатай байлаа. Исаиа ч бас олон зөгнөл хэлсэн, гэтэл тэр яагаад Бурхан Өөрөө байгаагүй вэ? Есүс тийм ч олон зөгнөл хэлээгүй, гэтэл Тэр яагаад Бурхан Өөрөө байсан бэ? Тухайн үеийн Есүсийн ажил бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэн ч хэлж зүрхлээгүй, мөн энэ нь бүгд хүний хүслээс гарсан, эсвэл бүхэлдээ Бурханы Өөрийн ажил байсан гэж ч хэлж зүрхлээгүй. Хүн ийм зүйлсийг судалж шинжлэх ямар ч аргагүй байсан. Исаиагийн хийсэн тэр ажил, хэлсэн тийм зөгнөлүүд бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэлж болно; тэдгээр нь шууд Исаиагаас өөрөөс нь гараагүй, харин Еховагаас ирсэн илчлэл байсан юм. Есүс асар их хэмжээний ажил хийгээгүй, олон үг хэлээгүй, олон зөгнөл ч хэлээгүй. Түүний номлож байгаа нь хүнд тийм ч өндөр дээд санагдаагүй, гэсэн ч Тэр Бурхан Өөрөө байсан бөгөөд үүнийг хүн тайлбарлашгүй юм. Иоханд, Исаиад, эсвэл Давидад хэн ч, хэзээ ч итгэж байгаагүй, хэн ч, хэзээ ч тэднийг Бурхан, Давид Бурхан, Иохан Бурхан гэж дуудаж байгаагүй; хэн ч, хэзээ ч ингэж хэлээгүй ба зөвхөн Есүсийг л Христ гэж дуудсан. Бурханы гэрчлэлийн дагуу, Түүний хийсэн ажил, хэрэгжүүлсэн үйлчлэлийн дагуу энэ ангилал хийгдсэн. Абрахам, Давид, Иошуа, Даниел, Исаиа, Иохан, Есүс гэх зэрэг Библийн агуу хүмүүсийн тухайд гэвэл, тэдний хийсэн ажлаар дамжуулан хэн нь Бурхан Өөрөө байсан, ямар төрлийн хүмүүс нь эш үзүүлэгчид, аль нь элч нар байсан бэ гэдгийг чи ялган таньж чадна. Хэнийг нь Бурхан ашиглаж байсан, хэн нь Бурхан Өөрөө байсан гэдэг нь тэдний хийсэн ажлын мөн чанар болон төрлөөр ялгагдаж, тодорхойлогддог. Хэрвээ чи тодорхой ялган таньж чаддаггүй бол Бурханд итгэх гэдэг юу гэсэн үг болохыг мэдэхгүй байгааг чинь энэ нь нотолно. Есүс маш олон үг хэлж, маш их ажил хийж, ялангуяа олон гайхамшиг үзүүлсэн учраас Тэр бол Бурхан юм. Үүний адилаар Иохан ч гэсэн ихээхэн ажил хийж, олон үг хэлсэн, Мосе ч гэсэн адилхан; яагаад тэднийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Адамыг Бурхан шууд бүтээсэн; зүгээр л бүтээл гэж дуудагдахын оронд тэр яагаад Бурхан гэж дуудагдаагүй вэ? Хэрвээ хэн нэгэн чамд “Өнөөдөр Бурхан маш их ажил хийж, олон үг хэлсэн; Тэр бол Бурхан Өөрөө. Тэгвэл Мосе ч гэсэн маш олон үг хэлсэн болохоор бас Бурхан Өөрөө байх ёстой!” гэж хэлбэл чи түүнээс эргүүлээд ингэж асуух ёстой: “Тэр үед яагаад Бурхан Иоханыг биш, Есүсийг Бурхан Өөрөө хэмээн гэрчилсэн бэ? Иохан Есүсээс өмнө ирээгүй гэж үү? Иохан, Есүс хоёрын ажлын аль нь илүү агуу байсан бэ? Хүний хувьд Иоханы ажил Есүсийнхээс илүү агуу харагдаж байсан, тэгвэл яагаад Ариун Сүнс Иоханд биш, харин Есүст гэрчлэл хийсэн бэ?” Өнөөдөр ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож байгаа! Мосе Израилийн ард түмнийг удирдаж байх тэр үед Ехова үүлэн дундаас түүнтэй ярьсан. Мосе шууд яриагүй, харин ч Ехова түүнийг шууд залж чиглүүлж байсан. Энэ нь Хуучин Гэрээний Израилийн ажил байсан юм. Мосегийн дотор Сүнс ч, Бурханы оршихуй ч байгаагүй. Тэрээр уг ажлыг хийж чадаагүй тул түүний хийсэн ажил болон Есүсийн хийсэн ажлын хооронд ихээхэн ялгаа байдаг. Яагаад гэвэл, тэдний хийсэн ажил өөр байсан! Тухайн хүн Бурханаар ашиглагддаг, эсвэл эш үзүүлэгч, элч, эсвэл Бурхан Өөрөө мөн эсэхийг түүний ажлын шинж чанараар ялган таньж болох ба энэ нь эргэлзээг чинь эцэслэнэ. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэр агуу хүмүүсийн дунд судрыг тайлбарлагчид олон байсан, иймээс чи тэднийг бүгдийг нь Хурга гэж хэлж чадах уу? Тэдний тайлбар бүгд Бурханаас ирдэг гэж чи хэлж чадах уу? Тэд бол ердөө судрыг тайлбарлагчид; тэдэнд Хурганы ялгамж чанар байхгүй. Тэд яаж долоон лацыг нээхэд тохирох юм бэ? “Зөвхөн Хурга л долоон лацыг нээж чадна” гэдэг нь үнэн боловч Тэр зөвхөн долоон лацыг нээхээр ирдэг юм биш; энэ ажлыг хийх шаардлагагүй, энэ нь тохиолдлоор хийгддэг. Тэр Өөрийн ажлын талаар тов тодорхой мэдэж байдаг; Түүний хувьд судрыг тайлбарлахад их цаг зарцуулах шаардлагатай юу? Зургаан мянган жилийн ажилд “Судрыг тайлбарлах Хурганы эрин үе” гэдгийг нэмэх ёстой гэж үү? Тэр шинэ ажил хийхээр ирсэн боловч бас өнгөрсөн үеийн ажлын талаар зарим илчлэл өгч, зургаан мянган жилийн ажлын тухай үнэнийг хүмүүст ойлгуулдаг. Библийн хэтэрхий олон эшлэлийг тайлбарлах хэрэггүй; өнөөдрийн ажил л гол нь, тэр л чухал. Бурхан гагцхүү долоон лацыг эвдэхийн тулд ирсэн юм биш, харин авралын ажил хийхээр ирсэн гэдгийг чи мэдэх ёстой.

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.

Ажлын энэ шинэ үе шатны эхлэл байхгүй бол сайн мэдээ тунхаглагчид, номлогчид, судрыг тайлбарлагчид, агуу сүнслэг хүмүүс гэгддэг та нар хэр хол явахыг хэн мэдэх билээ! Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, та нарын ярьдаг зүйл хоцрогдсон байх болно! Энэ нь нэг бол сэнтийд залрах, эсвэл хаан болох биеийн хэмжээг бэлтгэх; өөрийгөө үгүйсгэх, эсвэл биеэ захирах; тэвчээртэй байх, эсвэл бүх зүйлээс хичээл сурах; даруу байдал юм уу хайр байна. Энэ нь улиг болсон зүйл биш гэж үү? Энэ нь зүгээр л нэг зүйлийг өөр нэрээр дуудаж байгаа хэрэг юм! Нэг бол толгойгоо бүтээж, талх хуваах, эсвэл гараа тавин залбирах, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах. Ямар нэг шинэ ажил байж чадах уу? Хөгжлийн хэтийн ирээдүй байж чадах уу? Хэрвээ чи ийм байдлаар үргэлжлүүлбэл хоосон сургаалыг сохроор дагаж, тогтсон журмыг мөрдөнө. Ажил чинь маш сүрлэг гэж та нар итгэдэг ч энэ нь бүгд эртний “хөгшчүүлийн” уламжилж, заасан зүйл байсан гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын хэлдэг, хийдэг бүхэн тэр хөгшчүүлийн сүүлчийн үг биш гэж үү? Энэ нь тэр хөгшчүүлийн нас барахынхаа өмнө даалгасан зүйл биш гэж үү? Та нарын үйлдэл өнгөрсөн үеийн тэдгээр элч, эш үзүүлэгчийнхээс илүү гарсан, тэр ч бүү хэл бүх зүйлээс давсан гэж чи бодож байна уу? Ажлын энэ үе шатны эхлэл нь, хаан болж, сэнтийд залрахыг зорьсон Витнесс Лигийн ажлыг гайхан бишрэхийг чинь эцэс болгосон ба биеэ тоосон зан, сагсуурлыг чинь зогсоосон, ингэснээр та нар ажлын энэ үе шатанд хөндлөнгөөс оролцож чаддаггүй. Ажлын энэ үе шат байгаагүй бол та нар аврагдахын аргагүй болтлоо илүү гүн живэх байсан юм. Та нарын дунд хуучин зүйл хэтэрхий их байгаа! Азаар, өнөөдрийн ажил та нарыг буцаан авчирсан; тэгээгүй бол та нар ямар чиглэлд явах байсныг хэн мэдэх билээ! Бурхан бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан тул чи яагаад шинэ зүйлийг эрж хайдаггүй юм бэ? Яагаад үргэлж хуучин зүйлстэй зууралддаг юм бэ? Тиймээс өнөөдөр Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хамгийн чухал ач холбогдолтой юм!

Өмнөх: Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Дараах: Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих