Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлт нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг танин мэдэж чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авах тусам хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрэх боломжтой. Дээд зэргээр ялзарсан, хамгийн ихээр мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг тэр мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг ч мэддэггүй нь тодорхой; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин Үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах билээ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, үнэндээ л мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн үнэхээр доройтжээ! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанд гишгэчүүлсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хашхиран дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.

Махан бие, тансаглах хүсэл, шунал, хүсэл тачаал чинь та нарын дотор хэтэрхий гүн суусан байдаг. Эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь цаг ямагт хянаж байдаг болохоор энэхүү феодлын, дорой бодлынхоо дөнгийг хөсөр хаяхад та нар хүчин мөхөстдөг. Та нар одоогийн нөхцөл байдлаа өөрчилье гэж ч эрмэлздэггүй, харанхуйн нөлөөнөөс зугтъя гэж ч эрмэлздэггүй. Та нар зүгээр л эдгээр зүйлд хүлэгдсэн байдаг. Та нар ийм амьдрал хэтэрхий зовлонтой, энэ хүний ертөнц хэтэрхий харанхуй гэдгийг мэддэг ч гэсэн амьдралаа өөрчлөх зориг зүрх хэнд чинь ч байдаггүй. Та нар ийм амьдралын бодит байдлаас зугтаж, сүнсээ чөлөөлж, амар амгалан, аз жаргалтай, диваажин мэт орчинд амьдрахыг л хүсэн тэмүүлдэг. Та нар одоогийнхоо амьдралыг өөрчлөхийн тулд хүндрэл бэрхшээл амсах хүсэлгүй байдаг; мөн энэ шүүлт, гэсгээлт дотроос өөрсдийн орох ёстой амьдралыг хайхыг ч хүсдэггүй. Үүний оронд та нар махан биеэс давсан үзэсгэлэнт дэлхий ертөнцийн тухай бодит байдлаас хол тасарсан мөрөөдлийг мөрөөддөг. Та нарын хүсэн тэмүүлдэг амьдрал бол ямар ч зовлон шаналал туулалгүй, амархан олж авч чадах амьдрал юм. Энэ чинь тэр аяараа бодит байдлаас тасархай! Учир нь та нарын хүсэж найддаг зүйл бол махан биед утга учиртай амьдралыг амьдран харуулж, амьдрах хугацаандаа үнэнийг олж авах биш, өөрөөр хэлбэл, үнэний төлөө амьдарч, шударга ёсны төлөө зогсох явдал биш юм. Энэ нь та нарын гэгээлэг, өнгө жавхаатай гэж тооцдог амьдрал биш. Энэ нь та нарт тансаг хээнцэр, утга учиртай амьдрал юм шиг санагддаггүй. Та нарын нүдэнд бол, ийм амьдралаар амьдрах нь шударга бус мэт санагдана! Хэдийгээр өнөөдөр та нар энэ гэсгээлтийг хүлээн авдаг ч эрэлхийлж байгаа зүйл чинь үнэнийг олж авах биш, одоо цагтаа үнэнийг амьдран харуулах ч биш, харин хожим нь махан биеэс ангид аз жаргалтай амьдралд орж чадахын төлөө байдаг. Та нар үнэнийг эрж хайхгүй байна, үнэний төлөө зогсохгүй байна, бас яавч үнэний төлөө оршихгүй байна. Та нар өнөөдрийн оролтыг эрэлхийлдэггүй, оронд нь ирээдүйн талаар, тэр нэг өдөр ямар байх талаар байнга бодож, хөх тэнгэрийг ширтэн, гашуун нулимс урсгаж, нэг л өдөр тэнгэрт хүргүүлэхээ хүлээж байдаг. Ийм бодол чинь аль хэдийн бодит байдлаас тасарсан гэдгийг та нар ойлгохгүй байна уу? Энэ дэлхий дээр бэрхшээл, зовлон туулсан чамайг авч явахаар цаглашгүй сайхан сэтгэлт, энэрэнгүй Аврагч нэг л өдөр гарцаагүй ирнэ, мөн Тэр хохирч, дарлагдсан чиний гомдлыг тайлж, өшөөг чинь эргэлзээгүй авна гэж чи бодсоор л байдаг. Чи нүгэл хилэнцээр дүүрэн биш гэж үү? Чи энэ дэлхий дээр зовж шаналсан цорын ганц хүн гэж үү? Чи өөрөө л Сатаны эрхшээлд орж зовсон—Бурхан үнэхээр гомдлыг чинь тайлах хэрэгтэй гэж үү? Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй хүмүүс бүгд Бурханы дайсан биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бол антихристүүд биш гэж үү? Сайн үйл хэрэг чинь юуны төлөө байдаг вэ? Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөдөг зүрх сэтгэлийг чинь орлож чадах уу? Чи зүгээр л зарим нэг сайн үйл хийснээр Бурханы ерөөлийг хүртэж чадахгүй, чамайг хохирч, дарлагдсан гээд л Бурхан гомдлыг чинь тайлж, чиний эсрэг буруу зүйлсийн өшөөг авч өгөхгүй. Бурханд итгэдэг атлаа Бурханыг мэддэггүй, гэхдээ сайн үйл хийдэг хүмүүс—тэд бүгд бас гэсгээгддэггүй гэж үү? Чи ердөө л Бурханд итгэж, өөрийн чинь эсрэг хийсэн буруу үйлийн өшөөг авхуулах, цагаатгуулах төдийхнийг л Бурханаас хүсэж, Бурхан чамд толгойгоо өндөрт өргөх өдрийг өгөөсэй гэж хүсдэг. Гэвч чи үнэнд анхаарал хандуулахаас татгалздаг; үнэнийг амьдран харуулахыг ч хүсдэггүй. Энэ хэцүү бэрх, хоосон амьдралаас зайлсхийж бүр ч чаддаггүй. Оронд нь чи махан бие дэх, нүгэлт амьдралаараа амьдрангаа Бурхан руу гомдлыг минь барагдуулж, оршин тогтнолын минь мананг сарниулаач гэсэн горьдсон харцаар харж байдаг. Гэхдээ энэ боломжтой гэж үү? Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж чадна. Хэрвээ чи амьдран харуулдаг бол Бурханы үгийн илрэл байж чадна. Хэрвээ чи амьтай бол Бурханы ерөөлийг эдэлж чадна. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Бурхан өөрсдийгөө л хайрладаг, Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг бус, харин бүхий л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, бэрхшээл, зовлон туулдаг хүмүүсийг гарцаагүй цагаатгадаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүст сайн сайхан зүйл хаанаас байх билээ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал хоёр нь зөвхөн үнэнтэй хамааралтай яригдах асуудал биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаггүй гэж үү? Үнэнийг хайрладаггүй, илжирсэн цогцос төдий хүмүүс—энэ бүх хүн ёрын мууг өвөрлөдөг биш гэж үү? Үнэнийг амьдран харуулах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү? Тэгвэл та нар ямар вэ?

Хэрвээ чи эдгээр харанхуйн нөлөөнөөс мултарч, тэдгээр бохир зүйлээс өөрийгөө салгаж, ариун болж чадвал үнэнийг эзэмшдэг гэсэн үг. Уг чанар чинь өөрчлөгдсөн юм биш, харин чи үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ хаях чадвартай байгаа л хэрэг юм. Энэ нь цэвэрлэгдсэн хүмүүст байдаг зүйл юм. Байлдан дагуулах ажлын гол зорилго гэвэл хүнд үнэнийг эзэмшүүлэхийн тулд хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал, учир нь хүн одоо хэтэрхий бага үнэнийг ойлгодог билээ! Энэ хүмүүст байлдан дагуулах ажлыг хийх нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Та нар бүгд харанхуйн нөлөөнд автаж, гүн гүнзгий хорлогдсон. Тэгвэл энэ ажлын зорилго нь хүний уг чанарыг мэдэх, улмаар үнэнийг амьдран харуулах боломжийг та нарт олгоход оршдог. Төгс болгуулна гэдэг бол бүх бүтээгдсэн зүйлийн хүлээн авах ёстой зүйл юм. Хэрвээ энэ үе шатны ажил нь хүмүүсийг төгс болгох явдлыг л зөвхөн агуулдаг байсан бол үүнийг Англи, Америк юм уу, Израилд хийж болох байсан; ямар ч үндэстний хүмүүс дээр хийж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шалгууртай. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных байдаг; түүнчлэн үүнийг Сатаныг шившиглэх, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглах болно. Энэ нь эхний байлдан дагуулах ажил юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа л хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар, дуурайл нь хамгийн хол хоцорч, хамгийн харанхуйд амьдарч байгаа нэгэн, мөн хамгийн их доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй хүн байх ёстой. Ийм хүн л яг байлдан дагуулагдах гэдгийг гэрчилж чадна. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах явдал, харин хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах явдал юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа гэрчлэлтэй болох боломжийг хүмүүст олгохын тулд энэхүү байлдан дагуулах ажлыг энд, та нар шиг хүмүүс дээр хэрэгжүүлдэг юм. Зорилго нь гэвэл байлдан дагуулагдсаных нь дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан энэ хүмүүсийг Сатаныг шившиглэх зорилгод хүрэхэд ашиглах болно. Тэгвэл, байлдан дагуулалтын гол арга барил юу вэ? Гэсгээлт, шүүлт, хараах болон илчлэх гэсэн зөвт зан чанарыг ашиглан хүмүүсийг байлдан дагуулснаар хүмүүс Бурханы зөвт зан чанарыг хараад бүрмөсөн үнэмшдэг. Байлдан дагуулагдах гэдэг нь хүмүүсийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлэхийн тулд үгийн бодит байдал, эрх мэдлийг ашиглахыг хэлдэг. Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй бас шүүлтийн ажлын талаар мэдлэгтэй болж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажлыг хэрхэн туулахыг сурч, Бурханы төлөө зовж бас өөрсдийн гэсэн хүсэлтэй байж чаддаг болдог. Төгс болгуулсан хүмүүс бол Бурханы үгийг туулсныхаа ачаар үнэний талаар бодит ойлголттой болсон хүмүүс юм. Байлдан дагуулагдсан хүмүүс бол үнэнийг мэддэг боловч үнэний бодит утга учрыг хүлээн аваагүй хүмүүс юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа тэд дуулгавартай байдаг ч тэдний дуулгавартай байдал нь бүгд шүүлт хүртсэнийх нь л үр дүн байдаг. Тэд олон үнэний бодит утга учрын талаар ямар ч ойлголтгүй явдаг. Тэд аман дээрээ үнэнийг хүлээн зөвшөөрдөг боловч үнэнд ороогүй байдаг; үнэнийг ойлгодог боловч үнэнд туршлагажаагүй байдаг. Төгс болгуулж байгаа хүмүүст гэсгээлт, шүүлт болон амийн хангалт зэрэг ажил хийгдэж байдаг. Үнэнд ороход үнэ цэн өгдөг хүн бол төгс болгуулах хүн юм. Төгс болгуулах хүн, байлдан дагуулагдах хүн хоёрын ялгаа нь үнэнд орох эсэхэд нь оршдог. Үнэнийг ойлгодог, үнэнд орсон, үнэнийг амьдран харуулж байгаа хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс юм; үнэнийг ойлгодоггүй, үнэнд ордоггүй, өөрөөр хэлбэл, үнэнийг амьдран харуулдаггүй хүмүүс бол төгс болгуулж чадахгүй хүмүүс билээ. Ийм хүмүүс одоо бүрэн дуулгавартай байж чадвал байлдан дагуулагдана. Хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол—үнэнийг дагадаг боловч үнэнийг амьдран харуулдаггүй бол, үнэнийг олж харж, сонсдог боловч үнэнийг амьдран харуулахад үнэ цэн өгддөггүй бол—тэд төгс болгуулж чадахгүй. Төгс болгуулах хүмүүс нь төгс болгуулах замд Бурханы шаардлагын дагуу үнэнийг хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан тэд Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд төгс болдог. Байлдан дагуулах ажил дуусахаас өмнө эцсийг нь хүртэл дагах хэн боловч байлдан дагуулагдсан нэгэн юм, гэвч түүнийг төгс болгуулсан нэгэн гэж хэлж болохгүй. Төгс болгуулсан хүмүүс гэдэг нь байлдан дагуулах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулж чадах хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулах ажил дууссаны дараа гай гамшиг дунд бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүсийг хэлдэг. Төгс болгуулах, байлдан дагуулагдах хоёрыг ялгадаг зүйл нь ажлын алхмын ялгаа болон хүмүүсийн үнэнийг ойлгож, үнэнд орох түвшний ялгаа юм. Төгс болгуулах замд ороогүй бүх хүн, өөрөөр хэлбэл, үнэнийг олж аваагүй хүмүүс эцэстээ мөн л таягдан хаягдана. Үнэнийг олж авсан, үнэнийг амьдран харуулдаг хүмүүс л Бурханаар бүрэн авхуулж чадна. Өөрөөр хэлбэл, Петрийн дүр төрхийг амьдран харуулдаг хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс байхад бусад нь бүгд байлдан дагуулагдсан хүмүүс юм. Байлдан дагуулагдаж байгаа бүх хүнд хийгдэж байгаа ажил нь хараах, гэсгээх, уур хилэнг харуулахаас бүрддэг бөгөөд тэд хараал болон зөв шударга байдлыг хүлээн авдаг билээ. Ийм хүн дээр ажиллана гэдэг нь ёсорхож, боловсон загналгүй илчилнэ гэсэн үг—тэдний доторх ялзарсан зан чанарыг илчилснээр тэд өөрсдөө ухаарч, бүрэн үнэмшдэг. Хүнийг бүрэн дуулгавартай болмогц байлдан дагуулах ажил дуусдаг. Ихэнх хүн одоо хэр нь үнэнийг ойлгох гэж эрж хайхгүй байгаа ч гэсэн, байлдан дагуулалтын ажил дууссан байх болно.

Төгс болгуулна гэвэл хангах ёстой шалгуур гэж бий. Чи шийдэмгий байдал, няцашгүй зан, мөс чанар болон эрэл хайгуулаараа дамжуулан амийн талаар зарим туршлагатай болж, Бурханы хүслийг биелүүлж чадах болно. Энэ бол чиний оролт, эдгээр нь бол төгс болгуулах замд шаардагддаг зүйлс юм. Төгс болгох ажлыг бүх хүн дээр хийж болно. Бурханыг эрэлхийлдэг хэн боловч төгс болгуулж болох ба төгс болгуулах боломж, бололцоотой. Үүнд ямар ч хатуу тогтсон дүрэм байдаггүй. Хүний төгс болгуулж чадах эсэх нь юуг эрэлхийлдэг вэ гэдгээс нь үндсэндээ шалтгаалдаг. Үнэнийг хайрладаг, үнэнийг амьдран харуулах чадвартай хүмүүс төгс болгуулж чадах нь гарцаагүй юм. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг Бурхан сайшаадаггүй; тэдэнд Бурханы шаарддаг амь байдаггүй бөгөөд төгс болгуулж чадахгүй. Төгс болгох ажил нь зөвхөн хүмүүсийг олж авахын төлөө байдаг болохоос Сатантай тулалдах ажлын нэг хэсэг биш юм; байлдан дагуулах ажил нь зөвхөн Сатантай тулалдахын төлөө байдаг бөгөөд Сатаныг ялахын тулд хүмүүсийн байлдан дагуулалтыг ашиглана гэсэн үг юм. Байлдан дагуулалтын ажил бол үндсэн ажил, бүх эрин үед хэзээ ч хийгдэж байгаагүй хамгийн шинэ ажил билээ. Ажлын энэ үе шатны зорилго нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бүх хүнийг байлдан дагуулахын төлөө байдаг гэж хэлж болно. Хүмүүсийг төгс болгох ажил—энэ бол шинэ ажил биш. Бурхан махбодод ажиллаж байх үеийн бүх ажил нь хүмүүсийг байлдан дагуулах үндсэн зорилготой. Энэ нь Нигүүлслийн эрин үеийнхтэй ижил. Цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аврах нь үндсэн ажил байсан. “Хүмүүсийг олж авах” нь махбод дахь ажлын нэмэлт байсан бөгөөд цовдлолын дараа л хийгдсэн юм. Есүс ирж, Өөрийн ажлыг хийх үедээ гол төлөв үхэл болон Үхэгсдийн орны хүлээсийг ялан дийлэх, Сатаны нөлөөг дийлэх, өөрөөр хэлбэл, Сатаныг ялахад Өөрийн цовдлолыг ашиглах зорилготой байсан юм. Есүсийг цовдлогдсоны дараа л Петр төгс болох замаар алхам алхмаар урагшилж эхэлсэн. Мэдээж тэр Есүсийг ажиллаж байх үед Есүсийг дагадаг хүмүүсийн дунд байсан боловч тухайн хугацаанд төгс болоогүй юм. Харин Есүсийг ажлаа дуусгасны дараа Петр аажмаар үнэнийг ойлгож, дараа нь төгс болсон. Бие махбодтой болсон Бурхан ажлын чухал, шийдвэрлэх үе шатыг богино хугацаанд гүйцэлдүүлэхийн тулд л газар дээр ирдэг болохоос газар дээрх хүмүүсийг төгс болгох зорилготойгоор тэдний дунд урт удаан амьдрахаар ирдэггүй. Тэр ийм ажил хийдэггүй. Тэрээр ажлаа дуусгахын тулд хүн бүрмөсөн төгс болох үеийг хүлээдэггүй. Энэ бол Түүний бие махбод болсны зорилго, ач холбогдол биш юм. Тэрээр хүн төрөлхтнийг төгс болгох маш урт хугацааны ажлыг бус, хүн төрөлхтнийг аврах богино хугацааны ажлыг хийх гэж л ирдэг. Хүн төрөлхтнийг аврах ажил нь бэлгэдлийн чанартай, шинэ эрин үеийг эхлүүлэх чадвартай. Үүнийг богино хугацаанд дуусгаж болдог. Харин хүн төрөлхтнийг төгс болгохын тулд хүнийг тодорхой түвшинд хүргэх шаардлагатай болдог ба үүнд урт хугацаа зарцуулагддаг. Энэ ажлыг Бурханы Сүнс хийх ёстой, гэхдээ энэ нь Түүний махбод дахь ажлынхаа үеэр ярьсан үнэний суурин дээр хийгддэг. Тэр хүн төрөлхтнийг төгс болгох зорилгодоо хүрэхийн тулд, урт хугацааны хариулах ажлыг хийлгүүлэхээр элч нарыг өргөх ажлаар дамжин хийгддэг. Бие махбодтой болсон Бурхан энэ ажлыг хийдэггүй. Тэр хүмүүсийг ойлгог гэж амийн замын тухай л ярьж, үнэнийг хэрэгжүүлэх явцад нь хүмүүсийн дэргэд байнга хамт байхын оронд хүн төрөлхтөнд зөвхөн үнэнийг өгдөг, учир нь Түүний үйлчлэлд энэ хамааралгүй юм. Иймээс хүн үнэнийг бүрэн ойлгож, бүрэн олж авах өдрийг хүртэл Тэрээр хүнийг дагалдахгүй. Хүн Бурханд итгэх зөв замд албан ёсоор орж, төгс болгуулах зөв замд хөл тавих үед махбод дахь Түүний ажил дуусдаг. Мэдээж энэ нь бас Түүний, Сатаныг бүрмөсөн ялж, дэлхий ертөнцийг ялан дийлсэн байх үе юм. Тэрээр, хүн тухайн үед үнэнд үнэхээр орсон эсэхийг ч, хүний амь үлэмж том байна уу, жижиг байна уу гэдгийг ч тоодоггүй. Эдгээрийн аль нь ч махбод дахь Түүний зохицуулах ёстой зүйл биш; эдгээрийн аль нь ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэл дотор байдаггүй. Тэр зорьсон ажлаа дуусгамагцаа махбод дахь ажлаа дуусгадаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь зөвхөн Бурханы Сүнсний шууд хийж чаддаггүй ажил юм. Түүнчлэн энэ нь газар дээрх урт хугацааны ажил биш, харин богино хугацааны авралын ажил юм.

Та нарын хэв чанарыг өсгөх нь Миний ажлын цар хүрээнд багтдаггүй. Хэв чанар чинь хэтэрхий дорд байгаа учраас л үүнийг хийгээч гэж Би та нараас хүсдэг. Үнэндээ энэ нь төгс болгох ажлын нэг хэсэг биш; харин та нар дээр хийгдэж байгаа нэмэлт ажил юм. Өнөөдөр та нар дээр гүйцэтгэж байгаа ажлыг хэрэгцээний чинь дагуу хийдэг. Энэ нь хүн бүрийн онцлогийг харгалздаг бөгөөд төгс болгуулж буй хүн болгоны орох ёстой зам биш юм. Та нарын хэв чанар өмнө нь төгс болгуулсан хэн бүхнийхээс дорд учраас энэхүү ажил та нар дээр хийх үед хэтэрхий олон саад гардаг. Төгс болгуулах байнууд өөр өөр учраас Би та нарын дунд энэхүү нэмэлт ажлыг хийж байна. Үндсэндээ Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийн зүй ёсны хариуцлагынхаа хүрээнд л ажлаа гүйцэтгэдэг ба хамааралгүй өөр хэрэг явдалд сатаардаггүй. Тэрээр гэр бүлийн асуудал, хүмүүсийн амьдралд оролцдоггүй. Тэр иймэрхүү жижиг сажиг зүйлсэд огтхон ч санаа тавьдаггүй; эдгээр нь Түүний үйлчлэлийн нэг хэсэг биш юм. Гэвч та нарын хэв чанар Миний шаардсанаас долоон дор—үнэндээ огт харьцуулах аргагүй бөгөөд энэ нь ажилд туйлын их саад тээг болдог. Үүнээс гадна, энэ ажлыг Хятадын энэ газар нутаг дахь хүмүүсийн дунд хийх ёстой. Та нар үнэхээр боловсрол муутай болохоор Надад шулуухан ярьж, та нараас өөрсдийгөө боловсруулахыг шаардахаас өөр сонголт байдаггүй. Энэ нь нэмэлт ажил гэдгийг Би та нарт хэлсэн, гэхдээ энэ нь бас та нарт байх ёстой зүйл, төгс болгуулахад чинь ач тустай зүйл юм. Үнэндээ боловсрол, биеэ хэрхэн авч явах тухай, амьдралын тухай үндсэн мэдлэг бол та нарт угаасаа л байх ёстой зүйлс юм; Би эдгээр зүйлийн талаар та нарт ярьж байх ёсгүй. Гэвч та нарт эдгээр зүйл байхгүй болохоор хорвоод аль хэдийн мэндэлсний чинь дараа Би та нарт эдгээр зүйлийг сургах ажлыг хийхээс өөр аргагүй болдог. Та нар Миний тухай олон үзэл өвөрлөдөг ч гэсэн, Би бас л та нараас үүнийг, хэв чанараа өсгөхийг шаардсаар л байдаг. Ирээд энэ ажлыг хийнэ гэдэг бол Миний санаа зорилго биш, учир нь Миний ажил бол ердөө л та нарыг байлдан дагуулах, та нарыг шүүснээрээ бүрэн итгэл үнэмшлийг чинь олж авах, улмаар та нарын орох ёстой амийн замыг зааж үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Би та нарыг үгээрээ байлдан дагуулах хэрэг байгаагүй бол та нарын хэр боловсролтой, амьдралын талаар мэдлэгтэй эсэх нь Надад огт хамаагүй байх байсан юм. Энэ бүхнийг, байлдан дагуулах ажлаас гарах үр дүнг баттай болгохын тулд, мөн дараагаар нь та нарыг төгс болгохын төлөө нэмэлтээр хийж байна. Энэ нь байлдан дагуулах ажлын хэсэг биш юм. Та нар дорд хэв чанартай, залхуу, хайнга, мунхаг, ухвар мөчид, үхээнц бөгөөд усан тэнэг учраас—та нар хэтэрхий хэвийн бус учраас—Би та нараас эхлээд хэв чанараа өсгө гэж шаарддаг. Төгс болохыг хүссэн хэн боловч тодорхой шалгуурт тэнцэх ёстой. Төгс болохын тулд хүн эрүүл, саруул ухаантай байж, утга учиртай амьдралаар амьдрахад бэлэн байх ёстой. Хэрвээ чи дэмий амьдралаар амьдрахыг хүсдэггүй, үнэнийг эрэлхийлдэг, хийдэг бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг маш хэвийн хүн чанартай нэгэн бол төгс болох шалгуурыг хангаж байна.

Та нарын дунд хийж байгаа ажлыг хийх хэрэгтэй ажлуудын дагуу та нар дээр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүмүүс байлдан дагуулагдсаны дараа бүлэг хүмүүс төгс болгуулах болно. Тиймээс одоогийн ажлын ихэнх нь бас та нарыг төгс болгох зорилгод бэлдэж байгаа, яагаад гэвэл, үнэнээр өлсөж байгаа, төгс болгуулж чадах хүмүүс олон байдаг. Байлдан дагуулалтын ажлыг та нар дээр явуулаад, цааш өөр ажил хийгээгүй бол үнэнийг хүсэн тэмүүлдэг зарим хүн үүнийг олж авч чадахгүй байх байсан бус уу? Одоогийн ажил нь хожим хүмүүсийг төгс болгох замыг нээхээр зорьдог. Хэдийгээр Миний ажил ердөө л байлдан дагуулалт боловч Миний ярьдаг амийн зам нь ямартай ч хожим хүмүүсийг төгс болгох бэлтгэл юм. Байлдан дагуулалтын дараах ажил нь хүмүүсийг төгс болгоход чиглэдэг, иймээс төгс болгуулах суурийг тавихын тулд байлдан дагуулалтыг хийдэг. Хүн байлдан дагуулагдсаныхаа дараа л төгс болж чадна. Яг одоо үндсэн ажил бол байлдан дагуулах явдал; хожим нь үнэнийг эрж хайж, үнэнийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгох болно. Төгс болгуулах нь хүмүүсийн оролтын эерэг талуудтай хамааралтай байдаг: Чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй юу? Энэ замаар алхахдаа чи хэр гүн туршлага авсан бэ? Бурханыг хайрлах хайр чинь хэр ариун бэ? Үнэнийг хэрэгжүүлэхдээ чи хэр нарийн чанд вэ? Төгс болгуулахын тулд хүн, хүн чанарын бүх талын тухай үндсэн мэдлэгтэй байх ёстой. Энэ нь үндсэн шаардлага юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулж чадахгүй бүх хүн, зан чанар нь өөрчлөгдөөгүй, Сатанд харьяалагддаг хэвээр байдаг тул хүчин зүтгэгч болж, эцэстээ гал болон хүхэрт нуурт ч хаягдан, ёроолгүй нүхэнд ч мөн унах болно. Хэрвээ хүнд төгс болгуулах нөхцөл шаардлагыг хангахгүй бол тэр хүн хэрэгцээгүй—хог шаар, хэрэгсэл, галын шалгалтыг тэсвэрлэж чадахааргүй зүйл билээ! Яг одоогийн Бурханыг гэх хайр чинь хэр агуу вэ? Өөрийгөө үзэн ядах сэтгэл чинь хэр их вэ? Чи Сатаны тухай үнэндээ хэр их мэдэх вэ? Та нар шийдвэртээ сэтгэл шулуудсан уу? Та нарын хүний амьдрал сайн зохион байгуулалттай юу? Та нарын амьдрал өөрчлөгдсөн үү? Та нар шинэ амьдралаар амьдарч байна уу? Амьдралыг үзэх үзэл чинь өөрчлөгдсөн үү? Хэрвээ эдгээр зүйл өөрчлөгдөөгүй бол чи ухарч няцахгүй байлаа ч гэсэн, төгс болгуулж чадахгүй; чи ердөө л байлдан дагуулагджээ. Чамайг турших цаг болоход чамд үнэн дутагдаж байдаг, хүн чанар чинь хэвийн бус бөгөөд чи яг л ачлагын мал шиг дорд байдаг. Чи байлдан дагуулагдах гэсэн үр дүнд л хүрэх болно, чи ердөө л Миний байлдан дагуулсан эд зүйл болох болно. Илжиг эзнийхээ ташуурын амтыг үзмэгцээ айдастай болж, эзнээ харах болгондоо адайрлахаас эмээдэг шиг, чи ч гэсэн ийм номхорсон илжиг юм. Хэрвээ хүнд эдгээр эерэг тал хомс, харин идэвхгүй, айдастай, бүх зүйлд хулчийж, ухарч няцдаг, аливааг тодорхой ялган таньж чаддаггүй, үнэнийг хүлээн авч чаддаггүй, одоо ч гэсэн хэрэгжүүлэлтийн замгүй, Бурханыг хайрлах зүрх сэтгэл бүр ч байхгүй бол—хэрвээ хүн, хэрхэн Бурханыг хайрлах, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрах, хэрхэн жинхэнэ хүн байх талаар ямар ч ойлголтгүй бол—ийм хүн яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Амьдрал чинь өчүүхэн үнэ цэнтэй, чи бол номхорсон илжигнээс цаашгүй амьтан гэдгийг энэ харуулах болно. Чи байлдан дагуулагдсан боловч энэ чинь ердөө л чи агуу улаан лууг хаясан, эрхшээлд нь захирагдахаас татгалздаг гэсэн үг; энэ нь чи Бурхан байдагт итгэдэг, Бурханы бүх төлөвлөгөөг дуулгавартай дагахыг хүсдэг ба огтхон ч гомдоллодоггүй гэсэн үг юм. Гэхдээ эерэг талууд дээр чи Бурханы үгийг амьдран харуулж, Бурханыг илэрхийлэх чадвартай юу? Эдгээрийн аль нь ч үгүй бол чи Бурханаар авхуулаагүй, зүгээр л номхорсон илжиг гэсэн үг юм. Чамд сэтгэл татам зүйл юу ч байхгүй бөгөөд Ариун Сүнс чиний дотор ажилладаггүй. Хүн чанар чинь хэтэрхий дутуу дулимаг бөгөөд Бурхан чамайг ашиглах боломжгүй. Чи Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, үл итгэгч араатнууд болон амьд үхдэлүүдээс зуу дахин илүү байх ёстой—энэ түвшинд хүрсэн хүмүүс л төгс болгуулахад тохирдог. Хүн чанартай, мөс чанартай байвал л хүн Бурханаар ашиглуулахад тохирно. Төгс болгуулсан үед чинь л та нарыг хүн гэж тооцож болно. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс л Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийж чаддаг.

Өмнөх: Нэршил болон ялгамж чанарын талаар

Дараах: Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих