Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Анх Бурхан амарч байсан. Тэр үед газар дэлхий дээр хүмүүс ч, өөр юу ч байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршин тогтнож, завхарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа эхэлсэн юм; тэр цагаас хойш Тэр амрахаа болиод, харин оронд нь хүн төрөлхтний дунд завгүй байх болжээ. Хүн төрөлхтний завхралаас болж, мөн тэргүүн тэнгэрэлч тэрсэлснээс болж Бурхан амралтаа алдсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч бас дутагддаг бөгөөд Бурхан дахин нэг удаа амрах үед хүмүүс ч бас амарна. Амралтад амьдарна гэдэг нь дайн дажингүй, бузар буртаггүй, ямарваа шударга бус байдал үлдээгүй амьдрал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсны хүчийг хэлж байна), Сатаны завхралаас ангид, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагад өртдөггүй амьдрал; бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнд шүтэн мөргөдөг, тэнгэр газар тэр аяараа амар амгалан байдаг амьдрал юм—“хүмүүсийн амар тайван амьдрал” гэдгийн утга учир энэ. Бурхан амрах үед газар дээр зөв шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсны хүчний ямар ч халдлага байхаа больж, хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно—тэд Сатаны завхруулсан хүн төрөлхтөн байхаа болиод, харин Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс болно. Хүн төрөлхтний амралтын өдөр ч бас Бурханы амралтын өдөр байх болно. Бурхан анхнаасаа амарч чадаагүйн улмаас биш, харин хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болих юм уу хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүмүүс амьдрахаа болино гэсэн үг ч биш. Сатан устгагдаж, ёрын муу үйлд нь хамссан хорон санаатнууд шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдаж, Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо болих үе нь амралтад орохын тэмдэг байх болно. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна, Сатаны завхрал байхгүй, ямар ч зөв шударга бус зүйл тохиолдохгүй гэсэн үг. Хүмүүс Бурханы халамж дор газар дээр хэвийн амьдарна. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдаж, хүмүүст хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн утгатай. Бурхан хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүмүүс Сатаны эрхшээл дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүмүүс ч байнга ийш тийш явахаа болино; Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орно. Бурхан анхдагч байр сууриндаа буцан очиж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Бурханы бүхий л удирдлага дуусмагц Бурхан болон хүмүүсийн оршин суух хүрэх газар энэ юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүний газар дээрх амьдралыг залж чиглүүлсээр байх болно, Бурханы гэрэлд хүмүүс тэнгэр дэх цор ганц жинхэнэ Бурханд шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа болино, хүмүүс ч Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдарч чадахгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёулаа тус тусын амьдрах хэв маягтай байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүмүүс бөгөөд мөн чанар нь Бурханыхтай адилгүй. “Амрах” гэдэг нь анхдагч байрандаа буцан очно гэсэн утгатай. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд буцан очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн баяр баясал, зовлонг хуваалцахаар дунд нь байхаа болино. Хүмүүс амралтад орох гэдэг нь жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай; тэд газар дээрээс Бурханд шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдарна гэсэн үг. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Амралтад орсны дараах Бурхан ба хүмүүсийн тус тусын амьдрал, хүрэх газар ийм байх болно. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох болон хүмүүс бүрэн аврагдаж, амралтад орох нь ч бас зайлшгүй чиг хандлага болсон. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүмүүс амралтад Бурханд шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан үлдсэн хүмүүсийг амралтад залж чиглүүлдэг ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, харагдана; харин хүмүүс амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдэлнэ. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа болино; үүний адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно; тэднийг эцсийн өдрүүдийн агуу гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс үндсээрээ устгагдмагц газар дэлхий Сатаны үймээнийг дахин хэзээ ч үзэхгүй. Тэр үед л хүн төрөлхтөн бүрэн аврал хүртэж, Бурханы ажил бүрэн дуусна. Эдгээр нь Бурхан, хүн хоёр амралтад орох урьдчилсан нөхцөл юм.

Бүх зүйлийн төгсгөл ойртоно гэдэг нь Бурханы ажлын төгсгөл, мөн түүнчлэн хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны завхруулсан хүмүүс хөгжлийнхөө эцсийн үе шатанд хүрч, Адам, Евагийн үр удам үржиж дууссан байх болно гэсэн үг юм. Түүнчлэн, Сатаны завхруулсан ийм хүн төрөлхтөн цааш үргэлжлүүлэн хөгжих боломжгүй болно гэсэн утгатай юм. Анх Адам, Ева хоёр завхралд өртөөгүй байсан, харин Еден цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева хоёр Сатанаар завхруулагдсан байв. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох үед Еден цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэст нь төгсгөлдөө очно. Ирээдүйн хүн төрөлхтөн мөн л Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч Сатаны эрхшээл дор амьдардаг хүмүүс биш байх болно. Харин ч аврагдаж, ариуссан хүмүүс байх болно. Мөн шүүгдэж, гэсгээгдсэн, ариун хүмүүс байх болно. Энэ хүмүүс нь анх байсан хүн төрөлхтөнтэй адилгүй; тэднийг анхны Адам, Ева хоёроос тэс өөр төрлийн хүмүүс гэж хэлэхэд бараг болно. Энэ хүмүүс нь Сатаны завхруулсан бүх хүний дундаас сонгогдсон байх бөгөөд эцэстээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр бат зогссон хүмүүс байх болно; тэд завхарсан хүн төрөлхтнөөс үлдсэн сүүлчийн бүлэг хүмүүс байх болно. Энэ хүмүүс л Бурхантай хамт эцсийн амралтад орж чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтынх нь төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран мууг үйлдэгчид эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, дуулгаваргүй байсан уу гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, хорон мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн гүйцэд биш юм. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Өнөө үед хүмүүс махан биеийн зүйлсээс салж чадахгүй хэвээр байна; тэд махан биеийн таашаал, дэлхий ертөнц, мөнгө хөрөнгө, завхарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс эрэл хайгуулаа хааш яаш байдлаар явуулдаг. Үнэндээ энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй; тэр ч бүү хэл тэд Бурханаас айдаггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний айлддаг үгэнд итгэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс хэтэрхий махан биеийнх; хэтэрхий гүн завхарсан, ямар ч үнэнгүй байдаг. Тэр ч бүү хэл, Бурхан махбод болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй—өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханд юм уу Түүний үг, ажилд итгэдэггүй, харин тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөдөг хэн боловч зүрх сэтгэлдээ Бурхангүй хүн юм. Ийм хүмүүс тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Түүнчлэн, энэ хүмүүсийн хувьд, нүдэнд үзэгдэж, гарт баригддаг Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурханыг хамгийн үнэмшилтэй, хамгийн бахдалтай гэж үздэг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш; Бурханы хүсэл бүр ч биш юм. Харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэдний хүслийг хамгийн сайн биелүүлж чадах зүйлс нь эргэлзээгүй тэдний итгэдэг, тэдний эрэлхийлдэг зүйл юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Ийм хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд өөрсөд шиг нь ийм “сайн хүмүүсийг” тэнгэр дэх Бурхан устгана гэдэгт огтхон ч итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, Түүнд ихээхэн “үнэнч” гэдгээ харуулсан учир Бурхан өөрсдийг нь үлдээгээд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд бас нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлсэн бол өөрсдийнх нь хүсэл биелэхээ больмогц тэр дор нь Бурханы эсрэг хариу довтолж, уур хилэнд автах байлаа. Тэд өөрсдийнхөө хүслийг л хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс гэдгээ харуулдаг; тэд үнэнийг эрэлхийлж буй ёс жудагтай хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг хорон санаатнууд гээч юм. Үнэнийг эрж хайдаггүй тэр хүмүүс үнэнд итгэж чаддаггүй ба хүн төрөлхтний ирээдүйн төгсгөлийг ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ямар ч үг, ажилд итгэдэггүй—хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй байх ч үүнд багтана. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч гэсэн ёрын мууг үйлдсээр байдаг бөгөөд үнэнийг огт эрж хайдаггүй, Миний шаарддаг үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Устгагдана гэдэгтээ итгэдэггүй энэ хүмүүс харин ч эсрэгээрээ яг устгагдах хүмүүс юм. Тэд маш ухаалаг гэдэгтээ итгэдэг бөгөөд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гэж боддог. Тэд ёрын муу үйлдлээ үнэн гэж үздэг, тиймээс үүнийгээ нандигнадаг. Ийм хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй байдаг; тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг ч эцэстээ юу тарина, түүнийгээ л хураана. Хүмүүс өөртөө илүү итгэлтэй, асар биеэ тоосон байх тусмаа үнэнийг олж авч чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа Бурханыг улам их эсэргүүцдэг. Энэ хүмүүс бол шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнд дуулгавартай байвал зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдана. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрж хайдаг хүмүүс гарцаагүй мөхлийн бай болно. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл үлдэж чадахгүй, мөн амралтын цаг үед ийм хүмүүстэй адил төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрлөг хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс юм; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханд захирагдах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана. Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, яаж биеэ авч явдгаас биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг нэг нэгэнтэйгээ ижилхэн хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэнэ, харин мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, мөн ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, Миний айлддаг үгэнд итгэдэггүй хүмүүс одоо олон бий. Итгэдэггүй, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бүгд чөтгөрүүд юм!

Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай ч үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд тэрслүү байдаг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд амаараа л Бурханд итгэдэг гэдэг ч үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй холилдож, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй сүлбэлдсэн бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи тэрслүү байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу? Зөвхөн Есүст л итгээд, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг ч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд, Бурханд ч итгэдэггүй хүмүүсийг бүр дурдахын ч хэрэггүй. Энэ хүмүүс бүгд сүйрлийн бай болно. Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн боддог; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний хорон муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө цагаа зарлагадсанаас нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байж, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж мөн л чаддаггүй, оногдсон үүргээ биелүүлж чаддаггүй бол Бурханд урьд нь нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн байлаа ч гэсэн тэд сүйрлийн бай хэвээр байна. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд ормогц хүмүүс хэвийн хүний амьдралтай болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд тэрслүү байдал болон завхарсан зан чанараа бүрмөсөн хаяад, Бурханы төлөө, Бурханаас үүдэн амьдарна, дуулгаваргүй байдал, эсэргүүцлийн аль нь ч байхгүй байна. Бас тэд бүгд Бурханд бүрэн дуулгавартай байж чадна. Энэ нь Бурхан, хүн хоёрын амьдрал; хаанчлалын амьдрал, амралтын амьдрал байх болно.

Огтоос үл итгэгч үр хүүхэд, хамаатан саднаа чуулган руу чирдэг хүмүүс бүгд туйлын аминчхан бөгөөд зүгээр л сайхан сэтгэл гаргаж байгаа. Нөгөөдүүл нь итгэдэг эсэхийг үл хайхран, энэ нь Бурханы хүсэл мөн эсэхээс үл хамааран энэ хүмүүс хайр энэрэлтэй байхад л анхаардаг. Зарим хүн Бурханы өмнө эхнэрээ авчирдаг, эсвэл эцэг эхээ Бурханы өмнө авчирдаг бөгөөд Ариун Сүнс үүнийг зөвшөөрөх эсэх, тэдэн дээр ажиллаж буй эсэхээс үл хамааран Бурханы төлөө “авьяастай хүмүүсийг” сохроор сонгон авсаар байдаг. Энэ үл итгэгчдэд сайхан сэтгэл гаргах нь ямар ашиг тустай байж болох вэ? Ариун Сүнсний дэргэд байдаггүй энэ үл итгэгчид Бурханыг дагахаар чармайсан ч хүмүүсийн төсөөлдөг шиг аврал хүртэж мөн л чадахгүй. Аврал хүлээн авч чадах хүмүүсийг олж авах нь үнэндээ тийм ч амархан биш. Ариун Сүнсний ажил болон шалгалтыг туулаагүй, бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс бүрэн төгс болгуулж огтхон ч чадахгүй. Тиймээс, Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөсөө эхлээд энэ хүмүүс Ариун Сүнсний дэргэд байдаггүй. Нөхцөл байдал, бодит байр байдлаасаа шалтгаалан тэд бүрэн төгс болгуулж ер чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн тэднийг аливаа гэгээрлээр хангаж, ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгож, эцэст нь тэдний төгсгөлийг илчилнэ—энэ л хангалттай. Хүний урам зориг, санаа зорилго Сатанаас гардаг бөгөөд эдгээр зүйл Ариун Сүнсний ажлыг гүйцэлдүүлж яавч чадахгүй. Хүмүүс ямархуу байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой. Хүмүүс бусад хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу? Тэд үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө ажиллах гэдэг үү? Тэд үнэхээр Бурханы ажлын төлөө ажиллаж байгаа юу? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх зорилготой байдаг уу? Бурханд итгэж эхэлсэн мөчөөсөө л Ариун Сүнсний өмнө байж чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс харваас устгагдах бай юм. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүмүүсийн урам зориг, хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, Бурханы ажлыг орлож ч чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагадаг дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэж юу болохыг мэддэггүй хүмүүст байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авахгүй, Ариун Сүнсний ажлыг ч олж авахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс хэв чанар муутай байж, олон үнэнийг ойлгож чаддаггүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч бас л чадна; харин нэлээд сайн хэв чанартай хэр нь чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний өмнө байж ер чадахгүй. Ийм хүмүүсийг аврах боломж огт байхгүй. Тэд Бурханы үгийг уншиж, хааяа номлол сонсож, эсвэл Бурханыг магтан дуулж байсан ч гэсэн эцэстээ амралтын үе хүртэл амьд үлдэж чадахгүй. Хүмүүс чин сэтгэлээсээ эрж хайдаг эсэх нь бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлж шүүдгээр, эргэн тойрных нь хүмүүс тэднийг хэрхэн үздэгээр бус, харин Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг эсэх, дэргэд нь Ариун Сүнс байдаг эсэхээр тодорхойлогддог. Түүнчлэн, тодорхой хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, Бурханы талаар мэдлэгтэй болсон эсэхээс хамаардаг. Хэрвээ Ариун Сүнс хүн дээр ажиллавал энэ хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх талаарх үзэл бодол нь аажмаар цэвэр ариун болно. Хүмүүс Бурханыг хэр удаан дагасан нь хамаагүй, тэд өөрчлөгдсөн л бол Ариун Сүнс тэдэн дээр ажиллаж байгаа гэсэн үг юм. Хэрвээ тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажиллаагүй гэсэн утгатай. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлдэг ч бай, ерөөл хүртэх хүсэл нь тэднийг өдөөдөг. Хааяахан л үйлчлэл үзүүлэх нь зан чанартаа өөрчлөлт гаргасныг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдана, учир нь хаанчлалд үйлчлэл үзүүлэгчид хэрэггүй, мөн төгс болгуулсан, Бурханд үнэнч хүмүүст зан чанар нь өөрчлөгдөөгүй хэн ч үйлчлэх хэрэггүй байх болно. Урьд нь хэлсэн “Хүн Эзэнд итгэх үед бүхий л гэр бүлд нь ерөөгддөг” гэх үг Нигүүлслийн эрин үед тохиромжтой боловч хүн төрөлхтний хүрэх газартай холбоогүй. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн нэг үе шатанд л зохимжтой. Энэ үгийн утга нь хүмүүсийн эдэлдэг амар амгалан болон материаллаг ерөөлд чиглэсэн; энэ нь Эзэнд итгэдэг хүний бүх гэр бүл аврагдана гэсэн үг биш, мөн нэг хүн ерөөл хүртэх үед бүх гэр бүлийнхэн нь бас амралтад хүргэгдэж чадна гэсэн утгатай ч биш юм. Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос бусдынхтай адил нийтлэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд иймэрхүү хэллэг, эсвэл дүрэм журам огт байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханд тэрсэлж, Бурханы шаардлагыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, зөв шударгыг нь ч эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь хорон муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын ерөөлийг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөв шударга байдал юм. Хүний өнцгөөс бол хэрвээ эцэг эх нь ерөөл хүртвэл үр хүүхдүүд нь ч бас хүртэж чадах бөгөөд үр хүүхдүүд нь мууг үйлдвэл эцэг эх нь тэдний нүглийг нөхөн төлөх ёстой байдаг. Энэ бол хүний үзэл бодол, аливааг хийх хүний арга зам юм; энэ нь Бурханы үзэл бодол биш. Хүн бүрийн төгсгөл, үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог ба энэ нь үргэлж зүй зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, мөн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж хэн ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байж чадахгүй. Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударга хүмүүс эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Хорон муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх хорон муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээл юм. Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ. Чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд нөхрөө хайрладаг уу? Мөн бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд эхнэрээ хайрладаг уу? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн тулд чи үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байдаг уу? Бурханд итгэх тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Юу олж авахыг хүсдэг юм бэ? Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл зүтгэл гаргаж чаддаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Өнөөдрийн хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай, түүнчлэн цусан холбоотой байдаг боловч ирээдүйд энэ бүгд нуран унана. Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байна, харин Бурханд тэрслүү хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дэлхий дээр гэр бүлүүд оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэгчид болон үл итгэгчдийн үл нийцэх байдал нь ийм бие махбодын харилцааг бүрмөсөн тасалсан байх болно!

Анх хүн төрөлхтний дунд гэр бүл гэж байгаагүй; эрэгтэй, эмэгтэй буюу хоёр өөр төрлийн хүн л оршин байсан. Гэр бүлүүд байх нь бүү хэл, ямар ч улс орон байгаагүй, харин хүний завхралын улмаас төрөл бүрийн хүмүүс тусдаа овгууд болон зохион байгуулагдаж, дараа нь улс орон, үндэстэн ястан болон хөгжсөн юм. Энэ улс орон, үндэстэн ястан нь тусдаа жижиг гэр бүлүүдээс бүрдэн, ийм маягаар бүх төрлийн хүмүүс хэлний ялгаа, хил хязгаарт үндэслэн янз бүрийн угсаатан ястан болж хуваагдсан билээ. Үнэндээ дэлхий дээр хэчнээн үндэс угсаа байх нь хамаагүй, хүн төрөлхтөн цорын ганц өвөг дээдэстэй. Эхэндээ ердөө хоёр төрлийн л хүн байсан ба энэ хоёр төрөл нь эрэгтэй, эмэгтэй хүн байв. Гэвч Бурханы ажлын ахиц дэвшил, түүхийн замнал, газар зүйн өөрчлөлтийн улмаас энэхүү хоёр төрлийн хүн янз бүрийн түвшинд, улам олон төрлийн хүмүүс болж хөгжжээ. Үндсэндээ, хүн төрөлхтөн хэчнээн олон төрлийн үндэс угсаанаас бүрддэг бай хамаагүй, бүх хүн төрөлхтөн Бурханы бүтээл хэвээр юм. Хүмүүс ямар ч үндэс угсаанд харьяалагддаг бай, бүгд Түүний бүтээл мөн; тэд бүгд Адам, Евагийн үр удам билээ. Тэд хэдий Бурханы гараар бүтээгдээгүй ч Бурханы биечлэн бүтээсэн Адам, Евагийн үр удам юм. Хүмүүс ямар төрлийн оршихуйд харьяалагддаг нь хамаагүй, бүгд Түүний бүтээл мөн; тэд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд харьяалагддаг тул тэдний хүрэх газар нь хүн төрөлхтөнд байх ёстой зүйл бөгөөд хүмүүсийг зохион байгуулдаг дүрмийн дагуу тэд хуваагдсан. Өөрөөр хэлбэл, мууг үйлдэгчид болон зөв шударга хүмүүс нь бүгд эцсийн эцэст бүтээлүүд юм. Ёрын мууг үйлддэг бүтээлүүд эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээлүүд амьд үлдэнэ. Энэ хоёр төрлийн бүтээлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт энэ юм. Мууг үйлдэгчид дуулгаваргүй байдлаасаа болоод Бурханы бүтээл гэдгээ үгүйсгэж чаддаггүй ч Сатанд олзлогдсон тул аврагдаж чадахгүй. Зөв шударгаар биеэ авч явдаг бүтээлүүд нь, амьд үлдэнэ гэх баримтдаа үндэслэн Бурханаар бүтээгдсэн ч Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврал хүлээн авсан гэдгээ үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид бол Бурханд дуулгаваргүй бүтээлүүд; тэд аврагдаж чадахгүй, Сатанд аль хэдийн бүрэн олзлогдсон бүтээлүүд юм. Мууг үйлддэг хүмүүс ч бас хүмүүс; тэд бол туйлын их завхарсан, аврагдаж чадахгүй хүмүүс юм. Зөв шударгыг үйлддэг хүмүүс ч бас бүтээл учраас мөн л завхарсан, гэхдээ тэд бол завхарсан зан чанараасаа ангижрахыг хүсдэг хүмүүс бөгөөд Бурханыг дуулгавартай дагах чадвартай болсон. Зөв шударга үйлдэлтэй хүмүүс зөв шударга байдлаар бялхдаггүй; харин ч тэд аврал хүртэж, завхарсан зан чанараасаа ангижирсан; мөн Бурханд дуулгавартай байж чаддаг. Эцэстээ тэд бат зогсоно, гэхдээ энэ нь, тэднийг Сатан завхруулаагүй гэсэн үг биш юм. Бурханы ажил дууссаны дараа Түүний бүх бүтээл дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм; хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэхгүй; Бурханд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил нь хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс ба таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр төгсгөл бөгөөд Бурханы бүтээлүүдэд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм. Хүн төрөлхтөнд зориулсан Бурханы туйлын зохицуулалт бол гэр бүлгүй, улсын хил хязгааргүй болгохын тулд гэр бүлүүдийг салгаж, үндэстэн ястныг бутаргаж, улсын хил хязгаарыг нураах замаар тэднийг хуваах явдал юм, учир нь хүмүүс эцсийн эцэст нэг өвөг дээдсээс үүсэлтэй бөгөөд Бурханы бүтээл юм. Товчхондоо мууг үйлдэгч бүтээлүүд бүгд устгагдана, Бурханд дуулгавартай бүтээлүүд амьд үлдэнэ. Ийм маягаар амралтын цаг үе ирэхэд ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн ястан гэж байхгүй байх болно; ийм төрлийн хүн төрөлхтөн бол хамгийн ариун хүн төрөлхтөн юм. Газар дээрх бүх зүйлийг хүмүүсээр халамжлуулах гэж Адам Ева хоёрыг анх бүтээсэн; хүмүүс анх бүх зүйлийн эзэн байсан. Хүмүүсийг бүтээсэн Еховагийн санаа зорилго нь тэдэнд газар дээр оршин байж, үүн дээрх бүх зүйлийг арчилж халамжлах боломж олгох явдал байв, учир нь хүн анх завхраагүй, мөн мууг үйлдэх чадваргүй байлаа. Гэвч хүмүүс завхралд өртсөнийхөө дараа бүх зүйлийг халамжлагч байхаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний энэ чиг үүргийг сэргээж, хүн төрөлхтний анхдагч эрүүл ухаан, анхдагч дуулгавартай байдлыг сэргээх явдал юм; амралтан дахь хүн төрөлхтөн нь Өөрийн авралын ажлаар Бурханы хүрэхээр зорьдог үр дүнгийн яг таг дүрслэл байх болно. Хэдийгээр энэ нь Еден цэцэрлэгийнх шиг амьдрал байхаа болих ч мөн чанар нь ижил байна; хүн төрөлхтөн зүгээр л урьдын завхраагүй хүмүүс байхаа болино, харин завхралд өртөөд, дараа нь аврал хүртсэн хүн төрөлхтөн байх болно. Аврал хүртсэн энэ хүмүүс эцэстээ (өөрөөр хэлбэл, Бурханы ажил дууссаны дараа) амралтад орно. Үүний адилаар, шийтгүүлэх хүмүүсийн төгсгөл ч бас эцэстээ бүрмөсөн илчлэгдэж, Бурханы ажил дууссаны дараа л тэд устгагдана. Өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илчлэгдэнэ, учир нь бүх төрлийн хүмүүсийг (мууг үйлдэгч ч бай, аврагдсан хүмүүс ч бай) илчлэх ажил хүн бүр дээр нэгэн зэрэг хийгдэнэ. Мууг үйлдэгчид таягдан хаягдах ба үлдэж чадах хүмүүс нэгэн зэрэг илчлэгдэнэ. Тиймээс бүх төрлийн хүмүүсийн төгсгөл нэг дор илчлэгдэнэ. Бурхан аврал хүртсэн бүлэг хүмүүсийг амралтад оруулаад, дараа нь мууг үйлдэгчдийг хойш тавьж, тэднийг бага багаар шүүж, эсвэл шийтгэхгүй; тэгэх нь баримтуудтай нийцэхгүй. Мууг үйлдэгчид устгагдаж, амьд үлдэж чадах хүмүүс амралтад орох үед орчлон ертөнц даяарх Бурханы ажил дуусна. Ерөөл хүртэх, зовлон амсах хүмүүсийн дунд эрэмбэлсэн дараалал гэж байхгүй; ерөөл хүртэх хүмүүс мөнх амьдарна, харин зовлон амсах хүмүүс мөнхөд мөхнө. Ажлын энэ хоёр үе шат нэгэн зэрэг гүйцэлдэнэ. Дуулгаваргүй хүмүүс байдаг учраас л дуулгавартай хүмүүсийн зөв шударга байдал илчлэгдэнэ, мөн ерөөл хүртсэн хүмүүс байдаг болохоор л ёрын мууг үйлдэгчдийн хорон муу үйлдлийнхээ төлөө амссан зовлон илчлэгдэнэ. Бурхан мууг үйлдэгчдийг ил болгоогүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; хэрвээ Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохиромжтой хүрэх газарт нь аваачаагүй бол Бурханд дуулгаваргүй хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүртэж чадахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы ажлын үйл явц. Хэрвээ Тэр мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол Түүний бүтээлүүд тус тусын хүрэх газартаа хэзээ ч орж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн төрөлхтөн зөв замдаа орсон байх болно; төрөл бүрийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу, эцсийн ажил үйлс бүрэн дуусна; энэ нь Түүний ажлын сүүлчийн хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний махан биеийн доройтмол амьдралыг дуусгана, мөн түүнчлэн завхарсан хүн төрөлхтний амьдралыг төгсгөнө. Тэр үеэс хойш хүмүүс шинэ ертөнцөд орно. Хэдийгээр бүх хүн махан биед амьдрах ч энэ амьдралын мөн чанар нь завхарсан хүн төрөлхтний амьдралаас ихээхэн ялгаатай байна. Энэ оршин тогтнолын ач холбогдол нь завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын ач холбогдлоос ч бас ялгаатай байдаг. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш байх боловч аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, түүнчлэн хүн чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авсан амьдрал гэж хэлж болно. Тэд бол нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, Бурханаар байлдан дагуулагдаад, дараа нь Бурханаар авруулсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжлоод, хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараа, тэдний оршин тогтнол хамгийн учир утгатай оршин тогтнол байна; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс, мөн амьдрахад тохирох хүмүүс билээ. Устгагдах хүмүүс бол Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьдрахад тохирохгүй. Тэдний сүйрэл хорон муу үйлдлийнх нь үр дүн байх бөгөөд тийнхүү бүрмөсөн устгагдах нь тэдний хамгийн сайн хүрэх газар юм. Ирээдүйд хүмүүс сайн сайхан ертөнцөд орох үед хүмүүсийн олж авна гэж төсөөлдөг эхнэр нөхөр, эцэг охин, эсвэл эх хүүгийн харилцааны аль нь ч байхгүй байх болно. Тэр үед хүн бүр өөрийнхөө төрлийг дагах ба гэр бүлүүд аль хэдийн нуран унасан байх болно. Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтнийг дахин хэзээ ч үймүүлэхгүй бөгөөд хүмүүс завхарсан сатанлаг зан чанартай байхаа болино. Дуулгаваргүй тэр хүмүүс аль хэдийн устгагдсан байх ба дуулгавартай хүмүүс л үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; бие махбодын харилцаа хэрхэн оршин тогтносоор байж болох билээ? Хүмүүсийн урьдын махан биеийн амьдрал бүрмөсөн хориглогдоно; хүмүүсийн хоорондох бие махбодын харилцаа яаж оршин тогтнож болох юм бэ? Завхарсан сатанлаг зан чанаргүйгээр, хүний амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, харин ч шинэ амьдрал болно. Эцэг эх нь үр хүүхдээ алдаж, үр хүүхэд нь эцэг эхээ алдана. Нөхөр нь эхнэрээ алдаж, эхнэр нь нөхрөө алдана. Одоо хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай байдаг ч хүн бүрийг амралтад ормогц бие махбодын харилцаа гэж байхаа болино. Ийм хүмүүс л зөв шударга, ариун байдлыг эзэмшинэ; ийм хүмүүс л Бурханд шүтэн мөргөж чадна.

Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эрхшээл дор амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.

Өмнөх: Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Дараах: Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих