Цор ганц Бурхан Өөрөө IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III)

Энэ хугацаанд бид Бурханыг мэдэхтэй холбоотой олон зүйлийг ярьсан бөгөөд саяхан бид үүнтэй холбоотой маш чухал сэдвээр ярилцсан. Сэдэв нь юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Миний ярьсан зүйлс болон сэдэв хүн бүрд тод сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байна. Өнгөрсөн удаа бид, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талын тухай болон хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлтгэсэн хүмүүс амьдрахад шаардлагатай олон төрлийн хоол тэжээлийн тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ, Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьд орших орчин нөхцөлийг бэлтгэхээр хязгаарлагддаггүй, тэдний өдөр тутмын хоол тэжээлийг бэлтгэхээр ч бас хязгаарлагддаггүй. Харин хүмүүсийн амьд орших болон хүн төрөлхтний амийн олон өөр талтай хамаатай асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажлыг гүйцэлдүүлэхээс бүрдэнэ. Эдгээр нь бүгд Бурханы үйлс юм. Бурханы эдгээр үйлс нь зөвхөн хүмүүсийн амьд орших орчин нөхцөл болон өдөр тутмын хоол тэжээлийг бэлтгэхээр хязгаарлагддаггүй—үүнээс хавьгүй илүү өргөн цар хүрээтэй. Энэ хоёр төрлийн ажлаас гадна Тэр бас хүн амьдрахад шаардлагатай, амьдрах олон орчин, нөхцөл байдлыг бэлтгэдэг. Энэ бол өнөөдөр бидний ярих гэж буй сэдэв юм. Энэ нь бас Бурханы үйлстэй холбоотой; эс бөгөөс, үүнийг энд ярих нь ямар ч утгагүй байх байлаа. Хүмүүс Бурханыг мэдэхийг хүсдэг боловч “Бурхан” гэх үгийн талаар, эсвэл Бурханд юу байгаа болон Тэр юу болохын янз бүрийн талын тухайд зөвхөн үгчилсэн ойлголттой байдаг бол тэр нь жинхэнэ ойлголт биш юм. Тэгвэл Бурханы тухай мэдлэгийн зам гэж юу вэ? Энэ нь Түүний үйлсээр дамжуулан Түүнийг мэдэх, Түүнийг олон талаас нь мэдэх явдал юм. Тиймээс бид Бурхан бүх зүйлийг бүтээсэн үеийн Түүний үйлсийн талаарх сэдвээр цааш нь нөхөрлөх ёстой.

Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиудын дагуу бүх зүйл дэг журамтайгаар ажиллаж, тасралтгүй ахиж хөгжсөөр ирсэн. Түүний харц, Түүний захиргаан дор хүн төрөлхтөн амьд оршихтой зэрэгцэн бүх зүйл дэг журамтайгаар хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчлөх юм уу устгаж чадах зүйл юу ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх зүйл үржиж чаддаг, Түүний захиралт болон удирдлагаас болж бүх зүйл амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиргаан дор бүх зүйл дэг журамтайгаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрдөг. Хавар болоход шиврээ бороо шинэхэн улирлын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо газрын хөрсийг түрэн гарч ирээд, нахиалж эхлэхэд, модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Бүх зүйл бий болж, өсөж ургахдаа ингэж харагддаг. Бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйл зундаа халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг таашаадаг. Тэд хурдан ургадаг. Мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, эцэст нь цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх зүйл зундаа завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, төрөл бүрийн амьтад ургац хураалтын улирал ирснийг мэдэрч эхэлдэг. Бүх оршихуй үр жимсээ өгч, хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд эдгээр янз бүрийн жимсийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх зүйл аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд амарч авдаг. Улирлаас улиралд, хавраас зун, намар, өвөл рүү шилжих эдгээр өөрчлөлт нь бүгд Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйл болон хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг бүтээж өгч, өөр өөр температур, улиралтай амьд орших орчныг бэлтгэсэн. Тиймээс амьд орших иймэрхүү дэг журамтай орчинд хүмүүс амьд оршиж, дэг журамтайгаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, хэн ч, юу ч үүнийг эвдэж чадахгүй. Тоо томшгүй олон өөрчлөлт гарч—далай тэнгис тал газар болж, тал газар далай тэнгис болсон ч—энэ хуулиуд оршсоор байгаа. Тэдгээр нь Бурхан оршдог учраас, Түүний захиралт, удирдлагаас болж оршдог. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу үргэлжилдэг. Эдгээр хуулийн дор хүмүүс үеэс үед өсөн хүмүүжиж, үеэс үед амьд үлдсэн. Энэхүү дэг журамтай амьдрах орчныг болон Бурханы үеэс үед бүтээсэн олон зүйлийг бүгдийг нь хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүст иймэрхүү хуулиуд угаасаа л байдаг зүйл мэт санагдаж, эдгээрийг байх л ёстой зүйл мэт үл тоомсорлож, Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж, Бурхан эдгээр хуулийг захирч байгааг мэдэрч чаддаггүй хэдий ч, ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэхүү хувиршгүй ажил дахь Түүний зорилго нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч болох юм.

Бурхан бүх хүн төрөлхтнийг тэжээн тэтгэхийн тулд бүх зүйлд хил хязгаар тогтоодог

Өнөөдөр Би, бүх зүйлд Бурханы авчирсан иймэрхүү хууль бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэжээн тэтгэдэг тухай сэдвээр ярих гэж байна. Энэ маш том сэдэв учраас бид үүнийг хэд хэдэн хэсэг болгон хуваагаад нэг нэгээр нь хэлэлцвэл та нарт үүнийг тодорхой дүрслэн харуулж болно. Ингэвэл та нарт үүнийг ухаарахад илүү амархан байх бөгөөд та нар үүнийг аажмаар ойлгож чадна.

Нэгдүгээр хэсэг: Бурхан янз бүрийн нутаг дэвсгэрт хил хязгаар тогтоосон

Тэгэхээр, нэгдүгээр хэсгээс эхэлцгээе. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон төрөл бүрийн хэмжээтэй ус бий. Тэдгээр нь өөр өөр төрлийн газарзүйн тогтцыг бий болгодог, тийм биз дээ? Бурхан тэдгээрийн хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хэлбэр дүрстэй, тал газар өөрийн гэсэн хэлбэр дүрстэй, элсэн цөл тодорхой хил хязгаартай, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүх зүйлийг маш тодорхой хуваасан. Аливаа уулын радиус хэдэн километр байх, хамрах хүрээ нь ямар байхыг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Тэр бас аливаа тал газрын радиус хэдэн километр байх, хамрах хүрээ нь ямар байхыг тодорхойлсон юм. Бүх зүйлийг бүтээхдээ Тэр элсэн цөлийн хил хязгаар, мөн толгодын хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг ч бас тодорхойлсон—энэ бүгдийг Тэр тодорхойлсон юм. Тэр гол мөрөн, нуурыг бүтээхдээ тэдгээрийн цар хүрээг тогтоосон—тэдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн хил хязгаартай. Тэгэхээр “хил хязгаар”-ын тухай ярихад үүнийг юу гэж ойлгож байна вэ? Бурхан бүх зүйлд зориулсан хууль тогтоосноор хэрхэн бүх зүйлийг захирдаг тухай бид дөнгөж сая ярилцлаа. Өөрөөр хэлбэл, уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн бөмбөрцгийн эргэлт, эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлэх юм уу багасна гэж байхгүй. Тэдгээр нь байнгын, өөрчлөгддөггүй бөгөөд өөрчлөгдөшгүй байдлыг нь Бурхан тушаадаг. Харин тал газрын талбай, цар хүрээ нь ямар байх, юутай хиллэдэг вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэдгээр нь өөрийн гэсэн хил хязгаартай учраас тал газрын дунд нэг овгор шороо санаандгүй гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болж хувирах боломжгүй—ингэх боломжгүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд бол бид элсэн цөл юм уу өөр бусад газарзүйн тогтоц, эсвэл газарзүйн байршлын чиг үүргийг энд ярихгүй, харин хил хязгаарыг нь л ярина. Бурханы захиралт дор элсэн цөлийн хил хязгаар ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон хил хязгаарыг нь өгсөн. Талбай хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь хил хязгаараасаа хэтэрч гарахгүй, байрлалаа солихгүй, дур зоргоороо талбайгаа тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгал бүгд дэг журамтай, зогсолтгүй урсдаг боловч хэзээ ч цар хүрээнээсээ гарах юм уу хил хязгаарыг давна гэж байхгүй. Бүгд нэг чиглэлд, урсах ёстой чиглэл рүүгээ дэг журамтайгаар урсдаг. Тиймээс Бурханы захиралтын хуулийн дор ямар ч гол, нуур дэлхийн эргэлт, цаг хугацааны урсгалаас шалтгаалан дур зоргоороо хатаж ширгэдэггүй, эсвэл урсгалын чиглэл, хэмжээгээ дур зоргоороо өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы хяналтад байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтний дунд Бурханы бүтээсэн бүх зүйл өөрсдийн гэсэн тогтсон байршил, талбай, хил хязгаартай байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үед тэдгээрийн хил хязгаар тогтоогдсон бөгөөд тэдгээрийг дур зоргоороо өөрчилж, шинэчилж, хувиргаж болохгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, тэдний анхны хэлбэр дэлхийн цаг агаар, температур, эргэлтийн хурднаас шалтгаалан санамсаргүй шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал, уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, суурь нь тодорхой талбайг эзэлж, далайн түвшнээс дээш тодорхой өндөрт, тодорхой хэмжээний ургамалтай байдаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон бөгөөд үүнийг дур зоргоороо өөрчлөхгүй. Тал газрын хувьд гэвэл, хүмүүсийн дийлэнх нь тал газар дээр амьдардаг бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй гадаргын талбай, эсвэл оршин тогтнолын үнэ цэнд нөлөөлөхгүй. Бурханы бүтээсэн энэхүү төрөл бүрийн газрын тогтоц болон газарзүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, цөлийн найрлага, газар доорх эрдэс баялгийн ордуудын төрөл, цөлд агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, эдгээр нь дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад дур зоргоороо өөрчлөгдөхгүй вэ? Бурханы захиралт, Түүний удирдлагаас болж байгаа юм. Өөрийн бүтээсэн энэхүү өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Бурхан, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор, өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр галт уулс дэлбэрдэг, газар хөдлөлт болох тодорхой цаг хугацаа байдаг, газар шороонд томоохон шилжилт гардаг ч, Бурхан ямар ч төрлийн газарзүйн тогтцын анхны чиг үүргийг огтоос алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы энэхүү удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралт, хяналтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. Тэгвэл газар дэлхий дээр оршдог энэ бүх янз бүрийн газарзүйн тогтцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Янз бүрийн газарзүйн орчинд амьд оршдог амьд зүйлс бүгд тогтвортой орчинтой байгаасай, тэдгээр нь тухайн тогтвортой орчинд үргэлжлүүлэн амьдарч, өсөн үржих боломжтой байгаасай гэж Тэрээр зорьдог. Энэ бүх зүйл—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, хамрын нүхээрээ амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—энэ бүхэн нь хүн төрөлхтний амьд орших ер бусын орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин л хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж, зөвхөн ийм орчин л хүмүүст үеэс үед амар тайван амьд оршсоор байх боломжийг өгч чаддаг.

Миний дөнгөж сая ярьсан зүйл бол жаахан том сэдэв учраас амьдралаас чинь бага зэрэг хол хөндий санагдаж магадгүй боловч та нар бүгд ойлгож чадна гэж Би итгэж байна. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг захирах Бурханы ноёрхлын хууль бол чухал—үнэхээр маш чухал шүү! Бүх зүйл эдгээр хуулийн дагуу өсөж ургахын урьдчилсан нөхцөл юу вэ? Энэ нь Бурханы захиралтаас болдог. Бурханы захиралтаас болж бүх зүйл Түүний захиралтын хүрээнд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, уулс ой модыг тэжээн тэтгэдэг бол ой мод нь эргээд дотор нь амьдардаг янз бүрийн шувуу, араатан амьтныг тэжээн тэтгэж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүс ургац тариалахад, мөн шувууд болон араатан амьтдад зориулан бэлдсэн газар. Тал газар нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг тэгш газар дээр амьдрах боломж олгож, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн өвст тал, асар их хадлангийн талбай багтана. Өвст тал бол дэлхийн ургамлын бүрхэвч юм. Тэдгээр нь хөрсийг хамгаалж, өвст талд амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл ч бас өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүс амьдрахад зориулсан газар биш; үүний үүрэг нь чийгтэй цаг агаарыг хуурай болгох юм. Гол, нуурын урсгал нь хүмүүст ундны усыг эвтэйхэн байдлаар авчирдаг. Урсаж байгаа газар бүрд нь хүмүүс уух устай байж, бүх зүйлийн усны хэрэгцээ таатайяа хангагдана. Энэ бол янз бүрийн газарзүйн тогтцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм.

Хоёрдугаар хэсэг: Бурхан бүх амьд зүйлд хил хязгаар тогтоосон

Бурханы тогтоосон эдгээр хил хязгаараас болж төрөл бүрийн газарзүйн тогтоц нь амьдрах өөр өөр орчныг бий болгож, амьдрах эдгээр орчин нь төрөл бүрийн шувуу, араатан амьтанд тав тухтай байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд зүйлийн амьдрах орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бидний дараа нь ярих гэж буй хоёр дахь хэсэг энэ юм. Юуны түрүүнд, жигүүртэн шувууд, араатан амьтад, шавж хорхойнууд хаана амьдардаг вэ? Тэд ой мод болон төгөлд амьдардаг уу? Энэ нь тэдний гэр орон. Иймээс, газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан бас төрөл бүрийн жигүүртэн шувуу, араатан амьтан, загас жараахай, хорхой шавж болон бүх ургамалд хил хязгаар, хууль тогтоосон. Газарзүйн өөр өөр орчны хоорондын ялгаа, мөн янз бүрийн газарзүйн орчин байдгаас болж өөр өөр төрлийн жигүүртэн шувуу, араатан амьтан, загас жараахай, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин нь ялгаатай байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавж янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг, ургамал газар дээр ургадаг. Газарт уулс, тал газар, толгод гэх мэт янз бүрийн бүс нутаг багтана. Жигүүртэн шувууд, араатан амьтад өөрийн гэсэн тогтсон гэр оронтой болмогцоо хаа сайгүй хэсэн тэнүүчилж, аль нэг тийшээ явахгүй. Тэдний гэр орон бол ой мод, уулс. Хэрэв нэг өдөр тэдний гэр орон сүйдвэл дэг журам эмх замбараагүй болно. Дэг журам эмх замбараагүй болмогц үр дагавар нь юу байх вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? Тэгэлгүй яах вэ, хүн төрөлхтөн. Бурханы тогтоосон энэ хууль, хил хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдэл олж харсан уу? Жишээлбэл, заан элсэн цөлд алхаж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл үнэхээр тохиолдвол маш хачин үзэгдэл байх байлаа. Учир нь заан ой модонд амьдардаг бөгөөд энэ нь Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчин юм. Тэдэнд өөрсдийн гэсэн амьдрах орчин, өөрсдийн гэсэн тогтсон гэр орон байхад яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан, эсвэл бар далайн эргээр алхаж явахыг харсан хүн байна уу? Байхгүй, хараагүй. Арслан, барын гэр нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, аварга загас элсэн цөлд сэлж байхыг харсан хүн байна уу? Байхгүй, хараагүй. Халим, аварга загас далай тэнгисийг гэрээ болгодог. Хүний амьдрах орчинд хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадна, доторгүй тогос юм уу өөр бусад жигүүртэн шувуугаар байнга хүрээлүүлсэн хүмүүс байдаг уу? Бүргэд, эсвэл зэрлэг галуу сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? (Үгүй.) Эдгээр нь бүгд жигтэй үзэгдэл байх байсан юм. Та нарт сонсоход тун жигтэй сонин үзэгдэл шиг санагдах эдгээр зүйлийг ярьж байгаагийн минь шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл хамраараа амьсгалж чадах эсэхээс үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьдралын хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан гэр орон, амьдрах орчныг нь аль хэдийн бэлтгэсэн. Эдгээр амьд зүйл нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, хоол хүнс, тогтсон гэр орон, амьдрахад тохиромжтой, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий тогтсон газартай байдаг. Тиймээс тэд хаа хамаагүй хэсүүчлэх юм уу хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулж, амьдралд нь нөлөөлөхгүй. Бурхан ингэж бүх зүйлийг удирдан, хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлийн дунд орших бүх амьд зүйл өөрсдийн гэсэн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчноосоо салж чадахгүй. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, өсөж үржсээр, урагшилсаар байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдардаг бөгөөд хүн төрөлхтөн бүх зүйлтэй харилцан хамааралтайгаар зэрэгцэн оршдог.

Гуравдугаар хэсэг: Бурхан хүн төрөлхтнийг тэтгэх байгаль орчин, экологийг хадгалсан

Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдгээрийн хил хязгаарыг тогтоосон; тэдгээрийн дунд Тэрээр бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээн тэтгэдэг. Үүний зэрэгцээ Тэр бас хүн төрөлхтөнд зориулан амьдрах өөр өөр арга замыг бэлдсэн, иймээс л хүмүүст амьд орших ганцхан арга зам байдаггүй, мөн амьд орших ганцхан төрлийн орчин байдаггүй гэдгийг чи харж болно. Бид өмнө нь, Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнс болон усны эх үүсвэрийг бэлддэг тухай ярьсан, энэ нь хүн төрөлхтний махан биеийн амь үргэлжлэн орших боломжийг олгоход шийдвэрлэх чухал зүйл юм. Гэхдээ, энэ хүн төрөлхтний дундаас бүх хүн үр тариагаар амь зуудаг юм биш. Хүмүүс газарзүйн орчин болон газрын тогтцын ялгаанаас хамааран өөр өөр амьдрах арга барилтай байдаг. Бурхан энэ бүх амьдрах аргыг бэлтгэсэн. Тиймээс бүх хүн газар тариалан голчлон эрхлээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, бүх хүн тариа будаа ургуулж хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь хэсэг: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маяг байдаг вэ? Өөр өөр хоол хүнсний эх үүсвэрийн тухайд гэвэл, өөр ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий.

Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг. Хүн бүр үүнийг юу болохыг мэднэ. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ойн шувууд, араатан амьтдыг иддэг. “Ангийн мах” гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй; тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын хоол тэжээл гэж боддог. Жишээ нь, тэд буга агналаа. Тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос хоол хүнсээ авч байгаатай адил байдаг. Тариачин хоол хүнсээ хөрснөөс авдаг бөгөөд энэхүү хүнсээ хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Тариачны санаа нь амарч, сэтгэл хангалуун болдог. Анчин ч бас хийсэн ангаа харахдаа санаа амарч, сэтгэл хангалуун болдог, учир нь тэр хоолны талаар санаа зовох шаардлагагүй болдог. Дараагийн хоолондоо идэх юмтай болж, өлсгөлөн явах шаардлагагүй болдог. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ан хийж амь зуудаг хүмүүсийн ихэнх нь уулын ой модонд амьдардаг. Тэд газар тариалан эрхэлдэггүй. Тэнд тариалангийн газар олоход хялбар биш учраас тэд олон төрлийн амьд зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол ердийн хүмүүсийнхээс өөр амьдралын эхний хэв маяг юм.

Хоёр дахь төрөл нь мал маллах амьдралын хэв маяг. Мал маллаж амьдардаг хүмүүс бас газар тариалан эрхэлдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийдэг вэ? Яаж амьдардаг вэ? (Ихэвчлэн тэд амьдрахын төлөө үхэр, хонь хариулж, өвөл нь малаа нядалж, иддэг. Тэдний үндсэн хоол хүнс үхэр, хонины мах бөгөөд тэд сүүтэй цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч сайн хооллодог. Тэдэнд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах элбэг байдаг.) Мал маллаж амьдардаг хүмүүс гол төлөв үхэр, хонины мах идэж, хонь болон үнээний сүү ууж, морь мал унаж, хээр талд малаа хариулан, гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг. Тэд орчин цагийн амьдралын стресстэй нүүр тулдаггүй. Бүхэл өдөржингөө өргөн уудам хөх тэнгэр, ногоон талыг л ширтдэг. Амь зуухын тулд мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь өвст талд амьдарч, нүүдэлчин хэв маягаа үеийн үед үргэлжлүүлж чаддаг. Өвст тал дээр амьдрах нь бага зэргийн ганцаардмал байж болох ч бас маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!

Гурав дахь төрөл нь загасчлах амьдралын хэв маяг. Хүн төрөлхтний цөөн хэсэг нь далай тэнгисийн ойролцоо юм уу жижиг арал дээр амьдардаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгдсэн байдаг. Энэ хүмүүс амь зуухын тулд загасчилдаг. Загасчилж амь зуудаг хүмүүсийн хоол хүнсний эх үүсвэр юу вэ? Тэдний хоол хүнсний эх үүсвэрт бүх төрлийн загас, далайн хоол, бусад далайн бүтээгдэхүүн багтана. Загасчилж амь зуудаг хүмүүс газар тариалан эрхэлдэггүй, харин оронд нь өдөр бүрийг загасчилж өнгөрөөдөг. Тэдний гол хоол хүнс нь янз бүрийн загас, далайн бүтээгдэхүүнээс бүрддэг. Тэд хааяа эдгээр зүйлийг будаа, гурил болон өдөр тутмын хэрэгцээт зүйлээр сольж арилжаалдаг. Энэ бол усны дэргэд амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг юм. Усны ойр амьдардаг хүмүүс хоол хүнсээ усанд түшиглэдэг бөгөөд загасчлах нь тэдний амин зуулга билээ. Загасчлах нь тэдний хоол хүнсний эх үүсвэр төдийгүй, мөн амьжиргааны арга хэрэгсэл юм.

Хүн төрөлхтөн газар тариалан эрхлэхээс гадна дээр дурдсан гурван төрлийн амьдралын хэв маягаар ихэнхдээ амьдардаг. Гэхдээ хүмүүсийн дийлэнх олонх нь газар тариалан эрхэлж амь зуудаг бол цөөн тооны хүн л мал маллаж, загасчилж, ан агнаж амьдардаг. Тэгвэл газар тариалан эрхэлж амь зуудаг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд газар хэрэгтэй. Тэд үеэс үед газарт тариа тарьж амь зуудаг бөгөөд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан бай, хүнс болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газар шорооноос авдаг.

Хүний энэхүү өөр өөр амьдралын хэв маягийн суурь болж буй үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэдний амьдарч болох орчныг хамгийн анхдагч хэмжээнд нь хадгалах зайлшгүй шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ ан хийж амьдардаг хүмүүс уулын ой мод, жигүүртэн шувууд, араатан амьтад үгүй болбол амин зуулгынх нь эх сурвалж байхгүй болно. Тэгээд энэ угсаатан, ийм төрлийн хүмүүсийн явах зүг чиг тодорхойгүй болж, тэд бүр устан үгүй болж ч магад. Тэгвэл мал маллаж амь зуудаг хүмүүсийн тухайд яадаг вэ? Тэд юунд найддаг вэ? Тэд үнэндээ малд биш, харин мал сүргийн амьдарч чадах орчин буюу бэлчээрийн тал газарт түшиглэдэг. Хэрэв бэлчээр байгаагүй бол малчид мал сүргээ хаана бэлчээх байсан бэ? Үхэр, хонь нь юу идэх байсан бэ? Мал байхгүй бол энэхүү нүүдэлчин ард түмэн амин зуулгагүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол энэ хүмүүс хаашаа явах билээ? Тэдэнд үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, ирээдүй нь үгүй болно. Усны эх үүсвэр үгүй болж, гол нуурууд хатаж ширгэвэл, уснаас хамааралтай амьдардаг тэр бүх загас оршин тогтносоор байх уу? Оршин тогтнохгүй. Ус, загасанд найдаж амь зуудаг энэ хүмүүс цаашид амьд орших уу? Тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй болох үед энэ хүмүүс цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн оршихоо больж, дэлхийн хөрснөөс арчигдан, мөхөж үгүй болно. Газар тариалан эрхэлж амь зуудаг хүмүүс газраа алдаж, бүх төрлийн ургамал тарьж ургуулж, тэдгээр ургамлаас хоол хүнсээ гаргаж авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхэх бус уу? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тухайн үндэстний хүмүүс устах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчныг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тэдгээрийн доторх бүх өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг тэжээн тэтгэж, газарзүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг тэжээн тэтгэх ганц зорилготой.

Хэрвээ бүтээлийн бүх зүйлийн өөрийн гэсэн зүй тогтол нь алдагдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн зүй тогтол алдагдвал бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн ч бас амьд оршихын тулд түшиглэн амьдардаг орчноо алдана. Хэрвээ хүн төрөлхтөн энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржиж, хөгжих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэжээн тэтгэхийн тулд бүтээлийн бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэжээн тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьд оршиж, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд байгалийн хууль нь дэг журамтай ийм тогтсон орчин байгаа болохоор дэлхийн өөр өөр төрлийн бүх хүн, өөр өөр төрлийн бүх үндэстэн тогтсон орон зайдаа амьд оршиж чаддаг. Хэн ч энэ орон зай, эдгээрийн хоорондох хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг тогтоосон юм. Яагаад Бурхан хил хязгаарыг ийм байдлаар тогтоох болсон бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал—үнэхээр маш чухал! Бурхан амьд зүйл бүрд хязгаар тогтоож, төрөл бүрийн хүний амьдрах арга хэрэгслийг тогтоосон. Тэрээр мөн дэлхий дээрх өөр өөр төрлийн хүн, өөр өөр арьстнуудыг хувааж, тэдгээрийн хязгаарыг тогтоосон. Энэ талаар бид дараагийн ээлжид ярилцах болно.

Дөрөвдүгээр хэсэг: Бурхан өөр өөр арьс өнгөний хүмүүсийн дунд хил хязгаар татсан

Дөрөвт, Бурхан өөр өөр үндэстний хооронд хил хязгаар бий болгосон. Дэлхий дээр цагаан, хар, бор, шар арьстай хүмүүс байдаг. Энэ бол хүний янз бүрийн төрлүүд юм. Бурхан бас энэ өөр өөр төрлийн хүмүүсийн амьдралд цар хүрээ тогтоосон бөгөөд үүнийг мэдэлгүйгээр хүмүүс Бурханы удирдлага дор өөрсдөдөө тохирсон амьдрах орчиндоо амьдардаг. Хэн ч үүнийг давж чадахгүй. Жишээлбэл, цагаан арьстай хүмүүсийг аваад үзье. Тэдний ихэнх нь амьдардаг газар зүйн бүс ямар байдаг вэ? Ихэнх нь Европ болон Америкт амьдардаг. Хар арьстай хүмүүсийн голчлон амьдардаг газарзүйн бүс нь Африк тив юм. Бор арьстай хүмүүс голчлон Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азид, Тайланд, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг улс оронд амьдардаг. Шар арьстай хүмүүс үндсэндээ Ази тивд буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнуудад амьдардаг. Бурхан энэ бүх өөр өөр төрлийн үндэстнийг зохих ёсоор хуваан байрлуулж, ингэснээр энэхүү өөр өөр үндэстнүүд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд тархан байрласан байдаг. Дэлхийн энэхүү янз бүрийн хэсгүүдэд Бурхан төрөл бүрийн үндэстэн нэг бүрд таарч тохирсон амьдрах орчныг хэзээний бэлтгэсэн. Эдгээр амьдрах орчинд Бурхан тэдэнд зориулан янз бүрийн өнгө, найрлагатай хөрсийг бэлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цагаан арьстай хүмүүсийн биеийн найрлага бүтэц хар арьстай хүмүүсийнхтэй адилгүй бөгөөд бусад үндэстний хүмүүсийн биеийн найрлага бүтцээс бас өөр байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тухайн үндэстний амьдрах орчныг аль хэдийн бэлтгэсэн байсан. Ингэж хийсэн Түүний зорилго бол тухайн төрлийн хүмүүс өсөж үржин, тоо хэмжээ нь нэмэгдэх үедээ тодорхой бүс нутагтаа суурьшиж чадахын төлөө байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө аль хэдийнээ энэ бүгдийг бодсон—Тэр цагаан арьстай хүмүүст Европ болон Америкийг хадгалж, тэднийг хөгжиж, амьд орших боломжоор хангасан. Тиймээс Бурхан дэлхийг бүтээж байх үедээ аль хэдийн төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн хэсэг газарт юу тавих, тухайн хэсэг газар дээр юу тэжээж тэтгэх талаар зорилго, зорилттой байсан. Жишээлбэл, тухайн газар нутагт ямар уулс, хэр их тал газар, хэр олон усны ундарга, ямар шувууд, араатан амьтад, ямар загас жараахай, ямар ургамал байхыг Бурхан хэзээний зэхэж бэлтгэсэн байдаг. Тодорхой нэг төрлийн хүмүүс, үндэстний амьд орших орчныг зэхэж байх үедээ Бурхан олон асуудлыг бүхий л өнцгөөс нь бодолцож үзэх шаардлагатай байсан: газарзүйн орчин, хөрсний найрлага, өөр өөр төрлийн жигүүртэн шувуу, араатан амьтан, өөр өөр төрлийн загас жараахайн хэмжээ, загас жараахайн биеийн бүтэц, усны чанарын ялгаа, түүнчлэн бүх төрлийн ургамал гэх мэт… Бурхан энэ бүгдийг аль эртнээс бэлдсэн. Тийм орчин нь цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэж, бүтээсэн амьдрах орчин бөгөөд угаас тэд нарынх юм. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ үүнийг маш их бодож тунгааж, төлөвлөгөөтэй үйлдсэн гэдгийг та нар харав уу? (Тэглээ, Бурхан төрөл бүрийн хүмүүсийн талаар маш анхааралтай бодож тунгаасныг бид харлаа. Өөр өөр төрлийн хүмүүст зориулан Түүний бүтээсэн амьдрах орчны хувьд ямар төрлийн жигүүртэн шувуу, араатан амьтан, загас жараахай, хэчнээн уул, хэр их тал газар байхыг бэлтгэхийг Тэр маш сайн тунгааж, нарийвчлан бодож гаргасан.) Жишээ нь, цагаан арьстай хүмүүсийг аваад үзье. Цагаан арьстай хүмүүс голчлон ямар хоол иддэг вэ? Цагаан арьстай хүмүүсийн иддэг хоол хүнс ази хүмүүсийн иддэг хоол хүнснээс маш өөр байдаг. Цагаан арьстай хүмүүсийн иддэг үндсэн хүнс нь гол төлөв мах, өндөг, сүү, шувууны махнаас бүрддэг. Талх, будаа зэрэг үр тариа нь ерөнхийдөө хоолны хажууд тавьдаг нэмэлт хүнс юм. Ногооны салат идэж байхдаа ч гэсэн тэд хэдэн ширхэг шарсан үхрийн мах юм уу тахианы мах дотор нь хийдэг, улаан буудайн гаралтай хоол хүнс идэж байхдаа ч гэсэн бяслаг, өндөг эсвэл мах нэмэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний гол хүнс үндсэндээ улаан буудайн гаралтай хүнс юм уу цагаан будаанаас бүрддэггүй; тэд их хэмжээний мах, бяслаг иддэг. Идэж байгаа хүнс нь маш өндөр илчлэгтэй учраас тэд үргэлж мөстэй ус уудаг. Тиймээс цагаан арьстай хүмүүс маш биерхүү бадируун байдаг. Тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн амьжиргааны эх үүсвэр, амьдрах орчин нь ийм бөгөөд өөр үндэстний хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр, ийм амьдралын хэв маягтай байх боломжийг тэдэнд олгодог. Энэхүү амьдралын хэв маягт сайн, муу гэсэн юм байхгүй, үүнийг Бурхан урьдчилан тогтоож, заяасан, энэ нь Бурханы тушаал, зохицуулалтаас гардаг. Энэхүү үндэстэн нь өөрийн үндэс угсаа, Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчноос болж ийм амьдралын хэв маяг, амьжиргааны эх үүсвэртэй байгаа юм. Та нар, цагаан арьстнуудад зориулан Бурханы бэлтгэсэн амьдрах орчин, тухайн орчноос гардаг өдөр тутмын хангамж тэжээл нь баялаг, элбэг дэлбэг гэж хэлж болно.

Бурхан бусад арьстнуудад бас амьд оршиход шаардлагатай орчныг бэлтгэсэн. Хар арьстай хүмүүс байдаг—хар арьстай хүмүүс хаана байдаг вэ? Тэд голчлон Африкийн төв болон өмнөд хэсгээр байдаг. Бурхан ийм төрлийн орчинд тэдэнд зориулан, амь зуух юу бэлдсэн бэ? Халуун орны ширэнгэн ой, хүмүүстэй зэрэгцэн амьдрах бүх төрлийн жигүүртэн шувуу, араатан амьтан, мөн элсэн цөл, бүх төрлийн ургамал. Тэдэнд усны, амьжиргааны, хоол хүнсний эх үүсвэр бий. Бурхан тэднийг алагчилж үзээгүй. Тэд юу хийснээс үл хамааран амьд орших нь хэзээ ч асуудал болж байгаагүй. Тэд бас дэлхийн нэг хэсэгт тодорхой байршил, тодорхой газар нутгийг эзэлдэг.

Одоо, шар арьстай хүмүүсийн талаар ярилцъя. Шар арьстай хүмүүс голчлон дэлхийн дорно зүгт байрладаг. Өрнө, дорнын газарзүйн байрлал, орчны хооронд ямар ялгаа байдаг вэ? Дорнодод эх газрын ихэнх хэсэг нь үржил шимтэй, түүхий эд болон ашигт малтмалын нөөцөөр баялаг. Өөрөөр хэлбэл, газрын дээр ч, газрын доор ч бүх төрлийн нөөц баялаг маш элбэг байдаг. Энэ бүлэг хүн, энэ үндэстэнд Бурхан бас таарч тохирсон зохих хөрс шороо, цаг агаар, янз бүрийн газарзүйн орчныг бэлдсэн. Хэдийгээр тэрхүү газарзүйн орчин болон Өрнөдийн орчны хооронд маш том ялгаа байгаа ч Бурхан, хүмүүс амьд оршиход шаардлагатай хоол хүнс, амьжиргаа, эх үүсвэрийг бэлдсэн. Өрнөдөд байгаа цагаан арьстай хүмүүсээс амьдрах орчин нь л ялгаатай. Гэхдээ та нарт хэлэх хэрэгтэй нэг зүйл юу вэ? Дорнын үндэстний хүмүүсийн тоо харьцангуй их учраас Бурхан дэлхийн тухайн хэсэгт Өрнөдөөс ялгаатай маш олон элемент нэмсэн. Тэнд Тэрээр олон төрлийн байгаль, бүх төрлийн элбэг дэлбэг түүхий эд нэмж өгсөн. Тэндхийн байгалийн нөөц маш элбэг дэлбэг; газарзүйн тогтоц нь бас янз бүр, олон төрөл бөгөөд Дорнын үндэстний асар олон тооны хүнийг тэжээхэд хүрэлцээтэй байдаг. Дорныг Өрнөдөөс ялгадаг зүйл нь Дорнодод урдаасаа хойшоо, зүүнээс баруун зүгт цаг уур нь Өрнөдөөс дээр. Дөрвөн улирал нь тодорхой ялгаатай, температур нь тохиромжтой, байгалийн нөөц элбэг дэлбэг, байгалийн үзэмж хийгээд газарзүйн тогтцын төрөл зүйл нь Өрнөдөөс хавьгүй илүү дээр байдаг. Бурхан яагаад ингэсэн бэ? Бурхан цагаан болон шар арьстай хүмүүсийн хооронд маш ухаалаг тэнцвэрийг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ? Цагаан арьст хүмүүсийн хоол хүнс, эдэлж хэрэглэдэг зүйл, таашаахад нь зориулан хангасан зүйлс нь бүх талаараа шар арьстай хүмүүсийн эдэлж чадах зүйлээс хавьгүй илүү байдаг гэсэн үг юм. Гэхдээ Бурхан ямар ч үндэстнийг алагчилж үздэггүй. Бурхан шар арьстай хүмүүст амьдрах илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан орчныг өгсөн. Энэ бол тэнцвэр юм.

Бурхан дэлхийн аль хэсэгт ямар төрлийн хүмүүс амьдрах ёстойг урьдчилан тогтоосон; хүмүүс энэ хязгаараас гарч чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.) Ямар гайхамшигтай юм бэ! Хэдий өөр өөр эрин үе, онцгой цаг үед дайн, түрэмгийлэл гарсан ч эдгээр дайн, түрэмгийлэл нь үндэстэн бүрд зориулан Бурханы урьдчилан тогтоосон амьдрах орчныг үгүй хийж огт чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан дэлхийн тодорхой хэсэгт тодорхой төрлийн хүмүүсийг байлгахаар тогтоосон бөгөөд тэд тухайн хил хязгаараас давж гарч чадахгүй. Хүмүүс Бурханы зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрийг өөрчлөх юм уу тэлэх санаархалтай байсан ч гэсэн үүнийг биелүүлэхэд маш хэцүү байх болно. Үүнийг биелүүлэхэд тэдэнд тун хэцүү байх болно. Жишээ нь, цагаан арьстай хүмүүс газар нутгаа тэлэхийг хүсэж, зарим нэг өөр улс орныг колоничилж байсан. Германчууд зарим улс орныг эзлэн түрэмгийлж, Британи нэгэн цагт Энэтхэгийг эзэлж байсан. Үр дүн нь юу байсан бэ? Эцсийн эцэст тэд бүтэлгүйтсэн. Бид тэдний бүтэлгүйтлээс юу харж байна вэ? Бурханы урьдчилан тогтоосон зүйлийг эвдэлж сүйтгэхийг зөвшөөрдөггүй. Тиймээс Британийн түрэмгийллээс хэчнээн агуу хүч харагдаж байсан нь хамаагүй эцэстээ тэд ухарч, Энэтхэгийн газар нутгийг орхисон. Тэрхүү газар нутагт амьдардаг хүмүүс британичууд биш, харин энэтхэгчүүд хэвээр үлдсэн, учир нь Бурхан үүнийг зөвшөөрөхгүй. Түүх юм уу улс төр судалдаг зарим хүн энэ талаар таамаг гаргасан байдаг. Тэд Британи улс яагаад бүтэлгүйтсэн шалтгааныг хэлж, зарим үндэстэн эзлэгдэшгүй, эсвэл хүний өөр бусад шалтгаанаас болсон байж болно гэж хэлдэг… Эдгээр нь жинхэнэ шалтгаан биш юм. Жинхэнэ шалтгаан нь Бурханд байгаа юм—Тэр үүнийг зөвшөөрөхгүй! Бурхан тодорхой хэсэг газар дээр нэг угсаатныг амьдруулж, тэнд суурьшуулдаг бөгөөд хэрвээ Бурхан тэдэнд тэр газраас нүүхийг зөвшөөрөхгүй бол тэд хэзээ ч нүүж чадахгүй. Хэрвээ Бурхан тэдэнд зориулж тодорхой газар хуваарилж өгсөн бол тэд тухайн газар дотроо л амьдрах болно. Хүн төрөлхтөн энэхүү тогтсон газраас гарч явж, эсвэл ангижирч чадахгүй. Тэр бол гарцаагүй. Түрэмгийлэгчийн хүч хэр агуу байх, эсвэл түрэмгийлэлд өртөж байгаа хүмүүс хэр сул дорой байх нь хамаагүй эцсийн дүнд эзлэн түрэмгийлэгчдийн амжилтыг Бурхан шийддэг. Тэр үүнийг аль хэдийн урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.

Бурхан дээрх байдлаар янз бүрийн арьстнуудыг тараан байршуулсан. Арьстнуудыг тараан байршуулахын тулд Бурхан ямар ажил хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон хэмжээний газарзүйн орчныг бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилж, тэгээд тэд үеэс үед тэрхүү газартаа амьдардаг. Ингэж л тогтсон—тэдний амьдрах тодорхой газар нутгийг тогтоосон. Тэдний амьдрал, юу идэх, юу уух, тэдний амин зуулга—энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоочихсон. Бурхан бүх зүйлийг бүтээж байх үедээ өөр өөр төрлийн хүмүүст зориулан өөр өөр бэлтгэл хийсэн: Янз бүрийн хөрсний бүтэц, өөр өөр цаг уур, өөр өөр ургамал, янз бүрийн газарзүйн орчин байдаг. Өөр өөр газруудад өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтад, өөр өөр усанд тухайн усных нь онцгой төрлийн загас, далайн бүтээгдэхүүн байдаг. Шавж хорхойн төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. Тухайлбал, Америк тивд ургадаг зүйлс бүгд маш том, маш өндөр, маш бадируун байдаг. Уулан дахь ой шугуйн моддын үндэс бүгд тийм гүн биш атлаа маш өндөр ургадаг. Бүр зуун метр буюу түүнээс өндөр ургадаг байхад Азийн ой шугуйд байгаа модод ихэвчлэн тийм ч өндөр байдаггүй. Жишээ нь, зуун наст ургамлыг аваад үзье. Японы зуун настууд маш нарийн, нимгэн байдаг бол АНУ дахь зуун наст ургамал маш том. Энд ялгаа нь байна. Ижил нэртэй, ижил төрлийн ургамал боловч Америк тивийнх онцгой том болж ургадаг. Эдгээр янз бүрийн талуудын ялгааг хүмүүс олж харахгүй, мэдрэхгүй байж магад боловч Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэдгээрийг тодорхойлж, өөр өөр үндэстэнд зориулан өөр өөр газарзүйн орчин, өөр өөр газарзүйн тогтоц, өөр өөр амьд зүйлс бэлдсэн. Учир нь Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийг бүтээсэн бөгөөд хэнд нь юу хэрэгтэйг, мөн амьдралын хэв маяг нь ямар байхыг мэддэг.

Бүхнийг захирч, бүгдийг хангадаг Бурхан бол бүх зүйлийн Бурхан юм

Эдгээр зүйлийн заримыг нь ярьсны дараа дөнгөж сая бидний ярилцсан гол сэдвийн талаар одоо та нар зарим нэг зүйл мэдэж авсан юм шиг санагдаж байна уу? Үүнийг ойлгож эхэлж байгаа юм шиг санагдаж байна уу? Илүү өргөн сэдэв доторх энэ талуудын талаар Би яагаад ярихаар сонгосон талаар та нар бүдүүн тоймын ойлголт авсан байх гэж Би итгэж байна. Тийм үү? Та нар үүнээс хэр ихийг ойлгосноо багахан ярьж болох юм. (Хүн төрөлхтөн бүхэлдээ бүх зүйлд зориулж Бурханы тогтоосон хуулиар тэжээн тэтгэгддэг. Бурхан эдгээр хуулийг тодорхойлж байхдаа өөр өөр үндэстнийг өөр өөр орчин, өөр өөр амьдралын хэв маяг, өөр өөр хоол хүнс, өөр өөр цаг уур, температураар хангасан. Ингэснээр бүх хүн төрөлхтөн газар дэлхий дээр суурьшиж, амьд оршиж чадах юм. Хүнийг амьд үлдээх Бурханы төлөвлөгөө маш нарийн нямбай болохыг би үүнээс харж чаддаг, мөн Түүний мэргэн ухаан, төгс байдал, хүмүүс биднийг гэх Түүний хайрыг харж чаддаг.) (Бурханы тодорхойлсон хууль, цар хүрээг ямар ч хүн, үйл явдал, зүйл өөрчилж чадахгүй. Энэ бүхэн Түүний захиралт дор байдаг.) Бүх зүйлийн өсөлтөд зориулан Бурханы тодорхойлсон хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтнийг, бүх төрлөөр нь Бурхан хангаж, тэжээн тэтгэдэг бус уу? Хэрвээ эдгээр хууль сүйдэх юм уу Бурхан хүн төрөлхтөнд зориулж ийм хууль тогтоогоогүй бол хүн төрөлхтний хэтийн ирээдүй ямар байх байсан бэ? Хүмүүс амьд орших үндсэн орчноо алдсаны дараа хоол хүнсний эх үүсвэртэй байх байсан уу? Хоол хүнсний эх үүсвэр асуудал болох магадлалтай. Хэрвээ хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдсан бол, өөрөөр хэлбэл, тэд ямар ч идэх зүйл олж авч чадахгүй бол хэд хоног тэсэж чадах вэ? Магадгүй, тэд ганц ч сар тэсэж чадахгүй бөгөөд тэдний амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэдний оршин тогтнох, өсөж үржих, амин зуулгыг үргэлжлүүлэхийн төлөө Бурханы хийдэг юм бүхэн маш чухал. Өөрийнх нь бүтээсэн зүйлийн дундаас Бурханы хийдэг юм бүхэн хүмүүсийн амьд оршихтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Хэрвээ хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжилж чадах уу? Бурханы удирдлага оршин тогтносоор байх уу? Бурханы удирдлага Өөрийнх нь тэжээн тэтгэдэг бүх хүн төрөлхтний амьд оршихтой зэрэгцэн оршдог, иймээс Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлд юу бэлддэг, хүмүүсийн төлөө юу хийдэг байх нь хамаагүй энэ бүгд Түүний хувьд зайлшгүй шаардлагатай, хүн төрөлхтний амьд оршиход шийдвэрлэх чухал зүйл юм. Хэрвээ бүх зүйлд зориулан Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, нурж, саатвал бүх зүйл оршин тогтнож чадахаа больж, хүн төрөлхтний амьдрах орчин ч тэр, тэдний өдөр тутмын амин зуулга, мөн тэд өөрсдөө ч тэр цаашид оршиж чадахгүй. Энэ шалтгааны улмаас хүн төрөлхтний авралын талаарх Бурханы удирдлага ч мөн оршихоо болино.

Бидний ярьсан бүх зүйл, нэг бүр нь, зүйл бүр нь хүн бүрийн амьд оршихтой нарийн холбогдсон байдаг. “Таны ярьж байгаа зүйл хэтэрхий том байна, бидний харж чадах зүйл энэ биш” гэж та нар хэлж магадгүй, мөн “Таны ярьж байгаа зүйл надад ямар ч хамаагүй” гэж хэлэх хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ чи бүх зүйлийн ердөө л нэг хэсэг болон амьдарч байгаа гэдгээ бүү март; чи бол Бурханы захиралт дор байгаа бүх бүтээгдсэн зүйлийн дундах нэгэн зүйл. Бурханы бүтээсэн зүйлсийг Түүний захиралтаас салгаж болохгүй, нэг ч хүн өөрийгөө Түүний захиралтаас салгаж чадахгүй. Түүний захиралтыг, Түүний хангалтыг алдана гэдэг нь хүмүүсийн амь, хүмүүсийн махан биеийн амь алга болно гэсэн үг. Энэ бол Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг бий болгосны ач холбогдол. Чи ямар үндэстэнд хамаардаг, ямар газар дээр амьдардаг, Өрнөдөд байна уу, Дорнодод байна уу хамаагүй—хүн төрөлхтөнд зориулан Бурханы тогтоосон амьдрах орчноос өөрийгөө тусгаарлаж чадахгүй бөгөөд хүмүүст зориулан Бурханы тогтоосон амьдрах орчин тэжээн тэтгэж, хангахаас өөрийгөө салгаж чадахгүй. Амин зуулга чинь юу болох, амьдрахын тулд юунд найддаг, махан биеийн амиа тэтгэхийн тулд юунд найддаг чинь хамаагүй, чи Бурханы захиралт болон Түүний удирдлагаас өөрийгөө салгаж чадахгүй. Зарим хүн: “Би тариачин биш, би амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй. Миний хоол хүнс тэнгэрээс хамааралгүй учраас би Бурханы тогтоосон амьдрах орчинд амьдарч байгаа биш. Иймэрхүү орчин надад юу ч өгөөгүй” гэж хэлдэг. Энэ зөв үү? Чи тариа буудай тариалж амь зуудаггүй гэлээ, үр тариа иддэггүй юү? Чи мах, өндөг иддэггүй гэж үү? Хүнсний ногоо, жимс иддэггүй гэж үү? Чиний иддэг бүхэн, чамд хэрэгтэй энэ бүх зүйл нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бий болгосон амьдрах орчноос салшгүй юм. Хүн төрөлхтөнд шаардлагатай бүх зүйлийн эх үүсвэрийг бүхэлдээ амьдрах орчныг чинь бүрдүүлдэг Бурханы бүтээсэн бүх зүйлээс салгах боломжгүй. Ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл—эдгээрээс алийг нь Бурханы бүтээсэн зүйлийн дундаас авдаггүй вэ? Зарим хүн: “Бурханы бүтээсэн зүйлээс гаргаж аваагүй зарим нэг юм бий. Хуванцар л гэхэд тийм зүйлийн нэг. Энэ бол химийн гаралтай, хүний хийсэн зүйл” гэж хэлдэг. Энэ зөв үү? Хуванцрыг үнэхээр хүн хийсэн, химийн гаралтай зүйл, гэхдээ хуванцрын анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд хаанаас гаралтай вэ? Анхдагч бүрэлдэхүүн хэсгүүдийг Бурханы бүтээсэн материалаас гаргаж авсан. Эдэлж байгаа, харж байгаа зүйлсийг чинь, ашиглаж байгаа юм бүхнийг чинь бүгдийг нь Бурханы бүтээсэн зүйлээс гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, ямар үндэстэн байх, ямар амин зуулгатай байх, эсвэл ямар төрлийн амьдрах орчинд амьдардаг болох нь хамаагүй хүмүүс өөрсдийгөө Бурханы хангалтаас салгаж чадахгүй. Тэгэхээр, бидний өнөөдрийн ярьсан зүйл “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвтэй маань холбоотой юу? Бидний өнөөдрийн ярилцсан зүйлс энэхүү томоохон сэдэвт хамаарч байна уу? (Тийм ээ.) Магадгүй Миний өнөөдөр ярьсан зүйлийн зарим нь жаахан хийсвэр, ярилцахад жаахан хэцүү байж магадгүй. Гэхдээ та нар одоо энэ талаар арай дээр ойлголттой болсон байх гэж Би бодож байна.

Сүүлийн хэдэн удаагийн нөхөрлөл дээр бидний нөхөрлөсөн сэдвүүд арай өргөн хүрээтэй, өргөн цар хүрээг хамарсан байсан учраас энэ бүгдийг ойлгож авахад та нарт бага зэрэг хүчин чармайлт шаарддаг. Учир нь энэ сэдвүүд бол Бурханд итгэх итгэлдээ хүмүүс өмнө нь хэзээ ч хөндөж байгаагүй зүйлс юм. Зарим хүн эдгээрийг учир битүүлэг зүйл гэж сонсдог, зарим нь үүнийг түүх гэж сонсдог—аль өнцөг нь зөв бэ? Та нар энэ бүгдийг ямар өнцгөөс сонсдог вэ? (Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийг хэрхэн системтэйгээр зохицуулсан болохыг, бүх зүйл хуультай гэдгийг бид харсан бөгөөд эдгээр үгээр дамжуулан бид хүн төрөлхтнийг аврах Бурханы үйлс болон Түүний нягт нямбай зохицуулалтыг илүү ойлгож чаддаг.) Эдгээр нөхөрлөлөөр дамжуулан та нар бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын цар хүрээ хэр хол хүрдгийг харсан уу? (Бүх хүн төрөлхтөн, бүх зүйлд хүрдэг.) Бурхан зөвхөн нэг үндэстний Бурхан уу? Тэр нэг төрлийн хүмүүсийн Бурхан уу? Тэр хүн төрөлхтний цөөнхийн Бурхан уу? (Үгүй ээ, тийм биш.) Тийм биш юм бол, Бурханы тухай та нарын мэдлэгээр бол, хэрвээ Тэр зөвхөн хүн төрөлхтний цөөнхийн Бурхан, эсвэл Тэр зөвхөн та нарын Бурхан бол энэ өнцөг зөв үү? Бурхан бүх зүйлийг удирдаж, захирдаг учраас бүх зүйлийг захирах захиралтаар нь илчлэгддэг Түүний үйлс, мэргэн ухаан, төгс хүчийг хүмүүс харах ёстой. Энэ бол хүмүүсийн мэдэх ёстой зүйл. Хэрвээ чи, Бурхан бүх зүйлийг удирддаг, бүх зүйлийг захирдаг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэж хэлдэг боловч хүн төрөлхтнийг захирах Түүний захиралтын талаар ямар ч ойлголт, мэдлэг ухаан байхгүй бол Тэр бүх зүйлийг захирдаг гэдгийг үнэхээр чи хүлээн зөвшөөрч чадна гэж үү? Зүрх сэтгэлдээ чи, “Би чадна, яагаад гэвэл миний амьдралыг Бурхан бүхэлд нь захирч байгааг би хардаг” гэж бодож магадгүй. Гэхдээ Бурхан үнэхээр тийм өчүүхэн гэж үү? Үгүй, тийм биш! Чи зөвхөн чиний төлөөх Бурханы аврал, чиний доторх Түүний ажлыг л хардаг бөгөөд зөвхөн эдгээр зүйлээс л Түүний захиралтыг хардаг. Энэ бол хэтэрхий өчүүхэн цар хүрээ бөгөөд Бурханы тухай жинхэнэ ойлголтын хэтийн төлөвт чинь хортойгоор нөлөөлдөг. Хэрвээ чи, Бурханы чамайг хангаж байгаа зүйлийн цар хүрээ, чамайг гэсэн авралаар Бурханы тухай мэдлэгээ хязгаарлавал Тэр юм бүхнийг, бүх зүйлийг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэдгийг хэзээ ч танин мэдэж чадахгүй. Энэ бүгдийг танин мэдэж чадахгүй бол Бурхан хувь заяаг чинь захирдаг гэдгийг чи үнэхээр танин мэдэж чадна гэж үү? Үгүй ээ, чи чадахгүй. Зүрх сэтгэлдээ чи тэр талыг хэзээ ч танин мэдэж чадахгүй—чи хэзээ ч тийм өндөр түвшний ойлголтод хүрч чадахгүй. Чи Миний юу хэлээд байгааг ойлгож байгаа биз дээ? Үнэндээ, та нар эдгээр сэдвийг, Миний ярьж байгаа агуулгыг ямар түвшинд ойлгож чадах вэ гэдгийг Би мэднэ, гэсэн атлаа Би яагаад энэ талаар ярьсаар байна вэ? Учир нь эдгээр сэдэв бол Бурханыг дагагч хүн нэг бүр, Бурханы авралд багтахыг хүсэж буй хүн нэг бүрийн таашаах ёстой зүйл—энэ сэдвүүдийг ойлгох нь нэн чухал. Хэдий энэ мөчид чи эдгээрийг ойлгохгүй байгаа ч нэг л өдөр чиний амь болон үнэний талаарх туршлага чинь тодорхой түвшинд хүрч, амь зан чанарын өөрчлөлт чинь тодорхой түвшинд хүрч, тодорхой хэмжээний биеийн хэмжээнд хүрэх үед, тэр цагт л та нартай нөхөрлөлөөр ярилцаж байгаа эдгээр сэдэв Бурханы тухай мэдлэгийн эрэл хайгуулыг чинь үнэхээр биелүүлж, хангах болно. Иймээс эдгээр үг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх та нарын ирээдүйн ойлголт болон Бурханы Өөрийнх нь тухай ойлголтод чинь зориулан та нарыг бэлтгэж, суурь тавихын төлөө юм.

Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байна, зүрх сэтгэлд нь Түүний эзлэх байр суурь мөн төдий чинээ байна. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн хэмжээ хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Чиний мэддэг Бурхан чиний өөрийн амийн цар хүрээнд хязгаарлагддаг бөгөөд жинхэнэ Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй. Тиймээс Бурханы бодит үйлдлийг, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг, Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд Түүний харуулсан үйлдлийг мэдэх—эдгээр нь Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь хүмүүс үнэн-бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, өөрийн өчүүхэн туршлагаар, Бурханы нигүүлсэл гэж ойлгодог зүйлээр, Бурханд хийх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ. Түүгээр ч барахгүй, чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл, жинхэнэ Бурхан бол бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний, гартаа байгаа бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь цөөн тооны хүнээр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлс, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнол, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас илэрдэг. Хэрвээ чи Бурханы аливаа үйлсийг Түүний бүтээсэн бүх зүйлийн дундаас харж, таньж чаддаггүй бол Түүний ямар ч үйлсийг гэрчилж чадахгүй. Хэрвээ чи Бурханд гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг тэр өчүүхэн “Бурхан” гэгч, үзэл санаанд чинь хязгаарлагдаж, оюун санааны чинь явцуу хязгаар дотор оршдог Бурханы талаар ярьсаар байгаа бол, хэрвээ чи тийм Бурханы талаар ярьсаар байгаа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг, Түүнийг гэрчлэхдээ Түүний ерөөлийг хэрхэн эдэлдэг тухайгаа гэрчлэх аваас энэ нь маш хангалтгүй бөгөөд Түүнийг огтоос сэтгэл хангалуун болгохгүй. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлдлээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай бодит үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, амьдралын шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг л хүлээн зөвшөөрч байгаа боловч Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлээр бүх хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирснаараа Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн бодит үнэнийг харж чаддаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Та нар үүнд хөнгөн хуумгай бүү хандаасай, Миний ярьсан эдгээр сэдэв та нарын амийн оролттой хамаагүй гэж бүү бодоосой, эдгээр сэдвийг зүгээр нэг төрлийн мэдлэг, сургаал гэж бүү хүлээн аваасай гэсэндээ тэр юм. Хэрвээ та нар Миний хэлж байгааг тийм хандлагаар сонсох аваас ганц ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх энэхүү агуу боломжийг алдах болно.

Энэ бүхнийг ярьж байгаа Миний зорилго юу вэ? Миний зорилго бол хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы бодит үйлсийг ойлгуулах явдал юм. Бурханыг ойлгодог, Түүний үйлсийг мэддэг болмогц, тэр үед л чи Түүнийг мэдэх боломж, бололцоотой болно. Тухайлбал, хэрвээ чи нэг хүнийг ойлгохыг хүсвэл хэрхэн ойлгож авах вэ? Тэдний гадаад төрхийг харснаар уу? Юу өмсөж, хэрхэн хувцасласныг нь харснаар уу? Яаж алхаж байгааг нь харснаар уу? Тэдний мэдлэгийн цар хүрээг харснаар уу? (Үгүй.) Тэгвэл хүнийг хэрхэн ойлгодог вэ? Чи тухайн хүний яриа, зан авир, бодол санаа, өөрийнхөө талаар илэрхийлж, илчилж байгаа зүйл дээр нь үндэслэж шүүдэг. Ингэж чи тэр хүнийг мэдэж, ойлгодог. Үүний адилаар, хэрвээ Бурханыг мэдэхийг хүсвэл, Түүний бодитой тал, Түүний жинхэнэ талыг ойлгохыг хүсвэл та нар Түүний үйлдэл, хийдэг бодитой зүйл бүрээр нь дамжуулан Түүнийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн шилдэг, мөн цорын ганц арга.

Хүн төрөлхтөнд амьдрах тогтвортой орчныг өгөхийн тулд Бурхан бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг

Бурхан Өөрийн үйлсийг бүх зүйлийн дунд харуулдаг бөгөөд Тэр бүх зүйлийн дундаас бүх зүйлийн хуулийг захирч, хянадаг. Бурхан бүх зүйлийн хуулийг хэрхэн захирдаг, мөн түүнчлэн тэдгээр хуулийн дор бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэтгэж, хангадаг тухай бид дөнгөж сая ярьсан. Энэ бол нэг тал нь. Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянахдаа хэрэглэдэг нэг арга юм. Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа тэдгээрийн хоорондох харилцааг хэрхэн тэнцвэржүүлсэн талаар Би ярьж байна. Энэ бол та нарын хувьд бас нэлээд том сэдэв. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлэх—энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл мөн үү? Үгүй, хүмүүст тийм чадвар байхгүй. Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлж чадахгүй; тэд тэдгээрийг удирдаж чадахгүй, тийм агуу эрх мэдэл, хүч чадлыг хүн төрөлхтөн авч чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйл хийх хүч чадалтай. Гэхдээ ийм зүйл хийх Бурханы зорилго нь юу вэ—юуны төлөө байдаг вэ? Энэ ч бас хүн төрөлхтний амьд оршихтой нарийн холбоотой. Бурханы хийхийг хүсдэг юм бүхэн зайлшгүй шаардлагатай—Түүний хийж магадгүй, эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж үгүй. Хүн төрөлхтний оршин тогтнолыг хамгаалж, хүмүүст амьдрах таатай орчныг өгөхийн тулд Түүний зайлшгүй хийх ёстой, нэн чухал зүйлс байдаг.

“Бурхан бүх зүйлийг тэнцвэржүүлдэг” гэсэн хэллэгийн үгчилсэн утгаас харвал энэ нь маш далайцтай сэдэв юм шиг байна. Нэгдүгээрт энэ нь, “бүх зүйлийг тэнцвэржүүлэх” гэдэг нь бүх зүйлийг Бурхан ноёрхдог гэдгийг мөн хэлж байгаа гэсэн ухагдахууныг хүмүүст өгдөг. “Тэнцвэр” гэдэг үг нь ямар утгатай вэ? Нэгдүгээрт, “тэнцвэр” гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэргүй болгохгүй байхыг хэлдэг. Аливааг жинлэхдээ жин хэрэглэдэгтэй адилхан. Жинг тэнцүүлэхийн тулд хоёр талынх нь жин ижил байх ёстой. Бурхан олон өөр төрлийн зүйлийг бүтээсэн: байрнаасаа хөдөлдөггүй зүйлс, хөдөлдөг зүйлс, амьд зүйлс, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй зүйлс. Энэ бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай, харилцан холбоотой болж, аль аль нь бие биеэ бэхжүүлж, хянадаг байх нь амархан уу? Энэ бүгдийн дотор зарчим байгаа нь дамжиггүй боловч маш ээдрээтэй байдаг, үгүй гэж үү? Бурханд энэ нь хэцүү биш боловч хүмүүсийн хувьд судалж шинжлэхэд маш ээдрээтэй асуудал юм. “Тэнцвэр” гэдэг маш энгийн үг. Гэвч, хэрвээ хүмүүс үүнийг судлах аваас, хэрвээ хүмүүс өөрсдөө тэнцвэр бий болгох шаардлагатай болбол, биологич, одон орон судлаач, физикч, химич, бүр түүхч гээд бүх төрлийн эрдэмтэн үүн дээр ажилласан ч гэсэн энэхүү судалгааны эцсийн үр дүн нь ямар байх вэ? Үүнээс ямар ч үр дүн гарахгүй. Учир нь, Бурхан бүх зүйлийг хэтэрхий гайхамшигтай бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөн хэзээ ч үүний нууцыг тайлж чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдгээрийн хоорондох зарчмыг тогтоож, харилцан хязгаарлаж, нэг нэгнийгээ нөхөж, харилцан тэтгэн амьд орших өөр өөр арга замыг тогтоосон. Төрөл бүрийн эдгээр арга барил маш ээдрээтэй, тэдгээр нь энгийн эсвэл нэг чиглэлийн гарцаагүй биш юм. Бурхан бүх зүйлийг хянаж байгаагийн цаад зарчмыг судалж, батлахын тулд хүмүүс өөрсдийн оюун санаа, олж авсан мэдлэг, ажигласан үзэгдлийг ашиглах үед эдгээр зүйлийг олж илрүүлэх туйлын хэцүү, ямар нэгэн үр дүнд хүрэхэд ч туйлын хэцүү. Хүмүүсийн хувьд үр дүнд хүрнэ гэдэг маш хэцүү; Бурханы бүтээсэн бүх зүйлийг захирахын тулд хүний сэтгэлгээ, мэдлэгт найдаж байгаа үед тэнцвэрийг нь хадгална гэдэг хүмүүст маш хэцүү. Яагаад гэвэл, хэрвээ хүмүүс бүх зүйлийн амьдрах зарчмыг мэддэггүй бол ийм тэнцвэрийг хэрхэн хамгаалахыг мэдэхгүй. Тиймээс хэрвээ хүмүүс бүх зүйлийг удирдаж, захирдаг байсан бол энэ тэнцвэрийг алдагдуулах маш өндөр магадлалтай. Тэнцвэр алдагдмагц хүн төрөлхтний амьд орших орчин сүйрч, тийм зүйл болоход үүнийг дагаад хүн төрөлхтөн амьд үлдэх эсэх түгшүүртэй болно. Энэ нь гай гамшгийг авчирна. Хүн төрөлхтөн гамшиг дунд амьдарвал ирээдүй нь юу болох вэ? Үр дүнг нь дүгнэж цэгнэхэд маш хэцүү, итгэлтэйгээр таамаглах боломжгүй юм.

Тэгвэл, бүх зүйлийн хоорондох харилцааг Бурхан хэрхэн тэнцвэржүүлдэг вэ? Нэгдүгээрт, дэлхий дээр жилийн турш мөс, цасаар хучигдсан газрууд байдаг байхад зарим газарт дөрвөн улирлын турш хавар шиг байж, хэзээ ч өвөл болдоггүй бөгөөд иймэрхүү газруудад хэсэг мөс, эсвэл цасан ширхгийг хэзээ ч олж харахгүй. Энд бид томоохон уур амьсгалын талаар ярьж байгаа бөгөөд энэхүү жишээ нь бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг Бурханы арга замуудын нэг юм. Хоёр дахь арга зам нь гэвэл: Сахлаг өвс ургамал бүрхэж, төрөл бүрийн ургамал ногоо газраар ширдэглэсэн уул нурууд, мөн дундуур нь алхахад дээр буй нарыг ч олж харж чадахааргүй өтгөн шигүү ойн зурвасууд. Гэтэл өөр нэг уул нурууг харахад ганц ч хадуур өвс ургаагүй, дээр дээрээсээ давхарласан нүцгэн арзгар уулс байдаг. Гаднаас нь харвал аль аль нь үндсэндээ асар их овоорсон шорооноос тогтсон уулс боловч нэгийг нь шигүү ой мод бүрхсэн байхад нөгөөх нь ургамалгүй, ганц хадуур өвс ч байхгүй. Энэ бол Бурхан бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг хоёр дахь арга зам юм. Гурав дахь арга зам нь гэвэл: Нэг тийшээ харвал хязгааргүй уудам өвст тал, өвс ногоо халиурсан тал газрыг харж магадгүй. Нөгөө тийшээ харвал нүдний хараа ч хүрэхээргүй хол үргэлжлэх хоосон, исгэрэх салхи үлээсэн элсэн дунд ганц ч амьд зүйл үгүй цөл газрыг харж магадгүй. Дөрөв дэх арга зам нь гэвэл: Нэг тийшээ харахад бүх зүйл асар их хэмжээний ус болох далайн дор живсэн байхад нөгөө тийшээ харахад ганц дусал цэнгэг булгийн ус ч олоход хэцүү байдаг. Тав дахь арга зам нь гэвэл: Энэ газарт шиврээ бороо байнга ордог, цаг уур нь манантай, чийглэг байхад тэнд байгаа газарт тэнгэрт нь үргэлж нар төөнөж, дусал бороо орох ч ховор үзэгдэл байдаг. Зургаа дахь арга зам нь гэвэл: Нэг газарт агаар нь сийрэг, хүн амьсгалахад хэцүү өндөрлөг газар байдаг бол өөр нэг газарт төрөл бүрийн нүүдлийн шувуудын амьдрах газар болдог нам дор, намаг байдаг. Эдгээр нь өөр өөр төрлийн уур амьсгал, өөр өөр газарзүйн орчинд тохирох уур амьсгал, эсвэл орчин юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийн амьд орших орчны агаар, температур, чийгшлийг тэнцвэртэй байлгахын тулд уур амьсгалаас эхлээд газарзүйн орчин, төрөл бүрийн хөрсний бүтцээс эхлээд усны ундаргын тоо хүртэл хүн төрөлхтний амьдрах үндсэн орчныг том хэмжээний орчны хувьд тэнцвэртэй байлгадаг. Эдгээр газарзүйн эсрэг, тэсрэг орчны улмаас хүмүүс тогтвортой агаартай, өөр өөр улиралд температур, чийгшил нь тогтвортой байдаг. Энэ нь тухайн амьдрах орчиндоо үргэлж амьдарч байсан шигээ үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүмүүст өгдөг. Нэгдүгээрт, том хэмжээний орчныг тэнцвэртэй байлгах ёстой. Бурханы хүсдэг, хүн төрөлхтөнд шаардлагатай тэнцвэрийг бий болгохын тулд харилцан хязгаарлаж, хянах боломж олгодог өөр өөр газарзүйн байршил, тогтоц, мөн өөр өөр уур амьсгалын хоорондох өөрчлөлтийг ашиглан үүнийг хийдэг. Үүнийг том хэмжээний орчны өнцгөөс ярьж байна.

Одоо бид ургамал гэх мэт илүү нарийн ширийн зүйлийн талаар ярилцана. Тэдгээрийн тэнцвэрийг хэрхэн бий болгодог вэ? Өөрөөр хэлбэл, амьдрах тэнцвэртэй орчин дотор үргэлжлүүлэн амьд орших боломжийг ургамалд яаж олгож болох вэ? Хариулт нь, төрөл бүрийн ургамлын амьдрах хугацаа, өсөлтийн хурд, нөхөн үржих хурдыг удирдсанаар тэдний амьдрах орчныг хамгаалах юм. Бяцхан өвсийг жишээ болгон авч үзье—хавар нахиалж, зун цэцэглэж, намар үр жимсээ өгдөг. Үр жимс нь газар унадаг. Дараа жил нь жимснээс гарсан үр соёолж, нөгөө л хуулийн дагуу үргэлжилдэг. Өвсний амьдрах хугацаа маш богино; үр бүхэн газарт унаж, үндэс нахиа нь ургаж, цэцэглэж, үр жимсээ өгдөг бөгөөд энэ үйл явц бүхэлдээ хавар, зун, намар гэсэн гуравхан улирлын дараа дуусдаг. Төрөл бүрийн мод ч бас өөрийн гэсэн амьдрах хугацаатай, нахиалж, үр жимсээ өгөх үе нь өөр өөр байдаг. Зарим мод ердөө 30-аас 50 жилийн дараа үхдэг бөгөөд энэ нь тэдний амьдрах хугацаа юм. Гэхдээ үр жимс нь газарт унаж, түүнээс үндэс ургаж, нахиалаад, цэцэглэж, үр жимс нь гарч, дахин 30-аас 50 жил амьдардаг. Энэ бол үүний давтамжийн хурд юм. Хөгшин мод үхэж, залуу мод ургадаг; ийм учраас ой шугуйд байнга л модод ургаж байгааг чи хардаг. Гэхдээ тэд ч бас өөрийн гэсэн хэвийн мөчлөг, төрөх, үхэх үйл явцтай. Зарим мод мянга гаруй жил амьдарч чаддаг бол зарим нь бүр гурван мянган жил амьдардаг. Ямар төрлийн ургамал байх, эсвэл амьдрах хугацаа нь хэр урт байх нь хамаагүй хэр удаан амьдардаг, нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд, давтамж, үр төл гаргах хэмжээн дээр нь тулгуурлан Бурхан тэнцвэрийг нь зохицуулдаг. Энэ нь өвснөөс мод хүртэл ургамалд тэнцвэртэй экологийн орчинд үргэлжлүүлэн өсөж, ургах чадвартай байх боломжийг олгодог. Тиймээс дэлхий дээр байгаа ой модыг харахад дотор байгаа юм бүхэн, өвс, модны аль аль нь өөрийн гэсэн зүй тогтлын дагуу тасралтгүй үржиж, өсдөг. Үүнд хүн төрөлхтнөөс нэмэлт хөдөлмөр, тусламж хэрэггүй. Ийм тэнцвэр байдаг учраас л тэд амьдрах орчноо хадгалан үлдэж чаддаг. Амьдрах тохиромжтой орчин байгаа учраас л дэлхийн ой мод, өвст тал газар дэлхий дээр үргэлжлэн оршсоор байгаа юм. Тэдний оршин тогтнол нь хүмүүс, мөн түүнчлэн ой мод хийгээд өвст талд амьдардаг жигүүртэн шувуу, араатан амьтад, шавж хорхой, бүх төрлийн бичил биет зэрэг бүх төрлийн амьд зүйлийг үеэс үед тэжээн тэтгэдэг.

Бурхан бас бүх төрлийн амьтдын хоорондох тэнцвэртэй байдлыг хянадаг. Энэхүү тэнцвэртэй байдлыг Тэр хэрхэн хянадаг вэ? Энэ нь ургамалтай төстэй—Тэр тэдний нөхөн үржих чадвар, нөхөн үржих тоо хэмжээ ба давтамж, амьтны ертөнцөд гүйцэтгэх үүрэгт нь үндэслэн тэнцвэртэй байдлыг нь удирдаж, тоо толгойг тодорхойлдог. Жишээ нь, арслан алаг тахийг иддэг, иймээс хэрвээ арслангийн тоо алаг тахийн тооноос хэтэрвэл алаг тахийн хувь заяа яах вэ? Тэд устгаж үгүй болно. Хэрвээ алаг тахь арслангаас хавьгүй цөөн үр төл гаргадаг байвал тэдний хувь заяа яах вэ? Тэд мөн л устаж үгүй болно. Тиймээс алаг тахийн тоо арслангийн тооноос хамаагүй их байх ёстой. Учир нь, алаг тахь зөвхөн өөрийнхөө төлөө оршин тогтнодоггүй, тэд бас арслангийн төлөө оршин тогтнодог. Түүнчлэн, алаг тахь болгон нийт алаг тахийн нэг хэсэг боловч мөн арслангийн аманд орох хоол хүнс гэж бас хэлж болно. Арслангийн нөхөн үржих хурд алаг тахийнхаас хэзээ ч давж гарч болохгүй, тиймээс тэдний тоо хэмжээ хэзээ ч алаг тахийн тоо хэмжээнээс их байж болохгүй. Зөвхөн ийм маягаар л арслангийн хоол хүнсний эх үүсвэр баталгаатай байна. Иймээс, хэдийгээр арслан алаг тахийн төрөлхийн дайсан боловч энэ хоёр төрөл зүйлийн амьтан нэг газарт амар тайвнаар амарч байхыг хүмүүс олонтоо хардаг. Арслан алаг тахийг агнаж, иддэгээс болж алаг тахийн тоо хэзээ ч багасах юм уу устаж үгүй болохгүй бөгөөд “хаан” гэсэн зиндаанаас болж арслангийн тоо хэзээ ч өсөхгүй. Энэхүү тэнцвэртэй байдал бол Бурханы аль эртнээс тогтоосон зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх амьтны хоорондох тэнцвэртэй байдлын хуулийг тогтоож, ингэснээр тэд ийм тэнцвэрийг хадгалж чаддаг бөгөөд энэ бол хүмүүсийн үргэлж хардаг зүйл юм. Зөвхөн арслан л алаг тахийн төрөлхийн дайсан уу? Үгүй, матар ч бас алаг тахийг иддэг. Алаг тахь маш биеэ хамгаалах чадваргүй амьтан мэт харагддаг. Тэдэнд арслангийн догшин авир байхгүй бөгөөд энэхүү догшин ширүүн дайсан арслантай нүүр тулах үедээ зугтаж л чаддаг. Тэд эсэргүүцэх ч тэнхээгүй байдаг. Арслангаас зугтаж чадахгүй болох үедээ тэд идүүлэхээс өөр аргагүй болдог. Үүнийг амьтны ертөнцөөс байнга харж болно. Иймэрхүү зүйл харах үед та нарт ямар мэдрэмж, бодол төрдөг вэ? Та нар алаг тахийг өрөвддөг үү? Арсланг жигшдэг үү? Алаг тахь маш үзэсгэлэнтэй харагддаг! Харин арслан үргэлж л тэднийг ховдог шунахайгаар ажиглаж байдаг. Гэвч тэнэг юм шиг алаг тахь хол гэгч зугтаадаггүй. Тэд модны доор сэрүүн сүүдэрт өөрсдийг нь хүлээж байгаа арсланг хардаг. Арслан тэднийг хэдийд ч ирээд идэж магадгүй. Тэд зүрх сэтгэлдээ үүнийг мэддэг ч гэсэн тухайн газраас явахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл, Бурханы урьдчилан төлөвлөлт, Түүний захиралтыг харуулдаг гайхамшигтай зүйл. Чи алаг тахийг өрөвддөг боловч түүнийг аварч чадахгүй бөгөөд арсланг жигшин зэвүүцэх боловч устгаж чадахгүй. Алаг тахь бол арсланд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнс боловч арслан хэчнээн олныг идсэн ч гэсэн алаг тахь устаж үгүй болно гэж байхгүй. Арслангийн гаргадаг үр төл маш цөөн бөгөөд тэд маш удаан үрждэг учраас хэр олон алаг тахь идэх нь хамаагүй тэдний тоо алаг тахийн тооноос хэзээ ч илүү гарахгүй. Энэ бол нэг төрлийн тэнцвэртэй байдал юм.

Ийм тэнцвэртэй байдлыг хадгалах Бурханы зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийн амьдрах орчин болон хүн төрөлхтний амьд оршихтой холбоотой. Хэрвээ алаг тахь, эсвэл буга зэрэг бусад ижил төстэй арслангийн идэш болох амьтан хэтэрхий удаан үржиж, арслангийн тоо огцом өсвөл хүнд ямар аюул учрах вэ? Арслан олзоо идэх нь хэвийн үзэгдэл боловч арслан хүн идэх нь эмгэнэлт явдал юм. Энэ эмгэнэлт явдлыг Бурхан урьдчилан тогтоогоогүй, энэ нь Түүний захиргаан дор болдог зүйл биш, хүн төрөлхтөнд Түүний авчирсан зүйл бүр ч биш. Харин ч, энэ нь хүмүүсээс өөрсдөөс нь болдог зүйл юм. Тиймээс Бурханы харж байгаачлан, бүх зүйлийн хооронд тэнцвэр байх нь хүн төрөлхтөн амьд оршиход амин чухал билээ. Ургамал ч бай, амьтан ч бай, юу ч зүй ёсны тэнцвэрээ алдаж болохгүй. Ургамал, амьтад, уулс, гол нуурууд нь—хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн ердийн экологийн орчин юм. Хүмүүс ийм экологийн орчин—тэнцвэртэй орчинтой байсан үед л оршин тогтнол нь аюулгүй байна. Хэрвээ мод, эсвэл өвс ногоо нөхөн үржих чадвар муутай, эсвэл нөхөн үржих хурд нь маш удаан байсан бол хөрс чийгшлээ алдахгүй гэж үү? Хэрэв хөрс чийгшлээ алдвал эрүүл байх уу? Хэрвээ хөрс, ургамал болон чийгшлээ алдвал маш хурдан элэгдэлд орж, оронд нь элс бий болно. Хөрс муудсанаар хүмүүсийн амьдрах орчин ч бас сүйрнэ. Энэ сүйрлийг даган олон гамшиг ирэх болно. Ийм экологийн тэнцвэр байхгүйгээр, ийм экологийн орчин байхгүйгээр бүх зүйлийн хооронд тэнцвэргүй байдал бий болсноор хүмүүс байнгын гамшигт зовох болно. Жишээ нь, орчны тэнцвэр алдагдаж, мэлхийн экологийн орчин сүйрэхэд хүрэх үед бүгд бөөгнөрөн цугларч, тоо хэмжээ нь огцом өсөх бөгөөд тэр ч байтугай хот дотор зам хөндлөн гарах олон тооны мэлхийг хүмүүс харна. Хэрвээ олон тооны мэлхий хүмүүсийн амьдрах орчныг эзэгнэх аваас үүнийг юу гэж нэрлэх вэ? Гамшиг гэнэ. Яагаад үүнийг гамшиг гэж нэрлэж байна вэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай энэ жижигхэн амьтад өөрсдөд нь тохирсон газартаа байх аваас хүмүүст хэрэгтэй; тэд хүмүүсийн амьдрах орчны тэнцвэрийг хадгалж чаддаг. Гэвч хэрвээ тэд гамшиг болбол хүмүүсийн амьдралын эмх цэгцтэй байдалд нөлөөлөх болно. Мэлхийний авчрах бүх зүйл, бие дээрээ авчрах бүх элемент хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж болно. Хүмүүсийн бие эрхтэн хүртэл дайралтад өртөхөд хүргэж болно—энэ бол нэг төрлийн гамшиг юм. Хүмүүсийн олонтоо туулсан өөр нэгэн төрлийн гамшиг бол их хэмжээний царцаа гарч ирэх үзэгдэл юм. Энэ гамшиг биш гэж үү? Тийм ээ, энэ бол үнэхээр аймшигтай гамшиг. Хүмүүс хэр чадвартай байх нь хамаагүй—хүмүүс нисэх онгоц, их буу, атомын бөмбөг хийж чаддаг ч царцаа хүн төрөлхтөн рүү дайрах үед тэдэнд ямар шийдэл байдаг вэ? Тэд царцааны эсрэг их буу ашиглаж чадах уу? Автомат буугаар тэднийг шүршиж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгээд тэднийг үлдэн хөөхийн тулд шавжны хор цацаж чадах уу? Тэр ч бас амар ажил биш. Тэр өчүүхэн царцаанууд яах гэж гарч ирдэг вэ? Тэд онцгойлон үр тариа иддэг. Царцааны явсан газар бүрд ургац тэр чигтээ сүйддэг. Царцааны дайралт болох үед тариачдын бүтэн нэг жилийн бүх хоол хүнсийг царцаанууд нүд ирмэх зуур, тэр чигт нь идэх боломжтой. Хүмүүсийн хувьд, царцаа ирэх нь зүгээр нэг бухимдал төрүүлэх зүйл бус, харин гамшиг юм. Тэгэхээр асар их хэмжээний царцаа гарч ирэх нь нэг төрлийн гамшиг гэдгийг бид мэдэх боловч оготнын тухайд ямар вэ? Хэрвээ оготно идэх ямар ч махчин шувуу байдаггүй бол тэд маш хурдан, төсөөлж чадахаас чинь ч илүү хурдан үржих болно. Тэгээд хэрвээ оготно саадгүй тархвал хүмүүс сайхан амьдарч чадах уу? Хүмүүс ямар нөхцөл байдалтай тулгарах вэ? (Тахалтай.) Гэхдээ тахал цорын ганц үр дагавар нь байна гэж бодож байна уу? Оготно юуг ч мэрнэ, бүр модыг ч гэсэн мэрэх болно. Нэг айлд хоёр оготно байхад л тэнд амьдардаг хүн болгоныг залхаана. Заримдаа тэд тос хулгайлж иддэг, заримдаа талх, үр тариа иддэг. Тэд иддэггүй зүйлээ зүгээр л мэрээд, ямар ч хэрэггүй хог новш болгож орхидог. Хувцас, гутал, тавилга гээд бүгдийг мэрдэг. Заримдаа аяга тавагны тавиур луу авирна—дээгүүр нь оготно гүйсний дараа тэр аяга тавгийг ашиглаж болох уу? Чи тэдгээрийг халдваргүйжүүлсэн ч санаа амар байж чадахгүй тул тэдгээрийг хаядаг. Энэ бол оготнын хүмүүст учруулдаг яршиг төвөг юм. Оготно хэдийгээр өчүүхэн жижиг амьтан боловч хүмүүс тэдгээрийг зохицуулах арга байдаггүй, хайр найргүй устгахыг нь тэвчих л ёстой болдог. Асар олон сүрэг оготно байтугай ердөө хоёрхон оготно байхад л ноцтой үймээн тарихад хангалттай. Тоо толгой нь огцом өсвөл гамшиг болж, үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй. Шоргоолж шиг өчүүхэн жижиг амьтан хүртэл гамшиг болж болно. Тийм зүйл болбол хүн төрөлхтөнд учруулах хохирлыг нь хайхрахгүй орхихын аргагүй. Шоргоолж байшин барилгад маш их хохирол учруулж, нурж унахад хүргэж болно. Тэдний хүчийг хайхралгүй орхиж болохгүй. Төрөл бүрийн шувууд гамшиг үүсгэвэл аймшигтай зүйл болохгүй гэж үү? (Тэгнэ.) Өөрөөр хэлэх юм бол, ямар төрлийн амьтан, эсвэл амьд зүйлс байх нь хамаагүй тэнцвэр нь алдагдах болгонд хэвийн бус, эмх замбараагүй цар хүрээнд өсөж, үржиж, амьдрах болно. Энэ нь хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй үр дагавар авчирна. Энэ нь хүмүүсийн оршин тогтнох болон амьдрахад нөлөөлөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөнд гамшиг авчирч, хүмүүс бүрмөсөн устаж үгүй болох, мөхөх хувь заяатай тулгарах хэмжээнд хүрнэ.

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэдгээрийг тэнцвэртэй байлгаж, уулс болон нуурууд, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн дор амьдарч, үржих боломж олгох явдал байсан. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс давж гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ аливаа амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ, цар хүрээнээс давж гарвал, Түүний тушаасан өсөлтийн хурд, үржлийн давтамж, тоо хэмжээнээс хэтэрвэл, хүн төрөлхтний амьдрах орчин янз бүрийн хэмжээгээр сүйрэлд өртөнө. Үүний зэрэгцээ, хүн төрөлхтний амьд орших эсэхэд заналхийлнэ. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны эх үүсвэрийг сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм маягаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь, бүх зүйлд ус маш чухал. Хэрэв хэтэрхий олон тооны оготно, шоргоолж, царцаа, мэлхий юм уу өөр бусад төрлийн амьтан байвал тэдгээр нь илүү их ус уух болно. Тэдний уух усны хэмжээ нэмэгдэхийн хэрээр тогтсон цар хүрээтэй ундны усны эх үүсвэр болон устай газар дахь хүмүүсийн уух ус, усны эх үүсвэр багасаж, усны дутагдалд орно. Бүх төрлийн амьтдын тоо хэмжээ ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус тасарч, бохирдож, үгүй болбол амьдрах тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтөн амьд орших эсэхэд ноцтой заналхийлнэ. Зохих ёсны тоо хэмжээнээсээ хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан л байхад хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Ийм нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяанд мөн эдгээр экологийн хүчин зүйл заналхийлнэ. Тэгэхээр, хэрвээ эдгээр тэнцвэр алдагдвал хүмүүсийн амьсгалах агаар сүйдэж, уух ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Тийм зүйл тохиолдвол, хүн төрөлхтөнд угаас байсан амьдрах орчин нь асар их нөлөөлөлд өртөж, бэрхшээл учрах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөлд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүтээгдсэн зүйлс хүн төрөлхтний төлөө ямар шалтгаанаар оршин байдгийг, Өөрийнх нь бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг юу болохыг, хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлдгийг, хүн төрөлхтөнд ямар хэмжээний ашиг тус авчирдгийг Бурхан мэддэг учраас, мөн энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө Бурханы зүрх сэтгэлд байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ тал бүрийг удирддаг учраас Түүний хийдэг юм бүхэн хүн төрөлхтөнд маш чухал, шаардлагатай байдаг. Тиймээс одоогоос эхлэн, чи Бурханы бүтээсэн зүйлсийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл Бурханы бүтээсэн зүйл дундаас зарим нэг байгалийн хууль хэрэгжиж байгааг харах болгондоо Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай эсэхэд эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа Түүний янз бүрийн арга замыг дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг хэрэглэхээ болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахаа болино. Тийм биш гэж үү?

Бидний дөнгөж сая ярилцаж байсан энэ бүх зүйл юуны тухай вэ? Энэ талаар нэг бодоод үз. Бурханы хийдэг юм бүхэнд Түүний санаа зорилго бий. Хэдийгээр хүмүүс Түүний санаа зорилгыг ухаарч чадахгүй ч хүн төрөлхтний амьд оршихтой үргэлж ээдрээтэй бөгөөд салшгүй холбоотой байдаг. Энэ бол зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бурхан хэзээ ч хий дэмий зүйл хийж байгаагүй. Түүний хийдэг юм бүхний цаад зарчимд Түүний төлөвлөгөө, мэргэн ухаан шингэсэн байдаг. Тэрхүү төлөвлөгөөний цаад зорилго, санаа нь хүн төрөлхтнийг хамгаалж, гамшгийг зайлуулж, аливаа амьд зүйлийн дайралтаас, Бурханы бүтээсэн аливаа зүйлийн хүнд учруулах аливаа хор хохирлоос сэргийлэхэд хүн төрөлхтөнд туслахын төлөө байдаг. Тиймээс энэ сэдвийн хүрээнд бидний харсан Бурханы үйлс Бурхан хүн төрөлхтнийг хангах өөр арга замыг бүрдүүлдэг гэж хэлж болох уу? Эдгээр үйлсээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг тэжээж, хариулж байгаа гэж бид хэлж болох уу? (Болно.) Энэхүү сэдэв болон “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн бидний нөхөрлөлийн гарчгийн хооронд нягт холбоо байна уу? (Тийм ээ.) Маш нягт холбоо байгаа бөгөөд энэ сэдэв бол үүний нэг тал нь юм. Эдгээр сэдвийг ярихаас өмнө хүмүүс Бурхан, Бурхан Өөрөө, Түүний үйл хэргийн талаар зарим нэг бүдэг бадаг төсөөлөлтэй л байсан—тэдэнд жинхэнэ ойлголт байгаагүй. Харин, Түүний үйл хэрэг, Түүний хийсэн зүйлсийн тухай хүмүүст хэлэхэд тэд Бурханы хийдэг зүйлийн зарчмуудыг ойлгож, ухаарч, тэдгээрийн талаар ойлголттой болж, тэдгээрт дөхөж очдог. Бурхан бүх зүйлийг бүтээх, захирах гээд аливааг хийх болгонд, Түүний зүрх сэтгэлд бүх төрлийн маш ээдрээтэй онол, зарчим, дүрэм байдаг ч гэсэн, нөхөрлөлөөр та нарт ганцхан зүйлийн талаар мэдэх боломж олголоо гээд эдгээр нь Бурханы үйлс бөгөөд маш бодитой гэдгийг та нар зүрх сэтгэлдээ ойлгож чадахгүй гэж үү? (Чадна.) Тэгвэл Бурханы тухай одоогийн ойлголт чинь өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ? Гол чанараараа ялгаатай. Өмнө нь ойлголт чинь хэтэрхий хоосон, хэтэрхий тодорхойгүй байсан бол одоо ойлголт чинь Бурханы үйлстэй нийцэх, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохтой нийцэх нэлээд их баттай нотолгоог агуулдаг. Иймээс, Миний хэлсэн бүх зүйл Бурханы талаарх ойлголтод чинь гайхалтай сургалтын материал болдог.

2014 оны 2 дугаар сарын 9

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө VIII

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө X

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих